Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросын түрэмгийлэх дайныг бид буруушааж байна || DNN.mn

Орос Украины дайн дэлхий нийтийг цочроож байна. Оросуудын цус нэгт ах дүү нарынхаа эсрэг үүсгэсэн гамшигт дайныг бид буруушааж байна. Яагаад гэвэл хэзээ нэг цагт хоёр хөршөөс маань ийнхүү цэрэглэн довтлохгүй гэсэн баталгаа байна уу. Хүчтэйгийнхээ өмнө хүчгүй нь буруутан болдог ширэнгийн хуулиар амьдрах болох нь уу гэж бид санаа зовж байна. Яагаад ОХУ хөрш зэргэлдээ орших цус нэгт Украин руу Минскийн гэрээ(энх тайван тогтвортой байдлыг эрхэмлэн, улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдаж заналхийлэхгүй, галт зэвсэг хэрэглэхгүй байх)-г зөрчиж гал нээж дайтах болов гэдгийг олон улсын геополитик судлаачид өөр өөсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан “өөрийгөө хамгаалах” гэсэн заалтыг ОХУ ашиглаж байна гэж үзээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн онц хуралдааны үеэр Украины зүүн нутгийн Донбасс мужид цэргийн ажиллагаа явуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины шийдвэрийг танилцуулсан. Түүний мэдэгдсэнээр ОХУ өөрийн газар нутагт суугаа харийн хүмүүсээс иргэдээ хамгаалахын тулд дайралтыг эхлүүлсэн, Оросын цэргийн ажиллагаа нь Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын бүс нутгуудын оршин суугч орос хэлтэй ард түмнээ хамгаалах зорилготой гэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Оросын төлөөлөгч ийн мэдэгдсэн нь Украинаас салан тусгаарлахаа зарлаж Орост өргөх бичиг барьсан Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсуудын тусгаар тогтнолыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайны өмнөхөн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой нь мэдээж.

Путиныг ҮАБЗ-ийн хурлын мэдээллээ хүргэж олон цаг үг хэлэхдээ нүүр нь ихэд улайсан, ээрч муурсан, биеийн хэлэмжийн хувьд айхтар сандарсан, соёлт Европын хүн төрөлхтний эсрэг аймашиггүйгээр гэмт хэрэг үйлдэж буйгаа мэдэж байгаа, түүндээ шаналж зовсон царай нь илт байсан хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд бичиж байсан. Путины мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ нь Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчиж 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно” гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр Украинд дайны онц байдал зарласнаа дуулгаж ард түмэндээ “Бүү сандар, бид хүчтэй, бүх зүйлд бэлэн байна. Бид бүгдийг ялж дийлэх болно” хэмээн зоригтойгоор хэлсэн билээ. Дайны нөхцөл байдал хэрхэн өрнөж буйг монголчууд бид сайн мэдэж байгаа. Украины цэргийн байгууламжууд руу ОХУ пуужингаар цохилт өгч байгаа бичлэгүүд цацагдахтай зэрэгцэн “Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж бөмбөгдөж эхэллээ” хэмээн “Интерфакс Украин” мэдээлсэн. Мөн Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталж Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахуудыг хамгийн түрүүнд бөмбөгдсөнийг зарласан. Оросууд Украины нутаг дэвсгэр рүү эхлээд Одесоор буюу урдаас нь улмаар Донбасс, мөн Харьков, Беларусын зүгээс дөрвөн чиглэлээр дайрах стратеги төлөвлөгөөтэй байсныг, хамгийн гол нь үүр шөнөөр цэргийн бааз, зэвсгийн агуулах, цэргийн үйлдвэрлэлүүдэд пуужин болон агаарын цохилт өгч, мэдээллийн гол гол сүлжээнүүдийг нь устгасан гэцгээж байна. Энэ нь зэвсгийг нь устгаж дэлбэлээд, холбоо барих интернэт сүлжээг нь таслах стратегитэй байсныг судлаачид хэлж байна. Гэвч Оросын нэг хүний дэглэм ардчиллын амтыг авсан ард түмэн ямар зоригтой байдгийг тооцоолоогүй бололтой. Тэдний ихэнх дайралт бүтэлтэй болохгүй байна. Украины ард түмнийг ингэж эсэргүүцнэ гэж лав бодоогүй. Бас Орос улсад ч дайны эсрэг тэмцэж эхлээд байна. Мөн украинчууд ард түмэндээ зэвсэг тарааж өгч байгаа нь их зөв алхам болж байх шиг байна. Манай цэргийнхэн бодвол энэ дайныг анхааралтай ажиглаж байгаа биз. Яаж эсэргүүцэж болж байгааг.

Яагаад гэнэт тэр тоглоомын улсуудыг хүлээн зөвшөөрч тэднийгээ хамгаалан Украинд довтлох болоод явчив. Энэ нь Украин НАТО-д элсэх нь цаг хугацааны асуудал болсонтой холбоотой. НАТО Оросын зүүн хилд тулж ирэх нь аюултай гэж Путин ард түмнээ айлгасаар ирсэн. Үүнийгээ үнэн гэж батлан харуулахын тулд салан тусгаарлагчдыг өмөөрч хаацайлж байгаа нэрээр НАТО-д элсэхийн өмнөх Украиныг эзэлж тэр улсын дэглэмийг солихоор яаран дайн зарлав. “Хүн нь байхгүй бол асуудал нь бас байхгүй” гэж Оросын хуучны үг байдаг. Улсынх нь дэглэм солигдчихсон байвал НАТО гэсэн асуудал байхгүй болох юм. Путин Оросын ард иргэдэд хэлэхдээ “НАТО, АНУ болон барууны улсууд биднийг хуурсаар байна. Саналыг минь огт тоосонгүй. Тиймээс НҮБ-ын дүрмийн дагуу Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдвэрлэлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл биш. Бидний дэргэд ирчихээд байгаа НАТО-д өгч буй сануулга. Мөн төрийн эргэлтээр гарч ирсэн Украины одоогийн нацист төрд өгч байгаа цохилт” гэдгийг онцолсон. Оросоос АНУ руу дүрвэж гарсан аюулгүй байдал судлаач улстөрчид “ОХУ өмнө нь Вашингтон болон Брюсселийн уулзалтуудад Украины талаар саналаа маш тодорхой гаргаж байсан. Украин нь барууныхантай нийлж Орост цохилт өгөх галын шугам болно гэдгийг Путин тооцоолж байсан. Тиймээс НАТО-г цаашид дорно зүгт тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, тус улсын нутагт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг шаардаж байсан. Мөн Путин Гүрж, Украин хоёрыг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэх баталгаа өгөхийг шаарддаг”-ийг хэлдэг.

Путин Украиныг хэзээ ч Европын холбоо руу гонгинохгүй, хэзээ ч НАТО-г бараадахгүй, зөвхөн үүрд мөнхөд Оростойгоо нөхөрлөх өнөөгийн Беларусь шиг байхыг хүсээд байгаа. Хэрвээ украинчуудыг Беларусь шиг атгандаа оруулж чадвал “Бид ийм хүчтэй шүү” гэдгээ НАТО-д харуулж буй сануулга гэж ойлгож болно. Мөн ардчилал гэж донгосдог барууны ертөнц бас бус манайх шиг орнуудад хатуу сануулга өгч “Ийм юм байдаггүй юм” гэж харуулах гэж байгаа хэрэг. Дайн хийж буйн гол зорилго нь ч үүнд оршиж байгаа. Украин бол ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт нэгт ордог, титаны хүдрийн нөөцөөр хоёрт эрэмбэлэгддэг, марганцын хүдрийн хайгуулын нөөцөөр дэлхийн 12 хувийг эзэлдэг. Төмрийн хүдрийн хоёр дахь том нөөцийг эзэмшдэг, мөнгөн усны хүдрийн нөөцөөр Европт хоёрт ордог гээд үйлдвэрлэлийн асар их нөөцтэй энэ орныг Москвагийн мэдэлд авахыг эзэрхийлж оросууд улайран дайрцгааж байна. Дайны хөшигний цаадахыг харахад иймэрхүү дүр зураг анзаарагдаж байна. Үүний цаана хамгийн аюултай нэг зүйл бий. Учир нь энэ дайн дэлхийн улс орнуудад маш аюултай харгис жишиг тогтоолоо. Үүнийг олон улс судлаачид “ОХУ-ын үйлдэл нь “presedent” буюу уруу татах муу жишиг тогтоож байна” гэж хэлж байгаа. Үндсэндээ Путин украинчуудыг дотор нь хагалан бутаргаж салан тусгаарлах улсаас нь өргөх бичиг аваад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, улс хоорондын дунд мөргөлдөөн үүсгэнэ гэдэг байж боломгүй зүйл.

Яг үүн шиг манай урд хөрш Хятад хамгийн түрүүнд Тайвань руугаа ухасхийхэд яах ч үгүй юм байна гэж ойлгоно. Мөн Казахстан улс Баян-Өлгийн казах иргэн гэсэн хэдэн хүнээс өргөх бичиг авч тусгаар тогтносон улс болохыг нь хүлээн зөвшөөрвөл яах вэ. Тэгээд зогсохгүй Энэтхэг Пакистаны асуудал байна. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага дор Энэтхэгийн хэсэг байсан. Дээр нь Энэтхэг, Пакистан хоёр улс Энэтхэгийн захиргаан дахь Кашмирыг хуваан эзэмшдэг. Энэтхэг Кашмирын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд мөн л Пакистаны хооронд дайн тулаан үүснэ. Арабууд уйгаруудыг мөн дотроос нь Донецк, Луганск шиг бичи өргүүлээд Хятадын эсрэг босгох гээд хүн төрөлхтөн ээлж дараагүй дайн самуунтай болох ийм л тамын замыг оросууд тавьчихлаа.

Тэгэхээр хүн төрөлхтөн одоо хүчирхийллийг зөвтгөсөн, хүчтэйгийнх нь өмнө хүчгүй нь буруудсан, ядарсан орнуудаа дээрэлхсэн ийм дарангуйллын системийг огтоос буруушаах хэрэгтэй. Өнөө маргаашдаа Украин Оросыг ялах эсэх нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан оросууд дайн үүсгэснийг бид буруушаах ёстой. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр манайхан дайны тухай сэтгэлийн хөөрлөөр бичиж, орос ах нар минь хэмээн эвий халаг болж байгаа нь гутамшигтай.

Яг жинхэнэдээ монголчуудын хажууд Украин, Орос хоёр бол ах дүүс мөн. Тийм байтал бид эндээс орос ах гэж хийрхэх нь арай хэтэрсэн тэнэглэл болно. Харин оросуудад буруу гэдгийг нь хэлэх ёстой. Тэд тоохгүй л байх. Гэхдээ бид буруу гэдгийг нь ойлгуулж, дайныг эсэргүүцэж байгаа орнуудтай дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Барууны орнууд бүгд Оросын эсрэг байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Бадейн “Их долоо”-той Оросын асуудлыг хэлэлцэн цэргийн хүчний үндэслэлгүй халдлагыг буруутган “дэлхий нийт Орост хариуцлага тооцно” гэдгийг хатуу мэдэгдсэн. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бадейны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Орос дэлхийн эдийн засгийн хоригт орж, дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс хасагдлаа. Энэ нь цаашид тухайн улс, эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ганхах аюултай гэсэн үг.

Энэ бүхнийг монголчууд ойлгож ухаарч, улс орны бодлогыг нуруутай нухацтай хардаг баймаар байна. Орос ах гэж далдганадгаа одоо болих хэрэгтэй. Гэхдээ хуучин нөхрийн үүднээс Орост бурууг нь буруу гэж хэлдэг, ядарч зүдэрвэл чадлаараа дэм болж явдаг байх ёстой. Сүүлд нь хэлэхэд, дэлхийд тахал ч гарлаа, дайн ч гарлаа. Монголчууд бид бусдыг аялдан дагалдсан өөрийн толгойгүй хүн шиг гэнэн тэнэг байдгаа больж, аливаад хэрсүү ухаантай хандах цаг иржээ. Украиныг дэлхий яагаад дэмжээд байна вэ, яагаад гэвэл ардчилсан улс болохоор дэлхий нийт дэмжиж байна. Тэгэхлээр ардчилал манай тусгаар тогтнолын баталгаа гэж дэмий ч нэг ярьдаггүй байгаа биз.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид мухар сүсгийн балчигт живж байна

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган зайрангууд уулзсан тухай мэдээлэл цахимаар явсан. Тэр тухай Аргалдай улаач гээч “Монголын бөөгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиолоо,тэнгэр шүтлэгтэй бүх хүмүүсийг төрийн тэргүүн хүлээж авлаа” гэж бичсэн байсан. Ерөнхийлөгч тэдэнтэй яг уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ цахимаар цацагдсан зураг хөрөг бүхий уг мэдээллийг үгүйсгэж сүйд болоогүй. Мөн өмнө нь лам хуврагуудын төлөөлөлтэй уулзсан гэх яриа бас бий. Төр нь шашнаа хүндэтгэх ёстой гэдэг хэдий ч бөө удган улаач гэх нөхдийг төрийн дээд хэмжээнд хүлээн авч хүндэтгэнэ гэдэг Монголын төр мухар сүсгийн балчигт живж байгаагийн илрэл. Ер нь сүүлийн үед монголчууд бид мухар сүсгийн балайралд арай хэтэрхий автсан. Үүнийг төр засгийг удирдаж байгаа дээдсүүд бүр их дөгөөж ард түмнээ улам мунхруулах зам руу нь оруулах болсон. Тухайлбал, Монгол төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгч нар Багабанди, Энхбаяр…өөр хэн байна, ер нь бүгд орно. Ард олонд өөрийн биеэр үлгэрлэж хуучны хутагт хувилгаадын үеийн феодалууд шиг хувцаслан сүм хийдэд мөргөөд, уул овоо тахиад, ёстой нөгөө улаан шарыг намируулан хавтгайрсан үзээрийн муухай юм болдог байсан.

Засаг төрийг удирдагчдын энэ мунхралыг дуурайгаад ард түмэн нийтээрээ мухар сүсэгтэй, харанхуй бүдүүлэг болж байна. Аливааг эрүүл саруул ухаанаар, хамгийн гол нь шинжлэх ухааны үүднээс харж сэтгэхээ больсон нь харамсалтай. Монголын нийгмийг, иргэд олныг ингэж тэнэг бүдүүлэг, боловсролгүй мухар сүсэгтэн байлгах нь дарга сайдуудад хэрэг болдог шиг байгаа юм. Үндсэндээ улс орныг удирдахад их амар байдаг бололтой. Олон түмэнд онцгой үеийг нь харж мэдэрч байгаад сүсэг бишрэлийн ёстой голыг нь гогдсон ганц үг хэлэхэд бүгд амаа таглуулаад наманчилж мөргөөд унана. Сүүлийн үед манайхны цахим хэрэглээ замбараагаа алдсан. Үүн дээр мухар сүсгийн балайрал хэрээс хэтэрсэн. Ганцхан жишээ хэлэхэд, 33-ны мөчлөг нь орж байгаа хүн ээж дээрээ очиж чармай нүцгэнээр өлгийдүүлж, ээжийнхээ мөөмийг хөхвөл сайн гээд хэн ч юм, бодоход нэг лам нь айлдчихаж. Үүнийг бараг 33 хүрч буй толгойтой бүхэн хэрэгжүүлж, сахалтай хар юмнууд, айлын авгай болсон хүүхнүүд ээжийнхээ мөөмийг хөхөөд нүцгэн шалдан хэвтэж байгаа бөөлжис хүрмээр зураг баахан явлаа. Энэ мэт бараг өдөр бүр шинжлэх ухааныг үгүйсгэсэн, өнөө бурхнаар бөөлждөг хүүхэн гэдэг шиг монголчуудын тэнэгэрч гүйцсэн бичлэг, постууд фэйсбүүкээр шуурч байгаа нь гунигтай.

Төрийнхөө тэргүүнээс аваад сайд дарга сэтэртэй бүхэн нь нэг нэг даасан лам, бөөтэй. Тэдгээр лам багш нар нь Төвөд, Балбад байдаг. Тийшээ байнга явж өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг даатгадаг. Хэдэн зуун саяар нь мөнгө төгрөг, алт эрдэнэс байгаа бүхнээ барьдаг. Эгэл жирийн ардууд нь Сар шинийн өдрүүдэд Хийморийн овооноос аваад Шилийн Богд, Бурхан Халдун хүртэл явж мөн л өөрийгөө болоод гэр бүл, аав, ээжийнхээ амь насыг даатган шинжлэх ухаанд бус сүсэг бишрэлдээ итгэл үнэмшлэлээ өгөхөөр энэ улс орон чинь яаж хөгжих юм бэ. Ажил хийхгүй, зүгээр л лам, бөө, удганы хэлснээр “Нэг л өдөр баяжина” гээд тэнгэр хараад хэвтээд байхаар ард түмний амьдрал яаж өөдлөн дэвжих юм бэ. Монголчуудын энэ мунхрал өөрсдийг нь яг Төвөд шиг болгож байна. Төвөдүүд хаа холоос ууландаа мөргөж, бурхан шашиндаа залбирч мөлхөж мөлхөөгөөрөө очдог айхавтар сүсэг бишрэлтэй хүмүүс. Гэтэл өнөөдөр төвөдүүдийн амьдрал, бурхан шүтээнийг дээдэлсэн балбуудын амьдрал ямар байгаа билээ. Үгээгүй ядуу гуйлгачин, мунхрал хоосролын туйл болж зовлон зүдгүүртэй, хэцүү хахир амьдарч байгаа. Манай дарга нарын өргөл барьцаа бариад залбирсаар очдог Балбын төв талбайд иргэд нь өлбөрөөд хэвтэж байгаа, үхэхийг нь хүлээгээд нохой тойроод сууж байгааг харсан хүмүүс сэжиглэн ярьцгаадаг. “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж Марксын хэлсэн үг бий. Зарим нь Маркс яг ч хар тамхи гэж хэлээгүй гэдэг. Хар тамхи шиг нөлөөлж байна гэсэн гэдэг. Ямартаа ч шашин ард түмнийг мунхруулж байгаа нь үнэн. Шашин дотроо мухар сүсэг бүр тэнэгрэл балайрлын туйл болгосон. “Шашин бол мухар сүсэг биш. Мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй” гэж Далай лам хэлдэг. Сүүлд Монголд ирээд буцахдаа ч хэлж байсан. Тэрээр “Шашин шинжлэх ухаан нэгддэг тал бас бий. Хэрэвзээ зөрчилдөх тохиолдолд шинжлэх ухааныг нь дагах нь зөв” гэж айлдсан.

Энэ олон шашин, мухар сүсэг, лам, бөө, авралын бурхан бид нарын бодож байсан шиг ид шидтэй хүний амь биеийг аварч хамгаалдаг зүйл огтоос биш гэдгийг ковидын цар тахал хүн төрөлхтөнд бататгаж харууллаа. Шинжлэх ухаан л цар тахлаас биднийг аварч байна. Түүнээс бурханы шашин, христ, лал гээд энэ олон шашин, за тэгээд бөө, удган хэдэн зуун саяараа байлаа ч нэг хүний амь аварсангүй. Бурхан шашин сүсэг бишрэлийн орон төвөд, балбууд ямар байгааг дээр өгүүлсэн.

Тэгвэл лалын шашны гол орон Сири, Ливи ямар байгаа билээ. Дайны талбар, ард түмэн нь дүрвэж зугтсан энэ дэлхийн хамгийн аймшигт аллага, хядлагын үүр уурхай, тамын орон болсон. Энэ бүхэн эцэстээ ямар ч шашин сүсэг бишрэл улс орныг авардаггүй гэдгийн нотолгоо болж байна. Гагцхүү шинжлэх ухаан, эрүүл оюун ухаан улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь шүү гэдэг тодорхой харагдаж байна. Монголчууд бид шинжлэх ухааныг дээдэлж, шинэ сэтгэлгээ, өндөр боловсролыг дээдэлж гэмээнэ хөгжиж дэвшинэ. Түүнээс дунд сургуулийн боловсрол эзэмшээгүй, физик математикийн шинжлэх ухааны А ч үгүй лам дээлтэй хүүд итгэж амьдрал, хувь заяагаа даатгана гэдэг арай дэндсэн асуудал. Бөө, удганы тухайд юу ярихав дээ, үнэндээ.

“Таныг хүн уурлуулж болно, тэр бол тухайн хүний асуудал. Харин уурлах эсэх нь таны өөрийн хэрэг. Энэ утгаараа шашин бол хүний сэтгэл засах зүйл” гэж шашны сүүлийн үеийн залуу зүтгэлтнүүд хэлж буй нь өөр сонсогдох болсон. Аливаа зүйлийг хорьж цагдах тусам хүн илүү дурладаг. Түүн шиг хуучин нийгмийн үед хориотой байсан шашин ерээд оны эхээр дэлгэрч зах замбараагаа алдсан. Монгол Улс сүүлийн 30 гаруй жил яагаад хөгжиж дэвшихгүй, бид ядуу гуйлгачин байгааг судлаачид мухар сүсэг шашинтай холбодог. Улс орны үнэт капитал мөнгө, алт эрдэнэс бүгдийг Балба Төвөд рүү төрийн удирдаж байгаа нөхдүүд зогсоо зайгүй зөөчихөөр бид юугаар бүтээн байгуулалт хийх юм бэ гэсэн асуулт тавигддаг. “Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйл 2500 орчим жил үргэлжилжээ. Эцэс сүүлдээ мухар сүсгийг төөрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл барьц авах залилан, луйвар болж төрөл арилжсан”-ыг Д.Чулуунжав доктор бичсэн. “Хүн оюун санааны эрсдэл буюу оюуны ядууралд өртөхөөр мухар сүсэгт автдаг. Мухар сүсэг шашинтай холбогдоод ирэхээр хүмүүс бурхан гэх хий хоосон зүйлд итгэдэг. Тэгээд амьдралдаа тулгарах олон саад бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бөө лам үзмэрчид ханддаг. Нийгэм соён гэгээрч, мэдлэгжих, шинжлэх ухаанжих тусам мухар сүсэг аяндаа хумигдана” гэж философийн ухааны доктор Б.Галиндэв хэлсэн.

Өнөөдөр ялангуяа залуучуудын ихэнх нь мухар сүсэгт итгэж байгаа нь эмгэнэл. Хийхээр зорьж буй ажлаа лам, бөөгөөс асуудаг, цээрээ гаргуулна гэдэг. Зүг мөр гаргах, үхсэн хүнээс айх, хурим, оршуулгатай таарвал сайн муу гэж бодох, хүний идээ ундаанаас цэрвэхээс аваад алхам тутамдаа сүсэг бишрэл. Ийм зориггүй мохоо, өөртөө итгэлгүй, мухар сүсэгт автсан залуу үе гарч ирж, бүтээн байгуулалт, техник технологи, хиймэл оюун ухаан, одон орон, сансар судлал, гео физик гэхээсээ илүү уул овоондоо архи, сүү өргөхийг чухалчилдаг, сүрэг сүргээрээ Бурхан халдун, Шилийн богдын орой дээр гараад үхэр шиг мөөрөлдөөд байхаар улс орон яаж урагшлах вэ. Монголын залуучуудын нүүр толь болсон Залуучуудын холбооны удирдлагууд бүгд үсээ ургуулж, монгол дээл хувцас өмсч, холбооны ерөнхийлөгч нь бараг л бөө удгануудаар зөвлөхөө хийлгэж байсан удаатай. Дэлхий сөнөнө гэдэгт итгээд лагер руугаа лаатай явсан учрал Учрал гэж залуу УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод сууж байгааг юу гэх үү. Монголчууд минь Балба, Төвөд шиг болох гээгүй юм бол одоо мухар сүсгийн балчиг намагнаасаа салмаар байна. Сүсэг бишрэлтэй холбоотой бүх зүйлийг тас хориглох хэрэгтэй байна. Улс орныг удирдаж байгаа сайд дарга нар үүнд онцгой анхаарах цаг нь болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч та улс үндэстний хэмжээнд бодлого боловсруулж ард түмэндээ уриалга гаргамаар байна. Шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний асуудал мөн ч мухар сүсгийн балайрлаас бид ангижрах хэрэгтэй байна.

Эцэстээ төр түмэнтэйгээ мунхарч гүйцлээ. Хэдэн жилийн өмнө Боловсролын сайд байсан хүн Дорноговь аймгийг удирдаж байхдаа сумдынхаа удирдлагуудыг цуглуулж, хөдөө хээр ууланд хонины ноос зулж дэвсээд, гал түлж түүн дээгүүр дарга нараа харайлган барцадыг нь арилгасан гэх ичиж үхмээр юм дуулдаж байсан. Мөн манай батлан хамгаалах салбар, хууль хүчнийхэн цэргийн гэгээнтэн гэх ламыг дээдэлж шүтэж байгаа бичлэг цахимаар явж, Нямаагийн Энхболд БХЯ-ны сайдын хувьд “яасан ийсэн гэгээнтэн гараад ирэв ээ, тийм юм байх ёсгүй” гэж олны дэвэргээнийг дарж байсан. Энэ бүхнээ одоо больё. Хүн төрөлхтний шившиг болж гүйцлээ. Дэлхий даяар аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлж, робот хиймэл оюун ухаан ярьж байхад бид XIII зуун шигээ харанхуй бүдүүлэг байж болохгүй. Уйгаржин монгол бичиг ч мухар сүсгийн нэг том хэлбэр.

Дэлхийн шинжлэх ухаанаас монголчуудыг тасалж хөмөрсөн тогоон дотор нь байлгах бодлого. Төрийн гурван өндөрлөг үүнд анхаарах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” гэж яригдаж байсан. Тэрхүү хуулиа эргэн харж түүнээ хэрэгжүүлж улс орноороо мөрдөх цаг нь болжээ. Төр засгийн хэмжээнд ингэж реформ хийхгүй бол монголчууд бид дэлхийн хамгийн бөглүү хоцрогдсон бүдүүлэг ард түмэн болж гүйцэх нь. Хоёр талд хоёр их гүрэн ч байдаг юм байгаа. Гуравдагч ертөнцөөс улам ч таслагдаад байдаг болсныг хэлэх үү. Санаатай болон санамсаргүйгээр монголчуудыг улам л өнгөрсөн баларсан түүх рүү нь түлхэж хуучны юм гэсэн болгоныг дөгөөдөж байдаг бүлэг давхарга ч бий болсон юм байгаа. Түүнийгээ түгээдэг мэдээллийн платформ нь ч бэлэн болсон юм байгаа. Хэдүүлээ жаахан хэрсүү ухаантай байх цаг болжээ. Алийн болгон нүдээ боолгосон нялх гөлөг шиг байхав дээ.

Categories
мэдээ нийгэм

“Сүнзийн дайтахуйн ухаан”

“Сүнзийн дайтахуйн ухаан” зохиол эдүгээгээс 2500 орчим жилийн өмнө зохиогдсон судар аж. Эртний Хятадын Хавар Намар улсын үе хэмээгч нь НОТ-ын өмнөх 770-476 оны үед олон ханлиг улсууд хүчтэй нь хүчгүйгээ ээлжлэн мөхөөсөн он жилүүдийн үед бичигдсэн зохиол. Энэ номыг тэр үеийн аугаа их цэргийн зүтгэлтэн, их сэтгэгч Сүн Ү туурвижээ. Жинхэнэ нэрийг нь Сүн Чин гэх агаад хожмын хүмүүс Сүнз хэмээн хүндлэн дууудсанаар дэлхий дахинаа Сүнз хэмээх нэрээр алдаршсан байна. Яг тэр Хавар Намарын улсын үед Хятадын их сэтгэгч Күнз мөн төрсөн байдаг. Энэ хоёр их хүмүүн нэг цаг үед төрж, туурвиж сэтгэж байсан сод ухаантнууд ажээ. Сүнз хориодхон насандаа цэцэг ногоо тарин олны хөлөөс дайжин суухдаа цэрэг дайны судар ном уншин судалж хожмын алдарт бүтээлээ туурвин аятай цагийг хүлээн суужээ. Түүнийг нэгэн цэргийн зүтгэлтэн эрдэм чадлыг таньж хаандаа өргөн мэдүүлжээ. Хаан удтал цааргалсны эцэст түүнийг хүлээн авч Сүнз ч алдарт “Дайтахуйн ухаан” номоо өргөн барьж, энэ сод бүтээл мөнхрөн үлджээ. Сүнз ч хаанд тоогдон алдарт жанжин болж цэрэг дайны гарамгай гавьяа байгуулан ихэд мандаж явсан байна. Түүний номыг 13 бүлэгт ном гэж нэрлэдэг. “Дайтахуйн эрхэм чухаг нь даруй үтэр ялахуйд оршмуй, Дайталгүйгээр дайснаа дагаар оруулахуй болбоос сэцэн мэргэний чанад” гэх зэргээр сургадаг. Дайтахуйн өмнө дайснаа мөхөөж чадна хэмээн шинжвээс тулаанд ялахуй төгс бүрэлдэх, мөхөөж чадахгүй хэмээн шинжих нь ялахуй төгс бүрэлдээгүйн шинж,сайтар шинжих аваас ялахуй бүрэлдэнэ. Сайтар эс шинжих аваас яаж ялах билээ. Дайтахуйд үтэр ялахыг хичээх, сунжрах аваас цэрэг ядрах, хүнс хомсдох зардал сүйтгэл ихсэх, ард иргэд ядрах татвар ихэсч хүнс үнэд орох зэрэг аюултай. Тэгэхээр дайсны хүнс будааг булаах эд хэрэгслийг тэднээс олзлох зэргийг шамдах, дайсны нэг жин будаа өөрийн хорин жин амуу будаа лугаа тэнцмүй гэж сургажээ. Дайсан улсуудыг дагаар оруулах бол дээд мэргэн буюу, улс гүрнүүдийг уулгалан мөхөөх нь удаахь зэрэг буюу хэмээжээ. Дайсны зуутыг дагаар оруулах нь дээд ухаан, дайсны зуутыг хядах нь дараах зэрэг буюу. Гарамгай хүмүүн бол дайснаа дагаар оруулахаас бус, дайран эс довтолъюу, хот балгадыг эзлэн авахаас бус эвдэн эс сүйтгэюү, дайсан улсыг даран мөхөөхөөс бус удтал сунжран эс дайтъюу. Тэнгэрийн дор төгс ялах арга ухааныг сэтгэвээс цэрэг дайчдаа эс алдах агаад чухамхүү төгс ялалтыг олъюу, энэ бол довтлохуйн ухаан бөлгөө. Дайснаасаа арав дахин хүчтэй бол бүслэн хаагтун, тав дахин их хүчтэй бол турхиран довтлогтун, хоёр дахин их хүчтэй бол хагаралдуулан бутаргахыг хичээгтүн, хүч тэнцүү бол хүчлэн тэмцэлдэж дийлэхийг бодогтун, хүч дутуу ахул дутаан одогтун, хүчээр их дутуу бол хүчлэн тулалдахаас бултагтун, хүчээр дутуу цэрэг хатгалдан тулалдвал хүчирхэг дайсны олз болно. Их хаан их цэргийн хэрэг явдалд хор болохуй нь гурав буй. Давшиж болохгүй атал үл мэдэн хүчээр давш гэж зарлигдах, ухарч үл болох байтал түүнийг үл мэдэн ухрахыг адангалан зарлигдахуй, үүнийг их цэргийг үхэтгэн боомилохуй гэнэ. Цэргийн дотоод хэрэг явдлыг эс ухааран хамаг хэргийг засахуйд хавирганаас оролцвоос жанжин сайд хийгээд цэргүүд төөрөлдмүй. Эрх хэргэмийг эс ухааран цэргийг засахуйд цуг оролцвоос жанжин сайд хийгээд цэргүүд эргэлзмүй. Их цэрэг өчүүхэн төдийд эргэлзэхэд дайсан улс өчүүхэн сиймхийгээр завдан өрөвхийн довтлох аюултай.

Өөрийн бие хийгээд өстөн дайснаа мэдэж байваас хэдүй зуунтаа дайтавч хэзээд эс ялагдмой. Өстөн дайснаа эс мэдэж, өөрийн биеийг мэдэх аваас ялахуй байвчиг ялагдахуй бас буй, өстөн дайснаа эс мэдэж өөрийн биеийг ч эс мэдэх аваас дайтах бүрийдээ ялагдмуй гэх зэргээр сургажээ. Та энэ номыг олоод нэг уншаарай, энэ зөвхөн дайн байлдаанд ч биш, хүмүүний хэрэгт ихээхэн тустай ном юм.

Америк Ирантай дайтахдаа бүх цэргүүддээ энэ номыг хэвлэж өгсөн гээд бодохоор ямар ном гэдэг нь илт юм. Бодвол манай цэргүүд ч уншиж судалж байдаг буй за. Дээр үеийн армид л лав энэ тухай юу ч мэддэггүй байсан юмдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Цагааны Хэнмэдэх: Манай улс худалдааны яамгүй, олон улсын худалдааны хуульгүйн улмаас өнөөдөр тамд унаж байна

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Цагааны Хэнмэдэхтэй ярилцлаа. Тэрээр төв бараа баазын үндэс суурийг тавилцаж, гадаад худалдааны чиглэлээр эх орноо төлөөлөн Москвад ажиллаж байсан нэгэн. Үндсэндээ гадаад худалдааны яам, дотоод худалдааны яаманд ажиллаж байсан, Монголын худалдааг мэдэх цөөхөн хүмүүсийн нэг.


-Хэнмэдэх гуай, тантай гадаад дотоод худалдааны хуулийн талаар ярилцах гэсэн юм. Манай улс худалдааны нэгдсэн хуульгүйг та шүүмжилдэг. Ийм хуульгүй учир хоёр хөрш маань дуртай цагтаа хилээ хааж биднээр даажигнаад байх шиг. Тусгаар улсын хамгийн гол юм худалдааны хууль, худалдааны яамтай байх хэрэгтэй гэдэг?

-Хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш өнөөг хүртэл худалдаа арилжаа хүний болоод нийгмийн амьдралын амин сүнс нь болсоор ирсэн. Худалдаагүйгээр хөгжсөн, худалдаагүйгээр нийгмийн харилцаагаа зохицуулсан нэг ч орон энэ дэлхий дээр байхгүй. Улс орны хөгжил дэвшлийн амин чухал зүйл болсон худалдааг харин манай улс задгай тавьчихсан нь харамсалтай.

Дэлхийн 200 шахам орны 40-өөд нь худалдааны бие даасан яамтай, 80 орчим нь худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Худалдаа гэдэг чинь тив хоорондын мөн хэд хэдэн тивийг нийлүүлсэн, улс хоорондын хөрш орнуудын гэсэн өргөн сүлжээгээр нэгдсэн бодлогоор явагддаг. Худалдааг ингэж явуулахын тулд зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү бүгд хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй. Энэ бүхэн манайд цэгцэрч өгөөгүйн улмаас бид өнөөдөр тамд унаж байна. Монголд худалдаанаас бусад салбар хууль журамтай, сүрхий цэгцтэй бодлоготой харагдах юм.

Худалдааг болохоор төвөгтэй, нарийн чимхлүүр, жижиг асуудал нь том болж, том асуудал нь жижгэрч харагддаг учир зүрхшээгээд орж чадахгүй байна уу даа. Түүнээс гадаад дотоодын худалдааны хуультай, бие даасан яамтай байхыг эрхбиш улс орныг удирдаж байгаа хүмүүс мэдмээр юм. Хятад улс худалдааны яамтай, Орос болохоор худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Түүндээ хамтарч уялдуулсан хууль зүйн зохицуулалттай байна. Гэтэл Монгол яаж байна, яам ч үгүй, хууль ч үгүй байна. Хоёр хөрштэйгөө стратегийн түншийн харилцаатай гээд байгаа.

-Их л сүрхий харилцаатай юм ярьдаг ч өнөөгийн байж байгаа царай ийм л байна?

-Наад стратегийн түншийн харилцаа гэдэг чинь зүгээр дипломатын бодлого л байхгүй юу. Улс орнуудын болон тив дэлхий, хоёр улс хоорондын олон улсын худалдааны хууль эрх зүйн бичиг баримт хамгийн чухал. Тэрхүү бичиг баримтад Хятад, Монголын худалдааны хэлэлцээр 5 юм уу 10 жилээр гээд хөдөлшгүй заалттай байдаг. Орос, Япон зэрэг бусад орнуудтай яг ийм маягаар олон улсын худалдааны хэлэлцээр байгуулах учиртай. Европын холбооны улсуудтай бас л ийм хөдөлшгүй гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Европын холбоотой ноолууран эдлэл тарифын хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэсэн инээдтэй гэрээ маягийн юм байдаг. Улс хоорондын, тив хоорондын худалдааны ийм хэлэлцээр байхгүй учир монголчууд бид ямар өрөвдмөөр байдалтай байна вэ. Хятад хилээ хаалаа гэнэ, хэзээ нээх нь тодорхойгүй. Орос бензин шатахуун өгөхгүй, нефть тасарлаа л гэнэ. Худалдааны хэлэлцээр байхгүй юм чинь ямар ч улс дарамт шахалт үзүүлэхээ бодно. Үндсэндээ хилийн боомилолт үзүүлэхээ бодно. Нефтийн талаар ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр гэж байна уу. Түүнээс хоёр улсын яамны хооронд юмуу, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хэлэлцээр чухал биш. Энэ бол хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн зарчмыг хадгалж чадахгүй. Улс орныг төлөөлсөн бичиг баримт болж чадахгүй.

-Тяньжин дээр бүх бараа гацлаа, хил хаагдлаа бид яах юм бэ гээд монголчууд хий дэмий орилолдож сууна. Хэрвээ худалдааны хууль хэлэлцээртэй бол Хятад хилийн асуудал дээр хариуцлага хүлээх үү?

-Хятадаар ихэнх бараа дамжин өнгөрч байгаа. Мэдээж цаанаас ачуулсан газар, улс орнууд Хятадтай олон улсын гэрээ хэлэлцээртэй байгаа. Яг энэ зарчмаар манайх цаад орнуудтай нь гэрээ хэлэлцээ байгуулаад, тухайлбал, Европын баруун зах Амстердамаас бараа ачууллаа гэж бодоход ямар тарифаар, ямар хугацаанд, ямар тээврийн хэрэгслээр явуулах гэдгээ бүр нарийн заана. Эрсдэл гарвал яах уу, аюулгүй ажиллагаагаа хэрхэн яаж хамгаалсан, даатгалыг нь хэн хариуцах гээд хууль эрх зүйн олон заалт бий. Манай улс ийм хууль зүйн заалтгүй, гэрээ хэлэлцээ гэж байхгүй учир үргэлж өөдөөсөө нулимуулдаг. Хэрвээ олон улсын худалдааны хуультай, түүнээ ягштал баримтлаад явдаг байсан бол манай ийм төрлийн бараа Тяньжин дээр 15 хоног саатсан байна. Тав хоног саатах байтал 10 хоног илүү саатсан байна, гэрээ хэлэлцээрийн дагуу хариуцлагыг та бүхэн хүлээнэ гээд сууж байхгүй юу. Гэвч тийм хууль эрх зүйн боломжгүй байна. Өнөөдөр бид бараа худалдааныхаа ихэнхийг Хятадаас авч байна. Тиймээс Хятадтай Монголын хуульд бүрэн захирагдах хууль эрх зүйн үндэс бүхий бичиг баримтын хэлэлцээртэй байх хэрэгтэй. Энэ бол эн тэргүүний асуудал болсон. Манай нэг компани Хятадын компаниас хуурай сүү болоод, энэ чигийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авдаг байя гэж бодъё. Мэдээж хоёр улсын компани хоорондын гэрээ хэлэлцээр гэж бий. Энэхүү гэрээ нь Монголын хуульд бүрэн нийцэж байна уу гэдгийг анхаарах нь чухал. Ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ гэдгээ дандаа бодох хэрэгтэй. Гэвч өнөөдөр энгийн хэрэглээний бүтээгдэхүүний гэрээ байтугай улс хоорондын стратегийн бүтээгдэхүүний гэрээ гэж байхгүй байна ш дээ. Түүний илрэл Оросоос авч байгаа нефтийн асуудал дээр айхавтар мэдрэгдэх юм. Стратегийн бүтээгдэхүүний гэрээ бол зайлшгүй төр засгийн хэмжээнд хийгдэж нийлүүлэх хугацаатай, он сартай, аюулгүй байдлын баталгаатай байх ёстой.

-Өнгөрсөн жилийн хавар Худалдаа бэлтгэлийн яамны сайд байсан Б.Шаравсамбуу гуай та хэд төрийн гурван өндөрлөгт хандсан захидал бичиж байсан санагдана. Та хэдийн үгийг хүлээж авсангүй юу. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хэр холбоотой байна вэ?

-Тийм ээ, төрийн гурван өндөрлөгт захидал бичсэн. Монголын худалдаа эзэнгүйдлээ. Гадаад дотоод худалдаа, импорт, экспорт аль аль нь эзэнгүйдлээ. Үүнийг хянадаг, зохицуулдаг төрийн бодлого алга байна аа. Энэ бүхнийг хийхийн тулд бие даасан яамтай байх хэрэгтэй. Яагаад гадаад дотоод худалдааны яам байгаа юм бэ. Мөн худалдааны хуультай болмоор байна. Олон улсын худалдааны хуультай болж дэлхийтэй хөл нийлүүлж алхахгүй бол энэ улс орон чинь сүйрлээ. Яагаад Монголын төр хамгийн чухал зүйл болох худалдааг эзэнгүй орхив. Худалдаа үйлдвэрлэл гэдэг улс орны амин чухал асуудал мөн. Нэн даруй хуультай болмоор байна гэсэн захидал бичсэн. Өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүйг бид бүхэн харж байна. Тэр үед даруйхан худалдааны яам байгуулаад, за яам байгуулдаггүй юм аа гэхэд хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийгээд бие даасан хуультай болсон бол өнөөдөр бидний амьдрал ийм байхгүй. Олон улсын хууль гэрээ хэлэлцээгээ яриад түс тас сууж байх байсан. Худалдааны яамтай байх тухай сүүлийн гурван жил ярилаа. Ер нь тэгээд өнөөдөр худалдаа гэдгийг үндэс сууриар нь мэдэх, хуучны кадрууд цөөрсөн байна. Гадаад худалдааны яамныхан бүгд өнгөрсөн. Амьд сэрүүн хүн ховор дуулдах юм. Дотоод худалдааныхнаас цөөн хүн байгаа байх. Монголд худалдааны байгууллага үүссэний 100 жилтэй холбогдуулж Б.Шаравсамбуу түүхчилсэн ном бичиж байгаа гэсэн. Нарийн ширийн юмыг мэдэх хүн ховор болжээ гээд хааяа над руу ярьдаг юм. Хамгийн гол юман дээр хүн байхгүй, байгаа хүнээ улс нь тоохгүй. Ийм л байна. Би энэ үгийг гомдоллосон маягаар хэлж байгаа юм биш. Улс орны хувь заяаг бодсондоо хэлж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим ердийн олон нийтийн байгууллага. Үйлдвэрчний төв зөвлөл, залуучуудын байгууллага гэдэгтээ ижил олон нийтийн байгууллагын статусаар л явж байгаа. Өөр давуу юм байхгүй. Харин сүүлийн үед төр засагтай л эн чацуу ажилладаг газар болсон юм уу даа.

-Тэр нь буруу юу?

-Буруу ч гэж юу байхав. Хамгийн гол нь худалдааны танхимаар худалдаа экспорт, импорт хийлгэж болохгүй л дээ. Улс гүрнүүдийн худалдаа, аж үйлдвэрийн танхимтай нягт холбоотой, уялдаатай сайн л ажиллахыг шаардах хэрэгтэй. Гол нь манай төр засгийнхан худалдааны танхимтай хамтарч ажилласан нэрээр худлаа хөөргөөд байх шиг. Сүүлийн үеийн хууль тогтоомжуудыг, мөн төр засгийн бодлого чиглэлийг харахад ингэж санагдаж байна. Импорт, экспортыг эзэнтэй болгохгүй бол монголчуудад мэдэгдэхгүй асар их капитал гадагшаа урсч байна. Дандаа валютаар хөрвүүлж авч байгаа. Хувь хүн болоод албан байгууллага төгрөгт хөрвүүлээд асар их валютаа гадагшаа алдаж байна. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс байхгүй, үнээ мэддэггүй, өртөг зардлаа тооцдоггүйн улмаас алдагдал гарч байна. Мөн үүнээ дагаад асар их мөнгө хувь хүний халаасанд эргэлдэж байна.

Энэ бүхэн цаашлаад авлигын үндэс суурь болдог гэмтэй. Энэ тал дээр ямар ч хамгаалалт зохицуулалт алга. Дээрээс нь Монголд худалдаа хийхэд ямар их дарамт байна вэ. Төр засгийн бодлого уялдаа байхгүй учир жирийн худалдаачдыг татвараар дарамтална, хяналт шалгалт нэрээр дарамтална. Байр орон сууцных нь ариун цэврээр дарамтална. Үүний нөгөө талд худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлага байхгүй учир барааныхаа үнийг хэдэн зуу дахин нэмээд зарж болж байна. Зах зээлийн зарчмаар худалдаа нээлттэй, чөлөөтэй, үнэ өртгийг нь улсаас хянаж болохгүй гэж үзсэнээс л бурдуусан. Хүний болоод нийгмийн амьдралын энэ бүх асуудал Монголд ямар ч замбараагүй, эзэнгүй дур дурын байгаа нь улс орон цаашид хөгжил дэвжих үндэс суурьд маш халгаатай. Хэдэн жилийн өмнө Ч.Улаан сайд ноолуурын үнийг баруун зүүн аймгаар нь хувааж яаж авч байлаа. Төр нь худалдаан дээр ямар ч бодлого шийдвэргүй, дур зоргын гэдэг нь тэндээс харагдаж байсан. Хамгийн аюултай юм гэвэл худалдааны боловсон хүчин гэж алга. Гадаад дотоод худалдааны мэргэжлийн сургууль байхгүй. Худалдааны нэртэй сургуулиуд чинь худалдаа мэргэжилтэн бэлтгэдэггүй дандаа санхүү, нягтлан гэсэн анги байдаг юм билээ. Тэгэхээр энэ салбарын ирээдүй их л бүрхэг байна. Бид өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш нь зарж борлуулахыг худалдаа гэж ойлгоод байна.

-Та бол Монголын худалдааны домог болсон хүмүүстэй гар нийлж ажиллаж байсан. Тэр тухайгаа товчхон дурсахгүй юу. Орост худалдааны төлөөлөгчөөр сууж байхдаа гаднаас эх орон руу бүх л хэрэгцээтэй барааг зөөдөг байсан гэдэг?

-Монгол Улсад худалдааны байгууллага үүсч бий болсны 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд хамт ажиллаж ирсэн хүмүүсээ дурсана гэдэг сайхан.

Миний хувьд тэртээ жараад онд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг бараа судлаачийн мэргэжлээр төгссөн хүн. Төв бараа бааз гэж вант улс байлаа, тэнд ажиллаж байсан. 1980 онд Моксвад суугаа худалдааны төлөөлөгчийн орлогч болсон. Манай худалдаа төлөөлөгчийн газар 30 гаруй мэргэжилтэнтэй, үүнд үнэ судлал, зах зээл судлал, өргөн хэрэгцээний бараа судлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, цахилгаан станц, уул уурхай гээд салбар бүрийн шилдгүүд байлаа. Бүгд орос болон гадаад хэлтэй хүмүүс. Ийм л бие даасан олон улсын статустай байсан. Худалдааны төлөөлөгч гэдэг албан өрөөнд цаас эргүүлж суугаад хийдэг ажил биш. Хуучин Зөвлөлтийн бүх орнуудтай харилцаа тогтооно. Европын орнуудтай харилцана. Бүх оронд очиж Монголоос захисан бараа таваарыг авчирна. ЭСЯ-наас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Энэ дэлхийгээр тэнэж өгсөн. Эстоноос вэф радио, темп 1, 2 гэсэн зурагт, Гүржээс вино, дугуй булантай цай гээд бүх хэрэгцээний юмыг авчирч байсан. Ингэж Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж Монгол руу хэрэгцээт барааг цаг алдалгүй явуулах үүрэг хүлээсэн. Түүн шиг Хятадаас хараат байгаа энэ цагт тухайн улсад Худалдааны төлөөлөгчийн газарт яг мэргэжлийн хүмүүсийг нь сонгож ажиллуулах хэрэгтэй. Хятад болоод дэлхий нийтийн хэлтэй, санхүү худалдааны өргөн мэдлэгтэй, төлбөрийн янз бүрийн балансуудыг ойлгодог, гол нь Монголынхоо эрэлт хэрэгцээг сайн мэддэг тийм хүнээр удирдуулаад бүрэлдэхүүнд нь олон улсын статусын дагуу 30-40 хүн байх ёстой. Тэгж байж л үүсээд буй асуудлын цаана гарна. Худалдааны төлөөлөгчийн хүмүүсийг улс төрийн шугамаар биш, мэргэжлийнх нь үүднээс сонгодог байх хэрэгтэй.

Миний хувьд дэндүү олон хүнтэй ажиллаж иржээ. Анх сургууль төгсөөд ажилд ороход худалдаа бэлтгэлийн яамны сайд Доржготов гуай байсан. Намайг хөдөө дагуулж явж амьдрал таниулсан хүн. Сүүлд Дархан хотыг байгуулах үед гурван сарын хугацаатай томилолт өгсөн. Гадаад худалдааны яамны сайд нь Очир гуай байсан. Очир гуай надад үнэ өртөг тооцох нарийн ширийн асуудалд зөвлөгөө их өгнө. Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринченпэлжээ гуай, Очир гуай, Содном гуай гурав намайг гадаад худалдааны төлөөлөгчийн газарт үүрэг өгч явуулсан. Молом гэж Төв хорооны худалдааны хэлтсийн дарга, сүүлдээ Худалдаа бэлтгэлийн сайд байсан. Тэр хүн их дэмждэг байсан. Москвад байхад миний дарга Төмөр гэж банкны мэргэжлийн мундаг хүн байлаа. Өдөр цай уух завгүй л ажилладаг байлаа. Батын Дэрдэв гэж бүх насаараа худалдаанд ажилласан хүн, би Москвагаас явахдаа тэр хүнд ажлаа өгч байсан гээд дурсамж олон. Ингээд яривал 100 жилийн түүхтэй Монголын худалдааны нэгэн жарны түүхийг нь хүүрнэж болж байна.

-Сүүлд танаас нэг зүйлийг асуухад, та Монголд зочид буудал гэдгийг үндэслэж бий болгосон хүн. Ялангуяа “Баянгол” зочид буудлыг өнөөдрийн түвшинд хүрэхэд үндэс суурийг нь олон улсын жишгээр бий болгосон байдаг?

-1987 онд “Баянгол”-д ирэхэд дарга, нягтлан байхгүй, эзэнгүй. Энд тэндээсээ ус гоожсон, цахилгаан тасарсан, дампуурсан газар байсан. “Жуулчин” компанийн мэдэлд “Улаанбаатар”, “Баянгол” гэсэн хоёр буудал, Тэрэлж, Өмнөговь, Өндөр довын жуулчны баазууд байв. Өндөр дов, Өмнөговь хоёрыг “Баянгол”-ын харьяанд шилжүүлсэн. Би өөрөө гадагшаа явж гэрээгээ хийж жуулчингаа авна. Яаж хөл дээр нь босгох уу гэж бодоод Засгаас мөнгө зээлэхээр боллоо. Банкнаас валютын зээл авъя гэхээр байдаггүй. Харин Өмч хувьчлалын сангаас валютын зээл авч болно. Өмч хувьчлалын комиссын дарга нь Да.Ганболд байсан.

Ерөнхий сайд Бямбасүрэн гуай, Да.Ганболд, Д.Дорлигжав хоёр Шадар сайд. Хүүгүй зээл, гурван жилийн дотор валютаар нь төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын ерөнхий компани руу шууд очлоо. Тэнд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэж нөхөр байсан, түүнтэй уулзаж засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн долоон хүн авчирч архитектурын зургийг нь гаргуулсан. Давхардсан тоогоор Хятадаас 360 хүн ирж ажилласан байдаг. 1992 онд “Баянгол”-д хамгийн түрүүнд өнгөт телевизор тавьж байв. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаад, III цахилгаан станцтай яриад дулаан, усны асуудлаа шийдсэн. Манай Төв шуудан холбооныхон “Баянгол”-ын үүдэнд үүрэн телефонтойгоо сууж байсан гээд бод. Гадаад руу, мөн хөдөө орон нутаг руу ярих утасны тарифыг би өөрөө тогтооно. Дэлхийн хоолны том сүлжээ болох Бээжингийн компанитай яриад бээжин нугасны газар ажиллуулсан. Ёстой өдөр шөнөгүй хүн шавдаг байлаа. Мөн валютын дэлгүүр нээсэн. Бүх зүйлийг автомат кассын системд оруулсан.

-Аргагүй олон улсын жишгээр үзэж дээ?

-Бүх өрөөг олон улсын буудлын стандартаар тохижуулж, үнэ зэрэглэлтэй болгосон. Хонконгийн зах зээлээс материалаа сонгож Голланд, Герман, Япон руу хүн явуулж сургасан. Тогоочдыг Герман, Японд, менежерүүд, цахилгаан шатны асуудал болоод инженерүүдийг Бээжинд сургасан. Ингэж хүний нөөцийн асуудлаа бодлогоор бэлтгэсэн. Японы компанитай менежмэнтийн гэрээ байгуулж, тэндээс ирсэн жуулчдыг Баянголд буулгах асуудлыг шийдсэн. 1992-1998 он хүртэл “Баянгол” улсад төлсөн татвараараа тэргүүлж байсан. Мөн гадаадаас ирдэг жуулчдын тоо хэд дахин өссөн. Тэр үед 10-аад мянган жуулчин манайд ирдэг байсан бол зөвхөн “Баянгол” 40 мянган жуулчин авсан. Ажилчдын нийгмийн асуудлын хувьд ёстой эргэлт хийсэн. 300 шахам ажилтантай байсан. Өмч хувьчлалын тогтоол гаргаж 30 айлд байр өгсөн. Монголын зочид буудлын холбооны анхны дарга, үндэслэгчийн хувьд бусдадаа хичээл зааж байсан. Маш олон зочид буудлын дарга нар суусан. Менежмэнтийг ингэж олон улсын жишиг, стандартын дагуу хийсэн юм. Ерэн долоон он хүртэл би захирлаар ажилласан. Баянголын хөрөнгөөр их юм хийсэн. Төмөр замын тэнд таван давхар байр, Улаанбаатарын дөрвөн районд “Баянгол” нэртэй махны дэлгүүр, Өвөрхангайн Бат-Өлзийтөд алтны уурхай хүртэл нээлээ. Нэг зүйлийг онцлоход, 1994 онд Өмч хувьчлалын газраас Хөрөнгийн бирж дээр бэлэн мөнгөний арилжаа гаргах хууль гарсан. “Баянгол”-д хөрөнгө хэрэгтэй байсан учир тэнд бүртгүүлээд нэмж хувьцаа гаргахаар Үнэт цаасны хороо Хөрөнгийн биржээр зөвшөөрөл гаргуулаад, баталгаажуулаад дуудлагад оруулаад 80 мянган ширхэг хувьцаа нэг удаа Хөрөнгийн биржээр гарсан юм. Бэлэн мөнгөний анхны арилжаа гэж Хөрөнгийн биржийн түүхэнд бичигдсэн байдаг. Сүүлд “Баянгол”-ыг ямар хүн удирдсаныг монголчууд мэдэх учир би юу хэлэхэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өө, танай албатууд яагаад ард түмнээрээ тохуурхаад байна

Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна. Ирсэн албаны том дарга “Би нэг хүн дагуулж яваа” хэмээн дуулгав. Гэрийн эзэд бас л айхавтар том дарга орж ирэх юм байх даа гэж бодож байгаа бололтой хавчганан үүд өөдөө харцгаана. Гэтэл саяхан Их сургуульд явсан хүү нь ороод ирдэг байгаа. Аав нь ёс бодож мэнд амар болно. Ээж нь өөрийн мэдэлгүй голын дуугаараа “Миний хүү” хэмээн ямар ч жүжиглэлгүй дуу алдлаа.

Ямар энхрий зөөлөн, ямар их хайр илэрсэн гэж санана. Хүүгээрээ бахархах, хүүгээ хайрлах нь эхийн нүдэнд нэвт харагдаж уншигдана. Үзэж байсан хүмүүс өөрийн эрхгүй энэ зураглалыг хараад нүд нь чийгтэхээр. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж энийг л хэлдэг байх даа. Тэгвэл тэр хүүг гадаадад тэтгэлгээр сурахаар шалгарсныг дуулгах гэж яаж дээрэлхсэн гэж санана. Бодвол Их сургуулийн мундаг дарга багш байлгүй, нэг эмэгтэй түүнийг дуудаж оруулж ирээд ял тулган байцаагаад л яг л ногоон малгайтан шиг “Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, яг одоо хэлбэл ялгүй” гэж хэлсэн ч бил үү, яалаа даа. Яг л цатгалан муужгай хулгана барьчихаад идэхгүй тоглож, тамладаг шиг тэр хүүгээр доог тохуу хийж маягласан. “Та тэтгэлэгт тэнцжээ” гээд л бол оо биз дээ.

Тэгж тоглоом хийж ард түмнийхээ хүүгээр наадах эрх тэр хүмүүст байгаа юу. Тэгж дорд үзэж тоглоом наадгай хийх байсан юм бол яах гэж тэр хүүг тодруулсан юм бэ. “Чамд бол ахдаж байна” гэж тэнд очсон бүх хүн биеийн хэлэмжээр хэлээд байсан. Бидний муусайн хүүхдүүд айхгүй яах юм. Дөнгөж гэрээсээ холдож үзэж байгаа, дээрээс нь Их сургуульд ороод, хүн танихгүй, ёс мэдэхгүй хүүхдийн нүдийг хагалчих гээд яаж байгаа нь тэр юм бэ. Ерөнхийлөгч өө, та үнэн сэтгэлээсээ ард түмний хүүхдийг сургах гэж байгаа юм бол тэр хүүгийнд очиж ихэс дээдсээрээ гайхуулсан хүмүүстээ арга хэмжээ ав.

Бас ард түмний мөнгөөр хаа байсан баруун аймаг явж гайхуулж байхаар ганц и-мэйл бичээд л, үгүй бол сумын даргад нь утсаар хэлээд болно биз дээ. Таны албатуудын биеэ тоож өөрсдийгөө ихэд бодсон зан нь хэтрээд байгаа юм биш үү. Аль эсвэл та ингэвэл гоё гэж хэлж, хийлгүүлж байгаа юм уу.

Categories
булангууд мэдээ нийгэм

“Маргаашийн товч түүх” буюу бид энэ ертөнцөд тэргүүлэх байр сууриа алдана

Юваль Ной Хараригийн “Маргаашийн товч түүх” гэж ном бий. Үүнийг өмнө нь ч энэ буландаа хийж байсан. Энэ ном бол “Хүн төрөлхтний товч түүх” номын дараагийн дэвтэр юм. Мөн уг номын дараагийн дэвтэр “XXI зууны 21 сургамж” гэж бас бий. Нэгэнт энэ номын тухай өмнө нь бичиж байсан учир бичигдээгүй хэсгээс нь та бүхэнд сонирхуулъя. Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн сүүлийн 300-гаад жил үргэлж хоол тэжээлийн пирамидын оройд буюу тэргүүлэх төрөлд хамаарагдаж иржээ. Өөрөөр хэлбэл, энэ дэлхийн хаан эзэн нь юм. Тэд хуучин зөвхөн бурхдын дараа ордог байсан бол ирээдүйд бурхныг орлоно гэж үздэг болсон байна. Бурхан бол хүн төрөлхтөн өөрөө юм, тийм ч учраас бурхан хүнийг өөрийхөө дүрсээр бүтээсэн учиртай гэж хэлэлцдэг болсон аж. Гэвч удахгүй энэ дэлхий дээр хүн төрөлхтөн тэргүүлэх төрөл биш болж хувирах нь цаг хугацааны асуудал болжээ. Тун удахгүй хүн хоёр дахь төрөл ч юм уу хэрэгцээгүй биологийн төрөлтөн болж дэлхийгээс шахагдаж магадгүй гэнэ. Ер нь хэрэгцээгүй биологийн төрөл болох нь ихээхэн магадлалтай. Яагаад гэвэл бидний энэ зан амбицийг бодоход яагаад ч хоёр дахь амьтан болоод зүгээр суугаад байхгүй нь магад гэж үзэж байгаа. Тэд тэмцэлдэж нэг дэх төрөлд чадлаараа саад тээг болж, бүр тэднийг устгахыг мэрийх учир тэгж үздэг байна. Гэвч хүн төрөлхтөн энэ маягаараа байвал яагаад ч тэр тэргүүлэх төрлийг дийлэхгүй. Тэд ч биднийг тоож боолчилохгүй аж. Яагаад гэвэл болхи бүдүүлэг биологийн төрөлтөн биднээр юугаа ч хийлгэх билээ. Бидний чадал чадавхи ч тэдний өндөр шаардлагыг хангаж дийлэхгүй. Тэгвэл тэр тэргүүлэх төрөлтөн нь хэн юм бэ. Тэр нь “хиймэл оюун ухаан” аж. Үүнийг хүн төрөлхтөн зохиож бий болгож хөгжүүлсээр байгаа. Нэг ёсондоо бидний үр хүүхдүүд. Гэвч тэд биднийг зохиогчоо, үүсгэн бий болгогчоо гэж хэзээ ч үзэхгүй гэнэ. Орчин үед хиймэл оюун ухаан ухамсар хоёр хоорондоо аль хэзээний салаад удаж байгаа аж. Нэгэнт ухамсар байхгүй хиймэл оюун ухаан юу гэж бидэн шиг хайрлах, ач санах, гуниглах, уурлах, баярлах гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг үзүүлэх билээ. Хиймэл оюун ухааны бий болгосон бүх зүйл ухамсартай оюун ухаант хүн төрөлхтний бий болгосон бүх зүйлээс хол давуу байгаа аж. Хөгжим зохиолгуулж үзэхэд хүмүүс хиймэл оюун ухааны зохиосон хөгжмийг үнэхээр сэтгэл татам, цаанаасаа амьд байна гэж дуу нэгтэй магтацгаасан байна. Тэгвэл хүн төрөлхтөнд “ухамсар”, “хайр” гэдэг сэтгэл зүйн нэг тийм жирвэгнэсэн хөдөлгөөн хиймэл оюун ухааны өмнө хүчин мөхөсдөх цаг аль хэзээний эхэлчихсэн аж. Хүн төрөлхтөн анх удаа энэ дэлхий нийгэмд илүүдэл болж магадгүй цаг эхлэж байгаа. Хүнийг цэрэг арми, үйлдвэр заводод ажиллуулах гэж ингэж их өсгөж эрүүл мэндийн системийг хөгжүүлж, боловсрол олгож тэжээж тэтгэж байсан бол энэ бүгд хэрэгцээгүй болох цаг иржээ. Дайн хийсэн ч робот төмөр цэрэг, ажил хийсэн ч робот төмөр ажиллуулахаар хүн ямар ч хэрэгцээгүй болох гэнэ. Нэгэнт хэрэгцээгүй зүйлийн төлөө тэдний эрүүл мэндийн талаар эзэн огтхон ч сэтгэлээ чилээхгүй нь мэдээж. Бид шоргоолжны эрүүл мэндийн төлөө сэтгэл зовдог билүү. Орчин үед “Амьд организмууд бол алгоритм. Амьдрал бол мэдээлэл боловсруулах үйл явц юм” гэсэн ойлголтод шинжлэх ухаан нэгдэж байгаа. Нэгэнт амьд организм алгоритм юм бол тэр мэдээллүүдийг нь л программ бичихэд л болоод явчих биз дээ. Үүнийг хийхэд нэг их хол биш болжээ. Энэ номыг уншихад ер нь ирээдүй их л бараан мэт санагддаг. Гэхдээ энэ яг үнэн биш. та бүхэн энэ талаас нь бодоорой гэж номонд өгүүлсэн байдаг. Бас бид тархиныхаа дөнгөж 10-хан хувийг ашигладаг юм бол 100-гаа байг гэхэд дийлэнхийг нь ашигладаг болбол хиймэл оюун ухаанаас айхгүй болох юм биш үү гэсэн санаа ч байдаг. Бид тархиныхаа 10 хувийг ашигладаг болоход бидний ДНХ өөрчлөгдөж байж ийм болсон юм гэсэн. Одоо тэгвэл дараагийн хувьсал хийх цаг болсон байна гэж номонд онцолжээ. Та бүхэн энэ номыг авч уншаарай. юм бодогдуулах номын нэг шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хил хаагдах нь бэрхшээл ч боломж болгож болно

Эрээнд ковид гарсан гэх шалтгаанаар Хятад хилээ хаагаад хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна. Дам яриа сонсох нь ээ, Бээжинд ирэх оны хоёрдугаар сард болох өвлийн олимпийг хүртэл урд хөрш маань хилээ нээхгүй чангалж цааш харах бололтой. Хэрвээ дам яриа үнэн бол энэ өвөл хил нээгдэхгүй, бусдын гар харж амь зууж ирсэн тэжээлийн хурга шиг монголчуудын хувьд өвчин зовлон хүйтэн нойтонд амаргүй даваатай нүүр тулах нь. Идэж уух, өмсөж зүүх, хэрэглээ арилжаанаас аваад бүхий зүйл нь ганцхан Замын-Үүдээр дамжиж гаднаас ирдэг Монголд өнөөдөр бүх юм ховордож эхэлж байна. Дэлгүүрийн лангуу сийрсэн байна. Мах, гурил, өргөн хэрэглээний хүнсний ногоо нь байхад эрхбиш өлбөрөөд үхчихдэггүй юм аа гэхэд өвчин тахалд нийтээрээ нэрвэгдсэн хүнд бэрх цагт дуслын шингэн, тариур тасарч байгаа нь аймшигтай.

Тарилгын эмийн үйлдвэрт дуслын шингэнээ эрхбиш өөрсдөө хийдэг юм гэсэн. Тариурын шингэн болох натри хлори давсны уусмалаа өөрсдөө хийдэг ч түүнийг савладаг гялгар уут сав баглааг гаднаас авдаг. Мөн ковид гарснаас хойших хоёр жил гаруй хугацаанд ганц баттай оношлуур ч байдаггүй, бүр сүүлдээ Эрүүл мэндийн сайд нь хүртэл хуурамч хариу гаргадаг оношлуур гаднаас оруулж ирж 1.5 тэрбумаар улсдаа шахсан гээд сууж байдаг. Хуучин тариурын үйлдвэртэй байсан, хөдөө аймаг сумдынхаа эмнэлгийг тариураар хангадаг байсан. Гэтэл өнөөдөр хаана байгаа нь мэдэгдэхгүй, эм тариур тасарлаа гэхэд хүн бүхэн өнөө үйлдвэртэйгээ санатал хэдийнэ дампуураад алга болсон байх жишээний. Ийнхүү хуучин байсан үйлдвэр аж ахуйн нэгжээ шинжлэх ухааны үндэслэл тооцоололтой улам хөгжүүлж, шинэ түвшинд гаргаж боловсронгуй болгох байтал үүд хаалгыг нь барьж бүх зүйлд бэлэнчлэх сэтгэлгээгээр явж ирснийхээ горыг өнөөдөр ясандаа тултал мэдэрч байна. Үйлдвэрлэгч орон биш, зүгээр бусдыг харж гараа хумхиж, элгээ эвхэж, харин дээр дооргүй, дарга цэрэггүй шүлсээ үсчүүлж, хий хоосон үлгэр улс төр ярьж ирснийхээ үнэн нүүр царайг монголчууд бид одоо харж байна. Бүх юмны үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Цаашид бид яах ёстой вэ гэдэг асуулт улс орны өмнө, хүн бүхний өмнө тулгарч байна.

Одоогоос яг 100 жилийн өмнө Монголын Автономит засаглал нуран унаж, тухайн үеийн сайд ноёдууд бараа таваар ховордлоо, цалин цаваггүй боллоо, амьдрах аргагүйд хүрлээ, манжтайгаа, хятадтайгаа байсан нь хамаагүй дээр байж гээд Хятадад дагаар орж, Автономит Монголыг устгахыг хүлээн зөвшөөрч байсан түүх бий. Одоо бид өмнөх шигээ “Эрээний хил нээгдэхгүй юм байна. Монгол Улс цаашид оршин тогтноход бэрхшээл тулгарлаа” гээд Хятадад дагаар оролтой нь биш дээ. Яадаг ч байсан бид туурга тусгаар улс. Тусгаар улсын ном журмын дагуу урагшлах хэрэгтэй. Гэхдээ биднийг Хятадад дагаар оруулчих гэсэн яриа мэр сэр дуулдаж л байдаг. “Өвөрлөгч нөхдүүд маань санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна” гээд л ятгаад ч байгаа юм шиг, гайхуулаад ч байгаа юм шиг тиймэрхүү яриа гардаг. Энэ хорвоо дээр тусгаар улсын иргэн байх шиг үнэтэй хувь заяа үгүй. Тэгэхээр монголчууд минь яадаг ч байсан бүгдээрээ тэсээд гарна.

Бэрхшээлийг боломж болгох тухай бид сүүлийн 30 жил амаа цангатал ярьсан. Хил хаагдаж, гаднаасаа түгжигдсэн мэт бэрхшээлийн өмнө бүгдээрээ ирсэн ч үүнийгээ боломж гэж харах, одоо л дотооддоо улс шиг улс болон өндийх цаг минь болжээ гэж харж байгаа хүмүүс хэр олон байна вэ. Бэрхшээлийг боломж болгох, улс шиг улс болон өндийхөд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж таарна. Юуны өмнө гаалийн татварыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Бүр тэнгэрт хадсан өндөр татвартай байх хэрэгтэй. Ялангуяа үнэ нь өсөөд байгаа нарийн ногооны үнийг огт буулгахгүй, яг энэ чигээр нь байлгаж гаалийн татварыг нь өндөр тогтоож өгөх шаардлагатай байна. Тэгж гэмээнэ хойтон өдийд урд хөршөөсөө огурцы, помидор, брокколи, яншуй, чинжүү царайчлаад, хоолны газрууд эдгээр ногоо байхгүй гэж урваганаж шарваганаад, нарийн ногооны худалдаачид санаанд орсон үнээ хэлж даварцгаахгүй. Манайхан хэдийнэ нарийн ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах тухай яриад Угтаалынх үнэтэй, Жаргалантынх чанартай гэх мэт шалихгүй хэрүүл л гарах байх.

Ер нь импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн нь улс орныг элгээ эвхэхэд хүргэдэг юм байна. Жишээлбэл, нарийн ногоо юмуу, чихэр жимс хүнсний өөр ямар бүтээгдэхүүн байна импортын татваргүй шахам орж ирээд манай жижиг зах зээлд ноёлж, хаанчилж байдаг. Харин тэр бүхний татварыг тэнгэрт хадтал нь өндөр тавиад Монголдоо бүтээх, үйлдвэрлэхийг бид хийж хэрэгжүүлэх цаг нь болсон. Нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн бүхнээ одоо Монголдоо үйлдвэрлэе. “Монгол Улс үйлдвэрлэгч орон болно” гэдэг үг үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын ард түмний тархийг угаасан, монголчуудаа басамжлан доромжилсон худлаа лоозон болсоор ирсэн. Үүнийг одоо бодит ажил болгоцгооё. Аль юм болгон бид нэгнээ хуурч, өөрсдийгөө хуурч, улс орныхоо хувь заяаг огтхон боддоггүй, зөвхөн хар амиа хичээж явах юм бэ.

“Бид дуслын шингэнээ, нэг удаагийн тариураа хийж байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн улс оронд баялаг үйлдвэрлэх гээд зүтгэж байна. Дуслын шингэний гялгар уутыг ч хийх боломж байгаа. Гэвч судалгаа шинжилгээний үр дүнг технологи дамжуулах хоолой руу оруулж байж бид үйлдвэрлэгч болно. Харин эрдэмтдийн судалгааны бүтээл зүгээр цаасан дээр бичигдээд архивлагдаж байна. Төрийн бодлого тасалдаж байна. Эрх баригчид технологи үйлдвэрлэх улс оронд хэрэгтэй зүйл гэдгийг бодохгүй, өөрт ямар ашигтай, би эндээс юу хожих вэ гэдгээ л бодож байна. Хэрвээ өөрт нь ашиггүй бол улс оронд хичнээн хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч тухайн ажлыг шууд хаядаг. Үүний үнэн байдал өнөөдөр дуслын шингэнээ савлачих баглаагүй л сууж байна” гэж Анагаахын хүрээлэнгийн эрдэмтэн Д.Энх-Амгалан хэлж байна. Тэрээр эм гаргаж байгаа Моносын хүрээлэн, уламжлалтын бүх эмийг судалж технологид нэвтрүүлж байгаа газар, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн мэргэжлийн лаборатори гээд том том хүрээлэнгүүдийг түшиглэн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж хэлсэн.

Мөн хавдрын эсийг 47 хувь сааруулах үйлчилгээтэй эмийг мэргэжлийн судлаачид тогтоочихоод байхад төр засгийнхан тоохгүй байхад эрүүл мэндийн салбар манайд яаж ч хөгжих юм бэ гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Тэгвэл ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний зүйлээ бид гаднаас авахгүй, дотооддоо үйлдвэрлэгч орон байх бүрэн боломжтой. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол химийн аж үйлдвэрийн суурь тавигдана.

Тэгвэл сав баглаа боодол бүхнийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Цагаан будаа Монголд тарих боломж бий. Хуурай газарт тарьдаг цагаан будааны сортууд гараад ирчихсэн. Халх голын бүс нутаг цагаан будаа тарихад боломжтой бүс нутаг гэдгийг гадны эрдэмтэд судлаад тогтоочихсон юм шүү. Техник технологийн салбарын тухайд бол Монголд ойрын хугацаанд хэцүү. Машины үйлдвэр байгуулаад манайд ашиггүй.

Харин хүнсний бүтээгдэхүүнээ бид гаднаас авахгүй байх боломжтой. Хийжүүлсэн ундаа зэргийг бид үйлдвэрлэхэд бэлэн. Чихэр боовны үйлдвэр гэж хуучин байлаа. Шоколад, кокао гэх хоёр зүйлийг гаднаас авч магад, түүнээс бусдыг нь бид хийх боломжтой” гэдгийг мөн хэлж байна. Тэрээр 2050 он гэж холыг харах нь зөв ч тав таван жилийн тооцоололтой явах хэрэгтэй. Хэн, юу хийж чадах нь уугээд бужигнуулаад, дараа нь хэн хэнтэйгээ хамтарч чадах нь уу гэдгийг хараад, төрөөс бодлогоор дэмжээд татаасыг нь өгөөд эхэлбэл хүнсээ хангадаг үйлдвэрлэгч орон болоод эхэлнэ гэдгийг баттай хэлсэн юм.

Манайд дөрвөн улирлын хүлэмжийг доод тал нь 30, дээд тал нь 100 га-д хийх бүрэн бололцоотойг эрдэмтэд судалгаатай хэлдэг. 1976-1980 оны хооронд Дэвшилийн хүлэмж, Эрдэнэтийн Улаан толгойн хүлэмж гээд арваад га-гийн хүлэмжийн аж ахуй эрхлээд Эрдэнэтэд огурцы, помидорын илүүдэл болж Улаан-Үд, Эрхүүд гаргаж байсан гэдэг. “Эрдэнэт уурхайн дэд бүтэц, туслах аж ахуйнуудыг түшиглэн, мөн 620 ажилтантай механик цехийг түшиглэн хүлэмжийн аж ахуй бий болгоё. Тэнд мөн ган хайлуулдаг үйлдвэр бий. Хүлэмжинд ногоогоо тариад, мах комбинат, ноос ноолуур, хивсний үйлдвэрээ ажиллуулаад, гангийнхаа үйлдвэрт бага оврын трактор угсраад явах бүх тооцоолол нь гарчихсан. Засгийн газрын тогтоол хүртэл гарсан. Гэвч өнөөг хүртэл энэ төсөл хэрэгжихгүй, төр засгийн зүгээс хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэдгийг ХААИС-ийн багш Батдэлгэр сүүлийн хэдэн жил хөөцөлдөөд гайхширал тасраад сууж байна.

Монголчууд бид идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүхнээ өөрсдөө хийх бүрэн бололцоотой нь хүмүүсийн хэлсэн үг, үй түмэн жишээ баримтаас харагдаж байна. Үйлдвэрлэгч орон болоход ердөө ганцхан юм л байгааг эрдэмтэд, бизнесмэнүүд, энгийн иргэд шууд хэлдэг. Эрх баригчид шунаг шунахай зангаа татаж, өөрсдийгөө биш улс орноо бодсон шийдвэр гаргах. Ердөө л энэ. Ах дүү, найз нөхөд, нутаг нуга, жалга довоороо нийлж улсаа цөлмөж, өөрт ашиггүй л бол өнгөтэй өөдтэй бүхний “амийг тасдаж” хорлодгоо болих хэрэгтэй.

Сүүлд нь хэлэхэд, хил хаахад хожсон хүмүүс Монголд бас байна. Төмс нарийн ногоочид хожиж, хураасан ургац нь өмнөх жилүүдээс харьцангуй үнэтэй гүйлгээ сайтай байна гэцгээж байна. Тэд “Өмнө нь ийм их төмс ногоог гаднаас оруулж ирдэг байж” хэмээн гайхацгааж байсан. Хэрвээ хил хаалтгүй байсан бол ногоочид дор бүрнээ хэдэн төгрөгтэй болж магнай тэнийхгүй төмс, ногоо нь үнэд хүрэхгүй байх байлаа. Дөрөв тавхан ченж хятадуудтай нийлж гаднаас төмс оруулж ирээд Хятадын хэдэн ногоочид баяжиж, манайхан дампуурцгаадаг энэ жишиг өнөө жил хил хаасны буянаар таслагдлаа. Тэгэхээр хил хаагдсан нь бэрхшээл мөн ч ногоочид шиг олон хүмүүст боломж болж ирж байна. Тасалдсан бараа болгоныг бүртгээд, тэр бүрийг хийж эхэлбэл ямар их боломж хөдөлмөрийн зах зээл байгааг бид одоо л ухаарч харж эхэлж байна. Хамгийн гол нь биднийг дотооддоо үйлдвэрлэгч орон болж, бусдаас хараат бус тусгаар улс шиг байхыг сануулж байна. Дээрээс нь би үүнийг хийж чадна гэсэн бодлыг монгол хүн бүрийн тархинд суулгаж өгөх нь, бас дэмжиж тусалж өгөх нь эрх баригчдын заавал хийх ёстой ажил болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Урлаг судлаач Д.Мягмарсүрэн: “Ургацын далай”, “Нас тогтох сайхан” гээд олон дууны эзэн Төмөрийн Чимиддорж гуайн ач буяныг энэхэн насандаа мартахгүй

“Торгон хилийн зүг”, “Нас тогтох сайхан”, “Том болж дээ, миний хүү”, “Ургацын далай” гээд олон сайхан дуугаараа Монголын хөгжмийн урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимиддоржийн 100 жилийн ой өнөө жил тохиож буй. Уг ойг тохиолдуулан нэрт хөгжмийн зохиолчийн тухай урлаг судлаач профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Төмөрийн Чимиддорж гуайн 100 жилийн их ой тохиож байна. Намрын намарт энэ хүний “Ургацын далай” дуу долгилдог. “Нас тогтох сайхан” гээд дандаа том дуу бүтээсэн хүн. Харин 100 жил нь нэг л чимээ аниргүй байх шиг. Нэрт хөгжмийн зохиолчтой хэрхэн танилцсанаа эхлээд дурсах уу?

-Миний бие хар багаасаа л урлаг соёлын ертөнц рүү тэмүүлдэг байлаа. Сургуульд ороогүй байхдаа гармони гэх хоёр эгнээ товчлууртай Оросын ардын хөгжмөөр тоглож сурсан сан. Дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд сургуулийн концерт бүрт байнга идэхтэй оролцдог бяцхан хөгжичин болж хувирсан. Жараад оноос Пионерийн ордны хөгжмийн дугуйланд явдаг болж,тэнд ноот заалгаж, баян хуур хөгжмөөр хөгжимдөж сурч билээ. Улмаар Монголын хүүхдийн анхны дуурь, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Аз жаргалын эрэлчин” бүтээлд оролцож, хөгжмийн яаманд нь баян хуур хөгжмөө бариад сууж л байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд ямар нэг урлагийн сургуульд орж чадсангүй. Улсын Багшийн дээд сургуулийн орос хэл, уран зохиолын тэнхимийн оюутан болох нь тэр. Гэхдээ нөгөө баян хуур хөгжмөөсөө салсангүй, оюутны концерт, урлагийн янз бүрийн арга хэмжээнд оролцсон хэвээрээ. В.Моцартын “Турк марш”, Ф.Шубертын “Серенада” гэх сонгодог энэ хоёр бүтээл миний концертын маань хөтөлбөрт байнга багтаж, тэдгээрийгээ л баян хуурдана. Багшийн сургууль төгслөө, хөдөө хотын аль нэгэн сургуульд орос хэл утга зохиолын багшаар л очих байхдаа гэж бодож явтал харин санаандгүй юм болох нь тэр. Намайг тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо буюу Монголын радиогийн хөгжмийн редакцид томилсон байлаа. Сураг дуулахад төгсөх жилийн маань хавраас эхлээд манай сургууль дээгүүр радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж гуай үе үе ирж, сургуулийн удирдлагуудтай уулзаж, намайг судалж явсан юм билээ. Энэ тухай би хожим мэдсэн. Тухайн үед их дээд сургуулиудийн нэгдсэн концерт болдог уламжлал байсан юм. Тэр концертод УБДС-ийнхаа өмнөөс баян хуур хөгжимтэйгөө би оролцоно. Тэгэхэд л оюутнуудын шилдэг номерыг шалгаруулах комиссын гишүүн байсан хөгжмийн зохиолч Т.Чимидорж гуай намайг анх харсан юмсанж. Энэ үеэс л намайг сонирхож, УБДС-ыг төгсмөгц радиогийн хөгжмийн редактороор авахаар яам тамгын газраар хөөцөлдөж явж байжээ. Гайхалтай нь өөрийнхөө хариуцдаг төрийн ажлын эрх ашгийн төлөө үл таних намайг авах гэж ингэж цаг заваа зарцуулан явсныг бодоход тухайн үеийн удирдах хүмүүс боловсон хүчнээ судлахад үнэнхүү сэтгэл гаргадаг байж дээ. Энэ хугацаанд надтай Т.Чимиддорж гуай биечлэн ирж уулзаж байсангүй, харин томилолт гарсны дараа л намайг албан ёсоор хүлээн авч бид танилцсан юм. “За хүү минь, бид чамайг судалж байж авлаа. Нэгдүгээрт, чи хөгжимд дур сонирхолтой, хоёрдугаарт, орос хэлний мэдлэгтэй. Манайд ийм хүн хэрэгтэй байсан юм. Одоо гадаад хөгжмийн сурталчилгааг өөрөө хариуцах болно. Ах дүү орнуудын радиогоос бэлтгэн ирүүлдэг дуу хөгжим,нэвтрүүлгийг орчуулах, тайлбар бичих, Монголын радиогийн фондыг гадаад хөгжмөөр баяжуулах ажлыг хариуцна гэсэн үг. Нөгөө талаас, нийт сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг бэлтгэнэ.Үүнд дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын амьдрал, уран бүтээлийн замнал,тэдний зохиол бүтээлийн утга учрыг ойлгуулахад чиглэсэн нэвтрүүлгүүдийг хийнэ шүү дээ” гэж миний ажлын үүрэг, зорилгыг товч тодорхой тайлбарлаж өгөөд “За дүүдээ амжилт хүсье” гэж билээ. Дөлгөөн, зөөлөн сайхан зантай энэ хүний дүр төрх эдүгээ хүртэл сэтгэлээс гардаггүй юм. Хувь төөрөг гэдэг сонин шүү. Хөгжмийн редактор гэдэг албыг тухайн үедээ “Арав дахь хавраа үдье” гэдэг ялангуяа охид хөвгүүдийн дуулах дуртай дуугаараа ихэд нэрд гарсан хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбатаас хүлээж авч билээ. Ш.Эрдэнэбат гуай Монгол телевизийн хөгжмийн шинэ албанд шилжих болоод надад ажлаа хүлээлгэж өгч байсан юм. Хамгийн сонирхолтой нь царайг нь хараагүй ч сэтгэлдээ балчир багаасаа хүндэлж явсан нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн өөдөөс харсан ширээн дээр сууж билээ. Тэгэхэд энэ эрхэм хүн маань Монголын Хөгжмийн холбооны даргын сонгуульт алба хашихын зэрэгцээ хөгжмийн редакцийн зөвлөх, фонд хариуцсан редактороор давхар ажиллаж байв. Ингэж л Чимиддорж гуайн буянаар Монголын хөгжмийн аваргуудтай хамт ажилласан түүхтэй.

-Гончигсумлаа, Чимэддорж гуай гээд тэр аваргуудын бүтээл хэрхэн төрөхийг та харж л байсан нь мэдээж?

-Гончигсумлаа гуай маань элэн далангүй яриа хөөрөөтэй, тун энгийн сайхан хүн. Намайг нэрээр минь хэлнэ гэж үгүй. Ямагт “Дүүдэй” гэж дуудна. Эгэл энэ үг нь миний сэтгэлийг уужруулж, хийж бүтээхийн урам өгсөн. Хөгжмийн албаны дарга Т.Чимддорж гуай бол уриалгахан, хэнтэй ч дотно сайхан харилцдаг, зөөлөн сэтгэлтэй, гэхдээ маш ажил хэрэгч, уйгагүй хөдөлмөрч. Ер нь хөгжмийн зохиолчийн хувьд өвөрмөц аялгуу эгшиг уянгалаг дуу хөгжмөөрөө ард нийтийн дунд нэрд гарсан хүн шүү дээ. “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Бүсгүй”, “Ахан дүүсийн дуу”, “Ургацын далай” гээд олон сайхан дууг нь түмэн олон андахгүй ээ. Дуугаа зохиох гэж маш их бүтээлчээр ханддаг. ”Торгон хилийн зүг”, “Том болж дээ, миний хүү”, “Нас тогтох сайхан” гээд олон сайхан дуугаа зохиох гэж яаж хөдөлмөрлөж, сэтгэл санаагаа зориулж бүтээж байсныг би мэдэх юм. Дууны шүлгээ уншаад шуудхан л аялгуугаа зохиодоггүй байсан. Гол нь дууны шүлгийн агуулгын утга санааг аялгуундаа яаж шингээж илэрхийлэх вэ гэдэг дээр их бодно. Ажил тарсан хойно, оройхон радиогийн хөгжмийн их танхимд төгөлдөр хуурын ард ганцаараа л ноотоо хараад бодлогоширонгуй сууж байдаг сан. Намайг шагайхад “Хүүе ороод ир, дүү хүү. Үүнийг нэг сонс доо”. Д.Наваансүрэн гуайн шүлэг “Том болж дээ,миний хүү” гэдэг дуугаа зохиож байсан мөч. Өөрөө аялангаа төгөлдөр хуурдана, тэгснээ “Энэ аялгуундаа дөнгөж газар гишгэн хөлд орж буй бяцхан нялх үрээ хараад аав ээж, эмээ өвөө нарын өхөөрдөх, баярлах сэтгэлийг л шингээх гэж олон хоног оюунаа чилээлээ. Хамгийн гол нь тэр нялх амьтны хөл дээрээ тогтон ядан яваа хөөрхөн дүр төрх хэний ч сэтгэлд бууж, хайр, өхөөрдлийг нь төрүүлэхээр уянгалаг атлаа цоглог аялгуу баймаар санагдана” гэж билээ. Мөрөөрөө хоёр тийшээ найганхан хөдөлж ирээд л нүдээрээ инээмсэглэн хөгжимдөх нь тэр нялх хөөрхөн үрийг сэтгэлдээ харан өөрөө баясах нь илт. “За ямар байна, болж байна уу, хүүхээ” гэнэ. Үнэхээр ч сайхан дуу шүү “Товор, товор алхаад том болж дээ миний хүү” гэх ер бусын өвөрмөц аялгуутай энэ дууг манай эцэг эхчүүд андахгүй дээ. Уг дууг Цэцгээ гэж оюутан бүсгүй анх дуулж, олны сонорт хүргэсэн. Монголын радио гэдэг маань хэвлэл,мэдээллийн байгууллага гэхээсээ илүүтэй, өвөрмөц урлаг юм. Радио урлагийн амин сүнс нь үг, хөгжим, дуу чимээндээ оршдог. Энэ гурван эрдэнийг эвлүүлж, найруулснаар радиогийн бүтээл амилдаг. Үүнийг гүйцэтгэгч нь сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөгжмийн зохиолч, эвлүүлэгч, найруулагч. Ийм олон уран бүтээлчдийн хөдөлмөр шингэж сая радиогийн уран бүтээл сонсогчдын хүртээл болдог. Харин бусад урлагаас ялгарах онцлог нь ямар нэгэн тайз, дэлгэц гэх юмгүй шууд л хүний сэтгэл рүү хандана. Т.Чимиддорж гуай радио урлагийн энэ онцлогийг гайхалтай мэдэрсэн хөгжмийн зохиолч байлаа.

-“Ургацын далай” дууг нь ярихгүйгээр Чимиддорж гуайг дурсах боломжгүй дээ?

-Ээ яриад юү гэхэв. “Ургацын далай” дуу радиогоор эгшиглэхэд өөрийн эрхгүй л монгол нутгийн маань налгар намрын өнгө төрх, шаргалтан харагдах уул тал, халиуран найгах тариан талбай сэтгэлд бууж, эх оронд минь намар цаг иржээ гэх бодол хэний ч оюун санаанд юуны түрүүн төрдөг бус уу. Т.Чимиддорж гуайн уран сэтгэмж гэж гайхалтай л даа. Сонсогчдынхоо сэтгэхүй, насны онцлогийг мэдэрч, дотоод сэтгэлд нь яаж хүрэх вэ гэдэг дээр олон хувилбараар уран сэтгэж, эрэл хайгуул хийж байж хөгжмөө туурвидгийн жишээ “Ургацын далай” дуу нь юм. Монголын Радиогийн дэргэд Цахилгаан хөгжмийн хамтлагийг Т.Чимиддорж гуай санаачлан байгуулж билээ. Энэ хамтлагийнхаа хөгжимчин хэдэн залуусынхаа авьяас, ур чадвар, ажил, амьдралыг төлөвшүүлэх гэж ёстой нэг төрсөн аав шиг нь санаа тавьж, тэдний өмнөөс хөлөө хаа хүрэх газар хүртэл явж байсныг би сайн мэдэх юм. Т.Чимиддорж гуайн идэвх зүтгэлээр эдгээр залуус 1968 онд Польш улс руу зорьж Варшавын Радиогийн дэргэдэх хөгжмийн чуулгад дадлага хийж, юм үзэж нүд тайлж ирсэн билээ. Энэ чуулгаа авьяаслаг залуусаар бүрдүүлэх гэж ямар хүч хөдөлмөр гаргаж, энэ тэрүүгээр гүйж, олон байгууллагын хаалга татаж явсныг сайн санадаг. Хаа холын Ховдоос арван жилийн сурагч Л.Оюунчимэгийг, Дундговиос Өлзий-Орших хоёрыг татаж, чуулгынхаа дуучин болгож байсан сан. Ер нь Монголд эстрад, поп хөгжим үүсэн хөгжих үйлсэд Т.Чимиддорж гуай идэр залуугаасаа л зүтгэсэн хүн. Арав гаруйхан настайдаа Цэргийн хөгжимд бүрээ үлээж, бөмбөр цохиж явсан тэрбээр дөчөөд онд хорь гаруй насандаа улсын циркийн хөгжмийн хамтлагт аккордеон, кларнет хөгжимчнөөр ажиллаж байлаа. Хөгжмийн энэ цомхон хамтлагт С.Гончигсумлаа, Т.Чимиддорж гуай хоёр маань аккордеон, Ж.Чулуун гуай хийл, Л.Цогзолмаа гуай саксфон бариад зогсож буй тухайн үеийн гэрэл зургаа надад үзүүлэх дуртай сан. Энэ үед хөгжмийн их зохиолч, төрийн шагналт С.Гончигсумлаа, нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ж.Чулуун, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогцолмаа гуай нар маань бүгд ид залуугаараа байж дээ. Уг гэрэл зургаас харахад чухамдаа Улсын циркийн хөгжмийн энэ л хамтлаг Монголд жааз хөнгөн хөгжим, өнөөгийн поп, рок гээд орчин үеийн янз бүрийн урсгал цаашид дэлгэрэн хөгжих салхийг хагалсан Монголын эстрад урлагийн анхдагч болов уу гэсэн бодол төрдөг. Тэрээр яахын аргагүй Монголын хөгжмийн ертөнцөд жааз эстрад, хөнгөн хөгжмийн тулгын чулууг тавьсан хүн юм. Түүний гавьяа зүтгэлээр бий болсон Монголын радиогийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлаг өнөөгийн “Баян Монгол” чуулгын эх үндэс нь болсон шүү. Түүгээр ч зогсохгүй 1980 аад оноос залуусын сэтгэлийг байлдан дагуулсан “Инээмсэглэл” хамтлаг мөн л Монголын Радиогийн хөгжмийн редакцтай хүйн холбоотой. Энэ хамтлаг төлөвшиж олон нийтэд танигдах, урын сан нь баяжих хөрс суурь нь Монголын Радиогийн уран бүтээлчид юм. Тэр дундаа Т.Чимиддорж гуайн дэмжлэг, ялангуяа радиогийн хөгжмийн редактор, хөгжмийн зохиолч Раднаабазарын Энхбазар, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн зохиосон дуунууд тус хамтлагийн урын санг баяжуулж, сонсогчдын дунд “Инээмсэглэл”-ийн нэр алдар түгж байлаа.

-“Дэлхий ээж тандаа хайртай болохоор, дэлхий ээж та мөнх настай” гээд л “Инээмсэглэл”-ийн гол бүтээлийн нэг мөн?

-Тийм ээ, ер нь Чимиддорж гуай залуусын чадварыг нээх, улмаар өөрсдийнхөө зам мөрөө олоход нь чин зүрхнээсээ тусладаг өгөөмөр сэтгэлтэй хүн сэн. Нэгэнт авьяасыг мэдэрч таньсан залуусыгаа радиод татаж авах гэж уйгагүй араас нь хөөцөлдөнө. Үүнийхээ үр дүнд Цахилгаан хөгжмийн хамтлагтаа авчирсан залуусын нэг бол УИС-ийн оюутан Самбуугийн Баатарсүх билээ. Тэрбээр оюутны ширээнээс ийнхүү хөгжимчин болж,улмаар нэрд гарсан гитарчин,хөгжмийн зохиолч болсон юм даг. Баатарсүрх залуусын дуртай олон дуу зохиосон төдийгүй түүний бүтээл “Цэнхэр залаа” хэмээх гитарын гоцлол аялгуу нь ард түмний зүрх сэтгэлд хүрсэн юм. Энэ аялгуу эгшиглэхэд Монголын радио,телевизийн цаг агаарын мэдээллийн цаг эхэлснийг хот хөдөөгүй хүмүүс андахаа больж, эх орон даяар дуурьсах гайхалтай энэ яруу хөгжмийг чих тавин сонсдог сон. Т.Чимиддорж гуай дээр хөгжимчин, дуучин, олон хүн ирнэ. Олон ч сайхан дуучин, хөгжимчин түүний шавь болсон доо. Миний бие ч гэсэн Төмөрийн Чимиддорж гуайнхаа буяныг хүртсэн. Монголын Радиогийн хөгжмийн редакцид гурван жил ажиллаад 1970 онд Ленинградын театр, хөгжим, киноны дээд сургуульд суралцахаар алсыг зорьж билээ. Ийнхүү хоёр дахь дээд сургуульд илгээх, урлаг судлаач болох миний ирээдүйн зам мөрийг мөн л Т.Чимиддорж гуай маань зассан ачтан. Харин миний бие сургуулиа төгсөж ирээд хөгжмийн редакцидаа Чимиддорж гуайтайгаа нэг жил гаруй мөр зэрэгцэн ажилласан. Дараа нь хариуцлагатай редактор буюу албаны даргаар томилогдоход халуун дулаан үг чин зүрхнээсээ хэлж “Эр хүний замын хүзүү урт гэж энэ дээ” хэмээн баяр хүргэсэн сэн. Миний хүлээж авсан шинэ редакцид Монголын ард түмний танил “бүдүүн дуут” хэмээх яруу найрагч Базарын Цэдэндамба, “Их аяныхан” романаараа нэрд гарсан зохиолч Жигжидийн Бямба, нэрт сэтгүүлч Б.Шаравнямбуу, Лхагвасүрэн гээд гайхалтай уран бүтээлчид байлаа. Чимиддорж гуайнхаа буянаар Л.Бетховен, В.Моцарт, Ф.Лист, А.Вивальди, П.Чайковский, М.Глинк гээд дэлхийн сонгодгуудын бүтээлд умбаж Монголынхоо хөгжмийн нэрд гарсан зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Ц.Намсрайжав, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд, хөгжим судлаач СГЗ Ж.Бадраа гуай нартай нүүр учран дотносож явсан маань энэ насны маань мартагдашгүй зол заяа байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа П.Бадамдорж: ЦЕГ-ын дарга Болдын хэлсэн үнэн бол хэн дуртай нь хорих анги руу нэвтэрч гэмт этгээдийг дур зоргоороо суллаад байх болж байна уу?

-ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИ, ТӨРИЙН ТУСГАЙ ОНЦГОЙ ОБЪЕКТ РУУ ТЭР ОЛОН ХААЛГАНЫ ТҮГЖЭЭГ МУЛТЛАН, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ДАВАН НЭВТЭРЧ ГЭМТ ЭТГЭЭДИЙГ АВЧ ЯВСАН ГЭДЭГ НЭГ Л ҮНЭМШИЛГҮЙ САНАГДААД БАЙНА-

Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 жил ажиллаж, Мааньт зэрэг чанга дэглэмтэй хорих ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа П.Бадамдоржтой ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцъя. ЦЕГ-ын дарга Ж.Болд “Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтэх байгууллага, хорих 461 дүгээр анги руу халдаж гэмт этгээдийг авч явсан” гэж мэдэгдлээ. Олон жил хорих газрын дарга байсан хүний хувьд асуухад энэ боломжтой зүйл мөн үү?

-Би гайхаад сууж байна. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд насаараа ажилласан. Ийм явдал гарч байсныг лав дуулж байгаагүй. Энэ бол онцгой объектод болсон онцгой учрал гэж хэлье. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шийдвэр гараад хорихоор хүлээж авсан хүнээ онцгой объектод хорьсон үедээ алдаад, эсвэл суллаад, хуйвалдаад явуулж байна гэдэг чинь өөрөө онцгой учрал. Улсын онцгой объект руу хичнээн хүн, ямар зэр зэвсгээр хүч хэрэглэн дайрч, тэр олон хаалга, цоож түгжээг тайлж, харуул хамгаалалтыг давж гараад дотор хоригдон шалгагдаж байгаа гэмт этгээдийг авч гарна гэдэг байж боломгүй. Тиймээс би үүнийг хуйвалдаад өгч явуулсан гэж харж байна. Үнэхээр дайрч ороод авсан нь үнэн бол энэ маш ноцтой асуудал. ШШГЕГ-ын хорих 461 дүгээр анги гэдэг бол захын хүн цөм өшиглөөд дайрч ордог газар биш. Төрийн тусгай хамгаалттай тусгай объект. Энд бүрэн зэвсэглэсэн, мөн хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлээр хангагдсан тусгай хүмүүс харуул хамгаалалтад нь байгаа. Зүгээр нэг зам дээр зогсож байгаа хүнийг дайрч аваад явсан асуудал биш шүү дээ.

Энэ байдлыг ЦЕГ-ын дарга Ж.Болд андуурч хэлсэн үү, яаж хэлснийг мэдэхгүй. Ямар ч байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийлээ. Тэгвэл ШШГЕГ өөрийнх нь тусгай, онцгой обект руу гадны этгээд халдан довтолж, онцгой учрал болчихоод байхад яагаад дүлий юм шиг чимээгүй байна вэ. Нийгмийн дуулиан шуугиан болсон асуудал дэгдчихээд байхад ганц ч үг ганхийхгүй байгаа нь надад гайхширал төрүүлж байна. Прокурор, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн гэмт этгээдийг цагдан хорьсон үед ийм асуудал гарч, цагдаагийн дарга нь мэдэгдэл хийж байхад хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дампуурсны илрэл. Эсвэл цагдаагийн дарга андуурч ярьсан. Ийм л хоёр асуудал байна.

-Ж.Болд гэж хүн ЦЕГ-ын дарга, генерал болоод олон нийтэд хандаж хэвлэлээр бараг л анх удаа гарч байгаа нь энэ байх. Тэгэхээр андуурч яримааргүй юм?

-Ийм хариуцлагатай албаны хүн, ийм хариуцлагагүй мэдэгдэл хиймээргүй юм гэж гайхаж байна. Тэгэхээр одоо ШШГЕГ-аас л асуулга асуумаар байна. “Танай анги өөрийнхөө харж хамгаалах ёстой тусгай объектод гадны этгээдийг ямар байдлаар оруулсан юм бэ. Үнэхээр халдан довтолсон юм уу, хуйвалдсан юм уу, сэрэмж алдсан юм уу” гэдгийг асуух. Мөн танайх ийм байдлаар оруулсан гэдэгтээ яагаад албан ёсны тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Танай байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарч байна гэдгийг сайн асуух хэрэгтэй байна. Болд даргын хэлсэн үнэхээр үнэ бол төрийн тусгай объект, хорих анги руу хэн дуртай нь дайрч, тэнд хоригдож байгаа гэмт этгээдүүдийг суллаад, чөлөөлөөд байх болж байна уу. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 30 жил ажилласан. Энэ айлд жижүүрээс нь авахуулаад одоогийн ШШГЕГ, тэр үеийн Хорих байгууллагуудыг удирдах газрын дэд дарга хүртэл албан тушаал хашиж байсан. 4-5 хорих ангийн даргаар ажилласан, мөн хорих ангийн орлогч даргаар 5 жил ажилласан. 1985-1990 онд Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид таван жил ажилласан. Тэр үед чинь нээлттэй хаалттай хорих анги гэж байгаагүй. Жирийн дэглэмтэй, чанга дэглэмтэй, онцгой дэглэмтэй хорих анги гэсэн гурван дэглэмтэй байсан. Тэнд бол хүмүүсийн аман яриа буюу энгийн яриагаар бол Монголд олон жил шоронгоор явсан болохгүй бүтэхгүй, атманууд хоригдож байсан. Хуулийн хэллэгээр бол эрүүгийн рецдиев гэмт хэрэгтнүүд хоригдож байсан. 3-22 удаагийн шийтгэлтэй 1200 орчим хоригдлыг би харж хамгаалж байсан. Тэгэхэд ийм учрал гарч байгаагүй. Хорих ангиас оргож босоод буцаж хань хамсаатнаа авахаар очиж байсан тохиолдол бол бий. Харин онцгой объектод орчихоод шоронд юмуу, эсвэл урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа нөхдийг чөлөөтэй авч явсан тохиолдлыг би үзээгүй, дуулаагүй гэдгээ дахин хэлье. Намайг Германд явж байхад Германы хорих ангийнхан “Мафийн толгойлогчоо гэмт хэргийн бүлэглэлүүд нисдэг тэргээр чөлөөлөх гэж хорих анги руу дайрч, ийм оролдлого хийсэн удаа бий” гэж хэлж байсан. Тэгэхээр үүнд нэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар албан ёсны тайлбар өгч, олон түмний эргэлзээ тээнэгэлзээг гаргах хэрэгтэй байна. ШШГЕГ болон ЦЕГ хоёрын ойлголтын зөрүү байна уу, хэрвээ зөрүү байгаа бол түүнийг нэгтгэх, олон түмэнд нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна.

-Хорих 461 дүгээр анги гэдэг чинь тухайн этгээд гэм буруутай юу, үгүй юү гэдгээ шүүхээр тогтоолгох газар биз дээ?

-Болд дарга гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг аваачиж хийсэн гэж ярьж байна лээ. Энд бол гэмт хэрэг хийсэн үгүйгээ шалгуулж гэм буруугаа тогтоолгох гэж байгаа хүмүүс хоригддог. Гэмт буруутай юу, үгүй юү гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгана. Мөрдөн байцаагч прокурорын хяналт дор тэнд байгаа улсуудыг гэмт хэрэг үйлдсэн үгүйг нотлох баримтаар тогтоох, эсвэл нотлох баримтаар үгүйсгэдэг ийм л газар. Энд орсон хүмүүсийг гадагш нь гаргаад явуулах нь бүү хэл хооронд нь харьцаа үүсгэхгүй байх үүрэгтэй, тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ийм л байгууллага.

-Гадны гэнэт халдлагад өртөхөд харуул хамгаалалт нь зэвсэг хэрэглэх эрхтэй гэдэг байх аа?

-Онцгой нөхцөлд зэвсэг хэрэглэж болно. Мөн ШШГЕГ-ын тусгай бүлэг, ЦЕГ-ын тусгай бүлгийг дуудаж хүч нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Бүр хүч хүрэхгүй бол тагнуулын байгууллагынхнаас ч хүч нэмэгдүүлэх эрхтэй байх. Ийм аюулгүй байдал бий боллоо гэдгээ удирдах бүрэлдэхүүнд мэдэгдээд анги түргэн авч, бие бүрэлдэхүүн бэлэн байдалд орох ёстой. Болд дарга “Одбаяр болон бусад нэр бүхий иргэд” гээд байгаа. Тэгэхээр хоёр, гуравхан хүн дайрч орсон болж байгаа юм. Бүлэглэн довтолж дайраагүй байдал үгнээс нь мэдрэгдэж байна. Тэгэхээр нэг л үнэмшил муутай санагдаад байгаа юм. Эсхүл Одбаярыг орох гэж байхад нь цагдаагийнхан өөрсдөө хуйвалдаад тэр объект руу орж байхад бидэн рүү довтолсон гээд гэмт этгээдийг өгөөд явуулсан байж болно. 461 дүгээр ангийн объектод ороод гадна талын хамгаалалтын шалган нэвтрүүлэх түгжээ, дотор ороод мөн харуул хамгаалалтын хаалга түгжээг нэвтэлнэ.

Энэ хоёрыг нэвтлээд орлоо гэхэд дотор камерт хоригдож байгаа нөхдүүдийн өрөө чинь бүгд хаалга цоожтой, янгинатал төмөр түгжээтэй байдаг. 3-4 давхар хаалга цоожийг давхар давхраар нь онгойлгож орно гэж байх уу. Бүгдэд нь хүч хэрэглэж харуул, харгалзагч тэр бүгдээс түлхүүрийг булаан авч, айлган сүрдүүлж урт дараалал, процесс явагдсан гэж бодохоор үнэмшил муутай харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ бол байж боломгүй бяцхан жүжиг ч юм шиг санагдахаар. “Иргэн Монголхүүг хүч хэрэглэж авч явсан” гэж мэдэгдсэн.

Монголхүүг хүч хэрэглэн авч явсан юм уу, цаад байгууллагад нь хүч хэрэглэж авч явсан юм уу гэдэг нь бас ойлгомжгүй болчихоод байгаа юм. “БГД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол ирсний дагуу Эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг ноцтой. Тэгэхээр шүүхийн шийдвэрийнхэн мөн цагдаагийнхан өөрсдөө дотроо албан шалгалт явуулах ёстой. Эргүүл жижүүр нь хэн байсан юм гээд бүгдийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Үнэхээр хүчинд автаад явж уу, хуйвалдаад, халдан довтолгосон болгоод явуулав уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Мөн 461-ийн захиргаа нь бас мэдэгдэл хийх хэрэгтэй байна. Мөрдөн байцаалтын холбоотой юмыг нь зарладаггүй юм аа гэхэд олон түмний мэдэх эрхийг хангах үүднээс албан тайлбар өгөх хэрэгтэй. Энэ онцгой учрал болчихоод ЦЕГ-ын дарга мэдэгдэл хийчихээд байхад ШШГЕГ ингээд чимээгүй байж яавч болохгүй.

Categories
мэдээ нийгэм

“Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс”

Хэмин Суним гэдэг зохиогчийн “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” нэртэй, жижиг хатуу хавтастай ном бий. Энэ Хэмин Суним гэдэг хүн бол Зэн буддизмын нөлөө бүхий багш нарын нэг гэнэ. Тэр Өмнөд Солонгост төрсөн бөгөөд санваартан юм. Мөн твиттер, фэйсбүүкийн сая гаруй дагагчидтай аж. Одоо Америкийн Лос-Анжелес хотод аж төрдөг. Уг ном 30 гаруй хэлээр хэвлэгдсэн.Номд орчлон гэж бидний анхаарал татсан тэр л хязгаарлагдмал ертөнцийг хэлдэг гэжээ. Тэрнээс бүх л орчлонг хэлдэггүй аж. Буддагийн нүдээр бүх юм будда болж харагддаг, гахайны нүдээр бүх юм гахай болж харагддаг гэгчээр бид орчлонг яаж харж, яаж мэдэрснээр орчлон тийм л байна. Бидний амьдрал ямар яаруу давчуу билээ. Их хотын шуугиант амьдрал ямар түргэн хэмнэлтэйг бид гайхширдаг. Тэгвэл та орчлон ертөнц яарч байхыг харсан уу. Та зогтусаад дэлхий ертөнцийг анзаараад үз дээ. Хүүхдээ салхилуулсан залуухан бүсгүй цэцэрлэгт хүрээлэнд сандал дээр сууж байхыг харна. Намрын шар нар нозоортол ээж, том том навчис цардмал талбай дээр унаж, хүүхдүүд хөөцөлдөн тоглож, залуу охид юуг ч юм шивгэнэлдэн толгойгоо нийлүүлэн сууна.Бид тайвширч аядуу тайван байвал орчлон ертөнц ч, нөгөө шуугиант амьдрал ч аядуу тайван л болдог. Зохиогч 30 хүрээд гурван зүйлийг ойлгосон гэж бичжээ.Тэгэхдээ аз жаргалтай байхын тулд юу хийх ёстойгоо ч ухаарсан. Нэгдүгээрт, хүмүүс миний боддог шиг намайг тэгтлээ их сонирхдоггүй. Долоо хоногийн өмнө уулзсан найзаа би ямар хувцастай, нүүрний будаг нь ямар байсан, үс гэзэг нь ямар байсныг санахгүй. Тэгэхээр тэр ч гэсэн яагаад намайг санах ёстой гэж. Бид бусдын тухай үе үе бодсон ч тэгсхийгээд мартаж өөр юм бодож эхэлдэг. Тэгвэл яагаад амьдралынхаа олон арван цагийг бусдад ямар харагдах бол гэж санаа зовох ёстой юм.Хоёрдугаарт, би бүгдэд таалагдах албагүйгээ мэдлээ. Таалагдахгүй байна гэж санаа зовох ч хэрэггүй, таны тухай хүн бүрийн бодлыг хянаж чадах ч үгүй.Таалагдахгүй бол тэр л биз, урагш харж өөрийн замаар яв. Гуравдугаарт, чин үнэндээ бидний бусдын төлөө гэдэг зүйлсийн ихэнх нь өөрсдийнхөө тусын тулд байдаг аж. Гэр бүлийнхээ төлөө залбирлаа гэхэд л тэд дэргэд нь байх чухал учраас л тэр. Будда, Есүс л биш бол хар амиа бодох энэ төрөлхийн араншингаа өөрчилж чадахгүй.Бусдын бодолд санаа зовохоо больж, зүрх сэтгэлийнхээ дуудлагыг л дага. Аз жаргалыг олсон цагт л энэ ертөнцийг илүү сайхан болгоход хувь нэмэр болно гэжээ. Түүний сургаалуудаас та бүхэндээ ганц нэгийг сонирхуулъя. Өөрийг чинь сайн мэдэхгүй хүмүүс таныг бишрэн шүтэж байвал тэд таны жинхэнэ төрхийг бус харин төсөөллийн хуурмаг зүйлээ л харж байгаа нь тэр.Ихэнх хүмүүс амьдралыг бүх зүйлтэй эцэсгүй тэмцэлдэх гэж хэлж болно.Харин гэгээрсэн нэгэн нь аливааг бүрэн дүүрнээр нь хүлээн авах тухай юм. Хорвоо үтэр түргэн өөрчлөгдөж байгаа ч юмсыг байгаагаар нь хүлээн авбал оюун санаа тогтуун тайван болдог.Орчлон ертөнцийн бүх юм түр зуурынх. Тийм болохоор мөнх бус учраас л юм бүхэн үнэ цэнэтэй байгаа юм.Эрхэм нандин агшин хором бүрийг ухаалгаар, сайн сайхан өнгөрүүл.Амьдрал театртай л адил. Танд нэг дүр оногдоно. Харин тэр дүр танд таалагдахгүй бол хүссэн дүрээ бүтээх хүч чадалтай гэдгээ үргэлж санаж яваарай.Хүн хэзээ ч хэлснээрээ амьдардаггүй. Харин өнгөрсөнд ямар байсан, түүгээрээ л амьдардаг. Хүчин чармайлтыг чинь хорвоо дэлхий таны бодсоноос ч хурдан анзаарна. Шийдэл хэлэхгүй шүүмжилнэ гэдэг шүүмжлэгч этгээд л эгогоо тэжээж буй хэрэг юм. Шулуун шударга үг бус, үнэн хайр л хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Бодлоо эерэг байлга, учир нь бодол тань үг болно. Үгээ эерэг байлга, учир нь үг тань үйлдэл болно.Үйлдлээ эерэг байлга, учир нь үйлдэл тань зуршил болно.Зуршилаа эерэг байлга, учир нь зуршил тань үнэт зүйл болно. Үнэт зүйлсээ эерэг байлга, учир нь үнэт зүйлс тань хувь тавилан болно хэмээн Махата Гандий хэлсэн гэжээ.