Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавраар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хоромхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.
Баян айлд төрөх үү? Ядуу хүний үр хөвүүн болох уу гэдгийг бид сонгодоггүй. Буддагийн хэлээр бол урьд өмнөх төрлүүддээ өмч баялагт хийгээд өмчтэй, өмчгүй хүмүүст хэрхэн хандаж байсан чиг хандлагаас энэ бүхэн хамаардаг гэдэг.
Харин үүнээс цаашхи хувь тавилан эхэндээ бага багаар, улмаар бүтнээрээ өөрөөс хамаарч эхэлдэг. Хүн хүүхэд насандаа эрдэм боловсролын замаар нэг сонголт хийдэг, энэ сонголтыг хэр зэрэг хийж чадсанаас тэрээр удирдагч, гүйцэтгэгчийн алины замаар явах нь шийдэгддэг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээр ажил хийлгэж бүтээн байгуулан аж төрөх үү. Эсвэл зохион байгуулагчид ажил хийж өгч хөлс авч амь зуух уу гэдгээ хүүхэд ба орь залуу насныхаа залгаас дээрээс сонгож байна.
Эрт урьдын, хувьсгалуудаас өмнөх хүнд хэцүү цагт эзэн боол, дарга цэргийн ялгаа үлэмж их тул гүйцэтгэгч талын тавилантай хүмүүс үлэмжийн зовлон зүдүүртэй амьдарч байжээ.
Харин ардын ба ардчилсан хувьсгалууд удаа дараа ялж, хүний эрх эрх чөлөө дээдлэгдэж, үйлдвэрчний эвлэл буй болсны ачаар сайн гүйцэтгэгчид гэдэг ховор сайн мэргэжилтэнд тооцогдож, шалихгүй зарим удирдагч, муухан мэнэжэрүүдтэй харьцуулахад тохой илүү, толгой дээгүүр амьдрах болжээ. Хамгийн гол нь өөрт таарах сонголтоо л зөв хийх нь чухал. Өөрөөр хэлбэл “чи эрэг боолт зурахдаа сайн уу, зорохдоо сайн уу” гэдгээ л мэдрэх явдал. Бурхан багш ч гэсэн аз жаргалд хүрэх нэгэн алхам бол хүн өөрийгөө зөв таних явдал хэмээн сургажээ.
Дараа нь гэрлэлт хэмээх сонголт. Ямархуу өрх айлын гишүүн байж, хэрхэн үр удмаа үлдээх вэ, чиний үр удмын хүүхэд нас ирээдүйгээ сонгох боломжоор ямархуу хангагдах вэ гэсэн асуултын хариу эндээс эхэлнэ. Сайн хань ижил хүний сул дорой талыг нөхөн, дээшлүүлээд явчихна. Муухан хань ижил таарвал сайн сайхан юмыг чинь баллаад хамтдаа уначих жишээний.
Ингээд өтлөх, төрөл арилжих хэсэг рүү очно. Энэ нь сонголт гэхээсээ илүү төрснөөсөө хойш хийсэн бүхий л сонголтуудын үр дүнгээс энэ төрөлдөө үзэж амсах зүйлсийн төгсгөл байна. Хүүхдүүдээ сайн өсгөж, зөв хүмүүжүүлж, бэр хүргэдээ зөвөөр энэрч чадсан бол тэдний асрал хайр доор жаргалтай өтөлнө. Бас энэ төрөлд олдсон бие цогцсыг зөв эдэлж явсан бол өвчин зовлонгүй насыг барна.гм.
Амьдралын сонголтууд олон арванаар хүлээлгэж, зовоож байж ирэх мөртлөө хүрд эргүүлэх ганцхан боломжтойгоороо хяслантай. Ганц боломж дээрээ хүрдээ буруу эргүүлсэн бол гүйцээ. Хохь минь гэхээс өөр замгүй.
Сая сая хүний хувь заяаны нийлбэр болсон улс үндэстэн ч гэсэн өөрийн тавилан, сонголт, сонголтынхоо үйлийн үрийг эдэлнэ. Сонголт хийх боломж нь хүний амьдралын нэгэн нас буюу жаранд хоёр гуравхан таарах бол улс үндэстнийх хоёр гурван зуун жилд нэг тохиодог бололтой.
Хүннү гүрнээс хойш тархай бутархай олон мянган жилийг үдсэн монголчууд нэгэн сонголт хийж Чингэс хааныхаа тугийн дор Монголын эзэнт гүрнээ байгуулжээ. Харамсалтай нь түүний үр хөвүүд тус бүртээ нэг нэг Чингэс хаан байж, тус бүрдээ нэг нэг Монголын их гүрнийг захирах хүслийнх нь үйлийн үрээр Их Монгол Улс таржээ. Тэд сонголтоо хийж тусдаа хаан болсон ч гэсэн хэн нь ч Чингэс болсонгүй. Тэдэнд тус тусын улс байсан ч гэсэн нэг нь ч Их Монгол гүрэн болсонгүй. Хүсэл биелэх тусмаа хясдаг гэж.
Яван явсаар Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Хоорондоо алалдаж байсан монголчуудын ялагдсан нь Манж хаанд “Ах, амь аварчих аа” гэж очсон хэрэг. Үр дүнд нь Монголын хагас Манжийн хэсэг. Дараа нь аварсан хэсгийнхээ дайсныг дарж өгөв. Үр дүнд нь монгол бүтнээрээ тэднийх. Сонголтуудын дүнд л ингэж байгаа хэрэг.
Монголчууд хоёр зуу гаруй жил амандаа шогшров. “Яах гэж хоорондоо муудав аа. Халх ч бай, Ойрад ч адилхан л Эзэн Чингэсийн хөвүүд, Их гүрний тасархай. Эвтэй байсан бол Манжийг өөрийг нь захирч явахгүй юу? Цъ цъ…!!!”
Монголчууд ХХ зууны эхээр ба сүүлээр далаадхан жилийн зайтай хоёр сонголт хийх боломж олдлоо. Өмнөх түүхээсээ хаширсан монголчуудын эв гавгүй зангаасаа илүү хувь заяа нь мишээж, эхнийхээс ёс төдий боловч тусгаар тогтнол, дараагийнхаас нь жинхэнэ тусгаар байдал эрх чөлөөгөө олов. Хоёр сонголтын үйлийн үр л дээ.
Монголчууд тун удалгүй дахин нэг сонголтын өмнө ирсэн нь уул уурхай. Сонголт өөрөө боломж нээдэг гэдэг утгаар нь ч харсан, хязгааргүй их өгөөжийг нь бодсон ч бурханаас заяаж буй боломж, тэнгэрийн сонголт. Энэ сонголтыг зөв хийвэл ирээдүйн олон зуунд монголчуудын амны хишиг, амь зуулга үнэхээр дэлгэрнэ. Мянга мянган монгол хүүхдүүдийг бүгдийг нь тэжээх мөнгө уул уурхайд байгаа тухай монгол хүүхдүүдийн эцэг Мянганбаяр гуай үнэхээр зөв хэлсэн байдаг шүү.Сонин дээрээс хараарай.
Хэрвээ бид өнөөдөр уул уурхай дээр Чингэс хааны эрхийн тэнэг ач гуч шиг “би эзэгнэнэ” “би л авна” гээд давхичивал Манжид дагаар орохын өмнөх өдрүүд шиг юм болно.
Энд нэг зүйл тодорхой байгаа нь бурхны хишгийг чаддаг мэддэг аавын хүүтэй хамжиж байж л энэ баялгийг хүртэх юм байна. Уул уурхайн туршлагатай, гаргаад ирэх хөрөнгөтэй, босгоод тавих нэр нөлөөтэй, арга технологитой, манай орны тусгаар тогтнол ба стратегийг сонирхолд нийцсэн түнш олно л гэсэн үг. Энд бас хоёр дахь зүйл тодорхой байгаа нь энэ орд газруудыг ашиглаад хөл дээр нь дангаараа босгоод ирэхэд Монгол Улсын эдийн засаг санхүүгийг хүч чадал, туршлага, тоног төхөөрөмж, менежмэнт хүрэхгүй гэдэг гашуун үнэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Монголын топ 100” компани нийлээд ч, толгой цохидог 999 нийлээд ч, ерөөсөө хоёр сая 700 мянгаараа нийлээд ч хүчрэхгүй л гэсэн үг. Топ-100, толгой 999-ийг таныг бас мань мэтээ бүгдий нь нэмээд нэмээд Монгол Улс гэж нэрлээд хэмжиж үзчихээд “манай улсын хүчин чадал хараахан хүрэхгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гадагшаагаа л сайн хүн олж нийлэхгүй бол дотогшоо хэдүүлээ нийлж, өөрсөндөө ямар ч гоё нэр өгч, яаж ч өхөөрдсөн дүндээ дүн гэсэн үг.
Үлгэрлэвээс арван хүүхэд, мянган хоньтой атлаа ачлагагүй айл байлаа гэж бодоход нүүх суухдаа айлаас тэмээ гуйхад хүрнэ. “Найман тэмээгээ өгчих, өгсөх уруудахдаа ачаална, намар идэшний хонь аваарай” гэх мэтээр тохироход хүрнэ. Айлын тэмээ гуйхгүй гэвэл нүүхгүй, нүүхгүй бол нэг бол өвөлжөөндөө зусаж малаа харангадуулна, эсвэл зусландаа өвөлжиж зуданд нэрвүүлэн мянган хонь ч үгүй болно. Тэмээ хөлсөлбөл нэг хонио тэмээний ацганд өгөөд 999 хоньтойгоо үлдэнэ. Ийм байтал айлын хүүхдүүд нь дөрвөөрөө, таваараа бүлэглээд өөрсдийгөө “тэмээ орлох хөвүүд”, “ганц хонийг ч гамнах багачууд” гэхчлэнгээр цоллоод “Бид айлын тэмээгүйгээр гэрээ нүүлгэнэ. Нэг хонио тэгж хүний идэш болгохгүй” гэж давхивал юунд хүрэх вэ? Үнэхээр нүүе гэж байгаа бол нэрээсээ үл хамаараад “тэмээ үл хэрэгсэгч”, “айлаас эс гуйгч” нэртэй байгаад ч нэмэргүй айлын тэмээ гуйж таарна.
Миний нэг найз байдаг юм. Цахилгаан хэрэгслээ мэргэжилтнээр засуулах дургүй, ямар нэг гацаа гарах тоолонд өөрөө эхлээд задална. Мэргэжлийн хүнд оч гэхээр “аа засварчингууд гэмтэй, оригналь юмыг сольдог гэсэн. Ер нь чамд хамаагүй, тэгж ярих юм бол эзэн нь юмаа мэднэ” гэдэг зантай. Түүний долдугаар анги төгссөн мөртлөө “эзэн нь юмаа мэддэг” зарчмын хүчээр тэр айлын олон сайхан радио, зурагт, индүү засварын газарт үзүүлээд л засарчих шалихгүй гэмтэлтэй боловч “арзээтэг рүү хадаас хатгавал тог цохидог” гэснээр электроникийн салбарын мэдлэг нь дуусдаг эзнийхээ гарт үрэгдэж билээ. Тэрээр “болдоггүй юм” гэж хүмүүс хорьсоор байхад арзаатэгний нүх рүү хадаас хатгаад тогонд нам цохиулан үхэнгээ алдаж байж дээрх мэдлэгийг олж авсансан.
Тэгэхээр юмаа бүрмөсөн эвдэхгүйн тулд “засварчин зарим юмыг нь сольж мэднэ” гэсэн хардалтаа дарахаас өөр замгүй, “эзэн нь юмаа мэдэх” зарчмаасаа ухарч байж бага хохирол амсахаас ондоо мэхгүй болчихоод байгаа юм. Харин сайн засварчин олох уу, хулхи нөхөр дээр очих уу гэдэг нь чиний сонголт хийх чадвараас хамаарна.
Амьдралын үнэн гашуун боловч санал нийлэхээс өөр арга байхгүй. Ухаандаа бид Монголын эзэнт гүрний гал голомт, дэлхийн талыг морин дэл дээрээс захирсан эзэн Чингэс хааны удам мөн нь мөн боловч өнөөгийн Хятадтай байлдвал яагаад ч дийлэхгүй гэдэг үнэнтэй санал нийлэхээс өөр замгүй.
Оросууд монгол хүнд дээрэнгүй хандах нь нэт боловч умард хөрштэйгөө эв гаваа яаж ийгээд олж байхаас гарцгүй гэдэг үнэнд мэхийхээс ондоо сонголтгүй.
Гэхдээ үнэн цаг ямагт өөртэйгөө санал нийлэгчдийн талд үйлчилж ирсэн сайн талтай. Бид чухам тэр чанарыг нь мэддэгийн хүчинд оршин тогтносоор ирсэн түүхтэй.
Бид өнөөдөр Оюу толгойн араас шилээ даран ирж байгаа Таван толгой болон зэрэг зэрэг маргаашаа хүлээн буй баялаг ордууд дээрээ ухаалаг, улс үндэстний өнөөдөр ба маргаашийг бодитой үнэлсэн сонголт хийх цаг ирээд байгаа юм. Эндээс Монгол Улс “хандивлагч гүрэн” болох уу, “хандивлуулагч орон” хэвээрээ үлдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.
Дараа дараагийн зуу зууны туршид “тэр үед л нэг тэгчихгүй яав даа, цъ цъ!!!” хэмээн гаслахгүйн тулд….сонгох цаг.
2010.06.09