Яам, агентлагуудын удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал боллоо. Хурлаар АСЕМ-ын зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнуудад хүргэснээс гадна цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан үндэсний зөвлөл болон 6 дэд хороо бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ оны долдугаар сарын 15-16-нд болох дээд түвшний энэ уулзалтад өнөөдрийн байдлаар 20 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар оролцохоо өнөөдрийн байдлаар албан ёсоор мэдэгдээд байна. Тэдгээрээс гадна 4000 орчим төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтан ирэх төлөвтэй байна гэлээ. Мөн дээд түвшний уулзалтын хүрээнд 10 чуулга, уулзалт зохион байгуулагдана. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлуудын талаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа цахим хурлын үеэр танилцууллаа. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 200 гаруй ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Эдгээр ажлуудын биелэлтийг хангуулахаар холбогдох яам, агентлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө гэв. Мөн уулзалтын бэлтгэл ажилд төрийн байгууллагуудаас гадна бизнес эрхлэгчид, холбоод, хувийн хэвшлийнхний оролцоог ханган ажиллаж байна гэсэн юм.