Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ”, Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрэмд “….. үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага иргэдэд цаас болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх …” зорилтын хүрээнд архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байна.
Уг үйлчилгээний онцлог нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм.
Төрийн архивын нэгдсэн програмаас олгох лавлагаа хуулбар, захиалга хүлээн авах, шийдвэрлэх ажлыг дүүргүүдийн 1 цэгийн үйлчилгээ рүү шилжүүлж байгууллага, иргэдэд хөнгөн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх ажлын хүрээнд Сүхбаатар болон Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ажиллахаар бэлтгэл зохион байгуулалтыг хангаж байна.