Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын хурлуудын үеэр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана

Ази Европын Парламентын түншлэлийн уулзалт энэ пүрэв, баасан гарагт болохтой холбоотойгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг энэ онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд энэ долоо хоногт анхны уулзалт эхэлж байгаа нь энэ юм.

Нийтдээ арван удаагийн хурал долдугаар сарын 16-ныг дуустал болох бөгөөд хурал болох өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлана гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

АСЕМ-ЫН ХУРАЛДААН ДОЛДУГААР САРЫН 16-НД ДУУСНА

Улаанбаатарт болох АСЕМ-ын хуваарийг танилцуулж байна.

Дээрх өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ БОЛ ХӨДӨЛГӨӨН ТҮГЖРЭЛИЙН БАЙДАЛД ОРНО

Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж байгаад иргэд бухимдалтай хандаж байна. Харин энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Энхбат дараах тайлбарыг өгч байна.

-Гаднын зочид төлөөлөгчид өндөр хэмжээний хамгаалалтыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө оронд авдаг хамгаалалтыг шаарддаг. Энэ нь А зэргийн хамгаалалт буюу зорчих хэсэгт хөдөлгөөнгүй болгодог учраас тодорхой замуудыг хаана.

Ингэхээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл гацаа үүснэ. Зам хааснаас болж уулзваруудын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, Улаанбаатар хотын хөдөлгөөн түгжрэлийн байдалд орох нөхцөл бүрддэг тул иргэдийг энэ зохицуулалтыг ойлгохыг хүсч байна.

Нэг гацчих юм бол буцаагаад хэвийн болгоход Улаанбаатар хотын зам их төвөгтэй. Нэг уулзвар гацахад дараагийн уулзварууд мөн л гацдаг. Хэрэв дугаарын хязгаарлалтаар зохицуулж өгөхгүй бол энэ мэтчилэн хаа, хаанаа хөдөлгөөнд оролцох боломжгүй болдог. Тиймээс ийм зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Цаашдаа долдугаар сарын сүүл хүртэл энэ төрлийн зохицуулалтыг хийнэ” гэсэн юм.

Зочдын явах зам одоогоор тодорхойгүй тул хаана, хэдэн минут хаах талаар мэдээлэл одоогоор өгөх боломжгүй гэдгийг тэрээр нэмж хэллээ.

Хуралдааны үеэр хөдөлгөөн хязгаарлах зам болон хөдөлгөөний ачааллыг Авто радиогоор мэдээлнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаарх мэдээллийг өгөх юм байна.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД НЭМЖ ДАРААХ ЗАМЫГ ОРУУЛЖЭЭ

Энэ удаагийн хуралдааны үеэр буюу 21-ний пүрэв гарагт тэгш, 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэл дээр нэмэгдэж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг уруу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх зам мөн адил 08.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтад орно.

Арав хүртэлх тонноос дээш хүнд даацын ачааны автомашины хөдөлгөөнийг 06.00-22.00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглохоор заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *