Юваль Ной Харари гэдэг еврейн түүхч эрдэмтний бичсэн “Хүн төрөлхтний товч түүх” гэдэг номыг дэлхийн 26 хэлээр орчуулан гаргажээ. Энэ ном шуугиан тарьсан юм. Хүн төрөлхтний түүхийг танин мэдэхүйн хувьсгал, хөдөө аж ахуйн хувьсгал, шинжлэх ухааны хувьсгал гэж гурав хуваан харуулсан. Хүн төрөлхтний түүх 70 мянган жилийн өмнөөс танин мэдэхүйн хувьсгалаар эхэлж, 12000 жилийн өмнө хөдөө аж ахуйн хувьсгалаар хурдасч харин ойролцоогоор 500 жилийн өмнө эхэлсэн шинжлэх ухааны хувьсгал хүн төрөлхтний түүхийг төгсгөж огт үзэгдэж дуулдаагүй үйл явдлын эхлэл болж болзошгүй байна гэж үзжээ. Хүн төрөлхтөнтэй төстөй амьтан ойролцоогоор 2,5 сая жилийн өмнөөс үүссэн байна. Тэр үеийн хүн бол байдаг л нэг амьтан байжээ. Ер нь бол зургаан сая жилийн өмнөөс нэгэн эм бич хоёр охинтой байсны нэг нь хүн дүрст бичнүүдийн өвөг дээдэс, харин нөгөө нь бидний элэнц эмээ л байсан бололтой. Гэхдээ хүн төрөлтнүүд олон салаа болон хөгжсөн, Европ чигт неандертал хүн, Ази хавьцаа Homo erectus буюу босоо явагч хүн байсан аж. Энэ босоо явагч нар дэлхий дээр маш удаан хугацаанд амьдарчээ.Тэд хоёр сая гаруй жил оршиж байсан. Тэгвэл манай Хомо сипиенсүүд дөнгөж далаад мянган жил болсон гээд бод доо. Мөн Индонезын Флорес арал дээр нэг метр хүрэхтэй үгүйтэй өндөртэй 25 кг гаруйхан жинтэй хүмүүс амьдарч байсан. Тэд гэхдээ чулуун зэвсэг хийж заан хүртэл агнаж чаддаг байв. Хоол тэжээлийн дутагдлаас болж том хүмүүс нь турж үхсээр байгаад жижиг биетэйнүүд нь үлдсэн юм гэсэн. Заан нь ч бас нэг хонь шиг давжаа юм байжээ. Мөн Сибирьт денисовын хүн гэж бас байсан гэхчлэн энэ дэлхийд хэдэн төрлийн хүмүүн төрөлхтөн байсныг тоолж барахгүй гэж үзжээ. Хүн дэлхийн амьтдаас хамгийн том тархитай. Гэвч сүүлийн хоёр сая жил энэ тархи байсаар л байсан. Түүнийг хүн зөвхөн чулуу ирлэх, мод үзүүрлэхэд л ашиглаж байсан. Саяхнаас л буу шийдэм, хутга жад, нум сумтай болсон. Чухам яагаад хүн ийм том тархитай болсон учрыг хэн ч мэдэхгүй гэнэ.Байгалийн зүй зохилдлогоор хоол тэжээлийн оройд байсан амьтад маш олон жилээр аажим хувьсаж байж үүнд хүрдэг. Тийм болохоор байгальдаа ээлтэй бусад бүх амьтад түүнд зохицсон аюул сүйтгэл зүй зохисоороо л хор хөнөөл багатай байдаг. Хүн бол гэнэт л тэр өндөрлөгт ухааныхаа хүчээр гарсан. Энэ нь байгалийн хуультай зөрчилддөг. Хүн өөрөө ч үүндээ зохицож чаддаггүй байгаль орчин сүйтгэх, ан амьтанд хорлонтой, алж барагдуулсаар ирлээ. Хүн ийм хүчирхэг болон хувирахад гал маш чухал нөлөө үзүүлсэн аж. Хоол болгож идсэнээрээ гэдэс нь богиносч тархинд илүү их тэжээл очдог болсон. Урт гэдэс, том толгой хоёр цуг орших арга байдаггүй. Хүний энэ олон төрлөөс ганц хүн төрөлхтөн яагаад үлдэж хоцорсон бэ. Тэд хэл яриатай болсон. Гэхдээ энэ нь нэг их онцгой ч зүйл биш. Бүх амьтад, мөн бусад хүн төрөлхтөн ч хэл яриа дохио зангааны хэлтэй. Харин бид л зөвхөн бүх нийтийг хамарсан үзэл суртал зохиож бүгд тэрэндээ нэгдэж чаддаг онцлог нь л энэ дэлхийн хоол тэжээлийн оройд гаргахад тусалжээ. Дэлхийн амьтад ч хамтран ажилладаг, зарим нь бүр хүнээс ч илүү зохион байгуулалт сайтай. Ганцхан хүн л хойд насандаа диваажинд очно гэдэг домог зохиогоод түүндээ үнэмшээд түүнийхээ төлөө юугаа ч золиосолж чаддаг онцлогтой амьтан. Сармагчинд чи хойд насандаа диваажинд очиж цул гадил дээр амьдарна гэж хэлээд түүний идэж байсан гадилыг авах гээд үзвэл барьж идүүлээд дуусна. Хүний энэ онцгой чадвар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн онцлог юм гэж номонд бичжээ. Мөн хүний оюун санааны цаглашгүй шунал тэмүүлэл, хүсэл мөрөөдөл эцэстээ хүн төрөлхтөн буюу Хомосапиенсыг устгана гэж уг номонд дурджээ. Энэ бол зайлшгүй болох зүйл гэнэ. Одоо шинжлэх ухаан хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа, генийг өөрчилж чадаж байгаа, бионик эрхтэн хийж байгаа зэргээс харахад хүн төрөлхтөн ирээдүйд маш их хувьсан өөрчлөгдөх аж. Тэд хүний багаж техник зэвсгийг биш, түүний сэтгэлийн хөдөлгөөн хүсэл сонирхлыг, улмаар өөрийг нь бүхэлд нь өөрчлөхөд оршиж байгаа юм. Бусад амьтантай бодлоороо шууд харилцдаг, анхаарал төвлөрөлт, ой тогтоолтоороо биднээс мянга дахин илүү, огт уурладаг ч үгүй, гунигладаг хэр нь бидний төсөөлөхийн аргагүй сэтгэлийн хөдөлгөөн хүсэл мөрөөдөлтэй, мөнхийн залуу боловч өсч үрждэггүй, бэлгийн харилцаагүй киборг хүн үүсч магадгүй аж. Бид ийм тохиолдолд шинэ эрин рүү маш хурдтай ойртож байж магадгүй, тэр цагт өнөөг хүртэл бидний ертөнцөд утга учир өгсөн бүх ойлголт эр эм хүн, би, та, хайр дурлал, үзэн ядалт хүчин төгөлдөр байхаа болино. Тэр цагаас хойш үүссэн бүхэн ч бидний хувьд утга учиргүй болно гэжээ.
Author: Дашдаваагийн Мөнхжаргал
Монгол: 11 үгээр
Түрүүч нь №233(6334) дугаарт
НУУЦ НҮҮР
Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.
ЛООХУУЗ БА ЗАНГИЛАА
…Тийм, гэхдээ үгүй гэдэг нь ийм учиртай. Тэртээ 1990-ээд оны эхээр “Соцдек намын байр” буюу Соёлын төв өргөөний шилэн хүзүүвчинд, социализмын үеийн амьд домог болсон “эсэргүү” Ц.Лоохууз гуай үе үе ирж, хууч дэлгэдэг байлаа. Тэрээр ХХ зууны дал наяад оны “үндэсний нууц баатар”-уудын нэгэн байлаа. Нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал даргыг зориглон шүүмжлээд ажлаасаа халагдан, нутаг заагдсан, улмаар бүх нийтээрээ өмчгүй ядуу байх дүрэмтэй нийгмийн зарчмыг зөрчин хөрөнгөжсөн шалтгаанаар шоронд хоригдсон Лоохуузыг хүмүүс домог мэт хэлэлцэнэ. Нам төрийн алдаа дутагдлыг заасан ганц нэг амин яриаг “Лоохууз тэгж хэлээд буруутсан гэж байгаа. Хүнд битгий хэлээрэй” хэмээн итгэсэн нэгэндээ дуулгах энүүхэнд. Тэрээр авторитар дэглэмийн золиос болон цөлөгдсөн ч “Цэдэнбалын эрин үе” дууссаныг тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийг удирдан батлалцах ер бусын хувь заяатай нэгэн.
-Ю.Цэдэнбалыг шүүмжилж, цөлөгдөж байх үедээ би юун ардчилал, яасны чинь чөлөөт зах зээлийн тухай бодох билээ? Түүнийг төсөөлөхтэй манатай байсан. Бидний үеийн сэхээтнүүдэд Зөвлөлтийг давуулж харах, Марксизмыг шүүн тунгаах сэтгэлгээний боломж гараагүй байсан цаг шүү дээ. Социализмаа л илүү шударга, сайн болгох гэж бодож мөрөөдөж явлаа гэж хуучлах түүний яриа итгэл төрүүлдэг байсан юм. Түүний үе тэнгийн зарим зүтгэлтнүүд, 1990-ээд оны эхээр чөлөөт зах зээлд шилжиж эхэлсэн Монголын төр засгийг дуртайяа удирдалцан, “Би чинь, социализм байгуулангаа нууцаар зах зээлийн эдийн засаг судалж байлаа” гэж хүртэл ярилцлага өгдөг байсны хажууд өвгөн Лоохуузын үг үнэн болоод шударга сонсдоно.
Тэрээр нэгэнтээ,
-Суурин иргэд, нүүдэлчин хоёрын хандлага уяа зангилаан дээр хүртэл харагддаг. Орос хүн байшин барихдаа “Энэ байшинд би насаараа амьдарна, аягүй бол үр ач маань ч суухыг хэн байг гэх вэ” хэмээн бодож, хадаас, углуургаа бөхөлнө. Харин гэр барьж байгаа монгол хүн оосор бүчийг “Хэд хоноод нүүх гэтэл тайлагдахгүй чивчрээд түвэг удах вий” хэмээн болгоомжилж, алдуурахад амархан, хөвөрхий зангидна. Энэ хоёр хандлага бидний ажил хэрэгт, бүтээн босголтын чанарыг тодорхойлдог. Тиймээс ч орос хүний барьсан барилга, монгол хүний босгосон байшин хоёр ялгаатай болдог гэж ярьж билээ.
Нүүдэлчид уяа зангилааг “Хөвөрхий” ба “Үхүүт(үхлүүт)” гэж ангилдаг. Эдгээрийн ялгааг, агшин зуур алдуурч тайлагдах ба удах тусам хөвчрөн чангарч, батжих уяа гээд ойлгож болно. Хөвөрхий зангилааны оргил нь бод мал, гол төлөв адуунд хэрэглэдэг “Тооно туших”, бог малд хамаатай “Хонин холбоо” юм. Алин ч гэсэн ганц л үзүүрээс татахад тушаатай морь суларч, олон арваар нь холбосон хонь чөлөөлөгдөх боломжтой.
Ерөөсөө ч гэр ахуйн зүйлсийн болон малын тоног хэрэгслийн уяаг тайлахад амархан, ганц үзүүрээс татахад л бүгдээр хөврөн тайлагдахаар зангиддаг. Жишээлэхэд, цулбуурын үзүүрээр туших бол морийг түр зуур маш найдвартай уях арга. Мал руу нь чоно дайрах юм уу, гэнэт довтолсон дайсны бараанаар агшин зуур мориндоо мордох хэрэг гарлаа гэж бодъё. Монгол хүн ухасхийн босч, мориныхоо нуруунд алавхийн гарангаа, цулбуурын үзүүрээс татан тушааг тайлаад агшин зуур давхин одох боломжтой.Харин, морио тушихдаа “үхүүт” зангидсан бол чоно хэрхэн малыг нь барихыг дэмий л ажиглан харах, довтлон ирэх дайсныг “намайг зовоолгүй шиг алаасай” гэж залбирахдаа л тулна.
Иймээс “Хөвөрхий зангилааны онол” нүүдэлчин монгол хүний амьдралын философи байв. Нүүдэл бол маневр. Гэр орон, аж төрөл, амьжиргаа нь цаг ямагт маневр хийхэд бэлэн байх ёстой. “Монголын нууц товчоо”-нд бичсэнээр бол суурин иргэд “Шавар гэртээ шавааралдан суух” тул ямар ч маневр хийх чадваргүй, эзлэн устгахад амархан аж. Өөрөөр хэлбэл, тэдэнд хөвөрхий зангилаа байхгүй, аж төрөл ёс суртал нь “үхүүт зангилаа”-гаар бэхлэгдсэн хэрэг. (Гэтэл, ёс суртахууны нийтлэг, амь наснаас давсан нэр төр ба үзэл санаа нь мөнөөх “шавар гэрт” л соёлсон ургамал ажгуу)
Хөвөрхий зангилаа нь монголчуудын төрийн байгуулал, нийтлэг үзэл санаа, үнэт зүйл бүрдэх явцад ч нөлөөлсөн байж болох талтай. Бүдүүвчлэн хэлбэл, нэг уяаг нь тайлахад бүрэн хөрвөх боломжтой улс төрийн байгуулал, айн???
Саяхны түүх. 1990 оны 1 сарын 21-нд болсон Ардчиллын талынхны жагсаал “Коммунизмын эцгийн нэг В.И.Лениний нас барсан өдөр”-тэй таарсан юм. Жагсаал цуглаан зохион байгуулагчдын уриалгаар, хурсан олон В.Лениний дурсгалыг хүндэтгэн хөхөө өвлийн хүйтэнд малгайгаа авцгааж, ердөө маргаашаас нь “их багш”-ийнхаа суртлыг нураалцах нигууртай 50.000 толгой цан хүүрэг савсуулж байлаа. Үнэхээр ч хэдхэн хоногийн дараа монголчуудын социалист гэрийн бүслүүрийн нэг хөвөрхий үзүүр татагдаад нуран унасан билээ. Хэн ч гайхсангүй, эргэлзсэнгүй. Ердөө л жирийн нэг нүүдэл хийсэн айлын ёсоор капитализмын шинэ бууцанд гэрээ барьж эхлэвэй.
Амьдрал нь маневр болсон нүүдэлчид нэг үзэл санаа (ёс суртахуун, нийтлэг үнэт зүйлс бүрдэх), нэгэн хэвийн үргэлжлэх тогтоц (социалист дэглэм, эсвэл ардчилал) сэлтэд дасах дургүй болсон юм биш биз? Тэд хотшил, нийгмийн тогтоц, төрийн системээ нэг л өглөө хөвөрхий үзүүрээс нь татан буулгаад нүүн одоход бэлэн, гагцхүү зохистой цагийг хүлээн суух учиртай гэсэн итгэл үнэмшилтэй хэвээрээ бол яах вэ?
ҮЗЭЛ САНААНЫ УЛИРАЛ
Тийм ээ, хээр тал нутаг үенгийн өнгийг тодорхойлсон шигээ нүүдэлч монголчуудын зан суртал, үзэл санааг бүтээлцсэн билээ. Тал нутгийн дөрвөн улирлын эрхээр үен үснийхээ өнгийг сольдог бол монгол хүн аж төрлийнхөө хэлбэрийг өөрчилнө. Өвлийн цагт тундрын уугуулуудаас эгээ үл ялгагдана.
Гэхдээ, хүйтний асуудлыг шийдэх нь малчны зорилт биш. Харин хүйтнийг даван туулах нь гол зорилго. Шийдэх, аргалаад өнгөрөх хоёр бол шал өөр сэтгэлгээ бөгөөд өөр өөр сэдэл өгч, тус тусдаа шийдэл төрүүлдэг. Гэрийг зөвхөн өвөлд зориулан дулаалж болохгүй, учир нь хавар, зун хүлээж байгаа. Иймээс үүрдийн дулаан гэр бүтээсэнд орвол, түр зуурын хүйтнийг даадаг, маш амархан хувиргаад халуун дулаан тохиромжтой сэрүүн ордон болон хувирдаг байх нь чухал.
Зуны монгол хүнийг харвал аз жаргалдаа умбасан, найр наадам хэссэн, сайхан “шоучин гар” харагдана. Монгол орон их далайгаас ангид боловч “зугаа-парти”-ны сэтгэгдлээрээ Газрын дундад тэнгисийн цэнгээнт эрэг, элсэн хаялгын уур амьсгалтай болчихно. Хээр тал үенгийн арьсыг зуны өнгөнд зохицуулсан шигээ монгол хүний амьдралын хэмнэлийг зугаа цэнгэлийн мөчлөгт татан оруулна.
Монгол хүний амьдралд хандах хандлага ямар байхыг Монголын байгаль л шийджээ.Нүүдэлчдэд сэтгэл зүрхээ өгч судалсан эрдэмтэн, ажигч гярхай Г.Рамстедт хүртэл “Зуданд мал нь үхээд байхад монголчууд ямар ч арга хэмжээ авдаггүй. Зүгээр л харсаар байгаад үхүүлдэг” хэмээн гайхширсан байдаг. Энэ мэтээс уламжлаад, “нүүдэлчид залхуу учраас малдаа хадлан өвс бэлтгэдэггүй” тухай номлолыг суурин иргэдээс гаргажээ.
ХХ зуунд тал нутгийн социализм байгуулагчид энэхүү дутагдлыг бут ниргэхээр шийдсэн байдаг. Ингээд улс даяараа өвс хадлан бэлтгэх кампанит ажил өрнүүлж, улсад хураан авсан мал сүргийг өвөлжин тэжээх болжээ. Хадлан тэжээл бэлдэх мэргэжлийн байгууллага болох Мал аж ахуйн машинт станцаас эхлээд тэжээлийн аж ахуйгаар дагнасан “сум-аж ахуй” хэмээх засаг захиргааны нэгж хүртэл бий болов. Ингэж тэжээгээд байтал нэгдлийн мал 24 сая толгойгоос дээш гаралгүй гучин жил болж, социализм нурав.
Малын тэжээл, хадлан төрийн бодлого байхаа больсноос хойш харин ч мал сүрэг өсч, 60 орчим сая толгойд хүрчээ. Философи нь “юманд бэлдээд дэмий”, бүүр нарийвчилбал “хуримтлал хэрэггүй” гэсэн логик. Ийм болоод л монгол айлын ч, Монголын засгийн газрын ч философи нь: “хуримтлуулахдаа биш хэрэглэхдээ”, “олдсон дээр нь идээд дуусгахгүй бол нохойн хоол болно”, “хэрэглэж амжаагүй бол хайран юмаа хаяад нүүдэг юм шүү, хүү минь” гэсэн өгүүлбэрүүдэд л багтаж байгаад гайхах хэрэггүй. Саяхны (2010 аад оны) эдийн засгийн түр сэргэлтийн жилүүдэд олсноо хувааж ядахдаа “эр хүн болж үзэж авгай авсны мялаалга”, “Монгол Улсын иргэн болсны шан” болгон үрээд дууссан нь яг л ачаа бараагаа бушуухан хөнгөлж байгаа малчны араншин бөлгөө. Олсноо бушуухан хэрэглэж дуусах аргаа олж ядсан дээрх ажлын нэр нь арай боловсронгуй “Шинэ гэр бүлийн тэтгэмж, хүүхдийн мөнгө” гэхчлэнгийн соёлч боловсон байгаа л даа. Гэхдээ л яг логик дээр нь очих юм бол “тогтмол секс хийдэг болсны, улмаар тогтмол сексийн үр дүн гарсны л урамшуулал” л даа.
За, энэ ч яахав, өвс хадлан ярьж яваад нөхөн үржихүй рүү орчихож. Өвс бэлтгэх кампанит ажлын үнэн төрхийг илтгэсэн нэгэн хэллэг монгол хэлний үгсийн санд үлдсэн нь “Өвс зулгаах”, “өвс түүх” бөлгөө. Түүх, зулгаах гэхээр ширхэглэн хуримтлуулах, нэг нэгээр цуглуулах талын юм бодогдож байгаа бол зөв өө.
Орхон, Сэлэнгийн бэлчир хавийн нутгийг эс тооцвол, хээр талын өвс нэн тачир, техникээр байтугай гар хадуураар хадах ургац маш ховор. Иймээс хадны завсар, довны оройгоор ургасан өвсийг бараг л нэг нэгээр нь зулгааж, түүсээр хадлан бэлтгэх төлөвлөгөө биелүүлнэ. Малчин иргэд, сурагч, оюутнууд намар болгон нэг шуудайгаас доошгүй хэмжээний өвс зулгаан тушаах үүрэг хүлээх болсон нь энэнтэй холбоотой.
Зүгээр л хэллэгээр нь төсөөлөөд үз л дээ, үсийг авдаг, сахлыг зулгаадаг. Өвс зулгаах үнэн ярвигтай, хэрвээ таныг , ялангуяа монголчууд шиг ургацгүй эрүүтэй хүний сахлыг зулгаасаар нэг шуудай дүүргэнэ гэвэл ямар байх бол?Иймээс, нүүдэлчид мянганы турш өвс зулгаан түүхээс хол хөндий иржээ. Энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь юм.
Нөгөө талаасаа, ургац ихтэй нуга хөндий олдоод маш их хадлан авчээ гэж бодъё. Гэтэл өнтэй жил болоод түүнээ хэрэглэхгүй өгөршүүлээд хаявал хайран хөдөлмөр болно. Бүүр “харын зуд” буюу цас бага унаснаас мал усгүйдэх аюул нүүрлэж өвс хураасан өвөлжөө байтугай нутгаа орхин нүүж отор хийж болно. Угаасаа монгол хүн өвлийг давах гэж байгаагаас бус өвлийн асуудлыг шийдэх гэж байгаа юм биш. Иймээс өвлийг хуурах хэрэгтэй. Тийм ээ, асуудлыг хуурах замаар давах…
ХХ зууны эхэн дунд үеийн монголчууд хувьсгалт аллага, өмч хөрөнгийг нь булаан хураасан хүчирхийллийг яг ингэж харсан юм. Бүгдтэй түр зохицоод, аргалаад ард нь гарах ёстой. Ямар ч хатуу өвлийн цаана урин хавар, залгаад дэлгэр зун хүлээж байдаг. Дулаан дээлээ өмсөж аваад давах л ёстой, тэрнээс биш өөрийн зам, өөрийн араншинтай өвөл, хүйтэн хоёрыг шийдвэрлэх гэж мугуйдлах хэрэггүй. Угаасаа, байнгын өвөлтэй газар амьдрах ч гэж байгаа биш.
Яг түүн шиг хувьсгалт хүчирхийлэл, социализм байгуулалт хоёрыг монголчууд улаан дээл өмсөөд гэтлэхээрээ шийдсэн юм. Тал нутагт үнэн хэрэгтээ тууштай марксист, үнэнч коммунист үнэндээ байсангүй. Тэнд зүгээр л, марксизмаар эсгэсэн нэхий дээл өмсөөд коммунизмын зудтай өвлийг гэтэлж яваа нүүдэлчид байлаа.
Харин 1990 онд дэлхийн социалист систем нуран унаж, Монгол орон хувь зохиолын эрхээр ардчилал, чөлөөт зах зээлийн замд орлоо. Монголчууд Марксизмын улаан өвөл нэгэнт өнгөрснийг хараад, урин хавартай золгосон нүүдэлчний зангаар марксист дээл тайлан чулуудлаа.
Тэдний дотор ясны марксист байтугай, даян дэлхийн хувьсгалд гэнэхнээр итгэж явсан гэхээр хүн ч бараг харагдсангүй. Тал нутгийн нүүдэлчид төрөлхийн эрх чөлөөнд дурлагчид, эхээс төрөхийн ардчилагчид байсан байж таарав. За энэ ч яахав гэтэл…
За энэ ч яахав гэтэл, ардчиллаар замнах, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцаа мөн л улирлын байдал мэт үнэлж эхлэв. Түүгээр ч барахгүй “хэзээ ардчилж дуусах”, “нэг л өдөр зун дуусч, өвлийн улирал эргээд л ирдэг шиг, ардчилал хаахна дуусч, дэглэм хэдийд эргэн ирэхийг сонирхож” эхлэх нь тэр.
Тал нутгийн дөрвөн улирлын аль нэг нь урт үргэлжилбэл мал аж ахуйд хортой байдаг. Зун хэтэрхий сунавал намар шахагдаж богиносоод, малын тарга тогтох үе багасч хохирно. Намар хэтэрхий уртасвал намаржааны бэлчээр хомсдоно, өвөлжөө нь усгүйдэх нүүж очих аргагүй болно гэх мэт. За, хахир хатуу, урт хавар бол ярих ч юм биш. Ийнхүү, улирал бүрт сунах, уртсахын хор хөнөөл бий.
“Яг түүн шиг” хэмээх телевизийн шоуны нэр санаанд ордог нь нүүдэлчид маань ардчилал, зах зээлийн тогтоцыг яг л жилийн улирал шиг санаж, түүнд дасан зохицохын оронд даван туулаад цаана нь гарахыг хүлээж байгаа юм биш байгаа? Ардчилал, эрх чөлөө сайхан уу гэвэл сайхаан. Гэхдээ л сайхан зун ч гэсэн хэтэрхий урт үргэлжилбэл яадаг билээ дээ, хүүхээ!
ТИЙМ, БАС ҮГҮЙ ГЭДЭГ НЬ
“Нууц товчоо”-нд өгүүлснээс үзвэл, монголчуудад гэмт хэрэгтнийг ял эдлүүлэх шорон байтугай, сэжигтнийг түр саатуулах байр гэж байсангүй. Иймээс, Таргудай бээр олзлон авчирсан Тэмүүжинг айл айлд нэг хоног хадгалуулан саатуулдаг. Монгол гэр нь өвөл зуны универсаль сууц, агуулах, төлийн байр болохоос гадна хэрэгтэй цагт шорон болон хувирдаг айхавтар хөрвөх чадвартай эд ажгуу. Эзэд нь ч бас агшин зуур хуяг харгалзагч болон өөрчлөгдөнө. Гэвч хэтэрхий олон функцтэй багаж эвдрэх нь амархан байдгийн нэгэн адил гэр нь шоронгийн үүрэг гүйцэтгэх боловч найдвар муутай эд аж, ялангуяа эзнийх нь сэтгэл хоёрдмол бол. Ингээд Тэмүүжин гэр-шоронгоос эзнийх нь оролцоотойгоор оргон зайлна.
Энэнээсээ болоод хэдхэн төрлийн ял шийтгэл байсан нь толгойг авах, эсвэл зодох ташуурдах зэргээр газар дээр нь ял шийтгэл эдлүүлээд тавьж явуулах байв. Гэм зэм хоёр таарах нь ч байдаг л байх, гэхдээ нэг бол ял завшуулна, эсвэл хэлмэгдүүлнэ.Уртаашаа хоёрхон ял шийтгэл дээр хууль цааз, ёс суртахууны цогцлол бүрдэх хэцүү.
Ялсан тал дүрмээ тулгах учраас нийтийн үзэл суртал, ёс суртахууны нийтлэгийн тухай яриад яах билээ. Чингис хаан хараахан болоогүй явсан Тэмүжин хүү ердөө “хоол хүнс булаалдсан” гэх шалтгаанаар эцэг нэгтэй дүүгээ харван ална. Тангарагт анд Жамуха, өнчин явахад нь эцгийг нь орлосон ачит Ван хаан бүгд түүний гарт амиа алдана. Ийм нутагт ёс суртал бус, сэлэм жад л ноёлно.
Оройлон захирагч нартаа албат цэргүүд үнэнч байдаг нь ёс суртахуунаас арай өвөрмөц агуулгатай. Талын дайчид илүү их олз омог цуглуулан хуваарилж чадах нэгнээ бараадаж, зүтгэл оролцооныхоо хэрээр дайны хишиг хүртэнэ. Бизнес сонирхол нь үнэнч байдалд хөтөлж байгаа юм биш үү?
Тийм ч учраас орчин үеийн судлаачид Чингис хаан ба түүний байлдан дагуулалтыг цэрэг дайны утгаас илүүтэйгээр бизнес менежмэнтийн арга талаас нь судлах болсон билээ. Үнэхээр ч тэрээр, байлдан дагууллаа өөрийн жанждаас эхлээд жирийн цэрэг, холбоотон хамтрагчдад хүртэл ашиг унацтай бизнес болгон хөгжүүлж байсан нь энд ярих сэдэв биш юм.
Дайны хууль дүрэм голлосон тал нутагт ёс суртахууны өвөрмөц хууль үйлчлэх нь дамжиггүй. Овог аймгаа, гэр бүлээ ямар ч хамаагүй үнээр авч үлдэх нь тал нутгийн оршихуйн гол дүрэм байлаа.
Үргэлжлэл бий
Зураг дээр: Урд эгнээний зүүн гараас эхнийх нь Т.Баянжаргал. 1980-аад оны эхэн үе
Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчин, дасгалжуулагч багш, хөтлөгч найруулагчаар 20 гаруй жил ажилласан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Баянжаргалтай ярилцлааа.
-Дэлхийн алдарт балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож өнгөрлөө. Уг балетын дэглэлтийн гэрчийн хувьд энэ тухай танаас асууж буй юм?
-Эхлээд уг балетын үүсэл хөгжлийн тухай ярья. Анх Т.Готе сүнсний тухай үлгэр уншаад үүнийг балетаар үзүүлбэл ямар гоё болох бол гэсэн санааг Ж.Сен-Жоржид хэлэхэд дуртай зөвшөөрч, энэ балетын цомнолыг хамтран бичсэн түүхтэй юм билээ. Энэ цомнолоор 1841 онд Ж.Перо, Ж.Коралли балет дэглэсэн. Дараа нь 1884 онд М.Петипа дахин дэглэсэн байдаг. М.Петипагийн дэглэсэн олон балетуудаас “Жизель” балет нь балетийн үлгэр жишээ өв, дахин давтагдашгүй бүтээл болон мөнхөрч үлдсэн. Үлгэр, домог, туульс, яруу найргийг хүний биеийн хөдөлгөөн, дотоод сэтгэл мэдрэмжээр гайхалтай илэрхийлж харуулсан анхны балет.
-Энэ балетыг Монголын тайзнаа бүтээсэн хүмүүсийнхээ тухай дурсаач?
-Жизелийн дүрд олон арван жил тоглож байсан туршлагатай жүжигчин, алдартай балетчин ОХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайдани, ЗХУ-ын ардын жүжигчин Л.М.Лавровскийн редакциар хөрвүүлэн дэглэсэн. Зураачаар П.И.Чайковскийн “Шелкунчик” балет, испани ардын хөгжмөөр хийсэн “Испани бүжгийн цомирлиг” балетын тайз чимэглэл, хувцас, жижиг хэрэглэлийг түүхэн уламжлалаар нь гайхамшигтай гоёмсог урласан ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.И.Морозов гурав дахь удаагаа ирж, амжилттай ажилласан. Энэ удаа Жизелийн нэгдүгээр бүлэгт тариачдын бодит амьдрал, өнгө жавхаа, хоёрдугаар бүлэгт тайзны гэрэл чимэглэлээр хий үзэгдэл-сүнсүүдийн төрх байдлыг улам тодруулж, үзэгчдэд ойлгоход дөхөм болгож урласан. Удирдаачаар ардын жүжигчин П.Хаянхярваа урилгаар ирж ажилласан. Цэргийн үлээвэр хөгжим удирдаж байсан хүн симфони оркестор тэр тусмаа балетын хөгжим удирдах тийм ч амар биш боловч өөрийн оюун ухаан, авьяас чадвараа дайчлан чадварлаг удирдсан. Дараа нь Ж.Бүрэнбэхэд хүлээлгэж өгсөн. Жизель балетыг балетын хөгжлөөрөө дэлхийн түвшинд хүрсэн театрт л тавидаг гэж түүхэнд бичигдсэн байдаг.
-Жизелийн дүрийг анх зууны манлай бүжигчин, ардын жүжигчин Ю.Оюун гуай бүжиглэсэн байдаг?
-Жизельд Оюун, Альбертэд Батсайхан, Хансд Батхүрэл, Миртад Энхээ нар оногдсон дүрүүдээ бүжиглэх техник ур чадвар, жүжигчний дотоод сэтгэлийн хувирлаар онцгой сайн бүжиглэж, жүжиглэж, үзэгчдийн санаа сэтгэлийг эзэмдэж чадсан. Альбертийн сүйт хүүхэн Батильда, түүний эцэг Ванд гавьяат жүжигчин А.Навчаа, Н.Баатар нар тус тусынхаа дүрийг ухаалгаар урлаж, туршлагатай ахмад жүжигчин гэдгээ дахин харуулж чадсан. МУГЖ Ж.Намнанбаяр, СТА Ж.Цэцгээ нар бүжиглэх техник, ур чадвар шаардсан хоршил бүжиг (Па-де-де)-ийг яг номоор нь чадмаг чамбай бүжиглэсэн.
Жизель-Оюун амь амьдралаа балетад зориулсан, балетаар амьдарч, авьяас төгөлдөр, маш хөдөлмөрч бүжигчин байсан. Жизель балетийн эхний бүлэгт ариун хайрандаа умбан баясч, амьдрал жаргалд тэмүүлсэн сэргэлэн тариачин охин хайртай Альбертийнхаа хууран мэхлэсэнд чочирдон, галзуурч насан эцэслэж байгаа дүрийг гайхамшигтай бүтээсэн. Хүний амьдралын хоёр тууль амьдрал жаргал-үхэл, мөхлийг нэг дор биеийн уян хөдөлгөөн дотоод сэтгэлийн мэдрэмжээр чадварлаг илэрхийлж чадсан Оюуны энэ гайхамшигтай тоглолт үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж хайр сэтгэлийг нь аргагүй татаж байсан шүү. Оюуны бүжиглэх ур чадварыг Монголд төдийгүй дэлхийн олон оронд сайн мэднэ. Ганцхан жишээ гэхэд Швейцарийн алдарт балетчин Ханс Мейстер алс холоос өөрийн зардлаар ирж Жизель балетад Оюунтай хамтран тоглосныхоо дараа “Би Оюунтай бүжиглэх мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байна” гэж талархаж байсан.
Аливаа улс оронд Жизелийн дүрд тоглох хүндтэй эрхийг тухайн улсын сод балетчин (прима балерина)-д өгдөг тогтсон уламжлалтай. Тийм ч учраас энэ дүрд Оюун тоглосон.
-Оюун гуайн тухай ийм байж. Бусад дүрүүдээ тодотгохгүй юу?
-Альберт-Батсайхан нь балетын жүжигчин болох хувь заяа бие бялдартай төрсөн. Маш энгийн даруу, үргэлж шинэ зүйл сэдэж, дүрийнхээ онцлог байдал, дотоод сэтгэл мэдрэмжийг ухаалгаар бүтээж чаддаг, хүний ёсыг дээдлэгч бүжигчин байсан. Балетийн нэгдүгээр бүлэгт эрх дураараа өссөн, хөнгөмсөг, зальхай язгууртан залуу Альбертийн дүрийг чадварлаг бүтээж, мэргэжлээрээ эрийн цээнд хүрсэн жүжигчин гэдгээ батлан харуулсан. Бүлгийн төгсгөлд Жизелийг сэтгэлийн гүн хямралд орж галзууран насан эцэслэж байгаа мөчид Жизельд хайртай байснаа сая ухааран гашуудаж байгааг үнэмшилтэй үзэгчдийн сэтгэлд буутал жүжиглэж байсан. Ханс-Батхүрэл эелдэг зан төрхтэй, аливаа зүйлд хянуур ханддаг, дүрээ олон талаас нь бодож, мөн чанарыг нь зөв тодорхой гаргадаг авьяаслаг жүжигчин. Жизелийн хоёрдугаар бүлэгт Альбертийг илчилж Жизелийн аминд хүрсэндээ өөрийгөө буруутган сэтгэлийн харамсал, гүн бодолд автан хүнд алхаагаар Жизелийн булшийг эргэхээр тайзнаа гарч ирэн, сүнсүүдийн өршөөлгүй бүжгүүдэд өртөн эсэргүүцэл үзүүлэх чадвар нь барагдаж амиа алдаж байгаа бүжиглэлт багатай дүрийг уран чадвар дотоод сэтгэлээр тодорхой үзүүлсэн.
Мирта-Б.Энхээ ХБДС-ийг балетын жүжигчний мэргэжлээр төгссөн. Бүжиглэх чадвар, арга зүйг сайн эзэмшсэн. Балетын (па) хөдөлгөөний олон хувирлыг зөв маш нямбай зүй ёсоор (номоор) нь гүйцэтгэдэг, заасан хөдөлгөөнийг амархан сурдаг, жүжиглэх ур чадвар сайтай авьяаслаг жүжигчин. Хоёрдугаар бүлэгт Миртагийн ихэмсэг хүйтэн сэтгэлтэй, өшөө авагч, сүнсүүдийг өөрийн хүслээр захирч байгааг намба төрх, дохио зангаагаар үзэгчдэд ойлгомжтойгоор бүтээсэн.
Энэ жүжигт тоглосноор манай бүх жүжигчдийн ур чадвар маш их дээшилсэн. “Сайн бүтээл сайн жүжигчдийг төрүүлдэг” гэдэг үнэн юм билээ. Бүжиг дэглэсэн Ф.Г.Кайдани бүжигчидтэй өөриймсөг чин сэтгэлээсээ харьцаж, балетын хөдөлгөөн бүрийг яаж гүйцэтгэх, дүрийн дотоод сэтгэлийг яаж илэрхийлэх зэргийг зааж, уйгагүй ажилласны үр дүнд “Жизель” балет Монголын үзэгчдийн сэтгэл зүрхийг 40 жил эзэмдсэн бүжигчдийн бүжиглэх чадварт байнга сайнаар нөлөөлдөг. Тэдний бүжиглэх дуртай сайхан бүтээл болсон. Хойшид олон жил амьдарч, олон сайн бүжигчдийг төрүүлэх нь гарцаагүй.
-Жизелийг эмэгтэйчүүдийн балет гэж ойлгож явдаг?
-Тийм бас “Хунт нуур”, “Шопениана” балет бий. “Жизель” балетад манай эмэгтэйчүүд нэгдүгээр бүлэгт гоцлол бүжиг, сагстай бүжиг, тариачдын бүжиг гээд хоёрдугаар бүлгийн сүнсүүдийн бүжгүүдийг тасралтгүй нэг цаг 55 минут бүжиглэж, уг жүжгийн утга агуулгыг тодорхой болгоход маш их хөдөлмөр гаргаж, авьяас, ур чадвараа дайчлан бүжиглэж бас жүжиглэдэг юм. Энэ балетад МУГЖ Д.Алтантуяа, А.Навчаа, Т.Туул, Ю.Цэрмаа, МУУГЗ Н.Энхтуяа, СТА Н.Эрдэнэцэцэг, С.Сэржмядаг, Ж.Цэцгээ, Ц.Бямбаа, Д.Сүхбаатар, Дам.Тунгалаг, Дан.Тунгалаг, Н.Оюундэлгэр, С.Оюунгэрэл, Г.Мандхай, Х.Цэцэгмаа, Т.Батчулуун, Ц.Оюунчимэг, Р.Туяацэцэг, С.Балжинням нар тоглосон. Энэ тэмдэглэлт ой тухайн үйл явдалд оролцсон анхдагчдын баяр өөрсдийнхөө амжилт, авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүнд бахархсан бахархал юм. Ойн хүрээнд манай залуу бүжигчид хоёр удаа тоглосон. Тоглолтууд сайхан болсон. Олон жүжигчид анх удаа гол дүрд тоглолоо. Дасгалжуулагч багш Х.Гэрэлчимэгт баярласнаа илэрхийлье. Та бүгд шинэчлэгдэж, шинэ арга барилаар ажиллаж, уран бүтээлүүд нь улам чанаржиж байгаад бүх ахмадуудын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
-Та өөрийнхөө тухай огтоос дурссангүй. Монголын балетын урлагийг эзэмшсэн анхны 28 хүүхдийн нэг бол та билээ?
-Тийм ээ, анх 1962 онд ЗХУ-ын Пермь, Ташкент хотоос балетын мэргэжлийг эзэмшсэн 28 хүүхэд төгсөж ирсэн. Тэдний нэг нь бий. 1975 он хүртэл бүжиглэж байгаад 1975-1989 онд дасгалжуулагч багш, хөтлөгч найруулагчаар дэвшин ажилласан. Энэ үе ялангуяа далаас наяад онуудад манай балетын хөгжлийн оргил үе байсан. Учир нь Монгол Улсын сонгодог урлагийг хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ зүтгэж байсан А.И.Филатовагийн санаачилгаар ЗХУ-аас 10 гаруй ардын жүжигчин, төрийн шагналтнууд ирж олон сонгодог балетыг найруулж, Монголын тайзнаа тавьсан. Мөн арав гаруй мэргэжлийн концертмейстерүүд, туршлагатай дасгалжуулагч багш нар ирж ажиллаж байсан нь Монголын балетын урлагийг маш хурдтай хөгжүүлсэн юм. Манай балет нь Азидаа тэргүүн байрт хүрсэн байсан. Тухайн үед ирж ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс би их юм сурсандаа баяртай байдаг. Тэднээс сурсан эрдмээ амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн.
-ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ НАДМИДЫН СҮХБАТТАЙ УУЛЗСАН НАМРЫН ГОВИЙН ТЭМДЭГЛЭЛ-
Монголын тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяа Шинэжинстийн сууринд дөрөө мулталлаа. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн онгод билгийнх нь оргил “Сэгс цагаан Богд” найраглалын хагас зуун жилийн ойд хүрэлцэн ирсэн минь энэ. Бага балчраас содон сайхан нэр нь эрдэнийн титэм шиг санагдах энэ их уулын салхи савирыг амсана чинээ бодсон ч биш дээ. Монгол хэлний охь дээжис сувдан сондрыг шигтгэж, чухамхүү дархан цэц гэдгээ их найрагч бататган тунхагласан домогт найраглалынх нь түүхт ойд оролцоно гэж зүүдлээ ч үгүй явсан минь үнэн. Гэлээ чиг “Яруу найргийн буян их ээ” гэдэг шиг ном шастираа дээдэлдэг монгол хүмүүний зүрхэнд сац цагаан суварга адил гэрэлтэн байдаг “Сэгс цагаан Богд”-ын хаяанд ирдэг л юм байна. Сэтгэл ганихруулсан намрын говийг туучиж ирдэг байна шүү. Их говийн сүр сүлдэт хайрхан Залаажинстийн өндөрлөгөөс намрын говийг сэтгэл сэнсрэн харж зогсохын сайхныг хэлээд яанам. Хаяа хярхаггүй уужим их говь. Жинхэнэ намрын хонгор говь.
Холын хөх зэрэглээ нь хүртэл тунаран шаргалтаж, хулангийн тоосонд тасарч нийлсэн говь. Заг бударганын шим шүүс гэж байдаг бол намрын нар дуниаран мануурчээ гэж санахаар. Зандан хүрэн тэмээдийн туг ширээ бөх нь элгэн хадтай уулын хэц шиг харагдах нь бахтай. Ийм л цагт Залаажинстийн гөлгөр хар хадан чулуудтай хөглөрсөн уулс дунд ганхан зогсном. Баянхонгорын Шинэжинст Сэгс цагаан Богдын хаяа хязгаар нутаг Говийн их дархан газарт багтдаг. Домогт Тахийн шар нуруунаас Өмнийн говийн Говь Гурван сайхан уулын Хөрхийн нуруу хүртэл үргэлжлэх Алтайн өвөр говь энд оршино. Ингэн хөөврийн хоолой гэж аварга хоолой бий. Өмнийн говийн Гурвантэс болоод Шинэжинстийн нутгийг дамнаж сунайн тогтдог. “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй Надмидын Сүхбатын гэрийн гаднаас Гурвантэсийн алдарт Нэмэгт уул, Алтан уул, Тост уул хөхрөн харагддаг нь ийм учиртай. Гурвантэсийн Нэмэгтийн хөндий бол өнөө үлэг гүрвэлийн өлгий нутаг. Шинэжинстийн энэ их говь Бүгийн хоолой, Ногоон цав яах аргагүй эртний гүрвэлийн нутаг билээ.
Тэртээ жаран есөн оны аравдугаар сарын дундуур, Алтайн өвөр говийн яг л ийм халуун намраар энэхүү найраглал төрсөн байдаг. Бүр тодруулбал, бөхөнгийн сүрэг, хулангийн тоосноос өөр бараагүй ээрэм халуун говийн сонин содон тогтоцыг үзэж, үлэг гүрвэлийн “өндөг” хэрхэн яаж хадгалагдаж ирснийг Монголын найрагчид гайхан биширч явахдаа Шинэжинстийн Хоёр худагийн үзүүрт намаржиж байгаа Надмид гэж бүсгүйнд түрхэн зуур саатсанаар “Сэгс цагаан Богд” төрөх хувь заяа бүрдсэн юм. Аливаа уран бүтээл өөрийн төрөх цаг хугацаатай, үүх түүхтэй байх нь бий. Ямар нэгэн хувь заяаны тохиол бүрдэж байж бүтээл төрдөг. “Сэгс цагаан Богд” ч ялгаагүй бүтээл хэрхэн төрдөг тэр л жамаар төрсөн. Гэхдээ уг найраглалын түүх нь тэр чигтээ домог болж олон түмний сэтгэлд он он жилээр амьдарч ирсэн нь сонин. Амнаас ам дамжин яригдаж найраглалын гол баатруудын хайр сэтгэлийн нандин холбоог хүртэл бий болгож, юу юу ч болов доо. Дөчин дөрвөн жилийн дараа найраглалын баатруудыг уулзууллаа хэмээн Дүгэрийн Амбасэлмаа гуай телевизээр гаргаж Долгорын Нямаа ах минь “Тоост их говийн тортогт хөх асар“ Сэгс цагаан Богдод суугаа Сүхбатыгаа очиж үнссэн билээ.
Энэхүү найраглалын цаана нэг л нандин зүйл бий сэн. Тэртээ тавин жилийн өмнө “Сайхан хотын хөөрхөн хархүү” Долгорын Нямаа хулангийн унаганы хилэн шиг зөөлөн уруулыг бус арван тавтай жаахан охин Сүхбатыг үнссэн бол, унаганы мяндсан цагаан ногтон дээр алтан шаргал тэмдэг зүүж өгөлгүй түүнээ алаг нүдэн Сүхбатын энгэрт зүүж өгсөн бол энэ найраглал төрөхгүй ч байх байсан юм билүү. Бүр эхнээс нь хөөгөөд үзэхэд сум нэгдлийн дарга Тэгшийн Чулуунхүү гуай зохиолчдыг дагуулж Надмид эмэгтэйнд очоогүй бол, тэднийд гучаадхан минут саатах хооронд илгээлтийн эзэн Сүхбат тэмээнээсээ ирээгүй бол, “соотон адуу” гэж нэрлэсэн хулангийн унага тэжээж байгаагүй бол, тэрхүү хулангийн унаганд шанагаар сүү өгч түүнийг нь зохиолчид амьтны хүрээлэн үзэх мэт алс хол говьд намрын шарга наран дор дугуйрч зогсоод сонирхоогүй бол “Сэгс цагаан Богд” төрөхгүй байлаа.
Монголын их утга зохиолын хатан ижий Сономын Удвал гуай “Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалтыг эх орныхоо алтан шаргал говьд ихэвчлэн хийсэн байдаг. Өмнөговьд болсон “Уран үгсийн чуулган”-аас буцаж ирээд Явуу “Тэхийн зогсоол” дуулиа бичсэн. Сэврэй сумын анчингаас тэх хэрхэн тэнгэрт хальдаг тухай сонсоод Явуу бодлогошрон суухдаа ачит эцэг анчин Бэгзийнхээ дурсгалд зориулж алдарт “Тэхийн зогсоол”-оо зүрхэндээ нулимстай бичжээ. Тэгвэл Баянхонгорт болсон Уран үгсийн чуулган “Сэгс цагаан Богд”-ыг төрүүлсэн юм. Удвал гуай Чойжилын Чимидээ, “Улаан наран”, “Үүрийн туяа”-ны эзэн Санжмятавын Дашдэндэв гуайг, “Их буу” хэмээн алдаршсан партизан Жүгдэрийн Дамдин гуайг, за тэгээд Пүрэвдорж, Дашдооров, Доржийн Гармаа нарыг дагуулаад Хонгор нутгийг зорьсон байна. Хамгийн залуу нь дөнгөж 30 нас хүрч буй радиогийн сурвалжлагч Долгорын Нямаа байжээ. Юмны учир тохиол гэдэг сонин. Нямаа ахын хулангийн унаганы шидмэсэн ногтон дээр зүүж өгсөн тэр тэмдэг бол тухайн томилолтоос хэдхэн хоногийн өмнө алс Дорнод, Эрхүү, Ангар мөрнөөр аялж явахад нь “Восточно-Сибирская правда” сонины газраас дурсгасан тэмдэг гэдэг. Алс Дорнодоос авчирсан тэрхүү тэмдэг энгэрийнх нь халаасанд байснаараа алдарт “Сэгс цагаан Богд” төрөх үүдэл санаа болсон гэхэд хилсдэхгүй. “Нямаа зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байсан боловч биднээс жийрхээд чадалгүй тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм байна. Тэрнээс болж сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг мөр гарсан юм. Цаана нь Нямаа байгаа гэсэн үг” хэмээн ерэн есөн онд Пүрэвдорж гуай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бататган хэлсэн удаатай.
Их найрагч “Сэгс цагаан Богд”-оо туушиндчихаад “сайхан хотын хөөрхөн хархүү”-дээ хамгийн түрүүн уншиж өгчээ. Энэ тухай Нямаа нь “Пүрэвдорж гуай нэг өдөр үдийн цайны цагаар намайг гэртээ урилаа. Одоогийн “Мөнгөн завъяа”дэлгүүртэй орон сууцны байшинд суудаг байсан сан. Намайг очиход сая дөнгөж гараас гаргаад байгаа найраглалаа уншлаа. Гойд сайхан зохиол юм шиг санагдлаа. “Энэ охиноос чинь надад захиа ирсэн шүү дээ” гэвэл “Үзэх юмсан. Юу гэж байгаа бол” гэв. Төд удсангүй “Үнэн” сонины 1969 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн дугаарт мөнөөх найраглал гараад ирлээ. Үүнээс харвал хоёр сар хүрэхгүй хугацаанд “Сэгс цагаан Богд” найраглал бүтсэн нь мэдэгддэг. Гарахтайгаа зэрэг шуугиан тарьсан” гэж хэлсэн юм. Үнэхээр уг зохиол бичигдсэн даруйдаа шуугиан тарьсан. Тэрхүү шуугиан нь чухам юунд вэ гэвэл монгол үгийн эрдэнийн охь дээжис, монгол найргийн ая дан, үгийн ид шидэнд нь байгаа юм. Говь нутгийг үгээр хэрхэн яаж зурж болдгийг, үгийн дотоод эгшиглэн аялгууг хэрхэн зохируулж, хүмүүний зүрх тархинд эрдэнийн шигтгээ шиг суулгаж болдгийг харуулсан юм. Түүнээс хөдөөгийн тэмээчин бүсгүйн хайр сэтгэлдээ ч юм уу, хэн нэгнийг санаж мөрөөдсөн өнгө аястаа ч юм уу уг найраглалын утга учир бүрэн дүүрэн илэрхийлэгдэхгүй л болов уу. Дэндэвийн Пүрэвдорж аргагүй цэцтэй найрагч гэдгээ “Сэгс цагаан Богд”-оороо баталсан билээ.
“…Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу
Сэгс цагаан Богд ууланд
Сэрүүн унах болоогүй юм уу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна…” найраглалын эхний бадгуудад ийм тансаг мөрүүд бий. Намрын говийн нарны илч мэдрэгдэх шиг болдог. Тэгвэл жаран есөн оны аравдугаар сарын 29-нд тэмээчин охин Сүхбатаас Долгорын Нямаад ирсэн захидлыг сонирхоё.“Манай нутгаар дулаан урт намар болж байна. Би тэмээгээ хариулж та нарын явсан мөрөөр Бүгийн хоолой хааяа орох юм даа. Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм. Хулангийн унага надаас өвс сүү нэхээд л явж байна. Та нарын өгсөн хүлээн авагч манай гэрт хотын сонин сайхныг сонсгож байна. Таны соотонд зүүсэн “50”-ын тоотой тэмдгийг би аваад зүүчихсэн” гэх ийм л захидал. Пүрэвдорж гуайн найраглалын эхний мөрүүдтэй санаа нь яв цав нийлж байгаа юм. Тэнгэрийн хаяанд суудаг тэр жаалхан охин “сэм сэмхэн санаа алдаж сэтгэл нэг л сүжрээд” байгаа нь захидлынх нь үг бүрээс уншигдаж байгаа юм. “Та нарын явсан мөрөөр хааяа Бүгийн хоолой орох юм” гэдэг нь “сайхан хотын хөөрхөн хархүү” өнөө Долгорын Нямаад татагдаад байгаа юм шиг. “Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм” гэдэг бол олон тоон дээр хэлсэн юм шиг хэрнээ арван тавтай жаахан охины зүрх алдаж зөвхөн Нямаад хэлсэн үг болох нь мэдрэгдэнэ. Үүнийх нь баталгаа унаганд зүүсэн тэмдгийг өөрөө аваад зүүчихсэн гэх мөн л зүрх булгилсан үг нь гэрчлээд өгч байна. Ийм нандин захидлыг Пүрэвдорж гуай уншаагүй хэрнээ, захидал ирсэн тухайд огтоос дуулаагүй, мэдээгүй хэрнээ яруу найрагчийн зөн совин, онгод билиг, алтан сэрлээрээ мэдэрч “Сэгс цагаан Богд”-ыг бичсэн байх юм.
Эл бүгдийг сэтгэлдээ тунгааж Сэгс цагаан Богдын цэнхэрлэх хаяа руу харц сунган намрын говийн тэнгэр дор зүрх чичирхийлэн зогсож байна. Тавин жилийн өмнө арван тавтай байсан тэмээчин охин, насныхаа намарт налайн суугаа сайхан хөгшин биднийг угтсан. Алтан шаргал говь шигээ улаан зоосон хээтэйшар торгон тэрлэг өмсч, өндөр сүрлэг атан тэмээдийнхээ дэргэд угтсан. Миний бие мэнд мэдэн үнсүүлэхдээ “Долгорын Нямаагийн хүү байна” гэж цаашлуулахад хонгор намрын салхи нэвчсэн уруулаар хацрыг минь үнэрлээд “Аа тэгвэл миний хүү л байна” хэмээн инээмсэглэсэн сэн. Сүхбат эгчийг “Их говийн тэмээтэй Дарь эх” гэдэг. Би ч хэлчихсэн юм биш л дээ. Өнөө “нүдэнд дулаахан хархүү, нүүдлийн шувуу” Нямаа нь 44 жилийн дараа ирээд явахдаа тийн уулга алдсан. Нялх балчраасаа тэмээний дэргэд өсч бүхий л насаараа тэмээгээ хариулан, тэмээнийхээ дэргэд өтөлж яваа тэрээр их найрагчийн хэлсэнчлэн
“…Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болдоггүй
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгөдийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй” нэгэн ажээ. Ямар сайндаа л Улаанбаатар хотын барааг амьдралдаа ганцхан удаа харсан тухай хуучилсан байдаг. Тэгэхэээр тэнгэрийн цэнхэр хаяа, тэмээн сүрэг, Сэгс цагаан Богдоосоо сэтгэлээ салгаж чаддаггүй ийм л хүн.
Хоёр жилийн өмнө цас будагнасан намрын тэр орой Дэндэвийн Пүрэвдорж гуайнхаа Эрээн уулыг харж сэтгэл баясаж байлаа. “Хөх үндэсний гал” найргийнх нь наадамд шүлгээ уншихаар Шарлингийнх нь голыг дуу шуутайхан гаталснаа яахин мартах билээ. Тэгвэл энэ удаад “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн дэд тэргүүн, найрагчийн хайртай бэр, “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавайгийн минь охин Нямцэцэг эгчтэйгээ, найрагчийн халуун зүрхний охин, эрхэмсэг хатагтай Халиунаа эгчтэй, найрагчийн хайрт шавь төрийн шагналт Дамбын Төрбат ахтайгаа Сэгс цагаан Богдынх нь ойд Шинэжинстийн сууринд зүтгэж ирлээ. Мөн Пүрэвдорж найрагчийн бий болгосон “Шувууныхан” гэжнэгэн сайхан хүрээлэл бий. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай, нэрт дипломатч орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн гуай гээд цөөн хэдэн элитүүдээс бүрдсэн энэ хүрээлэл нөхөрлөл гэдэг хичнээн үнэ цэнтэйг илтгэх шиг болдог. Пүдо-гийнхоо “Сэгс цагаан Богд”-ын ойд Дамжингийн Дамба аваргаар удирдуулсан, Ганболд ахаар газарчлуулсан, Элчин сайд Дагвын Цахилгаан гуай гэргий Гапилмаагийн хамт заларсан “Шувууныхан” нь Хонгор нутгийн хамгийн өндөрлөг Их Богд хайрхны дээгүүр “шунган нисээд” бууцгаахыг хараад баяр бахдал төрж билээ. Тэнгэрийн цэнхэрлиг орноос их найрагч
нулимстай харж байгаа даа хэмээн эрхгүй бодогдсон.
Сэгс цагаан Богдын ард түмэн сэтгэл юугаан дэлгэн Эхийн голынхоо алимыг таваглаж, ингэнийхээ ундааг сөн дүүргэн угтахад
“…Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ…” гэх мөрүүд нь сэтгэлд ургаж, нэг л сайхан бодол төрж байсан сан.
Арван хэдхэн насандаа Монгол найргийн эрдэнийн титэм “Сэгс цагаан Богд”-ын амин зүрх нь болсон ээрэм говийн тэмээчин бүсгүй Сүхбатыг их утга зохиолын үе үеийн бурхад алдаршуулж ирсэн байх юм. Яасан сонин сайхан хувь заяа юм бэ дээ гэж бахдахаар. Тэртээ наян найман онд одоогоос гуч гаруй жилийн өмнө алдарт Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч тэргүүтэй зохиолчид Шинэжинстээр дайран өнгөрөхдөө Сүхбатынхаар оржээ. “Тэмээ багширтал хураасан нэгэн хот айлд очлоо. Энэ гэрийн эзэгтэйг Монгол даяар мэднэ гэхэд хилсдэхгүй. Хөх торгон дээлтэй, нүдэнд дулаахан тос даасан бор бүсгүйн аялагхан царай, дөлгөөн занг ажихад найргийн баатрын буян даах хүн мөн юм даа гэсэн бодол төрнө. Энэ бол бидний нийтээр мэдэх “Сэгс цагаан Богд” найраглалын эх дүр тэмээчин бүсгүй Сүхбат юм” гэж Сүүеэ минь бичсэн. Наян найман он бол агуу их Сүрэнжавын төрийн шагнал хүртсэн жил. Тэр жилээ Сүүеэ минь тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяа хязгаарт очиж буурал Бадарчийнхаа хамт сэтгэл догдлон байсан нь мэдээж.
“Бадарч найрагч Дандар баатартай хамт манайд ирж байсан” гэж Сүхбат эгч хэлсэн. Дандар баатрын морин жолооч явлаа хэмээн савлхийвэл дотогшоогоо мэлмэрдэг “Есөн эрдэнэ”-ийн Бадарч ах минь домогт баатрынхаа хамтаар мөн л тэнэгэр их говийн тэмээчин бүсгүйн гарын цайг уужээ. Сүхбат эгч “Сэгс цагаан Богдын гол баатар болж алдаршсан минь асар их нэр хүндийг надад хайрласан. Хөдөлмөрийн баатар болсноос дутуугүй юм шиг санагдсан” гэж нэгэнтээ хэлэхэд хичнээн их хүндэтгэл төрсөн гэж санана. “Тийм өндөр нэр хүндийг дааж, өргөж явах ёстой гэсэн нэг бодол түүнийг эзэмдэж явдаг бололтой юм билээ” хэмээн Нямаа ах бас хэлснийг санаж байна. Уг найраглалын гол баатар түүнийг Монголын төр “Алтан гадас” одонгоор мялаасан нь бас л том хүндэтгэл мөн. Харин баатрын тухайд бол их найрагч маань 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг энгэртээ гялалзуулаад төрийн ордны их танхимд өнөө л тас тас инээдгээрээ нүүр дүүрэн цэлмэж зогссоныг нь Монголын ард түмэн бахархал дүүрэн харсан билээ.
Аравдугаар сарын арван тавны шүншигт өдөр. Тэнгэрлиг найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн орчлонд мэндэлсэн өдөр. Тэрээр жаран есөн оны яг энэ өдөр гучин зургаан насныхаа ойгоор “Сэгс цагаан Богд”-ынхоо санааг сэтгэлдээ ургуулж, их говийн халуун намрыг зүрхэндээ нэвчтэл шингээжээ. Тэгээд л орчлонд халуу шатсан найрагч чухамхүү амандаа гал зуусан бүргэд шиг амьдарчээ гэж бодохоор. Өөрийнх нь төрсөн өдөр тохиож буйг Сүхбатын гэрт дуулгахад Удвал гуай хоёр ширхэг алим өгсөн юм гэдэг. Удвал гуайн хоёр ширхэг алим орчлонд мэндэлсэн өдрийнх нь гэрч болон Эхийн голын баянбүрдэд ургасаар л байгаа. Найрагчийн мэндэлсэн өдөр төдийгүй найраглалын анхны мөр зүрхэнд бичиглэгдэн зурагдсаны дурсгал болж улааран найгасаар л буй. Гэтэл тавин жилийн дараах их найрагчийн мэндэлсэн эл өдөр Шинэжинст сумын төвд “Сэгс цагаан Богд” найраглалынх нь гэрэлт хөшөө босдог байна шүү. Мөнхүү намрын дунд сарын 17-ны билэгт өдөр давхар тохиосон нь ёстой л нэг учрал ерөөл энэ байхдаа хэмээн эрхгүй бодогдном.
“…Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна…” хэмээх эрдэнийн шигтгээ шиг бадаг мөрийг нь гантиг цагаан хөшөөний нүүрэнд бичиглэсэн байна. Ийм тансаг мөрүүдийг их говийн тэнгэр жаран жарнаар адислаж, Сэгс цагаан Богдын сэвшээ хонгор салхи зуун зуунаар илбэнэм биз ээ. Найрагчийн охин нь, бэр нь, номын шавь нь, анд нөхөд нь найраглалын баатар Сүхбатын хамт зэрэгцэж зогсоод домогт бүтээлийнх нь хөшөөний алтан туузыг хайчилсан. Мөнхтөр, Готовдорж тэргүүтэй сум орон нутгийн удирдлагууд, Алтайн өвөр говийнхоо түүхт дархан хилийг манаж буй отрядын дайчид, хонгор нутгийн хүндтэй зочид, Сэгс цагаан Богдын ард зон зандан хүрэн тэмээдээ унаад ирчихсэн бүгд найрсан хурайлаад найраглалынхаа алтан баринтгийг залсан. Тэр сайхан хүндэтгэл дор, их говийн намрын тэнгэр дор нээлтийн ёслолд үг хэлж шүлгээ уншиж зогсохдоо жулдрайхан би зүрхэндээ нулимстай байсаан. Агуу их хувь заяа юм гэж бодож байлаа. Элгэн халуун Нямаа ахыгаа сэрүүн тунгалаг байсан бол гэж харуусч байлаа. “Пүрэвдорж гуай минь, Нямаа ах минь дээд тэнгэрээс харж баярлаж байгаа даа” гэж хэлэхүйд Сүхбат эгч зөөлөн тунгалаг нүднээсээ нулимс унагаж суусан сан. Хоёрхон жилийн өмнө Долгорын Нямаа ахтай нутгаар нь явж Хонгор хайрханд нь очиход замын туршид Сүхбатынхаа тухай ярьж, өнөөх 44 жилийн дараахь уулзалтын сонин сайхнаас дурсч билээ. “Манай нутгийн уулс хадан хар өнгөтэй. Дэл уул, Хөнжлийн уул ялгаагүй ийм. Ганц энэ Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цагаан өнгөтэй юм. Тиймдээ сэтгэлд гэгээтэй содон харагддаг. Москвад Горькийн сургуульд сурч байхад энэ хайрхан л бодолд үе үе бууж, санагдаад байдаг байв” хэмээгээд Хонгор хайрхнаа Баянхонгороос, Сэгс цагаан Богдын тэндээс, бүр тодруулбал Сүхбатынхаа нутгаас ирсэн домогтой гэж өөртөө ойртуулж буй юм шиг ярьж билээ.
Дөчин дөрвөн жилийн уулзалтаар очиход Сүхбат нь Нямаадаа хавтгайтай эрлийзжсэн “хавтгайн бэсрэг” гэх өндөр биетэй, ширээ бөхтэй хүрэн халтар тэмээдээс нэгийг бэлэг болгон өгчээ. Тэмээн зэлэн дээрээ аваачиж байгаад “ширээ хонгор” гэдэг сайхан нэртэй тэмээг бурантагтай нь барьсан байна. Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа Дундговийн Өлзийтийн тэмээтэй нутгийн хүн. “Тэмээний дэргэд дуу дуулахад тэмээ аяндаа тогтуун болдог юм, хүрэн улаан тэмээд минь хүний дуунд олон болдог юм” гэх дуу бичиж, “Тэмээний уралдаан” шүлэг бичиж, “Тэмээний нутаг” нэртэй ном ч гаргаж байсан хүн. Тэмээчин баатар Хүрээт гуайн тухай бичсэн дууль ч бий. Гэв чиг тэмээний бэлгийг анх удаа Сүхбатаасаа авсан нь сонин. “Ширээ хонгор минь сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан Богд уулынхаа алсад цэнхэртэх барааг хараад амар амгалан идээшилж яваг. “Нямаагийн ширээ хонгор” гээд энэ хязгаар говь нутагт миний нэрийг дуурсгаж явбал бас сайхан” хэмээн Сүхбатдаа баярласнаа илэрхийлээд бурантгийг нь эргүүлж гар нь дээр тавьсан удаатай. Ийм л дурсамж дурдатгалыг Нямаа Сүхбат хоёр 44 жилийн дараа уулзахдаа бүтээсэн. “Миний хувьд гэвэл Сүхбатыг сайн танихгүй хэрнээ нэг л сэтгэл догдолж хоолой зангирах шиг болоод байгааг бодож үзэхүл, сайхан залуу бага насандаа бид хоёр анх уулзаж явж дээ. Хагас зуу шахам жил өнгөрөхөд хэн хэн нь энх тунх сайн сайхан аж төрж яваад өнөөдөр энд уулзлаа. Хожмын өдөр дахин уулзах тохиол гарах болов уу, яах бол гэсэн маягийн эргэлзээ, хэд хэдэн эмзэг бодол сэтгэлд эргэлдсэнийх бололтой” гэж Нямаа ах минь хоолойд нь нулимс зангирснаа хэлсэн. Тэрхүү эмзэг сэтгэлийнх нь долгионыг Сэгс цагаан Богдын хаяанд миний бие бодож зогслоо. Ахин уулзахгүй гэдгээ мэдээд л дотогшоогоо мэлмэрч дээ гэж уяралтайхнаар бодсон.
Шинэжинстийн соёлын төвд “Сэгс цагаан Богд” найраглалыг хэн сайн унших вэ тэмцээн болсон. Оролцогчдын хамгийн бага нь цэцэрлэгийн таван настай жаалхан хүү. За тэгээд зөвхөн Шинэжинст гэлтгүй Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан гээд залгаа говийн сумдынхан зориод ирсэн байна. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн, төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл хотоос хүртэл хүүхэд залуус зорин очиж “Сэгс цагаан Богд”-ын сувдан сондрыг хэлхсэн юм. Шүүгчээр төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат, “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн дэд тэргүүн Пүрэвийн Нямцэцэг хатагтай бид гурав суулаа. Мөн Сүхбат эгч зочин шүүгчээр залрав.
“…Ай даа, сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Зах гурван хээр
Задгай гурван бамбуу
Нэр нь хүртэл
Нээрээн сайхан нутаг аа
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би…” гэх алаг нүд нь гэрэлтэн, сэтгэл цэлмээн унших сурагчдын уншилт бүрт нь хайр хүрч нулимс урсч байсныг яана. Өчүүхэн би гэлтгүй соёлын төвийн танхимыг дүүртэл суусан олон бүхэл өдрийн туршид ганцхан “Сэгс цагаан Богд” найраглалаа сонсохдоо үг бүрт нь яруусч, хайраар ундарч, асгарсан нулимсаа барьж чадалгүй сувдруулж, алгаа хорстол ташиж сэтгэлийн таашаалыг мэдэрсэн. Хүүхэд бүрийн өөрийн гэх донж, бүтээлдээ уусан шингэснийх нь баталгаа болох тэнгэрийн хаяан дахь тэмээчин бүсгүйн зүрхний үгийг гаргаж буй илэрхийрлэл нь яалт ч үгүй соронздон татаж буй юм. Шүрэнчимэг хэмээх эргэлдсэн алаг нүдтэй жаалхан охины эгдүүтэй дүр төрх, Сүхбат эгчийн ач охин Дэнсмаагийн уран яруу уншилт, цэнхэр торгон дээлтэй, яг л хайрт эмээгийнхээ арван таван насыг санагдуулам дүр байдал, хэн бүхний цээжинд баяр баясал төрүүлсэн.
“…Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиад дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа…” гэх “Сайхан хотын хархүү” Долгорын Нямаад хандсан мөрүүдийг донжтой нь аргагүй гаргаж байлаа.
“Сэтгэл цэнгэгшинэ” гэж чухам үүнийг л хэлэх биз дээ хэмээн “Сэгс цагаан Богд”-оо өдрийн туршид сонссон олны гэрэлтсэн царай хэлээд өгч байгаа юм. Тэр үдшийн сайхныг, намрын шөнийн говийн тунгалгийг зүйрлэх юм биш. Шөнийн тэнгэрт намрын дунд сарын арван долооны саран гэрэлтэнэ. Сэгс цагаан Богдын цэнхэрлиг хязгаараас хонгор намрын сэвшээ салхи үлээж сэтгэл илбэнэ. Эгшиглэнт найргийн мөрүүд тархинд зурагдаж, эрдэнийн саран эрхэлсэн намрын шөнийн одод цээжинд булхагдана. Эргэн тойрон хөглөрөх Залаажинстийн гилгэр хар уулс домог хүүрнэж, энэ шөнийн тунгалаг энүүхэн хаяанд байгаа Солонгон уул шигээ өнгө өнгөөр солонгорч байнам.
Сурагчдын дотуур байрны өрөөнөөс “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай холын чамдаа дуу минь хүрээсэй” Бадарч ахын минь дуу уянгална. Ингэн хөөврийн хоолойн нөгөө үзүүрт Шинэжинсттэй залгаа Гурвантэсийн Овоотын отрядад энэ дуу төрсөн байх. Ингэн сэвстэй, Хатан суудал, Цагаан богдын заставын эрмэг харчууд солонгот шөнийн дуурьслыг үргэлжлүүлж байгаа нь энэ. Дундуур нь “Хөөрхий дөө, миний муу аав Хүйсийн говьдоо л усчин байсан юм” гэх зүрхэнд ёгхийтэл үнэнийг хэлдэг Цахилгаан ахын пал палхийсэн зөөлөн хоолой сонсдоно. Нэрт дипломатч тэрээр домогт Хүйсийн говийн хүү юм. “Элст манхан нутгаа ингэтлээ юунд санана вэ” гэж тэр жил манай сонинд Хөхморьтынхоо тухай бичээд шуугиан тарьж байсан. Гапилмаа эгч тэр хоёр урд хөршид Пүрэвдорж найрагч гэргий Чанцал нартай нь аяга цайгаа хуваан ууж Монголынхоо салхийг санаж суусан хүмүүс яах аргагүй мөн юм. Цахилгааныхаа “Огт оргүйн толь” номын өмнөтгөлд Пүдо нь сэтгэлийнхээ үгийг бичиглэсэн нь одоо чиг халуунаараа байгаа.
“…Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагиулсан
Намрын тал минь шаргалтна”. Агуу Мөөеө Пүрэвдорж гуай хоёрын “Дөрвөн цагийн тал” мөн л дуурьсаж байна. “Цогзолмаагийн шахалтаар “Хангайн магтаал” магтуу, “Дөрвөн цагийн тал” дууг хамтран хийсэн маань надад уран бүтээлийн аз дайрсан” гэж найрагч хэлсэн удаатай. Тэрээр үснийхээ хоёр шанааг босоо шулуулж, алтан соёо гялалзуулсан, оч мэт үсэрсэн эцэнхий шар Мөөеөгөө “хөгжмийн эгшгээр бүтсэн юм шиг санагддаг” хэмээн маш гоё хэлдэг сэн. Төрийн концертын завсарлагаар халамцуудаа Цэдэнбалын мөрөн дээр алгадаж, эргээд харахад нь “ты молодец” гэж эрхий хуруугаа гозойлгож элдэв дарга нараас зэм дуулсан, Лоохуузын хүүхдийн ойд хуурдаж намын эсрэг бүлэгт орооцолдох шахсаныг эс тооцвол төрд хийсэн гэмгүй, дуунаас дуурь симфони хүрсэн бүтээлийн зам нь алдар суугаар дүүрэн агуу их Мөрдоржийг нь Сэгс цагаан Богдын сэтгэл тунгалагшуулсан энэхүү намрын дунд сарын арван долооны шөнө бахархан дурслаа.
“…Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхиний бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурай ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далай зэрэглээнд тунан
Өртөө газраас айлын гэр
Өдрийн од шиг цахилнам билээ…” гэх онгод билгийн оргил болсон сувд шиг мөрүүд говийн шөнийн ододтой цуг сэтгэл рүү чуулалдан булхсаар л байлаа.
Ухаа шандан тэрлэгтэй ээрэм говийн даруухан бүсгүй өндөр хүрэн атны нуруунд туялзан ёстой нөгөө шингэх нарны шижир алтан сувд адил өмнүүр өнгөрөхүйд сэтгэл цэлмэлгүй яахсан ч билээ. Сэгс цагаан Богдоо эгшиглүүлсэн Сүхбат охины тавин жилийн өмнөх дүр зураг энэ мөнөөсөн. Их говийн “Тэмээтэй дарь эх”-ийн эгшиг аялгуу ингэж бүрэлддэг биз ээ хэмээн зүрх чичирхийлэн бодохуйд говийн нарны асгарсан туяатай хамт Эрдэнэ баавай минь сэтгэлд ургадаг байна шүү. “Зуны цэнгэлэгхэн орой Гурван сайхны хяр дээрээс говийн манант алсыг ширтэж чухам ямархан үгээр зурж болохыг олж ядан суутал “Үлэмжийн чанар”-ыг бүрэн шингээсэн ялдамхан бор бүсгүй цагаан тэмээ унаад ирж явна гэж зүүдлэх мэт болсон нь тэр цагаас хойш түүнийг говийн билэг тэмдэг гэж бодох болсон билээ” хэмээн нэгэнтээ өгүүлсэн. Миний санахаар Эрдэнэ баавайн ийн хэлхсэн, түүнд зүүд зөн мэт гэнэт ургасан их говийн билэг тэмдэг бол “Сэгс цагаан Богд”-ын амин судас Сүхбат эгч юм даа гэж бодогдсон.
Нямаа ах минь Сүхбатыгаа “Тэнгэрийн хаяаны од” гэж нэрлэж билээ. Ямар сайхан онож хэлсэн гэж санана. Тэртээ наян найман онд Сүрэнжав тэргүүтэй найрагчид гэрт нь үдлээд мордоход Сүхбат “Нямаад мэнд хүргээрэй” гэж хэлжээ. “Тэнгэрийн хаяанд суудаг их говийн даруухан бүсгүйгээс хэрдээ нүүрэмгий зан гаргаж мэнд илгээснийг нь би хүлээж аваад том бэлэг гардсан хүүхэд шиг сэтгэл баясан зогслоо. Тэнгэрийн хаяаны од тэр бүр хүнд харагддаггүйг мэдэх юм чинь, би” гэж “Тэнгэрийн хаяа” номондоо бичсэн байдаг. Зүрхнийхээ уясал бардамналаар, найрагчийн ялдам сэтгэлээр бичсэн нь мэдрэгдэнэ. Ингэж л тоост их говийн тэмээчин бүсгүй Монголын нэгэн найрагчийн сэрэл мэдрэмжийнх нь дуудлага болж мөнхөрсөн юм. Амбасэлмаа гуай тэр хоёрыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулж амжилгүй байхад Долгорын Нямаа нь тэнгэрийн цэнхэрлигт шингэсэн бол яасан гунигтай вэ. Найраглалын баатрууд уулзаад Сүхбатынхаа тэмээн сүргийн дэргэд, салхи савирыг нь залгилан сэтгэл уужирч явдаг Зах гурван Бамбуугийнх нь задгай хээрт бага залуугийнхаа захидлыг уншицгаан, түүнээс улбаалсан домогт найраглалийн эрдэнийн тансаг мөрүүдээс шигтгэн хэлж нүдэндээ нулимстай суусан алтанхан хормыг бид харсаан. Тэр тухай Сүхбат эгчид эерүүлэн зөөлнөөр дуулгахад хоолой нь зангирахаас өөрөөр илэрхийлж чадаагүй дээ, хөөрхий минь.
Шинэжинстийн зочломтгой олны дунд, намрын говийг бодолдоо халиан сэтгэл дуниарч суухдаа гэнэтхэн Эрдэнэ баавайг санасан минь учиртай ч байсан болов уу. “Пүрэвдорж бид хоёр Монголын орчин үеийн утга зохиолд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү хоёр” гэж наяад оны эхээр Эрдэнэ нь бичиж байсан. Тэгээд анд сайн нөхрийнхөө зохиол бүрийг алгасалгүй харж, сэтгэлд нийцтэй гаргууд уран ухаалаг мөр бадаг бүрт нь урамшин өөрөө түүнд нь ямар нэгэн байдлаар хамаатай юм шиг баярлан жаргадаг тухайгаа илэрхийлсэн байдаг. Ийм л жаргал баяр нь өчүүхэн надад Сэгс цагаан Богдын хаяанд санагдан цээжинд амтагдах шиг болсон юм. Тэр бүү хэл Сэнгийн Эрдэнэ аваргын эцсийн зүүдийг нь сонсч хуваалцсан хүн Пүрэвдорж гуай юмсан. Хоёрдугаар эмнэлэгт эргэж очиход бие туйлын ядруу гагцхүү сэтгэлийнхээ дөрөөн дээр тогтож асан Эрдэнэ нь харцаараа мэнд солиод “Би жаахан өндийж суумаар байна” гэх нь тэр. Цээжийг нь өргөн өндийлгөж хэсэгхээн хором суулгасан байдаг. Эрдэнэ баавай тамирдангуй инээвхийлж, хачин юм зүүдэллээ гэж мушилзсанаа “Цэрэндэжид минь цэл залуухан бид хоёр Бразилын Ерөнхийлөгчийн гоёмсог ордонд хүлээн авалтад цэнгэж байх юм” гэхэд нь Пүрэвдорж гуай “Бразил байдаг нь ч юу билээ. Ядахдаа Чилид Пеночетийн ордон байсан бол чи бид хоёр сураг дуулсан баймаар юм” гэхэд “харин тийм” гээд хажуулав. Хар багаас ижилссэн ханиа өрөвдөж дотоод ертөнцийнхөө илч гэрэлд эрхлүүлэн зүүдэлснийг нь Пүрэвдорж гуай гэргий Цэрэндэжидэд нь утасдаж дуулгабал “Та хоёр чинь бүр зүүдээ ярихтайгаа байгаа юу” гээд инээсэн юм гэдэг. “Энэ инээд Эрдэнийн минь зүүдний цагаан тайлал байлаа” хэмээн Пүрэвдорж гуай бичсэн. Аугаа их бичгийн мэргэн, энэрэнгүй үйлстэн Сэнгийн Эрдэнэ зүрх сэтгэл төдийгүй зүүдээрээ цагаан гэгээ цалгиан буцсаныг нь хэлсэн сэн. Эцсийнхээ зүүдийг сэтгэл бахдам дуулгаад энэ орчлонгоос буцсан Эрдэнэ, Пүрэвдоржийнх нь сүр сүлд оршсон “Сэгс цагаан Богд” найраглалын гантиг цагаан хөшөө сүндэрлэх агшнаа бодогддог л юм байна. Их утга зохиолын бурхдын шүншиг он он жилд хадгалагддаг гэдэг нь энэ буй за.
Сумын төвийн сууринд олон чиг хүмүүстэй уулзаж, яриа хөөрөө дэлгэн цээжний галыг асааж явлаа. Тэдний нэгэн бол яах аргагүй Дашчирэв гуай.Тэр жил Элбэгзаяа дүүгийн хамтаар Сэгс цагаан Богдынхоо тэргүүн оргил дээр гарч энэ насны хийморь лундаа сэргээсэн түүний сэтгэл цагаан Богд шигээ өндөр, Эхийн голын баянбүрд шигээ нүнжигтэй гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Ер нь бол цагаан Богддоо хамгийн олон очсон хүний нэг гэдэг. Сүүлд тийн очихдоо Сүхбатын сэтгэл шингэсэн ерөөлийн хадгийг уулын их овоонд өргөсөн. Ингэж домогт найраглалын тэмээчин бүсгүй, Сэгс цагаан Богд хоёрыг баранзад хадгаар холбож “уясан” хүн Дашчирэв гуай болдог. Сүхбат эгч нэгэнтээ “Цагаан Богд уул минь явахад хол сэтгэлд ойр байдаг. Би яг хажууд нь очиж үзээгүй. Наагуур нь Онгон хайрхны хавиар тэмээ хайж олонтаа явсан” гэж хэлсэн нь ийм учиртай. Сэгс цагаан Богд уул Шинэжинстийн суурингаас 300-гаад километрийн алсад оршино. Шинэжинст сум Улаанбаатараас лавтай 1000 километрийн цаана гээд бодохгүй юу. Монгол Улсын нийслэлээс даруй 1300 километрийн цаана цахилах энэ уул харин Хятадын хилээс ердөө есөн километрийн наана байдаг юм билээ. Үндсэндээ Сэгс цагаан Богд минь Шинжаан Уйгарын нутагтай залгаж оршино. Шинжааны Хүрэгч гүүтийн застав манай Цагаан богдын заставтай бараа бараандаа байдаг. Тэгэхээр яалт ч байхгүй тэнгэрийн хаяанд байгаа гэдэг үнэн ажгуу. Зүгээр нэг уянгын шигтгээ үг ч биш. Үнэхээр л тэнгэрийн хаяанд суудалтай уул, тэнгэрийн хаяа түшсэн ард зон юм даа.
Сэгс цагаан Богдын Шар хулсны баянбүрд гэж бий. Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамц нэгэн мянга есөн зуун дөрвөн оны намар ирэхдээ Шар хулсны рашаанаар дайрч “Олон хүнд тус болох орчлонгийн шидэт ус байна” хэмээн аравнайлснаар өнөөг хүртэл ходоодны өнөө айхтар өвчнийг анагаах шид оршсон дуулдана. Мөн Оросын нэрт эрдэмтэн эцэг хүү Рерих Шамбалын орныг зорин явахдаа энэ нутгийг сонгож сонин содон түүхийг зурж үлдээсэн баримт байдаг. 1920-иод оны үеэс “үймээны эзэн” Дамбийжаа Эхийн гол цагаан Богдын араар цэрэг цуглуулж өөрийн улсыг байгуулна гэж зүтгэн цэргийн бэхлэлтээ байгуулж байсан яриа ч байна. Гучаад оны эхэн үеийн үймээний үеэр эл нутгийнхан жаалхан ламын дүр буюу Жамбалдамбийжанцан гэгээнтнээ хил давуулж Утай Гүмбэн рүү явуулжээ. Тэр үед Чирэв гуайн аав Гэндэн гэгээнтний замчин тогооч хийж явсан гэх. “Гэгээнтэн Хөлтрөгийн голд очоод аавд минь “Та одоо буцдаа, та тэгтлээ ядарч зовохгүй ээ” гэж адислаад цааш одсон. Нээрээ л гэгээнтний адисласнаар аав минь зовоогүй, сайхан ч насалсан” гэж хэлнэ билээ. Шар хулсны баянбүрдийн Далай багшийн жанлавтай энэ ээрэм цөл нутаг мазаалайн газар орон. Тэртээ жаран онд Эхийн голын баянбүрдэд сууж асан Бадарч өвгөн “Мазаалай энэ нутагт бий, газарчилж өгч болох юм” гэж төрийн шагналт нэрт зураглаач Ойдовын Уртнасанд хэлсэн байдаг. Тэр цагаас хойш Уртнасан гуай Алтайн цаад говиор хэрэн тэнүүчилж Эдрэнгийн нурууг даван, Майхан усыг сахиж Атас Чингис уул, Сэгс цагаан Богд хүрсэн. Өөрийнх нь өгүүлснээр наян таван онд Шар хулсны баянбүрдээс хориод километр зайд орших Цагаан чулуут гэдэг газар мазаалайн зураг авсан гэдэг. Түүнээ “Ээж хайрхан” кинондоо оруулсан тухайгаа дурссан удаатай.
“Пүрэвдорж гуайн авьяас, шид билгийг би гайхдаг юм” гэж Чирэв ах ус гүйлгэнэсэн зөөлөн нүдээрээ хэлж байна. Манайхан хэдэн үеэрээ энэ алс говьдоо нутаглаж байгаа хүмүүс. Говийн заг ямархан байдгийг бид мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Гэв чиг Пүрэвдорж гуай шиг “Голдоо хүртэл хатсан юм шиг говийн заг хатуу ч гэлээ, нарны илчинд ноцтол халсан нарийнхан мөчир нь ногоон” болохыг хэлж чадаагүй, магадгүй анзаараагүй явсан л байхгүй юу. Олон үеэрээ нутаглаж ирсэн бид ээрэм говио ингэж гүнзгий мэдрээгүй байхад тэр хүн ердөө ганц удаа ирээд буцахдаа “эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь эсгээд авмаар иртэйг, ээрэм газрын алаг чулуу нь эрхиний бөөр шиг элүүнийг, холоос харахад говь хүйтэн юм шиг санагддагийг, харин илчтэй хөрсийг нь алгаар дарахад илүүрийн ул шиг халуун байдаг”-ийг мэдэрч говийн бидэнд хэлж өгсөн гэж тэрээр бахдаж сууна. Үнэндээ их найрагч сэрэл мэдрэмжээрээ асгарч бичихээс гадна говийн хөрсийг халуун алгаараа дарж, алганыхаа хээгээр оюун санаандаа тамгалан жинхэнэ ид шидийн бүтээлийг төрүүлжээ. Хулангийн тоостой бэл нь хуурайн ар шиг ширүүн атлаа хүйсэн чинээ зүлгэн газраа хүүхдийн зулай шиг нимгэн байдгийг Пүрэвдорж гуай хэлсэн байх. Говийнхны дуун алдаад байдгийн учиг ингэж тайлагддаг. “Сэгс цагаан Богд” найраглалын үг бүр нь монгол хэлний эрдэнийн үнэт чулуу. Энэ л эрдэнийн чулууг өрж тэнгэрийн хаяанд цэнхэрлэх уул шиг Монголын яруу найргийн ертөнцөд он он жилээр талстан гэрэлтэх сац бадман суварга бүтээсэн хүн бол Пүрэвдорж гуай. Мэдээж тэрхүү сац бадман гэрэлт суварга нь “Сэгс цагаан Богд” билээ.
Эрдэнийн гэрэлт чулуу гэснээс миний хажууд их говийн бас нэг үнэт “чулуу” сууна. Тэр бол Сайхан-Овоо, Төгрөг хайрхны хүү Дамбын Төрбат бүлгээ. Төрөөгөө Пүүжээ багш нь “Сэв нь арилж бөхжсөн говийн элүүн агаад халуун чулуу” гэж төрийн шагнал хүртсэн “Зүрхэн тарни” номынх нь өмнөтгөлд бичсэн. Их утга зохиолд арван хоёр жилээр арван хоёр роман бүтээсэн хүн бол Төрбат юм. Бяртай л хүний явдал даа гэдэг шиг ухаан бяр, авьяас билэг, зангараг зааж туурвиж буй нэгэн. Юмны хувь тохиол гэж сонин. Тэртээ хоёр мянга нэг оны хавар, Булганы Дашинчилэнгийн сургуулийг Сономын Удвал гуайн нэрэмжит болгож хотоос олон зохиолчид ирсний нэг нь Төрбат ах байж билээ. Удвал ахайтныхаа санаачилсан уран зохиолын ордны даамлын албатай тэрээр Дашинчилэнгийн “улаан булан”-д болсон зохиолч уншигчдын уулзалтыг хөтөлсөн. Тэр тухай миний бие Цоодол багшийнхаа Бүрэнгийн тэмдэглэлд хавчуулж л байлаа. Хишиг-Өндөрийн сургуулийн захирал Дашзэвэг алга дарамхан цаасан дээр “захиа” бичиж Төрөө ахад илгээсэн нь “10А ангийн сурагч Гантулгаар шүлэг уншуулж өгнө үү” гэсэн хүсэлт байсан сан. Ингээд аравдугаар ангийн сурагч жулдрайхан намайг утга зохиолын бурхад чуулсан тайзнаа, ялангуяа Цоодол, Урианхай нар ханайж суусан тэр тайзнаа зарлаж гаргасан хүн маань Төрөө ах юмсан. Улаан ягаан цэмбэн дээлтэй, орос бахиалтай, бас болоогүй сахал нь сөрвийсөн товорищийг хараад “сургуулийн сурагч гэхээсээ сумын заан гэвэл болох юмуу” гэж олны инээдийг хүргэж асан ийм л аваргатай Сэгс цагаан Богдын ойд ирсэн.
Мань эрийн “Туулай туульс”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо” гээд өнөө ланжгар хэдэн романых нь хялар хатны домгоос сэдэвлэж туушиндсан “Могойн чуулган”-д нь би дуртай. Мөн “Ирж яваа цаг” киног нь үзэх бүрийд далдуур мэгшдэг. Багаяа буюу өөрийг нь овоглох алтан титэм Дамба гэж хөгшиндөө зориулсан “Ирж яваа цаг”-ийн дүр бүхэнд нь хайртай сан. Түнжгэр толгойтой эл эрхэм халуун залуу насандаа эх орныхоо хилийг бүтэн тойрсон юм. Наян зургаан онд “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч байхдаа төрийн шагналт зураач Пүрэвсүх, яруу найрагч Ядамбатын Баатар, ардын зураач Намхайцэрэнгийн хүү Санчир нартай Сэгс цагаан Богдод ирж байжээ. “Сэгс цагаан Богд бол холоос харахад хэвтэж байгаа тэмээ шиг уул, олон хад сархиатай. Тэнд ганц ламын агуй гэж бий” хэмээсэн. Эх орны баруун хязгаар домогт Байтагийн заставаас Алтайн өвөр говь Цагаан богдын застав хүртэл явж бүх байшингуудынх нь дээврийг төмөрлөж байсан гэдэг. Говь цөлийн зуны нарны ид халуун, дээврийн улайссан мэт төмрийн халууныг яс махаараа мэдэрсэн нь дамжиггүй. Монголын найрагчдаас ийнхүү цагаан Богд уулын оройн салхийг залгилж, элгэн хүрэн хаданд нь шүлгээ дуудаж, нарных нь улайсам халууныг тэгтлээ мэдэрсэн хүн цөөхөн. Тийм сонихон хувь заяаны эзэн мань аварга болж байх жишээний.
“…Аваа өгөө хоёр дээр ус асгаж
Атаа жөтөө хоёр дээр цус асгаж
Авьяас билэг хоёр дээр дуу асгаж
Алдар хүнд хоёр дээр сүү асгаж” төрснөө тунхагласан эл найрагч тэр жилийн намрын будант орой Пүрэвдорж багшийнхаа Эрээн уулын хормойд
“…Бишрэл сүжиг минь сүү
Билэг авьяас минь сүү
Бичсэн шүлэг минь сүү
Бие сэтгэл минь сүү
Харанхуйг гэрлээр сүлнэ
Хагацахуйг учралаар сүлнэ
Харамсахуйг баяраар сүлнэ
Хан орчлонг өөрөөрөө сүлнэ
Би сүү” хэмээн нулимсаа сувдруулан уншсаныг мартдаггүй. Эл удаад ч ялгаагүй номын багшаа яриад “Тусгаар тогтнол”-ын сүлд шиг сайхан мөрүүдийг нь уншин зүрх огшиж, “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь дуулан мэлмэрч, Сэгс цагаан Богдын хаяанд сэтгэл гээч нь сүү шиг асгарч явлаа. Баянхонгорын төвийн буудалд ч, Шинэжинстийн сургуулийн дотуур байранд ч ах бид хоёр нэг өрөөнд. Хэдэн өдрийн туршид ёстой нэг шавайгаа ханатал сайхан ярьсан даа. Манай хүн өглөө эртээ босоод дэвтэр үзэг өмнөө барьчихсан цонхоор тэнгэрийн хаяа, уулын сэрвээ харуулдан шүлэг тэрлэж сууна, ясны найрагчийн зангараг гэдэг тэр байх.
Залаажинстийн хар хадан цохион дээрээс наран мандах зүгт Их Богд хайрхан хав дөрвөлжлөөд бахтай харагдах нь лундаатай. Монголын их говьд орших атлаа хангай нутгийг санагдуулам цэнхэр номин энэ хайрхны барааг олонтаа харсаан. Тэр жилийн намар Лодойдамба гуайн 100 жилийн ойд оролцохоор Урианхай ах, Бавуудорж ах, Чилаа ах бидэн Их Богдын мөнгөлөг тэргүүнийг холоос харан жавхаажаад өндөр Алтайгаа зорьж билээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Отгонтэнгэрийг зорих замд Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчийн Бөөнцагаан нуураар дайрахуйд их хайрхан бас л газрын холоос сүр жавхлантай нь аргагүй ханайж байв. Ямагт наран жаргах зүгт, холын холд бараа нь хөхрөн сүүмэлздэг Их Богд, Залаажинстийн товгор дээрээс наран мандах зүгт хав дөрвөлжлөн байгаа нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Их Богдыг “нэвтлээд” цааш одно гэдэг аргагүй л тэнгэрийн хаяанд тулж ирсний илэрхийлэл гэлтэй. Их Богдын барааг харахад өөрийн эрхгүй Гайтав гуайн дүр бууж ирнэ. Энэ их хайрхны Арц Богдын өвөрт эдүгээгээс ерэн жилийн өмнө Гайтав төрсөн. Пүрэвдорж гуай тэр хоёр Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудаар өртөөлж аяны уртыг туулахдаа нэгнээ илүүтэй ойлгосон гэдэг. Баянлигээс Арц Богд орох замд Гайтавын ярьдгаар Цэгмид чавганцынд нь очжээ. Өнөөх нь эхийгээ байн байн дурсч, их л санаж яваа бололтой гэнэ. Харин уулзахдаа ер санасан шинжгүй түг ёг хийсэн хэдэн үг хэлэлцээд мордсон тухай Пүрэвдорж гуайн дурдатгалд бий. Монгол найргийн улаан алмааз эрдэнэ түүнийг Пүүжээ нь “хүүхнүүдэд сээтэгнэхийг үзэхгүй, бараг хайрын шүлэг бичээгүй” гэж тодотгосон. Тэр нь үнэн юм. Ямар сайндаа Лувсаншарав гуай тэр хоёрын “Амрагийн болзооны тухай дуу”-ны онигоо хүртэл гарахав. Залуу хосууд уулзаад байж байхад цаана нь улаан туг хийсээд болдоггүй гэнэ. Лууяа нь “Гайтав, чи энэ улаан тугаа авчихаач” гэсэн чинь “Үгүй шүү хө, тэгвэл би чамтай дуу хийхгүй” гэсэн юм гэдэг.
Ийм наргиан наадаан дунд бид Их Богдын цаанаас, Сэгс цагаан Богдын хаяанаас “Уулс тийшээ хаяа тэлсэн, үүлс дээшээ дээвэр тулсан, улсын минь чандмань эрдэнэ-Улаанбаатар”-ынхаа зүг жолоо эргэлээ. Тэнгэрийн хаяанаа суудаг их говийн нүнжигт хүмүүсийн халуун сэтгэлд хэдэн өдрийн туршид бөмбөрлөө. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн монгол найраглалын сац бадман суварга “Сэгс цагаан Богд”-ынх нь эрдэнийн титэм шиг мөрүүдээр сэтгэл цэнгэгшин булхлаа. Домогт найраглалын цаг түүхийн гэрэлт хуудас Сүхбат эгч аяны минь дөрөөнд сүү өргөн зогсож байна.
…Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс цагаан Богд” гэсэн их найраглалын төгсгөл шиг тэр агшин үлэмж төгс төгөлдрөөр сэтгэлд зурагдан үлдсээн. Ай их Сэгс цагаан Богд минь. Ангир бага наснаас зүүдэнд оршсон яруу сайхны мөнхийн дуудлага минь. Хонгор залуу насандаа ирж, хонгор намрын чинь салхинд сэтгэл сэнсрэн зогсох хувь байжээ. Монголын яруу найргийн жулдрайхан хүү би ном шастираа дээдэлдэг цэцэн билэгт олныхоо цээжинд цэн цэнгийн бороо шиг асгарсан найраглалын хагас зуун жилийн алтан баринтгийг ийнхүү хуудаслан үлдээлээ.
“…Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд
Аргал нь хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг”-аас сэтгэл хоргодон хоргодон хөдлөхүйд “Сэгс цагаан Богд”-ын гантиг цагаан хөшөөг их говийн салхи илбэн байнам.Эрдэнэт хүмүүнд энэхэн насандаа барааг нь харж, салхийг нь амсах нэгэн сайхан уул заяажаа. Тэр нь Сэгс цагаан Богд юм болов уу, тиймдээ л монгол найргийн дархан цэцээр монгол хүмүүний зүрхэнд шигтгэгдсэн байлгүй.
Хөх талын дуун
Хөх талын булаг дээр
Хөөрхөн хоолой эгшиглэнэ ээ.
Дуунаас
Д.С
Хэн намайг гэрээс дуудан гаргасныг үл мэднэм. Гагцхүү хээр талыг үзээд л гэрээс гарснаа харсан бөлгөө. Хөх тал хөх тэнгэртэй тэврэлдэн цэлийжээ.Тэнгэрээр алхах хүсэл биелсэн байхыг үзнэм.
Хамгийн том тэнгэр хээр талд л байдаг, очоод мэднэ.Салхийг хугалах ирмэггүй, сансрыг эсгэх үзүүргүй, торгомсог болоод энхрий ялдам хээр тал.Хээр тал нутагт тэнгэр өөрөө хайртай бөлгөө. Хээр талд жаргах гэж тэнгэр өөрөө бууж ирэх нь үзэгдэнэ.Хээр талын цэцгэнд булхан амсхийхээр нөмгөлж эхлэх тэнгэр нэн үзэсгэлэнтэй. Хорвоогийн хамгийн сайхан үзэмж бол тайчиж байгаа тэнгэр юм. Тэнгэрийн өмсгөл сэр сэрхийн газарт унах чимээ чихнээ чимэгтэй болоод болоод сонсголонтой.
Хөх талын булаг дээр хөөрхөн хоолой эгшиглэнэ ээ.
Хөх зүү хөндлөн бариагүй1 л болов уу,
Хөнгөн болов ч гунигийн сүүдэр унаагүй л болов уу,
Хөх талын булаг дээр тийм л хоолой эгшиглэнэ ээ.
Хээр тал баясан хөөрөөд дуулж эхлэх нь тэр. Хүний орчлонгийн үйлэнд хиртээгүй бүсгүйгээс л дуурьсах тийм энхэр, тийм булбарай хоолойгоор эгшиг өргөнө. Орчлонгийн зангираа алдуурахын зөн татах нь ган тайлагдах мэдрэмж мэт. Энэ л гайхамшигт тайллын төлөөнөө газар дэлхий гандан ангадаг мэт. Энэ л гайхамшигт учралын төлөөнөө газар тэнгэр хагацдаг мэт. Бурхан минь, гал өөрөө халууцахаараа яасхийн тэчъяадахыг, гол ус өөрөө цангахаараа хэрхэн байж ядахын нууцыг тэндээс л тайлав шүү.
Урин хаврын ногоо ургаж дуулаад байхад
Усны шувууд ирээд найрал дуулаад байхад
Унах навчны дуулиуд асгарч дуулаад буцахад ч
Унтаа л, унтаа л байсан эрх нялх аялгуу.
Сэм сэм салхи сэржигнэх нь тэнгэр тайчих чимээ. Хээр тал, хөх тэнгэрийн учрал чихэнд бус зүрхэнд сонсдов. Гоо үзэсгэлэнгийн тэнгэрс, чив чимээгүй, бүв бүрэнхийн дундуур рашааны дусал хайрлахаар сэм сэмээр дөхөн ирэх нь тодхон.Тэнгэрсийн угааль, рашааны сүрчээнд дотроосоо норох мэдрэмж. Биеийн гүнээс асгарах бороо, бодгалийн дотроос сүрчих рашааны думд тэнгэр ч гэж юу, газар ч гэж хаана?
Хээр тал, хөх тэнгэр, хэн нэгэн
Хэрвээ чамд бодогдож байвал
Хээр тал гэж, тэнгэр гэж хаана оршдог болохыг
Хэн хэлнэ, хаана гэж заанам билээ.
Уус ус, хөх тэнгэрийн харна гэдэг
Ухаан бодол, сэтгэлийн гүнээ онгочиж ухаад
Уул ус, тэнгэр, горхийг тэндээсээ олоод
Урдаа асгаад гайхширч харахын нэр буюу
Тийм болохоор, хэзээ ч жинхэнэ утгаараа тэнгэрийн доор нь зогсох боломжгүй, талын дээр орших аргагүй. Хөх тэнгэрийн хаана ч биш оршиж байгаа тулдаа л тэдний учралдаан дунд умбан орном билээ.
Унаж эргэсэн тэнгэр шиг
Хээр тал цэлийнэ
Урваж хөрвөсөн тал шиг
Цэнхэр тэнгэр өнгийнө
Хичнээн зугтсан ч холдохгүй
Тэнгэрийн хаяа ард байна
Хичнээн давхисан ч ойртохгүй
Тэнгэрийн хаяа урд байна.
Нойрмог талыг хучсан хөх униар бол нүцгэлсэн тэнгэр юм. Тэнгэрлэг гоо үзэсгэлэнг амтлан мансуурсан хээр тал дэн дун дунайртана. Шувууд ч жиргэхгүй, навч сэржигнэхгүй тийм агшин. Энэ бол хээр тал, тэнгэр хоёр учралдан ханалцах торгон агшин. Тэгээд тэнгэр газар эвцэлдэн нөхцөхүйн аялгуу дуурьсана. Нүдээ нээвээс, цоо шинэ тэнгэр, орь нялх хээр тал мэндэлсэн байнам, бүүвэй, бүүвэй…Өчигдрийн тэнгэр танихгүй айлд хоносон мэт. Өчигдрийн хээр тал танихгүй хэвтэрт унтсан мэт.
Хөх булгийн тэнд нойрсож хүлээсэн аялгуу
Хөх сарын шинэдээр дурсах төдийд сэрмүү…
2019.11.06
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйтэй ярилцлаа. Тэрээр их утга зохиолын гал тогоонд ерээд оны сүүл үеэр намуухан орж ирсэн найрагч юм. Ерэн есөн “Болор цом”-д шалгарсан шилдэг шүлгүүд төвийн сонин хэвлэлд гарах үед Нэргүй найрагчийн шүлгийг анх олж үзсэн санагдана. Охидын тухай бичсэн хайрын гоё шүлгүүд хадгалагдаж үлджээ. Одоо бодох нь ээ, их л эмзэг торгон мөртүүд байж билээ. Түүнийг дотогшоогоо зөөлөн найрагч болохыг нь сүүлд мэдэрч билээ. Өр зөөлөн чанар, хүнлэг сайхан сэтгэл нь олон залуусыг араасаа дагуулахад хүргэсэн. Яруу найрагт дуртай олон залуу түүнийг багшаа гэж хүндэтгэдэг юм.
-Ерээд оны сүүл үед “Хонгорзул” сонин мандаж байхад “Хулангийн зэл” буланд таны шүлгүүд гарч байсан. Их утга зохиолын дуулиан шуугианд хэрхэн орж ирсэн тухайгаа ярихгүй юу?
-Намайг наймдугаар ангид байхад манай суманд хэдэн зохиолч ирсэн дуулддаг юм. Манай сум гэдэг маань Төв аймгийн Баянхангай. Би чинь Завханы хүн хэрнээ Төв аймагт нүүж ирж сургууль соёлоо төгссөн. Би гэж шүлэг зохиолд дуртай амьтан яахав, өнөө зохиолчдын чинь барааг харчих санаатай явлаа. Соёлын төвийн урдхан зохиолчтой таарлаа. Хүнээс асууж байж очиж байгаа. Мэнд усаа мэдээд гар барьтал би өөрөөсөө жигтэйхэн муухай ичлээ. Учир нь миний гар сайртчихсан, тэр сайхан хүнтэй гар барихад ямар ичмээр санагдсан гэж бодно. “Би шүлэг бичдэг хүүхэд байгаа юм аа” гэхэд “Өө тийм үү” гээд намайг үнссэн. Тэр хүн бол соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, үргэлжилсэн үгийн нэрт мастер Санжийн Пүрэв гэж агуу хүн байсан. Надад гарын үсэгтэй номоо бэлэглэлээ. Миний баярласан гэдэг жигтэйхэн. Улаанбаатар орохоороо ахтайгаа уулзаарай гэдэг юм. Зохиолч гэдэг маш хол, хүрч барахгүй ертөнц гэж би хүүхэд байхдаа боддог байсан. Гэтэл Пүрэв зохиолчтой уулзсанаас хойш тэрхүү төсөөлөл минь өөрчлөгдөлгүй яахав. Дотно дулаан мэдрэмж төрсөн. Уран зохиол, яруу найраг гэж бодохоор, зохиолч хүний санахаар сэтгэлд гэрэл гэгээ нэмэгдэж, шүлгэндээ их дурлаж байгаа юм. Ингээд наймдугаар ангиа төгсөөд хотод ирлээ. Зохиолчдын хороог сураглаад очсон чинь маш гоё инээд алдсан хүн угтаж авдаг юм. Өнөө Санжийн Пүрэв гуайгаа сураглатал, за хүү минь олон Пүрэв бий. Чи болохоор хар Пүрэвийг асуугаад байх шиг байна. Би чамайг охинтой нь уулзуулъя, зохиолчдын хороонд ажилладаг юм гэлээ. Миний уулзсан тэр гоё хүн Дөнгөтийн Цоодол ах байсан даа. Ёстой бурхан шиг хүн санагдсан. Хүн яахаараа ийм гоё байдаг юм бол, зохиолч л болох юм бол энэ хүн шиг ийм гоё хүн болох байхдаа гэсэн бодол төрлөө. Зохиолчдын хорооны босгоор алхсан тэр цагаас хойш сайн муу ч гэсэн шүлгээ бичсээр явна.
-Та чинь “Бэрс” сургуулийн бүтээгдэхүүн. Бавуудорж ах, дархад Мийгаа ах, Түмэн-Өлзийн Эрдэнэцогт ах, Саруул ах гээд бүгд “Бэрс”-ийг төгссөн дөө. Захирал нь Гомбосүрэн гэж сайхан хүн?
-“Бэрс” кино урлагийн сургууль тухайн үеийн уран бүтээлчдийг, шүлэг найрагт дуртай залуусыг нэгтгэж байсан. “Бэрс”-д ороод Бавуу ах, дархад Мийгаа ах энэ хэдтэй танилцсан. Бас нэг сонин тохиол байдаг. Би оюутан байхдаа “Дэнжийн мянга”-д нэг айлд байсан юм. Манай урд талын хашаанд гэзэгтэй нэг ах хүүхдүүдтэй сагс тоглоод гүйгээд байдаг байсан. Манайхан “Энэ яруу найрагч залуу байгаа юм” гэдэг байсан. Тэр хүн Арлааны Эрдэнэ-Очир ах байсан. Миний бие хөдөө байх даа тамхи ороох сонингийн цаас олдохгүй тариалангийн талбайд хийсч явсан сонингийн тасархайг олж авч билээ. Уг сонины тасархайд Эрдэнэ-Очир найрагчийн “Алд хархан гэзгэнд чинь сэтгэлээ зүүгээд явууллаа, анирхан өглөө босоод зөөлөн зөөлөн самнаарай” гэсэн шүлгийн мөрүүд нь байж байдаг байгаа. Ингэж анх би Эрдэнэ-Очир ахтай бүтээлээр нь танилцаж, шүлгээр нь өвчилж явсан. Харин тэр хүн маань хамар хашаанд минь байж таарсан нь сонин юм шүү. Миний хамгийн айж бэргэж танилцсан хүн бол Эрдэнэ-Очир найрагч. Багаасаа л энэ хүн шиг ийм гоё найрагч болохсон гээд бодчихсон хүн чинь тэр сэтгэлээрээ явчихдаг юм билээ л дээ. Бавуу ахтай мөн л ялгаагүй. Манай сургуулийн нөхөд Бавуудорж найрагчтай их л дотно юм шиг хүзүүдэж авах нь холгүй. Миний хувьд өнөө л их том хүндэтгэл маань нөлөөлдөгсөн үү, нэг л халдаж чадахгүй. Сэтгэлдээ бол хэчнээн бишрэлтэй байгаа. Ийм л хоёр сайхан ахтай таарч танил болсноороо их утга, яруу найргийн сэтгэл зүрх гээчийг мэдэрсэн юм. Энэ хоёр ахаасаа би хүн чанарын гэгээ гэрлийг олж харсан. Энэ хоёр найрагч ах шиг явахад миний амьдрал зөв байх юм байна гэх итгэл надад төрсөн. Бусдыг хайрлах хайр, уран бүтээлдээ хандах хандлага, ахмадаа хүндэтгэх хүндлэл, араасаа олон дүү нараа дагуулсан сэтгэл нь зүгээр үлгэр дуурайлын туйл байсан. Элэг зөөлөн ийм ертөнцөд амьдарч ирлээ.
-Таны анхны ном юу билээ. Хэдэн онд гарч байв?
-Амархүү ах, Тавхайн Цолмон ах хоёртой уугаад байж байтал Цолмон ах хэлдэг юм. “Миний дүү шүлгийнхээ номыг гаргачихвал засарчихна. Чи их зөөлөн хүн” гэлээ. Яг тухайн агшинд надад “Нээрээ л номоо гаргая” гэсэн бодол төрсөн.
Би ямар эвдэртлээ уучихсан ч биш. Ном гаргах тухайгаа ижий аавдаа хэллээ. Ном хэвлүүлэх мөнгө хэрэгтэй байгаагаа дуулгалаа. Тэр хоёрын хувьд бол надад мөнгө өгнө гэдэг асуудалтай. Учир нь өмнө нь машины мөнгө өгөөд явуулахад би чинь наргичихсан хүн. Гэхдээ ижий аав хоёр минь хүүдээ итгэлгүй яахав. Нэг бяруу төхөөрч аваад хот руу гарч өгсөн юм. Хэдэн шүлгээ бариад Чойномын “Өд” сангийн тэргүүн Ганболд ах дээр очсон. Тэдний хэвлэх үйлдвэрт номоо хэвлүүлэхээр боллоо. Тэр чинь 2007 он юм. “Зургадугаар сарын 27 миний төрсөн өдөр. Энэ өдөр л та номыг минь гаргаж өгөөрэй” гэж Ганболд ахад захисан. Өмнөтгөлөө би Чилаа ахаар бичүүлсэн. Намайг Монголын радиогийн “Шинэ эрин”-д дадлага хийж байхад Чилаа ах огтоос танихгүй хэрнээ “Миний дүү автобусны мөнгөтэй юу” гэж үргэлж асууна. Тийм дээ ч болоод тэр үү, нэг л гоё санагддаг байсан. Ер нь зөөлөн, нуруутай сайхан хүн. Тэгээд би Чилаажав ахаар өмнөтгөлөө бичүүлэхээр хэдэн шүлгээ аваад очиж билээ. Анхны номоо “Гэрэлт эх” гэж нэрлэсэн. “Чи ямар гоё ээжийн тухай нэр өгсөн юм” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ бол миний анхны хайрыг булаасан Нансалмаа хэмээх охинд зориулж бичсэн бүлэг шүлгээрээ нэрлэсэн хэрэг. Нансалмаа гэж төвдөөр Гэрэлт-Эх гэсэн үг юм.
-Тэр жил Санзайгалсангийн Ууганбаяр ах, Лхамсүрэнжавын Ганзул ах та гурав нийлж номын баяр хийж байсан. Зүрх сэтгэл ойр хүмүүс нийлж номын баяр хийх нь сайхан юм байна гэх бодол хүнд төрсөн байх?
-2013 онд аав маань бурхан боллоо. Би тэр үед ном гаргана гэж их ярьдаг байсан. Аавын минь бурхан болсны дараахан “Үнэн” сонины хамт олон миний номыг бэлдэж надад маш том бэлэг барьсан юм. Манай Ууганаа л компьютерт бичээтэй байгаа шүлгүүдийг минь авч янзлаад, Дамбий ах үг үсгийн алдааг нь хянаад бэлдчихсэн байв. Ингэж аавынхаа 49 хоног дээр “Хайрын зүг” гэж номоо гаргасан. Ганзулын маань “Сэтгэл бүрдийн тойром” яруу найргийн ном, Ууганаагийн “Тавилангийн цэцэрлэгт” гэх ном ойрхон гарч, нэг уяаны морьд гэдэг гурвуулаа нэгэн зэрэг баяраа хийж байлаа. Бид гурав гэж баларсан хүмүүс нэг ч хүнд урилга өгч чадаагүй. Магадгүй урилга хэвлүүлэх мөнгөгүй ч байсан байх. Ойр орчмын хүмүүс л ирэх байх гэж бодож байтал “Интерном”-ын танхимд багтаж ядтал олон хүн цугласан. Олон ч сайхан хүн сэтгэлийн үгээ хэлсэн. Мөн ч халуухан баяр болсон. Үгийн хачир болгоход, манай гэр бүлийн хүн анх удаагаа тийм олон зочид цугласан номын баярыг үзэж надад жигтэйхэн хайртай болж билээ (инээв). Тэр баярыг эргээд бодсон ч, дүүтэйгээ ингээд хөөрч суусан ч муу Зул ах нь үнэхээр их санагдах юм аа. (Тэрээр Ганзул найрагчийн тухай ийн хэлээд нулимсаа барьж чадаагүй юм. Хэсэг уйлж байж дотор нь онгойв бололтой яриагаа үргэлжлүүлсэн) Намайг архи ууж байх үед хүмүүс зугтдаг байсан. Тэр хүмүүсийн буруу биш өөдгүй яваа миний буруу. Харин Ганзул надаас нүүр буруулалгүй ирж уулзаад мөнгө өгөөд явсныг би мартдаггүй. Дотроо их л баярлаж билээ. Ганзул бол үнэхээр мэдрэмжтэй, уянгатай найрагч байсан. Яг үнэндээ Ганзулыгаа амьдад би мэдэрч, бахдаж уншаагүй юм байна. Хүн чинь ойр байгаа хүнээ тэр бүр анзаардаггүй юм байна лээ. Өнгөрснийх нь дараа хараад уншаад л, ийм авьяас билэгт найрагч гэдгийг нь амьдад нь хэлж байхгүй яав даа гэсэн харуусал төрсөн. Мэдээж мундаг л гэж боддог байснаас яг нарийн мэдэрч, зүрх сэтгэл, найргийнх нь ертөнцөд гүн нэвтрээгүй л байсандаа харамссан. Ганзул, Ууганаа бид гурав уран бүтээлийн хувьд ч, амьдрал дээр ч сэтгэл нэг явсан. Хэнийх маань санхүүгийн хувьд асуудалтай, хоосон хонох дээрээ тулж байгаа вэ гэдгээ мэддэг байсан. Манай Зулд нэг сонин чанар байдаг байв. Эхлээд хүнийг болгодог, өөрийгөө ар гэрээ дандаа хойш тавьдаг тийм хүн. Найз нөхөд нь болж байвал өөрөө сэтгэл дүүрэн байж чаддаг тийм л хүн байлаа. Оюутан байхад аав, ээж хоёр минь Хайлаастад хашаа авч өгсөн юм. Тэнд л бидний оюутан цагийн онгодтой өдрүүд үлдсэн. Бадамцэрэнгийн Эрдэнэбулган гэж сайхан найз минь байв. За тэгээд л манай Бадамжав, Сонинбаяр, Занданхүү гээд бүгд дарвиж очно.Оройдоо Буяннэмэхийн таван хором хийнэ. Таван минутын шүлгийн уралдаанаа хэлж байгаа нь тэр.
-Та Эрдэнэ-Очир ах, Бавуу ах хоёрын тухай ярилаа. Үнэхээр арга байхгүй. Ууганаагийнхаа тухай, Зулынхаа тухай ярилаа. Таны л ярьж дурсах хүмүүс мөн. Өөр бас танд их утга зохиолд хүндэтгэдэг бурхад байж таарна?
-Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай байна. Мөн Очирбатын Дашбалбар найрагч байна. Даваасүрэнгийн Чинзориг гэж жүжгийн нэрт зохиолч, бас сайхан найрагч бий. Энэ аваргууд чинь бидэнд хичээл заадаг байлаа. Ер нь бид чинь нэгнээ сайн уншдаггүй юм байна гэх бодол надад их төрдөг. Сүүлд би Хөөдөгийн Эрдэнэбаатар, дархад Мягмаржав гэсэн “Болор цом”-ын эзэн хоёр сайхан найрагч ахын номыг уншлаа. Үнэхээр тас тасхийсэн мөрүүдтэй, барахын аргагүй том найрагчид байж. Сая бас нэг сайхан найрагч дүү минь биднээс алга боллоо. Оролзодынхоо “Тогоруутай нуур” гэж дууг нь л мэдэхээс шүлгийг нь бас л анзаарч уншаагүй байх юм. Хөшөөнийх нь чулуун дээр ямар шүлэг бичих вэ гэхэд хэлж чадахгүй байж жишээний. Тэгэхээр бид нэгнээ мэдэрч унших цаг болжээ.
-Сүүлд хэвлүүлсэн “Мөнгөн өвс” яруу найргийн ном тань утга зохиолд олон хүний талархал хүлээсэн?
-Дорнын их Явуугийн 90 насны ой болох гээд бужигнаад байж байх үед нэг сайхан ном гаргахсан гэх бодол надад төрөөд байдаг. Гэтэл ном гаргая гэхээр мөнгө санхүү нь юу билээ. Ах нь тэр жил айхавтар өвдсөнийг чи мэднэ. Олон сайхан нөхөд маань надад тус болсон. Би гэдэг хүн таван төгрөг олохоороо түүнээ эмэнд өгөөд таардаг. Гэнэт сэтгэл хөдлөөд Явуугийн наадам, хутагтуудын шагналтнууд тодрохоос өмнө нэг ном гаргаад хийморио сэргээчих юмсан гээд өөрийн фэйсбүүк хуудаснаа бичээд тавьчихлаа. Тэгтэл шууд тэр дороо танихгүй цэрэг хувцастай нэг хүн “Битгий олон юм яриад далчиганаад бай. Ахдаа дансаа өгчих” гэдэг юм. Би хувийн чатаар холбогдоод, би таныг танихгүй юм, зүс үзээгүй юм гэлээ. Тэгтэл Дорноговийн Амараа гэж хурандаа утсыг минь авч залгаад “Миний дүү ахыгаа уучлаарай, шууд холбогдсон. Ах нь чиний олон шүлгийг цээжээр хэлнэ. Тэгж би чамайг хүндэтгэх болсон” гээд надад нэг сая 500.000 төгрөг өгдөг юм. Баярмаа гээд бас нэг эгч холбогдож “Би яруу найрагч нарт хайртай. Номоо хэвлүүлэхэд тань сэтгэлийн дэм болох гэсэн юм” гээд мөнгө өгсөн. Завханы Түдэвтэйн Одгэрэл гэж шүлэг бичдэг охин “Нэргүй ах та хаана байна. Би танд 400 мянган төгрөг өгөх гэсэн юм. Манай нөхөр хүргээд өгөөрэй, заавал өгөөрэй” гэсэн гэж холбогдсон. Ингэж л утга зохиолд элэгтэй сайхан хүмүүсийн ачаар “Мөнгөн өвс” маань хэвлэгдсэн.
Нэргүй найрагч бид хоёрын яриа товчхондоо ийм. Зөөлөн сайхан түүний гэгээнд суухад нэг л сайхан байдаг.
“Намирсан цэнхэр бороотой үдшээр
Над руу гүйж ирдэг чиний зөрөг
Учралын мөнгөн харгуй сүлжиж
Уруулыг чинь үнссэн миний ертөнц”.
“Дандаа сайхан юм бодъё
Далавчгүй ч нисэх тухай бодъё
Өөрийнхөө тухай гэгээхэнээр бодъё
Өвдөж байсан ч эрүүл гэж бодъё
Өрөөлийн төлөө илүү сайханыг бодъё
Өрөвдмөөр санагдсан ч хүчтэй гэж бодъё
Өмнөөс алхаж яваа бүсгүйг хайрлахын эхлэл гэж бодъё
Өөрийгөө тэгээд хайр бүхний эзэн гэж бодъё
Өмөлзтөл уйлсан нэгнээ инээж жаргана гэж итгэе
Өнчин хүүгийн сэтгэл дүүрэн амьдрана гэж итгэе…”. Тэр бол шүлэг шигээ яруу тунгалаг хүн. Ууж идэж явсан үе бий. Гэхдээ архинаас бүрэн татгалзаж он оныг үдэж байна. Найз нөхөд олныхоо өмөг түшиг болсон ийм нэг ах минь өнөөдөр “Миний хайрын зүг” уран бүтээлийн үдэшлэгээ хийх гээд сандруухан явна. Олон ч хүний тоглолтыг мөнгө төгрөг харалгүйгээр зохион байгуулж, өөрөө гүйснийг нь мэдэх юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн. Тэр хэддээ мань эр хайртай. Тэднийхээ хүрээлэлд, олон сайхан дүү нар залуусын хүрээлэлд шүлгээ бичиж явдаг ийм л эгэл найрагч билээ сэн.
Баруун гар талаас гурав дахь нь Д.Дорж
Анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат багш, даамын спортын мастер Дэчингийн Доржтой ярилцлаа.
-Даамын спортод манай хүүхдүүд маш их амжилт гаргаж байгаа. Энэ тухай хоёулаа яриагаа эхлэх үү?
-Манай улсад зуун буудалт даам эрчимтэй хөгжиж, амжилт нь улам ахисаар байна. Ялангуяа өсвөр залуучуудын дунд. Зөвхөн энэ онд Узбекистан улсад болсон зуун буудалт даамын Азийн АШТ-д Монголын даамчид 59 медаль авсан бөгөөд их мастерын болзол хангасан Б.Мөнхжин, Б.Мишээл, хоёр ахмад, хоёр насанд хүрэгчдээс бусад нь цөм өсвөр насны охид, хөвгүүд байлаа. Харин дэлхийн АШТ-ээс өсвөр залуучуудын авсан медалийн хувьд 1992 оноос одоог хүртэлх 54 медаль авсан байна. Үүнээс үндсэн төрөлд хоёр алтан медаль хүртсэн юм. 2007 онд Франц улсын Тулуз хотод болсон өсвөрийн даамчдын дэлхийн АШТ-ий үндсэн төрөлд Г.Гэрэлболд түрүүлж, дэлхийд даамаараа ноёлж байсан Голланд, Оросын тамирчдыг ардаа орхин, анхны алтан медаль авч, Монголдоо оюуны спортын анхны дэлхийн аварга болсон юм. Тухайн үеийн хэвлэлд “Г.Гэрэлболд ялж, ялагдахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, элдэв найрааг огт зөвшөөрдөггүй, шударга, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж чаддаг нь түүний амжилтад нөлөөлжээ. Арлын Японд Д.Дагвадорж, М.Даваажаргал нар хүч тамираараа ялгаран аваргалж байхад, буурал Европт Г.Гэрэлболд оюун ухаанаараа шалгаран аварга болж, Эзэн Чингисээрээ бахархах дуртай монголчууд маань хүч тамираараа ч, оюун ухаанаараа ч дэлхийн түвшинд хүрчээ гэдгийн нэгэн баталгаа энэ боллоо” гэж бичигдэж байв.
Г.Гэрэлболд 2006 оны өсвөр үеийн даамчдын УАШТ-ий аварга, 2016 оны Монголын бүх ард түмний спартакиадын аварга юм. Түүний аав Д.Ганболд, ээж, Ж.Гэрэлчулуун нар нь ДДХМ цолтой, өвөө Д.Дорж нь спортын мастер, 2019 онд Азийн АШТ-ий ахмадын зуун буудалт даамын үндсэн төрөлд аварга болсон. Ийнхүү 1992-1993 онд анхны хоёр их мастерынхаа (Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал) авч чадаагүй медалийн өнгийг 15 жилийн дараа алт болгон хувиргасан юм. Үүнээс есөн жилийн дараа буюу 2016 онд Турк улсын Измир хотод болсон зуун буудалт даамын дэлхийн АШТ-ий үндсэн төрөлд хоёр дахь алтан медалийг М.Шийравжамц авчирсан. Тэрээр өсвөр үеийн УАШТ-ий зургаан удаагийн аварга, энэ жилийн оюутны улсын аварга, төрсөн эгч М.Нямжаргал нь олон улсын их мастер, аав М.Мөнхбаатар нь анхны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (1986 онд), өвөө Н.Нямцогт нь Монгол Улсад шатар, даамыг хөгжүүлэхэд олон жил хүчин зүтгэсэн ахмад тамирчин багш хүн байв.
-Дэлхийн аварга төрөхөд Алтанхуяг мастер уйлж байсан гэдэг?
-Тэр үнэн. Даамын дэлхийн хоёр аварга төрөхөд спортын мастер Ц.Алтанхуяг дэргэд нь байж баярын нулимсаа унагаж байж. Тэгэхээр энэ хүн өсвөр болон ахмад даамчдынхаа төлөө санаа тавьдаг, тусч нэгэн гэдэгтэй маргахгүй. Алтан медаль авсан хоорондын хугацаа дунджаар 12 жил байна. Өсвөр үеийнхний энэ жилийн Азийн АШТ-д гаргасан амжилтаас харахад дэлхийн АШТ-ээс авах алтан медалийн интервал (хоорондын зай) богиносох байх гэсэн бодол төрж байна. Их мастерынхаа тоогоор шатарт тун дөхөж очлоо. Их мастер, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг улсад 14 удаа түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсад түрүүлснээрээ дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нараас давжээ.Манай улсад үндэсний бөхөөр өсч яваа залуучууд олширч, бөхийн тааврыг үнэн таахад бэрх болжээ. Үүний нэг адил зуун буудалт даамын шилдэг залуу тамирчид олширч, уралдаан тэмцээнүүдэд өгөөтэй, аваатай болов. Сүүлийн үеийн тэмцээнүүдэд Ц.Хашчулуун, Ц.Сүхбат (даамчид том Сүхбат гэдэг), Б.Мөнхжин, хааяа Г.Гэрэлболд ээлжлэн түрүүлцгээж байна. Бөхтэй зүйрлэвэл Хангал, Оюунболд, Батсуурь, Санжаадамба гэсэн үг юмуу даа. Ц.Хашчулуун бол Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нарын дараа гарч ирсэн авьяаслаг даамчин. Харамсалтай нь гадаадын тэмцээнүүдэд огт оролцсонгүй. Олигтойхон дэмжээд өгвөл их мастер цол ойрхон бий.
Мөн Монголд даамын спорт хөгжин чанаржиж байгаагийн бас нэг илрэл бол саяхан болж өнгөрсөн (IX/13-IX/15) Хүүхдийн спортын VI их наадмын даамын шигшээ тэмцээний дүн харуулж байна. Тэмцээний хаалтанд Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлайгийн дүгнэн хэлснээр “Энэ жилийн тэмцээн урьд онуудаа бодвол өргөн хүрээтэй, хоёр аймаг, хоёр дүүргээс бусад бүх аймаг, хот, дүүргийн тамирчид оролцсон байна. Чанарын хувьд ч ОУИМ оролцсоноос гадна, Ази тивийн ДАШТ -ий олон удаагийн алтан медальт, ДАШТ-ий хүрэл медальт, өнгөрсөн оны УАШТ-ий хагас шигшээгийн түрүү П.Эрхэмбилэг, ДАШТ-ий блиц төрлийн алтан медальт, Б.Есүй, дэлхийн аваргын зуун буудалт даамын үндсэн төрлийн хүрэл медальт Б.Мөнхжин (ихрийн өрөөсөн) нар медальд хүрч чадаагүй буюу дүүргээсээ шалгарч чадаагүй байгаа нь шинэ авьяаслаг тамирчид олноор төрөн гарч байгааг гэрчилж байна. Багийн дүнгээр Хан-Уул дүүрэг (Э.Хүслэн багт нь орсон), блицийн төрлөөр Баянхонгор аймгийн хүүхдүүд түрүүлсэн. VI наадмын даамын аваргын 8-10 насны охид, хөвгүүдийн амжилтыг дурьдвал охидоос М.Нарантуяа алт, Ц.Цацрал мөнгө, Д.Наранмишээл хүрэл авсан. Тэд бүгд их мастер Г.Ганжаргалын удирддаг “Ирээдүй” клубийн тамирчид юм. Харин хөвгүүдээс Өмнөговийн Б.Лхагватогтох алт, Б.Баасанбар мөнгө, Х.Өнөмөнх хүрэл медаль тус тус хүртсэн байдаг. 11-13 насны хөвгүүдэд А.Дашчирэв түрүүлж дэлхийн аваргад орох бэлтгэл муугүй байгаагаа харуулав. Хөдөө орон нутагт өсвөр, залуу даамчдаар тэргүүлж яваа аймгууд гэвэл Дорноговьд Ц.Чинзориг, Э.Хүслэн, Н.Налжормаа, Б.Түвшин, О.Хаш-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ, Х.Мөрөн нарын (5-7 насанд Азийн АШТ-ий рапид үндсэн төрөлд хүрэл, мөнгөн медаль авсан) гэх мэт олон хүүхдүүд бий. Хэнтийд А.Мөнхсаран, Б.Мөнхсувд, Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, М.Лувсандорж гэх мэт.Увс аймагт Ж.Түвшинбаяр, Б.Тунгалагтамир, Ц.Мягмарсүрэн, Орхон аймагт Ч.Марал-Эрдэнэ, Б.Сүхбат (жижиг Сүхбат гэдэг), Өмнөговь аймагт С.Мөнх-Оргил (одоо БГД-т), Б.Лхагвадолгор, М.Нарантуяа, Б.Тэмүүлэн, Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудад өсвөрийн даамчид өсөж байгааг гэдгийг дурдах нь зүйтэй.
-Зуун буудалт даамын тухай энгийн зүйл ярихгүй юу?
-К.Маркс “Таны жаргал юу вэ?” гэсэн асуултад “Тэмцэл” гэж хариулсан гэдэг. Зуун буудалт даамын хөлөг дээрх аядуу намуун хэрнээ хурц ширүүн өрсөлдөөн нь хүнийг үргэлж ялан дийлэхийн төлөө тэмүүлэлд уриалан дуудаж байдаг. Би хувьдаа даам бол спорт, урлаг, шинжлэх ухаан гэж боддог. Сүүлчийнх нь ч юм шиг. Харахад энгийн атлаа хэчнээн олон задаргаа, хувилбар хожил гардаг билээ. Үүнийг манай даамчид сайн мэднэ. Үүнээс л агуу их хүн И.Мозерын хэлснээр “Сэтгэцийн гоо зүйн таашаал” авдаг билээ. Монголд зуун буудалт даам харьцангуй сүүлд буюу 1965 оноос Төмөр замын зүтгүүрийн депод анх үүсч хөгжсөн гэдэг. Ахмадууд маань анх бургас, пенциллиний бөглөөгөөр даам хийж, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасыг ашиглан хөлөг хийж тоглож байсан үе бий. Тэр үед компьютер, соронзон даам гэдгийг огт мэдэхгүй, сонсоо ч үгүй байв. Ном гэхэд авьяаслаг эмч С.Шагжийн оюутан байхдаа 1957 онд орчуулсан “Зуун буудалт даам” гэдэг ганц ном байлаа. Гэтэл одоо техник хөгжсөн, П.Бат-Очир Т.Пүрэвдорж нар болон бусад хүмүүсийн гаргасан ном тоо томшгүй олон болжээ, хагас зуу даваад байна.Ийм нөхцөлд манай ирээдүй болсон өсвөр, хүүхэд залуучууд маань ажиллаж амьдарч байгаа гэдгээ ухамсарлан, спортын амжилтаар улс орныхоо нэрийг дэлхийд мандуулахын тулд шамдан тэмцэх хэрэгтэй юм. Ахмадын ахмад болсон, өндөр насласан Н.Намжил, А.Цэрэндорж гуай нарын шатар, даамын хөгжилд оруулсан хувь нэмрийг мартахын аргагүй. Дээр үед улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа явагддаг байсан бол одоо жилд 20-иос цөөнгүй олон тэмцээн зохион байгуулж, тив дэлхийн тэмцээнд чөлөөтэй орж байна. Ингэж жилд олон удаа уралдаан тэмцээн зохион байгуулах нь тамирчдын амжилтыг ахиулахад ихээхэн тус нэмэр болж байгаа бөгөөд Монголын Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлай, менежер Ц.Алтанхуяг хоёр гар нийлэн ажиллаж байна гэж даамчид, эцэг эхчүүд ам сайтай байна.“Депо”-гийн нэрэмжит тэмцээн, Ус сувгийн нэрэмжит тэмцээн (одоо “Шавь” цогцолбор сургууль дээр багш Нармандах, П.Бат-Очир нар удирдан зохион байгуулдаг болов), Ж.Нямдоржийн нэрэмжит тэмцээн зэрэг нь даамчдын хүсэн хүлээдэг чухал арга хэмжээний нэг болжээ. Их мастер Г.Ганжаргалын удирддаг “Ирээдүй” даамын клуб үр дүн сайтай байна. Улсын аваргын шагналыг сая төгрөг хүртэл нэмсэн нь тамирчдын идэвх чармайлтыг улам өндөржүүлж байна. Зарим Ерөнхий боловсролын сургуулиуд зуун буудалт даамын мастераас доошгүй зэрэг цолтой багш нараар хичээл заалгаж байгаа нь сонирхогчдын хүрээг өргөсгөж, сургалтын чанарыг сайжруулж байна. Эцэст нь өгүүлэхэд Л.Энхцогт, Ш.Өвгөн нар шиг 100 буудалт даамын багш, дасгалжуулагч нар үгүйлэгдэж байна.
-Өсвөрийнхөн өвөө нартайгаа тоглох дуртай гэж та хэлдэг?
-Бид даамын спортын тамирчдыг 70 ба түүнээс дээш насны хүмүүсийг ахмад, 50 настангууд ба 69 нас хүртэлхийг дараахь буюу хоёр дахь үе, 30-49 нас гурав дахь үе, 29 нас хүртэлхийг дөрөв дэх үе гэж болмоор. Бөхөд дуртай монголчууд домог болсон зургаан зааныг андахгүй. Тэд дархан аварга Т.Өсөхбаяраас эхлээд бараг бүгд аварга, арслангууд болсон. 2013 оноос манай даамчин хүүхдүүдийн дундаас тахиа, нохой, гахай жилтэнгүүд тодорч, Б.Энхрийлэн, С.Мөнх-Оргил, Б.Баярманлай, Б.Сүхбат, О.Хаш-Эрдэнэ, Г.Гүндсамбуу, П.Эрхэмбилэг зэрэг даамчин хүүхдүүд олон улсын тэмцээнд орж эхэлсэн байдаг. 2013 оныг даамчдын дөрөв дэх үе эхэлсэн гэж болохоор байна. Зургаахан жилийн дотор тэдний ихэнх нь цол зэрэгт хүрч, аварга арслангуудын шуудагнаас айхгүй атгадаг болжээ. Спортын мастерыг бөхөөр бол улсын начинтай зүйрлэж болно.Харин тэдний дундаас тэмцээн уралдаанд төдий л олон оролцохоо байсан нэгийг нь Цэрэнпунцаг гарьдыг наадмын дэвжээ үгүйлдэг шиг даамын дэвжээ, найз нөхөд нь санан дурсдаг байж магадгүй. Тэмцээний оноолт гарахад, хэнтэй таарснаа огт мэдээгүй байсан өвөөг, нэг жаахан охин юмуу, хөвгүүн хүрч ирээд “Та надтай тоглоно” гээд хөтөлж аваачаад ширээндээ урьж суулгана. Тэд нарын тоглолт өрсөлдөөнтэй, өхөөрдөм хөөрхөн байдаг. 2014 оноос хойш эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуучууд, өсвөрийнхнийг хамт тоглуулдаг болсон нь цаг, мөнгө хэмнэхээс гадна тэмцээнийг сонирхолтой, бие биенээсээ суралцах ихээхэн ач холбогдолтой болголоо. Өсвөрийнхөн өвөө нараа хожвол их урамшдаг. Өвөө нар, ахмадууд ч хүүхдүүдээс сурч мэддэг. Б.Пүрэвбаатарыг өвөө нар андахгүй. Тэрээр нягт нямбай, төлөв даруу, уран арга (комбинац)-ыг, байрлалтай (позици) хослуулдаг. Сүүлийн үед нэлээд олон тэмцээнд түрүүлж, эхний байрыг эзэлж байна. Түүнтэй Б.Түвшин бүх талаараа нэлээд төсөөтэй. Даамчдын дотор бөх, морь шинждэг шиг хүүхдүүдийг хараад л энэ сайн тоглоно, түрүүлнэ, ирээдүйн аварга гэх мэтээр урьдчилан хэлдэг мэргэч төлгөч хүн шиг хүмүүс байдаг. 1980 онд Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн сурагчид болох 13-15 настай Д.Ганболд, Д.Дэлгэрмаа нарыг түрүүлэхэд, одон орон судлаач, ахмад даамчин Р.Хорлоо “Амжилт гаргах хүүхэд андашгүй, нүд нь гялтганаад л цог золбоотой харагддаг” гэж хэлж байж билээ. Хэрэв даамчин хүүхдүүдийг судалбал голдуу онц сайн сурдаг, алхаа гишгээ нь шалмаг, хэл яриа нь цэгцтэй, төлөв төвшин байдаг. Ер нь манай даамчдын дотор юмыг сонин хэлбэрээр сэтгэдэг, хөдөлмөрч, ажилсаг хүмүүс олон бий. Жишээ нь, өлзий даам, хүрэн зандан ташуур гэх мэт зүйл хийсэн.
Манай ирээдүй болсон даамчин хүүхдүүдийн дотроос зөвхөн спортоор биш инженер, технологи, инновациар улсаа дэлхийд мандуулах сэхээтэн төрөн гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Өвөө нар М.Оргил, Ц.Цолмон, С.Болор, Э.Энххүслэн нарыг дийлэхээ байлаа гэж ярьцгаадаг нь бас л нэгийг хэлээд байгаа хэрэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахын тулд мөнгө хайрлахгүй зарцуулж байна. Хэрэв улс, даамын холбооноос төсөв мөнгөний хувьд дэмжлэг үзүүлбэл амжилт улам ахих нь тодорхой. 5-7 насны даамчдын дунд томчуудын толгой дээр цахиур хагалах битүү морьд олон бий. Энэ оны наймдугаар сард Эрдэнэт хотод болсон ERDENET OPEN-2019 (дээд лиг) МДХ, “Алтан хүү” клуб, Орхон аймгийн даамын холбоо, спортын мастер Ч.Хишгээгийн гэр бүлээс зохион байгуулсан томоохон тэмцээнд эмэгтэй даамчин Э.Хүслэн, эрэгтэй даамчин Ц.Хашчулуунтай үзүүр түрүү булаалцалдаж бараг түрүүлэх дөхсөн нь олны гайхширлыг төрүүлж, дархан аварга Ж.Мөнхбатын тоглосон “Хэлтгий заяа” киноны эмэгтэй бөхийн дүрийг санагдуулж билээ. Тэрээр энэ жил эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн тив, дэлхийн АШТ-д оролцсон. Б.Мишээлтэй тоглосон өрөг нь ч их мастерууд л ингэж тоглодог болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлж байж билээ. Одоо удахгүй өсвөрийн дэлхийн АШТ-нд оролцоно. Жинхэнэ хүч нь тэнд л харагдана даа.
Намрын дуун
Хийсэн одох навчсыг “хийсэн одож буй” гэж хэн хэлсэн билээ. Үнэндээ бол навчис зэллэн буцаж байгаа юм. Харин усны шувууд нуураасаа тасран хийсч байгаа юм. Зэллэн хийсэх шувууг тоолж болохгүй гэж захисан нь учиртай. Гунигийг тоолохын оронд март. Учир нь, тоолсон бүхэн өсч, мартсан бүхэн арилдаг.
Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь
Нисч үзэж байгаа нь тэр
Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр
Нэг л мөчирт уясан
Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан
Хүлээс алдуурч байгаа нь тэр
…Эрх чөлөө
Өчигдөр байсан айлыг өглөө харах нь ээ нүүжээ. Ирэх хаврын урин өдөрт эргэн ирэхийн тулд билээ. Харин тэр өглөө нүүдлийг чинь хэн л таниж тосохсон билээ…Өнгөрөгч хавар ирэхэд минь хэн ч намайг таниагүй шиг, өчигдрөөс эргэн ирэгсдийн зүсийг хэн л оноох билээ. Аль цагийн ах дүүстэйгээ амар мэндийн зөрөөгүй өнгөрөх, аль эсвэл үл таних нэгнийг авааль мэт энхрийлэн явааг хэн ялгаж хэлэхсэн билээ. Ингэхэд яагаад чамайг, өчигдөр уулзсаныхаа төлөө, эсвэл айлсан зуссаныхаа төлөө өнөөдөр бас маргааш таних учиртай гэж. Хэрвээ чи “чи биш”, би өөрөө “би биш” байвал яахсан билээ?
Өглөө уулзаад салсан хүнээ
Өдөржин хайлаа, биендээ алга
Өгсөн андгай амласан үгээ
Өөрөөсөө бас эрлээ, байдаггүй ээ.
Хараад уярсан тэр нүд
Хамгаас татсан тэр харц
Хаяхгүй явах андгай тангараг
Хамтдаа булаагдаж, өчигдрийн атганд
Үүр шөнөөр шинээр төрөхдөө
Үүрдийн болгоныг урвуулж хаяад
Үлдсэн цагийн уяа хүлээснээс
Үнэмлэхүй чөлөөтэй үлдэгсэн ажгуу.
Намрын өглөө хээр тал рашаан дуслаар хучаастай шүүдэртэнэ. Үүрийн бурхан бээр тарни шившин сүрчсэн нь энэ буюу? Үүр цүүрийн тэнгэрс энгэрийнхээ товчинд ч дуулдахааргүй амандаа урьсан тарнийг хэн л тайлахсан билээ.
Үзэж танихаа болихын цагт дурсаж таних. Шүүдрийн дуслаар цай чанаж ээждээ баривал “нэгэн шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулна” гэсэн үг санаанд буулаа. Гэнэтхэн тооцоо бодох хорхой хөдөлж шүүдрийн дуслыг түүж гарлаа. Нэгэнт юмыг түүгээд эхэлсэн л бол “нүгэл чив чимээгүй арвидах мэт” сав дүүрэх бөлгөө. Шүүдрийн дусал тогоо дүүрэхийн цагт цаашид тогоо тогоогоор түүх санаа төрлөө. Эхийн ачийг бүрмөсөн хариулах шунал төрж, тэрхүү буяны дансыг дугуйлсан анхны хүн болохоор түүж гарлаа. Түүгээд л эхэлсэн бол “хилинц мэт чимээгүй арвидах” тул хэдэн арван тогоо шүүдэртэй болоодохлоо. Ээждээ “танд би ямар ч өргүй” ам бардам хэлэх мөч ойртсоор.
Гэтэл түүх тусам шүүдэр нь бүлээсээд байх. Сэхээрэн харваас ээж минь тэнгэрээс асгаруулан уйлах ажгуу. Тогоо тогоо шүүдрээ амсвал нэн гашуун нулимс л цуглуулсан хэрэг болжээ.
Баярлан хөөрөх учиртай ээж минь гашуунаар уйлах нь юусан
-Үрээс үрд үл тасран дамжсан ачлалын аргамжийг энд эвхэж дуусгах санаатай мунхаг үр төрүүлсэн хэрэг үү хэмээн мэлмэрүүллээ.
-Элэнцээсээ авсан ач буяны өрөнд эцэг эхийг минь төрүүлж өсгөсөн, энэ буяны үрийг чамд шингээн бойжуулсан, чи түүнийг үр ачдаа дамжуулна. Энэ ачлалын урсгал тасалдах цагт ураг удмын хэлхээ тасарна. Өнгөрсөн цагийн нэгэнд хэн нэгэн эхийн ачийг хариулчихсан бол чи төрөхгүй байсан. Энэ цагийн хаа нэгтээ хэн нэгэн чингэвэл үр хойчийн урсгал тасрана. Ирэх цагийн нэгэнд хэн нэгэн…тэр мэт болно.
-Үр хүүхдүүд ээждээ ямар ч өргүй. Хайр бол өр биш, хайр бол өглөг, ийм болохоор хайрлагдсан бүхэн өнгөжин гэрэлтдэг ээ. Ээжүүд үр хүүхдээ төрүүлэхдээ жаргалтай байсан, өсгөхдөө жаргалтай, үүрийн шөнөөр өндийж хөхүүлэхдээ ч жаргалтай байсан…Энэ хайрын тооцоог бодох, энд хүрээд дуусгахыг санаархах чинь юусан билээ…Хайрыг үргэлжлүүл, тоолшгүй цагийн тэртээ рүү үрийн үрд буухиалагтун. Хайрын өртөөч бологтун. Хариулшгүй, дуусашгүй ачлалын үрийг шүүдэр мэт хамаг амьтанд сүрчигтүн хэмээлээ.
Тогоо тогоо дүүргэсэн нулимсны шүүдрээ эргүүлэн цацлаа…Шүүдэр буусан тал баярын нулимстай инээвхийлнэ. Би хэнд ч өргүй, учир нь авсан бүхэн минь хайр. Надад хэн ч өргүй, өгсөн бүхэн минь хайр…Үүрийн Бурхан чихэнд шивэгнэн асуух нь “Чи миний тарнийг яаж мэдсэн бэ” гэнэ.
Шинийн сар үүлний чанадаас
Шивэгнэн, бархиран асуух нь
Шинэ гэж юуг хэлнэв,
Сар гэж юуг хэлнэв,
Шилжин нүүгч үүлс гэж юуг хэлнэв
Шивэгнэн бас бархиран
Асууна гэж яахыг хэлнэв.
Одод дээгүүр түгсээр цагт
Олж харсан тэр бүхэн
Оргүй хоосноос үүдсэн ч байг
Оноож надад хүртээсэн бүхэн.
Сая тэгтэл үүр сарнив
Сар өөрөө алганд буулаа
Санасан дээрээ өвөртөө хийлээ
Сансарт гагцхүү одод л үлдлээ.
Одоо байгаа нь сар биш
Ором нь үлдсэнийг чи харжээ
Олсон хүнд л гаргаж өгнө
Орь сарыг миний өврөөс…
Намрын өглөө буугаад мордсон гийчин санаанд буунам. Насан буурал өтгөсөө хүний ертөнцөөс үдээд буцаж яваа юмсанж. Гэтэл түүнд уй гашууны шинж үл үзэгдэнэ. Бүрлээчтэй хууч хөөрч байгаад гараад ирсэн мэт сэтгэл дүүрэн. Гаанс, тамхитайгаа ноцолдонгоо “ Уулаасаа ч, ная хүрэхсэн, намар үхэхсэн гэж үгтэй юм даа” гэснээ адуу, мал ярина.
Ная хүрсэн ч буцамгүй, намар байсан ч орхимгүй хээр талд мөнгөн шүүдэр цайрна. Шүүдрийг түүвэл нулимс болно, нулимсыг эгшээвэл шүүдэр болно. Дуулсан бүхэн хуурмаг, танисан бүхэн үнэн. Мөнгөн шүүдрийг таниагүй цагт тэр үүрийн бурхны сүрчсэн рашаан бус ердөө л усан дусал байгаад дэгдэн арилсаар байх болно.
…Намрын дуун гэж
2018.10.03
-МАЯАНК ЧАЯАГИЙН ДАРАА БОДОХОД-
Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн, Хятадын Засгийн газрын нүдээр харвал сепарист, хүн төрөлхтний шинэ үеийн оюун санааны лидерүүдийн нэгэн гэхчлэнгээр олон талаас нь харж болох XIV Далай лам Данзанжамцын дүр ихээхэн ээдрээ түвэгтэй, зөрчилтэй мэт санагддаг аа. Буддизмыг үндэслэгч Сиддхарта Гуатама бээр хаан төрийн эрх мэдлийг огоорох нь гэгээрлийн замд хөл тавих гол зам хэмээн амьдралаараа нотолсон атал Төвдийн далай ламууд төрийн эрхийг өөртөө хавсарган барьсаар ирсэн нь бурхны сургаалын үндсэн агуулгатай зөрчилдөг ч юм шиг бодогдуулан дээр эргэлзээний улам ч чангалах мэт.
Чухам энэ өнцгөөс харахад Далай лам, Төвдийн соёл, Төвдийг хамгаалах үзэл санаа, орчлонг огоорох тухай Буддын сургаал энэ бүхэн хэрхэн нэг дор зүй зохисоороо цогцолж таарах вэ? Энэтхэг сэтгүүлч Маяанк Чаяа чухам энэ асуултын хариуг эрсэн байна. Түүний олон жилийн ер бусын хөдөлмөрийн үр шим болсон Маяанк Чаяа. Далай лам: хүн, хувраг, мистик номыг НЭПКО хэвлэлийн газраас саяхан монголчуудад толилууллаа.
Хэрвээ буддын шашны их хөлгөнийг сүслэн дагагчид Дээрхийн гэгээний намтрыг бичвэл нэг янз. Басхүү бурхны сургаалыг буруу ном хэмээн ухаардаг өөр мөргөлтөн түүний бичвэл харах өнцөг мөн л ойлгомжтой. Харин энэхүү номыг туурвигч газар дэлхийд хүмүүний биеийг олж морилсон амьд Буддаг хөндлөнгөөс харах боломжтой, чадвартай нэгэн байлаа. Дээрхийн гэгээнтэй анх уулзан танилцах үедээ Маянк Чаяагийн гэргий нь “ Би ислам шүтлэгтэй, миний нөхөр огт шашингүй, харин хүү минь буддист болж магадгүй юм” гэсэн байх юм.
Далай багшийн айлдсан үг сургаал манайд зөндөө хэвлэгдсэн. Түүний хэлсэн үг уншсан лекцийг манайхан ч мэднэ. Харин гэгээн хутагтын туулсан замыг хөндлөнгийн хүний нүдээр харж, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл рүү өнгийн сонжих шинэ боломжийг дээрх ном олгож байна.
Зөрчил, харшилдаан, эсрэгцэл, үгүйсгэлийн тухай ойлголт маань ингэхэд хэр төгс төгөлдөр вэ? Тогтож ирсэн итгэл, үнэмшлээрээ юм бүхнийг тайлбарлан ухаарсаар явах нь үнэнд хүрэх хамгийн зөв зам мөн юм үү?
Тэртээ 2500 гаруй жилийн өмнө гэгээрсэн Будда “Юм бүхэн агшин зуур хувьсч өөрчлөгдөнө, харагдах дүрээсээ эхлээд оюун санаанд орших үнэлэмжээ хүртэл” хэмээн сургасан энд хамаатай юу? Ертөнцийн хувьсан өөрчлөгдсөөр байхад бид түүнийг хувьсан өөрчлөгдөөгүй үнэлэмж, дүгнэлтээрээ хэмжих гээд байдаг юм биш байгаа. Бид сүүдрийг гэрлийн эсрэг тал, харыг цагааныхаа үгүйсгэл гэж хардаг. Гэтэл сүүдэр өөрөө гэрэл байгаагийн илэрхийлэл, хар нь цагааныхаа тусгал л шүү дээ. Харахад эсрэг мэт боловч салгахын аргагүй нэгдэл, бие биеийнхээ илэрхийлэл. Бид бие махбод руу хоол унд орох явцыг тансаг ёслол, баяр хөөр гэж үздэг, харин орсон хоолоо буцаад гарах явцыг нь тун таагүй, муухай явдалд тооцдог. Бид хошногоныхоо дээд үзүүрийг маш гоё эрхтэн гэж бахархах атлаа, амныхаа доод үзүүрээс жигшдэг. Гэтэл энэ нь нэг юмны хоёр тал, нэг хоолойны хоёр үзүүр. Хар ба цагаан, гэрэл болоод сүүдэр үүнтэй л адил…
Харийн нутагт өнгөрүүлж буй амьдрал, хэзээ нэгэн цагт эзэгнэн суугаад өдгөө Лхасын ордонд эзгүйрэн үлдсэн шашин төрийн хослон баригчийн сэнтий, нэгэн цагт ирж хятадуудаас чөлөөлнө хэмээх найдваргүй горьдлого тээсэн Төвдийн ард зоны байдал гээд олон олон “13-ны баасан” давхацсан мэт байдал Далай ламыг золгүй амьтан болгож чадахгүй ажээ.
Төрөлх үндэстнийг нь алж хядаж, газар нутгийг нь эзэлсэн, сүм шүтээнийг нь нураан доромжилсон, өөрийг нь Хятад улсын албан ёсны дайснаар зарласан энэ бүгд нийлээд, нийлээд Далай багшид амьтан бүгдийг хайрлах сэтгэлд нь үзэн ядалт төрүүлээгүй аж.
Эндээс бидний эхний эргэлзээ төрнө. Эгэл бидний үзлээр бол Төвдийн ард түмнийг хайрлахын тулд тэдэнд хайргүй бүхнийг үзэн ядах учиртай биз дээ. Гэтэл муу муухайг эсэргүүцэхдээ заавал үзэн ядалтаар жигүүрлэх албагүй аж. Хятадын ард түмнийг үзэн ядахгүй байгаа нь Төвдийг хайрлахад өчүүхэн ч садаа болохгүй аж.
Оршин буй орчлон, буддизмын ойлголтоор сансрын хүрдний дүрмийг ухаарахаас хүний гэгээрэл эхэлдэг гэх. Энэ дүрмийг бүрэн ухаарсан танихын цагт сэтгэл амгалан болж, үзэн ядалт, хэт хөөрөл гомдлоос салдаг гэх. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т нэг ийм хэсэг байдаг юм. Хэн нэгэн хүн чамайг үзэн ядаж байгаад сөргүүлэн уурлах амархан. Харин тэр хүний сэтгэлд үзэн ядалт гэдэг нэг зовлон байна. Үзэн ядалт тээсэн сэтгэл үргэлж хямарч, амар заяа үзэхгүй зовж байгаа. Энэ өнцгөөс нь харвал зовлонд унасан амьтан харагдана гэж.
Үзэн ядалтын эсрэг үзэн ядалтаар, хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр тэмцдэггүй. Үзэн ядалт хүчирхийлэл нь шинэ шинэ үзэн ядалт, хүчирхийллийг л төрүүлдэг учраас тэр. Ийм учраас дээрхийн гэгээн Далай ламтан Төвдийн өөртөө засах эрхийн төлөө тэмцэлдээ цаг үргэлж “хүч үл хэрэглэх” аргыг уриалж иржээ.
Тэр үзэн ядалтаасаа салчихсан. Үзэн ядалтаасаа салсан учраас ямар ч дайсагнал, зүхэл түүнд үзэн ядалт төрүүлэхгүй. Үзэн ядалт төрдөггүй учраас тэр хэнийг ч дайснаа гэж үздэггүй. Хэн ч түүний дайсан болж чадахгүй учраас түүнд ялагдал гэдэг ойлголт байхгүй. Нэгэнт ялагдал, дайсан, үзэн ядалтаасаа салсан учраас энэ хорвоо дээр түүний хувьд зөвхөн амгалан л бий. Нөгөө талаас нь авч үзвэл гэнэт бүх юм орвонгоороо эргээд Төвд 1950-иад оныхоос өмнөх үедээ эргээд орлоо гэхэд Дээрхийн гэгээнтний амьд явсны хэрэг бүтэж хөөрөн, дэрвэх нь бас үгүй. Учир нь тэр үзэн ядалт, хэтэрхий хайрлах аль алинаас нь салсан гэсэн үг.
Будда Шагжаамунын олон цол чимгийн дотор буй “дайснаа дарагсан” хэмээх үг чухам энэхүү дайсантай байх шалтгаанаасаа салсных нь тодотгол буй за.
Төвдөд өрнөж буй үйл явдал Далай ламыг зовоогоод байгаа юм биш. Гэвч тэр Төвдийн ард түмний удирдагч болон төрсөн учраас улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүрэг ухамсарлахын тулд, хүчирхийллийн эсрэг тэмцэхийн тулд заавал үзэн ядалт үүсгэж, сэтгэлийн амгалангаа сарниасан байх албагүй.
Нэг талаасаа Төвдүүдийг үргэлж өөрөө өөрийгөө мэдэх эрх-засаглал руу дуудаж байдаг хүчин зүйл нь Далай лам мөн. Тэд дээрхийн гэгээнээ нутагтаа залах, түүгээрээ шашин төрөө хослуулан барих мөрөөдлөөсөө далай багшийг жанч халан халтал салж чадахгүй. Энэ утгаараа Төвдөд гарч болох бослогын шалтгаан нь Дээрхийн гэгээн мөн.
Нөгөө талаасаа ариун сайн үйл хэргийн төлөө хүч хэрэглэхгүй байнга ухуулж, Төвдийн тодорхой хэсгийн экстермист хандлагыг зөөллөж байдаг хүн нь мөн л Далай лам. Харин энэ утгаараа Төвдөд хүч хэрэглэсэн бослого гарахгүй байх бас нэг баталгаа нь Далай лам мөн.
Нууц тарни, ид шид, учир битүүлэг тантрын ёслол холилдон оршсон Төвдийн Буддизмыг тэрээр мистицизмээс нь аль болох салгаж, ухаарал, гэгээрлээр дамжин төгс төгөлдөрт хүрэх тухай Будда Шагжаамуны номлосон өнгө төрхөөр нь хүн төрөлхтөнд таниулахыг зорьж ирсэн нь уг номоос харагдана.
Нэг ийм андуурал байдаг. Далай ламыг бүх буддын шашинтны албан ёсны тэргүүн гэж бодоод байдаг. Үнэндээ Төвдөдөө ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөггүй урсгалын тэргүүн. Энэ урсгалыг БНХАУ-ын Төвд, Өмнөд Монгол, ОХУ-ын Халимаг, Буриадууд, дээр нь манайхан албан ёсоор шүтдэг. Төвд дотроо Гармапа, Нямапа, Сажапа, Бон зэрэг тусдаа урсгалуудтай, шарын урсгал дотроо Далай багштай эвлэрэхгүйгээ зарласан Доржшүгдэнгийнхэн гэхчлэн бүлэглэлтэй.
Харин Буддын Их хөлгөний аймгийн Ламайзмын гэлүгва хэмээх шар малгайтныг урсгалын тэргүүнээс ерөнхийдөө манай гаригийн Буддизмын нүүр царай болтол өөртөө менежмэнт хийсэн хувраг уу гэвэл тийм юм. Далай багштан өөрийн улс үндэстнээ орхин гараад дэлхий ертөнцийг олж авсан.(Гэхдээ энэ нь бидэнд л тэгж санагдаж байгаа болохоос гэгээрсэн хутагтын хувьд ариун хоосны орчилд юу ч алдаагүй, юу ч олж аваагүй гэх бөлгөө)
Оюуны өндөр түвшинд хүрсэн өнөөгийн хүн төрөлхтөнд эх орноосоо хөөгдсөн, уугуул үндэстэн ах дүүсээ, сүм шүтээнээ хэлмэгдүүлсэн атлаа үргэлж бусдад сайн сайхныг ерөөж, үзэн ядалтаасаа салахыг хүн төрөлхтөнд ятган номлосон, тэгсэн атлаа тавьсан зорилгоосоо ер няцахгүй сайхан хувраг онцгой таалагдсан юм.
Өнөөгийн Далай лам бол хүн төрөлхтний шинэ итгэл үнэмшил, магадгүй шинэ шүтлэг мөргөлийн бэлгэ тэмдэг болж байгаа юм. Учир нь улс төр, эдийн засаг, оршин амьдрах эрх чөлөөгөө улам бүр мэдрэн тэлүүлж байгаа хүн төрөлхтөнд тэдний уламжлалт шашнуудынх нь хатуу хориг, домууд тээртэй санагдаж эхэлжээ. Яг энэ үед “хорвоог бүтээгч гэж байхгүй, хүний заяа тавиланг хөндлөнгөөс зохицуулдаг ид шид гэж үгүй. Бүхнийг өөрөөсөө эрж хай. Буддагийн хүрсэн гэгээрэл чиний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэгт чамайг сэрээхийг хүлээн зүүрмэглэж байгаа. Чи зүгээр л сэр, сэтгэл зүрхнийхээ дуудлагыг чагна. Жаргах гэж хэт улайрах, бас зориуд өөрийгөө зовоох хоёулаа буруу. Учиргүй буян хураах гэж улайрах, нүгэлд шунах хоёр ав адилхан. Бирд, Диоген хоёр хоёулаа төөрөгдөл. Зүгээр амгалан орш” хэмээсэн Буддагийн сургааль сэтгэл зүрхэнд нь ойр санагдсан байж болно.
Будда “хоосон чанар” гэдэг ойлголтод юм бүхэн агшин зуур хувиран өөрчлөгддөг гэдгийг л хэлсэн гэх юм билээ. Бидний оршин амьдарч буй орчлонгоос эхлээд үнэлэлт дүгнэлт, ойлголт бүгд хувирч байдаг аж. Далай багшийг Америкт лекц уншиж байхад нь “Гомосексуализмыг хэрхэн үздэг” тухай нь асуужээ. Дээрхийн гэгээнтэн “Нэг зүйлийн таашаалд л дурлаж байгаа хэрэг байх нь. Хэрвээ тэд ингэхгүй гэж ам тангараг тавиагүй л бол нүгэл хилэнц бус аа” хэмээн хариулжээ. Нэг талаасаа ижил хүйстний асуудал нь зөв зохистой сексийн тухай бидний уламжлалт ойлголт төсөөлөл ямархуу хэврэг байсны л бас нэг илэрхийлэл билээ.
Өнөөгийн дэлхийн түвшний “Төвдийн асуудал” гэдэг нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, дотоод улс төр энээ тэрээтэй холбогдох шинж чанараасаа улам бүр холдож байгаа аж, уг номоос харахад. Энэ нь ямар нэг хэмжээний тусгаар тогтнол, өөртөө засах эрх энээ тэрээгээс илүүтэйгээр хүн төрөлхтний ер бусын оюун санааны өвийг хадгалах, сэргээх шинэ агуулгатай болсон байна. Төвдийн өндөрлөг бол хүний түүхийн мянганы тэртээх оюун санааны амьд сан хөмрөг, Гэгээрсэн Буддагийн ном сургаалыг анхан үеийн дүрээр нь санаж үлдсэн амьд ой санамж, нэн эртний бөө мөргөлийн шинжтэй Бон ба Буддын Их хөлгөн хэрхэн сүлэлдэж олон олон төрөл дамжин гэгээрэлд хүрэх арга замыг тантаржуулан агшин зуурын болгосон мистик аргачлалын амьд архив бөлгөө.
Төвд хэмээх энэ гайхамшигт өвийг яаж хадгалах вэ? Хэнийг ч тийш нь нэвтрүүлэхгүй ертөнцөөс таслах уу? Шинэ юм биш. Төвдүүд олон жил энэ аргыг хэрэглэсэн. Эцсийн дүндээ хэний ч өмнө хаалгаа нээдэггүй энэ орныг Хятад өөрийнхөө хэсэг гэж зарлахад дэлхий нийт их юманд бодоогүй. Далай багшийн “Миний ард түмэн, миний Төвд” дурсамжийн номд гуниглан дурссанаар бол үүд хаалгаа хааж, хорвоогоос улс орноо таслахын оронд хил хязгаараа нээж, том том улс гүрэнтэй харилцан, нэгэнд нь ч болов Элчингээ суулгаж байсансан бол биднийг “Төвд нь Хятадын хэсэг биш” гэх газар гарах л байсан байх даа хэмээн санааширсан гэдэг.
Ингэхээр Төвдийг ертөнцөөс ч, Хятад дотор нь Хятадаас тусгаарлах нь угаасаа боломжгүй. Амьтны хүрээлэн гэлээ гэдэг шиг “Төвд хүний хүрээлэн” байгуулчихаад хэрхэн оршиж байгааг нь хоргоны гаднаас сонирхох, судлах аргагүй. Тэндхийнхэн хүнийхээ хувьд шинэ мянганы хөгжилтэй нэгдэж, техник технологийн шинэ үр шимийг амсах хэрэгтэй ч , эрхтэй ч.
Хамгийн зөв зам бол Төвдийн ой санамжид байгаа Буддагийн заасан гэгээрлийн мэдлэг, мянганы тэртээх үзэл санааны амьд сан хөмрөгийг нийт хүн төрөлхтний мэдлэг оюунд юүлэх зам. Чухам өнөөдөр Буддагийн заасан ариусал, нигүүсэл, гэгээрлийн бэлгэ тэмдэг болоод манай гаригийн хүн зоны зүрх сэтгэлийг дуудаж даллаж буй Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтан ийм гүүр болж байна. Дэлхийн дээвэр Хималайд зуу, зуун жил хоргодон саатсан Буддагийн сургаал өдгөө хүн төрөлхтний оюун санаанд цутгаж эхлэх шиг санагдана.
Гэгээрсэн Будда “ Далайд унасан дусал нь тэр далайг ширгэн дуустал орших хутгийг олно” хэмээн айлдсан бөлгөө.
2011.02.10
Хошин урлагийнхны тоглолтыг хаа нэгтээ харах бүрт сайн сайхан хүмүүс сэтгэлд буудаг юм. Алиалагч Батсүх, алдарт Латив гэдэг ч юм уу, олон хүний нэр бичигдэнэ л дээ. Арай сүүл үеийнхнээс Амбий, Аси гээд үг яриа нь төдийгүй үйл хөдлөл, дүр төрх нь бүр нэг хоногшсон жүжигчид байна. Урлагийнхан нэг нэгнийхээ тухай ярьж, үзэгч олон ч тэднээс зарим нэг хүний дүрийг нэхэж, нийгэм сайхан хүний тухай хааяа үгүйлж эхлэх нь бий. Тийм л бодролын үзүүрээр Амбий гэж авьяасын хүүдий болсон уран бүтээлчийн тухай товчхон дурсахыг хүссэн минь энэ. Түүнийг 43-хан настай хар нялхаараа буцахад олон хүн харуусч, ялангуяа хайрлаж хүндэтгэдэг үзэгч олон нь нулимстай хоцорсон. Хошин урлагийн анд нөхөд нь, их урлагт хөтөлсөн ачит багш нар нь элэг эмтэрч үлдсэн. “Амины хайртай шавь минь. Ард олны амин хайртай жүжигчин минь. Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмний сэтгэлд мөнхөрч үлдлээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, алиа хошин яриаг нь сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа” хэмээн түүний багш, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг өнгөрснийх нь дараа хайлган халуунаар хэлж байсан.
Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байсан гэдэг. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм гэдэг нь ийм учиртай ажээ. Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсөнгүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод” ирсэн Амбийг гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлсэн байдаг. Ерэн онд Дорнодын театрынхан Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийхээр иржээ. Театрын уран бүтээлчдийн дунд алс Дорнод нутгаасаа Амбий цохиж ирсэн нь мэдээж. Мань эр төрийн шагналт Далхаагийн Норовын “Үнэ цэнэ” жүжигт наймаачин залуугийн жижигхээн дүрд тогложээ. “Тайзан дээр байгаа хэрнээ үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэг нөхөр тогтож ядан байсан сан. Тэр бол миний анх олж харсан Амбий. Наймаачин залуугийн дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ” гэж Гандий багш нь хэлдэг.
Монголын нэрт найруулагчийн “дуран хараанд” өртсөн тэрээр удаа ч үгүй Соёл урлагийн их сургуулийн босго алхах нь тэр. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа Оросын зохиолч Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын хөрсөнд татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий Сүмбээ гэж ар гэрийн амьдрал, суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан байдаг. Эл жүжиг тухайн үедээ Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа хичнээн удаа дүүрэн үзэгчидтэй тоглогдож байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Гандий багшийгаа “Мичидийн зургаан гялаан” кино хийхээр хөдөө яваад ирэхэд нь Амбий, Бооёо хоёр нь улсын уралдааны тэргүүн шагнал авчихсан сүрхий гэгч нь угтсан удаатай. Амбий нь “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихаад багшийгаа хүлээж байсан гэх. Түүний алдаа оноо, гэм хоргүй гэнэн цайлган олны нүдэн дээр ил байжээ. Ер нь Соёл урлагийн их сургуульд Амбий гэдэг хүн аль ч талаараа шуугиулж явсныг найз нөхөд, ойр тойрныхон нь инээдэм наргиан болгодог. “Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан, хорон биш.
Хорон биш мөртлөө хоморгонд их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор алсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий, тариан талбай руу орсон гахайг хадаастай модоор сүлбэсэн хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна. Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед. Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийгаа үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ” хэмээн өнөөх л үйлтэй Гандий нь инээх, уйлахын завсарт хэлдэг юм.
Ерээд оны дундуур дэлгэцэнд гарсан “Наран ургахыг хүлээхгүй” гэж кино бий. Эдүгээгийн гавьяат Гомбын Золбоот, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо нар гол дүрд нь тоглосон уг киноны хатиг Даваагийн дүрийг багш нь Амбийдаа зориулж бичсэн юм гэнэ лээ. Хошуу ноёны хүү хатиг Даваа хайртай бүсгүйгээ шилийн сайн эртэй ууланд амраглаж байхыг хараад тэр хоёрыг буудах гэснээ болиод өөрийгөө буудаад алчихаж байгаа эмгэнэлтэй дүр. Амбийг тэр дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан гэж хэлдэг. Уг киноноос хойш л Амбий дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирж “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч”, “Содура” гэх олон киноны дүрийг чухамхүү гялалзтал бүтээж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн билээ. Ёстой л нөгөө Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн юм. “Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ” гэж киноны аварга найруулагчдын хэлсэн үгний цаана их том үнэлэлт байдаг.
Уран бүтээлчийн хувьд сод байхын зэрэгцээ хүнийхээ хувьд нуруутай нэгэн байсан нь олон хүний үг ярианаас мэдрэгддэг. “Амьдрал Амбийгийн нүүр шиг арзгар байна” гэх яриа нэг хэсэг моданд орж байв. Яагаад ч юм энэ яриа надад арзгар, баргар, хүйтэн бус халуун дулаан, инээд цалгисан сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Зүгээр “Амбий” гэх нэрийг сонсоход л сэтгэл уужирч, ямар нэгэн баярт мэдээ сонссон юм шиг эрхгүй инээд хөөр тодордог. “Хар” Цэвэгсүрэнгийн “хар” Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй муудалцаж, нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаадах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлаа. Цаанаа юм хадгална гэж байхгүй. Байдаг ийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө гэдэг. Тэр бол ийм л дулаахан сэтгэлтэй, цагаан цайлган нэгэн байсан. Ийм л уран бүтээлч ард түмний сэтгэлд хадгалагдаж гэнэ гэнэхэн гэгээн сайхнаар бодогддог байх. Түүний тухай тааруухан үг унагасан уран бүтээлчийг одоо хэр нь бид сонсоогүй л явна. Хичнээн авьяастай нөхдөдөө муу нэртэй, эргэн тойрондоо сэтгэл дутуу явахыг алийг тэр гэх вэ. Гэтэл Амбий гэж ард түмний хайртай хүүд ийм зүйл байсангүй. Сүүлд бүтээсэн “Содура” киноных нь дүрийг хүмүүс бас л ярьдаг. Өөрөө ч тэр тухай сэрүүн тунгалагтаа. “Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй үгүйтэй цөөхүүлээ. Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино” хэмээн хэлж байсан. Тайзан дээр үргэлжид олныг инээлгээд л, өөрийнх нь инээж байгаа дүр төрхийг харахад нэг л аз жаргал, баяр баясгалантай хүн шиг. Гэвчиг уран бүтээлчийн хувьд цээжин цаанаа гунигтай, худал хуурмаг, өнгө мөнгөний хорвоогийн үнэнийг таниад гутарсан, цөхөрсөн уран бүтээлчийн далд зовнил, эмзэглэл байсан байх. Тэгж бодогддог юм.
Амбий, Бооёо, Хүрлээ гэдэг Монголын хошин урлагийн нэгэн цагийн нэрийн хуудас байсан. Тэр гурвын тоглолтыг үзээд ёстой нэг бах ханах шиг болдог байсан. Амбийгийн зүгээр нэг чимхлүүр үг, үйлдэл нь хүртэл тэр чигтээ сэтгэлд буудаг нь гайхмаар. Хоёр мянга зургаан онд одоогийн гавьяат Баттулга буюу Аглуу “Хориотой жүжиг”-ийн гол дүрээр “Гэгээн муза” авчихаад байж байхдаа найз нөхдийнхөө тухай нэгэнтээ хэлж билээ. Түүндээ “Амбий, Бооёо, Дооёо, Эрдэнэзаан, Мөнхсайхан шиг жүжигчид Монголын хошин урлагт дахиж төрнө гэдэг ховор. Мөн ч их цаг хугацаа шаардагдана. Биднийг даваад гараад ирсэн дүү нар бол харин мундаг байхаас яахав” гэсэн утга бүхий зүйл хэлсэн. Дээрх хэдийгээ Аглуу нь нэр зааж нэрлэсэн. Хамгийн түрүүнд Амбийгаа хэлснийг санаж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын нэгний сонинд миний бие гавьяат жүжигчин Ариунболдтой (Бооёо) ярилцлага хийж байсан. Бид хоёрын яриа нэг л мэдэхэд Амбийгийн тухай хөвөрчихсөн юм. “Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Инээдмийн баярын энэ өдөр андаа дурсаад сууж байгаа минь надад сайхан байна. Нэг талаар сонин сэтгэгдэл төрж байна. Итгэхгүй ч байгаа юм шиг. Хүрлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ. Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа.Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон” гэж хэлж билээ. Амбий, Бооёо хоёрын танилцсан түүх бас сонин. Бооёо нь СУИС-ийн оюутан болжээ, мэдээж Амбий нь бас л архаг оюутан нэртэй Дорнодоос ирсэн байж таарна. Тэр хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөж, Амбий Бооёогийнхоо гэрээр орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байж гэнэ. Тэгтэл аав нь Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна.Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий.Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлсэн байдаг. Хүрлээтэй ч гэсэн уулзаж ярилцаж байхад Амбийгаа л ярина. Ийм л дотно сайхан андууд, хошин урлагийн нэгэн цагийн өнгө болж явсныг манайхан мэдэх хойно доо. 2015 оны хоёрдугаар сарын 26-нд шиг санагдана, тэр сайхан жүжигчин хорвоог орхисон. Гэтэл өнгөрөхөөс нь долоохон хоногийн өмнө хэвлэл мэдээллээр Амбий гавьяат авахаар болжээ гэсэн мэдээлэл гарч олон хүн баярлаж байсан. “Энэ жилийн Цагаан сараар Амбий гавьяат авах нь” гээд л. Нэгнээс нэгэн рүүгээ дамжсан мэдээлэл түгээд л, авах цаг нь бололгүй яахав гэх яриа газар сайгүй гараад л. Хүмүүсийн тийм хөөр баяр, гавьяат болох нь гэх горьдлого тасраагүй байж байтал “өнгөрчихлөө” гэх итгэмээргүй, харуусалт мэдээ түгсэн сэн. Хүмүүний хорвоо дээр авьяастай, чадалтай, ухаантай сайхан хүмүүс ирээд буцдаг. Тийм хүмүүсийн нэгэн тод илэрхийлэл нь Амбий байлаа. Монголын урлагт ёстой л нэг солонго шиг татаад өнгөрчээ. Гэвчиг өөрийнхөөрөө байдаг мөн чанар, халуун сэтгэл нь хэзээд мартагдахгүй.