“Цогт тайжийн өргөө орд” сангийн гүйцэтгэх захирал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидтай ярилцлаа.
-Эхлээд тантай яруу найрагчийн тань хувьд ярилцъя. Та бол Монголын яруу найргийн наяад оныхны төлөөлөл болсон найрагчдын нэг. Утга зохиол хэрхэн хөл тавьсан тухайгаа мөн анх замчилсан багш нарынхаа тухай дурсахгүй юу?
-Би уг нь худалдааны хүн МУИС-ийг бараа судлагч мэргэжлээр төгссөн.
Гэхдээ л бага ангийн сурагч байхаасаа ном зохиолд шунан дурлаж, дөрөвдүгээр анги төгсөхдөө сумын номын сангийн монгол хэлээр бичсэн Ленины болон түүхийн ботиос бусад бүх номыг бараг уншиж дуусгасан. Бүр эртнэээс л яруу найраг, уран зохиол миний мөрөөдлийн гэрэлт чиг минь байв. Анхны шүлгээ тавдугаар ангидаа бичиж байсан. Тэр цагт охидод хөвгүүдийн захианы хариу бичих гэдэг бүхэл бүтэн урлаг байлаа. Дотуур байрны найз охидынхоо зөвшөөрсөн, бас эелдгээр татгалзсан хариуг мөн ч олон удаа хэрдээ л уран яруу бичиж өгч байв шүү. Дунд сургуулиа төгсөөд МУИС-ын сэтгүүлчийн ангид элсэлтийн шалгалт өгөхөд улс даяар ердөө 37 хүүхэд авахаас би 38-д орж улаан шугамаар таслагдагдсан юм.Тэр үед сонголт байсан биш дээ. Хэрвээ тэгээд сэтгүүлч болсонсон бол өдийд нилээд их зүйл бүтээсэн том зохиолч болсон байх учиртай гэж хааяа өөрийгөө өрөвдөн боддог юм. Хэн нэгэн надаас “Танд амьдралдаа харамсдаг зүйл бий юү” гэж асууваас “Тийм ээ, 1978 онд сэтгүүлчийн ангид элсэж чадаагүй минь” гэж шуудхан хэлнэ. Ер өөр харамсах зүйлгүй хүн. Би 1980-онд БНАСАУ- буюу хойд Солонгос дахь Монголын ЭСЯ-нд гэр бүлийн хамт томилогдон хэдэн жил ажиллаж амьдарсан юм.Тэр цагт Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, Ш.Сүрэнжавын “Хөх тэнгэрийн хур” шүлгийн түүвэр гарч Монголын яруу найрагт тэсрэлт болж сонины дугаар алгасахгүй шүүмж, магтаал цуварч байлаа. Монголоос тэр номнуудыг захиж авчруулаад дэрэн дээрээ тавьж уншин бишрэн догдолж, бүгдийг шахам цээжилчхээд энэ утга зохиолын хүрээнээс холдож чадахгүй зүрх сэтгэл минь уяатай хүн гэдгээ мэдэрсэн дээ. Эх орондоо ирээд сургуулиа үргэлжлүүлэн суралцаж төгсөөд нийслэлийн худалдаанд ажилласан үеэсээ ахиад л шүлгээ бичиж нууцхан хадгалсаар явлаа. Үе үеийн тэнгэрлэг найрагчид бүгд миний эчнээ багш минь болж гэрт минь номооор өртөөлөн ирж дэрэн дээр минь тухладаг байж 1970-1990 хүртлэх ихэнх яруу найргийн түүвэр надад бий Номын дэлгүүр хамгийн хүслэнт газар минь байсан, одоо ч тийм.
-Таны хувьд “Жин үд” яруу найргийн номоороо өөрийгөө зарласан найрагч. МЗЭ-ийн шагналыг эл бүтээлээрээ авсан санагдана. Их утга зохиолын замд сэтгэл ойр явсан нөхөд гэвэл хэн байна. Дашзэвэгийн Банзрагч, Цэндийн Чимэддорж гээд олон найрагчдын тухай бичсэн дээ?
– Хоёр нийгмийн зааг дээр гарсан. Магадгүй социализмаас уран бүтээлийн шагнал авсан сүүлчийн ном ч байж магад, миний “Жин үд”. 1991 онд анхны номоо гар дээрээ аваад ямархан их баярласнаа одоо ч мартдаггүй.Яг л шинэ үрээ өлгийдэн авах шиг. Шүлгийг би олон жил эргэн тойрныхон, хань ижилдээ ч үзүүлэлгүй бичиж олон дэвтэр ширээний нүдэнд нууцхан хадгалж явжээ. “Жин үд”-ийг яруу найрагч Д.Банзрагч редакторлаж, тэр цагт нэрд гарч явсан шүүмжлэгч
Т.Доржпүрэв эрхлэн хэвлүүлж билээ. Түүнээс хойш ахин яруу найргийн таван ном хэвлүүлсэн боловч манай утга зохиолын “асс”-ууд “Жин үд”ийг л сайн гэлцдэг. Аргагүй ч биз ээ. Залуу гэрэлт насны засдаг инээдгүй, үнэн сэтгэлийн угаас цэвэр онгодын тэлэлтээр урсан гарсан хөдөөний хүүхний, нүүдэлчний охины сэтгэлийн шүлгүүд байсан. Энэ номоороо МЗЭ-д элсэж, энэ номыг бүтээсний тул төрөлх Булган аймгийнхаа театрын алтан тайзан дээр МЗЭ-ийн эрхэм шагналаа домогт Шаравын Сүрэнжав найрагчаар энгэртээ зүүлгэхэд тэрээр “Энэ бүсгүйн энгэр даанч тэнэгэр, олон одон багтах зай байна гэж олныг инээлгэж билээ. Нээрээ өнөө жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан шүү. Он цагийн түүчээнд ойр дотно нөхөрлөж, биесээ гайхалтай ойлголцдог, малчин удмын хоёр сайхан андаа мөнхийн амгаланд цагаасаа эрт одсонд харамсаж суудаг юм.Тэднийгээ элэг халуун сэтгэлээр дурсан хөрөг-дурсамж бичсэн нь олны талархал хүлээж , урам хайрлаж би 10 гаруй уран бүтээлчийн тухай нэмж биччихээд хадгалж байгаа шүү. Одоо би Д.Банзрагч агсныг уран бүтээлийн авшигт багш минь, найргийн тэнгэрээс надад илгээсэн онгод, урмын хөглөгч минь байж гэж үзэх болсоон. Алдарт “Хүрэн морины” Ч.Лхамсүрэн найрагчийн дунд охин мэргэжил нэгт анд найз Л.Чулуунцэцэг минь байгаагүй бол би шүлгээ нууцхан бичсээр хорвоогоос чимээгүй явчих ч байсан байж магад. Тэр бас шүлэг бичдэг, яруу найрагт дуртай, миний зөвлөгч зоригжуулагч байлаа.
-“Дуулсан дууны эгшиг нь цээжинд хургаж өнжлөө дөө, дуртмал сайхан зүс нь ээ зүрхэнд ургаж удлаа даа” гэж гавьяат Энхзулын “Хайрын тавилан”-гаас аваад та олон сайхан дуутай. Тэр жил таны уран бүтээлийн үдэшлэг болж, хөгжмийн зохиолч УГЗ Мооёобуугийн Булган дуулаад л, төрийн шагналхүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог шүлэг уншаад мөн ч гоё үдэш болж билээ?
– “Хайрын тавилан” бол миний анхны дуу болсон шүлэг. Нэгэн цагт хит дууны жагсаалтанд орж байв шүү. Энхзул гавьяатыг олонд таниулсан дууны нэг. М.Булган бид хоёр энэ дуундаа хайртай. Өнгөрөгч жил нэг хүн солонгос хосын зурагтай “YouTube”-д тавитал ганц жилийн дотор 400 гаруй мянган хандалт авсан нь миний бүтээлийн хувьд дээд амжилт болсон. Энэ дуугаа дүрсжүүлэн клип хийлгэе гэж бодож байгаа. Би шүлэг, яруу найраг бол миний амьдралын хобби, сэтгэлийн нэг тйим гэрэлт зүйл гэж бодож явснаас амь, амьдралд тийм их нөлөөтэй, намайг олон хүмүүс худалдаачин гэдгээр бус шүлэгч гэдгээр танидаг, хүлээн зөвшөөрдөг гэдгийг ойлгоогүй байсан Биеийн эрүүл мэнд муудаж, өндөр үнэтэй эмчилгээнд явах болоод манай найзууд миний бүтээлээр хандивын тоглолт зохион байгуулж амжилттай болоход л Янжин тэнгэрийн ивээлд багтсанаа гүнзгий мэдэрч бишрэн залбирч явах болсон. Булганы уран бүтээлчид та нар минь, Бүрэгхангай нутгийхан тэр чигээрээ оролцож гоё тоглолт болсон. Ингэж яруу найргийн буянаар эрүүл мэндээ ахин олж авсан учир бий.
-Сүүлд таны номын баяр Ханд вангийн өргөөнд болж Булган хангайнхан төдийгүй, утга зохиолын үе үеийнхэн цуглаж байсан. Та бол тийм олонтой, өргөн хүрээлэлтэй найрагч?
-2019 оны хавар “Гэсэр цэцгийн улирал” нэртэй шинэ шүлгийн номоо өлгийдсөний баяраа та нартайгаа хамт тэмдэглэсэн нь тэр. Би чинь бас “Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддорж” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн хүн. Ханд ван, Амар сайдын талаар бичиж дурсаж, хойч үеийн ой санамжинд хадгалахаар зүтгэж явна. Төрөлх нутгийнхан, Булганчууд бүгдээрээ намайг “Дайчин вангийн эрчүүд”, “Ханд вангийн хүүхнүүд” дуугаар минь сайн мэдэж, дандаа талархаж байдаг нь сайхан шүү. Шүлгээ бичсээр яваа ч ойрын гурван жилд богино өгүүллэгийн, хөрөг найрууллын, шүлгийн гэсэн гурван ном хэвлэлд бэлэн болгоод байгаа. Бас “Цогт хунтайжийн монгол туургатанд үлдээсэн түүх ,соёлын өв дурсгал” гэсэн уртавтар нэртэй судалгааны эмхэтгэл,тэмдэглэл номоо тун удахгүй хэвлүүлнэ.Монгол туургатан гэж өргөн утгаар хэлсэн нь их учиртай. Түүний амьдрал Халхын төв нутагт, Хөх нуурт өрнөж, үр хойчис нь бас Оросын Буриадад гээд гурван гүрэн дамжин аж төрж байсан түүхэн хүн. 17-р зууны алтан ургийн язгууртнуудаас түүх бичлэгт хэтэрхий нэг талыг барьсан ташаа дүгнэлт ихтэй боловч хамгийн их бичигдсэн, амьдралын ул мөрөө харьцангуй тод томруун үлдээсэн хүн бол Халхын Цогт хунтайж аргагүй мөн.
-Халхын их шүлэгч, эх оронч, баатарлиг Цогт хунтайжийн олон ой давхцаж тохиож байна. Таны хувьд “Цогт тайжийн өргөө орд сан” ТББ байгуулж, “Цогтын цагаан байшин” төслийг санаачлагдын нэг болон зүтгэж явна. Цогт хун тайжийнхаа цагаан балгасыг, Монголын түүхийн хосгүй үнэт өвийг сэргээн хадгалахын төлөө зүтгэж яваа үйлсэд тань амжилт хүсье. Уг төслийнхөө тухай тодорхой танилцуулахгүй юу?
-“Аливаа үйлс бүтээхэд цаггүй” гэж VIII Богд гэгээн айлдсан нь зориглон чиглэвээс эрт орой, сайн муу цаг гэж байхгүй гэсэн үг болов уу гэж би мунхаглан бодном. Гэхдээ энэ 2021 он бол Халхын Цогт хунтайжийн мэндэлсний 440 жил, Дуутын хадны алдарт шүлгээ зохиосны 400 жил, Цагаан байшин гэж нэршсэн “Сэтгэшгүй чандмань” тэргүүт сүмээ үүтгэсний 420 жил гэсэн эрдэнийн талст мэт гурван тэгш ойн билэг ерөөлт жил билээ. Монголын их бичгийн хүн Бямбын Ринчений дээд удам Цогт хунтайжийн тухай сөрөг ойлголтонд залруулга хийх, Монгол түмэнд үлдээсэн соёл, түүхийн дурсгалыг хамгаалах, сэргээн босгох , түүнтэй холбоотой домог зүй, аман яриаг нэгтгэн цуглуулах, эрэн сурвалжлах зэрэг зорилготой манай сан. Цогт хунтайж 20 настай байхаасаа эх Чин тайху хатны хамт 1601 оноос эхлэн байгуулж,17 жилийн турш бүтээн босгосон алдарт “Сэтгэшгүй чандмань: тэргүүт сүм асар удалгүй их эзнээ алдсаны дараа түрэмгийлэгчдийн гарт өртөн балгас болсон бололтой байдаг. Тухайн цагт энд нүүдэлчний соёлын шинэ төв бий болон бүрэлдэж,тэнд дуу хөгжмийн ордон, номын цагаан өргөө, ном барлах үйлдвэр байгуулж, дорно дахины хөлгөн судрууд, Гэсэрийн баатарлаг туульсыг уянгалуулан хайлж, Мялын дуулалыг орчуулж байсан түүхтэй.Цогт хунтайж соён гэгээрүүлэгч, онгодтой шүлэгч байсан нь бидэнд үлдээсэн чулуун соёлын дурсгалууд гэрчлэнэ. “Цогт тайжийн өргөө орд” санг үүсгэн байгуулагчид гэвэл “Цогт хунтайжийн цагаан байшин” төслийг анх санаачлагч, удирдагч, МУУГЗ, нэрт зураач Сэрээтэрийн Дагвадорж, Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг дарга асан Чүлтэмийн Нэргүй, мөн сумын харьяат зохион бүтээгч Баасанхүүгийн Бат-Эрдэнэ, Хэл- шинжлэлийн ухааны доктор Д.Боролзой нарын бүрэлдхүүнтэй Д.Боролзойн аав Төрийн соёрхолт нэрт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсан бол хориод жилийн өмнө С.Дагвадоржтой хамт анх энэ төслийн санааг бүтээгч байсан билээ. “Цогт хунтайжийн цагаан байшин” төсөл гурван үе шаттай цогц хөтөлбөр юм. Эхний ээлжинд 400 жил хүний гар, байгалийн эрхшээл, он цагийн урсгалд улам бүр нуран сүйдсээр байгаа Монголын түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн хадгалах арга хэмжээнүүд. Үүнд Цогтын цагаан байшингийн туурийг одоогийн байдлаар нь хадгалж, үндсэн байр байдлыг өөрчлөхгүйгээр мэргэжлийн байгууллагаар засан сэлбэж, байнгын харуул хамгаалалттай болгох, улсын хамгаалалтын бүсийг тодорхой болгож түүхэн тэмдэглээ хийх. Мөн Цогт хун тайжийн өргөө орд байгаа Халдудын зүрхэн уул бол Туул голын баруун хөвөөнөө орших амин сүнслэг орчин бүхий байгалийн тогтоцтой. Улаанбаатараас 200 гаруйхан км зайтай, үүний 180 км нь засмал замтай гээд бодохоор маш давуу талтай газар. Иймээс төр засгийн одоогийн бодлого, цаг үеийн шаардлагад нийцүүлэн уг туурийн орчныг засан тохижуулж, шинээр бүтээн байгуулж, жуулчдын сонирхол татсан баялаг үзмэр бүхий ая тохитой орчныг бүрдүүлэх зорилготой. Аялагчдын явах зам, маршрут, амрах байр, үзэх зүйлс, орчин үеийн ариун цэврийн байгууламж, эко шийдэл бүхий эрчим хүч, ус хангамжийн системийг бүрэн төлөвлөсөн байгаа. Тэнд очоод та гайхамшгийг мэдэрч, эх түүхийг ухраан үзэж буй мэт сэтгэгдэл төрөх, уламжлалт нүүдэлчний соёлыг хэрхэнорчин үеийн урлагтай нийцүүлэн шийдсэнийг бүх зүйл нь урлагийн шилдэг бүтээл байгааг бахдан үзэх болно. Төсөөлж, төлөвлөж байгаа бүхэн минь дэндүү гоё санагдаж яруу найрагчийн дэврүүн сэтгэлд бүтсэн мэт их баяр төрөх юм аа, дүү минь. Бүх сэтгэл, итгэлээ энэ төсөлдөө өгөөд хүрээлэн байгаа орчныг, энэ муу гайт ковид өвчнийг ч анзаарахгүй бид маш их юм үзэж судалж, олон хүнтэй цахимаар харилцаж тун завгүй байгаа. Олон улсын стандарт, хэм хэмжээнд нийцсэн жуулчны газрын зэрэглэлд хүрч, уг сүлжээнд бүртгэгдэн олны анхааралд хүрсний дараа зорин очих гадаад дотоодын аялагчдын тоо жил бүр өсөн нэмэгдэх болно. Иймээс Төв Халхын нүүдэлчдийн болон Киданы үеийн соёлын өвд түшиглэсэн Монгол орны Аялал- жуулчлалын том төв “ЦОГТ ХУН ТАЙЖ” цогцолборыг төр засгийн дэмжлэгээр хувийн хэвшлүүд бий болгох дэлгэрэнгүй том төсөл хэрэгжих үе шат нь 2021-2031 он.
-“Сэтгэшгүй чандмань” сүмийг эртний хийцээр нь сэргээн үйлдэнэ, Дуутын хадны шүлгийн эх загвартай ижил цогцлол бүтээнэ, мөн Цогт хун тайжийн зохиосон шүлгүүдийг англи, монгол бичгээр хослуулсан гэрэлт бичээс, Хөх нуурын зүг одсон замын зураглал, аян дайны болон их нүүдлийг харуулсан уран зургууд гээд маш олон зүйлийг сэдэж санаачилжээ?
-Түүхэн дурсгалыг суурин дээр нь нэмж хасаж, загвар хийцийг нь өөрчлөх ёсгүй тул бид уг сүмийн туурийн судалгааг үндэслэн гаргасан эх загварыг 10 дахин багасгасан хэмжээгээр гоёмсог үйлдэж үзмэр болгон өмнөх талбайд нь байгуулна. Аливаа түүхэн барилгын ойр орчинд түүний үзэмж болон харагдах байдалд нөлөөлөхөөр барилга байгууламж барихгүй хуультай. Цогт хунтайжийн эрдмийн цагаан ордонг дугуй хэлбэртэй маш өвөрмөц шийдэл бүхий уран барилга байхаар тусгасан. Тэр барилга Цогт хунтайжийн музей болно. Уг музейн үүдний хүзүүвч болон таазны зураг тэр чигээрээ уран зургийн галарей байхаар төлөвлөсөн. Музейн үзмэрт өөр олон сонирхолтой зүйл бий. Дуутын хадны шүлгийн эх загварын хуулбарыг ордны өмнө бүтээн босгоно гэж бодож байгаа. Яг ижил хэмжээгээр бий болгох бол хуулиар хориотой. Гэхдээ зохиосон эзний нь эдлэн газар түүний хөшөөний дэргэд байх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн. Цогтын цагаан байшин гэж ярьдаг болохоос тэнд маш том түүхийн гэрч чулуун судар Гэрэлт хөшөө бий. Түүнд монгол, төвд үсгээр хоёр талд нь Цогт хунтайжийн түүх хийгээд “Сэтгэшгүй чандмань” тэргүүт сүмийг хэн хэрхэн босгосон тухай гээд олон зүйлийг өгүүлсэн үнэт дурсгал бий. Тэр орчныг тохижуулж сайхан гантиг чулуун талбайтай, байгалийн эрчмээр гэрэлтүүлэг бүхий болгож дуучид дуугаа дуулах, яруу найрагчид шүлгээ унших тусгай тайз бүхий хээрийн задгай театр болгон ашиглах шийдэл сонгосон байгаа. Тэнд бичсэн гайхам түүхийг зорин очсон дэлхийн хүн бүхэн бүрэн төгс мэдээсэй гэхдээ англи, шинэ монгол бичгээр сийрүүлэн буулгаж орчинд нь тавина гэж тооцсон. Манай төслийн удирдагч зураач хүн болохоор бүх хийхээр төлөвлөсөн зүйлээ хэрэглээний эд юмс биш дахин давтагдашгүй урлагийн бүтээл болгоход их анхаарч байгаа.
-“Цогтын цагаан байшин төсөл” хэрэгжсэнээр Халхын эх оронч Цогт хун тайжийн гэрэлт дүр түүхийн улбар улбаанаас бодитойгоор сэргэн мандаж ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн хөшөөт цогцолбор бий болсноор эх оронч үзэл хүүхэд залууст сууж, гадны дотны жуулчид зүгээр нэг нурсан шавар байшин үзээд явах бус жинхэнэ цогцолборт саатаж, хоноглож,1600 оны үед баригдсан түүхийн үзмэрийг үзэх боломж нээгдэж, цаашид Монголын түүхэнд, мөн аялал жуулчлалын салбарт шинэ маршрут бий болох гээд олон ач холбогдолтой нь мэдээж?
-Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг болгон зарласантай манай төсөл нягт уялдаж байна. Мөн Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн замаар” мөрийн хөтөлбөрт нэн тэргүүнд хөгжүүлэх салбар гэж онцлон заасан нь уг төсөл амжилттай хэрэгжих, дэмжлэг авах үндэс гэж олзуурхаж байна. Соёлын яам, БОАЖЯ-нд хандаж төслөө албан ёсоор танилцуулна. Ард иргэд, байгууллага хамт олны дэмжлэг, туслалцаагаар бүтээх ч олон асуудал бий. Нэг ирсэн хүн ахин дахин ирмээр, танил дотно бүхэндээ шагшин яримаар, дагшин орон хотыг үүсгэх зорилготой бид энэ хаврыг угтсан. Цогтын цагаан байшин, гэрэлт хөшөө хоёр бол 17-р зууны түүхийн маш чухал биет дурсгал юм. Улсын хамгаалалтад байгаа гэх боловч өмнө нь босгосон багавтар чулуун самбараас өөр харуул хамгаалалтгүй өнөөг хүрсэн. Ийм л газрыг нийслэлд хамгийн ойр дөт, хамгийн тохилог, аялал жуулчлалын орчин болон хөгжүүлснээр Баяннуур, Дашинчилэн сумын иргэдийн бодит орлого нэмэгдэж, сумын төсөвт ч эерэгээр нөлөөлнө. Хөгжил даган хувийн хэвшлүүд жуулчны отог хүрээгээ байгуулж эрчим хүч, дэд бүтэц сайтай Улаанбаатар-Баяннуур-Шороон бумбагар-Чин толгой-Цогтын цагаан байшин-Хар бухын хар балгас-Номын булаг-Чулуут нуур гэсэн аяллын шинэ маршрут бий болно.