Categories
мэдээ улс-төр

АСЕМ-аар ашиглах машиныг татвараас чөлөөлөхөөр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 77.3 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаа 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэх аж. Үүнтэй холбоотойгоор АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэ гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөхөөр Засгийн газар дээрх төслийг мэдүүлжээ. Мөн нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх асуудал ч давхар орж ирж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *