Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад шагнал гардууллаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахин хамгаалж, энхийн манаанд ажилласан хууль сахиулахын албан хаагчдад өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав баяр хүргэж, шагнал гардууллаа.

Монгол Улсын хууль сахиулах салбарынхан Ази, Европын дээд түвшний үндсэн хурал болоод дагалдах есөн хурал, мөн таван улсын айлчлалын аюулгүй байдлын манаанд зогссон билээ. Зөвхөн цагдаагийн байгууллагаас л гэхэд 5000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн хилийн цэрэг, онцгой байдал, тагнуул, хил хамгаалах, иргэний харьяалал, төрийн тусгай хамгаалалт, тероризмтой тэмцэх алба, Гадаад хэргийн яамныхан дээд хэмжээний уулзалтын ар талын аюулгүй байдлыг ханган ажилласан.

Хил хамгаалах байгууллагын 200 гаруй алба хаагч АСЕМ-ын үеэр үүрэг гүйцэтгэсэн юм байна. ХХЕГ-ын цэргийн сургуулийн албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Р.Оюунбатын хувьд АСЕМ-ын үеэр “Чингис хааны хүрээ” цогцолбор байрлах Жаргалантын ам, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын зурвасын аюулгүй байдлыг хангахаар ажиллажээ. Тэрбээр өнөөдөр үүргээ хариуцлагатай биелүүлсэн зуу зуун залуусаа төлөөлөн шагнал гардаж авлаа.

Анх удаа эх орондоо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү өндөр хэмжээнд аюулгүй байдлыг хангаж, онц ноцтой зөрчилгүйгээр зохион байгуулж чадсанд баяр хүргэж ийнхүү өнөөдөр “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн яамны хүндэт жуух” бичгээр нэр бүхий 33 хүнийг шагнаж урамшуулсан юм.

Б.Энхмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *