Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.

Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *