“Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл
болох “Атганд үлдсэн эрэдэнэ” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны
уран бүтээлчид өнөөдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд
мэдээлэл өглөө. Киноны уран бүтээлчид АНУ-ын Холливуудын “E” фильмтэй
хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын
стандартаар хийсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг
жилийн зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын
хугацаанд АНУ-д хийжээ.
олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул киног
дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Мөн уг кинонд ажилласан
гадны уран бүтээлчид Монголын уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч
сэтгэлгээг сайшаасан бөгөөд гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой
хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.
Түүнчлэн зураг авалтыг Монгол орны үзэсгэлэнт байгальд хийсэн бөгөөд
нийт 7000 км аялж зураг авалтыг Говь-Алтай, Сүхбаатар, Төв аймгийн нутаг
дэвсгэрт хийжээ.
Киноны ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол, гол дүрд
АЖ Д.Цэрэндагва, МУСТА А.Ганчимэг, жүжигчин Б.Шинэбаяр нар тогложээ.
Кино ирэх сарын 5-ны өдөр “Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ
хийх бөгөөд нээлтийн билетийг маргаашаас тус кино театрын билетийн
кассаар худалдах юм байна.
Киноны үйл явдлын хувьд Монголын жирийн нэг айлын ахуйг харуулна хэмээн ерөнхий найруулагч У.Урамчимэг хэллээ.