Ц.ЭЛБЭГДОРЖ
Сонгины буланд буун дуу гарна. Шороо хүрздэж баатруудыг2 булна. Өвгөн сайд Анандын Амар3 өөд уруугүй уйлна. Шал согтуу маршал4 “буудаад”, “буудаад” гэж орилно.
Энэ бол одоогоос 83 жилийн өмнөх Монгол Монголоо буудаж хэрхэн хөнөөсөн тухай зурвас дүрслэл юм. Яргаллыг нүдээр харсан зарим хүн хожим тийнхүү эмгэнэн дурссан байдаг.
1990 оны намрын нэгэн салхитай өдөр. Одоогоос 30 жилийн өмнө, тэднийг буудан хороосноос хойш 53 жилийн дараа. Түүхэн эмгэнэлт тэр шарх шив шинээрээ, саяхны мэт. Энэ бол бидний түүхийн ил шарх. Эдгэдэггүй, байнга хөндүүрлэдэг шарх. Сонгины шороот буланд цаг бусаар амиа алдагсдын үр хүүхэд, ойр дотныхон, үнэний эрэлчид цуглацгаасан юм.
АНХНЫ АРВАН ДӨРӨВ
Монголын их эмгэнэлийн эхлэл тэр цагийн баривчилгаа 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө эхэлсэн. Орчин цагт Монголын төр, ард түмэн алагдсан, хэлмэгдсэн эх орончдоо энэ өдөр онцгойлон дурсаж, хүндэтгэн гашууддаг юм. Гэвч энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн гудайх тэр толгой, маргааш нь шүүхээс хүн хилсээр шийтгэхийг шаардан сөөнгөтөх нь гачлантай. Монголын эмгэнэл дуусах болоогүй аж.
Анхны “арван дөрөв”-ийг 1937 оны аравдугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд улсын Төв театрын тайзнаа шүүжээ. Үүнээс хойш шүүх хурал болсонгүй. Шүүхийг дахин, дахин жүжиг болгож ард олныг хуураад байх боломж тэр үед ч байгаагүй биз. Шүүхийн оронд Хорлоогийн Чойбалсан биечлэн толгойлсон гурван хүнтэй “Онцгой бүрэн эрхт комисс” бүх хүний хувь заяаг шийдэж эхэлсэн.
Монголын хавтгайд цусаар тургин амилсан тэр махны машины араа шүдэнд манай улсад тухайн үед амьдарч байсан насанд хүрсэн зургаан хүн бүрийн нэг нь өртөж хэрчигдсэн юм. “Дээр тэнгэр хол, доор газар хатуу” тэр он жилүүдэд хилс ял тулгагдсан хүмүүсийн 80 илүү хувьд нь “буудан алах” ял оноож байлаа.
Анхны “арван дөрөв”-өөс 1937 оны аравдугаар сарын 21-ний шөнө 12-ыг нь Сонгины буланд буудан хороосон байдаг. Тэднээс нэг л хүн бусдыгаа эрх баригчдын хүсэл зааврын дагуу “дайсан”, “урвагч”, “тагнуулч” болохыг нь үлгэр жишээ илчилсэн учир, ялаа хөнгөрүүлж 10 жилээр шийтгэгдсэн. Харин Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга ажилтай нөгөө нэг нь танил талаараа гуйлгаж бас 10 жилийн ялаар цаазлуулах тогтоолоо өөрчлүүлжээ.
Гэвч тэр мунхаг хэрэг үүгээр хаагдах учиргүй байжээ. Сонгины булангийн буруу харсан энгэрт ухсан тэр нүх 12 биш 13 хүний цусанд норсон болох нь хожим тогтоогдсон юм. Хагас зууны дараа үнэн тодорч, шороон дор 13 хүний шарил дараатай байх нь тэр. Харин 13 дахь шарилын эзэн бол 13 настай балчир хүүхэд. Энэ тухай өгүүлэх өвгөн буурал гэрчийг хүртэл түүх аваад үлдэхээ мартсангүй.
Гаслант цагийн аллагыг тохиолдлоор харсан гэм зэмгүй хүүхэд. Тэнд Монгол орны нүүр царай болсон тухайн үеийн баатруудыг шөнийн харанхуйд буудсан төдийгүй бас ирээдүй үеэс нь алж булсан юм. Гэвч тэр бүхэн уг аллагыг зохион байгуулагчид, үйлдэгчдийн хүссэн, бодсон, гүйцэтгэсэнтэй ижил Сонгины булангийн алаг чулуутай, шар шороон дор ул мөргүй дарагдан алга болоогүй.
Тэр онцгой нууц нь хувь ихт монгол хүний шарх сорвитой олон зүрхэнд хадгалагдан мөнхөрчээ. Мөн тэдний эмгэнэл харуусал, дурсамж яриа, шударга тэмцэл зүтгэлийн үрээр өнөөдөр ч илээс ил, тодоос тод болсоор. Энэ утгаараа эх орончид бол буудуулж шороонд булуулсан ч, эх орон нь байгаа цагт, цагийг эзлэн амьдарсаар байдаг ажгуу.
ШИНЭ АРВАН ДӨРӨВ
Яг дээрх эмгэнэлээс хойш 83 намрын дараа Монголд дахин 14 хүн шийтгэл сонслоо. Ардчиллын ачаар Монгол Улс иргэнээ цаазлахаа болиод дөнгөж 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Дээрх 14 хүнийг “ал”, “цаазал”, “дүүжил” гэх дуу хоолой намдаагүй байна.
1937 оны намар анхны “арван дөрөв”-ийг шийтгэхэд “устга”, “бууд”, “үтэр түргэн дар” гэж шаардах, хэлэх үүрэгтэй олон хүнийг тусгайлан бэлдсэн гэдэг. Тэднээр шүүх хурал болсон “Бөмбөгөр” хэмээх театрыг дүүргэсэн байдаг. Дараа нь тэдгээр хараал, зүхлийг цээжилсэн хүмүүс түүнийгээ Монгол даяар тараах цалинтай, одонтой, үзэл сурталчид, ухуулагчид болцгоосон юм.
Монголыг Монголоор нь барьж идүүлдэг, даруулдаг, доройтуулдаг арга бол шинэ зүйл огтхон ч биш. Энэ зовлон Монгол Улс, монголчуудын эсрэг гурван зуун дамжин, дөрөв дэх зуундаа үргэлжлэн хэрэгжиж байгаа юм. Үүнийг нөхцөлдүүлэгч гадаад хүчин зүйл өнөө цагт улам идэвхжиж байна.
Уг идэвхжилийн гол тээгч нь бидний “сайн” байх гэж үргэлж хичээдэг бидэнтэй уул усаар холбогдсон хөршүүд маань юм. Харин энэ хоёрын гар хөл болж улс орноо, ард түмнээ, хөгжил дэвшлээ хорлох нь хөх толбот монгол хүний хувьд нэн цээрлэвэл зохих гэмт үйлдэл. Үүнийг наян настай ахмадаасаа эхлэн найман настай балчраа хүртэл мэдэж байх учиртай.
Саяхны нэг өглөө манай Ерөнхийлөгч “улсынхаа дайснуудыг дарах арга хэмжээ хэрхэн явагдаж” байгаа болон “шударга ёс” тогтоох ажлаа яаж улам эрчимжүүлэх талаараа урт үг уншлаа. Бүр Улсын Их Хурлын танхим дахь хаалттай шилэн индрээс.
Гэхдээ өөрийн санаачилсан гэх Шүүхийн багц хуульд оруулах саналуудаа татаж авсан нь олныг гайхшируулав. Хэлэлцэж эхлээгүй байхад хэлэлцүүлэх хуулиа гардан татлаа. Шударга ёсны төлөө тэмцэгч тэргүүн жанжин маань дайны талбараа өөрөө түрүүлж орхидог нь яаж байгаа юм бэ? Хуулиа, саналаа хамгаалаад, хэлэлцүүлээд, олонх цөөнх болоод үзэж тарж байх ёстой биш бил үү!
“Хонгил”, “манан” гэж хараагчид, түүгээр шат хийж хүслээ гүйцээгчид, хар мөрөө баллагчид ийм хулчгарууд байсан юм гэж үү! Төрийн ордон дотор тэмцлээ хийхгүй юм бол төрийн толгойд яах гэж ассан юм бэ? Ардчилсан оронд улс төрийн хоригдол байх учиргүй. Гэхдээ нэр бүхий энэ 14 хүнийг юуны төлөө шоронд хийсэн юм бэ? Эх орноо гэж зүтгэснийх нь төлөө, итгэл үнэмшлийнх нь төлөө хориогүй гэж үү!
Бүр наад зах нь хэн нэгэнд ашигтай учраас үүнийг хийгээгүй гэж үү! Ууттай элс цоолсон хадаас, цагаан самбарт хараар бичсэн, зурсан хараалын үгнүүд тэгээд худал болж таарав уу! Эс бол хараалчид энэ “арван дөрөв”-ийг зөвтгөж ярих ёстой. Эс бол буруутгах ёстой. Яагаад хөлсөлдөг цулмуудаа хүртэл өлсгөн хар цагаан дуугүй алга болов?
Улс гүрнийг хамарсан яргалал бол тэр анхны “арван дөрөв”-өөр зогсоогүй юм. Харин 15 гэсэн тооноос эхэлсэн байдаг. 15-аас эхлээд гучин мянга давсан гэдэг. Баримтгүй, нэргүй, тоонд ороогүй үрэгдэж алагдсан олон хүн “нэр нь тодроогүй баатрууд” гэдэг шиг мөнхийн мэдэхгүйд оршдог.
Асуудал 15-ын тоон дээр ирээд гацаанд оржээ. Баттулга Ерөнхийлөгч намайг хайрласандаа биш ард олонд бусармаг үйлдэл нь улам илчлэгдэхээс айсандаа өнөөдрийг болтол мөрдөх нэрээр тамласаар байгаа юм. Анх Ерөнхий Прокурорын өмнө 170 хуудас, хулхи “хэрэг” чулуудаж эхэлсэн. Сая УИХ-ын индрээс миний нэрийг аюултай этгээдийн жагсаалтын эхэнд цохож хэлсэн. Би Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа “амин найз” гэж дууддаг байлаа. Түүнтэй би Монголоо өмөөрч ам зөрдөг.
Би Баттулгад аюултай харагддаг ч Монголынхоо эсрэг буруу юм хийгээгүй. Би Монголынхоо төлөө бол хэний ч, юуны ч өөдөөс тэмцэнэ. Булвал шороон доороос босно. Шатаавал үнсэн дотроос амилна. Цоожилбол цоожны нүхээр багтаж үнэнийг илчилнэ. Баттулгаа Монголд хэрэгтэй бол чиний “арван тав” болоход би бэлэн шүү. Гагцхүү шүүхийн нээлттэй танхимд яллах ялаа надад тулгаарай.
Өнөөдрийн Монголд олон зам байхгүй. Харин хоёрхон л сонголт бий. Нэг бол дарангуйллын тогтолцоогоо сэргээж байгуулах. Нөгөө бол эрх чөлөө, ардчиллынхаа төлөө эрсдэхээс буцахгүй үзэлцэх. Энэ хоёрын алинд ч зүтгэх үнэн сэтгэлгүй атлаа, хоёрын дунд гурвын хооронд бантан хутгах бол Монголын зам биш.
Тэр тусмаа энэхүү утгагүй байдлыг өөгшүүлэн дэвэргэж улсаа алж хувьдаа хулгай хийхийг үзэн яднам. Тэр тусмаа энэхүү балмад зорилгоо эрдэнэт монгол хүнийг золиосолж, харь бодлогод үйлчлэх байдлаар гүйцэлдүүлэхийг би ерөөс тэвчиж чаддаггүй юм. Улсаа аврах гэж зүтгэсэн нь шоронд, улсаа алах гэж гүйсэн нь ордонд. Энэ байдлыг хараад Монголын дайснуудын бах ханаж байгаа. Харин Монголын төлөөх сэтгэлтнүүдийн цээжинд мөс хургаж байгаа.
Тэртээ 83 жилийн өмнө анхны 12 хүн дээр нэмж буудуулсан 13 настай хүү тэр үеийн улс төр, өс хонзон, эзэндээ үнэнч эсэх байдалд түй ч хамаагүй нь ойлгомжтой. Тэр худал лугаа, улс төрд хаа хамаагүй, төрд нэг ч хоног алба хашаагүй хувиараа бизнес эрхэлж, татвараа төлж явсан хүн хүртэл зохиомол хэргийн наалтуур болон өдгөө бас шоронд шаналж байх юм.
Анхны “Арван дөрөв”, шинэ “Арван дөрөв”. Би энэ хоёрын хоёр “арван дөрөв”-ийн аль алиныг нь Монгол Улсын эсрэг буруу юм хийсэн, эсвэл хийх хүмүүс биш гэдэгт нэг хувь ч эргэлзэхгүй байна. Харин цагийн салхи дагасан харалган бодлогын золиос гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Хоёр янзын дон шүглэсэн этгээдээс Монголын нэн шинэ түүхийн саар бүхэн голчлон шалтгаалсан байдаг. Алуурч, хулгайч нэрээрээ биш шударга эх оронч дүрээр түүхэнд үлдэх, нөгөөтэйгүүр эзэндээ үнэнч гэдгээ илүү сайнаар нотлох гэсэн хийрхлээс үүдсэн байдаг.
Хуучин, шинэ “арван дөрөв”-ийн тухай хүн бүр дор бүрнээ өөрийн бодолтой байгаа. Эдгээр хүмүүс бол тоо биш юм. Өөрийн гэсэн амьдралтай, тус тусдаа бие хүн. Нэр нэрээр нь нэрлэж, өөр өөрийнхөөрөө өмөөрөх биз. Бас шоронд хийгээд бах нь ханаагүй, болдогсон бол тэднийг буудчих санаатай бодолтон ч байгааг бүү март!
Тэдэнд гэр бүл, ойр дотныхон, анд найз, хамт олон, нийгэм улс гээд бүгд бий. Хэн нь ч бай мэдэх хүн нэг бүрийнхээ зүрх сэтгэлд, улс түмнийхээ түүх намтарт өөрийн гэсэн орон зайтай, зам мөртэй хүмүүс. Би энд Мэндсайханы Энхсайхан, Санжийн Баяраар жишээлэн эднийг ямар учраас хорьж яллах болсон шалтгааныг өөрийн харж буй өнцгөөс цухасхан дурдсуу.
ЭЛСЭН ЦАГ
М.Энхсайхан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр улс орны төлөө хүнд хүчир ачаа үүрэхээс, хэцүү шийдлээс хойш сууж байгаагүй. Өрсөж хийх, бусадтай уралдаж босгох амаргүй зам Монгол Улсыг тосож байлаа. Цаг хугацаа ч биднийг хүлээгээгүй. Манай экспортын цөөн бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, Монголыг тэжээгч баялгийн нэг болох ховор боломж гарсан үе. Тэр нь нүүрс. Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ ч удаан үргэлжлэх зүйл биш байв. Дэлхий тийш уралдаж байсан. Монгол Улс хожуу ч гэсэн хөдөлсөн. Хэрүүл тэмцэл, улс төр, ашиг сонирхол. Монголын зовлон ямар цөөдөх биш.
М.Энхсайхан тэр мега төслийг ажил болгох гэж цаг наргүй зүтгэсэн. Монголын төр, засгаас уг ажлыг түүнд тусгайлан даалгасан юм. Хавчигдсан Монголынхоо зовлонг бага ч болов нимгэлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой нэмэр хандив оруулах гэсэн л хүн. Хамгийн гол нь тэр төсөлдөө Япон улсын бодит оролцоог татаж чадсан. Нүүрсээ боловсруулах, дөт замаар тэгэхдээ төмөр замаар дамжиж шаардлагатай зах зээлд гаргах.
“Монголын нүүрс хадгалсан бор толгодыг эрдэнэсийн авдар болгох ажлыг хамтарч хийнэ” гэж хүртэл Абэ ерөнхий сайд хэлж байлаа. Үнэндээ Японоос өөр Монгол Улсын эрх чөлөө, ардчилал, аюулгүй, бие даасан байдалд бодитоор санаа тавьдаг улс байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Япон бол манай улсын эдийн засгийн хамаарлын хэлтийсэн тогоог засахад энэ бүс нутгаас цор ганц олдож болох бодит хүч юм. Япон, манай улс хоорондын эдийн засгийн түншлэл бол Монголын аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжийг давхар агуулж байдгаараа онцлогтой.
М.Энхсайханы гардан босгосон төсөл хугацаандаа хэрэгжсэн бол 2020 оны 1 дүгээр улирлын дүнгээр Монгол Улс 15 тэрбум доллар буюу одоогийн ханшаар ойролцоогоор 45 их наяд төгрөгийн орлого олох байжээ. Энэ бол түүний хоригдохоосоо өмнө хэлсэн тоо. Өнөөдөр бол түүхий нүүрсээ сорчилж ачаад ч, залуу захирлыг нь гавьяатаар гоёод ч дээрх орлогын арав хуваасны нэгийг олохтой үгүйтэй л байгаа юм.
Жилийн өмнө мэргэжлийн байгууллагын тооцоолсноор бол уг төслөөс Монголын эдийн засагт үзүүлчихсэн байх нөлөө нь 20 тэрбум доллар буюу 60 их наяд төгрөг байхаар гарч байсан. Гэхдээ энд айлын тогоонд нэгэнт орсон, орсоор байгаа ашиг, орлогыг уралдаж дурдаад яах вэ.
Энхсайхан бол элсэн цагийг эргүүлж тавих гэсэн л хүн. Харин Монголоос элс шиг алдуурах боломжийг зогсоох гэж, улмаар тэр ашгийг Монголд үлдээх гэж л зүтгэсэн хүн. Элсэн цаг бол онцлогтой. Түүнийг зогсоох, өөрчлөх гэвэл эргүүлж тавихаас өөр аргагүй. Эргүүлж тавьбал өөр тийш урсдаг. Өөрөөр он цаг тоологддог. Таван толгойгоор авч үзвэл тэр элсэн толгодыг Монголын ашиг болгож урсгах гэсэн үнэн эх оронч.
М.Энхсайхан өөрөө зогсоогүй. Түүнийг зогсоосон юм. Түүний төсөлтэй хамт Монголын алтан боломж ч зогссон. Япон ч буцсан. Монголын эдийн засаг өсөлтгүй, жил дараалан давжаарч хатингиширч түүнийг дагаад улс орны маань аюулгүй байдал ч дордсон. Нэг л юм нэмэгдсэн. Монгол Улс шорондоо нэг илүү хоригдолтой болж хоцорсон. Монголын зовлон, хэрүүл, ядуурал улам өссөн. Одоо нэгнээ барьж идэх нь холгүй болж байна.
Монгол Улс боломжоо ашиглаж чадаагүй бол тэр орон зайг хэн нэгэн нөхөх л байсан. Монголын зарах бүтээгдэхүүнтэй ижил зүйлийг хэрэгцээт зах зээлд нь хэн нэгэн нийлүүлэх л байсан. Монгол өөрөө боловсруулахгүй бол хэн нэгэн нь түүхий нүүрс боловсруулах үйлдвэрийг барих байсан. Монголын төмөр зам гацвал хэн нэгэн нь шинээр төмөр зам барих ажлаа амжуулах байсан.
Одоо бол манай зүүн талаар тавьсан шинэхэн төмөр замын хоёр ч урсгалаар Оросын нүүрс Хятад руу цутгаж байна. Мянга мянган машин уухилж гацаж бөглөрөн шороотой чулуутай түүхий нүүрсээ бид зөөж ядаж байхад Оросын шигшигдсэн, боловсорсон нүүрс вагоноор Хятад руу өдөр шөнөгүй урсаж байна. Монголд орох байсан их орлого ашиг манай хойд хөршийн тогоог дүүргэж байна.
Манай түүхий нүүрсийг угаах боловсруулах ажлыг хятадууд хийж байна. Монголчуудын нэмүү өртөг бүтээж хүртэх байсан ашгийг хятадууд олж байна. Хятадууд өөрсдөө ч энэ хооронд нүүрс боловсруулах хүчин чадлаа тултал нэмлээ. Хэн баяжиж байна. Хятад баяжиж байна. Хэн нүүрснээс их ашиг хийж байна. Оросууд хийж байна. Нүүрсээ боловсруулж, зах зээлд борлуулах уралдаанд Монгол ялагдлаа. Орос яллаа. Бас Хятад хожлоо. Монгол хожигдлоо. Одоо бол Монгол ялалтын шагналаа хүртэгч биш ялагдлынхаа өртгийг төлөгч улс болсон.
Монгол Улсад олдсон хосгүй боломж алга болсон. Зогссон. Хулгайлагдсан. Дахиж тэр боломж урьдын адил нөхцөлөөр эргэж бидэнд заяахгүй. Цаг өөр болсон. Нөхцөл, орчин өөрчлөгдсөн.
Монголын боломжийг хулгайлагч, харьд бэлэглэгч чухам тэр хүн хэн бэ? Энэ хар пайз дээр “Халтмаагийн Баттулга” гэсэн нэр тодоос тод бичигдэх байв. Бичигдсэн ч байгаа. Гэтэл пайзны эзэн үүнийг зөвшөөрөхийг хүссэнгүй. Тийм нэртэй, мөртэй үлдэхийг тэр одоо хүртэл зөвшөөрөхгүй байгаа юм. Энхсайханыг тойрсон өнөө цагийн товч түүх ийм буюу.
ШАР ХҮНИЙ ӨМНӨӨС
Цагийн байдал хүйтэн халуунтай, барцад улам гаарсан шинжтэй. Бидний амьдарч байгаа цаг үеэс логсуу боольхой, сорилт бэрхшээл ангид байсангүй. Цар тахал ч тойрсонгүй. Монгол хүн тэсэж үлдэх хүнд цаг үеийг туулж байх шиг. Аюулт өвчинтэй өдөр шөнөгүй, жил тойрон тулалдаж байгаа энэ цагийн баатруудыг өөрийн эрхгүй бишрэн хүндэлнэм.
Гараад, очоод гардан байлдаж тулалдаж болдоггүй “дайсан” гэж байдгийг үзлээ. Өмнөх цагийн байлдаантай кино үзэж, энэ цагийн дайнд оролцож байна. Монгол фронтын хориглолт, “хөл хорио” нэг иймэрхүү.
“Халуун итгэл алдарч, хатан зүрх шархирч” гэж тэртээ гучаад оны хядлага, хэлмэгдлийн тухай хүмүүс бичсэн, ярьсан байдаг. Одоо бол Монголын төлөө гэх халуун итгэлтэй хүн байхгүй болсон юм шиг санагдана. “Тэгж шоронд ороод яах вэ” гэсэн хариуг өөдөөс барих юм.
Монголын төлөө гэх зориг зүрхтнийг мохоох бол Монгол Улсын эсрэг хэрэглэж болох хамгийн аюултай зэвсэг юм. Улсынхаа өнөөдөрт, улсынхаа ирээдүйд энэ орны өнгийг тодорхойлогчид итгэхгүй байгаа бол улсаа хэн нэгэн, эсвэл хэсэг хүн ийм байдалд оруулаад байна гэсэн үг мөн биз? Монголын эсрэг дайснууд ч Монгол Улсыг, Монголын зориг төгөлдөр ард олныг ийм байдалд оруулж дөнгөхгүй, бас чадахгүй.
Санжийн Баяр “Жарны бутархай”-даа манай одоогийн Ерөнхийлөгчийг Оросын нөлөөний хүн болох тухай товч өгүүлсэн. Оюу толгойн ордыг гурав дахь талын хөрөнгө татаж хөдөлгөсөнд Оросууд ялангуяа түүнд дургүй байсан. Монголоо бодвол ирж болох эрсдэлээс үл халширч тийм шийдвэр гаргахаас өөр гарц байгаагүй. Х.Баттулга шар хүний тэр хонзонг С.Баяраас авсан. Түнийг шоронд хийх замаар үүргээ гүйцэлдүүлсэн. Түүнээс биш Баярыг буруутгаж байгаа зүйлүүд Тулгад үнэхээр сонин биш.
С.Баяр номондоо баримт түшиж Монгол Улсын Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Баттулгын Хятад руу тавих гэж байсан төмөр замын нууцалсан төлөвлөгөөг хэрхэн олж зогсоосноо бичсэн. Тэр тусмаа уг төмөр замын өртөгт Монголын газар нутаг, баялгийг барьцаалсан байсан юм. Өөрөө зөвшөөрч, дэд сайдханаараа гарын үсэг зуруулсан байсан уг төлөвлөгөөгөө Х.Баттулга одоо ч нууцлахыг оролддог. С.Баярын хоригдож байгаа бас нэг шалтгаан энэ бөлгөө.
Монгол бол боломж ховорхон олддог орон. Бас тэр боломжоо ашиглах арга зам нь хатуу хэцүү сорилттой тулгардаг улс. Энэ хооронд тэс хөндлөн жишээгээр дархлааг тань дэмжье. Хэрэв Facebook-ийн Цукерберг Монголд төрсөн бол өдийд цулам тэжээгч эсвэл цүнх баригч болно. Элон Маск бидний дунд байсан бол од эрхэст шунасан хэрэгт шууд холбогдох байв.
Хэрэв Черчилль, Тетчер нар манай улс төрд хутгалдсан бол сайд болсон эхний жилээ гүйцээлгүй огцорч, шоронгийн хаалга татах байв. Ли Куан Ю Монголд улс төрөөр явсан бол Сингапур загасчны тосгон хэвээр байх байлаа. Мэдээж Билл Гейтс, Стив Жобс хоёр Америк руу зугтах байсан. Хэрэв Монголд байсан бол Тоёота эсгий тавчик оёж, Сони сүлжээ дэлгүүр ажиллуулж, Самсунг суран тэлээ хийгч байх байлаа.
Монгол Улсын төлөө монгол хүн л ажиллана. Монгол орныг хөгжүүлж дэвжүүлэх хүмүүс бол монголчууд. Гэтэл Монголынхоо төлөө зүтгэснийг, зориг гаргасныгаа дараад бас яллаад байх юм бол бид хэнд тус болж бас хэнд ус болох вэ? Ийм байдал лав л Монголд ашиггүй. Тэр тусмаа улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх авч хэлэлцдэггүй. Шаардлагатай, алдаа мадагтай гэж үзвэл улс төрийн аргаар засаж залруулдаг.
Монголд бас зөвхөн монголчууд хоорондоо хэрэлдээд, хэмлэлдээд байгаа юм биш. Энэ газар нутаг дээр тэсэж үлдэх гэсэн монгол хүн, Монгол Улс-нэг талаас. Нөгөө талаас түүний орших, эс оршиход нөлөөтэй хөрш орнууд, тэдний бодлого. Бас монгол түмэнд ногдсон өвөрмөц хувь тавилан гэж бий.
Монгол Улсыг жинхэнэ ёсоор хөгжилтэй, эрх чөлөөтэй бие даасан, тусгаар байхыг үл хүсэх хүчин үргэлж байсаар ирсэн. Цаашид ч байх болно.
Манайх бол мөнхийн хөрштэй. Хөршөөрөө хүрээлүүлсэн хашаатай улс. Хөршөөс янз бүрийн зан гарна. Дарамт ч ирнэ. Харин түүнийг тээгч, илэрхийлэгч нь монгол хүн байж болохгүй. Энд л юмны учир, сумны занги оршдог юм.
Монгол хүний эсрэг, Монголын сайн сайхны эсрэг, Монголын амжилт ололт, Монголын нэгдэл нягтралын эсрэг үзэл бол бидний өвөг дээдэс хүчээ нэгтгэж их түүхийг бүтээж эхлэх цаг мөчөөс өрнөсөн. Энд монгол хүний урсгасан цус, зольсон золиос багадаагүй. Уг нь Монгол Монголоо хайрлах, нэгдэж нийлж зүтгэх цаг ирсэн. Бидэнд үүнээс цааш доройтох, задрах, өс хонзон зангидах газар үгүй, цаг хугацаа ч үлдээгүй.
НОХОЙН ОРНЫ НОХОЙ
Монголчуудын түүхийн эмгэнэлт хуудсууд үргэлж аллагатай холбогддог. Нэг нь нөгөөгөө алж хядсан түүх. Үүнийг зогсоох амар байгаагүй. Өдгөө ч аллага хядлагад уриалагсад цөөдөөгүй. Аллагыг улс төрийн хэрэгсэл болгодог. Түүнийг хэвээр хадгалаад Монгол Улс юу ч хожихгүй. Иймээс төр нь хүнээ алахгүй байхаас эхлэхээр шийдсэн юм. Ингэж Монгол Улс иргэнээ цаазлахаас татгалзсан. (Ноднин жил яг өдийд, Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч, Ардчилсан хувьсгал эхэлсний 30 жилийн түүхт ойн өдөр, Африк тивийн Замби улсыг чиглэн тэр орныг цаазын ялгүй болгох зорилготой нисэж явж билээ.)
Ийм шийдвэрт хүрэхэд гадаад хүчин зүйл, түүнээс үүдсэн бидний түүхэн сургамжууд ч нөлөөлсөн. “Монгол хүн сонин биш. Монголын газар нутаг л сонин байна” гэж монгол хүний сайхан эх оронд шунагчид үнэн сэтгэлээ илчилсэн нь түүх бичлэгт тааралддаг. Тэд Монголыг Монголтой нь алалцуулаад эх нутаг, газар шороонд маань эзэн суух санаархлаа нуудаггүй.
Үндсэн хуульд саяхан оруулсан өөрчлөлтөөр Монголын ард түмний баялаг болох газар нутгийг “нийтийн өмч” гэж орууллаа гэсэн уур бухимдал ч ор үндэсгүй зүйл биш. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч өөрөө гардан санаачилж батлуулсан энэхүү шинэ нэмэлтээ тайлбарлах, бүрэн хариуцах үүрэгтэй. Эс бөгөөс үүнийг дотроос биш гэхэд гаднаас мушгиж ашиглахыг үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талаас; Монгол Улс цаазгүй болсон нь монгол хүнд үзүүлж, өгч байгаа дээд хүндэтгэл, итгэл найдвар юм. Монгол хүний өндөр хувь заяаг олж төрсний чинь төлөө Монгол Улс, төр таныг алахгүй, цаазлахгүй гэж хэлж байгаа юм. Монгол хүний алтан амь бол Монгол Улсын хувьд юугаар ч сольж, арилжиж болохгүй эрхэм дээд эрдэнэ юм.
Монгол руу хар наалттай автобус дүүрэн хятадууд хааш одож байгаа нь үл мэдэгдэх боллоо гэж хүмүүс бухимдаж байна. Харин түүний оронд Монгол нутгаа гэсэн монгол цустай, Монголын төлөө зүрх сэтгэлтэй, Монгол хэл бичиг, соёл, монгол хүний эсрэг геноцидоос зугтсан нэг ч болов монгол хүнийг халуун ам бүлдээ угтан авахсан. монгол бол монгол хүн бүрийн Эх орон. Монгол Монголоо хайрлахаас Монголын сайн сайхан эхэлнэ.
Гэтэл Монголыг тэмцэж ирсэн тэр монгол хүн Монголынхоо газар шороон дээр үгээр илэрхийлэхэд ч багадам хэцүү хатуу сорилт шалгуур, зовлонтой тулдгийг, тулж байгааг сонсоход зүрх шимшрэм. Төмөр хөнжил нөмөрсөн мэт үргэлж даарч, халж, айж цочихын аюул дор өдөр хоног, өвөл зуныг бардаг гэнэ. Хятадын Дотоод яамны ногоон малгайтнуудад буцааж өгч болох уу! “Өдрийн од шиг хувь тохиолоо” гэж Монгол нутагтаа хөл тавьсандаа баярлах тэр монгол хүнийг.
Буцааж өгсөн монгол хүн бүрийн төлөө Хятадаас шагнал хахууль, тэтгэмж урилгаар шагнуулдаг Монгол төрийн ажилтан байна гэвэл Та итгэх үү? Нэг ч монгол хүнийг Маогийн хөрөгтэй улаан юанаар арилжих ёсгүй шүү! Ийм бузар урвалтын эсрэг, ийм байдлыг илчлэхийн төлөө сайн санаат монгол хүн бүр нэгдэх хэрэгтэй. Энэ байдлыг өөрчлөхийн төлөө би эцсээ хүртэл явна гэдгээ энд харин хэлчихье.
Хятад баатрын хөшөөнд мөргөх атлаа элэг нэгт монгол хүнээ бид өшиглөж болохгүй. Хөршдөө хонь бэлэглэж гүйх мөртлөө, монгол хүнийг өмгөөлөх үгээ буцааж залгиж болохгүй. Хятадууд Монголоос очсон хонийг хилийн цаана өсгөж үржүүлж байгаа атлаа, монгол хүнийг, монгол соёлыг, монгол бахархлыг Монгол нутаг дээр нь хүйс тэмтрэх оролдлого хийж байгааг бид энд дуугүй өнгөрөөх ёсгүй. Монголыг дарлах дарлалд төгсгөл ирнэ, харин Монголын ирээдүй ялж үргэлжилнэ гэдэгт монгол хүн бүр итгэж явах учиртай.
Халтмаагийн Баттулга надаас нэг удаа ийн асууж билээ. -“Монгол Улс цаазгүй болсон биз дээ” гэж. Хуулийнхны мөрдлөг мөшгөлт, зарим болчимгүй нэгнийх нь сүрдүүлэг далайлтаас болоод амьсгаа өндөр явсан үе нь. “Цаазгүй болсон. Монгол Улс дахиад хүн цаазлахгүй” гэж би түүнд хариулсан юм. Энэ итгэл үнэмшил бол зөвхөн Баттулгын асуултад өгсөн миний хариулт төдий биш, Монголын бүх ард түмэнд Их хурлын индрээс тунхаглаж хэлсэн миний үгэнд бий.
Ямар ч сайхан нэр хаягийн дор бай Монгол Улс иргэнээ алж болохгүй. Монгол хүн монгол хүнийг алж хороож болохгүй. Бас хэлмэгдүүлж болохгүй. -Эрхэмлэж яваарай гэж эрх чөлөө, тусгаар тогтнол хоёрыг үлдээв гэж зарим хүнийг хэлсэн гэж ярьж бичих нь бий. Монголд гучаад онд болж өнгөрсөн аймаглан устгалыг үүгээр зөвтгөх гэсэн оролдлого ч гардаг.
Монгол хүн, монгол хүнээ алахгүй байх боломж байсан гэдэгт би эргэлздэггүй. “Би тэднийг алахгүй бол, намайг эд алах нь” гэсэн айдас л байсан. Тэр айсан хүн Монголын өнгө, удам судрын алтан хэлхээ болсон мянга мянган монгол хүнийг хөнөөснийг яав ч зөвтгөх аргагүй.
“Манай төр хүн алдаггүй, манай улс цааз хэрэглэдэггүй” гэж хэлэх зориг, итгэл үнэмшил Монгол төрд үргэлж байх учиртай. Монгол хүний амиар зольсон бол хичнээн эрхэм алдар цол, одон медаль байгаад яах билээ. Түүхийн зэвэнд идэгдсэн хоосон цээж төдий л зүйл. Гэмгүй хүний алдар нэр, хувь заяаг суугаа сандлынхаа жингээр далимдуулан хилсдүүлсэн бол тийм албан тушаал ч бас үнэ цэнэгүй. Хүн нь амьд байвал юуны ч учир олдоно. Цаг хугацаа хар цагааныг үнэн мөнөөр нь ялгаж л таараа. Үнэн хэзээд тодордог бас ялдаг жамтай.
Харин эрх чөлөөт орны иргэн болж төрсөн бол бүр гайхалтай. Эрх чөлөөний сайхан нь хүн зөвхөн амьд байхад биш өөрийн боломжоороо нэр төртэй, учир утгатай амьдарч болдогт оршдог юм. Нэмж хэлэхэд, би одоо цагт хэлмэгдэн зовж байгаа тэр 14 хүний гэм буруугүй нь тогтоогдож, тэд цагаадах нь гарцаагүй. Бүр тэднийг буруутгаж ялласан нөхцөл байдал, алдаа мадгийг дахиж давтахгүй байхаар Монгол Улс хууль номоо өөрчилж хэрэгжүүлж таараа гэж бодож явдаг хүн. Тэртээх гучин долдугаар оны арван хоёр хүнийг, дээрээс нь хөөрхий хүүг барьж хүлж бусдыгаа манлайлж буудсан хүн бол тухайн үеийн шоронгийн ерөнхий дарга болох маахуур Дамба юм. Хорсолдоо шатсан тэр нохой амжилттай, өнгөтэй, өөдтэй явсан нэг үеийнхэндээ атаархан хонзогногч шаар болох нь илэрхий. Гэрчүүдийн ярьснаар анхны буудуулсан арван хоёр хүн “Монгол Улс мандтугай”, “үнэн олдоноо”, “улаан яргачин Чойбалсан сөнөтүгэй” гэж гүйцэтгэгчийн гох дарахтай өрсөн хашгирч байсан гэдэг. Өнөөгийн хэлмэгдэж байгаа хүмүүс ч “Монголын аврал бол том төслийг хөдөлгөх”, “Нэмэлт санхүүжилт татах хэрэгтэй”, “Төрийнхөө хууль шийдвэрийг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлыг шийдэхэд оролцож байна” гэж бодсон, итгэсэн нь тодорхой.
Өнөөдрийн “арван дөрөв”-ийг бол амьд хүн тэвчимгүй муухайгаар гутаасан. Гутаасаар байгаа. Хаалттай ялласан. Итгэл төрүүлж хуурсан. Хууль шүүхийг урдаа барьж зүхүүлсэн. Тэднийг цагаатгаагүй. Ялаас нь хассан, хөнгөлсөн нэр зүүж ялтан хэвээр нь шоронд үлдээсэн. Дахиад нэмж хараалгасан. Дундаас нь Ундармааг үзүүлэнд хэрэглэж, торгож тоглоомдоо ашигласан. Их хурлын индрээс дургүй хүргэснээ түүгээр зодсон. Зөв ажил хийх гэж ядарч зүдэрч яваа хүний дүр бүтээсэн. Солонгос хамаа болохоор 40 сая төгрөгөөр торгуулаад, их наядын хохиролтой хэргээ угаасан. Одоо төмөр замыг тайз болгож, хувьчилж авснаа “ТҮЦ” гэж чамлан алт ашиг эргэж хэмжээ хяналтаа алдсан мэт галзуурч байна. Энэ бол өөр сургууль, харь хийц. Монгол хүний бол сэтгэл нь өвдөм, ганцаар барахгүй ажил бас хэтийдсэн гоцлол.
“Нохойн орон”-ы зохиогч гэдгээрээ олны танил болсон нэг зохиолч бий. Ерөнхийлөгч Баттулгын тухай зурагтай ном бичсэн сураг гарав. Нохойн орны нохой. Монгол хүн нэгэндээ нохой болох эсэх нь хувь хүнээс шалтгаалах зүйл гэж үзээд орхиё. Харин харь хүний өмнөөс, харь орны нохой эрх ашгийг гүйцэлдүүлж Монгол хүнийг зууж, барьж байгаа бол тийм гаршмал “гарз”-ыг өршөөх аргагүй.
Монгол Улс бол монгол хүний Эх орон. Нохойн орны дундах бидний улс. Ийм орчинд тэсэж үлдье гэвэл амьдрах чадвараар ер бус, бас шөрмөслөг, хэрсүү байхаас өөр арга үгүй. Хүний туултанд сэртхийж, харийн шан харамж, идшинд амтшиж монгол хүнийг, Монгол нутагт нь хэмлэх, хэлмэгдүүлэх эрх хэнд ч байх учиргүй. Эх Монгол орны боломж, эрх ашгийг ийм байдлаар хохироох, хороох, түүнд харш үйлдлийг хэн ч гаргах ёсгүй. Ийм бузар зүйлийг ямар ч монгол хүн хийж болохгүй.
СУРГАМЖ
“Түүхийн сайн нь миний багш, түүхийн муу нь ч миний багш” гэсэн үг бий. Ер нь түүхэнд муу юм хийж муугаар бичигдэхийг хүсдэг хүний тухай би бараг сонсоогүй. Сайн зүйл бодож, хүсэж, хийх гэж зүтгэж яваад муугаар төгссөн хүний түүх бол тоймлох ч аргагүй арвин баялаг юм.
Сургамж бол ухаарал. Бас дахиж давтах хэрэггүйг мэдсэн мэдлэг байх. Нийгэм, улс орны хувьд бол сургамж гэдэг арай өргөн ойлголт. Бас маш тодорхой томьёолсон, эс зөрчихийг сануулсан хууль тогтоомжийн заалт ч гэж шууд хэлж болно.
Монгол хүн монгол хүнтэйгээ муудалцах, хэрэлдэх, зөрөлдөх бол тийм их гарзтай зүйл биш байж болох. Харин Монгол улсын хувьд харийн эрх ашгийг сөрж, өөрийн язгуур эрх ашгаа хамгаалах нь амаргүй тусдаг. Монгол тийм хувь тавилантай орон билээ. Гэхдээ мэдэгдэж байгаа харь эрх ашиг, үзэгдэж, танигдаж байгаа хар элгийн хүн бол бас учиртай. Монголынхоо талд, тэмцлийнхээ фронтод, эх орон нэгтнүүдээ түшээд, нийлээд зогсоход, тэмцэхэд, сөрөхөд болдог зүйл. Давж болдог даваа.
Харин харийн өмнөөс даалгаврыг нь өвөрлөсөн өөрийн хүнтэй тулах, сөргөлдөх гэдэг бол зовлонгийн далайд хөл алдлаа л гэсэн үг. Ёстой гал усны гашуун зовлон гэдэг чинь тэр юм билээ. Тийм хүний Монголыг “хайрлах” хайр, хорлох хор хоёрыг давж дийлнэ, илчилнэ, засна гэдэг бараг боломжгүй. Адын хүч араасаа авдаг мангас л тийм байдаг байх.
Ачтан, араатан хоёрын алин болохыг чөтгөр ч, бурхан ч. Тэр бүү хэл хууль шүүх ялгахдаа хүчин мөхөсддөг. Ёстой л түрүүний бөөс толгойд гарах гэдэг чинь. Миний улс төрийн амьдралд тохиосон хамгийн хүнд, хамгийн адармаатай бас хамгийн их үр дагавартай сорилт л тэр байсан. Байсаар ч байна.
Би Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор сэргээх, хувь заяандаа эзэн болох түүхэн сонголт хийсэн гуч илүү жилийн хугацаанд хоёрын зэрэг тийм хүнтэй таарсан. Тэдэнтэй өөрийгөө хүч тэнцвэргүй тулаанд орсон гэж боддог юм. Надад ч тийм тулаанд яаж ялж гарах жор байхгүй. Хэлж яриад өгөх бэлэн хариулт ч алга.
Гэхдээ монгол түмний язгуур эрх ашгаас урвасан өөрийн, хүний алин нь үл мэдэгдэх тийм нохдоос, этгээдээс гарч болох үйлдэл бүрийг хуульчилж, түүнийгээ мөрдөж мөшгөдөг, таслан зогсоож чаддаг байх нь нэн чухал. Зохих хариуцлагыг хуульд заасны дагуу шударгаар тооцдог болох нь зүйд нийцнэ.
Миний мэдэхээр хариас тийм адын хүч, даалгавар чиглэлээ авдаг этгээд бол төрийн бодлогын тогооноос хадаатай юм шиг зүүгдэж, харуулын цэрэг шиг соргогоор ажилладаг болох нь харагдсан. Өөрийг нь урхидаж болох хуулийн зохицуулалт, тэр бүү хэл тийм санаачилга хаанаас хэнээс гарч болох, гарсан тохиолдолд яаж таслан зогсоохоо нэгд нэгэнгүй тооцоолсон байдаг нь ажиглагдсан.
Тэр “баримал” харь улсын өмнөөс гэрээ, хэлцэл боловсруулж, гарын үсэг зуруулж, бидний өмнөөс хууль бичиж ярьж суухаас ч сийхгүй. Үүний ачаар эсвэл гайгаар манай улс гэмт хэргийн хуульдаа эх орон, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашигт тэрслэх, урвах, хор хохирол учруулахтай холбогдсон оновчтой заалт бараг олж тусгаагүй өдий болсон. Байгаа нэг нь нэн тодорхой биш, ял шийтгэл оноох, хариуцлага тооцох хил зааг, томьёолол нь туйлын бүдэг.
Олон үгийг цөөнд багтаагаад шууд санаагаа буулгая. Гэмт хэргийн хуульд дараахь утга бүхий зүйл заалт зайлшгүй хэрэгтэй. Би энд тодорхой хүний тухай биш Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, мөнх оршин тогтнохыг бодож дараахыг хэлж байгаа юм. Хуулийн тухайн заалтууд хэрэглэгдэхгүй бол бүр л сайн. Гэхдээ сайныг бодож, мууд бэлэн бай гэх сургамжийг мартаж болохгүй. Хуульдаа заавал тусгах ёстой.
Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашгаас урван тэрсэлсэн нь тогтоогдвол.
Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан эрх чөлөөт, аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь нотлогдвол.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжих дэвших боломжийг хаан боогдуулах, хохирооход чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол. Энэ үйлдлээрээ бусад улс орон, этгээдэд давуу байдал бий болгосон нь нотлогдсон бол.
Харь улсын ашиг сонирхолд үйлчилсэн, тийм үйлдэл гаргасан бол.
Гадаад орны тусгай албанд элсэж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол…
Аливаа улс орон, ард түмэн аюулгүй байдлаа хангахын тулд асар өндөр мэдрэмжтэй, дайсагнагч ажиллагаанд үр нөлөөтэй хариу үйлдэл үзүүлж чаддаг, тийм чадавх тогтолцоотой гэдгээ нотлон харуулах явдал туйлаас чухал. Дээрхийг улс орны торгон хил, байнгын соргог манаа, түүний дархлаа хамгаалалттай адилтгаж үзэж болох юм. Улс орны хил дайсан этгээдээс зөрчихөд биш харин зөрчишгүй, халдашгүй байхын тулд л оршдог.
Хуультай, хэрэгжүүлдэг, хянадаг бүтэцтэй байх л бие даасан төрийн үндсэн шинжийн нэг. Дайснаа танихгүй бол түүнийг зогсоох, сэргийлэх аргагүй. Таних эхний арга бол маш тодорхой зохицуулалт бүхий хууль эрх зүйн тогтолцоо юм.
Би алдаж бодож байж болох ч бас энэ байдлыг ажиглаж, эмзэглэж байгаа Монгол зүрх, тийм эх оронч хууль тогтоогч бий гэдэгт эргэлзэхгүй байна. Хууль тогтооно гэдэг бол хил тогтооно гэсэн үг. Зөрчиж болзошгүй этгээд, санаархалд түүнийг харуулна, ойлгуулна, мэдрүүлнэ гэсэн үг.
Цусаар, нулимсаар, их үнээр олсон сургамжийг цаасан дээр буулгаж, олноо тунхаглаж, ялгамжгүй мөрдөхийг төрийн бодлого, хууль гэж би бодном. Монгол минь мөнх оршиг ээ.
2020.12.09
1“Сонгины булан” гэж газрын нэр.
2 “Баатрууд” гэж Монгол улсыг бүрхсэн Сталины аймаглан устгалт, Чойбалсангийн гардан хэрэгжүүлсэн цуст аллагын золиос болсон Монголын Эх орончдыг нэрлэсэн юм.
3 Анандын Амар бол Москвад оросуудын аваачиж буудсан Монгол улсын Ерөнхий сайд юм.
4“Маршал” гэж Монголын “Сталин” юм.