Categories
мэдээ цаг-үе

АТГ-ын албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх: Оффшор бүсэд бүртгэлтэй хүмүүс энэ сарын 4-ний өдөр дансаа хаалгаж, АТГ-т мэдэгдэх ёстой

Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа төрийн томоохон албан тушаалтнуудыг хөрөнгөө энэ сарын 4-ний өдрөөс өмнө эргүүлэн татахыг АТГ-аас сануулж өчигдөр албан ёсоор мэдэгдэв. Оффшор бүсэд данс эзэмшиж буй хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

-АТГ-аас нийтийн албан тушаалтан оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. Энэ талаар тодорхой хэлж өгнө үү?

-2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт буюу хуулийн гуравдугаар бүлэгт “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” нэмэлтээр орсон.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс нэмэгдэж орсон бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн талаар тус газраас холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.

-Манай улсаас хичнээн бүсэд оффшор данс эзэмшигч бүртгэлтэй байгаа вэ. Тэднийг оффшор бүстэй холбоотой үйл ажиллагаагаа маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 4-нөөр дуусгавар болгохыг, дансаа хаахыг даалгаж байгаа гэсэн үү?

Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд гурван сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан, өөрчлөлт ороогүй оффшор бүсэд хамаарах Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутгийн хувьд 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх нь дуусгавар болж, мөн хоёрдугаар сарын 4-ний дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх зохицуулалттай.

-Засгийн газрын 244 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг мөн хуулийн дагуу нийтийн албанаас халах, албан тушаалтныг эргүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэхээр хуулиар зохицуулсан болно.

Мөн хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг явуулдаг. Иймд Оффшорбүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй.

-Одоогоор манай улсаас хичнээн хүнийг оффшор бүсэд хамааралтай, данстай хэмээн шалгаж байна вэ?

-Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газар 2017 оны найм дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг нээсэн. Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсандаа оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуйн нэгж, компани, хүмүүсийн мэдээллийг дэлгэж, улмаар 170 орны 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон. Үүний дагуу судалгаа хийж үзэхэд “Монгол Улс” гэсэн бүртгэлээр нийт 49 буюу 48 иргэн, нэг аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нарийвчилсан шалгалтаар Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгж тодорхойлогдсон. Эдгээрээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсныг ХАСХОМ-ийг хянан үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаараа тусгаагүй байгаа. Гэвч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийсэн шалгалтаар үүнийг тогтоосон. Сүүлд задарсан “Парадайз паперс”-ийн мэдээллээр манай улсын 16 хүний мэдээлэл ил болсон. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *