АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээж авах түнш 47 зочид буудлын рестораны тогооч нарын дунд зохиогдох ур чадварын тэмцээний эхний шат “Их тэнгэр” цогцолборт боллоо.
Дөрвөн шаттай үргэлжлэх энэхүү тэмцээний эхний хэсэг нь өглөөний цай бэлтгэх бөгөөд энэ удаад 12 зочид буудлын 40 гаруй тогооч оролцож, богино хугацаанд шинэлэг санаа бүхий, амт чанартай зууш, өглөөний хөнгөн хоол бэлтгэж өрсөлдлөө.
АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнсний аюулгүй байдлын ажлын хэсгээс санаачлан ХХААЯ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төв, Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдөд монгол үндэсний агуулга шингэсэн, амт чанар, өнгө үзэмж сайтай хоолоор үйлчлэх бэлтгэл ажлын нэг хэсэг бөгөөд тогооч нарыг 5 өдрийн вакуум сургалтад хамруулсны дараах үр дүнг шалгах давхар зорилготой аж.
Мастер тогооч нарыг Өглөөний хоол, Ази-Европ хоол, Монгол хоол, Далайн хоол гэсэн дөрвөн үндсэн хэсгээр, тухайн зочид буудлуудын зардлаар сургалтад хамруулсан бөгөөд 5, 6, 7 дугаар сард зохиогдох тэмцээний дараагийн үе шатууд дээрх ангиллын хүрээнд зохиогдож, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт 10 сая төгрөгийн шагнал олгох аж.