Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайдаа, эмээ, пионер гурав

НЭГ. НУУЦ ГЭГЭЭН

Гэгээнтний нэрийг анх “Андиа”, “Агент гуай” гэж дуулсан санагдана. Жараад оны сүүлээр, манай Шарав ах тэднийхний хүргэн болсон юм. Миний эмээ ээж Балбарын (Жамбалын) Содномдамба надад хэлэхдээ “Шарав ах чинь тэдний хүргэн болсон учраас “Дайдаа” гэж дуудах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэгээнтнийг төрөл саднууд нь “Дайдаа” гэж авгайлдаг, харин гол усныхан нь Андиа гэдэг, тэгээд алсрах тусмаа “Агент гуай” гэхчлэн нэр цээрлэдэг байсан юм. О.Шарав ахыг дагаад манайхан гэгээнтэнд нэг шат дөхөж, төрөл садны хүрээлэлд багтсан тул “Дайдаа” гэж арай дотночлон дуудах эрхтэй гэж эмээ маань үзсэн хэрэг. Харин гэгээнтэн гэж юу болох, түүнийг хэрхэн тодруулсан, хутагтын солдивийг хэрхэн “намын улаан батлах”-аар өнгөлөн далдалж үлдээсэн зэргийг аажим аажмаар ухаарсан бөлгөө.

Ингээд сургуульд орж сумын төв бараадсанаас хойш Дайдаа хэмээх тэр хүнтэй Шарав ахынд голдуу байнга тааралдах болсон юм. Эмээ маань голдуу л элдэв шид үзүүлсэн, хутагт гэгээний гайхамшгийг баталсан явдлуудыг нь надад сонирхуулан хуучилдаг байв. Харин Дайдааг өөрийг нь харахад тийм шидийг үзүүлэх, сүр харуулах явдлаас хол хөндий, жирийн л хүн шиг санагддаг байж.

Жирийн гэснээс миний үеийнхний шүтлэг бишрэл их өвөрмөц. Албан байгууллага, сургууль соёлын орчинд бол бид шашнаас бүрэн ангижирсан нийгэмд амьдарч байлаа. Хэдийгээр БНМАУ-ын Үндсэн хуульд, иргэд шашин шүтэх эрхтэй гэж заасан байх боловч нам, эвлэл, пионерийн гишүүд шашин шүтэж болохгүй дүрэмтэй. Сургуульд сурах, ажил алба эрхлэхийн тулд МАХН, МХЗЭ, МПБ-ийн гишүүн байх учиртай. Гэтэл, миний л мэдэхээр манай сумынхан, нам эвлэлгүй эмээгээс маань эхлээд, пионерийн улаан бүчтэй намайг хүртэл нам засгаас илүү, Андиа гэгээний хамааралтнууд болчихоод байдаг. Нэг иймэрхүү, хоёр нүүртэй нийгэмд бид бойжсон юм. Яг л Р.Л. Стивенсоны “Доктор Жакиль, ноён Хайд” зохиолын хоёр амьдралтай баатар шиг, Нарны гэрэлд гуйвшгүй марксист, эвлэршгүй атейст боловч гэр орон сэтгэл зүрхэндээ бурхны шашинтан, шүтлэгтнүүд болон амьдарч байлаа.

Нэг талаас хувьсгалт үзэл суртал чангааж, нөгөө талаас нь эмээгийн уламжлалт шүтлэг уяад, миний үзэл санаа яг л В.Брехтийн “Цэрдэн тойрог”-т орсон мэт байв. Энэ бол дорно дахины хүүхэд булаалдсан эмэгтэйчүүдийн домгоос сэдэвлэсэн бүтээл л дээ. Шүүгч маргааныг шийдэхийн тулд шохойгоор тойрог зураад, хүүхдийг голд нь хийнэ. Тэгээд булаалдагч талууд хүүхдийг өөр өөрийн тал руу татаж гаргах үүрэг хүлээнэ. Төрсөн эх нь хүүгийнхээ хааг ханзлахаас эмээн, гараа сулруулдаг. Үүнийг ажигласан шүүгч шийдвэрээ гаргадаг.

Эмээ маань ч гэсэн намайг цаг үетэйгээ зохицохгүй амьтан болоод өөрийгээ хөнөөхийг хүсэхгүй учраас, гараа алхам алхмаар, тэгэхдээ маш ухаалгаар суллаж байсан нь сонин. Түүнийхээр бол, ач хүү нь шашинтан болохгүй юмаа гэхэд, шашны дайсан болон өсч хүмүүжихгүй байх нигууртай ажаам.

Шашингүйн сургалт, уншсан соцреалист зохиолуудынхаа нөлөөгөөр “бяцхан марксист” царайлаад эмээтэй маргана аа, бас. Тэр тоолонд эмээ маань “Чи олон юмыг том болоод гүйцэд ухаарна. Тэр болтлоо ажиглаал явж бай. Энэ олон дарга нар чинь өдөр нь хэнхэглэж хэнхэглэчихээд, шөнө нь болохоор сарны гэрэлд товч нь гялтганаад л Дайдаа руу чинь цувардаг юм” гээл тасхийдэгсэн. “ Сарны гэрэлд товч нь гялалзаад…” гэдэг нь ийм учиртай, Аюулаас хамгаалах, Сэргийлэхийнхний шинелийн алтлаг товчийг хэлж байгаа юм.

Хөгшин ээж маань намайг Дайдаа гэгээнд даатгах талын ажлыг миний оролцоогүйгээр хийх боловч зарим нэг зан үйлд оролцохоос аргагүйд хүрнэ. Жишээ нь намар сургуульд мордохын өмнө эмээ маань сайн өдөр товлоод “Эрдэм номын орон руу мөрөө гаргах” ёслол хийнэ. Эмээгийн заасан өдөр цагт, морио унаж цүнхээ үүрэн, сайн зүгтээ мордоно. Яг л сургуульд явж байгаа юм шиг “баяртай, эрдэм ном сайн сураарай” энээ тэрээ болоод л явна шүү дээ. Гол нь ийм явдал болоод байгааг төр засаг байтугай, ойр хавийн айлууд ч мэдэхгүй өнгөрнө. Чухам энэхүү нууц ёслол маань жигтэйхэн сонирхолтой болж, яг л тагнуул туршуул, нууц ажиллагаанд оролцож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэгсэн. Сүүл сүүлдээ, жаахан архагшаад, залхуу болоод “Өнөөдөр, мөрөө гаргачлаа гээд бодчихвол болох юм биш үү” гэхчлэн гурилдахыг санаархах болж билээ.

Судлаачдын хэлдгээр хүн нь сэтгэлийн амьтан учраас, шүтэн бишрэх нь оюун ухаант хомосапиенсын үндсэн шинж болдог гэнэ. Шашныг нь хааж боогоод ирэхээр юу ч хамаагүй шүтдэг, тэр бүү хэл шашинтай тэмцэх үзэл санаагаар шүтлэгээ орлуулдаг байна. Үнэн хэрэгтээ, “бурхан байгаа гэдэгт бат итгэх”, “бурхан байхгүй гэдэгт эргэлзээгүй үнэмших” хоёр бол нэг зоосны хоёр тал л юм даа.

Манай орон нутагт ч үл шүтэх явдал нь өөрөө мухар сүсэг болсон хүмүүс мэр сэр байх. Үр хүүхдийг нь бодоод нэрийг нь хэлж хэрэггүй нэг хүн юм үнэртүүлчихсэн орж ирээд эмээг маань зул өргөлөө гэж загнаад байсан. Тэр хүн “Хайран шар тосоо зул өргөж үрэхийн оронд өөрөө идэх хэрэгтэй” гэж “зөвлөсөн” ажгуу. Сандарсан эмээ маань Шарав ахтай яаралтай зөвлөлдөж, дахиад ингэж шаардвал сумын төв дээр байх хугацаандаа “бурхнаа зулаар таслах” шийдэлд хүрч билээ. Аз болоход тийм юм болоогүй өнгөрсөн.

Ингээд бодохоор, Дайдааг шашны асуудлаар дээш доош нь алтан хошуу өргөх явдал байсан л байх гэж бодогддог. Гагцхүү өөртөө “намын гишүүн бөгөөд худалдааны салбарын тэргүүний ажилтан, үлгэр жишээ социализм байгуулагч” гэсэн хана хэрэм амжин босгож чадсан нь гайгүй сайн хэрэм хамгаалалт болсон болов уу? Нөгөө талаасаа, сум орны жирийн ардууд байтугай, эрх мэдлийн тодорхой өндөрлөгт хүрсэн олон хүн түүнийг үл тасрах шашин шүтлэгийн алтан хэлхээсийн нэгэн уулзвар гэдэг утгаар нь сэм далд хүндэтгэн хамгаалдаг ч байсан байх.

ХОЁР. ШАНЗАВ БА ОНГОЦ

Дайдаа намайг ном уншдаг хүүхэд гэсэн хэмээн нэгэнтээ магтаж байсан юм. Нэг удаа Шарав ахынд тааралдаад “хамгийн сүүлд ямар ном уншив” хэмээн асуулаа. Би тэгэхэд С.Дашдэндэвийн “Улаан наран” хэмээх хувьсгалч романыг уншиж таарлаа. Уг номонд гардаг “Урвагч шанзав Бадамдорж, Богд нар хэрхэн эх орноо худалдаж байгаа” хэсгийг урам зориг дүүрэн ярьж өгөөд магтаал хүлээн маасайв. Гэтэл Дайдаагийн царай барайж байснаа “Дэмий юм уншиж байхын оронд хичээлээ давтаж бай. Харин тэр онгоцоо хийсэн нь дээр” хэмээн тун ч янзгүй хэлж билээ. Би мааш их гайхлаа. Ном уншдаг сайн хүү гэж магтаж байсан атлаа, уншсан номоо ярихаар уурладгийн учир юу билээ гэж бодоод бодоод учрыг нь олсонгүй. Олоо ч үгүй. Бас ном уншихаа болио ч үгүй.

Хожим эргэн санахнаа, доромжлогдон гутаагдсан шашин, эвдэгдсэн санваарынх нь тухай мартаж ядаж явсан гунигт дурсамжийг нь тун ч эвгүйгээр хөндсөн юм билээ. Ялангуяа шинэ залуу үеийнхэн нь үндэсний шашин суртал, хутагт гэгээдийн талаарх хувьсгалт гүтгэлэгт үнэмшиж хөөрсөн амьтад болон өсч байгааг харах ч гашуун байсан буйзаа.

Харин энэ мөрүүдийг тэрлэж байхад, “Г.Бадамдорж: шар хүнийг харлуулсан түүх” хэмээх ном маань яг хэвлэгдэж, зууны турш гүтгэгдэж, хэлмэгдэн доромжлогдсон нэгэн санваартанд зориулсан миний бяцхан өмгөөлөл нийтэд түгэхээр завдан буй нь бас л нэгэн учир ерөөлийн зангилгаа буйзаа.

Дээр өгүүлээд орхисон онгоц бол ийм юм. Манай ангийн Ж.Цогтгэрэл бид хоёр дөрөв, тавдугаар ангид байхдаа, онгоц хийж нисэх гээд, сум даяараа “онигоо” болж байсан юм. Онигоо гэхэд хэцүү юм аа. Хүмүүсийн ихэнх нь биднийг шоолохоосоо илүү, хүсэл мөрөөдлийг маань хүндэтгэн урамшуулж байсан юм. Бидний онгоц хөөрөөгүй ч гэсэн, тэр үед асан дүрэлзсэн хөөрөн нисэх хүсэл мөрөөдлийн жигүүр маань урган төлжсөөр, амьдралын даль жигүүр болсонд эргэлзэх юм үгүй билээ. Дайдаа маань ч, энэ даль жигүүрийг л урамшуулан, аясын салхи хайрлагсдын нэгэн.

ГУРАВ. НУУЦ УТЛАГА.

Дайдаагийн тухай дурсамжуудад хутагт хувилгааны дүвчин зан, мэргэч төлгөчийн араншин огт байдаггүй нь сонин. Нутаг оронд үлдсэн бичигдээгүй хуулиар багачууд бид хол газар сургууль соёлд одохын өмнө Андиа гэгээн дээр очдог байв.

Хүүхдүүдэд түүнд өргөх хадаг яндар, мөнгө төгрөг юу байхав, зүгээр л ороод гарах боловч тэрний цаана, ажил хэргээ даатгах, хүндэтгэл үзүүлэх гээд олон ёс уламжлалын товчлол нуугдаж байдаг билээ. Гэгээнтэн бидэнд сурлагын амжилт хүсч, хичээл номдоо шамдахыг захиад тав, арван төгрөг бэлэглэнэ. Хөгшчүүд уг мөнгийг бараг л сахиус, шүтээн болгон хадгалахыг зөвлөх боловч мань мэт нь яаж тэсэх билээ, чихэр боов, маруужин, хуушуураас л “буян болтугай” гээл өгч орхино.

Хожим олноороо таарах болсон янз бүрийн хувраг дүрмийн улсаас ялгаатай нь хүний юмыг зүгээр аваад, цааш нь тавьчихна гэж байхгүй. Өгсөн юмтай дүйцэх ямар нэгэн зүйлийг “Гар цайлгаж байгаа юм” гээд л буцаагаад барьж байхыг олонтаа харснаа санаж байна. Тэр үед “18-ын торго” гээд нэг метр нь 18 төгрөгийн үнэтэй, дугуй хээтэй торго байв даа. Харж байхад хол ойроос ирсэн цөөнгүй хүн Дайдаад тийм торго бариад, хариу “гар цайлгалт”-нд арай өөр өнгөтэй торго эргүүлээд авч байхыг харсан. Энэ дүрмийг шашин бурхны өмнөөс бусадтай харилцдаг хүмүүс үлгэр болгомоор санагддаг юм.

Харин миний хувьд сүүлд албан хаагч болж, айл орон тэргүүлэх хүртлээ бол “хүүхдийн”, “төрөл садны”, “ядарсан оюутны” гэхчлэнгийн хөнгөлөлтөд багтаж, их төлөв зүгээр ороод, бэлэгтэй гарч явснаа нуух юун.

Дайдаа залууст таарсан бэлэг өгөхдөө, дотор нь юмаа нуудагсан. Хамгийн сүүлд ийм далд бэлэг авсан нь ерээд оны босгон дээр болжээ. Аймгийн сонины эрхлэгчтэй хамт, “бор Ботго”-ын хавьд намаржиж байхад нь очсон юм. Хөндлөнгийн хүний нүдээр харвал, хот газрын сонин, нутаг орны зуншлага гээд ямар ч сэжиггүй яриа өрнүүлээд мордох үед надад сороочгон цамц бэлэглэв. Цамцны захны хавьцаа гялгар уут нь цоорсон байхыг ажигласан нь юмны учир мэддэг мань мэтэд бол их л тодорхой зүйл. Учир нь цоорхойгоор нь Дайдаа гурван бяцхан боодолтой зүйл нуусан байдаг нь арцан утлага, элсэн чихэрт шүншиглэсэн хүртэх рашаан, давсанд шүншиглэсэн угаал үйлдэх рашаан сэлт байдаг билээ.

Айлын гэрт өрөө тасалгаа гэж байх биш, хол ойроос ирэгсэд Дайдаатай уулзаж байхад бишгүй л таарах. Ялангуяа нэг дорын улсууд бол онцгой нууцаасаа бусдыг бол бие биеийнхээ хажууд асуун зөвлөх нь олон. Тэр бүхэнд жирийн ахмад хүн, туршлагатай нэгний байр сууринаас хандсан маягтай зөвлөлгөө өгч байдагсан. Тэрнээс биш “Ингэвэл сайн гэж бууж байна”, “Тэгвэл зөвдөнө”, “Ийм юмнаас болсон байна. Тэндээс гайтаж, тиймэрхүү өнгийн эд байгааг гаргаж хая” гэж дүвчигнэж байхыг үзээгүй, үзсэн хүнээс сонсоогүй болно.

Ухаандаа хэн нэгэн настан хот орж өвөлжих эсэхээ шийдэхээр Дайдаагаас асуулаа гэж бодоход зөв зүйтэй гэдгийг “Хүн байна даа, энэ чинь. Улсынхаа нийслэлийг үзэлгүй яахав дээ. Хот ч гоё шүү дээ” хэмээн урамшуулна. Хэрвээ эсрэгээр нь бол “Ээ, хот ч горьгүй шүү дээ. Цайны сүү олдохгүй, мах ховор. Өвөл сэрүүдээд, хавагнавал яана” гэхчлэнгээр сануулна. Энэ бүхнээс үүдээд бурхан шашин бол зарлиглахаас илүүтэй зөвлөн сануулдаг юм байна гэсэн ойлголт бидэнд үлдсэн билээ.

ДӨРӨВ. ШИНЭ ЦАГТ “ХУУЧИН”-ААРАА ҮЛДСЭН ГЭГЭЭН

Дайдаа бол итгэл найдвар тасарсан бүрэнхийд үлдсэн ганц нууц зул төдийгүй шашин шүтлэгтэй хийсэн хатуу тэмцлийн сүүдрийг даван туулах, эрх чөлөөт үеийг харах хувьтай нэгэн байсан юм.

1990 оноос хойш шашин шүтлэг чөлөөтэй болсон ч Дайдаа өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л болгоомжтой зөвлөгч, сануулан сургагч, хүний өргөсөн зүйлийг дүйцүүлээд гарыг нь цайлгах бэлэг баригч хэвээрээ үлдсэн юм. Харин хол ойроос ил тодоор зорин ирэгсэд нээлттэй ил тод болов. Эмээгийн хэлдэг байсан “Сарны гэрэлд гуулин товч нь гялалзсан” шүтлэгтнүүд ил болтол ихэнх нь аймаг орны удирдлага, том дарга нар байсан байж таарав.

Миний хувьд ч гэрээрээ айлчлан очихдоо илүү хүндлэл хүлээдэг болсон маань яах аргагүй өөрчлөлт байв. Энэ нь намайг ороод л утлагаа сэм аваад гардаг байсан залуу хөвүүн бус хот газраас гэр бүлээрээ айлчлан хамаатан садан хэмээн хүндэлж үзснээс эхтэй юм. Нэг удаа алс газраас ирсэн нэгэн уяач уулзаж байхтай миний айлчин хийх давхцаж тааралдав. Дайдаа тэр хүнд “Та одоо явж үз. Миний төрөл садан ирээд байна. Би тэдэнтэй таван үг солимоор байна” хэмээн явуулж, би танихгүй хүнээс баахан ичингүйрч, бас дотроо хөөрхөн онгирч билээ. Удалгүй Богдын голд зусч байсан хадмындаа иртэл мөнөөх танихгүй хүн маань саахалтынх нь малчин байж таарч энэ тэр.

Хамгийн сүүлд 1996 оны зун уулзлаа. Хүү Ядамдоржийндоо байсан юм. Надад арц утлага, бас хадаг гаргаад өгөөтөх гэж Ядамдорж гуайд хэллээ. Ядамдорж гуай арц боож эхлэхэд “ахиухан хий, ахиухан хий” гээд байв. Би “Надад ахиухан арц өгье” гэж бодож дээ хэмээн дотроо баясаж суув. Дараа нь Ядамдорж гуайн гаргасан хадгийг голж, “арай дээр хадаг алга уу” гэж хайлгаж байгаад нэлээд том цэнхэр хадган дээр сонголт тусав. Том сайхан хадагтай болохнээ гэж би их л додигор байсансан. Гэвч бидний энэ төрлийн сүүлчийн уулзалт, отгон хадаг, утлага тэр байсныг яахин мэдэх билээ. Дайдаа гэгээн тэр зундаа тэнгэрт хальсан билээ.

Эрх чөлөөт нийгэмд улс орон маань орж ирэхэд, хувь заяаны зураг төөрөгт найдахаас илүү сэтгэл зүрхээ даган сонголт хийх цаг ирээд, энэ тухайд би түүнтэй зөвлөж, итгэл тээсэн урмын үг, сайны ерөөлтэй хүлээн авч байлаа. Үүл нь арилсан ч айдас нь арилаагүй цаг төрийн тэнгэр дор, эрчүүл хамтдаа морь харах замд, зөвхөн бид хоёрын дунд болсон ярианы төгсгөлд тэрээр “Зөв өө, цаг нь болсон” гэдэг үгийг яг л Богд хаан тусгаар тогтнолын санаа өвөрлөсөн шавь нартаа айлддаг шиг хэлж билээ.

Хойхно талд мянганы уулс сүмбэрлэн, тэртээ алсад Отгонтэнгэр цайвалзсан тэр л хээр талд энэ яриа болсон. Тийм ээ, гэгээнтний зөв гэх шиг уул ус дүнхийсээр л байнам.

2019 оны зургадугаар сарын 17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөөеө аваргын нулимстай тэр жилийн наадам

Зураг дээр зүүн гараас С.Лхагва начин, Д.Долгорсүрэн заан, Д.Мягмар заан,

Х.Баянмөнх аварга, Д.Цэрэнтогтох аварга, Ц.Санжаа заан. 2008.07.12

Наадмын урьд орой Дан­зан ах яриад “Нөхөр минь чи, мандат асуугаад байл уу. Гэрээр ирж авах уу” гэж бай­на. Дуун дээр нь уухайн тас зөвшөөрөлгүй хаачихав. Мань хүн үндэсний их баяр наадмын бөхийн салбар ко­мис­сын нарийн бичгийн дар­га. Шөнө дүл болсон хойно тэднийд тавьж хүрлээ. Мар­гааш өглөөний мандмал нар­тай зэрэгцэн наадам эхлэх гэж байдаг. Бөхийн комиссын нарийн бичгийн даргын ажил гэдэг ар араасаа л ундарч байгаа нь дамжиггүй. Шө­нийн арваннэг, арванхоёр цагийн үед очиход сая л гэрийн бараа харж байгаа бололтой, хадмынхаа нутаг Архангайн Хотонтын айраг­наас хулаар мэлтэлзүүлсэн шигээ сууж байна. Бас болоо­гүй ээ, Дашийн Мяасүрэн гуайтай хамтарч бүтээсэн “Түшээт ханы Намхай аварга” дуугаа аялсан шигээ гоёлын­хоо дээл хувцсыг бэлдээд.

“Өнөө
жилийн наадамд хэн хэн зодоглох гэж байна даа” гэхэд, лав л Цэрэнтогтох аварга барилдахгүй сураг байна. Бөхийн бүртгэлд нэр нь алга гэнэ. Ингэж л миний бие соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзангаас “Наад­мын ногоон талбайд ажиллах эрхтэй” гэсэн ман­дат авч, өнөө л хүчит авар­гуудтай бөхийн асарт суудал зэрэгцсэн нь тийм учиртай. Хаа нэг наадам найрын үеэр гаргаж салхи амсуулдаг саа­рал даавуун тэрлэгээ өмсөөд гарч өглөө дөө.

Төв цэнгэлдэхийн урд хаал­­гаар эртхэн шиг шуд­раад авлаа. Нээлтийн ёслол дөхүүлж, Төрийн тэргүүн үг хэлэх үед харуул хамгаалалт гэдэг чинь манийг байтугайг нь нам зогсоодог болохоор юм эртхэндээ дээр бодсон минь зөв байсан нь мэдээж. Хэлхгэр халхгар бөхчүүд нэг нэг том цүлхийсэн цүнх үүр­чихсэн өнгө өнгийн дээлээр гоёцгоожээ. Царай зүс нь хүрэн бор, ёстой л нөгөө хүрэл эрчүүд гэдэг чинь тэд байна. Аймаг аймгаараа, гал галаараа бөөгнөрөөд зогсч байв. Увсынхан Баянаа авар­гаа бараадчихсан, Баянаа аварга болохоор Мөөеөгөө хайгаад байгаа бололтой ийш тийшээ хараад л. Харц нь нэг л тогтож өгөхгүй байгаа нь илт. Арга ч үгүй юм даа, халуун залуу насныхаа ааг омог, амжилт ялалт, баяр хөөр, харамсал харуусал бүхнээ тамгалж орхисон но­гоон дэвжээнд наадмын өг­лөө аваргуудын сэтгэл на­саа­­раа уягдчихсан морь шиг л байдаг байх.

Тэгтэл удаа ч үгүй Мөөеө аварга цэнгэлдэхэд ороод ирлээ шүү. Хүрэн торгон дээлийнхээ хормойг үл ялиг­хан чичрүүлсхийн алхаад Баянаатайгаа уулзаж байна. Гартаа нэг чамин цүнх, нарны шүхэр ч билүү, бас нэг зүйл барьчихсан инээд алдаад “Ид үед голын цэнгэлдэхээр орж ирэхэд намсхийх шиг л болдог сон” гэх өөрийгөө болоод Баянаагаа явуулсан яриа хөөрөө дэлгэсэн шигээ зогсоно. Хоёр аваргыг тийн хөөрөх зуурт Сосорбарам, Эрдэнэ-Очир, Мижиддорж, Хайдав нарын арслангууд, за тэгээд ахмад заан, начингууд бүгд л ирж эрэмбээрээ мэнд усаа мэдэлцэж байлаа. Наад­мын нээлт дууссаны дараа бөхийн барилдааны нэгийн даваа эхлэв. Гэлэгжамцын Өсөхбаяр аварга зүүн жи­гүүрийг магнайлан 512 хүч­тэнийг түүчээлэн боссон. Тэр жил анх удаа Өсөхөө аварга зүүн жигүүрт гарсан юм. Үнд­сэндээ Өсөхөө, Сумъяа хоёр л аваргуудаас босч байлаа. Өмнөх жилүүдэд нь зүүн жигүүрийг Дашдоржийн Цэ­рэн­тогтох аварга манлайлж байсан санагдана.

Баянаа аварга тодоос тод улаан шаргал дээлээ хөглө­рүүлээд, Мөөеөтэйгээ хөт­лөл­цөөд цэнгэлдэхийн зүүн талд байх бөхийн асар буюу аваргуудад зориулсан модон саравч руу хандлаа. Би гэдэг хүн дагаад л туучихлаа. Өнөө­­дүүлтэй чинь хамт очоод суудал зэрэгцээд ав­лаа. Өврөөсөө тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд бас бус зүйлийг тэмдэглэхээ аядав. Юу чиг тэмдэглэх вэ дээ. Гэхдээ л хэлбэрдэхгүй юу даа. Аваргууд бол намайг албаны хүн гэж л ойлгоод байгаа. Харин би болохоор “Наад­мын ногоон талбайд…” гэх мандатаа нүүрэндээ наах нь холгүй хүзүүнээсээ пайз шиг зүүчихсэн, пээдгэр амьтан л алхаад байгаа. Бөхчүүдийн модон саравчийг манайхан мэднэ дээ. Яагаав, тэр жил Сүхбат аварга зодог тайлж бөхөд хайртай олныхоо сэт­гэ­лийг үймрүүлж, гомдоож орхихдоо Пүрэвээ засуулын хамт төрийн есөн хөлт тугнаасаа адис авчихаад Баянаа аваргын зүг ханддаг даа. Тэгээд аваргын энгэрт хацраа наагаад жаахан хүү­хэд шиг мэгшин уйлж буй дүр зургийг мэдэхгүй хүн ховор. Тэр модон саравчийг хэлээд байна л даа. Мөөеө, Баянаа аваргаас гадна Өлзий­сайханы Эрдэнэ-Очир арс­лан, олон түмнээ “том” хэ­мээн алдаршсан Цэрэн­донойн Санжаа заан, улсын начин Сэнгэдовдонгийн Лхаг­ва нарын ахмадууд сууцгаа­сан юм. Тэд бөхчүүдийнхээ өнгийг л шинжиж байсан. “Өнөө жил залуучууд л өнгө­тэй байна даа” гэсэн нь гар­цаагүй үнэн байж билээ. Тэр жил(2008 он)-ийн наадмын шөвгийн дөрөвт Б.Ганбат заан хамгийн түрүүнд ам авч байсан гэж бодохоор залуу­чууд өнгөнд гарч ирсэн нь илэрхий. До.Ганхуягийн на­чин цолтой түрүүлдэг наадам шүү дээ. Нэгийн давааны эхний дүйзүүд болох улсын цолтнууд ам бөхчүүдээ ээлж дараалан унагаж, цэргийн хүүхдүүд малгайгаа барин гүйлдэж байх зуур Эрдэнэ-Очир арслан “Хүүхээ, хоёу­лаа наадмын хуушуур олж идэх үү” гэдэг юм байна.

Өвгөн арсланг тохойлдон босч байтал Лхагва начин “манай хүүхдүүд хуушуур авчирч өглөө” гээд бор ууттай, цаасан уутандаа тос нь нэвч­сэн халуун хуушуур аваад ирлээ. Эрдэнэ-Очир арслан, Лхагва начин бид гурав мо­дон саравчнаасаа жаахан цаашилж ширэг зүлгэн дээр хөлөө жийн сууцгаагаад наад­мын хуушуурын амт үз­сэн. Лхагва начингийн хүү жүжигчин Дэмидбаатарын аавдаа авчирч өгсөн хуушуур болов уу гэж бодно. Эрдэнэ-Очир гуай “мангар аа, нааш ир. Хуушуур ид” гэж Санжаа зааныг дуудлаа. Монгол бө­хийн дэвжээнд нэгэн цагт гарч ирсэн хүчтэнүүд бол яах ар­га­гүй Эрдэнэ-Очир, Санжаа нар л даа. Өвгөн арсланг манайхан дөрвөн үеийн удам­тай бөх гэдгийг мэднэ байх. Арслангийн өвөө нь Хас гэж даншгийн цолтой бөх байсан бол аав нь Хасын Өлзийсайхан гэж төрийн наад­мын үзүүр булааж, Түвдэндорж аварга, Дор­нодын “гулзгай” Дамчаа арс­лан, Буур аварга, “аат” Лув­сан­жамц, Шаравын Ванчин­хүү нарын домог болсон хүч­тэнүүдтэй гар зөрүүлж явсан бөх юм. Эрдэнэ-Очир арслан тавин долоон онд байна уу даа, ааваараа дөрөв давж тэр жилээ улсын цолонд хүрч байсан түүхтэй.

Хоёрын даваа дундаа орчихсон байх үед сарав­чиндаа ирж суулаа. Аваргууд маань мөн л наагуур цаагуур явж наадамчин олонтойгоо мэндчилж, нутгийн бөхчүү­дийнхээ өнгийг харж бахдаж яваад иржээ. Мөөеө аварга ирээд суучихсан байна. Цэ­рэн­тогтох аварга хөх ч гэмээр юм уу, ногоон ч гэмээр юм уу нэг л гоёмсог торгон дээлтэй ирчихсэн луу мэт сууж байна. Хоёрын даваанд тахимаа өгсөн залуучууд бөхчүүдийн модон асрын хажууханд ирж бай мөрийгөө авч байлаа. Хадаа аваргатай жигтэйхэн адилхан хүү Даваажав нь зодоглоод хоёрын даваанд уначихсан таахага таахага алхаад ирдэг юм аа. Элэг бүснийх нь уяа газар сул унжчихсан, хүүхэд шиг инээм­сэглэл тунаруулан ирсэн тэрээр шууд л Мөөеө аварга дээр хүрээд ирэв. Мөөеө аварга ч түүнийг хүлээгээд үг ч дуугарахгүй духайгаад сууж байв. “Даваажав аа, яав аа” гэвэл, өнөө бага Хадаа чинь толгойгоо маажаад “нэг л болж өгөлгүй уначихлаа, ах аа. Ядахад энэ баруун гуян дээр хатиг гарчихсан түүндээ зовиурлаад мэх ч хийж чад­сангүй…” гээд нэг давсны бай мөрийгөө авахаар цааш ханд­­лаа. Тэрхэн хоромд Мөөеө аварга чив чимээгүй суугаад л байлаа. Миний бие аваргатай бас ч үгүй тав гур­ван үг сольж суусны хувьд аварга яагаад чимээгүй бол­чихов гээд хартал мэлмэ­рүүлж суудаг байгаа. Хадаа­гаа боджээ. Зүрх сэтгэлдээ төрсөн үр шигээ хадгалж, хайрлаж явсан энгүй их хүчит Хадаа нь Баянаад юм уу, Цэрэнтогтох, Мөнгөн, Ган­баатар…өөр хэнд ч юм бэ дээ тахимаа өгчихөөд Мөөеө аваргынхаа өмнө гэм хийсэн хүүхэд шиг үсээ илбэсээр ингээд л ирдэг байсан болов уу. Тийм л дурсамж дурдатгал сэтгэлийг нь өвтгөж, цээжийг огшоож өөрийн эрхгүй мэл­мэрүүлэхэд хүргэсэн байх. Мань хүн ерөөс Хадааг нь өвчиж төрсөн тэр хүүгийн барилдахыг харах гэж л хоёрын давааг яс сууж хүлээ­сэн нь тодорхой. Даваажав ч байгаа аваад яваад өглөө. Мөөеө аварга ч модон саравчнаас босоод явчихсан даа.

Дөрвийн даваанд байна уу даа, Магалжав харцага, Бат­заяа начин хоёр жаахан бу­дилдаг юм аа. Чи давсан, би давсан, дахиж барилдана, барилдахгүй гээд л. Тэгтэл Санжаа заан “наад хоёрыгоо хас” гэд сүртэй нь аргагүй хашгирав. “Одооны энэ за­луу­чууд нэг л халирамтгай болчихсон. Бидний үед чинь бол аймаар л юмнуудтай даваа бүрт л тунадаг байлаа. Хэзээ ингэж маргаж байлаа даа” гээд л. Өвгөн заан үнэ­нээ л өгүүлж байна. “Тавын даваа хэдхэн мөчийн дараа эхэллээ” хэмээн бөх тайл­барлагчийн цээлхэн хоолой цуурайлахтай зэрэгцээд цэн­гэлдэх шуугиад явчихаж байгаа юм. Би гэдэг хүн амихан­даа хоёр найзыгаа л бодож суулаа. Соронзон­болд, Бямбажав хоёрыгоо. Манай хоёр нэг нь аймгийн, нөгөө нь цэргийн арслан цолтой байсан. Хоорондоо үй зайгүй найзууд. “Хор­шоо­лол” нийгэмлэгт Дамиран­гийн Баатаржав гэж хүний гар дээр анх очиж байсан хоёр. Би болохоор Бямбажавыг сайн мэдэхгүй. Харин Сорон­зоор дамжуулж түүнтэй нө­хөр­лөөд байсан үе. Тавын даваанд хэд хэдэн удаа өв­дөг­лөж, начин цолны үзүүр дээрээс атгаад алдсан хоёрыг маань өнөө жил хэн амлаж халаадаг билээ хэ­мээн аминдаа зүрхшээж л суусан. Тэгтэл өнөө хоёр золигийг чинь тавын даваанд хэн ч амлалгүй хооронд нь тунагачихдаг юм аа. Бүүр ч зүрхшээгээд явчихлаа шүү. За ямар чиг байсан нэг нь цолонд хүрэх нь ээ гэж бод­лоо. Ингээд өнөө хоёрын барилдаан Соронзон­болдын даваагаар өндөрлөж Алтай нутгийн залуу, анд нөхөр минь улсын цолны босго алхдаг юм аа. Соронзыг туг тойроод ирэхэд нь өмнөөс нь гүйлээ. Баяр хүргэлээ. Дахиад даваа бий шүү гэсэн зүйл хэлээд холд­лоо. Гэтэл өнөөх чинь зургаад өмнөх жилийнх нь наадмын түрүү бөх Хадбаатарын Мөнх­баатар арсланг, долоод Гэлэгжамцын Өсөхбаяр авар­гыг даваад заан болчихдог байгаа. Санаанд багтамгүй сайхан баяр гэж тэр байх. Зургаагийн даваанд Цэрэн­тог­тох аварга бид хоёр л өнөө модон саравч дотроос илүү­тэй өндөлзсөн шиг санагддаг. Цэрэнтогтох аварга хүргэ­нийхээ дээлийн захыг муш­гиад сууж байгаа. Хүргэн нь Д.Рагчаа гарьд л даа. Тухайн үед заан цолтой байсан. Раг­чаа зургаагийн даваанд Сүх­бат аваргын шавь Өлзий­батын Даваабаатар гэж ул­сын цолгүй залууг амласан байв. Даваабаатар Сэлэн­гийн Өсөх-Ирээдүйгээр ул­сын цолны босго алхчихаад Рагчаатай үзсэн нь тэр. Тун эвгүй барилдаантай тэрээр Рагчаа зааныг тонгорчихлоо. Ингээд начин цолыг алгасч харцага боллоо. Рагчаа тахи­маа өгчихөөд хадам аав дээ­рээ ирдэг юм аа. “Цэрэн­тогтох аварга “Та хоёр уул нь ойрхон л газардсан даа. Чи арай л эрт, жаахан яараад тахимаа өгчихөв үү” гэж бай­на. Рагчаа аргаа барахдаа “Та тэгээд хамт унасан, да­хиулъя гэж орилоод байхгүй яасан юм бэ. Одоо нэгэнт тахимаа өгчихсөн, өнгөрсөн” гэх зүйл хэлээд цааш алх­чихлаа. Царай нь гэж барай­сан л юм харагдана. Үнэндээ бүтэн жилийн хөдөлмөр тэ­гээд нурна гэдэг хэцүү л дээ. Өөр нэг сонирхолтой барил­даан нь Сумъяабазар аварга Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар нарын хооронд болсон юм. Сумъяаг Ганбаатарыг амла­хад Цэрэнтогтох аварга ши­рээ­гээ шааж “Сумъяа дандаа буруу ам авах юм. Ган­баатарыг ноднин л авдаг газар байсан шүү дээ. Одоо бол барахгүй ш дээ” гэж бай­сан. Үнэхээр ч Сумъяа аварга өндөр Ганбааг бараагүй.

Долоогийн даваа шувт­рахад зүүн баруун жигүүрийг магнайлж боссон Өсөхөө, Сумъяа аваргууд үзэгчдийн суудалд хэдийнэ шилж­чихсэн, Доржсамбуу гарьд, Мөнхбаатар арслан, Баяр­жавхлан гээд дээгүүр барил­дах бөхчүүд бүгд тахимаа өгчихсөн байлаа. “Хүн бүр л Ганбатын наадам боллоо доо” гэж шагшиж байв. Үнэн­дээ тэгж бодохоос ч өөр арга­гүй байв. Наймын даваанд Ганбат (тухайн жил заан цолтой байлаа) шинээр заан цолны болзол хангаад бай­сан До.Ганхуяг, Нямдоржийн Ганбаатар, Баттулгын Сорон­зонболд нараас ам авч бай­гаа юм. Төв цэнгэлдэхийн баруун урд талын асраас Ганбатыг ам авахаар гарын даа нарын зүг хандахад Эрдэнэ-Очир арслан “Ган­хуягийгаа аваарай” гэж хоо­лой мэдэн орилж байлаа. Түүнийг нь Ганбат заан ан­заа­раагүй байх. Балжаа аварга “Шавьдаа ам авахыг зөвлөнө” гээд босоод явчихав. Төрийн наадмын наймын даваанд ам авна гэдэг үнэндээ амаргүй нь мэдээж. Өндөр даваанд ам авахын зовлонг ахмадууд яс махаараа мэднэ. Балжаа аваргыг гарын даа нар дээр очиж амжаагүй байтал Ган­бат ам аваад эргэчихэв. Бал­жаа аварга ч ирээд суу­дал­даа суулаа. Ганбат хэнийг авав гэхэд, Ганбаатарыг ав­чээ гэлээ. Ахмадууд “ээ бу­руудсан даа” гээд л шогш­роод явчихлаа. Ганбат заан Ганбаатар гарьдад тэгэхэд нэг их эвгүй татуулж амаа барьсныг наадамчид мэднэ ээ. Ингэж л Монголын алдарт аваргуудтай хамтдаа суудал зэрэгцэн ардын хувьсгалын наян долоон жилийн наад­мыг үзэж билээ. Дөнгөж сая­хан л мэт санагдаж байв ч даруй таван жил болсон бай­на шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

Түрүүч нь №135(6237) дугаарт

Хөтөчтэйгөө наадмын хуушуур гээчийг идэж үзэв. Манай гэрийн хуушуурыг бодвол хамаагүй жижиг атлаа гойдын гоё амттай ажээ. Миний багад хөдөөний айлууд зундаа мах иддэггүй, тараг цагаан идээгээр болгоод явчихдаг, хааяа нэг борцоор хоол хийдэг байв. Хааяа нэг осгох зэргээр золгүй байдлаар “нас барсан” малын мах идэх. Амт муутай гэж найгүй дээ. Харин ганц нэг хонь эргүүтвэл “Турахаас нь өмнө амыг бариад авна” гээд нядалбал шинэ махтай золгоно. Ямар сайндаа, махассандаа болоод “ганц нэг юм эргүүтэхгүй юм байх даа” гэж бодохдоо тулах вэ, базарваань.

Ингэж зусахдаа махаар өлдөхийг махсах гэдэг. Өнөөгийнхөн махсахыг мэдэхгүй л дээ. Ер нь махсаж байгаад амссан улаан хүнс ердийнхөөсөө 10 дахинаа байг гэхэд 9 дахин амттай шүү дээ. Наадмын хуушуур зуны махассан үед таарсан учраас амт нь бүр ч хэтийдсэн байх талтай.

Наадам дундуур хүүхдийн тэрэг анх харлаа. Залуухан гэр бүл нялх хүүхдээ гоё тэргэнд суулгаад түрчихсэн наадам үзэж явав. Гэтэл тэр зуур хэдхэн бороо хаялсан биш бүүрч сонин юм харав. Аав ээж нь нэг гаргаж ирээд, цахилгааныг нь татаад хаясан чинь яасан гээч, нөгөө хүүхдийн тэрэг чинь борооноос хамгаалсан гялгар цонхтой байсан байж таарав.

Наадмын учрал тохиол ингээд зогсохгүй. Үе тэнгийн нэг жаалтай танилцаад хаясан байгаа юм. Яаж ч танилцсан юм бүү мэд. Одонпунцаг гэдэг тэр жаал сүүлд нь концерт энэ тэр дээр шүлэг уншдаг байсан юм. Олны газар явж, айл саахалтаас ч хол газрын хүн амьтантай танилцаж байгаа нь тэр.

Оройхон хэрд бүр сонин юм үзлээ. Хорхойн чинээн жижхээн хөх машин давхиж явсан нь хүүхдийн тоглоом биш жинхэнэ эд ажгуу. Байх байхдаа, хувийн машин гэнэ. Хорвоо дээр хувьдаа тийм аугаа баялагтай хүн байдгийг анх удаа мэдэж авав. Буруу тогтоогоогүй бол өмчгүй нийгэмд хувийн машинтай жаалсан, тэр хүний нэрийг Доржсүрэн гэсэн шиг санагдана, андуурсан ч байж мэднэ.Тухайн нийгэмд нүдний гэм шиг ховор байсан хувийн машин тэнд таардаг нь бас юүч билээ.

Наадмаас үлдсэн анхны сэтгэгдэл бол “Хүн олуулаа байх тусмаа гоё байдаг юм байна. Олон хүний дунд амьдрах сайхан юм байна” гэсэн дүгнэлт. Энэ бол миний “Үүлэн дундаас нээсэн газар дэлхий”-ийн дараагаар орох их нээлт байлаа.

Хожмоо Шилүүстэй сумынхаа сургуульд орж, өөрийн гэсэн сумын “төв”, ангийн андуудтай болсноосоо хойш Отгоны наадмыг “тоох”-оо болив. Гэхдээ л зундаа хэд орно. Учир нь манай зуслангаас төрөлх сумын төв 60-70 км зайтай, харин Отгонд 10-20 км яваад л орно.

Сүүлд оюутан болсон хойноо намрын намарт Отгон орж хотын унаа олно. Отгон сумаар дайрч, Завхан голын гүүрээр гараад Баянхонгорын Гурванбулагаар дамжин Улаанбаатар хот ордог зам үүгээр дайрдаг. Тэр замыг л сахина даа. Зам сахиж унаа харна гэдэг бол өнгөрсөн үеийн л дурсамж болон үлджээ.

Ер нь унаа хүлээх ч бас зугаатай. Заримдаа үеийнхэнтэйгээ дарвиад, төвөөс зайдуухан гарч, мотоциклийнхээ дохионы гэрлийг тайлан авч, түүгээрээ “цай уух” ч явдал байна.

Ингээд л анх гэрээсээ хол явж байснаа бодоход хавьгүй боловсроод модон хайрцаг болсон тээшээ, Чулуунхүү ахынд авчирч хаячихаад, унаа хүлээгээд хэвтчихнэ. Орой тийшээ юм ирэх шинжгүй бол хөх мотоциклийг нь асааж унаал харьчихна. Дөрөв тав ирж буцсаны дараа бол эрх биш хот зүглэнэ.

Замын машинаас гадна, тус сумын уугуул хэдэн жолоочид дайгдана. Тэр үеийн тээврийн жолооч нар их чөлөөтэй. Зам харилцаа, дэд бүтэц тааруу байсан учраас хянаад, хянаад хүчрэхгүй тул тэднийг “явахаар нь явлаа гэж мэддэг, ирэхээр нь ирлээ гэж ойлгодог” байсан гэх үг ч бий. Нутгийн хэдэн жолооч сайхан цэнхэр “Зил-130” машинаа айлын гадаа сойчихоод “хот явна” гэсээр удна шүү дээ.

-Өнөөдөр явах байх гээд л машиныг бараадан өнжих боловч “Гол өгсөөд явчихлаа, маргаашаас наашгүй бололтой” гээд тарах энүүхэнд. Хэн ч тэднийг яваач гэж шаардахгүй. Учир нь “Зай байхгүй ээ” гэвэл чи өөр унаа хайж, ондоо жолоочийг тойглох хэрэг гарна. Өөр сонголт байдгийг мэдэхгүй учраас, Сансрын хүрдэнд төрөл олсон хэнбугай боловч ингэж л унаа олох тавилантай гэдэгт итгэн тайван амгалан хүлээнэ.

Ингэж байгаад нэг л гэгээн өглөө машины тэвшин дээр гарна даа. Хангай нутгийн үзэсгэлэнт байгалийг бишрэн, голдуу төвөөс зайдуу замаар ингэж аялах үнэхээр зугаатай. Их төлөв хээр хонож, оддыг ширтэн бодол мөрөөдөлд автаж байгаад нам унтахын сайхныг хэлэх үү.

Угаасаа, ачаа тээврийн жолооч хүн тээвэрлэх, улмаар ачаан дээрээ суулгах, түүнчлэн хүн ачаад чиргүүл чирэх бүгд хориотой. Гол төлөв боошигтэй цөцгийн тос ачаад, хориод хүн дээр нь суулгаж, нэмэрт нь чиргүүл хөтөлсөн жолооч нар төв замаас хол, хяналт шалтгалгүй хулгайн замаар аялах. Энэ нь аяллыг бүүр ч зугаатай болгоно.

Лүнгийн гүүрэн дээрээс өөрийн эрхгүй төв замд нийлж, автотехникийн газрын айхавтар шалгалт таардаг. Бидний дээгүүр бэрзээнт нөмрүүлэн хучиж, амьсгалах нүх гаргаад татлагаар даруулна. Гол төлөв үүрээр, цагдааг нь нойрмог байхад түүгээр өнгөрнө. Машиныг тойрон шалгаж, хүн ярилцаад, зарим нь ачаа өөд авиран товчхон үзлэг хийж байгаа нь мэдэгдэнэ. Бид ч амьсгаа даран, даван контрбанд хийж байгаа этгээд шиг түгшин хүлээнэ. Яг л тагнуултай кинонд манай талын тагнуул бухал дотор нуугдаад, Гитлерийн цэргүүд өвс рүү жадаар чичин шалгахад, гол баатар ёолох ч үгүй тэвчээд гардаг л эпизод л гэсэн үг.

Биднийг ч яахав, торгож бариад л өнгөрөх биз. Харин жолоочийг бол хулгайн тээвэр хийсэн, дүрэм зөрчсөн хэрэгт татаж, аягүй бол эрхийг нь хасч мэднэ. Тэгвэл хөөрхий ажилгүй болж, амьдралаараа хохирно. Иймээс бид “Тэр холоос энэ хүртэл машиндаа суулгасан ачит хүнд гай болохгүй юмсан” гэх сэтгэлээр л шүд зуун, жадны үзүүр чичсэн ч дуу алдахгүйгээр хатуужин, хярсаар…

Ингэж явсаар, үүр цүүрээр Эмээлтэд ирээд биднийг буулгана даа. “Хорин хоёрын товчоо”-ны шалгалтыг бид давна гэж байхгүй болоод тэр. Тэгээд машинаар бус, төмөр замаар яваа зорчигчийн дүрээр Улаанбаатарт бууж байгаа хэрэг. Тэгээд жолоочийнхоо гадаа очиж, ачаа бараагаа хүлээн авангаа, талархал болгож 100 төгрөг үлдээнэ. Тэр үед Улаанбаатар-Завханы онгоцны тийз 250 төгрөг байсан юм.

…Он жил улирсаар, Цэрэн ах, Чулуунхүү ах, Чулуунхүү ахын ээж бүгд бурхан болжээ. Отгоноос том сум, Отгоныхноос олон хүн, Отгоныхоос том наадам олныг үзсэн ч Буянт голын хөвөө, сэргэлэн дэнж дээрх анхны наадам, анхны сэтгэгдэл, бяцхан намайг томоо хамаатнаа хэмээн хүндэтгэн хүлээж авсан тэр айлыг яахин мартах билээ.

Отгон сум бол миний эр хүн болоод бие дааж аялсан холын зам, ганцаараа айлчилсан анхны хамаатан, анхны сум суурин, анхны супер маркет, анхны хүүхдийн болоод том хүний хувийн тэрэг, анхны наадам, хүний нийгмийн тухай анхны сэтгэгдэл байлаа. Миний амьдралын их замын анхны нэгэн гараа ч байлаа.

ТАВ. ТӨРӨЛ СУМ

Төрөлх сум маань Шилүүстэй. Хэрвээ та санаж байгаа бол “Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” гэж нүүр байдаг. Тэр цувралыг анх эхлүүлж, “Миний Шилүүстэй” гэсэн нийтлэлийг хориод жилийн тэртээ бичиж байв.

Харин хаяа нийлсэн Отгон сумыг “миний төрөл сум” гэж ойлгож болно. Хуучин Завханы Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут нийлээд Сайнноён Хан аймгийн Хушууч бээсийн хошуу (тэр байтугай Алдархааны нутаг, Улиастай өөрөө ороод) гэж байжээ. Ардын засгийн үеийн засаг захиргааны шинэчлэлээр хэд хэдэн сум болсон байдаг. Ийм болохоор хамаатан садангууд маань төрөлх сумандаа байдгаасаа дутахгүй олноороо хажуу сумандаа байдаг хэрэг.

Отгоны хүүхдүүдийн заримыг би багаас нь таньдаг, үе тэнгийнхэнтэйгээ 10 жилийн сургуулийн ахлах ангид хамт сурч, дотуур байранд цугтаа амьдарч байлаа. Хаяа нийлдэг нутгийн малчид ч намайг андахгүй. Нэгэнтээ, Отгоны төв орох гээд өглөө эрт галигуулж явтал улаан дээлтэй хүн зам тосон гүйж байв. Намайг анзаарахгүй өнгөрчихнө гэж бодсон бололтой даллаж харагдана. Бие биенээ таних зайнд ирсэн хойноо тэр хүний алхаа сааран нэг л сонин болоод, зогсчихлоо. Нэгэнт л даллаад байсан болохоор нь яваад очив. Зүс харсан тэр хүн гараа урамгүй савчсанаа,

-Чамайг гэж мэдсэнгүй дэмий баахан аахилаад гүйчихлээ. Уул нь мал сураглах гэж байсан юм. Чи ямар замынхаа хажуудахыг харах биш гэж байна.

Үнэн л дээ. Хээр хөдөө явахдаа байгалийн сайхан, хангай дэлхийн үзэмжинд бишрэн умбаад, бодол мөрөөдөлдөө автчихсан, бараг л транст орчихсон, заримдаа морь нь л замаа мэдээд явж байх. Хүмүүс “Замд чинь ийм тийм зүсмийн адуу, мал тааралдав уу” гэж асуухад хариулт байдаггүй. Нээрээ ч нэг адуу замын хажууд явж ч байсан шиг, үгүй ч шиг бодогдоод байх. Малд нүдгүй гэдгээрээ, төрөлх сумандаа байтугай бүс нутагтаа алдартай нэгэн байсан шиг байгаа юм.

1996 онд би Отгонд нэлээн удаан “ажилласан” юм. Миний бие УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшиж билээ. Өрсөлдөгч маань тэр үеийн УИХ-ын дарга, хожмын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай. Би 45 орчим хувийн саналтай үлдэж, харин Багабанди гуай 50 гаруй хувийн саналтай ялж билээ. Харин Отгон суманд би УИХ-ын даргыг цэвэр ялчихсан байж уу? Тийм ээ, Отгоны Зүүн хангайд садангууд маань байдаг юм, байж ч байгаа буй за.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэстэн ба хууль

Манайхан Үндсэн хуулиа шинэчлэх гэж байх шиг байна. Байх шигээр барахгүй ер нь шинэчилж таарлаа. Шинэчлэх ч юу байхав, нэмэлт өөрчлөлт оруулах аж.

Энд хот орон нутгийн удирдлагыг шууд сонгож, ИТХ-ын барьцаа, депутатуудын шантаажаас чөлөөлөх, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өөрийнхөөрөө ажиллах, хийе гэснээ хийх боломж олгох гэхчлэнгийн өнөөдөр үгүйлэгдсэн боломжууд яригдаж байгаа юм байна.

Энэ дашрамд дурдахад “Хуулийг үл хүндэтгэх хандлага, шүүхийн “хараат байдал” зэрэг нь манай Үндсэн хуулийн доголдол гэхээсээ илүү нийт үндэстний “Хуулийг үзэх үзэл” (Ертөнцийг үзэх үзэл гэдэг шиг)-тэй их төлөв холбогддох шиг санагддаг. Тиймээс ч “хуучин хандлага хэвээрээ байх юм бол ямар ч сайн хууль тус болохгүй” гэсэн байр суурьтай хэсэг ч бас байна. Тэдний үзэж байгаагаар бараг л “Хууль биелүүлэх тухай хууль” гаргаж мөрдвөл дээр юм шиг.

Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.

Монголчууд угаасаа толгой толгойгоо даан “бэлчиж явах” амбицтай учраас нийтээр хатуу дагаж мөрддөг хуулиас болгоомжилдог, түүнээс болоод хэн нэгнийгээ үүрд толгой дээрээ залчихаас айдаг ч байж магадгүй. Төрөлхийн энэ зөн совин нь өнөөгийн манайд байгаа, засаглалыг хүчгүйдүүлдэг, хуулийг сулруулдаг хандлага, сонирхлыг өдөөдөг ч байж мэднэ.

Манжийн вассал байх үеийн Гадаад Монголыг өнөөгийн нүдээр харвал бас л сонин, Чин гүрний дотоод хууль үйлчлэхгүй, энэ нутагт монгол хүн хэрэг хийвэл нэг янзаар, хятад хүн зөрчил гаргавал өөр дүрмээр шийтгэнэ. Төрүүлсэн ойлголт нь:“Хүнээсээ хамаараад үйлчлэх хууль нь ондоо байна”.

Дараа нь Зөвлөлтийн сателлит БНМАУ-д Үндсэн хууль гэж байвч, Москвагийн заавар, Намын төв хорооны шийдвэр түүнийг давамгайлна. Мораль нь: “Хууль ч яахав дээ, гол нь намын төв хороо юу гэж үзэж байгаагаас хамаарна”.

Сүм хийдээ нурааж, шашингүй нийгмийг байгуулсан, улсын ажилчин албан хаагчид (Улсынхаас өөр ажил алба байхгүй) шашингүй байх дүрэмтэй БНМАУ-ын Үндсэн хуульд “ иргэд шашин шүтэх эрхтэй” гэсэн заалт байсан юм шүү.

Харин чи Үндсэн хуулиа бариад шашин шүтнэ гэж зүтгэвэл бүхий л ажил албанаасаа хагацаж, үндсэн хуулийн хэвлэлттэй л үлдэнэ. Эндээс үлдсэн сургамж нь: “Үндсэн хууль бол яахав дээ, юм юм л бичсэн байдаг. Тэнд хэрэгжүүлэх гэвэл аюулд орох зүйлс ч бий”.

Сонирхуулж хэлэхэд, өдгөө Үндсэн хуулийн шинэчлэлийн ажлыг гардаж байгаа улс төрчийн нэг Д.Лундаажанцан багш маань намайг оюутан байхад МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн хороон дарга байв. МХЗЭ-ийн гол ажил бол шашинтай тэмцэх явдал. Одоо мэдэхнээ яасан гэхээр, манай хүн хар багаасаа маш их шүтлэгтэй, бараг л хэн нэгэн хутагтын хойд дүр мүр байсан юм биш үү?

Кинонд гардаг “Гурван найз яасан байхнуу” гэгчээр манай хүн өдөр нь шашинтай тэмцээд, орой хариад хэдэн эрхи маань уншчихаад унтдаг байсан байх гээд байна. Би ч гэж би. Эмээтэй багаасаа зул барьж, мөргөж өсчихөөд, Эвлэлийн даргынхаа өмнө “Тийш дээ, Бурхан гэж ёстой байхгүй” гэж нүд нь дальдахгүй бүлтрээд явсан байх юм.

Хэрвээ би МХЗЭ-ийн даргадаа “Тэгж ярих юм бол Бурхан байдаг” гээд хэлчихвэл, сонгодог зохиолд “Гэсгээхдээ хүртэл ивээж байдаг Бурхан тэнгэр шиг, уйлан хайлан цаазлана” гэж гардаг шиг харамсан харамсан сургуулиас хөөлгөөд, араас минь “Хийморийн сан” тавих байсан бол уу, Төв хороо ажиг сэжиг авчихвал бөөн лай гээд жимийгээд өнгөрөх байсан болов уу? Бурхан л мэдэх байх даа.

За энэ ч яахав, гол нь монголчуудын “Хуулийг үзэх үзэл” гэж юу болохыг хамтдаа эргэцүүлэх гэж татсан жишээ юм.

1919 онд Монголд ирсэн И.А. Майский бичсэн байдаг юм. Монголчууд хуулиа шинэчлээд дэвтэрлэн хэвлэж байхтай тэрээр таарчээ. Хууль хэвлэсэн, шинэчилсэн зэргээс илүү гайхшруулсан нь: Уг хууль нууц бөгөөд хэн дуртай нь үзэх эрхгүй гэсэн тайлбар ажээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар, нүүдэлчдийн хууль цааз нь нийтэд зориулагдаагүй бөгөөд ихэнхдээ түүнийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх эрх бүхий этгээд л үзэж танилцах эрхтэй байсан бололтой юм. Энгийн ардууд хэрэгт орсон хойноо л ямар зүйл анги зөрчснөө мэддэг байсан болов уу?

Манайхан хуулчийн мэргэжил эзэмших сонирхолтой, энэ салбар “3000 орон тоотой, 30.000 хүний нөөцтэй” гэдэг онигоо бий. Энэ нь цөмөөрөө шүүгч, прокурор болоод хүн амьтан байцааж, хориод явах “ин”-тэй гэхээсээ илүү өөр зөн совин байж магадгүй. Хэдэн зууны өмнөөс улбаатай, хуультай танилцах хэмжээний эрх мэдэлтэй болчихвол, юуг хориглож, хэрхэхийг зөвшөөрдгийг мэдэж аваад, гэмт хэргүүдийг тойроод явчихаж болно гэдэг далд эрмэлзэлтэй холбоотой ч байж мэднэ, үгүй ч байж болно. Угаасаа ч нүүдэлчид бэрхшээлийг буурин дээрээ орхиж шийддэг аргатайгаа нэгэн адил хуулийг тойрч шийдэх эрмэлзэлтэй хойно.

Хууль дүрэм нь хүмүүс хотшин айлсаж хамтаараа амьдрах хэрэгцээнээс урган гарсан зүйл. Олон жил хотшсон байхын хэрээр олон жилийн хуулийн уламжлалтай. Суурьшаад цөөн жил болсон байхын хэрээр хуулийн туршлага багатай. Монголчууд нэн эртний төр улс, хууль цаазын уламжлалтай боловч тэр нь нийтээрээ дагаж мөрдөх сахилган дээр бус, орой дээр суусан хүнийхээ сүр хүчээр хэрэгжих нь үлэмж байжээ. Монголын эзэнт гүрний түүхийг судлаачид, Монголын их хаад хуулийн засаглал тогтоож өвлүүлээгүйгээс болоод их удирдагч нас бармагц улс нь бутарч байсан тухай өгүүлсэн нь ч бий.

Чухам ийм учраас, эх орондоо хууль дүрэм хэрэгжүүлэх явдлыг өөр дээрээ бүх эрх мэдлийг төвлөрүүлэх замаар хийх оролдлого үргэлж манайд байсаар ирсэн юм.

ХХ зууны эхний хагасын үлэмж амбицтай улстөрч П.Гэндэн 1928 онд Намын Төв хороог удирдаж эхлэхдээ улс орны удирдлагыг эрх баригч нам дээр төвлөрүүлсэн гэдэг. Дараа нь 1932 оноос Ерөнхий сайд болонгуутаа “Нам бол төрийн улаан булан л юм” гээд бүхий л эрх мэдлийг Засгийн газар дээр аваачсан байдаг. Уг нь 1924 онд батлагдсан Үндсэн хууль тэр үед мөрдөгдөж л байсан хэрэг шүү дээ.

Бүүр саяхны жишээ хэлэхэд Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байхад улсын гол эрх мэдэл Засгийн газарт төвлөрч байв. Удсан ч түүнийг спикер болсны дараа төрийн эрх мэдэл УИХ-д очсон гэж болно. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч болсны дараа гол мэдэл ҮАБЗ- очсон байдлаар түүний гарт төвлөрч эхэлсэн гэдэг.

Өнөөдөр манай нийгэмд юу юунаас илүү чухал байгаа зүйл бол ард түмний “Хуулийг үзэх үзэл”-ийн шинэчлэл юм. Дээрх шинэчлэл, хувьсгалгүйгээр бидэнд сайн байтугай, муу хууль ч нэмэргүй бололтой.

Ийм онцлог үед манай хэд Үндсэн хуулиндаа шинэчлэл хийх гэж байна. Нэг талаасаа ард түмэн нь хууль бол ямар нэгэн бичиг, тэр бол цас зуд, байгалийн бэрхшээлтэй төстэй бөгөөд өртвөл маш аюултай, бас эвийг нь олоод тойрох, сиймхийгээр нь нэвтрэх боломжтой гэсэн итгэл үнэмшлээсээ салж яваа үе юм.

Нөгөө талаасаа, өөр дээрээ хүч хуралдуулж чадсан тодорхой албан тушаалтан “Хуулийг өөр дээрээ төвлөрүүлж болно” гэсэн итгэл үнэмшлээсээ салж чадаагүй, тэгэх боломж нь ч шавхагдаагүй байна.

Үндсэн хуулиа шинээр баяжуулахдаа ард түмэн болон төр засаг нь хотшил-иргэншлийн түүхээр баялаг биш, бөөгнөрөн суугаад нэгэн хуулийн үг үсгээр амьсгалан ижилссэн туршлагаар бусад үндэстнээс дутуу гэдгээ бодолцох, эх хуулийн сүр жавхлан нэр төрийг өргөх ажлыг хамт хийгүүштэй.

Ер нь бол өөрчлөх цаг болсон гэдэг нь Үндсэн хуулиндаа хамааралтай, үндсэндээ хуулинд хандах хандлагандаа бүүр илүү хамаатай гэж бодогдож байх юм.

Ингээд бодохоор “Манай хэнд ч их учир байна” гэлээ гэгчээр, Үндсэн хуулинд ч, улс төрчдөд ч, ард түмэнд ч их учир байна гэснээр Үндсэн хуулийг шинэчлэх нь зөв буруу эсэх талаар ганц ч үг ганхийгүй эл өгүүллээ дуусгая даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

ОРШИЛ

Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан “Анх үзсэн наадам”-ынхаа тухай дурсамж бичихийг санал болголоо, сониныхон маань. Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч, наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамж сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугай, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээ хөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Аа тийм, ил тод дурсах боломжгүй анхны дурсамж гэхээр та нар юу гэж бодсон? Тэр чинь биш ээ, анх удаа хүйтэн төмөрт хэлээ наасан, зууханд гараа түлснээ л хэлж байна.

Ингээд сэтгэлд тодхон санагдах анхны наадмын дурсамжаа хаанаас эхлэхийг мэдэхгүй баахан эргэлзлээ. Тодорхой боловч хаанаас эхтэй нь тодорхойгүй дурсамж бас байна аа. Нэг бол хэтэрхий холоос эхэлчих гээд, эсвэл дутуу үлдчих гээд байгаа ч юм шиг бодогдоод. Ямар ч байсан МЭӨ үеэс эхлэхгүй. Уг нь би төрсөн учраас л миний сэтгэгдэл гэж байгаа юм гэдэг утгаар эхээс унасан мөчөөс наашлуулан ярьж болох ч товчлохоор шийдлээ.

НЭГ. ХАМААТНЫ СУРАГ

Манайх Өвөрхөндлөнд зусч байлаа. Завхан аймгийн Шилүүстэй, Отгоны зааг нутаг л даа. Орон нутагт ямар хил гааль байх биш, сайхан холилдоо л амьдарна шүү дээ. Миний дурсамж, сэтгэгдлүүд тэр зунаас л эхэлдэг.

Нэг удаа гэрийнхээ хажуугийн ар дээр тоглож байгаад Мянган уулын ар шил дээр хуралдсан их үүлний сиймхийгээр харагдах хөх тэнгэрийг хараад учиргүй сэтгэл хөдөлснөө мартдаггүй юм. Тэнгэрт хуран үүдсэн үүлсээс асар том уулс, хадан хясаа, цэлгэр хөндий олж харав. Газраас олж хардаг байгаль үүлэн дунд цогцолсон байхыг үзэв. Өөдөө харсан хүний анхны сэтгэгдэл. Гэртээ, хана униндаа, их сайндаа хажуугийн ууландаа тулаад зогсдог байсан мэдрэмж гэнэт хаяагаа тэлсэн, бүр хязгааргүйгээр шүү. Яг л их тэсрэлт гэдэг шиг, би ч өөрөө учиргүй томрон тэлээд явчих шиг санагдаж билээ. Уул ус, үүл тэнгэрийн нэгэн цогцлолыг хараад сэтгэл минь хачин уяран, ямархан нэгэн хөгжим эгшиглэх мэт. Тэр хөгжим тэнгэрээс бус, миний сэтгэлийн гүнээс эгшиглэхийг мэдрэх хачин. Тэр мөчид л би төрсөн, эсвэл амилсан юм шиг санагднам бөлгөө.

Бас тэр зун би анх унадаг дугуй үзсэн юм. Зусландаа буухын өмнө манайхан “Дашпунцагийнх унадаг дугуйтай юм билээ. Чи айлын хүүхдийн тоглоом булаалдаад байгуузай” хэмээн сануулсан байгаа юм. Унадаг дугуй харах нь бүү хэл ийм нэр анх удаагаа дуулав. Төсөөлөн бодвоос, яаж ч тавьсан уначихдаг нэгэн зүйл дугуй хэлбэртэй тоглоом бололтой.

Айл буугаад үзвэл, мордож аваад, жийгээд давхидаг хөөрхөн унаа ажээ. Миний үе тэнгийн Нямсүрэн гэдэг жаал нөхөрсөг, хөөрхөн ааштай хөвүүн байсан нь миний багын найз нарын нэг болох учиртай байсан ажгуу. Надаас болж хэрүүл гараагүй, бас би дорхон нь тэр дугуйг унаж сураад, хаа сайгүй жийдэг болсныг үзвээс найрсаг сайхан нөхөрлөлийн эх тэнд байжээ.

-Нөгөө наадам анх үзсэн асуудал юу болсон бэ, гэж үү? Одоо орлоо, бараг ярьж эхлэх гээд байна.

Манай хот айлын бараг үүдээр машин зам өнгөрөх. Хөндлөнгийн даваагаар даваад арагшаа Ар Цэцэрлэг, ерөнхий утгаараа Ширээгийн голын эх рүү ороод цаашлан Улиастай ч, Отгоны амралт ордог замаар Отгон сумын мод ачсан машин их явдаг байв.

Нямсүрэн бид хоёр түүгээр явдаг хэдэн машиныг нь нүдлээд тогтоочихсон, заримыг нь өөрийнхөөрөө нэрлэчихсэн. Манай зусч буй Жимээгийн амны жалгаар машинууд тонголзоод, олийсхийн гарч одох тул “Хонхос түмбэс” гэх. Тэнд хонхолзож байгаад машинаа унтраасан нэг жолоочид “тараг асгадаг” гэсэн цол хайрлав. Биднийг гүйгээд очтол хувинтай тараг нь юу ч үгүй асгарчихсан, “хайран юм” гээд кабинаа угаагаад байсан юм. Кабин хайран байсан уу, тараг хайран байсан уу, бүү мэд.

Тэр машинууд заримдаа манай гадаа зогсож цай уугаад явдаг байв. Зочноо цайлах нь монгол ёс, Отгоныхон бараг л нэг дорын улс учраас нэлээд нь танил, ядаж л зүс харсан улс байдаг бололтой. Сарлагийн сүүтэй, зөв болгосон сайхан цай бол алжаал тайлан, бие сэргээх гайхалтай үйлчилгээтэйг одооны хүмүүст тайлбарлахын тулд “хөдөө талд энд тэндгүй тааралдах, үнэгүй старбакс кофены газар” гэвэл их л ойлгомжтой буух байх.

Гэтэл нэг өдөр манайд цайлагсдын дунд нэг бор ногоон бүрх малгайтай, махлаг хүрэн бор хүн байв. Тэр хүний малгайг бодохоор л гуулин данх санаанд ороод байдаг боловч малгай, данх, гууль гурвын дунд ямар ч төсөөтэй зүйл байгаагүй юм. Эсвэл цилиндр хэлбэрээс нь болоод тэгсэн юм болов уу. Түүнийг харуут л манайхан хоорондоо нэг юм сэм шивнэлдээд явчихсаны дотор “Мөн үү, мөн мөн” гэсэн үгс сонсдоод өнгөрөв.

Тэр бол манай хамаатны Цэрэн ах байсан юм. Тэрээр Отгон сумын “Түүхий эдийн эрхлэгч” гэдэг албатай хүн аж. Малын гаралтай бүтээгдэхүүн хариуцсан алба юм даа. Миний анхны наадам энэ хүн манайд ирснээс үүдэлтэй гэж болно.

Эмээ маань нэгэнтээ “Манай зарим хамаатнууд Зүүнхангайд нэлээн байдаг” гэж ярьж байсан юм. Энэ нь Увс аймгийн Зүүнхангай сумыг хэлээгүй, харин манайх Шилүүстэйгээс зүүн хойшоо чигтэй Отгонтэнгэрийн өвөр, Буянт голын эх нутгийг ярьсан юмсанж. Энэ нутгийг Отгон сумын Хангайн бригад ч гэдэг байв. Үнэхээр тэнд Омоо өвгөн хэмээх лам дүрмийн буурал, бид “Гигаа” хэмээн авгайлах боловч жинхэнэ нэрийг нь огт мэдээгүй өнгөрсөн сайхан ааштай эмээ, түүний хөвүүд Доржпалам, Халтайхүү ах бас Очир панз гээд сүйхээтэй эр зэрэг манай төрлүүд түүгээр нутагладаг болохыг нэлээн хожуу мэдэж авсан юм. Энэ бүхэнтэй би Цэрэн ахаар дамжиж сүүлхэнд холбогдсон билээ.

ХОЁР. АЙЛД ХОНОСОН НААДАМЧИН

Хойтон нь манайх Хөндлөнгийн давааны ард, Ар нарийнд зуслаа. Намайг тусад орж, хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэж, Отгон суманд Цэрэн ахынд айлчин хийлгэх, наадам үзүүлэх юм болов. Ингээд давааны замаар байнга цувдаг машины замыг бараадан унаа хайв. Мод ачсан машин уул даваанд уухилан аахилан удаан явах тул машин айсуй чимээ их л холоос дуулдана. Дөхөөд ирэхийн алдад богцоо бариад гарахад болно.

Хамаатан садандаа миний барьж очих бэлэг гэвэл түүхий сүүний бяслаг, ганц нэг тогооны өрөм. Манай нутгийн түүхий сүүний бяслаг, сарлагийн өрөм бол брэнд юм шүү, гайхуулж байгаа ч юм биш.

Анх удаа гэрээсээ холдож, ганцаараа толгой даан, ах дүүгээ хэсэхээр хол одож байгаа маань энэ. Мод биш цөөн зорчигч, хэдэн хонь ачсан Борис гэдэг орос нэртэй жолооч таарав. Гурилын шуудайны ёроолд хийсэн тээшээ л их хямгадан тэвэрч явлаа.

Борис жолооч наадмын өмнө хонь, айраг цагаа цуглуулж явсан юмсанж. Замаараа Хужиртын голоор айл хэссээр нар жаргав, улмаар шөнө боллоо. Гэтэл “Бензин дуусчээ” гэсэн үг сонсдож, танихгүй айлд хонох боллоо. Тэр үеийн жолооч нар хянах самбараа хардаггүй байв уу, эсвэл түлшний хэмжүүр нь эвдэрсэн байсан уу, бүү мэд. Ямар ч байсан давхиж яваад “За бензин дууслаа” гээд хээр зогсдог жолооч зөндөө л байсан юм.

Ийнхүү хээр саатаж, ойролцоо байсан айлд хонох юм болоод явчихлаа. Анх удаа аян замын барцад садаа учирч байгаа нь энэ. Бас эр хүн болоод танихгүй айлд, гэр бүлээсээ хол хонож үзэж буй нь ч энэ. Нүдэнд дасаагүй, танил бус унь тооно дээр харагдаад эвгүй байсан ч нойрондоо дарагдаад нам унтжээ. Нэг мэдэхэд өглөө болчихсон, хүмүүс намайг сэрээж байлаа.

Машин дээрээ ирээд хамгийн түрүүн нандин тээшээ хайвал байх нь байж байв. Даанч тэвшин дээр хоносон хонины хөлд гишгэгдээд, бурхан минь юу ч үгүй талхлагдан үйрчээ. Өрөм бол “өнгөрсөн хорвоо” болжээ. Харин бяслаг нь “Хөөрхий, энэ хүүхэд уул нь бяслаг авч явсан нь үнэн юм шүү” гэхээр юм бол үлджээ, үлдэж. Анх удаа тээшээ сүйдлүүлж байгаа минь энэ. Харин анх удаагаа айлчилж байгаа хамаатнуудынхаа царайг яаж харна аа гэхээс ичиж байлаа.

ГУРАВ. ХӨТӨЧТЭЙ ЗОЧИН

Борис жолооч намайг Цэрэн ахынд, сүйтгэгдсэн тээштэй нь хамт биечлэн хүлээлгэж өгөв. Хонинд гишгүүлсэн бяслагаа яаж өгснөө санадаггүй юм. Ямар ч байсан өгсөн юмдаг.

Цэрэн ахынхан өнөр өтгөн айл ажээ. Хэнтэй нь уулзсан нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг сэтгэл бялхсан нэгэн айлын босгыг анх алхсанаасаа хойш мөн л олон жил элээсэн дээ. Хамгийн том хүү нь Чулуунхүү ах, тэгээд Загарсүрэн эгч бусад нь миний ойр насны болоод дүүмэд хүүхдүүд. Гэрээрээ нэг ижил ааштай, сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсийн царайг анх тэгж харж билээ. Намайг Даананжав гэж надаас ганц хоёр ах хөвүүн дааж аваад учиргүй халамжлан, сумын төвийг үзүүлж байв. Анх удаагаа сумын төв үзэж байгаа нь тэр.

Энийг сургууль, тэрийг эмнэлэг, харин энэ бол дэлгүүр гээд дагуулан орно. Анх удаагаа аяллын хөтөчтөй болж үзсэн маань тэр. Том шар хаалгатай, бараа таваараар “хахсан” дэлгүүр нь онцгой сэтгэгдэл төрүүлэв. Илүү гэртээ хэдэн шуудай гурил хурааж, орныхоо хөндийд ойр зуурын чихэр жимс чихсэн, сумын худалдааны агентаас хэтрээгүй миний үзсэн анхны супермаркет тэр байв. Чихэр жимс, еэвэнгийн үнэр лангуунд нь нэвт шингэснээс гадна, олон тавиураар дүүрэн хувин сав, хувцас гутал, тоглоом өржээ. Бурхан минь, энэ хорвоо ч мөн баян ажээ гэх маягийн юм бодогдов.

Даананжав ах тоглож байгаа хүүхдүүд рүү очтол нэг жаал олон нүхтэй төмөр барьчихсан гайхуулж харагдана. Одоо бодоход “газ-69” машины хянах самбарын араам байсан юм билээ.

Даананжав ах,

-Энэ хоёр нь нүд байна, энэ нь хамар байна гээд цоорхой нүхнүүдийг заав. Нөгөө жаал тоглоомыг нь магтсанд нүд нь сэргээд ирэв.

-Энэ тэгвэл ам нь байна гээд доод талын том нүхийг заав.

Урамшсан жаал,

-Нээрээ, тийм байна гэтэл Даананжав ах,

-Тэгээд. Чи л байгаа биз дээ гэчихээд зугтаалаа. Би ч дагаад ухасхийв. Нөгөө жаал уурсан, хойноос жаахан хөөж байгаад болив. Анх удаагаа бусдын дүйвээнд ч болов дүрсгүйтмэр аядаж байгаа минь ч энэ.

Дараа дараагийн жил намайг ирэхэд Даананжав ах ингэж үйлчилсэнгүй. Учрыг хожим дуулахнээ, “гэр орноосоо холдож үзээгүй, айлын жаахан хүүхэд гэрээ санаад уйлж магадгүй. Иймээс уйдах зав гаргалгүй юм үзүүлж, зугаацуул” гэсэн даалгавар авсан байгаа юм даа. Тэгээд тусгай даалгавар биелүүлж явсан хэрэг. Бас л анх удаагаа тусгай даалгавартай, дагуултай явж үзсэн нь тэр байж.

ДӨРӨВ. НААДАМ

Маргааш нь жинхэнэ наадам болов. Буянт голын хөвөөнд асар майхан алаглаад нүд эрээлжилнэ. Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав 100 хүрнэ ээ” гэдэг онигоо шиг тийм олон хүн цуглаад, газар тулдаа л дааж байхыг анх харав. Бөх, морийг бол таг мартжээ. Бөх барилдаж л байсан санагдана. Ер нь морь уралдсаныг мэдээгүй өнгөрсөн шиг байгаа юм.

Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк тэмдэглэл: Ижил ба ондоо

ОРШИЛ.

Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр.Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний.

Түрэг хэл судалдаг эрдэмтэн, турк хэлний орчуулагч хоёр жаахан тусдаа гэсэн үг. Ухаандаа, өнгөрсөн жил Туркийн Шинжлэх ухааны Академийн шагналыг хүртсэн, Орхон бичиг судлаач академич Л.Болд гуай ерөнхийлөгч Эрдогантай шавайгаа ханатал хуучилсан нь юу л бол.

Монгол түрэг хэл нь Алтай хэлний язгуурт багтах бөгөөд үгсийн сангийн 10 гаруй хувь нь тохирдог гэж эрдэмтэд хэлдэг. Ер нь бол хэн хүний мэдэх 2000 орчим дундын үг турк ба монгол хэлэнд байдаг гэх. Уг нь тухайн хэлнээс энэ хэмжээний үг мэдэж байгаа тохиолдолд давгүй яриа өрнүүлээд байж болно л доо.

Жишээлэхэд, манай нийслэлийг ундаалдаг Туул голын нэр нь “туулаад гарах” гэсэн утгагүй, харин “Дүүрэн” гэсэн түрэг-монгол үг гэж судлаачид хэлдэг. Саваа дүүрэн мэлтэлзсэн, туулах байтугай сэлээд гарахад амаргүй мөрөн гэсэн үг.

Анкара хотын төв дунд, багахан уулын оройд орших эртний нэгэн цайз буй. Цайзтай уулын нэр нь Алтантаг юм билээ. Алт мөнгөнд дуртай ямар ч хүний эхний үгийн утгыг мэднэ, харин хоёр дахь нь “ Байтаг богд”, “Уулын тагт ургасан цэцэг юутай анхилуун бэ” гэхчлэнгийн хэллэгт орох тул ямар ч монгол хүн “Аа, мөн мөн. Алтан уулын цайзын тухай ярьж байна” хэмээн түвэггүй ойлгож болно.

Даанч бидний дундын үгс маань их төлөв оноосон нэр, хуучирсан үгс байгаа болохоор шууд хэрэглээд ярьчихад түвэгтэй. Үйл үг огоот хэрэглэхгүй тувт нэр үгээр ярьдаг билигтэн байлаа ч амаргүй. Жишээ нь, Увс, Хөвсгөл, Алтай, Идэр, Байгал гэдэг үгсийг оролцуулан тэмдэг нэр, үйл үггүйгээр өгүүлбэр зохиох бэрх буй за.

Харин манай казахуудын үгсийн сангийн 15-20 орчим хувь нь өнөөгийн турк хэлний үгийн сантай таардаг гэж сонслоо. Энэ нь монгол хэлнийхтэй харьцуулахад их боловч мөн л гудманд тааралдсан турк, казах хоёр дуржигнатал яриад ижий ахай болчихно гэсэн үг биш юм. Хэдийгээр Алтай язгуурын хэлэнд багтдаг, өгүүлбэр бүтээх арга ойр ч гэсэн, хамгийн анхдагч үгс болох нэгээс арав хүртэлх тооноос эхлээд зөрөх тул эртний түрэг ба монголчууд нэг хэлээр ярьж байсан гэхэд ч түвэгтэй, ярьдаггүй байсан гэхэд ч ярвигтай болохыг эрдэмтэд сануулдаг. Гэвч Монгол орны газар усны нэрийн дийлэнх нь түрэг нэртэй үлдсэн нь бас сонин. Үүнийг хоёр янзаар төсөөлж болно. Юуны өмнө, монголчууд нэг гэгээн сайхан өглөө, “Нууц товчоо”-нд гардагчлан “Тэнгис далайг гатлан ирээд” Түргүүдийн хөөн явуулахдаа хэдэн газар зүйчийг үлдээж. Тэднээс уул усны нэрийг асуун “Тэр уулын юу гэнэ ээ, аан Хэнтий юм биз дээ? Харин энэ том нуурыг Хөвсгөл гэв үү” гэхчлэнгээр цээжлэн үлдсэн байж болох ч үнэний магадлал багатай.

Харин монгол ба түргүүд чамгүй олон жил холилдон амьдарч, газар усныхаас эхлээд олон арван нэр томьёог тэднээс тогтоон үлдсэн байж болно. Ингээд нэгэн цаг үед Түргүүд нүүн одож, монголчууд уул нутагтаа үлдэхдээ газар усны нэрийг тогтоон үлдсэн байж болно.

НЭГ. БАЙЛДАН ДАГУУЛАХ ЗӨН

Монгол, Турк хоёрыг ижилсүүлж байдаг хамгийн том хүчин зүйл нь бичиг,үсгийн дурсгал гэхээсээ илүү үндэстний зан чанарын ижил төстэй талууд байдаг. Энэ талуудыг харьцуулан харахад, тал нутагт төрж бойжоод, эр цээнд хүрч, аялан дайтан одсон Түргүүдийн үр сад ба дэлхийн хэмжээний Их гүрэн байгуулж орхиод тал нутагтаа буцан ирж малаа адгуулан үлдсэн монголчууд хоёрын нийтлэг чанарууд аандаа тодорч ирдэг.

Ар талаараа Сибирийн их ой хөвч, урдуураа их Говиор хүрээлүүлэн орших хээр тал нь тодорхой утгаараа эх газрын гүн дэх арал юм. Цаг уурын онцлогоосоо болоод газар тариалан хөгжүүлэх боломжгүй, өрнө, дорныг холбосон их замын огтлолцол зангилаанаас алсуур учраас хот балгад байгуулах аргагүй нутаг. Учир нь хот балгад бол их замаар тэжээгдэн, худалдаа наймааны эргэлтээр амьсгалан амьдардаг бөлгөө. Ийм учраас, тал нутагт нүүдлийн мал аж ахуй, ан агнуур эрхлэн амьдрахаас өөр сонголтгүй нүүдэлчид төрөлхийн хатуужилтай, байлдан булаах зөнтэй хүмүүс болон өсч бойжиж байж. Дөрвөн цагийн эргэлтэд аялан байлдах чадвартай, улмаар үйлдвэрлэгч биш учраас бусдын юмыг булаан авч дутуугаа нөхөхөөс өөр сонголтгүй болсон тэдний дундаас дэлхийд нэрээ дуурсгасан байлдан дагуулагчид төрөн гарсан юм.

2000 гаруй жилийн өмнөөс тал нутагт алдраа цуурайтуулсан Хүннү нар Хятадын Цинь улсыг байнга уулгалан хэрэм цайз барихад хүргэж байснаа умардад нүүдэллэн одсон байдаг. Тэд Дунай мөрний хөндийд түр буудаллан хүчээ аваад Европыг донсолгож, Визант, Ромоос алба татварлаж байсан гэдэг. Хүннүгийн удирдагч, авьяаслаг жанжин Атилла хааныг өрнөдийнхөн “тэнгэрийн ташуур” хэмээн айдас хүйдэстэйгээр тэмдэглэн үлдээжээ. Гэвч нүүдэлчид улс байгуулах авьяастай боловч улсаа авч явах чадвар барагтайхан явж ирсний үлгэрийг ч Атилла хааны Хүн нар давтжээ.

Харин тэртээ XIII зуунд Монголчууд өөрийн эзэнт гүрнээ байгуулан хээр талаасаа өндийн боссон юм. Чингис хааны байгуулсан их гүрэн өрнө дорныг холбон тогтнохдоо, урьд хожид ямар ч нүүдэлчдийн нэгэн зэрэг эзэгнэж бараагүй уудам нутгийг хянан захирч чаджээ. Гэвч Чингис хаан бээр их аян дайн бүрийнхээ дараа төрөлх нутагтаа эргэн ирж байв. Тэр хэрээр нь эзлэгдсэн нутаг нь төв захиргаанаасаа алслан холдох болсон байдаг. Эзэмшил нутгуудаа итгэмжлэн үлдээсэн үр хойчис нь нүүдэлчин хүний зангаар аль болох толгой даахыг хичээн “барын сүүл явснаас батганын толгой байх”-ыг илүүд үзэх болсон нь их гүрний задралын эх болов. Чингис хааны үр хөвүүд зарим нь эзлэсэн нутгаасаа хөөгдөн гарч, үлдсэн нь тухайн үндэстний шашин сурталд уусан арилсан юм.

Харин төрөлх нутагтаа эргэн ирсэн монголчууд гал голомтоо хадгалж, Бээжин Москва хоёрын аясыг ээлжлэн харсан эх газрын гүн дэх “арал улс” болон үлдсэн бөгөөд 1990 оны социализмын задралын дараагаар хоёрхон улстай хиллэдэг мөртлөө “гуравдагч хөршийн бодлого” бүхий, хэр чинээгээрээ ардчилсан, бас нээлттэй улс болсон нь бид нар бөлгөө.

Туркийн тухай өгүүлэх гэхдээ, Хүннү , Чингис рүү яагаад орчихов гэхээр бас ийм учиртай юм. Тал нутгаа орхин гарч, Чингисийн Их Монголын нэгэн адил алдар цуутай байлдан дагуулагч болсон атлаа Түргийн үр сад эх нутаг руугаа буцаагүйгээрээ монголчуудаас ялгарна.

Европ-Азийг донсолгосон их гүрнийг Хүннү нарын адил байгуулсан боловч тэдэн шиг тарчихаагүйгээрээ Түргийнхэн бас онцгойрно.

Тал нутгаас мандан бадарсан Хүн нар хийгээд Монголын эзэнт гүрнийг байгуулагчдаас ялгаатай нь тэд эх нутгаа эрмэлзэн буцахыг эрмэлзэл багатайгаас гадна оршин амьдарч буй газраа бэхжин тогтнох чадвартай үндэстэн байсан болж таарав.

Эртний Грег, Ромын түүхийг хадгалсан Ази Европыг холбосон стратегийн чухал байрлал дээр төвхнөсөн тэд нар хоёр тив рүү гараа чөлөөтэй сунгах боломжийг олж авчээ. Өөрөөр хэлбэл тэд Азийн төвөөс гарвалтай бусад нүүдэлчин дайчид шигээ улс байгуулах чадамжтайгаас гадна улсаа байлгаж байх арга ухаан сайтай хүмүүс байжээ гэж үзэж болно. Дунд сургуулийн Газар зүйн сурах бичигт Европ ба Ази тивийн заагийг “Улаан тэнгис, Босфорын хоолой, Гантиг тэнгис…” гэхчлэн заадаг нь өнөөгийн Турк улсын газар нутагтай холбогдох тодорхойлолт юм.

Стратегийн чухал цэг дээр төвлөрөн бэхжих чадамжаараа ялгаран үлдсэн туркүүд, төрөлхийн дайнч араншин, нөлөөгөө тэлэх зөнгөө орхисонгүй. Тэдний түүх бол яг л Монголын их гүрнийх шиг эзэмшин дагуулсан түүхүүд ажгуу.

Туркүүд Евроазийн залгаас нутгийн дажинд ч, энхамгаланд ч чухал хувь нэмэр оруулсаар ирчээ. Чухам эдгээр шалтгааны улмаас Европын хүчирхэг гүрнүүд Туркийн талд, эсвэл Туркийн эсрэг эвлэлдэн нэгдэж байв. Газар дундын тэнгист нөлөөгөө тогтоох гэсэн Их Оросын санаархлыг хааж ирсэн орон бол Турк. Их Оросын үе үеийн удирдагчид Туркийг сулран доройтох бүрийд түүгээр дамжин Газар дундын тэнгист гарцтай болохыг эрмэлзэж ирсэн байна. Туркүүд дайтах мэдрэмжтэй, ялалтандаа итгэлтэй нь үнэн боловч “их дайны мэдрэмж” тааруутай нь оросын онгоцыг унагасан төдийгээр хязгаарлахгүй. Дэлхийн хоёр дайны ялагдагч талын эвсэлд Туркүүд байж таарсан гэдэг. Эдгээр шалтгааны улмаас өрнөдийн хүчирхэг гүрнүүд заримдаа Туркийг хамгаалан эвсээд Хаант Оростой тулалдаж, заримдаа дайны ялагдагчаар баалан газар нутгийг нь хувааж хүртэл байв.

Хэрвээ Оросууд Газар дундын тэнгист боомттой болчихвол Европын зүрх, Африкийн тархи өмнө нээгдэнэ хэмээн стратегичид нь үзсээр иржээ. Оростой хийсэн олон арван дайныхаа бараг 99 хувьд нь ялагдсан гэх боловч Туркийн нутгийг цөмлөн Газар дундын тэнгист гарах санаархлыг нь ямагт хаасан Европын “цагаан хэрэм” байсаар ирсэн гэнэм. Гэвч “олон жил зодолдсоор сүүлдээ бие биедээ дасаад салж хагацашгүй хамаатан болов” гэгчээр Турк, Орос хоёр худалдаа, аялал жуулчлалын бизнесээр маш сүрхий гагнагдан бэхэжсэн түншүүд болсон ажгуу. Дээхнэ Оросын сөнөөгч онгоцыг Туркийн агаараас хамгаалах хүчин буудан унагасны дараа Москвагийн зүгээр Туркийн бараа бүтээгдэхүүн, тийшээ чиглэсэн аялал жуулчлалд хориг хаалт хийж эхэлсэн нь Анкараг сүрхий сандаргасан удаатай. Өдгөө, тэд Москватай маш сайн харилцаж, Туркийн ерөнхийлөгч нь Оросын ерөнхийлөгчтэй байн байн утсаар ярьж, түүнийгээ өргөн мэдээлж байгаа.НАТО-гийн гишүүн мөртлөө Оростой сүрхий сүжирч эхэлсэн нь Америкийн эгдүүг хөдөлгөсөн учраас Трамп худалдааны татвараар дарамтлан хөөрхөн инфляфи хөөрөгдөж орхисон нь мөн л саяхны явдал.

Нөгөө талаасаа Турк нь Америкийн томоохон хамсаатан, НАТО-гийн гишүүн, цэргийн хүчирхэг гүрэн юм. Энэ орны бүс нутгийн цэрэг дайны бодлогын голлон тоглогч байх эрмэлзэл нь тал нутгаас төрөн гарсан нүүдэлчин дайчдын төрөлх зөнгийн илэрхийлэл гэж харсан ч болно. Тал нутгийн нүүдэлчдийн үр хойчис, ямар ч цаг үед цэрэглэсэн байдлаараа манлайлан оршихуй нь яалт ч үгүй төрөлх чанар болтой юм билээ.

Манай монголчууд ч гэсэн хэр чинээндээ тааруулан цэргийн амбиц гаргаж, дэлхийн халуун цэгүүдэд энхийн сахиулах үйлст оролцож байгаа нь мөн л дээр санаархлаа хэр хэмжээгээрээ илэрхийлж байгаа явдал болно. Энхийг сахиулах үйлст цэргээ оролцуулах нь Сингапурын хувьд утгагүй байж болох ч монголчуудын хувьд өөрийнхөө оршихуйг мэдэрсэн чухал үйл явдал болно.

ХОЁР. ШИНЭЧЛЭХ МЭДРЭМЖ

Туркүүдэд тал нутгийн гаралтай нүүдэлчдийн нэгэн адил төрөлхийн шинэчлэх чадамж, шинэ бүхнийг эрээлэлгүй өөриймшүүлэх сонирхол байдаг. Энэ талаараа монголчуудтай маш төсөөтэй. Дэлхийн нэгдүгээр дайнаар Оттаманы эзэнт улс задарч, ялагдагч Германтай нэг тал болж эз нь татсан Туркүүд түүхийн хүнд сорилтын өмнө ирсэн байна.

Тал нутаг дахь хөшөө дурсгалдаа “Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдэн тогтсоны завсар, хүмүүний биеийг олж төрөөд..” хэмээн бичиж үлдээсэн Түргүүд аль хэдийнэ Лалын шашинд орж, Исламын соёлд багтах болсон байв. Бусад шашин, итгэл үнэмшилд хатуу хүйтэн ханддаг лалын уламжлалтай Түркүүдийн хувьд эрс шинэтгэл нь боломжгүй мэт санагдаж байсан гэдэг.

Гэтэл Туркүүд залуухан эрэмгий офицер Кемаль Мустафагийн удирдлагаар, гайхамшигтай шинэчлэл хийж орчин үеийн Бүгд найрамдах Турк улсыг үндэслэсэн байна. Түүнийг өнөөгийн Турк улсыг үндэслэн байгуулагч хэмээн үзэж “Ата Тюрк” буюу “Түргийн эцэг” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Кемаль Мустафа нь эх орон тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг удирдсан баатар төдийгүй энэ үндэстний цаашдын хувь заяаг тодорхойлсон их шинэтгэлийг хэрэгжүүлэгчээрээ алдартай.

Ата Турк бээр лалын шашинтай энэ оронд санаанд багтамгүй шинэчлэл хийсэн нь юуны өмнө шашин төр хоёрыг амжилттай тусгаарласан явдал байв. Улмаар бичиг үсгийн шинэчлэл хийж латинчилсан нь энэ үндэстнийг богинохон хугацаанд өрнөджүүлэн хөгжүүлэх боломжийг нээсэн гэдэг. Төрийн ажил албанд өрнөдийн захиргааны жишгийг нэвтрүүлж, засгийн албан газруудад гивүүр зүүхийг хориглохоос эхлээд огцом шинэчлэл хийж эхэлсэн байна.

Лалын тугийн дор асар том эзэнт улс байгуулж явсан үндэстнийг ийм маягаар шинэчлэхэд амаргүй. Гагцхүү байнгын шинэчлэлд бэлэн явдаг, тулгамдсан асуудлыг прагматик талаас нь хардаг, хэрэгтэй гэж үзсэн шинэчлэлээс хэзээ ч цэрвэдэггүй тал нутгийн үндэстний шинжийг гээгээгүй явсан нь учраас л Ататюркийн шинэчлэл амжилтад хүрсэн гэж зарим судлаачид дүгнэдэг нь үнэнд ойр санагдана.

Хээр талаас нь нүүдэллэн одоод эргэж ирээгүй ч суу алдраа дуурсгасаар яваа Түргүүдийн сураг чимээг монголчууд үргэлж сонирхон чих тавьж иржээ. 1920-иод оноос Монгол орныг өрнөдийн жишгээр шинэчлэх ажил эхэлсэн юм. ХХ зууны эхэн үеийн Монголын эрх баригчдын дундаас гарсан, Монгол орноо шинэчлэн өрнөджүүлэх хоёр гол чиг баримжаа байсан нь Япончуудын хийсэн “Мэйжийн шинэчлэл, Туркүүдийн хэрэгжүүлсэн “Ататюркийн шинэчлэл” хоёр бөлгөө. Ялангуяа 1930-аад бичиг үсгийн шинэчлэл эхэлж, латин үсэг авч байхад дээрх шинэтгэл томоохон үлгэрээр яригдаж байжээ.

Гэтэл дэлхийн II дайны босгон дээр Зөвлөлтийн удирдагч Сталинаас холбооны үндэстнүүд болон БНМАУ-ыг латинжуулах бодлогоо гэнэт зогсоожээ. Зөвлөлтөд болон түүний дагуул БНМАУ-д Кирилл Мефодийн цагаан толгой хэрэглэх шийдвэр гарсан нь ч бас л Турктэй холбогддог юм байна. Холбогдох холбогдохдоо, Ататюрк латин үсгийг Турк улсын албан ёсны бичиг үсэг болгосонтой холбогддог ажээ. Азербайжанаас эхлээд Турктэй нэг хэл, нэгэн шүтлэгтэй Зөвлөлтийн бусад үндэстнүүд дундаа нэг бичиг үсэгтэй байх нь аюултай, Пантүрэгийн нөлөөг социалист лагерьт халдварлуулах магадтай гэж хардсан гэдэг. Ийнхүү, ХХ зууны гучаад онд Монголд латин үсэг хэрэглэж эхэлсэн ба больсон түүх ч далд шижмээр Туркт хийсэн Ататюркийн шинэчлэлтэй холбогдож байна.

Улмаар, 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар ч энэ асуудал сөхөгдөж, Туркийг богинохон хугацаанд амжилттай шинэчлэн хөгжүүлэх эх ундарга нь латинчлал байсан учраас Кирилл үсгийг түүгээр солих санаачилга, давлагаа нэг хэсэг өрнөж байсныг манайхан санаж байгаа.

Өнөөгийн Туркийн ислам шашин нь улс төр, нийгмийн амьдралын хандлага гэхээсээ илүү өв уламжлал, үндэсний соёлын илэрхийлэл байдлаар онцгойрох шиг санагдсан. Бидний хэдэн сэтгүүлчид Турк оронд аялах цаг нь Рамадан хэмээх мацаг сартай давхцаж таарсан юм. Түркүүд энэхүү мацаг барих зан үйлээ шашны хатуу дэг журам мөрдөгч мөргөлчний жаяг гэхээсээ илүү уламжлалт зан үйлээ бахархан, дагагч үндэстний хувьд тэмдэглэж байх шиг санагдсанаа нуух юун.

Амьдралын хатуу тулгалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шашин шүтлэг, уламжлалын боломжтой уулзвар хамгийн сайн олж хардаг нь тал нутгаас гарвалтай нүүдэлчдийн нийтлэг шинж байдаг.

ГУРАВ. ИЖИЛСЭЛ

Монгол нутаг дахь Хөх түргүүдийн дурсгалаас эхлээд, дайнч Селжүкийн шастир, Оттаманы эзэнт улс, өнөөгийн Турк улс болон хөгжсөн тэдний намтрын монголчуудтай ижилсэх болоод ялгарах талууд ийм байна.

Монгол-Турк хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүчлэн монголчуудыг Социализмын замнал, улмаар тусгаар тогтнолд хөтөлсөн Ардын хувьсгал, Түркийг орчин үеийн хүчирхэг улс болгох эхлэлийг тавьсан Ататюркийн хувьсгалын 100 жилийн ойнууд 2021, 2022 онуудад дараалан тохиох юм.

Монголчуудын эзэгнэн үлдсэн хээр талаас лавтайяа гурван том эзэнт гүрэн оргилон мандсан юм. Хамгийн эхэнд улсаа байгуулан алдраа дуурсгагчид нь Хүннү, дараахь нь Түргүүд. Гурав дахь том бадрал нь Чингис хааны байгуулсан их гүрэн бөгөөд үр хөвүүд нь төрөлх голомтоо сахин үлдсэн нь бид нар бөлгөө.

Хүннү нар бөхөн алга болсон, Түргүүд эргэж ирээгүй ч Османы эзэнт гүрэн цогцлоож бараг хагас мянганы туршид оршин тогтнож, ХХ зууны эхээр бутраад, орон суурин дээр нь өнөөгийн хүчирхэг Турк улс сэргэн босчээ.

Дээрх гурван хүчирхэг үндэстнийг Хүннүгээс салбарласан нэг үндэстэн ч гэдэг, үгүй ч гэдэг. Ямар ч байсан энэ гурав тал нутгийн тэнгэр дор цэцэглэн босоод нэгэн тэнгэр дор эрч хүчээ авсан нь үнэн юм.

Улмаар, өөрийн эрч хүчийг юуны түрүүн цэрэг дайны чадавхаар илэрхийлэх амбиц, хэр хэмжээнээсээ үл хамааран бүс нутгийн асуудалд оролцох санаархал, ямар ч шинэчлэлийг уламжлалаа үл хайхран хүлээн авах чадвар зэрэг нүүдэлчний сэтгэлгээний онцлог эдгээр үндэстнүүдэд хэвээрээ байгаа юм.

Туркүүдийн хувьд монголчууд бол Хүннү Сүннүгийн үеэс улбаатай баатарлаг өвөг дээдсүүдийнхээ нутгийг сахин үлдсэн хүмүүс юм. Монголчуудыг хувьд туркүүд бол тал нутгаасаа халин гараад одоо болтол алдар суугаа хадгалан, хаа холын оронд нутагшин суусан хамаатнууд нь болно. Хэдийгээр нэг нь Буддын, нөгөөдүүл нь Исламын шашинтай боловч бодит байдлын эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддаг нүүдэлчний нийтлэгээрээ ижилсдэг үндэстнүүд бөлгөө.

ДӨРӨВ. АСУУДАЛ

Мэдээж, улс орон тэр тусмаа нэг харилцагч нь Монгол, тэгж ярих юм бол Монголын тал нутгаас угшилтай туркүүд нөгөө талд нь байгаа хойно асуудал бол байна аа. Нэг нь та бидний мартаж амжаагүй байгаа, турк сургуулийн багшийг хулгайлах оролдлоготой холбоотой дуулиан. Юу болоод өрнөснийг хүмүүс мартаагүй тул нуршаад яах вэ?

Туркийн засаг төрийг төлөөлдөг улстөрчид, түшмэдийн нэгэн дуугаар, заримдаа нэг ижил өгүүлбэрээр илэрхийлж байгаагаас харвал, Гюлень гэж нэг “ардын түмний дайсан” байгаа ажээ. Тэрээр эхэндээ одоогийн ерөнхийлөгчийн талд ажиллаж байсан боловч яваандаа санаагаа хувиргасан этгээд юм байна. Тэрээр Туркийг төдийгүй, дэлхий дахиныг сүлжсэн сургуулийн систем байгуулаад, ирээдүйд хорт муу ажиллагаандаа хэрэгтэй боловсон хүчнийг сургаж байсан юм байна, турк нөхдийн яриагаар бол.

Тэр системд нь манай улс хүртэл хамрагдаад Улаанбаатарт болон Баян-Өлгийд салбартай Эмпати гэж бидний ярьдаг сургуулиуд байгуулагджээ. Туркийн тал “нүүрээ нуусан дайсан” этгээдээ таньж амжаагүй байсан учраас уг сургуулийг нээлцээд, хоёр талын хамтын ажиллагааны бэлгэдэл хэмээн нэрлээд явсан болж таарч байна. Гэвч Гюльенийг удирдсан хэмээн үзэж буй “Зургааны сарын 15-ны бослого” хэмээн нэрлэдэг 2016 оны үйл явдлын дараагаар Туркүүдийн нүд нээгдэн дайсан этгээдийг таньсан боловч монголчууд тэгээгүй юм гэнэм.

Харин манайдаа үлгэр жишээ сургалттай, боловсролын шинэ стандарт тогтоож байсан уг сургуулийг Туркийн Засгийн газар хэрхэн халуунаар урамшуулан дэмжиж байсныг мэдэх учраас хүндэтгэн үзсээр ирсэн бөгөөд сургуулийн захирлыг хулгайлан авч явах оролдлогыг нийтээрээ эсэргүүцэн, зогсоож байсан юм. Харин орос, казахстан улсууд өөрөөр шийдэж.

Яриа ба хандлагаас харахад, тусгаар улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах оролдлого хийгээд амжаагүй талын гэмшил харагдаагүй, харин зохих түвшинд тохиролцсон атлаа амласандаа хүрээгүйд харамссан өнгө цухалзах шиг санагдсан. Зүгээр л санагдсан гэж байна шүү. Туркийн тал ч Гюльений байгуулсан сургуулийн төгсөгчдөд ч гэсэн таагүй хандаж, Туркийн их, дээд сургуульд элсэхэд нь хүндрэл учруулж эхэлсэн байна. Уг сургуулиар дамжсан бүх хүнийг Гюльений дайсан, терроризмын сүлжээнд элсэгдсэн этгээдэд тооцох эсэхийг сонирхоход “Дотуур байраар хүмүүжээгүй хэсэг нь бас арай ч бүгдээрээ элсэгдээгүй байх магадтай” гэж ойлгогдохоор хариултыг манай сэтгүүлчдэд өгч байв. Хэрэг явдлын нөгөө талыг манайхан сайн мэдэх хойно.

Харин удаахь асуудал бол манайтай яалт ч үгүй холбоотой. Энэ бол “Туркиш Эйрлайнз”-ын Истанбул-Улаанбаатарын шууд нислэгтэй холбоотой сэдэв. Энэ сэдвийг Турк улсаас Монголд суугаа Элчин сайдаас эхлээд хөндөж байв. Одоо долоо хоногт 500 зорчигч тээх гэрээтэй байгаа учраас жижиг онгоц нисгэж байгаа. Жижиг оврын онгоц нь замдаа бууж, түлшээ авах ёстой. Бүдүүвчлэн хэлбэл, банкаараа (түлшний бак) шууд Улаанбаатар орж чадахгүй гэсэн үг. Ингээд замдаа Бишкект буухаас өөр гарцгүй.

Манай зорчигчдоос гардаг “Ая тухгүй, суудал шахуу учраас “шпроот” хэмээх лаазалсан загас шиг явдаг”, “хоол нь муу” болон “монголчуудад хүндэтгэлгүй ханддаг”, “Үл хүндэтгэх хандлаг нь Истанбул-Улаанбаатарын нислэг атлаа зөвхөн Бишкек-Улаанбаатарын хооронд л монголоор зарлалаа хэлдэг” гэхчлэнгийн гомдлын эхнийх нь үүнтэй холбоотой. Харин сүүлийнх нь яалт ч үгүй тэдний хандлага бололтой юм. Бас “Ай, манай холоон далга ч ёстой цусуутай хүн баа. Дулмаа ч бас дулмаа…” гэлээ гэгчээр манайханд ч их учир бий.

Туркийн тал, нэгдүгээрт Улаанбаатар-Истанбулын чиглэлд шууд нисч чадах том онгоц явуулах, ингэхийн тулд долоо хоногт 500-гаас илүү зорчигч тээх эрх өгөх, улмаар долоо хоногт 5-7 удаа рейс хийх санал гаргаад байгаа юм байна. Европ-Азийн хооронд шууд явах энэ нислэг МИАТ-ийн эрх ашгийг хөндөж байгаа бол нислэгийн дугаараа хуваалцах, түүнчлэн Европ руу нисэх зорчигчоо хүртэл хуваалцах санал гаргасан тухай Элчин сайд Ахмет Язал гуай ярьсан билээ. Түүний хэлснээр, чингэвээс тийзний үнэ 30 хувь хүртэл хямдрах, нислэгийн хугацаа гурван цагаар багасах боломжтой юм байна. За, тэгээд ачаа эргэлтийн нэмэгдэх хэмжээ, үйлчилгээнээс олох ашиг орлого олон дахин, зарим нь арав дахин өсөх тооцоог ч тэр ярьж байсан.

Туркийн тал яалт ч үгүй бодууштай өөр нэг зүйл ярьсан нь: хоёрхон хөрштэй, “гуравдагч хөршийн бодлого”-той (энд БНТУ багтдаг) Монгол Улс руу онгоцоо шууд нисгэдэг гуравдагч тал уртаашаа хоёрхон байгаа шүү. Энэ “гүүр”-ээ бөх, өргөн, нураашгүй байлгах нь танайд л хэрэгтэй боловуу гэсэн санаа юм.

Туркүүдийн гол зорилго нь нууц биш, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалыг үзээд буцах сонирхолтой олон сая турк хүн байдаг. Тэд Орхоны хөндий, Тоньюкукийн хөшөөг үзэж нэг хоёр өнжөөд буцах хүсэлтэй. Угаасаа жуулчин удаан тогтоох байр сав, үйлчилгээ хаа ч билээ. Удваас, тахал тусаад, тэмчүү авчихна гэсэн шинэ айдас нэмэгдчихлээ. Ийм үед өдөр болгон том онгоц нисвэл хоёр гурав хоногийн жуулчлалаар Монгол орныг дарж өгнө гэх юм билээ.

Асуудал юунд байна гэхээр, МИАТ-т байгаа гэдэг. Засгийн газрыг МИАТ мэддэг, МИАТ-ийг нам, бүлэглэл мэддэг болсон цаг. Хойтон сонгууль болно. Зарим нэг романтик иргэд засаг төрийн жолоог атгаж, улсаа хөгжүүлэх зүтгэлтнүүдээ сонгоно хэмээн тэнгэрлэгээр төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ, Эрдэнэтийг захиран зарцуулах, МИАТ-ийг эзэмдэх эрхийн төлөө алалдаан л болно доо. За энэ ч яахав.

Ийм явдал болоод өнгөрч. Бидний сайн мэдэх “Хүргэн хүү” киноны Жамц баян хураасан мөнгөө хулганад идүүлчихээд “Иймэрхүү юманд хотойхоор баян биш ээ, би” гэдэг дээ. Турк Монголын ард түмний, өвөг дээдсийн түүхээрээ холбогдсон найрамдал бол “Иймэрхүү юманд хотойхоор найрамдал биш” байх аа.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хөмрөг

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Хөмрөг” цувралын тухай өгүүлэх гэсэн юм. Оросын еврей гаралтай зохиолч Айзек Азимовын уран зөгнөлт “Хөмрөг” ном гурван цувралаар хэвлэгдэн гарчээ. Үүнийг манай шилдэг хэвлэлийн газар болох “Нэпко”-гоос эрхлэн гаргасныг дурдахад таатай байна.

А.Азимовыг Америкийн уран зөгнөлт зохиолын гурван их баганын нэг хэмээн зүй ёсоор тооцдог ажээ. Уг зохиолд галлактикийн эзэнт гүрэн бутран унахаас хамаагүй түрүү үеийн үйл явдлаас эхэлнэ. Психо-хисторын агуу эрдэмтэн Хэрий Селдон уналт зайлшгүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс олж тогтоож, үүнээс зайлсхийх арга үгүйг мэдээд харин яаж хохирол багатай үүнийг давж гарах арга сүвэгчилнэ. Хэрэв соёл иргэншил нуран унавал харанхуй бүдүүлэг балар үе эхэлдэг нь хүний нийгмийн жам аж. Энэ үе эрдэмтний тооцоолсноор барагцаагаар гучин мянган жил байх юм. Үүнийг нэг мянган жил байлгах арга олсон эрдэмтэн өөрийн хүмүүсийг бэлтгэнэ. Галлактикийн нийслэл Трантор энэ үед бүх галлактикийн 25 сая амьдралтай гаригийг захиран 12 мянган жил оршин тогтнож соёл, шинжлэх ухааны охь манлайг эдлэнхэн оршин тогтнож байлаа. Гаригуудын хооронд тусгай орон зайгаар үсрэн зорчиж галлактик даяараа нэг захиргаатай эзэнт улс оршино.

Эрдэмтэн Хэрий Селдон дан эрдэмтдээс бүрдсэн тусгай баг гарган зах хязгаарын ямар ч ашигт малтмалгүй боловч амьдрахад тун тохиромжтой гаригт шинжлэх ухааны бүх төрлийн ололт нээлтийг хадгалах хөмрөгбайгуулахаар шийдвэрлэсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн уналтаас ганцхан мянган жилийн дотор гаргах арга нь байлаа. Шинжлэх ухааны салбар бүрээс сайн дураараа явах эрдэмтдийг элсүүлэн авч тус гариг руу зөөвөрлөнө. Тэнд эрдэмтэд сүүлийн 12 мянган жилийн шинжлэх ухааны нээлт болгоныг хадгалан хямгадаж, эргээд түүнийгээ галлактик даяар түгээн дэлгэрүүлэх ёстой байв.

Гэвч хаадуудын тэмцэл, зах хязгаар гаригуудын бослого гэх мэтээс болон эзэнт гүрний хямрал тооцоолсноос хамаагүй эрт буюу тавиадхан жилийн дараагаас эхэлжээ. Энэ хооронд уг гаригт хэдхэн арван мянган хүн аваачиж амжина. Эрдэмтэд тэнд гариг болгоноос татаж авчирсан шинжлэх ухааны ололт нээлтүүдийг багтаасан асар том мэдлэгийн уурхай байгуулахаар өдөр шөнөгүй ажиллана. Гаригийг хөмрөг хэмээн галлактик даяараа хэдийнэ нэршсэн байлаа. Хүмүүс нь өсч олширч, гариг нь хөгжиж хүчирхэгжсээр. Нэг мэдэхэд зуугаад жил болж анхны гадаад дайсан халдан довтлох цаг боллоо. Эзэнт гүрэн жил жилээр сулран доройтож зөвхөн өөрийн гариг, дагуул хэдхэн гаригт л эзэн эрхтэй хэвээр үлдэнэ. Түүний тухай домог л эзэнгүй сансраар тэнүүчлэх авай…

Ном гурван дэвтэр хэвлэгдсэн. Эхнийх нь “Хөмрөг” дараахь нь “Хөмрөг ба эзэнт гүрэн” гутгаар ном нь “Хоёр дахь хөмрөг” гэсэн нэртэй. Номуудад Хөмрөгийн хүмүүс хэрхэн дайсны довтолгооноос шинжлэх ухааны хүчээр ангижирч чадаж байгаа талаар, мөн яаж ч болохгүй хүчин зүйлийн өмнө хэрхэн уруудан доройтож гадны гаригийн эзэмшилд орж байгаа, дараа нь ялан дийлж байгааг уран яруу, онц сонирхолтой өгүүлжээ. Мөн ертөнцийн нөгөө өнцөгт хоёр дахь хөмрөгийг бас байгуулсан, түүнийг олж өөрөө өрсөлдөгч үгүй байхын тулд хэрхэн тэмцэл явуулж байгааг бичсэн байдаг. Манайд зөгнөлт зохиол маш ховор байдаг. Харин 2009 онд энэ номыг “Нэпко” хэвлэлийн газар орчуулсан нь зөгнөлт зохиол сонирхогчдын дунд ёстой нар нь гарсан явдал болсон юм. Уг зохиол уран зөгнөл, адал явдалт зохиолын төрөлд бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч “Хьюго” шагнал хүртсэн. Гэвч энэ номыг ийм алдартай ном гэж бараг мэдэхгүй байснаас манайхны худалдан авалт цөөн бөгөөд удаан байсан болов уу. Харин одоо энэ ном ховордсон байна лээ. Аажимдаа бараг бүгд борлогдоод дууссан. Манайд иймэрхүү дэлхийд алдар нь түгсэн уран зөгнөлт зохиол маш дутмаг байдаг, дээрээс нь энэ төрлийн зохиолын мэдээлэл байдаггүй. Харин уншигчид их байдаг бөгөөд зөгнөлт зохиолоор цангаж байдаг билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан, тариа хоёр

– ФЕЛЬЕТОН-

“Улаан тариа-2” гэдэг аян эхэлснийг Засгийн газраас зарлав. Зарлалыг Эрүүл мэндийн сайд гаргасан боловч Тариа эрхэлсэн сайд нь Улаан нэртэй учраас хүмүүсийн толгой эргэж эхэлжээ. Нэг бол улаан өнгийн тариа тарих ч юм шиг, тэгтэл улаан болгодог тариа хийх ч юм шиг, явж явж Улаан сайдыг тарих ч юм шиг, бүүр больчихоод Улаан сайд биднийг тарих ч юм шиг… алийгаа алдаад явчихав.

Тэгэхээс тэгэх гэсэн шиг мөн өдөр нь Улаан сайд нь мал мах болон хүргэний асуудлыг нэгтгэн хэвлэлийн хурал хийж таарав. “Нээрээ би тиймээ гэх шиг, Нэр нь хүртэл тэмээ” гэдэг чинь шүлэг билүү?

Улаан сайд хаа хамаагүй асуудлуудыг нэгтгэдгээрээ алдартай. Тэрээр МАН болон МАХН-ыг нэгтгэн дундын гишүүн гэж явдаг ба саяхан яамныхаа зөвлөх, өөрийн хүргэн хоёроо нэгтгэсэн талаараа ярилцлага өгсөн ажгуу. Улмаар, хэвлэлийн хурлын үеэр сайдын хамаатны пүүс, улсын мах бэлтгэл хоёрыг бас нийлүүлээд хаясан нь тодорхой болов. Ийм болохоор нь Улаан сайдыг ямар ч хамаагүй аргаар улаан тариатай өөрийгөө нийлүүлчихсэн байгаа гэдэгт олон хүн эргэлзсэнгүй.

Гэтэл шинэ үеийн олон хүн “Улаан тариа” гэж юу хэлээд байгааг ойлгож өгдөггүй ээ. Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна.

Бас “Улаан сайд юу ч юм бэ тусаад эмнэлэгт тариа хийлгэж байгаа. Тэрээр, сурсан зангаараа “дан тариа хийлгэхгүй, ямар нэгэн юмтай нийлүүлж хийлгэнэ” гэж гомдол гаргаж. Сандарсан сайд Сарангэрэл нь “тэр тариаг нь юутай ч хамаагүй, улаан винотой ч хамаагүй нийлүүлээд шахчих” гэснээс үүдсэн яриа” гэж мэлзэх ч этгээд байх юм.

Харин “ЖДҮ-г өршөөхгүй” хөдөлгөөнийхөн мэдэгдэхдээ: “Улаан тариа” нь эм эмчилгээтэй огт хамаагүй зүйл. Тэд Тариалан дэмжих сангаас давхар зээл авахын тулд нэг ургацаа “Улаанбуудай”, “Улаан тариа” гэсэн хоёр өөр нэрээр шахаж байгаа зальжин арга хэмээн шүүмжилж ч байх шиг.

Тэгж ярих юм бол үнэхээр улаан тариа байна. Улаан гуай сайд болсноосоо хойш тариалж байгаа “Улаан гаолян”-г хэлж байгаа юм. Жан Имоугийн ийм нэртэй бүтээл хүртэл бий гэж кино судлаачид өгүүлэх аж.

Учрыг мэддэг гэх зарим хүн “Мал, тариалантай ямар ч хамаагүй ээ. Судсаар хийдэг эмтэй тарианы тухай ярьж байгаа юм. Харин юм юмыг нийлүүлэн өөртөө хавсаргадаг тусгай аргатай Улаан сайд нь “тарих” гэсэн утгатай бүхий л процессыг яамандаа хавсаргаж чадсан. Ингээд эмнэлгийн бүхий л сувилагч нар, бүхий л тарилга, тариуртайгаа Хүнс, хөдөө аж ахуйн яаманд харьяалагдах болсноос үүдээд сүръяагийнхаас бусад бүх тариаг “Улааны тариа” гэх болж. Сүръяаг саяхан нээсэн сайдынхаа алдрыг хүндэтгэн тариаг нь Улаанд өгөлгүй, Эрүүл мэндийн яамандаа үлдээсэн” гэж тайлбарлахыг ч сонсов.

Түүнийхээр бол сонгуулийн өмнө амжиж бүх хүнийг улаан тариагаар тарих, тарилгын мөнгийг Тариалан дэмжих ЖДҮ сангаас гаргах, тарих ажлыг Тариалангийн сайд Улаан хариуцах юм байна.

Үнэн хэрэгтээ “улаантариа” гэдэг нь өнгөрсөн зуунд, БНМАУ-д тэмбүү өвчнийг дарахад хэрэглэсэн тариа юм байна. Тэр тариаг өнөөдөр Тариалан дэмжих сангийн ЖДҮ-гээр бүх хүнд тарих бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр “Та бүх иргэнээ алагчлалгүй, ардчилсан байдлаар тарина гэлээ. Тэмбүүгүй хүмүүст энэ тариа ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт гарчээ. Эрүүл мэндийн сайд асуултад хариулахдаа “Нэг ч иргэнээ ялгаж үлдээлгүй тарих нь манай Засгийн газрын алсын хараа болно. Бид асуудлыг урьдчилан харсан байгаа. Улаан тарианы хажууд цэнхэр тариа дагалдана. Тэмбүүгүй хүнд тэрийг хийхээр долоо хоногийн дараа тэмбүүтэй болно. Энэ үед нь улаан тариагаа хийж тэмбүүг нь эдгээнэ. Далиманд нь бүгдээрээ дархлаатай болно” гээд нижигнэтэл алга ташуулжээ.

За тэр, хотын замд хийсэн алтан шаргал хашлагыг ч улаан тариатай холбож тайлбарлаж байх юм. Замын цагдаагийнхан тусгай дохио өгмөгц янзлан эргүүлээд зам болгоныг Хүнс Хөдөө аж ахуйн яамны “Улаан тариаланг дэмжих сан”-гийн үүдэнд очихоор болгож зохицуулна гэнэ. Улаан сайд улаан тариатай шприцээ барьчихсан, үүдэн дээрээ ханцуйгаа шамлаад зогсож байх юм даг уу?

Ер нь бол улаан тариатай, тариагүй толгой эргүүлсэн юм их байна аа. Гадаад яамныхан хар тамхитайгаа Германд гардуулснаас эхлээд. Сая ерөнхийлөгч нэг хуулинд хориг тавиад, Их хурал хоригт нь сөрөг тогтоол батлаад, уурласан Ерөнхийлөгч тэрэнд нь бас хориг тавиад, Их хурал эргүүлж цуцлаад толгой эргүүлсэн тойрогт орчихож. Сүүлд нь үзэхнээ Ерөнхийлөгч өөрийнхөө зарлигт хориг тавиад, УИХ нь өөрийгөө хүчингүй болгосон тогтоол гаргаад зогссон байна гэсэн. Ямар нэгэн тариа хийлгэх цаг ч уг нь болсон шиг байгаа юм аа.

…Манай улс чинь ямар ч хамаагүй аян л хийхгүй бол болохоо байчихсан хэрэг үү? Энэ фельетоныг бичиж байх зуур ирсэн зурвасыг задалбал: “Матрын-3” аяны “Улсын тэргүүлэх царай муутай хүн” номинацид таныг дэвшүүлж байна. Сертификатынхаа мөнгийг тушаагаад баримтаа илгээнэ үү. Амжилт хүсье” гэсэн байх юм…Таануус минь “лайк” дарахаа мартав.

Categories
мэдээ цаг-үе

Цагааны Хэнмэдэх: Миний бие тэртээ жараад онд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг бараа судлаачийн мэргэжлээр төгсөж байсан

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Цагааны Хэнмэдэх гуайтай ярилцлаа. Тэрээр төв бараа баазын вант улсын үндэс суурийг тавилцаж, Монгол Улсаа төлөөлөн гадаад худалдааны чиглэлээр ажиллаж ирсэн нэгэн юм.


-Хэнмэдэх гуай, та бол бараа судлаач гэдэг ховор мэргэжил эзэмшсэн, Монгол Улсын эдийн засаг хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан буурлуудын маань нэг. Сургууль төгсөөд анх хаана хуваарилагдаж ажил амьдралын гараагаа эхэлж байв?

-Миний бие 1958 онд нийслэлийн арван жилийн Хоёрдугаар дунд сургуулийг төгсөөд Москвад Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд бараа судлаачийн мэргэжлээр сурахаар очсон. Бараа судлаач гэж ямар мэргэжил байдгийг мэдэхгүй амьтан Гадаад худалдааны яамны нэр дээрээс очиж байлаа. Харин төгсөж ирээд Дотоод худалдааны яамны нэр дээр Төв бараа баазад хуваарилагдсан. Төв бараа бааз гэдэг бол Монгол Улсын өргөн хэрэгцээний бүхий л бараа, ялангуяа эх орны үйлдвэрийн барааг бүгдийг нь шалгаж хүлээж авдаг газар. Мөн гадаадаас ирж байгаа барааг төмөр замаар хүлээж аваад хуваарилна, хөдөө орон нутаг, аймаг сумдад хэрэгцээт барааг нь хүргэнэ. Би чинь Төв хороогоор орж байж ажилд томилогдсон. Цэдэнбал дарга “Энэ барааны мэргэжлийн хүүхэд байна. Энэ хүүхдийг сургаж ав. Худалдааны асуудал хамгийн чухал, та бүхэн сайн ажиллуулах хэрэгтэй шүү” гэж хэлж байсан. Толгойтын төв бараа бааз Таван шарын урд, хоёрдугаар цахилгаан станцын баруун талд байсан. Олон салаа төмөр зам явсан, барааны том дөрвөлжин складуудтай, зарим бараанууд нь гадаа хураалттай берзинтээр бүтээчихсэн, нүсэр том аж ахуй. Бараа үнэлдэг ахлах мэргэжилтэн гэдэг албанд эхлээд очлоо. 800 төгрөгийн цалинтай, гэр бүл болоогүй ганц бие надад ямар их цалин бэ гэж бодогдож байгаа юм. Миний албанд худалдаа, эдийн засгийн сургууль, за даа ихэнх нь техникум төгссөн 30-аад мэргэжилтэн харьяалагдаж байв. Хийдэг ажил маань ирж байгаа барааг олон улсын гэрээ контактын дагуу тоо ёсоор нь хүлээж авах, гарал үүсэл, чанар нь таарч байгаа эсэхийг тулгаж шалгаж үнэлээд орлогод оруулах. 60-аад нягтлантай байлаа шүү дээ. Гурил, будаа, цай, тамхиас өгсүүлээд бүх л зүйл байсан. Нисэх онгоц, цэргийн зэвсэг техник, нефть шатахуун л байгаагүй. Өөрийн гэсэн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй, ёстой нөгөө вант улс гэдэг чинь тэнд байсан. Улсын төсвийн 60-70-аад хувийг бүрдүүлдэг. Тэр үед үйлдвэр хөгжөөгүй худалдаагаар дамжиж эдийн засгийн эргэлт хийгддэг. Ийм л хариуцлагатай албанд анх томилогдсон хүн юм. Жил гаруй хэртэй ажиллаж байтал худалдаа эрхэлсэн орлогч дарга гэдэг албан тушаалд томиллоо. Их л айж эмээж байсан. Гэхдээ Плехановын сургуульд сурсан зүйл, эзэмшсэн мэргэжил маань үнэндээ хэрэг болсон.

-Плехановын сургуульд сурснаа жаахан тодруулахгүй юу. Бараа судлаач гэхээр их л олон талын нарийн мэдлэгтэй хүнийг хэлж таарна?

-Бараа судлал гэхээр хүмүүс нүдэн дээр ил байж байгаа гурил, будаа, оймс, тамхийг мэдэхгүй хэн байхав гэдэг. Тийм биш юм билээ. Техник технологи нь өөр. Бараа судлалын хичээлд хамгийн түрүүнд хими, физик үзнэ. Хүний иддэг уудаг, өмсдөг хэрэглэдэг тэр бүгдийг хими физикийн томьёогоор илэрхийлнэ. Зүгээр лекц уншаад байхгүй. Хичээл бүр айхавтар сүрхий лабораторитой. Барааг юугаар хийдэг, хаанаас авдаг, ямар агуулга, ямар чанартай юм, хүнд эргээд юу өгдөг юм, ямар технологи, машин техникээр хийгддэг юм, ууталж савлаад дэлгүүрт яаж зардаг юм, үнийг нь хэрхэн яаж тогтоодог юм гээд маш нарийн шалгууртай. Хажуугаар нь нягтлангийн, статистикийн хичээлүүд орно. Мөн түүх, газарзүй үзнэ. Газарзүйн хичээлд зөвхөн зам харилцаа гэхэд л усан зам, агаарын зам, төмөр зам гээд нарийвчилж ярина, худалдаатай холбоотой учир тэр. За тэгээд худалдааны зохион байгуулалт гэж айхавтар хичээл орно доо. Практикт гаргана. Би гэдэг хүн нэг захаас нь нөгөө захыг нь бараг олохгүй шахам тийм том Москвагийн мах комбинатад дадлага хийж байлаа. Нарийн боовны үйлдвэрт бас практик дадлага хийсэн. Үнэхээр хүнийг тал бүрийн мэргэжилтэй болгож, хүнд юм сургадаг. Тэр аугаа сургуульд би дөрвөн жил сурсан. Нэг зүйлийг сонин болгоход, 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Гагарин огторгуйд ниссэн. Тэр өдөр би худалдааны зохион байгуулалт гэдэг хичээлийн шалгалт өгч байв. Миний бие билетээ авчихаад яг хариулахын үед багш минь “Сурлагын дэвтрээ аваад ир” гээд шууд дүнг минь тавьж байсан. Гагарины тэр алтан мөч надад тэгж нөлөөлсөн. Амьдрал гэдэг баян юм шүү. Кавказ гаралтай багшийн минь баяртай алаг нүд одоо ч надад харагддаг юм.

-Өмнөговь аймагт анхны томилолтоороо очсон тухай түрүүнд сонирхуулсан. Ер нь томилолтоор их явах уу?

-Тийм ээ, анхны томилолт өмнийн говиос эхэлсэн юм. Худалдаа бэлтгэлийн сайд Доржготов гэж сайхан хүн байлаа. Сэлэнгийн Хушаатын хүн юм. Түүнтэй хамт очиж байсан. Дараа нь Дарханд очсон. Дархан хот дөнгөж байгуулагдаж байхад Төв хорооны төлөөлөгч гэсэн сүрхий амьтан хавар очоод намар ирж байсан. Дарханы худалдаа бэлтгэлийн ангийг хотын дайтай болгож зохион байгуулах, худалдаа удирдах газар бий болгох гээд олон ажилтай. Баруунхараа, Зүүнхараа болон тэр хавийн сумдын худалдаа бэлтгэлийн барааг Дарханд төвлөрүүлэх нүсэр ажлыг удирдсан. Албан контор, хүнсний дэлгүүр, зоогийн газар, барааны дэлгүүр мөн ногооны зоорь, хүнсний зоорь, бараа хадгалах агуулах барилцаж байгаа юм. Талхны цехээс аваад байгуулж босгоогүй юм ховор. Оросын худалдааны трес ороод ирчихсэн үе. Тэр бүхний зохион байгуулалтыг хийнэ. Оросуудтай, монголчуудтай харилцана. Дараа нь 1964 онд Болгарт очлоо. Анх удаагаа гадаадад албан томилолтоор явж байгаа нь тэр. Экспорт, импортын гэрээ контакт байгуулах ажилтай. Болгараас манайх тухайн үед тамхи авна, мөн одоогийн алаг салат гэж байгаа консерв авна. Үйлдвэр дээр нь очно, ярина, үнэ ханшаа тохирно. Нэг хайрцганд хэд байх уу, нэг вагонд хэдийг ачуулах уу, нэгжийн үнэ нь ямар байх уу гээд гэрээнд нарийн заана. Тэгж анх гадаадад Монгол Улсаа төлөөлж явж байсан түүхтэй. Бидний урьдчилсан гэрээ контакт бэлэн болсны дараа Засгийн газар хоорондын төлөөлөгчид, яамдын сайдууд ирж үзээд албан ёсны гарын үзэг зурж баталгаажуулдаг байсан. Түүнээс хойш Монголынхоо гадаад паспортыг бариад энэ дэлхийгээр мөн ч их явсан. Гадаад худалдаагаар орж ирж байгаа алим чанарын баталгаагүй байсан учир түүний хохирлыг барагдуулах гэж орос хэл дээр акт үйлдээд хойд Солонгос руу явж байлаа, Вьетнамд экспортын бараа саатчихсан, түүнийг ачуулах гэж Алс Дорнодын хамгийн том усан замын боомтод очиж байлаа. Ангийн үслэг эдлэл манайхаас Европын орнууд руу гаргадаг байлаа, тэгтэл нэг удаа замаас нь гадны орны нөхдүүд авчихсан байсныг араас нь нэхэн явж улсаас улс дамжин, тивээс тив дамжиж байж олж авч байлаа

-Таныг төв бараа баазад байхад жаран зургаан оны өнөө алдарт үер болсон байдаг. Тэрхүү үерт хамгийн их хохирол амссан газар танайх. Тэр тухай асуумаар байх юм?

-Үер ус гэдгийг мэддэг ч үгүй, ёстой хүүхдээрээ байж дээ. Жаран зургаан оны наадмын тэр өдөр нэг найзтайгаа хоёул замын мухлагаас айраг аваад голын зүлгэн дээр очиж уусан юм. Амарч байгаа царай нь. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн хүмүүс гүйлдээд сүйд боллоо гэцгээв. Үерийн маргааш өглөө эрт их дэлгүүрийн тэндээс машинд суугаад Толгойт руу ажилдаа очлоо. Бааз руу орох арга алга. Таван шарын тийшээ айлуудын эрээн авдар, ор хөнжил, цагаан бүрээс усанд хөвж байна. Төв хорооны худалдаа эрхэлсэн Цагаан Дорж гэж хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч Гомбожав гуай, Гадаад худалдааны яамны Очир, Худалдаа бэлтгэлийн сайд Доржготов, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч Рагчаа гуай аваргууд ирчихсэн байна. Хүзүү цээжээр татсан их усан дотор би долоо хоног байсан. Гурил чинь бараг нордоггүй юм билээ. Харин шар будаа, цагаан будаа, элсэн чихэр холилдохоор бараашиг болчихдог юм билээ. Аль складанд ямар бараа байгаа, гадаа хаана хаана ямар бараа хураалттай байгааг надаас өөр нэг бүрчлэн мэдэх хүн байгаагүй. Тэр хүнд цаг мөчид надад өөрийн зурж тэмдэглэсэн кадастрын зураг аминд орсон. Тэрхүү зурган дээр аймаг сум бүрийг тэмдэглэсэн. Улаанбаатараас хичнээн км зайтайг нь, мөн хүн амын тоог нь аймаг, сумдын хооронд км-ийг нь маш нарийн тэмдэглэсэн байсан. Тэрхүү тэмдэглэгээнийхээ хүчинд аймаг сумдууд руу бараагаа ачуулж, гурил будааг нь хүн амынх нь тоонд тааруулж өгч, шатахууныг нь тооцдог байсан. Үерийн дараа мэдээж хамгийн их алдагдалд орсон газар нь манайх байсан. Цэдэнбал дарга ирж байсан, Самбуу гуай ч ирсэн. Гэнэтийн үерт ихээхэн хохирол амссаны дараа би цагдаад баригдлаа. Төв сэргийлэхэд аваачиж өдөржин суулгаад орой болсон хойно сэргийлэхийн дарга “Та буц даа, үл ойлголцол гарсан байна, уучлаарай” гэв. Би бол айгаагүй, ямар хулгай хийчихсэн биш, худлаа хэлчихсэн биш. Би өөрөө санаатайгаар усанд автуулчихсан ч биш. Сүүлд сонсох нь ээ, “тэр хүүхдээр битгий оролд, хамгийн их ажилласан хүүхэд” гэж Бал дарга хэлсэн юм билээ л дээ. “Үерийн усан дотор цэлдгэр нүцгэн хүүхэд л яваад байсан, өөрийн гэр орон гэж юу байна, авгай хүүхэд байна уу” гэж асууж сурсан байдаг. Намайг шоронд хийх биш, бүр байраар шагнасан. Төв бараа баазад цоо шинэ жаран ес машин, ажилчдын автобус өгсөн. Нэг өглөө хотын намын хорооны Алтангэрэл дарга дуудаж уулзаад арваад хүнд байр өгөх тухай албан бичиг гардуулсан. Түүний хамгийн эхэнд миний нэр байсан. Одоо эргээд бодох нь Цэдэнбал дарга хүний ажил хөдөлмөрийг үнэлдэг, ахуй амьдралыг нь мэддэг тийм хүн байж.

-Та бас худалдааны чиглэлээр багшилж, бүр тэнхим байгуулж олон арван шавь бэлтгэн Монголын худалдаа үйлчилгээний салбарт бас нэг түүхийн хуудсыг нээсэн хүн юм?

-Их дэлгүүр ашиглалтад дөнгөж орж байсан үе л дээ. Худалдагч нярав гээд хамаг юм нь зуун задгай, жаран хагархай. Бараа судлалын кабинет байгуулсан. Энэ маань одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль. Яамныхантай ярьж байгаад их дэлгүүрийн дэргэд мэргэжлийн курс нээлээ. Худалдагчийн нярав, нягтлангийн гээд хоёр ч анги бий болголоо. Тэнд багшаар орсон. Ихэнхдээ цагийн багш. Шавь нараас минь хэд хэдэн үйлчилгээний гавьяатууд төрсөн. Худалдааны техникумд бараа судлалын анги гэж байсан. Дандаа онол заана, материаллаг бааз байхгүй. Тэнд чинь Дамдинсүрэн гэж барааны зохион байгуулалт заадаг багш, Онгоодой гэж хүнсний бараа судлал заадаг багш байв. Тэдэнтэйгээ яриад тэнхим байгуулъя гэж үзсэн. Үүний хажуугаар бас зүгээр суулгүй төв бараа бааз дээрээ сургалт зохион байгуулаад, хэвлэх үйлдвэр байгуулж бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үүсэл гарал гээд бүхий л зүйлийг тодорхой бичсэн ном хүртэл бий болгож барааныхаа хамт хөдөө рүү явуулж байлаа. Харин ерээд оны дундуур Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Аялал жуулчлал, зочид буудлын тэнхим байгуулагдахад би сурах бичиг гарын авлагыг нь гадаадаас авчирч байсан. Тус тэнхимийн эрхлэгч Ж.Октябрь багштайгаа хамтарч хичээлийн прокраммыг нь боловсруулж байлаа. Би чинь энэ сургуулийн хүндэт профессор юм.

-Ингэхэд та төв бараа баазыг хэдэн жил удирдсан бэ?

-Төв бараа бааз гэж тэр том вант улсыг би арван жил удирдсан. Тухайн үеийн том сайд дарга нар, аймгуудын дарга нар гээд бүгдтэй танил дотно болчихсон. Гэхдээ элдэв юманд орооцолдоогүй, цэх шулуун шударга явсан. 1972 онд Төв бараа бааз дээр Улсын төлөвлөгөөний комисс, Худалдааны болон Гадаад худалдааны яамнаас иж бүрэн шалгалт хийж, шалгалтын дүнг хэлэлцээд манай удирдлагын багийн ажлыг өндөрт үнэлж, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринченпэлжээ гуай намайг төвдөө татан авлаа. Тэнд нэг их удаан ажиллаагүй ээ. Гадаад худалдааны сайд Очир гуай нэгэн өдөр дуудаж, “Разноимпорт нэгдэл”-д орлогч даргаар хэсэгхэн хугацаанд ажиллуулаад Москва хот дахь Худалдааны төлөөлөгчийн газрын орлогч даргаар томилуулан дипломат ажилтан болгов. Төлөөлөгчийн газрын даргаар ажлаа арван хуруу шигээ мэддэг нөмөр нөөлөгтэй Төмөр гуай их түшиг болж байсныг хэлэх нь зөв. Очир гуай, Ринченпэлжээ гуай, Содном гуай гурав “энэ хүүхдийг одоо гадаад худалдаа чиглэлээр нь явуулъя” гээд ярьчихсан байсан юм билээ. Москвад худалдааны төлөөлөгчийн газарт очоод Оросын 15 бүгд нарамдах улсууд, тэдний Монголтой харилцдаг яамдууд, төлөвлөгөөний комисс, хангамжийн газруудтай харилцаа тогтооно. Монголоо ирсэн том захиалгыг тэр улсуудад тараагаад үйлдвэрүүдэд тараана. Гадаад худалдааны нэгдлүүд байна, тэдэнтэй харилцана. Элчин сайдын яамнаас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Алтайн хязгаараас манайх гурил будаа авна. Тэнд боломжгүй бол Казахстан, Киргиз рүү очно, их сайхан хүлээж авна. Латви, Литва, Эстони гэсэн гурван орон руу жилдээ хоёроос гурван ч удаа явж байсан. Тэндээс их юмнууд авна. Их нарийн, хэцүү улсууд. Эстоноос гэхэд вэф радио, темп1, темп 2 гэсэн зурагт авна. Гозгор шилтэй юм аа ганзагалаад явна даа. Кавказын гурван улс байна. Ялангуяа Гүржээс вино авна, дугуй булантай цайгаа авна. Ган боллоо л гэнэ, өртөг үнэ нь нэмэгдлээ л гэнэ. Зөндөө зовлон гарна. Башкир, Татарын Казань гээд явна. Башкираас гэхэд сонингийн цаас авдаг. Зарим үед тоо хэмжээ зөрнө, ачааны даац хэтэрнэ. Москвад 1987 он хүртэл ажиллаж архаг дипломатч болсон. Ажлаа өгөхдөө ЭСЯ-ны дипломатуудын зөвлөгөөнөөр орж тайлан тавьсан, мөн Төв хороонд бас нэг хувиа үзүүлж тайлангаа тавиад, ашигтай худалдаа хийсэн байна гээд бүгд л магтаад байсан.

-Яриагаа одоо “Баянгол” зочид буудал руу хандуулъя. “Баянгол”ХК-ийг та босгосон байдаг. Ер нь бол таныг “Зочид буудлуудын загалмайлсан эцэг” гэдэг дээ?

-1987 онд “Баянгол”-д ирэхэд дарга, нягтлан байхгүй, эзэнгүй. Энд тэндээсээ ус гоожсон, цахилгаан тасарсан, хүмүүс нь хоорондоо толхилдсон, бие биенээ матсан ийм л айл байсан. “Жуулчин” компанийн харьяанд байсан. Цаг үе тэгж таарсан уу, зах зээл рүү хамгийн түрүүнд орсон газар жуулчны байгууллага. Гадагшаа дотогшоо яваад юм үзчихсэн хүмүүс байдаг. Зах зээлийг сайн мэддэг, хувьчлалыг мэддэг Батсүх, Санж дарга нар нь, Донойн Авирмэд, одоогийн “Нью жуулчин тур”-ын захирал Нэргүй нар орлогч нь байсан. “Жуулчин” компанийн мэдэлд тухайн үед “Улаанбаатар”, “Баянгол” гэсэн хоёр буудал, Тэрэлж, Өмнөговь, Өндөр довын жуулчны баазууд харьяалагдаж байв. Өндөр дов, Өмнөговь хоёрыг “Баянгол”-ын харьяанд шилжүүлж өглөө. Би өөрөө гадагшаа явж гэрээгээ хийж жуулчингаа авна. Үнэ өртгөө өөрөө тогтооно. Ингээд ерэн он гарлаа, байдал улам хүнд боллоо. Баянголоо яаж хөл дээр нь тогтоох уу гэж бодсон. Хувьчлуулах асуудал байна. Тэр айлыг сэргээж байж хувьчилна, тиймийн тулд мөнгө хэрэгтэй болно. Да.Ганболд энэ хэдтэй яриад Засгийн газраас мөнгө зээлэхээр боллоо. Банкнаас валютын зээл авъя гэхээр байдаггүй. Харин Өмч хувьчлалын сангаас валютын зээл авч болно. Өмч хувьчлалын комиссын дарга нь Да.Ганболд байсан. Ерөнхий сайд Бямбасүрэн гуай Да.Ганболд, Дорлигжав гэсэн Шадар сайдтай байсныг манайхан мэднэ. Өмч хувьчлалын нарийн бичиг нь Ё.Гэрэлчулуун байлаа. Нэг сая ам.доллар зээлэхээр болж хоёулаа шөнөжин сууж тогтоол үйлдээд Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болов. Гэтэл хуралдаад салдаггүй. Үүдэнд нь би гурван шөнө сахиж байж сая нэг Бямбасүрэн гуайтай уулзлаа. Ингэж Засгийн газрын өмч хувьчлалын сангаас нэг сая доллар зээлсэн.

-Хүүгүй зээл юм уу?

-Хүүгүй зээл, гурван жилийн дотор валютаар нь төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын ерөнхий компани руу шууд очлоо. Тэнд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэж нөхөр байсан, түүнтэй уулзаж засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн долоон хүн авчирч архитектурын зургийг нь гаргуулсан. Нэг жил зургаан сарын дотор засварын ажил бүрэн дуусгасан. Тэгж арга хэмжээ дор нь аваагүй бол Баянгол дампуурлын хууль гэдгээр дампуурах, болзлыг хангачихаад байсан. 1990 он гэхэд Монголын хэмжээнд ердөө арваад мянган жуулчин авдаг, мөн ч өрөвдмөөр байлаа шүү дээ. Олон улсын зах зээлд нэвтэрч аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш, чанар чансааг сайн мэддэгийн хэрэг гаралгүй яахав. 1992 онд Баянголд хамгийн түрүүнд өнгөт телевизэр тавьж байв. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаад, III цахилгаан станцтай яриад дулаан, усны асуудлаа шийдсэн. Хонконгийн зах зээлээс материалаа сонгож Голланд, Герман, Япон руу хүн явуулж сургасан. Тухайлбал, тогоочдыг Герман, Японд, менежерүүд, цахилгаан шатны асуудал болоод инженерүүдийг Бээжинд сургасан. Ингэж хүний нөөцийн асуудлаа бодлогоор бэлтгэсэн. Японы компанитай менежмэнтийн гэрээ байгуулж, тэндээс ирсэн жуулчдыг Баянголд буулгах асуудлыг шийдсэн. Манай ерөнхий менежер малайз авгайтай герман хүн байв. Уул нь япон хүн байсан юм, зөөлдөөд байхаар нь герман хүн авсан. Менежмэнтийг бол олон улсын жишиг, стандартын дагуу л хийсэн. 1993-1998 оны хооронд улсын хэмжээнд хамгийн өндөр татвар төлсөн байгууллагаар “Баянгол” нэрлэгдэж байсан. Зээлсэн нэг сая доллараа хоёр жил болоод л эргүүлж өгсөн байсан. Ерэн долоон он хүртэл би захирал хийсэн юм. Баянголын хөрөнгөөр мөн ч их юм хийсэн. Төмөр замын тэнд таван давхар байшин барьж байлаа, Улаанбаатарын дөрвөн раойнд “Баянгол” нэртэй махны дэлгүүр нээж байлаа. Өвөрхангайн Бат-Өлзийтөд алтны уурхай хүртэл нээлээ. Сүүлд нэг зүйлийг хэлэхэд, 1994 онд Өмч хувьчлалын газраас Хөрөнгийн бирж дээр бэлэн мөнгөний арилжаа гаргах хууль гарсан. Баянголд хөрөнгө хэрэгтэй байсан учир тэнд бүртгүүлээд нэмж хувьцаа гаргахаар Үнэт цаасны хороо Хөрөнгийн биржээр зөвшөөрөл гаргуулаад, баталгаажуулаад дуудлагад оруулаад 80 мянган ширхэг хувьцаа нэг удаа Хөрөнгийн биржээр гарсан юм. Бэлэн мөнгөний анхны арилжаа гэж Хөрөнгийн биржийн түүхэнд бичигдсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн III дайн ба Монгол

Дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлчихсэн юм. Энэ үнэнийг ойлгоход бидний хуучин мэдлэг садаа болж байгаа. Танин мэдэхүйн хамгийн том садаа бол өмнөх мэдлэг, туршлага байдаг гэж гүн ухаантнууд зүгээр нэг сургаагүй. Мэдлэг өөрөө мэдлэгийг хаадаг. Догм болж үгширсэн мэдлэг шиг том садаа танин мэдэхүйн замд тааралдахгүй. Ийм учраас, дорнын мэргэд “Мэдсэн бүхэн чинь үнэнд хүргэхгүй, харин “эргэлзээ” л чиний нүдийг ямагт нээсээр байх болно” гэдгийг захиж сургасаар иржээ. Төөрөгдөл гэдэг бол үнэн хэрэгтээ эргэлзэх чадвараа алдсан танин мэдэхүй гэдгийн учир ч энэ.

Нэгэнт эхэлсэн дэлхийн III дайныг ухаарч ойлгоход дайны тухай бидний ойлголт, өнгөрсөн их дайнуудын туршлага мэдлэг садаа болж байгаа юм. Бидний туршлага мэдлэг юу билээ, ингэхэд.

Дэлхийн нэгдүгээр дайныг хоёроосоо илүү “шударга” байсан гэж зарим нь хэлдэг. Тэд, дайн тулаан ерөнхийдээ фронтын шугам дээр ар талаасаа заагтай өрнөж, цэрэг эрс хоорондоо байлддаг байсныг эш татан санаагаа зөвтгөдөг. Үнэхээр ч дэлхийн II дайнд технологийн шинэ эрэмбэд өрнөж, жишээлэхэд нисэх хүчин идэвхтэй оролцох болсноор ар тал фронтын ялгаа бага болж, энгийн номхон иргэд үйл олноороо хэлмэгдэх болжээ.

Нөгөө зарим нь дэлхийн II дайн өмнөхөө бодвол хамаагүй дүрэмтэй өрнөсөн гэж мэтгэдэг. Дэлхийн I дайнд химийн зэвсэг хэрэглэж хэрэглэж байсан бол II дайнд дайсагнагч талууд “үйл олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй” дүрмээ барьж байсан. Тэр ч байтугаа хүний түүхийн хамгийн том “махчин” хэмээгдсэн Гитлер ч энд хамаарна гэдэг. Бөөнөөр хорих лагер, хийгээр утан цаазлах энээ тэрээ бол өөр сэдэв.

Дэлхийн II дайны үеэс л фронтын шугамыг давсан дайн улмаар цэрэг арми, хил хязгаар, орон зайн хязгаарыг ч нэгэнт алгасчээ. Дэлхий хавтгай, тэгш болсон гэдэг шиг дайн хүчирхийлэл өөрөө хил хязгааргүй болж хавтгайран, тэгширсэн ажгуу.

Үнэн хэрэгтээ дайн бол дайн, “арай гайгүй дайн”, харьцангуй хүнлэг дайн” гэж байхгүй. Дайн бол асуудлыг хамгийн шударга бусаар шийдвэрлэх хувилбар болсон хүчирхийллийн арга билээ. Өнгөрсөн үеийн энэ мэдлэг туршлага нь бидний урьдынхаас илүү аймшигтай бөгөөд үй олноор нь хөнөөдөг зэвсэг, төсөөлшгүй олон хүний амийг авах аллага, хядлагаар шинэ дайныг төсөөлүүлэх болсон.

Хүний түүхийн бүхий л “Энх тайван” дайнаас дайны хооронд л оршин тогтнож ирсэн нь бас үнэн. Дэлхийн II дайны дараагаар түр зуур амсхийсэн хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ III дайндаа шуурхай бэлтгэж эхэлсэн. Учир нь энх тайван амьдрал нь яван явсаар дайнд л хүргэнэ гэдгийг хүн төрөлхтөн зөнгөөрөө мэдэрч байсан байх л даа. Төрсний эцэст үхэх нь амьдралын жам гэлээ гэдэг шиг ямар ч энх тайван дайнаар дуусдгийг хүн төрөлхтний түүх сургасаар ирсэн болохоор буруу ч юу байх вэ?

Бас дайнд зөвхөн ялагч тал л зөвддөг учраас бүгд л шинэ дайнд нойр хоолгүй бэлдсэн гэж ч болно. Энэ утгаараа хүний түүхийг “дайтсан болон дайнд бэлтгэсэн” хэмээн хоёр хуваасан ч бас болно.

Хүн төрөлхтөн шинэ дайнаа янз бүрээр л төсөөлж ирсэн. Хүчирхэг гүрнүүд энхтайвныг хамгаалах нэрийн дор бүтээсэн цөмийн зэвсгээ хэрэглэж, дэлхий сүйрнэ гэдэг бол хамгийн түгсэн төсөөлөл. Улмаар, дэлхийн III дайны үр дүнд цэрэг зэвсгийн хүчээр нэг нь нөгөөгийнхөө нутаг орныг булаан эзэлж, дэглэмээ тогтоосноор манай гаригийн улс төрийн зураг өөрчлөгдөнө гэдэг бол мөн л өнгөрсөн үеийн мэдлэгээс ургасан төсөөлөл.

Томоохон гүрнүүд цэргийн хүчээр өөр нэг орон руу довтолж, түүнд нь хавь орчин, дэлхий даяараа татагдан орсноор глобаль дайн эхэлж, төгсгөлд нь улс орнуудын хил өөрчлөн зурагддаг тухай итгэл үнэмшил нь бас л бидний өнгөрсөн үеийн мэдлэг туршлага.

Өнгөрсөн үеийн мэдлэг туршлагын хүлээсэнд орсон хүн төрөлхтөн “Нэг өглөө Америкийн, эсвэл Оросын арми өргөн фронтоор довтолгоо эхлэх маягтайгаар дэлхийн III дайны хонх цохино” гэж хүлээсээр иржээ.

Гэтэл, дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлчихсэн, бид хүссэн хүсээгүй түүнд татагдан орчихсон явж байдаг.

Дайны зорилго нь нэг орон нөгөөгөө алан хядах, бөмбөгдөн сүйтгэх замаар эдийн засаг, санхүүгийн чадамжийг бууруулаад өөрийн улс төр эдийн засгийг нь эрхшээлдээ оруулах явдал. Зорилго нь ялагдагч орон өөрөө өөрийгөө хэвийн журмаар тэжээн тэтгэж чадахгүй болох, улмаар үндэсний баялгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй болоход л оршино. Энэ зорилгод хүрэх шалгарсан багаж нь цэрэг арми байсан болохоор хүн төрөлхтний ой тойнд “Дэлхийн дайн”-ны тухай үгширмэл ойлголт үлдсэн юм.

Хүн алж, хот балгадыг бөмбөгдөх нь дайны эцсийн зорилго биш, харин зорилгодоо хүрэх арга хэрэгслэл төдий байжээ. Дайнд заавал сая сая хүн үхэх албагүй, хот барилга балгас болон үлдэх шаардлагагүй. Хамгийн гол нь ялагдагч тал эдийн засаг, улс төрийн хараат байдлаа л алдсан байх ёстой.

Гэтэл бид, дайныг эцсийн зорилгоор нь биш, харин арга хэрэгслэлээр нь төсөөлөн үлдсэн учраас хилээ хамгаалах, байлдаанд бэлэн байхыг л чухалчлан төсөөлсөөр, хятад ч юмуу, оросууд довтлоод ирвэл байлдаад ялчих юм шиг төлөвлөөд л суугаа.

Буун дуу, танкны чимээ хүлээн нуувчиндаа хэвтэх зуур дэлхийн шинэ дайн биднийг нөмрөн аваад, байлдаанд татан оруулчихсан байна.Орчин үеийн техникийн дэвшил, технологийн орчин нь шинэ дайны шинэ дүр төрх, орчныг бий болгож.

Америкийн болон Европын сонгууль, Брекситийн санал асуулгад Орос улс хөндлөнгөөс нөлөөлж чадсан. Жишээ нь, Британийн арал, далайн чанадад байлдахын тулд заавал десант буулгаж, диверсантууд илгээх хэрэггүй гэдгийг хэлээд өгч байна. Америк-Хятадын худалдааны дайн заавал цэрэг илгээхгүйгээр бие биеийнхээ эдийн засаг довтолж, бодлогоор бөмбөгдөж болдог болсныг хэлээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн III дайны гал өмнөд хөршид дүрэлзэж байнга гэсэн үг.Оросын эсрэг барууны хоригууд чангарсаар байгаа нь умарт хөрш дэлхийн III дайнд аль хэдийнэ татагдан орсныг харуулж байгаа хэрэг.

Манайх ч ялгаагүй, барууны хөрөнгө оруулагчдыг хөөж, бие биенээ ар өврөөс нь “хутгалах” ажил оргил дээрээ гарсан нь дэлхийн шинэ дайнд аль хэдийнэ хамрагдан орж, Монгол оронд шинэ цагийн дайны утаагүй гал дүрэлзэж байгаагийн баталгаа.

Цаашдаа, дайн гэдэг ойлголт төсөөллөөс даван шинэчлэгдсэн шигээ тусгаар тогтнол, хил хязгаарын тодорхойлолт ч санаа савнаас халих нь гарцаагүй.

Дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлсэн, манай орон руу ч “дайсан” аль цагийн довтолсон. Байлдаж байгаа орнууд бие биедээ инээмсэглэн ёсорхож, хил хязгаар нь нээлттэй байж, иргэд нь чөлөөтэй зорчих нь дэлхийн шинэ дайны бас нэгэн шинж болж байна. Хүн алалгүйгээр дайны зорилгыг биелүүлж болдог болсон нь дэлхийн III дайны өмнөхөөсөө ялгарах онцлог гэсэн ч болно.

Манай орныг сүйртэл самрах ажлыг дайснууд цэрэг илгээн үйлдэхийн оронд биднээр өөрсдөөр нь хийлгэж байгаа.Дахин тэмдэглэхэд дайны эцсийн зорилго нь хүн алахад биш, эдийн засгийг “алах”-д оршдог. Улс төр нь байгаа учраас тэр улсын эдийн засаг байдаг юм биш, тэнд улсаа аваад яваад явчих эдийн засаг байгаа учраас улс төр, тусгаар тогтнол нь оршиж болоод байгаа. Нэмээд хэлэхэд, цэрэг байгаа учраас эх орон хамгаалагддаг юм биш, цэрэгтээ өгөх хоол, зэвсэг авах мөнгөтэй учраас л эх орон хамгаалагддаг юм.

Дайн нэгэнт эхэлсэн, бид аль хэдийнэ татагдан орсон. Харин энэ дайнд хэн ялах вэ гэж үү? Нэрлэхэд хэцүү ч нэг зүйл тодорхой байгаа нь: “Дайны тухай хуучин ойлголттой нь ялагдана”