Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүн өвлөөр архи зарахыг хориглоё DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйч үүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шө- нөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жил үүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраар л гэхэд 23 хүн зүй бусаар хорвоог орхив. Осгож үхсэн нь талаас илүү. Бид цагдааг гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хийсэнгүй хэмээн шүүмжилдэг. Гэвч сая гаруй хүнтэй том хотын 650 гаруй баар, цэнгээний газрын алинд нь уугаад хаана нь согтоод уначихсаныг яаж ч олж барах билээ. Хаа байсан Хайлаастын эцэст гудамжинд тасраад уначихсан хүн азаар өөрөө л сэрэхгүй бол хөлдөөд л хонох шүү дээ. Бид архийг эр эм, охид хөвгүүдгүй их ууцгааж байна. Баяр болно гэдгийг архидалт болно гэсэнтэй агаар нэг ойлгодог болоод удлаа. Нэгэнт хүмүүс архидалт болохыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ үед төр засгаас зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй. Олон арга хэмжээ авч Дүн өвлөөр архи зарахыг хориглоё болмоор байгаа ч давын өмнө дүн өвлийн хүйтэнд архи зарахыг хориглодог баймаар юм. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундааг өргөн олонд худалдаалахыг болиулах хэрэгтэй мэт. Нэгэнт хүмүүс ухамсраараа тааруулж уух чадваргүйгээс хойш ингэж арга хэмжээ авахаас өөр гарц байхгүй байна. Төр засгаас хүмүүсийн амьд явах эрхийг ингэж л хамгаалахаас өөр яах билээ. Тэгэхгүй бол бид архиндаа живээд дээр нь хөлдөж үхээд дуусах бололтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын жүжигчин Ч.Мөнхшүр: Монголын ард түмэнд “Кармен” дууриар илүүтэй үнэлэгдсэн болов уу


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС Монгол Улсын ардын жүжигчин Чинзаяатын Мөнхшүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын ардын жүжигчин Чинзаяатын Мөнхшүртэй уулзаж ярилцлаа.


-Та хотын хүүхэд үү, хөдөөний хүүхэд үү?

-Төрсөн нутаг маань Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. Уултай, устай сайхан газар. 1952 онд миний бие тэрхүү ус нутагт мэндэлсэн юм. Ижийгийн минь унаган нутаг л даа. Харин өсч бойжсон газар маань Улаанбаатар хот. Одоогийн энэ Американ дэнжийн урд талын хэсгийг Цагаанхуаран гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Тэнд л бага нас минь өнгөрсөн дөө. Манай аавыг Чинзаяа гэж хятад хүн байсныг мэдэх нэг нь мэдэх байх. 20 настайдаа Монголд ирж байсан гэдэг. Тухайн үеийн мебелийн үйлдвэрт олон жил ажилласан. Сүүлдээ тус үйлдвэрийнхээ даргын албыг хашиж байлаа. Харийн хүн хэдий ч Монголыг өөрийн эх орон шигээ санаж, хэр хэмжээгээрээ ажилласан даа. Аавын минь хөдөлмөр зүтгэлийг манай төр засаг ч үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтан гадас одонгоор нэг удаа шагнасан байдаг. Ээж маань Ядамсүрэнгийн Хандаахүү гэж хүн байв. Бага залуудаа хүрээ хот бараадаж аж үйлдвэрийн комбинатад ирж ажиллахдаа аавтай танилцаж гэр бүл болжээ. Уул нь тогооч мэргэжилтэй хүн. Цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан юм.

-Хэдэн онд сургуульд орсон бэ. Урлагийн зам мөрөө хаанаас эхлэв?

-Ээж цэцэрлэгт ажилладаг байсан болохоор би цэцэрлэгээр л хүмүүжсэн. Зургаан настайдаа Хөгжим бүжгийн сургуульд орсон. Учраа мэдэхгүй жаалхан амьтан шалгалт өгчээ. Манай цэцэрлэгийн олон зуун хүүхдээс ердөө хоёр нь тэнцэж билээ. Тухайн үед Хөгжим бүжгийн сургууль одоогийн Хүнс, хөдөө аж ахуйн яамны ар талд намхан цагаан байшинд байсан юм.

-Хөгжим бүжигт хэдэн жил сурав?

-Хийлийн ангид нь дөрвөн жил сураад 21 дүгээр сургуульд шилжиж суралцсан. Тэнд наймдугаар ангиа дүүргээд илгээлт авч үйлдвэрт ажиллахаар болов. Аж үйлдвэрийн комбинатад. Тухайн үед дунд сургууль дүүргэж байгаа хүүхдүүд их илгээлт авч хот, хөдөөг зорьдог байсан. Манай ангийн арван хүүхэд илгээлтийн эзэд болоод аж үйлдвэрийн комбинатад очтол “Та хэд насанд хүрээгүй байна. Сургууль төгсөөд ирвэл ажилд авна” гэдэг юм. Тэгээд тэр үед дөнгөж баригдаж эхэлж байсан Хөнгөн үйлдвэрийн коллеж(хуучнаар ТМС)-д суралцсан юм.

-Сургуулиа төгсөөд үйлдвэртээ ажилласан уу?

-Эсгий гутлын үйлдвэрт хуваарилагдлаа. Гэвч үйлдвэр маань шинэхэн байгуулагдсан болохоор тоног төхөөрөмжөө угсрах гээд бидэнд хийх ажил ховор. Яадаг юм билээ гээд байж байтал Багшийн дээд сургууль (хуучнаар) хөгжмийнхөө ангид оюутан шалгаруулж авна гэсэн зар дуулдах нь тэр.

Эгчийгээ дагуулж очоод шалгуултал тэнцчихдэг юм. “Маргааш өглөө аж ахуйн ажилд явна шүү. Хөнжил пүүгээгээ аваад бэлэн байгаарай” гэж байна. Инээдтэй нь нэг өдөр би хоёр газар шалгалт өгч билээ.

-Нөгөө нэг нь юу байх уу?

-Цэргийн ансамбльд хөгжимчин авна гэсний дагуу бас л эгчийгээ дагуулаад яваад очтол урлагийн гавьяат зүтгэлтэн Дугарсүрэн гуай зэрэг ахмадууд сууж байна. Намайг дуулуулж, шүлэг уншуулж үзээд “Чи тэнцлээ. Чамайг ансамбльд хөтлөгчөөр авах боллоо” гэдэг юм.

-Тэгээд алийг нь сонгов оо?

-Эгчийнхээ зөвлөснөөр сургуулийг нь сонголоо. “Бэлэн бай” гэж хэлсэн ёсоор нь хувцас хунар, хөнжил гудсаа бэлдээд өглөө эрт багшийн сургуулийн урд зам дээр унаа хүлээгээд зогч байтал “УАЗ-469” давхиж ирээд зогсов. Цэргийн хувцастай хүн буугаад ирлээ. Ансамбльд ороход намайг шалгаж авсан хүмүүсийн нэг байна. “Чи энд юу хийж байгаа юм. Яагаад ажилдаа очихгүй байна” гэж асуув. “Би хөдөө явах гэж байна. Багшийн сургуульд давхар шалгалт өгөөд тэнцсэн” гэхэд “Чи тэгж цэргийн байгууллагаар тоглож болохгүй ээ. Шалгалт өгч тэнцчихээд хөдөө явна гээд зогсч байдаг. Яасан эх захаа алдсан хүүхэд вэ” гэж баахан загнаад өнөө “69”-дөө суулгаж аваад шууд ансамбльд очиж билээ. Ингэж би ансамблийн хүн болсон доо.

-Тэнд удсан уу?

-Найман жил болсон. Хөтлөгчөө болиод эхлээд дууны ангид оров. Удсан ч үгүй ардын жүжигчин Долгорсүрэн гуайн ачаар бүжгийн ангид орсон доо. Тэгэхээр урлагийн зам мөр маань цэргийн ансамблиас эхтэй болж байгаа юм. Тэгээд Багшийн сургуулийн харьяа Г.Хайдав багшийн анх нээсэн мэргэжлийн дуулаачийн ангид суралцсан.

-Та чинь Москвад хөгжмийн дээд сургууль дүүргэсэн байх аа?

-Хайдав багшийн ангид суралцаж байгаад 1975 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын хөгжмийн их сургуулийг багш, дуулаач мэргэжлээр таван жил суралцаж төгссөн. Дэлхийд бараг нэг номер гэгддэг тус сургуулийг дүүргэсэн минь хэн хүнд заяахгүй ховор хувь заяа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган, “Нийслэл хүү” Жагваралын Бүрэнбэх бид хэд нэг үеийн оюутнууд. Ер нь Ленинградын хөгжмийн их сургуулийг ардын жүжигчин Т.Цолмон, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр гээд манайхаас тоотой хэдхэн хүн төгссөн дөө. 1981 онд сургуулиа төгсч ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт 29 жил ажилласан.

-Таныг Г.Хайдав гуайн бэр байсныг хүмүүс мэдэх байх?

-Тийм ээ. Би Хайдав багшийнхаа хөгжмийн зохиолч хүүтэй Москвад оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон. Гонгорын Хайдав гэж тэр агуу хүнийг би багшаа, бас ааваа гэж хүндэтгэдэг. Бид хоёрын “багш шавь”, “аав охин” гэсэн нандин харилцаа анх яаж үүссэн тэр хэвээрээ байгаа. Монголын сонгодог урлаг, ялангуяа мэргэжлийн дууны урлагийн төлөө бүхий л амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсан багшийнхаа үр удмыг залгуулж, хоёр сайхан ачийг нь тээж төрүүлсэндээ бахархдаг. Том охиныг Мөнх-Оюу гэдэг. Хүү Чинбаяр өвөөгийнхөө авьяасыг өвлөж төрсөн. Дуулна, хөгжим тоглоно. Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцаж байсан. Би чинь ач, зээ олонтой өнөр болоод байна.

-Багшийн ажлыг хэдийнээс хийж эхэлсэн бэ?

-Ленинградын хөгжмийн их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байхаасаа хийж эхэлсэн. Ленинградын ажилчны соёлын ордны дуучдад анх хичээл зааж байв. Тэнд анхны зургаан шавь минь бий. Сургуулиа төгстөл гурван жил багшилсан юм. Г.Хайдав багшийнхаа байгуулсан мэргэжлийн дууны ангид мөн гурван жил хэртэй багшилсан даа. Тэгээд “Нас залуу байгаа дээрээ дуурьд хүчээ сорьё” гээд багшийн ажлаа түр хугацаанд орхисон.

-Дуурийн театрын тайзнаа тавигдсан бүх л сонгодог болон үндэсний дуурьт гол ба туслах дүр бүтээсэн дээ?

-Тэгсэн. Тэр тухай яривал барагдахгүй. Эмэгтэй хүний боргил бүдүүн хоолойгоор дуулагдах бүх л дуурьт дуулсан байна. Харин зохиолын дуунаас Д.Сэнгээгийн шүлэг, Д.Бадарчийн хөгжим “Тагтаа” дуу маань олонд их хүрсэн байдаг. Намайг чинь нийтийн дуунаас “Тагтаа”-гаар, дууриас “Кармен”-аар хүмүүс илүүтэй мэддэг юм. Мэргэжлийн хэмжээний зохиолын дуу дуулж, “Морин хуур”, “Алтан намар” зэрэг хөгжмийн томоохон наадмуудын шагнал олон удаа хүртсэн. Эх нутаг, эх орноороо бахархсан дуунууд ихэвчлэн дуулсан байдаг. Хайрын ч гэдэг юм уу, эх орноос өөр сэдэвтэй дуунууд нийтийн дууны урын санд минь харьцангүй цөөн.

-“Эзэн заяа” гэж дуу чинь 1993 оны бил үү дээ, “Морин хуур”-ын тэргүүн шагнал авч байсан санагдана?

-Тийм ээ. Манай мэргэжлийн дууны томоохон төлөөлөгч Бадарчийн Бямбабаярын хөгжим юм. Шүлгийг нь “Болор цом” наадмын хошой шагналт Ц.Чимэддорж бичсэн. Үнэхээр том дуу даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хурд”-ын Д.Ганбаяр: “Аавдаа би хайртай”-г анх Цогоо дуулахыг сонсоод бүгдээрээ уйлж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хурдхамтлагийн ахлагч, бөмбөрчин Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-“Хурдбол Монголын рок попын амьд домог болсон хамтлагуудын нэг. Тантай шинэ уран бүтээл хийгээд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудын тухай ярилцахыг хүслээ. “Цэргийн бодол”-оос эхлэх үү?

-“Хурд” хамтлаг байгуулагдаад 24 жил болжээ. Миний бие рок попын ертөнцтэй хувь заяагаа холбож, энэ том айл өрхийн хаалгыг татсанаар 40 дэх жилтэйгээ золгож байна. 1975 онд Төмөр замын хорьдугаар сургуулийн бага ангийн сурагч анх гитар барьж сургуулийн шинэ жилийн баярт оролцож байв. Түүнээс хойш 40 жилийн баярыг урлагийн гал тогоонд угтжээ. Манай хорьдугаар сургуулийн “Ган зам” хүүхдийн хамтлагийн багш Чүлтэмдорж гэж урлагийн төлөө төрсөн сайхан хүн байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд түрүүлсэн Дарханы багшийг хараад яалт ч үгүй Чүлтэм багшийгаа үгүйлэн санагалзсан. Чүлтэм багшийн шавь нараас Ардын дуу, бүжгийн чуулгын Зоригоо гавьяат, “Орь залуус” тэргүүт олон дууны эзэн Янжиндулам, “Харанга”-ын Энхманлай, Одсүрэн гээд авьяастнууд төрж гарсан. “Харанга”, “Хурд” амьд хөгжмийн хамтлагууд өнөөдрийн өндөрлөгт хүрэх хөрс суурийг багш маань бэлдсэн байна. Тиймийн учир ярианы эхэнд багшийнхаа гавьяаг хэлэх гэсэн юм. “Цэргийн бодол” дуу бид бүхнийг түүчээ тогоруу шиг замчилсан, булган сүүлтэй уран бүтээл. Бидний хамгийн том ах Ганболд энэ дууг цэрэгт байхдаа салааныхаа нөхөдтэй хамтарч шүлгийг нь бичин, аялгууг нь хийсэн. Хуучнаар морин тойруулгын тэнд Туулын хөвөөнд байсан хилийн багана, харуулын цамхаг босгох зориулалт бүхий цэргийн хуаранд 1977 онд төрсөн түүхтэй. Дунд ангийн сурагч байхдаа би ахынхаа дуудсан ёсоор цэргийн ангийнх нь шинэ жилийн баярт “Цэргийн бодол” дууны бөмбөрийг тоглоод зогсож байлаа.

Цэрэг би чинь ингэж бодохоор

Цээжин дотор минь гал дүрэлзэж

Цэвэр сэтгэлийн уяа алдуурч

Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэгэх мөрүүд ахын сэтгэлд шууд ороод ирсэн гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд бичтэл салааных нь арван хэдэн цэрэг тал талаас санаа оноогоо хэлжээ. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон ийм гайхалтай уран бүтээл болно гэж яахин мэдэх билээ. Шүлгээ бичиж дуусаад ах маань өөрөө аялгуу хийж бужигналдаж байхыг нь ротын захирагч нь мэдсэн байдаг. “Цэргийн бодол” дууны 30 жилийн ойгоор бид баримтат нэвтрүүлэг бэлдэж, энэ уран бүтээл төрөхөд гэрч нь болж, сэтгэл зүрхээ, бодол оюунаа зориулсан ахынхаа онжавуудыг оролцуулж, дууны түүхийг яриулж олонд хүргэсэн. Бид хаана ч очсон үзэгч олон “Цэргийн бодол”-ыг сонсч байж сая нэг санаа нь амрах шиг болдог. Бидэнд ч ялгаагүй уг бүтээлээ сонсгоогүй бол үзэгч олноо нэг юмаар дутуу орхих юм шиг санагдах нь бий. Монголчууд картын бараанд оочерлож байсан, амьдрал тарчиг, нийгэм зэврүүн байх тэр цагт “Цэргийн бодол” дуу олны сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулдаг байсан болов уу.

-1995 онд Улсын циркт болсонХар салхиконцертыг хүмүүс одоо хэр нь ярьдаг. Монголын рок хөгжмийн түүхэн дэх тэсрэлт гэх нь ч бий?

-“Хурд” хамтлаг наян зургаан онд төмөр замын ажилчин залуус болох Батжаргал, Зоригоо, Тулгаа, Мөнхбат нарын дунд байгуулагдсан түүхийг манайхан мэднэ. Би бол анхны хэдээс үлдсэн бөмбөрчин шүү дээ. Сонирхуулахад, эхний бүрэлдэхүүнд драмын театрын жүжигчин Эрдэнэцэцэг, гавьяат Оюунтүлхүүр нар дуулдаг байсан. Оюунтүлхүүрийн аав Дамдинсүрэн гэж хүн даралтат хөгжимчин байлаа, дүү нь мөн дуулдаг байсан. Хамтлагийн нэрийг “Харанга”-ын Чука, Пүүжээ нарын ах нар өгсөн гэдэг. Гэхдээ бас эргэлзээтэй. Тухайн үед суудлын вагон депогийн дарга байсан Насанбат бил үү дээ, тэр хүн өгсөн ч дуулддаг. Ямар ч байсан “Улс төрийн дууны Хурд” гэсэн хамтлаг байсан. Ерэн хоёр онд миний бие Монголын рок попын амьд домог гэгдэх “Хурд”-ыг жинхэнэ утгаар нь бий болгож, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ хийх ирмүүн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн. Гадны рок хамтлагийн бичлэгүүдийг үзэж, ийм л хэмжээний концерт тоглох юмсан гэх мөрөөдөл надад байсан. Монголын урлаг хэтэрхий поп тал руугаа хазайсан байв. Нэгэн хэвийн тийм байдлыг өөрчилж, урлагт цоо шинэ стиль, хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж тэсрэлт хийхийг эрмэлзсэн. Түүний тод илэрхийлэл нь “Хар салхи” анхны тоглолт байлаа. Амьд хөгжимчид гэдэг чинь тайзан дээр нэг л тийм бадрангуй, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дайчин эрэмгий байдгийг өнөө л гадны шилдгүүдээс харна шүү дээ. Хөгжимчид наад зах нь бүдүүн, хөдөлгөөн муутай хүмүүс байж болохгүйг хүртэл ойлгож байгаа юм. Эстрадын урлагийн хөдөлгөөнгүй байдлыг эвдэх гэж маш удаан хугацааны бэлтгэл хийсэн. Үндсэндээ амь амьдралаа зориулсан байхгүй юу. “Чоно”, “Хар дарсан зүүд”, “Харанхуй”, “Хар салхи”, “Алив бос”, “Миний Монгол” зэрэг дуу бидний тогтсон хэв маягийг эвдэх гэж шинийг эрэлхийлэн зүтгэсний хүчинд гарсан уран бүтээлүүд.

Нэгэн түүх сөхөхөд, “Хар салхи” концертоос өмнө буюу ерээд оны эхээр Спортын төв ордны “А” зааланд “Харанга”, “Айзам”, “Өргөө”, “Залуус” хамтлагуудын нэгдсэн тоглолт болж, шилдгийг нь тодруулахаар “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат, Зундарь нарын аваргууд шүүж байсныг би мартдаггүй. Тэр харин жинхэнэ тэсрэлт гэдэг чинь болсон юмдаг. Уран бүтээлийн ид оргил үе дээрээ байсан “Харанга”-ынхан түрүүлж, түүний араас эрч хүчтэй гарч ирсэн “Хурд” орж байлаа. Тэрхүү түүхэн дүрс бичлэгийг Төмөр замын “Сарны өртөө”-гийн Энхсайхан гэж хүн хальсанд буулгасан юм. Өнөөдөр тэр хүн бидний дунд алга. Сүүлд дүүтэй нь уулзахад тэрхүү бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна лээ. Гавьяат Б.Дашдондог туранхай бор хүү анх тайзан дээр дуулж байсан гээд бодохоор эртнийх байгаа биз.

-“Хурдхамтлаг дүүлэн гарч ирэхэдХаранга”-ын нөлөө их байсныг хэн хүнгүй хэлдэг. Танай хоёр хамтлаг хамтарсан тоглолт ч хийж байлаа?

-“Харанга” хамтлагийн гишүүдээ би дотнын ах нар минь гэж хүндэтгэдэг. “Харанга” байгаагүй бол “Хурд” байх эсэх нь эргэлзээтэй гэж би нэгэнтээ хэлж байсан. Биднийг анх гарч ирэхэд Харангынхан “Бидэнтэй өрсөлдөх хэмжээний хамтлаг гарч ирлээ” гэж талархан хүлээж авсан нь хамгийн том гавьяа юм. “Харанга рок” гэсэн төв хамтлагийнхаа дэргэд байгуулж биднийг угтаж авсан даа. “Хурд”-ын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахад хоёр хүн маш их гавьяа байгуулсныг онцолж хэлэх гэсэн юм. “Өргөө”-гийн Волоож ах байна. Энэ хүн манай Отгонбаярыг хажуудаа авч бэлдсэн. Гитар хэрхэн тоглохыг заасан. Бөмбөрчнөөр ч бэлдсэн. Отгонбаяр, Нааяа хоёр чинь дөнгөж аравдугаар анги төгссөн банди нар байлаа шүү дээ. Тэднийг өдий зэрэгт хүрэхэд гавьяат Волоожийн дэг сургууль ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн “хоовон” Энхбаяр ах байна. Бид бол хөгжмийн мэргэжлийн сургууль дүүргээгүй, ямар ч дипломгүй хүмүүс. Хурдынханд хөгжмийн боловсрол эзэмшихэд гол анхаарлаа хандуулж, чин зүрхнээсээ бидний төлөө байсаар ирсэн Энхбаяр гавьяат юм. Рок попын энэ л хүмүүсийн хүчинд “Хурд” өнөөдрийнхөө өндөрлөгийг авсан. Түүнээс бид арал дээрх “Робинзо Крузо” нар шиг байгаагүй юм. Харин Монголын рок хөгжмийн урлагт бидний гаргасан зам мөр, орон зай өнөөдөр үгүйлэгдэж байна. Авьяаслаг залуу уран бүтээлчид, дүү нар гарч ирж байна гэж тухайн цагт баярлаж байсан. Харамсалтай нь тэд ямар ч шинэ зүйл хийсэнгүй. Гадныхныг цэвэр дуурайж, хуулж байна. Үүнд сэтгэл дундуур, урамгүй байдаг.

-“Нисванистэргүүтэй рок хамтлагууд байгаа биз дээ?

-Рок хөгжимдөө үнэнч яваа “Нисванис”-аас нэрлэлгүй яахав. Уран бүтээлийн хувьд багагүй хугацаанд рок хөгжмийн нэр нүүр болж явсан. “Булсара”, “Лемонс”, “A Sound” гээд хамтлагууд гарч ирж байсан. Гэтэл сүүлийн арван жил рок хөгжмийн урсгалд тийм нэг зааг бий болчихсон юм. Одоо бүр том ангал болсон нь аймшигтай. Америк, Англи, Германд рок хөгжмийн шинэ урсгал чиглэлийн хамтлагууд төрөөд л, үндэснийхээ урлагийг баяжуулж цус сэлбэж байна. Харин Монголын хамтлагууд миний дээр хэлсэнчлэн гадныхны хуулбар болчихож. Монгол үндэсний онцлог алга. Манайхан монгол хамтлаг, монгол урлагийн онцлог, утга агуулга гэхээр морин хуур, хөөмийгөө хэлэх юм. Тэгээд л бүгд ижил түвшинд хуурдсан, хэхэрч орилсон хүмүүс боллоо. Одоо хар л даа, язгуур урлагийн хамтлагууд гээд бүгд л хуурдсан, хэхэрсэн хүмүүс байгаа биз дээ. Зүй нь бол хөгжмийн шинэ урсгал чиглэлийг монгол үндэснийхээ онцлог, сэтгэлгээнд тааруулж, үндсэндээ монгол хөрсөнд тарьж ургуулан шинэ бүтээгдэхүүн гаргахыг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Би тийм эрэлхийллийн төлөө 40 жил зүтгэсэн байна.

Хайдавын Чилаажавын шүлэгАавдаа би хайртай”, мөнЭэждээзэрэг олон уярмаар сайхан дууны хөгжмийг бичсэн Ишхүү гэж авьяаслаг нэгэн байлаа. Танай хамтлагийнхны дурсахгүй өнгөрч боломгүй хүний нэг мөн гэж санана?

-Өвчин гэдэг хэцүү юм билээ. Ишхүү маань уушгины өвчнөөр өнгөрсөн юм. Галдны нөлөөнөөс болж уушигны бяцрал гэгч болсон. Уран бүтээлээ хийж байхдаа ам хамраас нь цус садраад ирдэг байсан. Хамгийн сүүлд би нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хүргэж өгсөн. Тэрхүү авьяас билигт сайхан залууг тэгээд явчихна чинээ огтхон ч бодоогүй. Монголын эстрад урлагийн том аялгуу, авьяасын шавхагдашгүй нөөц, үүр уурхай ингээд явчихлаа гэж үү дээ хэмээн бодоод үнэндээ маш их харамссан. Ишхүү анх Өвөрхангайгаас манай хамтлагт дуучин болъё гэж ирсэн хүн. Тэр чинь ерэн гурван он. Цогоо хамтлагт ороогүй байсан үе. Рок хөгжмийн дуучнаар нэг л болж өгдөггүй, яая гэж байтал мань хүн хөгжим бичдэгээ хэлж, “Ээждээ” хэмээх дуугаа дуулж өгч билээ.

Толгодыг даваад шувууд буцлаа, ээж ээ

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг …” хэмээх дуу нь бид бүхэнд шууд л таалагдсан. Ингэж уран бүтээлээрээ танилцсан. Дараа нь Чилаажавын “Аавдаа би хайртай” хэмээх утга яруу сайхан шүлэгт Ишхүү ямар гоё аялгууг хийснийг ард түмэн мэднэ. Уг дууг Радиогийн фондод бичүүлэхээр очоод студийнх нь гадаа хүлээж суухдаа Цогоогийн дуулахыг сонсоод бүгд уйлж байж билээ. Ишхүүгийнхээ аялгууг нь хийсэн “Аавдаа би хайртай” дууг миний бие дуулах бүртээ, сэтгэлд үг аялгуу нь ороод ирэх бүрийд хамар шархираад явчихдаг. Ер нь би өөрөө гэлтгүй ижий аавын, эх орны тухай дуунуудыг хаана ч очиж дуулна, үзэгч олон хамт дуулж, харийн нутагт суугаа монголчууд минь эх орон, ижий аав, амраг ханиа санагалзан уйлж нэг л халуун дулаан орчин бүрдэж, хайр энхрийлэл, Монголоороо бахархсан бахдал төрөөд явчихдаг. Монгол туургатан олондоо уран бүтээлээ хүргэхэд бас л нулимстай сонсоно.

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…” гээд эхлэхээр хэн бүгдэд аав нь бодогдох нь мэдээж юм.

“…Ачаа тэнцүүлсэн нүүдэл нь

Амьдралтай минь дэндүү адилхан

Адууны чимээтэй тал минь

Жаргалтай минь дэндүү ижилхэн

Заяагаараа би нутагтайгаа адилхан

Дөрвөөр ээлжлэх улирал нь

Наслахтай минь даанч адилхан

Дөчин есөн бүрд нь хүртэл

Нулимстай минь ижилхэн

Зүрх сэтгэлээрээ би Монголтойгоо адилхангээд дуулахад хүний нутагт монголчууд минь мэлмэртэл уйлна. Монголоо санасан сэтгэл нь бага ч болов тайтгарах шиг болдог. Ингэж энэхэн дэлхий ертөнцийн хаана ч монгол хэлээр ярьж, монгол гэсэн зүрх сэтгэлтэй яваа элэг нэгтнүүдэд “Хурд” хамтлагийн уран бүтээл хүрсэн. Гэхдээ бид хэзээ ч онгирч, омойтож явсангүй. Аав ээжээс өгсөн суурь хүмүүжил гэж нэг том юм бидэнд байдаг. Бид энэ салбартаа шилдэг нь байж уран бүтээлээ брэнд түвшинд хийе. Бусад нь салбар салбартаа шинэ брэндүүдийг бий болгоно. Тэгж байж улс орон хөгжиж дэвшдэг байх.

-“Хурд”-ынхнаас өнөөдөр хоёр ч гавьяат төрөөд байгаа?

-Цогоогоо Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор гавьяат болоход нь ихэд бэлгэшээж байсан. Өнгөрөгч жил Отгонбаяр маань гавьяат боллоо. Монголын урлагт Цогоогийн, Отгонбаярын гавьяа их. Манай Цогоо эцэж цуцашгүй хоолойтой дуучин. Би Цогоогийн хоолойг бурханы өгөгдөл юм даа гэж боддог. Хичнээн ч цаг дуулна яг л эхлээд дуулсан шигээ тэр урт удаан тоглолтын туршид дуулдаг. Тийм цуцашгүй хоолой гэж байх уу. Отгонбаяр авьяаслаг хөгжимчнөөс гадна олон сайхан дууны аялгуу хийсэн уран бүтээлч. “Эх орон” дуу байна. Энэ дуунд нэг л юм дутаад байх шиг байна гэж надад хэлж билээ. Би түүнийг сайн ойлгохгүй, юу юм бол гэж эргэлзэж байтал манай Цогоо “Би дутсан зүйлээ олчихлоо” гэж хэлсэн. Тэр нь ардын жүжигчин Банзарын Дамчаа гуай байсан. “Шижир туяа цацруулан мишээсэн…” хэмээн Дамчаа гуай арааживаар дуулахыг Отгонбаяр сонсож л дээ. Тэгээд л Дамчаа гуайгаар дахилтыг нь дуулуулж байна. “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй…” гэх Эх орон дууны дахилтын бадаг миний хөгжим юм. Аль тэртээ ерээд онд тийм аялгуу биччихсэн байсан. Дамчаа гуай хоёрдугаар эмнэлгээс ирж “Эх орон” дууны бадгийг харж дуулчихаад “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дууг би яг ийм маягаар Москвад дуулж байлаа. Тэр түүх давтагдах шиг боллоо” гэж нэг их сэтгэл ханамжтайгаар хэлснийг би мартдаггүй юм. Дамчаа гуайн тэр өвөрмөц баргил хоолойг “Эх орон” дуундаа мөнхөлж чадсан нь Отгонбаярын гавьяа. “Номин талст”-ын “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…” гээд эхэлдэг “Зүүдэнд ирэх жаргал” зэрэг олон дууг Отгонбаяр аялгууг нь хийснийг хүмүүс мэднэ байх аа.

Сүүлд танайханНарлаг диваажинцомог дээр ажиллаж байна гэж та хэлж байсан. Харин рок попын том төлөөллүүд маань сүүлд ямар уран бүтээл хийж байна вэ. Чимээ аниргүй байх шиг санагдах юм?

-Монголын рок попын уран бүтээлчид өнөөдөр зүүрмэглэн унтацгааж байна. Тэднийг би нойрноосоо сэрээч, нөхөд минь гэж хэлмээр байна. “Чингис хаан”-ы Жагаа, поп Сараа, Ариунаа энэ хэд бүгд бөөрөнхий хүмүүс шүү дээ. Тэд бусдынхаа хийж бүтээснийг ер нь ярьдаг болов уу. Зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс. Бусдыгаа уриалсан, уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн бий болгосон тийм зүйлийг хийнэ гэж байхгүй. Өнөөдөр ихэнх уран бүтээлч ямар нэг тэмцээний шүүгчээр л залрах болж. “Монголын урлаг бол ийм шүү дээ” гээд цээжээ дэлдэн ярьцгаана. Тэр мундаг шүүгчдийг харин өөрсдийг нь шүүмээр байна. Хоёрхон дуутай хүн “Монголын урлагийг би байлдан дагуулж байлаа” гээд ярихад нь миний инээд хүрдэг. Ингээд яривал олон зүйл байна даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэл төлбөр нэхдэггүй DNN.mn

Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн хоёр тийш харан утсаар зогсоо зайгүй ярьж юуг ч юм тайлбарлах аж. Таньдаг цагдаа руугаа ч юм уу даатгалын газар луугаа ярьж байгаа буй за. Шүргэлцсэн хоёроос хэдэн машины ард дуут дохиогоо цөхрөлтгүй хангинуулж байсан түргэний тэргэнээс нэг хижээл эр буун бээцийсээр тэдэн рүү очлоо. Их л зориг гаргаж байгаа бололтой нөгөө хоёроос “Зам тавьж өгөөч, хөгшний минь бие муу байна. Ахдаа ингэж тус болооч” гэж гуйлаа. Нөгөө хоёрын сахалтай нь “Хөдөлчихвөл би хохирлоо гаргуулж авч чадахгүй болно шүү дээ ах минь, тус боллоо гээд миний хохирол барагдахгүйгээс хойш чадахгүй нь дээ” гэв. Өөртэй нь харьцсан болохоор нөгөө бүдүүн эр лүү хандан “Ах нь их баярлана шүү, ёстой мартахгүй” гэв.

Нөгөө эр “хм хоосон баярлалаагаар яах вэ, сайхан сэтгэл гаргалаа гээд хэн төлбөр төлж байлаа” гэж хэлээд ширэв татлаа. Хижээл эр “төлбөр нь хэд байдаг юм бол” гэхэд “Дор хаяж хоёр зуу болдог юм байгаа биз дээ” гэж араб сахалт зандарлаа. Хижээл эр “Ээ гончигсүм минь” гэж хэлээд дуугаа хураав. Гэтэл хажуугаар нь гарч явсан идэр насны эмэгтэй “та дансаа явуулчих” гэж нөгөө сахалт руу шууд хэлэв. Хижээл эр “охин минь би наадахыг чинь төлж чадахгүй байх аа тэтгэвэр…” гээд ээрч мууран юм хэлэх гэв. Эмэгтэй “Ах минь сайхан сэтгэлд төлбөр нэхдэггүй юм” гэж хэлээд утсаа гаргалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Гурав”-аасаа гуйх гуйлт байна, 31-ний шөнө олны өмнө битгий гараарай даа DNN.mn

Он солигдоход ердөө тавхан хоног үлдлээ. Энэ өдрүүдэд эрх баригч дарга, сайдууд минь нэгнийгээ шилдгээр шалгаруулан “Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан” хэмээн цоллож, улс амьтны зэвүү дургүйг битгий хүргээрэй. Ялангуяа эрх баригч Ардын намын нөхөд 31-ний орой “алтан сарнай”-гаар нэгнээ өргөмжилдөг. Энэ удаад “Алтан сарнай” хэмээх гялгар цомоо нэгэндээ өгч ард түмнээ битгий басамжлан доромжлоорой.Гурван жилийн өмнө Улаанбаатарыг утаагүй болголоо хэмээн “Таван толгой түлш” компанийн удирдлагуудад “Алтан сарнай” өгч, шагналыг нь тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө гардуулж жигтэйхэн юм болцгоосон. Гэтэл өнөөдөр бодит байдал ямар байна. Таван толгойн нүүрсний хулгайг эсэргүүцэн ард түмэн тэмцэж, юун алтан сарнайгаар шагнах, улс орноо тонон дээрэмдсэн хулгайчдад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардан хорь гаруй хоногийн туршид жагсаж байна.

Тэгэхээр оны шилдэг улстөрч, ард түмний итгэмжит түшээ гэх цол өргөмжлөлүүд чинь онигоо болно. 24 дэх өдөртэйгөө золгож байгаа ард түмний жагсаал арай намдуухан болж эхэлж байна. Өвлийн тэсгим хүйтэн ч нөлөөлөө биз, мөн хагасыг нь ордонд оруулаад, хагасыг нь гадаа нь унтуулаад аль болохоор намжаахыг бодсон байх. Дээрээс нь хагасыг нь баривчлаа байлгүй. Гэвчиг жагсагчид бууж өгөөгүй байгаа. Дахиад өөрөөр шинэ зохион байгуулалтад орно, бид тэмцлээсээ алхам ч ухрахгүй хэмээн хатуу мэдэгдэж байна. Төв талбайн хүйтэн цемент дээр дүн өвлөөр нүцгэлж, эр эмгүй шалдалж, бие давхар эмэгтэй хүртэл хувцсаа тайлж тартагтаа тулсан ард түмэн нүүрсний хулгайчидтай ёстой амиараа дэнчин тавин тэмцэж байгаа. Ард түмний энэхүү тэмцэл арай намжуухан болж байгаа нь шинэ жилтэй холбоотой байх.

Харин төрийн гурван өндөрлөг минь, 31-ний шөнө ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлнэ гэж гурван зэрэг гарч ирээд элдвийн юм яриад унав даа. Хий хоосон үгээр олныг дөгөөгөөд, худлаа олон долоон юм амлаад, өөрсдөө хувиасаа өгөх гэж байгаа юм шиг ард түмний өмчийг талыг нь буцааж өгнө энээ тэрээ гэж хуураад дараагийн хулгай хийх бантангаа зуурч балаг тарив. Хоосон гоё үгэнд хууртаж, араараа мад тавиулж, жаахан юм хялайлгана гэхээр алгаа тосч баярлалдаж гүйдэг байсан ард түмэн одоо өөр болсон. Та гурвыг ямар утгаар энэ үгийг хэлэв, дараа нь яаж хуурч мадлах нь вэ гэдгийг олон нийт мэддэг, үгний чинь утга учрыг уншдаг, ойлгодог болсон. Тэгэхээр төрийн гурван өндөрлөг минь, аль болохоор намдуухан чимээ аниргүйхэн байхыг бодоорой. Монголын нийгэм дарьтай торх шиг тэсэрч дэлбэрэхэд бэлэн байгаа. Элдэв долоон юм ярьж олны дургүй хүргэвэл шампаанскандаа халсан ард түмэн орилолдоод босоод ирнэ. Үүнийг ул суурьтайгаар бодох хэрэгтэй.

Өнгөрсөн жил У.Хүрэлсүх “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг цаг алдалгүй нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирч Монгол Улс ойрын 30 жилд Ази тивдээ тэргүүлэх орон болно” гэж шинэ жилийн орой хэлсэн. Амьдралын чанар сайжирсан ард түмэн өлбөрч үхэхгүйн тулд жагсаж байгаа хэрэг үү. Г.Занданшатар “Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхнийг эвийн хүчээ нэгтгэн эдийн засгийн талаар тусгаар тогтнож, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээнэ” гэсэн нь хаана байна. Юун хөгжин цэцэглэсэн шинэ монгол, юун эдийн засгийн тусгаар тогтнол вэ. Харин Их хурлын дарга минь ард түмнээ “бүсээ чангалах”-ыг хатуу харгис анхааруулсан даа. Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”, эдийн засаг хоёр дахин тэлэх, 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэх зэрэгшинэ жилийн мэндчилгээний үгс тэр оройныхоо салютын чимээтэй хамт замхран алга болсон уу. Тиймээс та гурвыг худал хуурмаг үг хэлэхийг нийгэм хүсэхгүй байна.

Хэрвээ ард түмэн босч ирээд нийтээрээ турхирах юм бол өнгөт хувьсгал гээч нь болчих гээд байна. Дайн дажинтай орны дэргэд аз жаргалын диваажин болсон Монгол орноо хэдүүлээ өнгөт хувьсгалын хөлд үрчихмээргүй байна. Яагаад гэвэл өнгөт хувьсгал хийхээр иргэний дайн болчих гээд байдаг. Ялагдсан талд нь гадны эрх ашиг нөлөөлөөд, зэвсэглээд дахин улам хурцатгаад, нийгмийг босгоод аль нэг нь ялагдаж өгдөггүй. Үүний горыг ард түмэн амсаж улс орон сөхөрдөг. Улс орны ирээдүй, хөгжил дэвшилд туйлын аюултай, асар их хор урхагтай учир өнгөт хувьсгалыг яавч хийж болохгүй. Өнөөдөр “цус үзмээр байна, дайтъя, босъё” гэж орилоод турхираад байгааг гадны шууд хийгээд шууд бус нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй. Харин төрийн гурван өндөрлөг жагсаал цуглааны “гал” арай намжсан, шинэ жилийн баяр тохиож буй энэ өдрүүдэд чимээ аниргүйхэн байж байгаад өнгөт хувьсгал биш Үндсэн хуулийн хувьсгал хиймээр байна.Үндсэн хуулиндаа, хууль номынх нь дагуу өөрчлөлт хийж сонгодог парламентын жишиг рүү явах нь чухал. УИХ-ын гишүүдийн хагас нь мажоратор системээр буюу тойргоос нэр дэвшиж ялалт байгуулдаг, мөн хагас нь намын нэрсийн жагсаалтаар буюу пропорцианаль системээр сонгогддог, олон нам, улс төрийн хүчин өрсөлдсөн, гишүүдийн тоо олон байх тийм тогтолцоо руу явах хэрэгтэй.

Гишүүдийн тоо олон болно гэдэг нь ард түмний төлөөлөл парламентад олноороо орж ирнэ гэсэн үг. Ард түмний дуу хоолой төрдөө бүрэн шингэж чадаж гэмээнэ гудамжнаас орилох, өнөөдрийнх шиг цөөн хэдэн хүн улс орноо тонолоо, баяжиж гүйцлээ хэмээн жагсаж тэмцэх шаадлагагүй болно. Үндсэн хуулийн “хувьсгал”-аа ингэж чимээгүйхэн хийж аваад, сүүлийн үед ихээхэн яригдаад байгаа тогтолцооны өөрчлөлт рүүгээ шилжих хэрэгтэй. Засаглалын хэлбэр бэхжих, дархлаа суух үндсэн суурь болно гэж туршлагатай улстөрчид, судлаачид хэлээд байгаа нь үнэний ортой.

Сүүлийн үед цахим сүлжээгээр Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдыг шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхийг эсэргүүцсэн давлагаа нэвт явж байгааг бид харж байна. Ямар нүүрээрээ үг хэлэх юм бэ, арай Ерөнхийлөгч маань он солигдох мөчид ичихгүй попроод зогсож байх юм биш байгаа даа гэсэн сэтгэгдэл, поостууд дүүрэн байна. Энэ бол ард түмний зүгээр хий хоосон хийрхэл биш шүү. Үүнд бодолтой хандахыг хичээнгүйлэн хүсье. Тиймээс эцэст нь дахин сануулахад, “Гурав”-аасаа гуйх зүйл байна, 31-ний шөнө олны өмнө битгий гараарай даа.

Categories
амьдралын-өнгө мэдээ утга-зоxиол

Дэлхий харагддаг Дэлгэрхааны ноён оргилоос DNN.mn

Сайн сайхан үйлийн шүншиг ерөөл гэж байдаг юм болов уу. Ижий аав, эцэг өвгөдийнхөө халуун голомт нь оршсон өлгий нутаг, чухамхүү хурандаагийн маань бахдал дүүрэн хэлдгээр “Дэлхий харагддаг Дэлгэрхааны оргил-Миний төрсөн нутаг ертөнцийн цэнхэр хязгаар”-ыг зориход бүхий л зүйл утга учиртай санагдсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадмын сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр орж ирэх тэр л цаг дор бид Солонготын даваан дээр дөрөө мулталлаа. Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хоноглоод нааш хөдлөхүйд хангайн дүнжгэр их нуруу алдарт Солонготын даваа асгарсан бороотой угтлаа. Усархаг бороон дундуур санд мэндхэн тэргүүн овоог нь тойроход хурандаа хэдийнэ Цэнд гуайн хэлсэн үгийг чулуун хөшөөнийх нь бичээсээс уншиж зогсоно. Намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, АИХ-ын дарга Лувсанцэрэнгийн Цэнд Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар нутаг заагдан ажиллаж байхдаа Солонготын даваанд зам тавих их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүхэн гавьяатай. Түүний “Ийм хувьтай оронд төрж, ийм сайхан ард түмний хүү болсондоо би бахархаж явдаг” хэмээх үгийг хангайн буурал даваан дээр нь тамгалж, дурсгалыг нь хүндэтгэсэн билээ.

Цэнд гуайн эл үгийг Бадамдорж хурандаа яг л аавынхаа захиас үг шиг сэтгэл догдлон хэлсэн юм. Хурандаагийн аав Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Галуутын голын малчин Маамаан Пүрэв гэж эгэл жирийн тэр хүн хүүхдүүддээ “Гэмгүй санасан нэгэнд тусалчихад бүр гэмгүй” гэх үгийг гэрээс болгон хэлсэн байдаг. Аавынхаа үгийг хүүхдүүд нь амьдралынхаа чиг шугам болгожээ. Эндээс л бидний явдал замын учрал ерөөл бүрдэж Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн цэнхэр хязгаар, Тагна Туватай хил залгах Тэсийн голын шугуй, Хотгойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ариун дагшин уул усыг зорьж яваа минь энэ. “Найрагч дүүдээ ижий аавынхаа буян оршсон ус нутаг, төрсөн газрынхаа салхийг амсуулна” гэж хэлсэн ёсоор өдөр судраа тогтож, наадмын урьд өглөө, үүрийн шаргал гэгээнээр хотоос гарсан. Пүрэвийн Бадамдорж бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны домогт хурандаа. Эл эрхэм шиг чанга дэглэмтэй Монголын таван шоронг бүх насаараа удирдсан хүн эдүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ховор болов уу гэж санана. Анх Бэрлэгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид домогт Нацаг хурандаагийн удирдлагад ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1985-1990 онд Мааньтын хорихын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч байхдаа 3-22 удаагийн давтан хэрэгтэй 1200 хоригдлыг захирч байсан. Тэнд Монголын эрүүгийн ертөнцийн 90 хувь нь хоригдож байсан гэдэг.

Ингэж рецдевүүдтэй ажиллаж ирсэн ч сэтгэл нь өр зөөлөн, ижий аав ус нутаг гэхээр нүдэнд нь нулимс гүйлгэнэдэг, аав ээжийнхээ алтан захиасыг үргэлжид санадаг нэгэн. “Аав ээж хоёр минь ганцхан жилийн зайтай биднийгээ орхисон. Нутаглуулснаас нь хойш 25, 26 жилийн дараа газрыг нь сая эргэж очлоо. Яг хэвээрээ байх юм. Аавын минь шарил дээр зүрхэн тушаа газарт алтан харгана ургасан байна. Тэгээд ах нь бодлоо, аав ээж хоёроо зөв газар нутаглуулжээ, зөв газарт нутаглуулсан учир үр хүүхэд бид зам мөр тэгш яваа юм байна гэж бодлоо” хэмээн хурандаа зам зуурт уяралтайхнаар хэлсэн. Тэгснээ залгуулаад “Манайх Тэрэгтийн шилд буугаад байсан цаг. Мал тушаах боллоо. Орой очиж хонь шахаарай гэж аав ээж хоёр хэллээ. Гүйгээд очтол “Муусайн хур захынхан гар мухар ирлээ, мод бариад ирэхгүй” гэж аав загнаад. Юм л болохоор хур захынхан гэдэг байсан. Тэр нь төвийнхөн гэсэн үг байсан юм уу даа. Манайх хонио тушаахад эр хонь тус бүрийн амьдын жин 50 кг 600 гр болдог юм. Их өндөр тушаалаа гээд улс амьтан ч шуугиад явчихлаа. За Пүрвээ ч улсын аваргын болзол хангачихав уу даа гэсэн яриа ч гарлаа. Аймгийн аваргын болзлыг шууд хангачихаж байгаа юм. Улсад түрүүлэхэд ердөө 200 гр дутаж байсан. Увс аймгийн малчин 50 кг 800 гр-аар улсын аваргын болзол хангаж аав ээж хоёр минь хоёрдугаар байрт шалгарч байлаа” гэхүйд нэгдэл нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн аварга малчдын дүр байдал нүднээ бууж байна.

Ийм л яриа хөөрөөтэй, элгэн зөөлөн сэтгэлээр аяны харгуйн алтан шарыг эвхэж явна. Орхон түшээ мөрнийг өнгөрч Хотонтод зам дагуух айлын зэлэн дээр зогсон айраг авлаа. Яагаад ч юм надад Хотонтын айраг ойр байдаг. Манай сум (Булганы Хишиг-Өндөр)-ын бүдүүн Суурь дарга Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд манайд аваачиж өгдөг сөн. Ингээд манайх гүүгээ уяж нутгийнхан хөрөнгөө адууч аавынхаас минь хүндэтгэн авдаг бичигдээгүй хуультай. Эл бүгдийг бодоход Хотонтын айраг сэтгэлд бүлээн байдаг юм. Түүхт ойн их наадмын торгон хөшиг нээгдэж, Төрийн дуулал эгшиглэж байхад Тосонцэнгэлийн цайны газарт нэг нэг таваг цуйван хуйлчихаад цааш хөдөллөө. Удаа ч үгүй дөрвөн замын уулзвараар хойш эргэн Нөмрөгийн наахна очиход Тэгшээ ах хүүтэйгээ биднийг тосоод зогсож байв. Тэгшээ гэж тавь эргэм насны номхон дөлгөөн царайтай, өндөр туранхай бор хүн. Уул нэр нь Түвшин юм гэсэн, гэхдээ бүгд л Тэгшээ хэмээн дуудах ажээ. Бид Ханангийн дөрөлжөөр даван Нөмрөгийн Холбоо нуурын урдаас ороод ирлээ. Нөмрөг бол Жалханз хутагтын нутаг, мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын өлгий нутаг гэж бодохоор сайхан санагддаг юм. Чанх урд Холбоо нуур мэлтэлзэж баруунаа Нөмрөгийн нуруу таширалдаж, нуурын хойхно Баянзүрх хайрхан, зүүн тушаад Буга-Өндөр сунайж байна.

Нөмрөгийн уулс, Буга-Өндөр гээд бодохоор “Шинэ үсгийн багш” кино санаанд буудаг. Жүжигчин Хүрлээ “Чойжоо гуайн хөх сарлагийг би дийлэхгүй юм байна” гэдэг тэрхүү инээдмийн гэрэл цацруулсан киноноос хойш миний хувьд монгол киног тэгтлээ шимтэж үзээгүй билээ. Уг киноны зохиолыг бичсэн Батжаргалын Жамбалдорж энэ нутгийн хүн. Тиймээс зургийг нь нутагтаа авсан байдаг. Дунжидмаа “Лхам эгч ээ, та ямар сайхан дуулав даа. Үнэн зүрхнээс дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг юм билээ” гэхэд “Хагархай Лхамын дуулах, халзан гунжны мөөрөх хоёрт ямар ялгаа байнаа” гээд “Хөөрхий дөө, муу бүрлээч маань жаахан юм балгачихаараа “Хүрэн толгойн сүүдрээ” дуулах дуртай сан. Дуунд гавихгүй л дээ, гэхдээ үнэн сэтгэлээсээ дуулахыг нь яана” гэх гавьяат Сэлэнгээ (хагархай Лхам), жүжигчин Болормаа (Дунжидмаа) хоёрын дуунд уярч, дуугаар ойлголцож буй хэсгийг үзэхэд нүдний нулимс гарах гээд байдаг. Энэ бүхнийг Нөмрөг хайрхан, Холбоо нуур, Буга-Өндөрт “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүргээд хүүшилнэ дээ, хүний бага чамтайгаа сэтгэл юундаа даслаа даа” гэж уяран бодож, сэтгэл дэнсэлж явлаа. Нуурын хөвөөний айлууд гангар хун шиг гэрэлтэн байна. “Буга-Өндөрийн ар тал Галуутын голын эх, Цэцэрлэгийн эх. Манай сумын нутаг. Удахгүй бид Тойруугийн дөрөлж дээрээс Бүстийн нуураа харна. Энэ баруун талын өврийн өвөлжөө бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Дэмжигжавын Моломжамцын төрсөн газар. Буга-Өндөрийн урагшаа буурал Булнайн нуруу залгана. Цаана нь Элээт, тэгээд Сангийн далай нуур, Шадар ван Чингүнжавын төрсөн нутаг. Мөн цаахна нь Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт Мандалын овоо, Эрчимийн нуруу залгана. Ингэж хангайн их уулс үргэлжилдэг” гэж хурандаа замын дунд яг л шүлэг шиг уншиж явлаа.

1905 оны их газар хөдлөлтийн гүн сорви, нутгийнхны хэлдгээр газрын гав дээр түрхэн зуурт дөрөө мултлав. Булнайн нуруунаас Увсын Хөнхөхийн нуруу хүртэл шугамдсан юм шиг эгцээрээ газар хагарсныг нутгийнхан хэлж байна. Үүнийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал, өнгөрсөн зуунд Монголд хөдөлсөн хамгийн хүчтэй газар хөдлөлт гэгддэг. Увс нуурын өмнөд хэсгээс Ханхөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Тэрэгтийн нурууны хойд бэл, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор газрын хойд хормой, Булнайн нурууг арлан, Тэсийн голын эхийг дайран Сангийн далайн өмнө эрэг хүртэл 500 км урт хагарал үүссэн аж. Оросын эрдэмтэн Вознесенский ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүчийг 11-12 баллд хүрч, 7 сая ам дөрвөлжин газар нутгийг хамран доргисон гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэхүү газар хөдлөлт Цэцэрлэг сумын нутагт хоёр удаа хүчтэй хөдөлж Буянтын нурууны ар, Хул азаргын нурууны өврөөр их бага хагарал үүссэнийг тэмдэглэсэн байна. Газар дүнгэнэн дуугарч байснаа уулнаас чулуу нурж, нуурын ус цацагдан, уулын мод үндсээрээ суга үсрэн ханаран унаж, зарим булаг шанд алга болсон гэдэг. Вознесенскийн тэмдэглэснээр Тэсийн хүрээнд хоёр шавар байшин, 30 орчим модон дуган нурж, Алтанхөлийн нуруунд хоёр нуур алга болжээ. Тэр жил Увсын Зүүнхангай Ханхөхийд очиход энэхүү газар хөдлөлтийн тухай өвгөд хөгшид ярьж байсан.

Хоттой хонь майлалдаж, үхэр мал газар доор мөөрөлдөн орилолдож байсан тухай хэлж байсан. Хоёр зууныг дамнасан газрын гав яг хэвээрээ байна. Газрын гавд тогтоол ус үүсдэг байна. Бүст нуурын арын айлууд газрынхаа гавыг ашиглаад карлинд малаа угаадаг тухай нутгийнхан хэлсэн. Газрын шарх гэдэг хоёр зууныг дамнасан ч аньдаггүйг нүдээр үзэж, тэндээс хурандаагийн хэлснээр Тойруугийн дөрөлж дээр гарч Бүстийн цэнхэр нуураа харлаа. Дуунд мөнхөрсөн нуурын мандал салхины чичиргээнд бидэр татуулж угтав. Завханыхан Багабандийгаа Ерөнхийлөгч байхад нь загас бариулах гэж Бүстийн нуурандаа авчраад загас байгаагүйгээ мэдсэн тухай яриа байдаг. Харин сүүлд Баярын ээж Дулмаа гуай Бүстийн нуурыг загастай болгосон ч хар галуу гэж аюул бийг нутгийнхан хэлдэг. Бүст нуурын Бүстийн дунд уул. Газарзүйн тодорхойлолтоор бол эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газар буюу арал гэж болохоор. Энэхүү дунд уул буюу арал дээр айл амьтан өвөлжиж байсан улбаа бий. 2000 оны зуднаар айлууд дунд ууланд өвөлжиж өнтэй давсан гэдэг. Бүстийн нуурын зүүн хойно Жарантайн улаан эрэг харагдана. Энэхүү улаан эргээр даваад ар дор нь Цэцэрлэгийн Рэнцэнжугнай нуур цэлийж байгаа. “Аав минь Увсын Дэмбэрэлсамбуу гэж аймгийн заан цолтой мундаг бөхийг хаяж сумынхаа наадмын түрүүг хүртэж сумын заан цолны эзэн болсон. Галуутын голын Пүрвээ заан гэдэг нь тийм учиртай. Тэртээ жаран есөн онд Дэмбэрэлсамбуу гуайг мал туудаг гэж сонсоод, аав уулзах гэж улаан эргээр морьтой давж ирж байлаа” хэмээн хүү нь Жарантайн улаан эргийг хараад ачит эцгээ дурсан явлаа. Ааг бяртай тэр сайхан хүчтэнээр сумынхаа түрүүг хүртсэн авшиг ерөөлийг Пүрвээ заан бодож явсных нь илэрхийлэл тууврын замд уулзаж амрыг асуун хөөрөг зөрүүлсэн хуучаас мэдрэгднэм. Ёстой нэг эрийн хэц, хүний мөс нь мэдрэгдэж байна.

Бид явсаар Галуутын голыг уруудлаа. Чухамхүү газрын дундаж диваажин гэж дуун алдмаар Галуутын гол. Намар усны шувууд буцахад ижил сүргээсээ хоцорсон ганц галуу энэ хясаанд өвөлжиж, харзных нь усанд хөлөө хайруулснаас “Мухар Галуут” гэж нэрийдэх болсон домогтой газар. Галуутын голд ирэхэд намираа зөөлөн цагаан бороо цайран орж байлаа. Эхийн сэтгэл шиг, эцгийн гэрээс шиг энгэр цээжийг сүлсэн сүүн цагаан бороо. Хүчтэй салхилж орохгүй, басхүү ганц нэгхэн дусагнахгүй, хацар нүүрийг зөөлхөнөөр илбэж намиранхан орж байгаа юм. Уул ус тэр чигтээ цайраад, нимгэн цагаан пансан торго сувдран татаж уу гэмээр. Галуутын тохойн мөнгөн сортой өвснүүд болор шүүдэр талстуулан цацарна. Цэцэрлэгийн голынхон, Галуутын голынхон энэ л тохой бүрээс хадлангаа авдаг байна. Урд уулын хяраас тачигнан бууж ирсэн хэдэн “зэрлэг” адуу зам хөндлөн хатируулсаар, эргэн эргэн сэрвэлзсээр өвөр зүг рүү орлоо. Ижий аавынхаа ариун дагшин уул усыг газрын холоос зорьж ирсэн хурандаагийн сэтгэл яг л энэ намираа цагаан бороо шиг асгарч буйг би мэдэрч явлаа.

Хуучин нийгмийн үед айл амьтан ховор, эль хуль зэлүүд нутаг байжээ. Одоо бол ам болгондоо өвөлжөө, намаржаатай байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг юмсанж. Хоёр талдаа огцом өндөр битүү модот уултай, голоор нь Галуутын гол тунгалагшин урсаж, төрөл бүрийн жимс жимсгэнэ урган, мод бургас өнгө өнгөөр алаглан багсайлдана. Бадамдорж хурандаагийн өвөө данхар Маамаа гуайн өвөлжөө Галуутын Нам даваагийн ухаад байна. “Өвөө минь бурхны номтой хүн байсан. Эм барьдаг, манайхны дээдэлдгээр маарамба байлаа” гэж ач хүү нь хэлж байна. Тэрээр Нам даваагийн урд хярыг Хөх ямаат, хойшоо харагдаж байгааг нь Бухт гэдэг. Аавтайгаа, ахтайгаа Бухтад хадландаа гардаг байлаа гэж дурссан. Энэхүү ариун дагшин гол уснаас олон сайхан алдартан төрсний дундаас УИХ-ын гишүүн асан Хулангийн аав нэрт дипломатч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лүдэвдоржийн Хашбат, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Тэгшжаргалын Сэнгэдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрэвийн Дэлгэрнаран нарын эрхмүүдийг онцлон хэлэх байна.

“Галуутад манайх Пүрэвжялын Туваанжав, Цэгмидийн Отгон, Бадарч болон Лүдэвдорж гуайнхтай айл аймаг явсан. Өргөн ширэнгэ рүү Маамаан Базарсад, Хасаан Ширнээ, Пандийн Биндэръяа, Очирын Биндэръяа нарынхтай, мөн монхор Жийгээ буюу холбооны Жигжидсүрэн, Павуужав гуайнхтай айл аймаг явсан”-аа хурандаа хэлж олон сайхан хүний гэгээн дүрийг сэтгэлдээ үзэх шиг болсон. Газрын дундад диваажин Галуутын голыг уруудсаар Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт бөх, босоо Шагдарын төрсөн газар Хүрэн харганад ирлээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Эмирийн ордонг эзэгнэсэн өдрүүд III DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.


Эмирийн өргөө буюу “Баяан палас”-ын эзний эдлэнд очлоо. Мань хүн
бол хааны удмынхны нэгэн. Эрх мэдэл гэдэг мэдээж хэмжээлшгүй. “Энэхэн дэлхий даях­­наараа…”
гэдэг шиг л. Уг эдлэн Кувейт хотоос зүүн урд зүгт байлаа. Үндсэндээ тухайн орны
иргэдийн мөргөлийн зүг рүү бид бүхэн давхи­сан юм. Аливаа байр сууцны таа­занд зүүн
урд зүг рүү заасан сум байдаг. Юу юм бол доо гэж эхний ганц нэг хоногт гайхдаг л
байлаа. Гэвч мөргөлийн зүг нь юм байна гэдгийг даруй ойлгосон юм. Арабууд өдөрт
таван удаа мөргө­дөг юм билээ. Бөхийн цол дуудаж байгаа юм шиг бүх нийтээрээ уянгалаад
явчихна. Мөргөлийн цаг нь эхэлж байгаа нь тэр. Өдөрт таван удаа мөргөдөг юм гэсэн.
Өнөө Шейхийн чинь эдлэнд үдийн зоог барьчихаад хөдлөх гэж байхад төвөөс ирсэн хэд
хэдэн хүн тусгай өрөөнд, тусгай олбог дээр мөргөж байгаа харагдсан. Мөргөлийн цаг
нь болсон байв уу, эс бөгөөс хурганы мах эх захгүй идсэндээ тэгсэн үү, бүү мэд.
Мөргөлийн тухайд нэг тиймэрхүү. Одоо эдлэн газрын сониноос дуулгая л даа.

Багахан сумын төвийн хэмжээ­ний газар байсан. Үндсэндээ цөлд л
ногоон байгууламж бий болгож, Монгол шиг, Швейцарь шиг тийм нэг тансаг орчныг цогцлоожээ.
Бүхнийг мөнгөөр шийдсэн нь мэдээж. Бүр нэг жижигхээн зүйлээс нь хүртэл алт, мөнгө
ханхлаад байгаа юм. Эдлэнгийн ногооны талбайг усжуулсан байгаа, ус сув­гийн орчин
үеийн техникийг ашиг­ла­сан зэрэг нь яалт ч үгүй л харц булаахаар. Элбэгээ Ерөн­хийлөг­чөөс
түрүүлж хэвлэл мэдээ­лэл болоод ажлын хэсгийнхэн очоод байсан. Бизнесийн багийн­хан
ч ирсэн байв. Кувейт хүүхдэд монгол дээл, жанжин малгай өмсгө­чихсөн монголчуудыг
угтуулсан нь сонин сайхан санагдаж байлаа. Дарга нарыг хадаг сүүтэй угтдаг дээхнэ
үеийн Дүүриймаа гэдэг шиг тэр нэг хөөрхөн банди монгол хувцастай Монгол Улсын төрийн
тэргүүнийг угтсан нь бас л нэгэн дурсамж даа. Тэнд ажиллаж амь­дарч буй ганцхан
монгол өрхийн тэргүүн Б.Ганбаа­тар нисгэгч уг эдлэнд ирчихсэн хүлээж байсан. Ж.Оджаргалтай
л ойр зуур яриад, харсан бүхэнд тун дотно байдаг юм байна гэсэн сэт­гэгд­лийг төрүүлээд
авсан. Оджар­гал түүнд “Би чам руу амжихгүй нь гэсэн мессеж явуулсан даа” гэхэд
нөгөөдөх нь, тийм мес­сеж ирээгүй дээ гээд утсаа шал­гуулж ч байх шиг. Их л дотно
юм билээ.
Шейхийн эдлэнгээс урт цуваа маань хөдлөхөд эхний машин амьтдын
хүрээлэнг зорьсон юм. Урт цуваа гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг Кувейт болоод
Катарт ямархан өндөр хэмжээнд хүлээж авсны нэгэн илэрхийлэл бол төрийн хамгаалалтаас
нь харагдана. Үүнийг сапир Сайраан онцолж хэлж байсан. Ард­чилсан Ерөнхийлөгчийг
Арабын орнууд арай л дэндүү хүндэтгэж байна даа гэж. Ерөнхийлөгчийг айлчлалын хүрээнд
Сайрааны нэр хүнд бага­гүй өссөн байлгүй. Эхэн үедээ мань хүн гэм хийсэн юм шиг
дуу шуу багатай байсан бол Ката­рын Дохад сэтгэл үлэмж хангалуун машид баясгалантай
байгаа нь мэдрэгдсэн. Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийн эл удаагийн айлчлал Кувейтэд
байгаа Элчингийн нөх­дөд нэр хүндийн өндөрлөг тогтоо­гоод зогсохгүй олон хүнд итгэл
үзүүлсэн дээ. Тухайлбал, Монго­лын Хөгжлийн банк Кувейтийн сантай хамтралын гэрээ
байгуул­сан. Төрийн тэргүүнийхээ буянаар баян газрын сантай баруун солгой­гүй гар
барилцаад авсандаа Хөгж­лийн банкны Л.Болормаа захирал тун чиг сэтгэл хангалуун
байгаа нь сэт­гүүлч бидэнд илт ажиглагдсан билээ.
Шейхийн эдлэнгийн амины хүрээлэнд тэмээн хяруул, хиймэл цөөрмийн
дэргэдэх саарал шороон дээр хэвтэж буй матар, лам гөрөөс, сойр болоод бөднө шувуу
гээд урьд өмнө олонтаа сонсож байсан ч тэр бүр нүдээр үзээгүй ховор амьтдыг дэргэдээс
нь харлаа. За тэгээд адууных нь “амралтын өрөө”-гөөр орлоо. Өн­дөр хашаан дотор
залуу­хан араб азарга хэдэн тийшээ туйлж байна аа. Тоос манан татуу­лан давхиж булангийн
цементэн хашааг мөр­гөж зогсоод л мөн чиг адгуу байна. Зэргэлдээх хашаанд мань
“эр”-ийн эзэмшил болох хэдэн байдсыг хорьчихож. Тэгээд л сүрийг бадруу­лаад байсан
ажээ. Жинхэнэ араб адууг бид олон харсан. Басхүү араб цусны адууг нэг хэсэг төрийн­хөө
наадамд тор­гон жолоо өргө­хийг ч харсан. Тиймийн учир араб адуу бидэнд тийм ч сонин
биш. Гэвч яг газар дээр нь очоод “ориг”-оор нь үзэхээр арай л өөр юм билээ. Азаргыг
нь тусдаа, хөгшин гүү, хэдэн сарваа, унагануудыг нь бас тусдаа байл­гадаг ажээ.
Харин унааны болоод гоёлын морьд “хаус”-нд л бүрэн хангамжаар дүүрэн байдаг юм билээ.
Тэрхүү эдлэнд бид ганц бөхтэй тэмээ үзсэн. Ерөнхийлөгч бүр хашаан
дотор нь орчихсон, өнөө хэдэн тэмээтэй чинь найзалж бай­гаа харагдсан. Манайхны
зогдроо шидлэх өндөр өндөр шар атнуу­дын дэргэд Арабын ганц бөхтэй тэмээ үнэн жул
санагддаг ч яг дэргэд нь очоод харахаар бас чиг өөр юм билээ шүү. Харин зурагтаар
бол онцгүй ха­рагд­даг юм билээ. Ялангуяа тэмээ­ний уралдаан нь. Эмирийн ордныхоо
буудалд томоо гэгч өрөөнд ганцаар Арабын Шейх шиг л хэв­тэх­дээ зурагтаар тэмээний
урал­даан үзлээ. Гуван гуван давхих тэмээнүүдээ гоё гоё жийптэй Арабын баячууд дагаад,
машины­хаа цонхоор орилолдоод сүйд л болдог юм билээ. Хүйлэн хөх зам­буу­лангийн
салхийг нь хүртэл дагуулаад эргэдэг соёолонгийн эрэмгий давхилыг яг дэргэдээс нь
хардаг бидэнд гуван гуван хурдлах ганц бөхт тэмээний уралдаан лөөлөө л санагдаж
байгаа юм. Уг уралдааны маргааш нь байна уу даа, сонинд нэгэн мэдээлэл гарчээ. Кувейт
бол өдөр тутмын олон хэвлэлтэй, “Араб таймс”-аас аваад хэд хэдэн сонины нэр дуулддаг.
Эмир ч өөрөө хувийн сонин теле­виз­тэй юм гэсэн. Цахиагийн Элбэг­дорж Ерөнхийлөгч
Кувейтэд буу­хад эрхэм дээд Эмир нь хүндэтгэн угтаж бид бүхнийг өнөө алдарт Баяан
буудалдаа аваачихуйд зураг­таар нь уг айлчлалын мэдээ шууд цацагдаж байсан. Тэгэхээр
мэдээлэл ерөнхийдөө хурдан түг­дэг нь анзаарагдаж байгаа биз. Нэг зүйлийг онцлох
гээд энэ бүгдийг хачирлалаа л даа. Дээрх тэмээний уралдааны үеэр нэгэн бизнесмэн газар дээр нь Кувейтийн мөнгөөр
хоёр сая динараар худалдан авсан байгаа юм. Хоёр сая динар бол монгол мөнгөөр тооцоод
үзэхээр арван тэрбум төгрөг. Арабын ертөн­цөд хурдан удмын угшил сайтай тэмээ ийнхүү
арван тэрбум хүрч түүхэн амжилт тогтоожээ. Өнгөрсөн жилийн наадмаар “Мон-Уран”-ы
Б.Наранхүү төрийн наа­дамд аман хүзүүдсэн азаргыг до­лоон зуун сая төгрөгөөр худалдан
авч дээд амжилт тогтоосон билээ. Арабад бол морь биш тэмээ, тэмээ тэмээдээ ганц
бөхт тэмээ арван тэрбум л хүрч байна шүү дээ, базарваань.
Өнгөрөгч сарын хорьдоор хоёр монгол оюутан Кувейтийн их сур­гуульд
очсон талаар өмнөх тэмдэг­лэлдээ дурссан. Одоо нэгнийх нь ярианаас хүргэе. Мань
хоёр тө­рийн тэргүүнээ ирснийг дуулаад Эмирийн ордонд ирчихсэн, үүд хавиар нь эргэлдэж
байсан юм. Тэр зуур миний бие таарч яриа өдсөн нь энэ юм. Тэд бол Алтанхүү, Өнер­гүл
нар л даа. Алтанхүү нь яриа хөөрөө муутай “Чи багш байс­наараа сайн ярь” гэж казах
хүүхэн­дээ үүрэг болгосноор Өнергүл бид хоёр Эмирийн ордны уулзалтын өрөөг эзэгнэнхэн
ярилцсан юм аа.
Өнергүлийн аав нь казах юм байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх
гэсэн. Бүхий л насаараа цахилгааны инженерээр ажиллаад одоо Улаанбаатар хотноо гэр
бүлийн хамт тэтгэвэртээ суужээ. Өнергүл
“Чингэс хаан” дээд сургуу­лийн олон улсын харилцааны ангийг 2003 онд төгсөөд сур­гууль­даа
багшилсан гэнэ. Кувейт рүү яагаад ирж суралцах болов хэмээн асуухад, оюутан байхдаа
араб хэлийг их сонирхож байсан. Мөн Булангийн орнуудын талаар мэ­дээ­лэл багагүй
авдаг байсан. Ерөөс энэ чиглэлээр мэргэшье л гэж бодсон. Бакалавр, магистрын­хаа
дипломын ажлыг Арабын орнуу­дын түүхээр хамгаалсан гэдгээ илэрхийлээд оюутан цагийнхаа
хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Булан­гийн оронд ирээд буйгаа дуулга­сан. Түүний ангид
25 хүүхэд сурдаг гэнэ. Япон, Сонгос, Чех , Унгар, Итали, Африк гээд орон орны л
оюутнууд суралцдаг аж. Хэл усыг нь сурахад хэр хэцүү вэ гэхүйд, мэдээж түвэгтэй.
Адаглаад л хой­ноос урагш буюу бичгийн хэллэгээр зүүнээс баруун руугаа бичигдэнэ.
Гэхдээ яг сураад ирэхээр маш сонирхолтой. Мэддэг цөөн үгээ ашиглаад хүмүүстэй ойлголцоод
байх боломжтой хэмээн хээвнэг хариулж байлаа.
Оюутны байр нь эмэгтэй эрэг­тэйгээр тусдаа байдаг гэнэ. Банди
нар охидын байраар очих эрх байхгүй. Хичээлийн цагаар л уул­зана гэхээс оройхон
байрны гадаа очоод шүгэлдэх аваас цаг­даа магдаа болох нь холгүй гэсэн. Зоогийн
газар, номын сан, интер­нэт танхим гээд бүх зүйл нь нэг дороо гэж байгаа. Сургуулиас
нь автобус гаргаад өгчихдөг байна. Дэлгүүрээр хэсэх юм уу өөр газруу­даар явъя гэвэл
тусдаа унаа гар­гаад өгчихдөг гэнэ лээ. Төрийн тэргүүний албан уулзалтууд орой хэрд
дуусч өдөржин гүйлдсэн бид түр амраад л дэлгүүр хоршоо болно шүү дээ. Мэдээж цаг
за­ваараа л даа. Араб руу явлаа гэхүйд гэр бүл, найз нөхдөөс аваад захын хүн л алт
захина шүү дээ. Гэтэл начир дээрээ алт нь үнэтэй гэдэг жигтэйхэн. Зүгээр нэг бөгж
авъя гэхэд л таван зуу гаруй доллар. Бууна барина гэсэн ойл­голт байхгүй. Ерөөс
бараа таваа­рынх нь ханш өндөр. Аргагүй дээ, амьжиргааных нь түвшин өндөр болохоор
тэр. Кувейт улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэхүүн тавин мянга гаруй
ам.дол­лар. Тус орны эдийн засгийн гол үндэс суурь нь газрын тосны сал­бар гэдгийг
бүгд мэднэ. Дотоодын нийт бүтээг­дэхүүний ихэнх хувийг, экспортын орлого болоод
төсвийн орлогын ерэн таван хувийг газрын тосны бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг. Газ­рын
тос экспортлох хэмжээ­гээрээ Булангийн орнууд дотроо­соо Саудын Араб, Арабын нэгдсэн
Эмират улсын дараа ордог гэж байгаа. Нэг хүнд оногдох баялаг бүтээгдэхүүнээрээ дэлхийд
цээж­ний тавд л жагсдаг шүү дээ.
“Гар аргаар алт олборлодог зүйл байдаг юм болов уу” гэж сонирхож
үзсэн л дээ. Юмыг яаж мэдэхэв гэсэн үүднээс л сонирхож байгаа хэрэг. Гэтэл тийм
зүйл алга аа. Нифтиэ газрын гүнээс тусгай техник технологийн дагуу олбор­лодог,
маш том суурь бааз ажил­ладаг учир тийм зүйл байдаггүй байна. Мөн нефть нь зуун
хувь төрийн өмч байдаг учир боломжгүй ажээ. Газрын тос шавхагдашгүй юу, ер нь хэдэн
жилийн нөөцтэй вэ гэж сапираасаа асуухад, уучлаарай энэ бол Кувейтийн төрийн нууц
аа гээд ам таглачихсан. Тийм л юм байлгүй.
Наадам, цагаан сар тэргүүт үндэсний баяраараа та хэд маань яаж
баярладаг вэ гэж сонирхлоо. Сапирын хэдэн цэргээс асууж байгаа минь тэр. Монголын
төр ёсны баяраар албан ёсоор амар­даг байна. Тэгээд л яг эх орондоо байгаа юм шиг
ес уламжлалынхаа дагуу тэмдэглэдэг байна. Юун түрүүнд эхлээд Элчин сайддаа золгодог
гэсэн. Сапирындаа яваад ортол зарим үед мөргөлөө хийчих­сэн сууж байдаг гэж байгаа.
Цаг улирлын дулаанд монгол дээлээ өмссөн нөхөд нас зүснийхээ дагуу бие биедээ золгодог
байлгүй. Я.Санжмятав даргын өмнө олон хутагт хувилгаадын нутаг Завхан аймгийг толгойлж
байсан П.Гансүх дарга Кувейтийн Элчингийн гурав­дугаар нарийн бичгийн даргаар оччихсон
юм байна. Гэр бүлийнхээ хамт дээд хэмжээний уулзалтад оролцож байсан. Түүнтэй тав
гур­ван солиход орон хотоо асуухаас илүү Отгонтэнгэрийнхнийгээ л асууж байна лээ.
Нутгаа санаж буй нь бүр нэг илт шүү. Төрсөн ах нь гавьяат болж мань эр өнгөрсөн
зун Арабын тэнгэр дор мөн чиг баяр­ласан дуулдсан. Тэрхүү гавьяат болж Кувейтэд
суугаа дүүгээ баяр­луулсан эрхэм бол Пүрэвжавын Батсайхан. “Долоовор хуруундаа зүүний
сорвитой гээд эхэлдэг…” ханийн тухай дуунаас аваад Зав­ханы С.Батсүх гавьяатын
дуулдаг олны сэтгэлд хоногшсон бүх л дууны шүлгийг тэрлэсэн нэгэн юм. Тэрээр Завхан
аймагтаа хутаг­туудынхаа хөшөөг босгож, Ар халхын алтан мөнгөн тамгатай хутагт хувилгаадынхаа
тухай цув­рал нэвтрүүлэг бэлтгэн Монголын үндэсний олон нийтийн телеви­зээр явуулж
байсан соёлын зүтгэл­тэн билээ. Гагцхүү П.Гансүх дарга бус Элчингийнхэн маань Монгол
Улсын Ерөнхийлөгчөө ихэд сана­сан, Монголынхоо тэсгим өвлийг, цасан бударсан тунгалаг
үдшүү­дийг санагалзаж байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгдэж байсан юм аа. Эмирийн ордонг
эзэгнэсэн өдрүү­дийнхээ тэмдэглэлийн сонин сайх­наас хүргэхэд ийм байна. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үр дүнгийн талаар Лүндэгийн Пүрэвсүрэн зөвлөхийн
яриагаар хүргэх юм аа. Мөн энэхүү тэмдэглэл олонд хүрэхийн өмнө Ерөнхийлөгчийн айлчлалын
албан мэдээллүүд хэвлэлээр цацагдаж, Монгол Улс, Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн нэр
хүнд Арабын тэн­гэр дор хэрхэн өндөр байсныг эрхэм та бүхэн мэдрэхийн дээдээр мэдэрч
буй учир дахин дахин бичиглэхийг эрмэлзсэнгүй. Алба­ны бус энгийн тэмдэглэл хүргэхийг
зорьсон нь энэ ээ. Дараагийн дугаарт Катарын нийслэл Доха­гийн тэнгэр дор уулзюу.
Хүлүг хааны үед эзэлж явсан Эмирийн ордонг Ардчилсан Ерөнхий­лөг­чийн айлчлал дор
нэгэнтээ эзэг­нэлээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Эмирийн ордонг эзэгнэсэн өдрүүд II DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг хүргэж байна.


-КУВЕЙТИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Хоёр филиппин найз минь бөхөлзөөд
л угтаж байна.
Тэд бол Эмирийн ордны
хоёр дахь давх­рын
зүүн талын рестораны үйлч­лэгчид. Өглөөний цайгаа
уухаар орохуйд, ер хэзээ ч
орсон хайлсан тугалга шиг
л угтана шүү
дээ. Үндсэн ажил нь
хойно аргагүй. Гурван жилийн гэрээтэй
энд ирж, хааны өргөөний
барлаг болоод басхүү хоолыг
нь идэж суугаа азтай
нөхөд л дөө. Мань
хоёртой хоол цайны үеэр
хуучилна аа. Нэг нь
гэр бүлтэй гэсэн. “Эхнэр,
хүүхдээ санаж байна уу”
гэхэд, бага зэрэг л…хэмээх хариултын цаанаа
ямар их са­нааш­рал, ганцаардал нуугдаж
буй нь илт. Зөвхөн
ордны үйлчлэгчид бус гадныхан хэрхэн
уйтайхан аж төрдгийг тэнд
байх хүмүүс хэлээд авсан.
Багагүй хугацааг элээх аваас үнэндээ
ч уйтгартай са­наг­да­хаар
газар юм билээ шүү.

Архины төрлийн зүйл огт
бай­даг­гүйг мэдэх
нэг нь мэднэ. Тиймээс
найз нөхөдтэйгээ хаа нэг наргиж
цэнгэх, хэн нэгэнтэй сэтгэлээ
он­гой­тол ярилцах,
баар ресторанд суугаад уур бухимдал,
уйтгар гу­ни­гаа
шар айргаар тайлна гэсэн
ойлголт тас хязгаарлагдаж байгаа
юм. Ямар сайндаа “Шинэ
жилийн баяраа дал модтойгоо
л тэмдэг­лэнэ
дээ” гэж Элчингийн хэд
маань наргиан болгож байхав
дээ. Шаш­ны­хаа
нөлөөнөөс хамаараад тэр биз, телевизийн
сувгууд нь төрөө­сөө
хараат юм билээ. Тэр
нь юугаар нотлогдож байна
вэ гэхээр эротик нэвтрүүлэг,
тийм чигийн кино га­рах­гүй. Гарлаа
гэхэд тиймэрхүү хэсгийг нь тасдаж
аваад хаячихдаг байна. Үндсэндээ кино,
аливаа нэгэн гадны нэвтрүүлгүүдийг
“гар, хөл”-ийг нь
тасдаад үзүүлдэг хэрэг. Манайхан шиг
хүүхдүүдээ унтуу­лах юм
уу, өөр өрөөнд хашиж
байгаад том хүний кино
үздэг боломж алга байна.
Улс орон бүхэн өөрийн
гэх үүх түүх, шашин
мөргөл, ёс заншил, дэг
жаягтай учир тэр тухай
ийм тийм гээд байх
нь бас утгагүй биз
ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кувейт
улсад хийж буй төрийн
айлчлал болохоор дандаа л түүхт
газруудаа үзүүлж сонирхуулсан даа.
Ойрхи Дорнодын төдийгүй дэлхийн архитектурын нэгэн
өвөр­мөц шийдэл, хүн
төрөлхтний соё­лын өв
болсон Кувейт цамхгаас аваад
олон соёл, түүхийн олон
үнэт бүтээл нүдээр үзэж,
мэлмий юугаа баясгаснаа хэлэх
нь зүйтэй. Эрх чөлөөнийх
нь цамхгийг мөн үзэж сонирхсон
юм. Кувейтийн сэргэн мандалтын бэлгэ
тэмдэг гэгддэг уг байгууламж
нь ерэн зургаан онд
анх нээлтээ хийсэн аж.
Өндөр нь 372 метр бөгөөд
Фран­цын алдарт Эйфелийн
цамхгаас даруй дөчин метрт
толгой өндөр өргөгджээ. Тэгэхээр
ямархан ан­зааны аварга
барилга болох нь мэдрэгдээд
ирэх буюу. Дэлхийд өндрөөрөө
гуравт бичигддэг Кана­дын Си
Эн цамхагтай ижил заг­вар­тай юм билээ.
Ухаандаа эргэлддэг ресторан, орчныг харах тавцан
болоод радио холбооны цэгүүд
ижил гэсэн үг. Бас
нэг онцлох зүйл гэвэл
Кувейтийн үндэсний түүхийн музей. Энэ
бүхнийг юуны учир
өгүүлээд байна гэхээр эдгээр
үзмэ­рүүд, томоохон бүтээн
бай­гуу­лал­тын
цаана тухайн орны түүх нууг­даж буй. Үндэсний
түүхийн музей байгуулах санаачилга
аль тэртээ жараад онд
төрж, наяад оны дундуур
баригдаж дууссан байна. Гэвч
ерэн оны Иракийн эзлэн
түрэмгийллийн үед байгууламж бүрэн
устгагдаж, одоо хэр нь
сэр­гээн босголт нь
үргэлжилж байгаа гэсэн.

Ерэн онд Ирак улс
Персийн буланд орших Кувейт
руу халдан түрэмгийлж бүтэн
долоон сарын турш булаан
эзлэлт нь үргэл­жилс­ний эцэст АНУ
тэргүүтэй орнууд тухайн улсыг
чөлөөлсөн түүхийг бид мэднэ.
Хамгийн түрүүнд өмөөрч байсан
орон бол Монгол Улс
шүү дээ. Кувейтийн Эмир
сайн мэддэг юм билээ.
Түүнийгээ Ц.Эл­бэг­дорж Ерөнхийлөгчид дахин
дахин илэрхийлж гарыг нь чанга
атгаж байсан даа. Одоогийн
Эмир тухайн цагт Гадаад
харил­цаа­ны­хаа
сайдаар ажиллаж байсан юм
даг уу даа. Ер
нь дөч гаруй жил
сайдын алба хашсан гэж
дуулдсан. Иракийн арми ухрахдаа
мянга шахам газрын тосны
цооногийг нь галдан шатааж,
байгаль орчин болоод эдийн
засагт нь нөхөж баршгүй
хохирол учруулсан удаа­тай. Мөн
ч харгис хандсан
байгаа юм шүү. Үндэсний
түүхийн музей нь дөрвөн
байгууламжаас бүрддэг юм байна.
Сонин болгож тэмдэг­лэ­хэд, гурав дахь
байгууламжийн үзмэр нь музейн
хажууд далайн эрэг дээр
байрлах гучаад онд бүтээсэн
усан онгоц ажээ. Уг
усан онгоцыг ийн хүндэтгэлтэйгээр
хад­гал­даг нь
ихээхэн учиртай. Кувей­түүд газрын
тос илрэхээс өмнө буюу наяад
жилийн өмнө ядруухан амь
зууж байхдаа усан онгоцоор
загасчилж, шүр сувд түүж
байсан түүхтэй. Олсон шүр сувдаа
усан онгоцныхоо тусламжтайгаар Энэт­хэг, Туркт
очиж арилжаа най­маа
хийдэг байж. Тиймээс эртний
модон усан онгоцоо дээдэлдэг,
төрийн сүлдэндээ ч оруулсан байдгийг
бид мэдэх билээ. Эртний
өв соёл, түүх уламжлалаа
нэвт ханхлуулсан музей үзмэрүүдийг нь
сонирхоход мэдээж янз бүрийн
зүйлүүд байна. Хоёр алтан
иш бүхий дундаа бариултай
хурц хутганууд их байх юм
аа. “Алтан иштэй хутгаар
дүрүүлээд амиа алдсан ч
гомдохооргүй л юм” хэ­мээн манайхан өөр
хоорондоо маазарч байв. Манайхан
гэдэг нь Сангийн сайд
С.Баярцогт, “МCS”
группын ерөнхийлөгч Ж.Оджаргал нарын
эрхмүүд л дээ. Төрийн
тэргүүний айлчлалын бү­рэл­дэ­хүүнд Засгийн газрын
гишүүдээс Сангийн сайд явсан.
Их хурлаас Ц.Цэнгэл
гишүүний нэр албан ёсны
хөтөлбөрт дурайж байсан ч
яваа­гүй. Гадаад харилцааны
дэд сайд Б.Болор,
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
Л.Пүрэвсүрэн, эдийн
засгийн бодлогын зөвлөх Ш.Дашдорж,
Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи
Дорнод, Африкийн газрын захирал Б.Одон­жил нарын
албаны хүмүүс айлч­ла­лын бүрэлдэхүүнд багтсан
байлаа.

Эмирийн ордны гурван давх­рын вип өрөөнд
Ерөнхийлөгч байр­ласан. Тэрээр
Эмир болоод бусад Шейхүүдтэй
уулзсан албан уулзалтын дараа
буюу айлчлалын эхний өдрийн орой
өрөөндөө сэтгүүлчидтэй хамт уулзсан. Мэ­дээж албан бус
уулзалт. Энгийн л яриа
хөөрөө өрнөж байв. Гэхдээ
Ерөнхийлөгч янз бүрийн л
асууд­лаар санал бодлоо
хэлсэн. Тэд­гээ­рээс
заримыг нь сонирхуулъя л
даа. Албан бус уулзалтын
яриаг олонд хүргэлээ гэж
арай буруутан болохгүй байлгүй дээ. Эхлээд
Далай ламын талаар ярьсан
юм. Далай ламыг Монголд
ирүүлэхгүй гэж, дараа нь
Яармагийн спортын ордонд сүсэгтэн
олонтой уулзуу­лах­гүй
гэж хятадууд багагүй явдал учруулсныг
манайхан сайн мэдэж байгаа.
Тэр тухай төрийн тэргүүн
өөрийн саналаа хэлсэн. Их
хурал, Засгийн газарт, нэр
бүхий гишүү­дэд хатуухан
үүрэг өгч Далай ламыг
өөрийн эх орондоо дахин
хөл алхуулсныг сонирхуулж бай­лаа. Тэрхүү
ярианаас нэг зүйл өөрийн
эрхгүй чих дэлдийлгэж байв
шүү. Д.Чойжамц хамба
дээрхийн гэ­гээнтэн ирээд
буцахад нэг зүй­лийг
сайтар ойлгосноо төрийн тэргүүндээ хэлжээ.
Тэр нь Хятадын бодлогыг
Монголоос маш олон хүн
дэмжиж байна, ялангуяа Их
хурал, Засгийн газрын гишүүдээс
олон хүн дэмжиж байна.
Үндсэндээ Хятадын ашиг сонирхолд
Мон­го­лын төрийн
удирдлагууд автжээ гэсэн явдал.
Үүнийг төрийн тэргүүн ноцтойгоор,
бүр сэрэмж маягаар хэлж
байсан. Дараагийн нэг зүйл есдүгээр
Богдтой холбоотой яриа байлаа. Есдүгээр
Богд Монголын бурхан шашны тэргүүн
болоод удаагүй байгаа билээ.
Тэрээр “Монголд буцаж төрнө,
миний хойд дүр Монголоос
төрөх учиртай” гэдгийг Ерөнхийлөгчид дуулгасныг
бид бүхэнд онцлоод нэгэн
явдлыг сонин болгож өгүүлсэн
юм. Есдү­гээр Богдыг
Монголын харьяат болох үед
Элбэгээ Ерөнхийлөгч ир­гэний үнэмлэхийг
нь гар­дуу­ла­хаар өргөөнд дуудаж
л дээ. Чой
хамбаар дамжуулж хэлүүлсэн бай­гаа юм.
Тэгээд Чой хамба есдүгээр
Богдын хамт Ерөнхийлөгчийн өргөөний
яг өмнө ирээд машинаас
буухуйд Богд уул гэнэтхэн
цайрч бүрхээд бороо асгачихаж.
Ерөн­хий­лөгчийн хэлснээр
“сүү шиг цагаан бороо”
орсон гэдэг. Үүнийг ер
бусын зүйл, юм гэдэг
цаанаа ихээхэн утга учиртай
байдаг юм байна гэдгийг
Ерөнхийлөгч бахдах бишрэх, гайхширахын
завсарт хэлж байсан даа. За
тэгээд Оюу толгойн гэрээ
эмгэнэл болоод байгаа зэрэг
олон сэдвээр санал бодлоо
чөлөөтэй илэрхийлсэн.

Яриан завсраа тэрээр Кувей­тэд суугаад Элчингээ
“Сапир Сай­раан” гэж
цаанаа нэг егөөдсөн байртай
хэд хэдэн удаа хэлээд
авлаа шүү. Тийн хэлэх
ахуйд нь “ээ бурхан
минь. Арай л Элчин
сайдаа сапирсан Сайраан гэж байгаа
юм биш биз дээ”
гэсэн бодол төрөөд явчихав.
Шуудхан тийм бодол төрсөн
нь бас учиртай. Хоёр
мянга найман оны байна
уу даа, Их хурлын
сонгуульд өнөөгийн Ерөн­хий­лөгч
Ардчилсан намын дарга байх
үед Сайраан Баян-Өлгий
аймагт намаасаа дэвшиж чадаагүй билээ.
Тийн дэвшиж чадаагүй явдал
нь Элбэгээ Ерөнхийлөгчтэй ямар
ч холбоогүй л
дээ. Мань хүн өөрөө
аймгийнхаа намаас нэр дэвших
мандатаа авч
чадаагүй байдаг. Тэгээд бие
дааж үзээд унасан. Түүндээ
Ерөнхийлөгч буюу тухайн үеийн
намын даргадаа жаахан гомдож явдаг
болов уу гэж харагддаг.
Ухаандаа, энэ оны эхээр
Кувейт, Катар улсуудад хийх
Ерөн­хий­лөгчийн айлчлалыг
мань хүн ухраасан гэх
яриа ч дам дуулддаг.
Энэ бүхнийг эргэцүүлээд “сапир”
гэх үгийг нь бодож
суулаа. Тэгтэл Пүүжээ зөвлөх
Ерөнхийлөгчөөс сапир гэж юу
гэж байгаа билээ гээд
тодруулдаг юм. Хариуд нь
шууд л яагаав, арабаар
элчин гэсэн үг шүү
дээ хэмээв. Пүүжээ зөвлөх
мэдэх­гүйдээ асуугаагүй нь
ойлгомжтой. Сэтгүүлчдийг буруугаар ойлгох вий хэмээн
бодсон хэрэг. Манайхны нэг
нь “Гэр бүл, үр
хүүх­дүү­дийг тань
хаана сурдаг, юу хийдэг
эсэхийг хүмүүс мэддэггүй юм
уу, эсвэл төрийн өндөрлөгүүд
өөрс­дөө хаачихдаг юм
уу” гэсэн асуулт тавилаа.
Уг асуултыг “Өдрийн сонин” дээр
“Э.Батшугар гэж хэн бэ”
гэсэн материал гарсны дараа өөр нэг сонин
тухайн материалын нэ­рийг нь
л өөрчлөөд “Э.Оргил гэж хэн
бэ” хэмээн Ерөнхийлөгчийн хүүг
гаргасантай холбогдуулж асуусан юм. Түүнд
Ерөнхийлөгч “Бидний зүгээс хаасан
огт зүйл байхгүй. Харин
энэ талаар со­нир­хож, зориглож асуудаг
сэтгүүлчид ховор байна шүү
дээ. “Өдрийн сонин” бол
эрэн сурвалжлах сэт­гүүл­зүйг
жинхэнэ утгаар нь хэрэг­жүүлж байгаа. Тухайн
цаг үед шуугиан дэгдээж
байгаа олны анхаарлыг татаж
байгаа нөхдийг хэн
гэдгийг нь түрүүлээд гаргаад
ирдэг. Тэр зарчмаараа “Энх­бая­рын хүү
Батшугар гэж хэн бэ”
гээд бичсэн байсан. Тэгтэл
яг маргааш нь “Зууны
мэдээ” сонин яг түүнийг
нь хуулбарлаад миний хүү Оргилыг
бичсэн байна лээ. Гэхдээ
зарим зүйлийг нь буруу,
худлаа л бичсэн байсан.
“Өдрийн сонин” дээр Бат­шу­гар гэж
хэн бэ гээд гарахад
өөр нэг сонин түүний
эсрэг ч юм шиг
харагдахаар миний хүүг тэгж
гар­гасныг ойлгоогүй” гэдгээ
хэлж байсан. Энэ мэт
Ерөн­хий­лөгчтэй цагийн
зөрүү гаргах гэж багагүй
ярилцсан. Оройн арван­нэ­гэн цаг хүртэл
хуучилсан. Манай цагаар бол
шөнийн дөрөв хүртэл суусан
хэрэг. Сапир Сайраан “Та
хэд дор хаяж арав,
арваннэг хүргэж унтах­гүй
бол шөнө дунд нойр
чинь сэргэчихнэ” гэж хэлээд бас
багагүй удаасан юм. Ерөнхийлөгчтэй
ярилц­са­ны дараа
нэг асуудлын гогцоог ерөнхийдөө ойлгож
авсан. Тэр нь Кувейтээс
нефть оруулж ирэх асуудал.
Төр засгийн удирд­ла­гууд Арабын орнуудаар
айлч­лахыг сонсоод манайхан
нэг л зүйл хүлээдэг.
Тэр нь нефть. Өмнө
нь дарга сайдууд болох
юм бүтэх юм шиг
ярьж иргэдэд хүлээлт үүсгэдэг.
Гэвч Монгол Улсын төрийн
тэргүүн Эмиртэй уулзах үед
уг асуудлын гогцоо тайлагдсан. Кувейтүүдэд
юу л байна нефть
л байна. Тэд
манай­хыг хүссэн хэмжээгээрээ
ав л гэж байгаа.
Харин хэрхэн яаж зөө­вөр­лөх нь
үнэндээ асуудал ажээ. Хятадад
байдаг үйлдвэрээрээ дамжуулж манайх руу шатахуун
өгч болох. Гэвч түүнийг
нь хята­дууд зөвшөөрөхгүй
байгаа юм билээ. Тэгээд
л гацчихсан. Хя­та­даар дамжихгүй
л бол бид
хаа байгаа Арабаас нефть
элсэн цөлөөр машинаар зөөгөөд
дараа нь вагонд ачаад
авчирна гэдэг мэдээж боломжгүй
шүү дээ.

Элчин Сайраанаас бид бас олон
зүйл сонирхсон. Кувейтэд биднийг очи­хын
өмнөхөн болсон олон ний­тийн жагсаалын талаар
эхлээд асуусан. Түүнд ийн хариул­сан юм. “Албан ёсны иргэн
болох хүсэлтэй олон цагаач хүмүүс
бай­даг. Тэд байн
байн асуудлаа Эмир болоод Пар­ламентын танхи­мын­ханд
тавь­­­даг. Тэрхүү хүсэлтэд
нь нааш­тай хариу
өгө

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

ЭМИРИЙН ОРДОНГ эзэгнэсэн өдрүүд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.


-КУВЕЙТИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Эмирийн
ордны титмэн дээр Арабын тэнгэрт наран мандахыг харлаа. Зуны өг­лөө хадан хавцлын дор цэц­гийн шүүдэр дэвсэж хэв­тэхүйд уулсын цаанаас асгаран гийх нарны туяа эрвийн сэрвийх хадан цохионы наагуур цаа­гуур сүлжилдэн, орчлон дэл­хийг булхан байдаг сан. Эргэн тойрон чимээ аниргүй дүнсийх ордны цэцэрлэгт үүрийн гэгээнээр алхахуйд тийм л сэтгэгдэл төрж, цасны зөөлөн будраагаар даллан хоцорсон Улаанбаатарын өглөө бодогдох авай. Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Кувейт улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Эмирийн ордны гадуур эрхэм­сэгхэн алхаж буй минь энэ ээ. Цардмал замын хажуугаар жигд­хэн ургуулсан далдуу мод алгуур­хан сэвэг­нэнэ. Зуны ид халуунд тавин хэдэн хэм хүрч энд тэндхийн алтан гулдмай нь хайлмагтан урс­маар бэрх нөхцөлд сэрүүн газрын мод, цэцэг навчийг хэрхэн ингэж ургуулдаг байна хэмээн өөрийн эрхгүй бодо­хоор. Гэвч Кувейтэд болохгүй гэсэн бүхнийг болгож, манайх­ны хэлдгээр цементэн дээр цэцэг ургуулж очсон бүхний нүдийг орой дээр нь гаргадаг байна шүү. Тэрхүү ангамал цөлд бий болгосон бүтээн байгуулалтыг нь нэгд нэгэн­гүй тоочно гэвээс бараг­дахгүй. Сонины энэхэн зайд ч үл хүрэлцэх буюу. Юуны өмнө Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэгдор­жийг хэрхэн ёс төртэй угтсан хий­гээд ямархан хэмжээнд хү­лээн авсныг хэлэх нь зүйтэй.
Ерөнхийлөгчтэй Кувей­тийн Ерөн­хий сайд, Үндэсний Ассамб­лейн дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувей­тийн сангийн захи­рал, Хөрөнгө оруулалтын газрын захирал тэргүүтэй албаны олон хүн уулзаж, гэрээ хэлэл­цээр хийсэн талаар өмнө нь мэдээлсэн учир дахин давтах нь илүүц биз ээ. Харин Шүрэн­гийн усан цахилгаан станц барих, Хөвсгөлийн Тариа­­лан-Мөрөнгийн хатуу хучилттай зам тавих төс­лүү­дэд Кувейтийн сангийн зүгээс хөнгөлөлттэй зээл олгох болсон зэрэг айлчлалын үр дүнгийн мэдээллүүд энгийн иргэ­дэд ч хүрсэн байна лээ. Төрийн зарим нэг айлчлал сүржин нэртэй дар­жин боллоо гэдэг шиг ааг амьс­гаа нь оволзон байдаг ч ачир дээрээ улс орны ирээ­дүйд ямар ч үр дүнгүй байдаг. Зүгээр л нэг, дарга сайд нарын шоу болоод өнгөрдөг шиг билээ. Тэгвэл Булан­гийн орнуу­дад хийсэн Монгол Улсын Ерөн­хийлөгчийн айлч­лал арай өөр байв уу даа, анзаараад байх нь ээ. Үүнийг Кувейтийн Эмирээс аваад албаны бүхий л хүмүүсийнх нь уулзалт гэрчлэх буй за. Миний бие айлчлал дагасан албаны сурвалж­лага бичих­гүйг эрмэлзсэн ч зарим нэг зүйлийг тэмдэглэлгүй өнгөрч бо­лох­гүй нь жам юм хойно доо.
Айлчлалын
бүрэлдэхүү­нийг Монголын талаас угтаж авсан хүн нь Элчин сайд К.Сайраан. Хэдхэн жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Их хуралд сууж байсан эл эрх­мийг гурван жилийн өмнө Кувейтэд анх удаа Монголын Элчингээр томи­логдсоныг манайхан гадарлаж байгаа. Тэрээр Монголынхоо төрийн тэргүүнийг Элчингийн нөх­дийнхөө хамт угтсан. Мэдээж эрхэм дээд Эмир болоод угсаа залгамж­лах хунтайж зэрэг Арабын Шейхүүд угтсан нь ойлгомжтой. Онгоцны бууд­лаас Эмирийн ордон Баяан руу хөдөллөө. Хүн бүр л нэг ма­шинд сууж байгаа юм. Сэтгүүлчид хоёр, гурваараа суугаад авав. Тэгтэл бидний суусан машин цуваа­наа­саа хоцорчихдог байгаа. Жолооч залуу маань замд өөр маши­ны жолоочтой, мөн замд таарсан цагдаа нартай ярьж бай­гаад хоцор­чихсон хэрэг. Өөрөө цэргийн хүн юм байна л даа. Үгүй ээ, мөн хэнэггүй байгаа юм шүү. Ерөн­хийлөг­чийн цуваанд явж байж. Тэгтэл бөглөөнд орчихож байгаа юм. Долоон цаг нисээд үдийн нэг цаг өнгөрч байхад Кувей­тэд газард­сан. Нэг цаг гучин мину­тын орчим Баяан буудал руу зорьж яваа минь тэр. Замын бөглөөнд орсон нь учиртай. Үдийн хоёр цагт албан байгууллагуудын ажил тар­даг юм байна. Ажил тарах үед замын ачаалал ихэсдэг аж. Түүнээс бусад үед гайгүй юм билээ. Замын хажуу­гаар явган хүн харагдаагүй. Мэ­дээж бүх хүн машинтай. Манайхан шиг зам дагаад алхаж байдаг, эс бөгөөс такси унаа гээд өвлийн хүй­тэнд нэгнээсээ өрсдөг ойлголт тэнд үнэндээ алга аа. Ажлын таван өдөртэй. Тав дахь өдөр амралтынх, бүтэн сайн аж­лынх. Дөрөв дэх өдрийн үд гэхэд ажлаа тарчихаад кувейт залуус гадны орнууд руу аяллаар явчих­даг гэж байгаа.
Бензин
монгол
мөнгөөр
гурван
зуун төгрөг. Шатахуун түгээх станц дээр очсон машин банкаа дүүргэж аваад л хөдөлнө. Төдөн литрийг авна гэсэн ойлголт бас үгүй. Ерөө­сөө л халигуулж цалгиу­лаад л хөдөлнө шүү дээ. Нефть нэвт олгойд­­дог улсад тэгэхээс ч өөр яах билээ. Нефть нэвт олгойддог гэс­нээс онгоц газардахын өмнөхөн өнөө савтай зүйлүүд дээгүүр чинь нэгэнтээ эргээд авч бай­гаа юм. Тэрхэн мөчид “тар­гийн нэрмэл мэлтэлзэнэ дээ, мэлтэгнэнэ дээ…” гэсэн дууны бадаг санаа бодолд долгион булаагаад л орж ирнэ билээ. Үнэхээр ч “тагш”-аар нэг мэлтэлзэж байсан даа. Арван­хоёрдугаар сарын дунд үе бол Кувейтийн хам­гийн сайхан улирал гэнэ. Нар тэгтлээ улайсдаггүй, зөөлөн сэвэлзүүр салхитай. Тэсгим өвлийн хүйтэн тачигнасан цаг дор очсон бидэнд гэв гэнэт­хэн улирал солигдсон мэт сонихон мэдрэмж төрж бай­саан. Эмирийн Баяан ордон бол ёстой нэг үлгэрийн гэмээр л санагдсан шүү. Чулуун шат довжоо, орчин үеийн загвар бүхий хийц,
эртний
гоёмсог
чамин хээр хуар, гаднах цэцэрлэг, араб маягийн чимэглэл бүхий ойр тойр­ны орчин нь нүд булаам хээнцэр. Цаанаа утга агуулгатай.
За тэгээд Кувейтийнхэн толгой дээгүүр, ихэмсэг бардамхан аж төрдгийг нь хэлэлгүй өнгөрч болом­гүй. Үндсэн харьяат иргэд нь аливаа албан байгууллагын дарга, захирал цаад тал нь ерөнхий менежерээс доош ажил хийх эрх­гүй. Зүгээр суух аваас хувийнх нь хадгаламж руу өдөр бүр дол­лар урсах бүлгээ. Харин Энэтхэг, Банг­ла­деш, Индонез, Непал, Филип­пиний иргэдийг зарц­ална шүү дээ. Эмирийн ордны цэцэрлэгт хүрээ­лэн­гээр алха­хуйд дандаа л дээрх улсын залуучууд гүйлдэж байгаа юм. Ордон дотор ч ялгаагүй. Тэд л үйлчлэгчийн ажил
эрхлээд
боол шиг зүтгэнэ. Давхар бүрт хоёр гурван ресторан­тай. Хэдийд ч орсон үйлч­лэгчид нь бөхөлзөөд угтаж байгаа юм. Хоолны газар ихэвчлэн филиппинчүүд ажил­ла­даг юм билээ. Харин хар ажил, шал шавхай угаа­хад непал, энэт­хэгчүүд гүрийнэ. Тэд цалин хөлс харьцангуй бага авдаг тухай хэлж байсан. Кувейтүүд өөрсдөө өндөр цалин авдаг хэмээн үнэнээ хэлж байсан.
Айлчлалын
эхний өдрийн орой эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн­дэтгэж зоогт урилаа. Эмирийн хүлээн авалтын өргөө, танхим том ч гэж жигтэйхэн, гоёмсог чамин гэж жигтэйхэн. Зүгээр нэг санд­лынх нь юм уу, танхимынх нь гэрлийн чимэг­лэлийн үнэ гэхэд л замбараагаа алдсан байлгүй. Бүх зүйл нь алт гэж хэлэхэд юу юм. Гэхдээ үнэт шигтээ, чимэглэл, хийцийг нь хараад дуу алдмаар шүү. Оройн зоогт Кувей­тэд суугаа Элчингүүд бүгд уригдсан бай­лаа. 100 гаруй Элчин төлөө­лөгчөөс 90 орчим нь ирлээ гэсэн албан мэдээ дуулд­сан. Уул нь яг тэр үеэр Кувейтийн шинэхэн томи­лог­доод байсан Ерөнхий сайдын урилгаар ямар ч билээ дээ, нэг орны Засгийн газрын тэргүүн уригд­сан байсан. Даанч манай Ерөнхийлөгчийн айлчлалын сүрд дарагдаад чимээгүй өнгөрөх шиг болсон доо. Зоогийн хүндэт тан­хи­мын өмнө ноён Эмир Элбэгээ Ерөнхийлөгчийн хамт зог­соод бүх зочдоо угтан авч байлаа. Тэр хоёр хичнээн ч хүнтэй гар барьсныг бүү мэд. Харин нэг зүйлийг онцлоход, энэ олон зочдын дундаас дөрвөн хүн монголоор мэн­дэл­лээ гэж Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч хэлж байсан. Бас үг шүү.
Эрхэм дээд Эмир, Монгол Улсын Ерөнхийлөгчийг онгоц­ны буудал дээр хүндэт­гэн угтан ава­хаас аваад хоёр улсын дээд хэм­жээний уулзалтын мөч оройн зоог гээд бүхий л үйл явцад гүн хүн­дэтгэлтэй хандаж, ихэд дээдлэн буй нь мэдрэгдэж байсан юм. Хоо­рондын яриа хөөрөө нь тун энгийн байсан. Тэр тухай дараагийн тэм­дэглэлдээ өгүүлэх буюу.
Албан бус тоогоор хоёр зуу гаруй зочид цугласан хүлээн авал­тын танхимд сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэснээр зоогийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ зуур нэг зүйлийг бас дуулгаад авъя. Кувейт­чүүд ерөөс Арабынхан ихэд халуун дулаан хүмүүс юм билээ. Хоорон­доо ярьж хөөрөх нь мөнчиг аял­гуутай шүү дээ. Шашны мөргөлөө үйлдэж байгаа юм шиг л уянга­луулаад ярина. Зэ тэгээд уулзахаар үнсэлцэнэ гэж элгийг нь авна шүү дээ. Нүүр ам нь битүү сахал самбаа болсон, тэргүүндээ цагаан саарал алчуур ороосон эрчүүд хацар, дух, уруул дээрээ шов шов хийтэл үнсэлцэнэ. Их дотнын хүмүүс бүр олон дахин үнсэлцээд байх шиг.
Сахалтай
харчууд
хацар дээрээ нялуун гэгч үнсэлцэхийг дэргэдээс нь харахад эхэн үедээ эвгүй юм билээ. Үйлчилгээний газар, зоогийн танхимд бүсгүй хүний бараа харагдаагүй. Эмирийн ордонд ч Кувейт бүсгүйн бараа хараагүй шүү. Дэлгүүр болон олон хөлийн газраар бол бүс­гүйчүүд явна. Хар өнгийн хувцас­тай. Нүүрээ гивлүүрээр тас бүтээ­чихнэ. Зарим нэг нь хоёр нүдээ ч ил гаргахгүй. Нүүгэлтсэн хар юм л гунхана даа. Хадамд гараагүй бүсгүйчүүд нь хар гивлүүртэй яваад байна уу гэсэн үгүй юм билээ. Ерөөс бүгд л гивлүүртэй юм билээ. Гэхдээ тэдгээр бүсгүйчүүд дэлгүүрт ууц нуруу, хүзүү цээж нь ил гарсан даашинз сонгоод зогсож байхыг хараад амжсан шүү. Бас л сонин байгаа биз. Хурим хийж буй айлд манай Элчингийн бүсгүйчүүд зочил­­сон тухайгаа хэлж байсан. Хуримлаж буй хосууд тусдаа баяраа тэмдэглэдэг гэж байгаа. Яг тэрхэн мөчид хүүхнүүд нь гивлүүрээ бүр хувцсаа тайлдаг гэж байгаа. “Хувцсаа нимгэлэхээрээ ямархан юм бэ дээ, кувейт хүүхнүүд” гэхүйд, их ялдамхан юм билээ. Бие хаа нь тэгш, нүд хөмсөг гэж “тасархай”, шилбэ, бэлхүүсийг нь нарийн ажихуйд зураг шиг даа гэж дуу алдсан. Хүүхнүүд тэгж дуу алдахыг бодоход өв тэгш санагд­сан даа. Хувцасных нь цаанаас бол жаахан махлаг юм
уу даа гэсэн бодол төрсөн. Ер нь бүсгүй­чүүд нь гэлтгүй кувейт эрчүүд тун өндөр биерхүү, махлаг хүмүүс юм билээ. Холоос алхаад ирж буйг нь харахад таахага таахага гээд л мөн ч явж ядна. Энэ мэт Эмирийн ордныг эзэгнэсэн өдрүүдийн тэм­дэг­лэл цааш үргэлжлэх юм аа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Шилдэг тонуулчиндаа мөнгөнийхөө авдарны түлхүүрийг атгуулчихсан юм биш үү? DNN.mn

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой тун ноцтой зүйлийг ярьсан. Тэрээр “Сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сан гээд Монголбанкинд байдаг сангаас “Зэт финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан. Ингэж Сангийн сайд нь Хөгжлийн банк, ЖДҮ, Бичил зээлийн сан, Төрийн банк гээд бүгдийг нь мөлждөг байж болохгүй” гэж ил цагаан шууд хэлсэн. Тэгээд зогсохгүй Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах түр хороо Сангийн сайдтай холбоотой нөхдүүдээс шалгалтаа эхлэх хэрэгтэйг онцгой анхааруулж, АТГ-т улс төрийн хүчин мөхөстөөд байвал УИХ үүнийг шийдэж өгөх ёстой гэдгийг хүртэл хэлсэн.

Үүний хариуд Б.Жавхлан “Даваасүрэн гишүүний надтай нэр холбоод байгаа Хөгжлийн банкнаас зээл авсан Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж надтай ямар ч хамаагүй. Дарханы “Ган хүдэр” Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. “Зэт финанс”-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэдэг бас худлаа” гэх тайлбарыг өгсөн. Сангийн сайдын хувьд өөрийгөө өмөөрч, надтай ямар ч холбоогүй гэж хэлэх нь зүйн хэрэг. Хүн л юм болохоор өөрийгөө өмөөрөлгүй яахав. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүн ямар өвчин туссан биш, галзуу хүн биш Их хурлын танхимд хамт сууж байгаа, нэг намынхаа, хамтран зүтгэгчийнхээ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ингэж худлаа гүтгэмээргүй юм. Эсрэг намын хүн бол худлаа гүтгэлээ, дэгсдүүллээ гэж бодохсон. Нэг намын хүн яаж ч бодсон нэгнээ ингэж улайм цайм худал хэлмээргүй юм.

Энэ хоёр бол жирийн иргэд биш. Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай Их хурлын гишүүн, төрийн сайд хүмүүс. Ц.Даваасүрэнгийн хувьд бүх насаараа Сангийн яаманд хариуцлагатай алба хашсан, төрийн сайд, Төрийн сангийн газрын захирал, 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож ирсэн төрийн түшээ, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан, Эрчим хүчний сайд байсан ийм хүн. Ингэж бүх насаараа Монгол төрд өндөр дээд алба хашсан энэ хүн хариуцлагагүй, болчимгүй мэдэгдэл хийж, зүгээр нэг оноо авах гэж үнэнийг хэлдэг баатар болон Их хурлын танхимд жүжиглээгүй байх гэж итгэж байна.

Тиймээс Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг үнэн эсэхийг тусгай комисс гарган албан ёсоор шалгах хэрэгтэй байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн асуудлыг хууль шүүхийн байгууллага нэн даруй шалгаж, үнэн мөнийг нь хуулийн дагуу эцэслэн тогтоох хэрэгтэй байна. Үнэхээр банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумаар гурван удаа зээл авсан нь үнэн юм уу, Их сургуулийн ангийн найз Ч.Мөнхбаярыгаа Зээлийн газрын захирлаар тавьсан нь ямар учиртай юм бэ, ашиг сонирхлын зөрчил байсан уу, “Чингис” банкинд 49 тэрбумыг байршуулаад байхгүй болгосон гэдэг нь үнэн юм уу гэх эдгээр ноцтой баримтуудыг нэг бүрчлэн шалгахыг шаардаж байна.Сангийн сайд Б.Жавхлангийн нийгэмд үүсээд байгаа дээрх асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаж үнэн мөнийг нь тогтоохоос өмнө түүнд хариуцлага хүлээлгэн огцруулах хэрэгтэй.

Монголчууд бид ер нь ямар хүний гарт мөнгөнийхөө авдарны түлхүүрийг атгуулчихаад байгаа юм бэ. Өнөөдөр долларын ханш хэрхэн өсч, юмны үнэ хэд дахин нугарч, монгол төгрөг цаас болж ард түмний амьдрал яаж уруудан доройтож байгаа билээ. Сангийн яамны сайд нь ийм байхад Монгол Улс яаж ч өөдтэй өнгөтэй байхав гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Нэрнийхээ өмнө 900 тэрбумын тамга даруулчихсан Сангийн сайд Б.Жавхлан танд ард түмэн дургүй байна, итгэхгүй байна. Тиймээс эрх баригч Ардын нам энэ хүндээ хариуцлага тооцож Сангийн сайдын суудлаас авч хаях хэрэгтэй.

Ер нь Ц.Даваасүрэнгийн хэлсэнчлэн 2017 онд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны хуульд оруулсан юм байна. Тэгснээрээ эрх баригч Монгол ардын намын эрхтэн дархтан сайд дарга нар сонгуулийнхаа менежерүүдийг Хөгжлийн банкинд тавьж эхэлжээ. Тухайлбал, ТУЗ-ийн даргыг нь, Зээлийн захирлыг нь, Зээлийн хэлтсийн даргыг нь тавьж эхэлсэн байна. Б.Жавхлан гэхэд л ангийнхаа хүүхдийг Зээлийн газрын захирлаар, мөн Уянга, DВM лизингийн захирал Пүрэвсүрэн нарыг бас тавьсан байна. Ингэж Ардын нам сонгуулийнхаа мөнгөөр хөгжлийн банкийг мөлжиж босгож ирсэн юм биш үү. Даваасүрэнгийн үгнээс тэгж уншигдаад байна. АТГ-т өгсөн 23 комапанийн асуудал, дээрээс нь яригдаад байгаа алт, ноолуурын нэр бүхийн компанийн асуудлуудыг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй.

“Баялагийн сан, Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв зэрэг сангуудаар орж ирсэн найман тэрбум доллар бүхэлдээ МАН засаглаж байх хугацаанд зарцуулагдсан. Тал нь халамж, тал нь тонуул. Гадаадад тавиад байгаа МАН-ын өр 4.5 тэрбум доллар буюу Чингис бондоос гурав дахин их. Гэхдээ Ардчилсан намын үед авсан Чингис бонд 21 аймгийг засмалаар холбосон, харин МАН 200 км Дарханы замыг ч дуусгаж чадаагүй. Сангийн сайд Б.Жавхлан бол бүх цаг үеийн Засгийн газрын түүхэн дэх хамгийн муу Сангийн сайд” гэж улс төр судлаач Б.Ган-Очир хэлж байсан. Мөн Ардчилсан залуучуудын холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж ард түмнийг өлөн гэж доромжилсон Сангийн сайдыг огцруулахыг шаардаж байсан. Учир нь Сангийн яам, Татварын ерөнхий газрынхан нийгмийн сүлжээнд “НӨАТ-ын баримт уншуулдаг иргэн бол өлөн”, “Өлөн иргэд нь ТҮК-ийнхэн” гэх утга агуулга бүхий видео сурталчилгааг олон нийтэд цацаж иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон нэр төрд халдаж байсан.

Дээрээс нь долларын ханш, эдийн засагтай холбоотой асуудал удаа дараа хөндөгдөж Сангийн сайдын асуудал яригддаг. Сүүлд гэхэд Засгийн газрын гадаад бондын хүү 35 хувь хүрлээ. Дайнтай байгаа Украин 25, дампуурлаа зарласан Шри-Ланк улс 23 хувийн хүүтэй байна. Үүнд Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гэвч Б.Жавхлан суудалдаа шигдсээр, улдан чангаасаар өдий хүрсэн. Харин ЖДҮ, Хөгжлийн банк, Төрийн банк, Зээлийн санг мөлжсөн, 900 тэрбумын асуудалд эрх баригч нам энэ удаад толгойг нь илээд өнгөрнө гэвэл арай хэтэрнэ. Төрийнхөө санг арвижуулах үүрэгтэй Сангийн сайд нь сангаа хоосолчихоод сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тиймээс Сангийн сайдаа нэн даруй огцруулж хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. УИХ-д дөрөв дараалж сонгогдсон төрийн түшээ, төрийн сайд байсан хүний хэлсэн үг үнэхээр үнэн бол Монгол Улс шилдэг тонуулчиндаа мөнгөнийхөө авдарны түлхүүрийг атгуулчихсан юм биш үү