Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сараас эхэлнэ

АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Иймээс гадаадын зочид, жуулчид ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг 13 гудамж талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ. Гудамж талбайн зам талбайг засах, шинэчлэх, ногоон байгууламжаар хүрээлэх ажилд 21 тэрбум төгрөг зарцуулах ба тохижилтын ажлыг Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаныхан ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Гудамж талбайд тусгай савлагаатай мод цэцгийг ихээр тарьж, ургуулах бөгөөд урьдчилсан байдлаар ойролцоогоор 4000 орчим модыг авч, суулган гэсэн тооцоог нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан гаргаад байна. Мөн ирэх гуравдугаар сараас хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд орчноо цэвэрлэж, тохижуул, халцарч, өнгөө алдсан байшин барилгаа будаж, шинэчил гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж, тохижилтын ажилд Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана.

Зөвхөн зочдод зориулж гудамж талбайгаа засаж, тохижуулахаас гадна төсөвт суусан хөрөнгөө үр дүнтэй, бодитой ажилд зориулж, тохижилт хийгдэх бүх зам талбайдаа тал талын судалгаа хийж, тусгай зураг төсөлтэйгөөр бүтээн байгуулалтыг хийнэ гэлээ. Жишээлбэл, эртний нүүдэлчин монголчуудыг илтгэх хагас дугуйрсан тэмээн цуваан хөшөөн жижиг макетийг боловсруулж, хөшөөг барихад бэлэн болсон байна.

2016 онд нийслэл нийт 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг хийх жагсаалтыг баталсан. Дээрх зам талбайн ажлын ихэнх нь АСЕМ-ийн уулзалтаас өмнө дуусах шаардлагатай учир тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шахуу хөтөлбөртэйгөөр хийж, дуусгах зорилттой ажиллаж байгаа аж. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн дундуур зам гаргаж, “Шангри-ла” зочид буудалтай холбох зэрэг газартай холбоотой асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *