Түрүүч № 192, 193, 196(6293, 6294, 6297) дугаарт
Бүрэнгийнх нь сургуулийн сурагч Ардын зохиолчдоо хүндэтгэл үзүүлж буй агшин
Юунаас чиг үүдээд билээ, Бүрэнгийн наадмын тухай яриа дэлгэгдсэн юм. Сумын наадам нь улсын наадмаас дутуугүй баавартай болдог гэлцдэг. Асрын өмнө хоёроос гурван зуугийн ганд айраг сөгнөөстэй. Моринд даагддаггүй асар том биетэй учир өвөл зунгүй тэмээ унадаг бухан Тангад гуай ховоон чинээ хутгуур барин, багавтар гэрийн бүрээсэрхүү цагаан халаад өмсөөд сөн түшиж эхэлнэ.
Сумын их дууч Сосорын Намхай, Цоодол найрагчийн эцэг Баясгалангийн Дөнгөт, Мял богдын сахалт, их дуут Мижидийн Бат, Хишигтийн Дэндэв, нэгдлийн үед тэмээ хариулж байсан учир тэмээ Дашням ч гэдэг, Тэрбишийн Дашням ч гэдэг, Дашням, мөн Содномын Монхор, Ондогийн Хөгөнт гээд “Түмэн эх”-ээ хэнхэр хэнхэр тавьдаг аралтай дуучдын дуугаар наадам эхэлнэ. Алдарт Сарваацуцахын их хөндийнхөө жаврыг тийнхүү жилдээ нэг үргээж нааддаг юм гэсэн. “Бөх зарлаж зүүн барууны магнайд ах дүү сумын заан Чоймбол, Дугаржав хоёр дэвээд л, шаваад л, өрөөд л. Юу нь тийм сонин байсан юм. Наадамчид харж хөхрөөд л. Мань хоёрын давахыг би хувьдаа үзээгүй. Гэхдээ заан цол хүртэл авсан хойно давж л явжээ. Гэтэл барилдаад давах хөг нь өнгөрсөн хэзээний чургархан дээрээ улам шуурч гуя нь хийссэн өвгөдөө хараад баясна, өрөвдөж уярна гэдгийн цаана монгол ухаан, уламжлал цөм байж шүү” гэж ардын зохиолч хэлсэн.
“Наадамд хүн бүхэн юу байдгаараа гоёно. Дуутын борлог гэдэг цуутай ороо морьтой, гаднаа өндөр талхиар сур элдэж хэмхэрч үхэх нь гэж хүүхдүүд айлынхан нь хориод байхад үгэнд нь орохгүй, хүмүүс аль хэдийн тоохоо больсон онгорхой хар цахиур буу үүрэн Өндөрмагнай, Арвинбор толгойгоор гөрөөс агнана гэж сүр болж бусад цагт гэрээс гарах, дээл солих нь ховор дуут Доржпалам гэдэг хар өвгөн байсан сан. Хамгийн хээгүй энэ хүн хүртэл хэдий үеийн ч юм бэ халхгар улаан чисчүү дээл багачууд бидний үзээгүй өндөр оройтой хилэн малгай тавьж, бага жороо их сайвар буурал халзан мориороо наадамд дунхалзаж хүрдэг байсныг бодоход өөр хэн эс гоёхсон билээ. Далантүрүү Гүннуур хавиар нутагтай огно Дорж гэгч шалбалзсан шар хүн яаж гайхуулж яваа нь тэр юм наадмын халуун өдөр зулбандуу минжин оройвч малгайтай, жороо зээрд морьтой олны дэргэдүүр тавьж татаад өнгөрөхөд салхи хөдөлж сэрүү татах шиг болдог сон” хэмээн өгүүлэх нь нүднээ кино шийний зураг шиг л дурайж байна.
Энэхэн яриан дундаас бухан Тангаа бүр ч их сонирхол татна. Залуудаа хязаалан үрээн дээр мордоод ууцыг нь хугалснаас хойш морь унахаа больсон түүний гар нь хүрзэрхүү, хөл нь хот цэвэрлэдэг гаапархуу гэж үзсэн хүмүүс нь хэлдэг. Хоёр метр 30 см өндөртэй, 130 кг жинтэй аргагүй л аварга амьтан байж. Цоодол багшийг багад ээж аав нар хүүхдүүдээ “Мангаад хэлнэ шүү, тэр ирээд бөөрийг чинь иднэ” гэж айлгадаг байсан нь өнөө Тангаа гэнэ. Гэвч тэр хүн мангаа биш буянтай сайхан нэгэн. Хүүхдийн бөөр байтугай хүн болсоор ганц үмх мах идээгүй цагаан хоолтон байсан гэнэ лээ, хөөрхий минь. Наадам гэснээс Бүрэндээ арав түрүүлсэн “дархан аварга” Монхорын Зандраа гэж хэлхгэр сайхан эр Цоодол ахыгаа бараадаад алхаж явна. Наян нэгэн онд халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргыг ид байхад нь сумынхаа дэвжээнд шороодуулж явсан хуйхтай нэгэн. Тэр тухайгаа “Цэрэнтогтох аваргыг тахимдаад дайрахад нь давуулаад гуядчихсан. Аварга яалт ч үгүй уначихсан. Харин бөх тайлбарлагч Алтангэрэл “аварга давлаа” гээд зарлачихав. Би тахимаа өгөхөөс өөр аргагүй. Сумын дарга, хөдөлмөрийн баатар Батмөнх гуай шагнал гардуулахдаа “шороотой бөх түрүүлчихлээ” гэж аваргад нөхөрсгөөр хэлсэн байдаг” гээд инээд алдаж байсан. Зандраа ах, Цоодол багшийн дүү Багаа гэж олондоо хүндтэй сайхан хүн, тэр хоёр л сумынхаа наадамд ээлжлээд түрүүлээд байсан гэх. Зандраа нь арав бол, Багаа нь долоо түрүүлсэн гэж байгаа.
Мөн тэртээ тавин дөрвөн онд Цоодол найрагчтай хамт Бүрэнгийн бага сургуульд нэг ангид орж байсан Чимэддоржийн Пүрэв, Хасын Батбаяр гээд ангийнх нь “хөвгүүд” ирчихжээ. Сум нэгдлийн тэрэгний жолооноос салаагүй Пүрэв гэж өндөр гуухгар шар хүн. “Би Цоодолд насаараа дарлуулж явна. Уулзах бүртээ намайгаа шоолно, ер нь насаараа намайг идэж байгаа хүн л дээ. Сая намайг юу гэнэ үү, атан тэмээ болгочихов уу. Айл нүүхдээ номхон тулхтай тэмээнд хүүхдээ ачдаг, гэрийн тооноо ачдаг, Пүрэв маань тийм л нэг номхон шар ат гэж хэллээ” хэмээн бүр нэг таашаалтай нь аргагүй сууна. “Цоодолынхоо бага насыг дэндүү мэдэх юм даа, юмыг углуургаар нь, суурь ухаанаар нь хэлдэг айхтар хэрсүү, их тохины хүүхэд байж билээ. Дөнгөт ажаа бол мөн ч наргианч, аварга дууч хүн. Ижий нь гэж налгар сайхан хөгшин. Би бол Цоодолыгоо хоёр бурхны дундаас төрсөн бурхан гэж хэлнэ” гэв. Найрагчийн гэргий Цэвэлмаагийн ангийн хүү Даваасамбуугийн Найдандорж гэж адууны хийморьтой эр бас л ханайж сууна. Гэрэлтийн хөндийд 30-аад азарга адуу багширтал нь хурааж явсан түүнийг “Адуучин Найдандорж” гэх нь бий. “Манайхан хэдэн үеэрээ баячууд байсан” гэж яриагаа эхэлнэ билээ. Тавин долоон онд Өндөрширээт суманд нэгдэл байгуулагдахад аав нь 800-гаад мал, дараа жил нь Бүрэнгийнхээ нэгдэлд 400-гаад толгой мал, мөн нэгдэлжих хөдөлгөөн ялахад бас дахиад олон зуун толгой мал нийгэмчилсэн мал буяны тэнгэртэй ийм л айлын голомтыг түшиж яваа хүн. Батлан хамгаалах туслах нийгэмлэгт цэргийн алба хааж, морин тойруулгын адууг маллаж явсан гээд үнэхээр л адууны салхинаас салаагүй. Зүү ороосон, хуучны өлзий утсан хээтэй, сайхан хараатай монгол гутал жийсэн нь нүдэнд тусав. Ялангуяа надад хараа нь их сайхан харагдсан учир сонирхоод асуутал, монгол төрийн түшээ Мэндийн Зэнээгийн ээж нь хийж өгсөн гэнэ. Мөнгө хатуу байхад Мэнд гуайн хөгшнөөс 250 төгрөгөөр монгол гутлын хараа худалдан авч, энэ олон жил гоёж яваа аж.
Энэ мэт өндөр багшийнхаа найз нөхөд тулхтай хөгшидтэй хууч хөөрч, нутгийнх нь тэнгэр дор сэтгэл бүлээн явлаа. Бүрэнгийнхний нэгэндээ тустай хүнлэг чанар юухан хээхнээс ч мэдрэгдэнэ. Очирбат даргыгаа ихэд хүндэтгэдэг юм билээ. Хүндлэхээс ч аргагүй, өнөө л луухгар өвгөдийн үргэлжлэл гэмээр нуруутай нэгэн. Цоодол багшийн шинэ ном гарах бүрийд зорьж ирж авна. “Хөеө”-г, “Талынбулагийн вант улс”-ыг, “Дэргэд холын уулс”-ыг, сүүлд “Ганзагалаа”-г нь ганзагалаад л давхисан гэж байгаа. Тэгээд Цоодолыгоо уншиж байж бүр нэг шавай нь ханадаг нь аандаа мэдрэгдсэн. Бас болоогүй, тавь жарыг худалдаж авч нутгийнхандаа тараадаг юм гэсэн. Ардын зохиолчоо тэгж баярлуулахаас өөр яанам. Хоёр сайхан үрээ үерт алдаад элгээ цөмлөн харууссан Намсрай ахыг сүүлд нас хэвийсэн хойно охинтой болоход нь “Ингэж нэг санаа амрах гэж дээ” хэмээн зүрхнээсээ дуу алдаж, өрөөндөө дуудан баярыг нь хуваалцсаныг, худаг усны Санжаа нэртэй бүхий л насаараа худгийн моторчин явсан өвгөний өнгөрөхдөө захисан үгийг бодон бодон хуучин мотортой худгийн байшинг нь нураачилгүй яваад хэн бүхэн талархдаг. Ялангуяа Цоодол нь бүр ч талархдаг байна.
“МУИС-ийн гудамжинд одоо пропускын товчоо байгаа байшинд үйлдвэрийн барааны дэлгүүр гэж байлаа. Тэнд ачаа зөөхөөс эхлээд хожим нь Налайх хотын хооронд нүүрс татаж Дундговийн Ёндон, Увсын Жамбал гэдэг хоёр өвгөнтэй ээлжлэн дэлгүүр манаж, насанд хүрээгүй гэж ажлаасаа халагдан Бүрэн сумандаа заларч хүрэхээс өөр яахав. Бүрэндээ нэгдлийн мал хариулж үзлээ. Тариа бригадад тракторчдын туслах, галч, суманд явуулын багш, Сэлэнгэ аймгийн Ширээ нуруунд улсын тэжээлийн фондод ажилтан гээд Ц.Дамдинсүрэн гуайн “Толь Гэндэн” шиг л явжээ” гэж багш минь хэлсэн. Их утга зохиолын өргөөнд орж ирэхээсээ өмнө багш минь үнэндээ хар бор ажил хийж, яах аргагүй амьдрал үзсэн, өөрийнх нь хэлснээр нүүрсний амтыг мэдэрсэн. Харин анхны шүлэг, анхны номоороо утга зохиолд цахиур хагалсан.
“Тоосоор даллан үлдсэн замын хүзүүг гажиж
Товруу адил өргөөнд айлчин болоод очвол
Тоонон дээрх сар шиг өргөө гэр нь цагаан байв
Товруу цагаан гэрийнх нь босыг алхан орвол
Тогоо дүүрэн мэлтийх сүүний нь өнгө цагаан байв
Тогоонд байгаа сүүнээсээ аяга дүүрэн барьсан
Тормогор нүдэн бүсгүйн сэтгэл бас цагаан байв
Тоотой насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ
Хаяа өргөн талдаа туургалж буусан тэнгэр
Халуун эвийн бэлгэдэл далбаа адил цэнхэр байв
Халуун эвийн бэлгэдэл далбаан дороос тулсан
Хаш суурь шиг уулсын дасал өнгө нь цэнхэр байв
Хаш суурь шиг ууландаа үе улиран нутагласан
Хайртай аавдаа миний хоёр гардан барьсан
Хадагны минь өнгө далайн ус шиг цэнхэр байв
Хамаг насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ…” хэмээх “Нутгийн зургаан өнгө” тэргүүт шүлгүүдийг нь барагтайд үг унагадаггүй дорнын их Явуу “Цог” сэтгүүлд “…уран бүтээл нь өсөн дэвжиж байгаад чин зүрхнээс баярлаж байна” гэх халуун сэтгэлийн үгтэй гаргаж, удалгүй яруу найргийн ном нь гарч их утга зохиолын өргөөнд “Явуугийн шавь” хэмээн цоллуулж дуутай шуутай орж ирсэн. Багшийн минь тухай бичээгүй цоллоогүй, зүрхнийхээ үгийг хэлээгүй хүн ч гэж ховор доо. Монголын утга зохиолд дүнжгэр сайхан хүрээллийг бий болгож, бүхий л амьдралдаа ерөөлийн үгийг од эрхэс шиг хүмүүний сэтгэлд булхуулж иржээ.
Бажуудайн Ганбат гэж нэртэй судлаач, ёстой уул шиг сайхан хүмүүн. Багштай минь олон жил нөхөрлөсөн гэдэг. Бишгүй ч олон юмны бөглөө мулталсан байх. “Цоодол насан туршдаа өсөж ирлээ. Энэ бол найрагч бүрт оногдох хувь тавилан биш” гэж Долгорын Нямаагийн хэлснийг Ганбат нь хэлэх дуртай байсан. Агуу их Лодойдамба гуайг, хорьдугаар зууны манлай роман “Тунгалаг Тамир”-ыг судалж нэрийн хуудсаа болгосон тэр эрхэм хориннэгдүгээр зууны босгон дээр Дөнгөтийн Цоодолыг судлан ном болгож гаргасан.
Ерээд оны дундуур Цоодол аваргыг “Ардын эрх” сонины хамт олон, мянга мянган уншигчид төрийн шагналд нэр дэвшүүлэхэд зохиолч нөхөд нь бүгд талархан хүлээж авчээ. Нэгнийгээ шагналд нэр дэвшихэд манайхан матдаг байсан гэх. Би мэдэхгүй л дээ, тийм л яриа дуулддаг. Харин багшийг минь матах нь байтугай бүгд магтсан байдаг юм. “Илүү гэр”, “Цэцэг нялхарсан зун” гээд өгүүллэгээрээ зартай “сарзаан” буюу Жанчивдоржийн Дашзэвэг “Болор цом”-д гурав түрүүлсэн, Ноён хутагт Равжаагийн наадамд мөн л түрүүлсэн, Батлан хамгаалах яамны сэлэм өгдөг наадамд бас л магнайлсан Цоодолыгоо монгол найргийн дархан аварга гэж цоллоод “Цоодолын ингэж хийморьтой байгаа нь аз эзийн асуудал биш ээ. Ердөө л хүчээр ааглан бярдаж байна. Олон өнгө эгшгийн тансаг монгол найргийн цэцэрлэгт тэрээр аж байдал иргэний уянгад нэгэн талаас нь урагш ахиулсан өөрийн хувь нэмрийг даацтай оруулж байгаад энэхүү ааглаж бярдаж байгаагийнх нь увдис оршино. Шүлгүүд нь эгэлхэн үнэнийг амьд зураг, ухааны хэлхээсээр нүд сэтгэлд харагдтал дүрслэн учирлаад өнгөрөх төдийгүй, дараа нь бодлоос салахгүй зүрх өвтгөн байн байн эргэн санагдаж шаналган байх нь түүний гүн ухааны хүч” гэж хэлсэн сэн. “Болор цом” гэснээс ерэн гурван онд хоёр дахиа түрүүлсэн наадмынх нь дараа Ерөнхийлөгч Очирбат гуай “…Дээврийн минь цоорхойг эх орны минь үүл нөхнө
Дээлийн минь товчийг хөх тэнгэрийн од орлоно
Дэнжийн минь чулуу цэцгийн шүүдэр тоогоороо бол
Дэлхийн маргааш надад юу дутах юм бэ
Ядрах тусам нь би Монголоо илүү хайрладаг
Яагаад гэвэл энэ чинь миний юм аа
Ямар их хайртайгаа яагаад хайрлах болсноо
Яг хэлчихье гэхэд тэнцэх сайхан үг л дутна
Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэхийн сэтгэл надад дутахгүй
Дахиад чиний төлөө үхэх хоёр дахь амь л дутах юм даа” хэмээх шүлгийнх нь эдгээр мөрүүдийг үндэсний телевизээр шууд цээжээр хэлж байсан удаатай. Тэгж л дуулиан шуугиан тарьж байжээ. Дамбын Төрбатынх нь хэлснээр “Дөнгөтийн Цоодолын тэсрэлтийн он жилүүд” нь тэр буюу.
“Харь холын газар замын эрхээр очсон
Хангал сайхан хүлэг шөнөдөө гүйдэг нутаг минь
Ханагар дэлхийн уудмаас энэхэн биед заяасан
Халуун зүрхний уяа эх орон та минь
Уудам хорвоод амьдрах хүний хувь зохиолоор
Уран цагаан өргөөндөө хүүхэд балчир ирэхэд
Уураг сүү шиг агаараа эхийн сүүтэй амсуулж
Ухаан суулгам тэнгэрээ тооноор харуулсан газар
Чихэр бурмын амттай урьхан хонгор салхинд нь
Чин халуун сэтгэлийн увдис шингээсэн орон
Чийг шимийн дээжтэй цэн цэнгийн бороондоо
Чийрэг залуу нас цэцэг дагуулсан газар
Босоо гэгддэг бөх шиг уулсын тэнүүн чөлөөгөөр
Болор толийн адил ус нуур нь цэлэлзсэн
Болд дугуй тогшсон ган замын хажуугаар
Болц гүйцсэн тариа газар шүргэн суялзсан
Амьдрах энэхэн насандаа жаахан ч холдохын аргагүй
Азтай миний өлгий жаргалтай дэлгэр орон минь…” шүлгийг нутагт нь уншиж явлаа. Тэртээ далан дөрвөн онд утга зохиол судлаач Гомбын Жамсранжав “Үнэн” сонинд ажиллаж байхдаа “Эх орны шүлэг хэрэгтэй байна, чамд бэлэн юм байхгүй биз” хэмээн асуухад нь шууд тэр дор нь бичээд өгсөн гэдэг юм. Цоодол гэдэг ийм л онгодтой найрагч. Гэхдээ мань мэтийн жулдрай юу хэлэх вэ. “Тэр шүлгээ унших нь “Сүнжидмаа” хэмээх ардын дуу дуулж байгаа мэт надад санагддаг. Монгол шүлгийн аялгуу хөгжим, эгшиглэн, уян налархай, дээш доош цохилго гэж юу болохыг мөн үе нугалаа дагнаас, орхиц, цэг таслалыг ч нарийн мэдрэн гаргаж олон өнгийн шингээлттэй уянгалаг хоолойгоор сонсголонтойгоор хүний сэтгэл рүү хөвүүлж өгдөг” гэж Жав нь (До.Цэнджав) хэлсэн.
Ийм л халуун дулаан яриа өрнүүлж багшийнхаа Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ. Булгийн эхэнд намаржиж буй Дамбадаржаагийнд шөнө дөл болтол найрлаж, Талынбулагийн цагаан шөнийг мэдрэн оддынх нь дор уяран зогсож, Багаа ахынхаа гэргий Чимгээ эгчийн ятга шанзны эгшигт сэтгэл бөмбөрөн, дууны сайхан аялгуунд мөн чиг жаргасан. Онгонхайрхандаа мөргөөд хөдлөхөд багш минь “Гунан хар”-ыг аялсан сан. Бүрэнгийн хонгор намрын хийлийн чавхдас шиг эгшиглэнт өдрүүд миний амьдралын баяр баясгалан байлаа. Үргэлжид ч тийм байх биз ээ.