Categories
зурхай ихэр

3-2021

2021 он

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сүүлийн хэдэн жилд идэвхгүй байсан бол одоо сэрж, карьераа бүтээх цаг иржээ. Зуны саруудад та илүү нийтэч байж, бусадтай харилцахад хялбар байх болно. Үүний ачаар эргэн тойрны хүмүүсээрээ хүссэнээ хийлгэх, тусламж авах боломжтой байна. Шинэ ажил эхлүүлэх, өөр салбарт карьер эхлүүлэхээр шийдсэн бол оны сүүл хүртэл хүлээж, бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөж байна. Учир нь энэ үед таны шийдвэр гаргах чадвар дээшилнэ. Санхүүгийн бие даасан байдал нэмэгдэж, орлого ихэснэ. Энэ оны турш та мөнгө, санхүүгийн аз одтой байна. Оны сүүлээр санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахад анхаараарай.

Гэр бүл, хайр дурлал: Ирээдүйд хамт байх хүмүүсээ, хүрээллээ болгоомжтой сонгохыг сануулж байна. Энэ жил олон шинэ хүнтэй танилцаж, харилцаа үүсгэх ба тэднийг ангилж, зарим хүмүүсээс эртхэн ангижрах хэрэгтэй. Оны эхээр дипломат зөрчил эсвэл салалт зэрэгтэй нүүр тулна. Зарим нь өнгөрсөн онд тогтоосон харилцаагаа эргэн харж, өөр сонголт хийж магадгүй. Гэр бүлээ засч, тохижуулах ажилд хосууд санал зөрөлдөж, энэ нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй. Оны сүүлээр өөрийг тань ашиглаж, давуу тал олох гэсэн хүмүүсээс болгоомжлоорой.

Эрүүл мэнд: Биеийн байдлаа тогтворжуулж, элдэв хууч өвчнөө эмчлэхэд анхаараарай. Өөртөө хэт ачаалал өгөхгүй байхад анхаараарай. Учир нь энэ онд таны дархлаа сул байх бөгөөд амархан ядарч, сульдах бололтой. Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүйн эрүүл мэндээ ч анхаарах шаардлагатай. Идэж буй хоол, хүнсэндээ үргэлж анхааралтай байх хэрэгтэй.

Categories
зурхай мэлхий

4-2021

2021 он

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хүчин чармайлтаа гаргаж, өөрийгөө батлан харуулах жил. Жилийн эхний хагаст та санхүүгийн асуудалд азтай байх бөгөөд ашиг, орлого болон хөрөнгө мөнгөө нэмэгдүүлж чадна. Томоохон наймаа хийх боломжтой байна. Таны харилцаа холбоо тэлж, ажил, бизнесээ явуулахад нэмэр болно. Одоогийн ажил чинь цалин хөлс муутай бол илүү хөлстэй ажлыг энэ цагаар хайж болох юм. Гэхдээ та зуны улиралд нэг их амжилттай байж чадахгүй. Оны сүүлээр өөрийн амжилтаа бататгаж, дайснуудаа дарахад анхаараарай. Зөрчил, тэмцлээс эмээх хэрэггүй. Энэ нь таныг шинээр нээж, эрх мэдлээ нэмэгдүүлэхэд тусална.

Гэр бүл, хайр дурлал: Таны амьдралд танилцаад удаагүй хэн нэгэн маш чухал өөрчлөлт авчирч, ертөнцийг үзэх үзлийг чинь ч эргүүлж мэднэ. Та өөрийн эрхгүй түүнд татагдаж, өөрийн зарчмаасаа ч буцахад хүрнэ. Ганц бие хүмүүст энэ харилцаа нь шинэ амьдралын эхлэл байж болох ч гэр бүлтэй хүмүүсийн хувьд том зөрчил, сонголтын өмнө авчирна. Эс бөгөөс та тэр хүнээс анхнаасаа зайгаа барьсан нь дээр. Гэр бүлийн санхүүгийн байдал зөрчил маргааны эх үүсвэр болж байна. Зарим хүмүүс бүл нэмж, хуримаа хийх бололтой.

Эрүүл мэнд: Зуны улиралд таны биеийн байдал эрс сайжирч, аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ илүүтэй өгнө. Өнгөрсөн жил эсвэл сүүлийн саруудад биедээ арчилгаа сувилгаа хийсэн бол үр шимийг нь энэ онд хүртэх болно. Мэдрэлийн ядаргаа, хэт ачааллаас сэрэмжлээрэй.

Categories
зурхай үхэр

2-2021

2021 он

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ онд мөнгө, санхүүгийн олон чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Өнгөрсөн онд маргаан дагуулсан санхүүгийн үйл хэрэг, хууль шүүхтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэнэ. Та орлогын найдвартай, тогтвортой эх үүсвэртэй болох боломжтой. Харин их хэмжээний ашиг, орлого олоход хүндрэлтэй байх болно. Урт хугацааны өр, зээлээ төлж дуусгахад анхаарч, боломж бололцооноосоо хэтэрсэн зүйлсэд мөнгө зарахаас татгалзаарай. Сарны хиртэлтээс шалтгаалан хаврын саруудад ажил хэрэг, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч магадгүй. Өдөр тутмын ажил, амьдралын хэмнэл, хэвшлээ өөрчилснөөр илүү үр дүнтэй, бүтээлчээр ажиллах боломжтой. Зуны улиралд ажлаа солих, бизнесийн шинэ салбарт хүч үзэхийг хүсэх бололтой. Та зоригтой шийдвэр гаргавал бүтэхгүй зүйл бол биш.

Гэр бүл, хайр дурлал: Энэ онд та нар илүү гүнзгий, дотно харилцааг хүсэх бололтой. Олонх нь өөрөөсөө ахмад эсвэл эгчмэд хүмүүст татагдах болно. Гэр бүл, хайр дурлалын харилцаандаа өөрийн үнэ цэнэ, бардам зангаа хамгаалж, илүү утга учиртай холбоо үүсгэхийг хичээнэ. Ганц бие хүмүүс энэ онд хайсан хүнээ олох болно. Гэр бүл болох, бүл нэмэхэд ээлтэй байна. Намрын улиралд сэтгэл санааны тавгүй байдлаас болж харилцаанд багагүй хүндрэл учирна. Өөрийгөө хянаж, бясалгаж сурснаар аливаа харилцаанд алдаа гаргахаас сэргийлж чадна.

Эрүүл мэнд: Энэ онд хорт зуршил, амьдралын буруу хэвшлээ өөрчлөхийг хичээгээрэй. Биеийн эрүүл мэнд харьцангуй сайн байх тул санаа амар байж болно. Ямар нэгэн өвчин эмгэг туссан ч хялбар илаарьшина.

Categories
зурхай хонь

1-2021

2021 он

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хонины ордныхон бол ямар ч сорилтод бэлэн байдаг хүмүүс. Энэ онд ч мөн адил ямар ч сорилт, шалгуураас эмээлгүй, юу чаддагаа батлан харуулаарай. Аялал адал явдал, эрдэм мэдлэг энэ оны гол цөм нь байх болно. Жилийн эхний хагаст гадаад, дотоодын аялал, албан томилолт таны нүдийг нээж, шинэ туршлага суухад тусална. Түүнчлэн энэ хугацаанд та ялалтын төлөө улайран тэмцэх боловч ялагдал хүлээх тохиолдол цөөнгүй гарна. Зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослоход бэлэн мэт аашилж мэднэ. Ажил хэргийн талбарт таны өрсөлдөгч зан чанар түлхүү ажиглагдана. Аливаа бизнес, санхүүгийн үйл хэрэгт хянуур болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Төлөвлөгөө, зардал, нөөц боломжоо буруу тооцсоноос маш том алдагдалд орж болзошгүй.

Гэр бүл, хайр дурлал: Таны урам зориг, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл огцом нэмэгдэх бөгөөд энэ нь хайр сэтгэлээ илчлэх, харилцаагаа шат ахиулах боломжийг олгоно. Гэр бүлийн харилцаанд таны хариуцлага нэмэгдэнэ. Таны харилцаа холбоо, тэр дундаа романтик харилцаа таны карьер, хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хайр дурлалын харилцаанд дөрөвдүгээр сар хамгийн ээлтэй байх бөгөөд энэ үед та эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүүтэй татаж, бэлгийн дур хүсэл ч оргилох болно. Харин долоо болон арванхоёрдугаар сард гэнэтийн таагүй үйл явдал тохиож болзошгүй.

Эрүүл мэнд: Жилийн эхний хагаст өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэхэд тустай. Гэхдээ энэ үед ядарч сульдах, өвдөх магадлал өндөр байна. Сайн мэдээ гэвэл зуны турш, намрын эхэн сард таны эрүүл мэндийн байдал маш сайн байх болно. Оны төгсгөл рүү дөхөх үед биеэ сувилж, өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаасан дээр тарьсан “тариа”-гаа цас руу чихээд өнгөрдөг жишиг тогтох нь ээ

Монголын төрд сүүлийн үед ард түмнийхээ идэх хоолоор улс төр хийж тохуурхдаг муухай хандлага бий боллоо. Энэ нь хавар цаасан дээр тариа тарьж, намар нь цас бороо, ган ганчиг гээд байгалийн ямар л үзэгдэл байна тэр бүхэн рүү бурууг нь чихээд өнгөрдөг адгийн жишиг тогтох аюул нүүрлэлээ. Энэ хаврын явдлыг монголчууд мартаагүй байгаа. Өнгөрсөн намар өндөр ургац хурааж авлаа, дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангалаа гээд манай төр засаг баахан сүржин мэдэгдэл хийж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт тариа хураалтын үеэр ажиллахдаа тэгж мэдэгдэж толгой дээгүүр ханхалзаж байсан. “240 мянган тонн улаанбуудай хурааж авлаа. 2019-2020 онд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангалаа” гэж хөдөө аж ахуйн сайд нь мэдэгдэж байсан.

Гэтэл хаврын тэргүүн сар дөнгөж гараад удаагүй байтал Монголын Засгийн газраас “Улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн улаанбуудай дутагдаж байна” гээд улаанбуудайн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж мэдэгдээд хүн бүхний гайхаширлыг төрүүлсэн. Коронавирусийн аюул тулгарч, ард иргэд айдас хүйдэст автсан хөл хорионы үед Монголын төр ингэж мэдэгдсэн нь олныг улам цочролд оруулсан юм. Урьд намар нь Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ өндөр ургац хурааж авлаа, гурилын хэрэгцээгээ 100 хувь хангана гэж худлаа хэлснээ коронавирусийн цар тахлаар цайруулах гээд бүтээгүй л дээ. Тариалан эрхлэгчид ард түмнээ хуурсан төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж хөдөө аж ахуйн яамны гадаа жагсаж байсан.

Өнөө жилийн хувьд энэ байдал бас л давтагдах нигууртай болоод ирлээ. Хаврын тариалалт эхлэх үеэр төр засгийнхан “Энэ жил гурилын хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй 200 мянган тонн гурил экспортолно” гэж зогсоо зайгүй мэдэгдсэн. Сонгуулийн жил байсан учир хавар, зун, намрын туршид гурилын хэрэгцээг бүрэн хангана гэж Ерөнхий сайдаасаа аваад, салбар яамныхан бүгд л итгэл төгс ярьсан. Бүр сүүлийн жишээ гэхэд орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлого гэгчээ танилцуулсан. Түүндээ “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зохион байгуулна, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортолно, өндөгний хэрэгцээний 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэнэ, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангах хэмжээнд хүргэнэ, “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг гурав дахин нэмэгдүүлнэ гээд туучихсан.

Хөдөө аж ахуйн сайдыг мундаг ажиллах нь, ямар чиг л байсан гурилын хэрэгцээгээ бүрэн хангах юм байна, гадагшаа экспортлох нь яамай дотооддоо бүрэн хангаж байвал болох нь тэр гэж ард түмэн хүлээж байв. Гэвчиг орон нутгийн сонгуулийн дараагаас байдал бишдээд эхэллээ. Гадаад руу 200 мянган тонн гурил экспортлох нь байтугай гаднаас импортоор улаанбуудай авах Улаан сайдын “сайхан” жишиг өнөө жил дахин давтагдах өнгөтэй болоод явчихлаа. Үндсэндээ 360 мянган га талбайд улаанбуудай тариаллаа, гурилын хэрэгцээ асуудалгүй гэж дээр дооргүй мэдэгдээд байсан нь худлаа болж таарах нь. Ард түмэнд хэлсэн үг нь аанай л цаасан дээр тарьсан тариа нь байж. Сүүлийн өдрүүдэд ургац хураалтын албан мэдээг мэдээлж буй нөхдүүдийг анзаарахад гурилын хэрэгцээнд асуудал үүснэ, цас бороо их орсон учир тариа хураалтад онц хэмжээгээр нөлөөллөө гэсэн хандлага яваад байна.

Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах шинжээч Б.Одонхүү “Тариа цасанд дарагдсанаас гурилын үйлдвэрт нийлүүлэх буудайн чанар асуудал дагуулж мэдэхээр байна” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн. Тэрээр “Хураалтын хэмжээг тонноор нь авч үзвэл үр тариа, улаанбуудайн хураалт 60 хувьтай явж байна. Энэ нь 267 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна гэсэн үг. Гэхдээ есдүгээр сард яг ургац хураалтын үед цаг агаарын байдал хүнд байлаа. Хүйтэн бороо, нойтон цас, шамарга шуурганы улмаас улсын хэмжээнд нийтдээ 40 мянга орчим га тариан талбай ямар нэг байдлаар гамшигт өртөж, цасанд даруулсан хүндрэл үүслээ. Аймаг орон нутгаас авсан мэдээллээр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж 18.8 мянган га буудайн талбай цасанд дарагдаж болц нь дутуу байсан учир буудайн чиглэлээр хураах боломжгүй болж, таримал ногоон тэжээлд хураагдахаар боллоо. Үндсэндээ 267 мянган тонн хурааж авсан улаанбуудайн 18.8 мянган га талбай нь буудай биш таримал ургамал боллоо” хэмээн мэдэгдсэн. Одоогийн байдлаар 20 орчим мянган га талбайгаас авах улаанбуудай буюу гурил маань малын тэжээл болчихож. Ургац хураалтын албан ёсны мэдээ гарахад хэдэн мянга га талбай нь цасанд, хичнээн нь бороонд, мөн ган гачигт нирвэгдэж “будаа” болсныг бид таашгүй.

Улаан сайд улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хурааж авч чадаагүй гээд орос ах нараасаа идэх хоолоо гуйж, гуйлгачин царайлсан шиг шинэхэн сайд З.Мэндсайхан бас л цаасан дээр тариа тарьснаа хүлээн зөвшөөрч орос ах нараасаа царай алдах уу? “Хэдий хэмжээний буудай дутна, тэр саналаа Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, импортоор авах буудайн хэмжээг тогтоож өгнө. Гурилын үйлдвэрүүд зөвшөөрлөө аваад эртхэн импортоо хөөцөлдөх болдог. Шуурхай арга хэмжээг арваннэгдүгээр сард авах байх” гэж газар тариалангийн мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр гадаадад гурил экспортлох бус гаднаас гурил импотлох нь үнэн болоод явчихлаа. Үндсэндээ өнөө жил цаасан дээр тариа тарьсан гэдэг нь баталгаатай болж байх шиг байна.

Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улаанбуудай, ард түмнийхээ хоолоор Монголын төр ингэж поопорч худлаа хэлдгээ одоо болих хэрэгтэй. Идэх хоолоороо тоглоом тохуу хийж болдоггүйг эцэг өвгөд минь эртнээс сургасан. Энэ засаг идэх хоолоороо тоглож эцэс сүүлд нь модоо барих вий дээ. Өнгөрсөн хавар хөл хорио тогтоонгуут ард түмэн хамгийн түрүүнд гурил руу дайрсан, гурилын лангуунууд хоосроод эхэлснийг бид харсан.

Цаашид байдал улам эвгүйтнэ гэдгийг ДЭМБ-аас зарласаар байна. Ийм хүнд бэрх үед зөвхөн сонгууль бодож, эрх мэдлийн төлөө улайрч ард түмнээ хууран мэхэлдэг нь ямар учиртай юм бэ, Ерөнхий сайд аа. Хэрвээ гурил ховордоод ирвэл өлсгөлөн ходоодтой ард түмнээс юу ч гарч болохыг хууран мэхлэгч төр засгийнхан мэддэг л байгаа даа???

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Худал” үгүй социалист худалдаа

186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574), 213(6579) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ХХ зуунд “дамын үнэ” гэдэг хэллэг үүслээ. Энэ бол нэгдүгээрт, улсын худалдаанаас гадуур борлосон барааны үнэ, хоёрдугаарт, эрэлт хэрэгцээнээс үүдэн зөвшилцдөг үнэ юм. Яагаад ч юм бэ, “иргэд хувийн хэрэгцээнээс илүү гарсан зүйлсээ борлуулах” нөхцөлтэйгөөр, барааны зах хотод нэг байхыг төрөөс зөвшөөрчээ. Тэдний үнэлгээг “хар зах”ын үнэ гэх. Улсын дэлгүүр бол “цагаан зах” болж байгаа хэрэг шүү дээ.

Хар зах дээр наймаа хийх битгий хэл түүгээр явах нь нам, эвлэлийн ажилтнуудад зохимжгүй. Намайг оюутан байхад МУИС-ийн хуулийн ангийн нэг оюутан зах дээр мөнгөн аяга зарах гэж яваад баригдаж, сургуулиасаа бараг л хөөгдсөн санагдана. Үзэн ядах цуглаан маягийн юм болж байсныг л санаж байна.

Намгүй, эвлэлгүйнүүд ч нэг их чөлөөтэй наймаа үсэргэсэн юм байхгүй. Захын байцаагч ирээд тасалбар шалгаад, юмыг нь хураах энүүхэнд. Тасалбар авах мөнгөө харамласан биш, бараг л бараа олсон эх үүсвэрээс эхлээд иргэний мэдээллээ мэдүүлэх тул зайлсхийж байгаа юм.

Ингээд л ховор зэвэр хувцас, бараа мөрөн дээрээ тохсон хүнээс “үнэ” асуувал хэлэхгүй. Харин “Зарахгүй ээ, өөртөө авсан чинь томдчихлоо (өмсөж үзэж авах нь ч яасан юм бэ). Ижилхэн мөртлөө арай жижиг өмсгөлтэйгөөр солих (ижил л тэр зах дээр байтугай манай улсад харагдаагүй бараа байх) санаатай” хэмээн дүйвүүлнэ.

Үнэхээр авах гэж байгаа хүнийг ч тэд андахгүй, нэлээн шалуулсны эцэст “Үгүй ээ, одоо ижил нь олдохгүй бол зарчихаад өөрийг авсан нь дээр ч юм уу” хэмээн эргэлзсэн царай гаргана. Тэгээд чиний ятгалганд арга буюу авсан, тэгээгүй бол ижлийг нь хайсаар насаа барах байсан дүртэй болоод наймаалцана даа.

Захын үнэ ханш ямар ч нүүдэлчний зэвүүг хүргэмээр л дээ. Улсын худалдаанд байтугай, улсын хил дотор дахиад байхгүй өмд цамц, цахилгаан бараа барьсан этгээд ч санаанд орсон үнээ хэлнэ л дээ. Хоолойных өнгө, нүүрнийх нь хэлэмжид, дээр өгүүлсэнчлэн “Үүнээс хямдханыг байтугай үүнтэй ижлийг олоод авахыг чинь харах юмсан” гэсэн тохуу шингээстэй.

Социалист худалдаа хомсдлоор дүүрэн ч тэр нь ихээхэн ардчилсан байдалтай нь хүмүүсийг тайтгаруулна. Хүмүүс улсын хоршооны хоосон лангуунд гомдохын оронд “Хэрвээ Худалдаа, бэлтгэлийн Яам байгаагүй бол яана” гэхээр айдас төрнө. Тэгвэл хамаг л юмаа хар захаас дамын үнээр авах байсан гэж бодохоос жихүүцэм.

Жам ёсны зах зээлгүй байснаас болоод жам ёсны зах зээлээс айх айдас, зөв үү? Эндээс болоод хар захын бараа илүү өндөр “худал үнэтэй”, харин дэлгүүр хямд “үнэн үнэтэй” гэж бид бүгдээрээ л итгэж байв.

1991 онд номын зохиогч Их Британийг үзэж, Лондон оров оо, чиминь. Анх удаа Зөвлөлтийг алгасч, алгасах алгасахдаа хөрөнгөт оронд хөл гишгэж байгаа минь энэ. Тэр үеийн дүрэм ёсоор Монголбанк надад 7.5 паунд сольж өгөв. Валютын чөлөөт арилжааг зөвшөөрдөггүй байсан тогтоц хараахан халагдаагүй үе. Гадаад явах хүмүүст Монголбанкнаас хязгаарлагдмал хэмжээний валют сольж өгдөг, хамгийн ихдээ 30 рублийг Зөвлөлт явах хүн авч болно.

Тэр үед нийслэлд гадаадын буюу гуравдагч орны хүмүүст зориулсан “Валютын дэлгүүр” хэд хэд байлаа. Тусгай үнэмлэх гэж байхгүй ч “үнэхээр юм авах” гэж байгаагаа нотлон доллар ч юмуу харуулах ёстой. Жирийн хүн тийшээ ороод байвал кока колагаас эхлээд хөрөнгөтний бараагаар нүдээ хужирлаж, барууны юманд татагдвал яана гэж тэр.

Ороод юм авлаа гэхэд таныг Аюулаас хамгаалахын төлөөлөгч “хөрөнгөтөн орны, ангийн дайсан этгээдтэй холбоотой байж болох этгээдийн жагсаалт”д бүртгэж авна. Ганц нэг доллараас хэтэрсэн юм авах, эсвэл дахин дахин үйлчлүүлбэл, байцаалтын өрөө рүү алхаад марш!

Валют гэснээс, ДЭМБ болон олон улсын байгууллагад томилолтоор ажилласан хүмүүс валютын орлогоо бараг бүхлээр нь хайрт нам засагтаа тушаах үүрэгтэй. Тэгэхээр жирийн хүн хуулийн хүрээнд валют олж авна ч гэж юу байх вэ. Хулгайгаар валют наймаалбал, олж авбал шоронд ордог, хэрэгт холбогддог байсан юм. Зөвлөлтөд Ян Рокотов нарын гурван хүнийг 1961 онд гадаадын иргэнээс валют авч зарсан хэргээр шууд буудчихаж байлаа. Зөвлөлтийн удирдагч Н.Хрушев тэднийг бусдад сургамж болохуйцаар яллах хэрэгтэй гэж хэлснээс шүүхийнхэн ямар нэгэн зүйл ангийг тэдэнд тааруулан найруулаад яллажээ.

Зөвлөлтийн туршлага бол БНМАУын дагаж мөрдөх заавар байсан тул, манай төр засгийн тэргүүн нар анхны гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч “Чонон” хэмээх Борисыг цаазалжээ. Тэрээр, хумсны хутгаар хүний гуяыг зүссэн хэрэг үйлдсэн ба тэр үедээ насанд хүрээгүй байсан гэдэг.

Өнөөдөр, валютын зах дээр чөлөөтэй наймаа хийж суугаа хүмүүс, цагтаа тэдний ажил мэргэжил нь цаазын ялтай байсныг төсөөлөх ч үгүй.

Миний валютын эрэл ч бас бөөн драма боллоо. Тэр үед Монголбанкны ерөнхийлөгч Жаргалсайхан дээр, сургуулийн найз бөгөөд шинэхэн байгуулагдсан ардчилсан хүчний төлөөлөл МСДНыг удирдагч нарын нэг А.Ганбаатарыг дагуулж орж гуйгаад ч солих валютын хэмжээг нэмж өгсөнгүй. Өөрийнхөө мөнгөөр худалдаж авах юм шүү дээ.

Ингээд яаж ийгээд олсон 10 доллар, Монголбанкаар солиулсан 7.5 паундтай этгээд хөрөнгөтний газрыг үзэхээр одлоо. Социализм байгуулж явсан надад бол анхны гадаад валютын яндашгүй хуримтлал тэр байлаа.

Лондоны Империал коллежид гэр бүлээрээ ажиллаж байсан Баабарынх Элчин дээрээ байр хөлслөн амьдарна. Намайг гэртээ суулгаж “Английг үзнэ үү” хэмээн урьсан билээ. Тэрнээс биш 8 паундаар Лондоны гудамжинд ч ганц хонохгүй биз дээ.

Британий музей, Вестмэнстрийн сүм, Трафелгерийн талбай, Парламентын ордон гоё ч гэсэн төсөөллөөс гадуур биш. Хол явсан монгол хүн хоосон харьж болохгүй учраас дэлгүүр хэссэн маань төсөөллөөс давсан юм. Баабарынхан эхлээд намайг “Сайнсбуурис” гэхчлэнгийн их дэлгүүрт оруулж, хорвоогийн дэлгүүр байдгийг харуулж алмайрууллаа. Бурхан минь, энэ хорвоо ямар баян юм бэ л гэж бодлоо. Гэхдээ төсөөллөөс давсангүй л.

Дараа нь намайг хар захаар дагуулж явлаа. Англи дамчдыг үзсэн хэрэг. Гэтэл, үзээгүй юмаа тэнд л үзэв. Юуны өмнө захын бараа дэлгүүрийнхээс хямд байхыг хоёр нүдээрээ үзэж мэл хөхрөв. Бас үнээ хэд хэдээр байтугай хэд дахин хямдруулж байхыг харж цэл гайхав. Бүүр хачин нь, эрзээнэн бохь мохихныг “Ах аа, эгч ээ наадахаа зарчих л даа” гээд аргадан гуйж өссөн миний араас нэг баривгар энэтхэг хүн салахгүй дагаж, юмаа авчих гэж шалсаар жижиг магнитофоныг бараг сул өгөхөд “Үгүй бас амьд явсных, ийм юм үзэх гэж байх аа” гэсэн шүү бодогдон итгэж ядлаа.

-Манайд ийм байдаг бол мөн гоёо хэмээн хүсэмжлэн бодох зуур, яаж ийгээд авчихмаар байсан жинсний үнийг буулгаж өгөөгүй хэд хэдэн дамчдын дүрс санаанд бууж “ Тал үнээр нь авчих л даа” хэмээн царайчлан дагаснаар төсөөлөгдөж ч байх шиг.

Баабар “баталгаагүй бараа зарж байгаа учраас хямд байдаг” гэж тайлбарлав. Юун баталгаа? Олдохгүй ховор юм олж өгчихөөд, араас нь батална гэж юу байсан юм бэ?

“Алтан сайхан үрийг авчихаад, юун мөнгө нэхэх” гэдэг онигоо ч санаанд орох шиг.

Тэр нь ийм учиртай онигоо. 1970аад онд, Засгийн газар, Гэр бүлээс гадуурх жирэмслэлттэй тэмцэх хүрээнд “Хүүхдийн эцэг тогтоох” кампанит ажил зохиосон юм. Нөхөргүй атлаа хүүхэдтэй эмэгэйчүүдийг байцаан, хэнтэй унтаж жирэмсэлснийг тогтооно. Төвөөс ирсэн болон сум орны хариуцлагатнууд ирээд хөөрхийсийг улалзтал байцаана шүү дээ.

Гэтэл олон хүүхэдтэй нэг авгай бэлгийн хамтрагчаа тас нуугаад хэлж өгдөггүй гэнэ. Аргаа барсан дарга нь сэнхрүүлэх санаатай “Таны мууг үзэх гэсэн хүн алга. Хүүхдийн чинь эцгээс тэтгэмж гаргуулж танд өгөх гэж байгаа юм. За, даргадаа үнэнээ хэлчих, хэнтэй унтсан гэлээ” хэмээн аргаджээ.

Мөнөөх авгай арга авах байтугай, дүрсхийн уурлаж:

-Алтан сайхан үрийг нь авчихаад, араас нь мөнгө нэхэх хүн, би биш ээ гээд гүрийсээр дуусчээ…

ОдОО авахгүй бОл хэзээ ч авахгүй

… Энэ түүхийг хуучлах шалтгаан, хуучин “Айпод”-оо олсноос эхэлсэн юм. Урьд намар нь далд хийсэн зуны малгайгаа хаврын сүүлчээр эрж байгаад түүнийг олсон хэрэг. Тэгэхээр, зуны малгайнаас, эсвэл намраас, байчихаад хавраас шалтгаацсан түүх гэсэн ч болно.

Хуучин Айподын цэнэглэгч олдоогүй учраас утасны зах оров. Хуучны хэрэгтэй, хэрэггүй утас, залгуур, зай хураагуур овоолсон лангууны дороос хайсан юмаа олох нь ч оллоо. Хэн ч билээ, нэг мэргэн хүн “хэрэгтэй юмаа хэрэггүй зүйлсээс хайж бай” гэж хэлсэн ч билүү, тэгж бодогдсон ч бил үү?

Харин яг гарах гэж байтал, чанх ард нэг эмэгтэй утсаар ярьж анхаарал сарниуллаа. Хүний яриа чагнаад явдаггүй ч гэсэн, чихэн дээр хашгичаад эхлэхээр яалт ч үгүй сонсов доо. Иймээс нэг эмэгтэй чанга ярьснаас сэдэвлэсэн түүх гэсэн бас болох юм байна.

Цаад хүний яриа бүдэг дуулдаад эхлэхээр наанаас хашгичдаг нь утсаар яригч бүх хүний шинж учраас гайхсангүй. Тантай утсаар ярьж буй этгээд дуугаа гэнэт өндөрсгөөд унавал чиний яриа бүдгэрснийх юм шүү.

Чанга дуутай бүсгүйн ярианаас танхим дүүрэн хүмүүс нэг зүйлийг мэдэв. Тэднийх машин авах гэж байгаа юм байна. Улмаар, авах машинаа олоод, эзэнтэй нь тохиролцсон болохыг мэдэж авав. Бараг л аятайхан серийн дугаар, мугаар ч зохицуулсан бололтой.

Эцэст нь нэг л юман дээр гацжээ. Тэр нь мөнгө. Авах машин бэлэн болсон ч машин авах мөнгө нь байгаагүй аж. Ингээд, амьтан ах дүүс рүүгээ утасдаад, зээлж хуйлан цуглуулсаар овоо барагласан бололтой. Одоо ганц хоёр сая төгрөг л сох дутаад, нэг хамаатнаа л шаналгаж байгаа нь тэр аж. Тунирхах, айлгах хосолсон яриандаа “Одоо л чиний тусыг авдаг цаг”, “өмнө нь чамаас юм гуйж байл уу, айн” гэхчлэнгийн дарамттай хэллэг дайгаастай. Ярьж ярьж, эцэст нь дансны дугаараа зарлаж, арай л пасс коодоо хэлчихээгүйг бодоход тэднийх гэдэг айл машинтай болох нь болжээ. Амжилт юм даа, тээ?

Тэнд байсан монголчууд бүгдээрээ л ингэж бодлоо. Хэн ч үйл явдалд гайхсангүй. Хэрвээ, япон ч юмуу, герман хүн тэнд байсан бол “Эхлээд мөнгөө бэлдээд, дараа нь машинаа хайдаггүй юм уу” хэмээн асуух биз ээ? Харин бид “яагаад болохгүй гэж” хэмээн өөдөөс нь асуух байх аа.

Зах зээлээс хол, үеийн үед бараа үйлчилгээний хомсдол дунд амьдарч ирсэн нүүдэлчдэд нэг онцлог байдаг юм. Энэ бол хэрэгцээт бараагаа мөнгө бэлдсэний дараа авах биш, бараагаа олдмогц мөнгөө бэлддэг зан юм.

Та өөрийгөө тал нутгийн малчин айлаар төсөөлөөд үз дээ. Нэг сайхан өдөр, танайх шинэ эмээл авна гэж төлөвлөөгүй сууж байтал, аян замын хос морьтой хүн танайд бууна. Хөтөлгөө мориныхоо “самбуу” эмээлийг зарвал ч зарчих бодолтой яваагаа яриан дундуураа дуулгаж. Их аятайхан шинэвтэр эмээл. Танай хүү эрийн цээнд хүрч, өрх тусгаарлах цаг ойртож байгааг энэ завшаанд санана. Ийм эмээл тэгж санаан зоргоор тааралдахгүй шүү дээ. Тааралдахгүйгээр барахгүй, хуучны сайн эмээлчингүүд үхээд дууссан, шинэ цагийн залуус эмээл урлахын оронд туйпуу цохиж сурч байгаа цаг. Ингэж бодохоор “Одоо, эсвэл хэзээ ч үгүй” гэдэг сонголт л урд байх аж.

Иймээс, байгаа мөнгөө шавхаад, дээрээс нь айл саахалтынхнаас зээлээд эмээлийн өртөг босгохос өөр замгүй. Айл аймгийнхан ч гайхахгүй, байгаагаараа тусална. Хожмын өдөр ийм сонголт өөр дээр нь ч ирж мэдэх учраас, боломжоо шавхана.

Гэтэл өнөө муу аянчин чинь бараг хоёр эмээлийн үнэ хэлдэг байгаа. Дээр нь мал идээ сонирхохгүй, бие мөнгөөр наймаалцаад, замаа хөөх бодолтой. Үнийг нь буулгах гэтэл хөдөлсөнгүй. Гийчин цайлж дуусаад “За, холын хүн, эртхэн замаа хөөдөг юм уу” гэсээр үүд рүү харах нь “авбал ав, байвал бай” гэдэг тулгалт. Ингээд ёстой “худал+даа”-ны үнээр л мөнөөх эмээлийг авна даа.

Муусайн дамчдын хажууд социалист худалдаа хичнээн шударга вэ? Олдох юм байхгүй ч гэсэн бүх юм ижил үнэтэй!

1988 онд Төв аймгийн театрт миний цомнолоор бүтээсэн хөгжимт драмын жүжгийг тоглов оо. Миний сайных ч биш Соёлын Яамын жүжиг, кино хариуцсан мэргэжилтэн Д.Батбаяр гуай санаачлан, залуу зохиолчдоор шинэлэг өнгө аястай жүжиг бичүүлэн орон нутагт тоглуулах ажил зохиосон юм. Өнөө “Цахилж яваа гөрөөс” зэрэг бүтээлээрээ алдаршсан, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай шүү дээ.

Жүжиг маань гайгүй үнэлэгдэж, 5000 төгрөгийн шагнал авлаа. Их мөнгө л дөө. Нэг мянгыг нэмээд орос мотоцикль авч болно. Ингээд шинэхэн айл болсон ч дутагдаад байсан, хөргөгч, зурагт радио, диван гурвыг хайлаа. Гэвч, мөнгө байвч БНМАУын хэмжээгээр хөргөгч, зурагт олдсонгүй. Хааяа нэг ирдэг нь ар, өврийн хаалгаар алга болох тул жирийн хүнд хүртээлгүй.

Харин диваныг бол мебелийн үйлдвэрийн дарга дээр биечлэн орж байж, нэгийг цохуулан авлаа. Ингээд нэг айлын хөргөгчинд жаахан мах гуйж хадгалуулдаг, нөгөө нэг айлд орой орж зурагт үздэг залуу хос хэвээрээ хэсэг явлаа. Мөнгө бол байгаа л байгаа шүү дээ. Өвөг дээдсийн туршлагаар, мөнгөнөөсөө өмнө авах юмаа олоогүйн л үйл лай юм даа.

Гэтэл аз болж, хамт ажиллаж байсан яруу найрагч С.Батмөнх маань дэвшиж Намын хянан шалгах хорооны дарга Ламжавын туслах болчихлоо. Болоод зогссонгүй, зөвхөн дарга сайд нар ордог 10 дугаар дэлгүүрээр үйлчлүүлдэг болтлоо дэвшив. Улс орныг удирдах баг болсон Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний туслахын алба бол тийм өндөр зиндааных ажээ.

Ингээд л өнөө муу найзыгаа шаналгалаа даа. Яг л өнөө гар утасны зах дээр чанга ярьж, хэн нэгнийг мөнгө өгөхөөс өөр аргагүй болгодог эмэгтэй шиг.

Найз маань уриалгахан тусалж, одоо энэ гэрэл зурагчин С.Цацралтыг дагуулаад хамтдаа гарлаа. Цацаа бид хоёр Сайд нарын 10 дугаар дэлгүүрийн хашааных нь гадаа зогсож үлдэв. Энгийн хүнийг хашаанд оруулахгүй дүрэмтэй. Удсан ч үгүй Батмөнх маань дуудаж байна аа. Цагдаад нь “энэ хүнээр авсан юмаа хүргүүлэх учиртай” гээд дотогш оруулсан байдаг. Зөвхөн Сайд нар ордог тусгай дэлгүүрээс Зөвлөлтийн үйлдвэрийн “Рекорд” хэмээх хар цагаан зурагт дамжлан гарч буй фотог С.Цацралт дарсан нь манай альбомд бий.

Энүүхэндээ ярихад, Их Монгол гүрний үеэс Манжийг дамнаад, Зөвлөлтийн эринг залган үргэлжилсэн “нийлүүлэлтийн хомсдол”, “одоо л авахгүй бол хэзээ ч авч чадахгүй” гэсэн эрэлтийн дүрэм биднийг одоо болтол дагасаар байгаа юм.

Чөлөөт зах зээлд шилжсэний дараа манайд, зарим эрэлттэй бараа, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн үнэ хэтэрхий өндөр байгаа тухай гомдол, шүүмжлэл их гарах болсон. Ялангуяа орон сууц, хуучин машины үнэ хэрээс хэтэрсэн тухайд.

Ямар сайндаа л “Энд хоёр өрөө байр авах мөнгөөрөө Италид хаус авсан нь дээр юм байна. Ажлаас л жаахан хол юм даа” гэсэн онигоо хүртэл гарч байх вэ? Үнэхээр ч Америкийн зах зээл дээр зарагдаж буй сингл хаусаас давсан үнэтэй жирийн таунхаус цөөнгүй зарагдаж байлаа.

Нууц нь энгийн. Нүүдэлч удмынхны сэтгэлгээнд байгаа худалдааны тэнгэр Меркури “Одоо л авахгүй бол өөр хүн авчихна. Дахиад олдохгүй. Зээлээд ч болсон хамаагүй ав” гэж чихэнд шивэгнээд байгаа юм. Машин олчихоод, дараа нь машин авах мөнгөө цуглуулж яваа мөнөөх чанга дуутай хатагтайд ч бас тэгээд шивнэсэн хэрэг…

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Увайгүй байх нь хождог гэж уриалж болохгүй л дээ

Урваж шарвасан увайгүй үйлдлийг хожил, ялалт гэж үзсэн жигшмээр муухай явдал Монголын төрд болохыг харлаа. Тодруулбал, орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр гэдэг залуу дүүргийн төлөөлөгч болонгуутаа эрх баригч Монгол Ардын намд гишүүнээр элсэж намаасаа, намын журмын нөхдөөсөө, мөн нийт сонгогч олноосоо урвасан юм. Энэхүү урвагч нөхрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын даргаар сонгогдоод байгаа Д.Сумъяабазар нар Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч, намын батлахаа хүндэтгэн гардуулсан нь Монголын төр ямар дорой, ямар өрөвдмөөр, ямар үхээнц байдалтай байгааг илтгэв.

Урвагч гэдэг хэзээнээсээ нэргүй. Товчхондоо, хүний адаг, нийгмийн шаар байдаг. Ямар сайндаа урваснаас үхсэн нь дээр хэмээн эртнээс хэлж ярьж ирсэн ийм л ард түмэн. Гэтэл нэг урвагч нөхрийн өмнө Монгол төрийн Ерөнхий сайд нь, эрх баригч улс орны толгой намын аппарат тэр чигээрээ сөхрөөд, “Шинэ залуу хүн иргэний зориг гаргаж манай намд гишүүнээр элслээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамт зүтгэе” гэж хэлж, урваж шарваж увайгүй байх нь хэзээд хожно гэдгийг Монголын нийгэмд, Монголын залуу үед уриалж байгааг хараад үнэндээ ой гутлаа. Энэ үйлдэл Монголын нийгэмд тогтсон хамгийн буруу үлгэр дуурайлал, буруу жишиг боллоо.

Урваач нөхрийн үйлдэлд, түүний өмнө эрх баригч нам бөхөлзөн байгаад ард түмний ясны зэвүү дургүй хүрч, цахим сүлжээнд олон хүн уур бухимдлаа илэрхийлж байна. Нийтээрээ ингэж дургүйцэж зэвүүцэж, үзэн ядаж байгаа нь ард түмний зөв. Хүнд бас увай, най гэж юм байх ёстой. Жаахан ч гэсэн зарчим, хүний мөс чанар байх ёстой. Хүн гэгч зарчмаа, хүнлэг чанараа, ёс жудгаа гээж цэвдэг хүйтэн болж гэмээнэ, түүнийг нь засаг төр нь хөхиүлэн дэмжиж, шагнан урамшуулж, ийм байх ёстой хэмээн зарлан тунхаглах юм бол за тэгээд тэр нийгэм сөнөж байгаа нь тэр. Урваач залуугийн шийдвэр, түүнийг нь өөгшүүлж буй Хүрэлсүхийн үйлдэл, улс орныг удирдаж буй намын удирдлагуудын царайг хараад ийм л гунигтай.

Монголын төр ийнхүү намын нөхдөөсөө, сонгогч олноосоо урвасан залууг алга ташин хүлээн авч байгаа нь төрийн аль ч шатанд ард түмэн аяга хоолныхоо төлөө яаж нүдний булай болж, нэр нүүрээ барсан ч эцэстээ зөв зүйтэй, тухайн урваач шарваачийн хожил гэж харагдахаар тийм байдлыг бий болгочихлоо. Дээдэс нь ямар байдалтай байна, доодос нь яг л тийм байдаг жам. Зөвхөн манайд тогтсон жишиг юм уу, дэлхий нийтээрээ ийм байдаг ч юм уу. Монгол Улсад төр засгийн удирдагчид нь ямар ааш араншинтай, боловсрол мэдлэгтэй, аливаад зарчимтай, эсвэл зүгээр нэг дүр эсгэж олонд таалагдах гэж поопорсон байдалтай байна ард иргэд, олон нийт өөрийн мэдэлгүй тийм л байдалтай байх нь бий. Төрт ёсоо үлгэрлэн дуурайдгийнх нь илэрхийлэл байх л даа. Яг ийм бичигдээгүй хуулиар Монголд өнөөдөр нийтээрээ хүн загнасан, жигтэйхэн дээрэнгүй хүмүүс бий болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаа хамаагүй, тааралдсан бүхнээ загнаж зандарч байдаг. Монголын нийгэмд сүүлийн гурван жил тогтоосон ганц имиж нь энэ. Үндсэндээ Ерөнхий сайд маань бүтэн гурван жилийн хугацаанд тасралтгүй хүн загналаа. Өмнөх засгийнхаа өвгөн сайд нарын толгойг хяргана гэж баахан давхисан. Гэхдээ толгойгоо хяргуулсан сайд одоогоор дуулдаагүй байна. Төрийн ордонд аймаг, сумдын дарга нарыг бүгдийг нь дуудаж авчираад “Та нар үнэтэй цаг зүүлээ, бүгдээрээ цагаа авцгаа” гэж гөлөлзтөл нь загнасан. Үнэнийг хэлэхэд, өнөө дарга нар ч гэнэт яагаад загнаад унасныг нь ойлгоогүй байх. Ингэдэг учиртай юм байх гээд л өнгөрсөн дуулддаг. За тэгээд яамдын удирдлагуудыг цуглуулаад төрөөс хумсалбал бүгд шоронд явна, ажил хийж чадахгүй бол бүгд зайлцгаа гэж агсарсан. Автобусаар ч дуугүй явчихгүй ар өврийнхнийгөө загнаж зүхэж байгаа харагдсан.

Хамгийн аймшигтай нь Ерөнхий сайдын хүн загнадаг байдал төрийн албаны шат бүхэнд нөлөөллөө. Ерөнхий сайддаа загнуулсан сайдууд нь яамдынхныгаа цуглуулж загнаад, яамны сайддаа загнуулсан нөхөд нь мэргэжилтнүүдээ толгойг нь эргэтэл загнаад эцэс сүүлдээ хороон дарга хүртэл цэвэрлэгчээ өмнөө зогсоож байгаад учир зүггүй загнаж, хэлбэрддэг байдал бий болчихлоо. Ж.Батбаясгалан хотын дарга байхдаа өглөөний шуурхай дээр хүн загнаж байгааг бид харсан. Батбаясгалан бол дөлгөөхөн даруухан, ажил хэрэгч тийм залуу. Гэтэл Хүрэлсүхийн маневрт орчихсон, түнтийж ягаартлаа уурлан нэг нөхрийг байх суух аргагүй болтол загнаад хурлаас хөөж гаргаж байх жишээний.

Яг үүн шиг одоо хүн бүхэн урваж эхэлнэ. Үндсэндээ хүн загнадаг нь төрийн албаны бүхий л шатанд дээрээсээ доошоо хүртэл нөлөөлж халдварласан бол урваачийг урамшуулж ялалт хэмээн үзсэн нь бүх хүнд нөлөөлнө. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймаг, дүүргүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна. Аймгуудын дарга нар, дүүргийн дарга нар шинээр томилогдож байна. Ийм ээдрээтэй үед хичнээн нөхөр урваж шарваж, нэр нүүрээ барж муу муухайгаа дуудуулахыг таахын аргагүй. “Урваад очиход Ерөнхий сайд маань угтаад авна” гэсэн бодолтой яваа ч юм билүү. Энэ засгийн дөрвөн жилийн бөгсөн дээр урвагчдаар дүүрсэн, нэг нэгнээ үзэж чадахаа байсан ийм гамшгийн унтарсан цог шиг улс орон болчихсон байх вий.

Аль нэг намаас өөр нам руу шилжих бол улс төрд байдаг зүйл, гайхах юм огт биш. Улс төрийн онцгой нөхцөлийн үед, тухайлбал Их хуралд суудал тэнцэх ч юм уу, ийм эзэгтэй үед намын дарга нар ямар нэгэн байдлаар мандатын тоогоо нэмж ялалтад хүрэхийг боддог. Харин энэ удаад, бүр тодруулбал Баянгол дүүрэгт нэг урваачийг хадаг барьж тосох шаардлага Ардын намд үнэндээ байсангүй. Тэртэй тэргүй нийслэл хотод баатарлаг ялалт байгуулсан нам нэг урваачийн өмнө сөхөрч, нэр нүүрээ барсан нь гутамшиг. Ардын нам маань арай ч ийм дээ тулаагүй дээ, яасан айхавтар ядарсан сэтгэлгээтэй болоо вэ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байна. Эцэст нь хэлэхэд, увайгүй байх нь хождог гэж уриалж яагаад ч болохгүй л юм даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар”


Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.

Нүүдэлчдийн бизнес цэцэглэх нь тэдний эв нэгдэлд харштай, хэвийн амьдралд эвдрэлтэй, улмаар байгаль орчинд харшилтай ажгуу. Шалтгаан нь зэрвэс харахад дундын бизнес гэмээр, нэг хотонд налайсан мал сүрэг нь. Мал нь хорогдсон биш, харин өссөн нь гай болж.

Мал өсөх нь сөрөг, малд өсөхөд таатай цаг агаар ч бас сөрөг хүчин зүйл болжээ. Малын хорогдол, ган гачиг, зуд турхан нь харин ч нүүдэлчдийн хэвийн амьдралыг тогтоон барьж байдаг хүчин зүйл ажгуу.

Ажил хэрэг сайн явахын хэрээр сүйрэл отдог бизнес гэж байх уу? Тэгэхээр чөлөөт зах зээлийг анхлан хэрэгжүүлэгчдийн өлгий нутаг дахь амьдралын хэвшил нь өөрөө чөлөөт эдийн засагт харш! Хот суурины эдийн засгийг хөгжүүлдэг мутар энд ирээд мэс барьсан урт гар болдог, айн!

Иимээс, нүүдэлчид бусдын бизнес цэцэглэхийг хараад болгоомжилж эхэлдэг зөнтэй болж. Суурин газарт хөршийнх нь наймаа худалдаа цэцэглээд аюул учруулна гэж үгүй. Харин нүүдэлчин хүн хөрш айлынх нь мал өсвөл түгшиж эхэлнэ. Наанадаж л нутаг бэлчээрийн хэрүүл гарна. Цаанадаад, хэн нэг нь амьдарч дассан нутгаа орхиж нүүхэд хүрнэ.

Тал нутагт олон малтай байтугай олон бүлтэй хөрш нь бэрхшээл учруулна. Хүний олноороо зодож, хавь ойрын аргалыг түүгээд дуусгах тул гал алдахад хүргэх гэм осолтой.

Нүүдэлчид бүр байчихаад их нөөц бэлчээртэй байхыг чухалчилна. Хэзээ очихыг бүү мэд, хэзээ ч тийш зүглэхгүй ч байж мэдэх, өөрөөс нь өөр хэн ч эзэгнэхгүй, тийм уудам нутагтай байхыг чухалчилна. Айлд нэг гутлын “холоотог” байхад зүгээрийн адил улсад нэг тийм эзгүй газар байхад тун зүгээр аж. Өнөөдөр, Монголоор л дүүрэн алдагдсан, булаагдсан газар нутгийн гомдол. Оросуудаас айх тул Урианхайн хязгаар буюу Тува, сүүлд хилийн хэлэлцээрээр РСФСР-т очсон умард хилийн өргөн зурвас барагтай бол яригдахгүй.

Түүний оронд БНХАУ-ын хилийн цаана орсон Байтаг уулын оройноос эхлээд нэргүй өндөрлөгүүд яригдана. Халх голын дайны төгсгөлд, Зөвлөлт-Япон хоёр хэлэлцээ хийхдээ тухайн үедээ манай нутаг тооцогдож байсан Мана уулыг Манж-Го-гийн талд үлдээчихжээ. Хэдийгээр Москвагийн шийдсэн асуудал боловч Хятадад булаагдсан байдлаар авч үзнэ. Захын суманд очоод чагнахад л хажуу сум, зэргэлдээ аймагтаа “луйвардуулсан” гэх нутгаа халаглан, харамсан ярихыг сонсоно.

Зүгээр нэг яригдахгүй. Чухам эдгээр газар нутгаас л болоод өнөөгийн нийгэм эдийн засгийн бэрхшээлүүд ургаад ирчихсэн юм уу гэмээр чухал сонстоно. Гэтэл Монгол Улс иргэдээ тус бүр 0.7 газар үнэгүй өмчилж авна уу гэж гуйсаар 20 орчим жил өнгөрөв. Газраар гачигдан, хөршийнхөө хил рүү өнгөлзөн алдсан манайхны ердөө 18.5 хувь нь л хувьдаа газар авчээ.

Нүүдэлчдийн нүдээр бол газар нутаг бэлчээр нь чиний байж болохгүй. Учир нь ган гачиг болбол тэр нутгийг хаяад л нүүх учраас тэр. Бас өөр хүнийх байж болохгүй. Нүүгээд очиход өөр айл буучихсан байвал ямар хэрэг байх вэ? Иймээс хорвоо ерөнхийдөө хариуцах эзэнгүй байх нь нүүдэлчдэд зүгээр юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг кампанийн мөн чанар ч чухам энэхүү миний ч биш, чиний ч биш бэлчээр байлгах нүүдэлчдийн эрмэлзэлтэй л холбож харууштай. Нүүдэлчид ойр орчмын хөршдөө муу муухайг хүсэхгүй ч бэрхшээл учруулахуйц хэмжээнд өнөржин, баяжихыг хэрхэвч ерөөхгүй. Бас бэлчээрийг түр эзэгнэхээс биш, эзэмших сонирхолгүй шигээ бусдыг ч хавьтуулах хүсэлгүй.

Харин Бурхан тэнгэр нүүдэлчин монголчуудыг зориуд даапаалах гэсэн мэт хамгийн олон хүнтэй, хамгийн том амбицтай, суурин амьдралтай Орос, Хятад хоёрыг хөрш болгон өгчээ.

“Худал” үгүй социалист худалдаа

… Социалист эдийн засаг зөвхөн, мал нь өссөн Бат, Дорж хоёрын удмыг хэрэлдэх, зодолдохоос аварсан юм биш. Чөлөөт зах зээлийн үндэс болсон хувийн өмч, чөлөөт худалдааг боомилон тогтоцыг, Их гүрний үр сад талархан хүлээж авсан нь гэвэл ямар сонсогдох вэ.

Хэдэн жил болоод л ган зудын мөчлөг ирж, малыг бардагт дассан нүүдэлчид өмчийг нь нийгэмчлэхэд төдий л гонсойсонгүй. Малаа зуданд бараад 50-75 хоньтой үлдээ л биз. Малын бараагүй, хот нь харлаад үлдэхийг аль тэр гэх билээ. Харин ч дүн нуруутай хоцорлоо.

Хөдлөх, үл хөдлөх бусад хөрөнгө бүгдээрээ улс, нийгмийн өмч буюу дундын юм болсон нь шинэ ч юм биш. Ганц нэг боломжтой айлд байсан хөрөө, гар тээрэм гэхчлэнгийн багажийг гуйж аваад хэрэглэдэг байсан шүү дээ. Марксизм “үйлдвэрлэлийн хэрэгслэл нийгмийн өмч байх ёстой” гэж сургадаг нь алх, хадаас, гутлын холоотогийг дундаа хэрэглэсээр ирснийг л шинжлэх ухаанчаар томьёолсон юм биш үү?

Социалист эдийн засгаас хамгийн их таалагдсан юм нь социалист худалдаа байлаа. Бараа, үйлчилгээний үнэ хөлс нь шингэсэн өртөг, тээврийн зардал, байршлын хүчин зүйлээс үл хамаардаг нь нүүдэлчдэд таалагдлаа. Улаанбаатарт нэг килограмм нь “11 төгрөг 20 мөнгө” байгаа хатуу чихэр Баян-Өлгийд ч, Дорнодод ч ялгаагүй тэр л үнээрээ зарагдана.

Үнийн хорооны саналаар, Нам төрийн удирдах дээд түвшний хэдэн дарга ярьж суугаад л “Энийг хэдээр зарвал зүгээр вэ” гэхчлэнгээр тогтооно. Жишээлэхэд, шил архи 28 төгрөгөөс өгсөөд нүдэн дээр минь 37 төгрөг орчим болж байв.

Бүх малаа нийгэмчлээд, нэгдлийн гишүүн болж хөдөлмөрлөн насаа барсан эмээ маань сард 32 төгрөгийн тэтгэвэр авдаг байв. Хэрвээ, цагаан сараар хүн дайлахаар шил архи авах гэвэл таван төгрөг зээлэх учиртай.

За яах вэ, миний эмээг өөрөө агсам согтуу тавихгүй ч бусдыг архидуулан нийгмийн хэв журам зөрчихөд хүргэхээс сэргийлж спирт бүтээгдэхүүний үнийг өндөр тогтоосон байж гэж бодъё. Тэгвэл зөөлөн чихэр яагаад 24-48 төгрөгийн үнэтэй байсан юм бол? Иргэдийнхээ цусан дахь сахарын хэмжээг нэмэгдэхээс сэргийлсэн алхам гэх нь хаашаа юм бэ? Иймэрхүү нууцлаг, мистик шинжтэй үнэ тогтоох аргачлалын учрыг тайлаагүй ч эмээ маань бараг бүтэн шил архи, эсвэл 700 грамм зөөлөн чихрийн тэтгэвэртэй байсныг хуучлаад амжлаа. Үнэ утгагүй байлаа ч орон даяараа “утгагүй үнэ” тэгш үйлчилдэг нь гоё. Бусад бүх хүн олж авбал тэр үнээр л авна, үгүй бол адилхан хоосон хоцорно.

Үүнээс шударга юм гэж хаана байх билээ? Хэнбугай ч энэ үнэн дээр, ядаж нэг мөнгө ч нэмж чадахгүй. Баярлаж хөөрсөн нүүдэлчид “социалист худалдаа” гэдэг үгнээс “худал” гэдэг муухай язгуурыг хасаад “ Социалист Үнэндээ” болгочихоогүй нь их юм. Гэхдээ худалдаа хийдэг хүнийг нь худалдаачин гэхгүй. Худалдагч гэхээр шал өөр сонстож байгаа биз дээ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар”

Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564), 203(6569) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


Монголын их Гүрний хаад чөлөөт худалдааны сүлжээ байгуулснаараа дэлхий дахинд чөлөөт зах зээлийн үндсийг тавьжээ хэмээн судлаачид хэлдэг. Гэтэл тэр үндэс нь төрөлх хээр талдаа хэр ургаж цэцэглэсэн бэ гэвэл, их л сонин хариу гарах гээд байна.

Нэг талаасаа нүүдэлчдэд өмч л байснаас биш, үл хөдлөх хөрөнгө гэж байсангүй. Иймээс баян хүн л тааралдахаас биш баялаг бүтээгч гэж төрсөнгүй. Нүүж явдаг тэдэнд суурин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаарх анхны ойлголт ч төсөөлөгдсөнгүй.

Гадаадын аялагчид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг юм. Баян чинээлэг монгол хүн гэрээсээ гарч ирээд, бэлчиж яваа малаа, ялангуяа адуугаа харж, нүүр дүүрэн баясал тодруулдаг тухай. Барьсан барилга, байгуулсан хотхон, тариулсан ургацаа харна гэж байх биш. Ингээд л байгаль дэлхийн таалал, бурхны хишгээр өөрөө үржиж буй мал сүргээ л харж, амьдралын таашаал эдэлдэг байсан хэрэг. Өөр яах ч билээ.

Зах зээлийн ертөнцөд байдаг дампуурал, ашиг, алдагдал, хувьцаа хээр талд үгүй. Ердөө л мал нь өсөх, мал нь үхэх гэсэн хоёр л орчил байна. Энэ нь эзний менежмэнтээс бараг хамаарахгүй. Зуд болбол хэний ч мал ялгаагүй үхнэ. Харин ногоо цагаа сайхан ургаж, өнтэй өвлүүд дараалбал хэний ч хамаагүй мал өснө.

Бизнес хөгжлийн барометр болсон ашиг ба алдагдал гэсэн ойлголт байхгүй. Мал нь бага багаар хорогдох, сүргийн чанар нэг л биш болох гэхчлэнгийн зүйл байдаг юмаа гэхэд эзэн нь бараг анзаарахгүй дээ. Түүний оронд малыг нь бөөн бөөнөөр үхүүлсэн ган гачиг, зуд турханыг л анзаарна.

Мал нь хүнс тэжээлээ өөрөө олж, өөрийгөө өсгөх тул байнгын тасралтгүй нэмэгдэх ашиг гэдэг ухагдахууны оронд гэнэт геометр прогрессоор тоо толгой нь өсөхийг хэлдэг олз омог гэх ойлголт л бий. Монгол хэлэнд ашиг нэмэгдэх, алдагдал багасгах ойлголт хэллэг үгүй, харин “гарзын үүдийн хаах”, “олз омогтой явах” гэхчлэнгийн хэллэг байдаг нь тийм учиртай.

Баяжих хоосрох циклийг дайраагүй хүн үгүй тул хувь заяагаа бурханд даатгасхийгээд амьдарна даа. Бурханд сайн залбирч, заяа түшсэнээрээ л баяжсан хүн байхаас, бизнес сэтгэлгээ, эдийн засагч байдлаараа юмжсан хаана ч үгүй.

Ийм учраас тал нутагт жам ёсны зах зээл, худалдаа наймаа, эдийн засгийн сэтгэлгээ цэцэглэн хөгжсөнгүй. Харин ч Адам Смитийн олж харсан эдийн засгийг тэтгэгч “үл үзэгдэх гар” харин ч “үл үзэгдэх мэс”, “нуусан хутга” маягтай болсон нь сонин.

Жам ёсны зах зээл дээрх чөлөөт өрсөлдөөний дүнд хэрэглэгч хожиж байдгийг Адам Смит хэлсэн. Хэрэглэгч үйлчлүүлэгчээ татах уралдааны дүнд бизнесийн шинэ шинэ санаа төрж, тэр хэрээр нийгмийн нүүр царай хувьсан хөгжинө.

Талхчин айлын худалдан авагч олшрон хөлжих нь зэргэлдээх лэнсий барааны мухлаг, хажуугийн цайны газарт гай болохгүй. Харин ч тэр хавьд үйлчлүүлэгчдийг татан цуглуулж, бусдыгаа тэтгэнэ. Ижил бараа зардаг лангуунууд бие биеэ бараадан бөөгнөрдөг үзэгдэл ч нэг юм хэлээд байдаг. Уг нь тэдний нэг л цэцэглээд, бусад нь бөхчихмөөр авч тэгдэггүй.

Зах зээлийг өршөөлгүй өрсөлдөөн мэтээр дүрслэн ойлгож ирсэн үеийнхэн анхаармаар үзэгдэл ч байдаг. Тэр онолоор бол Toyota, Sony, Samsung өсөж өндийсөн түүх нь тэдэнтэй эн тэнцэх өөр бизнесийнхний мөхсөн, эдгээрийн гарт үрэгдсэн кэйс гарч ирэх учиртай ч тийм биш. Сүүлийн үеийн үүрэн утасны зах зээл дээрээс арчигдсан Nokia, Blackberry ч гэсэн Айфон, Самсунгад хорлогдсон гэхээсээ илүү менежмэнтийн алдаа гаргаж бүтэлгүйтсэнээр тайлбарлагдах болов уу?

Харин Адам Смитийн “үл үзэгдэх гар” хээр талын бэлчээрт ирмэгцээ л зах зээлийг ивээгч байхаа болиод мэсний үүрэг гүйцэтгээд эхэлдэг нь бас сонин.

Үзэсгэлэнт уулын аманд Бат, Дорж хоёр найз айлсан буугаад хэдэн жил болов. Айлсан буухаар мал өсдөг хөршийг “хаяа сайтай” хэмээн магтдаг юм. Найз хоёр хэн хэндээ хаяа сайтай байлаа. Айл, айлын зуугаад богтой байхдаа анх айлсчээ. Хаяа сайхан нийлж мал нь өсөөд л, өсөөд л байлаа. Хүмүүс тэдний нэрийг ч нийлүүлж “Батдоржийн хот” хэмээн ярьцгаана. Хоёр жилийн дараа хагас мянган мал хотлов. Тав дахь жилдээ хонь мянгаас хол давлаа.

Үзэсгэлэнт уулын бууц мянган хонины хөлд талхлагдаж эхлэв. Хэн нэг нь тэндээс явах хэрэгтэй боллоо. Дорж болохлоор Батынх эхлээд нүүчих болов уу хэмээн харзнах боловч Бат яг эсрэгээр нь Доржийнх нь нүүвэл шударга санагдлаа. Нэгэн цагт Батын нагацын өвөлжөө байсан ч, хаягдаад Доржийн аавынх тэнд нутаглажээ. Хамгийн эхэнд эзэмшсэн нь эзэн нь мөн гэж Бат үзэж байв. Харин Дорж бол “Сүүлчийн эзэн бол жинхэнэ эзэн” гэдэгт эргэлзсэнгүй.

Доржийн бодлоор бол Батынд олон байсан адуу л бэлчээрийг нь нэмж нэрмээд байлаа. Харин Батынх “Доржийн олон сарлаг дайран дээр давс үрж байгаа” гэж ярих. Мэдээж энэ яриа гэрт өрнөх тул авгай хүүхдүүдэд нь сөрөг цэнэг хуримтлуулна. Доржийн сэтгэлийг гонсойлгодог өөр нэг зүйл бий. Тэрээр Батаас хоёр ах, монгол ёсонд насаар эрэмбэлдэг уламжлалаа бодсон ч тэдний хот айлыг “Доржбатын хот” товчилмоор байдаг. Гэтэл “Батдоржийн хот” гэснийг бодохоор, нэг л дөнгүүлчихсэн мэт сэтгэгдэл төрнө. Сүүлдээ, хүүхдүүд нь ч хоорондоо тоглож чадахгүй хэрэлдэж “Сарлаг шигээ тэнэг”, “хэдэн адасга шигээ ааштай”-гаараа дуудалцаж зодолдох болов.

Ингээд нэг өдөр авгай хүүхний хэрүүлээс эхэлсэн дажин, өрхийн тэргүүлэгчдийн зодооноор дуусав. Хоёр айл салж нүүлээ. Тэгэхээс тэгэх гэсэн аятай, хэн хэнийх нь мал сүрэг өссөөр. Дараа нь үзэсгэлэнт амтай уулынхаа ар өвөрт багтахаа болив. Сүүлдээ, уулсыг налсан хоёр хөндийд шахалдан, бараг нэгнийхээ бэртээж хаясан ч гэдэг билүү дээ.

Алдарт, мичин жилийн зуд тэдний маргааныг шийджээ. Аль алин нь малаа барж, модоо барьж. Мянга мянган малын хөлд талхлагдан, ургамал багатай болсон уулсын тарчигхан аманд, цөөн малтай хоёр гэр айлсаад утаа суунаглах болсон нь мөнөөх Бат, Дорж хоёрын зээ нар ажгуу.

Тэнгэр эхэлж ниргээд, дараа нь ивээдэг гэгчээр мичин жилээс хойш, малд ээлтэй жилүүд ар араасаа цуварч, хангай дэлхийн хишиг ч дэлгэрч өгчээ. Зээ нарын мал ч өссөөр хотон дахь хонь мянга хүрчээ. Түүх яг давтагдах гэж байтал… Яасан гэж үү? Нэгдэлжих хөдөлгөөн ялж, бүх малыг нь хураан нийгэмчилжээ. Аминыхаа малыг хонинд шилжүүлснээр 50 толгойгоос илүү гаргах эрхгүй болсон, Дорж, Бат нарын дөрөв, тав дахь үеийнхэн төрсөн ах дүүсээс ялгалгүй эвтэй амьдарсаар 1990 оныг үзжээ. 1990 онд нэгдэл тарж, малчид өмчөө аваад, өөрийн дураар өсгөх боломж олсон байдаг. Тэрнээс хойш яасныг бол мэдэхгүй.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш, ял өгмөөр санагдах юм

Үндэсний их баяр наадмын тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд цолыг нь шууд олгодог уламжлалтай. Уул нь баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооныхон олгодог байсныг Н.Багабандийн үед хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тэргүүн өөрөө гардуулдаг болсон. Ингэж Монголын төр бөхчүүдээ дээдлэн соёрхож, төрт ёсны их баяр наадмын охь манлай, сүр сүлд нь бөхчүүд болж түмэн олон даяараа хүндэтгэх болсон. Монгол төрийн энэхүү эрхэмсэг байдлыг бөх гэх нөхдүүд өөрсдөө гутаан доромжилж, луйвар залилан хийж үндсэндээ луйвраар, хууль бус аргаар цол авч төрийн тэргүүний зарлиг хийгээд төрт ёсны наадмаа үнэ цэнэгүй болгож эхэллээ.

Одоо монгол бөхөд допинг гэх аюул хар тамхи шиг газар авч энэ цагийн наадмын манлай болсон аварга, арслангууд нь бүгд допингтой болж сүүлийн хоёр жилийн наадам бузар булхайтай боллоо. Түрүү жилийн наадамд түрүүлсэн Э.Оюунболд гэж залуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол өнөө жилийн наадмын үзүүр бөх, сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд түрүү үзүүрт шалгарсан Н.Батсуурь гэж залуу мөн допингтой болох нь тогтоогдлоо. Монголын төрт ёсны наадмаа өргөж чимж явах бөхчүүд нь, аварга, арслан, гарьдууд нь өөрсдөө гутааж, зүгээр нэг хошин шогийн үзүүлбэр болгон хувиргасан нь харамсалтай. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөхийн аварга цол хураагдана, хураагдахгүй гэх дуулиан намжаагүй байтал энэ жилийн наадмын шөвгөрсөн бөхчүүдээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар допинг хэрэглэсэн нь тогтоогдож одоогийн байдлаар шинээр найман бөх улсын цол хүртэх болоод байна.

Тухайлбал, Батсуурьт тахимаа өгсөн аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин, Ц.Мөнхбаяр улсын харцага, Ц.Одбаяр улсын заан, М.Бадарч улсын гарьд, Р.Пүрэвдагвад өвдөглөсөн Б.Эрдэнэхүү өсөх идэр начин, Ш.Пүрэвгарьд улсын харцага, Б.Бат-Оршиход унасан аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин, Б.Орхонбаяр улсын харцага цол хүртэнэ. “Өдрийн сонин”-д өмнө нь бичиж байсанчлан “Наадмаар давж, намар нь допингоор унаж авдаг хүүхдийн тоглоом шиг бөхийн цол” бий боллоо.

Тэгэхээр төрт ёсны наадмынхаа дархлааг хадгалж үлдэхийн тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон байна. Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс аль нэгнээс нь допинг илэрсэн тохиолдолд тэр жилийн наадмыг хүчингүй болгож, шинээр цол авсан бөхчүүдийн бүгдийнх нь цолыг хураах хэрэгтэй. Нэг нөхрийн допинг хэрэглэсэн хууль бус асуудлаас болж бусад бөхчүүд цол чимгээ хураалган, бүтэн жилийнхээ хөдөлмөрийг алдаж, нэр төр бүхий л зүйлээрээ хохирно гэдэг аюул байх нь мэдээж. “Чамаас болж бид цолоо хураалгалаа. Амь амдралаараа хохирлоо” гээд дайрцгаана. Допинггүй наадмын төлөө бөхчүүд уриалга гаргана. Допинг хэрэглэсэн бөх нийгмийн шаар шавхруу болно. Дахиж барилдах нь байтугай ард түмнийхээ нүүрийг харах ч эрхгүй болно. “Надаас болж наадам хаагдана” гээд бөхчүүд үнэн голоосоо допингийг үзэн ядна. Ийм л зоримог шийдвэр гарган допингтой тэмцэж төрт ёсны наадмаа аврах хэрэгтэй.

Түүнээс допинг хэрэглэсэн нөхдийн толгойг нь илээд ганц хоёр жил эрхийг нь хассан болоод өнгөрвөл монгол бөх сөнөж, улмаар монгол төрийн наадмын дархлаа алдагдах болно. Монгол бөх мөхөж болно л доо, нэг их гашуудаж гангинаад, үнэ цэнэтэй зүйлээ бүрмөсөн алдчихаж байгаа юм огтоос биш. Харин монгол төрийн наадмын дархлаа алдагдах учиргүй. Тиймээс бөхийн барилдаан нь үнэнч шударга, төр түмнээ гутаан доромжилсон худал хуурмаг байх ёсгүй. Эл бүгдийг бодолцож Үндэсний их баяр наадмын тухай хуулиндаа зарим өөрчлөлтүүдийг оруулах нь зүй ёсны асуудал болжээ. Эн түрүүнд улсын баяр наадмаар Ерөнхийлөгч цол олгодгоо болимоор байна. Шөвгөрсөн бөхчүүдэд цолны түр батламж гардуулаад допингийн шинжилгээний хариу албан ёсоор баталгаажсаны дараа допинг хэрэглээгүй бөхчүүдэд цолыг нь баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Төрийн ордонд гардуулдаг байвал зохино.

Ер нь тэгээд допингоор төр түмнээ хуурсан бөхчүүдэд цол биш ял өгвөл яасан юм, тэгж л санагдаад байх юм. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид олон нийтэд худал хуурмаг мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих ялаар шийтгэгдэх хатуу заалттай байдаг. Нийгэмд, уншигч олонд үнэнийг хэлэх үүрэгтэй сэтгүүлчид худал мэдээлэл түгээж, хэн нэгний нэр төрд халдсан тохиолдолд хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай бол бөхчүүд мөн ялгаагүй Монголын төрт ёсны наадмыг гутаан доромжилж, өрсөлдөгч бөхөө луйвраар давж, ард түмнээ хууран мэхэлсэн учир хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Яг л сэтгүүлчид шиг Эрүүгийн хуулиар хорих ялаар шийтгүүлдэг хатуу заалттай баймаар байна. Х.Баттулга Ерөнхийлөгч 2017 онд төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш дөрвөн жилийн наадам нээсэн. Үндсэндээ дөрвөн жилийн наадмын түрүү үзүүр бөхчүүдэд шагнал гардуулсан, Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгосон. Гэтэл гурван жилийн наадмын түрүү үзүүр бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо. 2017 онд үзүүрлэсэн Увсын Ө.Бат-Орших, 2019 онд түрүүлсэн Хэнтийн Э.Оюунболд, 2020 онд үзүүрлэсэн Увсын Н.Батсуурь нар допинг хэрэглэн худал хуурмагаар хууль бусаар төрийн өндөр цолонд хүрсэн байна. Ингэхээр Ерөнхийлөгч таны дөрвөн жилийн наадмын гурван жилийнх нь худлаа болж байна.

Төрийн тэргүүн танаар зарлиг гаргуулж, бөхийн өндөр дээд цол чимэг авсан нөхдүүд Ерөнхийлөгч таныг болоод, Монголын ард түмнийг, төрт ёсоо санаатайгаар гэж хэлж хардахаар доромжилсон байна. Цаашид энэ байдал давтагдаад Монгол төрийн тэргүүн луйварчдад зарлигаар цол өгөөд, ард түмэн допингтой эсэхийг нь мэдэхгүй хүндэтгэн дээдэлж, хөөрч баясаад, аймаг, нутгийн зөвлөл, ажлын хамт олон, компани нь байр машин өгч, энэ бүхэн нь сүүлдээ хууль бусаар цол авсан луйварчин этгээдийн хуурамч жүжиг болоод дуусах нь ээ. Ямар нэгэн алхам хийлгүй энэ байдлаараа байвал магадгүй ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөхөөс тав давж шөвгөрсөн 32 бөхөөс 20 орчим нь допинг хэрэглэсэн нь тогтоогдож бүтэн зуунд ганцхан удаа тохиох төрт ёсны наадмаа гутаавал яах вэ. Энэ цаг үед ид барилдаж байгаа нөхдийн нүүр царайг харахад тийм зүйл болохгүй гэх баталгаа алга.

Бөхчүүдэд итгэх итгэл бүрэн унтарсан байна. Төрийн эрхэмсэг оршихуйг бөхчүүд нэр төр, ашиг хонжоо олох талбар болгон уландаа гишгэлээ. Тиймээс допингоор төр түмнээ хуурсан нөхдүүдэд цол биш, ял өгмөөр байна. Допинг хэрэглэсэн нөхдөд унасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгч байгаа нь шударга мэт боловч яг үнэндээ допингийг хүлээн зөвшөөрсөн, өөгшүүлсэн үйлдэл болж үндэсний бөхийн ирээдүйд улам хорлонтой харагдаж байна.