Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн онцлох зочид (III)

Швейцарийн Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман:

1952 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн. Бизнесмен улс төрч. Хоёр хүүхэдтэй. Тэрээр Швейцарийн Сумисвалдад малын эмчийн гэрт төржээ. 1977 онд электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1983 онд бизнесийн мастер цол Францад хамгаалсан байна. 1990-2010 онд гэр бүлийн механик инженерийн чиглэлийн компанийг ажиллуулж байсан. 1999 онд Швейцарийн Үндэсний консулд анх удаа сонгогдон, улмаар 2003-2007 онд дахин сонгогдож байсан. 2010 оноос Эдийн засгийн харилцаа, боловсрол судлал холбооны газрын тэргүүнээр ажилласан.

Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Хамид Ансари:

1937 оны дөрөвдүгээр сарын 1-нд Баруун Бенгалын Калкутта хотод төрсөн өдгөө 79 настай. Тэрбээр Конгрессийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн байсан Мухтар Ахмад Ансаригийн ач хүү нь юм. 1961 оноос Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас ажлын анхны гараагаа эхэлж байжээ. 2007 оны наймдугаар сарын 11-нд Энэтхэгийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон, 2012 онд дахин сонгогдсон. Ингэснээр Энэтхэгийн дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон цорын ганц хүн болсон юм. Мөн Энэтхэгийн төрийн захиргааны үндэсний их сургуулийн захирлаар давхар ажилладаг. 2000-2002 оны хооронд Алигарх Муслим их сургуулийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Тайландын Ерөнхий сайд Чан-о-ча:

1954 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн. Тайландын хааны армиас тэтгэвэрт гарсан. Үндэсний энх тайвны төлөөх зөвлөлийн тэргүүн. 2010-2014 онд Тайландын хааны армийн командлагч байсан. Тайландын Ерөнхий сайд байсан Таксин Чинаватраг хүчтэй шүүмжлэгч байж, 2009-2010 онд гарч байсан “Улаан цамц” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэрбээр өөрийн зохиосон дуугаараа дамжуулан ард түмнийг зоригжуулан уриалан дууддаг авьяастай ба “Тайландын азжаргал буцаж ирлээ” гэдэг дууг нь үндэсний телевиз радиогоор байнга дамжуулдаг аж.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер:

1954 оны 12 дугаар сарын 9-нд төрсөн. 1971 онд Христийн ардын намд элссэн. 2014 оноос хойш Европын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 1995-2005 онд Люксэнбургийн ерөнхий сайд. 1989-2009 онд Сангийн сайд. Европын холбоонд өөрийн улсыг нэгтгэхэд тэргүүлэн оролцсон. 2014 оны Парламентын сонгуульд Европын ард түмний намаас нэр дэвшсэн. Түүний нам 751 суудлын 220-ийг нь авчээ. 1979 онд Страсбургийн их сургуульд хуулийн мастерийн зэрэг хамгаалсан. Хуульчаар ажиллаж байгаагүй. Герман, Франц, Англи хэлтэй. Католик шашинтай.

Киприйн Ерөнхийлөгч Никос Анастиадас :

1946 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. 2013 оноос хойш Киприйн Ерөнхийлөгч хийж байгаа. Ардчилсан намын дарга болон Парламентийн гишүүн болж байсан. Тэрбээр Үндэсний Каподистрийн их сургуулийг төгссөн хуульч мэргэжилтэй ба “Nicos Chr.Anastasiades and Partners” хуулийн фирмийг үндэслэгч юм. 1997-2013 оны хооронд тус намын тэргүүлэгчдийн нэг байсан. Хүү охин хоёртой.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *