Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ прокурорт хүргүүлжээ. Аль зээлдэгчдийг цагдан хорих санал хүргүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн тус банкны захирал байхдаа зээл олгосон захирлуудыг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд иржээ. Цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар АТГ-аас мэдээллээ.
Тус банкны анхны захирал Б.Мөнхбатыг олон жил шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм. Тэгвэл өчигдөр АТГ Б.Мөнхбатаас дахин мэдүүлэг авсан байна. Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхбат, Б.Батбаяр нарыг мөн АТГ-аас дахин шалгаж эхэлжээ.
Нийт 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа аж.