Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат УИХ-ын дарга З.Энхболдод Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоогджээ. Үүнээс 200 гаруйг нь ашиглаж байна. Олон жил ашигласан уурхайн дэргэдэх ашигт малтмалын хүдрийн овоолго, хаягдлыг дахин ашиглахыг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын даргад Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсчээ. Нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайн ашиглалтын явцад ч ихээхэн хаягдлын овоолго хуримтлагддаг байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан аж. Тухайлбал, Канад улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байх юм.