Categories
мэдээ нийгэм

АТГ : Засгийн газраас томилогдох 22 агентлагийн дарга хувийн ашиг сонирхлын зөрчилтэй

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1498 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянаж, шалгажээ. Энэ хүрээнд 1247 мэдүүлгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлсэн бол үлдсэн 251 мэдүүлэг хянагдах шатандаа яваа аж.

Эдгээрээс 914 иргэний мэдүүлэг хувийн ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн албанд тэнцжээ. Харин 74 иргэний ажлын байрны тодорхойлолт хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн тэд эрхлэх ажлын хүрээнд хамааралгүй, ашгийн төлөө байгууллагатай нэгдмэл сонирхолтой зэрэг зөрчил үүсч болохуйц нөхцөл илэрчээ. Тиймээс АТГ-аас эл зөрчлийг 30 хоногийн дотор арилгах үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Мөн шинээр ажилд орсон 237 иргэн урьдчилсан мэдүүлгээ хянуулалгүйгээр томилогдсон, зарим албан тушаалтны мэдүүлгийг томилох эрхгүй этгээд ирүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.

Тэрчлэн Засгийн газраас томилогдох 22 агентлагийн удирдах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байжээ.

Тухайлбал, Засгийн газрын гишүүн, дэд сайд, УУХҮЯ-ны газрын дарга, ХХААХҮЯ-ны газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшсэн иргэдийн мэдүүлэг нь хууль зөрчиж болзошгүй нөхцөлтэй байсан аж.

Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас “Дээрх 22 иргэний мэдүүлэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосонбайна. Мөн “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” заалтыг зөрчсөн байсан” гэх мэдээллийг өглөө.

Тиймээс тус газраас тэднийг томилох эрх бүхий албан тушаалтнуудад “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллахыг сануулж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *