Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүй, дотоод хэргийн саналыг дэмжиж Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан. Уг шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх юм.
Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн зарим заалтуудаас…
- “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно”.
- Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.
- Хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.
- Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
- Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
- “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхээр заажээ.
- Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.
- Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагатай.
- Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
- 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
- Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
- Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.
- “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээвриин хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.
- “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” өөрчлөхөөр болжээ.
- Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.
- Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.
- Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.
- Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
- Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.
- Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
- “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.
- Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг үүрэг болгосон байна.
- Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
- Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.
- Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.
- Нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгосон байна.
- Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.