УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2019-2021 онд хэрэгжүүлсэн Өрийн стратегийн баримт бичгийн тайланг хэлэлцлээ. Энэ үеэр Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат тус тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Аудитаар дараах дүгнэлтүүд гарчээ.
-Засгийн газрын гадаад өрийн богино хугацаанд төлөх төлбөрийн дахин санхүүжилтийг шийдвэрлэж, төсвийн алдагдлыг багасгаж, гадаад валютын албан нөөц болон улсын төсөвт учруулах дарамтаас сэргийлсэн боловч урт хугацаанд эргэн төлөх өрийн хэмжээ өндөр хэвээр байна.
-Монголбанк Өрийн удирдлагын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, Засгийн газрын нийт зээлийн хэмжээ Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх тохиолдолд тухай бүр холбогдох санал, зөвлөмжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /Сангийн яам/ хүргүүлээгүй.
-Шинээр гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг үнэлэх, зардал үр нөлөөг эрэмбэлэх аргачлал байхгүй байна.
-Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчим хэрэгжихгүй байна.
-Засгийн газрын гадаад зээлийн 41.7 хувийг 2019-2021 онд улсын төсвийг алдагдлыг нөхөхөд зарцуулсан.
-Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийн 60.7 хувийг урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээл эзэлж байгаа нь цаашид ханшийн өсөлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
-Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа хийх зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд бэлэн байдлыг хангаагүй байгаа нь стратегийн баримт бичигт дэвшүүлсэн зорилтдоо хүрэхгүй байна.
-Засгийн газрын өрийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс өрийн удирдлагын тогтолцоо сайжраагүй.
-Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2021 оны стратегийн баримт бичгийн зорилт, хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлоогүйгээс бүрэн тайлагнаагүй байна гэж дүгнэжээ.
Үүний дараа Үндэсний аудитын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцууллаа.
Тэд 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүлсэн байна. Тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.
Түүнчлэн аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн аж. Энэ хүрээнд үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10 мянга гаруй зөвлөмж өглөө. Үүнээс гадна тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгожээ.