Categories
мэдээ нийгэм

Атлантын далайд 4000 автомашин ачсан хөлөг жолоодлогогүй шатаж явна

Volkswagen группийн үйлдвэрлэсэн олон мянган шинэ автомашиныг Германаас АНУ руу тээвэрлэж явсан аварга том ачааны хөлөг онгоц дээр Лхагва гарагт гал гарчээ.

198 метр урт Felicity Ace хөлгийн багийн 22 гишүүнийг Пүрэв гарагт Португалийн тэнгисийн цэргийнхэн аварч, ойролцоох аралд хүргэсэн байна.

Харин эзэнгүй, жолоодлогогүй болсон ачааны хөлөг одоо Португалийн Азорын арлуудын ойролцоо Атлантын далайн усанд шатаж байгаа ажээ.

Volkswagen группийн мэдээлснээр хөлөг дээр нийт 3,965 автомашин байгаа юм байна.

Тус группийн үйлдвэрлэсэн Porsche, Audi, Lamborghini брэндийн автомашинууд шатаж буй хөлөг дээр байгаа ажээ.

Зөвхөн Porsche брэндийн 1,100 автомашин гал гарах үед хөлөг дээр байсныг мэдээлсэн байна.

Автомашин үйлдвэрлэлийн салбарт үе үе ийм осол гарч, ихээхэн хохирол амсдаг.

Хамгийн сүүлд 2019 онд Grande America ачааны хөлөг дээр гал гарч, живэхэд Audi, Porsche брэндийн 2,000 гаруй тансаг ангиллын автомашин хамт шатаж, живсэн юм.

Цар тахлын улмаас автомашин үйлдвэрлэлийн салбар ачаа тээвэрлэлтийн саатал, чип, хагас дамжуулагч эд ангийн хомсдолд нэрвэгдээд байгаа. Ийм хүнд хэцүү цаг үед Volkswagen групп томоохон хохирол амсаж байна.

Felicity Ace хөлгийг чирэх боломжийг эзэмшигч компани нь судалж байгаа гэнэ. Одоогоор далайн усыг бохирдуулсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг тус компани мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *