Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн хөтөлбөрийг нууцалж байна

АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцох нь тодорхой болжээ. Долдугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын нэгдсэн хуралдаан эхлэх хөтөлбөр батлагдсаныг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.

Олон орны төрийн тэргүүн оролцох учир аюулгүй байдлыг нь харгалзаж, уулзалтын хөтөлбөрийг АСЕМ-ийг зохион байгуулагчид нууцалж байгаа аж. Уг арга хэмжээний эхний өдөр нэгдсэн хуралдаан эхэлж, үдээс хойш нь Монголыг сурталчлах үндэсний өв соёлоо харуулах “Найрсаг Улаанбаатар” урлагийн тоглолтыг Чингисийн талбай, “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах юм байна. Харин дараагийн өдөр нь төлөөлөгчид хаалттай хуралдана. Мөн 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд нар байрлах “Асем Вилла” хотхоны барилга, тохижилтын ажил ирэх сарын дундуур дуусна. Түүнчлэн хотхонд байрлаж, зочдод үйлчлэх 800 гаруй хүнээс бүрэлдсэн мэргэжлийн багийг бүртгэж, сургах бэлтгэл ажил үргэлжилж байгааг албаны хүмүүс хэлсэн юм.

“Асем Вилла” хотхоноос гадна Улаанбаатар хотын 44 зочид буудалд нийт 160 гаруй тэрбум төгрөгийг хуваан арилжааны шугамаар зээлэх байсан ч одоогоор 20 зочид буудал бичиг баримтаа бүрдүүлж, үйлчилгээгээ сайжруулах зээлийг авчээ. Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулаад улсаа олон улсын анхаарлын төвд оруулахаас гадна уулзалтад ирэх зочдод үйлчлэх үйлчилгээнээс 8-10 сая орчим ам.долларын орлогыг эргүүлэн олно гэсэн урьдчилсан тооцоог АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас гаргажээ.

13 replies on “АСЕМ-ийн хөтөлбөрийг нууцалж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *