АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Одоогийн байдлаар дээд хэмжээний уулзалтад 34 орны төр засгийн удирдлагууд оролцохоор нотолгоогоо өгөөд байна. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэмжээнд гэж ойлгоно. Монгол Улсын хувьд өмнө нь олон улсын төрийн тэргүүнүүдийг нэг дор хүлээж авч байгаагүй гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой.
Бусад нь гадаад хэргийн сайд, тусгай элчийн түвшинд оролцож байна. Зочид энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ирнэ. Ирж буй зочдоос 4-5 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тиймээс 13-наас эхлээд хоёр талын айлчлалаа хийгээд эхэлнэ. Сингапурын ерөнхий сайд 14-ний өдөр Монгол Улсад айлчлалаа эхлүүлнэ. Вьетнамын ерөнхий сайд 13-нд ирнэ. Энэ мэтчилэн бусад түвшний айлчлалууд бий.
АСЕМ байгуулагдаад 20 жил болж байна. Түүхэн ойтой давхцаж буй энэ удаагийн дээд хэжээний уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” гэсэн сэдвээр зохиож байгаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө есөн дагалдах хурал болно. Одоогоор дөрвөн арга хэмжээ зохиож дууссан. Тав дахь нь үргэлжилж байна. “Ази-Европын түмний чуулган” буюу төрийн бус байгууллагуудын чуулган уржигдар эхэлж, өнөөдөр дуусна. Энэ чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцож байна. “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон эрх тэгш шударга хүртээмжтэй хөгжлийн арга замыг илэрхийлэх хөгжихгүй” гэсэн сэдэвтэй. Монгол Улсаас Улаанбаатар хотын төлөөлөл 114 хүн, орон нутгийн 184 хүн, гадны 50 гаруй улсын 214 хүн оролцож байна.
Төрийн зүгээс зохион байгуулах бүх талын дэмжлэг үзүүлж байгаа. Агуулгад нь оролцохгүй гэдгээрээ Монгол Улс ардчилсан орон гэдгээ харуулж буй. Нийтдээ найман сэдвээр үргэлжилж байна.
Мөн маргаашнаас АСЕМ-ын залуучуудын чуулга уулзалт эхэлнэ. Долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно. Монголын талаас шилдэг 50 залуу, гаднаас 51 орны шилдэг 100 залуу оролцож байна. Монголын талын 50 шилдэг залууг сонгох ажлыг Монголын залуучуудын холбооноос хийсэн”.
Мэдээллийн дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-34 орны төрийн тэргүүн нар ирнэ гэлээ. Энэ тоо цаашид нэмэгдэх үү. Мөн урьдчилсан байдлаар хэчнээн жуулчин ирэх тооцоо бий вэ?
-Зарим улсад сонгууль болсон, нөгөө хэсэгт болох гэж байна. Иймэрхүү нөхцөл байдлаас үүдээд ирэх хүмүүсийн нэр өөрчлөгдөх зэрэг асуудал байна. Энэ тоо цаашид өсөх эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэй ирнэ. Европын холбооноос л гэхэд ерөнхийлөгч, зөвлөлийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч бөгөөд гадаад харилцаа хариуцсан тусгай төлөөлөгч гээд гурван дарга ирнэ. Одоогоор 500 гаруй гадны сэтгүүлчдин бүртгэл хийгдсэн. Энэ тоо ойрын үед нэмэгдэнэ. Тэдэнд Монголыг зөв талаас нь таниулах, монгол ахуй, наадам, соёл, орчин үе, улс төр, эдийн засгийн байдлаа зөв ойлгуулах нь нэн чухал. Тиймээс энэ тал дээр Гадаад хэргийн яам сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилласан.
-Олон орны төрийн тэргүүн нар анх удаа Монгол Улсад айлчилж байна. Ялангуяа анх удаа ирж байгаа Сингапур, Вьетнамын төрийн тэргүүнүүдтэй ямар яриа хэлэлцээр хийх вэ. Хоёрдугаарт, Засгийн газар солигдож байна. Тэгэхээр АСЕМ-ыг зохион байгуулах ажил дараагийн Засгийн газарт шилжинэ гэсэн үг үү?
-Төр залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Бидний хувьд АСЕМ-ын ажлыг сүүлчийн мөч хүртэл хийнэ. АСЕМ-аас өмнө сайд нар солигдох эсэхийг МАН-ын хүмүүсээс асуусан дээр болов уу. Ямар ч байсан шинэ Ерөнхий сайдын нэр тодорч байх шиг байна. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд ойрын үе ажилдаа ороод удирдаад чиглүүлээд явна байх. Учир нь Ерөнхий сайдын ахалсан үндэсний хороо ажилладаг. Манай яаманд АСЕМ-ын бэлтгэл ажлын алба бий. Тиймээс бид энэ ажлыг цалгардуулахгүй АСЕМ-аа амжилттай зохион байгуулахад яамны зүгээс бүх хүчээ чиглүүлнэ. Мөн өнөөдөр Улаанбаатар хотын шинэ дарга томилогдох гэж байна. Шинэ даргатайгаа хамтарч ажиллана. Ялангуяа Чингисийн хүрээнд болох Монгол наадам арга хэмжээг нийслэл хариуцаж байгаа. 2000 орчим хүний хүлээн авалт хийнэ. Тиймээс ажил цалгардуулахгүй явах байх гэж харж байна.
Хоёрдугаарт, Вьетнам улс бол Азийн шинэ баруудын нэг шүү дээ. Манай уламжлалт түнш орон. Сүүлийн үед харилцаа өргөжиж байгаа. Айлчлалын үеэр олон чухал асуудал яригдана. Жишээ нь манай соёлын өвтэй холбоотой, сэргээн засварлах, эдийн засгийн харилцаа, мах гаргахаас эхлээд олон асуудал ярина.
Сингапур Улсын хувьд АСЕМ-ын гол орны нэг. Энэ утгаараа бид Сингапуртай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх талаар ярьж байгаа. Визний хувьд харилцан адил байхаар тохирсон шинэ тохиролцоонд гарын үсэг зурна. Мөн Монгол Улсад 140 гаруй төрийн өмчийн компаниуд хувьчлагдаагүй байна. Бид чөлөөт зах зээл рүү орлоо гэсэн. Гэтэл үндсэндээ дутуу хийсэн зүйл байна. Энэ нь эргээд Засгийн газар солигдохоор хамаатан саднуудаа томилдог, хүмүүсийг солих гэх мэтээр улсын мөнгийг үрэн таран хийдэг болчихоод байгаа. Энийг өөрчлөн шинэчилье, улс төрөөс хараат бус, цэвэр зах зээлийн зарчмаар явуулдаг тогтолцоог Сингапур улс амжилттай хийсэн байдаг. Үүнийг оруулж ирэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч гурван жилийн өмнө Сингапурт айлчилж тодорхой ажил хийсэн. Хуулийн төсөл бэлэн болсон. Үүнийг шинэ Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгоно гэж харж байна. Мөн орон сууцны хөтөлбөрийн чиглэлээр хамтарч ажиллах, гарын үсэг зурах асуудал бий.
Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-д оролцоод, төгсгөлд нь Монголд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр БНСУ-тай олон баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байна.
-БНСУ-ын айлчлалын үеэр манай талаас хамтарч ажиллах тал дээр ямар санал боловсруулсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын сүүлчээр БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. Эргээд ойрын хугацаанд БНСУ-ын талаас албан ёсны айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Мөн БНСУ-ын зүгээс амласан 300 сая ам.долларын тусламж бий. Үүнд нэлээн олон төслийн хэлэлцээр явагдана. АСЕМ-д зориулаад орчин үеийн автобусыг зээлээр олгож байгаа. Автобусыг түрүүлж аваад заримыг нь хэрэглэж байна.
Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барья гэсэн хүсэлтийг Монголын талаас тавьж, зээл авахаар тогтсон. Зээлийн хэлэлцээрийг энэ үеэр хийнэ. Мөн ухаалаг боловсрол төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад IT-ийн систем, мэдээллийн технологи ашигласан сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж, заах аргазүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр ирээдүйн аж үйлдвэрийн салбарт хэрэгтэй инженерүүдийг бэлтгэх коллеж байгуулах асуудлаар хэлэлцээр хийнэ. Энэ мэтчилэн эдийн засгийн олон хэлэлцээр хийнэ.