Монголын нийгмийн уур амьсгал, иргэдийн хандлага, төлөвшлийн өнөөгийн бодит байдал боловсролын салбартай салшгүй холбоотой болохыг бид улам бүр мэдэрч байна. Угаас иргэний боловсрол, ёс зүй, хандлага төлөвшил нь сургууль, багшаас шууд хамаарах тул багш бэлтгэх ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа талаар МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандахтай ярилцлаа.
-Сайн байна уу. Танай сургуулиар ямар сонин байна. Энэ жил ямар онцлох зүйл хийхээр төлөвлөж байна вэ?
-Сайн. Сайн байна уу. Манай сургууль 2024 он хүртэлх таван жилд ямар үзэл баримталж, юуг илүү хөгжүүлж хаана хүрэх вэ гэх байр сууриас хөгжлийн бодлогодоо хандаж завсрын үнэлгээ хийж, шинэчлэн баталсан. Энэ бодлогоор манай сургуулиас үзүүлж буй боловсролын үйлчилгээ нь суралцагчийн хэрэгцээ, хүмүүний тулгамдсан асуудал болон үйл хэрэгт үндэслэсэн, нийгмийг өөрчлөн шинэчлэх, илүү сайн сайхан болгоход чиглэдэг байх талыг илүүтэй авч үзэж шинэчилсэн хувилбар болгож баталсан. Бид багш бэлтгэх сургууль нийгмийн үзэл санааны, тэр тусмаа хувь хүний зөв хандлага төлөвшлийн түүчээ байх талыг чухалчилсан байгаа. Угаас хүмүүнлэг, ёс зүйтэй нийгмийг хүсч байна шүү дээ бид. Бодит байдал тийм биш байгааг бас мэдэрч байна. Тэгээд манайх чинь том сургууль болохоор онцлох зүйл их байна аа.
-Тэгэлгүй яахав. Бусад сургуулиас онцлог зүйл ч зөндөө бий гэж сонссон.
-Бид энэ хичээлийн жилийн зорилтыг боловсролын үйлчилгээний чанарын хүрсэн түвшнээ баталгаажуулах, чанарыг дээшлүүлэх жил болгон зарлаж байгаа. Энэ хүрээндээ дотоодод 31 хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Багш бэлтгэх хөтөлбөрүүдээ 100 магадлан итгэмжлүүлэх том зорилт тавьж байна. Мөн Германд төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагаар өмнөх жилд хоёр хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн байсан бол өнгөрч байгаа хичээлийн жилд зургаа болж нэмэгдлээ. Энэ ажил хийгдсэнээр манай сургуулийн төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.
-Олон улсад магадлан итгэмжлэл хийлгэх нь кредит харилцан хүлээн зөвшөөрөх тухай асуудал, хамтарсан хөтөлбөр гээд олон улсын хамтын ажиллагаа нааштай үр дүн авч ирэх гээд ач холбогдол их биз.
-Тэгэлгүй яахав. Үүний үр дүнд бид БНХАУ, ОХУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын нэр хүнд бүхий сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, АНУ-ын өмнөд Дакота мужийн БЛЕЙК ХИЛЛС улсын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь бас нэг амжилт юм даа. Ингэснээр оюутнууд маань сургалтын тодорхой хугацаагаа АНУ-д өнгөрөөх боллоо. Өнгөрсөн зун л гэхэд Финлянд, Швед улсуудын зарим сургуулиуд дээр ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ. Финляндын Лапландын их сургууль, Шведийн Стокольмын их сургуулиудтай хамтран ажиллахаар болсон. Мөн Ю-Арктикийн их сургуулиудын холбоо гэж байгууллага байдаг. Энэ холбоонд манай сургууль өмнө нь элссэн боловч холбоогүй байснаас болоод хасагдсан байсан, энэ гишүүнчлэлийг сэргээх талаар тохиролцоонд хүрлээ. Цаашлаад багш, оюутны судалгаа шинжилгээний талаар болон оюутан солилцооны шугамаар хамтран ажиллах боломжууд нээгдэнэ гэж найдаж байна. Мөн БНСУ-ын Жонжү боловсролын их сургуультай нягт хамтран ажиллаж олон төсөл хэрэгжсэн, эдгээрээс дурдвал бага ангийн Хүн орчин, Хүн байгаль, Хүн нийгмийн хичээлүүдийн сурах бичиг, багшийн номуудыг хамтын судалгааны үндсэн дээр гаргаад байна, цаашид энэ төсөл үргэлжлээд явна.
-Танай сургууль гадаадын оюутны тоогоороо тэргүүлж байгаа гэсэн байх аа?
-Бид өнгөрсөн хичээлийн жилд 750 орчим гадны оюутан элсүүлэн суралцуулсан бол энэ жил энэ тоо 1000 давлаа. Энэ үзүүлэлтээрээ манай сургууль улсдаа тэргүүлж байгаа. Хөтөлбөрүүдээ олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. Бид энэ жил гадаад оюутны сургалтын төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэн тогтоосон. Ер нь МУБИС боловсролын экспортыг нэмэгдүүлэх, улмаар сургуулийн эрхэм зорилгоо биелүүлэх, цаашлаад Азийн багш бэлтгэх сургуулиудын жишигт хүрэх томоохон зорилготой ажиллаж байна даа.
-Өнгөрсөн жил оюутны хөгжлийг дэмжих жил болгосон. Тэр хүрээнд хийгдсэн содон ажлуудаа ярих уу?
-Өнгөрсөн хичээлийн жилийг “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон ажилласан учир оюутны хөгжилд чиглэсэн олон үйл ажиллагаанууд явагдаж оюутны спортын болон урлагийн наадмууд амжилттай зохион байгуулагдсан. Зөвхөн урлагийн наадам л гэхэд 350 орчим оюутан тайзан дээр гарч, тоглолтод оролцсон нь томоохон үзүүлэлт болох юм. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлж гол нь гадны аль нэг сургуультай гэрээ хийгээд орхих, захирлууд нь харилцан айлчлаад өнгөрдөг байсан уламжлалыг аль болох эвдэж багш, оюутан солилцох, хамтран ажиллах, өөрөөр хэлбэл гадаад харилцааны үр шимийг амьдралд нэвтрүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллалаа. Үүний үр дүнгээр давхардса тоогоор 300 гаруй оюутан гадаад улс оронд урт богино хугацаагаар явсан байна.
-За сайхан мэдээ байна. Энэ жилийн элсэлтийн талаар?
-За энэ хичээлийн жилд ЕБС төгсөгчдийн тоо эрс буурсан. Хуучин 40000 орчим хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 20000 ч хүрэхгүй цөөхөн хүүхэд төгссөн. Үүнтэй уялдуулан манай сургуулиас нэлээд ажлууд хийлээ. Нэгт гэвэл чанартай элсэгч элсүүлэн суралцуулах нь чанартай багш бэлтгэх үндсэн нөхцөл болох учир өөрийн сургуулийн төгсөгчид буюу ЕБС-д ажиллаж байгаа багш нар, ялангуяа төгсөх анги удирдан ажиллаж байгаа багш нартай нэлээд хамтран ажиллалаа. Тодруулбал, манай багш нар орон даяар явж ЕБС-ийн анги удирдсан багш нартай гэрээ байгуулан багш болох сонирхолтой, сурлага сайтай хүүхдүүдийг өөрийн сургуульд элсүүлэх талаар хамтран ажилласан. Хоёрт гэвэл сурлага сайтай, багш болох сонирхолтой хүүхдүүдийг манай сургуулийг сонгон суралцвал зохих төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарган хэрэгжүүллээ. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтанд 500-гаас дээш оноо авсан бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэх мэт арга хэмжээнүүдийг авсан. Ингэснээр энэ хичээлийн жилийн манай элсэлт нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн хичээлийн жилд бид ЕБС-ийн нийт төгсөгчдийн 7,1 хувийг элсүүлэн авч байсан бол энэ хичээлийн жилд нийт төгсөгчдийн 8,2 хувийг элсүүлэн авсан байгаа нь элсэлт нэмэгдснийг харуулж байна. Тоон дүнгээр хэлбэл энэ хичээлийн жилд МУБИС 2500 гаруй гадаад, дотоодын оюутан, магистрант, докторант элсүүлээд байна.
-За баярлалаа. Бусад гадаад хамтын ажиллагааны талаар?
-Олон ажил байна.
-Та багш, оюутны судалгаа шинжилгээний ажлын талаар дурдлаа. Энэ талаараа тодруулна уу?
-Манай сургууль судалгааны их сургууль болох зорилттой. Тиймээс багш, оюутнууд маань энэ талаар илүү анхаарч ажилладаг. Энэ хичээлийн жилд ажиллаж байгаа багш нарын 50 орчим хувь нь докторын зэрэгтэй байна. Энэ тоо цаашид өснө. Оюутнуудыг суралцах хугацаанд нь судалгааны ажил хийх дадал хэвшилтэй болгох талд багш нар түлхүү анхаардаг. Энд байгаа нэг асуудал бол судалгааны ажлын үр дүнг сургалт, амьдралд хэрэгжүүлэх үйл явц л чухал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид сүүлийн жилүүдэд багш, оюутнуудынхаа судалгааны ажлын бичил төслүүдийг сургуулиас санхүүжүүлж ирлээ. Салбарын яамнаас ч энэ талын тодорхой төслүүдийг санхүүжүүлж, оюутнуудын судалгааны ажлыг дэмжиж байгаа нь нааштай үр дүнд авчирч байна. Багш хөгжлийн хууль гарсан, Багш нарын их хурал олон жилийн дараа дахин сэргэсэн зэрэг өнгөрсөн хичээлийн жилийн томоохон ажлууд ч багш нарын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж өглөө. Сая л гэхэд цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тав хоногийн томоохон сургалт манай сургууль дээр хийгдэж сургагч багш нар орон даяар түгээн дэлгэрүүлэлт хийж байна. Багш нар маань гадаадын нэр хүндтэй их сургуулиуд дээр докторын зэрэг хамгаалж байна, бид тэнхим бүр хоёроос дээш тооны Англи хэлтэй багштай болох ойрын зорилт тавин хэрэгжүүлж байна, энэ бүхэн нь дээр дурдсан судалгааны их сургууль болох зорилгодоо нийцээд явж байна.
-Энэ хичээлийн жилийн зорилт ямар байна?
-Манай сургууль 2017-2018 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгож байсан бол 2018-2019 хичээлийн жилийг “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон ажиллалаа, харин 2019-2020 оны хичээлийн жилийг “Чанарын баталгаажуулалтын жил” болгохоор шийдвэрлээд байна. Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд багшийн хөгжилд чиглэсэн олон ажлууд хийгдэж, Багш хөгжлийн хөтөлбөрөө баталж, багш хөгжлийн 10 гаруй төв байгуулагдсан, оюутны хөгжлийн жилийн хүрээнд ч мөн олон ажлууд хийгдэж 2024 оныг хүртэл оюутныг хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулан баталсан. Ийнхүү олон суурь ажлууд хийгдэж өөрөөр хэлбэл сургууль цаашид хөгжих үндэс сууриа зөв тавьж чадсан гэж бид үзэж байгаа. Тиймээс өнөө жилээс тэрхүү сууриа бэхжүүлэх, цаашид хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор ийнхүү чанарын баталгаажуулалтад анхаарал хандуулж байна. Хичээл байлаа гэхэд ээлжит хичээл бүрийг чанартай заах, судалгааны ажил байлаа гэхэд чанартай хийх, үйлчилгээний ажил ч мөн адил, ер нь ажлын чанарт анхааръя гэж шийдэж байгаа юм л даа. Энэ хүрээнд бид хичээл зааж байгаа арга барил, заах арга зүйн туршлага судлах, ажиглалтын видео бичлэг хийх хичээл ажиглалтын системтэй болох үйл ажиллагаа юм. Бас мэдээллийн системээ илүү боловсронгуй болгох талаар анхааран 17 модуль бүхий мэдээллийн иж бүрэн системтэй болохоор ажиллаж байна.
-Сэтгүүлчийн хувиар саваагүй ч гэх үү, сургуулийн ажилд хамаагүй нэг юм асууя. Та үндсэн хууль батлалцсан депутат юм байна лээ. Одоо яригдаж байгаа үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар баталсан хүний хувьд, бас боловсролын томоохон байгууллага удирдаж байгаа хүний хувьд ямар бодолтой байна?
-Тийм ээ, Үндсэн хууль батлахад гар бие оролцож байлаа. Өөрчлөх нь зайлшгүй гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ мэдээж өөрчлөхөд учир бий. Өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй. Бидний баталсан үндсэн хуульд хүний эрхийг маш сайн баталгаажуулж чадсан гэж боддог. Энэ талаар судалгаа хийж үзээгүй л дээ, гэхдээ л дэлхийд нэлээд дээгүүрт орох байх шүү. Манай улсад парламентийн засаглал хамгийн тохиромжтой байх гэж боддог, харин тухайн үеийн үндсэн хууль баталсан бид ерөнхийлөгчид их ач холбогдол өгсөн бололтой дүр зураг өнөөдөр харагддаг, ихэвчлэн бэлгэдэл талаа бодсон доо. Угаасаа монгол хүн юманд ашдын бэлгээр ханддаг болохоор тэр биз дээ, бүх ард түмнээс сонгоно гээд л оруулчихсан байдаг. Тухайн үед ерөнхийлөгчийн эрх мэдэл гүйцэтгэх засаглалдаа нөлөөлнө, бүр хууль шүүхийн эрх мэдэлд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж төсөөлөөгүй. Гэсэн ч манай үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг сайн ялгаж өгсөн нь ололт юм даа. Тиймээс сонгодог парламентын засаглал тал уруугаа хандсан өөрчлөлтүүдийг оруулах л хэрэгтэй гэж үндсэн хууль батлалцсан хүний хувьд бодож байна. Бас тухайн үед хот гэдэг үг, ойлголтыг үндсэн хуульд тусгаагүй, нийслэл, аймаг, дүүрэг гээд л явчихсан юм, түүнийг засах хэрэгтэй гэж үздэг л дээ, гэвч энэ талаар сүүлийн үед нарийвчлан судлаагүй, энэ тал дээр ажиллаагүй гэдгээ хэлэх ёстой, зүгээр иргэн хүний хувьд л бодлоо хэлэхэд ийм байна.
-За танд баярлалаа, Танай сургуулийн ажилд амжилт хүсье.
-За баярлалаа, танай сониноор дамжуулан Монголынхоо нийт багш нарт түүний дотор МУБИС-ийн төгсөгчиддөө бас бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.