Коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар их эмч Д.Эрдэнэсувдтай ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсад коронавирусийн шинэ халдвар анх удаа бүртгэгдэх үед та бид хоёр ярилцсан. Харин түүнээс хойш хэд хоногийн хугацаа өнгөрлөө. Монгол хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Гэхдээ бид санаа амарч болохгүй. Улам хариуцлагатай байх нь мэдээжийн хэрэг?
-Тийм ээ, коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэн бүх хүмүүс айж сандарсан байдалтай байх үед ярилцаж байсан. Ихэнх дэлгүүрт хүнс авч нөөцлөх гэсэн хүмүүсийн хөдөлгөөн их байсан. Манайхан аливаа юманд хурдан санаа амардаг. Хэдхэн хоногийн өмнө айж сандарцгааж байсан бол вирус илэрсэн францтай ойр байсан хүмүүсийн хариу сөрөг гараад, үндсэн халдвар аваагүй нь тогтоогдоод ирэхээр санаа амарч тайвширч байж магад. Тэгвэл тайвширч, назгайрч огтоос болохгүй. Хаврын сар гараад удаагүй байна. Хүний бие организм сульдаж дархлаа сулардаг цаг. Дээрээс нь энэ хавар сар олон жилийн дунджаас дулаан байна гэсэн. Тэгэхээр энэ вирусийн халдвар тархах эрсдэлтэй үе гэсэн үг. Иймээс бид халдвараас сэргийлэх, дархлаагаа дэмжих зайлшгүй шаардлага байна. Дэлгүүр болоод олон нийтийн газраар явахгүй байх өнөө зарчмаа ягштал баримтлах хэрэгтэй.
-Халдвараас сэргийлэхийн тулд иргэн хүн хамгийн түрүүнд яах ёстой гэдгийг эмч хүний хувьд энгийнээр тодорхой хэлж өгөхгүй юү?
-Энэ вирусийн халдварын үед урьдчилан сэргийлэх таван зүйлийг зөвлөе. Нэгдүгээрт, сармис хэрэглэх. Халдвар гарсан орнуудын эрдэмтэд сармисыг хэрэглэхийг зөвлөж байна. Сармисыг хүнсэнд хэрэглэхэд цусыг шингэлэн эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Тиймээс түүхийгээр сармисыг хоолтойгоо идвэл сайн. Мөн бага насны болон ахмад настай хүний хүзүүнд зүүж өгч болно. Ингэснээр сармисны үнэр амьсгалын замд вирус бактери үржихийг сааруулдаг. Хоёрдугаарт, халуун хоол, жимсний шүүс уух хэрэгтэй. Учир нь энэ вирус 45 градуст тэсвэртэй гэж үзэж байна. Тайландын эмч 15 минут тутам ус уухыг зөвлөсөн. Амьсгалын замын вирусийг ходоод руу оруулдаг гэж үзэж байгаа ч шингэн сайн ууснаар эргэлдэх цусны хэмжээ ихсэн дархлааг дэмжинэ. Гуравдугаарт, мөнгөжүүлсэн болон зэсжүүлсэн ус уух. Бид эртнээс мөнгөн, зэсэн аягыг өдөр тутам хэрэглэснээр гэдэсний эрдсийн тэнцвэрийг хангахаас гадна бактери ялангуяа хеликобактерийг устган өвчлөл бага байсан. Иймээс бид мөнгөн аягаар гангарах бус өдөр тутам хэрэглэх хэрэгтэй байна. Үүний тулд зэс, мөнгөн аягандаа ус хийж хонуулан хэрэглэвэл бүүр сайн. Дөрөвдүгээрт, энэ халдвар агаар дуслын замаар халдварлаж байгаа тул аргал, хомоолыг уугуулан агаарыг ариутгах боломжтой. Учир нь Японы эрдэмтэд хөх хомоол нь 300 гаруй бактери вирус устгадаг талаар судалсан байна. Тавдугаарт, дархлаа сайтай байхын тулд зөв хооллож зөв амрах. Ялангуяа цусны бүлэгтээ тохируулан хооллох нь дархлааг дэмжихэд ихээхэн нөлөөлнө.
-Биеийн дархлаа сайн бол мэдээж өвчлөхгүй байх боломжтой. Дархлаагаа сайжруулах алхмуудыг хэлж өгөөч. Цусны бүлэгтээ тохируулж хооллох ёстой гэж хэлээд байгаа. Тэр талаар…?
-Уг нь дархлаагаа сайжруулах маш энгийн. Зөв цагт унтах, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх нь чухал. Гэхдээ зөв хооллохын тулд цусны бүлэгтээ тохируулан хэрэглэх нь хамгийн чухал. Яагаад гэвэл хүний цусны бүлэг хоол боловсруулах зам, дархлааны урвал, биеийн галбиртайгаа уялдаатай байдаг талаар олон эрдэмтэд судалчихсан. Доктор Питер Д.Адамо, Б.Болдсайхан нарын судалснаар (О)I бүлгийн цустай хүмүүс мах хамгийн тохиромжтой бөгөөд хүчтэй дархлааны систем, тогтвортой хоол боловсруулах үйл ажиллагаатай аж. Ийм хүмүүс үхэр, хонь, тахиа шувуу болон загасны махыг түлхүү хэрэглэвэл дархлаа нь сайжирна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн тэдэнд төдийлөн тохирохгүй. Мөн “глютен” агуулсан хоол хүнс (буудай болон буудай орсон бүтээгдэхүүн) нь “инсулины бодис”-ын солилцоог багасгаж, ашигтай калорийн хэрэглээг хязгаарладаг. Монгол хүмүүсийн 39,43 хувь нь I бүлгийн цустай байдаг. (A)II бүлгийн цустай хүмүүс маш эмзэг, мэдрэмтгий хоол боловруулах системтэй тул ногоо, ургамал буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн зохимжтой. Хүнд хоол хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бөгөөд эдгээр нь бодисын солилцоог удаашруулж, зүрхний үйл ажиллагааг доголдуулснаар дархлааг сулруулна. Гэхдээ мах огт идэж болохгүй гэсэн үг биш, махнаасаа илүү ногоо ид гэсэн үг шүү. Ургамлын тос, шар буурцаг, хүнсний ногоо, хан боргоцой, хулууны үр, наранцэцгийн үр, бүйлс, самар, далайн хүнс, йоджуулсан давс, брокли, бууцай, элэг зэргийг түлхүү хэрэглэвэл зохимжтой.
(B)III бүлгийн цустай хүмүүс боловсруулах систем нь тогтвортой, дархлааны систем нь хүчтэй бөгөөд ямар ч төрлийн хоолыг сонгон идэх боломжтой. Гэхдээ тэдний голчилж идэх хоол хүнс нь сүү болон сүүн бүтээгдэхүүн байвал зохимжтой юм. Эдгээр нь тэдний жингээ барих гол аргуудын нэг бөгөөд аажмаар турааж, дотроос нь эрүүлжүүлдэг байна. Монгол хүмүүсийн 31,5 хувь нь III бүлгийн цустай байдаг. (АВ)IV бүлгийн цустай хүмүүст далайн хүнс, ногоо буюу бусад хүнсний ногоонууд, цагаан идээ, хан боргоцой, чидуны тос, улаанбуудай далайн гаралтай бүтээгдэхүүн хамгийн зохимжтой. Гэхдээ мах болон ногоог хольж, хэрэглэж болно. Хоол боловсруулах систем нь хэврэг, дархлаа нь хүчтэй бөгөөд эдгээрийг тэнцвэржүүлэхийн тулд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зөв тохируулах хэрэгтэй.
-Цусны бүлэгт тохирох хоол хүнсээс гадна үл тохирох хүнс гэж байх нь мэдээж. Үүнийг хүн бүхэн сонирхож байгаа?
-Хүн өөрт зохимжгүй хүнсийг хэрэглэхээр тухайн хүнсний найрлагын эсрэг дархлалын урвал эрчимжиж харшил үүсгэх… зэрэг зовиур илэрдэг. Тиймээс хүн өөрийн цусны бүлэгт таардаггүй хүнсийг хэрэглэхээс татгалзах нь чухал. Тухайлбал: 0/1/ бүлгийн цустай хүнд үр тариа, агуулсан талх, байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, гахайн мах, утсан загас, Цагаан идээ, төмс, мөөг, алим, жүржний шүүс, кофе, А /2/ бүлгийн цустай хүнд мax. цагаан идээ, улаанбуудайг хэт их хэрэглэх зохимжгүй. Мөн эрдэнэшиш, самар, наран цэцгийн тос, улаан лооль, төмс, перц, жүржийн шүүс, вино буюу архины төрлийн зүйл, В/3/ бүлгийн цустай хүнд газрын самар, сагаг, улаанбуудай, хөх тариа, арвай, эрдэнэшиш, тахиа, галуу, гахайн мах, хуягтай загас, улаан лооль, анар, персик, гишүүн тохирохгүй. АВ/4/ бүлгийн цустай хүнд хурга хониныхоос бусад улаан мах, тахианы мах, үр, эрдэнэшиш, улаанбуудай тохирохгүй байх жишээтэй.
-Хүмүүс ихэвчлэн гэрээсээ ажлаа хийж байна. Гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа. Гэртээ байна гэдэг бол хөдөлгөөн хоригдоод таргалах магадлалтай. Биеийн жингийн индексээр таргалалтаа тодорхойлох тухай яригддаг. Үүнд мэргэжлийн эмчийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ихэнх хүмүүс гэртээ байхаараа таргалдаг. Тэр нь гэртээ хийж байгаа өдөр тутмын ажлаа идэвхтэй хөдөлгөөн гэж андуурдагтай холбоотой. Зарим хүмүүстэй хөдөлгөөний хомсдлын талаар ярилцаж байхад “…би хөдөлгөөний хомсдолгүй ээ. Би ер нь гэртээ зүгээр суудаггүй хүн” гэж ярьдаг. Гэвч гэрийн ажил ихэнхдээ идэвхгүй хөдөлгөөнд ордог. Хөдөлгөөн хийж байхад зүрхний цохилт ихэссэн, амьсгаадалт үүсэн хөлс чийхарч байвал идэвхтэй хөдөлгөөн гэж үздэг. Тэгэхээр аягаа угаах, тоос соруулах… нь идэвхтэй хөдөлгөөн биш. Таргалалтыг биеийн жингийн индекс /БЖИ/-ээр тогтоодог. БЖИ нь 18,5 аас бага бол туранхай, 18,6-24,9 хэвийн жинтэй, 25-29,9 илүүдэл жинтэй, 30 дээш бол таргалалттай гэж үзнэ. Тухайлбал 64 кг жинтэй, 167 өндөртэй хүний биеийн жингийн индексийг тооцож үзвэл БЖИ=64/1,67*1.67 буюу 22,9 нь хэвийн жинтэй гэсэн үг. Гэхдээ тухайн хүн суурь өвчинтэй, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай, ясны сийрэгжилтэй бол биеийн жин нь БЖИ-ээс тооцсон жингээс бага байх шаардлагатай.
-Энэ вирусийн халдварыг зогсоохын тулд юуг илүү анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар зохих арга хэмжээг авч чадаж байна уу?
-Энэ халдварын үед Засгийн газар, Эрүүл мэндийн яам зохих арга хэмжээ авч эмч, эмнэлгийн байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэд ч онц байдлын үед иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж байна. Гэхдээ халдвартай хүмүүстэй харьцаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгсэл, аюулгүй байдлыг хэр хамгаалж байгаа нь чухал. Бид чинь ийм аймаар халдвар байтугай ханиад хатгаагаараа жилдээ 400 гаруй хүнээ алдаж байгаа шүү дээ. Тиймээс дахин давтан хэлэхэд бид сонор сэрэмжээ бууруулж болохгүй. Ялангуяа манай иргэд хэд хоног халдвар гайгүй юм шиг болбол маскаа зүүхээ болиод, гараа угаахаа болчихдог. Манай улсын хувьд гадаадын иргэн халдвартай хил нэвтэрч ирлээ. Бид доторх хөдөлгөөнөө хорьж байгаа нь сайн ч гадаадаас ирж байгаа иргэддээ илүү анхаармаар байна. Ирж байгаа хүмүүсийг бүгдийг тусгаарлан хянах боломж байхгүй ч тэр хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд “өөрийгөө тусгаарлах гэрээ” байгуулж болно. Мөн ДЭМБ-ын зөвлөснөөр халдвар авсан, хавьталтай, халдвартай газраас ирж байгаа хүмүүст заавал N95, 93 зэрэг вирус, бактери шүүдэг маскийг зүүхийг шаардах эсхүл маскаар хангах зэрэг арга хэмжээг авмаар байна. Хэрэв эдгээр эрсдэлтэй хүмүүсийг өөрсдийг нь авч зүү гэхээр гадуур олдоц муутай, үнэтэй байгаа маскыг зүүхгүйгээс халдвар тараах эрсдэл өндөр байна.
Эцэст нь хэлэхэд, энэ халдварыг тараахгүй байхад иргэн бүрийн үүрэг хариуцлага маш чухал тул бид дор бүрнээ өөрсдийгөө, хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна.