Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэв

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм. Хуралдаанаар энэ сард хийсэн ажил явц болон АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар ярьсан юм.

Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон” гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар “АТГ-ын дарга Х. Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах, АТГ-ын даргын нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл тарааж байгаа. Эдгээр мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн” хэмээн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэв.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт хийсэн хэргийг хянан шалгасан. Мөн төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл харсан шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслах зогсоох чиглэлээр бодит ажил хийгдэхгүй байна. Энэ нь авилга, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авилгын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна” хэмээв.

Мөн тэрбээр “Авилгатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодит ажил хийгдээгүй байгаа нь авилга, ашиг сонирхлын зөрчил, авилгын гэмт хэрэг давтагдах нөхцөлийг бүрдүүлээд байна” гэлээ.

Тухайлбал, АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авилга, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руушилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлыг хийж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон

Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний шэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.

Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “…Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа,удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон”гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсныг үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна. Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэн чухал бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлд иргэний хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулахад тодорхой үр дүнтэй ажилласан. Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *