“Цэгцрэх хөдөлгөөн” ТББ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас цаг үеийн шаардлагаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран, гишүүд Б.Ганзориг, Э.Баяржавхлан нар оролцов.
Тэдний хэвлэлийн бага хурал хийсэн шалтгаан нь АСЕМ-ын үеэр их хэмжээний мөнгө зарцуулж, дундаас нь мөнгө идэж ууж шамшигдуулсан тухайн үеийн эрх баригчдыг АТГ болон хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэм бурууг нь тогтоож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхийг, ард түмнийг улс эх орныг өр ширгүй болгохыг шаардаж, Ерөнхий прокурор, АТГ болон бусад байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.
290,8 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил байна.
290,8 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил байна.
Тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран “АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулсны үр дүн, ач холбогдлыг тооцож, дүгнээгүйгээр 395,7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байна. Энэ мөнгөний задаргааг Үндэсний аудитын газраас нэг бүрчлэн тодорхой гаргасан байгаа юм. Тухайлбал, эрх баригчид, албан тушаалтнууд Бондын өрийг төрөл бүрийн үлдэцгүй эдийн засгийн ач холбогдолгүй төсөл хөтөлбөрт өөрийн өртгөөс хэт өндөр өртгөөр зарцуулж зардлаас хувьдаа завшснаар ирсэн. Үүний нэг нь АСЕМ. Уг арга хэмжээтэй холбоотой 390 орчим тэрбум төгрөгийн зардал гарснаас 290,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитын газраас дүгнэлт гараад удаж байна. Үүнд хэн нэгнийг шалгасангүй, хариуцлага тооцсонгүй. Зөрчил нь эхнээсээ тодорхой, баримттай ил болгохоор тухайн үед эрх барьж байсан удирдлагууд олон нийтийн сүлжээ ашиглан “Хэлмэгдлээ, гүтгэлээ” гэх зэргээр мөрдөн байцаалт шалгалт, прокурорын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, төлбөртэй жагсаал цуглаан зохион байгуулж цаг хожих аргаа хайж байна. Э.Бат-Үүл АСЕМ хийснээр бахархаж байна гэж ярьсан. Үнэндээ бол улсаа гутаасан мэдэгдэл гэж бодож байна. АСЕМ-аар сонгон шалгаруулалт байхгүй, гэрээ хийгээгүй худалдан авалт хийсэн зөрчлүүд олон байгаа юм. Тодруулбал, 290 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил харагдаж байна. Тиймээс АСЕМ-тай холбоотой асуудлыг бид нар зүгээр орхихгүй. Илэрсэн гэмт хэргийн чанартай сэжиг бүхий үйлдлүүдийг хуулийн дагуу ард түмэнд ил тод нээлтэйгээр шалгаж хариуцлага хүлээлгэхийг шаардаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байна. Цаашид Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондуудын хөрөнгө мөнгө юунд зарцуулагдсан, ЖДҮХС-ийн мөнгөөр хэн дураараа дургисан талаар ил тод болгоно. Улсын өрийг барагдуулахын төлөө явна” гэв.