“Нэг ангийнхан” буландаа бараг хагас зуун жилийн өмнө нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн ангийнхныг бахархан дурсаж байна. Өөрсдийгөө “Хоёр нийгмийн нүүр үзэж байгаа, заримдаа ч туршилтын туулай болж явлаа” гэж хошин аястай хэлдэг юм. Ер нь нэг ангийнхны дурдатгал гэдэг нэгэн цагийн түүх байдаг хойно. Хуучин нийгмийн үед гадаадад сургууль төгсөж өндөр боловсрол эзэмшсэн тэд улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн хувь нэмрээ оруулж иржээ. Аравдугаар ангиа төгсөх жил нь конкурс буюу уралдаант шалгалт өгдөг болсон гэнэ. Өмнө нь сонсож байгаагүй олон мэргэжлийн нэгийг сонгож шалгалт өгөх хатуу даалгавартай учирлаа. Сургуулийнхаа нэрийн хуудас нь болсон уг ангийнхнаас дөрвөн сурагч онц дүнтэй төгсөж гадаадад сурах эрхтэй болжээ. Ч.Сумъяа, Л.Төгсжаргал нар Москвад, Г.Жаргалсайхан Польшид, Д.Энхболд Свердловскод сурах болов. Эгэл жирийн ардын хүү Жаргалсайхан Польшид дипломатын сургуульд сурах аз тохиосныг ангийн нөхөд одоо хэр нь бахархан дурсдаг. “Манай Жагаа итгэл алдалгүй сайн төгсөж мэргэжлийнхээ дээд цол “Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол”-ыг хүртэж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Монголдоо амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан” гэв. Ангийн хөвгүүдээс зөвхөн нэг хүний нэрийг дурдахад л Монголын нэртэй дипломатч, Элчин сайд Г.Жаргалсайханы нэр дурсагдаж байгаа юм.
Дараагийн онц төгсөгч “Хөөрхөн” Сумъяа нь алтан Москвад сургууль дүүргэж ирээд “Говь” комбинатын тулгын чулууг тавилцаж “Бурхан инженер” гэдгээ харуулж чадсан нэгэн. Монголыг бүтээсэн түүхэн эрхмүүд гэж “Өдрийн сонин”-д гардаг. Сумъяа бол үнэхээр түүхтэй үйлстэй хүн юм. Учир юу вэ гэвэл Японоос оруулж ирсэн австрали хонины ноос угаах зориулалттай машиныг хонины ноолуур угаадаг болгон инженерийн ур ухаанаа гаргасан нь бахархал. Уг машин одоо ч ашиглагдаж байгаа. Сумъяа инженер “Говь” үйлдвэрийн зүрх нь болсон техникийн ажлыг бүрэн хариуцаж, нарийн мэргэжлийн машины угсралтын алдааг олж харснаар хичнээн мянган долларын сэлбэг хэрэгслийг үр дүнгүй зарцуулдаг байсныг болиулж чадсан гавьяатай. Сумъяа ангийнхаа охин Сүрэнтэй гэр бүл болж хоёр сайхан охины ижий аав болсон. Өдгөө гурван зээгээ эрхлүүлэн насныхаа жаргалыг эдэлж сууна. Сүрэн Политехникийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөөд сургуульдаа багшилж “Илчлэг багатай цөцгийн тосны бүтцийн судалгаа, технологийн параметрийн оновчлол” сэдвээр техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ. Ийм л сайхан хос энэ ангиас төрсөн байх юм. Дөрвөн онцын нэг нь Дашзэвэгийн Энхболд. ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн бөгөөд оюутан байхдаа л Москва хотын Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнд (ВДНХ) бүтээл нь тавигдаж шуугиулж байсан. 1985-1992 онд ЗХУ-ын Дубна хот дахь цөмийн шинжилгээний институтэд ажиллаж техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ ангийнхны төдийгүй Монгол Улсын бахархал болсон нэгэн байв. Тэрээр Техникийн их сургуульд шинээр байгуулагдсан Компьютер техник, менежмэнтийн сургуульд багш, дэд захирал, захирлаар ажиллаж байсан. Монгол Улсын дээд боловсролын системд сургалтын кредит тогтолцооны суурь загварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. ШУТИС-ийн проректорын албан тушаал хашихын зэрэгцээ судалгаа шинжилгээний олон арван бүтээл, сурах бичиг ном, гарын авлага туурвисан, ШУТИС-ийн түүхэнд алтан үсгээр бичигдэх алдартан байлаа. “Дунд ангид байхдаа анги, хамт олноо удирдан зохион байгуулж, урлагийн үзлэгээр Шаравын Сүрэнжавын “Ерэн баатрын дууль”-ийг гайхалтай уран уншдаг цовоо цолгиун сурагч байсан. Арай л эрт биднийгээ орхин одсон” гэж ангийн нөхөд уяралтайхнаар дурсаж байна. Өөр нэг онц сурлагатан нь Иргэний хамгаалалтын генерал Лхагвасүрэнгийн охин Төгсжаргал юм. Бас энэ ангийн бахархал болсон эрхэм. Москвад Астрологи-геодезийн мэргэжлээр төгсөж Улсын Геодези зураг зүйн газар, Барилгын техникум, ШУА-ийн Геологийн хүрээлэнд нэр төртэй ажилласан. Төр нийгэмдээ хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулаад зогсохгүй Ардчилсан хувьсгалын анхны манлайлагчдын нэг байлаа. Мөн хувийн хэвшилд ажиллаж “Ирвэс-Интертрейд” ХХК-ийг үүсгэн байгуулж Бизнес хөгжлийн газрын нэрэмжит “Шилдэг удирдагч” медалиар шагнуулж явсан жавхаатай, оройлон манлайлагч нэгэн байв. Хүн ардынхаа эрүүл мэнд, эко байгаль орчны төлөө эх орныхоо газар хөрс шороог ариутган сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн технологийг Монголд дэвшүүлж олон аймаг сум, дүүрэгт амжилттай туршиж үр дүнг нь үзсэн билээ. Энэхүү амжилтыг нь онцолж МҮХАҮТ-ын “Greenprener” шагналаар шагнасан юм. Үр хүүхдүүд нь одоо ч үйл хэргийг нь амжилттай үргэлжлүүлж байна.
Ангийн толгой сурагчдын нэг Базарсадын Уранчимэг нь АУДС төгсөөд Улсын эмгэг анатомийн товчоонд (тухайн үеийн нэрээр) ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлээд одоо хүртэл энэ салбартаа дөч гаруй жил үр бүтээлтэй, үлгэр дуурайлтай ажиллаж байна. Тэрээр Украин, Иркутск болон БНХАУ-ын Тайваньд мэргэжил дээшлүүлсэн. Эмгэг судлаач эмч, тасгийн эрхлэгч, чанарын албаны дарга, эмгэг судлалын зөвлөх эмчээр ажиллаж иржээ. Эмгэг судлалын чиглэлээр хийсэн судалгаа шижилгээний ажлаас нь онцолбол, ЭХЭМҮТ болон МАА-н хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нартай хамтран “Микоплазмаар үүсгэгдсэн хүүхдийн уушгины үрэвслийг оношлох антиген”-ийг гарган авсан ажил нь “Шинэ бүтээлийн гэрчилгээ” авчээ. Мөн “Перниталь эндэгдлийн үед ураг, нярайг шинжлэх аргачлал боловсруулсан нь одоо хүртэл практикт хэрэглэгдэж байна. Мөн эмгэг судлалын чиглэлээр залуу боловсон хүчнийг бэлтгэхэд манлайлан оролцож иржээ. 54 их эмчийг эмгэг судлаач болон эс судлаач эмчээр сургаж бэлтгэсэн байна. 2016 оноос “Этүгэн” их сургуулийн Анагаахын сургуульд багшилж байна. Хөдөлмөр бүтээлийг нь үнэлж төр, засгаас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Ангийн анд Сумъяагийн гэр бүлтэй дотно найзалж 25 жил зуны амралтаа хамт өнгөрөөсөн сайхан дурсамж ч бичигдэнэ. Бидний урьж онцолж буй уг ангийнхан хэн нэгэндээ хичнээн түшигтэй, үргэлж уулзалдаж нэгэндээ дэмтэй явдгийн захын жишээ Сумъяа, Урнаагийн гэр бүлээс аандаа мэдрэгдэнэ. Тус ангийнхны эмч нь мэдээж Уранчимэг. Бусад нь хүүхэд өвдөх, төрөх үед Урнаадаа даатгадаг юм. Зарим үед хүүхдээ захичихаад алга болдог тал ч бий гэсэн.
Ийм алдартай сурагч, шавь нарыг төрүүлсэн ачит багш нарынх нь тухай дурсаж таарна. Багш нарынх нь тухай дуулгахад “Юуны түрүүнд анги удирдсан багш Цэрэндолгорыгоо дурсъя. Тахимаа шүргэсэн урт гэзэгтэй залуу эмэгтэй байлаа. Их л шаардлагатай багш байсан. Трапецан өмдтэй хөвгүүдийн өмдний шуумгийг цуу татаад хаячихдаг байсан” гэж шавь нар нь дүр төрхтэй нь, зан ааштай нь дурайтал хэлсэн. Химийн Оюун, Монгол хэл, уран зохиолын Доржнамжим, түүхийн Цэвээн, математикийн Гэндэндоо, шугам зургийн Цэнд-Аюуш, физикийн Цэрэндолгор, Ч.Цэнд-Аюуш нарын ачит багш нарыг халуун дотноор дурссан. “Ч.Цэнд-Аюуш багш маань УБДС-ийг улаан дипломтой төгссөн, бидний ярьдаг байснаар “Гавал” багш байсан. Яриандаа “Болж гэм” гэдэг үгийг их оруулдаг болохоор сүүлдээ бид хоорондоо “Болжэм” багш гэж ярьцгаана. Химийн Оюун багш маань сэдвийн шалгалт авдаг ганц багш байсан гэхэд хилсдэхгүй. Хичээлээ маш сайхан заана. Манай ангийнхнаас эдийн засгийн мэргэжилтнүүд олон төржээ. Инженер-эдийн засагч Сэлэнгэ, Бадамхандын Оюунбилэг, (Тус ангид хоёр Оюунбилэг байсан болохоор хооронд нь ялгах гэж овгоор нь дууддаг байж. Бадамхандын Оюунбилэг “Баян Монгол” чуулгын удирдагч Б.Нямдоржийн дүү, нөгөө Оюунбилэг нь ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Бөхийн Баастын охин), Бямбасүрэн, Ч.Алтанцэцэг Дарьсүрэн, Байгалмаа гээд олон хүн эдийн засагч нягтлангийн мэргэжил эзэмшжээ” гэж ачит багш нарынхаа гавьяаг ангийн хүүхдийн эзэшсэн мэргэжлийн хамт тодотгосон юм.
Бямбасүрэн Нефть хангамжийн төв баазаас хөдөлмөрийн гараагаа эхэлж салбартаа 40 гаруй жил ажилласныг нөхөд нь мөн л онцолсон. Санхүү банкны тэргүүний ажилтан, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Нефтийн тэргүүний ажилтан, Газрын тосны тэргүүний ажилтан гээд олон тэргүүний эзэн, одоо ч мэргэжлийн ажлаа хийж байгаа гэсэн. Ангийн “Алтан гадас” одонтуудын нэг. “Манай ангид “Алтангадас” одонтон олон бий. Байгалмаа маань байна, “Хатан сүйх” компанидаа ажиллаж байгаа. Мөн инженер-эдийн засагч мэргэжлээр Ленинградад төгссөн Сэлэнгийнхээ талаар товчхон дурдъя. Тэр сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын АДХГ захиргаанд ажиллаж эхлээд Үнэт цаасны хороонд алба хашсан. Ажиллаж байсан үе нь хот гэдэг их айлыг байгуулж босгох мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлж байсан цаг үетэй давхацсан байна. “Комплекс импорт” нэгдэлд зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй ч ажиллаж явжээ. “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той” хэмээн нөхөд нь бахдалтай хэлсэн юм. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г Сэлэнгээс гадна Уранчимэг, Энхтөр, Цэцгээ нар хүртсэнийг дуулгая. Энэ ангиас Цэцгээ, С.Энхжаргал, Батзориг, Энхтөр, Баастын Оюунбилэг, Сарантуяа нар багш мэргэжилтэй. Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг Цэндийн Цэцгээгийг тухайд Монголын ардчиллын тулгын чулууг тулалцаж явсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн. Ерэн онд Ардчиллыг дэмжлээ гээд ажлаасаа халагдаж, мэргэжлийн салбараасаа бүрмөсөн чөлөөлөгдөж байсан. Хожим МоАХ-ны хүндэт гишүүн болсон. Анхны Ерөнхийлөгчийн сонгуульд цаг наргүй ажиллаж унадаг дугуйгаар бүхий л ажлаа бүтээж явснаас “Дугуйтай Цэцгээ” гэдэг нэрийг авч явжээ. Ингэж зүтгэсний хүчинд цалин авч байж. МОНЦАМЭ-гийн дарга С.Амарсанаагийн нарийн бичгийн дарга, БГД-ийн ядуурлыг бууруулах зөвлөлийн нарийн бичгийн дарга болж явлаа. Дэндүү шударга явж элдэв албан тушаалд очно гэж зүтгэж явсангүй. Харин 30 гаруй хүүхэд болон арав гаруй элэгний өвчтэй хүнд халуун сүүгээ өгсөн МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” ЭМЯ-ны “Сайн дурын ажилтан” билээ. Цэцгээгийн тухай МУСГЗ нэрт сэтгүүлч Г.Жамъян “Монголын мэдээ” сонинд бүтэн нүүр хөрөг бичиж мандуулж байсан. Мөн багш нарын нэг төлөөлөл С.Энхжаргал нь “Үйлдвэрийн технологи, зураг зүй, дизайны багш мэргэжлээрээ ажиллаж байгаад нийгмээ дагаж найз нартайгаа “Эхлэл” хоршоо байгуулж байлаа. Өөрийн мэргэжлийн дагуу “Мөнгөн дөш” зоос гоёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн үйлдвэр байгуулж технологи, загвар, дизайныг хариуцан ажиллаж 200 гаруй нэрийн бүтээгдэхүүний загварыг шинээр зохион бүтээж Монгол Улсын Оюуны өмчийн эрхээр патентжуулсан уран гартай дархан хүн юм.
Ш.Энхтөр нь УБДС-ийн түүхийн ангийг төгссөн. Д.Сүхбаатарын нэрэмжит МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгсөж улс төрийн дээд боловсрол эзэмшсэн МХЗЭ-ийн төв хороо, “Угалз” Корпораци, УБХ-ын дэргэдэх төр нийгэм судлалын академи, Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн Институт Дэлхийн банкны санхүүжилтээр Монголд хэрэгжсэн Засгийн газрын “Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хорооны ажлын аппарат зэрэг газар ажилласан 2008-2012 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-д 3, 1-р нарийн бичгийн даргаар ажилласан байна. Хоёр Оюунбилэгийн нэг Ардын уран зохиолч Баастын охин Оюунбилэг уг ангийнхны холбогч гүүр нь болсон хүн. Тэрээр Геологийн төв лабораторийн технологийн шинжилгээний тасагт химийн инженерээр нэр төртэй ажиллаж байсан нэгэн. Монгол орны ашигт малтмалын олон олон ордыг нээн илрүүлж, шинжлэн судалж, нөөцийг нь тодорхойлж байсан ид ажлын он жилүүдэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан суралцаж баяжуулсан дээжүүдэд химийн шинжилгээ хийх хариуцлагатай, чимхлүүр ажлыг залуу насны аагаар гүйцэтгэж явснаа бахдалтайгаар дурсдаг. Багш нарын бас нэг төлөөлөл Батзориг нь “Эрс шинэчлэл” хөдөлгөөний зүтгэлтнүүдийн нэг бөгөөд иргэний үүргээ гүйцэтгэж ирсэн.
Д.Жаргалсайхан, Занабазар, Энхбат, Баяраа нарын цэргийн дөрвөн эрхэм төржээ. Үүнээс онцлон Даваасамбуугийн Жаргалсайханы тухай өгүүлье. Тэр ЦЕДС-ийн ерөнхий цэргийн курсэд суралцан төгссөн. Төгсөөд 097 дугаар ангид томилогдон очиж Орос-Монголын хамтарсан хээрийн сургуульд (“Хэрлэн-73”, “Говь-77”) оролцон баярын бичгээр шагнуулж явсан удаатай. Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Байлдааны гавьяаны одонт хурандаа маань арван жилийн гэгээн цагаан дурсамжаасаа ийн хуваалцсан юм. “Ангийнхаа хэдэн хүүхэдтэй Гандан орчмоос хичээлдээ явдаг байлаа. Хичээл тараад Гандангийн үүдээр гарахдаа “Арслангийн ам тэмтрэх үү” гээд аман дахь задгай мөнгө, чихэр мэтийг нь түүгээд авчихдаг мөртөө шалгалттай өглөөдөө суварганы хажуу дахь тавцан дээр сунаж мөргөчихөөд явдаг байлаа. Мөн сүрхий сүсэг бишрэл байгаа биз” гээд инээвхийлж сууна. Ангиасаа Занабазартай дотно найзалдаг байжээ. Занабазар түүнтэй хамт ЦЕДС-д элсэн орсон ч Одесс хотноо цэргийн дунд сургууль, артилерийн инженерийн сургууль төгссөн МАА-н 229, 152, 016 дугаар ангиудад салаан захирагч, зэвсгийн албаны даргын үүрэг гүйцэтгэсэн. Түүний аав Монголын нэрт зураач Минжүүр нь “Нүүдэл”, “Хот айл”, “Отгонтэнгэр”, “Баяр наадам”, “Саальчин” зэрэг алдартай бүтээлүүд урлажээ.
“Манай Цэрэндулам хивсний үйлдвэрт ээрэх, будах, нэхэх цехэд 40-өөд жил мастер, чанар шалгагч экспорт-импортын шалгагч гүйцэтгэгчээр ажилласан ажилсаг бүсгүй юм. Тэрээр “Цехийн аварга, “Үйлдвэрийн аварга шалгагч”, “Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан” “Монголын ноос ноолуурын холбооны өргөмжлөл”-өөр шагнуулсан. Мөн “Дархан бэр” ЧД-ийн “Чандмань эрдэнэ” одонтой” гэж найзууд нь хэлсэн. Тус ангиас таван инженер төрөн гарсан байна. Үүнд Ч.Сумъяа Сүрэн Ганбаатар, Б.Энхжаргал, Төгсжаргал нар. Ганбаатар гэдэг чадалтай архитекторч инженер байлаа. Эдийн засагч, инженер эдийн засагч зургаан хүн байна. Багш тав, эмч дөрөв, цэргийн мэргэжлийн дөрвөн хүн, нэг нисгэгчтэй гэх статистик гарч байна. Нанзад нь аравдугаар анги төгсөхдөө “Спортын мастер” болсныг дурссан. Онцлохгүй байхын аргагүй нэг хүн нь Мөнгөнцэцэг. Солонгос бөгөөд Ким Ин Сон гэдэг нэртэй. Багадаа (1966 онд) Монголд ирсэн монгол хүүхдүүдтэй тоглож байгаад хурдан хэл сурсан гэдэг. Сурагч байхдаа БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Ир Сенийг Монголд ирэхэд цэцэг барьж байсан түүхтэй юм билээ. Тэрээр ажилчны районы эмнэлэг, Түргэн тусламжийн төвд ажиллаж байгаад 1990 онд нийгэм өөрчлөгдөхөд оёдлын үйлдвэр, цайны газар ажиллуулж эхэлжээ. Хайрт ижийнхээ дурсгалд зориулж “Эмээгийн цайны газар” нэртэй газар нээснээр тус ангийнхны цугладаг “Болзоотын бор толгой” болжээ. Найзуудаа очиход Мөнгөнцэцэг нь дуртай гэж жигтэйхэн, инээд алдаад л угтдаг гэсэн. Ийм л бахдам түүхтэй, улс орны хөгжилд өөр өөрийнхөө ач тусыг хүргэсэн онцгой ангийнхны тухай өгүүллээ.