Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтад ирсэн өндөр түвшний зочид хэлэлцсэн асуудлууддаа санал нэгдэж чадлаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй таван удирдагч хамтран хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Туск, БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Мьянмарын холбооны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар хэвлэлийн хурал хийж, хуралд олон улсын сэтгүүлчид оролцлоо. Хэвлэлийн хурлын үеэр тэд Монгол Улс АСЕМ-ын хурлыг өндөр түвшинд зохион байгууллаа гэдгийг онцолж байв.

Хэвлэлийн хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ:

АСЕМ-ын 11 дэх удаагийн чуулга уулзалт манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр бид олон чухал асуудлуудын тухай ярилцлаа. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс бид өнгөрсөн 20 жилд болж өрнөсөн асуудлыг ярилцаж, хийсэн ажлаа дүгнэн хэлэлцлээ. Манай улсын төрийн гурван өндөрлөг хоёр талт 60 уулзалт хийсэн. Ингээд гаднынхантай АСЕМ-ын үеэр нийт 100 гаруй хоёр талт уулзалт хийлээ. Маш олон сонирхолтой сэдвүүдээр санал солилцсон. 100 жилд нэг тохиох том уулзалт манай улсад болж өндөрлөсөн онцгой сайхан үйл явдал боллоо. Манай улсад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд маш их баярлалаа. Та бүхнийг Монголд ирсэнд манай ард түмэн баярлаж, бахархаж байна. Дахин зочилж, ирээрэй. Та бүхэнд талархлаа.

Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Туск:

Бидэнд зориулж хийсэн Монголын үндэсний наадам маш их таалагдлаа. Агуу, өв соёл ёс заншилтай эх орон юм. АСЕМ-ын өндөр түвшний уулзалтын арга хэмжээ бол бидний улс эх орноо хөгжүүлэх дохио юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100 жилд нэг удаа тохиох уулзалтыг эх орондоо өндөр түвшинд зохион байгуулж чадлаа. Танай ард түмэн маш найрсаг, зочломтгой юм. Би Монгол улсад гурав дахь удаагаа ирж байна. Ирэх бүрт халуун дотноор хүлээн авдаг. Та бүхэнд баярлалаа.

Мьянмар холбооны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

Бид бодит үр дүн, шинэ санаачилгыг дэвшүүлэн ярилцлаа. Бид санал нэгдэж чадлаа. АСЕМ-ын үеэр Бүс нутгийн асуудлууд, АСЕМ-ын гишүүн орнуудын 2030 он хүртлэх хөгжлийн бодлого зэрэгт анхаарах болно. Энэ тухай ярилцсан байгаа. Эдийн засгийн эрсдлийг бууруулах талаар мөн ярилцсан. Биднийг найрсаг дотноор хүлээн авч, уулзалтын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Монголчуудад гүн талархал илэрхийлье.

БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

Бид хөтөлбөртөө тусгасан зорилгынхоо дагуу уур амьсгалын өөрчлөлт, улс орны тогтвортой хөгжил зэрэгт онцгой анхаарах талаар ярилцлаа. Мөн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарна гэсэн байгаа. Монголчуудын найрсаг занд баярлалаа. Биднийг маш сайхан хүлээн авлаа. Уулзалтын үйл ажиллагаа, наадам, хүндэтгэлийн зоог зэрэг нь маш их таалагдлаа.

Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер:

Олон чухал асуудлуудын тухай ярилцсан үр дүн өндөртэй сайхан уулзалт боллоо. Монголыг том газар нутагтай, агуу түүхтэй ард түмэн гэдгийг мэдэж байсан ч ийм агуу өв соёл ёс заншилтай, найрсаг зочломтгой агуу хүмүүс гэдгийг АСЕМ-ын уулзалтаар илүү сайн мэдэж авлаа. Өндөр дээд хэмжээний уулзалтыг, өндөр хэмжээнд зохион байгуулж, эх орныхоо түүх соёл өв уламжлал ард түмнийхээ агуу зан чанарыг таниулсан, зочдыг маш найрсгаар хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа гэсэн юм.


АСЕМ-ын уулзалтад оролцож буй дээд түвшний таван удирдагч мэдээлэл хийж байна

13:00 цаг

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож буй таван удирдагч яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийсэн бол Европын холбооны ерөнхийлөгч ноён Туск мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хурлын мэдээллийг бид дэлгэрэнгүй хүргэх болно.


АСЕМ-ЫН ХААЛТТАЙ ХУРАЛДААН ТҮР ЗАВСАРЛАВ

12:24 цаг

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаан хаалттай болж буй. Хуралдаан дөнгөж сая завсарласан байна. Хөтөлбөрийн дагуу төгсгөлийн баримт бичгүүдийг үйлдэн, хаалтын ажиллагаа болох юм.


АСЕМ-ын ХААЛТТАЙ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

10:50 цаг

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хоёр дахь өдрийн хаалттай хуралдаан “АСЕМ вилла” хотхонд эхэллээ. Дээд түвшний уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийг батлах хаалттай хуралдааныг АСЕМ-ын “амин сүнс” гэж нэрлэдэг.

Уг хуралдаанаас өнөөдөр “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох юм.

Мөн тодорхой шийдэл, хэлцэлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон бусад ажлуудын дүр зургууд тодрох аж. Төгсгөлийн баримт бичгүүдийг баталсны дараа Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалтын үйл ажиллагаа болно. Улмаар АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүд, Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *