Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ЦАГААН САР ба ХАР ЗУРХАЙ

НЭГ. ХАР ЦАГААНХЭЛ АМНЫ ШАЛТАГ

Бид өнөөдөр хоёр “цагаан сарын шинийн нэгэн”-ний хооронд түр оршиж байна. Хятадынх (буюу Япон, Солонгос гэхчлэн Хятадын соёлын нөлөөний бүсийн) болоод өнгөрсөн, Төгс буянтынх (буюу Монгол, Түвд, Балбад хэрэглэдэг) сарын дараа гэдэг утгаар ч тэр, энэ хоёр тооллын алин нь зөв бол гэдэг эргэлзээгээрээ ч тэр.

Сүүлийн хориод жилд буюу иргэд өөрийн бодолтой байх эрхтэй болсон цагаас хойш энэ эргэлзээ бий болсон. Үнэн хэрэгтээ, хамаг зовлон цаг тоололд байгаа юм биш. Хэн нэг нь зөв тоолоод, нөгөөх нь алдаад байгаа ч юм бүр биш. Цагаан сарын зөв буруу, золголтын оносон оноогүйн тухай маргаан нь огт өөр зүйлээс шалтгаантай.

Юуны өмнө, бусдаас өөр саналтай байж харагдах хөдөлгөөн, монгол ардчиллын анхан шатны үзэгдэл гэж харууштай. Энэ үзэгдэл хоёр шалтгаантай. Нэг талаас зөвхөн нам засгийн саналтай байхаас өөр эрхгүй нийгэмд залхсаных, өөрийн гэсэн байр суурь гээч юмаар нэгэн жарны турш цангасных.

Нөгөө талаасаа, дөнгөж хотшиж иргэншиж байгаа нүүдэлчин хүнд илэрч байгаа нийгмийн айдас. Хээр талдаа, уул уулын аманд зожигрон оршиж,” бор гэртээ богд” болж явсан малчин нүүдэлчид хотшиход үүссэн айдас. Юунаасаа гэж үү? Хотшил хэмээх хүмүүн далай дунд дусал төдий болон шингэж байгаагаа мэдэрснээс үүдсэн айдас. Хотшилын далайд “би”-гээ авч үлдэх зөнтэй холбоотой ч гэмээр юм уу. Ямар нэгэн юмны эсрэг байж, тэр утгаараа өөрийн бодолтойгоо харуулж, өөрийгөө болон өөрийн бодлоо зөвшөөрүүлэх, ийм аргаар “би”-гээ хамгаалах зөн ч гэмээр юм уу.

Хотшил, иргэншлийн далайд цүлхийн унасан, өөрийгөө сэлж чадахгүй гэж айсан малчны, сарвалзаан, ус үсчүүлсэн самралт, нүүдэлчний мэгдэл сандралаас улбаатай. Нийтийн санаа бодлыг дэмжээд явчих гэхээр өөрөө бүдгэрээд, бусдад уусаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бололтой. Хамаг малаа айлын сүрэгт нийлүүлчихсэн хоньчин, эсвэл айлын хонь хариулж, тогоо руу нь өнгийн амьдарч яваа буурай нүүдэлчнийх шиг гутрал төрөөд, тэр нь хатгаад байдаг болтой.

Мэдээж энэ “дажин” дунд олны дундаас товойх гэсэн популистуудын хөдөлгөөнөөс эхлээд манай ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байртай “Малчны” гэгдэх календарийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн ч зохих байраа эзэлж л яваа.

Үнэн хэрэгтээ байдал огт өөр. Харин ч “Ганц дусал тэр дороо л ширгэнэ, харин далайд нийлсэн дусал нь далай ширгэтэл оршино” гэж дорнын мэргэн ухаан сургадаг. Өрнөдийн иргэншил, ардчиллын философи ч тэр. Бид өөрийнхөө “би”-г зөвшөөрүүлэхийн тулд бусдыг буюу яг л чам шиг өөрийгөө зөвшөөрүүлэх хүсэлтэй “Чи”-г хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой. Зөвхөн “Чи”-г хүлээн зөвшөөрсөн “би” л хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг номтой. Даанч , мэдэхгүйн зовлон гэдэг бол үнэнийг халхалсан “цагаан хэрэм” байдаг хойно яалтай ч билээ.

Бид, энэ дүрмийг яс махаараа мэдрэх анхан шатны курстээ л явж байгаа. Дараагийн курсээр “Чи”-гийн юуг зөвшөөрөх, “Би”-гээс юугаа зөвшөөрүүлэх гэж оролдохгүй байхыг сурна. Энэ мэт цаашаа явна.

Цагаан сарын маргаан улангассан шинжтэй байхаа нэгэнт больжээ. Тэрч байтугай, шарын зурхайг сурталдагч заримууд хүртэл чив чимээгүй төгсбуянтын тооллоор золгодог, тэрийгээ нуудаг болсон гэж дуулдсан. Үнэн байх аа. Ямар ч шашинтай байлаа гээд монгол анимист (бурхны хөргөөс эхлээд хад чулуу, мод овоо, юунд л бол юунд мөргөх ёсон) л болсон хойно “нээрээ буруу өдөр золгоод хамаг юм буруугаар эргэх юм биш байгаа” гэж айж л таарна. Угаасаа ч “би” гээ илэрхийлж, өөрийгөө олон түмний хөлгүй далайд живүүлэхгүй гэж л самарсан болохоос биш, зөв буруу шинэлэх нь тэртэй тэргүй хоёрдугаар асуудал.

Тэгж ярих юм бол, Төгс буянтын зурхайгаар сүүлийн 300-гаад жил энгийн ард, сүм хийд нь шинэлж ёсолсон. Болоод ирсэн. Сайн саар бүгдийгээ түүнтэй холбовол ч холбохоор. Хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтаас эхлээд, хотын утааг хүртэл тэрнээс болсон гэж чихэж болохоор. Бас сайн бүхнээ тэрэнтэйгээ уяж, хоёр хэт гүрний завсарт аваад үлдсэн тусгаар тогтнол, эрх чөлөө, өнөөгийн соёл боловсрол, ололт бүхнээ зөв шинэлсний буян гэж магтаж ч болохоор, ийм л юм.

ХОЁР. ЭРТНЭЭС УЛБААТАЙ “ХОС ШИНЭ ЖИЛ”

Монголчууд сүүлийн 300-гаад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Гэхдээ төрийн ажил албаны хүрээнд. Гадаад Монгол, автономит Монгол, Ардын засаг гээд гурван төрд албан хаагч явсан Г.Наваанамжил гуайн тэмдэглэн үлдээснээр “…хар зурхай бол Төвд ёсны зурхай, шар зурхай хэмээгч Хятадын цаг улирлын тооны бичгийг өгүүлнэ… шар зурхайн шинийн нэгэнд төр талын манж Хятадын яамууд, ба Монголын хот хөдөөгийн аймгийн чуулганы дарга, жанжны жасаад, олон хушуу тамгын газар шинэлнэ. Дараахь хар зурхайн шинийн нэгэнд шашны талын хүрээ хийгээд сүм дуган бүр шинэлнэ…1” гэнэ. Шар зурхайн календарийг Бээжинд зохиогоод өөрийн дотооддоо болон Гадаад монголд зохих шугамаар хүргүүлдэг байжээ.

Хүн ам нь бүхлээрээ шарын шашинтай, Оройн дээд Богд ламыгаа нийтээрээ дээдлэн шүтсэн монголчуудын хувьд Сүм хийдийнх нь дагадаг хар зурхай бүх нийтийн шинэ жил болж таарна. Төрийн зүтгэлтэн, ихэс дээдэс, сайд түшмэд гэхээр эцсийн дүндээ, шарын шашинтан, хуврагууд, үнэнч сүсэгтнүүд л байгаа.

Харин 1911 онд Манжийн нөлөөг халан улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаар энэ заншил өөрчлөгдөж “…Монголын тусгаар тогтносон, автономитын засгийн үед хүрээний зурхайч дацангийн дан зурхайч нар зохиож (тэр жилийн хуанлигаа.зох) тогтоолгон дотоод Яамнаас модоор сийлж хэвлэн нийтэлдэг2” болсон аж.

Манжийн үеийн Гадаад Монголын төрийн албан хаагчид шар зурхайн шинэ жилээр бүтэн сар амардаг байжээ. Төрийн ажил алба амрах энэ үеийг “Тамга битүүмжлэх” хэмээн нэрлэнэ. “Аймаг хошууд ба бүх албан газрууд нь цөм нэгэн зэргээр өвлийн сүүл сарын хорьдын үеэс дараа жилийн цагаан сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаагаар тамга битүүмжилдэг хуультай байв. Тамга битүүмжлэх ёслол хийнэ. Төрийн албан хаагчид амарна…энэ завсар хэрэг байцааж, эрүү шүүлт үл явуулна…Энэ зуур бичиг явуулахад хүрвэл тамга дарах учиртай зай дээр улаан бийрээр “тамга битүүмжилсэн” гэсэн цохолт хийдэг3” байжээ.

Гадаад Монголын үеийн шар зурхайн цагаан сар нь Манжийн төрөөс хараат байгаагаа хүлээн зөвшөөрөх ёслолын чанартай үйл явдал байсан аж. Монголд суугаа амбан, жанжинд очиж хүндэтгэл илэрхийлэхээс эхлээд өндөр дээдэс ихэс ноёд Бээжин орж Манжийн хаантай мэндлэх дүрэмтэй байв. “Энэхүү шинэ жилийн баярыг Манжийн хаан ба улс даяар нэгэн адил явуулдаг учраас Монголын феодалууд Манж Хятадтай зууралдсан ёслол хүндэтгэлийн ажил ихээр гарна. Олон ван гүнгийн зэрэг засаг ноёд тамга бүхий хутагт нарыг Бээжингээс ээлж дараалан дуудуулж Манжийн хааны амгаланг эрэх жасаанд оруулдаг байсан4” ажээ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод арваннэгдүгээр сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь Монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл. Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал ба түүний гэргий Анастасия Ивановна нар их төлөв Москвад шинэ жилээ угтах тул Улаанбаатарын “Төв хорооны ёолк” нэг бус удаа “генсек”-гүй зохиогдож байжээ.

Наадам наргианд дуртай, нийлж цэнгэх боломжийг алддаггүй нүүдэлчид эдгээр Зөвлөлт маягийн баяруудыг халуун дотноор хүлээн авч өөриймшүүлсэн бөгөөд өнөөдөр ч Халловены, Валентины гэх мэт шинэ шинэ баярууд нэмэгдсээр байна.

Бас нэг сонирхолтой зүйл бол бөө мөргөл, тэнгэрийг тахих ёсноос үүдэлтэй галын тахилга хэмээх зан үйлийг Богд гэгээнтэн хүртэл үйлддэг байсан явдал юм. “Богдоос эхлэн олон ноёд ардууд хааныг тахина хэмээн Чингисийн үеэс улбаатай гэх галын тахилгыг өвлийн сүүл сарын 23-24-нд хийж байсан5” ажээ. Гэхдээ ёслол нэлээн өвөрмөц, шарын шашны гэхээсээ илүү уламжлалт мөргөлийн шинжтэй байжээ. Богд Жавзандамба хутагт ёслолыг сүм хийдэд үйлддэггүй, харин ордны хашаанд байх “Тосны” гэр гэдэгтээ гурван чулуу тулан гал асааж үйлдэнэ. Үүнийг ноёд ба ардууд ч бас үйлдэх ба Чингис хааны үед зохиогдсон гэх монгол үсгээр бичсэн судрыг зэрэг жинс бүхий төрийн хар хүнээр барин сууж галаа тахидаг6 байсан байна.

Өнөөгийн монголчууд ч гэсэн хоёр тоололтой. Григори папын шинэчилсэн тооллоор манай төрийн он тоолол явдаг. Бидний төрсөн он сарыг энэхүү Загалмайн мяндагтны нэртэй хуанлигаар бүртгэсэн тул, Христос мэндэлсний 1952 онд төрсөн гэх байдлаар тэмдэглэгдэнэ. Хэрвээ та, ажилд орох маягтыг “цагаан морин жилийн хаврын дунд сарын шинийн найманд төрсөн” гэхчлэн бөглөвөл хүчингүйд тооцогдоно.

1930-аад оноос өрнөдөд буюу Орос, франц, Германд боловсрол эзэмшсэн залуусын нөлөөгөөр Загалмайн тооллын шинэ оныг тэмдэглэх ёслох соёл нэвтэрчээ. Д.Нацагдорж, Н.Наваан- Юндэн, Д.Намдаг нарын сэхээтнүүд ХХ зууны гучаад онд “Ёлк” тэмдэглэж буй зураг олонд түгсэн байдаг. Харин дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Монгол Улс Григорион тоолол болон кирилл-монгол үсгээр төрийн хэргийг хөтлөх болжээ.

Гэхдээ л монголчуудын сэтгэл оюуны гүнд үл ажиглагдам тодотгол, зааг ялгаагаар уламжлалт тооллын мэдрэмж нь шингэн үлдсэн байдаг. Жишээлэхэд, хоёр хүн “он гараад уулзъя” гэвэл Григорион тооллын утгатай, харин “жил гартал хүлээе” гэвэл Төгс буянтын зурхайн агуулгатай ойлгогдоно.

ГУРАВ. ЦАГААНСАР БА ХАР ЗУРХАЙ

Үнэндээ бол зурхайг хар цагаанаар нь дуудах гэсэн юм бол биш. Угаасаа бидний ёслон дагадаг зурхайг хар зурхай гэдэг аж. Хар гэдэг үг падан хараас гадна олон утгатайг судлаачид хэлдэг. Хар кидан гэхээр афро-монгол үндэстний улс байгаагүй шиг, төрийн хар хүн гэхээр Монголын төрд зүтгэхээр Африкаас ирсэн хүмүүс гэж ойлгодоггүй, хар феодал гэхээр нүүрээ угаадаггүй алтан ургийнхан гэж тайлбарладаггүй шиг.

Судлаачдын хэлж байгаагаар “Хар” гэдэг “умард” буюу “хойд зүгийн” гэсэн бас нэг утгатай. Хууччуул, “хар хятад” ба “цагаан хятад” хэмээн хэлцдэг нь одоогийн хятад ба вьетнамчуудыг умард ба өмнөдийн хятад хэмээн авч үздэг байсантай холбоотой аж.

Бас хар гэдэг үгэнд энгийн, жирийн гэсэн утга ч буй. Хар ухаан, хар аяандаа, хар ажил гэхчлэн. ХХ зууны эхэн үед Японыг “хар орос” гэдэг байсан нь сонин. Орос гэдэг нь өрнө зүгийн соёлтны нэр7 ба япончууд нь жирийн ангиллын (цагаан арьстан биш) орос буюу өрнөдийн жишгээр хөгжигч шар арьстны улс гэсэн утгатай байх магадгүй.

Энэ утгаараа, хар зурхай нь умард зүгийн одон зурхай гэсэн утгатай ч байж мэднэ. (Умар зүгийн Жавзандамбын шашинтан гэж өөрсдийгөө авч үздэг Богдын шавь нар хийгээд, Бурхан багшийн “Миний шашин умраас умар зүгт дэлгэрнэ” гэх лүндэнг бодолцсон ч тэр) Бас дэлхийн умард хагасын хойд хэсэгт тодорхой үзэгдэх од эрхсийн байршлыг ашигласан гэдэг утга ч байж магадгүй. Ямар ч байсан падан хар зурхай гэсэн өнгөний утга л лав үгүй байх.

Цагаан сарын түүх ч гэсэн үргэлж дардан цагаан явсангүй. ХХ зууны гучаад онд нугалаа завхралын давлагаан дор “феодалын баяр” хэмээн хоригдож, хүрээнийхэн нууж хааж шинэлэхдээ тулж байснаа “Шинэ эргэлтийн бодлого”-оор түрхэн зуур өөрчлөгджээ. Удалгүй, 1952 онд маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барсан тул цагаан сарыг нийтийн гашуудлын өдөр болгосон төдийгүй, цаашид тэмдэг-лэхийг нь хорьж байжээ.

Өөрийн орны төрийн тэргүүн болон эрхшээлд нь явдаг улс орны удирдагч таалал төгсөхөд зарласан гашуудал нь үндэсний баяртай давхацсан учраас “алгасах” тохиолдол угаасаа байжээ. Манжийн эрхшээлийн үед ч ийм явдал тохиолдсан удаатай аж. Г.Навааннамжилын “Өвгөн бичээчийн өгүүлэл” (Улаанбаатар.1956) хэмээх дурсамжид “… гэтэл Бадруулт төрийн 34 дүгээр онд Бадруулт төр хаан, эх Хуан тайхугийн хамт нас барав гэж зарлал ирж, Монгол нийтээр бэлэвсэрч… баяр ёслол үйлдэхгүй…аливаа хүн үс гэзгээ самнуулахгүй 100 хоног болов…тэр жилийн хаврын тэргүүн сар шинэлж цагаалалгүй өнгөрч дараа жил шинэлж байхыг үзсэн болно8” хэмээн бичсэн байдаг. 1952 оны “хориг”-оос ялгаатай нь тэр жилийнхээ цагаан сарыг хориод, дараа жилээс нь хэвийн цагаалах болсон аж. Харин 1959 онд амины малыг албадан нийгэмчилснээр иргэний бүхий л хувийн өмчийг хурааж дууссан ба энэ ажлаа дахин нийгэмчилгээгээр (1962) баталгаажуулжээ. Социалист үйлдвэрлэлийн харилцаа нэгэнт ялсныг (Хувийн өмчгүй нийгэм байгуулсан) тохиолдуулан нэгдлийн мал маллаж буй иргэдэд “Нэгдэлчдийн баяр” нэрийн дор цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрчээ, 196О-аад оны эхээр.

Чухам энэ үеэс нэгдэлчдийн баярын бөх буюу ардын хэллэгээр “цагаан сарын бөх” хэмээх хамгийн нэр хүндтэй барилдааны түүх эхэлжээ. Цагаан сарын барилдаан нь хэдийгээр цол олгодоггүй боловч хамгийн хүндтэй, хамгийн шударга үнэнч барилдаан хэмээн үнэлэгдсэн хэвээр байна. Харин шинэлж цагаалах ёсон нь огт тасраагүй бөгөөд зарим хэсэг нь Григориан тооллын нэгдүгээр сарын 1-нд хамтатган тэмдэглэж, нөгөө хэсэг нь нууц байдлаар орой үдэш гэртээ ёслох зэргээр үйлдэнэ. Үзэл суртлын томоохон байгууллагууд ч сүүлдээ өнгөн дээрээ цагаан сарыг буруушаах маягтай боловч цаанаа “нам тэмдэглэж, сэм золгодог9” болжээ. Нийслэлийн албан хаагчид, нутгийн хотын иргэд ёолкноор таваг засан золгож байсан байна. Тун боломж муутай зарим нь ахмад настандаа “айл хэсэх” дүрээр очиж золгон ёс гүйцэлдүүлнэ. Харин хөдөө сумдын төрийн байгууллага, сургууль соёлын газар шинийн нэгэнд амарч “Нэгдэлчдийн баяр” тэмдэглэнэ.

Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил, хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна.

Харын зурхайн Цагаан сар бол хаалттай битүү социалист лагерт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг монгол болгодог, монгол байлгадаг эрхэм ёсны нэгэн. Бид бүгдийг монгол харагдуулдаг, цагаан сар мину.

Даяаршсан ертөнцийн их далайд бид өөрийн цагаан сар, ёс заншлаар далбаа хийж, монгол гэдгээ тунхагладаг. Иргэншил даяаршлын их далайд нийлэхгүй бол оршихгүй, өөрийн гэсэн далбаатай хөвөхгүй бол тогтнохгүй, ийм л юм.

2017.02.01

Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав: Тээр хол, тэнгэрийн хаяанд суудаг намайг гэх хүн тийм олонгүй ч бас цөөдөхгүй юм шиг ээ

Дорнодын утга зохиолын нэгдлийн галыг манаж Буйр нуурын хаяа, Хэрлэн мөрний хөвөө, Тамсагийн цэнхэр хязгаарт он он жилээр сууж буй найрагчийн яриа танд сонин байх болов уу. Ингээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэрэндоржийн Жамбалгаравтай хөөрөлдсөнөө толилуулъя.


-Таны хувьд дорнын уудам талдаа он он жилээр сууж шүлэг найргаа туурвиж ирсэн. Утга зохиолд анх хэрхэн хөл тавьснаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуульд 1971 онд элссэн хүн л дээ. Одоогийн НИК компанийн байранд манай сургууль байлаа. Хотын төвд, хэвлэлийн комбинатын яг хажууд гэсэн үг шүү дээ. Уран зохиолын багш маань Р.Ядмаа гэж хүүхдийн зохиолч хүн байж, тэр үеийн нэртэй зохиолчдыг таньдаг, уран зохиолч эмч нар болох А.П.Чехов, С.Эрдэнэ, Ш.Ванчаарай, А.Вересаев гээд л ярьдаг, заримдаа ч сургууль дээр халамцуу сууж байхаасаа сийхгүй нэг үгээр нэлээд билэг танхайдуу гэхээр хүн байж таарсан юм. Эмнэлгийн сургуулийн хүүхдүүдэд гэхэд уран зохиолын хичээлийг маш гоё заадаг, хүний амьдрал, хувь тавилангийн тухай өөрийн гэсэн “философи”-той, бас ч эсэргүүдүү яриа хөөрөөтэй тэр эрхэм хүн л намайг уран зохиолд эргэлтгүй дурлуулсан болов уу даа. Нэг өдөр саарал даавуун дээлтэй, улаан хамартай, урт буурал үстэй нэгэн халмаг эрхмийг дагуулан ирж уран зохиолын дугуйлангийн оюутан биднээс гурав, гурван төгрөг татан шарыг нь тайлангаа цаг орчим ном тавиулсан нь миний анх удаа сонссон яруу найргийн лекц байж. Төрийн шагналт нэрт яруу найрагч Ц.Гайтав абугайтай танилцах завшааныг тийнхүү шүүрч явсан байнам. Шүлэгт үг дутахын зовлон гэж байх, тэрнээс илүү зовлон бол шүлэгт үг илүүдэхийн зовлон гэж буй гээд л хөврүүлж өгч байсан даа, Ц.Гайтав гуай. Дорноддоо ирж 1975 оноос Утга зохиолын нэгдэлдээ элсэж өнөөдрийг хүртэл явж байна. Дорнодын Утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдэг сэтэртэй нэлээд олон жил болчихлоо. Өрөөл хүн байтугай өөрөө ч энэ сэтрээсээ уйдахаар цаг хугацаа өнгөрч. Гээд яана гэхэв. Яруу найргийн гурван ном гаргасан. Нэлээд сүүлхэнд дээ. Уг нь хар залуугаасаа шүлгээ бичээд л байсан юмдаг. Хааяа ганц нэг сонинд гарна аа. “Улаан Од”, “Эх орны манаа”, “Утга зохиол” гээд л. “Цог” сэтгүүлийн “Оч” буланд 1984 онд хэдэн шүлгээ хэвлүүлээд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа.

-Та бол цэргийн хүн. Эх орны үнэ цэнэ, хил хязгаарын үнэ цэнэ гэдгийг яс махаараа мэдэрсэн уран бүтээлч. Ер нь хуучин цагт Чойжамцын Ойдов, Дашзэвэгийн Сэнгээгээс аваад бүгд л галын шугамд явж байсан юм билээ?

-Эх орны зүүн болоод зүүн өмнөд хязгаарт бараг хорин жил зогссон шүү. Залуу насанд эр хүн цэргийн албаа хааж торгон хилээ маналгүй яахав. Хэн хүнээс санал асуудаггүй юм чинь тэр. Тэр сайхан хийморьтой албанд гэрээ ачиж, гэргий хүүхдээ дагуулаад хэдэн жил нүүдэл хийсний ач, олз гэвэл цөөн хэдэн шүлэг минь нэг их сод, содонгүй гэхэд эрхбиш цэргийн жагсаал шиг жигдэрч чадсан болов уу гэж бодох юм даа. Эх орон, эр цэргийн сэдэв, баатарлаг уянгын яруу найраг гэдэг одоо цагт айхавтар ховордоо ч юм уу. Жилдээ нэг удаа Батлан Хамгаалах яам “Эх орны цэрэг” гэж наадам зохиож байна уу даа. Ноднин нэг оролцож үзсээн.Тэгээд ч мань мэт нь энд тэндхийн найр наадам хэсээд явах зав чөлөө гарахгүй юм. Хөдөөдөө хөхөрсөн над шиг хүнд зохих, зохихгүй наадам цэнгэл, идээ будаа гэж бас байх шиг байна аа. Эх орны үнэ цэнэ, эх орончийн дуу хоолой хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдэгтэй бол санал нэг байна. Харин хий хоосон хийрхэл, хаяа хатавчаа хадарсан, хамаг юмаа харлуулсан нэхэл зүхэл зонхилоод эхэлбэл тусгүй байх. Ерөөс жинхэнэ хүний зовлон жаргал, хайр энэрэл, харуусал, гуниг энэ бүхэн чинь л эх оронч уран бүтээлчийн мөнхийн сэдэв юм биш үү. Дашзэвэгийн Сэнгээ гэдэг тэр нэрт яруу найрагчийг дайнд явж байсан гэж дуулаагүй. Дотоод яаманд хичээнгүй ч бил үү цолтой дарга явсан гэж уншиж байсан санагдах юм. Би мэдээгүй байж болно л доо.

-Алдарт Халхын гол, Буйр нуур гээд түүхт газруудад зохиолчид олонтаа очсон. Тэр бүрийд Дорнодоор дайрахдаа тантай уулзана. Дорнын талд Жамбалгарав байгаа гээд л ярилцдаг. Санжмятавын Дашдэндэв гуай, Далантайн Тарваа гуай гээд бүхий л аваргуудтай та залуугаасаа уулзаж учирч явсан. Тэр сайхан он жилүүдээ эргэж дурсахгүй юу?

-Дорнодынхон азтай хүмүүс шүү. Аугаа Ц.Дамдинсүрэнгийн уугуул нутаг, Данзангийн Нямсүрэнгийн суугуул орон зай гээд бод доо.Зохиолчид очдог юм аа.Бид чинь цагтаа Ц.Дамдинсүрэн гуайгаас захиас шүлгийг нь авч Д.Цэвэгмид ахайгаас гар бичмэл захидлыг нь гардаж явлаа шүү дээ.Саяхан гэхээр дээ.34 дэх “Болорцом”-ыг Чойбалсан хотдоо хүлээж авсан. Манай нутгийн хүүхнүүд “Болорцом”-д гоёх дээлээ Улаанбаатарын оёдол-урлангуудад захиалгаар хийлгэж өмсөцгөөсөн гэж байгаа. Ийм нутагт яруу найрагч байх гэдэг асар их жаргал шүү. Даанч нутгийн шүлэгчид нь бүгд нэгийн даваанд бүдэрцгээсэн нь нэг тиймхэн. Одоо болтол нууц-хууч нь дуусаагүй ухаарал, урам хугарал, урагш тэмүүлэх эрч хүчийг хайрласан тэр жилийн наадам бидэндээ бол шинэхнээрээ л байгаа. Тэгээд ч Янжинлхамын хөргийг хуйлаад явчихсан болохоос яруу найрагчийн минь зүрхийг суйлаад явчихсан биш. Халхын голын ялалтын 75 жилээр юм байна. П.Алтангэрэл маань дэмжиж аймаг маань даагаад “Ялалтын цом” цэрэг эх орны сэдэвт үндэсний яруу найргийн наадмыг Дорноддоо 2014 онд зохион байгуулсан.Хишиг шагнал нь ч жишиг болохоор байсан.Шалгарсан 25 найрагчийн бүтээлийг Ж.Нэргүй, О.Чинбаяр, Ш.Дугар нар орос хэлэнд хөрвүүлж орос монгол яруу найргийн түүвэр болгон хэвлүүлж ойд ирсэн орос нөхдөдөө бэлэг болгосон. Тэр наадамд Монголын өнөөгийн сор гэхээр найрагчид бараг оролцсон, айрагдсан зарим нь Халхгол, Буйрын чиглэлд амарч зугаалцгаасан юм байна шүү. Дорнодынхон бүгд л мэнд сайн байцгааж байна аа. Н.Мөнхсайхан, П.Гэрэлхүү, Б.Мөнгөнтуул, Дамдинжав, Д.Ган-Очир, Л.Хэрээ, Ц.Төртайван, С.Дашдэндэв, Д.Тарва, Б. Дашцэрэн, Г.Амар, Г.Аким, Д.Бямбаа гээд манай нутгийн гарвальтнууд уран бүтээлийн ай савд хэдэн арваараа байсан, байсаар ч буй.


-Тантай уулзаад хамгийн түрүүнд асуух хүн нь яах аргагүй Эрээнцавын Нямсүрэн. Та бол Нямсүрэнгээ мэдэхийн дээдээр мэдэж, хайрлахын дээдээр хайрласан хүн. Нямсүрэн ахын тухай энгийн гоё, нандин дурсамжуудыг та л хуваалцана даа?

-Хандмаа эгч шиг чинь хайрлана ч гэж юу байхав. Хөөрхий Хандмаа минь өнөө ч Эрээнцав нутагтаа өртөөний жижигхэн байшиндаа Нямсүрэнгийнхээ галыг нь гандаачихгүй, урланг нь сандаачихгүй гээд гань ганцаар сууж л байна. Хайрын дээд гэдэг чинь тэр л байх. Бид яахав, эр хүн шиг нөхөрлөж сайдаж муудаж, салхи шиг шилэрч, бороо шиг шивэрч явсаан. Нямсүрэн, Нэргүй, Алтангэрэл бид хэдийн харсан овоо, хажуулсан хонхорт дарсны лонх бөндийж талын салхи өндийж байсан нь нэг бус байх. Хаа нэг зорьж очиход Нямсүрэн минь ч сайхан шүү дээ. Эрээнцав өртөө, Чулуунхороот сумын омогтой, домогтой бүхэн цуглаад л… Хотын “боов” амсах гэж, хойноос орж ирэхэд нь “гаалийн хяналт”-аар илрүүлж гэхдээ л бултуулж амжсан ганц нэг юмны бөглөө мултлах гэж бөөн хөл хөөрцөг. Мань мэтийгээ магтах гэдгийг үзүүлж өгнө. Нутгийн олондоо нэр нүүртэй ч гэж юүхэв. Энүүхэндээ гэхэд өөрийгөө жаахан тоох гэж, амихандаа Нямсүрэнгээсээ хэдэн сайхан үг сонсох гэж л би мэт нь Эрээнцавыг зорьдог байсан байх аа даа. Ж.Нэргүй гавьяат, Их Хуралд байсан П.Алтангэрэл бид хэд Д.Нямсүрэнгээ бараадан Дорнодод гал залгилж шал дэрлэж галзуурах нь халаг сагаж сагсайж байсан он жилүүд зэгсэн хуучирсан нь цагийн эрх биз. Нямсүрэн минь тэнгэрт дэвшээд бараг хорин жил болчихож. Залуухан шүлэгч асан Ж.Нэргүйгээ улсдаа нэртэй дуун хөрвүүлэгч, судлаач эрдэмтний зэрэгт хүрэхийг, зартай шүлэгч болох байсан П.Алтангэрэлээ төр түшилцэн, яам тамга мэдэлцэхийг харж хайрлаж яваа би бас азтай хүн юм. Энэ дашрамд хэлэхэд, ах нь Чулуунхороот сумын эрхэм дарга нарт, УБТЗ-ын эвэртэн, туурайтангуудад Д.Нямсүрэнгийн дан цагаан байшинг нь гэр музей болгоод өгчихөөч, Г.Хандмаа гэргийг нь тэр музейн эрхлэгч гэдэг юм уу, үйлчлэгч гэхнээ ч яахав болгоод сум, төмөр зам хоёр мэдэх мэдэхээ мэдээд аваад явчихаач гэж гуйгаад л байгаа. Бүтэх байлгүй л гэж найдна.

-Мөн танаас Лам Со (Тогоонтөмөрийн Содномнамжил)-гийн тухай, Бат-Оршихын тухай, Тайван, Хүрэлчулуун гээд авьяаст билэгт сайхан залуусын тухай асуулгүй өнгөрч болохгүй нь?

-Тийм шүү. Яахын аргагүй үе тэнгийн хэдэн сайхан яруу найрагчид бие биенээ дагасан, дарвисан юм шиг л яваад өгцгөөсөн. Б.Бат Орших чинь 90-ээд оныхон дундаа тод л “од” байгаа биз дээ. Т.Содномнамжил бол бүүр өөр ангид их авьяастан, гайхамшигтай бурханлиг-уянгалаг найрагч байв шүү дээ. Манай Б.Тайван, Г.Хүрэлчулуун нарыг яруу найраг, уран бүтээлдээ ямар үнэнч, туйлбартай бичиж туурвиж явсан гэж санана. Энэ хэдийгээ алдчихаад нэг хэсэгтээ л гундсаан. Цэцэг үнэргүй, цэцлэх нь үнэгүй мэт болохыг тэр үед л нэг мэдэрсэн. Инээгээд зөрсөн бүсгүйн нүд хүртэл жаварлаад байх шиг санагдаад угаас тэнүүхэн тал нутаг минь хов хоосон харагдаад хэцүү юм билээ. Дорнод нутгийн минь араншин, тэнгэрийн таалал тийм байсан юм болов уу. Б.Бат-Орших, Т.Содномнамжил хоёр энэ Улаанбаатарын их хөл үймээн, хөөсрөл, хийсрэл дунд эвдэрч шаналсаар нутгаа бараадсан ч болов уу. Тэгээд тэгээд тэссэнгүй дээ л гэхээс.

-Хэдэн жилийн өмнө та бид хоёр манай өрөөнд нэг сайхан ярилцлага хийсэн ч би утсаа хаяад, өнөө яриа маань “будаа” болсон. Тэгэхэд та Ж.Нэргүйгээ дагуулаад ирсэн. Нэргүй ах та хоёрын үерхэл нэг л сайхан сэтгэгдэл төрүүлэх нь бий.Нэргүй ах чинь Дорнодын ус сувагт ажиллаж байсан.Та хоёрын паян дуусахгүй дээ?

-Ж.Нэргүй бид хоёр чинь Дорнодын утга зохиолын нэгдэлд 1977 оны нэг өдөр элссэн чацуутнууд байхгүй юу. Би нуруугаар өндөр, Нэргүй маань уран бүтээлээр өндөр л болохоос үе тэнгийн хоёр. Тэгээд л найзалсан. Ёстой л урт мориндоо сундалдаж уужим дээлэндээ багталцаж явсаар нэг л мэдэхэд 60 гараад 70 дөхөөд явчихаж. Чиний хэлсэн тэр ярилцлагыг үнэнээ хэлэхэд би нэлээн хүлээж харсан байх шүү. Одоо ингээд ярилцаж суухад тэр үед юу юу гэж ярьснаа бараг л мартчихаж. Лав л өнөөгийн энэ ардчилал, эрх чөлөө дахиж бидэнд олдохгүй юм шүү, нэгэнт сонгосон замдаа эргэж буцалгүй явахаас өөр гарцгүй, эх орны минь ирээдүй, үр хүүхдийн минь гэрэл гэгээтэй амьдрал бид бүхний туйлбартай, хичээнгүй, үнэнч шударга байж чадах эсэхээс л хамаарна гэж хэлж байснаа сайн санаж байна. Ах нь энэ бодлоосоо одоо ч ухраагүй ээ. Хоёр ахынхаа паянг жинхэнээсээ яриулья гэвэл чи дуу хураагуураа унтраагаад “Өдрийн сонин”-д нэг мөр ч гаргахгүй гэж ам өчгөө өгвөл болж байна. Танай сонин гэдэг чинь П.Хашчулуунаас эхлээд юм дуулгахын аргагүй “хэцүү” хүмүүсийн орон гэр гээ биз дээ. Чи ч бас нэг нь л байж таараа. Тэгэхлээр ам хэмжээтэй, адал явдал хамжааргатай нь дээр байх аа, Тийм биз хө. Зүгээр л захаас нь хэлэхэд Ж.Нэргүй тамхи шившихгүй, би архи амсахгүй гэж андгай тавилцчихаад арван жил болж байна уу даа. Хэн хэн нь хэлсэндээ хүрч чадаагүй болохоор дүндээ дүн. Нэг дээ нэг гээд хөхрөлдөж явдаг юм.

-Та ер нь Нямсүрэн, Нэргүй энэ хэдээсээ өөр утга зохиолд хэн хэнтэй ойр явж ирсэн бэ. Таны шүлэг найргийг үнэлж дүгнэж хэлсэн найрагчид гэвэл хэн байна?

-Тээр хол, тэнгэрийн хаяанд шахуу суудаг намайг гэх хүн тийм олонгүй ч бас цөөдөхгүй юм шиг ээ.Ахмадуудаас гэвэл алдар цуут Т.Галсан гуайг хүндэлж явдаг. Илүү юмгүй хэлэхийн эрдмийг энэ хүнээс сурч яваа гэж боддог. Адилхан хилчин юм гээд Б.Доржпалам найрагчтай дөрөө их нийлдэг байв даа. Ай Төмөр-Очир, Агваржин Ж.Баяржаргал, “шар” Мийгаа гээд нөхөд бас байх юм аа. Хэнтийн Биндэрт Балдансодномын Энхжаргал гээч нэг сайхан буриад бий. Цаад Баяржаргал чинь “Утга зохиол” сониндоо Жамбалгарав бол Дорнодын тэргүүн найрагч гэж цоллоод. Тэгж болдог ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй. Би лав хэрэндээ их л хөөрсөн дөг. Амьтан хүний дургүй хүргэсэн ч байх. Яадаг юм. Андын үг алт гэдэг юм чинь. М.Амархүү, Доржсэмбээ гээд нүд дүүрэн дүү нар ч олон. Амархүү намайг нэг матарласан юм байна. Одоо гарах “Хайрлахын тал” номынхоо хавтасны зургийг зуруулна даа. Лувсангийн Пүрэвдорж зохиолч ариутган шүүж байгаа юм. Энэ хүний тууж романыг нь түүж уншсаар сүүлдээ нэр зүс мэдэх болж танилцаад энэхүү эх орны эр цэрэг, эрхэм хүмүүнийг ихэд хүндлэн биширч явдаг болсон доо. Зохиолчдын хорооны М.Саруулдалай маань Дорнод нутагт их элэгтэй, бидэндээ их түшигтэй хүн юм шүү дээ. Тэгээд манай Г.Мэнд-Ооёо байна. Зүүн Монголоос тодорч буй нэг том сэхээтэн, өөрөө тодорсон “Гэгээнтэн” гэж боддог шүү.

-Сүүлд танаас уран бүтээлийн тухай асууя. Зохиолчдын эвлэлийн шагнал ямар бүтээлээрээ хүртэж байв. Сүүлд бичсэн шүлгүүдээсээ сонирхуулаач, ах минь?

-Би түрүүн хэлсэн дээ. Яруу найргийн гуравхан номтой гэж. Бичсэн шүлэг, дууль гэвэл нэлээд тоо гарах байх. Хоёр гурван найраглал бичсэн байна лээ. Сэтгүүл зүйн гэх юм уу, хэдэн ном байна. Ганцхан жүжиг бичиж Дорнодынхоо театрт тоглуулсан. Уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү. Сүүлийн үед дууны шүлэг ч бичиж үзэж байна.“Сүүдрийн од” түүвэрт орсон шүлгүүдээрээ 2011 онд Зохиолчдынхоо эвлэлийн шагналыг хүртсэн. Одоо нэг номоо эмхлээд хэвлүүлэх санаатай, жаал жуул засаж янзалсан шиг сууна. “Хайрлахын тал” гэсэн нэр базаачихаад л…Шүлэг унших, бичихээс илүүтэй бодож суухыг эрхэмлэх үе ирдэг гэж үнэн бололтой. Ганц нэг бичсэн шүлгээ гайгүй ноолж ноороглоод, ноцолдоод ч байх шиг. Чи надаар дөрвөн мөрт л хэлүүлэх гээд байна аа даа. Алдхан биендээ, эзэн байх алдаж болохгүй эрх чөлөөгөө эндүү нь үгүй эдлэхсэн гэж тэмүүлсэн, энээхэн хэдэн жилийг хэлэхээ хэлж хийхээ хийсээр яваад дуусна гэж шийдсэн, хол ойрын хүмүүсээс илүү холбирох сэтгэлийнхээ ончроог тайлахсан гэж хичээсэн, зүс зүдүү, яс ядуу өвгөн нэгэн л болж байх шиг байна. Эх орны даалгасан ачаа, эгэл нөхдийн илгээсэн итгэл, хувь, хувьсгалын тов, тохироо алинд ч бүтэн нэртэй, бүлээн төрхтэй явахсан гэж хичээх юм аа, муу ах нь. Ингэсгээд болих уу даа, дүүдээ их баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхөд

Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэпч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлджээ. Сонирхолтой нь Цагаан сарын анхны барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарч байжээ. Баянаа аварга гэхэд аймгийн начин цолтой залуу зодоглож дунд шөвөгт шалгарч, Мөөеө аваргыг заан цолгой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмыг өнгөлж барилддагийн жишгийг ийнхүү Мөөеө аварга тогтоож байсан.

Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн Цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд Цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо, найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж. Ш.Батсуурь, Д.Дамдин. Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн Сap шинийн барилдаанд Архангайн Чулуутын Т.Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Далаад оны Цагаан сарын барилдаанд Мөееө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд. Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.

Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны Сap шинээр Говь-Алтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн Цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан аж. Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан.

Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болох Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны Сap шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.

Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.Цэнд-Аюуш Архангайн Г.Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл, наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, Говь-Алтайн Ринжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай Баян-Өлгийн Одмойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун нарын хүчтэй начингууд (одоогийн харцага) ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэх нь мэдээж.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга cap шинийн барилдаанд түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Наян нэгэн оны Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Адуучийн Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой ид байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барим тавим хэлдэг юм. Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинтай тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны Сap шинийн барилдаанд Хадаа аварга дараалан түрүүлсэн юм. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтоггох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлсэн юм. Наян таван оны Сap шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Co арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны Сap шинийн барилдaанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү начин цолтой түрүүлснээс хойш Сap шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунах бүрдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн Цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: Уул уурхайг нь үзэн ядуулах сэтгэлгээ ард түмнийг баялаггүй, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Дамжингийн Дамбатай ярилцлаа.


-Богд хаант засгийн үед манайх уул уурхайн хуультай байжээ. Ер нь хуучин нийгмийн хууль бодлогын талаасаа сайн байсан гэдэг. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн бодлогын стратеги зүгээр нэг уриа тунхагийн шинжтэй болсон гэх шүүмжлэл бий. Яриагаа эндээс эхлэх үү?

-Манай уул уурхайн салбарын үүсэл хөгжил 98 жилтэйгээ золгож байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол 100 гаруй жил болж байна. Тэрхүү зуу гаруй жилийн хугацаанд боломжийн гэж хэлж болохоор бодлоготой явж ирсэн байдаг. Өөрийн тань хэлж байгаа үнэн л дээ. Богд хааант засгийн үед буюу 1910 онд уул уурхайн тухай хуулийг боловсруулаад 1913 онд баталсан байдаг. Тухайн үед гадны хөрөнгө оруулалттай компани Монголд орж ирж алт олборлож байсан. Засаг төр энэ чиглэлийн баримтлах хуультай байхгүй бол болохгүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон байна. Тэр үеийн уул уурхайн хуулийг судлаачид сайн гэж үнэлдэг. 1921 оноос хойш ардын хувьсгалын жилүүдэд мөн тодорхой бодлоготой явж ирсэн. Нам засгийн гол зорилго чиглэлдээ тусгаж, зөвлөлтийн тусламжтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байлаа.

Тэр үеийн социалист орнууд болох Герман, Польш, Унгар, Чех, Болгартай хамтарсан экспедиц компаниуд байв. Тэр байтугай олон улсын геологийн экспедиц гэж хүртэл байлаа. Эл бүхний хүчинд Монгол Улсын уул уурхайн хөгжлийн суурь сайн тавигдаж, судалгаа шинжилгээний ажил ч мэргэжлийн дагуу хийгдсэн. Үр дүнд нь одоогийн Эрдэнэт, Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Бэрх, Бор-Өндөр, Бороо бий болсон. Харин ерэн оноос хойш зах зээлийн үед уг бодлого алдагдсан.

Уул нь манайх чинь 1994 онд Ашигт малтмалын хуультай болсон. Дараа нь 1997 онд уул уурхай хөгжсөн Австрали, Канад, Америкийн хуулиудыг судалж байж Ашигт малтмалын хуулиа олон улсын жишигт нийцүүлж гаргасан. Үүний үр дүнд уул уурхайн баялаг, ялангуяа ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимтэй явуулсан. Лиценз олголтын замбараагүй байдал, төрд алба хашиж байсан хүмүүс албан тушаалаа ашиглан зарим ордыг авсан зэрэг асуудлууд байсан л даа. Өргөн хүрээгээр нь аваад үзэхээр 1997 оноос Монгол орны эрдэс баялгийн салбарыг либералчилсан юм. Ингэж гадны хөрөнгө оруулалтыг татах бололцоо нээгдсэн, маш том хөрөнгө оруулалт орж ирсэн. Бодит жишээ Оюу толгой байна. 2008 оноос уул уурхайн салбар бохирдож эхэлсэн.

-Улс төр орсон гэж та хэлэх гээд байнаа даа?

-Тийм ээ, уул уурхайн салбар руу улс төр орж эхэлсэн. Энэ бол маш том алдаа байсан. Одоо хүртэл энэ алдаанаас гарч чадахгүй байна. Өнөөдөр улстөрчдийн ганц ярьдаг юм нь ерөөсөө уул уурхай. Их хуралд уул уурхай мэдэхгүй, ярихгүй хүн гэж бараг байхгүй. Захын авгай уул уурхай яриад давхиад байдаг болсон. Үнэн чанартаа уул уурхай гэдэг өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Захын нэг авгай уул уурхай яриад сууж байхыг хараад энэ салбарт амь амьдралаа зориулсан, сургууль номыг нь үзэж эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүст доромж мэт санагддаг. Улстөрчдөөс гадна иргэний хөдөлгөөнүүд гэж бүхэл бүтэн арми гарч ирсэн. Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмтэй улс оронд байх ёстой асуудал мөн л дөө, гэхдээ арай дэндэж зах замбараагаа алдсан. Иргэний хөдөлгөөнийг ашиглаж уул уурхайг дарамтлан хялбар аргаар мөнгө олдог ийм ноцтой байдал бий болсон. Популизм бүр дэндээд үүнийг нь улстөрчид ашиглаад, ард иргэдийн толгойг эргүүлээд уул уурхайг муухайгаар харагдуулдаг болсон. Дээр нь хувиараа гар аргаар ашигт малтмал олборлогчид гарч ирснийг бид мэднэ. Малаа зуд турханд барсан өөрийн гэх өмч хөрөнгөгүй нөхөд газрын баялаг руу ямар ч хууль дүрэмгүйгээр шууд улайран дайрсан. Энэ бүхэн уул уурхайд маш сөргөөр нөлөөлж өнөөгийн ийм нийгэм бий болох үндэс суурь тавигдсан. Нөгөө талаар уул уурхайн баялгийг ард түмэнд хүртээх ажил асуудал дагуулсан. Уурхайн нөөц ашигласны төлбөр гэж хамгийн том татвар байдаг. Борлуулалтын орлогоос хураадаг татвар. Манайхан АМНАТ(Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) гэж хэлээд байгаа. Үүнийг хуульчлаад аливаа ордын нөөц ашигласны төлбөр цөм улсын мэдэлд орчихож байгаа. Гэтэл тухайн орд газраа эзэмшүүлж байгаа сум багийн иргэдэд энэ төлбөр нөлөөлж чадахаа больсон. Улсын төсөвт суугаад иргэдийн амьдралд цаагуураа нөлөөлж байгаа л даа. Яг хувь хүмүүст гар дээр нь ирэх нөлөөлөл байхгүй. Бороогийн алтны уурхайг улсын үйлдвэрийн газар байхад би дарга нь байсан. Тэгэхэд хууль өөр байсан. АМНАТ-ийг орон нутагтаа төлдөг байсан. Уул уурхайтай орон нутгийн ард иргэдэд ач тусаа өгч, өдөр тутмынх нь амьдралд шууд мэдрэгддэг байсан. Түүнээ дагаад уул уурхай нэр хүндтэй байсан. 1997 оноос улсад авдаг болсноор эсэргүүцэлтэй тулгарсан. Ийм л олон хүчин зүйл нөлөөлсөн.

-Ашигт малтмалын хуулинд бол тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг орон нутаг, 50 хувийг улсын төсөвт оруулдаг заалт бий дээ?

-Байлгүй яахав. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орон нутгийн 50 хувийн 30 нь аймагт, 20 нь суманд гэж хуваарилагддаг. Нөөц ашигласны төлбөрийн 10 хувь нь суманд, 20 хувь аймагт 70 хувь нь улсын төсөвт орно гэж байдаг. Гэвч Сангийн яам, татварын газар тэр хуулийг заалтынх нь дагуу явуулаагүй, хуулиа бариагүй гэсэн үг. Үүнээс болоод орон нутгийн иргэд уул уурхай бидэнд хэрэггүй, байгаль дэлхийг ухаж сүйтгэлээ гээд байдаг. Энэ бүгдийг зохицуулсан механизм өнөөдөр үгүйлэгдэж байна. Би дээр хэлсэн, 2000-аад оноос эхлээд улстөрчид уул уурхайн салбар руу амттай чихэрлэг юманд дурладаг ялаа шиг шавсан. Хаана мөнгө байна тэр рүү савраа дүрж эхэлсэн. Нутгийн ард иргэдийг турхирах, ардын баатар болж харагдах сонирхол ч байсан. Үүний тод жишээ 2009 онд гэнэтхэн нэг өдөр гаргаж ирсэн гэнэтийн ашгийн татвар байна. Уул уурхайн салбарыг ялангуяа алтны салбарын амийг нь боомилсон хууль. Тэр хуулийг баталж байдаг Их хурлын гишүүд мөн ч харалган амьтад. Борлуулалтын 68 хувийг нь шууд авчихаар тэр компани яаж ажиллах юм, ямар ашиг гарах юм. 2009 онд бас Урт нэртэй хууль гээч гарч ирсэн. Бас хэсэг нөхдүүд санаачилж, иргэний хөдөлгөөнийхний шахалтаар тэр хуулийг баталсан. Уул уурхайнхнаас ямар ч санал авалгүйгээр батлаад гаргачихсан. Аливаа хууль журмыг гаргахад тухайн салбарынх нь эрдэмтэн судлаачдаас санал авах учиртай. Тийм хүмүүсээс санал авалгүйгээр хөндлөнгийн хүмүүс санаачилж батална гэдэг утгагүй. Ингэж самарсан байхгүй юу. Алтны салбар тэгээд зогссон. Яг нарийндаа алтны салбар бол Монголыг элгээрээ хэвтчихсэн, алт дилерийн хэргээс болоод банк нь хоосорчихсон, монгол төгрөгийн ханш байхгүй болчихсон үед Алт хөтөлбөр Монголыг босгож ирсэн юм. Алт хөтөлбөр хэрэгжиж, Ашигт малтмалын тухай хууль гарч Монголын эдийн засаг сэргэсэн. Алт олборлолтоо өсгөж бүр 24, 25 тонн алт олборлож байлаа. Монголын дайснуудыг гаднаас хайх хэрэггүй. Манайхан гадны хүмүүсийг дайсан ялангуяа урд хөршийгөө дайсан мэт үздэг. Яг ачир дээрээ дайснууд дэргэд минь байна. Тэд бүр мандан бадраад явж байна.

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан хүний нэг нь та. Энэхүү бодлогын хууль батлагдсанаар уул уурхай маш өөр болно гэж олон түмэн итгэж байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа байна, ямар учиртай юм бэ?

-Уул уурхайн салбар ямар ч бодлогогүй явж ирлээ. Социализмын үеийн бодлого өнөөгийн ардчилсан нийгэмд хэрэгжих боломжгүй боллоо гээд энэ салбарын хэсэг нөхдүүд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гэдгийг боловсруулсан. Үүнд мэдээж би оролцсон. Маш олон удаа хуралдаж зөвлөлдсөн. Их хурлын ажлын хэсэг, түүний дэргэд дэд ажлын хэсэг ч байгуулагдаж ажилласны үр дүнд Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн хуулийг батлуулсан. Ингэж бодлоготой болсон ухаантай. Харин бидний анх явуулсан төсөл Их хурал дээр очоод байнгын хороодын хуралдаанаар ороод бараг 50 хувь өөрчлөгдсөн. Ёстой баллах шахсан. “Ийм хууль гарснаас гараагүй нь дээр” гэж хүртэл ярилцсан. Гэвч бандан тас гээд баталчихсан.

-Оюу толгойн зургаан тэрбум доллар орж ирэх үед Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч түүхэн амжилт тогтоож байсан. Оюу толгойн хөрөнгө оруулалт зогссоноор эдийн засаг 0 заасан. Гэтэл цаашдын хувь заяа нь улам бүрхэг болоод байх юм?

-Рио тинто гэдэг дэлхийн том компани хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байхад зарим нөхөд эхнээс нь эсэргүүцсэн. Тэр хүмүүсийг би гайхдаг. Өөрсдөө бол ганц хадаас ч хийж чаддагүй шүү дээ. Гадныхан юм хийх гэхээр хийлгэдэггүй, Монголын эсрэг зогсдог. Оюу толгой төслийг анх эхэлж байхад баярлаж байсан. Улстөрчид хутгалдсанаас хувь заяа нь бүрхэг болсон. Ер нь анхнаасаа буруу гэрээ хийсэн гэж би боддог. Миний бодож байгаагаар Оюу толгойн ордоос 34 хувь эзэмшинэ гэдэг алдаатай бодлого байсан. Түүнд оруулах мөнгө Монголд байхгүй байв, одоо ч байхгүй. 34 хувьд ногдох мөнгийг Рио тинтогоос нь зээлээд хувь эзэмшигч болсон. Үүнээс болоод гэрээ муу болсон. Тухайн үед хувь эзэмших шаардлагагүй байсан юм. 100 хувь тэр компанидаа байг л дээ. Гагцхүү манайх авдаг татвараа өндөр тавих байсан. 15-20 хувь ч юм уу. Бид өнөөдөр Оюу толгойн ихэнх хувийг эзэмшинэ гээд ярьж байна. Хэрвээ жаран хэдэн хувийг нь эзэмшинэ гэвэл тэр компанид ямар ашигтай юм. Үүний төлөө Рио тинто Монголд хөрөнгө оруулалт хийсэн байх уу. Хамаг хөрөнгөө гаргаж үйлдвэрийг нь барьчихаад ихэнхийг нь улсад нь өгчихөөр юу болохов. Энэ чинь бизнес болохоос буяны байгууллага биш. Бид бол үнэндээ санааны зоргоороо ярьдаг. Олон улсын бизнес хөрөнгө оруулалт гэдэг бидний бодсон шиг биш. Би олон оронд очиж уул уурхайн үйлдвэртэй танилцаж байсан. Оюу толгойн үйлдвэр дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологитой. Би ТЭЗҮ-ийг нь үзэж байсан, ТЭЗҮ нь батлагдахад эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн байсан. Оюу толгой орж ирснээр Монголын эдийн засаг 17 хувьд хүрсэн нь үнэн. Өнөөдөр яагаад бахь байдгаараа байна вэ.

-Та жишээ хэлээч …?

-Оюу толгойг ашиглалтад орохоос өмнө Таван толгойн цахилгаан станц барина гэж ярьсан. Гэтэл өнөө хүртэл ашиглалтад ороогүй. Оюу толгой Хятадаас цахилгаанаа авсан хэвээр байна. Энэ бол төрийн бодлогогүй явж байгаагийн илрэл. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого гэдэг чинь хаана байна. Хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Мөн тавдугаар цахилгаан станц гэж нэг үлгэр домог байна. Миний мэдэхийн 16 жил ярьж байна. Монголын төрд байгаа хэдэн хүн зөвхөн өөрийн эрх ашгийг боддог. Ард түмний төлөө юм хийе, Монголд юм бүтээчихье гэж бодож байгаа хүн алга, үүнд харамсаад цөхөрч гүйцлээ.

Миний бие Хатуу хог хаягдлын холбоо гээд ТББ-д байдаг юм. Тэрхүү хог хаягдлын холбооны чиглэлээр Азийн хөгжлийн банк хэдэн жилийн өмнө “Танай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулж өгье” гэж санал тавьсан. Бид саналыг баяртайгаар хүлээж аваад тэр үеийн хотын удирдлагууд, төр засгийнхантай уулзуултал “Надад юу оногдохын” гээд гадныхныг үргээсэн талтай. Өөрт нь ашиггүй л бол ямар ч сайхан юмыг дэмждэггүй. Ийм байхад Монгол яаж хөгжих юм бэ. Нэгэнт Оюу толгойн тухай ярьсан дээр нэг зүйлийн нэмээд хэлье. Дубайн гэрээ тойрсон асуудал сүүлийн хичнээн жил яригдав. Би тэр гэрээг нь үзээгүй. Далд уурхайг хөдөлгөх гэрээ гэдэг нь мэдээж. Далд уурхайг хөдөлгөхгүйгээр Оюу толгойг ашиглах тухай бодохын ч хэрэггүй. Үүнийг хөдөлгөхийн төлөө ажилласан хүмүүс өнөөдөр буруутан болоод байна. Гарцаа байхгүй хийх ёстой ажил байсан. Аль болох хурдан хугацаанд далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Нийт ордынх нь нөөцийн бараг 80-90 хувь нь газрын гүнд далд уурхайд байгаа. Түүний хүдрийн нөөц, агуулгад тулгуурлаж үйлдвэр барьсан учраас одоогийн ил уурхайн хүдрийн агуулгаар энэ уурхай доголдолтой ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-Монголын Засгийн газар хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг нэг жилээр хориглосон. Эдийн засгийн хувьд амиа хорлолт гэж манай сонин бичсэн?

-Монголын ирээдүйг шууд зогсоож байна. Монгол Улс ирээдүй рүүгээ галт тэргээр давхиж явахад аваарын крант гээд улаан юмыг татаад галт тэргийг зогсоодог, яг түүн шиг аймшигтайгаар зогсоож байна. Өнөөдөр Монголд 400-гаад том, жижиг уул уурхайн компани ажиллаж, ямар нэгэн хэмжээгээр олборлолт явуулж байна. Нөхөн сэргээгддэггүй баялаг учраас олборлолт явагдана гэдэг тэр хэмжээгээр баялаг багасна гэсэн үг. Үндсэндээ хорогдож байгаа гэсэн үг л дээ. Тэр хорогдлыг өөр шинэ орд нээснээр нөхдөг юм. Өөр орд шинээр нээх боломжийг хаачихаар Монголын баялаг яах уу. Уг шийдвэр бол улстөрчид ард түмэнд сайн хүн болж харагдахын тулд өнөөгийн попорсон үед хэрэглэж байгаа арчаагүй арга. Сонгуульд зориулж хийж байгаа зүйл. Сонгууль болдгоороо л болно. Харин ирээдүйд Монголын баялгийг өсгөхөд лав л нэг жилээр саад хийж байна. Ер нь хайгуулын ажлыг зогсоож болдоггүй юм. Энэ тал дээр сэтгүүлчид бас буруу ойлголт өгдөг тал бий. Юмыг хэтрүүлнэ шүү дээ. “Монголчууд ханаа шийрлэх зайгүй лицензээр бүрхэгдсэн байна” гэж нэг сэтгүүлд бичсэн байдаг. Үүн шиг худлаа юм байхгүй. Энэ бол уран зохиолын уянгын халил байхгүй юу. Монголын нийт нутгийн ердөө хоёрхон хувьд нь хайгуулын лиценз, нэг хүрэхгүй хувьд нь ашиглалтын лиценз байгаа. Монгол Улсын нийт нутгийн 98 хувь ямар ч хайгуул хийгдээгүй онгон дагшнаараа байна. Хайгуулыг хийх ёстой, бид юутайгаа мэдэх ёстой. Айл гэрийн эзэн авдрандаа юу байгаагаа мэдэж байж хүнтэй ярина. Авдрандаа юу ч үгүй, банкинд ганц ч төгрөггүй байж хүнтэй яаж наймаа ярьж, яаж хамтарч ажиллах юм бэ. Тэгэхээр хайгуулын ажлыг зогсооно гэдэг Монголын эсрэг хийж байгаа айхавтар том нүгэл. Ер нь бид сүүлийн үед бүх муу муухай юмыг уул уурхай руу чихдэг болсон.

-Олон жил ийм бодлого явлаа?

-Уул уурхайг нь үзэн ядуулах энэ сэтгэлгээ бол ард түмнийг баялаггүй болгох, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ. Өнөөдөр монголчуудад малын түүхий эд нь ямар ч үнэгүй байна. Хонины нэхий, адууны шир нь жалгаар нэг хөглөрч байна. Яг үүн шиг уул уурхайг нь үнэгүй болгох бодлого яваад байна. Монголынхоо баялгийг ард түмэн хүртэх ёстой. Хүртэхдээ татварын журмаар, мөн баялгаас олсон ашиг орлогоноос татвар хураагаад тэр татвараар ард түмэндээ сайн сайхан юм хийж, боловсролдоо оюуны хөрөнгө оруулалт хийх замаар хүртэх учиртай. Уул уурхайгаас олсон орлогоор “Баялгийн сан” байгуулж түүнийгээ улс орныхоо хөгжилд зориулах нь зөв. Ер нь бусад улс орнуудад баялгийн сан гэж байдаг. Дөнгөж саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегид айлчилж баялгийн сангийн талаар туршлага судалж яваа нь зөв алхам санагдсан. Харин баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг эрх баригч намын нөхөд сонгуульд зориулаад ямар ч үр дүнгүй поп маягаар зарцуулбал утгагүй зүйл болно.

Бидэнд өнөөдөр нүүрс нэлээд голлож байна, дараа нь зэс орж байгаа. Энэ хоёр л голлож Монголын экспортын орлогыг бүрдүүлж байна. Гэтэл манайд үүнээс илүү үр ашиг өгөх үнэтэй, харьцангуй овор багатай ашигт малтмал байгаа. Тэр бол газрын ховор элемент. Газрын ховор элемент дэлхий дээр тийм ч элбэг биш. Энэ баялгийг бид ашиглах ёстой. Өмнөговийн “Мушгиа худаг”, Дорноговийн “Лугийн гол”, Ховдын “Халзан бүргэдэй”гэх хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон лав гурван орд Монголд байна. Үүнийг гаргаж ирэх цаг нь болсон. Газрын ховор элемент орчин үеийн электрон техникт асар өндөр хэрэглээтэй ашигт малтмал. Нэг кг нь хэдэн арван тонн нүүрсний үнэтэй тэнцэнэ. Гар утас, компьютерийн гол түүхий эд чинь газрын ховор элемент. Үүнийг манайд хэлж ярьдаг хүн алга байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ой, түүх, Скайтел ба бусад…

НЭГ. ОЙ БА ДАРГА

-Ой тэмдэглэж мөнгө үрж байна. Хайран мөнгөөр наадаад дууслаа, оронд нь эмнэлэг сургууль барьсан бол аштай юу гэсэн зэмлэл, халаглал их дуулддаг. Гол төлөв дарга нар, ялангуяа орон нутгийн удирдагч нарын нэр дээр их яригддаг сэдэв.

Хэрэг дээрээ, дарга нар нь л уйдсандаа найрлаад явна уу гэхээр үгүй юм. “Чукча не дурак”(Чукча тэнэг биш ээ гэсэн орос хэллэг. Тэд бол умард хөршийн онигооны бай болсон бага ястан. Онигоонд “Чукча бид тэнэг биш ээ” гэж байгаад л балайтаж байгаагаар гардаг) гэлээ гэгчээр, “дарга аа не чукча” (Дарга маань Чукча биш) тул олондоо үнэлэгдэж, суудлаа бататгахыг бодно доо.

Учир нь олон түмэн эмнэлэг сургууль байгуулсан дарга нарыг биш, харин наадам сайхан хийсэн удирдагчаа өндөр үнэлдэгт байгаа юм. Наадмаа тааруу хийсэн бол, түрүү морь бөхийн бай шагнал тааруу байсан бол даргын нэр хүнд хийсээд өнгөрөөд өгнө. Сумаа хөгжүүлсэн, малаа өсгөсөн байгаад ч нэмэргүй. Иймээс “Сумын дарга мөрийн хөтөлбөрөө хэр биелүүлж байгаа нь наадам хийхэд мэдэгдэнэ” гэсэн дүрэмтэй.

Орон нутгийн удирдагчид “ямар нэгэн түүхт, тэгш ой таараасай. Өөрийгөө нэг харуулах юмсан” гэдэг эрмэлзэлтэй байдаг. Ямар ч хүн, тэр байтугай бөхчин хүн хүртэл нэг дарга болоод үзчихвэл тэрнээсээ сална аа нэг байхгүй болчихдог хорвоо юм хойно. Ингээд ямар ч дарга, хичнээн ажил хэрэгч нөхөр байсан ч хамаагүй, олон түмэндээ наадмыг нь сайхан хийгээд өгчих юмсан гэж чармайдаг. Наадам сайхан хийснийг илчлэх стадион, угталтын хаалга нь сайн даргын гэрч болон үлдэнэ. Зарим сум нэг чиглэлийн зам дээр хоёр ч “Триумфын арк”-тай байгаа нь хоёр өөр дарга дээр тохиосон түүхт ойг гэрчлэх бөлгөө.

Үнэн хэрэгтээ, дарга нар нь ч цөмөөрөө наадамдаа дуртай биш. Наадам юм чинь хандив цуглуулж л таарна. Эцэст нь “Манай дарга нар хандиваас хуссан” гэдэг хар заавал үлддэг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр завшдаг нь ч байдаг биз. Завшдаггүй нь ч байдаг биз.

Бие биеэсээ хол амьдардаг нүүдэлчин хүн найр наадамд бийлэгжүү, ганган оролцох замаар өөрийгөө илэрхийлж, чансаагаа тодорхойлж ирсний л үлдэнгэр юм даа. Өөрийг нь басамжилсан нэгэнд хандсан гэх “Намайг Майдар эргэхэд ямар байхыг хараарай, чи” гэж хуучны үг байдаг нь ч үүний гэрч юм.

Аймаг, сумандаа эмнэлэг, сургууль цэцэрлэг байгуулахын оронд, сайхан наадахыг эрхэмлэдэг дарга нар олноороо төрсний учир ч энд буй. Ялангуяа орон нутгийн “ойсог”, “наадамсаг” хандлагын буруу нь зөвхөн удирдлагад нь ч байгаа юм биш. Гэвч “чукча не дурак- даргаа не чукча” болохоор олны сонирхол дээр нь өөртөө ашигтай тоглолтыг удирдлагууд нь хийдэг болсон нь ч нууц биш.

Байгууллага компаниуд ч өөрийн ойгоороо стадион, нэрэмжит хаалга бариулахгүй ч гэсэн бас “монголлог” байдлаар хандана. Зарим газар, ажилтнуудынхаа баахан зургийг альбом болгон хэвлээд зочдодоо тараах юм. Гэтэл тэр нь хөндлөнгийн хүмүүст ер сонин биш. Өгсөн хүний сэтгэлийг бодоод тэнд нь орхилгүй тэврээд гарах боловч шүүгээнийхээ алс буланд тавиад мартах нь энүүхэнд.

За тэгвэл яах вэ?

Ер нь бол ой муухай, наадам онцгүй гэж хэлэх гээгүй юм шүү. Наадам сайхаан. Наадаж хөөрсөн монголчуудынхаа дунд орж бужигнах ч сайхан. Ойгоороо хүнд өгөх юмтай байх ч сайхан, хүндэтгэл хүлээж бэлэг авах ч гоё.

Дуртай юмаа хуулийн хүрээнд хийж, хүссэнээрээ амьдрах нь ямар ч үндэстний эрх, сонирхол. Өнөөдөр бид наадам ойгоо мөнгө үржүүлэх арга(мэдээж, хандив завших замаар биш), бэлэг дурсгалаа бизнесийн орчил болгох тал дээр эргэлт хиймээр байгаа юм. Ой тэмдэглэсэн сум далимдуулаад бөөн мөнгө босгодог(хандив цуглуулах замаар биш), иргэд нь бизнесээ цэцэглүүлээд үлддэг болох тал руу чиглэсэн менежмэнт хайх цаг иржээ.

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад, хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд халтирам холио хийхдээ тулна.

Наадам, ойн менежмэнтийг шинэчлэх нь орон нутгийн иргэдийн ч, удирдлагын ч хүсэн хүлээсэн алхам болоод байгаа нь эндээс харагдана.

Алхмууд ч гараад эхэлсэн юм.

ХОЁР. НОМ БА СКАЙТЕЛ

Өнгөрсөн жил манай Скайтел группийн 20 жилийн ой тохиолоо. Тодорхой нэг өдөр ой тэмдэглээд орхихын оронд тэр оноо “ойн жил” болгон сурталчилгаа хийж, менежмэнтээ шинэчилдэг болсон нь манайдаа бас л шинэ үзэгдэл. Скайтелийнхэн ч ойгоо ингэж тэмдэглэлээ.

Харин ойгоо тохиолдуулан өөрийн бүтээсэн түүхээ тодорхой хэмжээнд бичиж үлдээдэг уламжлалыг бид хамтдаа баахан шинэчилсэн юм. Хувийн түүхийнхээ оронд салбарынхаа түүхийг бүтээж, бүх нийтийн хэрэгцээнд түгээдэг, ингэхдээ орчин үеийн ном хэвлэлийн стандарт, түүх бичлэгийн жишгээр бичиж, дэглэдэг туршлага ч манайд гараад байна.

Скайтел группийн 20 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Монголын харилцаа холбоо: Түүхийн альманах.National geographic. НЭПКО. 2019” хэмээх шинэ бүтээл уншигчдын гар дээр очлоо.

Скайтел группийн санаачилгаар бүтээсэн энэ номд манай харилцаа холбооны бүхий л салбар, түүний дотор ижил бизнесээр өрсөлддөг Мобиком, Юнитель болон бусад операторууд найрсгаар хамтран оролцож, өөрийн түүх, мэдээллээ хуваалцсан бөлгөө.

Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн маань ч энэ бүтээлийн сэдвийг улам өргөжүүлж, монголчуудын санаачилсан өртөө хэмээх холбоо харилцааны универсал системээс эхлээд дэлхий дахин шуудан, телеграф үүссэн түүхийг багтаасан өргөн агуулгатай болгосон байна.

Энэ номоос Монголын хээр талд анх боссон утсан холбооны шонгоос эхлээд өнөөдөр орон даяар сүлжсэн өндөр хурдны шилэн кабелийг хүртэлх дотоодын харилцаа холбооны түүхийг бас харж болно. Улмаар Монголд болон дэлхий дахинд радио нэвтрүүлэг, телевизийн үзвэр хэрхэн үүсч хөгжсөн түүх ч бас багтлаа.

Номыг Америкийн “Nation­al geographic”-ийн “Түүхийн альманах” номын зохиогчийн эрхийн хүрээнд Монголын НЭПКО хэвлэлийн газартай хамтран бүтээсэн учраас дизайн, дэглэлт ба зохиомж нь уншихад хялбар, ойлгоход энгийн, тогтооход амархан байдлаар бүтээгдлээ.

Сэдэв бүрийг баримт гэрэл зургаар баяжуулж, зарим газарт шууд холбогдохгүй боловч үндсэн ойлголтыг баяжуулах зорилготой тэмдэглэл, эшлэл хавсаргав.

Өнөөгийн уншигчид нэлийсэн ганц сэдэв, нэгээс цөөн гарчигтай хос нүүр, зураг тайлбараар баяжуулаагүй хуудасыг унших дургүй болсноос үүдэн орчин цагийн ном бүтээх урлагт томоохон өөрчлөлт гарсан юм.

Түүнчлэн шинэ зууны завгүй уншигчид нэг дор бүтэн том ном дуусгах боломжоор хомс болжээ. Ялангуяа түүх, танин мэдэхүйн номыг дуртай хэсгээсээ эхлэн уншиж болохоос гадна, зөвхөн тайлбартай зургуудаар дамжуулан товч танилцаж амжихаар дэглэдэг туршлага ч эндээс урган гарсан. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн шилдэг жишээ бол National geographic-НЭПКО-гийн түүхийн альманах цувралууд бөлгөө.

Бидний хамтран бүтээсэн “Монголын харилцаа холбоо: түүхэн альманах” ном нь салбарын түүхийг бүтээсэн хүмүүс сонирхон судлаачидаас гадна энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын гарын авлага, өргөн олны түүх-танин мэдэхүйн цангааг тайлах өвөрмөц бүтээл болсон юм.

Тийм учраас, Скайтел группийнхэн ойгоороо зочиндоо өгөхөд ямар ч байсан аваачаад далд хийгээд мартахгүй түүхээ бүтээчихлээ. Улмаар, номын худалдааны сүлжээгээр борлуулж эхэлсэн энэ бүтээл уншигчдын сонирхлыг татсан цувралын тоонд яах аргагүй орж байна. Гайхмаар ашиг гарахгүй ч гэсэн “ой бол олсноо цацдаг ёслол” гэдэг ойлголтыг өөрчилж байна. Улмаар тэмдэглэлт үйл явдлаараа дамжуулан улс үндэстнийхээ түүхийг бүтээлцэх сайхан боломж гарлаа. Гуравт, хамт олон болон хүндэт зочиндоо барихад “талууд сэтгэл ханамжтай” байх номын бэлэг дурсгалтай болоод авч байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд, Монголын түүхийн альманах цуврал нь манай орны бүх салбарын намтар шастирыг багтаасан нэгэн том цогц бүтээл юм. Улс төр, соёл, эдийн засаг, банк санхүүгийн салбарын альманах нэгэнт гарсан. Санхүү эдийн засгийн дээд сургууль, MCS групп зэрэг олон байгууллагын “өөрийн түүхийг багтаасан үндэсний түүх” бүтээх санаачилгаар эдгээрийн нэлээд нь уншигчдад хүрч байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын зөвлөх багш, клиник профессор, газарзүйн сургагч багш Чойжилжавын Батнямын тухай өгүүлэхэд

Монголын газарзүйн боловсролд Чойжилжавын Батням багш мөнчиг их хөрөнгө оруулалт хийсэн дээ. Багшийн арми гэдэг үнэндээ том. Гэвч энэхүү армид нэгэн багшийн гавьяа юугаар ч хэмжээлшгүй гэдгийг Батням багш өөрийн биеэр үлгэрлэж, Монгол Улсын газарзүйн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн, багш нарыг төрүүллээ гэх бахархлын үгс өнөө цагийн нэртэй эрдэмтдийн амнаас олонтаа дуулдах болсон. Батням багшийн алдар суу эрхэм дээд мэргэд, ачлалт багш нарын эгнээнд дуурсан мандаж эхэлсэн билээ. Батням гэж нүүр дүүрэн инээмсэглэсэн, дотоод сэтгэлээсээ гэрэл гэгээ цацруулсан багштай уулзаж, гуч шахам жил босгыг нь элээсэн сургуульд нь хамт зочилж, халуун амьдралаа шингээсэн газарзүйн кабинетаар нь орж, хүүхэд шуугьсан өргөөнд бахархам түүхээс нь хуваалцсан юм.

Тэрээр бүх нийтийн газарзүйн боловсролын төлөө, хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, байгаль орчин, экологийн боловсрол олгох, газарзүйн мэргэжлийн багш нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг 10 гаруй жил удирдсан нэгэн. Газарзүйн мэргэжлийн багш нарт тусгайлсан олон арван гарын авлага, ном товхимол зэргийг хэвлүүлсэн. Мөн 10, 11 дүгээр ангийн сурагчдын гол хичээл болох Байгалийн ухааны сурах бичгийг зохион, газарзүйн олон сурах бичгийн экспертээр ажиллаж, элсэлтийн ерөнхий шалгалтын материал боловсруулж, газарзүйн хичээлээ телевизээр олон нийтэд заан таниулж түүчээлэн манлайлж ирсэн. Эрдэмтэн докторууд л газар зүйн сурах бичиг зохиож элсэлтийн шалгалтын материал боловсруулж оюуныхаа бяр тэнхээг сорьдог. Гэвч дунд сургуулийн энгийн нэг багш эл бүгдийг хийж, олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж, боловсролын байгууллага, сургуулийн хамт олон, шавь нарынхаа өмнө бардам байж, газарзүйн хичээлд өөрийн тогтоосон өндөрлөгтөө байсаар ирсэн юм.

Түүний амжилт бүтээлийг олон зүйлээр бататгаж болно. Ганц жишээ дурдахад, Нийслэлийн боловсролын газраас Ч.Батням багшийн нэрэмжит нийслэлийн газарзүйн багш нарын олимпиадыг 2008, 2009, 2010 онуудад зохион явуулсан байна. Энэ тухайгаа тэрээр ийн дурав. “2006 онд Нийслэлийн боловсролын газраас хоёр мэргэжилтэн ирж манай сургуулийн захиралтай уулзаад, миний нэрэмжит олимпиадыг нийслэлийн багш нарын дунд зохион явуулахаа мэдэгдсэн. Надад мөн дуулгасан. Миний хувьд маш их баярласан нь мэдээж.Багш нарын дунд өмнө нь олимпиад болдог байлаа. 20 гаруй багш оролцдог байсан. Тэгтэл миний нэрэмжит олимпиадад эхний жилд 50, дараагийн жилд 80 орчим багш оролцож авьяас билэг, оюун ухаанаа уралдуулсан. Нийслэлийн хэмжээнд тухайн үед 120 орчим газарзүйн багш байдаг байлаа. Түүнээс 80 нь оролцоно гэдэг мэргэжил нэгт нөхөд минь, олон арван шавь нар минь надад ихэд хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл биз ээ.

Мөн тэрхүү олимпиадын үеэр “Нийслэлийн хүндэт багш” гэсэн өргөмжлөл хүртээснийг мартамгүй” хэмээн баяр бахдалтайгаар өгүүлсэн. Батням багш газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийнхаа нэрийн хуудас болж яваа гавьяатан. Үүнийх нь нэгэн том баталгаа бол Монгол Улсын зөвлөх багш гэсэн цол хүндэтгэл юм. Алтайн их уулс, Шаргын говиос тодорсон алаг нүдэн охин “Газарзүйн багш л болноо, ямар гоё мэргэжил вэ” гэж бодсон багын мөрөөдлөө биелүүлж 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газарзүйн ангийг эчнээгээр зургаан жилийн хугацаатай дүүргэснээс өдийг хүртэл түм буман шавь нарынхаа итгэл хүндэтгэлийг хүлээсээр явна. Боловсрлын байгууллагад 46 жил ажиллаж Монгол Улсын зөвлөх багш хэмээх эрхэм алдрыг хүртэхийн зэрэгцээ Монгол Улсын их сургууль, Боловсролын их сургуулийн оюутнуудад хичээл сургалт зааж, хот хөдөөгийн зуу зуун багш нарт газарзүйн кабинетдаа мөн л сургалт сименер хийж клиник профессор гэх эрхэм цолыг хүртжээ.

Тэрээр Баянгол дүүргийн мэргэжлийн ба ур чадварын 13 удаагийн аварга, Нийслэлийн мэргэжлийн аварга багшаар шалгарсан. Багшийн эрдэм шавиас гэдэг. Батням багшийн удирдсан сурагч шавь нар нь нийслэл ба Баянгол дүүргийн сурагчдын газарзүйн олимпиадын 11 удаагийн аварга, мөн Улаанбаатар хотын аварга багаар зургаан ч удаа тодорч шилжин явах цомоо үүрд хадгалан нэгэн дээд амжилтыг тогтоосон. Эрхэм багшийн шавь нар тийнхүү дүүрэг болоод нийслэл улмаар улсын олимпиадад жил бүр амжилт гаргаж, алт мөнгөн медалийн оосроос атган багшийгаа, сургуулийн хамт олноо, эх эцгээ бахярлуулсан бахдам ажилтууд зөндөө. Тухайлбал, 1997-2012 оны сүүлийн арван таван жилд шавь нараа дүүрэг, хот, улсын олимпиадад тасралтгүй амжилттай бэлтгэн оролцуулж 40 гаруй алт, мөнгө, хүрэл медаль авсан ба Ш.Болор-Эрдэнэ, В.Удвал, Э.Энхжаргал, Г.Мөнгөнтуул, Г.Намуун зэрэг олон шавь нар нь улсын олимпиадаас медальт байрт шалгарч БСШУЯ/хуучнаар/-наас Улсын их сургуульд суралцах урилга гардаж байсан. Шавь нарынх нь дотроос өөрийнх нь мэргэжлийг өвлөн авсан жараад багш нар эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаагийн дотор Э.Энхжаргал, Ш.Болор-Эрдэнэ нар нийслэлийн багш нарын олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн ба дааж төгсгөсөн шавь нараас нь арваад эрдэмтэн тодорч төрийн байгууллага, яам, тамгын газарт нэр төртэй ажиллаж байна. Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Л.Жаргалсайхан, Монголын Газарзүйн багш нарын холбооны тэргүүн Ц.Даш, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор Д.Моломжамц, ХААИС-ийн багш, доктор Ц.Ичинхорлоо, газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнгөнтуул гээд олон хүнийг дурдаж болох юм. Эрдмийн зэрэгтэй20 гаруй шавь нар байна.

“Улсын олимпиадад нийслэлээс шалгарсан есөн хүүхдийн дотор нэгээс хоёр шавь минь зоолттой байдаг” гэж тэрээр бахдалтайхан хэлсэн. Төрийн наадамд хүлэг морио олонтаа “түмний эх” болгосон зартай уяач шиг сэтгэл дүүрэн байсан. “Батням багшийн шавь гээд жаалхан охин ирээд л илтгэлийн уралдаанд олныг алмайруулаад түрүүлчихдэг нь гайхмаар” гэж Их сургуулийн багш, эрдэмт мэргэн докторууд бахаддаг юм билээ. “Олимпиадад хүүхдээ бэлтгэхэд багш өөрөө асар их хөгждөг. Түүнд л олимпиадын үнэ цэнэ оршино. Багш хүн өөрөө өндөр нэр хүндтэй байж шавь нарынхаа хайр хүндэтгэл, итгэлийг хүлээх учиртай. Багшийнхаа тухай эерэг бодолтой хүүхдүүд хичээл номдоо сайн байдаг. Цаашдаа ахуй амьдралдаа ч бусдын хүндэтгэлийг хүлээж явах нь бий. Үүнд эцэг эхчүүд голлох үүрэгтэй. “Танай багш их сайхан хүн, багш шигээ эрдэм номтой, бусдын хайрыг даасан хүн болно” шүү гэж хүүхдүүддээ үргэлж сургаж байх нь чухал. Хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд гол үүргийг нь дунд сургууль л гүйцэтгэдэг” гэх эрдэм төгс багшийн амнаас гарах үгс афоризм мэт үнэтэй байв.

47 дугаар сургууль Монгол Улсын зөвлөх багш, клиник профессор, газарзүйн үндэсний сургагч багш Чойжилжавын Батнямынхаа нэр нүүрээр явж ирсэн нь мэдээж л дээ. Тэрээр багшлах хугацаандаа сурагчийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эвсэг хамт олныг төлөвшүүлэх, газарзүйн мэдлэгийг хэрэглээ болгох, амьдрал практикттай нь холбон ойлгуулахад голлон анхаардаг. Сургуулийн таатай орчинг бүрдүүлэн ашиглаж газарзүйн танхимыг стандартын дагуу шинэчлэн гурван ч удаа өөрийн хөрөнгөөр тохижуулж, зуны амралтаар байгалийн үзэсгэлэнт газруудаар явж хөрс, чулуулаг ашигт малтмалын цуглуулгаар баяжуулж сургалтдаа ашигладаг ажээ. 2001-2002 онд Боловсролын яам, Хяналтын алба, Нийслэлийн боловсролын газрын шалгалтаар “Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” гэрчилгээ бүхий газарзүйн кабинет нь боловсролын тогтолцоонд нэгэн шинэчлэлийг авчирсан гэж хэлж болно. Суралцагчдын сонирхол хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд хот хөдөөгийн болон их дээд сургуулийн багш нар хамтран ажиллах бааз суурийг бий болгож чадсанаараа онцлогтой.

“Нийслэлийн багш нарын хөгжлийн түшиц сургууль” болсноор Швед, Буриад, Өмнөд Монголын багш нартай туршлага солилцох. АНУ-ын Ориган мужийн их сургуулийн багш нар Боловсролын яамны зайны сургалтын албаны дарга, доктор профессор Батчулуун, МУБИС-ийн газарзүйн тэнхимийн эрхлэгч Х.Цогбадрах нарын хамт ирж Батням багшийн арвнм туршлагыг магтаж, ихэд өндөр сэтгэгдэлтэй буцсан нь гадны багш нарт үнэлэгдсэн үнэлгээ байлаа.

Ингээд Чойжилжавын Батням багштай ярилцсанаа хүргэж байна.


-Багшийн гараагаа эхэлсэн үеэ дурсахгүй юу?

-Миний биө 1970 онд Архангайн багшийн сургуулийг дүүргээд өөрийнхөө төгссөн Говь-Алтайн төвийн арван жилийн хоёрдугаар сургуульд хоёр жил багшилсан. Бага ангийн багшаар ажиллаж байлаа. Багш болох анхны дөр тэнд суусан гэж хэлж болно. Цэрэндорж pахиралтайгаа, биднийг долдугаар анги төгсгөсөн Сандуй багштайгаа гар нийлэн ажиллаж арвин туршлагатай тэднээс ихийг суралцсан. Хотод ирээд 49, 72 дугаар сургуулиудад багшилж байгаад 47 дугаар сургуульдаа ирсэн туүхтэй. Бага ангийн багшаар таван жил ажиллаад дараа нь түүхийн багшаар ажиллаж байв. Сүүлийн 30 шахам жил газарзүйн багшаар дагнан ажиллаж байна.

-Газарзүйн хичээлд хэдийнээс шимтэн суралцах болсон бэ?

-Намайг тавдугаар ангид ороход дэлхий гэсэн хичээл Бадархүү багш маань заадаг байсан. Тэрээр жижиг хөөрхөн глобус авч ирнэ. Уг хичээл надад жигтэйхэн гоё санагддаг байлаа. Улсын багшийн дээд сургуулийг эчнээгээр зургаан жил суралцаж 1982 онд төгссөн. Тэгж л багын мөрөөдлөө биөлүүлсэн. Багшийн сургуульд Ардын багш Батсүх тэргүүтэй лут багш нараар хичээл заалгасан. Өнөөдөр энэ зэрэгтэй явж, олны итгэлийг хүлээсэн минь тэдний л ач гавьяа. Газарзүй гэдэг шинжлэх ухааны гайхамшгийг Монголынхоо хүүхэд багачуудад мэдрүүлэхсэн, эх дэлхий байгаль орчин, уул ус ургамал амьтдаа хайрлах сэтгэлийг ой тоонд нь гүн бат суулгаж өгөхсөн гэж эрмэлзэж л зүтгэсэн. Надаар газарзүйн хичээл заалгасан мянга мянган шавь нараас минь хичнээн өөр мэргэжил эээмшсэн ч гэсэн эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, газар усандаа элгэмсэг сэтгэлээр хандаж явахыг хичээж, багшдаа баярладгаа үргэлж хэлдэг юм. Дундговийн Дэрэн суманд очиход манай нэг шавь цагдаагийн сургууль төгсөөд тэнд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхтай нь таарлаа. Чулуужсан модоо хамгаалж байгааг хараад Очир-Эрдэнэ шавиараа бахархаж байлаа. Хүн төрөлхтөнд хамгийн их ач холбогдолтой шинжлэх ухааны хичээлүүдийг эрэмбэлсэн байдаг. Одоогоос арваад жилийн өмнө газарзүйн хичээл наймд бичигдэж байсан. Дараа нь гуравт орсон байдаг. Нэгд нь анагаах ухаан, дараа нь эдийн эасаг бичигдсэн байсан. Магадгүй газарзүйн ухаан хэдэн жилийн дараа нэгд бичигдэхийг угүйсгэх аргагүй. Бид эх дэлхийгээ нэгэн үзүүрт сэтгэлээр хайрлаж явах учиртай. Тиймийн учир газарзүйн шинжлэх ухааныг судлах, энэ чиглэлийн боловсрол мэдлэг хүнд зайлшгүй хэрэгтэй. Газарзүйч гэхээр учиргүй том уулс ус, говь хээр нутаг санаанд буух байх. Гэвч тухайн хүн ерөөсөө л ойрчин тойрноо хамгаалж хайрлахаас бүх зүйл эхэлнэ. Монголд бүх нийтийн газарзүйн боловсрол дутуу байдаг. Түүнд би харамсаж явдаг юм. Зөвхөн газарзүйн хэдэн багш нар хумүүст мэдлэг өгөөд зогсохгүй бүх мэргэжлийн багш нар, аав ээж өөрсдөө үр хүүхдүүддээ боловсрол олгох хэрэгтэй.

-Та бол газарзүйн тэргүүлэх багш. Сурах бичиг зохиодог элсэлтийн шалгалтын материал боловсруулдаг гээд бүх л зүйлд таны нэр явдаг. Ингэхэд газарзүйн хичээлээ хэрхэн заадаг талаар хуваалцахгүй юу?

-Шавь нараа хэвлэл мэдээлэл ашиглан сургах, бие даан мэдээлэп олж авч ашиглан сургахад ихэнхдээ анхаарч өөрийнхөө төрөлжсөн хайчилбаруудтай ажиллуулдаг. Жишээ нь:

1. Газарзүйи мэргэжлийн (физик газарзүйн)

2. Эрүүл мэндийн

3. Эдийн засгийн газарзүй гэх мэт. Үүнээс шавь нар маань номтой нөхөрлөж, үнэ цэнийг нь мэдэрч, хайж эрж их унших, зурах сонирхолыг нь төрүүлдэг, улмаар олж авсан мэдээллээ бусад нөхөдтэйгөө хуваалцдаг, өөрөө мэдээллэгч нь болдог олон сайн талтай. Сургалтын орчинг сайн бүрдүүлэхээс гадна музейг газарзүйн хичээлд өргөн ашиглах нь маш ач холбогдолтой. Байгалийн түүхийн музей бол гэр чигээрээ манай хичээлийн сургалтын орчин байдаг. Шавь нарынхаа урлагийн авьяасыг хөгжүүлэхэд чиглэн манай 2001 оны төгсөгчдийн нэрэмжит “Монгол Оскор” жүжгийн тоглолтын тэмцээнийг мөн илтгэлийн уралдаан зэргийг жил бүр уламжлал болгон зохиодог.Багш нарын хөгжлөөс боловсролын чанар шууд шалтгаалах учраас багш бэлтгэхэд оюутан элсүүлдэг. Босго өндөртэй шилж сонгох аргыг сүүлийн үед эхлүүлж байгаа нь сайн. Жинхэнэ багш болох дур сонирхолтой сурлага сайтай хүүхдийг элсүүлэх нь чухал гэж боддог. Нэг үе багш бэлтгэхэд алдаа гарсан нь харамсалтай. Нэг багшийн алдаагаар нийт багш нарын нэр хүнд нэг хэсэг нь их доошилсон. Багш нарынхаа хөдөлмөрийг үнэлэхэд харин шинэ сайдаас саятан багш нарыг төрүүлж байгаа нь сайшаалтай ажил гэж багш нар баяртай байгаа. Хүнээс өөрөөс нь шалтгаалнадаа.Улс орны минь ирээдүй залуу үөийг төлөвшүүлж амьдралд бэлтгэхэд багш нарын үүрэг хамгийн их. Би газарзүйн багш болсондоо туйлын баяр бахдалтай, өглөө бүр сургууль руугаа яаранхан өдөржин цаг хугацаа яаж өнгөрснийг ч мэдэлгүй хичээл, давтлага, ярилцлага, оюутан, залуу багш нартай уулзах, кабинет газарзүйн зурагт ажиллах, сургалт семинар зөвлөгөөн гээд л хөвөрсөөр орой бүрийд баяртай нь аргагүй харьдаг.

-Таныг тэтгэвэртээ сууж байгааг дуулаад хөдөөнөос зорьж ирсэн хүүхдүүд буцаж байна гэж дуулдсан. Үндсэндээ таны газарзүйн сонгонд суух гэж хөдөөгийн хүүхдүүд хотыг зорьдог байх нь?

-Хүний нас богино юм шиг ээ. Нэг л мэдэхэд залуу нас хойно үлдсэн байна. Иймээс залуучууд минь цагхугацаатай уралдан юм сурч мэдэх, хийж бүтээх зүйлээ амжуулаарай гэж захимаар байна. Ер нь завгүй байх сайхан. Завгүй байх тусам олон ажлыг амжуулж ажил сайхан бүтдэг. Он жилүүд хөврөн хөвөрсөөр нэг л мэдэхэд нэгэн жарныг элээж, хойч залуу үөдээ суудлаа тавьж өгөх цаг нь болчихжээ. Миний бие тэтгэвэртээ суусан ч гэсэн сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж байгаа. Олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтын, сонгоны хүүхдүүдэд давтлага зөвлөгөө өгнө.

47 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДУЛАМЖАВ: БАТНЯМ БАГШ ШИГ ХҮН ӨДРИЙН ОД ШИГЦӨӨХӨН

-Тантай Батням багшийн талаар цөөн хором ярилцах гэсэн юм. Энэ хүн монголын боловсролд ялангуяа газарзүйн хичээлд маш их хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд төрөлх сургуулийнх нь захирлыг олон жил хашсан хүний хувьд юу хэлэх бол?

-Миний бие Батням багштайгаа найман жил ажилласан. Гэхдээ энэ алдартай багшийг эртнээс мэднэ. Бид хоөр мэргэжил нэгтэй. Батням багшийнхаа газарзүйн хичээл, удирдсан сургалт сөминарт нь сууж байсан. Ямар агуу бүтээлч хүн бэ гэж өөрийн эрхгүй бахархаж байлаа. Тэгтэл хувь заяаны өрөөлөөр хамтдаа гар нийлж ажиллах боломж олдсон. Багшийн хичээл зүтгэлийг заах арга барилыг нь надаар хэлүүлэлтгүй мянга мянган шавь нар нь, Монголын боловсролын байгууллагууд, мэргэжил нэгт багш нар нь сайн мэднэ ээ. Хүүхдийг хөгжүүлэх ажлыг сайн хийдэг. Батням багшийн газарзүйн сонгон гэж том зүйл байдаг. Сонгоноор хичээллэсэн шавь нар нь дүүрэг, нийслэл, улсын олимпиадад байнга эхний байрт шалгарч ирсэн. Тэр хэрээр багшийн суу алдар түгсэн. Анги удирдаж авч явах нь үнэндээ гайхмаар. За тэгээд сургалтын орчныг бүрдүүлэх, кабинетийг бий болгосон зэрэг нь манай сургууль газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болох үүдэл эхлэл болсон. 2007 онд “Нийслэлийн багш нарын түшиц сургууль” болсон. Мөн “Элсэлтийн ерөнхий шалгалтын шилдэг үнэлгээтэй сургууль” болсон. Энэ бүгд Батням багшийн гавьяа юм. Хувь хүнийх нь талаас хэлбэлбагш даанчиг гоё хүн. Нас хэдий жар гарсан ч тун залуухан харагддаг. Дотроосоо гэрэлтэж сэтгэлдээ үргэлж нар мандааж явдаг. Сургуулиар багш ороод ирэхэд танхим дүүрээд л ирэх шиг болдог. Шавь нэг бүртээ чин сэтгэлээс хандаж ажиллана. Түүнийх нь илрэл тэтгэвэртээ гарах үед шавь нар нь багшийгаа үргэлж дурсан ярьж, гадаадад байгаа нэг нь ижий ааваараа бэлэг хүртэл явуулдаг. Тэгж л багшийгаа хайрладаг. Энэ хүн бол яалт ч үгүй манай сургуулийн нүүр царай, нэг том багана нь юм. Тэтгэвэртээ гарахад нь залгамж халаа болж Энхжаргал гэж манай сургуулийг төгссөн гарынх нь шавь ажлыг нь үргэлжлүүлж байсан. Гэвч багш минь буцаад багшилж байгаа дуулдана. Миний бие хөдөөгийн сургуульд арван жил хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгээд дараа нь Улаанбаатар хотын том сургуулийг удирдсан. Энэ хугацаанд олон ч багштай ажиллажээ. Гэхдээ Батням багш шиг хүн бол өдрийн од шиг цөөхөн гэж хэлэх байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Икигай” буюу урт удаан жаргалтай амьдралын нууц

Хэктор Гарсиа ба францез Мираллэсын бүтээсэн энэ ном япончууд хэрхэн урт удаан аз жаргалтай амьдардаг нууцаас өгүүлжээ. Икигай гэдэг нь ерөнхийдөө “Ямагт завгүй байхын жаргалан” гэж орчуулагдаж болно гэж өгүүлжээ. Мөн уншигчдыг урт удаан жаргалтай, эрүүл саруул амьдруулж өөрийн икигайг олоход тусална гэж бичжээ. Япончууд хүн бүрийг өөрийн икигайтай гэж үздэг аж. Энэ бол оршихуйн шалтгаан гэж нэрлэсэн ч удаатай байдаг. Хүн бүр икигайгаа олох ёстой бөгөөд зарим нь аль хэдийнэ үүнийгээ олсон байдаг. Дуртай ажлаа үнэн сэтгэлээсээ хийх, түүгээрээ амьдрахыг л хэлээд байгаа ном юм. Тэтгэвэрт гарсан ч идэвхтэй хөдөлмөрлөж амьдарч байх бөгөөд япон хүмүүс хэзээ ч тэтгэвэрт гардаггүй, эрүүл мэнд нь доройтоогүй цагт дуртай зүйлээ хийсээр л байдаг. Ийнхүү нийгмийн хамаарал өндөртэй байж икигайгаа олж амьдрах нь эрүүл хоолны дэг жаягтай дүйцэхүйц, магадгүй түүнээс ч илүү ач холбогдолтойд тооцогддог байна. Дэлхийн өндөр нас насалдаг бүсүүдэд судалгаа хийхэд тэд бүгд икигайгаа олсон байдаг бөгөөд үүн дээр зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, мах болон лаазалсан бүтээгдэхүүн бага хэрэглэж, архи тохируулан ууж стресс багатай байх үүднээс цагаа сайн тохируулдаг. Хүч шаардсан дасгалаас зайлсхийж ногооны талбайдаа ажиллаж, алхах гэх зэргээр хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг байна. Хооллохдоо ходоодныхоо 80 хувийг дүүргээд зогсоодог байна. Үүнийг нэг үгээр хэлбэл, цадахаасаа өмнө зогсоох, их идсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд олон жижиг дийз, тавагтай хоол байлгах, тэр нь ганц хоёр савхдахад л дуусдаг байхаар ширээ засдаг аж. Хоолны араас диссерт зэргийг идэх нь ихдээд явчихдаг аж. Мөн хүмүүс нь хоорондоо насан туршийн холбоотой байх нь чухал гэнэ. Нийгмийн идэвхтэй амьдрах гэж бид ярьдаг даа, нэг тийм маягтай, нийлж төрсөн өдөр,уулзалт цуглаан, шатар даам тоглох гэх мэт. Хөгшрөлтөөс зайлсхийх хурд гэж юу вэ. Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд жил тутам 0,3 жилийг наслалтдаа нэмсээр иржээ. Хэрэв технологийн хүчээр жилд нэг жилийг наслалт дээрээ нэмсээр ирвэл хөгшрөлтөөс зайлсхийх хурдад хүрч үхэшгүй мөнх болно. Залуу байхад нөлөөлдөг гол хүчин зүйл бол идэвхтэй, аливаад дасан зохицдог сэтгэлгээтэй байх ётой. Тархинд шинэ мэдээлэл өгч бүх юмыг хурдан шинээр тусгаж авч сурах хэрэгтэй. Стресс бол урт наслалтын дайсан аж. Гэхдээ таарсан бага зэргийн стресс бол бэрхшээл саадыг даван туулахад хэрэг болдог учир байхад гэмгүй. Зорилготой хүн зорилгогүй хүнийг бодвол хамаагүй дээр байдаг аж. Нэг их тайван налгар байдал урт наслалтад муугаар нөлөөлнө гэж номд өгүүлжээ. Хөдөлгөөн, нойр хоёр урт наслалтыг дэмждэг, хөгшрөлтийг сааруулдаг мелатонин хэмээх бодисын ялгаруулалтад сайн нөлөөтөй гэнэ. Хөгшрөхийн эсрэг оюун ухааны хүч асар нөлөөтэй. Урт настай хүмүүст нийтлэг хоёр чанар байдаг. Эерэг хандлага ба сэтгэл хөдлөлөө ухамсарлах чадвар юм. Аливаа бэрхшээл тулгарахад эерэг хандлагатай байж, сэтгэл хөдлөлөө жолоодож чаддаг хүмүүс урт наслах хандлагатай. Хийж байгаадаа бүрэн төвлөрөх нь та өөр юу ч үл бодон цаг хугацаа зөвхөн одоо цаг дээр зогсож, ухаан бодол чинь нэг оршихуй мэт нэгдэнэ. Хувиа хичээх үзэл чинь энэ хүрээд сарнин одох бөгөөд чи хийж байгаа зүйлийнхээ нэг хэсэг болон хувирна. Өглөө босоод л дуртай зүйлдээ шунан дурлаж түүнээсээ сэтгэл ханамжийг авах нь хүмүүст маш чухал ач холбогдолтой. Бүрэн төвлөрөх төлөвт шилжин туйлын сайхан мэдрэмжийг мэдрэх тэр ур чадвар бол икигай юм. Энэ бол архи тамхи, амттан чихэр шоколад гэх мэт түр зуурын зугаа өгдөг зүйлийн оронд бүрэн төвлөрөх зүйлд илүү цаг зарцуулах ёстой аж. Бүрэн төвлөрөхөд тодорхой зорилттой байх, мөн өөрийн оюун санаанд саад болох зүйлийг хэрхэн бодохгүй байхыг мэддэг байх хэрэгтэй. Зорилгодоо хэт автахгүйгээр үүнийг санаж байх ёстой. Зохиолчид хоёр сарын дараа зохиолоо өгөх ёстой ч түүнээ барихгүйгээр дэмий юм хийсээр өдөр өнгөрөөдөг. Зүй нь шууд л барьж аваад бичиж эхлэх ёстой юм. Өөрийн дуртай зүйлээ бусдаас хамгаалахын төлөө түүндээ зарж байгаа цагаа харамлахын тулд икигайгаа олсон хүмүүс ганцаараа байх нь түгээмэл. Аяга угаах гэх мэтийн жижиг зүйлд ч төвлөрч сурах ёстой. Түүнийгээ өөрийн бий болгосон арга техникээр хийн жаргал эдлэх нь уйдаж цөхөхгүй байх нэг боломж юм. Энэ бүх төвлөрөл бол икигайдаа ойртох, түүнээ олох арга юм. Та хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч түүнээсээ аз жаргал мэдэрч, орчин тойрноо умартаж зөвхөн одоо цаг дээр амьдарч байвал икигайгаа олсон гэсэн үг. Энэ бүхэн чинь танд ашиг орлого, утга учир, цаашид амьдрах урам зориг өгч байвал та икигайгаа олжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө

Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул эл эрхэм өдгөө ЦЕГ-ын дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагчаар ажиллаж байна. Монголын цагдаа дотоодын цэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас албаа эхэлсэн тэрээр эрүүгийн төлөөлөгч, нийтийн хэв журмын ахлах байцаагч, улмаар төрийн хамгаалалтын тасгийн дарга, тусгай салбарын захирагч хүртлээ дэвшсэн намтар цадиг баялаг нэгэн. Ажил албаны зэрэгцээ байлдааны самбогоор хичээллэж дэлхийд хоёр удаа аваргалсан, мөн самбо, жүдо, үндэсний бөх гээд их спортод өөрийгөө зориулсан 30 шахам жилийнх нь түүх бичигдэнэ. Тэр бол өөрийнхөө амьдралыг өөрөө босгож, ялж дийлэхийн төлөө тэмцэж, зорьсон зорилгынхоо даваан дээр гарах гэж хөлс хүчээ шавхан зүтгэж өнөөгийн өндөрлөгт хүрсэн эгэл жирийн дархад хүмүүн.

Эрдэнэбаяр гавьяаттай эхлээд ажил дээр нь уулзлаа. Спорт зааландаа өглөөнийхөө бэлтгэлийг хийсэн бололтой хөлс дуслуулчихсан, алчуур мөрөн дээгүүр хаяад цээж нүцгэн орж ирэв. Түүний удирдаж буй тусгай салбар Монголд террорист үйл ажиллагаа болсон үед, хүн малын онц ноцтой халдварт өвчин гарсан үед, байгалийн гамшиг болоод эмх замбараагүй байдал бий болсон үед цагдаагийн байгууллагад туслах мөн шууд таслан зогсоох чиг үүрэгтэй.

Эрхэм хурандаа Цагдаагийн дээд сургуулийн хууль, эрх зүйн ангийг дүүргэж “Эмх замбараагүй байдал бий болсон үед таслан зогсоох тактикийн зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Монголын хууль хүчинд анх удаа ийм сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнээр тодорсон гэдэг. “Таны өрөөнд хоёулаа ярилцаж сууна. Эхлээд ажил албаныхаа тухай танилцуулахгүй юу” гэж ерөнхий асуулт тавихад, Монголын цагдаа дотоодын цэрэгт олон сайхан хүмүүстэй гар сэтгэл нийлж, тэдний удирдлагад ажиллаж иржээ. Энэ хүмүүсээ эхлээд ах нь дурсмаар байна гээд Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Р.Раднаадорж, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга хурандаа Б.Эрдэнэном, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга Д.Оюутболд болон Ц.Ариунбат хурандаа нарыг нэрлэнэ билээ. Тэгээд мэдээж одоо удирдлагад нь ажиллаж байгаа ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн, дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Ганбатыг хэлсэн. “Энэ хүний арга барил, хүнээр ажил хийлгэх увдис гэж лут юм байна. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, бусдыг удирдан манлайлж чаддаг чадвар нь гайхалтай” гээд ийм хүмүүстэй ажиллаж, нөхөрлөж ирснээр өнөөдөр би удирдах албан тушаалыг нэр төртэй хашиж байна хэмээн итгэл төгс хэлсэн юм. Байлдааны самбогийн спортыг анх заасан Монгол Улсын гавьяат багш цагдаагийн хурандаа С.Хаянгарваагийн тухай мөн өгүүлсэн.

“Та бол халуун цустай дархад хүн, дээрээс нь маш их зарчимч, ёс жудгийг эрхэмлэдэг нь мэдээж” гээд өөр рүү нь хандуулан асуух маягтай дөхтөл хүүхэд шиг инээд алдаад “Халуун цустай, цөстэй гэхээсээ илүү өөрийгөө мэдэрдэг, сэтгэлдээ уул усаа бодож омогшдог ийм л хүн юм, ер нь уулын хүмүүс ийм л байдаг байх” гэх хариулт өгсөн. Хүүхэд шиг инээд алдаад гэснээс улс орны цохилох зүрх болсон, үргэлжид түгшүүрийн дохион дор байдаг тусгай салбарыг удирдаж буй хурандаа жигтэйхэн сайхан инээмсэглэсэн өр зөөлөн хүн. Ажил албыг нь, туулж ирсэн зам мөрийг нь бодохоор хөмхийгөө зуусан шазууртай нэгэн санаанд буух нь бий. Үүргээ гүйцэтгэж явахдаа өөр байдаг байх л даа. Харин амьдрал дээр уулзаад ярилцахаар нэг л сайхан дүр зураг мэдрэгдэнэ. Австрали тивийг л үзээгүй, түүнээс биш дэлхийн олон орноор явж хүн төрөлхтний соёл, тухайн улсын онцлог амьдралынх нь философийг мэдэрсэн тэрээр “инээмсэглэл бол бусдад өгч байгаа маш том бэлэг” гэж хэлсэн. “Хамт олноо, сайн сайхан хүмүүсийг баярлуулахын төлөө өөрт байгаа бүхнээ чин зүрхнээсээ зориулж чаддаг” гэж яриан дундаа хэллээ. Уг үгнийх нь баталгаа олон зүйлээр хэмжигддэг. “Эрдэнэбаяр хурандаа надад тэгж тусалж байлаа. Амьдралаа босгоход гол багана минь болсон” гэж олон нөхөд, дархад найзууд минь хэлдгийг миний бие энэ зуурт шигтгээд орхиё. Нялх охинтойгоо хоёул амь зуухын тулд гудманд бусдын гар царайчлан суугаа хараагүй өвгөний тухай мэдээлэл зурагтаар цацагдангуут мань хүн тэр дор нь тухайн телевиз рүү холбогдож өвгөнтэй уулзаад “Дэлхийн зөн” байгууллагад хандан гэр оронтой болгож, бүрэн тавилгыг нь угсарч өгөөд нялх охин, өвгөн хоёрыг ёстой хагартал нь баярлуулсан байдаг. “Би чиний зүс царайг харж чадахгүй ч гэсэн ямар сайхан хүн бэ гэдгийг халуун дулаан сэтгэл, тусч чанар чинь хэлээд өглөө, хүү минь. Чи сайн сайхан амьдарна аа гэж” өргөө гэртэй болсон өвгөн галаа бадрааж суухдаа хэлсэн юм гэдэг. “Тэр хүний буян ирсэн байх аа, ах нь дараа жил нь гавьяат болсон юм шүү” гээд инээд алдаж байна. Гавьяат болсныхоо дараа ах дүү нартаа бүгдэд нь “гавьяатын хишиг” хэмээн хагас сая төгрөг өгч тэднийгээ баярлуулжээ. Олсноо бусадтайгаа хуваадаг энэ мэт олон жишээг нь дурдаж болох юм. “Хүнд битгий худал хэл. Бусдыг хэзээд ч гомдоож, хуурч болохгүй. Энэ бол миний амьдралдаа баримталдаг алтан зарчим” гэсэн нь огтоос эргэлзээгүйгээр үнэн сонсогдсон юм.

Бидний яриа хөөрөө хурандаагийн гэрт халуун тулганых нь дэргэд үргэлжиллээ. Тэднийх “Энканто” хотхонд дөрвөн өрөө байранд тэгш дүүрэн амьдарч байна. Таван хүүхэдтэй ажээ.Хүүхдүүд маань эхнээсээ тусдаа гарч байна даа гэж гэрийн эзэн хэлэв. Хань нь Доржготовын Баярсайхан гэж намуун дөлгөөхөн сайхан хүн. “Манай гэрийн хүн их тайван, барагтайд уурлана гэж байхгүй. Би болохоор цагдаа хүчний байгууллагад 30 жил нервтэж явна. Заримдаа ч ажлын их дарамт, стресстэйгээ гэртээ ирэх үе байсан. Ханийнхаа царайг хараад л сэтгэл уужирдаг, бурхан ингэж тааруулдаг юм билээ” гэж хэлэхэд нь амьдралын сайхан мэдрэгдэх шиг болсон сон. “Миний дүү ахынхаа бурхан тахилын өрөөгөөр нэг орохгүй юу” хэмээн найрсгаар өгүүлээд хойд талынхаа өрөөнд урилаа. Хамгийн түрүүнд аавын минь авдар гэж бурхан тахил өрсөн модон авдрын нүүрийг илбээд хэлж байна. Эрдэнэбаяр гавьяатын аав нь Хандын Гомбосүрэн гэж хүний дээд болсон дархад хөгшин байжээ. “Уул ус, байгаль дэлхий чинь ярьж чаддаггүй болохоос амьтай юм шүү. Нэг амьтных нь амийг, нэг ургамлынх нь үндсийг ч таслах учиргүй. Ялангуяа шоргоолжны үүрийг эвдэж болохгүй” гэж ачит эцэг нь захисныг хүү нь амьдралын туршид бодож явна. Гомбосүрэн гэж тэр хүн эмийн ургамлаар олон түмнийг эмчилдэг, дархад зоныхоо дунд “маарамба”-ын зиндаанд хүндлэгдсэн сайхан буурал 84 наслаад бурхны оронд оджээ. Аавынх нь ээж Ханд Удган гэж нутаг усандаа алдартай удган хүн байж. Мөн ээж Пунцайн Нямцэрэнгийн ээж буюу эмэг эх нь Хулган Удган гэж бас л алдартай удган байсан гэнэ.

Тэртээ дөчөөд оны эхээр ижий аав хоёр нь Улаан-Уулын Өндөр Цахир хайрхны өвөрт гэр бүл болж гал голомтоо бадраахдаа эл авдрыг хоймроо тавьсан түүх бий. Хүү нь аав ээжийнхээ буян шингэсэн авдрыг хаяж гээлгүй өдийг хүргэж тэргүүн дээр нь эцэг өвгөдийнхөө ном судар, бурхан тахилыг залж явна гэдэг дээдийн хүндэтгэл юм даа. “Авдар дотор байх ёстой бүх зүйлийг хийсэн. Ухаандаа торго, хурганы арьс, архи гэх мэт бүх зүйл байгаа” гэж гэргий нь хэлсэн. Бурхны шүүгээний хажууд Өндөр Цахир хайрхных нь нарны гэрэл асгарсан зураг залаатай байна. Эл хайрхны өвөрт энэ гэрийн эзэн эхээс мэндэлж хүмүүн заяаг олжээ. Өндөр Цахир хайрхнаа шүтэн дээдэлж явах учиртай шүү гэх эцгийн захиасыг дагаж 2007 онд албан ёсоор тахиж эхэлсэн гэнэ. Тэр цагаас хойш нутгийн зон олон хайрхны тахилгыг хүлээдэг болсон гэдэг. Хайрхнаа дээдлэн тахисны дараа жил Эрдэнэбаяр гавьяат дэлхийн хошой аварга болж монгол төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн дэвжээнээ дахин мандуулж уул ус, ураг саднаа баярлуулжээ. Юмны ерөөл буян тэгж л хурдаг билээ сэн. Тив, дэлхийгээс хүртсэн медалиуд нь мөн л бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд залаатай. Хамгийн дээд талд алдарт эхийн одон харагдсан нь нүднээ содон тусч байгаа юм. Ижийнхээ алдарт эхийн одонг, мөн аавынхаа цэргийн гавьяаны улаан тугийн одонг эрхэм гавьяат бүх медалийнхаа дээд талд хүндэтгэн байрлуулсан нь тэр. Эцэг эхийн ач буян, энэрэл хайрыг тэгж зүрх сэтгэлээсээ дээдлэн шүтдэг нь онцгой санагдсан. Ер нь багын л эх эцгээ дээдэлдэг байсан нь яриа хөөрөөнөөс нь мэдрэгдэж байв. Бусад нь ижийнхээ өгсөн хоол ундыг голж, өөдөөс нь том дуугарч байхад “навшгар шар” нэртэй гавьяат л өгснийг нь үг дуугүй идчихээд суудаг байсан гэх. Ийм ерөөл билгэтэй түүнд эцэг эхийн буян нь ирж алдар хүндийн эзэн бололгүй ч яахав дээ гэх бодол давхар давхар төрж л байлаа.

Том өрөөнийх нь хойморт Дэлгэрхааны бадамласан цагаан оргил, Хорьдол Сарьдагийн уулс хошууран зүмбэрлэж харагдана. Унаган нутгийнхаа шүтээн цаст их уулсаа хоймроо залалгүй яав гэж. “Идэр гурван есийн энэ өдрүүдэд миний нутагт цасны цагаан будан татчихсан ёстой нэг эр хүний хийморь лундаа сэргэхээр байгаа даа” гэхүйд бадамласан цагаан оргилынх нь салхи алгадах шиг болж билээ. Дэлхийд хоёрт бичигддэг ноён оргил,8611 метрийн өндөрт өргөгдсөн Пакистаны алдарт К2 уулын зургийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа 2014 онд Эрдэнэбаяр гавьяатын нэрэмжит спортын наадам Хөвсгөл аймагт болох үеэр дурсгажээ. К2 уулын ноён шовх оргил дархад зоны шүтээн Дэлгэрхааны оргилтой адил харагддаг нь сонин. Тэрхүү бэлгэшээлийг бодож уг зургийг дурсгасан ч байж магад. Энэ алдарт уулын оргилд Монголын нэрт тамирчин Гангаамаа гарч дэлхий дахинд шуугиан болж байсныг бид мэднэ. Гангаамаа тэд гэр бүлээрээ ойр байдаг хүмүүс юм билээ. Гэр орных нь энэ мэт олон сайхан зүйлтэй танилцаж хүүхдүүдийнх нь өрөөгөөр орж, бага хүү дөрвөн настай Баярбаясгалангийн “Монгол орноо дэлхийд мандуулна” гэх эрхэм зорилгыг сонсч, гэрийн эзний аймгийн заан цолны малгай, хажууд нь том хүү Цолмонтогтохын аймгийн начин цолны малгайг том өрөөний хойморт хүндэтгэн байрлуулсныг харж, ер нь бүх зүйл утга учиртайг мэдэрч зогслоо. Гал тогооны ширээнээ гэрийн эзэгтэйн хийсэн хоол цайг амтархан зооглох зуураа Баярсайхан эгчтэй өөрийнх нь тухай хөөрөлдөв. Аав нь Завханы Шилүүстэй сумынх юм байна. Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан Очирваанийн нутгийн хүн. Мөн олон хутагт хувилгаадын нутгийн хүн. Тэрээр Дилав хутагтынхаа тухай, Андиа гэгээнийхээ тухай баримтат кино бүтээжээ. Бас Жалханз хутагт, Ялгасан гэгээний тухай баримтат кино хийсэн. Монголд анх удаа хутагтын тухай баримтат уран сайхны кино хийсэн нь тэр юм билээ.

Тэр жил буюу 2009 онд Их Явуугийн 80 насны ойн яруу найргийн наадамд оролцохоор утгын их мэргэд, найргийн бурхадтай Завхан нутагт дөрөө мулталж билээ. Энэ үеэр зохиолчид Отгонтэнгэр хайрхны тухай “Мөнх тэнгэрийн цагаан уул” киног үзэж бүгдийнх нь сэтгэлд Очирваань хайрхны шүншиг орших шиг санагдсан сан. Тэгтэл тэрхүү киноны зохиогч, ерөнхий найруулагч, ерөөс их хутагтуудынхаа бүтээлийг бүтээсэн гавьяатан маань миний өөдөөс хараад гал тогооныхоо өрөөнд зөөлхөнөөр инээмсэглэн сууж буй энэ эрхэмсэг хатагтай болохыг мэдэж гэнэтийн баяр хөөрт умбаснаа нуух юун. Эрдэнэбаяр гавьяат “Манай гэр бүлийн хүн Завханы Шилүүстэйн гаралтай. Танай Бавуудорж найрагчтай ус нутаг нэг, дээрээс нь уран бүтээлчийн хувьд ойр” гээд инээвхийлж байсан. Ойроор барах уу, ерөөс зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн дунд явж ирсэн даруухан нэгэн ажээ. Дилав хутагтын тухай, Андиа гэгээнийхээ тухай нэг нэг уран сайхны кино хийх миний мөнхийн зорилго гэж хэлсэн нь ямар сайхан санагдсан гэж санана. Дилав хутагтын тухай “Цагаан дуганы гэгээ” уран сайхны кино хийсэн, хутагт судлаач соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхантай хэрхэн танилцсанаа, утсаар яриад шуудхан Завхан ниссэнээ, замд нисгэгч нь Отгонтэнгэрийг нар зөв тойрон эргэж маш ховор содон зурагнууд буулгаж авснаа, Дилав хутагтын тууринаас буцаж явахад есөн аргал замд таарч өвөр зүг рүү орсноо, мөн Отгонтэнгэрийн Бадархундага нуураас буцаж явахад чоно таарч өвөр рүү орсноо ихэд бэлгэшээсэн гээд олон чиг дурсамж дурдатгалын хуудсыг эргүүлсэн юм.

Баярсайхан эгч 2007-2010 онд Солонгос улсад байж тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын тухай “Солонгын орноор” баримтат цуврал кино хийж Монголын ард түмний хүртээл болгосноо яриан завсраа дуулгасан. Эрдэнэбаяр ах тэр хоёрын танилцсан түүх бас сонин. Нөхрийнхөө тухай хөрөг нэвтрүүлэг хийгээд танилцсан гэдэг. “Би оюутан байхдаа найзууддаа хэзээ ч бөх юм уу, цагдаа хүнтэй суухгүй гэж хэлж байсан удаатай. Гэтэл жинхэнэ цагдаа бөх хүнтэй суусан. Амьдралд хүн ам гарч болдоггүй юм билээ. Одоо манай найзууд надаас ам асуудаг юм” гэж гэрийн эзэгтэй инээд наргиан болгов. Тэрээр ханиараа бүр нэг чин зүрхнээсээ бахархдаг нь илт. Үг бүрээс нь ханиа хайрласан, ханиараа бахархсан өнгө аяс, аз жаргал, хайр энэрэл мэдрэгдэж байв. “Монголын эмэгтэйчүүд өнөөдөр ихэнх нь айдастай байдаг. Хэзээ нөхөр маань согтуу ирэх бол, согтуу ирээд яах бол гэж боддог. Гэвч надад тийм айдас байхгүй. Манай хүн архи, тамхи хэрэглэдэггүй. Амар амгалан, аз жаргалтай айл гэж байдаг бол манайх гэж би бардам хэлнэ. Хүүхдүүд маань аавыгаа нэг ч удаа согтуу байхыг хараагүй, албан ажлын ачааллаа хаалганы гадны үлдээгээд орж ирж чаддаг” гэх үгнээс амьдралын сайхан, аз жаргалын гэгээ гэрэл ундарч байв. Ханьдаа зориулж хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од гавьяаттай хамтран “Амин нутаг” дуун суварга бүтээж, Хөвсгөлийн сайхан дуучин Отгойн Баянмөнх дуулж амьдруулжээ.

Өнжиж буй айлын эзэн хурандаа хорин настай, хонгор зүстэй, халуун цустай дархад залуу Хөвсгөлийн цагдаагийн албанд шуугиан тарьж явсан нь ерээд оны эхэн үе. Түүнийх нь дурсгал болох нэгэн зураг бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд өлгөөтэй байна лээ. Тэр бол “Цагдаа-93” тэмцээнд түрүүлж мотоциклиор шагнуулсан ерэн гурван оны зураг. Үүнээс улбаалаад эрхэм хурандаа Монголын цагдаа, дотоодын цэрэгт ажиллахдаа гурван айхавтар зүйлтэй нүүр тулснаа сонирхуулсан юм. Тангараг өргөсөн цэргийн албан хаагч 30 шахам жилийн хугацаанд юу эсийг туулах билээ. Түүнээс гуравхан зүйлээ хуваалцсан нь Хөвсгөлд байх үеийнх нь явдал. Ерэн дөрвөн онд Хөвсгөлд цагдаа байхад нь шүүхээс ялын дээд хэмжээ сонссон нөхөр оргосон дуулиан гарчээ. Түүнийг хоёр төлөөлөгчийн хамт мөрдөн мөшгөж Хөвсгөлийн гүн хөх тайгыг мориор самнасан гэдэг. Ингээд намрын тэр өглөө оргодлыг ээж дээрээ очоод аяга цай уугаад хөдлөхөд нь аргагүйн эрхэнд буудаж шархдуулаад барьж авчээ. Өнөөх нөхөр чинь эхлээд тэр гурав руу, үндсэндээ хамгийн том бууг мөрлөж яваа Эрдэнэбаяр руу буудсан гэдэг. “Үс босоод чих хуураад явчих шиг болсон. Өөрийгөө амьд гэдэгт итгэж ядаж байсан” гэв. Дараагийнх нь хоёр тохиол хоёулаа онгоцны осолтой холбоотой. Ерэн таван оны Хөвсгөлд сүйрсэн онгоцны ослын хэргийн газарт цагдаагийн дарга Раднаадорж болон Баялаг-Эрдэнэ нарын хамт анх очжээ. 56 зорчигчтой онгоцноос нэг хүн амьд байсан нь Өлзийбаяр. “Тэр тухай ярих юм биш дээ. Ахад нь одоо аймшгийн кино шиг санагддаг юм” гэлээ. Мөн Эрдэнэтээс Завхан руу нисэхдээ Галтын Байшинт уулыг мөргөсөн онгоцны осол. ЦЕГ-ын дарга Д.Мөрөн Улаанбаатараас онгоц хөлөглөн очиж Хөвсгөлийн төвөөс Эрдэнэбаяр цагдааг аваад хэргийн газарт аваачиж мануулж хонуулсан байна. 29 зорчигтой онгоцноос нэг ч хүн амьд үлдээгүй бүгд сүйрсэн. “Амьд хүнээс ай, үхсэн хүнээс бүү ай” гэдэг үгийг тэр шөнө мэдэрч жинхэнэ утгаар нь мэдэрч хоносон гэдэг. Хэрвээ 29 гэмт хэрэгтэн байсан бол намайг алаад хаячихна биз дээ гэв. Ийм л баялаг намтартай сонин содон зүйлээр дүүрэн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, хурандаагийнд өнжлөө. Хүүхдүүдтэйгээ найз нь юм шиг харилцаатай гэр бүл гэдэг нь анзаарагдсан. Том хүү Цолмонтогтох ОХУ-д инженерийн чиглэлээр сургууль төгсөж одоо АНУ-д ажиллаж байгаа гэнэ. Том охин Цолмон Цагдаагийн академи төгссөн, нийслэлийн шүүхэд ажиллаж байна. Охин Нинжин Соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангид суралцаж байна. Хүү Цолмонбаатар Улаанбаатарын их сургуульд суралцаж байна. Бага хүү дөрвөн настай Баярбаясгалан. Тэднийх хоёр зээтэй гэнэ. Хүн зөв явбал бурхны шагнал өөрөө ирдэг гэдэг. Өлийн халзан давааныхаа 13 их овоонд сүслээд уул усаа сэтгэлдээ тээгээд нутгаасаа гарч байсан залуухан хүү өнөөдөр дархад түмний нэр нүүр, сүр сүлд нь болон дээдлэгдэж, дэлхийн дэвжээнд Монголоо мандуулсан эрхэм хүндэтгэлийн эзэн болжээ. Хань ижлээ халамж хайр, дээдийн хүндэтгэлээр өргөмжилсөн Эрдэнэбаяр гавьяатынх шиг өрх гэр Монголоор минь дүүрэн болтугай гэх ерөөлийн үгээр энэхүү туурвилаа өндөрлөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тараагч

Түрүүч нь № 262(6363) дугаарm


ХОЁР. ТАРААГЧ ТӨР

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

…Эндээс монголчууд угаасаа хурааж хуримтлуулах заяагүй, үрж л байж санаа нь амардаг гуйлгачин заяатай улс юм уу гэсэн асуулт ургаж байна. Хариулт нь: Тал нутаг бидэнд ийм тулгалт хийсэн юм.

Тал нутгийн нүүдэлчдэд үйлдвэрлэгч байх боломж байсангүй. Учир нь цаг уурын нөхцөл нь бэлчээрийн малд л тохирно. Бэлчээр бол нүүдэл. Малчин нь хонио хариулаад явж байгаа мэт харагдавч мал гэдэг эзнээ дагуулаад бэлчдэг юм, үнэндээ бол. Нүүдэлчдийн үйлдвэрлэл нэхий элдэх, сур элдэнгшүүлэх гэсгээд л болно. Мөн хувийн хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Тэр ч байтугай олон ээлжийн хувцас ч хэрэггүй. Ачиж нүүх гэж түвэг биз дээ.

Бас тал нутаг нь арилжаа наймаа хийх боломж өгөхгүй. Худалдан авагч хаана яваа нь тодорхойгүй, бас түүний эрэлт хэрэгцээ ойлгомжгүй. Ингээд зогсохгүй нөөц бараагаа байнга ачиж нүүх хэрэг гарна. Гэнэт зуд болоод эсвэл хажуу хавиргын өөр нүүдэлчин довтлоод ундуй сундуй нүүх болоход хамаг бараагаа хаяад нүүнэ шүү дээ. Энэ байдал нь монголчуудыг аливаа орлого, олзыг газар дээр нь хувааж, түгээн дуусгахаас өөр гарцгүй болгосон ажгуу.

Нүүдэлчдийн дунд “түгээгч”-ийн үүрэг роль их чухал. Хүчирхэг дайчин удирдагч гэдэг бол дайн тулаанаар их олз олдог хүн гэсэн үг. Их олз олно гэдэг нь илүү их бэлэг түгээхийн нэр. Нүүдэлчид хүчирхэг нэгнээ тойрон хүрээлдэг нь томоохон олз хуваарилдаг эзнийг дагадаг л гэсэн санаа.

“Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар нас барсны дараа овог аймгийнхныг нь Таргудай Хирилтуг ирээд дагуулан явснаар гардаг. Үнэн хэрэгтээ, тэжээгчээ буюу орлого хуваарилагчаа алдсан нүүдэлчид Таргудайг дагаж, түүний олох олз омогт шүтсэн болов уу? Харин Тэмүүжин ялж, Чингис хаан болсны дараа түүний алдар суугийн нөмөрт зохиогдсон “Монголын нууц товчоо” хэрэг явдлыг арай өөр өнцгөөр бичсэн байх талтай юм.

Чингис хааны аян дайны менежмэнт ч энэ онцлогтой холбогдоно. Цэрэг эрс унаа морьд, зэр зэвсгээ агсан, аян замын хүнс борцоо нөөцлөн гарснаараа Чингис хааны дайны бизнесийн хувь оруулагч болно. Түүнд байнгын тогтмол цалин байхгүй. Дайны олзноос хангалттай хүртэнэ. Дайнгүй, дээрэм тонуулгүй өдөр бол цэрэг эрийн хувьд “сул зогсолт” ажээ. Иймээс байлдан тулалдан бөөн сонирхол. Байнгын армийн хөлсний цэргүүд, амьд үлдэж цалинжихыг хүсдэг бол Чингисийн дайчин болгон ялалт байгуулж, олз омог олохыг эрмэлзэнэ. Ийм учраас ялалт нь цэрэг нэг бүрийн сонирхол нэгдсэн монголчуудын талд байх нь үлэмж.

Чухам энэ үеэс л аян дайнаас, эсвэл ан гөрөөнөөс эргэж ирээд олзоо хувааж байгаа баатар эрийн иймэж тал нутагт бүрдсэн бололтой. Хүүхдүүд багадаа “Би том болоод танд ийм юм авч өгнө”, “Ах нь том болоод дүүдээ тийм юм бэлэглэнэ” гэж тоглох нь олонтаа. Тэд “аугаа том хуваагч”, бусдаасаа илүү “Түгээгч” байхыг мөрөөдөн өсцгөөх нь элбэг.

Ийм мөрөөдөл үнэт зүйлийг мөн л тал нутаг нь бүтээж өгсөн билээ. Нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл нь ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл хэвээрээ. Энэ эрмэлзэл дээр олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ гардаг. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ.

Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн.

Энэ байдал 2010-аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давлагаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссаны жишээ харуулна.

Хамгийн сүүлд 2019 оны сүүлчийн шөнө “Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй болон төлж дуусаагүй байгаа иргэдийн өрийг татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулах” шийдвэр гарлаа. Үүнийгээ төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хайрлаж байгаагийн том илэрхийлэл хэмээн хундага өргөв. Энэ хайр энэрэлд зээл авахгүй чардайж байгаа ахмадууд багтахгүй. Зээлийн үүргээ ухамсарлан төлж дуусгаж хөнгөдсөн өтгөс хамаарахгүй аж.

Ерөнхий зарчим нь зөв эсэх хамаагүй, шударга ба шударга бус нь ч чухал биш. Хамгийн гол нь хуваасан бас тараасан факт байх учиртай аж.

Социализмын үед хөдөөгийн нэгдэлд “гар өргүүлэх хурал” гэж нэг иймэрхүү юм бас байлаа. Төрөлхийн анхиагүй, залхуу зарим айл нэгдлийн малыг үхүүлээд дуусгах нь бишгүй. Тэдний төлбөрийн чадвар нойль. Хулгай хийгээд байна уу гэхээр үгүй. Шорон оронд явуулчих гэхээр ардын дайсан илрүүлж дарсны дайтай таашаал өгөхөөргүй дорой хөгийн амьтас байх.

Нөгөө талаасаа социализм нь өө сэвгүй төгс нийгэм бөгөөд өнгөрсөн үеийн уламжлагдсан ганц нэг алдааг л засч явааг эс тооцвол. Тэнд муу байгаад засагдаж сайжирч буй хүмүүс л байхаас биш муу төрсөн, эсвэл муугаараа үлдсэн хүн байж таарахгүй номтой. Энэ утгаараа, мөнөөх малаа байнга үхүүлдэг этгээдийг сайн болгосон байх үүргийг дарга удирдагч нар нь үүрдэг гэсэн үг.

Дээр өгүүлсэн “гар өргүүлэх хурал” бол мөнөөх малаа үхүүлсэн этгээдийг нэгдлийн гишүүдийн саналаар уучлах ёслол юм. Уучлал гэхэд ч бас биш, сайн хүн болох үүрэг өгөх хурал гэмээр юм уу. Эндээс, үхүүлсэн малыг нь хүчингүй болгоод шинээр мал хариуцуулж, түүнээ өсгөн сайн хүн болох үүрэг авахуулна. Хожим нь мөнөөх этгээд хэд дэх удаагаа ч юм бэ, сайн хүн болох гээд хуралдуулж суух нь энүүхэнд.

Гэтэл сайн малчин, төлбөрийн чадвартай айл, гэмт хэрэгт холбогдоход хохироод явчихаар этгээд нэгдлийн мал сүрэг үхүүлж, алдаж үрэгдүүлбэл төлбөр, ялбараас мултрахгүй. Сүүлдээ, социалист өмчийг сүйтгэж, үрэгдүүлбэл гурав нугалан төлүүлдэг журам хүртэл гарсан гэж байгаа. Юу яасны чинь Манжийн хааны төмөр сүрэг вэ? Хааны 100 хонь бол 100 хэвээрээ л байх ёстой бөгөөд “нэг нь нэгтэй тэнцүү” үнэлэгдэнэ. Харин БНМАУ-ын социалист өмч бол гэдэг гурав нугарч үнэлэгдэж, нэг хонины цаана хоёр “хий хонь”-ний өртөг байна гэсэн үг. За энэ ч яахав.

Гол нь Монголын засаглал нүүдэлчний төрийн дайны олз хуваадаг уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ.

Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай.

Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассаль болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.

Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол Улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурдсан байна.

ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа.

Гэвч Манжийн хааны хишиг, Зөвлөлтийн зээл тусламж тараах нэгэнт түүх болсон тул олсон баялгаа хувааж эхэлсэн юм. Олсноо хуваагаад дуусахын цагт олж магадгүй мөнгөө хувааж эхэлсэн нь энэ буюу. Учир нь тэтгэврийн зээлээ төлөөгүй байгаа ахмадуудын өрийг тэглэх мөнгийг Салхитын мөнгөний орд гэдгээс олж мэдэшгүй орлогоос гаргах юм байна. Уг нь орд газрынхаа нэрийг “Салхитын долларын орд” гэсэн бол хүмүүс бүр л итгэнэ дээ.

Гэхдээ л хүмүүс төр мөнгө өгнө ч, бид авна ч гэж итгэж байна аа. Бид ирээдүйдээ ийм их итгэлтэй ард түмэн юм уу? Эсвэл, нэг их итгээд байх ирээдүй байхгүй болоод зөвхөн өнөөдрөөрөө амьдардагч юм бил үү…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ол, тараа!


НЭГ. ТАРААГЧ ХҮМҮҮН

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

Хятадын өмнөд Хайнань мужийн нэгэн хотын дарга асан Жан Ци гэртээ 13 тонн алт нуусныг Авлигатай тэмцэх албаныхан илрүүлсэн тухай мэдээ 2019 оны намар түгсэн юм. Дэлхий ертөнц энэ мэдээнд өөр өөрийнхөөрөө гайхсан байдаг. Зарим газар “Хятад дахь авлигын хэмжээ” нь сонин байхад, нөгөөдүүл нь хээл хахуультай хийж буй Си Жиньпиний тэмцлийг бахадсан байх жишээтэй.

Харин монголчуудын хувьд Жан Ци-гийн олсон алтны хэмжээ гайхалтай санагдсангүй. Учир нь дайны олзонд шүтэж амьдарсан уламжлалтай нүүдэлчдэд олзны хэмжээнд лимит хязгаар байдаггүй юм. Гагцхүү тийм их олзыг хэвээр нь хадгалж чадсан тэсвэр, тэвчээр нь ойлгомжгүй байв. Монгол хүний хувьд Жан Ци бол “алт сандайлсан гуйлгачин” ажгуу.

Алт сандайлсан гуйлгачин Жан Ци-гийн түүхийг сонсож байх зуур түүнтэй эсрэгцүүлэм нэгэн намтар санаанд буув. Тэр бол насны эцсийг дутуу гуцуугийн дунд үдсэн ч өөрийгөө асар баян бөгөөд жаргалтай нэгэн байсанд итгэсээр одсон “Наваан ах”-ын түүх юм.

Монгол орон зэх зээлд шилжихэд түрүүлж “баяжсан” хүмүүс хэн байсан гээч. Анх хөрөнгөжсөн хүмүүсийн магнайд хотын уламжлалт дамын наймаачид, овсгоо самбаатай тэнүүлчид бус харин малчид ба хөдөө сумдын жолооч нар.

Учир нь малыг хүчээр нийгэмчилж байгуулсан, хөдөө аж ахуйн нэгдлүүдийг хамгийн түрүүнд тараасан юм. Засгийн газраас тэднийг өөр өөрийн үзэмжээр хувьчлахыг зөвшөөрсөн тул нэгдэлд байсан мал сүрэг, тэрэг техникээ тэгшхэн хувааж авцгаасан байна. Ингээд малчид нь малаа, тэнд ажиллаж байсан жолооч нар машинаа хувьдаа авцгаалаа.

Малчид нь шууд л малаа өсгөх ажилд орлоо. Ганц чаддаг юм нь ч энэ байв. Монгол хүний жаргал нь тал дүүрэн бэлчих мал сүрэг байсаар ирсэн юм. Зуны найртай өдөр ногоон дэнжийг бүрхэн идээшлэх мал сүргээ хараад нүүр дүүрэн мишээл тодруулах монгол хүн шиг жаргалтай юм энэ хорвоод үгүй.

Далимд нь сонирхуулахад, малчин айлд очихын өмнө мал сүргийг нь хараад л айл гэрийн, өрхийн тэргүүний сэтгэл санааны байдлыг мэдэх боломжтой байдаг юм. Тэр ч байтугай, эзнийх нь биеийн байдлыг ч малаар нь дамжуулан төсөөлж болдог. Жишээ нь, хавар мал нь туранхай эцэнхий үед малчин өөрөө харшиж харласан туранхай нэгэн тааралдана. Харин өвлийн бэрхийг тарган, тамир тэнхээтэй давсан малын эзэн золбоолог харагддаг.

Ингээд, малчид нь аз жаргалынхаа замд шуудрав. Хэдхэн жилийн дотор Монголын мал хоёр дахин өсч тавин сая болов. Монгол хүний ганц чаддаг юм мал адгуулах учраас арга ч үгүй юм. Өнөөдөр Монголын мал сүрэг хувьчлагдах үетэйгээ харьцуулахад гурав дахин өсч, бэлчээрийн даац хэтрээд байгаа юм.

Харин машин тэргээ авсан жолооч нар нь арилжаа наймаанд мордов. Угаасаа, Монгол орон зэх зээлийн эдийн засагт шилжих явц хувь хүн наймаа арилжаа хийхийг зөвшөөрснөөр эхэлсэн юм. Монгол хүний мэддэг ганц юм нь наймаа л байлаа. Гэхдээ арилжаа наймаа орчин үеийн бизнэсийн ёс суртлаас хөндий, бараа бүтээгдэхүүний хомсдол дээрээс хязгааргүй унац гаргах ганцхан дүрэмтэй зэрэг нь өөр бүлгийн сэдэв тул ингэсгээд орхиё.

Монголчууд орон нутагт зорчих хориг арилсан төдийгүй гадаадад чөлөөтэй зорчих зэрэг “ганзагын наймааны алтан үе” эхэллээ. Хөдөөний жолооч нар мал аж ахуйн түүхий эд, ноос ноолуурыг Хятад улс руу гаргаж, оронд нь өргөн хэрэглээний бараа оруулж ирэх болсноор богинохон хугацаанд юмжлаа. Гэвч “юмжих”,“хөрөнгөжих” хоёр ялгаатайд хамаг учир байгаа юм.

Миний сайн таних ах хүү хязгаар нутгийн нэгэн суманд жолооч байв. Яг л бусад жолооч нарын нэгэн адил өмч хувьчлалаар 5 тоннын даацтай Зил-130 машинаа хувьдаа авчээ. Ингээд сум-аймаг-хот, Монгол-Хятадын хооронд тээвэр, наймаанд гарч агшин зуур хөөрхөн хөрөнгөтэй болоод авсан юм. Аа, тийм өгүүлбэртэй бодлогын хоёр чухал нөхцөлийг мартсан байна. Тэрээр ах дүү арвуулаа бөгөөд өөрөө хамгийн ахмад нь. Бас эцэг эх нь эрт нас барсан учраас өнчин дүү нараа өсгөх үүрэг түүнд ногдсон гэж болно.

Ингээд холын тээвэрт яваад ирэх тоолондоо ах дүүстээ хишиг хүртээнэ. Хишиг хүртээнэ гэхэд багадах юм байна. Харин олз ашиг хуваана гэвэл үнэнд ойртоно. Яг л Чингис хаан аян дайнаасаа буцаж ирээд олз омгоо хувааж байхдаа л ийм байсан болов уу гэмээр их түгээлт болдог байв.

Хэдийгээр дүү нар нь бие дааж, амин зуулгаас эхлээд ахуй амьдралаа аваад явдаг болсон ч гэсэн том ахынхаа олзыг хүртэх үүрэгтэй гэж үзнэ. Хөдөө суманд нууцсаад байх юм бага, хэн хэнийхээ хувийн амьдралыг, бараг л ор хөнжлийн явдлыг хүртэл тодорхой мэдэх тул “Том ах” бээр дүү нартаа юу хуваарилсныг андахгүй.

Хүмүүс “Айл бүрт хоёр шуудай гурил, хайрцаг чихэр өгч байна гэнэ” хэмээн бахдан шивэгнэлдэж, үр хүүхэд рүүгээ “Манай энэ хэзээ өсч торнин, бидэнд бэлэг хуваах бол” гэж асуусан байдлаар харцгаана. Харин “Наваан ах” энэ бүхэндээ үлэмж баяртай, олон түмнээс ийм л үг сонсох гэж хорвоод мэндэлсэн, түүнийгээ ч хүртсэн байдалтай.

Гадаадад “явах болсны болоод яваад ирсний найр” бол ХХ зууны Монголоос уламжлалтай ёс бөлгөө. Ах хүү энэ уламжлалыг сахиж Хятад улс руу хилийн боомтоор гараад ирсний дараа найр зохионо. Хөдөө сумынхан цөмөөрөө л бие биенээ таньдаг тул хүссэн бүхэн л тэдний зочин гэсэн үг. Улмаар, сум орныхоо элдэв найр наадмын гол хандивлагч болж хувирав.

Ядуу тарчиг мөртлөө найр, цэнгэлд дуртай нүүдэлчид байн байн найр наадам зохиохыг хэлэх үү? Сумынхаа эхлээд сургууль, цэцэрлэгийн ойг хүртэл нижгэр хийнэ.

Монгол хүний хувьд өчүүхэн санаа зовохгүй бадарладаг зүйл бол зугаа цэнгэлийн хандив юм. Хэн ч “Бид хэд нэг сайхан цэнгэх гэсэн юм, чи мөнгө өгнө дөө” гэсэн хүсэлтийг өчүүхэн ч санаа зовохгүй тавина. Цаад хүн ч гайхахгүй “Аргагүй, аргагүй. Хүн байна даа энэ чинь, сайхан найр наадам хийлгүй яахав” гэж үзнэ.

Ингээд манай “Ах хүү” тэргүүтэй хэдэн айл зарим наадмыг бүхэлд нь заримынх нь зөвхөн хурдан морины бай шагналыг гэхчлэн хэсэгчлэн даана. Нэг удаа сумын Соёлын төв шинэ даралтат хөгжим авснаа тэмдэглэн, тэр хавийнхаа гайгүй орлоготой айлуудаар хэсч, хандив нэхсэн байдаг юм. Нэхэх нь монгол хүний ёс, олсноо түгээх нь монгол бахархал юм хойно сумын чинээлэг гэгдэх айлууд 500.000-1.000.000 төгрөгөөр мөнөөх хөгжмийг мялаасан гэдэг.

Зах зээлийн эхлэлийг гайгүй тавьсан жолооч ах хүү маань ойр дотныхноо төдийгүй сум нутгийнхны өмнө том хандивлагч боллоо. Харамсалтай нь арилжаа наймаанаасаа юмжсан болохоос биш хуримтлал үүсгэж чадсангүй. Дараагийн наймаанд явахад хэрэг болох төдий л жаахан юм үлдээж, дансаа “нойллон” санаа амарна. Үүндээ, огтхон ч санаа зовохгүй. Харин ч ах дүүстэйгээ хуваах олзтой, найр наадам даах тэнхээтэй яваагаа хүн болсны хэрэг гэж үзэн аз жаргалаар бялхана.

Хааяа Улаанбаатар орж ирэхдээ надад дор хаяж нэг хонины махтай ирнэ. Гэвч хотын надад хонины гулууз буюу “Давхиж явахад нь хөлдөөсөн” махыг гэсгээж, эвдэх нь үнэхээр түвэгтэй. Янз бүрийн шалтаг заасаар бэлгийг нь очиж авч амжилгүй өнгөрөөсөөр байгаад сүүлдээ больсон юм. Малыг “давхиж явахад нь хөлдөөсөн” гэдэг үг ийм учиртай юм. Нэг хүүхэд аав руугаа утасдан хөдөөнөөс мах ирүүлсэн тухай дуулгаж. Эцэг нь ямар мах хэмээн сонирхоход “Хонийг давхисан чигээр нь хөлдөөсөн мах” гэж тайлбарласнаас дээрх нэршил үүссэн юм. Хонийг монгол аргаас төхөөрөөд, өлгөөтэй хөлдөөхөд дөрвөн мөч нь сарвайн, үнэхээр ч давхиж яваа байдлыг хадгалсан мэт харагддаг билээ.

Он жилүүд улирсаар, монголчуудын бэл бэнчин ч зузааран, наадмыг тэтгэх ханш, хандивын хэмжээ ч өслөө. Үл хөдлөх болон бусад салбарт бизнес эрхлэгч нар хөдөө нутгаас төрөн гарч, жирийн нэг наймаачин жолооч найр наадам зохион байгуулагч нарт сонин байхаа болив. Яг үүнтэй давхацсан мөнөөх ах хүү маань хэцүү нэртэй, хүнд өвчин туслаа. Түүнд хурааж үлдээсэн юм юу байсангүй, гаргаж ирээд эмчилгээндээ хэрэглэх хадгаламж байсангүй. Ингээд орон сууц, унаа машинаа зарж эмчилгээнд явлаа. Эмчилгээ түүний өвчнийг хөнгөвчлөх болохоос эдгээхгүй гэдгийг гадарлах ч хүний итгэл найдвар ямар тасрах биш дээ.

Бодох, дурсахаас өөр юмгүй болсон үедээ нэг удаа арваад жилийн дотор олоод тараасан хөрөнгөө бүдүүвчлэн тооцоолж үзэхэд сая долларт дөхөж байсан гэж хуучилсан юм. Гэхдээ тэр өөрийгөө сайхан амьдарсан, тараасан түгээсэн бүхнээ зөв үйл байсан гэж үзсээр хорвоог орхин одсон бөлгөө.

Ах дүүсийнхээ өмнө, тал нутгийн бяцхан сумынхаа өмнө тэрээр буянтан гэхээсээ илүү зүгээр л үүргээ биелүүлсэн нэгэн байв. Иймээс хүнд өвчтэй байх үед нь түүнд өөрийгөө өртэй гэж үзэх, өмнөөс нь ядаж л сайхан сэтгэлийн хариу барих үүрэгтэйд тооцох хүн тун цөөхөн байсан гэдэг.

Монгол орны зах зээлийн “Ганзагын наймааны алтан үе”-д төрсөн мянга мянган наймаачин олсон бүхнээ зүгээр л хувааж тараасаар байгаад дууссан юм. Эрх мэдэл, нэр алдрын хүчээр хувьчлалд оролцон томхон ашиг хүртсэн “хоньчин-сэхээтнүүд” ч яг тэдний түүхийг давтсан байдаг. Тухайлбал, хожмоо улстөрч болсон алдартай бөхчин нэгэн бээр бүтэн сангийн аж ахуй, дээр нь гурил-тэжээлийн үйлдвэр хувьчилж аваад юу ч болгоогүй, зүгээр л зарж болохоос нь зараад үрээд дуусгасан байх жишээний…

Үргэлжлэл бий.