Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг 43 зочид буудалд байрлуулна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Зочид буудлуудын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон зочид буудлуудын төлөөлөл өнөөдөр “Зочид буудлууд хамтдаа-АСЕМ 2016” хэвлэлийн бага хурал хийлээ.

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази, Европын дээд түвшний уулзалтад төр засгаас зочид буудлуудаа дэмжиж, зочид буудлууд төр засагтайгаа хамтран ажиллахаар болжээ.

АСЕМ 2016 уулзалтад 4,500 хүртэл зочид ирэх бөгөөд дэлхийн 50 орчим орны төрийн тэргүүнүүд айлчлах юм.

Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах нь хамгийн чухал гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчдийг байрлуулах 43 буудлыг ажлын хэсгийнхэн сонгожээ. Энэ талаар Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч н.Батмөнх “Аюулгүй байдал болон тогтоосон горимын дагуу нийт 43 зочид буудлыг сонгосон.

Эдгээр зочид буудлуудад 3,586 өрөө, 5,379 ор байна. Үүнээс ерөнхийлөгчийн өрөө 37 байгаа. Зочид буудлууд таван дүүрэгт байрлаж байна.

Эдгээр зочид буудлуудаас гадна 2015 онд дэлхийн хэмжээний томоохон Holiday Inn, Radison, Sheraton, Shangri-La зэрэг зочид буудлууд ашиглалтад орно. Одны зэрэглэлээр нь аваад үзвэл дээд тал нь таван одтой зочид буудал 3 байна” гэв.

43 зочид буудлыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх аж.

Сонгогдсон буудлуудаас 34 зочид буудал, 197 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч байгаа юм байна. Үндсэн хөрөнгө оруулалтын хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэглэлийн шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн засвар тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалт зэрэг ажлууд хамаарагдах ажээ.

Зээлийн санхүүжилтийн туслалцаа авснаар зочид буудлын үйлчилгээний салбарын чанарт өөрчлөлт гарах юм байна.

Мөн үйлчилгээний чанарын гол хүчин зүйл болох ажиллах хүчний тал дээр төрөлжсөн 12 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтуудыг төр засгийн зүгээс үнэгүй зохион байгуулна гэдгийг хэлж байв.

Харин төр засгийн дэмжлэгтэйгээр авсан зээлээ зочид буудлууд эргэн төлөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *