Баабар ингэж өгүүлэв
Одоогоос 16-17 жилийн өмнө Казиногийн хэрэг гэгч мандав аа. Монголд казино байгуулах хууль гарсан, хуулийн дагуу тэндэр болсон, Макаогийн нэгэн компани хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл гэнэт хэдэн эх оронч гишүүд казинотой газар биеэ үнэлэх явдал (санаж байна, яг үгчилбэл “янханчлал” гэж оросоос болов уу, орчуулж хэлж байсан юм) газар авдаг гээд өнөө хуулийг хүчингүй болгож орхидогийн. Хууль гаргаж гаднаас урьж авчирчихаад хөрөнгөө оруулсных нь дараа хөөж гаргаснаар Монгол ч хэсэгтээ нүдний булай болсон л доо. Ингээд казиногийн хууль санаачилсан гурван гишүүнийг (Түүний дотор Хууль зүйн сайдыг өөрийг нь) авлига авсан гээд баривчилчихдаг байгаа. Сум Дашзэгвэ гээд нэг ёоёотой гишүүн (тэр үед мэдрэлийн согогтой гишүүн одооныхыг бодвол хавьгүй цөөн байж, ердөө 13 орчим л!) баривчлагдсан гишүүдийг өрөөндөө хэдэн сая доллар тоолоод хувааж суухад нь харсан гэж мэдэгдсэнээс болоод тэд хэрэгт татагдсан юм шүү дээ. Мөрдөн байцаалтын дүнд тэдний хахууль авсан нь батлагдаагүй учир шүүх цагаатгасан. Харин тэднийг нэгэнт баривчилж шоронд хатаасан учир ямар нэг хэрэгт холбох шаардлагатай учир татварын хэргээр хэдэн жилийн ял өгсөн. Шоронд суусан хөөрхий Батчулуун сайд тэгсхийгээд нас барсан даа. Ганц өрөө байранд тарчигхан амьдардаг түүнд татвар гээд ч юу байх билээ. Бэлгэнд авсан гэх ямбий гар утас л хөөрхийг хөөдсөн дөө.
“Ард” хэмээх Батсүх Америкт консулаар томилогдлоо. Зоригийг алсан гээд Бат-Үүлийг шоронд хийчихсэн байсан үе. Эмгэнэлт өдөр Батсүх Үүлтэй уулзаж байсан, маргааш нь Америк руу ниссэн гээд нэг нь матаж. Ингээд хөөрхий Батсүхийг АНУ-аас хулгайлж авчраад шоронд жил хатаав. Эцэст нь яасан гээ, сургууль төгссөн диплом нь хуурамч байсан учир энэ хэрэгт нь шүүхээс нэг жилийн ял өгөөд, хүн алсан гэх сэжиглэлд суусан жилийг нь дүйцүүлэн чөлөөлж байв. Монголын дээд сургууль төгсөгчдийн тал нь угаасаа хуурамч дипломтой шүү дээ.
Монголд татварын хэргээр баривчлагдсан хүн бараг байдаггүй мөртөө энэ хэргээр ял авч шоронд суусан нь хичнээн олон гээ. АТГ гээд хуучны Намын хянан шалгахаас дор газар гараад ирсэн, өнгөрсөн богино хугацаанд 3500 орчим хувийн хэвшлийн нэгжийг шалган зовоож, 600-д нь эрүү үүсгэжээ. Авлига уг нь төртэй холбоотой асуудал юмсан. Тэд ихэнхдээ л эцэст нь татварын хэрэгт орооцолдоно. Энэ нийгмийн баялгийг бүтээж атэгэхийнхний цалин цавуу төсвийг бүрдүүлж өгч буй хүмүүс шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь амбаардав гэдэг энэ л дээ! Адгийн амьтсын матаас бичин хорслоо тайлж, бусдын хөрөнгийг булаахад нь тусалдаг байгууллага уу? Үндсэн хуулийн бус энэ байгууллага өөрөө мөрдөх, тагнах, прокурордох, яллах, хүчирхийлэх, бие даан хардах, гүтгэх мэдэлтэйгээрээ гул барин Үндсэн хуулийн бүхий л инстүүцүүдийн дээр гарч тэднийг айлгаж байх “эрхтэй”. 1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон тамлан удирдсан Дотоод явдлын яамтай нэн төстэй. Одоохондоо захиалагч, захирагч, удирдан чиглүүлэгч эзэнтэй юм шиг боловч ийм тогтолцоонд удахгүй эзнээ барьж иддэг үр могой болон хөрөвждөгийг түүх бидэнд хэлж өгсөнсөн. Ийм тогтолцоонд аль л хүний адаг болсон нэг нь дээш мандан бадарч улс орныг хорлон сүйтгэдгийг хүний түүх мэднэ. Адгийн шаарууд хувийн хорсол, эдийн шуналаа “эх оронч“ болгон харуулж хаданд гардаг.
Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүрттэлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН сонгуульд ялсны буянд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрэн хишиг хүртжээ. Эргэж яамандаа эзэн болон очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Оронд нь очиж сандал ширээгээ томсгoх гээд байгаа хэрэг шүү дээ. Шургаанд төрөлхийн авьяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан эд. Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхтэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй, бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа дутагдал. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-ээр дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо зүтгэсэндээ хүрч урьдын ивээгчээ онхолдуулан оронд нь сайд болж аваад өөр АТГ-д мэдээлчихээр юухан хээхэн ч хамаагүй илрүүлэхээр шиншлэн хайж, байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз.
Шинэ Засгийн газар бүрэлдэн өөрийгөө “шийдлийн” гэдэг нэрээр адислаад гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан өмнөх Засгийн газруудын алдааг засахаар зориг шулуудлаа. Хуулиудыг ч засч эхэллээ, үүнээ итгэл төгс гадна дотногүй сурталчлан “ороод ир ороод ир, одоо яах ч үгүй” гэсэн зар тараав. Үгээ хэлж дуусаагүй байхад нь АТГ “май чи!” гээд Сауз Гоби компанийн гурван ажилтныг баривчлаад гялс “прокурордуулаад” шүүхдүүлээд хэдэн жил ял өгөөд хаядаг байх нь! Мань хэд өдөртөө ачигдан Монголын шоронтой танилцах дадлагын хичээлд сууж орхив. Энэ бол Монголд хөрөнгө оруулбал яадгийг харуулсан амьд үзмэр. Прокурордсон байдал, шүүхэдсэн зураглал, өмгөөлөл, шалгасан дүгнэлт, хөндлөнгийн аудит бүгдээрээ өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн бараг заалт болгоноор зөрчжээ. Уул нь уг компанийг гурван жилийн өмнөөс шал өөр асуудлаар шалган, янз бүрийн заалтаар сэжигтэн болгож, эсвэл эрүү үүсгэж явсан даа, манай атэгэчүүд. Лав л татварын асуудал эхэндээ байгаагүй. Мөнөөх казиногийн хэрэгтэй их төстэй. Яахаараа ч жижигхээн Монголдоо яавч томд орохгүй компани энэ улсын үндэсний нийт бүтээгдэхүүнтэй дөхөж очихуйц үйлдвэрлэл явуулж татвараа нуусан байдаг юм?! Ер нь маш их лоосуутай хэрэг дээ. Гээндээ ч бий, гоондоо ч бий, гэхдээ цаана нь нуугдан буй авлигын хэрэг бараг л үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тоон утгаараа дүйж ч магадгүй шүү.
Монголын яг үнэндээ “гэр бүлийн” компаниуд татвар нуувал тэр нь өөрсөд нь ашиг болон унана. Гэтэл эдгээр ажилтнуудад татвар нуух нь өөрсөд нь ямар ч ашиг байхгүй, яагаад гэвэл бүх орлого зарлага нь олон улсын бирж дээр ил байгаа учир сая сая хүний хяналтанд байдаг компанийн нууж олсон мөнгөнөөс сохор зоос ч компанийн ажилтанд олдохгүй. Хувьдаа мөнгө завшвал тухайн улсынхаа хуулиар шийтгүүлнэ, тэнэг юм шиг компанидаа зориулж татвар нуусан нь баригдвал компани асар том хoхиролд орно. Алив гэмт хэргийг авч үзэхдээ “сэдлийн субъект” гэсэн хүчин зүйлийг юун түрүүн анхаардаг. Татвар нуусан гэгдэх хөөрхий гуравт ийм үйлдэл хийх сэдлийн субъект гэгч нь огт байсангүй. Ийм тохиолдолд хууль зүй мэддэг аль ч эрх зүйч (шүүгч, прокурорыг оролцуулаад шүү) үүнд хэрэг үүсгэх бололцоогүй гэж үздэг. Эрх зүйн ийм үндсэн онол практик олон жилийн дараах ирээдүйн Монголд эрхбиш нэвтрэх биз дээ. Одоохондоояахав дээ, “буруутан өөрөө гэмээ хүлээх нь хамгийн том нотолгоо мөн” гэсэн сталинизмын онолд суралцсан хуульчидтай болохоор тэд маань сэжигтнийг хэргээ өөрөө хүлээтэл нь шаналгаж, тамлан зовоох ганц арга барилтай. Далимд сонирхуулахад Япон болон Өрнөдийн “гуравдахь хөршүүдийн” хөрөнгө оруулалтыг Монголоос системтэйгээр шахан зайлуулж байгаа тухай саяхан Оросын “Огонёк”, “Аргументы и факты” зэрэг төвийн том хэвлэлүүд бахархан бичсэн байна билээ. Сауз Гоби ч хувьцаагаа ердөө хэд хоногийн өмнө Хятадад зарчихлаа. Удахгүй АТГ “гуравдахь хөршийн” тухай яриа дэлгэсэн хүмүүст эрүү үүсгэх биз ээ. Бид ч зурсан зургийн дагуу гольдрилоороо л “урагшилж” байна даа.
Энэ өгүүллийг бичиж байх явцад сая дууллаа, гадаадын гурван ажилтныг Ерөнхийлөгч уучилжээ. Ёо-оох, ашгүй дээ. Сократад залуусыг уруу татсан хэргээр цаазын ял оноожээ. Шүүхийн шийдвэр илэрхий бүдүүлэг, гүтгэлгийн шинжтэй байв. Аугаа гүн ухаантны шавь нар шоронд ирж багшийгаа оргуулахаар шийдэн ятгасан боловч суут эрдэмтэн татгалзсан байна. “Шүүх илэрхий буруу шүүсэн, гэвч би шүүхийн нэгэнт гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэвээс Афины хуулийн тогтолцоог хэн ч хүндэтгэхгүй үл тоомсорлох болно. Иймээс тогтолцоогоо аврахын тулд би цаазлуулж үхэх ёстой”.
Шүүх прокурорын буруугаас хэлмэгдсэн мань гурван хоригдлыг шоронгоос чөлөөлнө гэдэг тун хүнд асуудал. Буруу ч бай шүүхийн шийдвэрийг үл тоомсорлох арга үгүй. Тэгвэл манай тогтолцоонд гажиг сууна. Тэд давж заалдах аваас шүүхийн сунжирсан процесс болж мөдгүй асуудал үүснэ. Гэтэл тухайлбал нэг хоригдлынх нь эцэг түүнийг энд гурван жил мөрдүүлж байх хооронд нас барсан ба, ээжийнх нь бие өдгөө тун тааруу аж. Тэднийг хуулиар өршөөж болно, гэвч энэ нь УИХ-аар орж хуулиар биелэгдэх мөн л унжирсан процесс. Ганц гарц нь хуулинд заасан Ерөнхийлөгчийн уучлал. Олон түмний янз бүрийн хэл яриа, матаач нарын үндсэн ажлын сэдэл, уг хэрэгт орооцолдсон далд авлигачдын занал зүхэл, үүнийг далимдуулж цээжээ цөмөртөл нүдэн хойтонгийн сонгуульд бэлдэх эх орны эрэлхэг охид хөвүүдийн хараал ерөөл, эргэж бухах шүүх прокурорынхны (мэдээж бас атэгэхний, гэхдээ энэ удаа тэд дуугүй өнгөрөх байх?) хариу үйлдлээс айлгүй иргэний зориг гаргаж, өөрт нь олдсон хууль ёсны эрхийг эдэлж уучлал үзүүлж буй Ерөнхийлөгчийг уг нь энэ үйлдэлд нь магтах л ёстой юм байгаа юм л даа.Улс орныхоо нэр хүндийг авардаггүй юм гэхэд (одоо ч аврах хэцүү болсон л доо) ядахнаа бага ч гэсэн цайруулж буй түүний зориглолд талархжийнээ.
2015.2.26