Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын Залуучуудын чуулган лхагва гаригт эхэлнэ

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын Чуулган” энэ долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа бөгөөд ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа аж. 4 өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэ удаагийн Чуулганд оролцогчид нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсууд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохиогдохоор болжээ.

Энэхүү АСЕМ-ын Залуучуудын Чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Түүнчлэн залууст дипломат ёс,яриа хэлэлцээний талаар мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм байна. Чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс нэгтгэгдсэн асуудлуудыг Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгуулахад чиглэгдэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Уулзалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар маргааш буюу 2016. 07. 05-ны 12.00 цагт зохион байгуулагч Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл өгөхөөр болсон байна. Уг хэвлэлийн хурал АСЕМ-ын мэдээллийн төвд болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *