Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорины Коронагийн жил

Хорин хоёрны эсэргүүний жил “эрхулаан” анх үзсэн тухайгаа эмээ маань ярьдаг сан. 1932 онд, коммунист хүчирхийллийг эсэргүүцсэн бослогын жил, аэроплан хэмээх нисэх онгоц харснаа ярьж байгаа хэрэг. 1911 оноос эхтэй Монгол Улсын он тоолол тэр үед мөрдөгдөж байсан учраас өнөөгийн календариас 10 жилээр зөрж байна.

Нүүдэлч малчин монголчууд он жилийг тохиолдсон үйл явдлаар нь баримжаалан “Гамингийн жил”, “Мичин жилийн зудны хойтон” хэмээн огноолдог байсан нь энэ хуучаас харагдана. Сүүлдээ оныг нь нэмж “22 оны эсэргүүний жил”, “66 оны үерийн зун” “Жаран есөн оны зудын хавар” болгон хоршуулж ярих болсон нь он тоололд нь хувьсгал гарч эхэлснийг гэрчлэн үлдэж.

Ах дүүс, нэг голынхон болохлоор өөрсдийн мэдэх нэг үйл явдлаар баримжаалан “Доржийн агсам тавьж, морио алддаг жил төрсөн”, “Сандагийг гэрлэсний хойтон намар”, “Ахыг сургуульд ордог жилийн унага” гэхчлэнгийн цолтой дотоод тоолол гаргана. Харин энэ жилийг хожмоо “Хорины Хорооноогийн жил”, “Хорин оны коронагийн жил” хэмээн баримжаалах болов уу? Хэрвээ сонгууль болж амждаг юм аа гэхэд депутатууд нь “Коронагийн жил сонгогддог нөхөр” болж үлдэх нь л дээ.

Коронагийн сүрд дарагдсан жил олон чухал үйл явдал өрнөжээ. Сүүлийн хориод жилд Улаанбаатар анх удаагаа бараг утаагүй өвөлжив. Үүнийг “салхи их гарсан”, “угаасаа дулаан өвөл болсон учраас гал бага түлсэн”, “ерөөсөө Засгийн газарт аз таарсан” гэхчлэнгээр эс тоомсорлож болох ч Улаанбаатар “бараг цэлмэг” өвөлжсөн нь бол баримт л даа. Гэхдээ, урьд өмнөх жилүүдийн туршлага биш юм аа гэхэд сургамж дээр хотын тэнгэр цэлмэж эхэлсэн гэдгийг бас хэлмээр байна. Гэрийг нь дулаалах, зуухыг нь сайжруулах гээд олон төсөл явсны эцэст түлштэй нь ноцолдсон нь энэ.

Яг нарийндаа, үгүйлэгдэж байсан зүйл бол хоёр талын хариуцлага. Нийслэлийн иргэн осгож үхэхгүй өвөлжих эрхтэй, бас бусдыгаа угаартуулж алахгүй байх ч үүрэгтэй билээ. Гэтэл дулаан өвөлжих эрх нь давамгайлаад явчихсан юм. Утаатай тэмцэх ажил “Та энийг түлэх ажаамуу”, “Түүгээр гэрээ дулаалж хайрлана уу” гэсэн гуйлгын аястай.

Утаа гаргагч тал ихээхэн пээдгэр “Зуухыг чинь зарчихсан, тэгээд яахын та нар”, “Бүрээс чинь урагдсан, тэгээд яалгах гээв” гэж ам асуух маягтай. Ямар ч хамаагүй аргаар санал авч төрд гардаг намчин, улс төрчингүүд нь “аргалж байгаад саналыг нь авчихвал утааны нэрээр мөнгө завших боломж олоод авчихна” гэсэн арга барилтай явж иржээ. Энэ бол нэг тал нь. Сүүлдээ, улстөрчид нь агаарын бохирдол дээр менежмэнт хийж мөнгө цохисоор байгаад “Утаа бол манай эдийн засгийн чухал хэсэг” гэхээр байв. Утаа арилах юм бол маш олон хүний “орлогын үүд хаагдах” нигууртай болчихсон хэрэг.

Олон улсын зарим ажиглагчийн хэлдэгчлэн, бүс нутгийн хямрал арилахгүй байгаагийн шалтгаан нь тэнд маш том мөнгөний эргэлт, бизнесийн орчин үүдсэнтэй холбоотой болсон гэдэг шиг үзэгдэл болж. Сирийн хямрал, Афганистаны дотоод дажин нь тэнд хүмүүнлэгийн алхмыг зохицуулах болон тусламжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбоотой бизнесийг хамгаалах сонирхолтой уягдаад ужгирсан гэж тэд хэлдэг.

Яг түүн шиг, утаатай тэмцэхийн хамгийн хэцүү нь утаа өөрөө биш, түүгээр бизнес хийдэг бүлэглэлийн эрх ашигтай зөрчилдөх явдал болж хувирсан гэсэн үг. Бэрхшээлийн нөгөө тал нь энэ. Нөгөөх “өвчин, өвчтөн хоёр нэг тал болчихвол эмч ялагдахад хүрдэг” гэдэг шиг “утаа гаргагч ба ямар ч аргаар хамаагүй утаатай байлгахыг сонирхогч” хоёрын эрх ашиг нэгдээд байсан хэрэг. Ийм юмруу нэг сэлэм барьсан сэнтэгтэй гар л давхиж орно уу гэхээс бусад нь хулчиймаар л даа. Хачирхалтай нь тэр сэлэм барьсан сэнтэгтэй гар нь засаг тэргүүлж таардаг нь бас юу ч билээ.

За тэр, түүхий нүүрс хориглосон, сайжруулсан түлш хийсэн зэргийг орхиод ярихад намрын сүүлээр хэд хэдэн хүн угаартаж нас барсан хэрэг явдал олон юмыг өөрчилсөн санагддаг. Урьд нь жил бүр 50 орчим хүн угаартаж нас бардаг байсан ч төдий тоодоггүй байж. Гэтэл өнгөрөгч намар “Шинэ маягийн түлш хортой эсэх”тэй зэрэгцэн угаартаж нас барсан хэрэг явдал олны анхааралд өртлөө. Сөрөг талын “Засгийн газраас сайжруулан түлш нэрээр ард түмнийг хордуулах ажиллагааг илчлэх” кампани санамсаргүйгээр нөгөө талдаа нь ашигтай тусав. Өмнө нь хээв нэг бусдыгаа угаартуулж явсан хүмүүс өөрчлөгдөж, өөрөө угаартахаас хамгаалах сэдэл эрмэлзэл “утаа гаргагч тал”аас гарах болов. (Утааны дохиолол тавьж өгөөд байхад, ажиллаж сигналь өгөөд байхад унтраагаад угаартсан явдал гарсан нь хотын агаар бүрэн цэлмэтэл өдий гэдгийг хэлээд өгч байна)

Ийнхүү анх удаагаа утаанд хохирогч болон утаа гаргагч талын сонирхол ойртож эхэлсэн. Утаатай холбоотой бизнес сонирхлуудыг яаж зохицуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан дээр өгүүлж буй угаартаж нас барснаас үүдсэн нийгмийн сэхээрэл нь хотын утааг шийдэх нэг чухал нөхцөл болсон санагддаг.

Хэрвээ Коронагийн дарангуйлалд бүдгэрээгүй бол 20192020 он бол “ЖДҮ хагарсан жил” байлаа. ЖДҮ хулгай энэ жил үүсээгүй, арав, магадгүй хориод жилийн тэртээгээс бугласан хатги ажгуу. Харин энэ өвөл бол ЖДҮ хагарсан байлаа. Монголчууд нийгмийнхээ хатгийг харж, идээ бээрийг нь үнэртэн огив. Төрөө байн байн угааж арчиж, ариун цэврийг нь сахиулж байхгүй бол ийм яр, идээ бээрэнд баригддаг гэдгийг мэдсэн хэрэг.

Бид ардчиллыг ихээхэн коммунист маягаар төсөөлж байснаа ухаарч эхэлсэн танин мэдэхүйн цаг үе. Социалист үзэл суртлаар бол “Чардайж байгаад коммунист нийгэмд орчихвол жаргаж үхнэ. Тэнд ямар ч проблем байхгүй, хүн бүр нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” хэмээн номлон итгүүлсэн. Сонин шүү. Тэд шашныг нэг нүдээрээ үздэггүй, “Хүнийг энэ төрөлдөө зовохын хэрээр хойт насандаа жаргана хэмээн мунхруулдаг” хэмээн шүүмжилдэг байсан юм. Тэгсэн атлаа “Социализм байгуулах гэж хичнээн их зовно, коммунизмд ороод тэр хэрээрээ жаргана” гэж сурталддаг байж.

Бид коммунизмаасаа салсан ч коммунист маягийн сэтгэлгээ нь өвлөгдөн үлджээ. Тэгээд “Яаж ийж байгаад л ардчилчихвал яг коммунизмд орох мэт хамаг юм өөрөө болж бүтээд, шударга ёс хар аяндаа тогтоод явчихна” гэж найдсан байна. Тийм болоод өнөөдөр “Ардчиллаад байхад цалин яагаад бага байна”, “Хулгай гараад байгаа учраас ардчилахаа болих эсэх” гэхчлэнгийн уянгын асуулт тавьж байгаа юм.

Бас л “Нэг сайн удирдагч, аврагч гарч ирээд л хүн төрөлхтөн хийгээд ард түмнээ хайрлаад явдаг ба жишээ нь Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал дарга…Гол нь тэрийгээ л олох учиртай” гэсэн социалист номлолоосоо салж чадаагүй өнөө хүрчээ. Тэгээд л сонгууль болгоноор өөрийн гэсэн Ленин, Сүхбаатараа олж тавиад санаа зовох юмгүй жаргачих санаатай явсаар энд хүрсэн байх юм.

Ардчилал бол хувь заяандаа эзэн байх боломж л ажгуу. Хэн ч чиний зовлонг өмнөөс чинь үүрэх үүрэггүй, бас хэн ч чиний аз жаргалыг булаах эрхгүй. Ямар ч Ленин, Сүхбаатар олдохгүй. Чи өөрөө Ленин, өөртөө Сүхбаатар. Харин төр нийгмээ хатигнаас сэргийлж, засагтаа байн байн эрүүл мэндийн үзлэг хийж, байхгүй бол ардчилсны хэрэг гарахгүй гэдгийг ухаарсан. “ЖДҮ хагарсан” жилийн өгөөж энэ. Цаашдаа “Коронагийн жил” юугаар дурсагдан үлдэхийг таашгүй. Хэн түүнийг арга чадамжаа бататгах боломж болгох, хэн өөрийн завшаан болгон хувиргахыг ч төсөөлшгүй.

Одоохондоо бол, аюулт хижгийг тогтоон барих тал дээр бол тун дажгүй байна. Гэхдээ цаашдаа яахыг бүү мэд. Эрх баригчид болохлоор, утаа арилж байгааг иргэд мартаагүй байхад, коронаг хазаарлаж амжиж байгаа дээрээ сонгууль явуулаад үзэх сонирхолтой байх шиг байна. Монгол хүнд дундаж сэтгэгдэл гэж бараг байхгүй, дээш доошоо савлаж байдаг хойно. Онгирсон дээр нь сонгуульд оруулбал “жидүү бол үхсэн баас” гэж ч мэднэ. Монголын анхны корона вирус илэрсэн франц эрийг газар дээр нь багалзуурдах, ажилладаг уурхайг шатаах юм болж байсан даа, манайхан. Маргааш нөгөөдөр нь санаа эргээд бараг л ээлж ээлжээр эргэлт оруулж, хөөрхий франц өвчтөн юугаа оочероор сахихдаа тулсныг бодоход тэдний тооцоо бодитой юм.

Улмаар энэ өвөл хаврын “харинтийн” дундуур шинэ нам, шинэ хүмүүс өөрсдийгөө таниулах боломж бараг гарахгүй учраас сонгогчид хууччуулаас өөр сонголтгүй болж мухардахыг ч тэд мэдэж байгаа. Ийм учраас бусдыг, ялангуяа шинээр гарч ирсэн эвсэл нам, бие даагчдыг карантийлж байгаад сонгууль явуулах нь “МАН,АН”-д үнэхээр ашигтай.

Нөгөө талаас зарим нь юмыг яаж мэдэхэв, жаахан хүлээзнээдэхвэл “Ковид19” хяналтаас гараад, улсын нөөц нь хомсдоод ирвэл бас учиртай хэмээн тооцоолоод бооцоогоо тавьж байх шиг. Улмаар, нийгмийг хамарсан хямралаас болоод засгийн эрх гудамжинд унавал шүүрээд авч болно ч гэсэн санаархал ч байна. Бүх юм сайхнаараа явлаа ч гэсэн иргэдийн дунд утаа багатай өвөл, коронагаас хамгаалсан ажиллагаа зэрэг нь байдаг л нэг зүйл болоод мартагдана. Цаашлах тутам нийгмийн сэтгэл зүйн савлуур нөгөө тийшээ унаж, сонголт ч шинэчлэгдэнэ гэдгийг бас талууд харж байгаа.

Санаснаар болдоггүй хорвоо юу даа хө гэж нийтийн дуу байдаг шиг “Коронагийн жил” хэний ямар итгэл найдвар, горьдлогоос хороохыг одоо төсөөлөхөд амаргүй байнам.

2020.04.08

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Д.Содном: Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй намыг л сонгуульд оролцуулах ёстой

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын талаар Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-Засгийн газрын хэрэг эрхлэх газар санаачилж “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал боловсруулсан байна. Та танилцсан уу?

-“Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсыг ирэх 30 жилийн хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг судалж байна. Урьд хийгдэж байсан төслүүд, тэдгээрийн хэрэгжүүлэлт ямар байгааг мэдэх учраас шинэ төсөл чанартай боловсрогдож, хэрэгжүүлэх ажил эхнээсээ зөв зохион байгуулагдахад тус болох санаагаар анхааралтай судалж, санал бодлоо хэлж эхэлж байгаа. Улсын Их Хурал Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалыг хоёр удаа буюу 2009 болон 2015 онд баталж байсан. Тэр үзэл баримтлалуудын гол зорилтууд, тухайлбал Нэг хүнд оногдох үйлдвэрлэлийг 2020 онд 15 мянга, 2030 онд 17 мянган долларт хүргэх, 2030 онд ядуурлыг эцэс болгох, хүн амын 80 хувийг чинээлэг дундаж амьдралтай болгох, 2024 он гэхэд Засгийн газрын өрийг барагдуулсан байх зэрэг зорилтууд үндэслэл тооцоогүй, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ зохиогдоогүй учраас худал амлалтууд болсон. Мөн УИХ-аас 2015 онд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргасан боловч түүнийгээ хэрэгжүүлээгүй. Эдийн засаг тогтвортой хөгжихгүй, иргэдийн амьдрал сайжирч ядуурал арилахгүй, улсын өр олон тэрбум долларт хүрээд байгаа нь энэ бүхэнтэй холбоотой. Монгол Улс шинэчлэгдсэн, хөгжил дэвшил гарсан боловч ухаалаг бодлогоор тогтвортой хурдацтай хөгжөөгүй, ядуурлыг арилгаж чадаагүй, олон тэрбум долларын өрөнд унасан, цаашид хөгжих бодлого нь тодорхойгүй болоод байгаа гэж өнгөрсөн 30 жилийн амьдралыг дүгнээд хөгжлийн бодлого, үзэл баримтлалыг шинээр боловсруулж байгаа нь зөв санаачилга. Төр засгийн эрх баригч улс төрийн намын удирдагчид Монгол Улсын эдийн засаг нийгмийг ирэх 30 жилд ухаалаг бодлогоор хөгжүүлье, түүний хэрэгжүүлэлтээр иргэдийн өмнө хариуцлагаа хүлээж ажиллая, хууль, сахилга дэг журмыг эрхэмлэж урьд жилүүдийн алдаа дутагдлыг арилгая гэж байгааг ард түмэн дэмжих болно. Иргэдийн дэмжлэгийг авахын тулд хөгжлийн бодлогоо чанартай боловсруулж танилцуулсан, түүнийгээ хэрэгжүүлэх ажил зөв эхэлсэн байх учиртай.

-Хөгжлийн үзэл баримтлалын шинээр боловсруулсан төсөл урьдынхаас чанаржсан эсэхэд таны саналыг сонсъё?

-Үзэл баримтлалын төсөлд бичигдсэн есөн эрхэм зорилт гэсний дөрөвдүгээр буюу эдийн засгийн зорилтын хэсгийг бага зэрэг судалж амжлаа. Урьд зохиогдож байсан Монгол Улсын хөгжлийн хоёр үзэл баримтлалтай зэрэгцүүлэхэд судалгаа тооцооны хувьд сайжирсан байна. Хөгжлийн гол үзүүлэлтээр 2050 онд хүрсэн байх зорилтуудын зэрэгцээ төлөвлөж байгаа хугацааны эхний жилүүд буюу 2025 он, 2030 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг зарим гол үзүүлэлтээр тодорхойлсон байна. Энэ нь хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг эхний тав арван жилээс хэрэгжүүлэх шаардлагад нийцсэн байна. Дэвшүүлж байгаа зорилтуудын үндэслэлийг нягтлах, төлөвлөж буй төсөл, арга хэмжээнүүдийг тодотгох шаардлагатай гэж үзэж үзэл баримтлалын төслөө эхний хувилбар гэсэн байна. Энэ зөв. Тодотгох өөрчлөх юм байгаа нь ажиглагдаж байна. Жишээлбэл, 2050 онд нэг доллартай харьцах төгрөгийн ханш 2400 болтол чангарсан байх, малын тоо 116 сая толгой болтол нэмэгдсэн байхаар тооцсон байгаа. Хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн жагсаалт байгаа боловч эхний жилүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг тодорхойлж техник эдийн засгийн үндэслэл тооцоог нь боловсруулах ажил хийгдээгүй. Үзэл баримтлалыгн төслийг боловсруулхад олон зуун хүн оролцсон гэж байгаа боловч нэгтгэн хянаж уялдаа холбоо, чанар зэргийг хариуцаж боловсруулсан автор буюу эзэн тодорхой биш байгаа зэрэг шүүмжлэх юм бий. Эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцах төрийн захиргааны төв байгууллагатай байх асуудлаа шийдэхгүй бол, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 2015 оны хуулийг хэрэгжүүлдэггүй дутагдлаа засахгүй бол хөгжлийн асуудал шийдэгдэхгүй.

-Төр засгийн удирдлагад хандаж эдгээр болгоомжлол, саналаа илэрхийлсэн үү?

-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч сарын эхээр “Хөгжлийн үзэл баримтлалын шинэчилсэн төсөл”-тэй танилцах, төслийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан. Тэр уулзалтдаа намайг оролцууллаа. Энэ сайхан завшааныг ашиглаж би “Алсын хараа-2050“ төслийг сайжруулах, эцэслэж боловсруулах болон батлахад анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад гарч байсан урьдын алдааг давтахгүй байх талаар өөрийн бодол саналыг ярьсан. Уулзалтад Үзэл баримтлалын төслийг удирдан боловсруулсан зарим эрдэмтэд, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг нөхөд байсан учраас миний хэлсэн тодорхой санал зөвлөмж анхаарагдах байх гэж найдаж байгаа. Миний бие дараахь тодорхой санал хэлж, түүгээр Г.Занданшатар, Хүрэлсүх нарт бичсэн захидлаа уулзалт дээр гардуулсан. “Алсын хараа-2050“ хөгжлийн үзэл баримтлалын төслийн эхний хувилбарыг УИХ-ын 2020 оны хаврын чуулганы хуралдаанд танилцуулах, түүнийг сайжруулах, баталж хэрэгжүүлэх асуудлаар санал авах зорилгоор хэлэлцүүлээд дараахь гурван асуудлаар тодорхой шийдвэр гаргавал зөв болно гэсэн санал хэлсэн.

-Тэрхүү саналаа сонирхуулахгүй юу, Содном гуай?

-Бололгүй яахав. Нэгд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яамыг энэ оны эхний хагаст байгуулах болон Монгол Улсын “Алсын хараа-2050“ хөгжлийн үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт оруулан хэлэлцүүлэх. Улмаар УИХ-д өргөн барьж батлуулах эцсийн хувилбарыг гаргах, УИХ-аас батлагдсан шийдвэрийн хэрэгжүүлэлтийг хангах арга хэмжээ авч байх үүргийг тус яаманд хариуцуулсан шийдвэр гаргах. Хоёрт “Алсын хараа-2050“ хөгжлийн үзэл баримтлалын төсөлд төлөвлөгдсөн зорилтуудаас 2025, 2030 оны гол зорилт болгосон дараах үзүүлэлтүүдийг УИХ хянаж баталсан шийдвэр гаргах нь чухал. Үүнд, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тухайн оны үнээр 2025 онд 7400 доллар, 2030 онд 10800 доллар. Ажиллагсдын тоо 2025 онд 1,6 сая хүн, 2030 онд 1,9 сая хүн, дундаж цалин 2025 онд 770 мянган төгрөг, 2030 онд 800 мянган төгрөг. Экспорт 2030 он гэхэд 25,6 сая доллар. Гуравдугаарт, УИХ-ын 2015 оны Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд оролцох санал хүсэлтэй улс төрийн нам, намуудын эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан байх, тэр шаардлага хангагдсан эсэхийг Үндэсний аудитын газар хянаад, дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд улс төрийн намыг оролцуулах зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулсан нөхцөлд олгож байх ёстой. Энэ хууль бол Монгол Улсын хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгох чухал ач холбогдолтой. Энэ хуулийг 2016 оны сонгуулийн үед хэрэгжүүлээгүй зөрчлийг давтаж болохгүй. Энэ үүднээс нэг хүнд оногдох ДНБ, ажиллагсдын тоо, дундаж цалин, экспортын 2025 ба 2030 онд хүрсэн байх дээр дурдсан зорилтуудыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулсан eлс төрийн нам буюу эвсэлд Ерөнхийлөгчийн 2021 оны болон УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохыг зөвшөөрөх тухай УИХ-ын шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Улс төрийн намуудын боловсруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр “Алсын хараа-2050“ хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэхээр зохиогдсон эсэх дүгнэлтийг үзэл баримтлал боловсруулсан эрдэмтдээр гаргуулж болох юм. Улсаа хөгжүүлэх ухаалаг бодлого боловсруулах, түүнийг хамгийн үр ашигтай арга хэлбэрээр хэрэгжүүлэхийн төлөө өрсөлдөх чадвартай улс төрийн нам байхыг зөвшөөрдөг болж, эрх мэдэл албан тушаал олж авах зорилготой олон (35) нам байгааг цөөрүүлж, Монгол Улсын хөгжлийг эрхэмлэж үр бүтээлтэй ажиллах сонирхол чадвартай 2-3 улс төрийн намтай болмоор байгаа юм. Дээрх санал зөвлөмжөө УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр өгсөн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол дэлхийн эрүүл мэндийн яам юм

“Эмч” булангийн энэ удаагийн зочноор АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа.


-Өнөөдөр ДЭМБ-ын өдөр тохиож байна. Энэ жилийг ДЭМБ сувилагч, эх баригч нараа дэмжих жил болгон зарласан. АШУҮИС Монгол Улсад сувилагч, эх баригч нарыг бэлтгэдэг ууган их сургуулийн нэг учраас энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Флоренс Найтингейлын мэндэлсний хоёр зуун жилийн ойг тохиолдуулан 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарласан бөгөөд хоёрдугаар сарын долооны өдрийг дэлхий дахинаа сувилагч, эх баригч нарын алдрыг дурсах өдөр болгон тэмдэглэж байна. Найтингейл бол орчин үеийн сувилахуйн ухааныг хөгжүүлсэн анхдагч гэж үздэг. Тэрээр 1850-иад оны үеэр Крымийн дайны шархадсан цэргүүдийг анагаах, асрах ажлыг өрнүүлж, улмаар Лондонд өөрийн асрамжийн сургууль байгуулсан юм билээ. ДЭМБ дэлхийн улс төрчдөд дэлхий нийтийг эрүүл саруул, энх тунх байлгахад тэдний үүрэг асар их гэдгийг сануулахад чиглэгдэж байна. Ялангуяа өнөөдөр дэлхийн хүн амын эрүүл энхийн төлөө эмч, сувилагч нар өөрийн амь насаа зориулан өгсөн тангарагтаа үнэчээр дэлхийн өнцөг булан бүрт зүтгэж байна. Тэд дэлхийн ямар ч улс оронд байгаагаасаа үл хамааран ижилхэн тангараг өргөдөг хүмүүс. Тэд хэнийг ч үл ялгаварлан эн тэнцүү энэрч хайрлаж, мэдлэг оюун, ур чадвараа зориулах ёс зүй, үүрэг хариуцлагыг адилхан хүлээдэг. ДЭМБ ард иргэдэд, улстөрчид шийдвэр гаргагч нарт, эрүүл мэндийн байгууллагынханд зориулж өөрсдийн зүгээс сувилагч, эх баригч нарт хандах хандлагадаа эрс өөрчлөлт гаргахыг уриалж байна. Ард иргэдийг хамгийн хүнд хэцүү ажлыг нуруун дээрээ үүрч байдаг сувилагч нартаа талархаж, баярласнаа илэрхийлж, өөрийн орон нутгийн шийдвэр гаргагч нарт тэдний үйл ажиллагааг дэмжиж, бүрэн хэмжээнд ажиллах боломжоор нь хангахыг шаардаж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Улстөрчдөд сувилагч, эх баригч нарын ажиллах, сурч боловсроход хөрөнгө оруулалт оруулахыг зөвлөж, тэгснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарт ахиц гарахыг анхааруулж байна. Эрүүл мэндийн ажилтнуудад Эрүүл мэндийн салбарын хамгийн том ажиллах хүч бол сувилагч нар бөгөөд тэдний үзэл бодлыг хүндэтгэж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ажиллах боломжийг бий болгох зэрэгт чиглэсэн үйл ажиллагаануудыг ДЭМБ явуулж гишүүн улс орнуудынхаа сайд нараар дамжуулж тодорхой өөрчлөлт гаргахыг зөвлөж байна. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь 90 жилийн түүхтэй сургууль бөгөөд Монгол Улсад сувилагч, эх баригч нарыг бэлтгэн гаргаж ирсэн ууган сургууль юм. Өнөөдөр гэхэд манай Сувилахуйн сургуулийн 638 оюутан багш нар сайн дурын үндсэн дээр Монгол Улсын өнцөг булан бүрт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд оролцож сурсан мэдсэнээ ард түмэндээ зориулж байна. Сувилахуйн багш нар маань сувилагч нарын стресс менежмэнтийн цахим сургалтуудыг явуулж байна. Хүчирхэг эрүүл мэндийн ажилтнуудтай орны эдийн засаг хүчирхэг байдаг. Монгол Улсынхаа бүх сувилагч, эх баригч нартаа, ирээдүйн сувилагч, эх баригч нар болохоор суралцаж байгаа оюутнууддаа баяр хүргэе.

-ДЭМБ-ыг анх байгуулах санаачилга их сонин түүхтэй санагддаг. Би таны бичсэн нийтлэлийг уншиж байсан юм байна. Ер нь хэний санаачилга байсан бэ?

-Дэлхийн удирдагчдын 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллагыг (НҮБ) байгуулах санаа гарч байхад л Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг (ДЭМБ) байгуулах санаа хамт явж хэлэлцсэн гол асуудлын нэг байсан. Түүнээс НҮБ-ыг байгуулчихаад дараа нь гарч ирсэн санаа огт биш. Гуравхан төрөлжсөн байгууллагыг л анх байгуулахаар шийдвэрлэж байгуулж байсан нь ДЭМБ, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк юм. Дэлхийн өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж дэмжихэд юуны өмнө эрүүл мэнд, хоёрт хөрөнгө мөнгө хэрэгтэй гэж үзэж байсан байна. Энх тайвныг эрүүл мэндгүйгээр төсөөлөх арга байхгүй. Ингээд 1945 онд НҮБ-ыг байгуулах талаар олон улсын дипломатууд цугларч эв санаагаа нэгтгэн байхдаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, ярилцсаны үндсэн дээр НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллага болох ДЭМБ үүсэн байгуулагдах түүхэн эх үүсвэр тавигдсан юм.

Дэлхий нийтийг дайн дажингүй, амар амгалан, эрүүл саруул байлгахын төлөө тэр үеийн удирдагч нарын зорилго, эв санаагаа нэгтгэж НҮБ-ыг байгуулж байсан нь хүн төрөлхтний өмнө тэдний байгуусан том гавьяа юм. Ф.Д.Рузвельт, И.В.Сталин, У.Черчель нар “НҮБ-ыг байгуулж ядаж тавин жил дайн гаргахгүй байх юмсан” гэж хоорондоо ярилцаж байсан гэдэг. 1946 оны зургадугаар сарын арван еснөөс долдугаар сарын хорин хоёрны хооронд Нью-Йорк хотноо болсон Олон улсын эрүүл мэндийн хурал дээр жаран нэгэн орны төлөөлөгчид ДЭМБ-ын дүрмийг батлаж, хоёр жилийн дараа 1948 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр НҮБ-ын хорин зургаа дахь гишүүн улс нь уг дүрмийг соёрхон баталсны үндсэн дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн чиглэлээр өргөн хүрээний үүрэг бүхий төрөлжсөн агентлаг хэлбэрээр байгуулсан бөгөөд энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, НҮБ-ыг Дэлхийн засгийн газар гэж үзвэл ДЭМБ-ыг түүний Эрүүл мэндийн яам гэж хэлж болох юм. Өнөө үед ДЭМБ-ын хяналтанд байдаггүй, зохицуулдаггүй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн нэг ч салбар байхгүй гэж хэлж болно. 1950 оноос дөрөвдүгээр сарын долооны өдрийг ДЭМБ-ын өдөр болгон дэлхий дахины тэмдэглэж ирсэн уламжлалтай. ДЭМБ нь эгнээндээ 194 орныг элсүүлэн, зургаан бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна.

-ДЭМБ, Монгол Улсын хооронд хамтын ажиллагаа хэрхэн өрнөж, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар манай улсад хэзээ байгуулагдаж байсан юм бол. Монгол Улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн үүргээ хэр сайн биелүүлж, оролцоотой байна гэж үздэг вэ?

-ДЭМБ нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, судлах, түүнтэй холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний стандарт нормуудыг боловсруулах, улс орнуудад техникийн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах, нотолгоонд суурилсан тухайн улс орны онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг явуулахаас гадна эрхийг хамгаалдаг байгууллага юм. ДЭМБ эрхэм зорилгоо дэлхийн бүх ард түмний эрүүл мэндийг хүрч болох хамгийн өндөр түвшинд хүргэхэд оршино гэж тодорхойлсон байдаг. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын арван наймнаас эхлэн өнөөг хүртэл тавин найман жилийн түүхэн үеийг хамт туулсан байна. 1971 онд Монгол Улсад суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж эхэлсэн. Үе үеийн суурин төлөөлөгч нар манай улсын төлөө гэсэн сэтгэлтэй байж, эрүүл мэндийн салбарын хөгжилд өвөрмөц ахиц гаргаж, хувь нэмрээ оруулж байсныг цохон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс 1963-1995 он хүртэл Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Ази Номхон далайн бүсэд шилжин орсон. Монгол Улс ДЭМБ-ын үйл ажиллагаанд зохих хэмжээний хувь нэмрийг оруулж ирснийг хэлэхийг хүсч байна. Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий чуулганы ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Номхон далайн баруун бүсийн хорооны хуралдааны дарга, дэд даргаар, хэд хэдэн удаа сонгогдож байсан бөгөөд 2009 оны ДЭМБ-ын арван хоёрдугаар чуулганд, миний бие ЭМ-ийн дэд сайдын үүргийг хашиж байсан үе, оролцох үеэр Монгол улсыг ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлд оруулах саналыг ерөнхий чуулганы даргад уламжлан улмаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулганаас Монгол Улсыг Гүйцэтгэх Зөвлөлд нэр дэвшүүлж 2010 оны тавдугаар сард ДЭМБ-ын жаран гуравдугаар чуулганаар батлагдан, гурван жилийн хугацаатай (2010-2013) гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдсон юм. 1967, 1977, 1994 онуудад бүсийн хорооны хуралдаануудыг, 1984 онд Хөвсгөл аймагт “Анхан шатны тусламж үйлчилгээний Бүсийн семинар”-ыг, мөн 1994 онд “Бүсийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хуралдаан”-ыг Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн, тус бүсийн Шинжлэх ухааны зөвлөх хороонд байхдаа зохион байгуулж байсан. 2010 оны тавдугаар сард Монгол Улсын ЗГ-аас ДЭМБ-тай хамтран ажиллах дунд хугацааны стратегийг (2010-2015) боловсруулж ДЭМБ-ын 63 дугаар ерөнхий чуулганы үеэр батлуулан, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др.Шин ЁН Су Монгол улсад албан ёсны айлчлал хийж, дээрх стратегийн баримт бичгийг Монгол Улсын ЗГ-т албан ёсоор хүлээлгэн өгч, мөн Монгол Улс нь ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон тогтоол батлагдсаныг албан ёсоор мэдэгдэж байсан түүхтэй. ЭМЯ нь Манила дахь ДЭМБ-ын “Ази, Номхон далайн бүс болон Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин Төлөөлөгчийн Газартай нягт холбоотой ажиллаж ирсэн. Миний бие ЭМ-ийн дэд сайдаар 2007-2012 онд ажиллах хугацаанд Манила дахь ДЭМБ-ын “Ази, Номхон далайн бүсийн захирлаар ажиллаж байсан Др.Шигеру Оми /1999-2009/, Др. Шин ЁН Су (2009-2019) нартай биечлэн уулзаж Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өмнө тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг цаг алдалгүй шийвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар асуудлыг дэвшүүлэхэд найрсагаар хүлээн авч асар хурдтай арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлж байсныг дурдан талархал илэрхийлэхийг хүсч байна.Тэр үед одоогийн бүсийн захирал Др. Такеши Касай гуай бүсэд манай улсыг хариуцсан мэрэгжилтнээр ажиллаж байсан санаж байна.

-ДЭМБ, АШУҮИС-ийн хоорондын хамтын ажиллагаа ямар түвшинд явж ирсэн бэ?

-ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Такеши Касай 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ манай сургууль дээр айлчилж эрдэмтэн профессоруудтай уулзаж Анагаахын боловсрол олгож, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байгаа их сургуулиудын үүрэг роль асар чухал болохыг тэмлэглэж “Өвчилсөн хойно нь эмээр эмчлэх биш, урьдчилан сэргийлэх ёстой гэдгийн нэгэн адил бид анхнаас нь мэргэжил олгож байгаа их сургуулийн хөгжлийг дэмжиж чанартай боловсон хүчин бэлтгэх нөхцөлөөр хангаж өгч байж сайн бүтээгдэхүүнийг шаардана, энэ дээр төр засаг анхаарах ёстой” гэж хэлсэн. Др. Такаши Касай гуайд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр АШУҮИС-ийн Хүндэт доктор цолыг олгосон. АШУҮИС, ДЭМБ хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш үр бүтээлтэй явж ирсэн. Монгол Улс Зүүн Өмнөд Азийн бүсэд (ЗӨАБ) харьяалагдаж байх үед бүсийн захирал Др. В.Т Гунаратне гуай Монгол Улсад айлчилж 1987 онд манай сургуульд сая долларын сургалтын лабораторийг байгуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж байсан түүхтэй. Багш нарыг ДЭМБ-ын зардлаар бэлтгэж эхэлсэн бөгөөд Сувилахуйн боловсролыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1968 оноос ДЭМБ-ын 008 хөтөлбөр хэрэгжиж Бүгд Найрамдах Польш улсын иргэн сувилагч Ирина Шарковска1968-1972, 1974-1975, 1979-1979 онуудад гурван удаа, Бүгд Найрамдах Югослав улсын иргэн сувилагч Мироян Бриэч 1972-1974, 1975-1977 онд хоёр удаа Монгол Улсад тус тус ажилласан байдаг. Анх удаа ДЭМБ-аас сувилахуйн сурах бичгийг орос хэлээр хэвлэн сургалтад нэвтрүүлсэн. 1997 оноос ДЭМБ-ын 001 хөтөлбөр хэрэгжүүлж уламжлалт анагаах ухааны эмч нарыг бэлтгэж улмаар ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой орны нэг болсон, мэс засал яаралтай тусламжийн хамтын ажиллагааны төвтэй болсон гээд олон ажлуудыг ДЭМБ-ын тусламжтайгаар явуулж ирсэн. Одоо хүртэл тэр лабораторийн ширээнүүд нь манай эрдэмтдийн хайртай ширээнүүд байсаар байна.

-Таны аав Замбалгаравын Жадамба Монгол Улсаас ДЭМБ-д ажиллаж улмаар ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн Бүсийн дэд захирлаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр та бага наснаасаа энэ байгууллагыг сайн мэдэх байх?

-Тийм ээ. Миний аав Монгол Улсаас НҮБ-ыг төрөлжсөн байгууллага болох ДЭМБ-ын пасспортыг өвөртлөн монгол хүний чадамжийг дэлхийд таниулан 1978-1983,1988-1994 онуудад ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн товчоонд мэргэжилтэн, бүсийн захирлын зөвлөх, 1994-1997 онд тус Бүсийн хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх асуудал эрхэлсэн захирал, 1997-1999 онд Халдварт бус өвчин, нийгмийн өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал, 1999-2001 онд НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм эдийн засгийн комисст ДЭМБ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн албыг тус тус хашиж НҮБ-ын албан тушаалын ангиллын Д (захирлын зэргийг хүртсэн анхны монгол мэргэжилтэн юм. Өнөөдрийг хүртэл Монгол Улсаас НҮБ-ын системийн альч байгууллагад Д1- ийн VIII зэрэглэлийн энэхүү өндөр албан тушаалд хүрч ажиллааагүй байгаа билээ. Тийм учир таны хэлснээр ДЭМБ бол миний бага наснаасаа өнөөг хүртэл хамгийн сайн мэдэх байгууллага. Эрүүл мэндийн дэд сайд байхдаа ДЭМБ-ын Ерөнхий чуулганд эх орноо төлөөлөн гурван удаа оролцож байсан минь хувь заяа юм даа. Энэ дашрамд М.Отгон, Р.Арслан, Ч.Бямбасүрэн, Д.Баярсайхан, н.Сиймаа гээд дэлхийн түвшний мэргэжилтнүүддээ баяр хүргэхийг хүсч байна.

-ДЭМБ “КОВИД-19” цар тахлын үеэр дэлхийн улс орнуудыг нэгдсэн удирдлага заавраар хангаж, дэлхий бүхэлдээ тэмцэж байна?

-ДЭМБ шинэ коронавирусийн дэгдэлт үүссэнтэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн онцгой байдал зарласан. ДЭМБ “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах арга тактик, стратегийг яаралтай боловсруулж өөрийн 149 төлөөлөгчийн газруудаараа дамжуулан улс орнуудын өвөрмөц нөхцөл байдалд нийцүүлэн авах зөвлөмж, зааврыг боловсруулах үүрэг өгсний дагуу ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнууд ажиллаж байна. Үүний үр дүнд “КОВИД-19” хариу арга хэмжээний өөрийн төлөвлөгөөг 143 улс орон боловсруулж бүх гишүүн улс орнууд ДЭМБ-ын удирдамж дээр үндэслэн нийгмийн эрүүл мэнд болон бусад хариу арга хэмжээгээ авч байна. Түүнээс гадна Корона вирусийн шинжилгээний хэрэгсэл, амны маск зэргийг нэн эрэлт хэрэгцээтэй байгаа улс орнуудад түгээн хуваарилах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Үүний зэрэгцээ улс орнуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэх, улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан туслалцааг идэвхжүүлэх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж, уриалан зохицуулан ажиллаж байна. ДЭМБ стратегийн бэлэн байдал ба хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, мөнгөн хуримтлалыг төвлөрүүлэх уриалга гаргасан нь үр дүнгээ өгч одоогийн байдлаар 700 сая орчим доллар цуглараад байгаа бөгөөд ДЭМБ-ыг дэмжихэд болон хариу арга хэмжээнд оролцсон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд зориулж байна. Мөн дэлхийн улс дундаас бий болсон эв нэгдлийн санд иргэдээс 130 орчим сая доллар цугларсан талаар мэдээлж байсан. “КОВИД-19” вирусийн эсрэг вакциныг туршилтыг түүхэнд байгаагүй богино хугацаанд эхлүүллээ. Дэлхийн хэмжээнд тулгараад байгаа эрүүл мэндийн бүхий л асуудлыг ямар ч байгууллага, аль ч улс дангаараа шийдвэрлэх боломжгүй нөхцөлд ДЭМБ улс орнуудыг хамтдаа ажиллахыг уриалж, дэлхийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг хариуцлагыг хүлээж ажиллаж байна.

Монгол Улс цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй сайн авч эрсдэл багатай орны тоонд зүй ёсоор орж байна. Энэ нь манай ЭМЯ, үндэсний мэргэжилтнүүдийн асар их хүчин зүтгэлээс гадна Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Др.Сергей Диордица гуай ОХУ-ын иргэн, вирус судлалын ухааны хүн байгаа нь нэгт бидний эрүүл мэндийн салбарын суурь онол нэг, тогтолцоо ойролцоо, мөн өөрөө вирусологч хүн, манай улсад томилогдохоосоо өмнө ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, мөн Бангладеш, БНАСАУ, Этиоп зэрэг улсад ажиллаж байсан арвин их туршлагтай нь манай улсын хувьд олзуурхууштай, том боломж, хувь нэмэр гэж би хүлээн авч байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхаа хамт олонд ДЭМБ-ын өдрийн баярын мэндийг АШУҮИС-ийнхаа хамт олны өмнөөс хүргэж, Монголын ард түмэн, дэлхийн хүн амын төлөө зүтгэж байгаа зүтгэл тань үр дүнгээ өгч бид удахгүй хамтдаа энэ нөхцөл байдлаас гарна гэдэгт итгэлтэй байгааг хэлэхийг хүсч байна.

-Халдвараас хэрхэн сэргийлэх талаар маш их мэдээлэл байгаа ч хүн хэлэхээс нааш, цааш чичэхээс цааш гэдэг, та бас зөвлөмж өгнө үү?

-Хамгийн гол нь идээ ундаа, явдал мөрөө зохистой чандлан сахих хэрэгтэй гэж захимаар байна. АШУҮИС-ийн цаг нэвтрүүлэг тав дахь дугаараа гаргалаа. Манай сургуулийн эрдэмтэн профессорууд маш тодорхой зөвлөмжүүдийг, арга замтай нь нэвтрүүлгээрээ дамжуулан ард иргэдэд хүргэж байгаа. Мөн “Emch.mn”сайт дээр “АШУҮИС-ийн булан” гарган ажиллаж байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээс гэвэл адууны мах, сармисыг төдийлөн сайн гэж зөвлөхгүй байх шиг байна. Адууны мах шарх соривыг хувилгаж идээлүүлэх сөрөг нөлөөтэй учир энэ өвчний үед хэрэглэх нь шинэ коронавирусийн улмаас амьсгалын зам уушгинд үүссэн үрэвслийн голомтод тийм ч сайн нөлөөтэй байж чадахгүй болохыг манай эрдэмтэд зөвлөж байна.ДЭМБ-аас энэ өвчнийг эмчлэхэд дархлаа дарангуйлах дааврын бус гаралтай ибупрофен, мелоксиком болон бусад энэ төрлийн эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Манай эрдэмтэд бас энэ талаар нэвтрүүлэгтээ ярьсан. Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хүний дархлааг дэмжих нөлөөтэйг хэвлэлийн олон мэдээнд дурдаж байна. Тухайн дасгал хөдөлгөөнийг хийхэд аль болох олон булчин оролцож байвал цус, цус төлжүүлэх эрхтнээс цусны цагаан эс тэр тусмаа дархлаа идэвхтэй эсүүд захын цусанд илт олширч дархлаа сайжирч байгаа мэдээ байна. Нойр дархлааг дэмжихэд маш чухал учир ялангуяа шөнийн цагаар сайн унтаж амрах. Аль болохоор өөрөө стресстэхгүй, бусдыг стресст оруулахгүй байх. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, харин угаасан хувцсаа гадаа тавьж хатаах нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахад хүргэх талаар мэдээлж байна. Хоол, нойроо зөв зохицуулж, стрессээс ангид байж, эмийг зохистой хэрэглэхэд анхаараарай гэж хэлэхийг хүсч байна.Ард иргэд нэг л задгаараад гадуур их яваад байна. Одоо жинхэнэ гэртээ байж халдвар хамгааллын дэглэмийг илүүтэй сахих үе шүү гэж анхааруулахыг хүсч байна. Эцэст нь дахин ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын хамт олон, ДЭМБ-д зүтгэж байсан болон зүтгэж байгаа монголчууддаа, тэр тусмаа сургуулийнхаа төгсөгчдөд баяр хүргэж, хамгийн сайхныг хүсэн ерөөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2020 оныг улираая!

-ФЕЛЬЕТОН-

НЭГ. ИЛҮҮ ЖИЛТЭЙ ЗУУН

Бидний 2020 оныг “Ковид-19” юу ч биш болголоо. “Токиогийн 2020” олимп “Токио 2021” болж таарав. Япон хүнийг хүртэл амнаас нь буцааж, худлаа хэлүүлнэ гэж юу гэсэн үг вэ, таминь? Дэлхий дахины хувь заяаг G7 шийддэг байсан бол одоо C19-ийн гарт шилжиж байна.

Харин тийн, харинтийн тавиад хамаг баярыг маань оромдуулчихлаа. Хулгана жилийн Цагаан сар, Март, Цэргийн баяр, аягүй бол “4 сарын 1”… хоолой зангираад цаашаа тоолж чадахгүйнэ ээ…“Нэгэнт өнгөрсөн баяруудаа санахаар хүрэл зүрх байтугай хүрэл сүх ч хайлна”

…Уучлаарай, энэ толбыг арччихаад цааш нь уншаарай. Коронавирус нулимсаар дамждаггүй юм шиг байна лээ. Эмч нар нусаа нийж, найтааж байгаа хүнээс болгоомжлоорой гэсэн атлаа уйлж байгаа хүний талаар юм хэлээгүйг бодоход.

Гэвч“Зовлонгийн араас жаргал дагана, Зомбигийн араас муми гэтнэ”гэгчээр бидэнд энэ бүхнийг туулах сэтгэлийн тэнхээ байгаа. “Асуудлын ард шийдэл явдаг, авгайн ард үглэлт дагадаг” ч гэж манайхан ярьдаг.

Иймээс алдагдсан баяр, цүүлсдсэн нийллэг, пад харласан паари-гаа нөхөх сайхан санаа надад байна.

Хойтонг дахиад 2020 он болгох санал.XXI зууны 20 оныг хоёр дараалан тоолно гэсэн үг. Илүү сартай зун гэдэг шиг “илүү жилтэй зуун” гэсэн үг. Хоёрдугаар сар нь 29 хоногтой өндөр жилийн адил 20 он нь хоёр давхарласан “өндөр зуун” байж болно гэсэн санаа.

Коронагаас болж алдсан цаг боломжийг ингэж л нөхнө. Яахав дээ, Дорнын тоололд зарим өдрүүд давхцаж, эсвэл дундаасаа бүлтэрч алга болдог шиг зүйл. Илүү жилтэй зуун байж яагаад болохгүй гэж.

Бас, муу сурвал анги улираадаг байсантай зүйрлэж ч болно. Хүн төрөлхтөн “Ковид-19”-ийн “он дэвших шалгалт”-д ташраараа унаад анги улирсан гээд бодчихъё!

Календариа тэгшитгэхийн тулд 2021 оныг хасаад 2020 оныхаа араас 2023 оныг залгуулж болж байна. Энэ санааг манай Ерөнхийлөгч дэмжиж таарна. Жил нь алгасагдчихаар тэр үед болох учиртай Ерөнхийлөгчийн сонгууль ч юу яаж таардаг юм байгаа биз дээ.

Зарим хүн энэ саналыг буруушааж “цаг хугацааг ухрааж болохгүй” хэмээн эсэргүүцэж харагдана. 2020 оныг улираах санал нь цаг хугацааг ухраасан хэрэг огоот биш. Харин “Цаг хугацааны суналтын онол”-ын жишээ. Орон зайд цаг хугацаа эрзээн шиг сунадаг, бас агшдаг, мултарвал харвадаг тухай шинэ онол. Сүүлийн үед, хэтэрхий сунгаснаас болж мулт үсэрч, чавхдсан цаг хугацаа огторгуйг цоо цохисноос “хар нүх үүссэн” гэх таамаглал гарсан байдгийг сануулах юун. Багадаа дүрсгүйтэж, чавхаар айлын цонх хага харваж байсан хүүхдүүдийг “Тухайн огторгуйд хар нүх үүсгэж байсан хэрэг” хэмээн тэр профессор үзсэн байдаг.

Цаг хугацааны суналтын онолыг энгүүнээр “турсикний онол” гэх нь ч бий. Профессорууд энэ онолыг тайлбарлахдаа, оюутнуудын турсикний эрзээн дээр жишээ авдаг байснаас үүдэж тэгсэн байна.

2020-ийг дахихаас үүдэн нас сүүдрээ хэрхэн тоолох тал дээр маргаан гарч байна. Энэ хэцүү юм биш. Манайхан “хий настайгаа төд” хэмээн хэлдэг аргыг хэрэглээд “Календариар бол тийм, хий настайгаа бол ийм” гээд хоёр нас хэлж болно. Ер нь манай орон дэлхийн анхны “албан ёсны хоёр давхар настай улс” болоод Гиннесийн номд орохыг хэн байг гэх вэ?

Эсвэл энэ жил хүрсэн насаа хоёр улираан хэрэглэж ч болох. Ухаандаа, бүсгүй та гуч хүрэлгүй гацаад, хоёр жил дараалан 29 настай байвал гоё уу?

Ер нь бол би “Хүн бүр өөрийн таалагдсан насаа сонгож хэрэглэх эрхтэй” гэж үздэг болохоо энэ дашрамд илэрхийлье. Юмыг яаж мэдэх вэ, намайг гишүүн болгочихвол “Иргэн бүр өөрийн насыг сонгох эрх”-ийг хуульчилна гэж боддог. Та иргэний паспортон дээр хүссэн насаа тэмдэглүүлээд л болно гэсэн үг.

Хэрвээ, 2020 оныг улираах саналыг НҮБ дэмжвэл Токиогийн олимп ч хойтон, гэхдээ товлосон 2020 ондоо багтаж болно. Гол нь Монголчууд бид хулгана жилийнхээ цагаан сар, маарт, цэргийн баяр, Балинтойн бүгдийг нь нөхөөд хийчихнэ. Хулгана жил гэснээс энэ жаран маань “хулгана давхацсан жаран” болох гээд байна. Давхцах ч яахав, жаран маань 61 жилтэй байж таарахгүй учраас нэг жилийг дундаас нь “аних” хэрэг гарч байна. Зуд турхан чинь мичин жилд голдуу таардаг бил үү, айн?

ХОЁР. АСУУМЖ БАХАРИУЛАМЖ

Ерийн үед хүмүүс асуултад хариулдаг байсан бол Онцгой байдлын үед бид “асуумж” бөглөх хэрэг гарч байна. Захирамж, санамж гэдэг шиг эрх мэдэл шингэсэн асуулт. Асуумж бол онцгой байдалд орсон асуулт юм. Асуумжид жирийн байдлаар хариулахын оронд “хариуламж” үйлдэх учиртай.

Тээврийн товчоон дээр цагдаа зогсоогоод “асуулт” тавибал зүгээр л шалгаж байгаа хэрэг. Харин “асуумж” гаргаад ирвэл Онцгой байдал гарчээ гэсэн үг. Цаашдаа, цагдаагийнхан Онцгой байдлын мэндчилгээтэй болоод “Амрамжийг эрье” гэдэг болох юм гэсэн. Хэрвээ, цагдаа нь ингэж мэндэлбэл та “халуурамж бий эсэх”, “хэнтэй нэгдүгээр зэргийн хавьтамж болсон” зэргээ сэргээн санах хэрэг гарна.

Монгол судлаачид ч гэсэн “мж” хоёр үсгийг цаашид “Онцгой байдлыг гийгүүлэгч” нэрээр монгол хэлний дүрэмд оруулж, жийрэглэж орсон эгшгийг гээхгүй бичин “Зөв бичлэгийн хүндэтгэл” үзүүлэх болсон гэдэг. Цаашдаа, сурах бичигт “Эгшигт долоо”, “Заримдаг ес”, “Онцгойн хоёр” гэхчлэн орно. Ер нь бол Онцгой байдлын үед хууль үйлчлэх үү, хуулимж хэрэгжих үү гэдгийг ч бодох цаг болжээ.

Улмаар, “Онцгой байдлын гийгүүлэгч”-ийг Онцгой байдал тогтоосон үед, нэр үгүүдэд нэмж оруулж байх болжээ. Жишээлэхэд, Тэргүүн шадар сайдыг “Тэргүүмж Шадарамж сайдамж” гэхчлэн. Харин хүнийх нь нэрийг хэрхэх эсэх дээр тодорхойгүй. Хэрвээ чингэвэл, манай хэнийг Энхтүвшимж гэх болж байна.

Харин, “Эрүүл мэндийн яамамж” гэх үү, “Эрүүлэмж, мэндэмжийн яам” гэвэл зүгээр үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа ажээ.

Өдгөө 11 цагт хийдэг мэдээллээ цаашид “мэдээлэмж” болгохыг үгүйсгэхгүй гэнэ. “Онцгой гийгүүлэгчийн үе”-д үед янз бүрийн сонин явдламж их гарч байна. Манай тусгаарлах байрамжид байгаа зарим хүн зохимжгүй авирламж гаргасан мэдээлэл их гарч байна. Зарим нь хооломжиндоо голомж үзүүлсэн ч гэх шиг. Идэмжээ голоод зогсоогүй өгсөн талхыг нь эмчийнхээ нүүрэмж рүү шидэмж хийсэн ч гэх шиг. Бас мөөгтэй хооломж өглөө гээд уйламж үйлдсэн явдал ч гарчээ.

Бүүр “ийм оромжин дээр унтамж хийхгүй” гээд загнамжилсан ч дуулдав. Эмч нар нь хөөрхий “ Та нар ямар, зочломж хийж байгаа биш дээ” гэсэн тайлбарламж хийсэн гэнэ.

Тусгаарлалтаас гарсан нэг этгээд гэртээ өөртөө тусгаарламж хийх зааврыг зөрчиж гэнэ ээ. Цэвэр усаар уумж хийхийн оронд архи хэрэглэж, согтомж үзүүлсэн ноцтой зөрчил гарчээ. Ингэмж хийж яаж болох билээ, таминь!

31.03.2020

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хомэрийн Одиссэй

Эртний Грекийн Хомэр гээч суут найрагчийн Нийтийн тооллын өмнөх зургадугаар зуунд буюу барагцаагаар 2600 жилийн өмнө бүтээсэн алдарт “Одиссэй” хэмээгч хөлгөн туульсын бүрэн эх нь соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт диппломатч, улс төрийн зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулгаар хэвлэгдэн гарчээ. Хомэрийн “Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульс бол барууны уран зохиолын хамгийн эртний зохиол гэж үздэг. Бид сурах бичиг болон бусад ном зохиолоос Одиссэйн туульсыг гадарладаг. Гэвч маш товчлон орчуулснаар нь болон утгачлан орчуулснаар нь л уншдаг байсан аж. Зохиолд Итака нутгийн цэцэн Одиссэй гэж алдаршсан баатарлаг хаан Илион буюу Трой хотын дайнаас буцаж гэртээ харих гэж тэмцэн түмэн бэрхшээл, мянган зовлон туулж байгаа талаар гарна. Тэр мятрашгүйгээр өөрийн төрөлх нутаг Итактаа тэмцэн хүрэх бөгөөд гэртээ очоод ч түүний зовлон дуусгавар болохгүй. Түүний үзэсгэлэнт эхнэр Пенелопад нь тачаадсан нутгийн харчуул гэрлэж сүй тавих гэж байгаа нэрээр гэр оронд нь байрлаад зогсохгүй өдөр шөнөгүй их сүйтгэлтэй найр наадам үүсгэж, хөрөнгө зоорийг нь үрж, хааны ганц хүү Тлемахыг нь дорд үзэн бүүр амь насыг нь ч хөнөөхөөр оролдож байхтай таардаг. Туульс шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн аж. Уг туульсд гарч байгаа хүмүүстэй яг адил зэрэгцээд бурхадыг дүрсэлсэн нь бараг туульсын бадаг бүрээс та унших болно. Охин бурхад, дарь эх нар өөрсдийн талтай хаад, баатруудад тусалж дэмжин,тэдний дайсанд хор хохирол учруулах зэргээр үргэлж цуг оршино. Зевс бурхан түүний дүү Посейдон нар бол өөрсдийн хүн төрөлхтнөөс төрсөн үр хүүхдээ халамжлах тэдний амьдарлыг заах зэргээр мөн л түмэн завгүй байдалтайгаар дүрсэлжээ. Бурхад хүн төрөлхтөнд яг л эцэг нь мэт хандаж, бурууг буруу гэж заан, зөвийг зөв гэж урамшуулна. Тэд одооныхоор бол яг л хууль цааз мэт хүн төрөлхтөнд нөлөөлөх аж. Зевс бурхан дэлхийг харж байгаад

Газрын хүмүүс хачин юм

Гай барцад бүхнээ

Тэнгэрийн биднээс боллоо гэх юм

Хэрцгий мунхаг үйлийн үр

Хэзээд эргээд өөрт нь тусдгийг

Үйлдсэн аллагын өр төлөөс

Үхлийн барьцаатай толгойд буудгийг

Өөрсдөө тэд мэдмээр л юм даа гэх жишээний юм яриад сууж байтал түүний охин дарь эх Одиссэйг буцаах болсон гэж хэлдэг. Одиссэй тэр үед нь нэг эзгүй арал дээр бас нэг дарь эх барьцаалагдсан ганцаараа байх бөгөөд тэр бурхны охин нь түүнийг нөхрөө болгож мөнх нас өгөх бодолтой хорьж байгаа гэнэ.Бүхэл бүтэн арван жил үргэлжилсэн Трой хотын дайнаас буцаж явсан Одиссэй замдаа Посейдон бурхны хүү ганц нүдэт Циклопын нүдийг улайсгасан шороор сохлоод уурыг нь хүргэн бүх хөлөг онгоцоо алдан сүйрээд энд ганцаараа сэлж иржээ. Тэр ганц нүдэт нь мань хүний цэргүүдийг барьж идээд байсан тул дарс өгч согтоож байгаад тасраад унаад өгөхөөр нь тэгж сохолсон байна. Мангас уурлан орилж бөөн шуугиан тарихад бусад мангасууд нь ирж яав юу болов гэж асууна. Одиссэй өөрийн нэрээ “Хэнч биш” гэж хэлсэн учир мангас “ Хэн ч биш, Өөрийн буруугаас би үхэх шахлаа, Хэн намайг хүчээр дийлэх юм бэ” гэж уурандаа шатаж уцаарлан зандрав. Цэцэн Одиссэй ганц энэ биш үй олон аюул зовлонгоос цэцэн ухааныхаа тусламжтайгаар мөн бурхдын ивээлээр гэтэлж чаддаг. Хүн иддэг аюулт том хүмүүс, нарны бурхны мал бэлчдэг арлаас малыг нь нөхдүүд нь өлсөхийн эрхэнд идээд бурхадын хараал хүрэх, дуулдаг шувуун дарь эх нараас, залгидаг аюулт том мангасаас, нөхдийх нь атаархлаас үүдэлтэй бурхадын гэсгээлээс гэх зэрэг түмэн зовлон бэрхшээлийг бурхдын тусламжтайгаар гэтэлнэ. Мөн тамын оронд очиж үхэгсдийн сүнстэй уулзах, тэндээсээ буцаж ирэх гэх зэрэг түүний адал явдал үргэлжилдэг. Тамд алдарт Ахилс баатрын сүнс цуут Агромен хааны сүнстэй ч уулзана. Нөгөө гангийн халуун шатахад ам нь цанган ус уух гэхээр ус нь ширгэдэг ч эрүүгээ тулсан усанд зогсдог Тантал, уулын өөд том бөөрөнхий чулуу өнхрүүлэн түрж яг оройд нь гаргахын алдад буцаагаад алддаг Сизиф гэгч нарыг харна. Энэ бүх зовлон бэрхшээлийг даваад гэртээ очиж төрөлх Итак орныхоо хаан болж эхнэр хүүтэйгээ учран золгож байгаагаар уг туульс төгсөнө.

Өнө мөнхийн энх мэндийн ерөөл оршоож

Өрлөг дээд тэнгэрт андгай тавиад Одиссэй

Өндөр сэнтийдээ заларч, хаан ширээгээ эзэгнэж гэнэ…

Өргөн түмэн, эзэн хааны хооронд

Үл тасрах эвийн чагтагыг чангалан бөхөлж

Өнөр олноороо амар сайхандаа жаргаж гэнэ ээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол төрийн алтан хэлхээ буюу Баасанжавын Тогтохбаяр

БААСАНЖАВЫН ТОГТОХБАЯРЫН МЭНДЭЛСНИЙ 80 НАСНЫ ОЙД


МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцов. 1990.03.20

Нэг хүний үйл хэрэг нэгэн цагийн түүхийг бүтээж улс орны алтан хувь заяатай холбогдох нь бий. Энэхүү гэрэлт тэнгэрийн дор хүмүүн заяаг олно гэдэг чухамхүү бурхны бэлэг юмсан. Гэвчиг солонго шиг татаад арилсан богинохон амьдралдаа өөрийн үзэл бодол үйл хэрэгт үнэнч байж, эцсийн мөч хүртэл эх орныхоо төлөө лугших зүрхтэй байна гэдэг бахадмаар үйлс. Тийм л гуниг харуусал дүүрэн хэрнээ эргэн санахад, элгэн халуун Монголоосоо урваагүй чигч шударгаар зоримогхон дүүлээд цэл залуухан насандаа эрсэдсэн Банзаржавын Баасанжавын гунигт хувь тавилангийн шарласан хуудсыг сөхөж суунам. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга эл эрхэм гучаад оны их хэлмэгдүүлэлтийн аюулт хар шуурганы төгсгөлд айхавтар хүчтэй балбуулж 34-хөн насандаа амиа алдсан чин зоригт баатарлаг нэгэн юм. Тэрээр 1940 оны эхээр хуралдах ёстой намын аравдугаар их хурлын илтгэлийг нойр хоолоо умартан сууж бэлтгэн, тэгэхдээ маршал Чойбалсантай хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдөж, өөрийн байр сууринд хатуу бат зогсож байсан аж. “Цай, даалимба, гурил гээд ядуу ардуудын хэрэгцээт барааны үнэ нэмэхийг би яасан ч зөвшөөрөхгүй” гэж маршалын өөдөөс эрсхэн хэлж байж. Мөн гучин есөн онд болсон Төв хорооны хурал дээр намын дотоод зохион байгуулалтын тухай ширүүн үг хэлсэн зэрэг нь хэлмэгдлийн хар гогцоонд ороогдох баттай суурь нь болжээ. Ер нь Чойбалсан, до яамны Жамбалдорж нарын бузар үйлдлийг гарцаагүй гадарлаж, үзэл бодлын хувьд хууль бус зүйлтэй нь эвлэрч чадахгүй ганц хүн нь Баасанжав байсан юм билээ. Ингээд түүнийг 1940 оны хоёрдугаар сарын 22-ны шөнө гэрээс нь баривчлан хилс хэрэгт тулгаж до яамны Жамбалдорж гардан яргалж, түүний харгис балмад эрүү шүүлтэд ямар ч таслан шийдвэрлэх тогтоолгүй бүтэн долоон сарын туршид тамлуулсны эцэст дөчин оны аравдугаар сарын эхээр нас барсан байна.

Баасанжавыг хилс хэрэгт тулгагдан баривчлагдахад голомтыг нь залгах хүү Тогтохбаяр нь дөнгөж нэгхэн сартай эхийнхээ мээмэнд наалдаастай улаан цурав амьтан хоцорчээ. Хүмүүний хорвоод өөрийн бие үгүй боловч үйл хэргийг нь, он жилүүдийг нь үргэлжлүүлэх үртэй байна гэдэг бахархал. Үртэй хүн амиа алдсан ч амьдралаа тасалдаггүй. Алдарт Хэмингуэйн хэлснээр “Намайг алж болно, намайг ялж дийлэхгүй” гэдэг жинхэнэ утгаараа энэ ажгуу. Эгэл ардынхаа хоол хош мөр бүтэн, гэдэс цатгалан байхыг өөрийн алтан амиар сольсон түүний төрийн хэргийг хүү нь нэр төртэй үргэлжлүүлж, ачит эцгийнхээ ариун үйлсийг мөнхжүүлсэн юм. Баасанжавын Тогтохбаяр Улсын ургацын комисс, Тээврийн яам хоёрыг холбох гүүр нь болж хөдөлмөрийн баатар Жамъян генералын тодотгосноор “Засгийн газрын атар газар эзэмших шуурхай ажлын штаб болон улсын ургацын комиссын шилдэг боловсон хүчин”-ээр тодорч төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байх юм. Хайрт эцгийнхээ гэгээн зам мөрийг ингэж дархлан тамгалахаас өөрөөр яахсан ч билээ.

НЭГ

Банзаржавын Баасанжав 1906 онд Ховдын хязгаарын Мянгад хошуу одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Үүргэсний бууц гэдэг газар эхээс мэндэлжээ. Чандмань уулын аймгийн бага сургууль, Улаангомын бага сургууль, Мянгад хошууны бага сургуулиудад багшилж алс баруун хязгаарт эрдэм соёлын үр түгээж байгаад хорин гурван онд Мянгад дайчин гүний хошуунд МХЗЭ-ийн үүрийг санаачлан 80 дугаар үүрийн анхны нарийн бичгийн даргаар сонгогдсон байдаг. Ингэж 17 настайгаасаа төр олон нийтийн ажилд орж эхэлсэн юм. Гучин онд 24 насандаа МАХН-ын гишүүн болж Монгол эх орныхоо ирээдүй хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх их үйлс нь эхэлжээ. Түүнийг Ховд аймгийн 8 дугаар хурлаас аймгийн намын хорооны дарга(1934 он)-аар сонгогдоход бүх цэргийн жанжин Дэмид тус хуралд өөрийн биеэр оролцож хил хязгаарын байдал цаг үеийн асуудлаар зөвлөгөө өгчээ. Гучаад оны эхэн үед эх орны баруун хязгаар жинхэнэ цаг төрийн үймээн дунд айдас түгшүүрийн дохион дор байсан. Торгуудын хошууны зарим эрх баригч феодал, эсэргүү лам нар Хятадын шинжааны цэргийн удирдагчидтай нууцаар нийлж, тэднээс зэр зэвсэг авч гол учир нь Ховдын Булган сумын нутгийг шинжааны мэдэлд өгөх хорт явуулга байв. Үгсэн хуйвалдаанд Урианхайн бэйсийн хошуу, Алтайн захчин хошууны зарим да лам, нударган түшмэдүүд оролцож байдлыг улам хурцатган дэвэргэж байсан үе.

Мөн хязгаар нутгийн иргэд хил давах, оргож нүүдэллэх хөдөлгөөн хүчээ авч торгууд, захчин, урианхай зэрэг зургаан хошуунаас хоёр мянга гаруй өрх есөн мянга орчим хүн хил даван нүүдэллэхээр бэлтгэж нэлээд хэсэг нь нүүж амжсан байна. Нам засгийн бодлого шийдвэр, ухуулга таниулгын үр дүнд гучин нэгэн оны сүүлч гэхэд 970 гаруй өрх айл Шинжааны нутгаас буцаж ирсэн нь намын залуухан дарга Баасанжавын гавьяа юм. Үүний зэрэгцээ хасгийн дээрэмчдийн халдлага түрэмгийллээс хамгаалах, зүүний нугалаа завхрал түүний хор уршгийг арилгах, Улаангом Төгсбуянтын хүрээний лам нарын эсэргүү бослогыг дарах гээд олон хэцүү даваатай улаан нүүрээрээ тулсан байна. Харин гучин дөрвөн онд Ховдын хязгаарт байсан зэвсэгт дээрэмчдийн үүр уурхайг бут цохиж гарамгай гавьяа байгуулсан Цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин Дэмид, хожим улсын баатар болсон нисгэгч Шагдарсүрэн, намын хорооны залуу дарга Баасанжав, аймгийн орлогч дарга Нушаа нарын 15 хүнийг Цэргийн гавьяаны I зэргийн одонгоор шагнасан түүх бий. Тэр ингэж л эх орныхоо баруун хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн юм. Ёстой л амь хайрлалгүй тэмцсэн байдаг. Баруун хилийн тулгаралт гэхээр бид баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын бахдам гавьяаг ярьдаг. Эдгээр эрэлхэг хөвгүүдийн гавьяатай эн зэрэгцэхүйц эх орныхоо тусгаар тогтнолд үнэлж баршгүй гавьяа байгуулсан цогтой эх орончдыг хамт дурсах учиртай. Тэдний нэгэн яах аргагүй Банзаржавын Баасанжав мөн билээ.

Хилсээр хэлмэгдэхдээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн даргын албыг зэрэг хашиж байсан Монгол төрийн тулгуур баганын нэгэн. Гучин есөн оны арваннэгдүгээр сард маршал Чойбалсан тэр үед Сангийн яамны сайдаар дөнгөж томилогдоод байсан Цэдэнбалыг дагуулан Москва явахдаа Берия, Ворошилов нартай ганцаарчлан уулзаж Амар, Гэндэн, Дэмидийн хамсаатан бол Баасанжав гэж өчсөн байдаг. Түүнийг цааш харуулах тохироо гучин есөн оны төгсгөлд Москвад шийдэгджээ. “МАХН-ын Х хурал дуусах ойртож байсан өдөр Чойбалсан намайг Дотоод яамны конторт ир гэлээ. Яваад очсон чинь Жамбалдорж, маршалын нарийн бичиг Самбууням нар байна. Намайг оронгуут маршал цаадахаа оруул гэв. Шар чисчүү дээл толгой дээгүүр нь нөмөргөсөн хүнийг хоёр харгалзагч оруулж ирэхэд тэр хүн шалан дээр унаж нөгөө хоёр нь босгон сандал дээр суулгав. Маршал дээлийг нь буулга гэв. Гэтэл нүүр нь хөх няц болсон Баасанжав гуай байв. Ер нь Баасанжав гуайг таних төдий л байлаа. Тэрээр маршалыг үзэнгүүт “Маршал минь ямар ч гэмгүй намайг энэ нөхөр Жамбалдорж зодсоор ийм болгов. Амийг минь өршөөж өг” гэж гуйлаа. Гэтэл маршал “Чи муу эсэргүү, гучин долоон оны наадмын комиссын дарга байхдаа наадамчин олныг нам засгийн эсрэг болгох гэж байснаа мэдэж байна уу. Чи Японы тагнуул туршуул байснаа яах гэж байна гээд тулган асууж байсан” гэж Дашийн Дамба даргын ярианд байдаг.

Аав Банзаржав ууган хүүгээ 1936 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар дэвшин явахад “За хүү минь, хүний газар гүний нутагт олон түмнийхээ дунд “хун шиг цагаан биш, хэрээ шиг хар биш, шаазгай шиг алаг яваарай” гэж захижээ. Мөн айхтар үг шүү. Харин хилс хэрэгт баривчлагдсаныг сонсоод “Бурхан болгоод залаад явсан юмсан, буг болгоод бариад явж л дээ” гэж харууссан байна. Товсон овогт Банзаржав гэж Мянгад гүний хошууны ажилч хичээнгүй, шулуун шударга ил цагаан үгтэй, гүйлгээ хар ухаантай, ус нутагтаа нэр хүндтэй, олон түмэндээ өмөг түшиг болсон ёстой л нөгөө өндөр Хөхийн оргил шигээ сайхан хүн байж шүү. Ямархан ухаан төгс хүн байсан нь ууган хүүгийнхээ гэргий Аюушжавыг гурван хүүхдээ дагуулаад нутагтаа ирэхэд хүндэтгэл дүүрэн угтан аваад, баригдаад явсан нялх үрээ эргэж ирэхгүй гэдгийг нэгэнт ухаарч амьдралын хатуу үнэнтэй нүүр тулан бэрдээ дөрвөн ханатай гэр барьж, хэд гурван мал тоо ёсоор зүсэлж өгөөд “Өнөөдрөөс эхлэн энэ айлыг Толягийнх гэж нэрлэж явъя” хэмээн эрс шулуун хэлсэн гэдэг. Толя гэж хайрт эцгээсээ ганцхан сартай хоцорсон Тогтохбаяр хүүг хэлж байна. Үүнийг Өлзийбат зүрх шимширтэл өгүүлсэн сэн. Тэрээр буурал ах(Тогтохбаяр)-тайгаа эмээлийн хоёр бүүрэг шиг өссөн дөө гэж нулимсаа сувдруулж хэлдэг. Өлзийбат бээр “Өдрийн сонинд цувралаар гарч байгаа Баабарын “Монгол ДЕЛО”-г ах нь харж байгаа. Баасанжав ахын тухай гарна байх” гэсэн. Үнэхээр цувралын гуравдугаарт “Намын X их хурлын өмнө цэвэрлэгээ явагдав. Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Монголд нам талаасаа үлдсэн ганц том дарга нь тэр байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж” гэж “ДЕЛО” буюу улс төрийн зохиомол хэргийн жагсаалтдаа Баабар тод томруун дурдсан байна.

ХОЁР

Баасанжавын Тогтохбаяр Мянгад сумын бага сургууль, Ховд хотын хоёрдугаар сургууль, Ховдын ХАА-н техникумыг тус тус төгсөөд, МУИС-ийн авто тээврийн инженер эдийн засгийн ангийг дүүргэсэн. Торгуудын өлгий нутаг Минжит Булганы мал аж ахуйн машинт станцаас ажлын гараагаа эхэлж нийслэлийн чихэр боовны үйлдвэрт засварчин, Авто тээврийн газар, Тээврийн яаманд мэргэжилтэн, Ачаа тээврийн удирдах газарт орлогч дарга, дарга Улаанбаатар хотын тусгай үйлчилгээний автокомбинатын дарга гээд хөдөөх суурингийн станцын механикчаас их хотынхоо тусгай үйлчилгээний автокомбинатын дарга болтлоо дэвшин ажилласан. Очсон газар бүртээ өөрийн нэр мөрийг тамгалж ямархан зүтгэлтэй ажилласныг он жилүүд нь гэрчлээд өгнө. Ингээд ерэн дөрвөн оноос Автотээврийн газартай амьдралаа холбосон бол дараа нь “Шуудан тээвэр” хоршооны даргаар ажилллаж байгаад аавынхаа төрсөн газрын нэрээр “Үүргэсний бэл” нэртэй компани байгуулж, “Морь барьдаг” нөхөрлөлийн зөвлөхөөр ажиллан амьдралын сүүлчийн мөчийг хүртэл ачаа тээврийн алтан харгуйд ариун мөрөө үлдээсэн юм. Ямар сайндаа л үсээ бууралттал ухаант амьдралаа зориулсан авто тээврийнх нь салбарын үе үеийн нөхөд түүнийг “Ачаа тээврийн алтан мөртөн” гэж хүндэтгэн дээдэлдэг байхав. Жамъян генералаас аваад Тогтохбаяр гуайг үнэлсэн олон чиг тодорхойлолт, халуун зүрхний үг бий. Буурал генерал Жамъян гуай Тогтохбаярын аав Баасанжавтай анд нөхдийн барилдлагатай явсан хүн. Гэтэл хүүтэй нь Улсын ургацын комисст гучин жил (1957-1987) хамт зүтгэж ард түмнээ идэх хоолтой залгуулсан байх юм. Аливаа юмны хувь ерөөл гэдэг ийм сайхан. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогод шилжихэд хот хөдөөд авто баазуудын хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Хот хоорондын тээвэр зохицуулах төв диспетчерийн удирдлага бий болгож, аймгуудад Тээврийг удирдах газар байгуулахад түүчээлэн оролцсон хүн нь Б.Тогтохбаяр.

Тэртээ жаран есөн онд Тэжээл тээврийн XXV бааз байгуулагдсан цагаас Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойр хотуудад тэжээл тээвэрлэх, Дорноговийн Хар Айраг, Хэнтийн Бэрх, Сэлэнгийн Зүүнхараад жонш тээвэрлэх авто баазуудыг тэр гардан байгуулсан. Зөвхөн баруун дөрвөн аймгаас экспортын мах ачихаар ЗХУ-аас 135 чиргүүлтэй “ЗИЛ-130” машин авч Увсын цэнхэр хязгаарт 38 дугаар баазыг байгуулж байсан, мөн Монгол Улсын хэмжээнд жилдээ 500-800 мянган тонн ургац хураан авч байсан зэрэг нь Улсын ургацын комиссын ачаа тээврийг хангах үүрэгтэй Тогтохбаяр даргыг үнэндээ нойр хоолгүй зүтгүүлэхэд хүргэсэн гэдэг. “Авто тээврийн байгууллагын үүсэл хөгжил, мандал бадрал Тогтохбаяр даргатай салшгүй холбоотой. Даан ч “Гавьяат тээвэрчин” цолыг нь хүртээж чадалгүй бурхны оронд явуулчихсан. Гэхдээ үе үеийн тээвэрчдийн зүрхэнд гавьяатаараа мөнхөрсөн” гэж хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Б.Дашцэрэн бахадсан бол “Тээврийн яамны жанжин штабыг яах аргагүй нэр төртэй толгойлсон хүн. Ануухнаараа явчихдаг юм байна, амьд мэндсэн бол юун гавьяат” гэж Тээврийн яамны сайд Батмөнхийн Энэбиш дурссан. “Уул шиг түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн” гэдгийг түүний удирдлагад ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай бахархан хэлсэн.

Тогтохбаяр даргыг ургацын комисст байхад манай улс гурил, төмс хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаад зогсохгүй ЗХУ, Вьетнам, ардчилсан Солонгос улс руу экспортолж байсан бахдам түүхтэй. Түүний насны сайхан хань Т.Булгаа гуай “Намрын ургац хураалтын үеэр Төв хороо, Засгийн газар, ургацын комиссоос сайд дарга нар ярьж манай гэрийн утас огтхон ч амардаггүй, манай хүн тавтай амарна ч гэж байхгүй дэгэлзэж хонодог сон” гэж хэлсэн удаатай. Ухаант ханийнх нь энэ үг Тогтохбаяр гуайн он жилүүдийн дүр зургийг эргэн сануулах шиг болдог. Тэрээр жудаг ёсны хувьд дүнжгэр нуруулаг байж хэзээд ч нэг зангаараа явсныг олон чиг нөхдийнх нь дурдатгалаас харж болно. “Олонтой явсан аав минь” гэж дуу байдаг шиг Тогтохбаяр гуай бол аргагүй олны хүрээлэл дунд ноён нуруу нь болж ирсэн байх юм. Хэр баргийн аавын хүүд олдоод байдаг зүйл ч бас биш л дээ. Хичнээн өндөр ажил албатай, боловсрол мэдлэг, дадлага туршлагатай ч олны дунд нэр муутай хүн алийг тэр гэхэв. Гэвчиг өндөр Хөхий шигээ өвөг эцгийн сургаал, ид хийж бүтээх насандаа амиа алдсан ачит эцгийнхээ ариун цагаан мөрийг санаж хүмүүний амьдралын мөн чанарыг нэвт шувт таньсан хүний сэтгэлээр хорвоог туулж дээ гэж молхи би уяран бодож сууна. Их хурлын дарга байсан Лхамсүрэнгийн Энэбиш гуайтай Тогтохбаяр гуай дотно сайхан нөхөд байж. “Манай Энэбиш найз нөхөд олонтой хүн. Гэхдээ хүүг минь бүх ажил албанаасаа чөлөөлөгдөөд хэцүүхэн байх үед тэр олон дотроос Тогтохбаяр шиг үнэнч нөхөр байгаагүй” гэж Энэбиш гуайн ээжийн үг нөхөрлөлд ямар үнэнч явсных нь баталгаа болно. Энэбиш гуайн хүү Мөнх-Очир “Тогтохбаяр ах намуухан яриа хөөрөөтэй, дуу нь өндөр гарахгүй ч оновчтой ойлгомжтой ярьдаг, сайхан ааш зантай хүн. Манайхан гэр бүлийн найзууд байсан. Намар жимсэнд хамт явцгаадаг, надад морь унахыг зааж өгсөн ачтан. Хожим Улаанбаатар хотын ерөнхий менежерийн алба хашиж байхад минь хотын тээвэр, том оврын автобуснуудын талаарх үнэтэй зөвлөгөө өгдөг, миний дотны зөвлөгч байлаа” хэмээн дурсдаг юм.

Тогтохбаяр гуай ачит эцгээ цаг үргэлжид зүрх шимшрэн санадаг байсан нь хэлсэн үг, амьсгалах агаар бүхнээс нь мэдрэгддэг. “Аавыг баригдах үед би төрөөд дөнгөж нэг сар болж байсан, аавынхаа амьд сэрүүн үеийн ажил үйлс, зүс царай, зан чанарыг мэдэхгүй. Гэвч ээж болон том эгч, аавын дүү нарын яриа, дурдатгал, 1966 онд 60 насных нь ойд зориулсан “Үнэн” сонины болон бусад сонин сэтгүүлд гарсан өгүүллүүдээс аавтайгаа танилцсан. Би юмны наад цаад учир мэдэх болсон үедээ ээжээс аавын тухай асуухад “Аав чинь баригдаад явсан ирэх байх. Ер нь ирэх ёстой” гэж хэлдэг байв. Нэлээд хожим ээж минь “Амьдын хагацал яасан хэцүү юм бэ. Аавыг чинь хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээсээр олон жил нойр муутай явж, өндөр газар дайралдах болгонд түүн дээр морьтой явган гарч аавыг чинь харуулддаг байсан” гэж ярьдаг байлаа. Манай ээж аавыг баригдсаны дараа дөрвөөс таван жилд ер нь бүтэн нойртой хонож байгаагүй гэдэг. Тийм ч учраас ээж “Унтана гэдэг жаргал байдаг юм” гээд унтаж байгаа хүнийг сэрээхийг хориглодог байв. 17 жилийн туршид ааваас ямар ч сураг чимээгүй байтал тавин долоон оны хавар “Баасанжав ЗХУ-д Хар далайд цөлөгдсөн байсан. Одоо удахгүй ирнэ” гэсэн яриа гарч ээж бид болон ах дүү нарыг маань их баярлуулав. Бид баярлахын хамт гагцхүү аавын ээжийг амьд сэрүүн байхгүй яав даа гэцгээж байв. Эмээ маань 1957 оны гуравдугаар сард насан өөд болсон юм. Тэгтэл 12 дугаар сард Ховд аймгийн дарга Олдох ээжийг сураглан дуудуулжээ. Олдох дарга нэг бичиг гаргаж уншаад ээжид гардуулсан нь цагаатгах бичиг байв. Ийнхүү миний аавын нэр үүрд сэргэсэн юм” гэх аавыгаа зүрхэн тольтдоо хадгалсан хүүгийнх бичээсийг нулимстай уншиж сууна.

Энэ зуурт Баасанжавын насны хань Аюушжав гэж тэр сайхан журамт эмэгтэй дүр сэтгэлд урган ирж байна. Өлзийбат ахын хоолой зангируулан хэлсэнчлэн ханийгаа баригдсаны дараа нутагтаа очихдоо өөрийн ижий аавдаа очилгүй ханийнхаа ижий аавынд очсон нь ариун журамт монгол эмэгтэйн ямар агуу их ухаан бэ. Энэ хүн гуч гаруйхан насандаа ханиасаа хагацахдаа гурван хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй, өөр хүнтэй ханилалгүй сайхан ханийнхаа үйл заяаг бодож үр хүүхдийг нь хүний дайтай хүн болгох гэж ёстой л нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болж зүтгэсээр 1984 онд 76 настайдаа бурхны оронд оджээ. Тэгэхдээ насан өөд болтлоо ханийгаа хаа нэгтэй газраас гараад ирэх юм шиг 44 жил нүд салгалгүй харуулдсан байна. Орчлон хорвоод амьдын хагацал гэж бий, гэхдээ үүн шиг ариун хайр, журамт ёсыг дээдэлсэн хувь тавиланг мэдэхгүй юм даа. БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны додугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Банзаржавын Баасанжавын улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдсэнийг цагаатгасан байдаг.

ТӨГСГӨЛ

Өнөө жил Авто тээврийн алтан мөртөн Баасанжавын Тогтохбаярын 80 насны ой тохиож байна. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Баасанжавын хилс хэрэгт аймшигтайгаар гүтгэгдэж халуун залуу амиа өргөснөөс хойш мөн л 80 жилийн хугацаа өнгөрч байна. Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн түүхт 90 жилийн ой бас таширлаж буй. Мянгадын сургууль тэртээ ерэн зургаан онд Засгийн газрын шийдвэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын нэрэмжит болсон. Түүний үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс сургуулийн өмнөх талбайг бас нэрэмжит болгож хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлж ачит эцгийнхээ хөшөөний нээлтэд Тогтохбаяр гуай ах дүү, үр хүүхэд, хань ижил садан төрлийнхөө хамт оролцож алтан туузыг нь хайчилж байсан. “Банзаржавын Баасанжав сан”-гийн тэргүүн Тогтохбаяр агсны охин Мягмарсүрэн өвөөгийнхөө нэрэмжит сургуулийн түүхт ойд Өлзийбат ахынхаа хамт оролцохоор догдолж сууна.

Мянгад далай гүний хошуунд сургууль байгуулагдахад анхны сурагч нь Баасанжав байсан бол Мянгадын бага сургуулийн 1948 оны анхны сурагчдын нэг нь хүү Тогтохбаяр нь байжээ. Аав нь дөчин оны намын X их хурлын илтгэлийг бичсэн бол хүү нь тавин жилийн дараа ерэн оны МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон гээд хувь заяаны зураг тодорно. Тогтохбаяр гуайн отгон хүү Лхагвасүрэн 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж аавынхаа, өвөөгийнхөө алдар замналыг буухиалан үргэлжлүүлсэн. Монгол төрийн алтан хэлхээ тасардаггүй, өнө мөнхөд оршдогийн баталгаа энэ юм. Хүмүүний орчлон гэдэг ирж буцахын жамтай, энэ алаг тавиланд Баасанжавын Тогтохбаяр шиг сонин хувь заяатан хэд бол доо гэж эрхгүй бодогдном.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд архи яагаад ганцаараа дархан эрх эдэлдэг юм бэ?

Коронавирус хүн төрөлхтний амьдралыг хоромхон зуурт өөрчилж байна. Хэдэн зуун жилд ёс мэт уламжлагдаж ирсэн хүн төрөлхтний зарим соёл аргагүйн эрхэнд өөрчлөгдөж байна. Тухайлбал, ихэнх орнууд найрсгаар гар барьж, хоорондоо үнсэлцэж, хамраа, хацраа, духаа нийлүүлж мэндчилдэг байсан ёс түүхт уламжлалаасаа татгалзахад хүрлээ. Үндэстнээ тэр чигээр нь мөхөөхгүйн тулд мэндлэх соёлоо өөрчилж буддистууд шиг хоёр гараа алга хавсран залбирч зайнаас мэндчилдэг боллоо. Дорнын соёлын энэ мэндчилгээг хамгийн аюулгүй гэж үзээд дэлхийн улс орнууд дагаж эхэлээ. Монгол Улсад коронавирусийн цар тахлын улмаас мөн ялгаагүй олон зүйл өөрчлөгдсөн. Монголчууд бид төрт ёсны уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх уриалгыг төрийн тэргүүн болон, улсын онцгой комиссоос гаргасан. За тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, наурызын баяр гээд бүх нийтээр тэмдэглэдэг бүхий л баярыг төр засгийн зүгээс албан ёсоор хорьсон. Мөн баар, караоке, нийллэг, найр хурим, аливаа баяр ёслол, уулзалт үдэшлэг гээд олноороо цугларч, нийлж архиддаг бүх зүйлийг зогсоосон.

Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эртнээс тодорхой хугацаанд хааж, коронавирусийн халдвар Монголд бүртгэгдсэн үед дэлгүүр хоршоо, цайны газар, үсчин тоглоомын газруудын бүгдийнх нь үүд хаалгыг барьсан. Үндсэндээ хүнсний дэлгүүрээс бусдын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хилээ хааж, орон нутгийн замыг хааж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Албан байгууллага компаниуд хурал зөвлөлгөөн хийн цугладгаа больж, том том оффисууд эзгүйрч, хүн бүхэн гэртээ бүгэх болсон. Гэрээсээ дайжиж, ажил албаны нэрээр ихэнх цагаа оффист болон гадуур өнгөрүүлж, гэр орон гэдэг шөнөдөө ирж унтдаг оромж болчихоод байсан байдал орвонгоороо өөрчлөгдсөн. Өглөө үүрээр гараад шөнийн бор хоногтоо ирдэг манайхны амьдрал коронавирусийн энэ үед гэр орондоо эргэж ирсэн. Эхнэр хүүхэд, ээж аавтайгаа бид “танилцаж” байна. Орон гэртээ халуун дулаан орчин бүрдүүлж хайртай хүмүүсээ аюулт цар тахал, халдварт өвчнөөс сэргийлэх ийм хариуцлагатай сорилтын өмнө бид ирээд байна.

Хүн төрөлхтөн олимпийн их наадмаа хүртэл хойшлуулж, Монгол Улс төрийн эрх барих түшээдийг сонгох УИХ-ын сонгуулиа хүртэл хориглон хойшуулах саналыг гаргаад байна. Харин ийм эгзэгтэй, үхэх сэхэхийн сорилттой улаан нүүрээрээ тулсан хүнд бэрх үед Монгол Улсад ганцхан юм өөрчлөгдөөгүй байна. Тэр нь архи зарахыг хэн ч хориглосонгүй. Бүх юм хоригдсон атал ганцхан архи гэдэг зүйл урьдынхаараа, өнөө л дархан эрхтэй хэвээр газар сайгүй зарагдаад элбэг дэлбэг байж байна. Баар караоке ажиллахгүй учир орон байрны ахуйн архидалт хэрээс хэтэрч, агсам согтуу, зодоон цохион, хүчирхийлэл улам даамжран газар авч байна. Ийнхүү өвчин зовлонгийн хажуугаар архи гээч энэ зүйл хамгийн том зовлон учруулж, хор уршиг гай гамшиг дагуулж байна. Ахуйн архидалтын дуудлага өмнөхөөсөө ноцтой хэмжээнд хүрч, гэр орондоо ард иргэд зах замбараагүй архидаж байгааг хууль хүчний байгууллагаас онцгойлон анхааруулсаар байгаа. Гэвч энэ байдлыг таслан зогсоох арга хэмжээг төр засгийн зүгээс, улсын онцгой комисс болон хууль хүчний байгууллагаас аль нь ч анхаарч үзэхгүй нь хачирхалтай.

“Худал мэдээлэлд автахгүй, тараахгүй, цахим орчинд эерэг байж оюуны дархлаагаа хамгаалъя” хэмээн Тагнуулын ерөнхий газраас зогсоо зайгүй иргэдэд сануулж, анхааруулсан мессэжийг ирүүлсээр байгаа. Худал мэдээлэлд автвал оюуны дархлаагаа унагана гэж иргэддээ сэрэмжлүүлж байгаа тагнуулын байгууллага гэр орондоо архидан согтуурч, элийрч балайрч үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ үйл тамыг үзэж байгаа архичидаа яах гээд байгаа юм бэ.

Хүн сэтгэл санаагаар тайван байж дархлаагаа хамгаалах ёстой гэдэг. Гэр оронд нь архидалт нүүрлэсэн үед хэн аз жаргалтай амар тайван байх хэрэг вэ. Мөн Эрүүл мэндийн яамнаас “Ам хоолойг давс, сода, тамединий уусмалаар зайлах, тайван ядрахгүй байх. Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх, шаардлагатай үед утсаар зөвлөгөө авч гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах, биеийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж тэмдэглэл хийх, гэртээ агаар оруулах, хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарын алчуур хэрэглэх” гээд бараг л цаг минут бүрт сануулж, гар утас бүхэнд илгээж байгаа. Гэвч энэ бүхнийг чинь архи гээч зүйл үгүй болгож байна. Архи уусан орчин гэдэг ямар муухай огиудас хүрмээр үхширмэл үнэртэй, архичдын үнэр танар, бөөлжис, асгаж цутгасан байдал, орилоон чарлаан ямархан дүр зурагтай байдаг билээ. Ийм үед гэр орондоо цэвэр агаар оруулах, амар тайван аятай тухтай орныг бүрдүүлэх тухай мянга ярьж зөвлөөд нэмэр болохгүй.

Хэдэн жилийн өмнө, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Түүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн өдрийн туршид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргаж байсан. Архигүй тэр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурсан байдаг. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр ердөө арав гаруй болж илт буурч байсан. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг. Тэр тухай манай сонин “Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон” гэж бичиж байсан. Үнэндээ бид алийн болгон архин далайдаа живж зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах хэрэг вэ.

Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг хориглосон ч хөдөөд айл хэсэж золгуулт хийх тасрахгүй ерөнхийдөө хавтгайрсан архидалт байгааг хүмүүс хэлж байна. Энэ айхавтар халдварт өвчний үед хүн бүхнийг өөрийн гэсэн аягатай, алчууртай байхыг шаардаж байгаа. Тэгтэл Монголын найр хурим, архидалтын ёс горим нь архийг нэг хундага, нэг аягаар тойруулдаг. Ингээд зогсохгүй аяганыхаа ёроолд заавал ч үгүй шавхруу үлдээнэ. “Ёроолыг нь гартал уух нь монгол ёсонд нийцэхгүй. Чи аяганыхаа ёроолд шүлсээ заавал үлдээж, чиний үлдээсэн шүлснээс дараагийн хүн халдварт өвчин авах ёстой” гэж хэлээд байгаа юм шиг ийм муухай ёс горим, бичигдээгүй хууль үйлчилдэг. Хөдөө хот гэлтгүй гэртээ тойрч сууцгаагаад архидацгааж байгаа л бол нэг аягаар тойруулан шүлсээ, нус цэрээ дамжуулж хүртээд байж байгаа нь дамжиггүй. Энгийн үед архины шавхруугаар дамжиж буй С, В вирусийн халдвараас, мөн цэр нусаар дамжих сүрьеэгийн халдвараас бид сүрхий сэрэмжилцгээж байсан бол дэлхий нийтийг хамарч сөхрүүлсэн цар тахлын үед яагаад архиа хорихгүй байгаа юм бэ.

Коронавирус өчигдрийн байдлаар дэлхийн 2001 оронд бүртгэгдэж, нийт 26 мянга 654 хүн нас бараад байна. Америкт гэхэд 14 минут тутамд нэг хүн халдвар аван 20 минут тутамд нэг хүн нас барж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал хүн төрөлхтөнд хандсан уриалгадаа “Хүн бүр сэтгэцийн хувьд эрүүл байх явдал хамгийн чухал” гэдгийг анхааруулсан байна лээ. Тэгвэл Монгол Улсын эх захгүй энэ архидалт юунд хүргэх вэ. Онцгой дэглэмийн үед хамгийн түрүүнд архийг хорих байсан юм. Улсын онцгой комисс ахуйн архидалттай холбоотой мэдээллийг цаг бүрт авч байгаа байлгүй. Тэгэхээр архи гээч энэ дархан эрхтэй зүйлийг Монгол Улсын хэмжээнд худалдан борлуулахыг хориглох хэрэгтэй. Тэгж байж энэ улс оронд хэв журам, онцгой дэглэм зүй ёсоор тогтоно. Айл өрх бүр, хүн бүр амар амгалан байж дэлхийг сөхрүүлээд байгаа аюулт цар тахлыг монголчууд ялан дийлж гарна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд, морь хоёр

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.


Намайг зургаа, долоотой байхад анх удаа айл хэсэх эрхээр шагнав. Энэ эрхийг анх удаа сумын төв орох, наадам үзэх гэхчлэнгийн гайхалтай бонус дагалджээ. Тусад орж хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэсэн хэрэг. Хэрхэн тусад орж хонь сайн хариулдаг болсон бэ гэвэл, ийм юм. Ер нь тусад орно гэдэг мал аж ахуйн өдөр тутмын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэхийг хэлдэг. Хөвгүүд хонь малд явж, охид тогоо шанага барьж, мал сааж сурснаар энэ гарааг эхлүүлнэ.

Хүүхэд эхлээд хурга хариулж сурдаг. Энэ бол гэрийнхээ ойролцоо явганаар гүйцэлдүүлж болох хөдөлмөр. Харин морь унаж сурснаар алсын бэлчээрт хонио хариулах чадвартай болно. Бараг айл болгонд “хүүхдийн морь”, “хүүхдийг унаанд сургасан морь” гэж байна. Хүүхдийн морь ихээхэн хүндтэй байдаг ба бусад төрлийн уналга эдэлгээнд бараг ашиглагдахгүй. Өөрт илүү хариуцлагатай боловч хөнгөн ачаа ногдож байгааг зөнгөөрөө мэддэг болов уу гэлтэй, ихэнх хүүхдийн морь том хүн унахаар ааш гаргах, булгих зэргээр авирладаг нь сонин.

Санасан дээрээ сонирхуулахад, монголчууд морь малаа уналга эдэлгээнд сургахдаа, зэрлэг байгальд бие даан бэлчээрлэх, өвс усаа өөрөө олоод идэх чадварыг дарангуйлахгүй гэж хичээдэг. Наад зах нь мориндоо зөвхөн зүүн талаас нь ойртож, мордож бууж сургана. Ийм учраас ихэнх морь баруун талаасаа хүн ойртуулдаггүй байх жишээний. Харин цөөн тооны морь л онцгой тайван, номхон, бүх талаасаа ойртуулдаг болж “хүмүүждэг” бөлгөө. Ардын дуунд “Буурал морь нь буруугүй номхон хө” гэж гардаг нь аль ч талаас нь очиход үргэхгүй гэсэн утгатай.

Ихэнх тохиолдолд зөнгөөрөө тайван, амгалан адууг “Хүүхдийн морь” болгон сонгож авдаг. Зориудаар хүүхдэд зориулан сургаж, номхруулж авдаггүй. Харин хүүхэд морь хоёр бие биеэ сонгож учрах талтай байдаг юм шиг санагддаг. Ихэнх морь эмээл холбирч унах, ачаа бараа унжиж чирэгдэх зэргээс үргэж тонгочдог бол хүүхдийн морь энэ бүхнийг номхноор тэвчин өнгөрөөнө.

Намайг анх хөлгийн зоонд гаргасан “Хонгор морь” байлаа. Бид хоёрын дассан түүх урт. Анхандаа би түүнийг аргамжаанаас нь тайлж авчирдаг байв. Хонгор морио унаж сурахаасаа өмнө хонгор мориноосоо унаж бэртсэн ч түүх байна. Түүнд морины буруу огт байгаагүй юм.Томчуудаар өргүүлэн хонгор мориндоо мордоод, хөтлүүлэн явдаг байхад тохиолдсон явдал л даа.

Нэг өглөө морио аргамжаанаас нь тайлан хөтөлж авчрах замдаа бие даан унаж үзмээр санагдаад болдоггүй. Ингээд хэц газар зогсоогоод, том чулуун дээр гишгэн гараад мордов. Дөнгөж мордтол морь маань газрын уруу тонгойжээ. Ингээд зайдан мориноосоо хүзүүг даган гулгаад унаж, тохойгоо мулталсан байгаа юм. Моринд явсан хүүхдээ ирэхгүй болохоор сандраад эржээ. Хонгор морь яг тэндээ зогсчихсон, би урьд өнхөрчихсөн уйлаад хэвтэж байсан гэсэн.

Харин хойтон жилээс нь хонгор мориндоо эмээл тохоод ойр зуур явж, хонь хариулах боллоо. Эмээл өөдөө авирна, авирч гараад мордоно гэж Алтайн оргилд гарахын дайны юм болох авч хонгор морь маань тэвчээртэй хүлээн зогсоно. Заримдаа, зүүн хөлөө дөрөөлсөн чигээрээ, арай мордолгүй зогсож явах зугаатай санагдана. Хожмоо, циркчид яг ингэж давхилдахыг хараад гайхаагүй билээ. Хэрвээ баруун хөлөө дөрөөлөөд мордвол эмээл дээрээ хойшоо хараад суучихдагийг та нар мэдэх үү?

Хүүхдийн морь хэмээх хөөрхий амьтны тэвчээрийг ч далимдуулна шүү дээ. Заримдаа, эмээлээсээ бууж бие засахаас залхуураад морин дээрээсээ хөнгөнөөр “морь харсан” явдал ч ганц нэг байна. Шоррхийх чимээнээр чихээ нэг хөдөлгөснөө “энэ золиг юугаа хийгээд байна? За даа, юугаа ч хийсэн ямар хамаа байна” гэх шиг хэнэггүй зогсдогсон.

Хэрвээ чонотой таарах юм бол тэгж сандрах эсэх нь эргэлзээтэй. Санасан дээрээ сонирхуулдаг зангаараа хуучлахад, унаж яваа морь чоно хараад сүйдтэй айдаггүй. Эзэн нь чоныг айлгагч гэдэгт зөнгөөрөө итгэж байх шиг санагддаг.

Монгол хүн “Чоно угаасаа хүнээс айдаг” гэсэн бат итгэлтэй хүмүүждэг. Энэ итгэл үнэмшил нь чоныг айлгах хүчин зүйл болдог байх. Өрнөдийн шашин номлогч Ж.Гильмор монгол, хятадаар аялсан тэмдэглэлдээ нэгэн сонин жишээ дурдсан байдаг. Түүний дурссанаар, Хятад тариачдын тосгон руу чоно дайрч, хүн барьсан явдал гарсан гэнэ. Тариачид талбайдаа гарч чадахаа болиод арга барагдахад нэг нь “Монгол хүн чононоос айдаггүй, тэднийг агнадаг гэнэ. Иймээс монгол хүн олж ирье” гэсэн санал гаргаж бусдаараа дэмжүүлжээ. Монгол анчин ч олдсон байна. Эхний өдөр чоныг отож суусан анчны буу баарчээ. Хятадууд, одоо ч хөөрхий чононд бариулж дээ л гэж бодсон аж. Гэтэл, анчин буугаа гацсанд огт сандарсангүй. Улмаар нуугдан зугтаахын оронд өндийж ирээд чоно руу зандран хашгирчээ.

Амьдралдаа ийм зоригтой хүн үзээгүй хятад чоно паникт орж, эргээд явжээ. Мөнөөх чоно болсон явдлыг шөнөжин эргэцүүлээд, “очиж очиж хүнээс айна гэж юу байхав” гэж бодсон уу яасан, маргааш нь эргэж ирээд нам буудуулжээ. Анчин нь буугаа засварлаж, баараггүй болгоод хоносон хэрэг.

Үүнтэй төсөөтэй явдал надад ч тохиолдож байсан. Хонгор морио унаад хонь хариулж эхлээд удаагүй байсан цаг. Нэг удаа хонины цаад талд урьд өмнө үзээгүй саарал нохой явж харагдав. Үзээгүй гэдэг маань ойр хавийн айлуудад тийм шар нохой байхгүйг хэлсэн хэрэг. Гэтэл үргэсэн ямаа тургилаад эхлэхээр нь нохой биш болохыг анзаарлаа.

Тийм ээ, тэр бол чоно байлаа. Хамгийн түрүүнд сүүлээ буулгасан байхыг анзаарлаа. Монгол нохой, чоно хоёр сүүлээ сөхдөг, буулгадгаараа хамгийн түрүүнд ялгардаг билээ. Энэ онцлогоос болоод малчин ардууд сүүлээ сөхдөггүй болон саарал өнгийн нохой тэжээхээс зайлсхийдэг. Учир нь чонотой төстэй нохойнд мал дасахаас болгоомжилж байгаа хэрэг.

Монгол хэлнээ “Сүүлээ сээрэн дээрээ тавих” гэсэн зүйрлэл хэллэг байдаг бөгөөд нохой нь сүүлээ өргөсөөр байгаад сээрэн дээрээ авчраад саасагнан эрхлэхээс үүдсэн үг. Эрхлүүлэхээр даврах гэсэн утгатай. Ер нь нохой нөхөрсөг байхын хэрээр сүүлээ өргөдөг бололтой. Айлын нохой сүүлээ өргөчихсөн байвал чамайг зуухгүй гээд ойлгочиход бараг болно. За энэ ч яахав. Түрүүн юу ярьж байснаа мартчих шахлаа.

Анх чоно харсан миний бие айсандаа хөшөөд, нүдний нулимс бүрхээд ирлээ. Энэ зуур “чоно тааралдвал битгий ай, чимээ өгч хашгирч бай” гэсэн эмээгийн захиас санаанд орлоо. Тэрээр галзуу л биш бол ямар ч чоно хүнээс айдаг гэж хэлсэн юм. Харин галзуу чоно тааралдвал чимээгүй байх нь зохилтой гээд “чоно галзуурахаараа нохой мэт сүүлээ өргөж явахаас гадна хараа муудаж, чимээгээр баримжаа авдаг болдог” гэхчлэнгийн шинж тэмдгүүдийг бас хэлж өгсөн билээ. Ингээд хэр чинээгээрээ л “хүүе хаая” хэмээн хашгирсан санагддаг юм. Үхтлээ айсан жоохон хүүхэд ямар л олигтой хашгирав гэж. Гэхдээ л чоно миний зандрааныг дуулсан байгаа юм.

Боохой зогтуссанаа, намайг ажиглав. Тэгснээ, дуртай дургүй буцаж эргэн шогшлоо. Байн байн тоомжиргүй эргэж харах нь “Ингэдэг ёстойгоос хойш, айсан л болохоос биш” гэсэн янзтай. Харин монгор морь маань сортолзон байсан нь надад санамж өгөх гэснийх болохоос чононоос айсных бус бөлгөө. Харин чоно надаас айж байхыг харсан тэр цагаас хойш би хээрийн боохой харагдахад итгэл төгс хашгирдаг болсон ба чоно гуай ч улам илүү ёсорхогоор айж одох болсон түүхтэй.

Ийнхүү монгол хүүхдүүд чоно айлгаж өсдөг бөгөөд тэрхүү итгэл үнэмшлийг нь ямар ч чоно хүндэтгэн дагасаар иржээ. Саяхан, 2019 оны хуучаар БаянӨлгий аймгийн Ногооннуур сумын малчин эмэгтэй М.Нургуль гурил элддэг ганжингаараа чоно цохиод алсан байх жишээний.

Харин эзэнтэйгээ хамт байхдаа чононоос ч айдаггүй хонгор морь маань машин тэрэгнээс л үхтлээ айдаг байсан байгаа юм. Машин дуугарах чимээ гарвал л сүйд болно. Байх суух газраа олохгүй болон үймрэх ба гадаа уяатай байсан бол чөдөр ногтоо тасдуулаад одох энүүхэнд. Унаж явахад тонгочоод хаячихгүй боловч байж ядан адгах нь үнэхээр бэрхтэй.

Тэрэг техник ховор байснаас болоод тэр үү, машинаас үргэдэг морь их элбэг байв. Айлын гадаа машин ирэхэд адуу мал нь хуйлраад, үнээ нь зэлээ аваад талийх бол энүүхэнд. Зарим хөгшид “Хайран сайхан лам багш нарыг маань чийчаантай ногоон малгайтнууд ачаад явснаас хойш морь мал хүртэл айдаг болсон” гэж тайлбарлах. Тэднийхээр бол хувьсгалт хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтээс үүдсэн эздийнх нь айдас адуу малд нь хүртэл шингэсэн байх нь. Үгүй гэхэд ч хэцүү, тийм гэхэд ч амаргүй.

Ингээд хонь хариулж явахад машин дуугарвал аль болох замаас холдож, гэрийн гадаа машин ирвэл хонгор мориныхоо хажууд очиж, биеийг нь илж тайтгаруулдаг байлаа…

Categories
мэдээ цаг-үе

Их Явуугийн шавь Чойжилын Дамдиндорж найрагчийнд өнжлөө

“Та бид хоёр чинь дэлхийн яруу найргийн өдөр(03.21)-өөр уулзалдаж байна, бэлгэшээлтэй санагдлаа”, “Харин тийм ээ. Ах нь яруу найргийн өдөрт зориулаад Сергей Есениний орчуулгаасаа нэг шүлгийг нь фэйсбүүк хуудсандаа оруулчихсан чинь хүмүүст их таатай байгаа бололтой”. Ийм л яриа хөөрөөтэй бид хоёрын уулзалт эхэлсэн юм. “Эрийн хэц нь танигдсан сайхан эр дээ, манай Дамиа” гэж Дөнгөтийн Цоодол хэлдэг. Тэр хоёр бол дорнын их Явуугийн зүрхний шавь нар юмсан. Гэхдээ ойрын хэдэн жилээс л бие биенээ гэх болсон. Явуухулангийн гэргий Адъяа эгч сэрүүн тунгалагтаа “Чамайг Цоодолтой л ойртуулахсан” гэж хэлдэг байж. Цоодол нь тэр үед Сайд нарын зөвлөлд ажиллаад, мөн “Өдрийн сонин”-ыг төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад соёл урлагийнх нь албыг хариуцсан том амьтан ордонд суугаад Дамиадаа олдоогүй юм билээ. Бас өнөө Дамиа нь ч гэж Дамиа, хүн царайчилж сүрхий дотночилж ахаа эгчээ гээд ар өвөрт нь гүйгээд байдаггүй ясны муухай зан нь нөлөөлөө байлгүй. Түрүү жилийн хавар Цоодол найрагчийн Бэлхийн аман дахь хөдөө гэрт нь Дамиа ах, Хүрлээ ах бид гурав очиж бүтэн өдрийн туршид ёстой нэг шавайгаа ханатал хуучилсан сан. Хүрлээ гэдэг маань “Цэцэг нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо” гэж бичсэн Ховдын Цэцэгийн Сутай хайрхны хүн. Яагаав, “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” гээд олон сайхан дуутай даруухан гоё хүн. Тийн очиход Дамиа, Цоодол хоёр нуух хаах юмгүй сайхан ярьж билээ.

Ингээд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, орчуулагч Чойжилын Дамдиндоржийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. “Ах нь зочноо өөрөө очиж авна аа” гээд манай хүн намайг гэрээс минь ирж аваад Зайсангийн зүг хөдөлсөн. Гүүр давж явахдаа тэрээр гэргий рүүгээ яриад бууз тавьчихаарай гэж байна. Яах ийхийн зуургүй Богд уулын хаяанд гэрт нь хүрээд ирлээ. Гэргий нь буузаа сэвээд уур манан савсуулаад зогсож байна. Бага хүүгийнх нь гэр бүлээрээ аавындаа ирчихсэн хүүхэд шуугилдаад аз жаргал баяр баясгалан болсон сайхан айл угтах нь тэр. Мэнд усаа мэдсэний дараа цай цүй болох зуураа Лхагважав эгч “За нөгөө корона чинь арав болчихлоо” гэж цаг үеийн мэдээ дуулгав.

“Та чинь дөрөвдүгээр ангийн жаалхан сурагч байхдаа Дандар баатарт зориулж шүлэг бичиж байсан гэдэг” гээд гэрийн эзнээс яриа өдлөө. “Булганы арван жилийн сургуульд Дандар баатар ирэх болдог юм байна. Уран зохиолын дугуйлангийн сурагчдаас ханын сонин гаргах боллоо. Манай дугуйлангийн багш Дашзэвэгийн Сэнгээгийн дүү Дашням гэж хүн байсан. Одоо энэ Урианхай, Их хурлын гишүүн байсан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Данзанхорлоогийн Дашпүрэв гээд бүгд л Дашням багшийн шавь нар. Дугуйлангийн хүүхдүүдийн хамгийн балчир нь би байлаа. Бүгд домогт Дандарт зориулж шүлэг бичлээ. Тэгтэл багш маань миний бичсэн шүлгийг магтаж, намайгаа хөөргөдөөд баатрын уулзалтад зориулсан ханын сонинд миний шүлгийг гаргаж билээ.

“Цуцаж шантрашгүй зоригтны

Цулбуураа бариад мориндоо мордох нь

Цавчим өндөр хясаан дээрээс

Цалил цагаан бүргэдийн шумбах адил…” гэсэн эхний дөрвөн мөрийг нь тод санадаг, бусдыг нь мартаж орхижээ. Ийм шүлэг анх бичсэнээс хойш утга зохиолын гал тогоонд сэтгэл хоёрдолгүй зүтгэж явна. Бусад шиг сүрхий нэр алдарт хүрсэнгүй, олонд тэгтлээ танигдсангүй. Шүлэг найргаа шатааж, Явуугийн шавь гэж адлуулж хэрдээ л адармаатай амьдрал туулсан байх юм” гээд инээвхийлж сууна. Юмны учрал ерөөл гэж сонин. Түүний анх шүлэглэсэн гарамгай баатар Дандар тэр хоёр нэг нутгийн унаганууд. Булганы Бүрэгхангайн утаа суунагласан хөх уулсын дунд хүмүүн заяаг олсон эрхмүүд. Бүр сүүлдээ садан төрлийн хүмүүс ч болсон удаатай. Дандар баатар том хүү Мөнхзулыг нь төрөөд удаагүй байхад Дамдиндорж найрагчийнд зочилж, манцуйдаа тарвалзан бяцхан хүүг нь алган дээрээ энхрийлэн тэврээд зургаа татуулсан гэрэлт дурсамж ч бий гэнэ. Явуу багштайгаа танилцсан нь наян нэгэн он ажээ. Гэргийдээ зориулж бичсэн уярам сайхан шүлэг Явууд унштал “Үгүй ээ, чи чинь хаанаас гэнэтхэн гараад ирэв. Чамд өөр шүлэг бий юү” гэж асуугаад их л сэтгэл нь догдолсон гэдэг. Агуу их Явуухуланд тоогдсон мань хүн тэр оройдоо “Дайны жилийн хүүхнүүд” тэргүүт олон шүлэг бичээд Явууд аваачаад өгчээ. Ингэж Явуугийн халуун сэтгэлийн үгтэй түүний шүлгүүд “Цог” сэтгүүлийн наян нэгэн оны хаврын дугаарт хэвлэгдсэн түүхтэй. Тухайн цагт “Цог” сэтгүүлийн “Оч” буланд гарч байж яруу найрагчийн дархан эрхээ олж авдаг байсан бичигдээгүй хуультай байсан үе. “Эрээнцавын Нямсүрэн, Данзангийн Нямаа бид гурав чинь нэг уяаны морьд шүү дээ” гэж Дамиа ах хэлдэг. Учир нь “Цог” сэтгүүлийн “Оч” буланд Дамдиндорж, Данзангийн Нямсүрэн, Данзангийн Нямаа гурав нэг жил цуварч гарсан юм билээ. “Маш тансаг сайхан найрагч хөдөө байна” гэж Дамдиндоржоо Явуу багш нь хэлсэн нь эргээд санах нь ээ, Эрээнцавын Нямсүрэн найрагчийг хэлж байжээ. Анхны шүлгээ Дандар баатарт зориулсан тэрээр анх удаа “Цог” сэтгүүлд гарч яруу найрагчийн алдраа тунхаглахдаа сансрын нисэгч Жүгдэрдэмийн Гүррагчаатай хамт заларсан нь бас л сонин. Тодруулбал, Гүррагчаа баатар сансарт ниссэн түүхэн баярыг Монголын зохиолчдын хороо, тэр үеийн нэрт сайхан найрагчид өндөрт өргөж сансрын нисэгч хүүгийнхээ зургийг сэтгүүлийнхээ тэргүүн нүүрэнд залжээ. Тэр л дугаарт Явуу нь Дамдиндоржоо бичсэн байдаг юм. Ийм билгэ ерөөлийг Дами ах сэтгэлдээ хадгалж явдаг байх нь. Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой өчигдөр тохиосон билээ.

“Явуу багшийн өрөөнд очиж уулзана гэдэг амаргүй. Тэр үеийн зохиолчдын хороо гэдэг ёстой бурхад чуулсан газар. Агуу их Түдэв гуай, Удвал гуай, Явуу багш, Пүрэвдорж гуай, Сэнгийн Эрдэнэ гуай бүгд ханайж байсан үе. Зохиолдын хороогоор ороод, тэр том аваргуудын чинь өрөөний үүдээр алхахад ар нурууны хөлс дааварлаж байлаа, ээ бурхан минь” гэж Дамиа ах хэлсэн. Явууд тоогдож “Цог” сэтгүүлд заларснаар үндсэн ажлаа орхиж шүлэг найраг руугаа эргэлт буцалтгүй орсон гэдэг. Үндсэн ажил гэдэг нь Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байснаа хэлж байна. Жаран есөн онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн хэл уран зохиолын ангид орно гэж бодож байжээ. Тэгтэл Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ганц хуваарь иртэл түүнийг нь эхнэр нь авчихсан гэдэг. “Би ямар найз охинтойгоо өрсөлдөлтэй нь биш” гэж байсан. Ингээд хүссэн сургуульдаа орж чадалгүй эгчийнхээ зөвлөснөөр цаг уурын ангид орчихжээ. “Бараг таван жил үсэг хараагүй” гэж байсан. Дээд тоо, магадлалын онол гээд дандаа л тоо бодно. Түүндээ өөрөө их дургүй. Дургүй байлаа гээд яахав, сургуулиа орхилтой нь биш. Тоо бодож манаргасаар байгаад төгсөөд авчээ. Цаг уурын анги төгссөн хэрнээ хүсэл сонирхлынхоо дагуу телевизэд орох санаатай очжээ. Телевизийн дарга нь Гончиг гэж хүн мань эрийг авахаар болсон байна. МОНЦАМЭ руу очоод тушаалаа гаргуулчихаад ир гээд явуулж. Ёндонсамбуу гэж боловсон хүчний хүн “Тоо боддог хүн сурвалжлагч хийдэггүй юм. Цаана чинь Эрхүү, Москвагийн их сургууль төгссөн сэтгүүлчид гудамжинд ажилгүй явж байна. Чи зүгээр тэр хийдэг ажлаа л хий” гээд хөөгөөд явуулчихсан байдаг. Урам нь хугарсан тэрээр орой нь гэртээ ирээд “Юм бичдэг салбар намайг яагаад ч хүлээж авахгүй юм байна. Уран бүтээлч байх заяагаагүй юм байна” гээд бичиж туурвисан шүлэг найргаа бүгдийг нь шатаачихсан гэдэг. ШУА-ийн газар зүйн хүрээлэнд ажиллах болсон түүх нь энэ.

Далан зургаан онд телевизэд орох гээд чадаагүй хүн чинь арван нэгэн жилийн дараа буюу наян долоон онд одоогийн соёлын гавьяат До.Чулуунбаатар, хөгжим судлаач Батсүрэн нарын хамт нэг тушаалаар монгол телевизийн сэтгүүлч болжээ. Телевизийн Залуучууд спортын редакцид ажиллахдаа тэрээр олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлдэж явуулсныг тоочоод барамгүй. Ерэн онд Бээжинд болсон Азийн спортын наадамд сурвалжлагчаар явж тус наадмыг Монголын ард түмэнд шууд дамжуулж үзүүлсэн байдаг. Мөн жаран найман оны олимпоос хүрэл медаль хүртсэн Төмөрийн Артаг, наян оны Москвагийн олимпоос медаль хүртсэн Жамцын Даваажав, Дугарсүрэнгийн Оюунболд, Равдангийн Даваадалай нарын алдартай тамирчид бүгд гавьяат цолоо аваагүй байхад тэр үеийн олимпийн хорооны дарга Болд, нарийн бичгийн дарга, олон улсын шилэгдмэл шүүгч Солийн Магсар нартай яриад тэдгээр тамирчдын тухай цуврал нэвтрүүлэг бэлдэж хүргэжээ. Дамдиндоржийн тэрхүү нэвтрүүлэг гарсны дараа Болд дарга төв хороонд тамирчдынхаа тодорхойлолтыг барьж олимпоос медаль хүртсэн дээрх дөрвөн тамирчин гавьяат цолоо авч, Төмөрийн Артаг “Би энэ гавьяатыг чинь авах гэж 20 жил хүлээлээ. Чамд үнэхээр баярлалаа” гээд уйлаад ирж байжээ. Мөн алдарт тамирчин Лу.Энхбаяр Эрдэнэт хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүнээр түшүүлэн ирж гавьяат цолоо авсан байна. “Дамдиндорж гэж сэтгүүлчийн буянд энэ цолыг авлаа” гээд залбирч байсан гэдэг. Ингэж л түүний бэлдсэн нэвтрүүлэг, уран бүтээл хүнд хүрч өлзий буянаа хайрлаж байж. “Цагийн хүрд” нэвтрүүлэг тэр үед “Цаг үе, үйл явдал” гэсэн нэртэй байсан юм билээ. Тухайн нэвтрүүлгийн нэрийг өөрчлөх 200 төгрөгийн шагналтай уралдаан зарлагдахад Дамиа ахын “Цагийн хүрд” гэсэн нэр шалгарч шагнуулж байсан гээд үндэсний телевизтэй холбоотой үүх түүх хөвөрнө. Бас л адармаатай хүн шүү, “Цагийн хүрд”-ийн нэрийг хүртэл өгчихсөн байх даа яахав гэсэн бодол төрж л байлаа.

Тэр бол дорнын их Явуугийн отгон шавь, Очирбатын Дашбалбарын дотны нөхөр, Шаравын Сүрэнжавтай ах дүүгийн барилдлагатай явсан хүн. Явуу багш нь өнгөрөхийнхөө өмнөхөн “Монголын яруу найргийн од төрлөө” гэж Дамдиндоржийнхоо тухай бичжээ. Гэвч Явуугийн бичсэн зүйл “Утга зохиол” сонинд гарч амжаагүй байтал их найрагч насан өөд болж Дамиа ахын хэлдгээр нь аз нь дутсан юм билээ. Тэр тухайгаа өгүүлснийг нь хүргэе. “Би ер нь их нуугдмал хүн юм даа. Янз бүрийн юм ярихаар хүмүүс өөрийгөө магтаад байна гэж бодох байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. Наян хоёр оны эхээр Явуу багш нас барахаас арваад хоногийн өмнө надтай тааралдаад “За Дамдиндорж оо, Төв хороогоор шинэ номын төлөвлөгөө батлагдлаа. Хангайсайхан нарын дөрвөн хүний ном хасагдчихлаа. Тийм учраас чи шүлэгнүүдээ надад аваад ир. Түүнийг чинь сонинд гаргаж, олон түмэнд хүргэе. Ирэх жилийн төлөвлөгөөнд номыг чинь оруулна” гэсэн юм. Тэгээд тав, зургаан шүлэг Явуу багшид аваачиж өгсөн. Өрөөнөөс нь гартал нэг хүн зөрөөд орсон. Би тухайн үедээ таниагүй. Сүүлд уулзах нь ээ, Очирын Нэргүй гэж хүн байсан. Түүнд Явуу багш миний тухай яриад өнөө “Яруу найргийн од” гэж бичсэн гар нооргоо Нэргүйд өгөөд бичээчээр цохуулаад ир гэжээ. Түүнийг нь Нэргүй бичээчээр цохуулчихаад гар нооргийг нь аваад үлдчихэж. Сүүлд надад үзүүлээд Баянгол ресторанд дайлуулсан. Тэгэхдээ би чамаар дахиж дайлуулна гээд Явуу багшийн гар нооргийг өгөөгүй. Багшийг өнгөрсний дараа түүнд зориулсан ном гаргах гээд өөрийнхөө шүлэг зохиолыг бэлдээд явж байсан чинь миний шүлгүүдийг энд тэндээс нь жаахан засчихсан, эмэгтэй хүний бичиг шиг бичигтэй зүйл оллоо. Энэ одоо хэн байдаг билээ гэтэл өнөө муу Дашбалбар маань байсан” хэмээн Явуугаа болоод Балбарыгаа дурсаж сууна. Тэр хоёрынхоо дурсгалд зориулж “Ачлалын тэнгэрт өдөлсөн шүлгүүд” хэмээх яруу найргийн нэгэн сайхан ном Дамдиндорж найрагч гаргасан юм.

“Дашбалбар бид хоёр үзэл бодол нэгтэй, ааш араншин ижилхэн хүмүүс. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг арга байхгүй нийлдэг л юм билээ. Балбарыг ерэн зургаан оны сонгуульд ялалт байгуулж төрийн түшээ болоход нь эхнэр бид хоёр очиж баяр хүргэсэн юм. Балбарын туслах байсан Агваандорж бид хэд Манзуширын хийдэд очиж баяраа тэмдэглэж билээ. Миний бага хүү Мөнхдөлтэй Балбар маань зургаа авахуулахдаа, чи УИХ-ын гишүүн, бас Монголд нэртэй яруу найрагчтай зургаа авахуулж байна шүү гэж хүүд маань инээд наргиантайгаар хэлж байсныг мартдаггүй. 2002 онд Балбарынхаа дурсгалд зориулсан “Наранбулагийн эгшиглэн” номынх нь тэргүүнд нүүрэнд хүүтэйгээ авахуулсан тэр зургийг оруулсан. Ерэн найман онд Балбарыг төрийн шагнал авахад нь гэрт нь очсон. Тэгэхэд надад баатрын зурагтай гоёмсог бэлэгн гардуулаад “Миний нөхөр надтай явсан баатар юм шүү” гэж сэтгэл дүүрэн хэлж билээ. Би чинь нэг хэсэг нам улс төр гэж баахан давхисан. Тэр бүхэн маань Дашбалбартай холбоотой юм. Балбар, Зэнээ бид гурав Гэсэр сүмийн тэнд өглөө бүхэн уулзаж ярилцдаг байлаа. Тэр хоёр намайг Их хуралд суулгах гэж их үздэг байлаа. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй юм. Тэр нь зөв болсон байх. Хэрвээ орсон бол гурвуулаа үхэх байсан. Хамгийн сүүлд Балбартайгаа өнгөрөхөөс нь зургаан хоногийн өмнө уулзсан. Тэгээд би ажлаар гадагшаа явсан. Хүний нутагт анд нөхрөө үгүй болсон аймшигт мэдээг дуулаад ямар хэцүү байсан гэж бодно. Би өдий наслахдаа олон ч хүнтэй нөхөрлөж иржээ. Гэхдээ Дашбалбар шиг нөхөртөө үнэнч, эх орондоо үнэнч, ард түмэндээ үнэнч хүнийг үзээгүй явна” хэмээн анд нөхрийнхөө дурсамжийг хуваалцсан. Дамиа ах нэг хэсэг Чөлөөт зохиолчдын холбоонд орж тус холбооноос зохион байгуулдаг “Мөнгөн цом” наадмыг “Болор цом” шиг нэр хүндтэй болгож байсныг санах юм. 2000 онд хувийнхаа зардлаар цалин цагаан мөнгөөр сайхан цом хийлгэж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж, тэрхүү цомыг нь Данзангийн Нямаа найрагч хүртэж байсан удаатай. Энэ бүхэн Балбарынхаа нэрийг бодож хийсэн ажил гэж хэлсэн нь тэр нөхөрлөлд хэрхэн үнэнч гэдгээ харуулсан юм. Эл бүхнийг бодохоор Чойжилын Дамдиндорж найрагчид өөрийн эрхгүй баяр төрдөг. Мань эр нэг хэсэг улс төрийн айхтар хурц нийтлэлүүд туушиндаж байсан. Ямар сайн даа алдарт сэтгүүлч Жа.Пүрэв гуай “Дамдиндорж гэж тэр залууд хэлэх юмсан. Арай л хэтэрхий шударга бичих юм. Тэгж байгаад араасаа хутгаар зоолгуулна. Амиа хамгаалж яваасай, тэр хүү” гэж арга цөхөрсөн зүйл хэлж байхав. Мөн Балбарынх нь эхнэр Борхүүхэн “Дамиа минь одоо боль, эцэст нь эр нөхөр нь эндээд, эхнэр нь бэлэвсрээд, үр хүүхэд нь өнчрөөд хоцордгийг би амьдралаараа үзэж байна” гэж айхтар сануулж хэлжээ. Ингээд тэрээр айхавтар нийтлэл бичихээ больж, улс төрөөс ч хөндийрч уран бүтээлийнхээ ажилд эргэлт буцалтгүй оржээ. Одоо бол ах нь хэнийг ч шүүмжлэхгүй, нэг хэсэг ч бас тэнэг явсаан” гээд хүд хүд хөхөрч байсан.

Дамдиндорж бол үнэндээ шазууртай эр. Ямар л аавын хүү Явуугийн шавь гэж адлуулахдаа шаралхаж Дэндэвийн Пүрэвдорж гуайтай ам зөрөөд Монголын зохиолчдын эвлэлийн хаалгаар 15 жил оролгүй омогтойхон явсан байх вэ. Энэ тухайгаа “Тэр үед би залуухан ч байж, хэн нэгнийг дагаж далбаганадаггүй хэдрүүхэн ч явжээ. Явуу багшийг нас барсны дараа зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр Пүрэвдорж гуай томилогдон олон сайхан залуусыг уран бүтээлийнх нь өндөрлөгт хүргэсэн. Пүрэвдоржийн дугуйлангаас Монголын яруу найргийн дал наяад оныхон тодорсон юм. Харин мань мэтийг жаахан шоовдорлох янз гаргах шиг санагдсан л даа. Бодвол би гэж дүнхүүдүүхэн амьтан хүний арга эвийг олохгүй дургүйг нь хүргэсэн байлгүй. Пүрэвдорж гуай намайг нэг удаа “Чи их Явуугийн гараар орсон мундаг хүн, дээгүүр зантай нөхөр” гэж хэлдэг юм. Тэр үгийг нь тэвчиж хүлцэлгүй, намайг ад үзлээ, Явуугийн шавь гэж нүд үзүүрлэлээ хэмээн хэрэлдээд арван таван жил зохиолчдын хорооны босгыг алхаагүй дээ” гэж гүдэсхэн хэлж байна. Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж, Монголын яруу найргийн наяад оны эхэн үеийн иртэй найрагч Чойжилын Дамдиндорж хоёрын хувьд уруул дордойсноос элэг дордойгоогүй юм билээ. Хоёр мянга есөн онд зохиолчдын эвлэлийн наян жилийн түүхт ойгоор Пүрэвдорж гуай Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж, мөнөөх Дамдиндорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулан төрийн есөн хөлт цагаан тугны дэргэд зогсохдоо тэврэлдэн золголджээ. “Пүрэвдорж гуай баатрын алтан соёмбо энгэртээ гялалзуулан тас тас инээгээд намайг, хүү минь гээд тэвэрч аваад үнссэн. Би гэдэг хүн яг л эцэгтээ үнсүүлж байгаа юм шиг санагдсан. Тэр агуу найрагчийг би сэтгэлдээ яаж муугаар бодож зүрхлэх билээ. Гэнэн залуу насны ааг омогтоо эрдэж явахгүй юу. Тэр сайхан уулзалт бид хоёрын сүүлчийн уулзалт байж билээ” гэв.

Дамдиндорж найрагч бол адайр ааштай, хэгжүүн омголон зантай хэрнээ ойртож дотносоод ханилахад түшигтэй, үнэн үгтэй, цагаан цайлган халуун сэтгэлт нэгэн. Дамиа ахын хүнлэг сэтгэл, аливаад жудагтай нуруутай байдаг чанарыг нь нөхөд нь даан чиг мэднэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу даа, номын баяраа хийхэд Дожоогийн Цэдэв гуайгаас аваад утга зохиолын үе үеийн хүмүүс цугласан байв. Цэндийн Эрдэнэбат доктор, Саруулбуян найрагч гээд дотны нөхөд нь хичнээн халуун дулаан сайхан үг хэлснийг санаж байна.

“…Цувраа мянган уулсыг ч давж хурдлах шандастай

Цуут загалын удам хурдан байдаг юм

Цул мөнгөн чимэгтэй эмээл хазгай сууж

Цулбуур амгайг зуулган давхих сайхан байдаг юм

Тэлмэн жороо морины явдалд

Тэнзэн ташуур даялаж явсах сайхан байдаг юм

Тэнгэрийн доор монгол хүн болж төрснийх

Тэнүүн талд морьтойгоо явахад жаргалтай байдаг юм…” хэмээх “Морьтой заяа” шүлгээс нь нэгэнтээ Шаравын Сүрэнжав найрагч эш татаад “Энэ шүлгийн цаанаас Дамдиндорж бүхий л дүрээрээ гэрэлтэн харагддаг юм” гэж тодотгосон байдаг.

“…Хаврын цэнхэр яргуй дэлбээлсэн байна

Хайрт минь чи түүнийг харж саат даа

Нялх ногооны үнэр юутай сайхан

Нярайлж чиний минь төрүүлсэн үрийн зулайг

Нартад хосгүй юм гэж нэрлэж байсан шиг

Нялх ногооны үнэр юутай сайхан

Халамцуу эрийн төрхтэй хавсарга намсахуйд

Хавар цагийн тэнгэр юутай сайхан

Бүртийх ч үүлгүй манхан хөх тэнгэрээс

Бүлээцүүлэх наран зугуухан ээнэ ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Илч гэрлийн даллага хавар танилцсандаа ч тэр үү

Ирж буй цаг хавар сайхан гэдэг нь ээ

Ижилсэж дассан хань чамтайгаа би

Ийм сайхан хавар хичнээн олны үзэв дээ” гэж насны хань Лхагважавтаа зориулсан шүлгүүд бий. Лхагважав эгчийг залуудаа тахимаа шүргэсэн урт үстэй, ёстой нөгөө харцуулын нүдэн дундуур туучсан сайхан бүсгүй явсныг найз нөхөд нь хэлдэг. Тэрээр “Эгч нь арван хүүхэдтэй айлын том нь. Манай өвгөн чинвь таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Энэ маань гарын таван хуруу шиг, би гарын арван хуруу шиг ийм л хоёр хүн нийлсэн” гэж тун сайхан хэлнэ билээ. “Манай хүн бол түргэн зантай, би харин их дөлгөөн хүн л дээ. Тэгээд дутуугаа нөхөж дундыгаа дүүргээд энэ олон жил сайхан амьдарч иржээ. Энэ амьдралд дандаа эвтэй явж ирсэн гэвэл бас өрөөсгөл. Сайдаж муудах үе гаралгүй яахав. Тэр бүгдэд миний ижий аав хоёр намайг зөвтгөж байгаагүй. Миний зөв байсан ч Дамдинг дандаа өмөөрнө, бүр нэг хир халдааж үзээгүй дээ” гэж Лхагважав эгч хэлсэн юм. Хүүхдийн байцаагчаас эхлээд эрүүгийн төлөөлөгч, тасгийн дарга гээд бүхий л насаараа Монголын цагдаад ажилласан эл эрхэм одоо чиг залуугийн сайхнаараа эрхэмсэг харагдана.

Дамиа ах алдарт О.Намнандорж гуай, Түвдэндорж аварга, “Тод магнай”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу”, “Эх орон танаа” гээд олон сайхан дууны эзэн нэрт найрагч Жанчивын Шагдар гээд олон сайхан хүмүүстэй ах дүү, анд нөхөд явж иржээ. Тэр бүгдийг дурсана гэвэл барагдахгүй. Сергей Есенинийг орчуулж тансаг сайхан ном гаргасан. Одоо дахиад л Есенингээ нухаж яруу найргийнх нь хоёр дахь ботийг бэлэн болгожээ. “Манай хүн орчуулга хийгээд суухаараа амарна гэж байхгүй. Шөнө унтахгүй сууна. Үгэнд орохгүй хэцүү юмаа” гэж гэргий нь зэмлэнгүй байсан. Дэлхийн яруу найргийн өдрөөр Монголын тэнгэртэй сайхан найрагчийнд хуучилж өнжсөн тэмдэглэлээсээ багаханыг хүргэхэд ийм байна. Мишигийн Ширчинсүрэн гуайн “Сайхан айл” гэж гоёхон найраглал бий. Дамдиндорж найрагчийнхаас гарахад уг найраглал санаа сэтгэлд буугаад байсан сан.

Categories
мэдээ нийгэм

Г.Удвал: Томчууд надад хатан хаан шиг л санагддаг

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Удвал буюу охинтойгоо ярилцсанаа хүргэе.


-Миний охин том хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Энэ том хүмүүс ер нь өөрсдийгөө юу гээд бодчихсон юм. Надад хатан хаан шиг л санагддаг. Хүүхдүүдээ зараад л, зүгээр ч зарчихгүй загнаад л.

-Ажилтай хүн болгох гэж тэр шүү дээ?

-Ээж аав нар биш, эмээ өвөө л надад таалагддаг. Ээж аав нь загнахаар өмөөрөөд “Битгий хүүхэд загнаад бай” гэдэг. Би лав хүүхдээ загнадаг ээж болохгүй. Ээж нээрээ хумсаа байнга будаад. “Та олон будаж байна ш дээ” гэсэн чинь, лайтай юм, би хумсаа ч будаж болохгүй юу гэсэн. Уг нь би өөрийнх нь төлөө л хэлсэн юм. Өөрийнх нь төлөө хэлж байгаа юмыг дандаа сөргөөр хүлээж авна. Зөвхөн ээж гэлтгүй, том хүмүүс бүгд тийм. “Хоол хийгээд сурчихгүй манай энэ” гээд л бас загнадаг. Өөрсдөө зааж өгөхгүй байгаа юм чинь би яаж сурахын. Саяхан нэг гурил зуурсан чинь “Ингэж бариач, усыг нь ихдүүлчихлээ, одоо наад чинь нялцгай болчихно, хатуу зуур гээд байхад” гэж ирээд л яршигтай нь аргагүй. Тэгээд өмнүүр ороод өөрөө хийгээд унадаг. Би тэгэхээр яаж ажилтай болох юм. Хэрвээ ажилтай болгох зүтгэлтэй байсан бол аль хэдийнэ хоол хийгээд сурчихгүй юу. Ээж ямар Гэрлээ аниа шиг биш дээ.

-Гэрлээ аниа нь яасын?

-Тэдний хоёр охин найман настайгаасаа хоол хийгээд сурчихсан. Есүй аниа, Санчир аниа хоёр ээж аавыгаа ирэхэд хоол хийгээд ширээгээ засчихаад сууж байдаг гэсэн. Би тийм болмоор байна. Би одоо есөн нас өнгөрөөд явж байхдаа сураагүй юм чинь хэзээ ч сурахын.

-Удахгүй сурна даа, ингэхэд айлын том байх хэцүү юу. Амгалангийн өмнөөс загнуулдаг тэ?

-Айлын том гэдэг азгүй ч юм шиг. Үнэхээр хэцүү, би зовдгийн ш дээ. Зурагтаар хичээлээ хийх болохоор Амгалан удирдлага өгөхгүй, зөндөө гуйж, өөрийнх нь буулгасан бүхнийг цэвэрлэж байж удирдлага авна. Амгалан дандаа л 708 дээр “Мистер Бэн” ч юм уу, хүүхэлдэй нөхчихсөн байдаг. Түүнийг болиулаад зурагт үзье гэхээр уйлаад. Тэгэхээр ээж “Бас яачихав аа, Удвал аа. Битгий наад нэг юм орилуулаад бай л даа” гэнэ, бүгд миний буруу. Ээж болохоор фэйсбүүк ухаад л хэвтчихнэ. Түүнийг нь хэлэхээр “Би та нарт сайхан хоол хийж өгөх гээд жор харж байна” гэдэг. Гэхдээ Мартын 8 болоод эрчүүдийн баяраар хийсэн ээжийн торт, пицца амттай болсон. Бөөрөнхий махтай пицца нь бүр гоё, Амгалан болохоор гахайн махтайд нь дуртай юм шиг байна лээ.

-“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг сүрхий гэгч уншиж байгаа харагдсан?

-Нэвтэрхий толийн хоёрдугаараас шинжлэх ухааны уламжлал гээд нэг юм олоод уншсан. Сонирхолтой санагдсан. Нэгдүгээрээс нь нийслэл хотын тухай, есөн дүүрэгтэй юм байна гээд бас аймгуудын тухай уншсан. Ингэж уншиж байгааг ээж тоож байгаа ч юм байхгүй. Тань шиг бас дотроо баярладаг юм болов уу. Та хоёр ер нь наад дотроо баярладаг гээд балай юмаа больчихооч. Тэр аймгаас тэр тэр алдартай хүмүүс төрсөн гэж танд хэлэхэд “Аав нь дотроо баярлаад байна” гэсэн. Юу ч гэсэн үг юм. Лав л надад сайхан санагдаагүй. Бусад айлын хүхдүүд тэр толийг тоож уншихгүй байх шүү.

-Юу гэж, уншилгүй яадаг юм?

-Айн, манай ангийнхнаас лав байхгүй. Тэд нар зохиолч ч гэж мэдэхгүй.

-Чи өөрөө зохиолчийн хүүхэд болоод тэр биз?

-Би зохиолчийн хүүхэд биш байсан ч сонирхоно ш дээ. Ямар яршигтай юм бэ. Би ямар сансрын нисэгчийн хүүхэд байлаа гээд сансар сонирхох уу, биш байсан ч би сансар сонирхоод л байна ш дээ.

-Чи Гүррагчаа баатрын овгийг овоо зөв хэлээд сурчихсан байна лээ?

-Жүгдэрдэмидийн гээд үү. Эхлээд би Жүгдгэр гээд байсан л даа. Хэлэхэд ядаргаатай овогтой юм билээ.

-Чиний мөрөөдөл юу юм бэ, аавдаа тодорхой хэлээч?

-Би том болоод хөтлөгч, жүжигчин, эсвэл зураач болдог юм уу. Намайг ганцаараа юу хийж тоглодгийг та мэдэх үү. Гоо сайхны бүтээгдэхүүн зардаг “Шууд ТВ”-гийн хөтлөгч болж, юмаа танилцуулаад сууж байдаг ш дээ(инээв). Дунд өрөөг түгжин ганцаараа яриад, хөтлөгч болж тоглодог. Маралаа, Улаакаа, Үнэнболд, Анужин энэ хэдтэй өвөөгийнд тоглохоор “Чи яг жүжигчин шиг” гэдэг. Би тантай монгол кино таалцсаар байгаад бараг бүх киноны нэрийг цээжилчихсэн.

-Охинтойгоо ингээд ярьсан чинь сонирхолтой байна?

-Та нар ингэж ярьдаггүй ш дээ. Ер нь би өсвөрийн сэргийлэгчид хандана, яадгийм. Тийм юм яваад байгааг мэдэх үү. “Та нар хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй болохоор хүүхдийнхээ юунд дуртайг мэдэхгүй” гээд л. Би өсвөр насанд хүрээгүй. Өсвөр насанд хүүхдийн зан ааш улам өөрчлөгддөг гэсэн, тэвчээрэй дээ. Одоо бол би их тэвчиж байгаа. Улаакагаас аваад хар. Ээж нь загнахаар нулимс нь цийлгэнээд, хийж байгаа юмаа хаяад гүйгээд явчихдаг. Ингэхэд хүүхэд томрохоороо тэнэг болчихдог юм байна. Санчир аниа, Есүй аниаг эмээ өвөө өсгөсөн. Тэгсэн чинь тэр хоёр өвөөгийнд очмооргүй байна гэсэн. Яагаад гэсэн чинь “Биднийг зарна” гээд байгаам даа. Би лав тэгэхгүй, том болсон ч эмээ өвөөдөө очно. Короно гэж балай юмнаас болоод өвөө эмээдээ очиж чадахгүй байна. Короно гараагүй бол ээжтэй ингэж зууралдахгүй, Тэшигт хөдөө сайхан байхгүй юу. Бас айл хэсч чадсангүй. Таныг дагаж дэлдэн өвөө (Ардын уран зохиолч П.Бадарч)-гийнд л очсон.

-Англи хэл сайн сурна шүү, хөөе?

-Та нар дугуйланд явуулахгүй байгаа биз дээ. Гадаад хэлнээс английг бас солонгос, хятадыг сурмаар байна.