Архинд нэгэнт орчихсон иргэд гэртээ тогтдоггүй. Ялангуяа эмэгтэйчүүд нэгэнт хамааралтай болчихвол үр хүүхэд, гэр орон сонин биш. Тэдэнд архи авах мөнгө бэлэн. Сар бүр хүүхдийн мөнгө авч байна. Багадаа нэг, цаашлаад хоёр, гурав, таван хүүхэдтэй бол тэр тоогоор мөнгө авна. Дээр нь халамжийн мөнгө, тэжээгчээ алдсаны мөнгө зэрэг нэмэлт “орлогууд” тасрахгүй. Б.Батмөнхийн таван хүү сар бүр хүүхдийн 500 мянган төгрөг авах ёстой. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүгийн халамжийн мөнгө нэмэгддэг. Сарын нэг сая гаруй төгрөг хүүхдийн нэрээр ээжийнх нь дансанд ордог. Гэвч ээж нь архины хамааралтай болчихсон, хүүхдийн мөнгө буухтай зэрэгцээд гэрээ орхиод хүмүүстэй нийлээд архи уугаад явчихдаг. Хүүхдүүд нь хоолтой, хоолгүй, гэр нь зутруу. Эрх биш аав нь байгаа тулдаа хоногийн хоолоо арай ядан залгуулдаг. Хоолгүй үе олон. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй том хүү нь дүү нараа дагуулаад гадуур явчихдаг. Хүмүүс өрөвдөөд хооллоно гэсэндээ тэр гэж аав нь ярьж байв.
Гэр хороололд ийм амьдрал захаас аваад байна. Зөвхөн Баруун салаа гэлтгүй баруун, зүүн зах, тэр битгий хэл хотын төвийн дүүргүүдэд ч архины хамаарлаас бий болсон ядуу зүдүү амьдралтай, хүүхдүүд өлсөж цангасан, өвдөж шаналсан. Ялангуяа охидын эрх хамгийн ихээр зөрчигддөг. Тэднийг хайрлаж хамгаалах ёстой ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөө архинд орчихсон. Архи уудаггүй ч хүүхдээ хамгаалж мэддэггүй, хэрсүү биш эмэгтэйчүүд үй олон юм. Нөхөртөө, хамтран амьдрагчдаа найдсан итгэсэн, эсвэл тэднээс айж амьдрахдаа охин хүүхдээ давхар золиосолж, ирээдүйн амьдралаар нь тоглож байдаг явдал байдаг л үзэгдэл болчихож. Баруун салааны нэлээд гүн рүү хүчингийн яг ийм хэрэг гарч байжээ. Гурван охинтой эмэгтэй хамтран амьдрагчтай болжээ. Удаагүй хамтран амьдрагч нь найзаа авчран гэртээ архидаж, согтуу найз нь 14 настай дагавар охиныг нь хүчиндсэн хэрэг гарсан байна. Охин сэтгэл зүйн ноцтой асуудалд орж, амиа хорлохыг завдаж байсан тухай тэр айлын хамар хашаанд амьдарч байсан хижээл насны эмэгтэй толгой сэгсрэн ярьсан юм. Эл хэргээс хойш тэр айл хоёр тийш салж, эмэгтэй хүүхдүүдээ аван өөр тийш нүүсэн гэнэ. Ноцтой нь удаа дараа үйлдэгдсэн тус хэргийн талаар охины ээж мэдээгүй, анзаараагүй. Хойд аав нь арай ч тийм муухай хэрэг хийхгүй гэж итгэж байсан тухай шүүхэд мэдүүлснийг гудамжныхан нь ярьдаг юм байна. Охид гэртээ байхдаа эрсдэлд орохоос эхлээд хичээл сургуульдаа явахад ч эрсдэлтэй. Харьяалалгүй айлууд олон, хүүхдүүд нь автобус дамжиж сургуульдаа очдог. Өвлийн цагт өглөө хичээлд явахад харанхуй, орой тараад ирэхэд ч бас харуй бүрий байдаг учир ялангуяа охидод ихээхэн эрсдэлтэй.
Согтуу хөлчүү хүмүүс айлгах, ичээх явдал элбэг гэнэ. Гэр хороололд архидалт хэвээрээ, ядуурлын түвшин дээрдээгүй байгаа явдал саяхных биш. 10, 15 жилийн өмнө яг л өнөөдрийн Баруунсалаа, Зүүнсалаа, Улаанчулуут, Дарь-Эх шиг амьдрал ядуу, жил хийдэггүй, архины хамааралтай. Хүүхдүүд өнчирсөн, өлсөж цангасан, өвдөж зовсон. Тэр хэрээр буруу зүйлд уруу татагддаг явдал дийлэнх. Үүнд ээжүүд, эмэгтэйчүүд нэлээд “үүрэгтэй” байдаг нь гэр хорооллын амьдралаас бэлхэнээ харагдана. Үүний нэг гашуун жишээ гэмээр айлаар сурвалжилгын үеэр орж таарсан юм.
Баруун салааны нэгдүгээр буудалд гэр хороолол дунд торон хашаанд баригдаад олон жил болсон, засвар хийгдээгүй үзэмж муутайхан байшинд эгч дүү найман хүүхэд амьдардаг юм байна. Тэднийг том эгч Б.Маралмаа нь харж ханддаг.
Эгч дүүс долоон жилийн өмнөөс ийнхүү амьдарч эхэлжээ. Ээж нь хамгийн бага ихэр дүүг нь төрүүлээд хоёр нас гарантай байхад нь том охинтойгоо чацуу гэмээр залуутай амьдрал зохиогоод явж оджээ. Аав нь ч хүүхдүүдээ орхисон байна. Тэр үед Б.Маралмаа охин 17-хон настай байж. 2-15 насны долоон дүү нь хоол ундгүй, харж хандах хүнгүй болсон учир тэрээр дүү нараа өөрөө авч, асрахаар болжээ. Б.Маралмаатай ярилцахаар хандахад уриалгахан зөвшөөрч, гэртээ урив. Хашаанд хоёр хэцүү нохой уяатай, бас нэг муур гэрээс гараад гүйж харагдав. Б.Маралмаа “Манайхаас нохой, муур салдаггүй юм. Энэ хоёр жижигхэн гөлөг байхдаа манайд ирээд дүү нараас салаагүй. Одоо ийм том болоод хүн оруулахын эцэсгүй болчихсон. Муур ч бас тэжээдэг” гэж гэрт орох зуур ярина. Байшинд орвол хойморт нь нэг том матрас тавьж, дэргэд нь авдар байрлуулсан байна. Хаалганы хавьцаа хоёр хүн суучихаар зөөлөн сандал, нэг том ширээнээс өөр гойд тавилга үгүй.
Байшингийн доторх хана сааралтаж, зарим газраараа шохой нь унажээ. Матрас дээр үеийн гэмээр хоёр хүү, нэг охин шомбойж сууна. Нэг нь ухасхийж босоод цай аягалж өгөв. Том эгч нь “Хоёр гараараа өгөөч” гэж зэмлэх аядав. Долоон настай хамгийн бага ихэр хоёр, түүний дээд талын ах гурвуулаа байгаа нь тэр аж.
-Ихрүүд том болжээ. Хоёр настайд нь чи авч байсан гэсэн байх аа?
-Манай ихрүүд ээжээс төрөөд мөөмөө ганц удаа л амласан. Түүнээс хойш байнгын угжаар хүн болсон. Энэ хоёр маань том эгч ах хоёрын өвөрт хүн болсон. Ихэр хүүхдүүд хэцүү гэлцдэг. Манайх олуулаа болоод тэр үү тийм байгаагүй. Харин ч багад нь юу ч мэдрэгдэж байгаагүй. Одоо ч юм юм мэдрэгдэх гээд байна. Олуулаа учраас нэг дор юмаа хангаж чадахгүй, ээлжилнэ. Гэтэл ихрүүдэд зэрэг л юм авч өгөхгүй бол болдоггүй. Нэгэнд нь өгөхөд нөгөөхийнх нь нүд цаанаа л горьдоод үлддэг.
-17 настай охин долоон дүүгээ асарч хамгаална гэдэг шийдвэр амар байгаагүй байх аа?
-Тэгж шийдэхээс өөр арга байгаагүй. Эхний нэг жил чанга байсан. Эвээ олохгүй. Би багаасаа л энэ хэдийг асарч өссөн. 17 нас хүрэх үед ээжийн дүү “Аль юм болгон хүүхэд харах юм. Ажил хий” гээд өөрийнхөө ажилладаг гар урлалын дэлгүүрт ажилд оруулсан. Тэгж л анх удаа цалинтай ажил хийж үзсэн. Энэ үед би гэрээсээ яваад эмээ дээрээ хэсэг байсан юм. Дүү нар аав, ээжтэй хамт байсан учраас би юм бодоогүй. Гэтэл 2017 оны наадмаар цалингаа аваад дүү нартаа хоёр тор хүнс аваад гэртээ иртэл аав байхгүй. Ээж гадагшаа гарах гээд хамаг байдгаараа гоёж гоодчихсон, харин дүү нар халтайчихсан, баярлах битгий хэл хоол унд ч байхгүй нүд халтирмаар угтсан. Хэд хоногийн дараа оройн цагаар очиж үзье, ээж дүү нарт анхаарч байна уу гэдгийг харъя гээд шөнө иртэл манайд том хүн байхгүй. Дүү нар л хонож байсан. Ингээд л эмээ, эгчтэйгээ ярилцаж байгаад би эдэндээ толгой болж явахаар шийдсэн.
-Ээж чинь хүнтэй суугаад яваад өгчээ?
-Ээж одоо 50 нас хүрч байгаа. Бараг надтай чацуу залуу. Би хүнээс юм гуйдаг төрлийн хүн биш. Өөрөө болгоно, чадна гэж үздэг. Гэхдээ би ээжтэй нэг зүйл дээр байнга маргалддаг. Ээж хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Сая хувьцааны мөнгө тараахад бас авсан. Ингэхээр цаанаа л зэвүү хүрээд байдаг. Тэр хүнтэйгээ миний хэдэн дүү нарын мөнгийг аваад үрээд сууж байна гэж бодохоор дургүй хүрмээр. Хороогоор явж үзсэн. Бүтэхгүй юм билээ. Тэгээд л орхисон доо.
Дүү нартайгаа одоо хэдийнэ амьдрах учраа олсон. Одоо манайх хоосон хоноод хэцүү тартагтаа тулсан уу гэхээр ер нь бид баян айл байгаа байхгүй юу. Идэх юмтай, үзэх зурагттай, тог цахилгаантай, уух устай байна гэдэг манайх баян. Манайх юнивишнтэй. Юүтүб ороод хүссэн юмаа үзэж байна.
Надад амьдрал тухгүй байсан зүйл бол аав ээж хоёрын хэрүүл дунд оршоод байгаа нь. Тэр хоёр бурууг өөрсдөөсөө биш надаас хайдаг. Аав уурлахаараа “Чи гэрээс явснаас болж манай гэр бүл ийм болсон” гэдэг. Ээж ч тэр.
-Дүү нар чинь сургуульд явдаг уу?
-Би таван хүү, хоёр охин дүүтэй. Миний доод талын дүү энэ жил 18 нас хүрсэн. Намар цэрэг татлагад явна. Түүний дараагийн 16, 13-тай хоёр хүү сургуульд явдаггүй. Анх нэгдүгээр ангид улсын сургуульд орсон. Гэтэл ээж хүмүүнлэгийн нэг сургуульд оруулчихсан. Тэр нь 3-10 дугаар ангийг нэг анги болгоод нэг л багш хичээл заадаг. Шал өөр түвшний хүүхдүүд нэг хичээл үзнэ гэж байж болохгүй. Тиймээс гаргаад авчихсан. Улсын сургуульд оруул гэж хүмүүс хэлдэг. Нэгэнт үеийнхнээсээ хоцорчихсон хүүхдүүд хэцүү байдалд орно. Сургуультай сургуульгүй зөв л хүн болж байвал амьдрал нь болно гэж боддог.
-Аав чинь холбоотой байдаг уу?
-Аав өнгөрсөн жилийн аравдугаар сараас бидэнтэй холбогдож, хамт амьдарч эхэлсэн. Түүнээс өмнөх зургаан жил бид наймуулаа л амьдарсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар долоон жил ажилласан гар урлалын дэлгүүрээсээ гарсан. Аав ажил хийж хоол хүнсэнд нэмэрлэж байгаа. Миний стрессээ гаргадаг нэг зүйл бол зураг. Би үүрээр босоод ч хамаагүй зурах дуртай.
-Та нар юу мөрөөддөг вэ?
-Нэг зорилгоо огт биелүүлж чадахгүй байна. Машин авах гэж сүүлийн хоёр гурван жил мөнгө цуглуулж үзсэн. Зундаа овоо хоёр, гурван сая болдог ч өвөлдөө яалт ч үгүй нүүрс түлээ, хоол унданд хэрэглэгдчихдэг. Машинтай болчихвол дүү нараа суулгаад агаарт гарахыг хүсдэг. Бид олуулаа нэг дор машинд сууж үзээгүй. Наймуулаа багтана гэхээр приус 41 л болох юм билээ.
Миний бас нэг том мөрөөдөл байдаг. Би Монголд байхгүй зургийн дэлгүүр нээх мөрөөдөлтэй. Багаасаа зураг зурсан. Аним төрлийн зураг зурдаг. Зургаа зурахдаа нүд, уруул хоёрыг гоё гаргахыг хичээдэг гээд хоёр хавтас дүүрэн гараар зурсан зураг гаргаж ирлээ. Нээгээд үзвэл мэргэжлийн зураач зурсан гэмээр анимийн дүрүүд байна. Эмэгтэй голдуу дүрүүдийг зурдаг аж. Нүд нь хурц, уруул нь ялдам, тийм нэг хараад л баймаар мэргэжлийн зурдаг юм байна. Ийм буйдхан орчинд, хүндхэн амьдрал дунд ийм гайхалтай бүтээл туурвиж суудаг, яг л нөгөө суут хүмүүсийн амьдралыг өөрийн эрхгүй санагдуулав.
Томчуудын ухамсаргүй, эцэг эх байх үүргээ ухамсарлаагүй, түүнээс болж хүүхэд хохирсон хүнд жишээ энэ найман хүүхэд мөнөөсөө мөн. Тэд өнөөдөр инээж буй сэтгэлийнх нь гүнд ямар гуниг зовлон, бэтгэрэл байхыг хэн ч тааж мэдэхгүй. Б.Маралмаа жаахнаасаа дүү нараа асарч, аав ээжийн хайрыг мэдрээгүй учраас өөрөө амьдрал зохиохгүй гэж шууд хэлнэ лээ. Түүний зөвхөн энэ үг л амьдрал ямар хэцүүг, томчууд тэнэг байхын үр дагавар юунд хүргэдгийг товчхон хариулчих шиг болсон юм.
Төр нь ядарсан гэх иргэдээ халамжаар угжихын үр дагавар эцэс төгсгөлгүй архидалтыг бий болгосон. Архины хамааралд орсон хүмүүс ар амьдралаа тоодоггүй. Гэр бүлийн төлөвлөлтийн тухай ухаарах сөхөөгүй, хүүхэд төрүүлдэг. Тэднээ хайхардаггүй. Тэд ажил хийж орлоготой амьдрах тухай мэддэггүй, ойшоодоггүй. Төр нь ажил хийгээд олохоос илүү мөнгийг цацчихаж байгаа нь хамгийн том хүчин зүйл. Нэгэнт үнэ цэнэгүй цацаж байгаа мөнгө ямар ч айлд үнэ цэнэ, баялаг бүтээхгүй. Дийлэнх нь гэр бүлийн хэн нэгний архины мөнгөнд урсаж байна. Ийм амьдрал үргэлжилсээр л байдаг. Ядуурал үргэлжилдэг. Дараа дараагийн үе нь тэр л амьдралын замналаар амьдардаг. Улаанбаатар хотын гэр хороололд хаана нь ч ийм бүлгүүд бий болчихсон. Удчихсан. Ийм нийгмийн бүлэг байх нь улстөрчдөд хэрэгтэй. Тэд ямар ч ухамсаргүйгээр санал өгөх автомат машин л гэсэн үг. Улаанбаатарын аль ч дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд үүнтэй холбоотой. Сонгогчид ядуу байх нь ашигтай. Тэдэнд халамж өгч архины хамааралд байсаар байх нь хэрэгтэй. Ийм л бодит дүр зураг өнөөдрийн гэр хорооллын гүнд оршиж байна.
Ядуурал үе дамжин үргэлжлэх хортой. Тэр дундаас өндийж босч ирэх боломж бараг үгүй. Ерөөсөө удамшчихдаг болохыг дэлхийн судлаачид тогтоочихсон. АНУ-ын хэсэг эрдэмтэд Макс Жек гэх гудамжны нэгэн эрийн удмын 840 хүнийг судлахад 100 жилийн дотор маш олон хүний амьдралынх нь түүх бүтэлгүй байсан бол Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүл 100 жилийн дотор 1394 хүнээс их сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхаргын 80, сенат гурав, Америкийн ерөнхийлөгч нэг төрсөн байдаг.
Түүгээр зогсохгүй Google-ийн “medium.com” хаяг дээр байгаа “Is poverty inherited?” буюу “Ядуурал удамшдаг уу?” нийтлэл дээр Бээжингийн багшийн их сургуулийн профессор Дай Жианье шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн түүх ярьсан тухай нийтлэл байна. Уг нийтлэлд нэгэн дарга мөнгө олохын тулд хот руу нүүж ирсэн тариаланчдыг хямд хөлсөөр ажиллуудаг байв. Нэлээд хэдэн жилийн дараа тусгай төсөлд шалгаран тэнцэж уг төслийг бие даан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд түүнд барилгын ажилчид бус материал ялгах, бичиг хэргийн ажилтнууд хэрэгтэй болсон байна. Дарга зардлаа бууруулахын тулд коллежийн оюутнуудыг маш бага цалингаар ажилд авчээ. Дарга санамсаргүйгээр эдгээр оюутнуудын эцэг эх нь өөрт нь ажиллаж байсан цагаач ажилчид байсныг олж мэдэв. Үүнээс болж Дай Жиане дарга ядуурал удамшдаг юм байна гэж бодох болжээ гэсэн байна. Ядуучуудын хүүхдийн 90 хувь нь ядуу байдалтайгаа эвлэрдэг бол 10 хувь нь сэтгэх чадвараа дайчлан энэ байдлаа өөрчилж сайхан амьдралд орж чаддаг байна. Тухайлбал, Америкийн боловсролын байгууллагын статистик мэдээнд “Эдийн засгийн өндөр орлоготой гэр бүлд хүүхдүүд цагт эдийн засаг, уран зохиол, улс төр болон бусад чиглэлээр эцэг эхээс дунджаар 2000 үг сонсож сэтгэх чадвар нь сайжирч байдаг бол дундаж орлоготой өрхийн хувьд энэ тоо 1200, ядуу өрхийн хувьд 600 болж буурдаг. Чинээлэг гэр бүл нь амьдралын чанарыг дээшлүүлж зогсохгүй хүүхдүүдэд илүү өргөн ертөнцтэй харьцаж, илүү өргөн хүрээтэй харах боломжийг олгодог. Ядуу гэр бүлд эцэг эхчүүд хоол унд, хувцас хунараа олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөж, хүүхдүүд нь сэтгэх нөөц бололцоо муутай өссөнөөс болж амьдралд нь бэрхшээл үүсдэг” гэсэн байна.
Энэ бол ядуурлын тухай шинжлэх ухааны тайлбар юм. Маш харамсалтай нь шинжлэх ухаан ядуурлын нэг гол шалтгаан сэтгэцийн өвчин байдгийг нэгэнт тогтоочихсон. Учир нь сэтгэцийн өвчлөл нь үе дамжин удамшдаг аюултай аж. Сүүлийн үед манай улсад цус ойртолт маш их байгаа бөгөөд үүний уршгаар төрөлхийн гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүд ихээр төрөх болсон. Хөгжингүй улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авдаг байна. Манайд тэгж чаддаггүй. Чаддаггүй ч гэж дээ. Төр, засаг нь тоодоггүй гэвэл илүү үнэнд ойртоно.
Судалгаагаар манай улсын нийт хүн амын 23 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан нь 600.000 гаруй иргэн сэтгэцийн асуудалтай гэсэн үг юм. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог үндсэн шалтгаан нь ядуурал, архидалт, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд юм гэж манай эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Б.ЭНХЗАЯА