Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүлдний тухай “Хатуу анхааруулга”

-ФЕЛЬЕТОН-

(Нэмэлт бүхий Үндсэн хууль мөрдөгдөж эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Харин шинэ Үндсэн хуулийг анх батлахад хамгийн их маргаан дагуулсан сэдэв бол төрийн сүлд, далбааны асуудал байв. Ажлын хэсгээс Чингисийн үеийн сүлд болох цагаан шонхортой төсөл оруулж ирсэн ч депутатууд хүлээж аваагүй. Харин тэр сүлд өнөөгийн манай цагдаагийн бэлгэдэл болсон билээ. Гучаад жилийн тэртээх маргаанд нэмж асан хошигнолоо сэргээн хуваалцъя)

Та(депутат) нарыгаа зурагтаар гарахыг хараад их өрөвдөж байна. Үндсэн хуулийн төсөл дээр сонгогч биднийхээ хэл гэснийг л хэлээд өөрийхөө санааг ч илэрхийлж чадахгүй бусдад боорлуулан зогсохыг хараад туйлаас өрөвдөв. Дараагийн сонгуульд энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, хэн нэгийг өөрсдийнхөө өмнөөс тарчлаахаа болихоор шийдлээ. Даанч хүнлэг бус юм… Төр солигдсоныг хүүхэд, нохой хүртэл мэдээд байхад, биднийхээ өмнөөс “Төрийн сүлдийг ямар учраас солих гээд байна” хэмээн хөлсөө асгаруулан, гүрийн зогсохыг чинь харах туйлын хүнд байнам. Иймээс, дараагийн сонгуульд бид депутатаар хүн биш, харин сайн магнитофон сонгох болно. Хорооны хөдөлмөрчдийн бүх хүслийг бичүүлээд тэрийг их хуралд сонсгоод л болоо биш үү?

Та нарыг маань “нэг муу махчин шувуутай сүлд батал” гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж яаж болох вэ? Та нарын эсэргүүцээд байгаа нь зөв. Харин тэр сүлдэнд хүн оруулавзай. Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амтан гэж судлаачид хэлдэг.

Шонхор шувууг та нар эвэр хошуутай, сүүгүй амьтан гэж эсэргүүцдэг чинь ч түмэн зөв. Тэгэхдээ, шувууны хошуунд эвэрнийхээс арай өөр хэд хэд элемент байдгийг эрдэмтэд тогтоосон гэдэг шүү, дотроо саначихаарай.

Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан оролгүй яах вэ? Болж өгвөл симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой.

Бүүр болохгүй бол хуучин байсан морийг гүү болгохыг хичээгээрэй. За тэгээд цаашлаад ирвэл таван хошуу малаа цөмийг, манай туслах аж ахуйд үлэмж хувь нэмэр оруулж байгаа гахай, тахиа, зөгий мөн тарвагыг оруулсан ч болмоор байна.

Хойшоо явж байгаа залуус,

-Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ ээ хө…гэж дуулаад гитардаж сууна. Догь биз?

Таван хошуу малыг дүрслэхдээ, хуучин 1940-өөд оны сүлдэн дэх шиг толгойг нь тасалж дүрслэх нь буруу. Ядуу бидэнд шууд л цувдай толгой төсөөлөгдөөд болохгүй байна.

Тэгэхээр, тэдгээр мал амьтнаа хүнд үр тусаа өгч байгаагаар дүрсэлсмээр байгаа юм. Хургалж байгаа хонь, ботголж бүхий ингэ байж яагаад болохгүй гэж?

-Сүлдэн дээр улаан нар байгаа явдал бол улаан коммунизмыг зорьж яваа хэрэг биш, хорвоод ганц л улаан нар байгаа тэр зүг рүү явж байгаа хэрэг гэж та нар маань мэтгэх юм. “Нарлуу хамаагүй давхиж байж Икар шиг шатаж үхэх нь үү” гэж цаадуул чинь ам таглаж мэднэ шүү. Хариуд нь “тэр бол монгол домог биш” гээрэй. Гэвч нэг “но” бас байна.

Цаад, хорвоогийн ганц нарыг чинь япончууд аваад тугандаа наачихсан юм шүү. Тэгэхээр өнөө гүү унаад явж байгаа хүн чинь Япон орохоор болчих вий гэж. Үүнээс зайлсхийхийн тулд нарыг тас хараар хийх саналтай байна.

Дээр үеийн ойлголтоор бол сүлдэн дэх морьтон мандах коммунизмыг зорьж явсан байдаг. Харин одоо ардчилж, өөрчлөн байгуулж байгаагаар дүрслэгдэх нигууртай. Ингээд би шинэ сүлдийг өөрийн санаанд бууж байгаагаар дүрсэлье.

Сэрийсэн хөхтэй, сүү нь дусалсан гүү унасан, лам (веган) хүн тас хар өнгөтэй нарыг зорин давхина. Тэрээр баруун гараа санал өгч байгаа маягтай өргөжээ. Энэ нь ардчиллын бэлгэдэл болно. Харин зүүн гараараа гүүнийхээ дэлийг засаж байгаа нь өөрчлөн байгуулалтыг илэрхийлнэ.

Төллөж байгаа дөрвөн эх мал нэг дор байна. Тэр хэдийн цаана үхсэн чоно харагдана. Энэ нь нэг талаасаа малын дайсан чоныг устгасан гэсэн санаа. Нөгөө талаасаа эзэн Чингисийн үеийн сүлд шонхорыг сүлдээ болгохгүйгээс хойш, удам гарлынх нь эх болох Бөртө чоныг үхсэн байдлаар зурах нь зөв.

Харин тарвагыг дүрслэхдээ ангийн байцаагчийн хурааж аваад гээчихсэн, Эрхүүгийн арьсны чээнж оюутны үнэмлэхийг ноохойдоо зөөж байгаагаар хийх ба энэ нь тарваганд учрах гол аюул ариллаа гэсэн үг.

Сүлдийн эч этгээдэд Эзэн Чингисийн үеийн сүлд цагаан шонхор шувууны эвэр хошууг полиэтилениэр солихын зэрэгцээ хөх ургуулах мэс засал хийж байгаа мал эмнэлгийн хүрээлэнгийн нэгэн лабораторийг дүрслэх нь зөв. Энэ нь хожим хойдод эзэн дээсийн сүлд эргэж ирж магадгүй гэсэн санааг агуулах юм. За, бусад амьтдыг та бүхэн үзэмжээрээ болгооно биз.Төрийн далбаанд бол хэлэх юм алга, өөрсдөө мэд дээ.

…Улсын нэрийг бол өөрчлөх хэрэгтэй. Ардын бүгд найрамдах, Ардын ардчилсан, Монгол ардын Ардчилсан улс буюу АБНААМААУ гэж нэрлэх бодолтой байгаа.

Тэр, Үндсэн хуулийн нэрийг “Их цааз” гэж яаж болох вэ? Цаазаар аваад байна л гэсэн үг шүү дээ. Иймд хүнлэг ардчилсан зарчимд нийцүүлэн “Их өршөөл” болго.

За, тэр гадаадынханд газар түрээслэхгүй гэдэг чинь зөв. Газрын зураг дээрээс алга болсон олон улс цагаачлалын хууль баталж, газраа түрээслүүлснээс болсон юм. Бүгд найрамдах Цыган улс (БНЦУ) цагаачлалын хуультай болсноос хойш яаж үйлээ үзэж байна вэ?

Еврей нар 2000 жилийн өмнө гадаадын иргэнд газар түрээслэх хууль баталснаас болоод хичнээн жил эх оронгүй зовов доо.

…Америкийн эрх чөлөөний шүтээн болсон Манхаттен арлыг, Холливуд уултай нь япончууд худалдаад авчихсан дуулдах юм. Ирэх хавар Атлантын далайн хайлж, усан пароход явахтай болохоор япончууд худалдаж газраа зөөнө гэнэ. Арван жилийн дараа АНУ алга болж, тэнд Америкийн тэнгис цэлэлзэх бололтой. Аймаар байгаа биз!

Та нар “газар түрээслүүлж болно” гээд хуулиндаа оруулмагц гадаадынхан ирнэ, газар авна гэж бодож байгаа биз, тийм биш ээ. Цаадуул чинь муу санаатай улс, Улаанбаатарт байгаа гадаадын элчингүүд байрласан газраа аль хэдийнэ худалдан авчихсан гээд бодчих. Америкийн элчин нүүлээ гэхэд Сэлбэ голын баруун эргийг огтолж аваад нисэх нь байна.

…Миний энэ бүх саналыг шинэ үндсэн хуулинд тусахгүй бол улс төрийн архидалт, эсэргүүцлийн хууль зөрчилт, тэмцлийн хулгай хийлт зэрэг тайван тэмцлийн бүхий л аргыг хэрэглэнэ гэдгээ хатуу сануулахын зэрэгцээ, надаас өөр сонгогчийн хүсэлтийг хүлээн авахгүй байхыг хатуу анхааруулъя.

1991(Үг)

Categories
мэдээ цаг-үе

Д.Доржпагма: Уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байлаа

Боловсролын салбарт 40 шахам жил ажилласан ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Доржпагматай ярилцсанаа хүргэе.


-Та бол эх хэлнийхээ дархлааг манаж хөдөөдөө суугаа ахмад багш нарын нэг. Багшийн мэргэжлийг яагаад сонгох болов гэдгээс яриагаа эхлэх үү?

-Багшийн мэргэжлийг сонгох болсон минь миний бага ангийн багштай холбоотой. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид ороход Лувсандоржийн Жавзмаа гэдэг давхраатай алаг нүдтэй залуухан багш инээмсэглэн угтаж авсан юм. Дугуй хээтэй хүрэн ягаан тэрлэг өмсөж, нарийхан индүүдсэн ногоон дурдан бүсийг цэмбийтэл бүсэлж дөлгөөхөн багшийн минь хичээлээ зааж байгаа нь одоо ч надад тодхон санагддаг юм. Дунд ангийн багш Бямбажавын Гэсэр гэж хатуу чанд шаардлагатай зарчимч хүн байсан. Багш маань маш олон төрлийн чээж бичиг, найруулан бичлэг,зохион бичлэг бичүүлж,дүрмийн алдааг тохиолдол бүрээр нь тайлбарлан, давтан бичүүлж, утга найруулгын алдааг дор бүр нь нь засуулдаг,сурагчдын дэвтрийг солилцуулан өөрсдөөр нь засуулж, зөв зассан сурагчдыг урамшуулдаг байсан нь намайг эх хэлтэй багш болоход их нөлөөлсөн гэж би боддог доо. Багш маань ганцхан удаа наймдугаар анги дааж төгсгөчихөөд хичээлийн эрхлэгч, захирал болоод дэвшчихсэн. Намайг мэргэжлийг минь өвлөсөн ганц шавь минь чи сайн багш болох ёстой гэдэг байсан. Ховдын багшийн дээд сургуульд суралцаж байхад Монгол Улсын гавьяат багш, утга зохиолын нэртэй шүүмжлэгч Д.Галбаатар, утга судлалын доктор Д.Бадамдорж, зохиолч эрдэмтэн Р.Батаахүү, тууль судлаач Б.Катуу, гадаад хэл, утга зохиолын багш А.Одгэрэл зэрэг Монголын сор болсон сайн эрдэмтэн багш нар хичээл заадаг байв. Одоо бүгд эрдэмтэн докторууд болсон.

-Тухайн үеийн сургалтын онцлогийн тухай юу хэлэх вэ?

-Тэр үеийн сурах бичиг тогтвортой, олон хувилбаргүй. Онолд тулгуурласан академик сургалт байсан ч хүүхэд бүрийг тэгш сургадаг.Сурлагын хоцрогдол нөхөх давтлага хийж, хичээлээ гүйцэд ойлгоход нь тусалдаг, шаардлага хангахгүй бол анги улируулдаг байв. Багш нар хичээлээ ахуй амьдралтай нь холбож заахыг хичээдэг, хичээлээс гадуур түлээ хөрөөдөх, ногоо хураах, зуны амралтаар өвс хадлан бэлтгэх, хонь хяргах, ямаа саах,цагаан идээ боловсруулах, хонь мал хариулах, хөвгүүд нь даага сургах зэрэг олон ажил хөдөлмөрийн чадвар эзэмшдэг байсан. Сурлагаас гадна хүмүүжил төлөвшилд их анхаардаг байв. Тэр үеийн багш нар хүүхдэд их ойр, гэр орноор очиж, эцэг эхтэй нь холбоотой, хүүхдээ нарийн судалж гурвалсан холбоотой ажилладаг байв. Тухайн үеийн Монголын шилдэг багш нарын болон Зөвлөлтийн новатор багш нарын арга туршлагаас суралцаж эзэмшихэд их анхаардаг.

-Таны багшийн гараа хаанаас эхлэв. Анхны хичээл, анхны шавь нар гээд эргээд бодоход сонин сайхан байх.

-Би багшийн ажлын гараагаа Төмөрбулаг найман жилийн сургуулиас эхэлсэн. Хичээлдээ нэлээд сайн бэлтгэсэн, хичээл яаж зааснаа, аль ангид орсноо ч санахгүй юм. Заах зохиолоо уншиж, шүлэг яруу найргийг цээжилж , өөрөө үлгэрлэхийг хичээж байсан санагдана. Одоо шавь нар маань олон сайхан мэргэжил эзэмшиж, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Багш хүн ажлаа хийж байхдаа л илүү жаргалтай. Хамгийн гэгээлэг хүмүүстэй, тэдний сурах мэдэхийн баясалд умбахаас өөр ямар жаргал байх вэ дээ. Бид эх орныхоо ирээдүйг бэлтгэж байгаа учраас үнэхээр хариуцлагатай мэргэжил. Өөрийн төрөлх Тариалан сумандаа ажиллаж байхад нэг хөгтэй явдал тохиолдсон юм. Байрны хүүхдүүд гэр рүүгээ их оргоно.Тэр болгонд мориор, мотоциклоор араас нь явна.Нэг удаа миний даасан 6а ангийн сурагч Д.Баттулга оргож, би авахаар очлоо. Түүний аав Дашзэвэг гуай надад ингэж хэллээ. Би чамд хүүгээ хүргээд л өгсөн. Хэдэн толгой бүрэн бүтэн байлгах нь миний үүрэг, хэдэн хүүхдээ бүрэн бүтэн байлгах нь чиний үүрэг гэж эгэл жирийн малчин хүн намайг өөрийн ажилдаа эзэн байхад сургаж байж билээ. Сургуулийн зүгээс багш нартай хатуу шаардлага тавьж, сурагч нэг бүрийг амжилттай сургах хариуцлага ногдуулж, хичээлийн бэлтгэл шалгах, хичээлд нь сууж зөвлөгөө өгөх, залуу багш нарыг ахмад багш нар нь дагуулан сургаж халамжлан хүмүүжүүлж ажлын үзүүлэлтийг нарийн тооцдог, эцэг эх, багш, сурагчдын гурвалсан холбоотой ажиллаж, улирал бүрийн дүнг эцэг эхийнх нь албан газарт хүргүүлдэг байлаа.

-Шавь нараас тань сэтгэлд үргэлж холбоотой хүн хэн байна. Мөн олонд нэр алдраа цуурайтуулсан нь хэн байна?

-Даасан ангийн сурагчид, уралдаан олимпиадад бэлтгэсэн шавь нар, уран бичлэгийн дугуйлангийн шавь нар маань холбоотой байдаг. Монголын үндэсний телевизэд сэтгүүлч редактор Б.Мөнхзул, хараа зүйч А.Буянхишиг, хүний их эмч Д.Хандмаа, “Ургамлын далай” компанийн захирал Ц.Түмэнбаяр гээд олон сайхан шавь нар бий.

-Та бол Идэрийн эх хэлний олимпиадын эрдэнийн титэмт аварга багш. Таныг түрүүлэхэд зохиолч, найрагчид, эрдэмтэн докторууд их л баярлаж билээ. Аргагүй нэг буурь зааж, аварга гэдгээ харууллаа гээд л, тэр тухайгаа дурсахгүй юу?

-Би 2013 онд Эх хэлний боловсрол соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Завхан аймгийн Идэр сумын ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын аварга болж, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, өргөмжлөл, 2 сая төгрөгөөр, мөн манай сургуулийн баг тэргүүн байр эзэлж, цом 1 сая төгрөгөөр шагнуулсандаа үнэхээр их баяртай байдаг. Би өмнө нь ийм өндөр үнэлэмжтэй, 100 сая төгрөгийн шагналын сантай, аймаг бүрээс зорин ирсэн 40 баг оролцсон, ийм олон оюунлаг хүмүүс нэг дор цуглуулсан оюуны наадмыг үзэж сонсож байсангүй. Гагцхүү тэнд л үзэж, мэлмий баясаж, сэтгэл татагдсан юм. Ардын уран зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Т.Галсан, Ц.Бавуудорж, Х.Чилаавжав, доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, Ө.Оюунхүү нарын олон зохиолч эрдэмтэд очиж, шүлэг яруу найргаа уншиж, бид бүхэнтэй ярилцаж, хүүхэд залуучуудад үлгэр болж байсан. Энэ үед “Яруу сэтгэе” яруу найргийн уралдааныг сурагчдын дунд зохиож, хожмоо яруу найрагч болох олон хүүхдүүдийг урамшуулж авьяасыг нээж байлаа. Зохиолч яруу найрагчдын яруу шүлэг, яриаг сонсоод хүүхдүүд маань энэ зохиолчид шиг болно гэж хөөрөн дэвэрч байсан байх гэж бодно. Энэ олон түмнийг урин дуудсан эгэлхэн хүн Лхагважав багш маань шавьтай хүн гэж ийм л байдаг. Би сайхан шавийнхаа буянаар эх хэлдээ ээлтэй олон багш, сэргэлэн олон хүүхдүүдийг цуглуулахад, тэднийгээ урамшуулан баясгаад сууж байна. Шавийн эрдэмт багшаас гэдэг дээ. Миний сургаж хүмүүжүүлсэн шавь нарын минь л нэг энэ Төрбаяр байгаа гэсэн шиг шандаст хоймор баярлаж, яриа хөөрөө хийж сууна. “Шинэ Ази” группийн захирал Төрбаяртай хамт олонд нь баярлаж байгаагаа илэрхийлье! Энэ наадмын 1-3 дугаар байр эзэлсэн багш нарыг шинэ жилдээ урин оролцуулсанд маш их баярлалаа. Энэ наадмын амжилт өгөөжөөр Хөвсгөл аймгийн Эх хэлний түшиц сургууль болгож, бодлогоор дэмжсэн. Энэхүү олимпиадын өмнө бид “Эх хэл бидний бахархал” үндэсний бичиг үсгийн наадмыг аймаг даяар өргөн тэмдэглэж эхэлсэн.

-Таны багшлах ур чадвар, өөрийн гэх дэг сургуулийг сонирхмоор байна. Хөвсгөлийн Доржпагма гэдгээрээ та нэршиж алдаршсан хүн. Монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлээр сурагчдын олон талт авьяасыг нээж хөгжүүлсэн байдлаараа өөрийн аргатай болсон гэж боддог?

-2001 онд сурагчдыг бичлэгийн олон тиг хэлбэрт сургах зорилгоор “Унаган бичгээ урлаг болгоно. Уран Занабазарын авьяасыг өвлөнө” уриатайгаар аймагтаа “Бичиг-урлаг” нэртэй уран бичлэгийн анхны дугуйланг хичээллүүлж, 2002 онд 8б ангийн сурагч Ж.Нацагдорж хичээнгүй бичиг болон “Далийн цэцэг ягаарсан дархад нутгийн үзэмж” угалзан эвхмэл сийлбэрээр улсад түрүүлж 2003 онд Монгол бичгийн нийгэмлэгийн шагнал хүртсэнээр уг уралдаанд шавь бэлтгэж, өөрөө ч дагаж хөгжсөн сайхан үе эхэлсэн юм.2005 онд Б.Алимаа, 2007 онд Д.Отгонбаяр, 2011онд Ж.Баянжаргал, 2012 онд Д.Дуламсүрэн нарын 20 гаруй сурагчид улсын уралдаанд амжилттай оролцож улсын зардлаар МУИС, МУБИС, ХИДС-д суралцаж төгсөөд бүгд мэргэжлийн дагуу багшилдаг. “Монголын сайхан бичигтэн” Д.Дуламсүрэн Монголын хүүхдийн ордонд уран бичлэгийн багш хийдэг. Дугуйлан бямба гаригт 2-4 цаг ордог. “Монголын сайхан бичигтэн” уралдаан, үндэсний бичиг үсгийн баярт зориулан сургууль, аймагтаа сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байв. Сурагчид маань хичээнгүй гүйлгэн тиг, монгол бичгийн үсэг тоогоор янз бүрийн амьтан ургамал зурж, тэдний сэтгэлгээ тэлж байгаад их л баяртай байж билээ. Энэ бүтээлүүд эргээд дүү нарынх нь хичээлийн үзүүлэн таниулах болж тэдэн шиг зурж бичих хүсэл тэмүүллийг төрүүлдэг байлаа. 2004 онд би “Монгол төрийн бичгийн 800 жилийн ой”-д төлөөлөгчөөр оролцохдоо уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан. 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр” тэмдэглэх болсноос хойш сургууль дээрээ тэмдэглэж багш, ажилчдын дунд хичээнгүй бичлэг, уран бичлэг, түргэн уншлагын тэмцээн явуулдаг байв. 2013 онд манай сургуулийн хамт олон Хөвсгөл аймгийн хэмжээнд “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг угтаж “Эх хэл бидний бахархал” сэдэвт өдөрлөг явуулж МУГБагш Батсуурийн нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиад, Миний нэрэмжит “Бичиг урлаг” уран бичлэг, хичээнгүй бичлэгийн уралдаан, мэргэжлийн багш нарын дунд “Монгол бичгийн хичээлийг заахад тулгамдаж буй асуудал” сэдвээр онол практикийн бага хурал хийв. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Боловсролын газрын дарга Н.Баатар-Очир, сургуулиудын захирал, ахмад багш нар, мөн аймгийн төвийн найман сургууль, хөдөөгийн гурван сургуулийн 36 багш, 693 сурагч нийт 729 хүн оролцож байлаа.

-Та залуу багш нартаа хандаж юу хэлэх вэ. Багш нарын ур чадвар муудлаа л гэх юм. Үүнд ямар бодолтой байдаг. Мөн багшийн үнэлэмж өнөөдөр манайд ямар түвшинд байна вэ?

-Ажлын сайнаар амьдрал өөдөлдөг учраас ажилдаа сэтгэлээ зориулж, ажил амьдралаа зохицуулж ажиллабал зүгээр юм.Сургуульдаа хайртай, шавь нартай ээлтэй, хамт олонтойгоо эвтэй,бие биеэсээ суралцаж, нэгнээ хурцалж, урамшуулдаг байх хэрэгтэй. Залуу багш нар ахмад үеэ үгүйсгэж болохгүй.Ахмад багш нар залуустаа ажлын туршлагаасаа хуваалцах, тэднээс харилцан суралцдаг бол сайн. Багшийн үнэлэмж тааруу гэдэгтэй санал нийлнэ.

Монгол хэл, бичиг бол миний эрхэмлэн дээдэлж явдаг амьдралын минь салшгүй нэг хэсэг билээ. Монгол хэл, бичгээ зааж сургаж өвлүүлэн эзэмшүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж олдсонд талархаж явдаг. Ийм учраас сурагч байхаас минь өдий хүртэл зааж сургаж хүмүүжүүлсэн багш нартаа үнэхээр их баярлаж явдаг. Та нар минь надад туслаагүй байсан бол одоогийн би байхгүй байсан. Миний амжилтын нууц бол зүрх сэтгэлд минь хоногштол хичээлээ зааж чадсан эрдэмтэн багш нарын минь гавьяа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном: Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг тодорхойлоод, тэдгээр ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэлт хийхийг хүлээзнэвэл зүйтэй

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-Та Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Өнөөдөр манай улс урьд өмнө байгаагүй цар тахлын аюул, шинэ сорилттой тулгарч байна. Ийм үед төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авбал зохилтой бэ?

-Урьд өмнө, тэр дунд намайг Ерөнхий сайд байх үед дэлхийн бүх улсыг хамарсан цар тахал гэгч халдварт өвчин гарч байгаагүйг та хэллээ. Тэмцлийн туршлага гэж мэдэх юм надад алга. Шинэ сорилтыг давахын тулд дэлхийн бүх улс одоогоор хилээ хааж, хөл хорио тогтоож халдварыг багасгах, зогсоохыг хичээж байна. Энэ өвчний дархлааг бий болгох, эмчлэх аргыг олоход жил хагасын хугацаа хэрэгтэй гэж ярих юм. Хөл хорионд удаан амьдрах бололтой. Манай Засгийн газар энэ аюулт өвчний халдвар гаднаас орж ирэхээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх ажлыг сайн зохион байгуулж байна. Дархлаа бий болгох вакцин гэгчийг бий болгож хэрэглэж эхлэх хүртэл хүн бүхэн халдвараас сэргийлэх дэг журмыг хатуу сахиж амьдрахаас өөр аргагүй. Миний бодлоор хүн амын бараг тал хувь төвлөрөөд байгаа нийслэлдээ халдвар дэлгэрэхээс сэргийлсэн хатуу дэг журам тогтоож мөрдөхөд онц анхаарах нь зүйтэй. Сахилга дэг журмыг эрхэмлэж хэвших явдал энэ бэрхшээлийг давахад төдийгүй, улс орны цаашдын хөгжилд ч ач холбогдолтой байх болно. Ер нь Улаанбаатар хотод нүүж ирэхийг хязгаарлах, орон нутагт ажлын байр бий болгох, бүсийн төв болох аймгуудад их дээд сургууль, шинэ үйлдвэрүүд байгуулах, дэд бүтцийн болон үйлчилгээний үнэ тарифыг орон нутагт хямдруулах зэрэг замаар төвлөрлийг багасгах доривтой арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлага байгааг энэ тахал анхааруулж байна. Миний бичээд байдаг Бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, Сумдыг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдтэй болгох, Орон нутагт арьс шир ноос боловсруулах үйлдвэр байгуулах, Ямааны ноолуур тэмээний ноос, сарлагийн хөөврийн бүх нөөцийг ээрмэл утас болгох үйлдвэрлэлийн хүч чадлыг бий болгох зэрэг саналыг анхаарч хэрэгжүүлбэл төвлөрлийг сааруулах, мал аж ахуй эрхлэгчдийг олшруулах, хөдөөд ажлын байр бий болгоход тус болно. Улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрлаж ажил орлоготой, элдэв өвчин халдвараас хол, тайван амьдралын нөхцөл бүрдүүлэх бодлого ирээдүйтэй.

-Ер нь энэ цар тахлын аюул бодит эдийн засагт яаж мэдрэгдэх бол. Өнөөдөр хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцас, дутагдах зүйлгүй өнөө л хэрүүл заргаа хийгээд хэвээрээ л байна. Ингэхэд манай хүнсний болоод эдийн засгийн нөөц боломж бололцоо хэр байдаг бол. Айхавтар аюултай хэзээ нүүр тулах бол. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Цар тахал эдийн засагт хэзээний нөлөөлж аюул нь мэдрэгдэж эхэлсэн. Том үйлдвэр уурхайнуудын ажил доголдож бүтээгдэхүүний гаргалт борлуулалт багаслаа, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд хаалгаа барьж, олон хүн ажилгүй орлогогүй болж эхэллээ. Учрах бэрхшээлийн зөвхөн эхлэл. Цар тахлын сөрөг үр дагаврыг арилгах, ажил амьдралын дотоод гадаад зохистой нөхцөлийг сэргээхэд урт хугацаа, хэдэн жил ч шаардагдах байх. Засгийн газар 5 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг гаргаж иргэдийг орлогожуулах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Хангалттай биш. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг тодорхойлоод, тэдгээр ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэлт хийхийг хүлээзнэвэл зүйтэй гэж бодож байна. Дараа жилүүдийн төсөв төлөвлөгөөнд тусгах шаардлагатай шинэ асуудлууд гарах нь эргэлзээгүй.

Цар тахлын харгайгаар дэлхийг хамарсан хүндрэл бэрхшээл гарна, улс хоорондын харилцаа болон улс бүрийн улс төр эдийн засгийг доргиосон нөлөө нь удаан үргэлжилнэ гэж гадаадын улстөрчид ярьж бичиж байна. Бүр эмх замбараагүй байдал үүсгэх үр дагавартай өргөн цар хүрээтэй хямрал дэгдэж болзошгүй гэсэн яриа сонсогдож байна. Засгийн газар болзошгүй ийм аюулаас сэргийлж, муу үр дагаврыг сааруулах, тогтворт байдлыг сэргээх чадвартай байхыг чухал гэж ярьж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын нөлөөгөөр улс нийгэмд тохиох бэрхшээлийг хохирол багатай давах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг голлож хариуцах яам тусгай газраа томилж ажиллуулахыг зөвлөмөөр байна. Энэ ажил Засгийн газрыг алсыг харж үр дүнтэй ажиллах чадвартай, нийгмийн итгэлийг хүлээсэн байхад хэрэг болно. Цар тахлыг хөнөөл багатай, үр дагаврын бэрхшээлийг хохиролгүй давах боломж манай улсад бий. Уудам нутагтаа тархаж амьдардаг малчид бэлчээрийн малаа өсгөж, тариаланчид хэрэгцээт буудай төмс хүнсний ногоог үйлдвэрлэхэд энэ тахал саад болох хэмжээнд хүрэхгүй. Өөрсдөө хичээвэл өвчин, өлсгөлөнгийн айхавтар аюултай нүүр тулна гэж санаа зовмооргүй байна. Хойд хөршөөс бензин шатахууныг авч, урд хөршид зэс, нүүрс,төмрийн хүдэр гаргаж зайлшгүй зүйлээ импортлоод, валютын нөөцөө багаар боловч өсгөж байхад онц бэрхшээл гарахгүй. Бололцоо гаргаж бензин шатахуун авч нөөцлөх юмсан.Тансаглах биш даруухан, өлсөхийн зовлонгүй амьдрахад дутах юмгүй байх болно. Ер нь коронавирусийн дараа гадаад улсуудад ч манай улсад ч зохистой хэрэглээ хэвших, хүнснийхээ гол хэрэгцээг дотоод эх үүсвэрээр хангах бодлого явагдах байх. Халдвараас сэргийлэх ажлын явцад нийгмийн амьдралд ач тустай өөрчлөлтүүд гарч байгааг хүмүүс ажиглаж байна. Ач тустай юу ажиглагдаж байгааг манай Энхээ гэдэг залуу гярхай харж бичсэнийг уншлаа. “Хямрал хүмүүсийг хүнлэг байхад тулгаж, албадан сургаж байна. Өвчин үхлийн өмнө бүгд адил гэдгийг сануулж байна. Ухаалаг, тэвчээртэй байх,зовлонг хуваалцах, хүн ёсны сайн чанар гаргахыг шаардлаа. Хар амиа бодохын хөнөөлийг дэлгэн харуулж, зоргоор авирлахыг хязгаарлаж байна. Бардам занг номхотгож, төлөв даруу байхад сургаж байна. Энэ бүхэн үнэлж баршгүй туршлага суулгаж байна” гэж бичжээ. Монгол зан заншлыг, Монголоо алдахгүй байхад алзахгүйг сануулж байна.

-Таныг Сайд нарын Зөвлөлийг толгойлж байх үед эдийн засгийн ямар хүнд сорилтууд тулгарч байв. Улс төрийн тухайд бол мэдээж нийгмийн шилжилтийн өмнөх цаг үе байсан?

-Би Сайд нарын Зөвлөлийн даргад 1984 оны арванхоёрдугаар сард томилогдоод 1990 оны гуравдугаар сард огцорсон. Ерөнхий сайдын албанд таван жил гурван сар ажилласан. Үндэсний орлогын жилийн дундаж өсөлт 1976-1980 онд 4,42хувь, 1981-1985 онд 6,1 хувь байсан бол 1986-1990 онд 7,78 хувь гэсэн статистик мэдээ байдаг. Эдийн засгийн хөгжлийн хурд нэмэгдэж байсан хэрэг. Гэвч илүү хурдаар өсөх боломжийг ашиглаагүй гэж шүүмжилдэг. Үнэн тал бий. Тэр үед эдийн засагт тулгарч байсан сорилт – бэрхшээл бол үр ашигтай үйлдвэрлэлийг өргөтгөж байх орчин нөхцөл муу, сонирхол үгүйлэгдэж байсан. Тэр нь нэгдүгээрт өмчийн нэг хэлбэр буюу төрийн өмч давамгайлж байсан, хоёр дугаарт чөлөөт үнийн тогтолцоо байгаагүйтэй холбоотой. Өөрийн биш, өрөөлийн өмч ашиглаж байгаа хүнд алтан уул амлаад ч сэтгэл гардаггүй юм билээ. Барааг нэрээр нь биш үнээр нь нэрлэхэд хүргэж байсан хатуу үнийн систем байхад шинийг санаачлах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа бүтэлгүйтдэг юм билээ. Өмчийн олон хэлбэр бий болгох буюу хувийн өмчийг зөвшөөрөх, үнийг чөлөөтэй болгож үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж байх нөхцөл бүрдүүлэх асуудлыг социализмын үеийн бид шийдэж чадахгүй цаг хугацаа алдаж байсан. Системийн өөрчлөлттэй холбогдож байсан эдгээр бэрхшээл 1990 оны ардчилсан хувьсгалын дараа гайгүй болсон.

Нэгэнт сонгосон Улс төрийн ардчилсан тогтолцоо, Зах зээлийн эдийн засгаа боловсронгуй болгож, гажуудалгүй зөв авч явхад хэрэг болно гэж бодож явдаг зүйл буюу одоо бидэнд тулгараад байгаа шинэ сорилтын талаар зарим санаа хэлье. Сүүлийн жилүүдэд хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг гадуурхах, чи хэт баяжиж байна гэсэн атаархлаар үйлдвэрлэл хөгжүүлж байгаа бизнесмэнүүдийн үйл ажиллагаанд нь саад хийх оролдлого ажиглагдаж байна. Зарим нэг улс төрч Монголд гай болж байгаа гучин гэр бүл байгаа юм шиг үлгэр ярьдаг болсныг таслан зогсоох хэрэгтэй байна. Баялаг бүтээж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нөмөр оруулж байдаг Монголынхоо цөөхөн компанийг үзэн яддаг биш, дэмждэг орчин нөхцөлтэй байхыг эрхэмлэдэг болмоор байна. Тэгэхгүй бол өнгөрсөн зууны эхэнд цөөхөн монголчуудын баян гэж байсан хэсгийн хөрөнгийг нийгэмчилж сүйтгээд, эздийг нь хэлмэгдүүлсэн гашуун түүх давтагдах аюултай. Нийгмийн чадваргүй хэсгийг турхирч баялаг бүтээх чадвартай хүмүүсийг хөрөнгөтэй нь устгах бодлого хэрэгжсэн гэдэг.

Манай улсад өнөөдөр эрх мэдэлтэнгүүд хууль зөрчиж төр нийгмийн хөрөнгө завшдаг, хөдөлмөрлөж биш хулгайлах мэхлэх аргаар хөрөнгөждөг, авлига авдаг, албан тушаалыг буруу ашигладаг гэмт хэргийг таслан зогсооно гэсэн амлалт үүргээ биелүүлж чадахаа төр засгийн удирдлага, хууль хяналтын байгууллагын нөхөд батлан харуулах цаг нь болсон байна. Ийм үүрэг нь хэрэгжихгүй удахаар шийдэх чадваргүй байна уу, эсвэл хүсэхгүй байна уу гэж асуухад хүрч байгаа.Энэ бол онц анхаарах асуудал. Төрийн тогтолцоог боловсронгуй болгох санал байгаа. Хууль тогтоох засаглал буюу УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, мөн Шүүх засаглалд ард түмний хяналтыг бий болгох, энэ зорилгоор парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага бий гэж боддог. Энэ саналаа би гучаад жил хэлж бичиж байгаа боловч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд тусгуулж чаддаггүй. Харамсалтай. Ойрын ирээдүйд амьдралын шаардлагаар шийдэгдэнэ гэж найдаж байгаа.

-Та бид хоёр өмнө нь “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Ер нь одоогийн төр засгийн удирдлагуудын шийдвэр, бодлогыг та хэрхэн харж дүгнэж байна?

-Төр засгийн удирдлагуудын шийдвэр бодлого, ард иргэдийн хүчин зүтгэлийн ачаар Монгол Улс хөгжиж байна, дэлхийд танигдаж үнэлэгдэж байна.Үүнийг би харж, дүгнэж байна. Монгол Төрөө хүндэтгэж ханддаг. Гарч байгаа хууль, шийдэж байгаа асуудлаарх мэдээллийг сонирхож, зөв байгаасай, алдаа бүү гараасай гэж санаа зовж байдаг. Бурууг бол засах арга, төвөгтэй асуудлаар бол хуулийн дагуу шийдэх гарцаар зөвлөмж өгөхийг хичээдэг. Саяхан “сонгууль ба хөгжлийн үзэл баримтлал” гэсэн товч нийтлэл бичиж танай сонинд өгсөн. Түүнд УИХ 2015 онд баталсан Төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар заалтын дагуу “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын 2025 оны ямар гол зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байх ёстойг анхааруулсан. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөртэй улс төрийн нам сонгуульд оролцох эрхтэй байх хуулиа биелүүлээсэй гэсэн санаа илэрхийлсэн. Энэ бол миний төр засгийн удирдлагад санаа бодлоо илэрхийлэхийг оролддог нэг жишээ.

-“Ерөнхий сайд байсан хүн Сангийн сайдынхаа үгэнд л орж болдоггүй юм билээ” гэж Намбарын Энхбаяр хэлж байсан. Сангийн сайдын үгэнд орсноор эдийн засгийн хувьд алдаа хийдэг, ард түмний амьдралд нэмэр болдоггүй гэж хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү. Таныг Ерөнхий сайд байхад Сангийн сайд хэн байлаа, хэрхэн хамтарч ажилласан тухай сонирхуулахгүй юу?

-Н.Энхбаярын хэлсэн үгийг би харсан, танил нөхдөөсөө асуухад бараг бүгд уншсан байна билээ. Н.Энхбаяр Ерөнхий сайдын ажил хийж байхдаа сангийн сайдынхаа үгэнд орж алдаа хийж байсан, ард түмний амьдралыг хохироож байсан, харамсаж байгаа гэсэн ойлголт өгөх зүйл ярьжээ, ямар шалтгаан зорилгоор одоо ийм юм ярьдаг юм бол, гайхмаар гэцгээж байна. Би хувьдаа түүний үгэнд итгэж, санал нийлж чадахгүй байна. Намайг Ерөнхий сайд байхад Сангийн сайдаар Д.Моломжамц ажилласан. Би бүх сайд нартаа бүрэн итгэдэг, Засгийн газрын гишүүд чин сэтгэлээр хамтарч ажиллаж байсан. Өөрөөр засаг ажиллах нөхцөлгүй. Миний удирдсан Засгийн газрын гишүүдээс тэр жилүүдийн үйл ажиллагааны хамтын хариуцлагаас зайлсхийх, бусдыгаа золиослох мэт санаа илэрхийлж байсан хүн өнгөрсөн гучин жилийн хугацаанд нэг ч гараагүй.

-Өнөө жил сонгуулийн жил байгаа. Сонгууль болох эсэхийг Ерөнхийлөгч ч, УИХ ч мэдэхгүй. Гагцхүү Коронавирус л мэднэ гэж манай сонин бичсэн. Ер нь сонгууль болох уу. Сонгууль тойрсон асуудлаар таны бодлыг хуваалцъя?

-Сонгуулийг хойшлуулсан нь дээр байх гэсэн санааг би бичсэн удаа бий. Гэвч сонгуулиа 6 дугаар сардаа хийх бололтой. Аюулт өвчний халдвар тараахгүй, ард иргэдийг эрсдэлд оруулахгүй байх нь чухал. Сонгуулиас ард иргэд дараахь гол зүйлийг хүсч хүлээж байгаа:

-Мөнгө амлаж хуурдаг биш, Монгол Улсын нийгэм эдийн засгийг ухаалаг бодлогоор хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай улс төрийн нам УИХ, Засгийн газрыг бүрдүүлээсэй,

-Мөнгөний хүчээр санал цуглуулсан хүмүүс биш мэдлэг боловсролтой, улс нийгмийг хөгжүүлэх сэтгэл чадвартай, шударга залуучууд төрийн эрх барих албанд ихэнх болж сонгогдоосой,

-УИХ, Засгийн газар, Шүүх засалалд ард түмний хяналт бодитой байгаасай.

-Цаашид ер нь Монголын эдийн засаг хөгжил дэвшлийг та хэрхэн төсөөлж байна. Наад зах нь манайх нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулах уу гээд л олон зүйл байна…?

-Улс тооцоо судалгаанд үндэслэж боловсруулсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой. Засаг төр Алсыг харсан хөгжлийн бодлогоо байнга боловсронгуй болгож, техник эдийн засгийн үндэслэлээр өндөр үр ашиг өгөх нь баталгаажсан төслийг сонгож эхний ээлжинд ажил болгодог, хууль санаачилдаг, гаргасан хууль журмаа биелүүлдэг байвал улс амжилттай хөгжинө. Иргэд, айл өрх бүр амьдралаа төлөвлөж авч явахыг хичээдэг. Төр ба иргэдийн хүсэл хүчин чармайлт нэг чиглэлд зүглэж байвал улс нийгэм амжилттай хөгжих нөхцөл бүрддэг. Одоогийн Засгийн газрын боловсруулж байгаа “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн түвшний зорилтууд урьдынхаас илүү үндэслэл тооцоотой санагдсан.Дэвшүүлсэн зорилтоо ямар төсөл арга хэмжээгээр биелүүлэхийг нарийн төлөвлөж, сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллавал манай улс ойрын гучин жилд хөгжлөөрөө өндөр хөгжилтэй улсуудад дөхөх нь эргэлзээгүй. Өнгөрсөн гучин жилд Анх боловсруулсан хөгжлийн үзэл баримтлалаар нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онд 15 мянган долларт хүргэхээр, Хоёр дахь үзэл баримтлалаар 2030 онд 17 мянган долларт хүрэхээр эдийн засгийг өсгөх зорилт дэвшүүлж байсан боловч хэрэгжээгүй. Энэ үзүүлэлт 2019 оны гүйцэтгэлээр 4200 орчим доллар байгаа. Одоогийн үзэл баримтлалаар 2050 онд 15 мянган долларт хүргэх зорилго дэвшүүлж байна. Өнгөрсөн гучин жилд Монголд улс нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан яам байсангүй. Тогтвортой зохих хурдаар хөгжөөгүй, үзэл баримтлал байвч хэрэгжиж байгаагүй нь хариуцсан эзэнгүй байсантай холбоотой. Одоо энэ чухал асуудлыг хариуцах яамаа байгуулахаар шийдэж байгаа нь сайн. “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын боловсруулалтын чанар, түүнийг хэрэгжүүлэх ажилд бас л урьдын дутагдал давтагдах эрсдэл байгаа. Тийм учраас би дараахь хоёр үндсэн саналыг УИХ, Засгийн газрын удирдлагад бичиж өгсөн:

1. Үзэл баримтлалын одоогийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцах яамаа бий болгож, тэнд нарийвчилж боловсруулсны дараа батлах.

2. Үзэл баримтлалын шинэ төсөлд тусгагдсан 2025 оны үндсэн зорилтууд, тухайлбал ДНБ, Ажиллагсад, Дундаж цалин, Экспортын 2025 онд хүрсэн байх үзүүлэлтийг батлаад УИХ-ын энэ оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тэдгээр зорилтыг биелүүлэх арга хэмжээг тусгасан байхыг шаардах. Ийм хоёр тодорхой шаардлагыг хэрэгжүүлбэл улс орны хөгжил дэвшлийг зөв төсөөлж, амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарна гэж бодож дээрх саналыг хүргүүлсэн.

-Ерэн оноос хойш Монголд нэг үйлдвэр бараг босоогүй. Энэ жил бид яг юу хийв ээ. Улс төрийн хэрүүл хийгээд, намчирхаж талцсаар байгаад таарах шиг боллоо. Ер нь Монголыг үйлдвэрлэлгүй байлгах, ядуу гуйлгачин байлгах гадны бодлого мөнх оршсоор байх шиг…?

-Үйлдвэр хөгжүүлэхэд анхаарахгүй байгаа явдал хоцрогдол хүндрэлийн үндсэн шалтгаан гэдэгтэй би санал нэг байна. Жаргалтай амьдрахад ӨВЧИНГҮЙ, ӨРГҮЙ, СЭТГЭЛ ариун ТАЙВАН байхаас өөр юуч хэрэггүй гэсэн үг байдаг. Бодоод байхад үнэхээр өвчингүй эрүүл хүн, ариун сэтгэлээр тайван хөдөлмөрлөж өр тавихгүй бол жаргалтай амьдарна. Энэ нь улсад ч иргэнд ч хамаарна. Эдгээр гурван нөхцөлөөс өвчингүй, ариун сэтгэлтэй байх бол үндсэндээ санааных, харин улс ба иргэдээ өрнөөс салгах асуудлыг шийдэхэд одоо анхаарал төвлөрөхгүй бол болохгүй. Манай улсын гадаад өр 30 шахам тэрбум доллар, үүнээс Засгийн газрын өр гуравны нэг орчим нь бололтой. Энэ өрийг дарахын тулд валют олох, валют олохын тулд экспортоо нэмэгдүүлэх, экспортоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсын экспортын хэмжээ 2019 оны дүнгээр 7,6 тэрбум доллар, урьд оноос дөнгөж 607 сая доллараар өссөн байгаа нь тун хангалтгүй. Одоогийн бүх өрийг дарах хэмжээний валют олъё гэвэл экспортыг 4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Валютын ийм хуримтлалыг бүрдүүлхэд хугацаа хэрэгтэй. Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хуримтлал үүсгэх замаар Засгийн газрын төлөх өрийг 2017-2024 онд буюу 7 жилийн хугацаанд барагдуулна гэсэн зорилго дэвшүүлж байсан. Гэвч экспортын бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд хөрөнгө оруулах ажлаа орхигдуулснаас хэрэгжээгүй. Миний баримжаа тооцоогоор зөвхөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах их биш хөрөнгө оруулалт шаардах үйлдвэрүүд байгуулах замаар экспортын орлогыг 2-3 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий. Боловсруулсан тооцоо саналаа ХХААХҮЯ-нд өгсөн байгаа. “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд Экспортыг 2030 онд 25,6 тэрбум долларт хүргэх тооцоо байгаа гэж бичсэн боловч 2024, 2025 он буюу ирэх сонгуулийн жилүүдийн эцэст экспортыг ямар хэмжээнд хүргэх, гадаад өрийг барагдуулахад ямар ахиц гаргасан байх, ямар үйлдвэрүүд байгуулах нь тодорхойгүй байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Ард иргэд 2050 онд буюу 30 жилийн дараа хүрнэ гэж байгаа зорилтыг сонсоно. Харин ойрын таван жилийн зорилтыг сонирхох төдийгүй, хэрэгжих боломжийг нь ойлгуулбал засаг төрд итгэж үйл ажлыг нь дэмжинэ. Ийм ач холбогдолтой учраас хөгжлийн үзэл баримтлалын 2025, 2030 оны гол зорилтууд, энэ хугацаанд ямар үйлдвэрүүд байгуулах, тэдгээрийн эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхой болгохыг хүсээд байгаа юм. Үйлдвэр хөгжүүлж, валютын эх үүсвэр бий болгож, улсын өрийг багасгах бодлого төлөвлөгөө боловсруулсан улс төрийн намд УИХ-ын энэ оны сонгуульд оролцохыг зөвшөөрөх хэрэгтэйг хэлээд байгаа юм. Монгол Улс хөгжилтэй байх эсэхийг монголчууд бид шийднэ. Монголд үйлдвэр хөгжүүлэх, Монголыг өрөнд унагахгүй байх хүч ухаан гадаадад биш дотоодод байгаа. Манай залуучууд чадна. Боломж олгоё, итгэе, зөвлөе.

Categories
мэдээ цаг-үе

Найдангийн Ганхуяг: Залуудаа ч хатуу багш харгис найруулагч явлаа, одоо цагийн жамаар зөөлөрч дээ

УДЭТ-ын уран сайхны удирдагч, УГЗ Найдангийн Ганхуягийг “Багш” буландаа урилаа. Тэрээр СУИС-д 30 жил багшлахдаа Амбий, Бооёогоос аваад Монголын урлагийн үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн тэргүүлэх профессор, доктор юм. Эл эрхэмтэй театрынх нь тухай, мөн уран бүтээл шавь нарынх нь тухай товчхон хөөрөлдлөө.


-Танай УДЭТ-аар сонин юу байна. Цаг үеийн нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй хэрхэн зохицож ажиллаж байна даа?

-Театр үзэгчгүйгээр хэзээ ч оршин тогтнодоггүй. Дэлхийн сонгодог зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” зохиолоор манай театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан жүжиг бэлэн болсон. Гуравдугаар сарын эхээр нээлтийн тоглолтоо хийхээр төлөвлөж байтал, хорио цээрийн дэглэмээс болоод хойшлогдсон. Үзэгчид ихээхэн хүлээлттэй байгаа нь мэдрэгдэж байна. Жүжигчид маань энэ жүжгээрээ үзэгчидтэйгээ хурдан уулзах юмсан гэж сэтгэл догдлон хүлээж байгаа. Цаг үеийн байдлаас шалтгаалаад одоогоор жүжгийн сургуулилт ч хийж чадахгүй байна. Гэхдээ манай театр идэвхтэй ажиллаж, урьдчилан телевизэд бичүүлсэн жүжгүүд, урын санд байгаа жүжгүүдээсээ дээжилж, IPTV болон телевизийн эфирт цувралаар явуулж байгаа. Мөн UBS телевизтэй хамтарсан “Үлгэрийн далай” хөтөлбөрийг үзэгчид шимтэн үзэж байгаа. Цаашдаа энэ төслөө үргэлжлүүлж, “Найргийн далай”, “Үгсийн далай” гэх мэт цувралаар явуулах бодолтой байна. Нэрт найруулагч, зохиолч, Ламжавын Ванганы мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Эзэд” жүжгийн зохиолыг нь залуу найруулагч М.Батболд найруулахаар бэлтгэл ажилдаа орсон.

-Алтан үеийнхэн, ахмад уран бүтээлчдийнхээ дурсгалыг хүндэтгэж, олон ажил зохиож байгаа харагдах юм. Эрдэм шинжилгээний хурлууд, дурсамж тоглолт, нэвтрүүлгүүд гээд. Өнөө жил үргэлжилнэ биз дээ?

-Үргэлжлүүлэлгүй яахав. Өнөө жил тэгш ойн жил нь тохиож байгаа олон алдартнууд бий. Ардын жүжигчин Нямын Цэгмид, Доржийн Цэрэндулам, Дашзэвгийн Ичинхорлоо, Чимэдийн Долгорсүрэн, УГЖ Ёндонгийн Шаравдоо, УГЗ, Төрийн шагналт Ламжавын Ванган гээд арай наашилбал АЖ Аргамбайн Монголхан найруулагчийн 90 жил, АЖ Жагдамбын Лхамхүүгийн 80 нас, нэлээд наашилбал театр, киноны нэрт жүжигчид болох УГЖ Б.Цэрэнпагма, Б.Цэцэгбалжид, Н.Цэвээнравдан, хүүхдийн дүрийн нэрт мастер, жүжигчин О.Норолхоогийн 70 насны ой гээд. Эднийхээ ойд зориулж “Бид мартахгүй” дурсамж тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, номоо гаргана. Манай театрын гол зорилго бол ахмад уран бүтээлчдээ дурсахаасаа илүүтэй тэдний бүтээл туурвил, тоглолтын арга барилыг шинжлэх ухааны үндэстэй судлан, судалгааны эргэлтэд оруулж хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. СУИС-ийн эрдмийн зөвлөлтэй хамтарч 2005 оноос хойш “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулж ирсэн. Хуралд тавигдсан илтгэлүүдээ боловсруулж, ном болгож гаргадаг уламжлалтай. Манай театрын жүжигчин болгон эрдэм шинжилгээний хурал, илтгэл тавих хэмжээнд боловсорсон гэж ойлгож болно. Эрдмийн театрын жүжигчид энэ талдаа арай өөр байх ёстой л доо. Орчин цагт аливаа бүтээлийг ул суурьтай судалгаагүйгээр хийх боломжгүй болсон. Маш их уншиж, судлах хэрэгтэй болж байна. Дэлхий дахины театрын олон урсгал, арга технологитой танилцаж, тэндээс хэрэгтэйг нь авч, өөртөө мөн театртаа шингээх ёстой юм. Ухаан мэдлэг хоёроор уудалж, шигшиж авна гэсэн үг. Гадаадын болгон гайхамшиг бас биш шүү дээ. Туйлширч болохгүй. Манай театр бол 90 гаруй жилийн туршид боловсорч, төлөвшиж тогтсон өөрийн дэг сургуультай уламжлалтай.

-Та нөгөө Станиславскийн дэг сургууль гэж хэлэх гээд байна уу. Зарим орны театрууд энэ дэг сургуулиас татгалзаж, театр судлаачид энэ дэг сургуулийг эзэмших боломжгүй, нэг талдаа жүжигчний сэтгэхүй, эрүүл мэндэд хортой гэж үздэг юм биш үү?

-Би бол Станиславскийн дэг сургуулийн зарчмын төлөө үнэнчээр явдаг хүн. Дотооддоо жүжигчний, гадаадад найруулагчийн мэргэжлээр энэ л дэг сургуулиар суралцсан. Залуудаа энэ театрт жүжигчин байлаа. Манай театрын амжилт бол энэ дэг сургуулийг эзэмшиж, тууштай баримталсны үр дүн. Манай театрын жүжигчид К.Станиславскийн дэг сургууль болох дүрийн дотоод мөн чанарыг судлан, өөрөөрөө дамжуулан сэтгэхүйн үйлдлээр илэрхийлэн гаргах зарчмыг баримталж, сэтгэл зүйн театрын төлөө үеийн үед үнэнчээр зорьж яваа. Гэхдээ Монголд орчин цагийн мэргэжлийн театр бий болохдоо гадны дэг сургуулийг хуулж авчраад тавьчихсан юм огт биш. Ардын театрын баялаг уламжлал, нүүдэлчний өв соёл дээрээ тулгуурлаж, монгол үндэсний онцлогт тохирсон дэг сургуультай театрыг байгуулсан юм шүү дээ. Түүний үлгэр жишээ бол манай театр. Ирэх жил Монголд орчин үеийн театрын урлаг үүсч хөгжсөний болон УДЭТ байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болно. Манай театр бол жүжигчний театр. Жүжигчний театрт найруулагч онцгой үүрэгтэй. Манай театрын уламжлалаас авч үзвэл Бөмбөгөр ногоон театрт Цэцэний Гомбожав, Ширнэнгийн Аюуш, Донровын Намдаг гээд анхны найруулагчдаас эхлээд Эрдэнэбатын Оюун багш, Нямын Цэгмид, Навааны Дугарсанжаа, Билгээгийн Мижиддорж нар. Тэдний араас Орос улсад театрын найруулагчийн бүрэн дээд боловсрол эзэмшсэн анхны найруулагчид Л.Ванган, С.Гэндэн нарыг залгуулаад А.Монголхан, С.Галсанжав нарын найруулагчдын үе. 1970-аад оны дундуураас Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу нарын өөр өөрийн онцлогтой, арга барилтай найруулагчид гарч ирж, жүжигчний театрыг хөгжүүлсэн юм. Эдний араас Б.Баатар, Ч.Найдандорж гээд бидний үеийнхэн залгасан даа. Жүжигчний дотоод мэдрэмж, оюун ухаан, зүрх сэтгэлээр дамжиж гарсан үнэн, амьд тоглолтыг эрхэмлэдэг манай театрын хувьд үе үеийн найруулагчид энэ зарчмыг баримталж, театрын өнгө төрхийгтодорхойлж, уламжлалыг хадгалж ирсэн байдаг. Ерөөсөө хэдий чинээ сайн жүжигчин байгаад найруулагчгүй бол юу ч биш шүү дээ.

-Өнөө цагт театрын өнгө төрхийг тодорхойлж яваа ямар найруулагч байна?

-Шавиа л хэлнэ дээ. Н.Наранбаатар найруулагч “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет”, “Ромео Жульетта хоёр” зэрэг сонгодог жүжгүүд, “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, “Би эндээс явахгүй”, “Бүсгүйн зурвас” гээд олон жүжгүүдийг найруулж тавьсан. Бүгд амжилттай болсон. Үзэгчид шуурч үзсэн. Мэргэжлийн өндөр түвшин, үзэгчдийн эрэлт хэрэгцээг эн тэнцүү барьж чаддаг найруулагч. Энэ бол онцгой чадвар. Миний энэ тавилтыг өнөөдрийн үзэгчид ойлгохгүй, ирээдүйд ойлгох болно гээд сууж байдаг найруулагч байдаг. Эцсийн эцэст театр үзэгчдэд зориулагддаг. Үзэгчидгүй жүжиг тавиад юүхэв. Наранбаатар бол найруулгын тавилтаа урьдчилж хараад жүжигчдийг зөв залж, дүрийнх нь амьдралыг гаргуулж чаддаг, жүжигчний театрын найруулагч. Шавь маань өнөө жил СУИС-д найруулагчийн анги авч, хичээллүүлэх гэж байна. Ид хийж бүтээж байгаа, найруулах арга туршлага жигдэрсэн үедээ хэдэн шавь нар төрүүлэх хэрэгтэй л дээ. Арван оюутан төгсөхөд гурав нь найруулагч болчихвол зорилго биелэлээ гэсэн үг. Тэрнээс бол дипломтой болгон найруулагч байдаггүй юм л даа. Одоо хүссэн болгон жүжиг, кино, улсын баяр наадмын тоглолт гэхчлэн найруулах болж. Найруулагчийн мэргэжлийг дэндүү “доош нь хийж” байна л даа. Малын эмчийг хүний эмчээр ажиллуулдаггүй биз дээ. Тэгэхлээр урлагийн мэргэжлийн шинж чанар нь алга болчихож байгаа юм. Бид нар өөрсдөө мэргэжлийн урлаг хийж байна уу, сонирхогчийн урлаг хийж байна уу гэдгээ ялгахаа больчихлоо шүү дээ. Кино гэхэд л гадаадын киног их дуурайж байна. Заримдаа бүр хуулбарлаж байна. Яах аргагүй Монголын жүжигчид тоглоод, Монголын найруулагч найруулаад, Монголын нутаг, газар шороон дээр зургаа аваад киногоо гаргаж л байна. Тэхдээ Монгол кино, монгол дүр гарахаа больсон. Монгол кино, Монголын кино хоёрын хооронд ихээхэн ялгаа байгаа биз.

-Тайз, дэлгэцнээс ярих урлаг дархлаагаа алдаж, монгол хэл маш ядуурч байна даа.

-Энэ бол Монгол Улсын үндэсний эмгэнэл. Жүжиг киноны зохиол бол утга зохиолын нэг төрөл. Утга яруу, уран сайхны хэлээр бичигдэх ёстойёо доо. Тэгвэл өнөөдөр тайз, дэлгэцийн хэл гудамжны хар яриа, гадаадын зээлдмэл үгсээр дүүрчихсэн. Монгол хэлний дархлаа манайд бүр мөсөн алдагдсан. Харин манай театрын жүжигчид, бусдаасаа тархиараа давуу гэдгээ харуулах ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Эрдмийн театрын жүжигчид эрдэмлэг байх ёстой. Эрдэмлэг байхын зэрэгцээ эх монгол хэлээ дээдэлж, зөв хэрэглэн бусдад үлгэр дуурайл болж явах ёстой гэсэн санаа. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театрын жүжигчид “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл”-ээрээ тайзан дээрээ ч, амьдрал дээрээ ч ярьж, бусдад үлгэрлэл болж дагуулж явах ёстой. Эх монгол хэлний яруу тансгийг гайхуулсан ирээдүйтэй зохиолчдыг төрүүлэх зорилгоор өнгөрсөн жил МЗЭ-тэй хамтарч хоёр удаа жүжгийн зохиолын уралдаан зарлаж дүгнэлээ. Жүжгийн зохиол бичих ирээдүйтэй залуус байна. Тэхдээ энэ чинь зохиолч болгон бичдэг төрөл бас биш юм. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай нэгэнтээ хэлж байсан. “Намайг Ванган жүжгийн зохиолч болгох гэж театрт хэдэн жил ажиллуулаад ч би зохиолч болж чадаагүй” гэж. Үнэхээр тийм. Театрын амьдрал, тэр олон мэргэжлийн мөн чанар, уялдаа холбоог мэддэг хүн жүжгийн зохиол бичдэг. Театрын шороо тоосыг үнэрлэж, хөдөлмөрлөсөн хөлсийг нь амталж байж бичдэг гэж би ойлгодог. Уралдаанд оролцсон залуу зохиолчдоосоо баг бүрдүүлэн театр дээрээ сургалт явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.Соргодогийн Жаргалсайханаас хойш жүжгийн зохиол дагнаж бичдэг зохиолч алга. Саяны уралдаанд Тангадын Галсан гуай, До.Цэнджав, Дамбын Төрбат, Урианхай нарын аваргууд оролцсон. Монгол хэлний яруу тансаг, утга уянгалагийг тэдний зохиолоос мэдэрнэ шүү. “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийг жүжгийн сайн зохиолч болно гэж би итгэдэг. Түүхэн туульсын төрлөөр дагнаж зохиол бичдэг хүн. “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиол бол сайн шүү. Бас л уралдаанаас шалгарсан зохиол. Өнгөрсөн жил манай театрынхан Хэнтий, Дорнодод аялан тоглолтоор явсан. “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглосон. Дорнод аймгийн Засаг дарга Я.Бадамсүрэн жүжгийн үеэр захирал Д.Цэрэнсамбуу бид хоёрт “Танай театрын жүжигчдийн ур чадварын тухайд өөлөх юм алга. Найруулга, тайзны шийдэл сайхан болж. Дээрээс нь зохиол маш сайн байна. Жүжигчдийн хэлж буй үг хүний зүрх тархинд зэрэг тусч байна шүү” гэж хэлж байсан.

-Дөнгөтийн Цоодол багш та хоёр найзууд. Ойрдоо хэр уулзаж байна?

-Ойрдоо уулзаж чадахгүй байна. Бид хоёр яахав, уулзахлаараа Чеховоо л ярина шүү дээ. Шинэ гаргасан номоо цүнхлээд СУИС дээр хүрээд ирдэг юм. Хорио цээрийн дэглэмээс болоод хоёулаа хөл хорионд орчихоод холоос мэнд мэдээд. Утсаар л ярих юм даа. Би Цоодол ахад Чеховын “Сахалин” номыг орчуулаач гээд тулгаад байгаа. Чехов 1890 оны өдийд Москвагаас Сахалин арал руу аялал хийсэн юм. Усан онгоц, завь, илчит тэрэг, морь тэргээр ээлжлэн аян замын саад бэрхшээл, байгаль цаг агаарын хүнд хэцүүг даван туулсаар хоёр сар 20 хоног явж 7 сарын 10-нд Сахалин аралын Александровка хотод очсон байдаг. Аяллын зорилго бол хаант засгийн үед тийшээ цөлөгдөж, хүн амын данснаас хасагдсан хоригдлуудыг албан ёсны бүртгэлд оруулах гэж тийшээ зорьсон явдал.. Чехов өөрөө хүнд өвчтэй мөртлөө тэр хэцүү орчинд сар гаруй болж, хүмүүсийг бүртгэлжүүлж, үүрэг зорилгоо биелүүлсэн. Чехов бол хүнийг энэрч хайрлахын төлөө төрсөн хүн байсан. Аливаа зохиолчийн бүтээлийг бичсэн хойно нь худалдаж авдаг биз дээ? Тэгвэл Чеховын бичээгүй зохиолых нь төлөө хэвлэлийн газрууд өрсөлдөн урьдчилж мөнгө төлдөг байсан. Чехов олсон мөнгөө өөртөө бус өрөөл бусдад бүгдийг нь зарцуулсан. Тэр үед Орос даяар холер өвчин маш их дэлгэрсэн байсан. Эмнэлэг барихад, сургууль гимнази байгуулахад л бүх мөнгөө зориулсан юм. Би тэгээд Чеховын энэ энэрэнгүй үйлсийг одоо үетэй, Монголтойгоо жишээд бодож байгаа юм. Монголын баян улстөрчид, олон тэрбумтнуудаас энэ хүнд үед ядахдаа бэсрэгхэн эмнэлэг байгуулчихъя гэсэн өгөөмөр сэтгэлтэн яагаад гарахгүй байна аа гэж. Ариун цагаан хөдөлмөрөөр биш, авлига хээл хахууль, шударга бусаар олсон нь дийлэнх болохоор гадагш гаргаж нуух нь гол байдаг юм байхдаа гэж боддог юм.

-Таныг СУИС-ийн сургалтад Чеховыг оруулж ирсэн гэдэг байх аа?

-Тэр үнээн. Би СУИС-д 30 жил багшлахдаа мэргэжлийн ур чадварын хичээлээ Чеховын бүтээлд тулгуурлан явуулж ирсэн. Найруулагч, жүжигчний ангид бага курсдээ Чеховын өгүүллэг, туужаар инсценировка бичүүлж, тайзны бичил ажил болгож сургуулилан шалгалт өгдөг. Ахлах курсэд түүний нэг бүлэгт жүжгүүд, бүрэн хэмжээний жүжгийн үзэгдлүүдээс сонгож сургуулилдаг. Төгсөх курсдээ аль нэг жүжгийг нь сонгож дипломын уран бүтээл болгодог уламжлалтай. Чеховын зохиолууд задалж ойлгоход баялаг, олон талаас нь янз бүрийн хувилбараар хийж болдог. Зохиолын хэл маш энгийн мөртлөө цаанаа маш гүн утга санаа тээсэн байдаг, жүжигчнээс сэтгэхүйн асар нарийн мэдрэмжтэй тоглолт шаарддаг. Дүрийн дотоодод эерэг сөрөг шинж зөрчилдөж байдаг болохоор түүнийг нээхэд амттай. За тэгээд залуусыг уран бүтээлч болж төлөвшихөд ухаарал гэгээрэл өгдөг, сэтгэхүйг задалж хөгжүүлдэг, хүн байгалийг энэрч хайрлахад сургадаг гээд Чеховын ач холбогдлыг үнэлж барамгүй. Миний шавь нар “Бүтэн дөрвөн жил Чеховтой зууралдсаны ач тусыг одоо л мэдэрч байна” гэж амьдрал уран бүтээл дээр гарсан хойноо хэлцгээж байдаг юм. Чехов агуу, агуу.

-Өнөө жил СУИС бие дааж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Та төрөлх сургуульдаа бас 30 жил багшилжээ. Шавь нараасаа нэрлээч?

-Би СУИС-д багшлах хугацаандаа жүжигчин, найруулагчийн мэргэжлээр 16 анги удирдан төгсгөжээ. Дөрөв дөрвөн жилээр нэг ангийг гардаж удирддаг гэж тооцвол ойролцоогоор 64 жилийн хийсэн гэсэн үг. Үндсэн ангитайгаа зэрэгцээд аймгуудын захиалгаар жүжигчний анги, найруулагчийн эчнээ анги дааж ур чадварын хичээл орж ирсэн. Ууган шавь нар гэвэл УГЖ Н.Ариунболд (Бооёо), талийгаач Амбий, Эрдэнэтийн театрын Д.Бэхбилэг, А.Жавзан, жүжигчин Р.Байгаль, А.Адилцэцэг, дуучин С.Наран, МН-25 телевизийн найруулагч, хөтлөгч Ц.Энхтуяа, дараачийн ангиас гэвэл Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, УГЖ У.Уранчимэг, кино-найруулагч Л.Энхбаяр, талийгаач жүжигчин Р.Алтансүх (Аси) нар. За тэгээд 2000-аад оны төгсөлтийнхөн гэвэл найруулагч, хөтлөгч А.Миеэгомбо, жүжигчин Д.Баттөмөр (Батаа), Р.Анхням, Херогийн Ч.Ундрал, Өөскө буюу А.Өнөржаргал, талийгаач жүжигчин Латифийн Нурбулан, жүжигчин Б.Батсумъяа, Б.Болдбаатар, найруулагч, багш Б.Хишигзаяа, Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга, жүжигчин Д.Мөнхбат гээд байна. 2006 оныхон бол Мөрөөдлийн театрынхан бүрэлдэхүүнээрээ, жүжигчин Б.Отгонтуяа, Б.Хулан, Г.Мөнхжаргал, талийгаач жүжигчин Т.Билгүүн, жүжигчин, яруу найрагч Х.Соёмбо, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, жүжигчин дуучин Г.Урантунгалаг, Л.Сөрөлт гээд. 2008 оныхон гэвэл “Фантастик” продакшны хамт олон, жүжигчин П.Баттөр, М.Аззаяа, телевиз киноны найруулагч Л.Баттулга, Г.Алдарбаяр гээд… Үнэндээ нэрлэж барахгүй юм байна. Ууган шавь нараасаа л нэрлэлээ. Нэрлэхгүй үлдээвэл шавь нар гомдоно. Орон нутгийн театрт ажиллаж байгаа шавь нараа орхичихлоо. Ерөөсөө больё. Дээрээс нь сонины зай хүрэлцэхгүй. Товчхондоо миний дөрвөн жил удирдаж төгсгөсөн шавь нараас одоогоор 81 СТА төрж гарсан байна. Би шавь нарынхаа хүчинд сайн сайхан яваа гэж хэлэх дуртай.

-Та ер нь хэр хатуу багш, хэр харгис найруулагч вэ?

-Залуудаа хатуу, харгис явсаан. Нас ахиад ирэхлээр байгалийн жамаар зөөлөрчихдөг юм байна. Гэхдээ хааяа хатуурхаж, загнахгүй бол болдоггүй юм. Жаахан жавтий хүртээчихвэл оюутнуудын нүд нь сэргээд, хөл нь хөнгөрөөд явчихдаг юм. Театр өөрөө хатуу дэг журам, чанд сахилга бат шаарддаг учраас оюутан байхаас нь сургах ёстой л доо. Ер нь жүжигчид найруулагчдаа, багш нартаа загнуулах, тэднээсээ хатуу ширүүн үг сонсох дуртай. Эцсийн эцэст тэр хүний мууг үзэх гээгүй, сайн яваасай гэсэндээ л ширүүлхэж байгаа юм шүү дээ. За ийм байна даа, харин сүүлд хэдэн ном гаргалаа. Монголын театрын нэвтэрхий толь номоо бичээд, хэвлэлд бэлтгээд байна. Өөрийн бичсэн 14 жүжгийн зохиолоороо “Жүжгүүд” номоо хэвлүүлж гаргалаа. Өнөө жил “Говийн зэрэглээ” кино бүтээгдсэний 40 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулж “Говийн зэрэглээн дунд. “Чөтгөрийн тэмдэглэл” ном бичиж хэвлүүлсэн. Дөнгөж сая хэвлэлтээс гарлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгтроод, Эрихтраат… Электорат

Шинэ үг шинэ ойлголт, шинэ үзэл санаа тээсээр амьдралд орж ирдэг. Монгол хэл ХХ зуунд урьд үзэгдээгүйгээр их баяжиж эхэлсэн байдаг юм. ХХ зууны эхнээс үүдээ хагас ч болов нээсэн монголчуудын нүд мөн л хагас ч болов нээгдэж эхэлсэнтэй холбоотой. Хагас гэдэг нь цонхтой болох нь болсон ч зөвхөн хойшоо харсан ганц цонхтой болсныг хэлж байна. Сүүлийн үед “Оргүйд орвол охинтой гэгчээр” гэдэг ардын үгнээс жендергүй байдал ханхлах болсон гэх тул “чамлахаар чанга атга” гэдэгтэй зүйрлэсэн нь дээр байх, энэ явдлыг.

Ялангуяа, 1921 оны ардын хувьсгалын араас өрнөдийн болон марксист нэр томьёонууд олноороо орж иржээ. Эхэн үедээ жирийн ардууд түүнийг монголчлон дууддаг байсан ажгуу. Зарим нь бүр “Хонинтээрэм(Коминтерн), “Хоносон хомоол”(Комсомол) “Илээч багш”(Ильич) гэхчлэн монгол үг рүү холбирон хувирч эхэлжээ. Цоо шинэ монгол үг болж “цүнх”( сумка), “харандаа”(карандаш) мэтээр орсон нь ч байна. Монгол орчуулгаа араас нь чирсэн “сойл-давс”(соль), “мээл шохой”(мель) хэллэг ч үүсэв.

Бүх нийтээр бичиг үсэгтэй болсноос хойш эдгээр үгсийг орос хэлний бичлэгээр тэмдэглээд монголоор дуудах болж. Пропуск гэж бичээд пороомсог хэмээн ярина. Оростой ижил үсэгтэй учраас энэ нь амар байлаа. Шинэ ч юм биш, уйгаржин монгол бичигт гадаад үсгийг тусгай галигаар тэмдэглэн бараг л тухайн хэлний дүрмээр бичдэг уламжлалтай байв. Ухаандаа “таваар” гэж дуудах боловч “товар” гэж бичсээр ирсэн гэсэн байдаг.

Шинэ үг нутагших явц хоёр чиглэлээр явсан шиг байгаа юм. Жирийн олон түмэнд хүртээлтэй үг хэллэгүүд ихээхэн монголчлогдож, харин нарийн мэргэжлийн хүрээнд бол гадаад хэвээрээ үлдэж гэж болмоор.

Олон нийтийн хэрэглээнд түгсэн машин тэрэгний эд анги л гэхэд таранбүлүүр, ноцоосог, амаржийнэ, бярдаа дийсэг, аржаатар, хярлаа, сэвчээнэ, хунляатар, паржээгтар болон үлдэж. Эндээс ноцоосогдох, амаржийлах гэсэн хэнд ч ойлгомжтой үйл үг нэвтэрчээ.

Зүйр цэцэн үгэнд хүртэл “Нүүр гэж аржаатар, нүд гэж паржээгтар, хумс гэж автийрак, хуруу гэж…” хэмээн оржээ. Явсан газраа сонирхуулсан “Таван тоннын машинаар Тамсаг булаг паяахал (поехал буюу явах)”, орос жолоочид зам зааж цээжлүүлсэн гэх “Өглөө эндээс паяахал, Өндөрхаан тооромсог” гэж наргиа шүлэг ч гарсан байх жишээний.

Харин, нарийн мэргэжлийн инженер, мэргэжилтний хүрээнд хэрэглэгддэг техникийн нэршил бараг л цэвэр гадаад дуудлага, бичлэгээрээ үлдсэн нь толь бичиг зохиогчдод тод ажиглагдана. Онгоцны далавч, их бие гэсгээд л монгол үг, монголжсон дуудлага цөөрөөд ирдэг. Штурвал, фюзеляж гэвэл энэ салбарынхан сайн ойлгоно. Хэрвээ онгоц нь машин тэрэгний нэгэн адил бүх нийтийн хэрэглээ байсан бол “гүйлтийн зурвас” гэхийн оронд “Онгоц явгалах зам” хэмээх байсан буй за.

Яг л энэхэн мөчид

Өөдсөн чинээ шувуухай

Явгалах, нисэх хосолсоор

Түүдгийн дэргэд ирлээ гэсэн шүлэг уншиж байсан уу. Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ” найргийн орчуулга л даа.

Харин 2019 оноос манай хэлэнд Электорат гэдэг үг хэллэг орж ирлээ. Цоо шинэ үгийг түүнтэй төсөөтэй хуучин үг хэллэгтэй уяж тогтоодог ёсон бий. Монголчуудын сайн мэдэх электрод буюу цахилгаан гагнуурын хайлштай төстэй дуудлагатай учир манайхны зарим нь “өнөө электродтой адилхан чинь юу билээ” хэмээн санах ойндоо хадгалсан гэсэн.Бас их сургуулийн удирдлагыг заах “Ректорат”-тай төсөөтэй байдлаар нь цээжилсэн ч хүн байсан.

Ер нь бол манайхан сонгууль гэдэг англи үгийн язгуураас гаралтай, Америкт төлөөлөн сонгогч нарыг нэрлэдэг хэллэг гэдгийг мэдэх билээ.

Шинэ үг, шинэ үзэл санаа хоёр хамт явдаг тэр л жамаар “Электорат”-ыг дагаад шинэ ойлголт, шинэ эрмэлзэл бий боллоо.

Монголчуудын санаачилсан Электорат хөдөлгөөн бол сонгогчдын хөдөлгөөн. Өмнөх сонгуулиудад “хүнээ сонгуулах зорилготой нам, эвсэл”, “өөрийгөө сонгуулах уриатай бие даагч” нэг талаас гарч ирдэг. Тэдний сонирхол нь “зөвхөн өөрийн намыг болон зөвхөн өөрийгөө сонгуулах” явдал байх.

Харин нөгөө талд байгаа сонгогчид болохлоор ихээхэн хязгаарлагдмал боломжтой. Гагцхүү “зөвхөн өөрийн хүмүүсээ санал болгосон нам”, “зөвхөн өөрийгөө санал болгосон нэр дэвшигч”-ийн явцуу хүрээнд саналаа өгөх л боломжтой. Ардчиллын гучаад жилд “сонгогч бид ийм л хүмүүсээр бүрдсэн парламенттай баймаар байна” гэсэн хувилбар гаргаж ирэх бололцоогүй явсан гэсэн үг.

Сонгогчид бид сонгох эрхтэй атлаа өөрсдийн дуртай хүнээ дэвшүүлэн гаргах бололцоогүй ийм байдлыг сөргүүлэн Электорат хөдөлгөөн байгуулагдсан байдаг.

Электоратыг санаачилсан, байгуулсан хүмүүсийг энд дурдах нь илүүц биз. Гол нь тэд өөрсдөө нэр дэвшихгүй, сонгуулийн дараа дэмжсэн хүнээсээ өр нэхэхгүй гэсэн зарчимтай. Иим учраас сонгуулийн маргааш Электорат хөдөлгөөн татан буугдах юм байна.

Улс орныхоо засаглалын нүүр царайг солих, үндсээр шинэчлэх зорилготой учраас одоогийн гишүүдийг дахин нэр дэвшвэл дэмжихгүй гэсэн уриатай. Сонирхолтой нь, Электорат хөдөлгөөнийхөн “Хэн нэгний эсрэг ажиллахгүй” гэсэн тунхагтай. Тийм болохоор “Энэ намыг л зайлуулчихвал жаргах гээд байна, тэрийг л сөнөөчих юм бол учиртай” гэхчлэн зүхэж давхихгүй бололтой. Энэ нь муу муухайтайгаа эвлэрээд ч байгаа хэрэг биш. Бид бүгдээрээ шавар намагт унасан, хэн ийш нь унагасан байж болох тухай зөндөө ярилаа. Харин одоо шавраас хэн гаргах, хаагуур гарахаа л яриад, үлдсэн найдлагаараа жигүүрлээд ухасхийвэл яасан юм бэ гэсэн санаа.

(Угаасаа, МАН,АН намын жолоодлого “зөв гэхийн аргагүй” бүлэглэлд булаагдчихснаас биш, манай орны хамаг хөгийн гарууд нийлээд нэг саванд орчихсон ч юм биш. Жирийн шударга, зарчимдаа үнэнч гишүүд нь тус тусын намаа эргүүлж авч л таарна, ер нь бол)

Шинжлэх ухаан, урлаг соёл, нийгмийн салбарын нэрт зүтгэлтнүүд, гол төлөв ахмад үеийнхэн маань нэгдэн нийлж “нэр төр, итгэл үнэмшлээ нэг удаа эх орондоо хамтдаа зориулаад үзье” гэсэн эрмэлзлээр “Зөв хүнээ дэмжих Электорат хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Шавар намгаас хамтдаа гарахын тулд зөвхөн амбан шар нь зүтгэх бус, бүхий л сүргээрээ зүтгэх учиртай гэсэн логик юм уу даа.

Сонгуульд зөвхөн нам эвсэл болон бие даагчид өрсөлддөг хуультай. Олон нийтийн хөдөлгөөнөөс нэр дэвшинэ гэж байхгүй. Иймээс нам эвсэл, бие даагч ялгаагүй хандаж, тэр дундаас “зөв хүн”-ийг олж дэмжинэ гэсэн байна. Электорат хөдөлгөөн гишүүдийнхээ хүрээнд болон олон нийтийн дунд сүүлийн хоёр жилийн дотор судалгаа хийж хэдэн зуун “нэр дэвших боломжтой” хүний нөөцтэй болсон юм.

Тэдгээр хүмүүсийг олон түмэн “Зөв хүн” гэж үзэж, манай төр засгийг авлига жидүүгээс салган эрүүлжүүлэхэд үнэнчээр зүтгэж чадах байх гэж олон түмэн үзсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Сонгогчид өөрснөө нэр дэвшүүлж байгаа” гэж үзсэн ч болно.

Тэдний дотор өнөөгийн АН, МАН-ы гишүүд, тэндээс нэр дэвших боломжтой залуус ч олон байв. Бас удирдлагатайгаа таарамжгүй гэх шалтгаанаар намаасаа шахагдагсад ч үзэгдэнэ. Бас ХҮН, Социал демократ гэхчлэн бусад намын залуус ч олноороо харагдана. Электоратын судалгаанаас тодорсон зарим нь бие даахыг эрмэлзэж байгаа аж.

Удахгүй болох сонгуульд Электорат-ынхан аль намын хэнийг, аль эвслийг “Зөв хүн” гэж дэмжихийг харах л үлдлээ.

Элэгтороод, Эрихртаат гэсэн ч болох “Электорат” ийм учиртай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:1984

Жорж Оруэлл

Энэтхэгт төрсөн зохиолч Жорж Оруэллийн “1984” роман дэлхийн сонгодог зохиол хэмээн хүлээн зөвшөөрөгдөн олон түмэнд уншигдаж иржээ. Энэ ном 1949 онд хэвлэгдсэн. Уг зохиол дарангуйлагч нийгэм хэрхэн иргэдээ мөрдөж, оюун санааг нь хавчин боогдуулж бие махбодынх нь хувьд ч доройтуулан алж хядахыг тод томруун харуулсан байна. Далайн гүрэн, Евразийн гүрэн,Дорнод Азийн гүрэн гэсэн улсууд энэ дэлхийд тогтжээ. Тэдгээр гүрнүүд хоорондоо байнга дайны байдалтай байх ба байсхийгээд л Лондон хотод халдлага болж бөмбөгдөн сүйрүүлнэ. Далайн гүрэнд гол баатар Уинстон Смит амьдарч байх бөгөөд тэрбээр 39 настай Лондон хотын буюу энэ орны томоохон яам болох үнэний яаманд ажилладаг аж.

“Дайн бол энхтайван

Эрх чөлөө бол боолчлол

Үл мэдэх нь хүч” гэсэн уриа эрх барих намын гол уриа юм. Улсынхан нь удирдагчаа их ах гэх бөгөөд хаа сайгүй түүний зураг хөрөг дүүрэн аж. Гудамж талбай, гэр орон, тэр бүү хэл ариун цэврийн өрөөнд ч том том дэлгэц байрлуулсан байх бөгөөд түүгээр нам төрийн ажил амжилтыг өдөр шөнөгүй магтан сайшаасан нэвтрүүлэг цацагдана. Түүний дууг намсгаж болох ч хэзээ ч унтрааж үл болно. Уг дэлгэц одоогийн хэлээр бол дүрс дуу дамжуулагч камер бөгөөд түүгээрээ ард түмнээ өчүүхэн ч хараа үл салган хянана. Смитийн гэрт байх дэлгэц гэрт юу болж байгааг бүрэн хянаж чадах бөгөөд шивнэн ярьсан яриаг ч сонсож чадна. Харин дэлгэцтэй харалдаа байх нэг буланд л түүнд харагдахгүй байж болно. Тэнд Смит ширээ байрлуулан өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Гэхдээ сандлынхаа ард цэх суусан тохиолдолд л үл харагдах аж. Хянагчид түүний гэртээ байгааг мэдэх ч яг юу хийж байгааг харж чадахгүй гэсэн үг юм. Бүрэн хянаж байдгийн нэг жишээ өглөө бүгд зурагтаар чарлах сэрүүлгийн дуугаар босоод дасгал хийнэ. Смит хөл нь бэртэнгтэй учир доошоо тонгойж өлмийндөө хүрдэг дасгалд дургүй. Смитийг доошоо худал тонгойсон дүр үзүүлж байгааг аль хэзээний харчихсан Смитээ доошоо тонгой, чи худлаа дүр үзүүлээд байна гэж зандарна. Смитийн ажил бол баримт засварлах яам юм. Жишээ нь, “Тайм” сонин дээр энэ хавар 49 сая хос гутал үйлдвэрлэлээ гэсэн мэдээ гарчээ. Тэгэнгүүт өвөл Их ах юм уу намын хурлаас энэ хавар гэхэд 147 сая гутал үйлдвэрлэж ард түмнээ гутал хувцсаар найдвартай хангах болно гэж хэлсэн нь тэр үеийн сонин дээр гарчихсан байна. Тэгэхлээр аль өвөл гарсан “Тайм” сонины нийтлэлийг засварлан энэ хавар 45 сая хос гутал үйлдвэрлэх болно гэж хэлсэн болгоод дахин хэвлээд архивт хадгална гэсэн үг юм. Нам худал хэлдэггүй, дээрээс нь Их ах бүр ч худал хэлэх ёсгүй. Яг ийм байдлаар бүх түүхийг баллуурдан арилгаж хүмүүсийн ой тойноос арчиж байх аж. Ажлын цагаар өдөрт гучин хормын үзэн ядах цуглаан хийнэ. Бүх ажил, албан газар ийм цуглаан хийлгэнэ.Тусгай танхимд оруулаад урвагчийн дүрс бичлэгийг харуулан үг хэлүүлж түүнийгээ нийтээрээ үзэн ядаж орилж бахирч нулимж сандал ном гэх зүйлээр дэлгэц рүү шидлэн үзэн ядацгаана. Ийм дарамтан дор амьдарч байгаа Смит найз бүсгүйтэй болж түүндээ дурлан хоёул ертөнцийг жаргалыг нууцаар эдэлнэ. Тэр хүүхэн нь “хурьцлыг үл тэвчигч” хөдөлгөөний тэргүүлэгч гишүүн байх бөгөөд маш идэвхтэйгээр хурьцлыг үл тэвчин тэмцдэг боловч яг жинхэнэдээ хурьцал дурлалын улаан хорхойтон байж таардаг. Смит найз хүүхэнтэйгээ байж байгаад цагдаад баригдана. Гэртээ хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэр нь мэдээж илчлэгдэнэ. Урт хугацааны тарчлаах тамлах, байцаалт эрүү шүүлт үргэлжилж түүнээс огт салж өгөхгүй. Тэр нийгмийн эрх баригчид үхэх бол юу ч биш, бараг шагнал гэж үзнэ. Харин үзэл бодлыг нь нухчин дарж чадвал л ялалт иржээ гэж үздэг. Их ахыг хараад яг үнэнээсээ бишрэн шүтэж , хар аяндаа нулмис нь цийлэлзээд ирвэл л ялж байна гэж үзээд тэр хүнийг зөнд нь хаяна. Смит ч хамгийн сүүлд тэр дэглэм Их ахыг бишрэн шүтэж оюун санаа нь бүрэн ялагдаж байгаагаар ном дуусна.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн домогт хурандаа, гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж

Зуун жилийн түүхтэй Монголын цагдаад 50 гаруй жил нэр төртэй ажиллаж, далан насны даваан дээр хэдийнэ гарсан ч төрийн буулганаас салаагүй яваа домогт хурандаагийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхэм бол тэртээ жаран найман онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсад цагдан сэргийлэхийн хуульчдыг бэлтгэх анхны дээд боловсролыг эзэмшсэн анхдагчдын нэгэн Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж. Далаад оны эхээр гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр гурван аймгийн цагдаагийн байгууллагыг 23 жил удирдаж, энгийн сонсогчоос энгэртээ гавьяатын тэмдэгтэй алдартан, дэслэгчээс хурандаа болтлоо дэвшсэн чухамхүү Монголын цагдаагийн он цагийн гэрч болж, Лу хурандаа хэмээн олноо нэршиж хүндлэгдэн иржээ. Буурал хурандаагийн унасан газар угаасан ус нь хуучин Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг. Бага бүдүүн нэртэй ч их том хайрхны ар шилд төрсөн гэдэг. “Тавин оны гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж пастортаа анх авсан. Намын баяраар төржээ гэж зарим нь намайгаа дамшигладаг, намын хүн болох гэсэндээ ч биш, тэгж л таарсан юм. Гэхдээ нарийн яривал би чинь үхэр жилтэй дөчин есөн оны хүн. Ирэх онд 73-ны жил орох гэж байгаа ийм өвгөн” гэж инээд алдангаа төрсөн өдрийнхөө төөрөг зургаас сонирхуулсан. “Аав минь гаднаас нь харахад ширүүн дориун төрхтэй ч дотор хүн нь өрөвч нинжин. Эр хүний нулимс дотогшоогоо гэж ярьдаг. Харин эсрэгээрээ нулимс ойрхонтой хүн. Багаасаа өнчрөл зовлон үзсэн нь өр нимгэн, өрөвч зөөлөн, сайхан сэтгэлтэй болгосон болов уу. Сайхан сэтгэлийнхээ ачаар би өдий зэрэгтэй явна аа гэж өөрөө ч ярих дуртай” хэмээх үг охидынх нь амнаас ундраад байдаг нь учиртай. Төрсөн эцэг эх нь багад нь өнгөрч, мөн нэг сайхан ахаа алдаж ёстой өөрийнх нь хэлснээр “Үнсэнд хаягдсан шалз” шиг амьтныг Довдонгийн Пүрэвдорж, Зөөлөнгийн Балжинням гэх ачлалт хоёр бурхан өргөн авч үрээ болгож цаглашгүй их хайр халамжаа өгч өсгөжээ. “Би аавыгаа уул болоод ургачихсан, ээжийгээ ус болоод урсчихсан” гэж хурандаа нэгэнтээ хэлсэн. Тиймдээ ч Хан хөгшиний салбар уулс Жимстийн цэнхэр нурууг хараад аавыгаа, Тээлийн голын мяралзсан тунгалаг долгисыг хараад ачит ээжийгээ гэж боддог хэмээн өр зүрхнээсээ нулимстай хэлдэг байлгүй. Аав ээж маань үр намайгаа харж байгаа гэдэгт огтоос эргэлзэлгүйгээр амьдралын нугачаанд нуруу алдалгүй, шулуун шударга, бусдын төлөө гэх халуун сэтгэлээр дүүрэн явдаг нь ийм л учиртай байх нь.Жаран найман онд арваа төгсөөд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургуулийн дэргэд цагдан сэргийлэхийн хуульчдыг дотооддоо бэлтгэх анхны ангийг дүүргэсэн гэдгээрээ бахархдаг юм билээ. Ингээд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдын тушаалаар өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөр томилогдож, мэргэжлийн дээд сургуулийн ромбо гялалзуулсан сүрхий амьтан толгой дээгүүр очоод сэргийлэхийнхээ даргад тас хөөгдөн гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр “нутаг заагдсан” түүхтэй.

Лу хурандаа тэр тухайгаа ярих дуртай. Арга ч үгүй биз, гурван суманд тэлэгдсэн ганц төлөөлөгч байна гэдэг амаргүй. Тэнд л ёстой нэг хат сууж чилийсэн дөрвөн жилийг ардаа орхисон байна. Тэр гурван сум нь баргийн хүн алхуулдаггүй Өвөрхангайн зүүн талын Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл гэсэн лужир гурван сум. Ганц хэсгийн төлөөлөгчид хань болох цагдаа гэж байхгүй, унах унаа гэж байхгүй, өртөөний нормын мориор ажлаа амжуулна. Тэр бүс нутаг бол Булган, Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай гээд олон аймгийн нутаг дэвсгэрийн торгон зааг дээр байдаг, малын хулгай нүүрлэсэн амаргүй газар. “Хэсгийн төлөөлөгч гэдгээ бүдүүн тоймоор хэлбэл хулгайч нарыг хариуцсан хүн. Сэргийлэхийн бүх ажлыг ганцаар хийнэ. Дээрээс нь Аюулаас хамгаалах байгууллагын хоёр том чиглэл болох сэхээтний төөрөгдөл, мөн обьектын аюулгүй байдал, гадны нөлөөгөөр галдан шатаах гээд амаргүй давааны аман дээр сууж байгаа юм. Тэр үед хэсгийн төлөөлөгчийг хүний муу үздэг хүн гээд өөдтэй хүлээж авахгүй. Айлд ороход халуун цай хийгээд өгөх хүн ховор байлаа. Түргэний эмч, ялангуяа жолооч нартай найз болно. Есөнзүйлд Д.Норовжанцан гэж гавьяат өгчихмөөр мундаг эмч байсан сан. Жолооч нь Лхасүрэн гэж сайхан хүн, одоо ч сэрүүн тунгалаг байгаа гэнэ лээ. Лхасүрэн гуайдаа дуудлагаар хөдөө явбал намайг аваад явдаг юм шүү гэж захина. Эмчилгээ тэжээлийн 53 гэж машин байлаа, түүний жолоочтой бас найз болоод авна. Үхэр тэргээр хүртэл явж л байсан. Ингэж дөрвөн жилийг авсан. Тэр хугацаанд хоёр удаа аварга болж байлаа. Энэ ажил манай үеийнхнээр шувтарсан. Надаас хойш сум суманд хэсгийн төлөөлөгчтэй, давхар цагдаатай болоод бэхэжчихсэн. Гурван сумын хэсгийн төлөөлөгч хийсэн хүн Монголын цагдаад өнөөдөр ховор байх. Тэгэхээр би гэдэг хүн яалт ч үгүй он цагийн гэрч болжээ” хэмээн өгүүлэв. Далан зургаан онд эрүүгийн ахлах болоод аймагтаа ирж наян дөрвөн он хүртэл манаргажээ. Мэдээж аварга болоод мандалгүй хаачихав. Цаг өнгөрөх тусам дарга нарт “За энэ нөхөр ч гарцаа байхгүй аймгийн сэргийлэхийн дарга мөн дөө” гэх бодол төрөх нь дамжиггүй. Хоёр жил болоод л яамны шалгалт гэж мундаг даваатай нүүр тулна, аттестатчилал явагдана. Үндсэндээ хоёр жил болоод хүнээ дүгнэдэг тийм л хатуу зарчимтай цаг байсан.

“Сайдын шалгалт, аттестатчилал гэдгийг өнөөдөр ярьдаг хүн байхгүй болж. Нөхөр Лувсандоржийг ажилдаа дүүрэн тэнцэж байна гэж үзээд эрүүгийн ахлах болгосон. Дараагийн хоёр жилийн шалгалтаар дүүрэн тэнцвэл сэргийлэхийн даргын нөөцөд авна. Дэвшүүлнэ гээгүй, нөөцөд авна. Дараа нь сэргийлэхийн даргад дэвшүүлнэ. Ийм л ном журмаар явдаг байлаа” гэж яриан дундаа тодотгосон юм.Тэр алтан дүрмийн дагуу мань хүн 1984 онд Дорноговийн цагдаагийн даргаар томилогджээ. Тэгэхдээ юм гэдэг сонин, өнөөдөр Монголын төрийн амьд домог болсон Лувсангомбо генерал өөрийнхөө аймгийн цагдаагийн даргаар Өвөрхангайн хүүг томилсон нь бас л сонин хувь тавилан харагддаг.Лувсангомбо генерал НАХЯ-ны сайд байхдаа Өвөрхангайд намын бүгд хурал, чуулган удирдахаар очсон байна. Улс төрийн товчооны гишүүн, яамны сайд ирэхийг сонсоод аймаг даяараа хөдлөх нь мэдээж. Хэлтсийн дарга Ц.Жамбалсүрэн “Сайдыг ирэхэд чи рапорт өгч угтаж ав гэв. Лу хурандаа 33-тай ёстой нэг жавхалзсан амьтан сайдын өмнө хийморь сэргэтэл рапортаа өгч таараа. Харин сайд “Энэ хошууч яалт ч үгүй нэг сэргийлэхийн дарга байна даа” гэж дуу алдсан гэдэг. Үүнийг хэзээ хойно Лу хурандаад Ганбат гэж сайдын нарийн бичиг хэлсэн юм билээ. Лувсангомбо сайдыг явснаас хойш долоо хоногийн дараа НАХЯ-ны боловсон хүчний газрын дарга хурандаа Цэрэннадмид ирж Лувсандоржтой уулзжээ. НАХЯ-ны тэр том хурандаа өөртэй нь уулзах гэж ирэхэд айсан гэнэ. “За баларлаа, нэг нь л намайг матчихаж. Би ч буруу зөрүү юм хийгээгүй дээ, уул нь” гэж боджээ. Гэтэл байдал өөрөөр эргэв гэнэ, арга хэмжээ авахуулах биш, дэвшүүлэх маягтай болоод явчихлаа гэнэ. НАХЯ-ны тэр хурандаа бүтэн долоо хоног уулзсан байдаг. Ингэж Дорноговь аймгийн цагдаагийн даргаар томилогджээ.

“Дорноговьд очоод та ч манаргаж өгөө байлгүй” гэж хурандаагаас үг өдлөө. “Юуных нь манаргах. Пактлаад, намын “Үнэн” сонинд хүртэл бичүүлээд юм юм болсон. Би бол дотроо болоод байна л гэж бодоод байдаг. Юу болох, доогуур бүх юм задарчихсаныг нөхөр Лувсандорж гуай мэддэггүй. Шоронд хүн боож үхлээ л гэнэ. Хууль бус ан, хүчин, зодоон цохион гарахгүй хэрэг гэж байхгүй. Зүүнбаянгийн дивизэд байсан танхай нөхдүүд шорон дамжина. Тэр үеийн цэргийн ангийн офицер гэдэг чинь ар өврийн хаалгаар шорон дамжчихсан архагууд байдаг. Тэд нар шоронд байхдаа шоронгоо нүхэлж айлд очоод ирдэг байсныг мэддэггүй байж. Бас дээрээс нь манай албан хаагч надаас өмнө нэг нөхрийг хүн амины хэрэгт хилсээр тулгаж шоронд хийжээ. Худлаа мэдүүлэг зохиогоод, прокурор нь хянаад шүүх нь таслаад хэрэг хийгээгүй хүнийг явуулчихаж. Тэр нөхрийн хэрэг миний үе дээр задарч байгаа юм. Мөн сэргийлэхийн дэргэд байх дэлгүүрээс надаас бусад нь бараг мөнгө зээлдэг, архи зээлээр авдаг, амин хувийн холбоотой. Энэ бүгдээс болоод жигтэйхэн дуутай шуутай очсон амьтан чинь хоёр жил зургаан сарын дараа мултардаг юм байна. Ингэж Дорноговиос хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд хэдэн нялх нойтон хүүхдээ, муу шар авгайгаа дагуулаад Өвөрхангай руу буцаж байлаа” гэв. Дорноговьд байснаа луугар хурандаа нэг их задалж ярьсангүй. Хэрвээ тэрхүү хоёр жил, зургаан сарыг задлаад үзвэл зохиол шиг юм бичигдэж таарна. Ер нь ч тэгээд Лу хурандаагийн он жилүүд кино зохиол шиг санагдах нь бий. Мань эр Дорноговьд үнэндээ нэртэй цолтой, олонд хүндлэл хүлээгдсэн байсан нь түүнийг ажлаа өгөх үед хотын захиргаа, намын хороонд очсон 10 шахам өргөх бичигнээс уншигддаг. Хутагтын нутгийн учир мэдэх хүмүүс “Энэ залуу даргын асуудлыг ултай суурьтай авч үзнэ үү. Ц.Энэбиш, Г.Чимиддорж нарын шуурганд хамт орчихлоо” гэсэн бичиг олноороо ирсэн гэдэг.

“Нутагтаа буцаж очоод би нэг жаахан шар хөдөлсөн шүү” гэж тэрээр шазууртай хэлж байна. Ингэх ч гэж дээ хэмээн өөрийгөө зэмлээд, өөртөө дахин ташуур өгч ажлыг маналзуулжээ.Түүнийх нь үр дүн ч гарч 1988 онд ерөнхий газрын аварга, дараа жил нь ажил мэргэжлийн аварга болоод ерэн онд дэд даргаасаа буцаад дарга болсон байна. Харин ингэж манан татуулж явах үед өнчин өрөөсөн намайг өргөж авч хүний дайтай болгосон ачит эцэг минь өнгөрчихдөг юм гэж хоолой цахиртуулан хэлнэ билээ. Аав нь өнгөрөхийнхөө өмнө хүүдээ харцаараа, зүрхэнд нь хэлэх үгээ хэлснийг тэрээр үргэлжид боддог. Өөрөө ч мөн нүдээрээ үгээ хэлж хүүгийн ёсоор хариу барьсан байдаг. Аавдаа өчсөн зүрхний тангараг бол оногдсон ажлаа хэнээс дутахгүй хийж, нэр цэвэр, мөр бүтэн, шулуун шударга явна гэсэн ийм л тангараг. Тэр уг тангарагтаа хүрсэн нэгэн. Ерэн онд Өвөрхангайн цагдаагийн дарга болоод гурван жил ажиллаж байтал ерөнхий газрын тэргүүн дэд дарга байсан Н.Гаравсүрэн “Дундговийн Бумнанжид наашаа шилжинэ гээд байгаа. Чи тэнд очих уу, чамд тийм эр зориг байна уу” гэжээ. Түүний хэлснийг хөгшинтэйгөө зөвлөлдөөд Дундговь руу мордсон байна. 1993-2006 он хүртэл 13 жил Дундговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан түүх ингэж эхэлдэг. Тэрээр нийтдээ гурван аймгийн цагдаагийн даргын хариуцлагатай, амаргүй албыг 23 жил хашсан аварга эр. “Монголын цагдаад 50 гаруй жилийн нүүрийг үзэхдээ цагдаагаас нэг өдөр байтугай нэг минут тасарсангүй. Бууж ч үзлээ, мандаж ч үзлээ. Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгуудын цагдаагийн газрын үүдийг нь ч манасан, өрхийг нь ч татсан, хойморт нь ч заларсан, хатавчинд нь ч хэвтсэн ийм хүн байгаа юм” гээд сэтгэл нэн тааламжтай инээж сууна. Энэ зуурт бид хоёрын ярианд цагдаагийн нэртэй хурандаа нарын нэг, өдгөө төв аппаратынхаа олон генерал, хурандаа нарын арми ахмадын холбоог удирдаж буй Билгээ хурандаа орж ирж “Аймгийн цагдаагийн даргаар тавигдана гэдэг асар хүнд байсан. Нөөцөд орчихсон байна, тэгээд аймгийн захиргаа, намын хорооны зөвшөөрлийг авна. Дараа нь ЦЕГ-ын зөвлөлөөр ороод батлагдаж байж дарга болно. Өнөөдөр бол дуртай хүнээ тавьдаг, хэдэн ч удаа дарга солигдож, тухайн орон нутгийн ард түмний аюулгүй байдлыг бус хувь хүний улс төр, амин хувийн асуудал, нэр хүндийг чухалчлах болсон” гэж шулуун шударга хэлээд авав.

Хурандаагийнх зургаан охинтой. Тэрээр нэг удаа “Дандаа бүсгүй хүүхдүүдтэй болохоор ч тэр үү, манай гэр бүл тэр чигээрээ аядуу зөөлөн ертөнц” гэж хэлсэн. Охид нь бүгд “Оюун”-тай. Оюунгэрэл, Оюунмандах, Оюунбилэг, Оюунтунгалаг, Оюунтуяа гээд бүгд сайхан ижий нар, гэр бүл үр хүүхэдтэйгээ тус тусдаа сайн сайхан амьдарч явна. Харин бага охин Цэцэгдэмбэрэл нь элэгний өнөө айхавтар өвчнөөр бурхан болж ижий аав, хайрт эгч нарынхаа элгийг эмтэлжээ. “Болохгүй юм гэдэг болдоггүй л байдаг юм билээ” гэж гэрийн эзэн хүчирхэг сайхан хурандаа хоолой нь зангирч хэлсэн. Оюунтуяа, Оюунтунгалаг нар аавынхаа зам мөрийг залгамжилж цагдаагийн албанд зүтгэсэн байна. Оюунтуяа нь цагдаагийн дэд хурандаа, үндсэндээ хурандаа аавын хурандаа охин. Гэр бүлийнх нь хүн М.Батсайхан мөн хилийн цэргийн хурандаа, ийм л нэг хурандаагийн үүдтэй айл аж. Цэцэг шиг охидын элбэрэлт ижий, Лу хурандаагийн насны хань Цоодолын Пүрэвдагва. “Есдүгээр ангид байхдаа би долдугаар ангийнхаа шанз тоглодог, жигтэйхэн гоё хар нүдтэй охинд татагдсан юм. 1967 оноос хойш гээд бодохоор 53 жил хамтдаа явна. Би ер нь Пүрвээгийнхээ хүчинд л өдий зэрэгт хүрсэн” гэж гэрийн эзэн хэлсэн нь аргагүй л үнэндээ гэх бодлыг төрүүлж билээ. Пүрвээ эгч “Нас залуу байхад ханийгаа ажил төрлөө сайн хийг, амжилт гаргаг гэж бодоод гэр орны ажилд оролцуулдаггүй байв. Харин одоо бол өвгөнөө гар хөлийн үзүүрт зарж сууна. Амьдралын шаардлага ч гарах юм даа, хүүхдүүд бүгд гараад явчихлаа. Өвгөн маань гал тогооны ажилд сүрхий, бид хоёрыг ханилахад манай хадам аав “нэг гэрийн эр эм хоёрт чиний миний ажил гэж байдаггүй. Аль түрүүлж гэртээ ирсэн нь хоол ундаа хийдэг байх ёстой” гэж хэлж билээ. Одоо бол аавын хэлснээр л болж байна” хэмээн жаргалтай гэгч өгүүлж байна. Гэрийн эзэгтэй Өвөрхангайн Тарагтынх, ээжийнх нь төрсөн ах дүү нар нь улс, аймгийн цолтой бөхчүүд байж. Улсын начин Навааны Пансан, аймгийн заан Навааны Цоодол гээд. “Манайх хүүгүй, харин зээ нараас хэдэн сайхан харцуул байна. Тэднээс бөх төрнө” гэж битүүхэн горьддогоо хурандаа нуугаагүй.

“Дундговь намайг гавьяат болгох гэж долоон удаа тодорхойлсон” гэж яриан дундаа хэлсэн. 2012 онд Чингис хааныхаа төрсөн өдрийг анх удаа тэмдэглэсэн “Монгол бахархлын өдөр”-өөр хуулийн байгууллага дотроос ганц гавьяат хуульч төрсөн нь Лу хурандаа. Бас л бэлгэшээлтэй сайхан санагдав. Гавьяатаас улбаалаад бид хоёрын яриа Дундговь тийшээ хазайлаа. Эр дунд насны хавхгар сайхан эр хүмүүний амьдралын мөчлөг нэг үеийг Дундговьд үджээ. “Лу даргыг байхад наадмын зохион байгуулалт дэг журамтай, ёс төртэй гэдгийг мэдрүүлсэн хийморь сэргэмээр болдог сон” гэж тэр нутгийнхан хэлдэг. “Ер нь аймгийн цагдаагийн дарга жаахан эрхэмсэг байх ёстой юм. Ихэмсэг биш, эрхэмсэг. Энэ нь өөрөө төр эрхэмсэг оршихуйн утга учир нь юм” гэв. Ямар агуу дуулдсан гэж санана.Ер нь цагдаагийн дарга хүн нийтийг хамарсан айдас түгшүүрт явдал, онц ноцтой хэрэг, гэнэтийн аюул энэ бүгдэд өөрийн биеэр очиж, торгон ирэн дээр нь зогсож байх ёстой гэж тасхийтэл хэлсэн. Тэгээд Пүрэв генералаа жишээ болгосон юм.“Пүрэв даргыг байхад ерээд онд Жаргалант, Зүүнхараагийн дуулиан, шоронгоос, онцгойгоос оргосон хэргүүд гээд юу болов, тэр бүгдийг мэргэжлийн хувьд удирдсан. Пүрэв даргын үед Монголын цагдаа нэг цагдаа шиг байж үү дээ гэж боддог юм. Цагдааг байтугай Монголыг аваад явах хүн. Ажлын хувь заяа чинь сайн хамт олон байхаас гадна удирдаж байгаа хүндээ байдаг юм шүү. Ухаантай хүн чинь хэлж байгаа үгнээсээ мэдрэгддэг, үгнээс нь ухаан цацраад байдаг. Тийм хүний ажил хүн хийгээд өгчихсөн юм шиг аяндаа бүтдэг” гээд “Цагдаагийн дарга гэдэг бол ажил хийхийн утга болохоос хүн зарахын утга биш” гэсэн юм. Үг бүхэн нь ингэж философитой, зүгээр л афоризм. Яагаад ингэж аливааг углуургаар нь бодож ярьдаг байна даа гэтэл ном бүтээл, хувь хүнийх нь дотоод ертөнц гэдэг том юм байна. “Хан хөгшиний хараацай” гэж өөрийнхөө амьдралын тухай туульсын ном бичжээ. Цагдаа хүний амьдрал юм шиг боловч цаана нь Монголын нийгэм, цаг үеийн шуурга, хорвоогийн хар цагаан дэнс бичигдэж байгаа юм.

Уг номын эхээ Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр барьж очоод “Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байвал галд шатаачихна биз” гэх маягийн үг хэлжээ. Лхагвасүрэн найрагч номынх нь өмнөтгөлд сайхан үг бичиж, зохиогчийн хэлснээр Лу хурандааг омойтуулсан гэдэг. Сүүлд “Өөрийгөө залж захирч амьдрахуй” гэсэн бодрол, ухаарлын ном бүтээсэн нь дотоод ертөнц рүүгээ сүрхий чимээлж, амьдралыг таньж яваа хүний үг ч мөн дөө гэх бодол төрсөн. “Та чинь хэд хэдэн шаггүй дуутай юм гээч, Бямбабаяр, Сэр-Од гээд хөгжмийн аваргууд ая данг нь тааруулжээ” гэхэд “Болор цом”-ын эзэн дүүгийн өөдөөс нэг зөнөсөн өвгөн “Би юм бичдэг гэж хэлэх нь үнэндээ зохимжгүй. Гэхдээ “та хэдийн ертөнц өөр, бидний ертөнц гэж нэг юм тэр дор чинь байна” гэж “Зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр Баянаа аварга Лхагвасүрэн гуайд хэлсэн шиг бидний юм байнаа, байна” гээд инээвхийлж сууна. “Залуу байхад ч мэдрэмжийн хурд, сэтгэлгээний хурд байсан, одоо байхгүй болсон” гэхүйд “ухаарал, бодрол, бясалгалын хурд”-руу шилжсэн биз гэж эрхгүй бодогдсон. Ийм л таатай яриа хөөрөөн дунд “Сайн цагдаа цагийн найз гэдэг, энэ ер нь юу гэсэн үг вэ” гэж Лу хурандаагаа өдлөө. “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Уг байгууллага өөрөө гарын ая сайн даадаг юм шиг хэрнээ нэр хүндийн хувьд эмзэг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш хүнлэг чанар, шударга зарчмаар бий болгох учиртай. Цагдаа хүнлэг байгаад шударга ажиллавал болох нь тэр. Цагдаагийн байгууллага үйлс нь ариун, буян нь арвин газар юм. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд. Би ч Монголын цагдаагийн хоолыг хагас зуун жил гаруй хороож байна. Би ч гэж манайхан элэг бүлээрээ энэ айлын буяныг амсаж, хишгийг нь хүртэж байна. Тийм болохоор Монголын цагдаад хир халдаах дургүй л хүн. Харин шүүмжлэх юмаа бол хэнээс ч эмээхгүй хэлнэ. Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг ажил биш. Шинэ зууны залуучууд их юм бодож байгаа байлгүй. Цагдаагийн албаны ажилд ер нь шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч тэгж чадахгүй байна. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба юм” гэж аргагүй л нэг буурал хурандаагийн буурь зангараг зааж хэлсэн дээ. 13 мянга орчим албан хаагчтай энэ армид ингээд нэг хэлчих хүн хэд бол гэж бодогдож л байлаа. Харин аварга хурандааг шууд тэтгэвэрт нь суулгаж гаргуунд нь гаргачихалгүй “үүц нөөц”-ийг нь Монголын цагдаа одоо хэр нь “идэж” суугаа нь талархууштай. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаа орон тоон дээр энгийнээр ажиллан хэдэн зуун хавтаст хэрэг уншихаас аваад залууст заавар зөвлөмж өгөх гээд бас л 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд 1175 хэрэг уншиж шийдвэрлүүлсэн байна. Тэр дунд хулгай, танхайн болон хүчин, хүн амины ноцтой хэргүүд олонх нь байсан гэдэг. Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх шатанд мөн түдгэлзүүлээд байсан тэр олон хэргийн хувь заяаг шийднэ гэдэг асар их гавьяа зүтгэлтэй ажил. Үүнд нь Лу хурандаад олон ч хүн талархдаг юм билээ. Харин буурал хурандаа өөрт нь итгэл үзүүлж байх ёстой газар нь байлгаж, жинхэнэ мэргэжлийнх нь ажлыг хийлгэж буй Д.Батсайхан, Д.Батжаргал нарын хурандаа, дарга нар, өөрийн шавь нартаа баярладаг нь мэдээж.

Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай Хан хөгшин хайрханы ивгээл ерөөлөө бодон ойр дотно байж, зүрхнийхээ үгийг хэлэлцэж явснаа, Гэндэнгийн Төмөрбаатар, Бугын Насанжаргал, Жавзмаагийн Ухнаа, Чимэдбалдирын Эрдэнэ-Очир гээд олонд түшигтэй, өөрт тустай явсан аймгийн дарга нар, жинхэнэ төрийн хар хүмүүсийг, мөн Цээвэлийн хүү Жамбалсүрэн даргаа сайн сайхнаар дурсаж явдгаа хэлсэн. “Би ер нь ааш авир муутай, хэлэх гэснээ шулуун шударга хэлчихдэг зантай. Цагдаагийн 100-гаад хурандаа дундаас ойртож нөхөрлөдөг минь ховор. Харин насаараа нөхөрлөж, хэдэн биедээ нөмөр нөөлөг, өмөг түшиг болж, ахан дүүс шиг болсон хэдэн сайхан хурандаа найз, дүү нар бий шүү” гэв. Алдарт Авхиа генералыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга байхад оюутан болж, Лувсангомбо генералын үед аймгийн сэргийлэхийн дарга болон мандаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, Монголын цагдаагийн домогт хурандаа түүний замнал үнэндээ барагдах юм биш.

“Буурал тэргүүн нь үүлстэй сүлэлдсэн

Будант бэлээрээ уулстай золголдсон

Ухаант өвгөдийн уугуул усан

Уулсад амилсан амгалан бурхан” хэмээн өөрийнх нь шүлэглэсэн “Хан хөгшин” хайрхан шигээ дүнжгэр нэгэн ажгуу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн шийдийг харсаар аж ахуйн нэгжүүд “турж” үхэх нь ээ?

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ үед эдийн засаг айхавтар хүндэрч, аж ахуйн нэгж компаниуд том жижиг гэлтгүй толгой дараалан хаалгаа барихад хүрсэн. Компаниудын хувьд бүрмөсөн дампуурлаа зарлачихалгүй ажлын байраа хэрхэн яаж хадгалж үлдэх үү гэдэг цорын ганц асуултын өмнө ирээд байна. Үндэсний статистикийн хорооны 2020 оны эхний улирлын судалгаагаар бизнес регистрийн санд бүртгэл бүхий 190 мянга таван зуун хуулийн этгээд байгаагаас тал хувь нь буюу 50.3 хувь нь огтоос үйл ажиллагаа явуулаагүй тэг зогсолт хийсэн гэх судалгаа гарсан. Харин үйл ажиллагаа явуулсан гэх 94 мянга долоон зуу шахам аж ахуйн нэгжийн 86.5 хувь нь 1-9, 6.4 хувь нь 10-19, 4.5 хувь нь 20-49 ажилтантай байна гэж албан ёсоор мэдээлэгдсэн. Тэгэхээр Монголын аж ахуйн нэгж компаниудын хувьд үнэхээр хүнд байдалд орж дампуурлын ирмэгт байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнгөрөгч сарын сүүлээр 1500 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад тал орчим хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэх мэдээллийг ирүүлсэн байдаг.

Энэхүү судалгааны дүн одоо улам лавширч, өдөр өдрөөр, бүр цаг минутаар албан байгууллагуудын хувь заяа шийдэгдэж, эдийн засгийн хүнд даваатай нүүр тулж байна. Эдийн засаг гэдэг мэдээж улс орны хөгжил дэвшлийн бодит суурь, амин судас, цусны эргэлт нь. Цусны эргэлт доголдож эхэлнэ гэдэг тухайн улс орон оршин тогтнох чадваргүй болох эрсдэл нүүрлэх аюултай. Олон түмэн бужигнаж энд тэндгүй арилжаа наймаа хийгдэж, үйлдвэрлэл явагдаж, барилга байшин босч, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, зам тээвэр, эрчим хүч, мэдээллийн технологи, боловсрол, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт цусны эргэлт ижил тэгш үйлчилж байж эдийн засаг идэвхжиж сэргэдэг, хөгжин дэвждэг. Тэгвэл хөл хорионы энэ үед хүмүүсийг гэрээсээ гарч болохгүй, гадуур бөөгнөрөл үүсгэж болохгүй хэмээн хорьж байгаа. Хүн гэртээ суугаад мөнгө олно, бизнесээ явуулна, аж ахуйгаа эрхэлнэ гэдэг боломжгүй зүйл. Бүх хүнийг ингээд гэрт нь хорьчихоор эдийн засгийн цусны эргэлт зогсох нь аргагүй. Ганцхан жишээ татахад, жуулчлалын сезон эхэлсэн энэ үед аялал жуулчлалтай холбоотой бүх үйл ажиллагаа зогссон. Мөн Улаанбаатар хотын эргэн тойрны амралт гэх мэт аялал жуулчлалтай холбоотой газруудын үйл ажиллагаа дээр нь баар ресторан, саун, караоке, спорт газрууд, фитнесс төв гэх мэт олон газрын үйл ажиллагааг гурван сар орчим шууд зогсоосны үр дүнд энэ газрууд ажлын байраа хадгалах ямар ч боломжгүй болсон.

Энэ бүх цусны эргэлтийг хаачихаар эдийн засаг яаж амь орох билээ. Шулуухан хэлэхэд, өнөөдөр цалин буурч байгаа. Цалин буураад ирэхээр айл гэр албан байгууллагын хоол хүнс хорогдоод ирнэ. Халаасандаа улаан мөнгөгүй болоод ирэхээр албан байгууллага, айл өрх бүр хэмнэлтийн горимд хүссэн хүсээгүй шилжинэ. Эхлээд хувцас хунар авах, үндсэндээ тансаг гэж болох бүхий л хэрэгцээгээ хязгаарлалаа гэж бодъё. Гэвч талх тариагаа, мах гурилаа авч таарна. Дээрээс нь татварууд буураад эхэлнэ. Хамгийн наад зах нь Юнивешн, Скай медиа, Сансар гээд кабелийн суваг үздэг айлууд интернэтийнхээ төлбөрийг төлж чадахаа болино. Иргэд ийнхүү утас, интернэтийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрвэл кабелийн сувгийн компаниуд болоод үүрэн телефоны компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Мөн тог цахилгаанаа айлууд төлж чадахаа байвал цахилгаан станцууд алдагдалд орж хэвийн үйл ажиллагаа нь зогсоход хүрнэ. Бүр байдал эвгүйрээд ард иргэд гурил, будаа, хүнсний ногоогоо авч чадахгүйд хүрвэл гурилын үйлдвэрүүд, хүнсний чиглэлийн компаниуд дампуурахад хүрнэ. Хамгийн гол нь иргэд татвараа төлж чадахгүй нөхцөл үүсвэл эмч, багш, цэрэг, цагдаа, шүүх, онцгой гээд төрийн алба доголдох аюул нүүрлэнэ. Иргэн мөнгөгүй болбол улс орон сүйрлээ л гэсэн үг. Иргэн баян бол улс баян гэж хэлээд байдаг нь ийм учиртай. Улс орны хувь заяа эдийн засгийн ийм л гинжин холбоон дээр тогтдог. Тэгвэл энэ хүнд нөхцөлд Монголын төр засаг ард иргэддээ, эдийн засгийн цусны эргэлтийн амин судас болсон аж ахуйн нэгжүүддээ хандаж ямар шийдвэр гаргав. Улс орноо аврахын тулд ямар бодлого барьж, ямар гээчийн мэргэн санаа уралдуулж байна вэ. Яг ийм нөхцөлд бүх зүйл гагцхүү төр засгийн оновчтой бодлого шийдвэрээс л шалтгаалах нь дамжиггүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр долоон шийдвэрийг Засгийн газраас гаргаснаа олон нийтэд мэдээлсэн. Үүнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж буйгаа мэдэгдсэн. Мөн иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авахгүй, үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно гэсэн. Малчдаас ноолуур авахад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно, зээлийг Засгийн газар хариуцна гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдын эдгээр шийдвэрүүд ард иргэдийн амьдрал, албан байгууллагуудын үйл ажиллагаанд бодитойгоор нөлөөлөх нь огтоос тодорхойгүй байгаа. “Төр засгийн шийдвэрүүд компаниудын асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй, Засгийн газрын шийдвэрийг бүхэлд нь анзаарахаар ажлын байрыг хадгалах, борлуулалтын орлогыг нэмэх чиглэлд ахиц дэмжлэг болохоор зүйл алга. Өнгөц сонсоход таатай мэт боловч ачир дээрээ тийм биш. 200 мянган төгрөгийн дэмжлэг авах гэж ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг компаниудын хувьд утгагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр нөхцөл заачихсан, тэр шалгуурыг нь давах компани одоогоор Монголд байхгүй” гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн.

Засгийн газрын шийдвэр гараад хагас сар болчихлоо. Хагас сарын цалин буух хугацаа хэдийнэ өнгөрлөө. Гэвч иргэдийн гар дээр хүний урманд сохор зоос ч нэмэгдэж ирсэнгүй. Ерөнхий сайдын сүржин мэдэгдлийн дараа танхимынх нь сайдууд ээлж дараалан худлаа мэдэгдлүүд хийх болсон. Хамгийн бодит жишээ гэхэд Улаан сайд малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж хууран мэхэлсэн. Өнөөдөр ноолуурын үнэ 50 мянга ч хүрэхгүй байж байх жишээний. Нийгмийн даатгалын шимтгэл дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хоёр бараг зэрэгцэж зогсоод л тэнгэр газар шиг хоёр өөр юм яриад байж байна. Чинзориг “Орлого нь буурсан, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр хуульчилсан. Энэхүү хөнгөлөлтөд 45 мянган аж ахуйн нэгж байгууллагууд 700 мянган даатгуулагч хамрагдана. Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсдын 700 мянга нь ийнхүү хуулийн хөнгөлөлтөд хамрагдаж байна” гэж мэдэгдсэн бол Хүрэлбаатар “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татвараа төлж буй 108.8 мянган аж ахуйн нэгж байна. Үүнээс 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Харин 0.01 хувь нь алтны компаниуд байгаа. Тэднээс бусад нь бүгд нийгмийн даатгал төлөхгүй” гэсэн юм. Ингэж Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд дур дурын юм ярьж байна. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг ард түмэн тааварлахын арга алга.

Энэхүү хүнд нөхцөлд дур дурын юм ярьж ард иргэдийнхээ толгойг эргүүлэхийн оронд зангидсан нэг бодлоготой, гаргасан шийдвэр нь дээр доороо ард түмэнд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө өгдөг тийм байх хэрэгтэй. Одоо тэгж хуучин шиг зүгээр оноо цуглуулах гэж популизм хийж аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаг цаг биш. Ард түмэнд гагцхүү үнэн үг хэрэгтэй байна. Чадахгүй гэвэл түүнийгээ эртхэн шиг шулуун шударгаар эрс зоримог хэлэх хэрэгтэй. Сайн хүн болох гэж налиганаад тусыг эс үзүүлэх нь ямар хорлонтой байдгийг бид мэднэ. “Бухын доодохыг харсаар үнэг турж үхнэ” гэгчээр засгийн шийдийг харсаар аж ахуйн нэгжүүд “турж” үхлээ. Тэгэхээр засаг шийдвэрээ аж ахуйн нэгжүүдээ аврах хэмжээнд бодитойгоор, цаашид биежээд явчихаар амьтай гаргах нь эцсийн гол найдвар боллоо. Эдийн засгийн цусны эргэлт болсон аж ахуйн нэгжүүд ядарч туйлдаад эхэлбэл улс орон тэр чигтээ сөхөрч унах аюултай. Зүгээр тодорхой шууд шулуун ямар хүмүүст, аж ахуйн нэгжид тэр хөнгөлөлт нь очих гэж байгаагаа хэлчихдэг ч болоосой, энэ Засгийн газар.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе яруу-найраг

Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг

Монголын суут их хүмүүн Лодонгийн Түдэв бурхны оронд одоод удаагүй байна. Эл өдрүүдэд олон түмэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Түдэвийнхээ тухай дурсаж, эрдэнэсийн арвин сан мэт бүтээл зохиолыг нь ярьж байна. “Түдэв гуай Нобель авахгүй байх л даа. Уул нь авах ёстой хүн нь гарцаагүй мөн. Цагаасаа хамаагүй эрт түрүүлчихсэн хүн юм. Гэвч энэ цаг үе Түдэвийгээ хайрласангүй” гэж утгын их мэргэд, зохиолч найрагчид хэлдэг. Саяхан Цоодол багш минь утсаар холбогдлоо. Бид хоёрын яриа гарцаа байхгүй Түдэв гуайн өрөөнд төрсөн шүлэг дээр нь буулаа. Ерэн найман оны наадмын маргааш агуу их Түдэвийнхээ Хөдөлмөрийн баатрыг угаах санаатай Цоодол, Бадарч, Төрбат гурав Тү жанжныхаа уйтан харанхуй өрөө(“Үнэн” сонины)-нд нь ганц юм ганзагалаад очсон гэдэг. Тэгээд л энэ шүлэг төрсөн байдаг.

Түдэв гуай ч тэр жил нь хариу шүлэг бичиж хэлэх үгээ хэлсэн. Яг энэ цаг мөчид эл хоёр шүлгийг дахин дахин уншихуйяа, мөн ч их зүйлийг бодогдуулж байх юм. Бурхдын хөөрөлдөөн гэдэг нь энэ биз, бурхан яруу найрагчаар үгээ хэлүүлдэг гэдэг нь энэ биз гэж бодож сууна. “Төр засаг гэж байдаг юм бол Түдэвийгээ аль болохоор наслуулах, оюуных нь нөөцийг авч үлдэх, монгол хүний оюун юу бүтээж, юуг мэдэж болдгийг уул нь гайхуулмаар байна. Гэвч тэгж өгөхгүй юм даа” гэж багш минь Бүрэнгийнхээ тэнгэр дор өнгөрөгч намар гунигтайхан өгүүлж билээ. Ингээд их утга зохиолын хоёр их бурхдын нэг нэгэндээ хандсан шүлгийг хүргэе.

ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ӨРӨӨНД
ТӨРСӨН ШҮЛЭГ

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна

Говь-Алтай, Нарангийн сургуулийн модон цүнхтэй жаал

Гоц мэргэн, Янжинлхам бурхны хайртай боол

Нармай их өвгөдийн хол харвасан сүнс мэт

Нар, олноос далд энд юунд бүгнэ?

Есөн өрлөг цэцэлсэн энэ ногоон газар дээр

Ертөнц багтсан ухаантан хэд билээ

Ергөж, тогтож ергөсөн төрийн хэргийг түшихэд

Ерөөл билгээр дутахгүй түшмэл хэд билээ

Уолт Уитмен, Оросын Толстой, Гарсиа Лоркаг

Унаган хэлээр нь тунгааж урамтай туурвих хэн билээ

Эд мөнгөнд архинаас дор донтсон эх орноо

Рипений суут “барлагууд” шиг намгаас чангаах иргэн хэд билээ

Уйтан харанхуй намхан өнөө л жаалхан өрөөндөө

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дундаа

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан мэт Лодонгийн Түдэв сууна

Цаст Алтайн сугад үнэнхүү багш явж

Цагаан, шар, хартай ертөнцөөр ном хаяж

Цагаачийгаа хайрлах мэт гэмгүй бүгдийг энэрч

Цаг цагийн буулган дор мэргэн шударгуу байж

Аймшигт харанхуйн дундах зул байтал

Азаар бидэнд заяасан нь зол байтал

Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан

Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан

Цэвдэг эх орон нь дахиад л түүгээр гараа угаав

Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхгуудын санаанд бол яасан их мэддэг Лүдэв

Эзэн төрийн ширээнд залъя гэж нэг нь эндээс босов

Эрээгүй нүдээр хялайж тэндээс нөгөө нь босов

Дэвж явсан шувууг унагаж байж амрах шиг

Дэргэж явсан хүлгийнхээ толгой руу тонших шиг

Дэгс үгээр түүнийг чулуу шиг нүүлгэв

Тэрсүү нүглийг нь уудлахаас сүрдэж нэг нь айв

Тэнэгийг минь мэдчихнэ гэж бэргэж нөгөө нь айв

Түдэвгүй амар, дэргэд нь жижигдэхгүй амар гэж айв

Түшээ нараа голуулж бажгадахгүй амар гэж айв

Алс дүүжүү замд гэрэлгүй машинаар гарах шиг

Аяа, одоогийн ноёд Түдэвийгээ гээв

Аялгуут найрын гэрээс хуураа хаячихаад мордох шиг

Алмай мунхгийн сүрэг Түдэвийгээ гээв

Амыг нь анаад чагнахад суваг нь олон кабель

Авъя өгье шагнал нь сураг төдий Нобел

Арван ухаанд гийсэн монгол бидний Ломоносов

Алтай ханы нуган Лодон овогт Түдэв ээ

Сайн хүнээс битгий ай, Түдэвээс битгий ай

Салхи давчдам өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Саргүй шөнө мэт бүрэнхий өөрснөөсөө л ай

Сайрхуу дээдэст үү, сажилж яваа олонд уу, хэндээ би хэлдэг билээ

Оюунтай хүний үрийг шүтэхээсээ битгий ай

Олхиогүй тэнэгүүдэд сөгдсөөр ертөнцийн доог болохоосоо л ай

Оготны нүх шиг өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Од төөрөм харанхуй, одоо би хэндээ хэлдэг билээ?

Дөнгөтийн Цоодол

1998.07.13

ДӨНГӨТИЙН ЦООДОЛЫН ШҮЛГЭЭС ТӨРСӨН ШҮЛЭГ

Меньшиковын сууж байсан Шивэртийн байшинг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа биз

Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг

Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ

Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй

Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг

Тасалгааны давчууд ах чинь ердөө гуньдаггүй

Танилуудынхаа сэтгэлийн давчуугаас ах чинь бэргэдэг

Уйтан харанхуй тасалгаанд ном байгаа цагт

Уйдах гэрэлгүйдэх зовлон ахад чинь байдаггүй

Ноёны суудалд залрахыг санаархсан нүглээ

Номын ширээнд суухын буянаар цайруулнам би

Тушаалтнууд надаас айдаг гэдэг нь юу л бол

Тушаа болсон дөнгө нь минийх биш юм чинь

Ноёд надаас хөндийрсөн ч уншигч надад ойрхон

Номой бичгийн хүнд отго жинс юуны тус

Зуугийн дөч нь над талтайг мэдсэн хойно

Зуун насыг тэднээс хүртсэнтэй юуны ялгал

Сайдын үгийг анзаардаггүй майга нэгэн монгол

Саваагүй үгтэй номыг минь уншдагт өегшинө

Гаргаж байгаа сонинг минь харин үзэх

Ганц уншигч байхгүй болчихвол гаслан

Бичиж гаргасан номын минь хуудсан дээгүүр

Бэлчээрлэх мэлмий нэгээхэн ч үгүй болчихвол

Уйтан нэгэн тасалгааны харанхуй байтугай

Улс орон бүхэлдээ түнэр харанхуй санагдму

Меньшиковын сууж агсан Шивэртийн тагзыг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа бол

Өрөө тасалгааны хэргийн учрыг эрэх хэрэггүй

Өргөө гэрээс л хамаг юмны царай илхэн биш үү

Хэндээ тэр тухай хэлэхийг олж ядах хэрэггүй

Хэлэх хүндээ дүү минь чи хэлчихлээ

Лодонгийн Түдэв

1998.12.12

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тунгалаг Тамир” роман дахь Долгорын дүр

“Тунгалаг Тамир” гэхээр хүмүүс ихэвчлэн киног нь яриад байдаг. Ухаандаа, Долгорыг хаа эртээ үхүүлчихдэг. Гэвч яг зохиол дээрээ Долгор үхдэггүй, эцсийн мөч хүртэл хайрынхаа төлөө тэмцэж, хамгийн сүүлд Эрдэнийнхээ өмнөөс амиа өгдөг. Ингээд Ч.Лодойдамба гуайн хоёр дэвтэр роман дахь Долгорын дүрийг эргэн сөхье. “Хатуу амьдрал ч дарж чадаагүй үзэсгэлэн гоо, Долгорын өнгө жавхлан Итгэлтийн тачаангуй сэтгэлийг маажиж түүнийг харах бүхэндээ өөрийн эрхгүй инээмсэглэн явдаг ба ажлаар Заяын хүрээ ороод ирэхдээ Долгор, Дулмаа эхнэр Должин нартаа гарын бэлэг авчирч өгсний хамгийн чансаатай нь Долгорынх байв. Эхнэр нь “Чи ч Долгорт хөл алдаж байх шив дээ. Би ч яахав, дарлагдаж сурсан хүн. Харин Дулмаа чинь хардаж сүйд болох байх” гэхэд “Чамд падгүй” гэж Итгэлт хүйтэн бөгөөд тоомжиргүй хэлнэ. Хариуд нь эхнэр нь “Чам шиг зарц нартайгаа эхнэрийг нь хуваадаг шившигтэй амьтан байхгүй даг шүү. Эрдэнэ бол Галсан чинь биш” гэхүйд “Гичий минь дуугай байх, төрхөмд чинь залж орхино шүү”. Эндээс Итгэлтийн Долгорыг хүсч тачаадсан ад зэдлэн ил болно.

Долгорыг үс гэзэг нь сэгсийн хийсэж, хөл нь салдар балдир, галзуу буюу согтуу аль нэгний тэмдэг мэт яваад Тамирын голын мөсөн доогуур цүлхийн ороод алга болохыг урд Тамирын хөвөөнд бургас түүж явсан Дэжид авгай харсан байдаг. Уур савссан харз руу ороод гар нь хоёр дахин гялалзан мөсөн доогуур далд ороход “Хорвоо, чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэх гаслангийн дуу хангинасан юмсан. Энэ агшнаа Дэжид дуу алдан хашгирч эмэгтэйн орсон харзаас арваад алхам байгаа хөлийн цоорхойд гүйн очтол ухаангүй болсон Долгор хайргадан урсаж ирэхэд нь хормойноос нь барьж авчээ. Ийнхүү урд Тамираар нутагладаг Жамсран бэйсийнхний хошууны Баяр гэдэг сайхан сэтгэлт өвгөнийд Долгор толгой хоргодоод зогсохгүй Баяр, Дэжид хоёрт төрсөн үр шиг нь хайрлагдах болсон юм. Долгор Эрдэнийн тухай бодохдоо өөрийгөө зөвтгөж, Бат хүүгээ элэг эмтрэн санахдаа өөрийгөө буруутгана. “Би сахил авч чавганц болох юмсан” гэж нэгэнтээ хэлэхэд, “Хүү минь болохгүй, эм хүн бузар арилаагүй байхад сахил хүртэж болдоггүй юм гэнэ лээ” гэж Дэжид ээж нь хэлнэ. Удаа ч үгүй түүнийг Содном гэгч хүн ханилъя гэж гуйдаг. “Би чинь Эрдэнийн ёсолж авсан эхнэр” гэж Долгор хатуу бодоод зөвшөөрдөггүй. Энэ зуурт Итгэлт тэднийд ирнэ. Долгорын нүд хорслоор дүүрч гөлөрснөө амьтан руу гэтэж байгаа шилүүс шиг биеэ хураан хөлөө алгуурхан зөөж явсаар Итгэлтэд тулж ирээд “Миний зовлонд чи бас цадаагүй юу” гэж хэлнэ. Дараа нь Эрдэнэ Долгорын амьд байгааг Итгэлтээс сонсоод ирнэ. Долгор шир зүсэж байсан хутгаа шидээд хяхарсан дуугаар “Эрдэнэ минь, хэлээгүй юу” гэж хашгираад гүйснээ зогтусан зогсоход Эрдэнэ мориноосоо үсрэн буугаад өмнөөс нь том том алхална. Долгорын нүднээс нулимс асгаран гэдрэгээ өөрийн мэдэлгүй унаж, өмнөөс ирж яваа хүн яахын аргагүй Эрдэнэ мөн боловч бишүүрхэх эвгүйцэх сэтгэл бадарна. “Долгор минь, чамайгаа хүний газар өнчин ишиг шиг орхиж хатуу сэтгэл гаргасан миний буруу. Намайг бодохгүй юм гэхэд чи хүүгээ бод. Өнгөрснийг мартаж, ирээдүйгээ бодож амьдаръя” гэж Эрдэнэ хэлдэг. Харин Долгорын сэтгэлд “Бузар янхан” гэж үсэртэл нь алгадаад эргэж ч харалгүй давхин алга болж байгаа нь бодогдон зовлонд унагаад хяслантай байснаар удаа ч үгүй Долгор Содномтой суудаг.

Номын хоёрдугаар дэвтрийн төгсгөл хэсэгт Содномынд Түгжил тэргүүтэй хэдэн хүн ирж тарган мах чануулж, морин шилтэй арз ууна. Архинд ам нь халсан тэд “Ардын засгийн цаг нь гүйцсэн гэж Ванчин богд лүндэн буулгасан. Бид өнөө шөнө хамба багшийн зарлигаар улааныхны сумын дарга Дорж, хамтралын нягтлан бодох Эрдэнэ бас бус хэдэн хүний бодийг хөтөлнө” гэдгээ хэлнэ. Энэ яриаг сонссон Долгор Эрдэнэд хэл хүргэхээр уяан дээрх морьдоос хамгийн дөмгийг нь унаад давхина. Замын голд Түгжилд араасаа хэд хэд буудуулсан Долгор цусаа савируулан сумын төвд, Эрдэнийн гэрийн гадаа ирээд сум зад татан гарсан хөхөө гарын алгаар арайхийн дарж “Эрдэнэ минь чамайг өнөө шөнө ирж алах нь” гэж хэлээд амьсгал хураадаг.“Би чамайг ирнэ гэдэгт итгэн үргэлжид хүлээж байсан” хэмээн Эрдэнэ хэлээд өргөн магнай дээр нь үнсэхэд Долгорын хацрын туяан дээгүүр Эрдэнийн нулимс сувдран асгарч байлаа.