Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хээрийн хууль (II)


Түрүүч нь 186(6552), 192(6558) дугаарт

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ТАВ. БОЛНО, ГЭХДЭЭ БОЛОХГҮЙ

Хошин урлагийн “Х түц” хамтлагийнхны нэг хөөрхөн шог байдаг юм. Төрийн байгууллагаар дамжин жижигхээн юм хөөцөлдөж буй өвгөн (жүжигчин Аглуу) гарна. Төрийн албан хаагч хүүхэн (жүжигчин Бархүү эмэгтэй дүрд тоглодог) уулзах тоолонд нь шинэ шинэ шалтгаан зааж буцаана. Үүнийг мэдсэн хашир өвгөн шаардаж магадгүй олон юмыг нь давхар бэлдээд ирэх боловч ажилтан заавал нэг юм олно доо. Төр иргэн хоёрын хооронд дараахь яриа өрнөнө.

-Та энэ төрсний гэрчилгээндээ баталгаа аваад ир!

-Аваад ирсээн. Миний төрсөн сумын захиргааны бичиг энэ байна аа.

-Наадах чинь хүчингүй ээ. Сумын иргэд нь таныг тэнд төрснийг батлах ёстой.

-Батлуулаад ирсээн. Манай сумын бүх хүний гарын үсэг энэ байна аа.

-Бас л биш байна. Таныг төрөх үед байсан бүх хүний гарын үсэг хэрэгтэй.

-Тэдний ихэнх нь нас барсан шүү дээ, яах вэ?

-Тэднийгээ “Нас барсан” гэсэн бичиг аваад ирэхэд тийм хэцүү байна уу?

Энэ мэтээр албан хаагчийн шинээр шаардах баримт бичиг, боох, саатуулах санаа дуусна гэж үгүй.

Хошин шог бол бодит амьдралын толин тусгал учраас хүмүүс инээдэг. Огт байхгүй зүйлийг шоолох аргагүй. Дээр шоглолын ажилтан (Бархүү) бол өөрийгөө “би бол хууль” гэдгийг харуулж, тэндээсээ нүүдэлчний таашаал авч буй хэв шинжит дүр. Хуулийн дээгүүр гарч, доогуур шургахаас гадна, өөрийгөө хуулин дээр нэмж өөрийгөө илэрхийлэх хэлбэр. Хүнд суртал хэмээх сонгодог ойлголтоос өөр юм ярьж байна шүү.

Үнэхээр, манай дунд шатанд ажилладаг, ялангуяа зөвшөөрөл олгох, шалгах эрх бүхий ажилтнуудын иймэрхүү“боолт” нийгмийг маш их бачимдуулдаг. Үүнийг, авлига нэхэж буй хэлбэр гэж үздэг нь үнэний хувьтай ч өөр шалтгаан нь өөр. Авлигаас илүүтэйгээ өгч байгаа таашаал нь нүүдэлчний өөрийгөө илэрхийлэх, престижээ харуулах явдал. Хууль тогтоогчид “Хууль ямар хамаатай юм бэ” гээд дээгүүр нь алхаж өөрийгөө бататгадаг бол дунд шатны албан хаагчид “Би бол хууль дээр нэмэгдсэн дүрэм” гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг. Тэрнээс биш цөмөөрөө л авлига нэхээд, гар хараад байгаа юм биш.

Монгол төрийн зарим албан хаагчийн хувьд иргэний хэргийг шууд шийдээд өгөх нь нэг гомдолтой, албан тушаалаа ч хүндлээгүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Иргэнийг ч нэг удаа буцаахгүйгээр, нэг ч юм нэмж шаардахгүйгээр хэргийг нь бүтээгээд явуулбал төрийн албыг хэтэрхий хөнгөнд оруулж байгаа мэт гоморхолтой. Төр бол хүнд суртал мөн, төрийг ч хүнд суртлаар дамжуулан илэрхийлдэг ч үнэн. Гэхдээ төр дээр албан хаагчийн өөрийн илэрхийлэл,оршин буйн баталгааг нэмэхээр хэцүү болоод байгаа юм. Энэ бүхэнтэй тулж бачимдсан иргэн гүйж гараад, урсгал сөрөн улаан гэрлээр сэм гарч “өөрийгөө бататгаад” дотор цэлмэн цааш одно.

ЗУРГАА. БОЛОХГҮЙ, ГЭХДЭЭ БОЛНО

1983 оны намар оюутны амралт дуусгаад хот руу буцах гэтэл онгоцны билет олддоггүй долоо хонолоо. Сургуульдаа буцаж буй олон зуун оюутан дээр ажил хэргээр Улаанбаатар орох хүмүүс нэмэгдээд тэр. Хуваарь ёсоор 50 хүний суудалтай Ан-24 онгоц өдөр бүр нисэх боловч нэмэгдэл рейс гарвал газар дээр нь билет бичээд суулгана гэх тул бүгд онгоцны буудал дээр өнжинө.

Аа тийм, иргэдийн орон нутгаас гарах зөвшөөрөл, албан томилолтыг шалгаж байж тийз бичнэ.

Харин оюутнууд бол “Оюутны үнэмлэх” нь түүнийг орлох боловч хүн бүр нэг шуудайгаас доошгүй өвс түүж тушаасан бичиг заавал авчрах ёстой болов. Аймгийн захиргааны шийдвэр гэнэ. Бүх хүн, нэгдлийн мал сүргийг өсгөхөд хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмэр оруулж байгаагаа өвс зулгаан нотлох үүрэгтэй.

Манай голынхон л гэхэд Завхан голын Цагаан булан, тэр хавийн жижигхэн арал, Уртын хавцал гэсэн хоёр гуравхан газраас л хадлан авдаг. Өөр хадаад авчихаар өвс ургасан газар үгүй тул энд тэнд ургасан уртхан өвсийг зулгаан шуудайлна. Ийм учраас “өвс түүх”, “өвс зулгаах” гэж их ярина.

Өвс зулгаах ч яахав, гол нь онгоц буудлаас тийм шийдвэр гарахыг мэдээгүй учраас бичиг бэлдсэнгүй. Ер нь, амарч яваа оюутнууд нэг их өвс зулгаадаг ч юм биш. Сумын нарийн бичгийн дарга, эсвэл бригадын дарга дээр очоод нэг тийм бичиг хэрэгтэй байна гэхэд,

-Уг нь бол хууль номд харш шүү. Гэхдээ яахав, чамайг бодоод хийгээд өгье л гэнэ. Ном сайн сураад, эх орондоо ихийг бүтээн, энэ мэт бичгээ харамлаагүй нам төрийн ачийг хариулаарай хэмээн захих нь ч бий.

Залуучуудын эвлэл, Улаан загалмайн хорооны бичиг байсан ч болно. Учир нь бүгдээрээ хадлан бэлдэхэд оролцох үүрэгтэй, хэн нэгэн түүсэн өвсөө тэдний шугамаар тушаагаа л биз.

Энэ удаад манай сумын баахан оюутан өвсний бичиггүйгээс онгоцонд сууж чадахаа болиод ар гэр лүүгээ хэл өглөө. Удсан ч үгүй, замын хүнээр дайж явуулсан дугтуйтай зүйл бидэнд ирлээ. Бэлэн бичиг биш ээ. Нэгдлийн болон мал аж ахуйн бригадын даргын тамгатай баахан хоосон бланк хуудас ирсэн дээр бид өөрснөө бичиг зохион үйлдээд тийзээ бичүүллээ. Би ч гэсэн “Тодорхойлолт: МУИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Цэнддоо нь хоёр шуудай өвс зулгаан тушаасан нь үнэн” гээд гарын үсэгний оронд сараачлаа. Ер нь сайн гарын үсэг бол сараачмал байдаг биз дээ.

Иймэрхүү “Уг нь хууль номд таарахгүй зүйл. Гэхдээ чамайг бодоод зөвшөөрч байна” гэдэг бол тал нутгийн хуулийн зарчим. Зарчимгүй, хүн муутай этгээд л нүүдэлчний оршихуйд харштай, гадаад гүрний тулган батлуулж, албадан мөрдүүлсэн хуулийг яг таг хэрэгжүүлдэг аж.

ДОЛОО. “ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮН

Монгол “хэлний хэрэгт дуртай хүн” хэмээх томьёлол өөрт хамаагүй юманд ороолдож явдаг, ер нь л өөдгүй этгээдийн нэр юм. Гэхдээ авгай хүүхний хэрүүлд хутгалдаад явчихдаг хэмжээний хүнийг ч хэлдэггүй. Хууль дүрэм зөрчигдөж байгааг сайн дураараа мэдээлдэг, хуулийн хүрээнд бусдыгаа амьдруулахыг хичээдэг л хүний хоч байгаа юм. Эрүүл, иргэншсэн нийгмийн бол хэв шинжит дүр л дээ, уг нь бол.

Малчин ардууд, “хэрэгт дуртай” хүнээс их цэрвэж, хэрэгт дурладаггүй этгээдийг бол машид хүндэлнэ ээ. Хууль биелүүлэхийг шаарддаггүй, дүрэм зөрчигдөж байгааг хараад нүдээ анидаг бол олны хайрыг хүлээнэ гэсэн санаа.

Миний багад, малчид наадмаар өөр өөр зорилготойгоор гурав хуваагдан хэргээ бүтээдэг байв. Хамгийн эхэнд сайн морио унаж, сайхан дээлээ өмсөөд наадам үзэж цэнгэх хүмүүс. Энд залуус охид голлоно. Харин дараагийн хоёр нь сумын дарга нар, нам эвлэлийн хариуцлагатан нар болоод Нийгмийг аюулаас хамгаалах Яамны аймаг дахь хэлтсээс суманд суудаг төлөөлөгч нарыг наадамдаад, хээр талд “хууль эзгүйрэх”-ийг анасан хүмүүс.

Долдугаар сарын аравдаар тарвага тарга авч, анчдын ярьдгаар “элэг нь цайх” тул боодог хийхэд яг таардаг үе. Тарвага алахыг хориглодог байсан юм биш. Тухайн үед олон мянган тарвага агнаж, арьсыг нь Зөвлөлтөд гаргах ба хатуу төлөвлөгөөг гүйцээхийн тулд насанд хүрээгүй хүүхдийг ч ан агнуурт татан оруулдаг байсан цаг. Гэхдээ, тарвагагыг арьс үс нь ургаж гүйцэхээс өмнө агнахыг буюу 8 сарын 15-наас өмнө агнах, мөн Зөвлөлтөд гаргадаг үнэт түүхий эд болох арьс үсийг нь түлж устгах нь гэмт хэрэг байв.

Иймээс тарваганы хорхойтнууд наадам үзэж бөх морь харсанд орвол уулын хярд гарч боодог хийхийг илүүд үзнэ. Боодог хийж байгаа этгээдүүд уулын хяр дагадаг нь бас учиртай. Тэднийг түүдэг галын утаагаар нь илрүүлэхээс сэргийлж байгаа арга. Энэ аргыг мэдэхгүй хүн бол нөмөр газар гал асааж, бөөн утаа май тавиад өөрийгөө илчилж мэднэ. Хяр газар түлсэн гал унгасах гэж баагихгүй, салхинд үлээгдэн агшин зуур дүрэлзэх тул утаа гардаггүй юм.

Хууль эзгүйрсэн зайг ашигладаг өөр нэг шалтгаан бол цэвэр аж төрөл, ахуй амьдралын хэрэгцээнээс урган гарсан зүйл. Улсын төлөвлөгөөнөөс давсан ноосоо атга чимхээр жоорлосоор байгаад сэмхэн эсгий хийж, гэрийн бүрээсэндээ “хууль бус”-аар нэмэрлэх малчид энд орно. Яалт ч үгүй, социалист хууль ёс, коммунист хүмүүжлийн таван зарчмыг хөсөрдүүлэн гэрээ дулаалсан явдал.

Нам засгаас малын бүхий л ноосыг улсад тушаах үүрэг тавьдаг байлаа. Ноос, ноолуур, сүү, үс хялгасны гарцыг дундажлан гаргаад, түүнийгээ заавал улсад тушаахыг үүрэг болгоно. Хариуцан маллаж байгаа нэгдлийн сүргээс гадна аминд байх лимиттэй хэдэн малд ч энэ үүрэг тэгш ногдоно. Ухаандаа, таны монголсох зан гэнэт гижигдээд хурдан морь худалдаж авлаа гэхэд жил бүр, түүнийхээ хөөврийг самнаж, дэл сүүлнээс хярган тушаах үүрэг хүлээх ба эс биелүүлбэл торгохоос эхлээд хуулийн хариуцлагад татагдана гээд ойлгочих.

1960 онд бүх өмчийг улсад хураахаас өмнө хувийн малынхаа ноосыг дутаасан хүнийг 10 жил хүртэл шоронд хорьдог байсныг бодоход “хүнлэг энэрэнгүй” социализм болоод байсан цаг шүү дээ, ХХ зууны далаад он бол.

Өгсөн төлөвлөгөөнөөс илүү ноос хяргавал яах вэ гэж үү? Авч үлдэж болохгүй, нэмж тушаагаад “баярын бичиг”-ээр шагнуулах үүрэгтэй. Ийм учраас малчид төлөвлөгөөнөөс илүү гарсан ноосоо хадгалах, хувиараа эсгий хийж гэрээ бүрэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орж байсан юм. Хэрвээ чи эсгий хийж байгаа бол ноосоо бүгдийг нь улсад тушаагаагүй гэсэн үг.

Гэвч, улсын үйлдвэрт хийдэг “Комбинат эсгий” буюу бор эсгий нь ховроос гадна, юуны ч юм бэ хялгасаар дүүрэн, маш хүнд жинтэй. Сумын худалдаанд өдрийн од шиг ховор ирдэг бор эсгийг жаатай нэг нь авна. Ийм болохоор малчид аргагүйдэн эсгий хийдэг байжээ.

Тэр жил Өвөр Хөндлөнд зусч байсан арваад айл наадмын хоёр өдрийг таширалдуулан эсгий хийхээр явлаа. Дээд тал нь туурганы, уруудаад өрхний, арга ядахад тохомны эсгий хийх ноосоо нийлүүлээд замаас зайдуу Мянган хэмээх том уулын хяр өөд, Хярын зуслан гэдэг газар луу явлаа. Хуулийн ойлголтоор бол бүлэглэн үйлдэж буй гэмт хэрэг юм даа. Хоёр өдрийн дараагаар уулнаас буухдаа баяртай бас айдастай ирцгээлээ, манай голын “гэмт хэрэгтэн” нар.

Эсгий сайхан болсон нь баяр хөөрийн шалтгаан аж. Харамсалтай нь, Дүгэрсүрэн дарга яг ороод ирж гэнэ. Бөөн айдас байвч, “Дүгэрсүрэн дарга хүн сайтай”, “хэрэгт дуртай хүн биш” гэсэн хоёрхон тодорхойлолтоор сэтгэлээ зогоосон улс.

Дүгэрсүрэн гуай бол манай голынхныг нэгтгэсэн Соёл бригадын дарга юм. Миний анх харсан, ер нь тэр үед сумандаа ганц байсан авагддаг хиймэл шүдтэй хүн. Олон хүүхэдтэй, тэднийх нь заримтай би найзалдаг, гэм халгүй байрын л хүн л дээ, уг нь.

Дүгээ дарга юугаа хийж явсан юм бүү мэд, аягүй бол хэн нэг нь түүнд “Өвөр хөндлөнгийн хэдэн айл эсгий хийх гээд байх шиг” хэмээн халуун хошуу өргөсөн ч байж мэднэ. Халуун хошуу өргөх гэдэг нь хошуугаа хүний чихэнд ойртуулан, халуун амьсгаагаар төөнөн байж хов зөөхийн нэр юм. Эсвэл, мань шал өөр юм бодсон ч байж магад.

Дүгэрсүрэн дарга тэдэн дээр ирээд мэнд ус мэдэлцсэнээ, баахан хүрлийж байгаад,

-Ноосны төлөвлөгөө биелсэн үү гэж асууж, нөгөөдүүл нь,

-Биелсээн, дарга аа хэмээн хоороор хариулж.

Дарга мөн л хүрлийж байснаа,

-Энэ жилийн ноос бэлтгэх төлөвлөгөө давахаар байгаа юу,

-Давуулна аа дарга аа хэмээн хоолой нийлүүлж. Дарга нэмж үг хэлэлгүй, хүрлийсээр яваад өгчээ.

Манайхан тэр явдлаас хойш даргыгаа “Хэрэгт дурладаггүй сайн хүн” хэмээн магтаж, үгэнд нь орно гэж жигтэйхэн болов. “Ноосны төлөвлөгөө давуулна биз дээ” гэхэд нь хонь таргалаагүй, ноос хөөрөөгүй гэхчлэн шалтаг заахын оронд “Давуулна аа дарга аа” гэлцэнэ. Ер нь арга, баширтай Дүгэрсүрэн гуай, эсгий хийх сураг дуулаад, үгэнд ордоггүй хэсэг нөхдийн чихийг зөөлөн болгох гэж хийсэн ажил ч байж мэднэ. Энд хэрэглэсэн “Зөөлөн чих” бол ямар нэгэн юманд буруутаж, чихээ мушгиулах шийтгэл хүлээсээр байгаад өнөө муу нь элдүүр аваад зөөлөрсөн гэсэн үг юм. Байн байн шийтгүүлсээр хаширсан нэгэн ажгуу.

Дүгээ дарга шиг хэрэгт дурлаад явдаггүй хүн ч олон, эсрэгээрээ хэрэг олж дурлаад болдоггүй нь ч байх, манай тэнд.

Далаад онд манай суманд малын бага эмч ажилтай нэгэн шилжиж ирлээ. Улаан доктор гэж хүмүүс дуудах. Улаан доктор хатуу ундаанд дуртай, халамцуухан үедээ мал нь өвдөх байтугай, өвдөх малгүй айлаар хэсч явах нь элбэг. Тэр үед суугаад уух газар ч, тэгдэг соёл нь ч хаа байлаа. Хэнбугай ч болов жаахан халамцахаараа л “Тэднийд ганц шил юм байж магадгүй”, “Эднийх ч надад ганц юм гаргавал гаргах л айл даа” гээд бие биенээ хэсүүчлэх тул гайхах ч юм биш.

Харин Улаан доктор зүгээр айл хэсэхгүй, үзэл суртал сахиулах ажил хийж, хөгшчүүлийн бурхан шүтээн, зул хүжээр оролдож зовооно. Далаад онд социалист үзэл санаа ерөнхийдөө ялаад одоо коммунизмд шилжих цаг болсон гэж үзэж байсан юм. Ийм учраас нугалаа завхрал гайгүй, Соёлын довтолгооны эхэн үе шиг настайчуудын бурхан шүтээнтай дайтах нь багасаад байсан цаг. Хуучны хоцрогдсон нэг эмгэн хоймортоо Буддагийн сувенир тавьсан мэт л хараад өнгөрчихдөг байж. Гэтэл, Улаан доктор манай эмээг маань оролдож зовоогоод байх болов. Хувьсгалчдаас ч илүү сонор сэрэмжтэйгээр шашин шүтсээр ирсэн эмээ маань, “улаан” докторын айсуй бараанаас бурхнаа нуучих боловч зулаа яаж ч чаддаггүй байжээ. Асч байгаа зулаа үлээх нь бүү хэл сэвж далдичуулахын нүгэл гэж үзнэ. Ингээд өөдсөн чинээ бяцхан зул Бурхан нь эзгүй хойморт сүүмэлзэн үлдээд эзнийгээ хэрэгт хийн алдана даа.

Мөнөөх согтуу маркист чинь зүгээр явчихгүй.

-Содномдамба гуай та зул өргөж болохгүй. Зул өргөж байгаа хайран шар тосоо өөрөө уух хэрэгтэй гэхчлэн дүрэмдэн, бараг л миний нүдэн дээр уугаадах гэх нь холгүй.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Нямаагийн Зориг: “Санаж яваарай” кино нэрнээсээ аваад 60 хувь нь хасагдаж байлаа


Жүжигчин Нямаагийн Зоригтой ярилцсанаа хүргэж байна. Эл эрхмийг “Санаж яваарай” гол дүр, мөн “Загийн алим”-ын Ханбүргэд гээд кино урлагт бүтээсэн дүрүүдээр нь ард түмэн мэднэ. Ерээд оны эхээр “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг үндэсний телевизээр хөтлөн явуулсан нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Тэрээр төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн хүү юм. Мөн гавьяат жүжигчин И.Одончимэгтэй ханилж байсан гэдгийг хүмүүс мэднэ. Ямар сайндаа “Сэтгүүлчид надаас яриа авахаараа аав, Одноо хоёрыг л асуугаад байдаг. Би тэр хоёрын тухай ярихын тулд яриа өгөх хэрэг үү” гээд инээж байсан. Мань эр бол үнэндээ сонин ертөнц л дөө. Монголын кино урлаг, мөн телевизийн урлагийн нэгэн цагийн түүхийн гэрч мөн билээ.


-Хоёулаа яриагаа төгссөн сургуулиас тань эхэлбэл яаж байна?

-Нийслэлийн арван жилийн зургадугаар дунд сургуулийг төгссөн. Сурлага ч гайгүй байсан юм болов уу, Москвагийн бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг аваад явлаа. Тэр чинь далан найман он. Орос хэлний шалгалтад ортол Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид хуваарилдаг юм байна. Ингээд Москвад нэг жил сурлаа. Аавынхаа таван жил сурсан Москвад сурч байгаа нь тэр. Нэг инээдтэй дурсамж ярья л даа. Намайг сурч байхад аав Москвад очиж байсан. “Азербайжан” буудалд буучихаад над руу утасдаад, хүрээд ир гэдэг юм. Би яваад очтол үүдний жижүүр нь оруулдаггүй, оюутныхаа үнэмлэхийг үзүүлээд ч болдоггүй. “Аав минь Монголын зохиолч Нямаа гэдэг хүн ирээд намайг дуудууллаа” гэтэл өөрийн чинь үеийн залуу өглөө ирснийг мэдэж байна, одоо бүр үеийнхээ залууг аав аа гэж худлаа хэлэх нь гээд хавьтуулдаггүй шүү. “Үнэмлэхийг минь та тулгаад шалгаж болно. Болохгүй бол та дуудаад өгнө үү” гэтэл дуртай дургүй аавыг дуудлаа. Аав буугаад иртэл хавийн хүүхнүүдийг цуглуулаад “Аав хүү хоёр гэнээ, ямар сонин юм бэ” гээд дуу алдаж байна. Аав ч жуумалзаж инээмсэглээд юм дуугарсангүй. “Ийм хөгшин хүнтэй намайг чацуу гэлээ” гээд миний их л дургүй хүрч билээ. Зохиолчид тэр буудалд их буудаг байсан. Анна Цендина гээд Дамдинсүрэн гуайн охин аавд үйлчлээд орчуулагчаар явж байсан. Тэгэхэд Зөвлөлтийн зохиолчдын хороонд ажилладаг байсан болов уу. Аав Дамдинсүрэн гуайн охин гээд танилцуулж байсан. Аав тэгэхэд дундад Ази Самаркандаар явсан. “Самаркандынт шөнө” гээд олон алдартай бүтээлээ тэгэхэд бичсэн байх. Миний бие Москвагийн Улсын их сургуулийн бэлтгэл ангиа төгсөөд шалгалт өгөх гэтэл “10 төгссөн хүүхэд авахгүй” гээд шалгалтад оруулдаггүй. “Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй” гээд Эрхүүгийн сэтгүүлийн ангийн хуваарь өгчихлөө. Москвад үлдчих санаатай хөөцөлдтөл дараа жил нь буюу наян онд Москвад олимп болно, гадаадын оюутнуудыг авахгүй гэлээ. Ингэтэл “Хонх”-ын Цогтсайхан таараад “Би яг чам шиг юм болсон. Киноны сургуульд Москвад ирээд Эрхүүд хуваарилагдсан. Тэнд дуртай дургүй очсон, тэгтэл Эрхүү гэдэг чинь ямар гоё юм бэ. Монголд ойр маш сайхан нутаг” гэж хэлээд намайг вагон руу бараг чихдээд орчихсон. Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлийн ангид иртэл Хонхын Энхбаяр, сэтгүүлч Гомбын Золжаргал, гэрэл зурагчин Цацралт гээд дандаа гавьяатууд сурч байлаа. Кино найруулагчаар очоод дунд сургууль төгсөөд шууд ирсэн гэх шалтгаанаар Эрхүү рүү, үндсэндээ Ангар мөрөн рүү шидэгдсэн нөхдүүд. Тэнд нэг жил сураад, сүүлдээ дургүй хүрээд аавд учир байдлаа хэлээд Монголд ирсэн. Москвагийн их сургууль аваад явсан хүн чинь Эрхүүд сураад сүүлдээ Монгол Улсынхаа багшийн сургуулийн кино драмын ангид орж байгаа юм.

Кино драмын ангид нэгдүгээр курсийн дундуур орсон. Манай ангийн багш Хайнзан гэдэг хүн байсан. Үндсэндээ бид чинь Хайнзан, Доржсамбуу гэсэн хоёр хүний шавь нар. 1984 онд сургуулиа төгссөн. Манай ангийнхан гэвэл “Говийн зэрэглээ”-гийн Номин, “Гарын таван хуруу”-гийн Сүрэнгийн дүрээр мөнхөрсөн Янживын Оюунцэцэг, түүний нөхөр “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”-ын Шагдарт тоглодог гавьяат Лувсан гуайн хүү Нямсүрэн, Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг, жүжигчин Нармандах, Рагвайн Гэрэл гээд олон хүн байна.

-Төгсөөд кино үйлдвэрт очив уу?

-Ёстой аваргуудын гар дээр очиж байгаа юм. Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино групп буюу жүжгийн ангид хуваарилагдсан. Жилдээ 42 кино эх хэлнээ хөрвүүлж, дуу оруулж байсан удаатай. Мөн Монголын уран сайхны кинонуудад бас дуу оруулна. Алдарт Чимэд-Осор гуайгаас аваад Дамдинбазар, Дагийранз, Дамчаа, Цэнд-Аюуш, Цэмпилмаа, Цэцгээ, Батцэцэг, Сүхбаатар, Чойн Хүрэл гээд жинхэнэ лидерүүдтэй нэг гал тогоонд байлаа. Хүрэл бид хоёроос бусад нь гавьяат, ардын цолтнууд. Сүүлд Сүхбаатар маань гавьяат болоход бид цугласан. Мөн ардын жүжигчин Равдан байна, дээрээс нь Гүрсэд, Карма, Нэргүйбаатр бүгд гавьяат. Миний бие сургуулиа төгсөөгүй байхдаа буюу 1983 онд дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн хүү Энхээ, төрийн шагналт Чойжилын Чимидийн хүү Энхээ хоёрын зохиол “Аль нь вэ” гэдэг нэртэй кинонд тоглох боллоо. Ч.Энхээ чинь нэг хэсэг манай ангид байсан юм. Зохиолоо биччихээд “Чи л нүдэнд харагдаад байна. Монголын анхны нэг дүрд хоёр хүнийг тоглуулах санаатай ийм бүтээл” гэж тодотгож хэлсэн. Зохиолыг нь уншлаа, кино найруулагч Сэлэнгэсүрэн кино үйлдвэр дээр дуудаад сорилтод орлоо. Тэгсэн чинь чимээгүй байна аа. Бараг сар шахуу боллоо, тэгтэл дахиад дууддаг юм. “Эхний сорилт амжилттай болсон. Хөдөө хоёрдугаар сорилтод хослол зургаар хоёр ихэр болгож авна” гэв. Шаравдорж оператор нүсэр том аппарат ажиллуулж хоёр ихрийн дүрс авсан. Тэр чинь бараг өвлийн сүүл сараас эхэлсэн ажил. Дахиад чимээгүй болчихлоо. Тэгтэл өөр хүн тэнцэж гэнээ л гэж дуулдлаа. Тэр хүндээ зориулж хувцсыг нь хийж байна гэдэг ч юм. Гэтэл хослол зургийг үзээд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл эргэсэн байгаа юм. Ерөөсөө тэр Зоригийг тоглуул гэжээ. “Өөр хүн тоглуулахаар болсон, хувцсыг нь бэлдсэн” гэхэд тэр хамаагүй гэсэн байна. Ингээд би чинь нэг л өдөр хоёр дүр дээр тавиад буусан, азтай шүү бас. Тэгж “Аль нь вэ” гэдэг кинонд тоглосон. Төв хорооны үзэл суртлын хэлтэс тухайн жил гарсан Дашдооров гуайн “Саруул талын ерөөл“, Гармаа гуайн “Нарны унага”, “Аль нь вэ” гэдэг энэ гурван киног Төв хорооны тогтоол гарч хаасан. Нийтэд гаргаж болохгүй гэсэн. Манай киног орчин үеийн залуучуудын ахуй амьдралыг буруу талаас нь тусгаж харуулсан байна, архи ууж байна, эрүүлжүүлэхэд орж байна, наймаа хийж байна, залуучуудад үлгэр дуурайлалгүй юм үзүүлсэн байна гэж хаасан. Соёлын яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан ардын жүжигчин Э.Оюун багш цээжээрээ хамгаалаад дийлээгүй хаалга саваад гарч байсан гэдэг. Бадар-Ууган, Оюундэлгэр хоёр киноны дууг дуулсан юм. “Дууг нь хас, нэрийг нь соль, ингэж алдаж онож явлаа гээд Санаж яваарай болго” гээд киноны жар гаруй хувь нь хасагдаж дахиж шинээр хийгдсэн. Галт тэргэнд залуучуудад ингэж алдаж явлаа гэдгээ ярихаас аваад олон юм шинээр нэмж, бүтээн байгуулалт барилгыг нэмсэн юм. Би нэг юманд харамсдаг юм. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай имперсонист, модернист, сюрриалист ч гэдэг тийм нэг зураачийн дүрд тоглосон. Тэр зураачаар дамжуулаад ах дүү хоёрын төлөвшил хүмүүжил, ертөнцийн үзэх үзэл нь өөрчлөгдөж, харагдаж байгаа тийм чухал дүр байсан. Жамсранжав гуай сайн ч тоглосон. Ийм мундаг хүнтэй хамт тоглож байна гээд би дотроо их л баярлаж байсан. Гэтэл тэр дүрээс нэг кадр ч үлдээлгүй хассанд харамсдаг. “Санаж яваарай”-г одоо хүмүүс муу гэдэггүй, хэрвээ хасагдаагүй байсан бол ямар сайхан кино байх байсан гэж бодно.


-Таны бас нэг дүр “Загийн алим”-ын Ханбүргэдийн дүр?

-Кино үйлдвэр дээр “Санаж яваарай”-гийн зургийн засвар, дууны засвар гээд байсхийгээд дуудуулна. Яаж энэ “там”-аас салдаг юм билээ гэж сүүлдээ бодоход хүрлээ. Яг тэр үед “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”-г найруулдаг Жамсранжав “Загийн алим”-ын хоёрдугаар найруулагчийн хувьд, зураач Нямдаваа хоёр надтай Кино үйлдвэр дээр таараад хоёр талаас сугадаж аваад Дамдин найруулагчийн өрөөнд орууллаа. “Нөгөөдөр натурт явна, Дундговийн Их газрын чулуу. Хөнжил пүүгээгээ бэлд, зохиолоо унш, өөр ярих юм байхгүй” гэдэг юм. Зохиолоо унштал нээрээ ч нэг хартай, байж болохоор залуугийн дүр байна. “Санаж яваарай” киноноос болж кино үйлдвэрт өдөртөө хэд дуудагддаг Сэлэнгэсүрэн найруулагч “Чиний ачаар хоёр яс саллаа, чамайг асуухаар өөр кинонд тоглоод хөдөө явчихсаныг чинь хэлнэ” гээд баяртай байж билээ. “Загийн алим”-ын зохиолыг бичсэн Санжийн Пүрэв зохиолчтой радио телевизэд хамтарч “Театр” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Радиогоор ч явдаг, телевизээр явдаг. Мань хүн намайг “Манай Ханбүргэдэй” л гэдэг байсан. Кино урлагт миний бүтээсэн хоёр гол дүр “Санаж яваарай”, Ханбүргэд юм. Жижиг дүрүүд зөндөө бий. Эрдэнэбатын зохиол “Совин” гэж кино байна. “Нохойн зодоон” киноны гол дүрд мөн тоглосон. “Амьдралын нахиа”, “Намар нахиалсан мод”, “Ховор хүмүүс” гээд олон кинонд жижиг сажиг дүр бүтээсэн. Киноны тухай ярихаар Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн найруулагчаа би дурсдаг. Тэр хүнд их баярладаг юм. Тэрээр “Илүү сартай зун” гээд олон гоё киноны эзэн хэрнээ соёлын тэргүүн ч байхгүй хорвоогоос буцсан. Өөрөө бас сайн жүжигчин. “Тойрох хуудас”-т тоглож байсан. Равжаагийн Доржпалам гуайн шавь. Доржпалам гэж тэр агуу найруулагчтай би хамт кинонд тоглож байлаа. Хүмүүс Доржпалам гуайг маш их хүндэтгэнэ. Тэр мундаг хүн шавийнхаа “Ховор хүмүүс” киноны гол дүр Сэрээнэнд тоглосон. Миний бие уг кинонд соёлын төлөөлөгч болж тоглохын зэрэгцээ туслах найруулагчаар явлаа. Хар зүрхний хөх нуурын дэргэд зураг авсан тэр өглөө Доржпалам гуайг сэрээх үүрэг надад оногдов. Хоёрдугаар найруулагч нь Чимиддорж, ассент найруулагч нь Намсрайжав, жүжигчин Бооёогийн аав байсан. Энэ хоёр “Палам багшийг чи сэрээ” гэж хэллээ. Нойрондоо их харам гэдгийг нь би мэднэ. Үүрээр өрөөнд нь ороод “Палам багш аа сэрээрэй, зургандаа гаръя” гэхэд “Өө за за, наад лаагаа асаа, уучлаарай найруулагч аа” гээд босоод ирсэн. Өмнөөс тийрээд унагачих байх гэж бодож байсан би их баярлаж билээ. Урлагт олон жил зүтгэсэн, киноны хүн чинь соёлтой, өөр байдаг юм билээ.

-Та чинь Хүүхэд залуучуудын театрт ажилласан, телевизэд ажилласан. Тэр тухайгаа хуучилбал?

-Нямгаваа найруулагчийн хэлснээр Хүүхэд залуучуудын театрт гурван жил ажилласан. Гурван жүжгийн гол дүрд тоглосон. Д.Гармаагийн “Намайг сонсоцгоо”, Дарамын Батбаярын “Минийх”, Ц.Балдоржийн “Хэрээ”-гийн гол дүр. Нямгаваа, Доржсамбуу хоёрын жүжгүүд. Монгол телевизэд ажилласан маань З.Алтайгийн зөвлөснөөр очсон. Алтайгийн хувьд залуучуудын редакцийн дарга байсан. Намайг шууд найруулагчаар авсан. Бадрах найруулагчийн “Гал” нэгдэлд Авирмэд, Ёолк, Золжаргал, парик Жагаа бид нэг баг байсан. Ёстой нэг сайхан залуучууд байсан даа. Олон нэвтрүүлэг хийсний нэг нь “Хөхөөтэй цаг” юм. Аав нэрийг нь өгсөн юм.

-“Говийн зэрэглээ”-гийн Номин буюу Янживын Оюунцэцэгийн тухай асуумаар байх юм?

-Оюунцэцэг маань 35-хан насандаа бурхан болсон. Угшлаараа Увсын Өндөрхангайн элжигэн халх байсан. Дарханд өссөн хүн. “Гарын таван хуруу”-гийн Сүрэн өөрөө мөн юм. Олон дүүтэй хүн. Найзыг маань хүмүүс их хүндэтгэдэг байлаа. Өөрөө бол их даруу. Цэвэр киноны жүжигчин байсан. Тайзан дээр гэхээсээ кинондоо илүү байсан. Бид хоёр үнэндээ дотно найзууд байлаа. Ямар сайндаа намайг дагуулж орос дэлгүүр орж байсан. Оюунцэцэгийг хүн бүр хүндэтгэдэг учир орос дэлгүүр рүү шууд орно. Ингэж Оюунцэцэгийнхээ хүчинд би хос костюм авч байв. Шинэ жилээр гэр бүлээрээ ирж манайд баяраа тэмдэглэнэ. Аав ээж маань сайхан ааштай даруухан гээд их хүндэтгэдэг байсан.

-Гавьяат жүжигчин И.Одончимэг та хоёр гэр бүл байсан. Анх хэрхэн танилцсан тухайгаа хуваалцахгүй юу?

-Одноо бид хоёр Хүүхэд залуучуудын театрт танилцаж байсан. Түүнээс илүү зүйл ах нь ярьж чадахгүй. Харин хайрт охин Намуундарьтайгаа ойр байдаг. Мөн хөөрхөн зээтэй болсон. Охин маань хүүхдээ аваад манайд ирдэг юм. Аав минь бурхан болоод би чинь ээжтэйгээ байдаг.

-Сүүлд та хэд хэдэн кинонд тоглосон, шоронгийн атманы дүрд тоглосон байх шүү?

-О.Бат-Өлзийгийн гурван кинонд тоглосон. Эхлээд Жамъянсэнгээ хурандаагийн тухай “Нар сарны зааг”, дараа нь “Маш нууц” кинонд, сүүлд “Буруу өрөг” кинонд тоглосон. Гурван дүр маань гурвуулаа шоронгийн атман. “Маш нууц” кинонд яваад иртэл аав “Ямар кинонд явав” гээд асууж байна. “Шоронгийн атман хулгайчийн дүр гэтэл, чи яахаараа Бат-Өлзийгийн кинонд дандаа тийм дүрд тоглодог юм. Ямар бодолтой чамайг ингээд байна” гээд жаахан дургүйлхэв. Тэгэхээр чинь жүжигчин хүн чинь юу ч болно, үхнэ сэхнэ, хулгайч, атман, алуурчин, жанжин юу ч болно л гэлээ. Харин би “Буруу өрөг”-т тоглосныхоо дараа Бат-Өлзийдөө хэлсэн. Би дахиж чиний кинонд ийм дүр бүтээмээргүй байна гэхэд “Зориг оо, би чамайг муухай харцтай, муухай төрхтэй гэж хэлж байгаа юм биш. Энэ дүрийг бодоод зохиолыг нь уншихаар чи л чадна гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм, тэгээд найзыгаа урьж байгаа юм. Энэ гол дүр биш ч гэсэн юу илэрхийлэх гээд байгааг нь өнөөдрийн хувьд чи л гаргаж чадна, чи нүдээрээ, бие сэтгэлээрээ чадна, түүнээс би найзынхаа мууг үзэх гэж байгаа биш” гэж хэлсэн.

-Хошин шогийн гавьяат Туяа найз маань хэлж байж би соёлын тэргүүн болсон гэдэг дээ?

-Хүмүүс намайг чинь бараг л гавьяатаа очиж ав гэж загнах нь холгүй л байх юм. Одоо чинь шагнал шүүлэг гэдэг чинь тийм болчихсон юм уу, хаашаа юм. Хөөе, миний юмыг өгөөдөх гээд очдог болсон юм уу. Гэхдээ хүмүүсийг тэгж хэлэхэд дотроо баярладаг. Муу санасандаа биш, намайг авчихаасай гэсэндээ тэгж хэлж байгаа байх л даа. Авах ёстой гэж олон хүн урам өгдөг. Би болохоор энэ тал дээр аавыгаа дуурайсан хүн. Манай аав юмны араар суудаг, их даруу хүн байсан. Хүмүүс хөөцөлдөөд аваад байх юм. Хоёр гуравхан кинонд тоглочихсон, жүжигт тоглоогүй, телевизэд өөрийн гэсэн уран бүтээл хийгээгүй нөхдүүд гавьяат болоод байх юм. Үндсэндээ хошин шогт тоглож марзганаж байгаад гавьяат авчихсан залуус байна. Би тэдэнд атаархаж байгаа юм биш. Юм хийгээгүй байж тэр цолыг авна гэдэг хүнддэх вий дээ гэж хардаг. Баянцагааны Баатар гэж дэндүү шударга найз маань байлаа. Тэр хүн гавьяатыг буцааж өгье гэж хэлж байсныг ард түмэн мэднэ байх. Баатар маань намайг хүндэтгэнэ. Баатар гэснээс Баатарын нэг жүжгийн гол дүр буюу галзуу хүний дүрд би дуу оруулаад, тэр жүжиг нь Японд болсон олон улсын наадамд шилдэг найруулагчийн тэргүүн шагнал аваад, мандаж л байлаа. Баатар шагналынхаа мөнгөнөөс надад өгөөд л, би найзынхаа яриаг зурагтаар гаргаад л. Сайхан он жилүүд байж дээ. Ингээд дурсаад байвал мөн ч олон хүний тухай ярьж болно.

Categories
мэдээ нийгэм

Борын Ганзориг: Сэтгүүлчдийн нэр хүнд уналаа гэдэг, хэн унагасан юм бид өөрсдөө л улстөрчидтэй нийлж унагасан биз дээ

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн Борын Ганзоригтой ярилцлаа.


-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Хүн амын тал илүү хувь нь амьдарч буй нийслэл хотод Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо гэж байх нь мэдээж зөв. Дэлхийн улс орнуудын нийслэл бүгд л ийм байгууллагуудтай байдаг. Танай холбооны үйл ажиллагаа их идэвхитэй байгаа харагддаг?

-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоонд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагаад, түүнд ажилладаг албан хаагч, сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач бүгд багтдаг.

Монгол Улсын хүн амын тавиас дээш хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Мэдээж нийслэл хот бол улс орны зүрх нь болсон газар. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 орчим хувь нь их хотдоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай холбоо ийм өргөн хэмжээний бие даасан гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гэж хэлж болно. 2018 оноос бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн ажиллаж байна.

Бид сэтгүүлчдийнхээ ёс зүй, боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа сэтгүүлчдийн боловсролын чиглэл дээр байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулдаг уу, тэрхүү хуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнууд руу чиглэсэн сургалт, судалгааны ажлуудыг багагүй хийлээ. Мөн гадаад дотоодыг аялал болоод сургалтыг давхацсан байдлаар хийлээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны олон нийтийн хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Глоб интернэшнл, хэвлэлийн зөвлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтарч, манай холбоо санаачилж зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ салбарт чинь бас тодорхой бодлого байх хэрэгтэй. Өөрөө бие даасан статустай учир бодлоготой, бодлого нь хөгжил рүү хөтөлж байх ёстой. Ийм ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Цар тахлын улмаас үйл ажиллагаа хязгаарлагдаж эхэлсэн. Энэ хүрээнд онлайнд шилжиж, онлайнаар удирдах зөвлөлийн хурлаа хийж, гадаад хэлний чиглэлийн сургалтуудаа явууллаа. Өнгөрөгч наймдугаар сард холбооны ээлжит энэ зуны сургалт аялалаа зохион байгууллаа. Бид өнгөрсөн жилийн сургалт аялалаа ОХУ-ын Буриад улсад Итгэлт хамба, Улаан-Үүд, Байгаль нуур гэсэн маршрутаар хийж байсан бол энэ жил гадагшаа явах боломжгүй учир Хөвсгөл далайн эрэгт хийлээ.

-Сургалтыг чөлөөт маягаар өөр орчин, ялангуяа байгалийн сайхан хийх илүү үр бүтээлтэй санагдахын…?

-Энэ жил сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлаар сургалт явууллаа. Ер нь сургалт аялал ямар учиртай юм бэ гэхээр уламжлалт, хэвшмэл байдлыг бид эвдэх цаг болжээ. Танхимд суугаад багш яриад, самбар дээр юм заадаг тийм сургалт хоцрогдсон байна. Тиймээс бид холбооныхоо удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ажлын албанаас зохион байгуулан гадаад дотоодод сургалт аялалыг хослуулан явуулж байгаа нь энэ. Сэтгүүлчид маань байгалийн сайхан аялаад, чөлөөт маягаар сургалтаа хийхээр хамаагүй үлдэцтэй юм билээ. Явж ирээд сэтгүүлчдийн бичсэн аян замын тэмдэглэл, телевизийнхны нэвтрүүлэг, сайтын сэтгүүлчдийн бичсэн мэдээлэл, зургийг харахад их үр дүнтэй нь мэдрэгдсэн. Цар тахлын жилд 25 сургалт хийнэ гэж төлөвлөснөөс 17 нь онлайнаар хийчихээд байна. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо гадаад харилцаа дээр анхаарч ажиллаж байгаа. БНХАУ, БНСУ-тай хамтарч ажиллахаар яриа хэлэлцээрийн шатандаа явж байна. Сүүлд Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудаас тэтгэлэгтэй зургаан сараас 1 жилийн хугацаанд Тайваньд сэтгүүлч дадлагажигчаар явуулах гэж байна. Мөн Нийслэлийн 34 агентлагийн 20 орчимтой нь хамтын ажиллагааны санамж зурчихаад явж байна. Сэтгүүлчид хэвлэлийн ажилтнууд нийгмийн түүчээ нар байдаг учир нийгмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлынх нь төлөө ажилладаг ЦЕГ-тай хамтран ажиллаж байна. ӨМӨЗО-ы Ардын хэвлэл мэдээллийн албатай нягтарч ажиллаж байна. ОХУ-ын Буриад улстай сайн ажиллаж байна.Япон, Индонез зэрэг орнуудтай хамтарч ажиллах саналаа өгсөн. Солонгос, Хятадад сэтгүүлчээ сургах хэрэгтэй. Манай салбарт 4000 хэвлэлийн ажилтан, сэтгүүлч байгаа боловч боловсролын түвшин ямар билээ, ялангуяа гадаад хэлний асуудал ямар билээ. Ажил ажил гэж яваад сайн сурч амждаггүй. Гадагшаа явуулж мэргэшүүлье, өндөр хөгжингүй орнуудын хэвлэлийнхэн яаж ажилладаг юм, сэтгүүлчид нь яаж мэдээлэл олж авдаг юм, редакциуд нь ажилчдынхаа нийгмийн болон боловсролын асуудалд нь яаж анхаардаг юм гэдгийг бодит байдалд нь очиж үзүүлэх нь чухал. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудын солилцооны хөтөлбөр хийнэ. Энэ ямар учиртай юм гэхээр тухайлбал, Солонгосын өдөр тумын хамгийн том сонинтой, Монголын “Өдрийн сонин” болон бусад өдөр тутмын сонины сэтгүүлчдийг солилцоогоор ажиллуулах, ийм хөтөлбөрийг боловсруулж байна.

-Өөрийн тань хувьд сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудыг бэлдэж байгаа сургуулиудад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар асуух гэсэн юм?

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, мэргэжилтэн бэлтгэж байгаа, сэтгүүлч бэлтгэж байгаа улсын болоод хувийн сургуулиуд хэвлэл мэдээллийн салбар редакци болон сонин, телевиз сайт руугаа хандахаа больчихсон байна. Дунд нь гүүр болдог төрийн бус байгууллагууд нь ажиллахаа больчихсон байна. Сургууль нь төлбөрөө л бүрэн авч байвал тухайн сэтгүүлчийн боловсрол, мэдлэг, цаашид хэрхэн ажиллаж амьдрах нь огтоос хамаагүй болсон байна. Сургуулиуд оюутнууд дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Оюутнууд дадлага гээд хийдэг, үүнийг хариуцлагажуулаад гэрээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг явж байгаад дадлага хийсэн гэдэг бичиг авахыг боддог. Тухайн мэргэжлийн редакцийн бодлогыг ч ойлгодоггүй. Ийм оюутнууд төгсөж ирээд сэтгүүл зүйгээ баллах ажил хийнэ шүү дээ. Сэтгүүлч бэлддэг сургуулиуд мэргэжлийн редакцитай уялдаа холбоотой байх хэрэгтэй. Үүнийг МСНЭ, Сайтуудын холбоо нь хийдэггүй юм бол манай холбоо хийе. Мэдээ бичиж сурах, сурвалжлага ингэж хийх, ярилцлага ингэж хийх гэдгийг сайн сурах хэрэгтэй. Эргэх холбоо байхгүй болсон байна. Тэгж л боловсон хүчин дээрээ анхаарахгүй бол манай салбарт ажилладаг боловсон хүчин байхгүй болчихоод байна, ний нуугүй хэлэхэд. Харин манай хэвлэлийн салбарт өнөөдөр хэн ноёлж байгаа юм. Дундын бүсийнхэн буюу сэтгүүлч бус нөхдүүд ноёлж байна. Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид мөрөөрөө ажлаа хийгээд хэр таарсан цалингаа аваад явж байна. Сэтгүүлчдийг өнөөдөр шантаачид, улс төрчдийн бууны нохой гэж цоллож байна. Муу муухай бүхнийг сэтгүүлчид рүү, энэ салбар руу чихэж байгаа. Ингэж болохгүй ээ. Шантааж нэртэй нөхдүүд мэргэжлийн бус зүгээр Пи арчид, сайт нэртэй нэг юм нээчихсэн нөгөөх нь мэргэжлийн редакци байтугай хаяг ч алга. Гэртээ сууж байгаад юм уу, эсвэл кофе шопт аяга кофе уугаад ажлаа хийдэг, энэ бол сэтгүүл зүй биш ээ. Мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг редакцитай, буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээх чадвартай, нийтлэлийн бие даасан бодлоготой ийм байдаг. Сэтгүүл зүй дундын бүсийнхний тоглолт болоод дууслаа.Шантаачингуудаас салах ажлыг мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө хийх ёстой.

Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт улсад бүртгэлтэй 63 төрийн бус байгууллага байна. Энэ бүгдээс Удирдах зөвлөлтэй өөрийн гэсэн оффистой, ажлын албатай, албан шаардлага хүргэдэг, тодорхой хүрээлэлтэй хэдхэн байгууллага байна. Үүний нэг нь НСНХ юм. МСНЭ манай холбоо хоёрын дунд ямар нэгэн зөрчилдөөн байхгүй. Манай холбоо бол төвийг сахина. МСНЭ бол 60 гаруй жилийн түүхтэй том байгууллага, салбар маань 100 гаруй жилийн түүхтэй том салбар. Монголын буян их гэдэг шиг хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн буян их гэж боддог. НСНХ өөрсдийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарын ажлыг нэр төртэй сайн гүйцэтгэж байгаа гэж хэлмээр байна. Харин энэ салбарт хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх цаг нь болсон. Одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Их хурал руу орох гээд Хууль зүй дотоод хэргийн яаманд ажлын хэсэг нь ажиллаж байна. Хууль зүйн дэд сайд асан Б.Элбэгсайхан ахалж байсан бол одоо дэд сайд Баатаржав ахлах байх. Хэвлэл мэдээллийн хуулийн ажлын хэсэгт энэ салбараас гол төлөөллүүд орж байж хууль сайн болно. Төрөөс олгож өгсөн мэргэжлийн нэг байгууллагатай болгоё тэр нь ротациар сонгогддог, МСНЭ, НСНХ, МСХ, ХМЗ эд нараас төлөөллөө оруулдаг, ингээд төртэйгээ харьцдаг ийм байх нь зөв байх.

-Сэтгүүлчдийн нийгмийн асуудал гээд амтай болгон нь ярих болж. Үүн дээр таны бодол ямар байна вэ?

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ТББ-ууд тухайлбал, МСНЭ, Монголын сайтын холбоо редакциудын бодлогод ордгоо болих хэрэгтэй. Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг яриад байртай, байшинтай болгоно ч гэх шиг. Тийм хэрнээ боловсролын асуудлыг нь ярихгүй байгаа нь сонин. Боловсролтой, мэдлэг чадвартай хүн дээр баялаг өөрөө ирдэг. Ажиллаж байгаа хүнийг амьдрал бурхан хоёр өөрөө шагнадаг. Тухайн редакцид хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан бол тухайн редакийн боловсон хүчин. Редакци нь цалинг нь олгоод нийгмийн даатгалыг нь төлөөд явж байна гэдэг чинь нийгмийн асуудлыг нь шийдээд явна гэсэн үг. Гэтэл редакцийн энэ ажилд хөндлөнгөөс дайрч ороод машинтай, байртай болгоно гээд нийгмийн асуудлыг нь яриад байх нь утгагүй. Харин мэргэжлийн холбоодууд яах вэ гэвэл редакциудтай ярилцах ёстой. Яг үнэндээ хэвлэл мэдээллийн салбар бол бизнес юм. Үүнийг бизнес биш гэж хэн хэлэх юм бэ. Сонин хэвлэлийн үг бүхэн нь мөнгө байдаг, телевизийн эфирийн цаг минут бүхэн мөнгөтэй. Төрөөс төсөв мөнгө гэж огт авдаггүй, бор зүрхээрээ явдаг ийм л салбар. НСНХ манай холбоонд гишүүнчлэлтэй аль нэг сонин, сэтгүүл, телевиз, сайтын сэтгүүлчийн нийгмийн асуудлыг ярьж болохгүй. Харин тэнд эрх нь зөрчигдөж байна уу, боловсролынх нь асуудал дээр редакци нь анхаарч байна уу гэдгийг л анзаарч, энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар байна, хөгжлийн индекс нь ямар байна гэж үзэхээс эмзэг асуудал дээр нь дөрөөлж улстөрчид шиг ажиллаж болохгүй…

-Ам нээвэл уушиг нээ гэдэг шиг сэтгүүл зүйн салбарт өөр ямар асуудал байна?

-Манай салбарт эв нэгдэл байхаа больжээ. Нуулгүй хэлэхэд улстөрчдийн халаасанд гүйгээд орчихжээ. Улстөрчид хууль баталдаг байж өөрсдөө хуулиа их зөрчдөг. Үүнтэй адил манайхан улс төрчдийн аль ч бөөрөнд нь наалдчихсан юм. Ихэнх сайт, сонинууд улстөрч эзэнтэй. Үүнийгээ ил тодорхой зарлах хэрэгтэй ш дээ. Яагаад зарлах хэрэгтэй вэ гэвэл тухайн редакциас цензуртай үнэн бодит мэдээ гарч байна уу, нэг талыг бариад байна уу гэдгийг нь мэдмээр байна. Сошиалд бодит бус байдлыг маш их сэвж байна.Үүн шиг мэргэжлийн сэтгүүлзүйгээс ард түмэн үнэн бодит мэдээллийг хүсдэг. Сонины эрхлэгч, эсвэл төр засгийн хэвлэлийн албаны дарга, дарга нэртэй нөхдүүд улстөрчдийн халаасанд орсон. Үүнийг би ил цагаан шударга хэлнэ. Тэр нөхдүүд л сэтгүүлчдээ цөөн төгрөгөөр хуураад сууж байдаг. Өөрсдийнх нь хүүхдүүд болохоор төрд өндөр алба хашдаг. Өөрсдөө нам дамжсан, нам доторх бүлэглэлийн эрх мэдлийг хамгаалж хаацайлдаг, хэвлэлээр гарах асуудлыг хариуцаж хаалт тавьдгаа болих хэрэгтэй. Өрмийг нь авдаг байсан бол одоо хусмыг нь авдаг болсон байна. Өнөөдөр манай салбарт чадвартай, чансаатай, боловсролтой, сэтгэлтэй залуучууд зөндөө байгаа. Тэдэнд байраа тавьж өгөх хэрэгтэй. Сүүлийн үеийнхэн үгээ зоригтой хэлмээр байна. Болохгүй байгаа, бугшмал байдлыг задлах хэрэгтэй байна. Бид шүүмжилж чадахаас яг барьж аваад хийж чаддаггүй. Шүүмжлүүлсэн ч гэсэн ажлыг хийж гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй байна. Дээрээс нь манай салбарт би-гээр өвчилсөн хүмүүс олширч байна. Орчин үед би биш бид гэсэн чиг шугам мөрдөгддөг, ганцаарчилсан тоглолт хэрэггүй. Редакциудын нэгдэл чухал байна. Сэтгүүлчийн нэр хүнд шалаар нэг уналаа гээд хэн хүнгүй хэлэх болсон. Ингэхэд хэн унагасан юм, манайхан өөрсдөө л улстөрчидтэй нийлж салбараа татаж унагасан биз дээ. Одоо үүнийг хэн аврах юм, тэр улстөрчид чинь аврахгүй. Бид өөрсдөө аварна. Нийгэмд эрүүл сэтгүүл зүйн аяныг хийх хэрэгтэй. Үнэхээр л сэтгүүл зүйн гал тогоондоо хайртай, эндээс хоолоо олж идэж байгаа хүмүүс үүний төлөө одоо явах цаг нь болжээ гэж хэлмээр байна. Ингэж байж салбарын нэр хүнд өснө, салбараа бид аварч чадна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд төр дэргэдээ хэвлэлтэй байж болохгүй гээд заачихсан байгаа. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газар, бүх яамд, аймаг, нийслэл бүгд хэвлэлийн аппараттай, бүгд дэргэдээ студитай болсон. Хэвлэл мэдээллийн ажлыг тэд өөрсдөө хийгээд эхэлж байна. Яам бүхэн дүүрэг бүхэн хэвлэлийн албатай болсон. Тийм болохоор хэвлэлийн эрх чөлөөний хуулинд маш сайн өөрчлөлтүүдийг хийж өгөх нь чухал. Намаас ангид гэж бүгд хэлдэг боловч бүгд нам улс төртэй ойр, намаас улстөрчдөөс санхүүжиж байна. Зарим нэг телевиз сонин аль нэг намын хэвлэлийн алба шиг ажиллаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Болохгүй бол хуулинд нь тусгаж өгөх шаардлагатай. Тод өнгө болохоос илүү түмний талд л ажилладаг салбар ш дээ. Гэтэл одоо мөнгөтэй бүхний талд ажилладаг болчих гээд байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунболдын өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх: Барилдсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ баяр наадмыг зохион байгуулах хорооных биш, бөхийн салбар хорооны асуудал

-Э.ОЮУНБОЛДЫН ДАВАА БҮРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХОЁР ЖИЛЭЭР ХАССАН, ЦОЛЫГ НЬ ХУРААХ САНАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ УЧРААС ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ӨГСӨН. ОДОО УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЯНАГДАЖ БАЙГАА-

Улсын аварга Э.Оюунболдын өмгөөлөгч Б.Эрдэнэмөнхтэй цөөн хором ярилцлаа.


-Бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудал нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Сэргээшийн шинжилгээгээр бөхчүүдээс хориотой төрлийн бодис илэрч олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Бөхчүүдийн сэргээшийн асуудал олон жилийн өмнөөс эхтэй, ужгирсан асуудал л даа. Сүүлийн жилүүдэд үзүүр, түрүүний бөхчүүдээс хориотой төрлийн бодис илрээд байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж байх шиг байна.

-Бөхчүүд допинг хэрэглээгүй, гэхдээ илэрсэн тул хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгдэл хийгээд байгаа. Тэгэхээр хэрэглэснээ мэдээгүй байж болох юм уу?

-Бөхчүүдийн мэдэгдэл, тайлбар зэргийг харж байхад энэ асуудалд зөвхөн бөхчүүдийг буруутгаж боломгүй байна. Тухайлбал, 2019 оны түрүү бөх Э.Оюунболд, 2020 оны үзүүр бөх Н.Батсуурь нарын тайлбараас үзэхэд өмнө нь улсын өндөр дээд цолонд хүрсэн, олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс болохын хувьд сэргээшийн төрлийн бодис хэрэглэх шаардлага байхгүй гэж итгэх логик өнцөг байна л даа. Хэрэглэвэл илрэх нь тодорхой, сэргээш хэрэглээд өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж авсан цол, амжилт нэр хүндээ алдах болчимгүй үйлдэл хийхгүй л байлтай. Гэтэл шинжилгээгээр сэргээш илэрчихээд байдаг. Тэгэхээр асуудлыг цогцоор харвал энэ нь зөвхөн бөхчүүдийн асуудал биш, “тамирчдыг дэмжих ажилтан” буюу дасгалжуулагч, багийн гишүүд, менежер, эрүүл мэндийн болон эм зүйн ажилтны хариуцлагын асуудал, “хориотой бодис олж авах, хэрэглэх арга замуудыг хязгаарлах” асуудал, төрөөс сэргээшийн эсрэг байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, шинжилгээний дээжийг авах, хадгалж хамгаалах, тээвэрлэх асуудал, өнгөрсөн хойно нь биш, урьдчилан сэргийлэх ажлууд хийх шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх ажлуудад тухайлбал, гэнэтийн болон явцын тэмцээний өмнөх шинжилгээ, ухуулах, ойлгуулах сургалт, сурталчилгаа явуулах гэх мэт. Тачирчдад урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэтийн сорил шинжилгээ хийж ч болно. Эдгээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд эрх зүйн үндэс нь НҮБ-ын ЮНЕСКО-ын 2005 оны 10 дугаар сарын хуралдаан батлагдаж, Монгол Улс 2007 оны наймдугаар сард нэгдэн орсноо соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Олон улсын конвенц” юм. Энэ конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга механизм дутмаг байдал нь өнөөдрийн энэ сэргээшийн асуудлыг газар авахад хүргэж байна. Уг асуудал бөхчүүд бүгд жудагтай болоод, олон нийт дургүйцлээ илэрхийлээд, сэргээш илэрсэн хэдэн бөхчүүдээ ад үзээд шийдэгдчих асуудал биш. Тэгэхээр мэдлэг мэдээлэлгүй, хяналт хариуцлагагүй байдлаас үүдэлтэйгээр хориотой бодис хэрэглэсэн байх бүрэн боломжтой гэж харагдаж байна. Үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын томоохон үйл явдлын нэг болсон үндэсний бөхийн спорт нь тусгаар тогтносон Монгол Улс байгаа цагт байж байх их өв соёл юм.

-Тэгэхээр уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж цэгцлэх вэ?

-Зөвхөн сэргээшийн асуудал биш, үндэсний бөхөд тулгарч буй асуудлуудыг холбогдох төрийн байгууллагууд, бөхийн холбоо, мэргэжилтнүүд хамтраад цогцоор нь шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаа хэрэгжүүлэх чадавхыг бүрдүүлж, хяналт, хариуцлагыг сайжруулсны үндсэн дээр үндэсний бөхөд шударга өрсөлдөөн бий болно,нэр хүнд нь өснө.

Миний бие энэ өв соёлд хайртай, үндэсний бөх сонирхогч монголчуудын нэг болохын хувьд шударга өрсөлдөөн үзэж, элдэв хардалт сэрдэлтгүй бахдан цэнгэхийг л хүсч явдаг даа.

-Сэргээш хэрэглэсэн асуудал нь зөвхөн бөхчүүдийн буруу биш гэж байна. Тэгэхээр одоо сэргээш илэрсэн бөхчүүд яах ёстой вэ. Та өмгөөлөгч хүний хувьд зөвлөвөл?

-Үнэхээр сэргээш хэрэглээгүй гэж байгаа бол хүрээд ир ээ, өмгөөлөөд өгье гэж л хэлье дээ.

-Та Улсын аварга Э.Оюунболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Түүний сэргээш хэрэглэсэнтэй холбоотой асуудал одоо ямар шатанд яваа вэ. Олон нийт сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй шүүхээр явлаа гэж шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?

-Э.Оюунболд аваргын хувьд сэргээш илэрлээ гэсэн мэдээ сонсоод анх гайхаж хүлээж авсан байдаг. Үнэхээр хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа хэн ч байсан үнэнийг тогтоохоор оролдоно биз дээ. Сэргээшийн шинжилгээний дээжийг авах, хадгалах явцад зөрчил гарсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол өгөөд хэрэг үүссэн, шалгагдаж байгаа. Э.Оюунболдын даваа бүрийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан, цолыг нь хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас шүүхэд нэхэмжлэл өгсөн. Одоо Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа.

-Олон улсын лабораториос сэргээш хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан байхад Үндсэний баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрт буруу байхгүй юм биш үү?

-Барилдсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооных биш, Үндэсний бөхийн салбар хорооны эрх хэмжээний асуудал юм. Гэтэл Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо эрх хэмжээндээ хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан байгаа.

Ер нь бол Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг замыг сонгосон. Ардчилсан улсын иргэн хэн ч байсан шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Уучлалт гуйсан нь жудагтай, эрхээ хамгаалахаар шүүхэд хандсан нь жудаггүй гэдэг асуудал байж болохгүй. Эрхээ хамгаалахын төлөө хуулийн хүрээнд явж хэнийг ч хэн ч байсан саад хийж болиулж болохгүй. Шүүх л эцсийн шийдлийг гаргана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хээрийн хууль (II)

Түрүүч нь №186(6552) дугаарт

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ГУРАВ. ПҮРЭВДОРЖИЙН АРГУМЕНТ

1962 онд Чингис хааны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад Москвагийн шахалтаар зогсож, удирдан зохион байгуулсан хүмүүс, дэмжсэн уран бүтээлчид буруутаж, зарим нь шийтгэгджээ. (Монгол Улсын ямар ч хуулинд Чингисийг магтах хийгээд буруушаахтай холбоотой зүйл анги байхгүй гэдгийг дурдаад цаашаа явцгаая) Буруутсан хүмүүсийн дотор “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгээрээ алдаршсан, нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж багтжээ. Монголчуудын аугаа өвөг-Чингис хааныхаа ойг тэмдэглэх сургаар, онгод нь бадарсан найрагч “Чингис” шүлгээ туурвиад эх орондоо ч хэвлүүлж амжилгүй байтал Чингис хааны ой цуцлагдаж. Гэтэл шүлгийг Зөвлөлт Буриадад хэвлэчихсэн байжээ.

Д.Пүрэвдоржийг Намын хянан шалгах хорооны дарга Лувсанравдан биечлэн дуудаж, улс төрийн алдаатай бүтээлээ гадаадад хэвлүүлсэн ял тулгав. Яг ийм зүйл заалт хуулинд байхгүй ч гэсэн зохих ялыг эхэлж төлөвлөөд, түүнийгээ батлах маягтайгаар шүүхээр оруулан ямар нэг зүйл ангийг төлөөлүүлэн хэрэглэдэг дэглэм байлаа.

Процедур нь ийм. Бүхний дээр байсан Нам ба Намын шүүх болсон Хянан шалгах хорооноос хэн нэгнийг буруутгаад, түүнийгээ шийтгүүлэхээр хууль хэрэгжүүлэгчдэд шилжүүлнэ. Тохирох зүйл анги олох нь шүүх, цагдан сэргийлэхийнхний үүрэг. Тэдний дунд “жижиг хулгай болгоод зохих зүйл анги олох уу”, “Үгүй ээ. Намаас үүрэг болгосон 10 жил хорих чиглэлд тохирох зүйл анги наана чинь алга. Танхайн хэрэг төлөвлөчихөөд нэг юм сэтгэе. Харин та нар танхайрсан болгочихмоор нэг үйлдэл олдог ч юмуу, сэддэг ч юмуу, өөрснөө мэд” гэх маягийн яриа болохнээ дээ, логикоор нь хөөвөл.

Жишээлэхэд, нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг шүүмжлээд нутаг заан цөлөгдсөн Ц.Лоохууз сүйхээтэй нэгэн байсан тул жижиг хөдөлмөр эрхлэн хөөрхөн хөлжижээ. БНМАУ-ын ямар ч хуулинд “МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг шүүмжилбэл цөлнө” гэсэн заалт байхгүй ч Төрийн шийдвэрийг хэн ч гайхширсангүй хүлээж авсан юм.

Тэрчлэн, цөллөгийн нөхцөлийг хуульчилсан зүйл үгүй, “цөлөгдөгч этгээд хоёр хоногт нэг удаа хооллож, арваас доошгүй нөхөөстэй гадуур хувцас хэрэглэнэ” гэхчлэнгийн зохицуулалт ч үгүй. Гэтэл ажилсаг, сүйхээтэй Ц.Лоохууз нам төрийн удирдагчдын итгэлийг хугалан, дажгүй сайн амьдраад болсонгүй.

Түүнийг шийтгэх үүрэг авсан хууль сахиулагчдад аанай л “Цөлөгдчихөөд тэндээ сайхан амьдарсан”, “зовлон эдлүүлж, үйлийг нь үзэх гэсэн Цэдэнбал даргын урмыг хугалсан” гэх зүйл анги олдохгүй. Иймээс, хайсаар байгаад “Улсын худалдаанд гараагүй хар цаас, хадаас олж байшин барьсан нь гэмт хэрэг” болохыг тогтоон яллажээ. Ийм тогтолцоотой нийгэмд Д.Пүрэвдорж найрагчид ямар аюул нүүрлэж байгааг таашгүй.

Гэвч тэрээр сүрхий хэрсүүгээс гадна дэглэмийнхээ тоглоомын дүрмийг сайн анзаарсан нэгэн байж. Д.Пүрэвдоржтой нэг үед гарч ирсэн Р.Чойном найрагч эр зориг, авьяас хоёртоо найдан үзэж тарсаар шоронд орж дууссан байдаг. Харин нөгөөх нь дэглэмийнхээ дүрмийг өөртөө ашигтайгаар эргүүлэн тоглолт хийсээр эрх чөлөөт цагтай золгож, алдар хүндийн оргилдоо гарч чадсан нэгэн, энд жишээлэн буй түүхийг ч дурсах боломж олсон хувьтан.

Яруу найрагчийн өөрийнх нь дурссанаар бол, Намын хянан шалгахын даргад хэлэх үгээ сайн бодож, урьдчилан цэгцэлжээ. Яг л төсөөлж байсанчлан түүнд улс төрийн алдаатай зүйл бичсэнээ гадаадад гаргасан ял тулгав гэнэ.

Д.Пүрэвдорж гуай, За дарга минь, та бид хоёр нэг юмтай хамтарч тэмцэхгүй бол болшгүй нь. Зөвлөлт орныг би гадаад харь орон гэж бодохгүй байна. Зөвлөлт бол бидний ах дүүгийн найрамдалт их өмөг түшиг болсон орон. Зөвлөлтөд бүх хэвлэл ЗХУКН(Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам)-ын удирдлагад байдгийг та бид мэднэ. Гэтэл, Зөвлөлт холбоот улсын коммунист намын шийдвэрээр хэвлэгдсэн бүтээлээс өө сэв эрж байгаа хүмүүс мэр сэр байна. Тэд МАХН, ЗХУКН-ын хооронд яс хаях оролдлого хийж байгаатай та бид хамтдаа тэмцэх үүрэгтэй гэсэн юм яриад хаяжээ. Намын хянангийн айхавтар дарга царай нь хүрлийж байснаа “Гар, чи” хэмээн хөөгөөд, дахин дуудсангүй. Ийм айхавтар гаргалгаа сонссон Лувсанравдан дарга бээр Д.Пүрэвдоржийг шийтгэчихээр Зөвлөлтийн коммунист намын эсрэг үйлдэлд холбогдчих гээд хулчийсан хэрэг.

Зөвхөн улстөрийн шинжтэй үйлдэл дээр л нам оролцож байсан юм биш. Хүний биед мэс хэрэглэн, хөнгөн гэмтэл учруулсан “Чонон” Борис гэгчийг Нам төрийн дээд удирдлагаас нийгэмд санамж болгон чанга шийтгэх үүрэг өгснөөс үүдэн цаазалсан гэдэг. Борис хумсны хутгаар хүний гуяыг эсгэснээс гадна, өөрөө насанд хүрээгүй байжээ. ХХ зууны дундуур болсон явдал.

Эндээс ямар ойлголт гарах вэ? Хууль бол нийтэд тэгш үйлчилдэг зүйл биш. Яах вэ, мод түлдэггүй, мужаан хийдэггүй ч малчин айлд нэг хөрөө байхад зүгээр гэдэг шиг ,улс юм чинь БНМАУ нэг Үндсэн хуультай байхад зүгээр. Хөрөөтэй айлыг хараад, гэрийн эзнийг гарын дүйтэй хүн байхнээ хэмээн тоож болох шиг улсыг маань хөндлөнгөөс хараад “улс шиг улс” байна гэж бодог, хөөрхий.

Тодорхой албан тушаалтан төдийгүй, зөв гаргалгаа харуулж чадсан жирийн хүн ч хууль, дүрмийг хүссэнээрээ тайлбарлан өөрчилж болно. Бас чадал чинь хүрвэл, хамгаалалт чинь байвал хууль цаазын нэрээр тэнд огоот байхгүй зүйлийг хэрэгжүүлэхээс гадна байгаа зүйлийг нь ч хэрэгсэхгүй орхиж болно. Ямар чадал, юу яасны хамгаалалт яриад унав аа гэж үү?

Өнгөрөгч далаад оны дундуур юм даа. Малаа сайн өсгөөд МАХН-ын гишүүн болсон нэг залуу айлын найран дээр агсам тавьж байхыг харсан юм. Хэнхдэгээ ярьж, хүрэн цээжээ гаргасан тэрээр, морины наймаанаас бол муудалцсан нэгэндээ,

-Чи мууг бялба нүдээд хаячихад би шоронд орохгүй, намын арга хэмжээ авахуулаад л үлдэнэ мэдэв үү? Харин чи муу гөлөг, над руу сарвайх л юм бол намын гишүүн, тэргүүний малчинд халдсан хэргээр, маргааш л ачигдах юм чинь хэмээн сүгсэгнэнэ. Үнэхээр ч тийм. Намын гишүүн хүн хэрэг үйлдвэл эхний ээлжинд намын дүрмээр арга хэмжээ аваад орхидог байсан.

Гэхдээ, намын гишүүд дандаа ч жаргаагүй л дээ. Жишээлэхэд, албан хаагч этгээд эхнэрээсээ салбал албан тушаалаа өгөх энүүхэнд. Ямар сайндаа л намын ажилтны эхнэр нь нууц амрагтайгаа хонож байгаад нөхөртөө гардуулсан тухай онигоо гарах вэ? Чемоданаа чирээд гарах гэж байсан нөхрөө “Хотын намын хороо байхад, чи муу хаашаа зайлах билээ” хэмээн дарамталсан гэх. Үнэний ортой онигоо.

Харин, 1990 оны эхээр, голдуу нам эвлэлийн шугамаар дэвшиж явсан олон ажилтан эхнэрээ сольж билээ. Улсынх нь хууль Намын дүрмийн дээр нь гарч ирснийг ашигласан хэрэг.

ДӨРӨВ. ХУУЛИЙГДАГАХУУ, ДАГУУЛАХУУ?

Хууль зөрчихгүй амьдарсан нь дээр үү, хуулийн дээр гарсан нь өлзийтэй юү гэсэн асуулт эндээс гарна.

Бичигдсэн үг үсэг, биелэлт хоёр нь зөрдөг хуулийг дагаж амьдрах хэцүү. Санаандгүйгээр буруутах аюул алхам бүрт отоостой. Харин хуулийн дээр суувал хууль зөрчсөн ч түүнийгээ зөрчөөгүй дагасан болгож чадна. Энэ уламжлал өөр өөрийн дүрмийг бие биедээ ээлжлэн тулгадаг дайнч нүүдэлчдийн амьдралын хэвшлээс эхтэй байж мэднэ. Тэдний хэн ялсан нь өөрийн дүрмээ тулгана. Дүрмээ тулгаж чадаж байгаа бол ялагч. Чухам эндээс л нүүдэлчдийн дунд байсан хууль үл хэрэгсэх, эсвэл дээр нь гарч зогсох замаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, престижээ бататгадаг хандлага үүсссэн бололтой.

Ийм хандлагыг өөгшүүлэгч нь Чингис хаан өөрөө байлаа. Дэлхий дахиныг нэгэн тугийн дор журамласан, Монголчуудыгаа “Их засаг” хэмээх алдарт хуулинд захируулсан тэр хүн. Ер нь бол Монголын анхны Үндсэн хуулийн эцэг юм даа.

Хэрвээ таны дэргэд “Монголын нууц товчоо” байгаа бол 205 дугаар зүйлд Боорчийг “есөн удаа гэмт хэрэг хийхэд нь шийтгэхгүй байх”-аар урамшуулсан тухай өгүүлнэ. Хааныхаа шагналыг хүртэж, дээдэст хайрлагдсан хүн гэдгээ харуулахын тулд иргэн Боорчи есөн удаа гэмт хэрэг үйлдэх учиртай. Ингэж гэмээнэ түүнийг олон нийтээрээ хүндэлж, хүлээн зөвшөөрнө өө дөө.

Эндээс, нүүдэлчин баатар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуулиас дээгүүр байгаагаа л харуулах учиртай. Эсвэл хуулин дээгүүр алхах эрхийг жолоодогчоосоо авах хэмжээний гавьяа байгуулах шаардлагатайг харна. Хэрвээ хуулиас дээгүүр л байгаа бол чи ялагч, бусдыгаа дагуулагч, за даа ер нь хүний дайтай яваа л гэсэн үг.

Хубилай хаан Хятадыг байлдан дагуулж, Их Юань гүрэн байгуулаад монголчуудыг хууль бараг үйлчилдэггүй шахам давхраа болгон хуульчилсан нь мөн л үндэстнийхээ престижийг нотолсон явдал байлаа.

Монголын эзэнт гүрэн, Юань, Гадаад монгол, тэр ч байтугай феодалын дэг ёс арилан оджээ. Хүмүүс хүчирхэг удирдагч, сайн хаанд найдахын оронд бүгдэд тэгш үйлчилдэг хуулийн засаглал руу дараалан шилжлээ. Монголчууд ч Халх журам, Гадаад Монголын хууль зүйл, Тангаргийн гэрээ, 1924 оны Анхдугаар үндсэн хуулиар дамжин өгсөөд л явлаа.

Гэвч хуулийг үзэх үзэл нь бараг л хэвээрээ шахуу ХХ зууныг тууллаа. Өөрөөр хэлбэл, хуулийг дагаж амьдарсанд орвол, түүнийг мөрдөх дүрэм хэнд байгааг зөв харах, хэн дүрэм зохиогчийн талд байгааг анзаарах, дүрэм зохиогчид олсон нүүр тал зэрэг нь чухал байсан нь байсаар л байгаа гэсэн үг.

Энэ үзэгдлийг Баабар тайлбарлахдаа, өнгөн талаасаа тусгаар мэт засаглал хуультай мэт боловч Манжийн вассаль, Зөвлөлтийн дагуул байдлаар 300 жил явсны ул мөр гэж үздэг. Гадаад Монголд Чин династийн хууль үйлчлэхгүй, БНМАУ-д Зөвлөлтийн Үндсэн хууль албан ёсоор хамаагүй байсан. Гэхдээ, Манжийн эсрэг боссон Чингүнжавыг Бээжинд цаазалж, БНМАУ-ын нам төрийн удирдагчдийн Зөвлөлтийн эрүүгийн хуулиар зүйлчлэн яллаад Москвад буудан хороожээ. Эндээс үүдээд, харийн гүрний эрхшээлд байгаа улсынхаа хууль цаазыг гаднаас тулгасан хүчирхийлэл хэмээн харж, аль болох зөрчих, давах эрмэлзэлтэй байсан байж болох юм хэмээн тэр үздэг. Хуулийг эсэргүүцэх нь эзлэн түрэмгийллийг эсэргүүцэх хэлбэр болсон гэсэн үг.

Үнэхээр, 1921 онд Хятадын гамин цэргээс салах гэж хувьсгал хийсэн боловч Зөвлөлтийн улаан армийн гарт орсон монголчууд Үндсэн хуульт хаант улс, эсвэл Швейцарь лугаа адил төвийг сахисан Бүгд найрамдах улс болох гэж хэд хэд оролдоод, түүндээ таарах Үндсэн хууль зохиогоод бараагүй юм.

Коминтернийхэн Зөвлөлт маягийн, шашингүй, бас хувийн өмчгүй БНУ байгуулах бэлэн төсөл авчраад, түүнийгээ орчуулаад батлахыг тулгажээ. Ингээд бодохоор 1924 оны үндсэн хууль нь зууны тэртээд Бээжин дэх Монгол журганаас гаргасан Гадаад Монголын хууль зүйлийн бичгээс юуны ялгаа, айн?

Гүй ээ яах вэ, “оргүйд орвол охинтой” гэгчээр, Бээжинд ч биш, Москвад ч биш, төрөлх Монголдоо, хүний эрхэнд ч гэсэн өөрснөө гар өргөх байдлаар баталсан аж, 1924 оны Үндсэн хуулийг.

Хууль батлах яах вэ, тал нутагт, хуулиас дээгүүр гарах замаар өөрийгөө нотолдог уламжлал хаачих билээ? Эрх мэдэлтэн, ихэс дээдэс, дарга удирдагч хэмээх элит хэсэгт ороогүй үлдэгсэд хэрхэн өөрийгөө харуулж, дайчин мөн чанараа илэрхийлэх билээ? Арга байж л таарна.

Сайн эрс хэмээх малын хулгайч нар баригдсан ч хэрэг хүлээдэггүй, нутаг усаа зааж өгдөггүйгээрээ алдартай. Хэргээ үл хүлээх нь нэг талаасаа хилс ялыг эсэргүүцэх хэлбэр мөн. Түүнээс гадна хуулийг үл хүндэтгэх, үл зөвшөөрөх байр суурь юм. Шилийн сайн эрчүүдийн заримыг нь “Есөн эрүү давсан” хэмээн бахдан хүндэлсээр ирсэн нь 9 зүйлийн эрүү шүүлтээр залхаасан ч, улайм цайм үйлдэл дээрээ баригдсан хэргээ хүлээгээгүй гэсэн үг. (Тэднийг ядаж л эрэн сурвалжлах хүрээнд баривчилна уу гэхээс, зүгээр явахад нь саатуулаад “Харах царайнаасаа хулгайч байна” хэмээн эрүүдээгүй л болов уу)

Шилийн сайн эр гэдэг бол бие махбод, сэтгэл санааны ер бусын тэнхээгээр хуулийн дээр гарч чадсан нэгэн сайн эр ажгуу. Хэрвээ тэр, хууль цаазыг хүндэтгэн, нэрээ болон нутаг усаа үнэн зөв мэдүүлбэл хэрэг явдал өөрөөр эргэнэ. Хулгайчийн учруулсан хохирлыг нь төрөлх нутаг хошуу нь гаргаж барагдуулах болдог байна. Иймээс, хийсэн хэргээ хүлээх байтугай ч өөрийгөө ч “тэр мөн” гэж хүлээн зөвшөөрөлгүй хуулийн дээгүүр туучин гарагсад нь нутаг хошуугаа, хүн ардаа ч хамгаалан баатарлагчид болж хувирна.

Харин ХХ зуунд сайн эрсийн явдал түүх болж, мал хулгайлах нь социалист өмчийг шамшигдуулсан хүнд ноцтой гэмт хэрэгт тоологдов. Өмчийн хэрэгт заримдаа цаазын ял оноох. Малыг өөрийг нь алга болгох байтугай, түүнээс гарах учиртай үс ноосыг дутаавал шоронд явна. Ийм учраас, сайн эр төрөхөө болив.

Хүн гэдэг амьтан өөрийгөө л илэрхийлэх, боломжтой хүрээндээ хүлээн зөвшөөрүүлэх гэж л оршин тогтнодог хойно. Нэг арга олдож л таарна. ХХ зууны монгол хэлнээ “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг хэллэг шинээр орж ирлээ. Харахад гэм зэмгүй энэ үг дүрэм журмын дээгүүр алхахыг зааж байгаа юм. Дээгүүр өгүүлсэн “Чадаж байх” гэдэг ойлголт ч бас энэ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Петербургийн туужис”

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгаар хэвлэгдсэн Оросын суут зохиолч Н.В.Гоголийн “Петербургийн туужис” зохиолын тухай ярьж өгье. Энэ номыг аль 1987 онд орчуулжээ. Уг номд “Невийн өргөн чөлөө”, “Хамар”, “Хөрөг зураг”, “Шинель”, “Галзуу хүний өдрийн” тэмдэглэл зэрэг туужууд байдаг. “Невийн өргөн чөлөө гэдэг туужаас нь та бүхэнд жишээ болгон сонирхуулъя. Залуу зураач, залуухан офицер хоёр Невийн өргөн чөлөөгөөр зугаалж яваад үзэсгэлэнт бүсгүйтэй тааралдана. Зураач залуу нь тэр хүүхнийг дагаад явдаг. Түүний үзэсгэлэн гоо хэтийдсэн агаад хэн ч хараад дурлахаас өөр арга үгүй. Зохиолч энэ тухай бичсэнийг уншиж үз дээ. “Бүрх малгайнх нь доороос доош унжиж буй тэрхүү гайхамшигт сайхан буржгар мушгиа үснийх нь нэг хэсэг үдшийн жихүүнд даарсан ягаахан хацрыг нь илбэнэ. Түүний уруул гайхамшигт хүсэл мөрөөдлийг агуулан амлаж байлаа. Хүүхэд наснаас үлдсэн ариун дурсгал, зулын гэрэлд сэтгэлд урсан орж ирдэг бүхий л сайхан мөрөөдөл, онгод, хүслэн, жаргал төгс төгөлдөр уруул нь нийлэн нэгдэж” гэх мэтээр дүрсэлжээ. Тэр сайхан охин нь биеэ үнэлэгч байдаг бөгөөд зураач залуу түүнд хичнээн дурлавч сэтгэлийг нь булааж үл чадна. Хоёул амьдарч гэр бүл болъё гэсэн ч тэр охины хөх инээдийг хүргэн доог тохуу болохоос үл хэтэрнэ. “Би тэгж хар бор ажил хийж байдаг угаагч юмуу эсвэл оёдолчин авгай биш” гэж уурладаг. Ингээд зураач залуу амиа хорлоно. Нөгөө офицер залуу нь бас нэгэн үзэсгэлэнт шар үстэй хүүхэнтэй тааралдаж дагаж гүйх боловч тэр нь герман хүүхэн байдаг бөгөөд нөхөртөй аж. Тэр маш үзэсгэлэнтэй боловч шал тэнэг хүүхэн байв. Гэвч орос офицер үл цуцан эргүүлнэ. Зохиолч “Гэхдээ тэр тэнэг зан нь хөөрхөн зүс царайтай авгайг улам чимж, улам хөөрхөн, өхөөрдөм болгодог билээ. Ямар ч байсан би, авгай нарынхаа тэнэг ааш занд баярлан хөөрч, түүнийг нь бяцхан хүүхдийн гэнэн хонгор зан хэмээн үздэг олон олон харцуулыг мэднэ” гэж бичжээ. Тэгээд хүүхнийг эргүүлж байгаад нөхөрт нь зодуулаад дуусдаг. Уншигч та “Ердөө л ийм юм гардаг гэж үү” гэж яаран урмаа хугалах гэж зүтгэсний хэрэг үгүй. Яагаад гэвэл энэ зохиолчийн уран тансаг орчуулга, зохиолчын адилтгал, зүйрлэл, егөөдөл зэрэг нь үнэн тасархай сайхан билээ. Та бүхэн сонгодог зохиолч, сонгодог зохиол гэж ямаршуухан юм байдаг гэдгийг танилцаж үзэж мэдэрнэ гэсэн үг. Невийн өргөн чөлөөнд явж байгаа хүмүүсийг дүрслэн бичсэн хэсгээс сонирхуулахад ийм жишээний. “Энд та, хэзээ ч таны зүүдэнд орж ирж байгаагүй тийм нарийхан,лонхны хүзүүнээс бүдүүнгүй бэлхүүстэй тааралдаж болно. Та, тийм бэлхүүстэй тааралдмагцаа, санаандгүй, болгоомжгүй бүдүүлэг хөдөлж тохойгоороо түлхчихгүйн тулд хүндэтгэлтэйгээр хажуу тийш зайлж, байгаль, урлаг хоёрын гайхамшигт сайхан бүтээлийг эвгүй амьсгалаад хугалчихгүй юмсан хэмээх айдас аяндаа таны зүрхийг эзэмдэнэ. Та, Невийн өргөн чөлөөнд мөн ч гайхамшигтай эмэгтэй хүний ханцуйтай тааралдав гээч…хэрэв эрэгтэйчүүл нь эмэгтэйчүүдээ сайн сугадаж явдаггүй байсан бол дээш хөөрөн нисчихмээр санагдана. Учир нь эмэгтэй хүнийг дээш өргөх нь, шампан дарстай хундага өргөхтэй адил маш амархан болоод таатай ажил билээ” гэх зэргээр бичсэнийг та уншин бахдах болно. Ер нь энэ номны орчуулга маш сайн болсон байдаг нь манай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэр сайн орчуулагч байсныг илтгэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдэлчний хараал

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


НЭГ. ШИНЭ МАЯГИЙН “ХҮҮР”

-Хаана суралцсанаа ойлгохгүй явсаар баахан юм мэдээд авчихсан гэвэл хүмүүс гайхаж таарна. Гэтэл, хэлбэр нь огт ойлгогдоогүй атлаа, агуулга нь мэдрэгдээд байдаг зүйлс амьдралд бишгүй тааралдах аж.

Ийм юмны нэг нь манай сургуулийн хаяг байв. Ер нь бол учрыг нь олоогүй явсаар төгссөн гэхэд болно. Хаягийг нь ухаараагүй явдал тэнд заасан зүйлсийг ойлгоход огт садаа болсонгүй нь сонин.

Мөнөөх ойлгомжгүй хаягтай газарт найман жил болохдоо олон юмыг хэвийн ойлгож чадаад байсныг нотолсон “Бүрэн бус дунд боловролын гэрчилгээ” хүртэл надад бий. Сургуулийнхаа хаягийг бүрэн ухаараагүй надад болон миний өрөөсөн дугуйнуудад олгосон тэр сертификатад, БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс манай сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар гарын үсгээ итгэлтэйгээр зурсан байдаг.

Гэрчилгээний “Бүрэн бус” гэдэг тодотгол нь сургуулийнхаа хаягийг бүрэн ойлгоогүйг тэмдэглэсэн хэрэг биш бөгөөд 10 жилийн шатлалтай сургуулийн 8 дугаар ангийг төгссөнийг заах аж. Дотор нь математик, физик, утга зохиол, хэл бичиг зэрэг ерөнхий эрдмийг зохих хэмжээнд заалгаж шалгуулсан дүнг жагсаасны дотор сургуулийн хаягтай холбоотой зүйл огт үгүй.

Манай хаяг дээр “Шүлүүстэй сумын хөдөлмөр-политехникийн найман жилийн дунд сургууль” гэсэн бичиг байх. Амьдардаг сумаа мэдээд, сургууль гэдгийг нь ойлгоод, найман жилийг нь багцаалаад байв ч “хөдөлмөр”, “политехник” хоёр дээр очоод гацчихсан.

Боловсролын Яам, энэ этгээд сургуулийнхаа хаягийг ойлгоогүй явдал нь цаашдаа суралцахад саад болохгүй, улмаар бүрэн дунд, дээд боловсрол эзэмшихэд харшлахгүй гэж үзсэн учраас намайг аймгийн төвийн бүрэн дунд сургууль руу илгээв.

Олон жилийн хойно мэдэх нь ээ БНМАУ-д ХХ зууны далаад оноос ирээдүйн коммунист нийгэмд амьдрах өв тэгш хүнийг бэлдэж эхэлсэн юм билээ. Марксын онол ёсоор ирээдүйн коммунист нийгмийн гишүүн нь “өдөр банз харуулдан гампанз хийгээд, орой харьмагцаа театрын шүүмж бичих” хэмжээний боловсрол чадамжтай “Сарваахь-мужаан” байх аж. Монголчууд олон авьяастай хүнийг “арван (гарын) хуруу тэгш” гэж хэлдэг бол Марксын мөрөөдсөн тэр хүн “Хорин(хөлөө нэмээд) хуруу тэгш” болох учиртай ажгуу. ( Зөвлөлтийн шогч И.Ильф, Е.Петров нар “12 сандал” бүтээлдээ “Дунд боловсролтой Слесарь-сэхээтэн” хэмээх нэршлээр энэ үзэл санааг битүү егөөдсөн нь буй)

Хожим мэдэх нь ээ, бидний үеийнхэн тэрхүү “хөдөлмөрчин бөгөөд политехникчин” хүний болох туршилтад аль хэдийнэ орчихсон явжээ. Тэр нь юу гэхээр, хөвүүд, охидыг ялгаад ордог “Дархан мужаан”, “Гэр ахуйн” хичээлүүд үүний баталгаа аж.

Банз харуулдах, сандал хийх цаашаа ахисаар төмөр зорох хичээл орно. Охид нь юм оёх, хоол хийхийг хэлээд заалгана. Гоёор төсөөлөхөд: биднүүс өдөр нь дээд сургуульд дээд тооны лекц уншихаад, орой суурь машин дээр боолт зордог хүн болно гэсэн үг. Эсвэл урвуугаараа, өдөржин банз харуулдаж сандал хийчихээд, шөнө хагаслан тоо бодож, Фермагийн их теоромыг батлах жишээний нэгэн болох нигууртай байх жишээний. Харин зөвхөн сайхан зордог, эсвэл тоо бодохоос өөр чадамжгүй бол коммунизмд амьдарч чадахгүй, айн?

Бяцхан дизель станц асааж, өвлийн улиралд 18.00-23.59 цагийн хооронд тог өгдөг газрын сургуульд хүртэл суурь машин, зоомол цахилгаан өрөм байгааг бодоход биднийг “өвтэгш” хүн болгохоор их л шургуу бэлдэж байж.

Ямар ч байсан бид “өвтэгш хүн” болох бэлтгэл ажлыг хүрээнд олон зуун гурилын элдүүр, гампанз, мах татдаг мод хийсэн. Дарханы хичээл дээр заазуур их урласан. Бусад олон сургууль ч бас хийлгэсэн гээд бодохоор тухайн үеийн БНМАУ-ын бүх малыг (тэр үед 24 сая толгой мал байсан) нэг дор төхөөрлөө гэж бодоход гампанз, заазуураар л лав дутахааргүй байж.

Хүүхэд бүхэн үүнийг чадахгүй тул манай сумын гарын дүйтэй гэгдэх Далх гуай, Гүрцог гуай, Сандаг ах зэрэг хүмүүс “өвтөгш” болох найдвар муутайчуудын эцэг эхийн гуйлгад дараастай. Багш нар хараад л “Энэ ч Сандаг гуайн хийц”, “тэр сандал бол Гүрцог гуайн гараас гарч” гэдгийг мэдэх боловч хэн нэгэн сурагч Цогтгэрэл, Мягмаржав, Сэр-Од нарыг гэрийн даалгавраа сайн хийсэнд эргэлзээгүй тооцно. Бидэнтэй хамт манай сум тэр аяараа суралцаж байсан гэсэн ч болмоор.

Харин аймгийн төвийн сургуульд шилжиж ирээд өвтэгш болох шалгуур бүр хүндэрснийг харав. Сурагчдад алх хийх даалгавар өгөөд, авто засварын заводын токарьч ах нарыг царайчилж явснаа л сананам.

Хачирхалтай нэг юм гэвэл, хичээлдээ тааруухан хүүхдүүд дархан мужааны хичээлд авьяастай биш юм гэхэд мэрийлттэй нь ажиглагдах. Болдогсон бол манай болоод хөрш ангийн зарим нөхдийг анги улируулан зовоож, байн байн самбарт дуудан тэртэй тэргүй ойлгоогүй өдий хүрсэн юмыг асууж эрүүдэхээ болимоор. Оронд нь дуртай мужаан, зүтгэлтэй дархны чиглэлээр явуулбал сургууль ч яс амраад, тэд ч нуруу нь тэниймээр.

Багшийн дэргэд очоод шалгуулж байгаа тэднийг харахад, хэзээ ч хийгээгүй хэрэг тулгагдсан гэмгүй сэжигтнээс ч нажидтай, бас өрөвдөлтэй. Хилс хэрэгт унаж байгаа этгээдэд бол байцаагчийн хэлсэн болгоныг л зөвшөөрөөд байхад хурдан нэг талдаа багтана. Гэтэл сурлага муутай гэмтнээс багш

-Устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомтой нэгдээд ус болсон гээд л хүлээчих! Тэгэх үү? гэхчлэн хэзээ ч асуухгүй.

Хичээл тарангуут л баяр хөөр цацарсан жирийн хүүхэд болон дэгэж дэрвэж оддог тэднийг ихэд өрөвдөнө. Анги танхимд орж ирэнгүүтээ хэзээ ч хийгээгүй гэмт хэргийнхээ буруутан маягтай байцаагдан, самбарын өмнө шүүгдэхийг харах харин ч амаргүй.

Тэдний зарим үнэхээр шүүх, цагдан сэргийлэх байгууллагын байнгын үйлчлүүлэгч болж хувирах. Амьдрал угаасаа шүүх мэт санагдаад сурах, шүүгдэх ялгаагүй санагдсанаас ч тэгдэг байсан юм бил үү, хэн мэдлээ.

Би ч тэднээс дээрдээд байх юмгүй, хичээлдээ боломжийн авч “өвтөгш” болох найдлага багатайн тоонд орно. Миний хийсэн гампанзан дээр, урласан ганжингаар маань гурил элдвэл Сальвадор Дали-гийнх шиг бүтээл гарч мэдэхээс биш, ахуйн хэрэглээний элдсэн гурил хүлээгээд нэмэргүй. Үнэхээр, “далий” бүтээл туурвисан байлаа ч Социалист реализм хэмээх урлахуйн ганц арга зөвшөөрөгддөг нийгэмд тэрний нэмэр гэж үгүй.

Нөгөөдүүлээсээ азтай нь миний өмнөөс “өвтөгш” хүний бүтээл хийгээд өгөх хүн олдоно. Харин тэдний өмнөөс самбарт гарах ачтан гэж үгүй. Иймээс, гол төлөв мужааны хичээлд хамт суралцсан Сандаг ахынхаа хойноос маанийн ерөөл айлтгаму.

Харин охидод маань “Гар ахуй” орохоо болиод, нас бие гүйцэхийн хэрд “Үйлчлэх хөдөлмөр” заасан байдаг юм. Юунд үйлчилдэг, тэгээд яадаг хөдөлмөр зааж байсныг бүү мэд, ямар “юм” сурснаа өөрснөө л хэлэх байх даа.

Үүнээс ч аймаар юм бас байх. Биднээр эхэндээ зурам агнуулж байлаа. Зуны даалгавар шүү дээ. Бусад газрын хүүхэд төгсгөсөн ангидаа үзсэн хичээлээ давтан бататгадаг, эсвэл зүгээр л энэ хорвоод сургуульд сурах, самбарт гарч асуугдах гээч юм огт байдаггүй аятай зугаацан цэнгэж зусдаг ч байсан байж магадгүй.

Харин “хөдөлмөр-политехник”-ээр хүмүүж байгаа бид тэгэхгүй. Зун хичээлээ давтахаас гадна амьтан алахад дадлагажина. Ер нь бол, коммунизмд хүрч чадсан “өвтөгш” хүн байлаа гэхэд аг агнуурхнаар л амь зогоох учиртай байсан юм болов уу, гэмээр. Наснаасаа хамаараад нэг сурагч зуны амралтаараа 5-10 зурам агнаж арьсыг нь авчрах даалгаврыг БНМАУ-ын Ардын боловсролын Яамны нэрийн өмнөөс сургуулийн захиргаа бидэнд өгөх.

Ингээд бид зурамны нүхэнд ус цутгаад, гарч ирэнгүүт нь толгойг хага цохих эрдэм сурцгаав. Фашист германы гитлергюндын тусгай сургалт бус аа, ХХ зууны БНМАУ-д болсон явдал. Ахлах ангид оронгуут хонь алуулж эхлэв. Сум-нэгдэлд улсаас өгсөн төлөвлөгөөний дагуу олон зуун мал нядална. Тэр төлөвлөгөөний тодорхой хэсгийг сургуульд хуваарилна. Тэнд бид хулгана зурам мэтийн жижиг амьтан дээр сурсан мэддлэг чадвараа ахиулна.

Сумын бойны газар (орос хэлний бойня гэдэг үг) хэмээх яргын хашаанд хүүхдүүдийн дутуу алж гэдсийг нь цувуулсан хонь, голыг нь таслахын оронд улаан хоолойг нь таслаад тарчлаан бахируулсан ямаа…( Ум мани бадми хум. Хамаг амьтны, бусдын эрхшээлд үйлдсэн хийгээд мунхагийн эрхээр шохоорхон хийсэн хилинц нүглүүд нимгэрэх болтугай)

Дутуу алагдсан тарчилсан малыг томчууд заримдаа гүйцээж өгөх ба ингээгүй тохиолдолд нийлж амыг нь барьсаар бүтээж алдаг байж. Аймшгийг зохиолын хаан гэгдэх Стивен Кингийн туужийн хэсэг бус “өвтөгш хүн” болохоор чармайж яваа БНМАУ-ын хүүхдүүдийн нэг өдөр.

Дотуур байрны нэг өрөөнд амьдардаг Ц.Сэр-Од гэдэг найзтайгаа “анги танхимд сурсан зүйлээ” бататгах хүрээнд айлын идэш хийж үзэв. Нэг богийг нэг төгрөгөөр тооцон төхөөрч, тус бүр 10 гаруй төгрөгтэйгөөр анхны капиталаа хуримтлуулж байтал хэрэг бишидлээ. Ар гэрийнхэн бидний бизнесийн гарааг дуулаад их багагүй л галзуурах дөхсөн юм байх. Муу ээж минь, дуулуутаа л бараг дээлээ солилгүй мордоод ирсэн байж билээ. Үхтлээ загнуулаад, дахиж хэзээ ч амьтны амь тасалж мөнгө олохгүй гэдгээ андгайлснаар анхны “старт-Ап” төсөлдөө цэг тавилаа.

Харин анги танхимд бидэнд хүнлэг үзэл, энхтайванч ёсыг заана. Сургуулийн босго алхмагц “Хүний зүрхийг үгээр дулаацуулна. А.С.Пушкин” гэсэн сэтгэлийн утас хөндсөн мөрүүд биднийг тосох. Тэнд бид дэлхийн сонгодгууд, хүнлэг үзэл санааны туг болсон эрхмүүдийн номлолд боловсрох. Аа бас гараад амьтан алах дадлага хийх. Бусдын төлөө эргэлзээнгүй амиа өгөх, бас бусдыг эргэлзээнгүй алсан ч чадах учиртай байсан юм болов уу “өвтэгш” хүн маань.

Азаар, ямар ч үзэл санааг өнгөц төдий дагаад хэрэггүй болсон газарт нь хаядаг нүүдэлчдийн удам байлаа, бид. Өвлийн дээлээ хаваржаан дээрээ тайлаад явахдаа, зуны тэрлэгээ намаржаанд буугаад далд хийхдээ өчүүхэн ч гайхаж эргэлздэггүй шигээ, “өвтэгш” болгох бүхий л сургалтыг танхимд нь, бойны цэгт нь орхиод бид цаашаа явцгаасан. Бид өвтөгш коммунистад хувиран хүмүүжээгүй, бас террорист ч болоогүй нууц энд л байгаа байх. Сурсан мэдсэн бүхнийг буурин дээрээ хаяад, шинэ өдөр, шинэ цаг агаарт дасахаас өөр аргагүй болгодог хээр мал минь. За энэ ч яах вэ, гол юмандаа орох минь.

…Ахлах ангид орохын хэрээр, бидний “хөдөлмөр ба политехник” сургалтад дэвшил гарч суурь машин дээр юм хийж үзэв. Тэр нь цахилгаан өрмийн машин гэж юу болохыг мэдэх бас түүгээр төмөр өрөмдөж үзэхээс эхэлсэн юм, уг нь.

Гэтэл, манай ангийн Чадраа золиг, өрмийн даралт тохируулдаг гарыг хамаг бяраараа дараад хөдөөгийн бяцхан суманд ирээд байсан технологийн шинэ эрэмбийг хийсгэж орхив. Тасхийн дуугараад тэртээ булан рүү үсрэн одох өрөмний хугархайтай хамт “коммунист өвтөгш хүн” болох найдлага шунгинан нисч одсон хэрэг.

Сайхан ааштай, өвгөн багш маань царай нь хувьсхийн босч ирснээ,

-Эй, яс нь цайрсан хүүрнүүд, яс нь цайрсан хүүрнүүд… яс нь цайсан хүүрнүүд хэмээн харааж гарлаа. Харин “Яс нь цайрах” нигууртай хүүрнүүд нь чив чимээгүй. Тарчигнаж байсан суурь машин ч дуугаа хураав. Нам гүм байдал нь багшийн уурыг улам дүрсхийлгэсэн бололтой, илүү чанга тембрээр “ясан цайсан хүүр”-ээ урсгана.

Ядрах шинж түүнд үгүй. Тэндээс би, монгол хүн хараахаараа харин ч хүч орж байгааг харах шиг санагдсан. Төө хэрийн урттай тэр өрөм, багшид төдийгүй манай сумын хэмжээгээр ганцхан байсан эд байхаа, тэгж их харамсаж байгааг бодоход.

Багш маань, ганц өгүүлбэрээс бүрдсэн ч үл дуусах, үл дундрах хараалынхаа чөлөөгөөр,

-Зайлцгаа… гэдэг сул үг оруулангуут үүнийг л хүлээж байсан мэт бид дэрхийн гараад “яс нь цайхаар” одлоо. Багшийн уншлага, хөвөн зулж хавсан даалимбан давхаргатай хаалганы цаана бүдэгрэн үлдэв.

Яс нь цайран үлдэх, амьд бие нь хүүр болох тухайд бидний хэн ч гомдсонгүй. “Хүүр” гэдэг бол бидний өдөр тутам сонсдог, хэлдэг үг байв. Миний найз өвгөчүүдийн нэг, цагтаа чойрын номд умбаж лам явсан Дэмбэрэлсүрэн гуай маань хүртэл багачууд биднийг хурга тугал нийлүүлсний төлөө “Улаан хүүр”-ээр нь өдөржин цоллоод, орой нь сан тавьж, ариулж, өхөөрдөн ерөөж өгөх нь олонтаа.

Хүүр бол хараал гэхээсээ илүү ерийн уулга алдалт, хүч нэмэгдүүлэх сул үг төдий болсон хэллэг. Хэрвээ “намайг хүүр гэж хараалаа” гэсэн гомдол гаргавал “Эрүүл байна уу, хүүр минь”гэсэн хариу ч сонсож мэднэ.

-Би гэдэг хүүр, ингээд хө

-Ямар хөөрхөн хүүр вэ, тиим ээ гэсэн, хараал зүхлийн өчүүхэн ч амьсгалгүй, харин ч эелдэг дотно хүүрнэлийг сонсож болно. (Хүүр, хүүрнэл хоёр нэг язгуургүй гэж найдъя)

Ийм болохоор багшдаа хараалгаж зогссон бид юун гомдох вэ, харин ч “Хүүр”-ийн цоо шинэ, сонирхолтой хувилбар сонссондоо харин ч олзуурхав.

Хэрвээ, манай сургууль үнэхээр л хаяг дээрх шигээ, биднийг “хөдөлмөрчин-политехникчин” хүн болгож чадлаа гэхэд “хүүр”-нээс нь бол салгаж дийлэлгүй үлдээх байсанд итгэсээр явдаг.

Харин ч, монгол хэлний хүндэт үгийн тоонд орж, “Маркс хүүр хэлэхдээ” “Хайрт хүүр МАХН, мандтугай”, “Орон бүхний хүүрнүүд ээ, нэгдэгтүн”(уг эх:Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн) болох ч байсан юм бил үү? Өнөө, Халхад дэлгэрсэн Шарын шашныхан овоо тахих бөөгийн зан үйлийг хориглож барахаа болиод, ламаар тахиулдаг болгож үлдээсэн шиг.

Ингэхэд яагаад “Хүүр” гэдэг үг бидний аманд хоногшин, хэлэгдсэн байдлаараа “Ум мани бадми хум”-ын араас дугаарлах болов?

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм

Д.МАНДАХ: Энэ хичээлийн жилийг “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандахтай ярилцлаа.

-Танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Танай сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдав?

-Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе, манай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагаа хэвийн явагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Манай сургууль “Сургалтын удирдлага мэдээллийн систем” гэдэг өөрийн программтай, энэхүү систем нь сургалтын бүхий л үйл ажиллагааг хэдийд ч цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтой байдаг тул ямар нэгэн ноцтой хүндрэл бэрхшээл гарсангүй. Ер нь бид “ЕСУРГУУЛЬ” болох ажлын хүрээнд шинэ технологи нэвтрүүлж байсан нь хөл хорионы үед их хэрэг боллоо, зөвхөн хөл хорио гэлгүйгээр цаашид ч зарим сургалтуудаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэх боломжтой гэдэг нь харагдлаа. Товчхондоо бид сургалтаа цахимаар явуулахад бэлэн байсан гэж ойлгож болно.

Энэ талаараа тодруулбал?

-Өнгөрсөн 6-р сарын байдлаар МУБИС-ийн 476 багш 1520 хичээлээр 22907 контентыг цахим хэлбэрээр өөрсдийн “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-дээ байршуулсан дүн мэдээтэй байна. Нийт оюутнуудын 84.1 хувь нь мөнхүү цахим хичээлд хандалт хийн суралцсан байна. Бид хөдөө орон нутагт интернетэд холбогдох боломж муу газруудад сургалтын контентыг түргэн шуурхай хүргэх зорилгоор “G-Mobile” компанитай хамтран ажиллаж манай сургуулийн программ уруу үнэгүй нэвтрэх эрхтэй гар утасны дугаарыг оюутнууддаа олголоо, ингэснээр хүүхдүүд цаг хугацаа алдалгүй хичээл сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж чадлаа. Хаврын төгсөлтийн үйл ажиллагаа цахимаар амжилттай хийгдэж оюутнууд “Монгол шуудан” компаниар дамжуулан дипломоо гардлаа, элсэлтийн үйл ажиллагаа ч цахимаар хийгдлээ. Мөн ажлын хүрээнд сургуулийнхаа “Сургалтын удирдлага, мэдээллийн систем”-ийг сайжруулсан, тухайлбал уг системийг 9 модулиар баяжуулж, нийт 2 террабайт байсан хүчин чадлыг 72 террабайт болгож 35 дахин нэмэгдүүлсэн. Тэгээд серверийн өргөтгөл, мэдээллийн аюулгүй байдал, “Үндэсний дата төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох ХУР, ДАН системд холбогдсон байна, нийт багш нараа зөөврийн компьютертэй болголоо, цахим номын сан, хоёр ч зайн сургалтын төв байгуулсан гээд олон ажил хийгдсэн.

-За баярлалаа, элсэлтийн үйл ажиллагааны талаар?

-Энэ жилийн хувьд 12-р ангийг 30 орчим мянган хүүхэд төгссөн, манай сургууль 3000 орчим хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ ажил амжилттай зохион байгуулагдлаа. Бид элсэлтэндээ зарим хөнгөлөлт зарласан, одоо ч үргэлжүүлэн нэмэлт элсэлт зохион байгуулагдсаар байна. Манай сургуулийн хувьд сүүлийн 3 жилд элсэлтийн бодлогодоо анхааран багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэх, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор ЕБС-ийн багш нар, төгсөгчидтэйгөө нягт хамтран ажиллаж байгаа, үүний үр дүнд элсэгчдийн чанар тодорхой хэмжээгээр сайжирч байна. Манай сургуульд элсэгчдийн дундаж оноо 610-620 орчим болсон байгаа.

-Тэгэхээр элсэлт хангалттай гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тийм, харин зарим мэргэжлээр элсэгчид буурах хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багш буюу цэцэрлэгийн багш, байгалийн ухааны чиглэлээр элсэгчдийн тоо буурч байна. Бид хүүхэд эхлээд хүн, дараа нь монгол хүн, тэгж байж дэлхийн хүн болох ёстой гэж ойлгодог, гэтэл хүн болох үндсэн суурийг тавьж өгдөг цэцэрлэгийн асуудал санаа зовоож байна. Мөн математик, физик, хими, биологи болон байгалийн ухааны мэргэжлээр элсэгчид өсөхгүй байгаа нь бидний анхаарах асуудал мөн, учир нь хөгжлийн үндсэн суурийг байгалийн ухааны чиглэлийнхэн инженерийн боловсролтнууд тавьж өгдөг гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн элсэлт төдийгүй төгсөгчдийн чанарт ч анхаарах ёстой. Өнөөдөр нийт багш нарын 60 гаруй хувь нь л манай сургуулиар бэлтгэгдэж байгаа, үлдсэн 40 орчим хувь нь багш бэлтгэдэг бусад сургуулийн төгсөгчид байдаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй их дээд сургуулийн 50 хувьд нь багш бэлтгэж байна, тэдгээр сургуулиуд мэдээж багшлах боловсон хүчин, сургалтын орчин нөхцлийн хувьд 70-100 жилийн түүхтэй манай сургуулийн хэмжээнд хүрч чадахгүй л дээ. Тиймээс ажил олгогчид маань аль сургуулийн төгсөгчдийн ажиллуулах тал дээр нухацтай хандах шаардлагатай байгаа нь нууц биш.

-Өнгөрсөн хичээлийн жилд танай сургууль гадаад оюутнаараа улсын хэмжээнд тэргүүлж байгаа гэж байсан энэ жилийн хувьд?

-Хөл хорио тогтоож хил хаасан тул гадаад оюутны асуудал хүндрэлтэй байгаа, гэхдээ элссэн оюутнууд маань цахимаар үргэлжлүүлэн суралцана, бас цахим элсэлт ч зохион байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 1000 гаруй гадаад оюутан суралцаж байна.

-За баярлалаа, бас нэгэн чухал асуудал нь сургалтын төлбөр байдаг. Энэ талаар?

-Энэ хичээлийн жилийн хувьд сургалтын болон оюутны байрны төлбөр огт нэмэгдээгүй, мөн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор сургалтын төлбөрөө улирлаар нь хуваан төлөх боломжоор оюутнуудаа хангаж өгөөд байна.

-Энэ хичээлийн жилийн зорилго юу байгаа вэ?

-Энэ хичээлийн жилийн хувьд “Цахим сургалтын чанарыг сайжруулах жил” болгох зорилт тавиад байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургалт цахимаар явагдаж хаа хаанаа чамгүй туршлага хуримтлууллаа, харин энэ жил мөнхүү сургалтынхаа чанарыг сайжруулах талд түлхүү ажиллах хэрэгцээ гараад байна. Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор хөл хорионы үед олдсон нэг боломж нь цахим сургалтаа амьдралд нэвтрүүлэх, түүний чанарыг сайжруулах талд ажиллах нөхцөл бүрдлээ. Үүнийг ашиглан энэ хичээлийн жилд цахим сургалтынхаа чанарт анхаарах зорилт дэвшүүлээд байна. Мөн 2021 онд манай сургуулийн 70 жилийн ой болно, ойгоо угтан олон ажил төлөвлөөд байна.

-Сургуулийнхаа ойг угтсан ажлын талаар?

-МУБИС 1951 онд байгуулагдсан, манай сургуулийн бүрэлдэхүүнд 99 жилийн түүхтэй Багшийн сургууль байдаг, ер нь монгол улсын ууган сургууль гэж хэлж болно. Бид 70 жилийн ойгоо угтан 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал өнөөдөр багш нарын 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй байгааг 70 хувьд хүргэх, үүний тулд докторын сургалтын төлбөрийг нь 70 хувиар хөнгөлөх шийдвэр гарсан, сургалтын төлөвлөгөөний суурь хичээлүүдээр 70 сурах бичиг хэвлэх, сургуулийн цахим музей байгуулах, мөн ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон ажлууд төлөвлөөд зарим нь хэрэгжиж эхлээд байна.

-Ерөнхий боловсролын 70 сургуультай хамтран ажиллах талаараа тодруулбал?

-Ерөнхий боловсролын 70 сургууль гэдэг нь манай улсын нийт сургуулиудын үндсэндээ 10 хувь нь болж байгаа, мэдээж хот, хөдөөгийн сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулна, гэрээний хүрээнд танилцах, судлах, туршин заах, багшлах гээд дадлагуудаа хийх, тухайн сургуулиудын багшлах сохирхолтой хүүхдүүдийг багш бүлэгт хамруулах улмаар сургуульдаа элсүүлэх мөн өөрийн төгсөгч багш нартайгаа холбоо тогтоох, гэрээтэй сургуулиудын багш нарыг магистрантур, докторантурт хөнгөлөлттэй сургах болон сургуульд нь сургалтын тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гээд олон ажил бий. Жишээлэхэд бид өнгөрсөн хугацаанд Японтой хамтарсан төслийн хүрээнд манай сургууль дээр ажилладаг “Моноцүкүри” төвөөс 840 орчим сая төгрөгийн өртөг бүхий физикийн кабинет, тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 20 сургуульд хүлээлгэн өгсөн байгаа энэ мэтийн ажлуудыг өргөжүүлж гэрээ байгуулсан 70 сургуульдаа дурдсан тоног төхөөрөмжийг өгнө.

– Баярлалаа, эцэст манай сонины уншигчдад хандан юу хэлмээр байна?

-Манай сургуультай хамааралгүй хүн гэж байдаггүй учир нь бүх хүн багшаар хичээл заалгадаг. Тиймээс монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан улсын маань ууган сургууль болох МУБИС-ийн бүтээлч хамт олны өмнөөс нийт ард түмэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Та бүхэндээ амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ

НЭГ. КАЙРЫН ХОШИГНОЛ

Баабар хошигнон ярьдаг юм, Кайрын музейн ажилтнуудыг. Гурван мянганы тэртээх дурсгал чихэлдсэн, хашаандаа хүртэл муми овоолсон, үзмэр нь шалаар хөглөрсөн гэмээр, тийм музей л дээ, Кайр хот дахь Египетийн музей. Хэтэрхий их үзмэртээ хахаад, дэглэлт тавилт нь хоёрдугаарт эрэмбэлэгдсэн газар. Музейд байна уу, эсвэл “Костко” энээ тэрээ шиг агуулах худалдааны сүлжээ дэлгүүрийн антикварийн тасагт явна уу гэж эргэлзмээр.

Хэрвээ та Кайр орж амжаагүй бол төсөөлөх боломж байна. Жишээлэхэд, Ордос дахь Чингис хааны онгоноор аялж, зэргэлдээ хошууных нь “Нууц товчооны музей” зэргийг үзсэн бол олдвор баримтаас илүүтэй хөшөө баримал, дизайнаар зодсон хийцийг санаж байгаа байх. “Нууц товчоо”-г бүрэн эхээр нь цаас, төмөр, ширэн дээр бичээд зогсоогүй, вааран дээр буулгаад шатааснаа үзмэр болгосон байдаг. Мэдээж, “Нууц товчоо”-ны үйл явдлыг олон янзаар зурж үзүүлсэн. Тааруу музей гэх гээгүй шүү. Юу нь сонин гэхээр, Кайрын музей хийгээд Ордос дахь “Нууц товчооны музей” бол үзвэр толилуулах аргын хоёр туйл санагддаг. Нэг нь бодит олдвор нь хэтэрсэн, нөгөө нь төлөөлөл-төсөөлөл, дүрслэл нь хэтийдсэн ч гэмээр юм уу? За энэ ч яахав, юунаас болоод энд тэндхийн музей рүү орчихов, гэхээр ийм юм.

Кайрын музейд зургийн аппараттай орох, зураг дарахыг хориглодог. Хаа сайгүй л ийм байдаг болохоор гайхах ч юм биш. Харин үүдний харуул нь зочид аппарат зүүсэн, нуусан алин болохыг нягтлахаас гадна, гарыг нь дагуулан харна. Хэрвээ 10 фунт(Английн паунд биш болохыг анхаарна уу!) атгуулчихвал чиний аппаратыг олж харахаа болино. Дотор хэсгийн ажилтнууд аппарат бүхий хүн ороод ирсэн байвал олон юм ярихгүй, зүгээр л зураг дарж эхлэхийг нь хүлээнэ. Яг зураг аваад эхэлбэл дэргэд ирээд, хазгай мурий англи хэлээр “Зураг авах хориотой” тухай шулганаж гарна даа. Мэдээж, 10 фунтээ авсны дараа бол зураг дарж байгааг харах завгүй болчихно.

Баабар юуг гэж хошигносон гэхээр “Хэрвээ тэдэнд 10 биш, 100 паунд өгсөн бол мумигаа тэвэрч гарч ирээд харуулах байсан” гэж.

Та нар жигшиж байгаа, тийм үү? Авлигачин, хахуульчин, дүрэм журмаа уландаа гишгэсэн Мисир албан хаагчид эртний түүхт энэ орныг сөнөөж байна, мөн үү?

Гэхдээ энэ бол ёс суртахууны хувьд найгаа алдсан ч гэсэн мөн чанараараа “харьцангуй эрүүл” нийгмийн шинж гэвэл та мэл гайхаж цэл хөхрөх биз ээ?

ХОЁР. ТЭНЭГ НӨХӨР УХААНТАЙ ДАЙСНААС ХОРОН

-Хорвоог муу санаатнууд, шуналын туламнууд хөнөөдөггүй. Харин өөртөө ч, өрөөлд ч ашиггүй юм хийдэг тэнэгүүд л хөмөрч хаядаг тухай Карло М Сиполла хэмээх сониуч судлаач бичжээ. Тэрээр “Тэнэглэл, түүний хуулиуд” хэмээх сонирхолтой, бас хөөрхөн судалгаатай ном бичиж, энэ дүгнэлтээ баталгаажуулсан байдаг юм.

Нэгдүгээрт, шуналтай хүнийг, санаа муутай хүнийг, боловсролгүй хүнийг, ядуу хүнийг, бохир заваан хүнийг, ёс суртахуунгүй хүнийг “Тэнэг” гэж Карло үзэхгүй байна.

Хоёрдугаарт, шуналтай болоод муу санаатай, боловсролгүй атлаа хүмүүжилгүй, ядуу агаад бохир, ёс суртахуунгүй дээрээ ичгүүргүй хүнийг тэрээр сайн ухаалаг гээгүйг бас болгооно биз.

Гуравдугаарт, шунахай, хорлонтой, харанхуй бүдүүлэг, ёс суртахуунгүй байдал нь хүний л хорвоогийн шинж учраас түүнтэй тэмцэх туршлага, таних чадвар нийгэмд байдаг гэдгийг зохиогч иш үндэс болгосон байдаг.

Хүний ертөнц шунал дээр цогцолсон гэдгийг Өрнө, Дорнын мэргэд бүгдээрээ л анхааруулж, Будда ч айлдсан, Адам Смит ч хэлсэн. Бурхан багш шуналтай тэмцэхийн оронд “Яагаад шунаад байгаа” эх үүсвэрээ олж харахыг сургасан бол Адам Смит, хүн хүний шуналын нийлбэр нь эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч “үл үзэгдэх” гар болон хувирдгийг судалсан байдаг. Ерөөсөө “Хүсэл ба шунал” нь эзнээ л хөнөөдөг болохоос биш, хүний нийгмийг бүхлээр нь самардаггүйг мэргэд бас олж харжээ. Яагаад гэвэл, ямар ч мундаг шунал өөр нэгний шуналтай тулаад гацдаг. Гэтэл, тэнэглэл нь тэнэглэлээ гацаана гэсэн номгүй.

Бурхан ч тэр, эдийн засагчид ч ялгаагүй, шунал буюу гоёор хэлэхэд “хувийн сонирхол”-ыг энэ ертөнцөд байж болшгүй зүйл гэж үзээгүй. Шунал нь үл ханах шинжтэй тул эзнээ байнгын эрэлтэд оруулснаар зовоодог тухай нэг нь айлдсан байхад нөгөөдүүл нь мөнөөх байнгын эрэлт нь хүний нийгмийг баялаг бүтээгч болгох сурвалж болдгийг олж харсан авай.

ГУРАВ. ТӨРӨЛ ТӨӨРӨГСӨД

Хүсэл шуналаасаа нэгэнт ангижрагчид бол өнөөгийн хүний нийгмийн гишүүн байх боломжгүй. Тэд нирваанд хүрсэн гэгээрэгч болоод сансрын хүлээснээс алдуурах учиртай. Ингэхгүй, төрөл төөрч гариг андуурах юм бол ертөнцийг түйвээгч хорлогчин болж нийгмээ самрагч, хувьсгалын болон шашны фанатуудад хувирдаг.

Сая Пакистанд тарьсан моддыг “буруу ном”-ын гээд булга булга татан хаялж байгаа фанатуудын бичлэг яваад байгааг манайхан харж шогшроод байсан нь үүний жишээ. Уг нь ойжуулалт нь тэдний эрүүл энх амьдралд тун ч хэрэгтэй зүйл шүү дээ. Улмаар, тэднийг шоолохын өмнө өөрсдийгөө нэг харчихмаар байгаа юм. “Хятадын вакцин хийлгэж Ковидоос хамгаалуулсанд орвол үхсэн нь дээр” гэсэн бот-ын жиргээг хувилж түгээн давалгаалаад л байгаа манайхан ч тэднээс юуны ялгаа. Хэвийн эрүүл хүн бол ямар ч хамаагүй вакцин хийлгээд, яаж ийгээд амьд үлдэхийг боддог юм байгаа биз дээ.

Дээрэмчид, хулгайч нарийн үйлдэл рациональ шинжтэй учраас түүнийг урьдчилан таамаглах, хамгаалах, сэргийлэх боломжтой. Ухаандаа, тэд бусдын өмч баялгийг устган сөнөөхийн оронд өөрийн өмч рүү зөөвөрлөх, нууц сан үүсгэх хандлагатай байдаг. Иймээс тэдгээрийг нь олж илрүүлэх замаар хувь хүнд болон нийтийн өмчлөлд учирсан хохирлыг нь барагдуулах нимгэлэх боломж ядаж байгаа гэсэн үг.

Харин тэнэгүүдэд хүний унаган шинж болох “хүсэл, шунал” байдаггүй учраас бүхий л хандлагууд нь иррациональ шинжтэй, улмаар логикгүй учраас урьдчилан тааварлах, сэрэмжлэн хамгаалах боломжгүй байдаг гэнэ. Хулгайч баяжих зорилгоор түрийвчийг чинь суйлж, дээрэмчин бээр алмаазан бөгжийг тань авахын тулд таныг алж мэднэ.

Гэтэл тэнэгүүд “Таныг ямар ч шалтгаангүйгээр, ямар ч ашиг хонжоо олохгүйгээр, ямар ч төлөвлөгөөгүйгээр, тааварлах аргагүй газарт, төсөөлөөгүй цаг үед хохироож чадна. Энэ бүхнийг урьдчилан таамаглах, сэргийлэх ямар ч боломжгүй” тухай мөнөөх Карло М Сиполла бичжээ.

Энд өгүүлэн буй “Тэнэг” гэдэг ойлголт нь боловсролгүй, бүдүүлэг, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй хүмүүсийг хэлээгүй, харин өөртөө ямар ч ашиггүй үйлдэл хийдэг хүмүүсийг хэлээд байгааг дахин сануулъя. Ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр, ашиг хонжоо бодолгүйгээр бусдыг хохироодог тийм үйлийн эзэд.

Тэнэгүүд маш царайлаг, харваас хүмүүжилтэй, бузгай жээнтэлмээн төрхтэй, үнэхээрийн өндөр боловсролтой, олон хэлтэй, чемодан дүүрэн дээд боловсролын дипломтой ч байж болно гэсэн үг. Гагцхүү өөрийгөө төдийгүй чамайг ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр алах, сүйрүүлэхэд бэлэн байдлаараа л ялгаатай.

Гоёор хэлбэл: Нирваанд байх ёстой атлаа Самсара-д төрсөн,хувийн сонирхлоор хөдөлдөг нийгэмд амьдардаг атлаа “үл үзэгдэх гар”-гүй мэндэлсэн этгээдийн тухай яриад байгаа хэрэг.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн байгууллагаас гал голомтоо бадраасан хоёр хурандаагийнх

“Танайд өнжье” буландаа энэ удаа 100 жилийн түүхтэй Монголын цагдаагаас гал голомтоо бадрааж, шинэ мянганы түүхийг нь бичилцэж яваа хоёр сайхан хурандааг урьж, зочилсондоо талархалтай байна. Гэрийн эзэн РаахүүгийнТөмөрбаатар Цагдаагийн ерөнхий газрын Барилга, хяналтын тасгийн дарга.

Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Улс тунхагласны баяраар хурандаа цолоо одоогийн Хууль зүйн яамны дэд сайд, тухайн үед Монголын цагдааг удирдаж байсан С.Баатаржаваас гардаж авсан эрхэм нэгэн. Харин гэрийн эзэгтэй цагдаагийн дэд хурандаа Султанмуратын Дина. Цагдаагийн байгууллагад анх үйлчлэгчээр орж дэд хурандаа болтлоо дэвшин 30 шахам жил ажилласан түүнийг цагдаад таньдаггүй хүн гэж бараг л үгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст нярав, дараа нь нийслэлийн цагдаад ахлах нягтлан бодогч, ингээд төв аппарат буюу Цагдаагийн ерөнхий газарт хариуцлагатай алба хашиж, дотоод хяналт шалгалт, бодлого төлөвлөлт гээд түүний гар бие оролцоогүй салбар чиглэл ховор юм билээ.

Р.Төмөрбаатар хурандаа “Ах нь яах вэ, цагдаагийн байгууллагын хэмжээнд баригдаж буй бүх барилгын явцыг хянадаг ийм л ажилтай хүн. Харин миний хань бол Монголын цагдаад хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн” гэж ханиараа бахархан хэлсэн юм.

Дина дэд хурандаа Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд байх үед цагдаагийн стратеги төлөвлөлтийг эрдэмтэн докторуудын хамт боловсруулж, суурь судалгааных нь ажлыг хийж цагдаагийн цаг үеийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулжээ.

“Намайг ЦЕГ-т бодлого зохицуулалтын чиглэлийн ахлах байцаагч хийж байхад цагдаагийн байгууллагын төлөвлөлтийн асуудал тавигдсан. Төлөвлөлт гэдэг тодорхой үе шаттай, шинжлэх ухаанчаар явагддаг зүйл. Дорлигжав сайдын үед стратеги төлөвлөгөөг бодлого төлөвлөлтийн хууль,“2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах ажлыг сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургууль, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хэрэгжүүлсэн. Хууль сахиулахын ажлын хэсгийг тус сургуулийн дэд захирал хурандаа Бат-Эрдэнэ, ЦЕГ-ыг тэргүүн дэд дарга, хурандаа Батсүх нар ахалсан. Ажлын хэсэгт туслах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдах шаардлагатай болсон. Дэд ажлын хэсгийн жинхэнэ мэргэжилтнүүдийн багийг миний бие ахалсан. Бат-Эрдэнэ захирал шинжилгээний төвөөс ажлаа эхэлсэн өндөр мэдрэмжтэй, стратеги төлөвлөлт болоод ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход мэргэшсэн, суурь сайтай хүн байсан. Мөн тэр багт орж ажилласан эрдэмтэн докторуудыг хэлэх хэрэгтэй. Ингэж бид бүхэн12 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих стратеги төлөвлөгөөг боловсруулсан” гээд ярих нь үнэндээ лут сонстоно. Тэгээд зогсохгүй “Стратеги төлөвлөгөөгөө Б.Пүрэв генерал (Монголын цагдаагийн загалмайлсан эцэг гэгддэг)-д танилцуулж байсан. Пүрэв генерал “Цагдаагийн байгууллага шинжлэх ухаанчаар хөтөлбөр төлөвлөгөөндөө анхаардаг болжээ. Энэхүү стратеги хөтөлбөр маш сайн боловсрогдсон байна. Манай алба хаагчид өндөр чадамж чадавхтай болсны илэрхийлэл, бид ийм хүмүүсийг бэлдсэн байна” гэж сэтгэл хангалуун хэлсэн” гэх нь бүр чиг даац далайцтай сонстож байгаа юм. “Би яах вэ, манай хүн л…” гэж гэрийн эзний хэлсэн нь ийм учиртай байх нь.

Бидний яриа хөөрөө ингэж л стратегийн хэмжээнд эхэлсэн. Төмөрөө хурандаа ээж талаасаа гэвэл Архангайн Хашаатын хүн. Дина эгч болохоор казах бүсгүй. Гэхдээ түүнд казах гэх ул мөр бараг л харагдаагүй гэхэд хилсдэхгүй. Ярианд ямар нэгэн аялга байхгүй, царай нь бол яг л монгол эмэгтэй. Аав нь эдүгээ ерэн таван настай буянт буурал Туул голын хөвөөг даган амьдарч байна, ээж нь ч өндөр сайхан насалж байна. Ховд, Баян-Өлгийн казахууд бөгөөд бага залуудаа Улаанбаатарт ирж танилцан гэр бүл болцгоожээ. Дина эгчийн бага нас Дэнжийн 1000-ын карьерийн байр буюу тэр үеийн зам гүүрийн ажилчдын байранд өнгөрсөн байна. Сурагч ахуйдаа ариун цэврийн дарга, салаан дарга, ангийн дарга гээд өөрийнх нь хэлснээр баахан сэтэртэй байж. “Нийгмийн идэвхтэй тийм нөхөр чинь хувьсгалт залуучуудын эвлэлд үеийнхнээсээ хамгийн түрүүнд элсэнэ биз дээ” гээд инээд алдав. Дүүргийнхээ шилдэг сурагчаар шалгарч “Орос хэлний нэвтэрхий толь” зэрэг олон гоё номоор шагнуулснаа дурсаад авсан. Багаасаа ном уншдаг, нагац ахынхаа даалгавраар уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, тэгж номын ухаанд, монгол хэлний баялаг сан, монгол үгийн охь дээжсийг мэдэрч өссөнөө сонирхуулсан. Одоо миний мөрөөдөл “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийг гэртээ залах гэж хэлсэн нь яруу найрагч, номын садан надад хичнээн дотно санагдсан гэж санана. Төрийн шагналт Дамбын Төрбаттай холбогдоод 108 ботийг авахаа хоёул тохирлоо. Номыг ингэж дээдэлдэг номтой айл байна. Хоймрынх нь шүүгээнийн дээд талд хоёр гурван хазаар байгаа нь нүднээ тусав. Төмөрбаатар ахыг хурандаа цол хүртэхэд төгсөгчид нь суран хазаар бэлэглэжээ. Мөн хуучны хар мөнгөн товруутай казах хазаарыг аав нь манайхны ахуй амьдралыг миний охин залж авч яваа гэж хүндэтгээд овог омгоос нь үе дамжиж ирсэн тэрхүү хазаарыг өгчээ. Мөн улаан бургасыг зэсээр ороож нарийн хийцтэй урласан гөрмөл суран казах эмэгтэйн ташуур байсан нь гэрийн эзэгтэйд ижий ааваас нь өвлүүлсэн нандин өв. “Аав маань эртний эдлэл цуглуулдаг. Манайд бүр эртний хоёр зэс таваг байгаа. Хуучны кинон дээр харагддагховор эд” гэж сонирхуулав. Энэ мэт эцэг өвгөдийнх нь буян нүнжиг, сүлд хийморь оршсон дурсгалт зүйлс хурандаагийнд үзмэр лугаа хараа булаах нь сонихон.

Зүүн гар талаас дэд хурандаа С.Дина, Хууль зүйн дэд сайд Удвал, генерал Ч.Амарболд

“Та хоёрын танилцсан түүхийг сонирхъё” гэхэд Төмөрөө хурандаа “Манай хүн өнгөтөөр яриад өгнөө” гээд инээвхийлэв. Энэ даруйд гэрийн эзэгтэй баруун аймгийнхаа аагтай өтгөн шаргал цай чанаж, өрөм ааруул, чихэр жимс таваглан, уур савссан жигнүүрт бууз өрөх зуураа “Дунд сургуульд химийн багш Бэгз “Заяаны хань зам дээр байдаг” гэж хэлэхэд нь, та юунд ингэж сонин зүйл хэлдгийн, зам дээр таардаг хань гэж юу байхав” хэмээн доог тохуу хийдэг байв. Нээрээ л заяаны хань зам дээр таардаг юм билээ. Бид хоёрын түүх Сонгинын цагдаагаас эхэлсэн. Би нярваар ажилд орох үед Цагдаагийн академийн хэдэн оюутан дадлага хийхээр ирсэн. Тэр дунд Төмөрөө байлаа” гэв. Тэр хоёр Сүлжмэлийн автобусны буудал дээр биенээ харж, автобусанд анх танилцаж, Бэгз багшийнх нь хэлснээр “яг замын голд” учирчээ. Ерэн зургаан онд нэг гэрт орж Төмөрөө хурандаагийн ээжид Мах комбинатаас өгсөн ганц өрөө байрны гал тогооноос амьдрал нь эхэлсэн гэдэг.“Бид хоёр амьдралаа өөрсдөө босгосон” гэж хэлсэн нь сайхан санагдсан. Эл хоёр залуу хурандааг амьдралаа босгоход хоёр талынх нь нэг нэг нагац, хүндтэй буурлуудын сургаал үг чиг шугам нь болжээ гэх бодол төрнө. Төмөрбаатар хурандаагийн нагац ах Дамбын Хишигбаатар гэж Галын албаны дарга байсан, бүхий л насаараа уг албанд зүтгэж олон түмэнд “Галын Хишгээ” гэж нэрлэгдсэн ёстой домогт хүн. Тэр хүний ил цагаан, шулуун шударга үг амьдралд нь нөлөө болсон байх. Султанмурат гэж казахын омгийн ахлагч, урт цагаан сахалтай аксакалын хавхаар чоно барьж, түүнээ мөрөн дээрээ тохсон ерэн тавтай хөгшний зургийн хажууханд Хишигбаатар гуайн зураг байсан. Бас нэг хүндтэй хүн нь Дина эгчийн нагац ах Хавдалын Жука гэж Барилгын цэргийн 22 дугаар ангид автын механик хийж байсан, Алтан гадас одонтой, тэдний удмынхны бахархан дээдэлдэг хүмүүн. “Биднийг залж хүмүүжүүлсэн хүн дээ” гэж гэрийн эзэгтэй хэлж байна. Казах хүн хэдий ч буддын шашныг шүтдэг, буддын философийг дээдэлдэг байсан нь сонин. “Юу тааралдсанаа идэж, ялих шалихгүй зүйлээр өөрийгөө хооллож сурах нь чухал, хэзээд хэрэг болно. Хүнд чин сэтгэлээсээ чай чанаж, хоол хийж өгч сур, буян нь чамд оршино. Чамд хүн бохир аяганд цай хийж өгөхөд түүнийг рашаан гэж бодоод ууж бай. Тэгвэл чи өвдөхгүй” гэж хэлж, чухамхүү амьдралын үнэнийг сургасан байх юм. Тэр хүний философиор тэдний удмынхан явж, буддын шашныг шүтдэг, номыг дээдэлдэг хүмүүс болцгоожээ.

Дина багаасаа хуулийн хүн болно гэж зүтгэж, Их сургуулийн хуулийн ангид өрсөлдсөн боловч 193 хүүхдээс хоёрт жагссанаар хүссэн сургуульдаа орж чадаагүй байна. Нэгт жагссан хүүхэд нь ганцаараа хуулийн ангид орсон гэдэг. Ингээд нэг, хоёр жил аавынхаа зам гүүрийн ажилд тусалж, ажилчин ангийн эгнээнд явж байгаад тухайн үед Пүрэв генералын санаачилгаар байгуулагдсан ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасагт үйлчлэгчээр оржээ. Тэрхүү тусгай тасаг “Жаран хар” нэртэй шилдэг залуучуудаар бүрдсэн байв. Мөнхдалай хурандаагийн хүү Бат-Эрдэнэ, Хурцгэрэл хурандаагийн хүү Болдбаатар гээд нэртэй хурандаа нарын хүүхдүүд ч байжээ. Тэр олны дунд явахдаа бие хамгаалах ур чадварыг эзэмшиж, ялангуяа гэнэтийн довтолгооны үед өөрийгөө хэрхэн яаж хамгаалах, мөн ямар тактик боловсруулж ажиллах зэргийг сурсан гэнэ. Дээрээс нь цэвэрлэгээ хийнэ гэдгийг мэргэжлийн түвшинд сурчээ. Аж ахуйн дарга нь цагаан хөвөн барьж ирээд ажлыг нь шалгадаг байсан гэдэг. Тэнд хамт ажиллаж байсан бүсгүйчүүд өөрсдийгөө “мэргэжлийн хоккейчид” хэмээн нэрлэдэг гэсэн. Шалны модоор “хоккей тоглож” мэргэшсэн нь цаашдын амьдралд нөлөөлсөн нь мэдээж. Тусгай тасгийн үйлчлэгчээр ажиллаж байхад Жука нагац ах нь санхүүгийн боловсрол эзэмших чиг үүрэг өгчээ. Үүний дагуу Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дээд курст нягтлан бодогчоор суралцаж онц дүнтэй төгсөөд ХААДС-ийн нягтлан бодогчийн эчнээ ангид үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гарджээ. Түүнийг санхүүгийн чиглэлээр явахад ахуй амьдралаа болгочихно гэдгийг Жука ах нь сайн мэдэж байж. Динаг гуравдугаар ангид байхад, 120-ын худалдааны төвд худалдагч байсан ээж нь хүндээр өвчилж тэр л цагаас гэрийнхээ санхүүг барьсан байна. Аавынхаа тэтгэвэр, нагац ахынхаа цалингаар арван хүний сарын хэрэгцээг зохицуулна гэдэг бага ангийн балчир охинд амаргүй даваа. Гэвч түүний багын хичээл зүтгэл, амралтаараа ажил хийж дүү нарынхаа хичээлийн хэрэгслийг олдгоос аваад ээжийнхээ, бага дүүгийнхээ эмчилгээний зардлыг олох гээд бүхий л зүйлд өөрийгөө дайчлан, ажлыг гололгүй хийж ирснийг нь сонсоход бахархалтай. Эл бүхнийг нагац нь мэдэх учир нягтлан бодогч болгож, Монголын цагдаагийн замнал түүхтэй холбогдсон амьдралынх нь алтан харгуйг эхлүүлжээ.

Дина дэд хурандаагийн амьдралын замнал арав арван жилээр зааглагдана. Эхний арван жил мэдээж СХД-ийн цагдаагийн хэлтэстэй холбогддог. Гуравдугаар тусгай тасагт байсан Чулууны Мөнхбат дарга нь Сонгины цагдаад анх нярваар ажилд авсныг дурсдаг. Тухайн үед Сонгинохайрханы цагдаагийн хэлтсийн байр байдал, нөхцөл тун хэцүү. Адаглаад дотроо 00-гүй, айлын нохойд хөөгдөн барьж 00 ордог, зун нь бороо орж ус тогтвол хашаанаас зүүгдэн зуурч явдаг ийм л дүр зурагтай байсан. Үе үеийн дарга, удирдлагууд тохижуулж Монголын хамгийн том дүүргийн цагдаагийн хэлтсийг бий болгожээ. Үүнд Динагийн хувь нэмэр их байсан нь “Зуун айл руу зуун удаа явж барилгын ажилд бараг мэргэжлийн болсон” гэх ярианых нь сэжүүрээс аандаа мэдрэгдэнэ. Мөнхбат хошуучаас Пүрэв хурандаа тэгээд Бумнанжид, Болдбаатар, Цог, Энхтөр гээд нэртэй хурандаа нар, мөн ШШГЕГ-ын дарга байсан Ганхүү генерал гээд дандаа луугарууд удирдаж байсан юм билээ. Тэр аваргуудтай ажилласан он жилүүд Дина дэд хурандааг практик дээр жинхэнэ боловсруулаад, мэргэшүүлээд өгчээ. “Пүрэв хурандаагаас би албан бичиг хөтлөлтийн стандартыг, Баатарын Болдбаатар хурандаагаас цэвэр аж ахуйн ажлыг сурсан” гэв. Пүрэв дарга нь нярвын ажилтай түүнийг бичээчийн ажлыг давхар хийлгэж сургасан нь хувь хүний чадварыг нь үнэлсэн үнэлэлт байжээ гэж бодогдоно. Болдбаатар хурандаа Сонгины цагдаагийн хэлтсээс ЦЕГ-ын дэд даргаар томилогдоод явахдаа “Ажлаа

үнэнчээр хий. Нам улс төр энээ тэрээ хамаагүй. Ажлаа үнэнч, чин шударгаар хийсэн байхад амжилт өөрөө ирнэ” гэж захисныг мартдаггүй юм билээ. Ер нь Дина хэмээх энэ хатагтай хүний их бага нь хамаагүй тусыг мартдаггүй, дандаа ач буян санадаг, мөн бусдын сайн сайхан чанарыг өөртөө агуулж чаддаг, сайн сайхныг нь олж харах билгийн мэлмийтэй хүн гэдэг нь яриа бүрээс нь илт анзаарагдаж байсан. Нийслэлийн цагдаад ажилласан он жилүүдийг нь сөхөхөд бүр ч илүү мэдрэгдэж байв.

Нийслэлийн цагдаагийнх нь 10 жилийг томьёолно гэдэг амаргүй л дээ.Нийслэлд ажиллаж байх хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр хяналт шалгалт ирдэг, тэр шалгалтаар гурван удаа нийслэлийн цагдаа нэгдүгээр байрт орж байсныг сонирхуулсан. Нийслэлийн шилдэг байгууллагын шилдэг ажилтан болсноо ч нуугаагүй. Тодруулбал “Захиргааны шилдэг” хэмээх өргөмжлөл 500 мянган төгрөгийг Д.Батжаргал даргаасаа гардахад танхим дүүрэн хүмүүс нижигнэтэл алга ташиж баяр хүргэжээ. Энэхүү алга ташилтын нүргэлсэн чимээ Дина бүсгүйд өгсөн хамт олных нь баяр талархлын илэрхийлэл байлаа. Нийслэлийн цагдааг Д.Батжаргал дарга удирдах үед их хотод “Аюулгүй Улаанбаатар” гэх стандарт мөрдөгдөж, “Эргүүл” хөтөлбөрийг санаачлан ажиллах үед хэв журам аюулгүй байдлыг тогтоохоор судалгааны төвтэй хөтөлбөр боловсруулах ажил тулгарчээ. Уг хариуцлагатай ажлыг Батжаргал дарга Динад даалгасан байдаг. “Хоёр сарын хугацаанд цуцалтгүй ажиллахдаа миний бие бүх дүүргүүдийн хэв журмын хэлтсийнхэн хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй уулзалт хийсэн” гэж хэлнэ билээ. “Намайг шагнуулахад олон хүн баярласан. Ажил бүтээлээрээ бүх хүнд өөрийгөө таниулна гэдэг бахархалтай юм билээ” гэж даруухнаар хэлсэн нь ямар чиг ажлын ард зүтгэж гарч байж санаа нь амардаг хүн мөн дөө гэх бодлыг төрүүлэв. Нийслэлийн цагдааг Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын дарга буурал Ганболд, Бумнанжид хурандаа, тэгээд Баатаржав сайд, АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга байсан, ХСИС-ийн захирал асан Ө.Энхтөр гээд Монголын хууль хүчний шилдгүүд удирдаж байсныг бид мэднэ. “Төрийн албан бичгийн стандарт гэдгийг Монголын цагдаад бий болгож чадсан хүн бол С.Баатаржав дарга, албан хаагчдаа хайрлах хүндэтгэх, шагнал урамшууллын систем шударга байхыг шаарддаг хүн нь Энхтөр дарга” гэх нарийн нягт тодорхойлолтыг Дина эгч хэлнэ билээ.

Гэрийн эзэгтэйтэй цай цүй, хоол унд болох зууртаа эл бүгдийг ярилцаж суув. Бид хоёрын яриан дундуур Төмөрбаатар хурандаа хаа нэгтээ орж ирнэ. Цэрэг, цагдаагийн хүнд л зориулагдсан бие хаа байх гэж харахаар өндөр нуруулаг тэрээр багаасаа усан спортыг сонирхжээ. Сонирхогчдын усан сэлэлтийн аваргын алт мөнгөн медальтай гэж байгаа. Дугуйн спортоор хичээллэдэг, боломж л гарвал дугуй унах дуртай, яалт ч үгүй спортын сонирхолтой хүн байх нь. Энэ гэр бүлээс мэдрэгдсэн нэг сайхан зүйл нь тэднийх албан ёсны нэг охинтой ч, дүүгийнхээ гурван хүүхдийг өөр дээрээ авч өсгөж сургуультай, ажил албатай, амьдралтай нь залгуулжээ. Тэр гурван хүүхэд гурвуулаа хоёр хурандааг аав ээж гэж дууддаг байна. Өөрийнх нь охин Баярзул Хятадад дунд сургууль төгсөөд одоо Солонгост эдийн засгийн чиглэлээр магистерт сурч байна. Том охин Жанар мөн Хятадад уламжлалт анагаахын чиглэлээр сургууль төгсөөд магистерт сурч байгаа бол том хүү Аскар өөрийн төрсөн ижий аав, эмээ өвөөгийнхөө хажууд мал маллаж байна. Бага хүү Эрдэнэболд Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд Зүүнхараагийн хорих ангид аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байна. “Бид хоёр саяхан бага хүүгээ Зүүнхараад төвхнүүлж өгөөд ирлээ” гэж байсан. Албан ёсны нэг хүүхэдтэй хэрнээ дөрвөн хүүхэд өсгөсөн, үндсэндээ дөрвөн хүүхдийн ижий аав аз жаргал, хайр гэрэлтсэн гэр бүл. “Дүү маань гэр бүлийнхээ хүний хамт аав ээж хоёрыг минь асраад, тэр том ажил албыг залгуулж байхад хүүхдүүдийг нь өсгөж сургууль номтой, ажил албатай болгох нь бид хоёрын үүрэг” гэж гэрийн эзэгтэй хэлэхэд маш гоё санагдсан шүү. Хятадад хоёр хүүхдээ сургахын төлөө гурван өрөө байраа зарж хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн нь гайхалтай.

Гавьяат хуульч, комиссар Д.Хишигбаатар, С.Дина нар.

Дина дэд хурандаагийн хувьд нягтлан бодогчоос санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлийн ахлах, Шуурхай удирдлагын төв байгуулагдахад мэдээллийн ахлах менежер, ЦЕГ-ын газрын Захиргааны удирдлагын хэлтэст бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гээд түүний ажлаагүй, гар бие оролцоогүй салбар Монголын цагдаад ховор. Тэр бүгдийг нэг бүрчлэн бичих боломжгүй. 2015 оноос ЦЕГ-ын Дотоод хяналтын албанд ажиллан Цагдаагийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих тийм л хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэсэн. Эрдэм шинжилгээний ажлын эх үүсвэр нь тэндээс эхэлжээ.“Манай хүн сүүлийн үед докторынхоо ажилд ихэд шамдаж байгаа. Их ч том сэдэв авсан юм” гэж Төмөрбаатар хурандаа яриан завсраа хэлсэн. Дэд хурандаа “Дээр дурьдагдсан стратеги хөтөлбөрийн талаар Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баясгаланд танилцуулж, тодорхой зарим нэг хөтөлбөр, арга хэмжээг 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан, мөн Хууль сахиулахын их сургуулийн дэд захирал Б.Бат-Эрдэнэтэй хамтарч цагдаагийн ажлын хэсэгт ажилласан нь эрдмийн цол зэрэг горилоход нөлөө болсон байдаг. Дээрээс нь мэдээж цагдаагийн байгууллагын 2017 оны хэрэглэгчийн үнэлгээний суурь судалгааг хийж чадсан явдал. “Миний судалгаан дээр үндэслэж хүмүүс магистер, докторын ажлаа эхлүүлэх боломжтой” гэж бардам хэлэхийг бодоход үнэхээр сайн судалгаа байх нь. “Би цагдаагийн эмэгтэй албан хаагч нартай ажиллах жаахан дургүй хүн. Харин чиний чадварыг бол үнэллээ. Монголын цагдаа өөрийн гэсэн стратегичтэй болжээ. Цагдаагийн эмэгтэй албан хаагчид чадавхжсан байна. Чи боловсролоо дээшлүүл, докторын зэрэг хамгаал” гэж барагтайд үг унагаад байдаггүй Бат-Эрдэнэ захирлын үг Динаг докторын ажилд шамдах урам зоригийг төрүүлжээ. Түүний докторын сэдэв “Цагдаагийн байгууллагын шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг тодорохойлох нь” хэмээх утга агуулгын хувьд үнэндээ барахааргүй том сэдэв. “Үүнийг хамгаалаад гараад ирэх юм бол хүний нөөц, санхүү эдийн засаг, техник технологийн шинэчлэл гээд чиглэл бүрээр нь аваад явчихаж болно” гэж эрхэм хатагтай хэлж байна.Тэрээр нийслэлийн цагдаад Монголын Улсын хүчит заан Рэгжийбуугийн Даваанямын удирдлагад ажиллаж байснаа, бөх хүн хэрнээ торгон мэдрэмжтэй агуу хүн байсныг, мөн Ч.Амарболд генералыг цагдаагийн дарга байхдаа хийсэн цагдааг шинэчлэх ажил нь ихээхэн үр дүнтэй байсныг, санхүүгийн ажлыг гардаж хийхэд Жамцын Баатар гэж буянтан тус хүргэснийг, хэлтсийнхээ хамт олныг эв нэгдэлтэй, зорилго нэгтэй болгож чадсан Ц.Ням-Очир дарга болон хамт олныхоо талаар, цагдаагийн залгамж чанар алдагдах магадлал үүссэн гээд олон сэдвээр яриа дэлгэсэн.

“Цагдаа цагдаатайгаа ханилахын сайн чанар байлгүй яахав. Адаглаад бид хоёр ажлаа сайн мэддэг учир нэгнээ хэзээ ч хардаж байсангүй” гэж инээд алдацгааж байсан. “Би нярав, Төмөрөө дэслэгч байхад бид хоёр нийлсэн. Би дэд хурандаа, Төмөрөө хурандаа. Цэргийн хүний эхнэр нөхрөөсөө нэг цол дээгүүр байдаг бичигдээгүй хуультай. Тэгэхээр би чинь генерал болж байгаа биз” гэж хошигносноор бидний яриа өндөрлөсөн юм. “Генерал” гэж өөрийгөө тодотгосон нь бодит амьдрал дээр хошигносон үг биш шиг санагдсан. Монголын олон луугар хурандаатай ойр дотно явдгийн хувьд Дина дэд хурандаа яалт ч үгүй Монголын цагдаагийн стратегич эмэгтэй гарцаагүй мөн юм даа гэх бодол төрснийг нуух юун. Цагдаагийн байгууллагаас халуун голомтоо бадраасан хоёр сайхан хурандаагийнд өнжсөн тэмдэглэлээ товчхон хүргэхэд ийм байна.