Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг баривчилжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Бага чуулганаа хуралдуулсны дараа эмчилгээгээ үргэлжлүүлэхээр гуравдугаар сарын 25-ны өдөр БНСУ-ыг зорьсон. Түүнийг БНСУ руу явахаас өмнө Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авах хүсэлтийг удаа дараа илэрхийлээд байсан ч мэдүүлэг өгөлгүй байсаар БНСУ-ыг зорьсон. Ямартай ч долоо хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэхээр явсан гэсэн ч одоогоор эх орондоо ирээгүй байна. Түүнийг хэзээ ирэхийг мэдэхгүй байна хэмээн намын нөхөд нь хэлж байсан юм.

Намынхаа Бага хурлаар намын дэд даргын албан тушаалыг Д.Тэрбишдавга, Э.Эрдэнэжамъяан, Ц.Оюунбаатар нарт үлдээж, генсекээрээ Ж.Сүхбаатарыг томилсон. Хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа болохоор урьдчилан намынхаа аппаратуудыг ийнхүү сэлгэчихээд явсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэгч залууг АТГ-аас баривчлаад байгаа юм байна. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд “Гэрчийн мэдүүлэг авна” хэмээн гэрээс нь авч явжээ. АТГ-аас М.Мөнхөөг хэзээ суллах нь тодорхойгүй байгаа аж. Тэрээр өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын ажилтан байв. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь комиссар нь байсан бөгөөд сүүлд Хууль зүйн сайд асан Б.Одбаярыг сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсныг эх сурвалж өгүүлсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллахаасаа өмнө АНУ-д сурч байгаад Монголд иржээ. Эх орондоо ирээд хурандаа цолтойгоор Онцгой байдлын албаны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга, Гадаадын иргэн харьяатын дэд даргаар ажиллаж байжээ. Хамгаалагчаар ажиллаж байсан, ямар нэгэн эрх мэдэлгүй түүнээс Г.Шийлэгдамбатай холбоотой гэрчийн мэдүүлэг авна гээд хорьсон шалтгаан нь Н.Энхбаярыг Монголд ирэхийг хойшлуулах сануулга байсан байж магадгүй гэдгийг эх сурвалж тодотгосон юм.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *