Categories
гадаад мэдээ

Ассанжид Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгожээ

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид Европын парламентын нэр хүндтэй шагнал болох Мальта улсын сэтгүүлч Дафне Каруана Галициягийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгожээ. Тэрбээр өөрөө баривчлагдаад байгаа учир түүнийг төлөөлж шагналыг нь Нобелийн шагналтан Мейрид Корриган гардан авсан байна. Энэхүү шагнал нь Европын парламентын нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд Ассанжийг Европын парламентын зүүний намын төлөөлөгчид уг шагналд нэр дэвшүүлжээ.

Дафне Каруана Галиция бол “Панамын баримт” нийтлэлийг бичсэнээрээ алдартай, төрийн өндөр албан тушаалтнуудын хүрээнд авлига цэцэглэж байгаа тухай үргэлж хурцаар шүүмжилдэг байсан эрэн сурвалжлах сэтгүүлч байсан юм. Түүнийг 2017 онд машинтай нь дэлбэлж хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Энэ хэрэгтэй холбогдуулан Жулиан Ассанж мэдээлэл өгсөн гэрчид 20 мянган евро өгнө хэмээн амлаж байжээ. Мальта улс энэ хэргийн эзнийг олж хэрэгтнийг шийтгэнэ гэж мэдэгдээд байсан ч одоог болтол ганц ч хүн уг хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна. Европын парламент сэтгүүлч эмэгтэйн дурсгалд зориулж, сэтгүүлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгоог нэр хүндтэй шагналаа түүний нэрэмжит болгожээ. Дафне Каруана Галицияд уг шагналыг 2018 оны 10 дугаар сарын 23-нд нэхэн олгосон байдаг.

АНУ тэргүүтэй хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан “WikiLeaks” сайтыг Жулиан Ассанж 2006 онд үүсгэн байгуулсан. Швед улсад түүнд хүчингийн хэргээр эрүү үүсгэсний улмаас тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш тэрбээр бараг долоон жил тус улсын ЭСЯ-нд нуугдсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2019.04.11/ Эквадорын ЭСЯ цаашид орогнуулахаас татгалзсаны дараа түүнийг баривчилсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *