Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Хөвсгөлийн Цэцэрлэг суманд Суурийн Лхагва гуайтай хуучилсан нь DNN.mn

Манай хуучны их эрдэмтэд болох Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан тэргүүт хэл шинжлэлийн оргилуудаас улбаалаад үе үеийн эрдэмтэн судлаачид эх орныхоо өнцөг булан бүрт явахдаа тэр нутгийн үүх түүхийг хадгалсан хүмүүстэй уулзаж ирсэн бичигдээгүй хууль бий. Бичиг соёлын энэхүү алтан зарчмыг хадгалж мань мэтийн жулдрайнууд хаа явсан газраа эрдэнэ өвөртөлсөн өвгөд хөгшидтэй уулзахыг эрмэлздэг юмсан. Өнөө зун Монголын хууль шүүхийн домогт хурандаа нарын нэг Пүрэвийн Бадамдоржтой унаган нутаг Хөвсгөлийн Цэцэрлэг суманд нь хамт очсон билээ.

Тийн явахдаа түүх судлаач Суурийн Лхагва гуайтай уулзсан юм. Эдүгээ 80 насны өндөрлөг рүү дөхөж яваа эл буурал Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны амьд түүх болсон нэгэн. “Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх” хэмээх ном бүтээсэн. Уг бүтээлийг академич Н.Бэгз, төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш Б.Даш-Ёндон гээд олон хүмүүс баримт судалгаатай, жинтэй бүтээл болсныг үнэлсэн байдаг. Мөн Хотгойд, Чингүнжав гэхээр л чухамхүү халуун цус нь буцалдаг соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж Лхагва гуайн тухай олонтаа бичсэн нь бий. Чингисийн музейн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, академич С.Чулуун үе үе Лхагва гуайг зорьсоор очдогийг, Чингүнжавын тухай асуудгийг өвгөн хэлж байна. Ийм л нэг даруухан хүнтэй Хөвсгөлийн Цэцэрлэгт гэрт нь зочилсон маань энэ.

Эхлээд ном бүтээлийнх нь тухай, үндсэндээ Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүхийг сонирхлоо. “Намайг бага залууд хөгшчүүл нутаг усныхаа хууч түүхийг их ярина. Би энэ талаар нэлээн сонсож ном сонин хэвлэл ч захиалан уншдаг байв. Дидэнлхүмбэ уулынхаа орой дээр гарахад нутаг ус минь тал бүртээ цэлийн харагддаг. Тэгээд надад “Хотгойд нутаг минь ярьдаг сан бол мөн ч ихийг хүүрнэнэ дээ” гэж бодогддог байсан. Ингээд л хойч үедээ хошуу нутгийнхаа түүхийг баринтаглаж үлдээе гэж зорьсон. Нутгийн гарал үүсэл, хөгжил, газар зүй, цаг уур, хөрсний бүтэц төдийгүй гол ус нууруудын химийн найрлагыг хүртэл гаргасан юм шүү дээ. Сайн уншсан хүнд Хотгойдын зан үйл, ёс заншил, хүн малын өсөлт зэрэг олон зүйлийг товчлон багтаасан нь бий” гээд манай нутаг чинь Их нууруудын хотгорын болон Тагнын нуруу, Хөвсгөлийн уулсын хэсэг, Шаврын нуруу, Булнайн нуруу, Алтанхөлийн нуруу, Дэлгэрхаан, Буга-Өндөрийн нуруудын дундах эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог. Увс нуур орчмын Их нууруудын нөлөөллөөс болж цас их унадаг. Мал, малчин хоёроос асар их тэсвэр тэвчээр хатуужил шаарддагийг хэллээ.

Тэгснээ бүр нарийвчилтай ярилаа. “Сумын ихэнх газар далайн түвшнээс дээш дунджаар 2200 метрийн өндөрт оршдог учир цасан бүрхүүлтэй хоногийн тоо сүүлийн 20 жилээс харахад нэг жилдээ гэхэд 176 хоног үргэлжилсэн байна. Уул нуруудын хяраар хунгарласан цас мөс наймдугаар сард хайлж дуусдаг ба 8 дугаар сард дахиад цастай золгодог. Рэнцэнжугнай нуурын усны химийн найрлага хлорт сульфат, натри эзэлдэг, харин Сангийн далай нуур карбонатын төрөлд, Бүстийн цэнхэр нуур, Тэлмэн, Ойгон нуурууд сульфат натрийн төрөлд мөн багтана гэв. Цэцэрлэг сумын төвийн Халбангийн хөрсний шинжилгээний байдлыг үзүүлбэл… гээд газар зүйн чигээс ярилаа. Энэхүү яриаг миний бие Чингүнжавын тухай, нутаг хошууны түүхийн тухай хандуулахад ийн өгүүлсэн. “Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу Хотгойдын үндсэн хошуу бөгөөд Чингүнжавын бослого дарагдмагц түүний эзэмшил Хотгойдыг таван хошуу болгон бутаргаж, үндсэн дүүрэгч вангийн хошууны засаг ноёноор Чингүнжавыг барихад хүчин зүтгэсэн Вамбуудоржийг суулгаж, Чингүнжавын “Жүн ван” цолыг шилжүүлэн өгчээ. Улиастайд сууж байсан Манжийн хааны үнэнч зарц урвагчийн ятгалгаар Чингүнжавын ах дүүсийн хүүхэд Вамбуудорж, Дашпунцаг, Доржцэдэн нөлөөтэй хүчтэй том ноёд түүнээс урваж баривчлуулан Мажид тушаан их шан хүртэхийн дон шүглэсэн байдаг. Энэ нь Чингүнжавыг гарцаагүй уналтад хүргэсэн.

Манжийн хаан дээрх гурван ноёны зүтгэлийг үнэлж бослого дарагдсаны дараа Хотгойдыг олон хэсэгт жижиглэн хуваахад тэд нэг нэг хошууны ноёд болцгоожээ. Чингүнжавын дүүгийн хүүхэд Ринченгийн Вамбуудорж 1758 онд Дүүрэгч вангийн хошууны ноён болов. Түүнээс хойш энэ хошууны ноёд угсаа залган суусаар 1924 онтой золгожээ. Вамбуудоржийн угсаа Бишрэлт ван Довдонжамцын хүү Дүүрэгч ван Артсагар, Дүүрэгч вангийн сүүлчийн хатнаас гарсан ноёны агь Эрдэнэ ван Намхайжанцан. Эрдэнэ ван ноён хошуу нутгийг 16 жил захирч байгаад 1922 оны хаврын адаг сард нас барсан. Дашбалжир хатнаас төрсөн Сэрээнэндоржийг 10 настай байхад нь ноёны ширээнд суулгаж 1924 онтой золгосон нь тэр” гэв. Мөн Дүүрэгч ван ноёны хатан нь хошууг захирахаар эрх мэдэл булаалдаж байжээ. Хүрээн дээр хошууны хуралд ирээд, хурал захирах санаа гаргахад нь Бэгз гэдэг аграмба хатныг “төлийг чинь авах гэсэн болохоос, төрөө чамаар бариулах гээгүй, гар” гэж хурлаас хөөж байсан гэдэг. Хожим ноёны тахилч байсан Гатавранжин гэх лам хатныг нь ноёноос салгаж авч суугаад Цагаан усны Цахиуртайд амьдарч байсан” гээд бүр нарийн юм ярилаа.

Лхагва гуай Хул азаргын нурууны Тахилт гэдэг газар төрсөн хүн. Чингүнжав дайсанд бүслэгдэн Хотгойдынхоо цэргийн туг сүлдээ алдахад хүрэхэд унаж явсан хул зүсмийн азарганыхаа дэл сүүлэнд зүүж тавьжээ. Дайн дажны дараа туг сүлд дэл сүүлэндээ зүүсэн азарга нутаг бэлчээртээ гүйж ирснээр энэ уулыг Хул азарга хэмээн нэрийдэх болсон домогтой. Шадар ван Чингүнжавын шүншигтэй, Хотгойд түмний туг сүлдийг оршоосон гэх хийморьтой уулын өвөрт төржээ. Тэрээр сумын бага дунд сургууль, Сэлэнгийн Алтанбулагийн ХАА-н техникумыг авто-хөдөө аж ахуйн механик мэргэжлээр төгсчээ. 1968-1971 онд Хуягт танкийн бригадад гурван жил алба хааж, цэргийн парадад алхсан түүхтэй. “Тухайн үед Батлан хамгаалахын сайд Лхагвасүрэн генерал байлаа. Залуу жанжин танкийн баталеоны бидэнтэй ирж уулзалт хийнэ. Дандар баатар, Нянтайсүрэн баатар гээд домогт баатрууд ирж уулзалт хийнэ” гэв. Цэрэгт байхдаа улсын наадамд зодоглож Өмнөговийн Дэмүүл, Увсын Дамирангийн Баатаржав гээд хүчтэнүүдтэй зодог шуудаг атгалцаж явснаа хэлсэн. Жаран есөн онд алдарт хоёр Мөнх удаан барилдлаа хэмээн хасагдахыг дэргэдээс нь харж суусан түүхийн гэрч гэдгээ мөн ярианы сэжүүрт дуулгаад авна лээ.

Цэргээс ирээд сумынхаа “Энх-Амьдрал” нэгдэлд тракторын жолооч хийжээ. Улмаар нягтлан бодогч, цахилгаанчин, Авто хөдөө аж ахуйн ерөнхий механик, Ардын хянан шалгах хорооны дарга, мэргэжлийн хяналтын улсын байцаагч гээд бүхий л насаараа нутаг усандаа ажиллаж, ёстой өөрийнх нь хэлснээр “морь нохой” мэт зүтгэсэн байна. “Сум орон нутагт ямар л хэрэгцээ шаардлага гарна, тэр бүгдэд аавыг хот руу явуулж ажил хөөцөлдүүлнэ” гэж хүү Мөнхбаатар нь хэлсэн. “Би чинь жилдээ 10 гаруй удаа хот явна. Эхний ажлаа арайхийн бүтээгээд Мөрөнгийн төвд буухад “Дахиад хот явах ажил гарлаа, та яваад ирнэ үү” хэмээн нутгаас цахилгаан ирж, гэрийнхээ барааг ч харалгүй буцаад Мөрөнгөөсөө онгоцонд сууж байсан минь тоймгүй дээ” гээд өвгөн инээд алдаж сууна. Хөдөө аж ахуйн нэртэй эрдэмтэн, эдийн засгийн ухааны доктор, Хөвсгөл аймгийн Засаг дарга байсан Сэнгийн Лувсандаш Цэцэрлэг сумын унаган хүүхэд. Лувсандаш докторыг ХАА-н яаманд, дараа нь Намын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчийн алба хашиж байхад Лхагва гуай олон удаа очиж уулзсан байдаг. Мөн сүүлд гавьяат механикжуулагч болсон Пүрэвдорж, Даваадорж нарын хүмүүстэй ч ажил албаар халзагнаж уулзсан байдаг.

“Яамны коллегийг хүртэл хуралдуулж явлаа” гэсэн нь газар тариалангийн механикжсан салаа хоёрыг бүтээж, сум орондоо хөдөө аж ахуйн шанг онцгой татаж байснаа хэлж буй хэрэг. 1971 онд жолоочоор ажилд ороход нэгдэл нь тариалангийн 200 га талбайтай таван трактор, дөрвөн автомашинтай байсан бол 20 жилийн дараа 4500 га эргэлтийн талбайтай болж, улаан буудай, хөх тариа, арвай, овъёос, рапс зэрэг тэжээлийн ургамал тариалан өргөжсөнөөр барахгүй 46 трактор комбайнтай, 33 автомашинтай болтлоо хөгжиж, сумын бүх ажлыг техникээр хийдэг болжээ. Энэ бүхэн Лхагва гуайн гавьяа. Өнөө байн байн хот руу гүйдгийнх нь бодит үр дүн.

Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Түмэнбаярын Рагчаа Цэцэрлэг сумаас АИХ-ын депутат болсон түүхтэй юм билээ. Тэртээ далан зургаан онд Рагчаа даргыг нутагтаа ирэхэд нь Пүрэв гэж хүний хамт “Манай суманд харгана хэт их ургаж, бэлчээр муудаж байна. Харганаар тэжээл хийвэл ашигтай юм даа” гэх саналыг тавьжээ. Рагчаа дарга энэхүү саналыг хүлээн авч харгана хадагч машин, тэжээл хийх бутлагч машиныг Зөвлөлтөд захиалгаар хийлгэж, машиных нь паспорт дээр “Монгол Улс, Цэцэрлэг суманд зориулан бүтээв” гэсэн хаягтайгаар ирүүлсэн гэдэг. “Нэгдэл тэжээлийн баазтай болж, ургацын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 2.3 сая төгрөгийн ашигтай ажилласан тохиодол ч бий. ХАА-н яам, нэгдлийн холбооны дээд зөвлөлийн шийдвэрээр сум нэгдэл өөрийн хөрөнгөөр 500 га-гаас доошгүй атар газар эзэмшвэл 500 мянган төгрөг олгодог байсан. Нэгдэл маань тэр болзлыг биелүүлж урамшуулал авч байсан. Трактор 14 мянга 600, “Жаран ес” машин 16 мянга, “ЗИЛ-130” 27 мянган төгрөгийн үнэтэй байсан, тэр үед 500 мянган төгрөг гэдэг хэмжээлшгүй их мөнгө. Ингэж л нэгдэлдээ хөрөнгө оруулалт хийсэн хүн дээ, би” гэж даруухнаар өчсөн юм. Лхагва гуайг тухайн үед сайн ажилласныг үнэлэн Москва, Украин, Беларусь, Эрхүүгээр аялуулж байсан гэдэг.

Улсын төлөвлөгөө биелүүлэх албан хүнсний хэрэгцээгээр хойд хил дээр байгаа Цэцэрлэг сумаасаа урд хил Алтайн хязгаар, Говь-Алтайн Төгрөгөөс тэмээ авч байсан, гантай жил зүүн хязгаар Дорнодын Эрээнцаваас хадлангаа бэлтгээд Наушикаар тойруулж Сэлэнгэ рүү авчран улсын фондод хүлээлгэн өгч байсан гээд явдал суудлыг нь үнэндээ тоймлохын аргагүй. Тэрээр яриан дундаа сонин сонин юм хавчуулна. “Жаран найман онд манай сум айхтар зудлаад, хойшоогоо Тувагийн нутаг руу давж Хосын гол, Буур тайлаг, Бөөн мод, Онгон гэдэг уулсын өвөрт өвөлжиж байлаа. Хоёр улсын харилцан тохиролцсоны үндсэн дээр өвөлжсөн юм. Дөчин хэдэн онд чинь Тувагийн шуудан Цэцэрлэгээр дайрч хойшоо явж байсан. Манай сумын нэгдлийн орлогч дарга байсан Аюурзана гуай өртөөчингөөр нь явж байсан. Жаран хоёр онд манай сум Туватай шиф болсон юм. Монгол хөрөө рам гэж тухайн үед бараг байгаагүй шахам байхад манайх Тувагаас хөрөө рам авчирч суурилуулж байлаа” гээд яриа бүр нь сонирхол татна.

Лхагваа гуай гэргий Ц.Цэрэндолгортойгоо хагас зуун жил нутагтаа амьдарч явна. Эднийх дөрвөн хүүхэдтэй, гурван хүү, нэг охинтой. “Хүүхдүүдээ боловсролтой, шударга, шуналгүй хүн болохыг өөрөөрөө үлгэрлэсэн, бусдаар бол хэлж сургаад сүйд болсон юм байхгүй” гэж эрсхэн хэлсэн юм. Номыг дээдэлсэн, хүнийг дээдэлсэн, ажлыг дээдэлсэн, ус нутаг, эцэг дээдэс, эх орноо хайрласан энэ л халуун голомтод төрсөн хүүхдүүд нь тэгш дүүрэн амьдарч явна. Хүү Л.Мөнхбаатар нь Хөвсгөл нутгийнхаа ард түмний итгэл хүлээж УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаа сонгогдсон дархан төрийн түшээ. Эдүгээ Хууль зүйн байнгын хорооны даргын хариуцлагатай албыг хашиж буй. “Миний хүү Их хурлын гишүүн” гэж Лхагваа гуайн амнаас нэг үг ч гараагүй нь сонин. Хүүхдүүдээ дарга цэрэг, энээ тэрээ гэлгүй яг л ижилхэн үнэлж, хүндэтгэн буй нь номын өндөр соёл, жудаг журам, ёс суртахуунтай нь холбоотой болов уу.

“Таны амьдралын философи, барьж ирсэн зарчим юу вэ” гэж жаахан албан маягтай асуухад, “Ээжийн маань ганц сургаал байдаг юм. “Хүний амьдралд тохиолддог ямар ч зүйлийг хэр хэмжээгээр хайрлана, тэр хэмжээний буян тогтоно” гэж. Байгаль дэлхий хүн төрөлхтөн бурхан чөтгөр гээд хэнбугайг ч өөрийн чадах хэмжээндээ хайрла гэсэн утгатай юм. Би энэ сургаалаар хүмүүжсэний хувьд, олон түмнийхээ тусын тулд амьдралаа зориулж ирсэн. Баримтлах зарчим шунахгүй байх. Энэ амьдралдаа би шуналгүй явлаа, үүндээ бардам суудаг даа, өвгөн ах нь” гэж сэтгэл дүүрэн хэлсэн. Тэгээд “Ээж минь сургуульд ороогүй аль багаас л “Эрийн сайн хан харангуй”, “Эрхээдэй мэргэн баатар”, “Царцаа Намжил” гэх олон үлгэр домог ярьж өгдөг байлаа. Тэр үлгэр домог хууч сэлтээс сурган хүмүүжүүлэхүйн их ухаан ундардаг байж л дээ. Дээрээс нь лам Дугар, Балдорж, өвгөн Дондов гуай, Шарав, Арагмаа гээд нутгийн мэргэн, цээж цэцтэй хүмүүсийг алийг тэр гэхэв. Энэ бүхний хариуд ерэн жилийн түүхтэй сумынхаа Дашлин хийдийг сэргээж, гол шүтээн Сэндэн (Сэндом) бурхныг Бурханч лам Г.Пүрэвбат гуайгаар цаасан шуумлаар бүтээлгэн заллаа” хэмээн өгүүлсэн.

Бал даргын гарын үсэгтэй “Шилдэг ухуулагч”-ийн шагналдаа сэтгэл хангалуун байдаг, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Эрхэм дотны найз С.Лхагваадаа зориулъя” гээд “Тэсийн гол” дууных нь шүлэгт бичсэн хөгжмийн аялгуунд сэтгэл уясан байдаг, эх орныхоо хоймор нутаг Цэцэрлэгийн их уулс дунд ном бүтээлээ туурвисаар яваа хуучны сэхээтэн, Хотгойд судлалын эрхэм хүмүүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Эгэл жирийн нэг хүний түүх ерэн жилийн настай сумын түүх болон бичигдэн буй нь, алс хол сууринд даруухан амьдарч яваа буурлыг Монголын шинжлэх ухааны эрдэмтэд хүндэтгэн дээдлэх нь нэгийг өгүүлнэм буюу.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Хос шарга”-ын эзэн DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС “Хос шарга” хэмээх дууны шүлгийг туурвисан Даш-Очирын Агвааны тухай нийтлэлийг дахин хүргэж байна.


Монгол Улсын
тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд
зориулсан “Хос шарга” хэмээх дуу зохиогдсон даруйдаа л хит болсон билээ.
Уг дууны шүлгийг туурвисан эрхмийг энэ удаа “Өдрийн зочин”-доо урьсан
юм. Түүнийг Даш-Очирын Агваан гэнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр
сумын уугуул нэгэн. Аав нь сумынхаа агентаар ажиллаж байсан, морь уядаг,
хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байжээ.
Сум орон нутгийнхаа наадамд ч айраг,
түрүү багагүй хүртэж байсан гэдэг. Зочин маань эцгийнхээ гэрээсийг
биелүүлснээ ийн хуучилсан юм.

“Аав минь нас өндөр болсон хойноо
надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн
адууныхаа цусыг сэлбэх. Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх
шиг санагдах юм Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах
байна аа гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт
дулаацан суухдаа хэлж билээ. Ингээд би чинь аавынхаа амьдад захиасыг нь
биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдхэн төгрөгөө
өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо” гэв.

Мань хүн Хэнтийн Галшар болоод
Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авчээ. Тэр нь 1999
оны наадмын дараахан аж. Баянхонгорчууд Ламын гэгээнийхээ ойг тэмдэглэн,
даншиг наадам хийж байхад Агваан 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус
голын олон түмэндээ өгчээ. Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа
аваачсан байгаа юм. Ингэж хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, “Агвааны
угшил” гэсэн нэр хүртэл гараад авсан байна. Нас өндөр болсон эцэг нь
тэгэхэд ёстой нэг хөхин баясч, “Одоо л нэг миний сэтгэл амарлаа” гэсэн
гэдэг. “Аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан
гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү” хэмээн утга төгөлдөр яриа үүсгэх
ажгуу. “Баянхонгортодоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа” гэж
омогших нь цаанаа л бахархалтай.

Д.Агваан
1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийг
дүүргэсэн байна. Тэгээд Дарханд хуваарилагдсан аж. Үндсэндээ ажил
амьдралын гараагаа найрамдлын хот гэгддэг Дарханаас эхэлжээ.

Ерээд оны эхээр Эрдэнэт хот руу
шилжин, “Тахь” нэртэй компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан
гэдэг. Энэ тухайгаа “Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж
байлаа” гэж өгүүлэх ажгуу. Ерэн дөрөв, таван оны үед их хотын
айл болжээ. “Дэнжийн 1000”-д лангуу ажиллуулж байгаад одоогийн
“Бөмбөгөр” худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж
эхэлсэн гэнэ. Бөмбөгөр гэж өөрийн төрөлх сумаараа нэрлэжээ. Бас сонин юм
шүү. “Бөмбөгөр” худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар ийн
нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс
мэддэггүй билээ. “Бөмбөгөрийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч
оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан даа” гээд тэр тухай тодорхой зүйл
ярьсангүй.

Бөмбөгөрийнхөө дараа “Улаанбаатар
палас”-ын урд тал, Кёкүшюү цамхгийн дэргэд “Хөх бүрд” гэсэн худалдааны
төв нээжээ. Төрсөн газрынхаа нэрээр тийн нэрлэсэн байна. Одоо бол
“Орхон” нэртэй худалдааны төв болсныг манайхан мэднэ болов уу. Мань хүн
ингэж л бужигнуулж явсан байгаа юм. Өдгөө тэрээр “Вилмар” нэртэй
барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

Олон ч айл, албан байгууллагыг орон сууцтай болгож, гал голомтыг нь бадруулсныг дурдвал барагдахгүй ээ.

Уран бүтээлчийнх нь тухайд, олны хайртай дуу хэрхэн бүтсэн түүхээс сөхвөл сонирхолтой байх нь мэдээж. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичжээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын
төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн байна. Со
гавьяат өнөө дууных нь шүлгийг үзээд “Тэнгэр заяа” гэсэн нэр өгч сэтгэл
огшоосон сайхан мөрүүдээс дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина
гэжээ. Түүндээ ч хүрсэн гэдэг.

Харин “Хос шарга” дуу хэрхэн
бүтсэн тухай одоо тосч өгүүлье. 2007 онд юм гэнэ. Дотных нь анд нөхөр
Э.Эрдэнэчулуун нь тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад
хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. Найздаа ямар бэлэг барих тухай бодсоноо ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё гээд “Хос шарга” нэртэй шүлэг бичсэн аж. Уг шүлгээ уншихуйд
Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад, Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл
хөдөлж, эрсдэж хальсан хайран шарга аа гэсэн мөр бадагт дээрх хэлхгэр
уяачид нулимсаа арчсан гэдэг шүү. Дараахан нь уг шүлэгт Н.Баасандорж гэх
хонгор нутгийн залуу ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар
ард түмний хайртай бүтээл болсон аж.

Д.Агвааных хоёр охинтой гэнэ. Том охин
Халиун нь Орост суралцаж байгаа бол бага охин Хулан энэ жил аравдугаар
ангиа дүүргэсэн байна. Гэргий Ц.Ганцэцэгтэйгээ буудлагын спортын
тамирчин байхдаа танилцсан гэдэг. Ингэхэд “Хос шарга”-ын эзэн маань
буудлагын спортын мастер юм билээ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн
шилдэг тамирчидтай хамт уг спортод хөл тавьж байсан гэдэг ээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Айзам яруухан дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын сор болсон найрагч­дын нэгэн, Их утга зохиолын наяад оныхны гол төлөөлөгч, Монголын дууны шүлгийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалыг дуунд хайртай ард түмэн дууных нь аялгууг сэтгэлдээ бөмбөрүүлэн эгшиглүүлсээр сүүлчийн замд нь үдлээ. Сүү, нулимстай үдлээ.

Урины шувууд нуурандаа чуулалдан ирсэн хаврын энэ л торгон цагаар Түмээ ах минь бид­нийгээ, өөрийнх нь дуунд хайртай ард түмнээ, Монголын утга зохио­лыг хайрлан дээдэлдэг бүхнийг үүрд орхин одлоо. Загдын Түмэн­жаргал гарамгай найрагч, нэрт зохиолчоос гадна Монголын сэтгүүл зүйд өөрийн зам мөрөө үлдээсэн бичгийн сод нэгэн бай­лаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс сэтгүүл зүйн бүтээлүүдээ туур­виж, дараа нь “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэ­дэхүйн албаны даргаар ажил­лаж байсан. Халуун сэтгэлтэй, жинхэнэ уран бүтээлчдэд хайртай, залуусыг чин сэтгэлээсээ дэмждэг хэн бүхнийг номоо гаргахыг зөвлөдөг, ерөөс залуусын номыг өөрөө хэвлүүлээд өгдөг буянтан байсныг утга зохиол болоод сэт­гүүл зүйн үе үеийнхэн дуу нэгтэй­гээр хэлнэ.

Түмэнжаргал найрагчийн буянд олон ч авьяаслаг залуус анхны номоо гаргаж, бүтээл туурвилдаа өсөн өндийж, эрийн цээнд хүрч, их утга зохиол, сэтгүүл зүйн талбарт өөрийн гэх нэр мөртэй болсныг хүн бүр халуун дулаанаар дурсдаг билээ.

Нэрт зохиолчтой салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр өглөөний 07 цагт Соёлын төв өргөөнд байрлах Хүүхдийн номын ордонд болсон. Найрагчийн үр хүүхэд, ангийнхан, утга зохиолынх нь анд нөхөд, бичгийн мэргэд болон Монголын ард түмэн сор болсон найрагчтай салах ёс гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн байв.

Номын өргөөний гадаа энд тэнд ганц нэгхэн шувуудын жиргээнээс өөр анир чимээгүй. Хүүхдийн номын ордны хаалгаар ороход

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм…” хэмээх хүн бүхний сэтгэл зүрхэнд хадаатай явдаг дууных нь мөр бадаг санаанд өөрийн эрхгүй ургаж байлаа. Эл бүтээл Монголын ард түмний хүүхэд ахуй цагийнх нь сүлд дуулал болж, уг дуугаар бүгд хүмүүжсэн гэхэд болох юм. Хүүхдийн номын ордны хоёр давхрын танхимын хойморт түүний хөргийг болон наад талд нь чандрыг нь байр­луулсан байв. БСШУЯ-наас тусгай комисс гарган ажиллуулсан байна. Танхимд цугларагсад гунигтайхан нүдээр зохиолчийн хөргийг шир­тэн нулимсаа арчиж байсан юм. “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн лам нар хойтын буянд нь зориулж ном хурж байлаа. Бүүдгэр гэрэл­тэй танхимд хүмүүс багтахгүй цуглажээ. Танхимын зүүн талаар үзэг нэгт нөхөд, най­зууд, шавь нар нь зогссон байв. Баруун жигүүрт төрөл төрөгсөд, ахан дүүс нь хүрэлцэн ирсэн бай­лаа. Лам нарыг ном хурж дуусмагц ууган хүү Т.Дүүрэн нь түүний шарилд хүндэтгэл үзүүлэн түүний араас цугларагсад хүндэтгэл үзүүлсэн юм. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт зохиолч Б.Догмид, утга зохиол судлаач доктор, гавьяат багш Д.Галбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч С.Оюун, Г.Мэнд-Ооёо, Т.Баасан­сүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Гал­сансүх, МЗЭ-ийн шагналт зохиолч О.Сундуй, Д.Батжаргал, М.Эрдэнэ­бат, Б.Золбаяр, Я.Бадам­сүрэн болон Н.Сүхдорж, Ч.Наран­цэцэг, Батын Лхагвасүрэн нарын хүүхдийн зохиолчид ирцгээжээ. Мөн БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, төрийн шагналт, урла­гийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од тэргүүтэй хөгжмийн зохиолчид хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байв.

УДЭТ-ын хийлийн дөрвөл Норвегийн нэрт хөгжмийн зохиолч Э.Григийн “Смерть озе” хэмээх аялгууг тоглож байлаа. Хийлийн намуухан аялгуу, зулын гэрэлд хүмүүс салах ёс гүйцэтгэн нулим­саа арчин чимээгүйхэн танхимаас гарцгаасан юм. Үнэндээ л өнөөдөр шиг хүнд өдрүүд цөөхөн тохиол­доосой гэж бодогдож байлаа.

Гашуудлын цуваа 07:30 мину­тад Хүүхдийн номын ордноос Алтан Өлгийн зүг хөдөлцгөөсөн юм. Олон машинтай явахгүй гээд хоёр “ПАЗ” автобус гаргажээ. Хоёр автобусанд хүмүүс суучихаад байхад цаана 20 гаруй машин дүүрэн хүмүүс буяны ажилд орол­цохоор явлаа. Нийслэлийн цаг­даагийн хоёр машин цувааг ахалж, замын уулзвар бүр дээр замын цагдаа нар саадгүй зорчин өнгөрөх бололцоог бүрдүүлэхээр ажил­лацгааж байсан юм. Цуваа өнгөрө­хөд таарсан хүмүүс гараа хавсран залбирч байсан нь Загдын Түмэн­жаргал ард түмний хайртай найрагч билэг авьяаст нэгэн байс­ныг илтгэж байсан. Тэр Монголд төдийгүй Францад эх хэлээ зааж байсан нэгэн билээ. Түүний амжилт бүтээл ганцхан Монголдоо байгаа­гүй гэдгийг өнөөдөр ирсэн хүмүүс бүгд ярьцгааж байсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр Оросоос, хөдөө гадаанаас найз нөхөд нь ирсэн нь олон түмэндээ хэрхэн хүндлэгдэж явсны илэрхийлэл биз ээ.

Найрагчийг Алтан-Өлгийд нутаглуулахад том хүү Т.Дүүрэн эхлээд аавынхаа тухай дурсан ярив. Дараа нь ардын уран зохиолч Т.Галсан сэтгэлийн үгээ хэлсэн. Тэрээр “Загдын Түмэнжар­гал төрснөөс дутуугүй дүү, шавь минь байлаа. Анх 18 настай бор хүү хадаг барин надад шавь орж байсан юм. Их авьяаслаг, ухаантай шавь байсан. Шинэ орсон цасан дээр болжморын мөр гарах шиг утга зохиолд орж ирсэн. Олон арван ном бүтээл туурвиж ард түмэндээ үлдээлээ. Түүнийг билэг авьяасыг, сор болсон уран бүтээлийг нь Монголын ард түмэн мартахгүй ээ. Мөчир нь бүтэн мод байдаггүй, элэг нь бүтэн хүн байдаггүй хорвоо хойно миний шавь энхжингийн орондоо амгалан нойрс доо” гэв.

Түүнийг нутаглуулсан энэ газар УИХ-ын гишүүн Ц.Төмөртогоо, нэрт алиалагч гавьяат жүжигчин Д.Батсүх, зохиолч Ж.Пүрэвээс эхлэн ахмад дайчдын шарилыг өлгийдсөн газар байсанд хүмүүс “буянтай хүмүүс ингэж л таардаг байх” хэмээн өөр хоорондоо ярил­цаж байсан. Талийгаачийн хөшөө­ний чулуун дээр “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх шүлгийн мөрийг сийлсэн байв. Ийнхүү Монголын сор нэгэн найрагч эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд нойрс­лоо. Нэрт найрагчийн “Дууны хорвоо” хэмээх бүтээлд

Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдог­гүй л бил үү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зvрх дэнсэлдэггүй л бил үү

Эгшиг яруухан дууны хорвоод

Эмзэг сэтгэл бөмбөрдөөд байх юм аа

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгvй л бил үү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм аа

Мөнгөн сарны уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг санаагvй л бил үү

Сүүдэр гэрлийн алагхан заяаг

Сүүмэлзээд өнгөрөхөд гунихгvй л бил үү

Айзам яруухан дууны хорвоод

Ахин дахин төрмөөр байх юм аахэмээн өгүүлдэг, ард түмэн дуулдаг билээ л. Монголын ард түмний хайртай хүү, нэрт найрагч, бичгийн их хүмүүн, бид бүхний эрхэм дотнын нөхөр минь ээ, айзам яруу дууны хорвоод ахин дахин төрөх болтугай.

Н.ГАНТУЛГА

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй DNN.mn

Монголыг энэ олон тамирчид, дуучид, бөхчүүд, жүжигчид, хуурчид хөгжүүлэхгүй. Инженерүүд, физик, хими, одон орон гээд байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд хөгжүүлнэ. Бид оюуныг дээдэлсэн, шинжлэх ухааныг дээдэлсэн цагт хөгжил дэвшлийнхээ замд шуударна гэж “Өдрийн сонин” үргэлж бичдэг. Тэгтэл саяхан Сингапурын төрийн албыг олон жил удирдсан, Засгийн газрын бүх хариуцлагатай албыг нь хашиж ирсэн Лим Шион Гуан гэдэг хүний хэлсэн үг олон нийтийн сүлжээгээр тарлаа. Тэрээр “Унаж яваа үндэстний баатар нь төрийн хүн, ухаантнууд удирдагчид биш тамирчин, дуучин, жүжигчин болдог” гэж хэлсэн байна. Яг л бид бүхний барьдаг чиг шугам, бодлогыг гарцаагүйгээр хэлжээ. Сингапур бол банк санхүүгийн гол төв, орон сууцны төлөвлөлт, хот байгуулалт зэргээрээ олон улсын жишиг хот гэж яригддаг, Азид төдийгүй дэлхийд хөгжлөөрөө манлайлсан ийм орон.

Ийм орныг удирдаж ирсэн төрийн хариуцлагатай эрхэм олон улсын бололтой хурал зөвлөгөөний үеэр ингэж хэлжээ. Үнэхээр уруудан доройтож, мөхөж яваа үндэстний ардын баатар нь үндсэндээ бодлого гаргадаг хүн нь эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтэн буурал профессор академичид, оюуны оргилууд биш спорт, урлаг соёлынхон болдог гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсаар ирсэн. Дуучид, тамирчид, бөхчүүд, жүжигчид гэдэг бол бодлого гаргадаг, шуудхан хэлэхэд хөгжил авчирдаг хүмүүс биш. Тэд хувь хувийнхаа уран бүтээл, өөрсдийнхөө сонгосон зам мөрөөр хөдөлмөрлөн гаргасан амжилт ялалтаа зөвхөн өөрсдөө хүртэж амиа хоохойлдог ийм л хүмүүс.

Тэгэхээр Монгол Улс бодлого гаргадаггүй, баялаг бүтээдэггүй, улс орны хөгжилд ямар ч тус нэмэргүй гэж хэлж болохоор тийм хүмүүсээ шүтээд, бахархан дээдлээд, хамгийн гол нь тэдэнд төрийн жолоог атгуулсаар ирсэн нь харамсалтай. Өнөөдөр улс орны хэмжээнд хичнээн аймаг сумыг бөхчүүд, тамирчид удирдаж байгааг бид бүгд мэднэ. Архангай, Булган, Говь-Алтай, Өмнөговь гээд ихэнх аймгийн Засаг дарга нар бөхчүүд. Ямар сайндаа аймгуудын дарга нарын уулзалт Төрийн ордонд болоход “Энэ чинь одоо бөхчүүдийн цугларалт юм уу” гэсэн яриа гарч байсан. Ингэж Монголын төр толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж ирлээ. Бид жүдогийн дэлхийн аваргатай боллоо гээд хөөрцгөөж байна. Би энд хувь хүний амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Дэлхийд аваргална гэдэг мэдээж бахархал байлгүй яахав.

Гэхдээ өнөөдөр дэлхий юуг хүлээн авч, хүлээн зөвшөөрч байгааг бид ухаалгаар бодох ёстой. Яг үнэндээ Монголоос спортоор хичнээн ч дэлхийн аварга тодорно, хүн төрөлхтөн тэгтлээ тоохоо больсон. Спортын тухайн төрлийг сонирхдог тодорхой хүрээнийхэн л мэднэ байх. Дэлхий өнөөдөр оюун ухааныг шүтэж дээдэлж байгаа. Манай нэг эрдэмтэн одон орон, геофизик, хими, математикийн шинжлэх ухаанд ямар нэгэн эргэлт авчирлаа гэхэд дэлхий анхаарна. Сансрын шинжлэх ухаан, хиймэл оюун ухаанд, эс бөгөөс Нобелийн шагналтан тодорч байж дэлхийн цөм Монголыг сая анзаарна. Түүнээс нэг тамирчин, нэг бөх дэлхийн тэмцээнээс шагнал авчихаад Монголынхоо нэрийг дэлхийд мандууллаа гэдэг бол өрөөсгөл ойлголт болсон. Бид яалт ч үгүй дэлхийн хөгжлийг дагаж, супер гүрнүүдийн туулж ирсэн зам мөрөөр замнахаас өөр гарцгүй.

Хүн төрөлхтөн өнөөдөр ангараг гариг дээр амьдрал цогцлоож, сарыг эзэмших тухай ярьж байна. Гэтэл бид газар сайгүй шавар хөшөө босгосоор бөхөө шүтсээр, дуулж хуурдаж, наргиж наадаж, физик хими, шинжлэх ухаан хэрэггүй гэж мунхагласаар, мухар сүсгийн балчиг намагтаа живж шигдсээр байх уу. МУИС-ийн химийн ангийг өнөө жил хоёрхон оюутан төгссөн. Тэр тухай О.Болормаа доктор манай сонинд халаглан ярьсан. Химийн шинжлэх ухаан хүний амьдралд гол суурь дэвсгэр нь гэдгийг монголчууд мэдэхгүй байна гэж үү. Физикийн ангид элсэх оюутан олдохоо байлаа гэж мөн эрдэмтэн багш нар хэлдэг. Шинжлэх ухааны гол цөм болсон физик, химийн салбар ийнхүү хүнгүй болсон бол бөхийн сургууль, соёл урлаг хөгжмийн, мөн хууль эрх зүй, сэтгүүл зүй гээд нийгмийн чигийн сургуулиуд элсэгчдээ багтааж ядан дүүрч байна.

Энэ бүхэн бол манай улс мөхөхийн цондон.Уруудан доройтож яваа үндэстний шинж. Бөх болохоор, тамирчин болохоор, дуучин, хуурчин, жүжигчин, хошин шогчин болохоор хошуурцгааж байгаа мянга мянган хүүхдүүдэд буруу гэж байхгүй. Бөх болвол асар их хүндтэй болдог юм байна. Нэг жилийн наадамд түрүүлэх юм уу, өндөр цолонд хүрэхэд тэгээд л шууд тэрбумтан болчихно. Тамирчин болоод дэлхийгээс ганц медаль авахад төрөөс насныхаа хоолыг идчихнэ. Жүжигчин юм уу, дуучин, хошин урлагийн хүн болчихвол хүн бүхэн хүндэтгэсэн, маш их нэр хүндтэй, мөнгө ихтэй, баян амьдарч болох юм байна гэх ийм ойлголтыг хүүхэд бүрийн сэтгэхүйд Монголын нийгэм бүр системтэйгээр гэж хэлж болохоор суулгаж байна.

Дээрээс нь бид хүнээ ялгаж таньж сурах хэрэгтэй байна.Хэрүүлчээ ухаантай гэж үздэг тухай хуучны үг бий. Үнэхээр л хэрүүлчээ ухаантай мэт үзсэн, тэднийг даган дуурайсан ийм увайгүй, унхиагүй, хийж бүтээх биш хий дэмий шүлсээ үсчүүлсэн, ажил хийдэг хүнгүй үндэстэн болчихоод байна. Монголын нийгэмд шударга дүр эсгэж, олон түмнийг өөр рүүгээ хошууруулсан, бидний магтаад байдаг бүхэн цаанаа ард түмний төлөө биш өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө байдаг. Зүгээр л үнэнч шударгын дүрд тоглосон жүжигчид байдаг. Энэ бүх тавилттай жүжгийг бид өдөр бүхэн үзэж хууртаж байна. Тэгэхээр Монголын ард түмэн минь, монгол үндэстэн минь одоо хэрсүүжих, аливаад углуургатай, бодолтой бодлоготой хандах цаг нь иржээ. Ар Монгол буюу төв монгол нь өмнөд, хойд, буриад Монголынхоо диваажин нь байх ёстой гэж хэдэн жилийн өмнө манай сонин бичиж байсан. Бид өнөөдөр монгол үндэстний гал голомт гэдгээ илүү их мэдэрч байна. Хойноос цагаачид яаж зугтан ирж буйг харж байна.

Одоо монгол үндэстний байр сууринаас голчтой, нуруутай хандмаар байна. Аль юм болгон “орос ах нар” гэж хойшоогоо налж наалинхайтан долгинож гүйх юм бэ. Орос бидэнд түүхэндээ ах шиг хандаж байгаагүйг одоо хүртэл мэдээгүй яваа нь эмгэнэл биш үү. Энэ бүх үйл явц монголчууд биднийг биеэ даасан тусгаар улсын зангаргаар явахыг хэлээд байна. Ухаалаг, хэрсүү, өөрийн гэх бодолтой байхыг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бид бүхэн өөрсдөдөө итгэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд яах вэ гэхээр оюун ухааныг, шинжлэх ухааныг дээдэлсэн бодлогыг ард түмэнд хөрс сууриар нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академи үүнд гол суурь нь болж оролцох ёстой. Бага сургуулиас нь аваад хүүхдүүдэд инженерийн мэргэжил мундаг, физик хими, байгалийн шинжлэх ухааны хичээл онцгой гэдгийг бүр сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй.

Д.Урианхай, Баабар, Цэнддоо, Г.Аюурзана, философийн Батчулуун гээд энэ цагийн сэтгэгчдээр лекц уншуулах, Ж.Гүррагчаа баатар тэргүүтэй цэрэг армийн зүтгэлтнүүд, генералуудаар мөн лекц уншуулах, Физикийн Х.Намсрай, К.Цоохүү, Ж.Даваасамбуу, химийн Б.Пүрэвсүрэн, одон орон геофизикийн С.Дэмбэрэл, физик математикийн О.Чулуунбаатар, Т.Жанлав гээд нэртэй академич нарын лекцийг оюутан сурагчид төдийгүй нийгэмд бодлогоор зогсоо зайгүй явуулдаг баймаар байна. Ард түмнээ гэгээрүүлж, өөрсдөд нь итгэх итгэлийг төрүүлж, зоригжуулах нь юу юунаас чухал болжээ.

Ингэж байж бид дэлхийн дайдыг эзэрхийлж байсан агуу улс гүрнийхээ түүх рүү бага ч гэсэн дөхнө байх. Сүүлийн 300 жил монголчууд гадны түрэмгийлэлд байсны хор уршиг ийм хүлцэнгүй, хулчгар, өөрсдөдөө итгэдэггүй аймхай дорой ард түмэн болчихсон. Одоо бид зоригжих, хэрсүүжих, оюун ухааны хувьд сэргэн мандах цаг маань ирсэн. Тэгж гэмээнэ өөрсдөдөө итгэсэн өөрийн гэх бодлоготой оюунлаг үндэстэн болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Их хувь заяа”-ны эзэн Лхагвын Эрдэнэбулган DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2016 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26-НЫ АРХИВЫН НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.



Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулганыд өнжлөө. Эл эрхмийг Монголын театр урлагийн нэртэй найруулагчаас гадна “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрээр ард түмэн сайн мэднэ. Хэлэх үгээ хэнбугайгаас ч айж эмээлгүй хэлж, шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй ясны чанар түүнээс мэдрэгддэг. Хатанбаатарынхаа дүрийг кино урлагт төдийгүй түмэн олны сэтгэлд мөнхөлж үлдээсэндээ сэтгэл дүүрэн амьдарч яваа нэгэн.

Өнгөрөгч амралтын өдрөөр “Танайд очиж өнжих гэсэн юм. Навчаа эгч та хоёртой жаахан хууч хөөрч сууя. Ажлаа зохицуулна уу” гэхүйд таатай хүлээж авсан. Дөрөвдүгээр хорооллын цэнхэр есөн давхрын хоёр өрөө байрандаа ханайгаад зогсож байна.

Сав л хийвэл “Их хувь заяа” гэж хэлэх дуртай эрхэм гавьяатын он жилүүдийнх нь алтан дурдатгалыг сөхөж, зочны өрөө гал тогоог нь дамжин эргэлдэж бүхэл өдрийн турш яриа дэлгэлээ. Эхлээд “Танайх чинь энэ байранд удаж байна уу” гэхэд “Манай Нацагдоржийн авч өгсөн байр шүү дээ. Ерээд оны эхээр орсон доо” гэв. “Үүлэн заяа” дууриас аваад олон сонгодог дуурь, симфони туурвисан хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн Дуурийн театрын дарга байхдаа хөөцөлдөн байж авч өгсөн байр юм гэнэ. Л.Эрдэнэбулган найруулагч “Танай дуурийн театрын ерөнхий найруулагч орох оронгүй” гэж Нацагдорждоо хэд хэдэн удаа агсам тавьж байж байртай блсон гэж байгаа. Тэрхүү үүх түүхээ хуваалцаад инээд алдаж сууна.

Уяа дүүрэн морьд багшраастай гэдэг шиг өнжиж буй айлын маань эзний туулж ирсэн зам мөр баялаг сайхан. Нэгээхэн дурсамжийг нь тэмдэглэхэд л сонины нэг нүүрийг эзэлчих жишээний. Тийм л багцаа анзаарагдаж байлаа. Далан есөн онд Далай лам Монголд анх ирэхэд мань хүн хүндэтгэлийн концертыг нь найруулж байжээ. Сүсэгтэн олон Далай багшийн гишгэсэн шороог нь хүүдийлж авах нь холгүй бужигнацгааж, давхар давхар хамгаалалт гарсан гэнэ. Яг ийм үед төрийн шагналт зохиолч Чойжилын Чимид гуай Эрдэнэбулган найруулагч руу ярьж “Өнөөдөр чамаас том хүн Монголд алга. Ахыгаа Далай ламаас адис авахуулаад өгөөч” гэж хэлжээ. Хамгаалалтынханд “Манай концертод орох зочин” гэж Чимид гуайг хэлээд Далай багштай уулзуулснаа дурсав. Тухайн мөчид Далай лам Бал даргатай уулзаж байсан гэдэг юм. Сүүлд, хоёр мянга зургаан онд Далай лам ирэхэд нь уулзаж, зургаа хамт авахуулснаа хоймортоо байрлуулсан харагдана. Тэр жил мань хүн “Үхэж үл болно Чингис хаан” кино хийхээр ааг амьсгаа дээр явсан үе. Далай багшийг анх ирэхэд нь дархан эрхтэй байсан хүн наян нэгэн онд Жүгдэрдэмидийн Гүррагчааг сансарт нисээд ирэхэд мөн л хүндэтгэлийн концертыг нь найруулах хүндтэй үүрэг хүлээжээ. “Зөөлөн цагаан цас малгайлан бударсан намуухан орой байлаа даа” гэж сансрын нисгэгч хүүгээ угтсан цаг мөчийг сэтгэлдээ эргэн санаснаа түс хийтэл инээд алдах нь тэр.

“Филатова авгайд ч би алуулах дээрээ тулсан шүү. Дандар ах, Дорж хоёроос нэг болж билээ” гэв. Юүв гээд сонирхтол сансрын нисгэгчийн хүндэтгэлийн концертод манай хүн Монгол Улсын баатар Лодонгийн Дандар, төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж нарыг оролцуулсан байна. Дандар баатар гурван минут үг хэлэх, Дорж найрагч мөн гурван минут шүлэг унших сценаритай байж. Тэгтэл баатар 16 минут үг хэлж зочдыг чилээсэн байна. За яадаг билээ гээд айдастай байтал залгуулаад Зундуйн Дорж бүтэн 20 минутын турш урт найраглал уншжээ. Ингээд өөрийнх нь хэлснээр өнөө концерт будаа. Маргааш нь Филатова дуудсан байна. Өрөөндөө их л ууртай “Чи яаж байгаа юм” гээд цамнаад унаж. Хэлэх ч үггүй зогсч байтал Баатарцогт сайд “Дандар баатар, Гүррагчаа, Дорж найрагч, Эрдэнэбулган энэ дөрөв нэг довны хүмүүс. Аргагүй сэтгэл нь хөдөлсөн байлгүй” дээ гэж хэлээд амь аварч байсан түүхтэй.

“Та чинь Дагвын Лувсаншарав гуай, Чадраабалын Лодойдамба гуай хоёрыг ихэд хүндэтгэдэг юм билээ. Сургууль соёлын бараа харж, найруулагчийн мэргэжил эзэмшихэд тэр хоёр лут багана түшиг болсон нь мэдээж” хэмээн асууж орхив. Тийн хэлэхтэй зэрэгцээд хоёр нүдээ сүрхий гэгч нь гурвалжилж ирснээ “Ачит хоёр багш минь” гэж амандаа тарни мэт хэлээд энэхэн амьдралын босгоор хэрхэн алхсанаа дурссан билээ. “Намайг төрөөд арван гуравхан хонож байхад айлд өргүүлсэн байдаг. Нутгийн лам багш ижий, аав хоёрт минь тэгж хэлж л дээ. Хоёр хүүхэд дагаар тогтоогүй учир айлд өргүүлэхээс аргагүй болсон байна. Би чинь Толя гэдэг орос нэртэй байлаа шүү дээ. Орос хүн эх барьж авсан учир тийм нэр өгсөн юм билээ” гэв. Өргөж авсан аав Дашдаваа нь урлаг, уран сайханд авьяастай хүн байжээ. Гучин долоон онд Монголын жүжигчид Москвад очиж тоглоход бүрэлдэхүүнд нь багтан явсан түүх ч бий гэнэ. Аав нь хүүгээ хөтлөөд аймгийн клубийг зорьдог, “Сандо амбан” зэрэг жүжигт тоглож явсныг дурсаад “Би төрсөн удмаасаа биш тэлсэн удмаасаа дөрөө өлгөсөн юм болов уу даа” хэмээлээ.

Түүний Лууяа багштай нь учран золгуулах замыг зөөллөж өгсөн ач буянтай хүмүүс бол алдарт дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, хожим нь бүх цэргийн чуулгын “ногоон” гэж олноо танигдсан Очирбат нар юм билээ. Монголын залуучууд оюутнуудын анхдугаар их наадмын давалгаа орон даяар өрнөсөн цаг буюу тавин есөн онд дээрх эрхмүүд Булган аймагт очиж ардын авьяастныг шалгаруулахад ирээдүйн Баатар ван нүдэнд нь өртсөн удаатай. Хотод ирээд байх үед нь Улсын төв театрын боловсон хүчний дарга Лувсанцэнд гэдэг хүн “Булганы сохор Толя гэж чи юу” гэж сүрдмээр асуугаад “Лувсаншарав багш дуудаж байна” гэжээ. Юун хүн яах гэж дуудаж байгааг нь мэдэлгүй дэгдэж явахдаа Толя хүү театрын өндөр довжоон дээр таварцаглаж нүүрээрээ газар харуулдан улаан халзан амьтан Лувсаншарав гэх өндөр нуруутай дэгжин цагаан залуутай уулзаж байсан гэдэг.

“Жаран он гэдэг чинь Монголд сонгодог урлаг дөнгөж бүрэлдэн тогтож нүүдэлчин ахуйгаас өрнийн соёл руу орох гэж хичээж зүтгэж байсан цаг. Агуу их Билгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж, Самбын Гончигсумлаа, Ламзавын Ванган, Сангийн Гэндэн нарын билиг авьяас эрдэм чадал нь ид жагсаж явсан үе дээ. Нэр нь хүртэл домог мэт санагдах энэ хүмүүстэй ажиллаж амьдарна гэдэг ховорхон хувь тавилан юм шүү. Хорь дөнгөж хүрсэн хөдөөгийн бор хүү театрын босгоор алхан ороход алдарт Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, “Нүгэл буян” киноны Тоохуар буюу Д.Ичинхорлоо гуай, “Сэрэлт”-ийн Бумаа буюу Түдэвийн Цэвээнжав, Хөдөлмөрийн баатар алдарт Гомбосүрэн гуай гээд үлгэр домог шиг яригддаг хүмүүс өөдөөс минь угтаж авсан. Манай найрал дууны ангид дөчөөд хүнтэй байлаа. “Ардын элч”-ийн Дарьбазар буюу Ж.Занабазар, Дүлзэн буюу Бавуугийн Готов, Ариунаа буюу Цэвэлсүрэн гээд тухайн үеийн шилдгүүд чихэлдэн зогсож байв гэнэ.

Эрдэнэбулган гавьяат олон зүйл дээр өөрийгөө “Их хувь заяаны эзэн” гэж тодорхойлох нь бий. Түүний нэгэн бол хорьдугаар зууны манлай дуу, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд төрийн дуулал шиг нь хоногшсон алдарт “Халуун элгэн нутаг”-ийг анх дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн гавьяа юм. “Нэг өдөр хичээлийн дараа Лууяа багш өрөөндөө дуудаад “Яг одоо Намсрайжав дээр яваад очоотох” гэв. Би тэр хүнийг нь таних ч үгүй, хаана суудгийг нь ч мэдэхгүй. Хүнээр заалгаж аваад гарлаа даа. Одоогийн Гадаад яамны баруун талын саарал байшин. Хуучнаар бол хөгжмийн зохиолчдын хорооны байр. Нэг өрөөнд яваад ортол хоёр хүн уриалгахан угтаж авлаа. Тэр нь алдарт Цэгмидийн Намсрайжав, Жамцын Бадраа гуай нар байжээ. Ингээд надад “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг өгч, аль газар нь, ямар нотон дээр эгшгийг яаж дуудах, гийгүүлэгчийг хэрхэн хэлбэл чихэнд сонсголонтой байх талаар нэг бүрчлэн зааж өглөө. Хоёр, гурван цаг хэртэй ноцолдоод ерөнхийдөө сурчихлаа. Маргааш өглөө арван цагт ирээрэй гэхэд нь гуяа алгадах нь холгүй гарч гүйсэн дээ. Тэр үед Улсын баатар Данзанваанчигийн хүү одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн Ухнаа, уурхайчин Сандагдорж гуайн хүү Самбуу бид гурав театрт амьдарна. Одоо гутлын өрөө болчихоод байгаа нэг ч цонхгүй жижигхэн өрөөнд гурвуулаа орж унтаад өглөө нь ус ууж, боорцгоо идээд л гардагсан” гэв. “Түмний нэг” кинонд Чимид багш “Халуун элгэн нутаг” дууг дуулаад хээр талаар морьтой галигуулж явдаг хэсэг гардаг. Энэ нь алдарт Эрдэнэбулганы дуу хоолой уг кинонд мөнхрөөд зогсохгүй ард түмний сэтгэлд мөнхөрсөн нь тэр. Мөн жилийн жилд Монголын тал нутагт алтан намар ирснийг зарлан тунхаглаж “Ургацын далай” эгшиглэдгийг бид мэднэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддоржийн хөгжим энэ дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн хүн бас л өнжиж буй алын маань эзэн.

“Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн тэрээр хэлж байна. Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын наймдугаар их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Толя хүүг Лууяа багш нь оруулж Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. Гадаад явах болж паспорт авахаар хөл хөөр болтол орос нэртэй хүнд өгөхгүй гэсэн асуудал босчээ. Аргаа барахдаа Даваадорж ах дээрээ гүйж очин нэр асуухад “Хол явах хүнд нутгийн чинь уулс хань болно. Эрдэнэт, Булган хоёр уулынхаа нэрийг нийлүүлээд Эрдэнэбулган” гээд бичүүлчих гэсэн гэдэг. Бас л уярам сайхан түүх. Баатар вантай хуучилж суухуйд гэрт нь нэг бүсгүй охиноо дагуулан ирж, гал тогооны өрөөнд гэргийтэй нь сүрхий хуучилсан нь Даваадорж ахынх нь охин гэнэ. Эгэл жирийн сайхан ах нь дүүгийнхээ алтан харгуйг төрсөн нутгийнх нь уулсын нэрээр адислажээ гэж эрхгүй бодогдсон юм.

“Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл Элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хязгааргүй ихээр баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж Эрдэнэбулган ах нүдэндээ нулимс цэлэлзүүлж ирээд хэлж байна. “Софи хотод би яг таван жил найман сар болоод улаан диплом өвөртлөн нутагтаа ирсэн юм. Энэ хугацаанд эх орондоо нэг ч удаа ирээгүй дээ” хэмээн урлагийн дээд сургуулийнхаа таван жилийн түүхийг баяр баясгалантайгаар өгүүлэв.

Зочны өрөөнд ийн хуучилснаа үргэлжлүүлэн гал тогооны өрөө рүү шилжлээ. Навчаа эгч сайхан гэгч бууз хийчихэж. Баатар вангийн гэргий бол Ташкентад сургууль дүүргэж ирсэн Монголын анхны балетчдын нэг юм. Нэгэн цагт дуурийн театрын тайзыг эзэгнэж явсан түүний “Испани бүжгийн цомирлог”-ийг үзэх гэж театр руу олон хүн хошуурч байсан дуулддаг. Аав нь Даш гэж Эрхүүгийн буриад байжээ. Аав нь болоод өвөө нь хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан байна. Аавыгаа шоронд эмээтэйгээ очиж эргэж байснаа Навчаа гавьяат дурссан. Тэрээр Аюур гэж өвөөгийнхөө нэрээр овоглосон юм билээ. Далан гурван онд гавьяат цолыг циркийн жүжигчин, Монголын домогт аваргуудын нэг Дарийн Дамдинтай хамт хүртэж байснаа мөн л ярианы завсар хэлээд авсан. Ташкентад сургууль дүүргэсэн балетчид гэвэл ардын жүжигчин Ганбаатар, гавьяат Туул, ардын жүжигчин Зангадын гэргий Нина гээд олон хүний нэр бичигдэнэ. Нина тэр хоёр дотнын найзууд. Зангад дуучны Эрдэнэбулган гавьяатын ээжийнтэй гэр ойр байсан зэрэг нь хоёр гавьяатыг учруулахад дөхөм болсон нь мэдээж. Зангад дуучныд Навчаа гэж балетын гоё охин үе үе ирдгийг гадарласан Эрдэнэбулган араас нь хөөцөлдсөөр өөрийн болгож авчээ. “Хөгшинтэйгөө жаран есөнд онд нэг гэрт орсон. Тавь шахам жил ханилж байна. Би чинь Навчаагийн хүчинд өдий зэрэгтэй яваа хүн” гэж Баатар ван хоолны ширээ хавьд үнэнээ хэлээд авна лээ.

Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, хөдөлмөрийн баатар Б.Зангад тэд гэр бүлийн найзууд гэнэ. Жийгээ Зангад хоёр нь сайхан гэргий нараа дагуулаад Дуурийн театрт болсон Эрдэнэбулганыхаа “Их хувь заяа” номын баярт оролцож, халуун бүлээрээ уулзалджээ. Бидний ярианд үе үе оролцож, тэгэхдээ Эрдэнэбулган гавьяат он сар, хүний нэр ус, бүтээлийн нэр зэргийг сүрхий тайлбарлан өгч байсан хүн охин Болормаа нь юм. Театр судлаач мэргэжилтэй тэрээр хойно хоёр ч дээд сургууль төгссөн байна. “Доржсамбуугийн үед театрт овоо юм хийдэг сайн ч бичдэг байсан. Хүмүүс ч тэр хэрээр тоож, өсөх ирээдүйтэй гэж үнэлдэг байв. Гэвч тэр авьяас нь Доржсамбуутай хамт алга болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ганц ч үзэг цаас нийлүүлсэнгүй дээ” гэж Эрдэнэбулган гуай дурамжхан хэлсэн юм.

Лхагвын Эрдэнэбулган гэж эл эрхмийг “Учиртай гурван толгой” дуурийн халхын сайхан Юндэнгийн дүрээр үзэгч олон мөн л мэднэ. “Аргил хоолойтой эрэгтэй дуучин бүхний хүсэл мөрөөдлийн дүр болох Юндэнд 320 удаа тоглож дуурийн театрын тайзнаа “Эрдэнэбулганы” гэх тодотголтой Юндэнг амилуулж чадсанаараа гавьяатай” гэж Сономдэлэгийн Сумъяа “Их хувь заяа” номондоо онцолсон нь бий. “Би чинь “Учиртай гурван толгой”-д тоглож байхдаа нийтдээ арван гурван Нансалмаатай суусан хүн шүү дээ” гэж хөөрхөн хөгжөөгөөд авлаа. Мань Юндэнгийн анхны “ханилсан” Нансалмаа нь “Ардын элч”-ийн Ариунаа буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Цэвэлсүрэн гуай ажээ. Тэрээр хагас зуун жил шахам дуурийн театраар овоглохдоо Лууяа багшийнхаа “Хан бүргэд” дуурийн Дэмчигбалын дүрээс аваад Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”-ын Галдан түшмэл, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Сүхбаатар, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ш.Гуно “Фауст”-ын Валентин зэрэг Монголын болоод дэлхийн сонгодог дуурийн дүрийг бүтээсэн нэгэн. Театр урлагийг эзэгнэж, дээрээс нь кинонд тоглож, олон сайхан дууг мөнхөлсөн энэ ханагар эр дэндүү олон нөхөдтэй хүн. Ардын зураач Чойжилын Гунгаасүх, урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт удирдаач Чойжилсүрэнгийн Жамсранжав тэр гурвыг нэгэн цагт театрын шадар гурав хэмээн нэрийдэж байсан удаатай.

“Говийн зэрэглээ”-ийн Арслан буюу нэртэй найруулагч Гүрсэдийн Доржсамбуутай Киевийн кино драмын ангид хамт сурч байснаа Эрдэнэбулган найруулагч ярих дуртай юм билээ. Энэ нь Арсландаа жигтэйхэн хайртайн илрэл. “Киевт нэг жил хамт сураад Ленинград руу явах болоход Доржсамбуу маань вокзал дээр гаргаж өгөхдөө уйлаад үлдсэнсэн. Тийм л уян зөөлөн хүн байсан. Гаднаас нь харахад улсын заанаас нэг их дутахааргүй бие хаатай. Харин ойртож нөхөрлөөд элгэмсэж ханьсаад ирэхээр тэнтэр тунтар алхаж яваа хүүхэд шиг тийм хүн байж билээ. Миний бие “Учиртай гурван толгой” хэмээх Монголын анхны хөгжмийн уран сайхны киног хийсэн юм. Уг киноны зураг авалтыг хийгээд Тэрэлжийн аманд зусаж байхад Доржсамбуу маань бас л нэг инээдмийн кинотой ноцолдоод мөн л Тэрэлжийн нэг амыг эзэгнэж байж билээ. Ерэн дөрвөн оны наадмын урд өдөр буюу долоон сарын арванд театр дээр Эрдэнэ дайчин ван Ханддоржийн тухай гурван ангит кино хийхээр сэтгэл шулуудан байхад Доржсамбуу хүрээд ирлээ. Ойрд уулзсангүй гээд сүйд болцгоов. Өнөөх маань “Эрдэнэбулган чи надад нэг стакан архи өгөөч” гэнэ. Миний шүүгээнд ганц юм байнга байдгийг мань хүн мэднэ л дээ. Бүр болохоо байсан үедээ надад загнуулж байгаад түүнийг гаргуулж санаа нь амардаг хүн. Тэр удаад ч би хатуурхаад байж чадалгүй нэг юм задлаад стаканы талаар хийгээд өгтөл “үгүй ээ, би чамаас бүтнийг л уумаар байна” гэнэ. Би бас дуугүй байж чадалгүй ганц хоёр юм хэлж байгаад дүүргээд өглөө. Өгснийг маань үг дуугүй татчихаад нэмж уусан ч үгүй. Тэгээд өнөөхөө гаргаж өгөх санаатай доошоо буутал үүдэн дээр төрийн гурван өндөрлөгтэй таарав. Наадмын хүндэтгэлийн концерт эхлэх гээд бужигнаж байсан үе л дээ. Ерөнхийлөгч П.Очирбат “Пөөх, Монголын хоёр лут амьтан гараад ирлээ” гээд сүйд боллоо. Бид хоёр ч мэнд ус мэдэлцэж баяр хүргэлээ. Мань хүн яг хаалгаар гарахдаа чи миний духан дээр ганц үнсчих гээд өнөө том халзан духаа өгдөг юм байна. Энэ бол Доржсамбуу бид хоёрын сүүлчийн уулзалт байсан. Маргааш өглөө нь наадам эхэлж байхад Доржсамбуу харвачихжээ гэж цочир мэдээ дуулдсан. Тэгээд ухаан оролгүй хорин нэг хоноод өнгөрсөн шүү дээ. Инээгээд л ороод ирэх юм шиг санагдаад нэг хэсэгтээ л сэтгэл хоосроод хэцүү байж билээ… Арслангаа ийн дурсаад арайтай л мэлмэрүүлсэнгүй.

Бидний яриа хөвөрсөөр “Их хувь заяа” буюу “Хатанбаатар” руу алгуурхан урсан орлоо. Номыг нь туурвисан Сумъяа гэж алаг нүдэн бүсгүй хэдийнэ ирчихсэн, найруулагчийг “аав” хэмээн хүндэтгэн дуудах ажээ. “Далан онд Орост сурч байгаад амралтаараа ирэх үед нь Г.Жигжидсүрэн найруулагч таараад би ардын Хатанбаатар Магсаржавын тухай кино хийх гэж байгаа юм. Өөрийг чинь Хатанбаатарт тоглуулна гэв. Урьд нь Лодойдамба гуай намайг “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэд зүтгүүлсэн боловч Р.Доржпалам гуайд гологдсон юм. Тиймээс кинонд жаахан сүжиг муутай байв. Ингээд дахиж уулзсангүй. Хоёр жил шахам таг чиг. Больсон юм байлгүй дээ гэж бодож явлаа. Тэгтэл гэнэт нэг өдөр кино үйлдвэр дээр дуудлаа. Яваад очтол С.Гэндэн гуай, Д.Чимид-Осор гуай гээд мундгууд бүгд л байна. П.Цэрэндагва гэж өргөн шанаатай ширүүн харцтай нөхөр манлай баатар Дамдинсүрэнгийн дүрд тоглоно гэнэ. Жигжидсүрэн найруулагч гэдэг чинь тэнд хаан шиг ханхалзсан амьтан. Орсон гарсан бүхэн толгой бөхөлзөнө. Би ч мэдэхгүй юм руугаа нүд аниад давхиад орчихлоо. Хуруу зузаан зохиол өгөөд уншиж судал гэв. Хий дэмий эргүүлж тойруулж хэд уншихаас хэтэрсэнгүй. Нямын Цэгмид багш намайг дасгалжуулахаар боллоо. Тэрээр надад “Энэ Удвал авгай их сонин юм бодоод байх шиг байна. Чи тэрэнд нь хүрэхгүй бол нэг бүдэрнэ. Дараа нь олон түмэн үзээд алга ташихгүй бол хоёр дахиа бүдэрнэ гэж мэд” хэмээн айлгах нь бүр ч хэцүү. Харин Удвал гуай “Хатанбаатар” киноны ажлаар надтай уулзсан мөчөөсөө эхлээд нэг ч удаа нэрээр минь дуудаагүй. Бүр бурхан болтлоо “Баатар ван” гэж дууддаг байж билээ. Нэг удаа “Манай баатар ван чинь цэргийн өндөр боловсролтой хүн байж. Оросын армийн генералыг буу дуугаралгүйгээр буулгаж авсан нь үүний нотолгоо. Тиймээс би баатар вангаа их л ухаалаг хүн байгаасай гэж бодоод байгаа юм” гээд хэлж билээ. Энэ үг надад ихийг бодогдуулж хэрэндээ л хичээсэн дээ. Хичээсний хүчинд Удвал гуайн санаа сэтгэлд жаахан ч гэсэн дөхсөн болов уу гэж боддог” гээд найруулагчийн бүдүүн хадуун хоолойн цаанаас түүхийн шаргал хуудас асгараад л байна. Намрын шар нар ч хэдийнэ хэвийжээ. “Мөнхбат, Баянмөнх бид хэд чинь үе тэнгийнхэн. Софид намайг сурч байхад энэ хэд тэмцээнээр очдог байлаа. Ямар сайндаа Мөөеө “Энэ хүүхнийг чамтай суулгана” гэж хар арьст хүнийг заагаад Цэрэн аваргыг айлгаж байсан удаа ч бий. Тэр жил Намхай аваргын тухай кино хийхээр Сайханы Жаран Цөнгөрөгийн голд Бат-Эрдэнэ аваргаас аваад бүхий л бөхчүүдийг урихад Баягаа золиг ирээгүй. Сүүлд мэдэх нь ээ, Намхай аварга “хаях би яараагүй байхад…” гэх домогт үгээ хэлээд унагасан бөх нь баруун аймгийн хүн юм билээ” гэх яриа мөн л өрнөлөө.

Сайнбуянгийн Уламбаяр гэж халуун сэтгэлт дүүгээрээ дамжуулж Холливуудын нэрт жүжигчин Стивен Сигалтай ойр дотно танилцсан түүхээсээ сонирхуулсан юм. Сиглийн хувийн онгоцоор Америк дахь эдлэн газарт очиж, Польшид киноных нь зураг авалтын талбай очиж байсан зэрэг олон дурсамжийг хөндөж ярьсан. Гончигсумлаа гуайгаас уйгаржин монгол бичгээр “Том найруулагчид шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ жилийн жилд авдаг байснаа, хорьдугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасанд зориулж “Тоска” дуурийг тавьж байснаа гээд мөн ч олон хүний тухай, Монголын дуурийн урлагийн хичнээн ч үеийн тухай дурсав даа. “Агданбуугийн Амар гуайнхаа тухай нэг сайхан бүтээл хийж байж л нүд аних юм шүү” хэмээн тэрээр шүд зууж байгаад эрсхэн хэлсэн. Бидний яриа ч тэгсгээд өндөрлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хурандаа П.Лувсандорж: Цагдаа нар жагсаал хийж буй иргэдийн туг далбаанд ир бяраа гаргана гэдэг адгийн хүний шинж DNN.mn

-Ард иргэдийн барьж жагсаж буй туг далбаа Монголын цагдаад ямар гэм хийчихсэн юм бэ-


ОХУ-ын Элчин сайдын яамны гадна Орос Украины дайныг эсэргүүцэж иргэд цуглаан зохион байгуулах болсон. Өнгөрөгч долоо хоногт болсон цуглааны үеэр цагдаа болон иргэдийн хооронд маргаан дэгдсэн. Цагдаа нар жагсагчдын биед халдаж, мөн иргэдийн барьсан туг, лоозонг нь булаасан нь олны анхаарлыг татсан юм. Энэ талаар цагдаагийн хурандаа, гавьяат хуульч П.Лувсандоржийн санал бодлыг хуваалцлаа.


-Оросын Элчингийн гаднах жагсаалыг та анзаарсан байх. Цагдаа нар иргэд рүү дайраад зогсохгүй туг далбаа, лоозон руу нь халдсан нь ямар учиртай юм бол оо. Үүнд цагдаагийн хурандаагийн хувьд юу хэлэх вэ?

-Харин би гайхаж л байна. Хуучин бидний үед цагдаа чинь иргэдээ хамгаалдаг байсан юм. Одоо болохоор дарга даамал удирдлагынхаа үгээр явдаг юм уу, арай л өөр болсон анзаарагдах юм . Ард иргэдийн жагсаал цуглаан дээр цагдаа очоод барьсан лоозон туг далбаа руу нь халддаг нь ямар учиртай юм бэ. Тэр далбаа ямар, хэв журам зөрччихсөн үү. Тэр далбаанд ир бяраа гаргаж байна гэдэг бол адгийн хүний шинж. Мөн дээд удирдлагаас нь боль, энээ тэрээ гээд үүрэг өгчихөөр манай цагдаа нар арай хэтрүүлээд дэндүүлээд байх болжээ. Иргэд жагсаж л байг л дээ. Хуультай, дүрэмтэй, номтой юм чинь. Түүнийг нь зүгээр аяар нь л байлгах учиртай. Цагдаа бол хэв журам л зохицуулах үүрэгтэй. Жагсаал хийж буй иргэд хоорондоо зодоон цохион хийх юм уу, хэрэлдэж маргалдах, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй тохиолдолд цагдаа дунд нь ороод хүний хөл гартай ноцолдоод байх ерөөсөө хэрэггүй. Үнэхээр хэв журам зөрчөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргавал зогсоох үүрэгтэй. Ер нь тэгээд хэнд сайхан харагдах гээд ийм ир бяртай байдаг юм бол доо. Хуулиа зөрчиж болохгүй. Тэр туг далбаанд бяраа үзүүлж байгаа адгийн зангаа татвал таарна. Тэр далбаа Монголын цагдаад ямар гэм хийчихсэн юм.

-Та бол олон аймгийн цагдаагийн дарга байсан хүн. Таныг ажиллаж байх үед жагсаал цуглаантай холбоотой асуудал гарч байв уу?

-Хөдөөд тийм юм ховор байсан. Ялангуяа намайг цагдаагийн дарга байхад тэгж онгирч сагсуурсан цагдаагийн албан хаагч огтоос байгаагүй. 1990 оны ардчиллын үед Өвөрхангайд олон хүн төв талбай дээрээ өлссөн. Тэгэхэд би цагдаагийн дарга байсан. Би албан хаагчидаа явуулахдаа “Та нар иргэн хүний хуулиар олгогдсон эрх үүргийг дээдэлнэ шүү” гэж хэлдэг байсан. Дээд удирдлагаас өлсгөлөнг зогсоо гэсэн үүрэг ирж байсан. Тэгэхэд нь би зогсоож хэрэгүй байх, хүмүүсийн эрх үүргийн асуудал. Харин өлсөж байгаад амиа алдах вий гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Аймгийн дарга н.Төмөрбаатар гэж мундаг хүн байсан. Одоо энэ Зандаахүүгийн Энхболдын хадам. Түмээ дарга өлсгөлөнг зогсоо л гэнэ. Би “за за” л гэнэ. Гэхдээ цээж өвчтэй, дотуур хавантай хүн шиг дарга тэглээ гээд цовхчоод унадаггүй. Ер нь цагдаа хүн чинь аливаа асуудалд дүн нуруутай байх ёстой. Хөөрүү морь шиг өвчигнөөд, шүлс нь үсчээд байвал ард түмнийг, нийгмийг баллачих гээд байдаг муу талтай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ховдод гаднаас Засаг дарга томилдог нь зөв жишиг боллоо DNN.mn

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг гацаасан, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь халсан. Түүний оронд Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Болормааг Засаг даргаар томилох шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Уг асуудал өнгөрсөн хугацаанд багагүй дуулиан шуугиан болсны эцэст Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон юм.

Эрдэнэбүрэнгийн УСЦ бол Ерөнхий сайдын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй гол төслүүдийн нэг. “Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг гацаасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсыг хорлон сүйтгэх бусармаг ажиллагаа явуулсан гэх ноцтой хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа мэдэгдэж байгаа. Тиймээс Ховдын Засаг даргыг ажлаас нь чөлөөлж, шинэ сэргэлтийн бодлогын төсөл хөтөлбөрийг эдийн засгийн зүгээс нь хариуцан ажиллаж байсан гол зөвлөхөө Засаг даргаар томилуулж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил, мөн баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг болон тухайн бүс нутгийн хөгжил дэвшилд эргэлт гаргах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсан.

Харин олон нийт Э.Болормааг есөн шидээр хэлж, нийтийн сүлжээнд бах таваа хангасан. “Даргын охин л гэнэ, Ерөнхий сайдын хүүхэн л гэнэ”, за тэгээд нас хүйсээс нь аваад баян тарган гээд элдвээр доромжилсон. Түүний баруунд боловсрол эзэмшсэн, АНУ-ын Колумбын их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Дэлхийн банкны захирлын ажлын алба болон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн албанд мэргэжлээрээ ажиллаж байсан зэргийг нь ярихгүйгээр гэнэт баяжсан хүн мэтээр дайрцгаасан. Тэрээр Дэлхийн банктай өрсөлдөнө гэж байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалтын банкинд хүртэл ажиллаж байсан гэх.

“Миний хувьд 2014 онд магистраа төгсөөд Дэлхийн банкинд анхны залуу манлайлагчдыг шалгаруулдаг хөтөлбөрт нь 14 мянган анкетаас шалгаруулсан 10 гаруйхан хүний дунд багтаж чадсан” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн. Ийм л боловсролтой, чадалтай эмэгтэйг 96 саяын орлоготой, 2.1 тэрбумын орон сууцтай, дотоодын банкинд 160, гадаадын банкинд 510 саяын хадгаламжтайг нь гайхацгааж хэн хүнгүй “авлигач, хулгайч”-аар нь цоллох нь холгүй дайрцгаасан. Энэ мөнгө бол түүний хөдөлмөрлөж зүтгэж олсон хөрөнгө. Хэн өндөр боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөж зүтгэнэ, тэр хүн хөрөнгө мөнгөтэй байх нь зүйн хэрэг. Үүнийг гэртээ гэдсээ илээд, гар утсаараа шүлсээ үсчүүлж байгаа нөхөд шүүмжлэх нь утгагүй л дээ.

Залуу Ерөнхий сайд өөрийнхөө төсөл хөтөлбөр хариуцсан ажлын албаныхаа дарга шинэ залуу боловсон хүчинг Ховд аймгийг удирдуулахаар явуулсан нь Монголын нийгэмд зөв жишгийг тогтоолоо гэж үзэхээр байна. Гаднаас буюу дээрээс шууд ингэж томилж байгаа нь орон нутгийн бие даасан байдалд халдлаа гэж зарим хүмүүс шүүмжлээд эсэргүүцээд байгаа. Тэгвэл Засаг дарга гэдэг бол улс төрийн албан тушаалтан, үндсэндээ дээрээс томилогддог албан тушаал. Багийн даргыг сумын Засаг дарга нь, сумын даргыг аймгийн дарга нь, Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд нь томилж баталгаажуулдаг. Хуулиараа ийм юм. Ховд аймгийн тухайд 1996-2018 оны хооронд Засаг даргад нэр дэвшсэн хүмүүсийг бүгдийг нь эрх баригч намын удирдах зөвлөлийн шийдвэр буюу намын дарга Ерөнхий сайдын шийдвэрээр томилж байсныг өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Д.Галсандондог хэлсэн.

Тэрээр “Аймгийн Засаг даргыг намын шийдвэр, Ерөнхий сайдын шийдвэрээр сонгож байсан. Түүнээс аймгийн ИТХ дангаараа мэдээд шийдэж байсан тохиолдол огт байхгүй. 1996 онд Ардчилсан нам 14 суудал, МАН 17 суудал авсан байтал аймгийн даргаар дэвшүүлсэн МАН-ын Д.Загджавыг буцааж М.Энхсайхан өөрийн намын хүн болох Л.Галбадрахыг дэмжиж нууц санал хураалтаар Л.Галбадрах олонхын санал авч байсан. 2008 онд Батзаяа гэдэг хүн олонхын санал авсан ч тухайн үеийн Ерөнхий сайд буцааж Г.Нямдавааг сонгож байсан байсан” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрээр “Ховдод 2000 оноос хойш бизнес нэрээр жил бүр тендер авч хэдэн төгрөг цохихоос өөр шидгүй, 2 нам нэрээр бүгд хоорондоо цус ойртож, шуналдаа дөрлүүлж орооцолдсон, том машин унаж мөнгө үрж ядсан, морь уяж зундаа зугаацсан, гадаад хэл усгүй, боловсрол нимгэн, аймгийн ИТХ-д дахин дахин өөрийгөө сонгуулдаг, төлөөлөгч нэртэй хэдхэн хүн шинэ зүйл, шинэлэг ажил хийе гэж зорин орж ирж буй хүн бүрийг мохоож, бүлэглэн гадуурхсаар ирсэн түүхтэй. Энэ байдал сая дахин давтагдаж нөгөө нөхдүүд хэрхэн хуйвалдаж, жүжиглэж, зөвхөн өөрсдийгөө хамгаалж, булхай ноотой зүйлээ хав дарж дахин 2-4 жил тэсч үлдэх арга саам хайж, Ерөнхий сайдын хязгаар нутгийн талаарх алсын хараа, мега төсөл, хөгжлийн бодлогыг ойлгохгүй, хааж боож, хуйвалдаанаа хийж байна” гэдгийг ил цагаан хэлсэн юм.

Тийм ээ, Ховдыг удирдаж байсан Засаг даргын хэлж байгаа бүгд үнэн. Нэгд, Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг томилдог, доошоо дарга нар улс төрийн албан тушаалын хувьд ингэж хуулиараа томилогддог. Харин аймгийн юм уу, сумын даргад иргэдийн хурал нь нэр дэвшүүлэхдээ дандаа өөрсдийнхөө хүнийг, аль олон хамаатантай нь, эсвэл төлөөлөгч нөхдүүдэд аль их юм өгсөн, албан тушаал амласан нь, хөшигний цаана бузрын хуйвалдаан хэн их хийсэн нь гараад ирдэг. Орон нутгийн, аймаг сумдын дарга даамлаа сонгодог энэ хуйвалдаан олон нийтийн, тухайн орон нутгийн ард түмний эрх ашиг гэхээсээ хэдхэн нөхдийн эрх ашгийн хүрээнд болдог энэ байдал улс орны хөгжлийн чөдөр тушаа болоод байна.

Нууц хуйвалдаанаар, хэдхэн хүний эрх ашгийн үүднээс Засаг даргаар томилогдсон нөхөр тухайн орон нутгийн зөв тийшээ хандсан хөгжлийн замыг заавал ч үгүй улдан чангааж буруу тийш нь явуулдаг. Улс орны хөгжилд, аймаг, сумын хөгжилд онцгой ач холбогдол бүхий ажлыг зогсоож, зөвхөн амин хувийнхаа, өөрийг нь дарга болгосон цөөхөн хэдэн хүний эрх ашгийн хүрээнд болгочихоор нөгөө бүтээн байгуулалт, ном ёсоороо явж байсан ажил бүгд зогсдог. Ийм л эмгэнэл Монголын төрд аль ч шатандаа нүүрлэчихээд Монгол Улс өнөөдөр модоо барихдаа тулаад байгаа.

Хэрвээ улс орны асуудлыг орон нутаг нь мэддэг, алс хязгаар нутгийн цөөн хүний эрх ашгаар явдаг байсан бол өнөөдөр Австрали, Америк ямар зэрлэг бүдүүлэг, тэнэг гуйлгачин орон байх байсан гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Австрали улс уугуул австраличууд болох аборгенчуудын, улаан арьстай зэрлэг бүдүүлэг омог тэнүүлдчийнхээ аяг аашаар явсан бол, мөн ялгаагүй Америк морь уяж, нум сум харвасан галзуу индеануудынхаа эрх ашгаар явсан бол өнөөгийн дэлхийн супер гүрэн болох шинжлэх ухаан, техникийн энэ том ололтод хүрэхгүй байх байсан. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Тэгэхээр дэлхийн соёлт хүн төрөлхтөн, супер гүрнүүд тэнэгүүдийнхээ эрх ашигт ороогүй, тэдний мэдэлд автаагүй, тэдэнтэйгээ цуг дуулж бүжиглэж, элийрч балайраагүйнхээ төлөө өнөөдөр дэлхийг удирдаж байна. Үүнийг Монголын төрийг удирдаж байгаа удирдагчид хатуу бодох ёстой.

Ховдын Засаг даргыг томилсон шигээ үүнээс хойш бүх аймгийн дарга нарыг өөр өөр газраас томилдог баймаар байна. Жишээлэхэд, Увс аймагт Өмнөговийн даргыг, харин баруун аймаг Увсын даргыг зүүн аймаг Хэнтийн Засаг даргаар томилж төрийн ажлыг явуулдаг байх хэрэгтэй. Тэгвэл жалга довны үзэл, нутгаргах, хуйвалдах, дээр Д.Галсандондог даргын хэлсэнчлэн тендер нэрээр хувьдаа ашиг аваад сууж байдаг, жалга жалгандаа мафийн сүлжээ бий болсон энэхүү ёс бус байдал цэгцрэх тал руугаа явах байх.

Хамгийн гол нь аймгуудын дарга нарыг Ховдын Болормаа шиг дандаа баруунд боловсрол эзэмшсэн, ялангуяа инженерийн сэтгэхүйтэй, байгалийн шинжлэх ухааны зах зухтай хүмүүсийг шилж сонгож томилдог байх хэрэгтэй. Инженерүүд улс орныг удирдана. Мега төсөл, бүтээн байгуулалтыг тэд л явуулна. Түүнээс өнөөдөр аймаг бүрийн дарга нь бөхчүүд, мөн дуучин хуурчин, яруу найрагч, уран сайханчид, болсон болоогүй баахан хуульчдыг сонгоод улс орон хөгжихгүй ээ. Хөгжихгүй гэдгийг нь бид сүүлийн 30 хэдэн жил хангалттай харлаа. Дээрээс нь Монгол Улс өнөөдөр мухар сүсгийн балчигт гүн живсэн. Манай дарга нар хамгийн түрүүнд уул овоогоо тахихаас, төрийн албан хаагчид нь лам харгуй, гэгээнтэн залж мөргөл үйлдэхээс ажлаа эхэлдэг. Мэдээж сүсэг бишрэл байлгүй яахав, хамгийн гол нь түүндээ итгэж үнэмшээд тэнэглээд байдаггүй хүмүүсийг сонгохын тулд байгалийн шинжлэх ухааны зах зухтай гэж хэлээд байгаа минь энэ.

Эцэст нь нэмээд хэлэхэд, Ховдод гаднаас Засаг даргыг нь томилдог Ерөнхий сайдын зөв жишиг Монголын улс төрд тогтлоо. Яг энэ жишгээр баруунд боловсрол эзэмшсэн, шинэлэг сэтгэлгээтэй, хэл усны өндөр чадвар, ажлын бүтээмж өндөртэй, чадалтай залуусаа Монгол Улсын өнцөг булан бүрт томилж ажиллуулах хэрэгтэй байна. Аль юм болгон бид иргэдийн хурал дотроосоо нэгийгээ Засаг даргаар хуйвалдаж гаргачихаад тэр нь бөх морь, архи дарс, авгай хүүхнээс өөр ярих юмгүй, тэгээд улс орон хөгжинө гэж тэнэглэцгээж суух юм бэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид амарч чадсан шигээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй DNN.mn

Наадмын дараа монголчуудын их амралтын үе эхэлдэг. Бүгд л приусээ унаад хөдөө гадаа аялал зугаалга гээд алга болно. Энэ нь ч буруу юм биш. Монгол бол жилийн дөрвөн улирлын бараг гурван улирал нь хүйтэн сэрүүн байдаг, аравдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын сүүл хүртэл янгинатал хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай орон. Тиймээс наадмын дараах зурвасхан үед амарч, бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлж, рашаан усанд орж, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялж зугаалах нь зүйн хэрэг. Эх орныхоо байгалийн сайхныг үзэн сэтгэлийн цэнгэл амсаж, эцэг өвгөд ижий аавынхаа нутгийг зорих нь юуны буруу байхав.

“Энэ улс оронд чинь ажил хийдэг хүн гэж алга. Бүгд амарч зугаалаад тэнээд явчихлаа. Эх орон чинь сүйрлээ” гэх хуучны хэнхэг үг бий. Мөн “Наадмын дараа намар” гэж ирээд л төрийн тэргүүнээсээ аваад хэн хүнгүй хий хоосон үглэнэ. Сүүлийн 30 гаруй жил ингэж худлаа улиглацгаан, ард олны амарч зугаалахыг хорьж, социализмын үеийн сэтгэлгээгээр явж ирсний үр дүнд юу гарав. Ёстой юу ч өөрчлөгдөөгүй, наадмын дараа намар гэсэн сануулга эцэстээ улиг болж, бидэнд хийж бүтээсэн зүйл гэж алга. Хуучны энэхүү улигт лоозонгийн сэтгэлгээнээс салж ард түмэн амардгаараа амарч, ажиллах нэг нь ажилладгаараа ажиллаж, амьдралын шинэ горимд хэвших цаг нь болжээ. Харин монголчууд бид амарч чадсан шигээ ажилладаг байх хэрэгтэй. Наадмын урт амралтыг далимдуулан амралтаа аваад долоо, наймдугаар сард нийтээрээ амарч дэлгэр зуны цагт байгалийн сайханд жаргасан шигээ ес, аравдугаар сараас бүгд ажилладаг байх хэрэгтэй.

Тэгэхдээ зүгээр нэг ногоо цагаа хураах, хадлан бордоо бэлтгэн, хашаа саравч янзлах, эс бөгөөс бордюр шинэчилсэн, замын хучлага хийсэн төдийхнөөр аргацаах биш улс орны оршин тогтнох тусгаар тогтнолын баталгаа болсон орчин цагийн зэвсэг техник, хөгжил дэвшлийн талбарт хүчээ сорих нь зүйтэй. Үндсэндээ оюун ухаан шингээсэн хөдөлмөр хийдэг болох хэрэгтэй байна. Дэлхий дахин аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох хиймэл оюун ухаан, ухаалаг робот, 3 хэмжээст хэвлэл, виртуал хийсвэрлэл, үүлэн тооцооллын систем ярьж байхад бид алийн болгон эсгий таавчиг хийснээ гайхуулж суух вэ. Төр засаг залуучуудаа бодлогоор оюуны салбар руу техник технологи, компьютер, инженерчлэлийн салбар руу зоригтой оруулах цаг нь болсон. IT-гийн чиглэлээр дэлхийн супер сургуулиудад боловсрол эзэмшсэн монгол залуус олон бий. Амазонд ажилладаг Амарбаяр гэж залууг таван жилийн өмнө бид биширч байсан бол түүн шиг маш олон залуучууд өнөөдөр бий болсон.

Мөн Англи, Америк, Японы инженерчлэлийн талбарт монгол хүний оюуныг бишрүүлж байгаа залуучууд олон. Энэ бүгдийг төр засаг бодлогоор зангидаж, инженер технологийн чиглэлийн залуусыг баг болгож Монгол Улсын хөгжлийн концевцоо тодорхойлон тэдний гарт атгуулах хэрэгтэй. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдсэн тухай бүгд л шуурч, цахим ертөнцөд төр засгаа зүхэж байна. Бид бензин шатахууны хувьд бусдаас хараат байхаа больё гээд зүтгэхэд гарц олдож л таарна. Шатахуун хэрэглэхгүй машин бүтээх, үндсэндээ зайгаар явдаг машин хийх гээд үзье л дээ. Сая наадмын парадад байлдааны хуягт машин угсраад явуулсныг харахад болмоор санагдсан. Физикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү “Африкийн халуун орнууд тэмээгээ цахилгаанаар саах хэрэгсэл бүтээсэн. Үүн шиг монголчууд үнээгээ цахилгаанаар саах бүрэн боломжтой. Үнээний хөх зөөлөн учир цахилгаан хэрэгслийн хувьд маш бага эрчим хүч зарцуулна. Саалтуурынх нь технологийг гаднаас авч таарах байх, гэхдээ бусад хэрэгслийг нь бид өөрсдөө, яваандаа бүгдийг дотооддоо угсрах хүчин чадалтай болно. Ингээд нар салхины эрчим хүчийг ашиглаад үнээгээ цахилгаанаар саадаг болъё. Физик технологийн хүрээлэнгийн Сарантуяа гэж эрдэмтэн литийн йоны батарей буюу хар тугалга оролцоогүй зоосон батарей хэдэн жилийн өмнө хийсэн. Төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл монголчууд автобус, машин монголдоо угсрах, яваандаа машины батарей хийх боломжтой” гэдгийг хэлсэн.

Бид машин угсрахаас гадна хамгийн гол нь дронтой болох нь чухал. Жижиг оврын нисэх онгоц өнөөдөр цөмийн зэвсгээс илүү дэлхий дахиныг цочроож буйг Туркийн нисэгчгүй дрон bayraktar-аас бид харж байна. “Дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа Туркийн байрактар дрон бензин мотортой. Украйнчууд моторыг нь хийдэг. Жижиг загварын онгоц гэсэн үг. Бидний хувьд Украйнаас моторыг нь худалдаж аваад Туркийн байрактар шиг дрон Монголдоо угсраад нисгэх боломж байгаа. Хэдэн жилийн өмнө Механик инженерийн сургуулийн оюутнууд багштайгаа нийлж хувийн машин тэргээ зараад 40 мянга билүү, 50 мянган ам.доллараар жижиг загварын онгоц угсарч Яармагийн дэнжид нисгэж байсан. Харамсалтай нь удирдлагад нь алдаа гарч өнөөх онгоц нь тэр чигээрээ нисээд алга болчихсон, буцаж ирээгүй. Механик инженерийн сургуулийн багш оюутнууд өмнө нь тэгж жижиг оврын онгоц буюу дрон угсарч нисгэсэн туршлагатай учир бидэнд боломж бий” гэж МУИС-ийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат хэлж байна.

Бид Чингисийн Монгол гэж бахархдаг. Энэхүү бахархлын цаана Чингисийн Монгол шиг хүчирхэг байх бодол хүн бүхэнд төрдөг нь мэдээж. Хэрвээ тэгж бодож бахархаж бахдаж байгаа бол бүгдээрээ Чингисийн Монгол шиг баян, хүчирхэг баймаар байна. Тийм байхын тулд ерөөсөө ажиллаж хөдөлмөрлөж, баялаг бүтээж, мөнгө олохын төлөө зүтгэх хэрэгтэй. XIII зуунд монголчууд тэр олон зэвсэг техникийг өөрсдөө хийж бүтээж байж, үйлдвэрлэгч гүрэн байж, хамгийн гол нь зэвсэг техникийн хувьд бусдаас хараат бус байж дэлхийн дайдыг эрхшээж байсан нь мэдээж. Эр бяр хүч тэнхээнээс гадна оюун ухааны хувьд хүчирхэг байснаараа дэлхийг сөхрүүлж байсан гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Яг л Чингисийн Монгол шигээ Монгол Улс дахин хүчирхэг болох хэрэгтэй байна. Дээр өгүүлсэнчлэн IT, инженер чиглэлийн залуусаа бодлогоор зангидаж, хөгжлийн гол тулгуур бодлогоо тэдний гарт атгуулж төсвийн мөнгөнийхөө тодорхой хувийг тэдэнд зориулж, хийж бүтээхийг хариуцлагатайгаар шахан шаардах хэрэгтэй байна. Хөдөө сум болгонд соёлын төв барихаас аваад зах замбараагүй зүйлд мөнгө зардгаа больж, улс орныхоо ирээдүйн төлөө, хамгийн гол нь техник техонологийн хөгжил бүр тодруулбал, нано технологи био технологид мөнгө зардаг болъё. Тэгж байж улс орон хөгжинө. Шинжлэх ухаан ямар хэрэгтэйг, инженерүүд улс орны хөгжлийн тулгуур гэдгийг ард нийтээрээ мэдэх болно.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалтай бид хөл нийлүүлэх боломж бий. Гаднаас худалдаж авч буй энэ олон трактороо автомат удирдлагатай болгочиход болно. Автоматаар удирдаад тухайн трактор болон техникийн хэрэгсэлд заавал жолооч байх хэрэггүйгээр газраа хагалаад, намар нь тариагаа хураагаад авчих боломжтойг мөн эрдэмтэд хэлж байна.

Ингэж бид бүхэн техник технологийн хувьд хувьсгал хийж, хөгжлийн бодлогодоо эрс эргэлт оруулахгүй бол одоогийнх шигээ алийн болгон хоёр хөршдөө могдорлуулсан, бусдаас царай алдсан, бүх зүйл нь гаднаас хараат ийм үхээнц дорой ард түмэн байх вэ. Амарч ч чаддаг, амарсан шигээ бүгд ажиллаж чаддаг, монгол хүн гэдгээ дэлхий дахинд бахархалтайгаар зарласан хүчирхэг ард түмэн болохын төлөө хүн бүхэн зүтгэх цаг нь иржээ. Хамгийн гол нь төр засаг хөгжлийн бодлогыг зангидсан оюун ухааныг дээдэлсэн тусгай хөтөлбөр боловсруулж, техник технологи инженерчлэлийн залуусыг нэгэн дор цуглуулах нь чухал

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл монгол наадам DNN.mn

Монголын төрт ёсны их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэлж байна. Өнөө жил Монгол Улс Тулгар төрийнхөө 2230, 2231, Их Монгол Улсынхаа 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо давхар тэмдэглэн баярлаж байгаа. Гэхдээ энэ их олон ой давхацсандаа бус ерөөс монгол наадам бол монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл, дээдийн баяр баясгалан гэдгээрээ жилээс жилд хүн төрөлхтний анхаарлыг татаж, дэлхийг дэлдийлгэсэн онцгой үнэ цэнэтэй болох учиртай. Энэ цэнхэр замбуулинд монгол хүн болж төрсний хамгийн том шагнал монгол наадам юм. Тиймээс Монголын ард түмэн, монгол үндэстэн угсаатан түүхийн буурал улбаанд наадмаа тасалж байсан удаагүй гэдэг. Манжийн дарлалд ноёлуулж байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилдэг. 1862 онд долоон хошуу даншиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд нийтэлснийг төрийн соёрхолт түүхч О.Батсайхан баримтыг нь олсноо хэлж байсан.

Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат оршихын бэлгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх барилддаг тухай өгүүлсэн байдаг. Тэртээ арвангуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. “Чингисийн чулууны бичиг”-т Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих наадам болж түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.

Ийм л эрт эдүгээгийн түүхэнд уламжлалтай монгол наадам хоёр удаа тасарсан. Эхнийх нь Богд хаант засгийн үед буюу 1920 онд Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жан нийслэл хүрээг эзэлж тухайн үед монгол төрийг удирдаж байсан сайд нарыг өөртөө урвуулсан байдаг. Ингээд Монголын автономийг устгаж Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө бөхийлгөн мөргүүлж, улмаар Богд хаант улсын төр Хятадын мэдэлд шилжсэнээр монгол наадам тасарч байсан. Үндсэндээ Монгол Улс төргүй болсон учир наадам тасарсан. Тэгвэл өнгөрөгч жил 100 жилийн их ой эрх баригч Ардын намын үед, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед дахин тасарч, өвчин тахал нэрийн дор наадам болоогүй. Наадмын өглөө монголчууд бид ямар ч сүр сүлдгүй, тусгаар улсын иргэн байтлаа харийнхны гарт эзлэгдсэн юм шиг гунигтайгаар гэр гэртээ сууж байсан. Хэдхэн залуус жагсаад төрт ёсны түүхт их баяр наадмаа болиулдаг, түүнийг нь төр засаг нь уухайлан дэмжиж монгол наадмаа тасалж байсан энэ харалган түүх дахиж битгий давтагдаасай билээ.

Монгол наадам бол хэдэн бөх барилдаад, хоорондоо найраагаа хийж ард түмнийг хуурах, эсвэл эрлийз монгол нь мэдэгдэхгүй хэдэн адуу уралдаж, дараа нь сэрвээний өндөр гэдэг ч юм уу, уяачид нь хоорондоо хэрүүл тэмцэл болдог гэх энэ ойлголт биш ээ. Зүгээр өнгөцхөн төдий зүйл юм. Монгол наадам гэдэг бол монголчуудын сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа төрийн ёс жаягийн дагуу хүндэтгэн залж цэнгүүлдэг, тэрхүү баяр бахдал монгол хүн бүрийн хийморь сүлдийг тэгшитгэж, монгол хүн монголоороо бахархах үнэ цэнийг төрүүлдгээрээ онцгой юм. Есөн хөлт цагаан тугаа ийнхүү ёс төртэйгөөр залж, төрийн тэргүүн нь билэг ерөөлийн үгээр наадмаа нээж, даян дэлхий дахинд Монгол Улс мөнх орших учиртай гэдгээ зарлан тунхаглах нь монгол наадмын үнэт чанар юм. Монгол үндэстний гал голомт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наадмын өдрүүдэд элэг нэгт ахан дүүсийн маань зүрх цохилж байдаг. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сум Нагалхаан уулын өвөрт монголчууд наадмаа хийж бөхөө барилдуулж, уухайн дуутай баярласан. Тэр жилийн наадмын дараа өмнөд монголчуудын бөхөд дуртай залуус хоёр өдрийн туршид интернэтээр бөхөө үзэн баярлаж, шинэ аварга төрөхийг хараад зарим нь нүдэндээ нулимстай баярлалдан, зурагтаар сэтгэл дэнслэн ярьж байхыг бид үзсэн. Ингэж л монгол үндэстэн монгол наадмаа хүлээдэг юм билээ.

Энэ жилийн наадам сайхан болно оо. Элэг нэгт ахан дүүс тува, буриадын бөхчүүд Монголын төрт ёсныхоо наадамд зодоглохоор монгол нутагтаа ирж, монгол бөхчүүдтэйгээ хамт бөхийн галд гаран бэлтгэлээ базааж байна. Эдүгээ 80 настай буурал аварга Хорлоогийн Баянмөнх зодог шуудгаа өмсөж бөхийн ногоон дэвжээндээ гарч алдар цолоо дуудуулахаар бэлдэж байна. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, О.Балжинням, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат гээд монгол бөхийн дээд эрэмбэ аварга цолтой арваад хүчтэн зодоглохоор болж байна. Тэртээ далаад оны эхээр Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ц.Чимид-Очир, С.Цэрэн, Ч.Бээжин нарын арван аварга зодоглож байсныг бөхийн зүтгэлтнүүд ярьж, төрийн наадамд 10 аварга цолтон зодоглохын ид бахыг шагшин хэлж байсан. Шинэ цолтнууд төрсөн сайхан наадам болох биз ээ. Гол нь бөхчүүд маань өөрсдөө төрт ёсныхоо наадмыг хүндэтгэж бөхийн эрэмбэ, жудгаа сахиж, үнэнч шударга сайхан барилдах хэрэгтэй. Тэр жил Сүхбат зүүний магнайг булаалдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар руу ярьж, би зүүнд нь гарах ёстой биз дээ хэмээн шившгээ тарьсан. Тийм юм битгий болоосой билээ. Мөн бөхчүүд маань элэг нэгт бөхчүүдтэйгээ хүний ёсоор, монгол үндэстэн угсаатан, монгол гэдэг нэрээ бодож хажиглаж “хазаж хайралгүй” барилдахыг хичээж үзээрэй дээ. Одоогоос хориод жилийн өмнө байна уу даа, Тувагийн Аяс Монгуш гэж бөх Монголын төрт ёсны баярыг хүндэтгэн цагаан сарын барилдаанд ирж зодоглоход манай бөхчүүд яаж хяхан хавчиж байлаа. Тийм нэг өчүүхэн жалга довны үхээнц үзлээсээ бөхчүүд одоо салсан байлгүй. Монгол үндэстэн бид чинь элэг нэгт ахан дүүс гэдгээ бодож дээрэлхэж, бүүрэлхэж, гадуурхалгүй жудаг зааж барилдахыг ард түмэн шаардах хэрэгтэй.

Монгол наадам бидний бахархал байгаад зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Үнэхээр Монгол Улс монгол үндэстний гал голомт мөн л юм бол монгол наадам монгол үндэстний их баяр наадам байх ёстой. Өнөө жил тувагийн бөхчүүд ирж барилдаж байгаа шиг Өмнөд Монгол, дээд монгол, буриадын бөхчүүд бүгдээрээ Монгол үндэстний их наадмаа зорьж ирж үздэг, баярлан цэнгэдэг, бөхчүүд нь барилддаг, харваачид нь нум сумаа агсан ирж уухай хадаадаг, ийм уламжлал тогтох ёстой. Өмнөд монголчууд ялангуяа Шилийн гол аймаг баруун үзэмчин, зүүн үзэмчний хошууны наадам монгол наадам шиг болдгийг бид мэднэ. Зүүн үзэмчний Цагаанзаан, Баярбаатар гээд алдарт аваргуудыг бид мэднэ. Тэгвэл Дээд монголын наадам хэрхэн болдог тухай Дээд Монголын унаган хүү, одоогийн Монгол Улсын иргэн судлаач Бүргэд ийн өгүүлж байна. “Манай Дээд Монголын наадам чинь яг л Монгол Улсын наадам шиг долдугаар сарын 11-нд болдог байсан. Гэвч засаг захиргаанаас долдугаар сарын 11-нд биш наймдугаар сард болгох, мөн жил бүр болдгийг нь болиулж хоёр жилд нэг удаа болгодог болсон. “Эзэн хааны дэргэд” гэдэг уртын дуугаар эхэлнэ. Яг л Монголын эрийн гурван наадам шиг бөхөө барилдуулж, нум сумаа харваж, морио уралдуулж нааддаг. Морины тухай нас насны морьд уралдахгүй. Том жижгээрээ хоёр хуваагдаж уралдана, үндсэндээ азарга их морь нь хамт, мөн бага насны морьд цугтаа уралдана. Наадмын нэг сайхан зүйл нь жороо морины уралдаан. Үзэгчид жороо морины уралдааныг илүүтэй шимтэнэ. Бөх нь шалбур бөх гэж тувагийн бөх шиг. Эргүүлж эргүүлж эргийн цаана хаяя, далайж далайж далайн цаана шидье гэж хуучны домогт бөхчүүд маань хэлдэг байлаа” хэмээн Дээд Монголын наадмын тухай хуучилсан юм.

Ингээд Монголын төрт ёсны наадам дэлгэр сайхан болж, монгол даяараа, монгол үндэстнээрээ цэнгэн баярлах болтугай гэсэн ерөөлийн үгээр өндөрлөе. Эрдэнийн сайхан Монголдоо элэг нэгт ахан дүүс минь жилийн жилд нартай хуртай наадаж, Монгол Улс, монгол үндэстэн цагийн цагт мөнх орших болтугай. Монгол наадмын алдар суу дэлхий дахинд дуурсах болтугай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Хөдөлмөрийн баатар Т.Галсан: Б.Ринчен, С.Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ DNN.mn

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Эрхэм зохиолчийг баатрынхаа тэмдгийг гялалзуулан Монголын зохиолчдын эвлэлдээ ирж хүндэтгэл үзүүлэх хооронд нь цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд хүндэтгэлт цол хүртсэнд баяр хүргэе?

-Надад Соёлын гавьяатын тэмдгийг Н.Багабанди гуай өгсөн юм. Хоёр жилийн дараа Ардын уран зохиолч цолны тэмдгийг мөн Багабанди гуай сүүлийнхээ зарлигаар олгож байлаа. Түүнээс хойш 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Энэ бол Монголын их утга зохиолыг шагнасан шагнал юм. Намайг хүмүүс ямар намын гишүүн бэ гэдэг. Би хариуд нь “Монголын зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн” гэдэг. Яагаад гэхээр үзэл бодлоороо, итгэл үнэмшлээрээ, үйл хэргээрээ нэгдсэн, тэр үйл хэргийн төлөө тэмцэж явах тийм хамт олныг нам гэдэг байхгүй юу. Би Зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн болох гэж таван удаа өргөдөл өгөөд бүтээгүй. Тэгээд бүр сүүлд Галсан Зохиолчдын эвлэлд элсүүлэх тухай хэлэлцлээ. Тэгтэл Д.Наваансүрэн дарга “ Энэ удаа Галсанг больё. Учир нь Галсангийн тодорхойлолтыг нарийн бичгийн дарга нар өөрсдөө гаргасан байна. Манай Зохиолчдын эвлэлийн дүрэмд нарийн бичгийн дарга нар гаргах ёсгүй, зохиолч гаргах ёстой гэж заасан” гэдэг юм. Намайг батлан даасан хүн нь Б.Явуухулан, С.Дашдооров хоёр. Тэгтэл Явуухулан “Галсан чи ямар арчаагүй нөхөр вэ. Гар л даа, гадаа үүдэнд улаан Дулмаа дууны үг батлуулах гээд сууж байгаа. Миний өгсөн цохолтыг тэр Дулмаагаар хуулуулаад аваад ир” гэж билээ. Тэгж л би сая гишүүн болж, Зохиолчдын эвлэл хэмээх их айлын өндөр босгыг алхсан. Зохиолчдын ордны барилгыг мэдээж барилгачид барьсан. Гэхдээ барилгын суурь босгох хүрмэн чулууг нь “хар” Зана бид хэд үүрч явсан удаатай. Биднийг хараад Явуу, Пүрэвдорж энэ хэд маань янжуурын утаа суунаглуулан тас тасхийн инээж зогсож байсан сан. Би тэгэхээр Зохиолчдын хорооны байшин босоход тулгын чулууг нь үүрч явсан хүн юм. Эх хэлээ, бичиг соёлоо хамгаалдаг, эх орныхоо төлөө, мөнхүү бусдын харанхуй цээж рүү ганц шүдэнзний дайтай гэрэлтэй үг хэлэхсэн гэж бодож явдгийн хувьд Монголын зохиолчид бурхад байдаг юм шүү.

-Та бол 1957 онд МЗЭ-ийн хоёрдугаар хуралд оролцож байсан түүхэн хүмүүсийн нэг. Энэ тухай дурсахгүй юу?

-Би Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд оролцож байсан хүн юм. Хоёрдугаар их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн танхимд болсон. Тухайн үеийн хамгийн том танхим нь тэр. Төрийн ордны баруун талын байр шүү дээ. Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ, мөн Оросоос, Хятадаас зохиолчид ирж оролцож байсан. Тэнд Өмнөд Монголоос ирсэн Малчинхүү гэдэг зохиолчоос Ринчен багш “Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ” гэж асуутал “Хятад хэлээр” гэж хариулав. Ринчен багш “Та тэгвэл Малчинхүү биш ногоочинхүү байх нь ээ” гэж хэлж байв. Тэр хуралд МУИС-иас аугаа их Бямбын Ринчен багш минь, мөн НҮБ-ын төв индэр дээрээс Монгол Улсаа төлөөлж үг хэлсэн Дондогийн Цэвэгмид багш, мөн бидэнд эртний уран зохиолын хичээл орж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, уран зохиолын онол замналыг минь хөтөлсөн Шанжмятавын Гаадамба багш нар оролцож байсан. Манай Их сургуулийн Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч Сугарын Цэдэв гэж мундаг хүн ирлээ. Багшийн сургуулийн багш Дашдорж гээд хүмүүс таслах эрхтэй төлөөлөгчөөр оролцсон. Мань мэтийн юмнууд бол их сүрэг бараадаж явдаг, ойртохоор азарга хасаад оруулдаггүй үрээ шиг хэдэн хүүхдүүд хурлын танхим дүүргэх хэрэгтэй гээд орж байгаа нь тэр. Миний хувьд 1962 оноос буюу одоогоос нэгэн жарны өмнөөс зохиолчдын гуравдугаар их хурал жинхэнэ гишүүнээр оролцсон. Тэр хурлын үеэр аймаг аймгаас ирсэн зохиолчид яаж бүгдээрээ том зохиолч болох уу гэдэг асуудал хэлэлцлээ. Архангайгаас О.Цэнд, халзан Базаррагчаа, Завханаас Ванчаарай гээд ирлээ. Бид ярилцаад “Энэ томчууд гэдэг чинь нэг л роман бичсэн юм байна. Хоёр гурван роман бичээд л урд нь гарч болох юм байна” гэж андуурч байлаа. Тэр цагаас аугаа их зохиолчидтой лонхны бөглөө, сэтгэлийн таглаа нээх үүд нээгдсэн юм. Л.Ванган гуайгаас “Бидний сул тал юу байна” гэж асуухад, та нар жаахан ерөнхий бичих юм даа. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлд мөр гарахааргүй бамбалзаад өнгөрчихөөд байна. Уг нь сэтгэл дээр хүүхнээр бол өндөр өсгийтийнх нь мөр гарах нь ээ дээ гэв. Тэгтэл өнөө О.Цэнд чинь Ванганы өөдөөс “Таны яриа ч гэсэн ерөнхий л байна ш дээ” гэдэг юм. “За тэгвэл би тодорхой ярья” гээд Ванган, жишээ нь хөдөлгөөний дүрмийг биелүүлье гэж ярьдаг бичдэгээс болоод хүмүүс осолд ороод байгаа юм. Энэ бол дэндүү ерөнхий. Үүний оронд замын голд ортлоо зөвхөн баруун гар талаа харж яв, зүүн тийшээ битгий хар. Замын голоос цаашаа баруун тийшээ битгий хар, зөвхөн зүүн талаа хар, тэгээд л чи амьд байна гэж тов тодорхой хэлж билээ.

Лодойдамба гэдэг тэр аваргаас бидэнд зөвлөх юм юу байна гэхэд, их унш хүүхдүүд ээ. Бусдын зохиолыг төдийгүй өөрийнхөө зохиолыг олон дахин уншиж бай. Гайгүй онож бичсэн юм аа мэддэг юм, мөн даан ч яав даа гэдэг алдаагаа залруулдаг юм. Дээрээс нь бусад хүнд зохиолоо уншиж өгч бай. Хүн чиний зохиолыг нүдээрээ чагнаад байгаа бол тэр зохиол болж байгаагийн шинж. Чихээрээ сонсож байгаа бол шал дэмий юм болжээ гэж бод гэв. Бид яагаад гэж лавлатал “Нэг чихээр орж байгаа юм нөгөө чихээр гардаг. Харин нүдээр орж байгаа юм тархи руу ороод тэгээд зүрх рүү ордог” гэв. Аваргууд маань ингэж сургаж зөвлөдөг байлаа. Дөрөвдүгээр их хуралд явах болтол нөгөө эсэргүү илрээд тагнуулд танигдаад намын даалгавраар үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс ганцхан хүн цөллөгөнд явсан, би юм шүү. Зохиол бичсэний төлөө. Миний өмнөөс хөдөлмөрийн баатар Бат-Очир гэдэг хүн зохиолчдын их хуралд явсан. Зохиолч биш хүн яахаараа зохиолчдын хуралд төлөөлөгчөөр ирдэг юм гэж Нямбуугийн Нямдорж “муу Галсанг минь яагаад ирүүлсэнгүй вэ” гэх утгаар асуутал “Та нарын бичих зохиолын чинь баатар би байна” гэсэн гэдэг.

Хөдөлмөрийн баатар Т.Галсан, СГЗ Б.Ичинхорлоо

-Тэгж явахдаа юм уу даа, Та хожмын төрийн шагналт нэрт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийд очсон онигоо маягийн яриа байдаг?

-Пүрэвсүрэн “Надад хоёр чухал зүйл надад зааж өгсөн хүн” гээд сайхан аашаа хүрэхээрээ намайг багшаа гэх нь холгүй байдаг. Тэр хоёр зүйл нь юу вэ гэвэл эхнийх нь хоол зальдахыг зааж өгчээ, би. Тэр нь хоолоо идчихээд гүйж гараад элсээр нүүрээ угаагаад дахиад зогсохоор хоол идээгүй байна гээд өгдөг байхгүй юу. Үүнийг зааж өгсөн. Мөн уран зохиолын дугуйлан гэж байдгийг зааж өгсөн байдаг. Тэр хурлын үеэр эсэргүү нэртэй өнөө муу Галсан Пүрэвсүрэнгийндээ очлоо. Манай Пүрэвсүрэнгийн хадам аав чинь Хятадад элчин байсан, Аюулаас хамгаалахын сайд байсан Чулуунбаатар гэж хүн. Хадмуудынхаа тухай Пүрэвсүрэн шүлэг бичсэнээ надад уншлаа.

“Айдаа хүний нэрийг мөн

Айхтар онож өгөх юм

Чулуунбаатар нэртэй

Чулуу шиг зүрхтэй хүн байх юм

Ай даа хүний нэрийг мөн

Айхтар алдаж онож өгөх юм

Буянзаяа нэртэй

Буянгүй чавганц байх юм” гэж уншлаа. Пүрэвсүрэнгийндээ элчингээс ирсэн гал охь(спирт)-ийг хүүхдийн зохиолч Р.Ядмаа, миний шавь Загдын Түмэнжаргал бид хүртлээ. Зарим нөхдөд 80-100 граммаар найруулж өгдөг өнөөх гал охио бид гуравт болохоор 150 граммаар найруулж өглөө. “Зохиолчдын хуралд би суумаар байна. Надад нэг урилга олоод өгөөч, чамд бол олдоно доо” гэж Пүрэвсүрэндээ хэллээ. Тэгтэл “Чи намайг хэдэн удаа хөөдөх гээд байгаа юм бэ” гээд тасхийтэл алгаддаг юм.

-Яаж байгаа нь тэр юм бол?

-Пүрэвсүрэнгийн намайг тэгж алгадах нь аргагүй юм. Миний “Тэмүүлэл” гэдэг найраглалыг “Залуучууд” сонинд хэвлэснээрээ Пүрэвсүрэн буруудсан. Тэр найраглалын хэсэг хэвлэгдсэний төлөө Сугарын Цэдэв эрхлэгч намааасаа хөөгдсөн, ажлаасаа хөөгдөөд, Зохиолчдын эвлэлээс хөөгдөөд гудманд хаягдаж байсан. Тэр үед сонины утга зохиолын ажилтны хувьд гарын үсгээ зурснаараа Пүрэвсүрэн намаас, ажлаасаа хөөгдөх хатуу сануулга авсан нь тэр. Тэгээд намайг алгадлаа. Хүүхдийн зохиолч Раднаагийн Ядмаа Пүрэвсүрэнгийн ангийн багш байсан учир “Чи яахаараа миний найзыг алгаддаг юм” гээд Пүрэвсүрэнг алгадлаа. Загдын Түмэнжаргал чи яасан их хүн алгаддаг хүн бэ гээд Ядмааг алгадлаа. Тэгэхээр нь “Чи миний найзыг яахаараа алгаддаг юм” гээд би Түмээгээ алгадлаа. Ийм л юм болсон юм. Өнөөдөр тэгээд зохиолчийн хувьд олон оймс элээсэн, аман дээрээ адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүн дороо эсгийтэй ахмадын хувьд би баярлаж байна. Аугаа их Бямбын Ринчен багшаас минь эхлээд надад эртний уран зохиол зааж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, мөн Сономын Удвал гэж бүсгүй хүн гараа угааж байхдаа бадмаараг шигтгээтэй шижир бөгжөө угаадасны нүх рүү алдчихаад буцааж гаргуулж авч байгаатай адилхан их утга зохиолд намайг гаргаж ирсэн ачтан, ийм л буянт багш нар минь “Миний шавь овоо доо, утга зохиолд хүн болж яваа юм байна” гэж баярлаж байгаа байх. Ринчен, Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ. Би Хөдөлмөрийн баатар аваад зогсож байхад Х.Цэвлээ гэдэг сэтгүүлч бас баатар болж байх юм. Тэр хүний 10 дугаар ангийн багш нь би юм шүү дээ. Ангийн багш Т.Галсан гэж бичигддэг. Ийм л ерөөлтэй юм боллоо. Ардын цолны миний булган сүүл Ардынх гэхэд Дөнгөтийн Цоодол, Шагдарын Дулмаа юм. Одоогийн надад ирсэн Хөдөлмөрийн баатар гэдэг цол над шиг хөдөлмөрлөсөн зохиолч дүү нарт минь хишгээ хайрлах болтугай. Хэрхэн хөдөлмөрлөж өдий хүрснээ би авга эгчийнхээ үгээр хэлье. Авга эгч маань манайд ирээд нутагтаа очоод намайг “муулсан” байдаг. Галсангийндаа очоод би бол жаргалаа. Харин муу дүү маань бол тамын амьтан юм байна даа, зайлуул. Шөнө орой унтахад харандаа үзэг барьчихаад хамар нь ширээгээ бүрхчихээд сууж байх юм. Шөнө сэрээд давсаг суллах гээд босоход сууж л байх юм. Үүрээр сэрээд харахад бас л сууж байх юм. Мөн ч үйл лайтай хүн юм гэсэн байдаг. Би тэгж л 100 гаруйхан ном бичсэн хүн юм шүү дээ. “Өдрийн сонин”-ы уншигч түмэнд 90 жил наадам үзэж яваа энэ өвгөний насыг, дээрээс нь түмэн олонд нэгэнд танигдаад, төр засагт үнэлэгдээд, түүхэнд үлдэх бүтээлтэй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье. Монгол утга зохиол мандтугай. Монгол түмэн минь, хүн төрөлтнөөс хүзүү өндөр, орчлонгийн түмнээс оюун төгөлдөр явах болтугай.