Categories
мэдээ нийгэм

“АСЕМ-ын залуучуудын чуулган”-ы төлөөлөл наадмын парадад алхана

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар өнөөдөр /2016.07.05/ Монголын залуучуудын холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ сарын 6-10 өдрүүдэд АСЕМ-ын Залуучуудын чуулган Улаанбаатар хотноо болох гэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох ажээ.

“Чуулганд оролцож буй гадаадын оюутнууд чуулганы онцлог болон хөтөлбөрийг сонирхож байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 шилдэг залуу шалгарсан. Харин Монголын талаас оролцож буй 50 төлөөлөгч нь 300 гаруй залуусаас шигшиж, шалгарсан” гэдгийг Монголын залуучуудын холбооны удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул онцоллоо.

Энэхүү АСЕМ-ын Залуучуудын чуулганаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд залууст тулгарч буй асуудлаа хэлэлцэх гэнэ. Мөн хэлэлцүүлгээр нэгтгэсэн асуудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм байна.

Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүссэний 95 жилийн ой тохиох бөгөөд тус чуулганд зориулан англи хэл дээр дуу зохиосон бөгөөд хүндэтгэлийн тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар чуулгын концертын танхимд болно. Сонирхуулахад АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцож буй залуусын төлөөлөл Үндэсний их баяр наадмын парадад оролцож, алхах гэнэ.

АСЕМ-ын залуучуудын чуулга уулзалтад оролцогч О.Мягмарсүрэн “Сарын өмнөөс онлайнаар дөрвөн даалгавар гүйцэтгэж, даалгаврын дагуу ажил хийж явуулсан. Уг чуулганы үеэр хийсэн даалгаврынхаа талаар гурван минутын илтгэл тавина. Энэхүү чуулганд оролцсноор дэлхийн шилдэг залуустай хамтарч ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, залуусын дуу хоолойг гаргах зэрэг давуу талуудтай гэж бодож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *