Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Яруу найрагч Р.Лхамрагчаа: Суут их Чингис хааны хошууч баатар домогт Урианхайн Сүбээдэйд зориулсан хөлгөн туульсаараа “Алтан-Өд”-ийн эзэн боллоо

Дархан-Уул аймгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ринчендоржийн Лхамрагчаатай ярилцлаа. Тэрээр “Сүбээдэй баатар“ туульсын найраглалаараа оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал хүртсэн юм.


-Хамгийн олон өрсөлдөгчтэй яруу найргийн төрөлд “Алтан-Өд”-ийн шангнал хүртлээ. “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын бүтээл тань шуугиан тарилаа. Ер нь яруу найрагт ийм хэмжээний хөлгөн туульсын бүтээл гаралгүй удсан байх?

-Суут их Чингис дөрвөн хошууч баатрын нэгэн Урианхайн Сүбээдэй баатрын тухай хөлгөн туульс бүтээж утга зохиолын дээд шагнал “Алтан-Өд”-ийн эзэн болсондоо баяртай байна. Сүбээдэй бол Монголын гурван их хааны төрд хүчин зүтгэсэн, жанжны суу билгээрээ эгнэшгүй, Урианхайн их хөвүүн, Монголын түүхэнд тодорсон домогт баатар юм. 14 наснаасаа Чингис хаанд хүчин зүтгэж, тархай бутархай эсгий туургатныг нэгэн дор нэгтгэлцэн, Зүрчидийн Алтан улсыг мөхөөж, Тангудын бач омог, Сартуулын давилуун Султаныг номхотгосон гавьяатай. Чингис хаан болоод есөн өрлөгүүд бүгд бие барсны хойно үйлсийг нь залган үргэлжлүүлж Кипчакийн уудам тал нутаг, Ижил мөрнөөс авахуулаад бүх Оросыг эзлэн дийлж, баруун Европын зүрхэнд шар ус хуруулж явсныг бид түүхээс мэднэ дээ. Энэ домогт баатрын тухай нэг сайхан ном гаргахсан гэх бодол надад эртнээс төрсөн. Гэхдээ яг тэгж ингэж бичье гэж төлөвлөөгүй. Харин 2013 оны өвөл хэдэн өдөр дараалан шүлэглэж бичсэн. Тэр цагаас үүнийгээ яг энэ хэв шинжийг нь алдалгүй баримталж, томоохон бүтээл болгох юм байна гэдгээ мэдэрч, төлөвлөсөн. Миний хувьд бага балчраасаа түүхийн ном зохиол сонирхож шимтэн уншдаг байсан маань гол нөлөө болсон. Үндсэндээ түүхийн суурь мэдлэгтээ дулдуйдан яруу найрагчийнхаа сэрэл сэрэхүйгээр туушиндаж бичсэн. “Монголын нууц товчоо”-ноос авахуулаад гадна дотнын холбогдох бүхий л түүх шашдир, ном бүтээлийг сөхөж харах, унших гээд л миний хувьд судалгаа болж хувирсан. Олон талаас нь жишиж, харьцуулж бодож байгаад яаж бичихээ шийдэх нь мэдээж. Ингээд 2020 оны сүүлийг бараг л мушгиж эх бэлтгэл дээр нь бүтэн жил сууж, ажил амьдралынхаа хажуугаар зүтгэж байж л үр дүнг нь харлаа. Ер нь түүхэн сэдэвтэй бүтээл бол түүхийг гоёчлох, хэт уран сайхны халилд хэтийлгэх, зохиомжлох гэсэн асуудал байж болохгүй. Түүхэн зохиол түүх өөрийнхөө үнэн товчооллоороо хашиж байдаг, хэрхэн амилуулах нь тэр хүний авьяас чадвар. Эл бүтээлийн минь үнэ цэнэ болоод хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдалд баярлаж буй минь энэ. Сонирхуулахад, отгон хүүг маань Сүбээдэй гэдэг. Одоо хоёрдугаар ангийн сурагч таваргаж явна.

-Таны хувьд уран бүтээлээ хэдий үеэс эхэлж байв. Утга зохиолын амь халуун багш нарынхаа тухай дурсахгүй юу?

-Би хүүхэд ахуй цагаасаа л ном сонинтой нөхөрлөж, дунд сургуульд байхын шүлэг бичиж эхэлсэн. Сургуульд орохоос өмнө уншдаг болсон байсан. Сургуулиас мөн сумын захиргаанаас зохион байгуулсан шүлэг найргийн уралдаанд идэвхтэй оролцож тэрүүхэндээ түрүү магнай ч болж л явав. Анхны багш гэвэл аав маань, буурал ижийгээ бас нэрлэнэ. Миний аав сэхээтэн хүн. Аавынхаа захиалж уншдаг ном сэтгүүлийн хоёр дахь уншигч нь байсан юмуу даа. Дээр нь надад ном их авч өгнө. Төрсөн өдрөөр аав байнга ном бэлэглэнэ. Энэ бүхэн их нөлөө болсон байх. Аавын маань ээж 1912 онд төрсөн, дөрвөн ч төрийн нүүр үзсэн азай буурал байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Харин би гол төлөв буурал ээжтэйгээ багаасаа ойр, хамт байдаг байсан. Голцуу хоёулхнаа ганц гэр зэлүүд шахам нутаглана. Үлгэр домгоос авахуулаад сонин хачин хууч яриаг намайгаа хүүхэд гэж гололгүй, унтах нойроо хугаслан байж хөврүүлнэ шүү дээ. Утга зохиолын хувьд бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Төмөртогоо багштайгаа утга зохиолын сэжим сэнжигээр холбогдож Дарханы утга зохиолын салбарын зохиолч найрагчиддаа намайг танилцуулж үүдийг нээсэн нь 1999 оны үе юм даа. Анхны шагнал, анхны ном гээд гэгээн сайхан он жилүүдийг минь асууж байна. Анх шүлгээ уншсан найргийн наадам их бэлгэшээлтэй санагддаг. Хоёр мянга нэг оны хавар цэргийн баяраар зохиосон цэрэг эх орны сэдэвт найргийн наадамд “Жагсаалын цэргийн өчил” хэмээх шүлгээ уншиж хоёрдугаар байрт шалгарч байсан минь цээжинд тодхон. Авьяас билигт найрагч “Олон түмэнд алдаршаагүй Оросоогийн Ганболд” ах маань тэргүүлж байсан удаатай. Манай Дарханы мундаг уран бүтээлчид, хууччуул дунд болоод залуу үе тэгэхэд бүгд л шижигнэж, бужигнаж асан бас л сайхан үе л дээ. Анхны ном “Унасан нутагтаа өргөх шүлэг” маань 2004 онд хэвлэгдэж, Алтай сайхан нутгийн минь яруусал, Хасагт хайрханы өлзий буян намайг түшиж сум орны “Алдартан” болгож өргөмжилсөн нь бас их хайр, үүрэг ачаа нэмсээн.

-Тэр жил Дарханы утга зохиолын их ойд Намбарын Пүрэв найрагч бид хоёр очиж, танай наадмыг шүүж, Цэвээнгэрэл ах минь цом гардаж мөн ч сайхан баяр болж билээ сэн?

-Тийм ээ, эрхэм дүү минь. 55 жилийн түүхт ой минь маш сайхан болсон. Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан МЗЭ-ийн удирдлагад бид бүгд маш их талархсан. Дархан-Уул аймгийн утга зохиолын салбар 1964 онд анх байгуулагдсан цагаас авахуулаад өдийг хүртэл Монголын утга зохиолын үе үеийн сод төлөөллүүд бүтээн туурвиж, ажиллаж амьдарч байснаараа онцлог бөгөөд бахархалтай. “Гал” шүлгээрээ анхны цахиурыг хагалсан Л.Нацагдорж, “Уянга цагаан хуруу” дууны эзэн П.Авирмэд, их утга зохиолын ноён оргилуудын нэгэн Санжийн Пүрэв гуай, алдарт зохиолч Зо Па Жингийн Баттулга, “Зулзаган цагаан хус” дууны эзэн Б.Сосорбарам, нэрт зохиолч И.Гүрринчин, Ш.Сүрэнхор гээд олон буурлууд манай анхдагчид юм. Жамъянгийн Болд-Эрдэнэ, О.Ганболд, Г.Баатар, Ц.Цэнд, Б.Норовсамбуу, Д.Цэвээнгэрэл, Д.Цэрэндаваа, М.Уянсүх гээд бүгдийг нь нэрлэнэ гэвэл барагдахгүй. Энэ бүх зохиолч найрагчидтай нэгэн үед ихэнхтэй нь хамт байж, харилцан шүлгээ уншицгааж бүтээн туурвиж буйдаа бахархдаг. 2008 онд Д.Нацагдоржийн шагналт М.Уянсүх “Шүлгэн гэрэгэ мину” номыг маань уран бүтээлч хүнээс л гарах сэтгэл зүтгэлийг өвөртлөн хянан тохиолдуулж, өмнөтгөл бичиж, аймгийн “Оны шилдэг ном”-оор шалгарсан торгон дурсамж бас байдаг л юм. Манай утга зохиолын нэгдлийг салбарын хэмжээнд өргөжүүлж олон жил тэргүүлж, утга зохиол, яруу найргийг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмрийг оруулсан хүн бол МЗЭ-ийн шагналт найрагч Цэвээний Цэнд яриангүй мөн. Миний дотно ах, морьтон түмний бахдал болсон монгол наадмаараа овоглосон Цэвээнгэрэл байна, мөн ч хүнлэг найрагч юм шүү дээ. За тэгээд “Сонгодог зүгээс Бурхан зүг” хүртэл дайдыг хэмжсэн Ланзадын Мөнхбаатар найрагч маань байна.

-“Чинад гилтрагч”, “Виллам” гэдэг ч юм уу, таны шүлгийн номууд нэрнээсээ аваад содон байдаг. Хөөдөөгийн Эрдэнэбатар найрагч таны тухай их л халуун дулаан бичсэнийг санах юм?

-Ер нь бол бусдаас онцгойрохдоо ч нэг их гол биш, өөр өөрт заяагдсан өгөгдөл, шуудхан хэлэхэд тухайн уран бүтээлчийн өөрийн дотоод сэтгэхүй, сэрэхүй мэдрэмж. Түүнийгээ л уудалж буй хэрэг. Хамгийн гол нь үнэлэмж гэхээсээ тэр яруу найраг мөн биш ч гэх юмуу, одоо ийшээ ч явж байна, тийшээ явж байна гэх юм уу, аль эсвэл тэр сайн, тэр муу гэх мэтэд ач холбогдол, дүгнэлт өгөх нь сонин биш л дээ. Цаг үеийг цаг хугацаа өөрөө л дэнсэлнэ. Номын нэр өгөх дээр бид бас муугүй бодож байж шийд гаргана шүү. Монголын үе үеийн найрагчдын бүтээл туурвилыг тэр энэ гэлгүйгээр оюуных нь охь юунаас таалан хүртдэг. Манай монгол яруу найргийн яалт ч үгүй нэгэн сайхан хэв шинж нь цэц холбох. С.Дулам багш, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, М.Уянсүх, Б.Норовсамбуу нарын найрагчид миний бичсэн бүтээл туурвилын өмнөтгөлд энэхүү онцлогийг маань зүгээр ч нэг дурдаагүй болов уу гэж санана. Р.Чойном, Б.Доржпалам, Д.Пүрэвдорж гээд суут цэцдийн бүтээлийг уншаад суух ч бас л сайхан. Ер нь манай ард түмэн чинь цэцэн билгээрээ алдартай. Бидний үед хүссэн, хүсээгүй монгол хүний тэр сайхан заяагдмал чанар нь мөнх юм. Хамгийн гол нь сайн унших, тэр эрдэм мэдлэгээрээ өөрийгөө хурцлах, хөгжүүлэх, аливаад ноён нуруутай хандах нь чухал болов уу. Урианхайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Халхын их найрагч Пүрэвийн Бөхбат хоёртой би зүрх сэтгэл болоод уран бүтээлийн хувьд ойр явсан. “Виллам” номыг баруун Урианхайн их уулсыг эзэгнэнхэн төрсөн найрагч оршоож, намайгаа өргөж байсан. Тэр хоёртоо зориулсан шүлгийн мөрүүд бүхнийг гэрчлэх биз ээ.

Сая би Бямбын Ринчен гуайн “Заан Залуудай”-г дахин уншлаа, Р.Ю.Почекаевын “Бат хаан”-ыг уншлаа. Мөн шинээр хэвлэгдсэн “Монголын эзэнт гүрний түүх” 5 ботио зав зайгаараа халиаж л байна. Шинэчлэл ихтэй, манай улсын шилдэг ахмад болоод, залуу түүхчдийн судалгаа, шинжилгээ, түүхэн шинэ баримт, хариулт нотолгоо гээд их олон талын дүгнэлттэй шастир юм аа, арга байхгүй. Сүүлд нь хэлэхэд, “Сүбээдэй баатар” хөлгөн туульсыг минь энэ цагийн хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг, ардын багш Сэндэнжавын Дулам, түүхийн талаас нь миний хүндэт багш профессор Б.Балжинням, цэргийн түүхч Х.Шагдар гуай, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Идэр нар харилцан зөвлөлдөж, түүхэн сурвалжуудыг нягтлан шүүрдэж, санал бодлоо хуваалцан урмын үгээр мялаасан нь уран бүтээлч надад нэр төрийн хэрэг байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Лувсандамбын Дашням: Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хэлэхэд манайх Үндсэн хуулиа хүртэл дураараа зөрчдөг, хуулиар биш тогтоолоор төрөө байгуулдаг улс шүү дээ

АИХ-ын орлогч дарга асан, профессор Лувсандамбын Дашнямтай ярилцлаа.


-Танд Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ дэвшүүлье. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 29 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Та бүхний гар бие, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан оролцож тогтоон баталсан. Ардчилсан Үндсэн хууль маань өөрийн утга агуулгаа таниулж, үүрэг, зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж чадав уу. Хэд хэдэн удаа өөрчлөлт орсон. Тэр нь яаж нөлөөлөв. Үндсэн хууль анх тогтоосон байдлаараа үүргээ гүйцэтгэсэн гэдэг яриа нэг үе байсан даа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Юуны өмнө тэр аугаа том түүхэн үйл явдалд хүч хөдөлмөр,оюун ухаанаа зориулж, мөр зэрэгцэн оролцсон АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн, бусад оролцогсод, нийт ард түмэндээ Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ дэвшүүлье. Бидний тогтоон баталсан Үндсэн хуульд эрдэмтэд, судлаачид, олон түмэн өөдрөг сайхан нэр хаяг зүүж, ач холбогдол, учир утгыг нь таниулж, тодорхойлж ирсэн дээ. Олон улсын зүгээс ч үнэлэгдсэн хууль. Хамгийн энгийнээр ойлгоход, шинэ Үндсэн хуулиа тогтоон батлаагүй бол Монголын ардчилал бодитой болж, нийгмийн өөрчлөлт бий болохгүй байсан. Тийм учир Үндсэн хууль бол бидний шинэ амьдралын үндсийн үндэс. Бүх ард түмэн оролцсон түүхэн бүтээл, Монгол түмний оюуны өв юм. Нөгөө талаар төр, ард түмэнтэйгээ байгуулсан хэлэлцээр гэдэг нь ч үнэн. Тийм болохоор 1992 оны Үндсэн хууль “Мэдэгтүн, Сахигтун!” гэдэг толгойд нэг юм данхийлгэсэн алдарт үгээ хэлсээр оршсоор л байх болно. Ардчиллын баталгаа болсон энэ хуулийг ард түмэн шинэ хууль, ардчилсан хууль гээд хүндэтгээд байдаг нь тийм л учир утгатай юм. Гэхдээ амьдрал баян, өөрчлөгддөггүй юм гэж үгүй. Тийм ч учраас нийгмийн хөгжил, амьдралын шаардлагыг дагаад Үндсэн хуульд нэмэлт оруулах, нарийсгаж тодотгох, учир утга, мөн чанарыг нь улам бүр гүнзгийлэх, шинэ харилцааг шинээр зохицуулсан заалт нэмэх, шинэчлэх шаардлага гарсаар байх нь зүй. Өнгөрсөн хугацаанд бодитой, бодигүй хандлага гаргаж, элдэв үг яриа дэлгэн, дордуулах, дээрдүүлэх ажил бишгүй л хийснийг ч бид мэдэж байгаа. Үндсэн хууль тогтоогчийн хувьд хэлэхэд, нийгэмд бий болсон олон шийдвэрлэх асуудал, болохгүй бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас огтхон ч шалтгаалаагүй юм. Түүнийг сүүлд нэмсэн, тодотгосон элдэв олон өөрчлөлт бэлээхэн харуулаад байгаа шүү дээ. Бид шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхэлснээс хойших нийгмийн амьдралаа шинжлэх ухаанчаар, ултай нягт сайн задлан шинжилж,алдаа оноог зөв тогтоон, яавал юм сайжирч дээрдэх вэ гэдгээ тал талаас нь хэлэлцэн сайтар тунгаан бодоогүй мөртлөө яаран сандран олон өөрчлөлт хийсэн нь дутуу, түүхий болж, тэр нь амьдралд сайнаар биш нөлөөлөөд байгааг нүдээр харж л байна л даа. Яриад байвал их юм бий. Цаашид бодох санах ч юм бишгүй байгаа.

-Та бол Ардын Их хурлын орлогч дарга байсан хүн. Одоогийн УИХ маань АИХ-тайгаа залгамж холбоотой, нэг үгээр хэлбэл үргэлжлэл нь гэж хэлж болох Төрийн дээд байгууллага биз дээ. Улсын Бага Хурал, Байнгын ажиллагаатай Парламент л гэж яриад байгаа болохоос АИХ-аа орхигдуулчихаад, Үндсэн хуулийн өдөр болохоор л сая нэг санадаг болчихоод байна уу. Тэр үед Их, Бага хурлууд маань ер нь ямар зохион байгуулалттай, яаж ажилладаг байсан юм бэ?

-Монгол төрийн залгамж холбоо тасраагүй л дээ. Шинэ Үндсэн хууль маань ч өмнөх хуулиудтайгаа, хэрвээ хөгжил дэвшлийн тухай учир утгатай, ултай ярья гэвэл мөн л хүйн холбоотой. Үндсэн хууль тогтоон батлахын өмнө нь Их хурлаа хоёр танхимтайгаар байгуулсан. Тэр хоёр танхим л нягт хамтран ажиллаж байж Үндсэн хуулиа тогтоон баталсан юм. Гэтэл одоо зөвхөн нэг танхимаар нь төлөөлүүлж ярих болсон учир таны яриад байгаа тэр байдал ажиглагдаж байгаа байж болно. Хоёр танхимтай байсан нь зөвхөн 1992 онд ч биш юм. Тэрнээс өмнө 1914,1924,1940 онуудад Монголын Төрийн дээд байгууллага хоёр танхимтай байсан. Тэгэхээр бидний үед Төрийн дээд эрхийг барих АИХ, хууль тогтоох байнгын ажиллагаатай танхим буюу Бага хуралтай байжээ л гэж ойлгож болно. Бага Хурлын гол зорилго нь Үндсэн хуулиа шинээр боловсруулж АИХ-даа өргөн барих л ажил байсан. Ардын Их Хурлаасаа байгуулагдсан танхим. Тэнд ард түмнээсээ сонгогдсон Төрийн түшээ депутатууд ч байсан, мөн АИХ-аас сонгогдон, зөвхөн Бага Хурлын үед л ажилласан. Бага хурлын гишүүд ч байсан. Дийлэнх нь АИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс байсан. Бага Хурлын гишүүн депутатууд дараа нь бусад депутатуудтайгаа нийлээд Үндсэн хуулийг хэлэлцэж,тогтоон баталсан түүхтэй. Харин АИХ-аас сонгогдсон гишүүд нь бол тогтоон батлах мандатгүй, зөвхөн хэлэлцүүлэх явцад л оролцож байсан юм. Ер нь ч тэгээд тэр үед байнгын ажиллагаатай нь ганцхан Бага хурал ч байсан юм биш. АИХ-ын Удирдлагын Зөвлөл, таван Байнгын комисс, Парламентын бүлэг гээд бүтцийн байгууллагууд нь байнга л ажиллаж байсан.Сайд нарын илтгэлийг сонсох, ард түмний санал гомдлыг хэлэлцэх, депутатуудын ажил, амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэх (тэднийг эргүүлэн татах, чөлөөх ажлыг хүртэл хийдэг), депутатуудаас ажлын хэсгүүд байгуулан, хяналт шалгалтын ажил явуулах, Парламентын бүлэгтэйгээ хамтран олон улсын үйл ажиллагаанд оролцох, гадаад томилолтын асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлдэг байсан. АИХ-ын даргын захирамж, хэсгүүдийн санал, зөвлөмж хичнээн ч гарч байсан билээ. Тэр бүхэн чинь байнгын ажиллагаа шаардана. Тэр байтугай Бага Хурлыг муу ажиллаж байна гээд тараахад хүрч Улаанбаатар хотын, тэр үед хөдөөнөөс орж ирээд байсан депутатуудтайгаа нийлж 150 гаруй хүн за бараг л Өргөх бичиг бариад орж ирж байсан удаатай л даа. Тэр уур амьсгалыг намжуулж, депутатууд Үндсэн хууль боловсруулах ажилд санаачилгатай, идэвхтэй оролцъё, Бага хуралтайгаа хамтран ажиллая гээд Үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажил зохион байгуулж байсан. Нэг үгээр, хоёр танхим хоёулаа л байнга ажиллаж байлаа. Тэр чинь л байнгын ажиллагаатай Их хурлын үүсгэл байхгүй юу. Таны асуултад хариулахад, Одоогийн УИХ бол 1992 онд сонгогдон байгуулагдсан АИХ-ыг залгамжилж байгаа Төрийн дээд байгууллага мөн. Тэгж үзвэл түүх үнэн болно.

-Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж манай сонинд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй, бүрэн эрх нь 2023 онд дуусна гэсэн байсан. Ер нь хүмүүс одоогийн Ерөнхийлөгчийг энэ оны сонгуульд нэр дэвших эрхтэй,эрхгүй гээд л маргалдаад эхэллээ. Таны бодол юу байна?

-Энд хоёр өөр хуулийн заалт яригдах болоод байна л даа. Өмнөх хуулиар бол Ерөнхийлөгч энэ жил нэг удаагийн сонголтын бүрэн эрх нь дуусч байгаа ч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй. Өөрчлөлт орсон хуулинд Ерөнхийлөгчөөр хэн нэгэн хүн ганцхан удаа л сонгогдоно, тэгээд зургаан жил ажиллана гэж зааж. Энэ хууль одоо хүчин төгөлдөр байгаа. Одоо бол хуульд заасан нөхцөлийг хангасан хүмүүс л нэр дэвших нь байна. МАН, АН, МАХН, ХҮН намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшсэн хүмүүсээс Сонгуулийн хороо хүчин төгөлдөр хуулийнхаа нөхцөлийг нэхнэ ээ дээ. За тэгсэн МАН-Багабандиа, АН-Баттулга аа, МАХН-Энхбаярыгаа, ХҮН-Очирбат Ерөнхийлөгч асныг дэвшүүлээд очиж гэж бодъё. Сонгуулийн хороо наад нэр дэвшигчид чинь Үндсэн хуулийн заалтад тохирохгүй, байна. Цөм нэг нэг удаа, зарим нь хоёр удаа Ерөнхийлөгч байсан байна гэж хэлнэ. АН маргах нь л дээ. “Манай Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаагүй байгаа. Тэгэхээр нэг удаа Ерөнхийлөгч хийсэн гэдэг заалтад хамаарахгүй” гэнэ. Сонгуулийн хороо хэдэн жил ажиллаад байгааг асууна. АН дөрвөн жил гэдгийг хэлнэ. Сонгуулийн хороо “За тэгвэл наад хүн чинь сонгогдсон хуулиараа бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн байна. Тэгэхээр нэг удаа Ерөнхийлөгч байжээ гэж үзнээ, одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна даа” гэнэ. Ингээд л Баттулга Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй болно доо. Гэвч манайх Үндсэн хуулиа хүртэл дураараа зөрчдөг,тэр байтугай хуулиар биш тогтоолоор төрөө байгуулдаг улс шүү дээ. Миний хариулт ийм л байна.

-Монголын нийгмийн амьдрал, улс орны хөгжлийг өөр замналд гаргаж, эрхзүйн бүхий л үндэс, нийгмийн харилцааны цоо шинэ хөрс суурийг бий болгосон Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлэх явцад Таны бодлоор ямар юм нь буруу хазгай болж, өөрчилж засахдаа хүрэв ээ. Хэдэн жишээ дурдахгүй юу?

-Дордуулсан долоо бол үнэнд гүйцэгдсэн. Түүнийг яагаад муу өөрчлөлтийн жишээнд оруулаад байдаг нь одоо ойлгомжтой болсон. Сайн өөрчлөлтийн жишээнд сүүлчийн өөрчлөлтийг оруулж байгаа. Тэр юу л бол! Амьдрал харуулна л даа. Би юуг нь шүүмжилдэг бэ гэвэл 1992 оны Үндсэн хуулийн гол баримтлалыг хөндсөн өөрчлөлт болчихжээ гээд байгаа юм. Социализмын үед Төрийн эрхийг МАХН дангаараа барьдаг байсан. Ард түмэн биш шүү. Тэгж ярьдаг байсан ч тэр нь худлаа. Гэтэл 1992 оны Үндсэн хууль тогтоохоос ч өмнө тэр эрхээсээ татгалзсан. Намын хувьд бид олон Намын тогтолцоонд шилжсэн. Төрийн эрх мэдэл Намын гараас ард түмэнд шилжсэн нь Ардчилсан Үндсэн хуулийн маань хамгийн гол ололт, бахархал болгох зүйл нь шүү дээ. Үндсэн хуулийн гол заалт, ноён нуруу,жанжин шугам нь бол тэр. Ард түмэн Төрөө байгуулна гэдэг Ардчилал. Амьдрал дээр бол ард түмэн одоо тэр эрхээ эдэлж чадахгүй л байгаа л даа. Чадуулахгүй байгаа гэж хэлсэн нь ч дээр байх, үнэнд ойртоно. Гэтэл сүүлчийн өөрчлөлтөөр тэр дархан эрх эргээд намын эрх мэдэл рүү явчихлаа. Сайн судлаад үзээрэй. За тэгээд ер нь бурууг хууль руугаа чихэж, төрийн түшиг тулгуур болж буй намууд, түшээ нар нь өөрсдөө хэн болчихоод байнаа гэдгээ чин үнэнээр олж хараагүй байгаа цагт нийгэм, төрийн тогтолцоонд бодитой өөрчлөлт гарч чадахгүй л дээ. Монголын намуудыг шударгаар шүүмжилбэл бие биенээ чөдөрлөж, хийж бүтээснийг нь нураах, харлуулах, яавал амархан унагаж оронд нь байр суурийг нь эзлэх вэ төдийхөн л юм боддог мафижсан хэсэг бүлэг л болоод байгаа. Удаж байна даа. Хууль тогтоохдоо хүртэл дор дорынхоо эрх ашгийг хамгаалж тэмцэлддэг, Монголд дандаа муу хүн байгаа мэт сэтгэж,тэгвэл тэр тэгчихнэ, ингэвэл энэ ингэчихнэ гэсэн юм ярьдаг улс болсон. Хууль гэдэг уг нь бидний сайн нөхөр, зөвлөгч, урьдчилан сэргийлэгч, найдвартай анд юм. Ямар ч хатуу хууль байсан түүнийг зөрчихгүй л бол тэр цаас хэвээрээ л үлдэнэ. Жишээ нь, хүнийг алах хуультай байлаа гэхэд тийм хэрэг хэн ч хийхгүй бол хэнийг алах юм бэ. Харин ч тийм муухай юм хийвэл би толгойдоо хүрнэ гэдгийг мэдэж, ухаарч, өөрийгөө аварна, урьдчилан сэргийлнэ биз дээ. Хүн ардаа болон бие биенээ тэгнэ ингэнэ гэж хардахын оронд ард түмнээ соён гэгээрүүлэх, амьдралыг нь сайн сайхан болгох л хэрэгтэй шүү дээ.

-Төрийн үйл ажиллагаа, Үндсэн хуулиа ойлгуулж таниулах, судлах ажил ер нь хэр явагддаг юм бэ. Энэ талаар жаахан дутагдалтай байдаг юм биш үү. Үндсэн хууль гардан баригч гэгддэг байсан. Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа их ажил хийсэн дээ. Ялангуяа АИХ-ыг даргалж байсан Ж.Гомбожав гуай, Ж.Уртнасан гуай нарын үг яриа дурсамжийг бид хэр уншдаг, анзаарч сонсдог билээ. Ахмад үеэ ер нь сонсож байна уу гээд таны яриаг сонсож суухад дотор юм бодогдож л байна аа. Ярихыг ч яахав бид чадаад байх шиг байна,харин хийхийг…?

-Ажил ам хоёр алд дэлэм зөрүүтэй байдаг нь хэвээрээ л байгаа. Ялангуяа нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг бид хол орхисон. Нэг л баярлаж хөөрсөн, найр наадам хийсэн, дуулж хуурдсан, бие биенээ муулж дордчилсон, улс орноо голж гоодсон хүмүүс л бужигнаад байх болж. Сайн юмаа, урагш ахиж байгаа юмаа олж харахаа больсон шиг байна. Мэдээллийн хэрэгсэл, зарим сонин хэвлэл ч ялгаагүй хүний толгой тархийг бохирдуулагч, хогийн сав болж хувирсан даа. Их сөргөлдөцгөөх боллоо, талцаж байна, хонхор, дов жалгаараа нутгархах, намчирхах үзэл үржээд л байна. Нэг үгээр нийгэм маань их хэврэгшиж байна. УИХ-ын гишүүн гэдэг чинь Монгол төрийн бодлогыг тодорхойлогч, нэг л хэсгээс нь сонгогдсон болохоос хаана ч очсон төрийн түшээ хүн шүү дээ. Одоо яаж байна, сонгогдсон “хонхортоо” л очихгүй бол бараг нулимаад хөөж байгаа биз? Өөрсдөө ч сонгогдсон хонхроосоо өөр нутаг оронд очих ч дургүй юм. Ер нь бол Монгол төрийн ажил,түшээдийн үзэл бодол нэг л хонхрын болжээ. Яаж ахин дахин сонгогдох вэ гэдэгт л хамаг ажил чиглэгдэх болсон байна. Тийм учир “Та бэлэнчилж, халамж хандив гуйж хэвтэхийн оронд улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруул, юм хий, тэгвэл амьдрал чинь сайн сайхан болно” гэж сонгогчиддоо хэлдэг нэг ч түшээ байхгүй байна. Төрийн хатуу чанд үг, нөгөө төмөр нударга гэж ярьдаг зүйл бол бүр ч хулжчихсан. Яагаад гэвэл ард түмний өмнө бөхөлзөхгүй бол дахиад сонгогдохгүй гэдэг ганцхан их айдастай хүмүүс л цаана чинь “ухаанаа улайтгаж” явна шүү дээ. Нарийндаа тэр сул талыг нь ашиглаад ард түмэн ч задарч гүйцсэн. Эрх, эрх чөлөө, ардчилал гэдэг үг ногтолж буулгаж авдаг зэвсэг болсон. Өөрөө юм хийх биш хүний хийж бүтээснийг л дамлах дамжуулах бодолтой, тийм ажилтай л хүмүүс олон болоод байгаа гэж хэлэхэд ер хатуудахгүй. Сулбагар төртэй, улбагар ард түмэнтэй л орон болоод байна даа. Гэхдээ бүтэж байгаа, өөрчлөгдөж байгаа юм ч чамлахааргүй арвин байгаа. Түүнийг л жишээ болгоод, үзүүлж харуулаад, яриад, бахархаад байх хэрэгтэй. Чухалчлах ажил үйл маань тэр байх ёстой. Мууг шүүмжлэхээс гадна сайныг л дагаж сайн болдог Үндсэн хуулийг таниулах, ойлгуулах, судлах ажил бол хүрээ хүрээндээ яваад л байна аа. Гэвч үр дүн, бодит өгөөж нь муу байна. Ард түмэн ч тоомжиргүй болж дээ. Тийм л болгож л дээ Гавьяат хуульч Б.Чимид гуайн “Үндсэн хуулийн мэдлэг” нэртэй маш ойлгомжтой, их юм мэдүүлдэг ном бий шүү. Депутатуудын ярьж хэлсэн үг, дурсамж, ойнуудын үеэр нийтэлсэн ном товхимлууд ч бий. Таниулах, ойлгуулж ухааруулах ажил хийх шаардлага улам нэмэгдээд л байгааг та олж харсан байна. Тэр үнэн. Одоо бол хүн амын дийлэнх хувь нь 90 оноос хойших л хүмүүс болчихлоо. Үе солигдоод байна. Гучаад жил хүнээ, боловсрол, соёлоо цалгардуулсны гор ч мэдэгдэж байна. Энэ хүнд үе, цар тахал гэдэг юм л гэхэд монгол хүнд юу харуулж, юу ойлгуулж байгааг хар л даа. Хоёулаа яриагаа юм сайхан болно, бид өөрчлөгдөж чадна, Монгол гэдэг гайхамшигтай сайхан орон. Эзэнтэй,эзэн бид нь эзний ёсоор ажиллаж, амьдарч чадна, хүн төрөлхтөн Монгол руу маань тэмүүлдэг зүтгэдэг болно, улам ч найрсаг дотно нүдээр хардаг болно гэдэг өөдрөг сайхан үгээр төгсгөе. Ард түмэн одоо өөрсдийгөө дахин нэг тогтон харж, юмыг эргэцүүлж бодох,болгоох цаг болсон шүү гэдгийг ч бас хэлье дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь зөв

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар Ерөнхий сайд асан Думаагийн Содномын саналыг хүргэж байна.


-Монгол Улсын Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбогдуулж эрчим хүчний эх үүсвэрийн тухай яригдаж байна. Үүнд та саналаа хэлэхгүй юү?

-Цахилгаан дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсантай холбогдож цахилгаан станцуудын хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх олон хувилбарын санал яригдаж байна. Энэ тулгамдсан асуудалд олны анхаарал төвлөрч байгааг олзуурхаж өөрийн саналаа илэрхийлье. Энэ бол миний бичдэг, ярьдаг сэдэв гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй. Тодорхой төслүүдийн хувьд надад гурван санал байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол, Шүрэнгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлбэл зөв. Нэгийг нь барьж ашиглаж эхлээд дараа нь хоёр дахийг барих нь олон талын чухал ач холбогдолтой юм. Ингэснээр оргил хэрэгцээтэй цагуудад усан станцын хүчийг ашиглаж дулааны станцуудыг жигд ачаалалтай ажиллуулдаг болоод осол гарах эрсдэл багасна. Мөн оргил үеийн хэрэгцээг хангах горимоор ажиллуулдаг дулааны станцын үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлийг гадаадад үнэ төлбөргүй урсгахаа болино. Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хамааралгүй болох бөгөөд Шинэ станц барих зардлын ихээхэн хэсгийг импортолж байгаа цахилгааны төлбөрийн хэмнэлтээр нөхнө. ОХУ-д цахилгааны импортоор төлөх өрийн үлдэгдэл зургаан тэрбум төгрөг болоод байгаа гэж саяхан мэдээлж байсан.

-Эгийн голын станц оросуудаас болоод л хойшлоод байгаа та мэдэж байгаа даа?

-Сэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгал нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дарамт юм. Ийм бэрхшээл байдаг бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн шугамаар ОХУ-ын төр засгийн удирдагч нарт хандаж саад болохгүй байхыг шийдүүлэх хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын нэгэн дээр станц барьж усны санг дүүргэх богино хугацаанд Сэлэнгэ мөрний урсацад Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх өөрчлөлт гарахгүйг мэргэжлийн эрдэмтэд төдийгүй, жаахан ухаалаг хүн хэлээд өгнө.

-Таны дараагийн санал юу байна?

-Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний уурхай дээр барих цахилгаан станцыг хоёр дугаарт шийдэх хэрэгтэй. Ингэж шийдсэнээр Оюу толгойн уурхай болон говийн аймгууд тэдгээрийн нутагт байгаа, мөн цаашид бий болох үйлдвэрүүдийн хэрэгцээг харьцангуй хямд өртөгтэй цахилгаанаар ойрын зайгаас хангаж, төвийн бүсийн цахилгаан станцуудын хэт ачааллыг багасгана. Хамгийн чухал нь станц барих зардлыг цахилгааны гол хэрэглэгч Оюу толгойн уурхайгаас авах төлбөрөөр богино хугацаанд нөхөх, БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж байгааг зогсооно. Гуравдугаарт, баруун аймгуудад жижиг голууд дээр усан цахилгаан станц барьж тэр чиглэлээрх цахилгааны импортыг зогсоохоор төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг дэмжиж байна. Импортыг багасгах,Орлого ашгаараа өртөг зардлаа нөхөх үр ашигтай станцууд баригдах төслүүд учраас хэрэгжүүлэхэд нь гаднаас зээл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Төрийн соёрхолт, УГЗ Б.Нямдорж: Өнөөдрийн энэ олон хамтлаг, дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү

“Баянмонгол” чуулгын уран сайхны удирдагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Бадамхандын Нямдоржтой ярилцлаа.


-Хоёулаа маш энгийн сонирхолтой ярина шүү. Яагаад ингэж хэлж байна гэхээр “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхийг ярина гэвэл барахгүй. Түрүү жилийн өдийд “Баянмонгол”-оор овоглосон найман уран бүтээлч Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн. Эндээс яриагаа эхэлье?

-Тийм ээ, ноднин өдийд, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор авсан. Ийм бэлгэтэй сайхан өдөр төрдөө үнсүүлж, төрийн шагнал хүртсэндээ баярладаг. 108 гэдэг тоо нь ч их бэлгэдэлтэй санагддаг юм. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд маш онцгой үйл явдал болсон. Учир нь урьд өмнө хэзээ ч ингэж нэг хамтлагийн олон уран бүтээлчид төрийн шагнал гэдэг дээд цолыг хүртээж байсангүй. “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхэн ойгоор хүртээсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд онцлох хоёр зүйл байдаг. Нэгд, Монголын орчин үеийн хөгжмийн эстрад жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, орчин үеийн хөгжмийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсныг үнэллээ гэсэн. Хоёрт, Та бүхэнд төрийн шагналыг өнөөдөр олгож байгаа явдал нь өнгөрсөн нийгмийн үед коммунист үзэл суртлын нөлөөгөөр Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж байгаа юм гэж хэлсэн, зарлигт ч тэр тухай орсон. Энэ бол маш онцгой өгүүлбэр л дээ. Өнгөрсөн нийгмийн үед “Баянмонгол” чуулгын уран бүтээлчдийг барууны, хөрөнгөтний урлагийг сурталчилж байна гэх өнгө аяс их цухалздаг байсан. Ялангуяа нам төрийн байгууллагаас ингэж хэлдэг, бүтээлийг маань хянадаг, цензурддэг, хөдөлмөр, бүтээн байгуулалт, найрамдал нөхөрлөлийн дуу дуулах ёстой гэж үздэг. Хайр дурлал юмуу, шалдар булдар юм дуулах ёсгүй гэсэн тийм л үзэл сурталжсан цаг үе байлаа. Тэр ч байтугай тоглож байгаа хөгжимчдийн гар хөлийг хамаа замбараагүй хөдөлж байна, үс гэзэг нь сагсалзаж байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Үндсэндээ гитараа бариад номхон зогсоод дуулахыг шаарддаг байсан. Хэрвээ түүнийг нь биелүүлэхгүй бол арга хэмжээ авдаг, дагалдан дуучин, хөгжимчин болгодог, цалин мөнгийг нь хасдаг, донгодож сануулдаг байлаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж” гэдэг бол айхавтар үг юм. Энэ өндөр шагналыг бидний найман хүн авлаа л даа. Жинхэнэ уран бүтээлээрээ мөнхийн суварга босгочихоод мөнх бусын оронд заларсан тэднийгээ авч чадаагүй буцсанд нь харамсал төрдөг.

-Мэдээж тэгэлгүй яахав, чухам хэн хэний энгэрт төрийн соёрхлын тэмдэг гялалзах байв, нэр устай нь хэлчихвэл яадаг бол?

-Тогтохын Уртнасан байна. Түүний зохиосон, Галхүүгийн дуулдаг “Хангайн магтуу” байна. “…Санаад санаад санаагаар болдоггүй Сайхан нутгийн шим юм аа” гээд хүн бүхэн мэднэ. Мөн Оюунчимэгийн дуулдаг “Намрын дурдатгал”, Төмөрбаатарын дуулсан “Хань” байна. Монголын ард түмэн бараг л мэднэ дээ. За дараа нь Лунжгайн Батаа байна. Түүний зохиосон “Намжаа дэлхий” гэж сайхан дуу бий, Оюунчимэг дуулсан. Мөн Адарсүрэнгийн “Алтай Хангайн уулс”, Бямбадоржийн “Мөнгөн шөнө” гээд олон сайхан бүтээл бий. Бизьяагийн Даваа гэж сайхан уран бүтээлч байлаа. Оюунчимэгийн “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хөдөө дуудаж байна”… энэ олон гоё дуу чинь Даваагийн хөгжим юм. Ийм л мөнхийн бүтээлийн эзэд маань энэ шагналыг авч чадаагүй. Ер нь “Баянмонгол” чуулгын гавьяа юу юм бэ гэхээр зөвхөн пянз хэвлүүлсний, хэдэн дуу гаргасны төдий биш. Тухайн үед эстрад жазз хэлбэрийн сургалт гэж огт байсангүй. Зөвхөн Баянмонголд ирж ажиллаад жазз хөгжмийн хөгжимчин, эстрад урлагийн дуучин болдог байв. Үндсэндээ “Баянмонгол” бол Монголын эстрадын урлагийн үндсэн суурь, сургалтын лаборатори төв нь болж байсан. Чуулгын зорилго чиглэл тухайн үед ямар байх ёстой вэ гэдгийг уран сайхны удирдагчийн хувьд би сургууль төгсөж ирснийхээ дараа тодорхойлсон. Уран сайхны удирдагч гэдэг зүгээр нэг хүн удирддаг, эсвэл хөгжим удирддаг хүн биш л дээ. Чуулгын урын сангийн бодлого, чиглэл, хэтийн төлөв, мөн боловсон хүчний бодлого гээд бүгдийг төлөвлөгөөтэй алсын хараатай авч явах ёстой. Тэр үед энэ олон урсгал чиглэл, биеэ даасан хамтлаг, чуулга байгаагүй. “Соёл-Эрдэнэ” дөнгөж гарч ирсэн. Өмнө нь “Соёмбо” чуулга гэж байсан. Тиймээс “Баянмонгол”-д энэ бүх чиглэлүүдийг уран бүтээлдээ багтааж явах зайлшгүй үүрэг хариуцлага ногдсон. Рокоо ч, попоо ч, жаззаа ч тоглоно, нийтийн дуугаа ч дуулна. Нэг үгээр хэлбэл одоогийн байгаа хамтлаг чуулгуудын ачааллыг ганцаараа үүрч явсан түүхэн цаг үе. Түүнээс гадна “Баянмонгол” бусдаас юугаараа ялгарч гарч ирсэн бэ гэвэл тэр үеийн жазз хөгжмүүдийн цэнгээний хэлбэрийг тайзны хэлбэрт оруулсан. Тавиад он, жараад онд соёлын орнуудын дэргэд жазз хөгжмийн хамтлаг байсан. Зөвхөн нийтийн бүжгийн хөгжим тоглодог, нийтийн цэнгээний үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин “Баянмонгол” тайзны урлаг болгосон гэдэг нь концерт тоглосон гэсэн үг. Мөн аль ч хамтлаг хийгээгүй нэг ажил нь тайз дэлгэцийн урлаг руу их орсон. Тухайлбал кино, жүжиг байна. Зундуйн Хангалын “Тань руу нүүж явна”, “Нарны унага”, Д.Жанчивын “Мартагдашгүй намар”, Н.Жанцанноровын “Би чамд хайртай”, Ц.Нацагдоржийн “Гийнгоо” гэх киноны хөгжмүүд байна. Жүжгийн хөгжим гэвэл Драмын театрт Г.Алтанхуягийн “Мартагдашгүй аялгуу”, “Гарваа”, Н.Жанцанноровын “Найрын ширээний ууц”, Хүүхэд залуучуудын театрт миний бие “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Лхасүрэн найруулагчтай хамтарч бүтээсэн хэд хэдэн жүжиг бий, “Альгебрийн дэвтэр”, “Ойн цоорхойд”, “Сүүлчийн үдэлт” гээд. Ийм ажлыг урьд өмнө ямар ч хамтлаг чуулга хийж байгаагүй, одоо ч хийгээгүй. За тэгээд нам эвлэлийн том том ойн концертууд, шинэ жилийн “Цэнхэр дэлгэц”, наадмын “Баярын мишээл” энэ бүгдэд бид зоолттой оролцдог байсан. Үүгээрээ Монголын урлагт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээсэн ажлын цараа их юм.

-“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хангайн магтуу” гээд нэрийн хуудас болсон бүх л дуунуудын үүх түүхээс асуумаар байна. Гэхдээ тэр бүгдийг ярих боломжгүй. Х.Төмөрбаатарын “Сайн байна уу, Улаанбаатар минь” бас л нэрийн хуудас болсон дуу. Таны хөгжим байх шүү?

-Уртнасан, Даваа, Лунжгайн Батаагийн дуунууд яах аргагүй “Баянмонгол”-ын нэрийн хуудас мөн. “Сайн байна уу, Улаанбаатар”-ын хувьд ганц Төмөрбаатарын ч биш Баянмонголын нэрийн хуудас бүтээл. Хөгжмийг нь би далан дөрвөн онд зохиож байлаа. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайн шүлэг. “Монголын шилдэг яруу найраг” номноос шүлэг олоод Зохиолчдын хороон дээр Явуухулан гуайтай очиж уулзсан. “Таны энэ шүлгэнд ая хийх гэсэн юм аа” гээд гарын үсгийг нь зуруулж авсан. Одоо бодоход тэнэг ч байж, юмны наад цаадахыг сайн мэдэхгүй учир зоригтой ч байж дээ. Явуухулан гуай дээр шууд орно гэдэг чинь зоригтойн шинж. “За миний хүү сайхан дуу хийгээрэй” гээд гарын үсгээ зурж билээ. Тэр цаас одоо хэр нь надад хадгалаатай байна. Ая хийчихээд Оюунчимэгээр дуулуулдаг юм билүү гээд аялуулж байтал Төмөрбаатар “Би дуулъя” гэж өөрөө хэлсэн. Ингээд түүнд зориулж найруулга хийлгэн дуулуулж, далан таван онд гаргасан жижиг пянзанд анх орж байлаа. Энэ бол миний анхны дуу. Энд нэг зүйлийг шигтгэхэд Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан Самбын Гончигсумлаа гуай сонсоод их урамшуулсан. “Ердийн монгол дууны бүтцээс арай өөр юм байна, монгол дууны бүтэц бол нэг л хэлбэрийн байдаг. Нэг өгүүлбэр нь л дөрвөн мөр дээр дөрвүүлээ давтагддаг, үүнийг өөрчиллөө” гэж магтсан. Би тэр бүтцийг нь мэдэхгүй, судалсан юм байхгүй, зүгээр л өөрийнхөөрөө хийсэн нь тэр. Агуу Гончигсумлаа гуайгаас урам авч цаашид бүтээл хийх эрмэлзэл дүүрээд ирсэн. Сүүлд гаргасан 50 жилийн ойн пянзанд тэртээ далан дөрвөн оны найруулгаараа Төмөрбаатар маань дуулсан. Хамгийн сүүлчийн удаа дуулсан нь тэр. Мөн гадаадын нэр алдартай олон дуучид дуулсан байдаг. “Анд нөхдийн ая дуу” олон улсын тоглолтод жил бүр л өөр өөр орны дуучид дуулдаг байлаа. Төмөрбаатарын талаар хүмүүс их сонирхож асуудаг. Баянмонгол чинь Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулга байж байгаад далан хоёр онд Улсын филармонид нэгдэж ирсэн. Тэр жилийн намар Баянмонголд би хөгжимчнөөр, Төмөрөө дуучнаар ирж байлаа. Орос дуу их дуулдаг, дуунуудыг нь би найруулж өгдөг, ийм л байсан. Манай Төмөрөө чинь орос ээж дээр өссөн болохоор орос хэлэнд гаргуун, яг л орос хүн шиг ярина, дуулна. Улаанбаатарыг тойрсон орос цэргийн ангиуд, Дархан, Эрдэнэтээр явж олон тоглосон доо. Хөдөө явахад бие биедээ хань түшиг болно. Ер нь манай дуучид хөгжимчдийгөө их халамжилна. Оюунчимэг гэхэд хувцас хунар угааж, хоол унд хийгээд л тун халамжтай.

-Оюунчимэг гэснээс тэр гоё дуучны тухай, мөн Янжиндуламын тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдана. “Навчин дээрх шүүдэр гэмээр…” гээд эхлэхээр мөн “Тоймгүй баяраар үнэгчлэн баясаад тохойн чинээхэн алагхан үр минь ээ, Тоонот гэрийнхээ хойморт залраад туяа татсан нар юм аа хө…

Элгэн хайраар бүүвэй аялан суудаг эх хүний жаргал байнаа хө” гээд дууг нь сонсоод нулимс гармаар…?

-Лувсангийн Оюунчимэг чинь манай том нь юм, Намсрайн Оюунчимэг гэж байдаг. Оюунчимэгийг Ховдын арван жилийн сургуулиас УГЗ Төмөрийн Чимэддорж багш анх авчирсан. Польш явж дадлага хийгээд, Баянмонгол чуулга радиогийн дэргэд байхад дуучнаар орсон. Тэнгэрийн оронд хальтлаа чуулгадаа ажиллаж амьдарсан уран бүтээлч. Хоолойны чадал нь эцэж цуцах гэдгийг мэдэхгүй, микрофон гэдгийг хэрэглэж үзээгүй дуучин. Хөдөө гадаа тоглолтоор явахад халуун хүйтэн, тоос шороотой ямар ч нөхцөлд одоогийнх шиг пнограмм тавиад ам барина гэж байхгүй, хичнээн ч дуу дуулсан хоолой нь цуцдаггүй тийм сайхан дуучин байлаа. Мөн уран бүтээлч гэхээсээ илүүтэй манай чуулгын ээж гэмээр, том эгч нь гэмээр хүн. Хөдөө бригад явахад хөгжимчдийнхөө дотуур хувцсыг хүртэл угаана, замд хоол унд хийгээд яг ээж шиг, эгч шиг халамжтай. Янжиндуламын тухай хүмүүс бас их сонирхдог, өөрөө ч гэсэн асууж байна. Манчирын Янжиндулам гэж жаахан эмэгтэй 1975 оны үеэс “Баянмонгол”-д эхэлж дуулсан. Сугарын хөгжим “Аавдаа”, Насанбуянгийн “Орь залуу нас” дуунуудыг дуулж одоогийн хэлдгээр хит болгож байлаа. Намайг оюутан байхад, тэр чинь далан есөн он юм, Орост болдог олон улсын эстрадын дуучдын тоглолтод оролцоод бид тэнд таарч зураг хөргөө авахуулж, түүнд Ленинград хотыг танилцуулж байв. Би хойноос төгсөж ирээд Янжиндуламтай уран бүтээл хамтарч, дуунуудынх нь найруулгыг хийж байсан. Их нийтэч, хамт олонч, уран бүтээлч бүсгүй байлаа. Тэр үед манай уран бүтээлчдийг дэмждэг, сайшааж урамшуулдаг нь ховор байсан юм уу даа. Өөрөө хичнээн зүтгээд, сайн сайн уран бүтээл гаргаад дэмжлэггүй болохоор зарим нь урам хугардаг, гутарч санаа сэтгэлээр унадаг байсан. Ганцхан Янжиндулам ч биш бусад уран бүтээлчдийг урамшуулж, зоригжуулж дэмжиж тусалж байгаагүй. Төр засаг нь байтугай яам тамгын газар нь харж үздэггүй байлаа. Манай чуулгынхан олон улсын жазз хөгжмийн наадмаас өндөр шагнал авчирна. Тэгэхэд улсын хэмжээнд байтугай байгууллагын хэмжээнд ч тэмдэглэдэггүй, тоодоггүй, баяр талархал дэвшүүлдэггүй, ийм л байсан. Бид чуулгаараа Оросын жазз хөгжмийн уралдаан, Новосибирск, Улаан-Үдээс тэргүүн байрыг нь олон авсан. Оюунчимэг, Төмөрбаатар, Насантогтох нар Сочи, Кубийн уралдаанаас том шагнал авч байсан “Баянмонгол”-оос лав 10 гаруй гавьяат байна. Чингисийн Жагаа намайг Ленинградад төгсөх жил барилгын билүү, биеийн тамирын билүү өөр сургуульд ирчихсэн, би энэ сургуульдаа дургүй, дуучин болох дуртай гээд уулзаж байсан. Тэр үед Орост Валерий Леонтьев их алдаршиж байсан түүнийг үздэг, дуурайж үс гэзгээ ургуулж, дууг нь дуулдаг, манай оюутны байраар ирнэ. Ингээд л дараа нь Баянмонголд ирсэн. Валерий Леонтьевийн “Пянз эргэлдэж байна” дууг би найруулж өгч, анх дуулуулж байлаа. Мөн “Шалзат баахан шарга” дуулалт жүжиг бичээд Жагаа, Баяраа хоёроор дуулуулж байсан удаатай.

-Таны хувьд Дарханы цэргийн ангид хөгжимчин байсан, дараа нь “Соёмбо” чуулгыг байгуулсан гээд түүх хөвөрнө…?

-Би чинь нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч, зургадугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд явж үлээвэр хөгжимчин болсон хүн. Одоогийн ардын жүжигчин найруулагч Мөнхдорж бид хоёр дунд сургуулийн нэг ангийнхан. Бие биенийхээрээ орж гарч наашаа цаашаа гүйдэг байлаа. Мөнхдоржийн аав нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуай. Арав төгсөх жил Бирваа гуай “Миний хүү хөгжимчин болох юм уу” гэж надаас асуулаа. Надад зорьж төлөвлөсөн юм байгаагүй учир амыг нь дагуулаад тийм гээд хариулчихсан. Мөнхдорж бид хоёр арав төгсөөд дээд сургуульд хуваарилагдаж чадаагүй. Тэр үед чинь сурлагынх нь байдлаар хуваарь өгнө, онц сурдаг хүүхэд гадаадад, тэгээд дотоодын дээд сургууль, техникум, ТМС гээд доошлоод явна, одоотой адилгүй. Бирваа гуай Мөнхдоржийг Кино үйлдвэрийн драмын ангид оруулаад намайг Циркт дагалдан хөгжимчнөөр авлаа. Энэ үед арван жилийн сурагч байхад улсын баяр наадмын гимнастикийн хөгжмийг хамт тоглож байсан нөхөд таараад, Дарханы цэргийн хөгжимд орчихсон, чи орохгүй юм уу гэхээр нь Бирваа гуайдаа ч хэлээгүй тийшээ явчихсан. Дарханд очоод яг нэг жил болдгийн даваан дээр армийн хөгжмийн албаны дарга УГЗ Цэрэнпил гуай үлгэр жишээ хөгжимд шилжүүлж авсан юм. Үлгэр жишээ хөгжимд найман жил болсон, тэнд байхдаа “Соёмбо” чуулгыг жаран долоон онд байгуулсан. Тэндээс Ц.Намсрайжав гуай дээр филармонид ирсэн, тэгж ирсэн ч бас түүхтэй. Үлгэр жишээ хөгжимд байхдаа цэргийн хөгжмийн удирдаачаар гадагшаа сургуульд явах гээд хоёр, гурван жил шалгалт өгөөд, хөгжмийн хуваарь ирээгүй. Ямар сайндаа намайг танкийн, артиллерын сургуульд явах уу гэж хүртэл асууж байхав. 25 нас хүрчихвэл цэргийн шугамаар гадагшаа сургуульд явах боломжгүй учир ээжийгээ дагуулж очин худлаа хэлж байж халагдан Намсрайжав гуай дээр ирсэн. Гончигийн Бирваа, Навааны Цэрэнпил, Цэгмидийн Намсрайжав гэх хөгжмийн нэрт зүтгэлтэн гурван том акулын гараар дамжиж, нүдэнд нь өртөж явсан гэдгээ бодоход бахархалтай санагддаг. Залуу байхад ухаардаггүй байж дээ. Ингээд далан зургаан онд эстрад хөгжмийн удирдаач, зохиолчоор Ленинград хотноо таван жил суралцсан. Алдарт Санкт-Петербургийн Ленсовета театрт Александр Журбины “Орфей Эвридика”-г үзэж рок опера балет гэж юу болохыг биширч явлаа. Оросын болон баруун Европын утсан хөгжмийн алдартай оркеструудыг үзэж дуулсны хувьд эстрад симфони найрал хөгжмийг Монголдоо бий болгохын төлөө зүтгэсэн. Үүнийгээ биелүүлэхийн тулд симфони оркестрын бүх утсан хөгжмийг Баянмонголтой нийлүүлж зохиол гарган эстрад симфони найрал хөгжмийн бүтээлүүд болох “Эрин зууны алхаа”, “Говийн хэмнэл” зэргийг бичүүлсэн нь Монголын радиогийн алтан фондод хадгалаатай бий. Ерэн нэгэн онд Дэндэдвийн Пүрэвдоржийн цомнолоор Монголын анхны рок операг бичиж байлаа. Залуучуудын соёлын төвийн Эстрад дуу бүжгийн чуулга, Улсын филармонийн эстрад симфони найрал, Цэргийн дуу бүжгийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал зэрэг олон чуулгын хувь заяатай холбогдож, уран сайхны удирдагч удирдаач нь явжээ.

-Хуучин нийгмийн үед “Баянмонгол”-ынхон бүх л аймаг сумдад очиж уран бүтээлээ тоглож байсан түүхтэй. Түүнээсээ сонирхуулах уу?

-Монгол орныхоо бүх аймаг, сумдаар очиж байлаа, зарим сумдад бүр олон удаа ч очсон байх. Хавар, намар урлагийн бригад гээд нэг сараас 45 хоног явна. Пааз автобусанд хөгжмийн хэрэгслээ ачиж аваад л гарч өгнө. Бригад явахад хөгжимчид дуучид, дуу хөгжим сурахаасаа гадна хамт олон дотор хүмүүжлийн том сургуульд суралцаад ирдэг байсныг онцлох нь зөв. Алслагдсан сумдад очиход хөгшин залуугүй гайхаж сонирхоно. “Сэрэлт” кинон дээр машин хараад хүүхдүүд тойрч гүйлддэг шиг юм болно. Сумын клуб рүү хөгжмөө зөөж оруулахад бүр гайхаад л, барьж үзэх нь холгүй, клуб цөөхөн сандалтай, түүнд дарга нар нь суугаад, ард иргэд хоёр талаар нь явган суугаад, хүүхэд залуус бүр тайзан дээр гарч суух нь холгүй цугладаг байлаа. Нэг суманд тоглочихоод дараагийн сум руу хөдлөхдөө холбооноос мэдээ өгнө. Клубийн эрхлэгчийг айлаас эрж хайж олоод, клубийг нь онгойлгуулж пийшинг нь галлаж байгаад тоглолтоо эхлэх энүүхэнд. Ерэн он хүртэл ингэж явсан, энэ бүх түүхийг ахмад үеийнхэн нуруундаа үүрч ирсэн. Гадаад руу мөн олон явсан. Тухайн үеийн социалист 14 оронд бүгдэд нь айлчлан тоглосон. Түүнээс гадна “Баянмонгол” чуулгын бас нэг онцгой юм гэвэл олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолт болдог байлаа. Өнөө социалист 14 орон чинь орно. Нэг орноос хоёр дуучин гэхээр 30-аад дуучид ирнэ, нэг дуучин хоёроос гурван дуу дуулна гэхээр 60, 70 дуу болно. Бэлтгэх хугацаа ердөө л хоёр, гуравхан хоног. Энэ богино хугацаанд орон орны онцлог, хэлбэр маягтай дуунуудыг дуулна гэдэг бол хөгжимчид, удирдаачдаас маш өндөр чадвар шаарддаг байсан. Гэвч бид давж туулаад л, бусад орны уран бүтээлчдийн өмнө бишрүүлээд л гардаг байлаа. Ер нь тухайн үед гадаадад тоглолтоор явж байхад “Монголд ийм жазз хөгжим байдаг юм уу, орчин үеийн ийм дуучид, хөгжимчид байдаг нь сонин юм аа” хэмээн гайхаж, ардын дуугаа орчин үеийн урлагт тааруулан зохиомжилсныг маань мэргэжлийн түвшинд өндөр үнэлдэг байлаа. Миний хувьд эдгээр зүйлийг зөвхөн хэдэн дуу пянзанд бичүүлээд төрийн шагнал авсан зүйл биш шүү гэдгийг одоогийн залуу хамтлагуудад ойлгуулах зорилгоор тодотгож хэллээ. Тэгэхээр залуучууд хоёр пянзанд хэдэн дуу бичүүлээд төрийн шагнал авчихлаа гэж арай бодож болохгүй байх. Мөн өнөөдрийн энэ олон хамтлагууд, өнгө өнгөөр алаглаж байгаа дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Мэдэхгүй уран бүтээлчид бас байдаг шиг байна. Бид ямар түүхэн замнал туулж, 50 жилийн хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж, улс орны нэр нүүр болж явсныг ойлгоосой гэдэг үүднээс хэлж байна. Бидний үзүүлсэн амжилт зүгээр ч нэг бүтчихсэн зүйл биш. Дуу хөгжим, урлаг уран сайхан гэдэг хүнийг зүгээр баясгадаг зугаацуулдаг гэх ойлголт бий, энэ бол маш өнгөцхөн ойлголт юм. Үүний цаана хүнийг хүмүүжүүлдэг, хүн болгодог, сэтгэл оюуныг нь хөгжүүлдэг, ажил хөдөлмөрт уриалан дууддаг энэ бүх механизмыг дуу хөгжим урлаг гээч чинь хийдэг. “Баянмонгол”-ынхоо түүхийг ингээд ярихад сайхан байна. Ахмад үеэс тромбон хөгжимчин Адъяшаагийн Хишигдорж бид хоёр л торойгоод үлдлээ. “Хуучцуулаас хоёулаа л үлдлээ” гээд хоорондоо утсаар ярьж, мэнд усаа мэдэлцдэг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тахлын эсрэг тэмцэж байгаа хүн бүхэн бидний баатрууд юм

Коронавирусийн халдвар Монгол Улсад энэ оны гуравдугаар сард анх бүртгэгдсэн. Гуравдугаар сараас хойш бүтэн 10 сарын хугацаанд дэлхийг сөхрүүлж, хүн төрөлхтнийг хиаруулсан цар тахлын эсрэг монголчууд тэмцэж байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11-нд нийслэл хотын иргэнээс халдвар илэрч энэхүү аюулт өвчнийг бид дотооддоо алдсан нь албан ёсоор батлагдсан. Одоогийн байдлаар манай улсад нийт батлагдсан тохиолдол 1121 болоод байна. Ингэж бид бүхэн цар тахалтай хотод аж төрж, дэлхийн хүн төрөлхтний нэгэн адил аюулт вирустэй зэрэгцэн амьдарч, жинхэнэ галын шугамд эмч нар маань тэмцэж байна. Бүтэн 12 сар орчмын хугацаанд Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, ар гэр, хайртай бүх хүмүүсийнхээ өмнөөс амь насаараа дэнчин тавьж үнэндээ алхам ч ухралгүй зүтгэж буй. Өчигдрийн мэдээгээр гэхэд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын бүх голомтод 24 цагийн туршид ажиллаж байна.

Шинэ төрлийн коронавирус урд хөршид илэрсэн даруйд л Монгол Улс дотооддоо арга хэмжээ авч, одоогоос бараг нэг жилийн өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын дундуур сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй явуулсан. Үүний хүчинд бид 10 сар гаруйн хугацаанд коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ бол том гавьяа, ялалт байлаа. Өнгөрөгч хугацаанд цар тахлын голомтод эмч нар болоод, цэрэг цагдаа, онцгойгийнхон хэрхэн ажиллаж, монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө яаж зүтгэж ирснийг бид мэднэ. “Манай эмч нар шөнө оройн цагаар хэзээ ч утасдаад “За чи тэр нислэгээр явах боллоо, гадаад паспортоо бэлдээрэй”, “За Нисэх рүү онгоц тосох отрядын багт ажиллахаар боллоо” гэхэд нэг ч эмч би тийм асуудалтай, ар гэрийн шалтгаан байна гэж гомдоллож байгаагүй. Энэ олон сар болоход нэг ч эмч “үгүй” гэж хэлж үзээгүй. Эмч ажилтнууд маань инээгээд “дажгүй, болж байна” л гэдэг. Монголд бүртгэгдсэн халдвартай иргэдийг эмчлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд ар гэр, үр хүүхэд хайртай бүхнээ орхиод 28 хоног буюу нэг сар гэртээ харилгүй тусгаарлагдан ажилласан. Хүн л болсон хойно ар гэрийн амьдрал нь мэдээж үргэлжилнэ. Гэвч эмч, сувилагч нар ар гэртээ зовлон гачигдалтай байсан ч үүргээ биелүүлж ажлаа хийсээр байна. Нэг сувилагч тусгаарлалтад орохдоо гурван хүүхдээ нэг нэгээр нь айлд үлдээгээд орж байсан. Эмч, сувилагч нар сарын хугацаанд гэртээ харьж амрах боломжгүй учир эмнэлгийн зүгээс ихэд анхаарч тусдаа хоолны цэс гаргаж өгөөд ажиллаж байна. Тусгаарлалтад байх хугацаанд зарим эмч нарын архаг хууч өвчин сэдэрдэг учир түүнийг эмчлэх, тэдэнд зориулсан хоол ундаар үйлчлэхийг анхаардаг. Хэрэв ингэж эмч, ажилтнууддаа анхаарал халамж тавихгүй бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс амархан ядарч, дархлаа нь суларч ажлын чадамжгүй болох эрсдэлтэй. Ингэснээр хүний нөөцийн асуудал үүсэх магадлалтай. “Халдварын голомт руу, халдвартай өвчтөнийг эмчлэхээр орж байгаа багийнхантайгаа харьцахдаа хүртэл таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй, сэтгэл санааг нь өргөж өгдөг” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг хэлж байсан.

Түүний ярианаас эмч нар тахлын голомтод хэрхэн ажиллаж, яаж зүтгэж байгаа нь төвөггүй ойлгогдоно. Мөн Монгол Улс хорио цээрийн дэглэмд шилжих цагаас буюу энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс л цар тахлын мэдээллийг Монголын ард түмэнд хүргэсэн Д.Нямхүү эмч, мөн ЭМЯ-ны шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар байна. Энэ гурван хүн, ялангуяа хоёр эмэгтэй бол бүтэн жилийн хугацаанд бараг амраагүй. Өглөө бүр яс сууж байдаг, ёстой өмнөөс нь зүрх шимширмээр сууж байдаг. Нямхүү эмч “Бид нар энэ аюулыг Монголдоо оруулж ирэлгүй маш удаан хугацаанд хамгаалж чадсан. Өнгөрсөн 10 сард зөв зүйтэй арга хэмжээ авсан гэдэгтээ сэтгэл өег байдаг. Бид анх сураг сонсоод л ажлаа зөв эхлүүлсэн. Энэ бүтэн жилийн хугацаа бол монгол хүний тэвчээр, хүн чанарыг шалгаж байна. Зөвхөн хүнийг ч биш улс орныг минь шалгаж байна. Гол нь эмч нар бид айхгүй, зоригтой, итгэлтэй байх хэрэгтэй. Би бол айгаагүй л байна” гэж хэлсэн. Тийм ээ, цар тахлын голомтод халуун амиараа дэнчин тавьж ажиллаж байгаа эмч нар та бүхэн бидний үеийн баатрууд юм. Монголчууд бид энэ хүнд бэрх цаг үед эмч нар, мөн төр засаг, Улсын онцгой комисс, шуурхай штабынхан та бүхэндээ л найдахаас өөр хэндээ найдаж, итгэх билээ. Монгол хүн бүрийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа та бүхэн маань зоригтой, үхлийг даван туулна, ялж гарна гэсэн итгэл төгс байх аваас бид амьд мэнд байх болно оо. Тиймдээ ч Монголын ард түмэн галын шугамд, тахлын голомтод ажиллаж байгаа хүн бүрт талархаад баршгүй. Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа аюулт өвчинтэй тэмцэнэ гэдэг улс орны хувьд амаргүй. Гэхдээ үүрэг хүлээсэн албан хаагчид чадлынхаа хэрээр зүтгэж байгаа.

Баянзүрх дүүргийн эмнэлэг гэдэг том голомт үүсээд, тус голомтод батлагдсан тохиолдол 184 болоод байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмч коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудаас 19 хүн халдвар аваад байна. Халдвар хамгаалалтын дэглэмийг дээд зэргээр сахин ажиллаж буй ч байдал амаргүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Бодит нөхцөл иймийн учир Монголын ард түмэн тахлын голомтод ажиллаж буй баатрууд та бүхэнд гомдох эрхгүй. Монгол Улсын маань чадал чансаа л тэр шүү дээ. Ямар чиг нөхцөл байдал үүссэн ард түмэн бид та нараар бахархдгаараа бахархсаар байх болно. Бид та нарыгаа муу байна, муухай байна гэх юм бол өөр хэн бидний эмчилж тэнхээрүүлэх билээ. Тиймээс бидэн дотроо баатрууд бол та бүхэн.

Харин бид өөрсдийнхөө эрдэнэт амийг хамгаалан тэмцэж, бидний итгэл найдвар болсон эмч, эмнэлгийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой, Улсын онцгой комисс, шуурхай штабын ажилтан баатруудаа хий дэмий магтан мандуулахын оронд эдийн засгийн бодитой дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Тухайлбал, цар тахалтай холбоотой, бидний амь насыг хамгаалж, эрүүл энх байлгахын төлөө ямар л ажил хийгээд эхэлнэ тэр бүрт цалин хөлсийг нь арав дахин нэмж тооцдог болох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бодитойгоор дэмжлэг үзүүлэх маань хөндлөнгөөс шүлсээ үсчүүлэн хий хоосон магтахаас хамаагүй илүү. Монгол Улс өнөөдөр ямар чиг л байсан эдгээр баатруудынхаа цалин цавгийг арав дахин нэмээд өгөхөд царай алдаад байхааргүй болсон. Тахлын эмчилгээ хийгээд эхэллээ, тэр даруйд л голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудын, гадаа эргүүл гарлаа гэхэд л цагдаа, шуурхай штаб, онцгойгийнхны, мөн удирдан зохион байгуулах дарга хийлээ гэхэд тэдний цалин 10 дахин нэмэгдэж дансанд нь ордог байх ийм хуулийг төр засаг яаралтай баталж өгмөөр байна.

Ингэж баатруудыгаа төр засаг нь хүнд бэрх цагт урамшуулж, итгэл, хайр халамжаа үзүүлж, өөрсдийнхөө эрдэнэт амийг хамгаалах хариуцлагатай албанд зүтгүүлье. Цэрэг, цагдаа, онцгойгийн албан хаагчид дунджаар 900 мянган төгрөгийн цалин авч байгаа, тэр нь арав дахин нэмэгдэж 9 сая төгрөгийн цалин авахад, мөн голомтод ажиллаж байгаа нэг эмч хоёр сая 500 мянган төгрөг авч байгаа, тэр нь 10 дахин нэмэгдэж 25 сая төгрөг аваад эхлэхээр монгол төрийнхөө хайр халамж, өргөл барьц, өмөг түшигт нь баярлаж, улам хичээж зүтгэнэ биз дээ. Ажиллаагүй хүн их мөнгө идчихнэ энээ тэрээ гэсэн хардлага сэрдлэг гарах байх. Ажилласан ажиллаагүйг нь дараа нь шалгаад л учрыг нь олчихно, түүн шиг амархан юм байхгүй. Цар тахалд 1 их наяд 600 сая төгрөг зарцуулсан гэж Сангийн сайд мэдэгдсэн. Цар тахлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, голомтод ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 10 дахин нэмж олгох хуулийг Их хурлын чуулганаар нэн даруй баталж, Монголын төр монгол хүн бүхний амь насыг хамгаалан зүтгэж буй баатрууддаа гараа сунгамаар байна. Галын шугамнаас огтхон ч ухраагүй, баатрууддаа гараа сунгахгүй юм бол хэзээ, хэндээ бид ингэж хүндэтгэл үзүүлж, хайр хишгээ хүртээх юм билээ. Монгол хүн бүрийн амь насыг хамгаалахаас илүү баатарлаг гавьяа гэж байх уу. Энэ хүнд бэрх цагийг ялаад гарна гэдэгт та бүхэндээ итгэл төгс байна. Монголын ард түмний итгэл найдвар, амь амьдрал нь болсон манай үеийн баатрууд та нартаа мэхийн ёсолъё.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx цаг-үе

Бөх судлаач Т.Түмэндэмбэрэл: “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан болсон бол П.Бүрэнтөгс, О.Хангай нар түрүү үзүүрт үлдэх магадлалтай

Өнөө жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 109 жилийн ой тохиож буй. Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын барилдаан гэж шилдэг 128 бөхийн барилдаан болдог. Уг барилдааны түүх хийгээд ямар бөхчүүд хэрхэн амжилт үзүүлж байв, хэрвээ өнөө жил цар тахал дэгдээгүй, бөхийн барилдаан болдгоороо болсон бол хэн хэн түрүү, үзүүрт шалгарах байсан талаар бөх судлаач, Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэлтэй ярилцсанаа хүргэе.


-Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан тухайн жилийн сүүлийн том барилдаан байдаг. Анхны барилдаанд Мөнхбат аварга түрүүлдэг бил үү? Энэ барилдааны үнэ цэнэ, онцлогийн тухай ярихгүй юу?

-2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаан”-ыг анх зохион явуулсан түүхтэй. Анхны барилдаанд тэр жилийн дуулиант наадмын түрүү бөх залуу аварга С.Мөнхбат түрүүлж байлаа. Энэ барилдаан бол нэг талаас монголчууд тэмцэж, бас нэгдэж чаддагаа харуулсан түүхэн үйл явдлаа бахдан санах, баталгаажуулан тэмдэглэх, нөгөө талаар баяр цэнгэлийн манлай хүчит бөхчүүдийнхээ тухайн оны эцэс, ирэх оны эхлэлийн чансаа, царааг харах томоохон сорилго юм даа.

-Тэр жил Өсөхбаяр заан аатай сайхан түрүүлж билээ, хоёр дахь цом байх. Тэгэхэд Өвөрхангайн Чимэддорж улсын цол аваагүй байхдаа тун сайн барилдсан, Мөнхбат аваргыг хаяад л шуугиулсан даа?

-Тийм цомын төлөөх хоёр дахь барилдаан байсан. Өсөхөө заан түрүүлээд, тухайн жилийн наадмын үзүүр бөх улсын гарди Рагчаа үзүүрлэж байлаа. Цэндзэсэмийн Чимэддорж начин аймгийн арслан цолтойдоо дөрвийн даваанд шинэхэн арслан П.Бүрэнтөгсийг, тавын даваанд залуу аварга С.Мөнхбатыг орхиод их шөвөгт шалгарсан. Хоёр жилийн түрүү бөхийг дараалан давж байлаа. Ер нь энэ барилдааны түүхэнд улсын цолгүй байхдаа их шөвгөөс дээш шалгарсан цор ганц бөх Чимэддорж начин даа.

-Пүрэвсайхан заан энэ барилдаанд хоёр ч түрүүлсэн. Хэн хэнтэй хэрхэн барилдаж байсныг эргэн санавал… Пүрэвдагва тэр хоёрын тэмцэл энэ барилдаанаас үүдэлтэй ч бил үү, юу билээ?

-Гурав дахь удаагийн барилдаанд улсын заан Пүрэвсайхан улсын начин цолтойдоо түрүүлсэн. Арслан, заан хоёрын тэмцэл, тэнцэл аль эрт аймгийн цолтой байхаас эхэлсэн зүйл л дээ. Тэр жилийн “Ерөнхийлөгчийн цомын барилдаан”-д Сугаржаргал начин, Баасанхүү харцага, Мөнхбаатар арслан, Эрхэмбаяр, Санжаадамба аваргуудыг даваад анх түрүүлсэн дээ, Пүрэвсайхан. Сүүлийн есөн жил зохион байгуулсан энэ барилдаанд хоёр удаа түрүүлсэн хоёр бөх бий нь Мөнхбат аварга, Пүрэвсайхан заан нар. Давтан түрүүлбэл уг барилдааны шилжин явах цомын хувилбар, бага цомыг үүрд хадгалуулдаг журамтай юм. Аварга, заан хоёр л ийм цомтой гэсэн үг.

Бөх судлаач Т.Түмэндэмбэрэл, О.Хангай харцагын хамт

-Баасанхүү бас нэг жил шуугиулсан даа. Өөрийнх нь төрсөн өдөр ч болоод л. Санжаадамба аварга, Жаргалбаяр заан гээд бүгдийг нь хаяад л, үзэгчдийн хөөрөл ч дээд цэгтээ хүрч байсан санагдана?

-“Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд чансаатай 128 бөх барилддаг. Уг барилдаанд багтана гэдэг, зодоглоно гэдэг бөхчүүдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг гэж болно. Нөгөө талаар өөрийгөө дүгнэх, тухайн жилийнхээ “дүнг тавиулах” барилдаан учраас бөхчүүдэд маш чухал байдаг байх. Тийм ч учраас бөхийн хорхойтнуудын хүсэн хүлээсэн барилдаан байж, дуулиан шуугиантай болдог. Ер нь хамгийн дуулиантай нь 2016 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаан байх аа. Тэр жилийн наадам ч их дуулиантай болсон доо. Дунд шөвөгт улсын заанаас дээш цолтой бөхчүүд шалгараад л. Бүрэнтөгс аварга ам авахаар бидэн рүү ирж явахад Бөхийн өргөө дүүрэн үзэгчид шуугиад байсан. Аварга шууд над руу гараараа дохиод Пүрэвдагва арсланг амлаж байлаа. Пүрэвдагва арслан Бүрэнтөгсийг сэнжигнээс тойрч дунгуйлдаад давдаг чинь тэр барилдаан шүү дээ. Дараагийн даваанд Пүрэвсайхан зааныг даваад, үзүүрт Санжаадамба аваргын бас л дунгуйлдаад түрүүлж байлаа даа. 2017 оны барилдаанд улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлсэн. Жинтэй, бяртай бөхчүүдийг л давсан санагдана. Улсын начин Цогбаяр, харцага Бат-Эрдэнэ, гарди Бат-Орших, аварга Санжаадамба гээд. Үзүүр түрүүнд Жаргалбаяр зааныг татаад өргөхөд хариу мэхээр давж өөрийнхөө төрсөн өдрөөр дэмжигчдэдээ томхон бэлэг барьж байсан даа. Их шөвөгт Санжаадамба аваргатай ч бас их дайчин барилдсан шүү. Баруун золгонгуутаа хутгаад, давхар тахимдаад давчихаж байсан. Сугаржаргал начин, Баасанхүү харцага хоёр “Бидний төрсөн өдөрт зориулсан барилдаан” гэж хошигнодог.

-Энэ жил хэрвээ цомын барилдаан болсон бол хэн хэн өнгөнд барилдах байв. Мэдээж шинэ аварга Бүрэнтөгс зодоглож таарна, аварга түрүүлж чадах байв уу, түүнд хатуу учраа хэн байх байсан бол?

-Шинэ аварга танхимын барилдаан алгасахгүй шахам зодоглодог бөхчүүдийн нэг. Тэгэхээр цомын барилдаан болсон бол барилдаж л таарах байсан болов уу. Доогуурхан давааг түүргүй давчихвал аварга үзүүр түрүү рүү л барилдана даа. Бэлтгэл таараагүй үедээ бага даваанд хааяа бүдэрчих гээд байдаг талтай. Бусдаар бол ер нь үзүүр лүү л очдог бөх дөө. Магадгүй шинэ заан Бадарч, харцага Хангай нарыг их шөвөгт тунаагаад, хэн давсантай нь үзүүрт барилдах байсан байж болох юм. Хангайтай үлдвэл үзүүр, Бадарчтай хоцорвол түрүүлчих байсан болов уу даа. Өмнө нь Хангайтай барилдсан барилдааны харьцаа харцага давуу байгаа, барилдаад сурчихсан гэх юм уу даа. Харин шинэ зааныг арлаар илүүрхээд шуудхан дайрчих болов уу гэж бодогдож байна.

-Хангай, Бат-Өлзий, Бадарч, Орхонбаяр, Анар өөр хэн байна, бэлтгэл сайтай бөхчүүд, бүр санаандгүй хүн дээшээ гараад ирэх ч байв уу. Завханы Лхагвагэрэл гэдэг шиг?

-“Ерөнхийлөгчийн цом” есөн жил болоход улсын цолгүй хүн их шөвөгт нэг удаа л шалгарсан гэж дээр хэлсэн. Ажиглаад байхад энэ барилдаанд ахлах цолтнууд ач холбогдол өгч зорьж, хичээж барилдаж харагддаг юм шүү. Тэгэхээр бага цолтнуудад зай хомс л байсан байх. Намрын байдлаар бол Төв аймгийн хурц арслан Ууганбаяр гайгүй барилдаж мэдэх байсан биз. Бадарч, Хангай, Бат-Өлзий нар бэлтгэлийн горим алддаггүй, жигд байдлаа хадгалж чаддаг онцлогтой бөхчүүд. Ховдын хоёр харцага дунд юм уу их шөвөгт тунахад хэн давсан нь үзүүр лүү ирэх магадлалтай гэх юм уу. Харин Анар харцага энэ зуны наадмаар, бас намрын барилдаануудад бэлтгэл таараагүй ч юм уу, биед нь нэг зовуурь байх шиг харагдсан. Уул нь тийм байдалтай барилддаг бөх биш юм. Баасанхүү харцага намрын барилдаануудад аятайхан барилдаж байв. Том барилдааны одтой бөх шүү дээ. Өсөх идэр начны Орхонбаярын тухайд сэтгэл зүй сайтай, бэлтгэл сургуулилалтаа сайн тааруулдаг “арай өөр” бөх. Хэнтэй ч таарсан хаяна л гэж үзнэ. Тавын даваанд Бадарч заан ам авахаар ирэхэд Ховдын хоёр харцага(Хангай, Бат-Өлзий), Орхонбаяр гурав байж байвал ярвигтай. Гээд бодоход хэрэв энэ жил Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болсон бол ширүүхэн л болох байлаа даа.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал үндэсний-бөx

Чимэд-Очир аварга хоёр шил коньяк өвөртлөөд Түвдэндоржтойгоо зодолдохоор очиж л дээ…

1971 оны төрийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд. Х.Баянмөнх, С.Цэрэн

“Домогт бөхчүүд” буландаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхыг урьж ярилцлаа.


-Тантай өмнө нь хэд хэд ярилцаж л байлаа. Энэ удаад домог болсон сайхан бөхчүүдийн талаар хуучилъя. Эхлээд хоёулаа Чимэд-Очир аваргын тухай ярих уу?

-Би Улаанбаатар хотод анх жаран таван оны намар ирээд Төмөр замын тосгонд ахындаа байх болсон хүн л дээ. Манай ахынх улсын заан Ундрахын Пүрэвээгийнхтэй ойрхон байлаа. Би Пүрэвээ зааныхаар байнга орж гарна. Энэ үеэс Монгол Улсын даян аварга Чимэд-Очир гуайг манайхны хэлдгээр амьдаар нь харж билээ. Төмөр замын хувцас өмссөн шанаа өргөн, дух хөнхөр, эрүү урт, хамар шулуун, шонхордуу хацрын яс нь товойсон өвгөн байсан сан. Төмөр замын тосгонд бөхчүүд голдуу Пүрэвээ зааныд цугларна. Миний санаж байгаагаар Архангайн Батхуяг начин мөн Дахын Одсүрэн начин, аймгийн арслан Равдан-Очир нар ирдэг байсан. Архангайн Равдан-Очир гэж зил-164 машины хурдны хайрцгийг ганцаараа өргөөд тавьчихдаг гэж ярьцгаадаг өндөр нарийхан залуу байлаа. Эдгээр бөхчүүдийн дунд Чимэд-Очир аварга чинь ороо нь гарчихсан буур, тэмээгээ бараадан захлаад алсыг хараад зогсож байгаа юм шиг харагддагсан. Тэр жилийн наадмын бөхийн бэлтгэлд Тарнын амралтанд Чимэд-Очир аварга, Цэрэн аварга, Архангайн Адьяа заан, Булганы Галдандагва начин, Найдан начин, мөн Хадбаатар аварга начин цолтой 30 гаруй бөх гарч байсан. Бид Чимэд-Очир аваргынхаа харцаар л бэлтгэлээ хийдэг байлаа. Аварга олон ч юм ярихгүй. Барьц халах талаар зааж хэлнэ. Өөрөө хийж үзүүлэхэд хөл нь тэнцвэр алдаад хөл дээрээ тогтох гэж хэрдээ хичээнэ. Тэрхүү наадмын бэлтгэлийн үеэр би аваргаас “Түвдэндорж аварга та хоёр ялигүй зөрчилтэй байсан гэдэг яриа байдаг юм билээ” гэж асуухад “бид хоёрын дунд янз бүрийн яс хаясан яриа байдаг юм аа. Нэг удаа наадам дуусаад шар хөдлөөд байхаар нь хоёр шил таван хошуут буюу коньяк өвөртөлчихөөд Түвдэнгийн майханд очиж сайхан зодолдчихъё гэж бодоод очлоо. Түвдэн маань сайхан малилзаж орхисон сууна. Дэрэн бор (улсын арслан Сүнрэвийн Самданжигмэд) байж байна. Би чинь хоёр шил таван хошуутаа гаргаад “За Түвдэн хоёулаа нэг нэгээр нь уучихъя, чамтай зодолдох гэж л ирсэн юм гэлээ”. Хоёр юмаа ч дотроо хийгээд авлаа. Түвдэн зөрүүлж юм гаргалаа. Бие ч тавираад сайхан болж байна. Нөгөө зодолдох гэж ирсэн хүн чинь бөх яриад л сэтгэл хөөрөөд хачин сайхан болчихдог юм байна. Тэгээд Түвдэндээ хэллээ, чи бид хоёрын дунд юм хаяад байгаа золиг чинь энэ Дэрэн бор шүү дээ гээд гурвуулаа инээд хөөр болоод тэврэлдэж билээ. Манай Түвдэн чинь мөн ч тайвуу зөөлөн сайхан хүн шүү дээ. ингэж л бид хоёр бие биенийхээ сэтгэлийг амрааж, нэг нэгнээ өөд татаж явдаг болсон” хэмээн хуучилж билээ.

М.Мөнгөн, Л.Сосорбарам нарын арслангууд

-Цэрэн аварга та хоёр их ойр явсан гэдэг. Ардын дууны Юндэн шиг сайхан эр байсныг нь хэн хүнгүй дурсдаг. Ер нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Цэрэн аваргыг анх харсан минь санаа сэтгэлд илхэн байна. Жараад оны дунд үе юмсан. Миний бие их сургуулийн оюутан болсон боловч бөхөөр амьсгалж улсын алдар цолтой бөхчүүдийг үзэж баясан тэднээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн Спортын төв ордон руу очдог байжээ. Нэг удаа том жижиг нийлсэн арав шахам бөхчүүд спортын ордноос гараад ирлээ. Сүүлд нийслэлийн засаг дарга болсон Баасанжав манай ангийн хүүхэд байсан юм. Баасанжав маань жигтэйхэн мэдэмхийрч тэр бөхчүүдийг нэр устай нь надад танилцуулж билээ. Хамгийн өндөр бор залууг улсын заан Х.Баянмөнх гэв. Алдарт аварга маань заан цолтой байсан нь тэр. Баянмөнхийн хажууд алаг нүдтэй, хөнхөр духтай, угалз хамартай, хажуулдасхийгээд хол хол алхаж яваа эрийг Цэрэн аварга гэж танилцуулсан. ингэж би алдарт Цэрэн аваргын барааг анх харсан. Цэрэн аварга ааш зан их зөөлөнтэй, ялигүй хямрамтгай хүн л дээ. Тэр үед ням гариг буюу бүтэн сайнд 12 цагаас хөдөлмөрийн зааланд, 15 цагаас Спортын ордонд, орой нь Хоршооллын зааланд үндэсний бөхийн барилдаан болдог байлаа. Спортын ордны барилдааны хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очлоо. Багагүй удаан ноцолдлоо. Хивс захалж ирээд миний гутлын хүлэг чахран гулсаж дуу татуулан шалан дээр уналаа, аварга миний дээр хэвтчихээд босдоггүй шүү. Арай гэж босож тахимаа авлаа. Ингээд С.Жамц начин бид хоёр хоршооллыг чиглэлээ. Ам цангаж байгаа гэдэг жигтэйхэн. Талбайн баруун талын хүнсний дэлгүүрээс нэг шил жанчивлангийн рашаан аваад ууж байтал нөгөө талд Цэрэн аварга шилээр нь юм хөнтөрч харагдана. Бид хоёрыг харангуут л дуудаж байна. Аваргыг архи өгөх нь гээд айхдаа дохьчихоод зугтаагаад гарлаа. Хожим мэдэх нь ээ архи биш рашаан л байсан юм билээ. Хоршооллын барилдаан эхэллээ. Мөн л хоёрын даваанд би Цэрэн аваргын аманд очдог юм. Аварга намайг баруун сугадуулахгүй, өхийлдүүлэхгүй гэж төлөвлөн гарч ирсэн бололтой. Өмнөх барилдаанд намайг дарж хэвтсэндээ ч тэр үү надаас жаахан халирч байгаа нь мэдрэгдэв. Яг энэ агшныг нь ашиглаад нэг дохиход намс гээд өндийхөд нь сугадаад өхийлдөөд шидэхэд дөрвөн мөч нь гозойгоод ар зоо нуруугаараа газардлаа. Тугаа тойрчихоод ирэхэд дуудаж байна. Чи ч сая ордныхоо өрийг хатуухан авлаа шүү дээ гэж инээгээд л. Аварга миний дээр дарж хэвтсэндээ гэмшиж халирснаас надад амархан ойчсон нь энэ. Түүнээс биш Цэрэн аварга над мэтийн юманд тийм амархан унах үе бишээ. Нэг удаа аварга “Намайг ээж ээ гэж орилсон гэдгийг мэднэ биз дээ. Чөлөөт бөх гэдэг юмаар барилдуулж сургана гээд бидний хэдэн бөхийг Болгарт явууллаа. Болгарын хотыг хэсүүлэн барилдуулна. Би Болгарын нэг бөхтэй барилдаж, тэр надад давхар сармай мэх хийгээд эргэж ч чадалгүй нуруу тасрахын даваан дээр би багшаа гэсэн юм шиг байгаа юм. Тэгсэн намайг “ээж ээ, ээж ээ” гээд орилоод байсан гэж цаадуул чинь явуулчихгүй юу даа. ингээд мангар Санжаа бид хоёрыг элчин сайд дуудуулж, та хоёр дипломат ёс алдлаа. Санжаа чи дайллаганд тавьсан шарсан тооройг бүтнээр нь авч идээд байхдаа яадаг юм, Цэрэн чи дэвжээн дээр ээж ээ, ээж ээ гэж орилоод байхдаа яадаг юм гээд авч өгч билээ. Ер нь барилдахад дипломат ёс ямар хамаа байхав дээ” гээд аварга маань хүд хүд инээж билээ. Тэрээр хүнд худал хэлэх юм уу, аль эсвэл тусалж чадаагүй бол түүнийг үргэлж бодож сэтгэлдээ өөрийгөө зэмлэн зовж шаналж явдаг хүн байлаа. Далан найман оны наадмын дараа аварга бид хоёр Туул рестораны үүдэнд тааралдаад манайд оръё гэхэд “Авгайн чинь нүүрийг яаж харна аа гээд халираад байх юм. Чамайг тав дээр амлаад өгчих боломж надад байсан шүү дээ” гэж билээ. Хариуд нь би та ямар авах ёстой биш. Бид хоёрт ч тийм яриа байхгүй гэж хэлээд аваргыг гэртээ дагуулж ороод манайд хоносон. Манай охин Баднаа аваргын хөлийг барьж үзээд аварга хүний хөл аймар том юм аа гэж дүрлийн ширтэж шулганаж байсан сан. Ер нь Цэрэн аварга бид хоёр өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү өрөвч зөөлөн, хүнийг ялгаварладаггүй нээлттэй чанараараа ойролцоо байсан шиг санагдана. Хүний хайлан гэж ярьдаг. Аварга маань тийм л хүн байсаан.

Зүүн гараас: Ц.Чимэд-Очир, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан нарын домогт аваргууд

-Мөнгөн арсланд өм дутсанаас бяр дутаагүй гэж та хэлдэг?

-Хөдөө аж ахуйн дээд сургуулиас төрсөн бөхчүүд ихэвчлэн Сосорбарам арслангийн унаган шавь нар. Тэр үеийн үндэсний бөхийн хамгийн хүчирхэг баг заалны барилдааны сор болсон өсөх ирээдүйтэй залуучууд бүхэл бүтэн армийн бөхчүүдийг эмээлгэдэг байсны нэг төлөөлөгч нь яах аргагүй Мөнгөн арслан. Жаран есөн оны үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгаас ирсэн өндөр хөх хүүхдийг суйлж давснаар улсын аваргын алтан медалийн эзэн болж бөхийн ариун зам мөрөө эхэлсэн түүхтэй. Баянхонгороос ирсэн өндөр хөх нөхөр нь Өвөрхангайн Нарийнтээлийн Дашдоржийн Цэрэнтогтох аварга байсан гэдэг. Мөнгөн арслан үндэсний спортын ууган гавьяат мастер алдарт аварга Түвдэндоржийн унаган шавь нь юм. Арслан маань багшийнхаа тухай дурсахдаа инээд наргиан болгоно. “Манай багш ямарваа зүйлийг их ойлгомжтой, ёжтой хэлж ойлгуулдаг байлаа. Нэг удаа би бэлтгэлд ирэхдээ далбаагаа мартчихаад, багш аа илүү далбаа байна уу гэтэл юуны чинь далбаа, тэр далбаа чинь засгийн газрын ордны дээр л намирч байгаа гээд амыг минь таглаж билээ” хэмээн инээд алдаж суусансан. Мягмар заан Мөнгөн хоёр барилдахаараа хоёр буур хоёр талаараа нийлээд түрэлцэж байгаа аятай, баруун талаа нийлүүлээд босоо зогсчихсон, баруун хоёр гар нь дээр өргөөтэй, хэн нь өө гаргана түүнийг ашиглах гээд л түрэлцэж байдгийг нь бодоход барилдааны арга барилыг гоц мэддэг бөхчүүдийн явдал биз дээ. Улсад 15 жил шөвгөрсөн энэ арсланд аварга цол ойрхон мөртлөө хол байж. Цэрэнтогтох аваргатай үзүүрлэх жил өнгөтэй ч, бяртай ч, иртэй ч ёстой л уяа нь таарсан хэнд унах юм бэ гэмээр байж билээ. Харин их тогтуухан барилддаг бөх чинь аварга руу галзуу юм шиг дайрч барилдсан нь авьяаслаг аваргын хараа мэдрэмжийн хаагуур нь өнгөрөх вэ дээ. Тахимаа өгч л таарсан. Харин дараа нь Баянаа аваргатай төрийн наадмын түрүү үзүүрт бас л үлдэж унахад нь Цэрэнтогтох өөрөө унаснаасаа илүү Мөнгөнд харамсаж заяагүй амьсгаа хохино хохино бөхөөрөө ч, урсгасан хөлсөөрөө ч аварга л байх хүн гээд ууртай нь аргагүй алхчихсан тал бий. Мөнгөнд үнэндээ өм дутсанаас хүч бяр дутаагүй. Аваргуудын дунд нэг үе ганцаараа л тэмцэлдэн тулалдсан хүрэн халзан арслан даа, хөөрхий. Миний бие Улаанбаатар хотын халуун усны захиргааг наяаад оны үед удирдаж байлаа. Баянхонгор аймагт болох самбо бөхийн улсын аваргад явах гэж байв. Та ямар хэрэг зоригтой явна вэ гэтэл намайг Мядаг гэдэг гээд өөрийгөө танилцуулж байна. Муухай Пүрэвээ гуайн хэлдгээр таныгаа ч нэр усаар нь гадарлаж байна аа гэхэд дарга аа, би хувийн л асуудлаар явна. Та Баянхонгор явах юм байна. Хүүг минь харж яваарай гэх нь тэр. Юун хүү билээ Мядаг гуай гэхэд миний хүү чинь Мөнгөн шүү дээ гэж билээ. Тэгэхэд Мөнгөн улсын заан цолтой хүчит бөх байсан. Харин ижийнхээ сэтгэлд нялх хүү нь байж дээ.

-Танд чинь Баянаа аваргатай тарвагачилсан онигоо маягийн хошин явдал бий дээ. Түүнээсээ сонирхуулаач?

-Аа тэр үү. Дэлхийн хоёр аваргатай аялсан мөндөл миний явдал л даа. Дэлхийн хоёр аварга гэдэг маань нэг нь Баянаа, нөгөө нь самбогоор дэлхийн аваргаас анхны алтан медалийг авчирсан нэртэй тамирчин бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав юм. Амралтын өдрийн өглөө утас дуугарлаа, автал Баянаа аварга ярьж байна. Тарваганд явъя, Чанрав одоо ирнэ, чи бэлдэж бай, гадаа чинь очоод сигналь өгнө гэв. Тэр чинь далан долоон оны үе юм. Бид гурав Амгаа зааныхаар орж буу аваад баруун аймаг руу явдаг замаар давхилаа. Эмээлт рүү давдаг давааны доохнуур Сонгинохайрханы арыг барьсаар Туул голын хойд талаар уул дамжин гарч өгөв. Аваргын 21-21 дугаартай волга машин эзэн шигээ хүчтэй юм аа. Нар хэвийж уулын сүүдэр буух үед аварга нэг том бурхи руу ониллоо шүү. Буу ч тас, бурхи ч намс гээд явчихлаа. Аварга алдчихлаа гээд уцаарлаж байна. Оносон шүү аваад ирье гээд би гүйчихлээ. Үнэхээр ч нэг сайхан бурхи хэвтэж байсан. Түүгээр боодог хийв. Боодогны амттай ч гэж жигтэйхэн. Гэтэл аварга бага идэцгээ, нөгөөдүүлдээ аваачиж өгнө гээд босоод явчихлаа. Хайдав арслан Шижээ начин хоёр ууж идэх юм аваад ойн цагдаагийнд ирнэ гэсэн юм байж. Тэр хоёртоо боодогны махаа тавиад бид хоёрт олигтой өгөөгүй юм. Гэтэл Шижээ, Хайдав хоёр ирээгүй. Хожим сонсох нь ээ хоёр авдар пийжүү нижгээд хатуу юм аваад бөхийн бэлтгэлдээ улайраад биднийгээ мартчихсан юм билээ. Харин тэр хоёрт тавьсан махыг Чанрав маань өглөө эрт босоод ганцаараа цохичихсон байж билээ. ингээд би гэдэг хүн шүлс гоожоод хоцорч билээ. Бас нэг тарвагачилсан хөгтэй явдал бий. Хүй долоон худагт мөн л Баянаа аваргынхаа волгатай Шижээ начин, Чанрав бид хэд явлаа. Хүй долоон худгийн хойд дэнж дээр Лханаа гэдэг айлд очив. Гэрийн эзэн “Манайд Мижиддорж арслан амарч байгаа. Тарваганд хавх зүүхээр явсан. Оройхон ирнэ” гэж яриан завсраа хуучиллаа. Гэрийн эзэгтэй Баянаа аваргын ярианы амтанд орсон бололтой тогоо шанага угсарч хонины хааг яах ийхийн зуургүй эвдэн чанаж гурил элдэн бэлтгэлээ. Аваргад чимчигнэсэн сайхан айраг өгөөд л яриа хөөрөө ид сайхан байх үед Мижиддорж арслан маань ч ирж маргааш мандах нарнаар хоёр биш юм аа гэхэд нэг бурхи ч найдвартай даа гээд их л додигор сууна. Гэтэл маргааш нь юу болсон гэж санана. Арслангийн тавьсан хоёр хавханд хоёуланд нь өмхий хүрэн орж бидний голыг гонсойлгож билээ. Өмхий хүрэн орсон хавханд дахиад тарвага орно оо гэж гонж гээд гэрийн эзэн ч уйлан дуугарч байсан сан. Энэ мэт хөгтэй явдал олон бий дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарга нарын ядрах бидэнд ямар ч хамаагүй ээ!!

Коронавирусийн цар тахал Монголд аюултайгаар тархаж байна. Ковидоор өвчлөгсдийн тоо өдөрт арав хориороо нэмэгдэн тахлын голомт хаа сайгүй илэрч сэтгэл сэртхийлгэнэ. Ард түмэн айдас түгшүүртэй байна. Хөл хорины хатуу дэглэмийн энэ өдрүүдэд иргэдийн итгэл найдвар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нуруун дээр байгаа. Монголын ард түмэн үхэх сэхээхээ үзэхдээ тулсан энэ аюулт цагт төр засагтаа итгэхээс өөр хэнд итгэж, амь амьдралаа даатгах билээ. Нэгэнт нүүрлээд ирсэн тахлыг даваад гарах хатуу үүрэгтэй Улсын онцгой комисс ямархан дэг журамтай, стратеги төлөвлөгөөтэй, гуйвашгүй нугарашгүй шийдвэртэй, урам зориг, эрч хүчтэй ажиллахаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Түүнээ дагаад олон нийтийн итгэл, урам зориг сэргэнэ. Гэтэл Улсын онцгой комисс нэг л үлбэгэр, хийморь лундаа, зориг золбоогүй, сул дорой харагдаад байх юм. Бүр сүүлдээ дарга нар маань та хэдийн өмнөөс нойр хоолоо хасч ажиллаж байна хэмээн ялархаж тунирхан, юун олны итгэл сэтгэлийг бадрааж, хүч тэнхээ өгөх вэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр галын шугам дээр ажиллаж байгаа дарга нар ийм унхиагүй байхад ард иргэд бид чинь яахсан билээ.

Дарга нар ядарлаа гээд ялархаад байх юм. Та нар өөрсдөө л бидний дарга болох гэж, ард түмнээ удирдах гэж УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн биз дээ. Ухаандаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та УИХ-ын гишүүний суудлаа орхиод өөрөө л хотын дарга болно гээд явсан бус уу. “Хотыг удирдаж чадна, би ажил хийх гэж шантаршгүй зүтгэх гэж хотын дарга болохоор шийдсэн” гээд л яриа хөөрөө өгөөд, томроод байгаагүй билүү. Тэгтэл ядарч зүдрэхээр юм болоогүй байтал, хүмүүсийн хэлээд байгаа шиг шинжлэх ухааны нээлт хий, шинээр вакцин гарга гээд өдөр шөнөгүй суулгачихсан биш юундаа ядрахав гэгчээр ингэж гоншигнодог чинь ямар учиртай юм бэ. Ёстой нөгөө уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлав гэгч болж байх чинь. Наад зах нь үндэсний бөхийн улсын аварга цолтой хүн айлын эрх нялцгай хүүхэд шиг гонгинохыг харах үнэндээ ичмээр байлаа.
Онцгой комиссын хурал дээр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын дарга юу гэж хэлснийг гэрийн хорионд байгаа ард түмэн бүгд харсан. Тэрээр “Ариутгалын ажилд 100-гаад хүнийг ажиллуулж байна, Улаанбаатар хотын хэмжээнд 2677 төрийн албан хаагч нэг сая таван зуун мянган иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна” гээд л хоолой нь цахиртаад ирсэн. Мөн цааш нь 225 хогны машин жолоочтой нь гаргалаа, 1018 ачигч, золбин нохой муур устгагч найман хүн гаргалаа гээд нийслэлийн иргэдийн өмнөөс хог ачиж, золбин нохой муур устгаж байгаа хүн шиг муухай царай гаргаж, хөмсгөө зангидан биеийнхээ хэлэмжээр айхавтар эсэргүүцэл үзүүлж ярих нь тэр. Ингээд зогсохгүй хотын дарга маань “Ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэдэг юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Ажил хийнэ гэж, нийслэлийн иргэдийн төлөө зүтгэнэ гэж өөрийн дуранд оччихоод ажил хийх болохоор “нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэж бөөн ялархал тунирхал байдаг. Ер нь Сумъяабазар гэлтгүй манай дарга, сайдууд ийм шантрамтгай, няцамтгай, тендер хусч, ждү хулгайлах болохоороо нүд нь сэргээд ирдэг, хоёр гуравхан өдөр дарааллаад ажиллачихаараа үхлээ хатлаа, би ганцаараа зүтгэж, нойр хоолгүй явж байна гээд гоншигнож гонгиноод, уйлаан майлаан болох нь холгүй. Аварга амьдрал гэдэг юмнаас мөн ч хол харагдах юм. Цаашдаа яана даа, ямар сайндаа л нохой муур нядлагчыг ноён хүн мэт шүтэж байх вэ дээ. Мэргэжлийг нь доош хийх гэсэнгүй, яг энэ тахлын үед үүнээс өөр ард олонд тустай мөн ч олон ажил мэргэжил байгаа шүү дээ. Сумъяабазар та төрийн наадмын түрүү хүртэж байсан хүн. Эрхбиш нэг мэхэнд хоёр унахгүй хичээж сурсан байх. Тэгэхгүй бол ард иргэд тэг зогсолтын үед оновчтой шийдвэр гаргаж, ард иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа Дарханы Засаг дарга Азжаргалыг Сумъяабазараар сольё гэх яриа хүртэл гарсан шүү.
Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Я.Содбаатар та бас л “Би дарга болно, Их хурлын гишүүн болно” гэж сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Шадар сайд ч болсон. Ерөнхий сайд та хоёрын зам мөрийг, хоорондын харилцаа, найз нөхдийн шугамыг ард түмэн сайн мэдэх учир юу хэлэх билээ. Нэгэнт л Шадар сайд болж Улсын онцгой комиссыг даргалж буйн хувьд өөртөө итгэлтэй, асуудлыг томоор харсан, эргэлт буцалтгүй зоримог шийдвэр гаргаж ажиллах цаг ирсэн. Эхэн үед таныг ард түмэн шүүмжилж, дэндүү сул, үлбэгэр байна, огтхон ч шийдвэр гаргахгүй, юу ярьж байгаагаа зарим үед мэдэхгүй байна гэцгээж байсан. Буруу зөрүү мэдээлэл өгч, алдаа оноо байсан л байх. Харин сүүлийн үеийн Шуурхай штабын хурлыг шийдвэртэй өөр арга барилаар явуулж байгаа нь харагдаж байна. Багахан шиг гонгинож, хэрүүлийн чанартай зүйлтэй бага орооцолдож, шуурхай шийдвэртэй, ажиллах хэрэгтэй.
Онцгой дэглэмийн энэ үед галын шугам дээр ажиллаж байгаа Онцгой байдлын даргаа хараад өрөвдөх юм. Генерал хүн байж ямар сул дорой, шийдвэргүй юм бэ гэх харуусалт бодол төрсөн. Онцгой штабын шуурхай хурал дээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянг ямар байдалтай байгааг хүмүүс хэдийнэ мэдэрчихсэн байгаа. Онцгойн дарга, генерал маань үг хэлэх гэж инээдэм. Таны ярьсан яриаг ард түмэн ойлгохгүй байна. Дэндүү оновчгүй, ямар ч эмх цэгцгүй, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, цаас харж уншин, түг таг, эг маг гэж ээрч муурч байх юм. Дээрээс нь ямар ч шийдвэргүй. Тухайлбал, баахан юм ээрч муурч хэлснийхээ төгсгөлд “Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, улсын онцгой комиссоос энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоогоор судалж байгаа” гэх хариулт аваад ард түмэн шууд урам нь хугарч байна. Ерөнхий сайдын цэргийн ангийн хүүхэд учир онцгойн дарга боллоо гэж яригдаж байсан. Ангийн найзынхаа нэрийг баасталгүй, хамгийн хариуцлагатай онцгой албанд хамгийн хариуцлагатай хүнд бэрх цаг үед өөрийгөө зоригжуулж олигтойхон зүтгэх хэрэгтэй.

Гэрийн хорионд байгаа ард иргэд Онцгой комиссын шуурхай мэдээг л цаг түгшин хүлээж байгаа. Хэвлэлийн хурлын үеэр дарга сайдуудын гомдож гонгинохын завсраар өгч буй мэдээллийг сонсох гэж ард түмэн үйлээ барж сууна. Нэг хэсэг нь ядарч зүдэрч буйгаа ялархаж тунирхан хэлж байгаа бол зарим нөхөд сошиалын хэрүүл заргад тайлбар өгсөөр байгаад мэдээллээ дуусгах юм. Цахим хэрүүл гэдэг угтаа ямар ч хэрэггүй, үр нөлөөгүй, гэрийн хорионд хэвтэж байгаа нөхдийн зугаагаа гаргаж байгаа зүйл шүү дээ. Түүнийг нь шуурхай штаб, төр засаг, Ерөнхий сайд нь хүртэл ажил болгоод, асуудал болгоод сошиалд ингэсэн гэж гомдоллоод, хэрэгтэй мэдээлэл өгөхөөсөө хэрүүл хийгээд таарч байна. Зам тээврийн сайд Л.Халтар “Төмөр замчдын дунд өвчин гарсан гараагүй гэх маргаан сошиал ертөнцөөр баахан явлаа” гээд шувтан хэрүүл хийж, хий хоосон юм яриад, сошиалынханд өширхөн хорссон байдалтай үг хэлээд дуусч байх жишээний. Бусад сайдууд ч ийм дүр төрхтэй байгаа. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл дээр хүртэл ОБЕГ-ын дэд хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн сүлжээнд цэргийн төв эмнэлэгтэй холбоотой, бяцхан хүүхэд өлсөж байгаа бичлэг тавигдсан” гээд л ойж буусан. Хүүхдийн өдрийн хоолны менюг нь дэлгэж ирээд л сошиал гэх хий хоосон нөхөдтэй хэрэлдээд унасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа нь гэж гурван цаг илтгэл тавьсныхаа төгсгөлд гэв гэнэтхэн “Гадаадын ажиллах хүчтэй холбоотой асуудлаар сошиал дээр янз бүрийн юм явдаг Монгол Улсын дархан хилээр ямар хүн орж гарч байгааг бид бүхэлдээ хянаж чадаж байгаа. Ямар нэгэн байдлаар гадны ажилчдыг хулгайгаар шөнө дөлөөр, хилээр нэвтрүүлж байгаа зүйл огт байхгүй. Зарим нэг хүмүүс эх орондоо хайртай юм бол улс үндэстнүүдийн хоорондын харилцаанд сэв суулгасан зүйл битгий бичээрэй. Эргээд гай болно шүү” гээд далийгаад явчихсан. Энэ мэтчилэн дарга сайдууд мэдээлэл өгөхдөө сошиал гэж элийрч балайралгүй үндсэн ажлаа ярих хэрэгтэй байна. Сошиалын хэрүүл улс орны хөгжил, цаг үеийн нөхцөл байдалд огтхон ч хамаагүй, ажилгүй нөхдийн хувийн зугаа гэдгийг дахин сануулъя. Ингээд эцэст нь хэлэхэд, дарга сайдууд минь төрийн түшээ шиг төрийн дархан түшмэл шиг байж, болохыг нь болж байна, болохгүйг нь болохгүй байна гэж зоригтой хэлж сураач ээ. Монголын төр ядарч ялархах юм бол Монголд өөр хэн ядарч ялархахгүй байх юм бэ. Ядарсан төртэй байвал яаж энэ тахлыг ялж гарах юм бэ, бид нар. Иймээс улс орныг удирдаж, галын шугаманд ажиллаж буй нөхөд эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, няцаж шантралгүй Монгол Улсынхаа хувь заяаны төлөө зүтгэх хэрэгтэй байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Д.Содном: Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн дүгнэлттэй санал нэг байна


Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Алдахгүй байх боломж байсан уу. Монголчуудын хэнэггүй, сахилга бат, ёс горимгүй байдал коронаг алдахад хүргэлээ. Улс орон даяар хөл хорио тогтоолоо. Ямар арга хэмжээ авбал дээр вэ?
Халдварыг тараахгүй байх арга хэмжээг эртнээс сайн зохион байгуулсан. Эрүүлийг хамгаалах, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах зэрэг байгууллага, ажиллагсад нөөц боломжоо дайчилж, нойр хоолоо хасч, олон хоног цагаар тасралтгүй ажиллаж байна. Бүгдийн хүчин чармайлтаар халдвараас сэргийлье, хүн бүр дэг журам сахиж, сэрэмжтэй хариуцлагатай бай гэж байнга уриалсаар байлаа. Гэвч халдвар дотроос гараагүй, өвдсөнийг илрүүлж эмчилж чадаж байсан амжилтад тайвширцгаасан, зарим хүн маск тогтмол зүүх, олон хүн цугларсан газар очихгүй байх, өөрийгөө тусгаарлахад тоомсоргүй хандсанаас болж халдвар тархлаа. Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн таны дүгнэлттэй санал нэг байна. Ерөнхий сайд төрийн ажилтан нартаа талархаж, Ерөнхийлөгч иргэн бүр хариуцлагатай байхыг санууллаа. Цар тахалтай хийж буй тэмцэл бол Монгол Улсын иргэдийн амьд явах эрхийн баталгааны төлөө хийж байгаа дайн учраас, дайны үе шиг дэг журам сахилгатай байж ялах ёстойг хэлье. Одоо улс орон даяар хөл хорио тогтоосон нь зөв. Халдварын голомтыг бүрэн тогтоож таслан зогсоох шаардлагаар хөл хорионы хоногийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Уудам нутагт тархан байрлаж амьдардаг бидэнд, хүнсний зайлшгүй зүйлээ хангаад, гадаад ертөнц том хотод суугчдаас хол, халдвар авахгүй байх боломж бий. Хөл хорионы үед мөрдүүлж байгаа зорилгогүй тэнэх, зах дэлгүүр хоршоо айл албан газраар сэлгүүцэхийг цээрлэж, хувийн ариун цэврийг сахиж байгаа зэрэг дэглэмийг цаашид хэв заншил болгомоор.
Хүний нутагт, ах дүү хамаатнаасаа хол, халдвар авбал гадаадад эмчлүүлэх боломж хомс байсан бололтой 27 мянган монголчуудыг эх оронд нь авчирчээ. Миний танил нэг хүний гадаад улсад амьдарч байгаад ирсэн найз нь: “Эх оронтой, угтаж авах ард түмний хүү байхын гайхамшигтай сайхныг мэдэрлээ. Тэнд байхдаа барилга барьж сурсан мэргэжлээрээ нутагтаа сайхан ажиллаж амьдарна аа. Хэрэг болох тоног багажаа авчирсан“ гэж ярьсан байгаа юм. Цар тахалд бас эерэг тал бас байна.
-Улс орны эдийн засаг улам хүнд байдалд орно. Ямар бодлого арга хэмжээгээр эдийн засгаа аврах вэ. Энэ тал дээр таны бодлыг сонсох гэсэн юм?
-Хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Аж ахуйн байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил доголдож орлого ашиг нь буурч улмаар улс орон нутгийн төсөвт нөлөөлөх, иргэдийн орлого багасах, ажилгүйдэл нэмэгдэх, эмзэг бүлгийн хүмүүсийн амьдрал хүндрэх зэрэг бэрхшээл гарах нь тодорхой. Энэ бүхэнд тайван ухаалгаар хандаж, хамтын хүчин чармайлтаар хохирол багатай даван туулж болно.
Манай иргэд, ялангуяа залуучууд ухаалаг чадварлаг болжээ. Олон улс орноор явж амьдралтай нь танилцаж ирээд эх орноо хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлийг санаачилж байна, өндөр стандартаар ямар ч барилга объект барьж чаддаг, авто болон төмөр зам барьдаг, тэргүүний гэх технологи техникийг эзэмшиж ашигладаг, өндөр үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээг бий болгон ажилладаг болж байна. Эрдэмтэд, ялангуяа түүх судлаач эрдэмтэд түүхийн гажуудлыг засаж, археологийн шинэ нээлт хийж байгааг хараад бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхэн бол манай ард иргэд ямар ч бэрхшээлийг шийдэх чадвартайн баталгаа. Хамтын хүч, эв нэгдэл, ариун сэтгэл, сайн засаглал л чухал.
Манай улсын эдийн засаг экспорт ямар байхаас их хамаардаг. Одоо манай улсын экспортын гол эх үүсвэр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, мах, ноос ноолуур, жонш зэрэг бүтээгдэхүүн хөрш БНХАУ-д гарч байна. Энэ оны эхний хагаст нүүрсний экспортод саатал гарч байсан боловч сэргэж байна. Бусад барааны экспортод хүндрэл байхгүй. Ийм учраас нүүрсний экспортыг 40 сая тонноос доошгүй болгочихвол экспортын орлого өсч бензин шатахуун болон бусад импортын барааны хэрэгцээгээ хангах, валютын нөөц, төсвийн орлогоо нэмэгдүүлж улмаар эдийн засгийн ноцтой хүндрэлд хүрэхгүй байх боломж байна. Далимдуулж хэлхэд хэрэв бид арваад жилийн өмнө Таван толгой- Гашуунсухайт, Нарийнсухайт -Шивээхүрэнгийн төмөр замыг барих боломж байсныг саатуулаагүй байсан бол нүүрсийг саадгүй тээвэрлэж экспортыг бууруулахгүй байх боломж байсан. Ойрын хоёр жилд багтааж эдгээр төмөр замыг ашиглалтад оруулах гэж байгаа нь сайн хэрэг.
-2021 оны төсөв батлагдлаа. Соёлын төв, Биеийн тамирын ордон, Засаг даргын тамгын газрын байр барих зэрэг тэвчиж болох олон тэрбумын зардлыг хасч, эрүүл мэндийг хамгаалах, эдийн асгаа бэхжүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй биш үү?
-Санал нэг байна. Төсвийг тодотгоно гэж хэлээд баталчих шиг болсон. Тийм учраас баталсан төсвөө одоо хянаад барьж эхлээгүй объектуудыг хасч болно. Ер нь боловсруулах үйлдвэр хөгжүүлэх асуудал бага анхаарагдаж байна.
-Монголын төрд өнөөдөр буурь суурьтай, тулхтай жинхэнэ төрийн хар хүн дутагдаад байх шиг. Төрийн гурван өндөрлөг харьцангуй залуу хүмүүс. Тэдэнд алдаа оноо бий. Төрийн зарим шийдвэрүүд нэг л буурь суурьгүй, хөнгөн гоомой санагдах юм. Ерөнхий сайд байсан, жинхэнэ төрийн хар хүний хувьд Таны бодлыг сонсмоор байна?
-Төр засгийн удирдах нөхдөө буурьгүй, тулхгүй, залуу, гоомой гэж би хэлэхгүй. Харин гаргаж байгаа шийдвэрт нь анхаармаар юм байвал санал зөвлөмжийг ил хэлж засуулах, туршлагажих суралцахад нь тус болох явдал миний иргэн хүний үүрэг. Би хичээж байгаа. Жишээлбэл: Энэ оны тавдугаар дугаар сард УИХ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргасан, мөн “Алсын хараа 2050“ хэмээх Үзэл баримтлалыг баталсан шийдвэр гарсан. Монгол Улсын эдийн засаг нийгмийг тогтвортой эрчимтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой эдгээр хууль шийдвэрт миний бодоход буруу зүйл багагүй байгаа. Тийм учраас өөрчлөлт засвар оруулах тодорхой саналаа бичсэнээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгөхөөр бэлтгэж байна. Сонин хэвлэлд нийтлүүлнэ.
-Өнөөдөр ард түмэн айдастай байна. Тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Гэтэл сая Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн маань “Бид та бүхнийг хангалттай хугацаанд хамгааллаа. Одоо амь амиа бод” гэх утгатай, жаахан урам муутай үг хэллээ. Уул нь ард түмнийхээ сэтгэлийг өргөсөн, итгэл төрүүлсэн, үг хэлэх байсан уу. Ахмад хүний хувьд үүнд та ямар бодолтой байна?
-Эмзэглээд байх үг хэлсэн гэж бодохгүй байна. Ерөнхийлөгчийн үг хэлэхийг би сонссон. Төрийн зүгээс өвчин тараахгүйг хичээж бололцоогоо дайчилж ажиллаж байгаа, иргэд хариуцлагатай байх хэрэгтэйг цохож хэлсэн. Би зөв гэж бодож байна. Ерөнхийлөгч хатуу шаардах ч ёстой. Төр ба иргэд хоорондоо, харилцан хатуу шаардлага тавьж тэмцэж байж энэ гамшгийг хохирол багатай давна.
-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Х. Баттулга Ерөнхийлөгч дахиж дэвших нь тодорхой байх. МАН-аас Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшинэ гэсэн яриа байгаа. Ардын намын нөхөд Хүрэлсүхээс өөр хүн байхгүй гээд шахаанд оруулсан дуулдана?
-Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага бий. Надад Парламентыг хоёр танхимтай болгож засгийн эрхийг ард түмний мэдэлд ойртуулах, Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх, Сонгуулийн системийг боловсронгуй болгох тодорхой санал байдаг. Эдгээр асуудлаар дараа дэлгэрэнгүй ярилцлага өгч болно. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэр дэвшвэл зөв байхыг би бодож судалж байна.
-Сүүлд нь асуухад, УИХ-ын сонгууль мөн энэ намар болсон орон нутгийн сонгуулиас хойш төр засгийн үйл ажиллагаа жаахан доголдоод эхлэв үү. Эрх баригч Ардын нам Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад, дараа нь нийслэлд ялаад санаа нь амраад ажил нь удааширсан, хариуцлага алдсан, амжилтдаа эрдсэн бардсан тал байна уу?
-Сонгуулийн дараа Засгийн газрын ямар ажил доголдсон, санаа амарч удаашруулсан ажил, ямар асуудалд хариуцлага алдсан тухай тодорхой мэдээ надад байхгүй.
-Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай, Ш.Гунгаадорж гуай болоод Ж.Гомбожав гуай, Ц.Гомбосүрэн гуай гээд төрийн луугар эрхмүүдийн дуу хоолой сүүлийн үед илт үгүйлэгдэх боллоо. Мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат гуай, Н.Багабанди гуай нар ч чимээгүй байна. Н.Багабанди гуай бол бүр огт дуугарахгүй юм. Болдог бол та бүхэн л ярьж, зөвлөж баймаар санагдах юм?
-Дээрх бодлоор та надтай ярилцлага хийхээр шийджээ. Талархаж байна. Хэрэв та нар хандвал нэр дурдсан нөхөд ярилцлага өгөх, саналаа хэлэх, зөвлөмж өгөхөөс татгалзахгүй. Та түрүүнд ард түмэн айдастай байна гэсэн. Нэр дурдсан хүмүүс бол хэлье гэсэн санаа, шүүмжилье гэсэн юмаа айхгүйгээр шууд ил хэлэх хүмүүжилтэй, зоригтой нөхөд гэдгийг хэлье. Тохиромжтой газар, хэрэгцээтэй цагт дуугарцгаах л болно.
-Өнөөдөр ихэнх Ерөнхий сайдууд маань шоронд сууж байна. Ялангуяа эдийн засгийн томоохон реформ хийсэн гэгддэг М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат гээд шоронд сууж байгаа. Сү.Батболд бас л асуудалтай мэт, Ч.Сайханбилэг эрэн сурвалжлагдаад байж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Амар гуайн хэлсэнчлэн Ерөнхий сайдын хувь тавилан гэдэг амаргүй хувь тавилан шиг санагдах юм?
-Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрээр дурдсан Ерөнхий сайд нар ял эдэлж байгаа. Иргэн хүн ямар ч албан тушаалтай бай гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг нь шүүх хянаж тогтоосон бол шийтгэгдэх хуультай. Хамгийн эрхэм чухал зүйл бол шүүхийн шийдвэр зөв шударга байх. Сүүлийн үед шүүх шударга биш шийдвэр гаргадаг, өндөр албан тушаалтны захиа даалгавраар хүмүүсийг хэлмэгдүүлдэг болж байгаа юм биш үү гэсэн болгоомжлол, хардлага гарч байна.
Саяхан Б.Баяр гэдэг хуульч хүний бичсэн нийтлэл гарсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гурван хүн шүүхийн холбогдолтой зөвлөмж гаргадаг байх хууль гарснаас улбаатай, анхаармаар асуудал гарч буйг бичсэн байна билээ. Тухайлбал, “Шүүх нэрэн дээрээ Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг ч нидэр дээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийг барьсан улстөрчдийн хувийн явцуу эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргах болов” гэж бичсэн, мөн “Улс төрийн шинжтэй хэлмэгдүүлэлтийн хэрэгт шийдвэр гаргасан шүүгч өөрөө хожим шүүхийн өмнө шүүгддэггүй юм гэхэд цаг хугацааны эрхээр түүх, ирээдүй үр хойчийнхоо өмнө шүүгдэх нь гарцаагүй” гэж бичсэн байна. Өнгөрсөн зуунд коминтерний зөвлөмжөөр хэлмэгдүүлэлт явагдаж, гүйцэтгэсэн шүүгчид нь шүүгдэж байсан түүх давтагдахаас болгоомжлох нь зөв.
Шүүх засаглал миний ажил мэргэжлээс хол, миний мэддэггүй асуудал. Би харин нэг залууг хэлмэгдэж байгаа гэж боддогоо нуухгүй. Тэр бол Нямтайширын Номтойбаяр. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд байхдаа хэдэн аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох зөвшөөрөл олгосон нь гэмт хэрэгт тооцогдоод байна. Зээл олгохыг зөвшөөрөхдөө хурлаар хэлэлцүүлээгүй нь таван жил шоронд хоригдох гэмт хэрэг болсон бололтой. Зээл авсан компани, иргэд нь зээлээ төлж барагдуулсан, авлига ашиглалын хэрэг, улсад учруулсан хохирол байхгүй. Тийм учраас хэргийг хэлэлцэхэд оролцож байсан шүүгчдийн дунд ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүн байна гэсэн яриа байсан гэдэг сурагтай. Одоо Улсын дээд шүүхэд даваж заалдаад байгаа гэсэн. Учрыг нь олж цагаатгаад тэр хүүг шоронгоос гаргаасай билээ. Хайран залуу.
Номтойбаяртай УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамт ажиллаж байсан нөхөд, зээл авч ашигласан аж ахуйн нэгжийнхэн болон иргэд тэр хүүг мэддэг, олон жил шоронд хоригдох гэмт хэрэгтэн болгосон шийдвэр шударга эсэхийг боддог байх.
-Та бол Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн хамгийн хүндтэй эрхмүүдийн нэг. Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон. Чингисийн одонтой эрхмийн хувьд энэхүү төрийн дээд шагналын үнэ цэнийг асуумар байна?

-Чингис хаан одон бол манай улсын төрийн тэргүүн зэргийн, хамгийн нэр хүндтэй шагнал. Улс эх орондоо онцгой гавьяатай гэж үзсэн хүнд олгодог эрхэм шагнал. Энэ эрхэм шагналыг хүртсэн хүн бүхэн цаг үргэлж бусад хүмүүст үлгэр дуурайлал болж гавьяагаа үргэлжлүүлэх эрхэм үүрэгтэй байдгийг хэлье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Монголыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй

Д.БЯМБАСҮРЭН, М.ЭНХСАЙХАН, С.БАЯР, С.БАТБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР ЯГ ӨНӨӨДӨР ХЭРЭГТЭЙ БАЙНА-

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.

-“Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй дэлхийн хэдхэн орны нэг” гэж дарга даамлууд ярьж байсан. Гэтэл бид “Ковид-19”-ийн тархалтыг дэндүү хэнэггүй, хариуцлагагүйн улмаас дотооддоо алдчихлаа. Байдал маш хүндэрч эхэллээ. Яг одоо эдийн засгийн ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна вэ?
-Дэлхийд “Ковид-19” тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнх улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан.
Таны асуултад шууд хариулахад одоо 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулж, улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд 2021 оны төсвийг ямар ч алдагдалгүйгээр батлах, улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын 50 хувьд багтаах, төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, улсын нэгдсэн төсвийг есөн их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шиг зүйл баталж огт болохгүй.

Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?

– 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг та амь аргацаасан, олны нүдийг хуурсан гэж үзээд байгаа бололтой. Монголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд байгаа?

-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.

Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй , компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.

Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байна. Хувийн хэвшил, аж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байна. Тэд цаашид юунд найдах вэ?

-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна . Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.

Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.

Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүй. Аюултай л зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа бодолтой явбал энэ том аюул, шуургыг давж гарах вэ. Коронаг дотооддоо алдчихлаа гээд амьдрал зогсохгүй нь мэдээж?

-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.

Мах, гурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэг. Мэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух уу, цаашид яах вэ. Яг бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?

-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.

Д.Бямбасүрэн , М . Энхсайхан , С.Баяр , С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.