Categories
мэдээ цаг-үе

Архийг 17 наснаас доош хэрэглэвэл 50 хувь нь донтох магадлалтай болдог

ӨНГӨРСӨН ОНД 18 ХҮҮХЭД АРХИНААС БОЛЖ АМЬ НАСАА АЛДСАН

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа, мэдээллийг гаргажээ.Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна.Тэгвэл судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг аж. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагджээ. Өсвөр насны хүүхдүүдийн дунд архиныхэрэглээ ямар байгаа талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Хүүхдүүдийн дунд архидах явдал хэр байна вэ?

-Согтууруулах ундааг хэрэглэдэг хүний гэр бүлийнхний эрүүл мэндэд архи хэрхэн нөлөөлдөг талаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо баримтууд байна. Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 87,000 иргэн архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэх байранд хоносон байна.Үүний 1100 нь 21-ээс доош насны хүүхэд, залуучууд байжээ. Түүнчлэн улсын хэмжээнд өнгөрсөн жил 32000 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4000 орчим нь согтуугаар үйлдэгдсэн байна. Хүүхдүүд согтуугаар 550 орчим гэмт хэрэг үйлдэж , гэмт хэрэгт холбогдсон байгаа нь ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундааны хэрэглээ далд хэлбэрт их байгааг харуулж байна.

-Өсвөр насны хүүхдүүд архины хамааралтай болж байгаа нь санаа зовоож байна?

-Архи байнга уудаг хүмүүсийг харахад нүд нь гөлийсөн, харц нь нэг талдаа тулчихсан, сонирхлын хүрээ нь хумигдсан, сэтгэн бодох чадвар нь илт суларсан байдаг. Онцлон хэлэхэд, өсвөр үе, эмэгтэйчүүдийн архидалтыг маш богино хугацаанд таслан зогсоохгүй бол аюултай. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол 5 дахин хурдан архинд ордог. Байгаль, бие организмын онцлог, уян налархай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, маш эмзэг учраас 38-43 градусын архинд амархан хордож, түүний эрхшээлд шууд ордог. Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж ажил үйлчилгээгээ явуулах шаардлагатай байна.

-Ямар шалтгааны улмаас хүүхдүүд архи хэрэглээд байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 12500 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага байдаг. Энэ байгууллагууд бүгд ашгийн төлөө. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Цагдаагийн байгууллага болон бусад төрийн байгууллагатай хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулхад согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын зөрчил, гэмт хэргийн гаралт буурдаг. Цагдаагийн байгууллага ганц согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг бус, эрүүгийн хуульд заасан 240 гаруй гэмт хэрэгтэй тэмцдэг. Ингээд өөр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад бусад төрлийн гэмт хэргийн гаралт өсч байдаг. Үүнээс дүгнэн үзэхэд гэмт хэрэгтэй тэмцэх нь дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг 1700 орчим аж ахуйн нэгж байгууллагуудад цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд 160 сая төгрөгний торгууль хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2500 мэдэгдэл өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Гэтэл зарим нэг согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын захирал, эзэд хайхрамжгүй хандаж хүүхдэд согтууруулах ундаа худалдсаар байна. Хүүхдийг буруу дадал хэвшил, хорт зуршлаас ангид байлгах хэрэгтэй.

-Хүүхдийг архинаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Анагаах ухааны салбар эмчлэхээс түрүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Үүнийг л нөлөөллийн ажил гээд байгаа юм. Энэ бодисыг хэрэглэхээр бие махбодь, сэтгэл санаа, зан үйлд нь ийм муу өөрчлөлт үзүүлдэг юм байна. Иймээс та нар үүнийг хэрэглэж болохгүй гэх мэтээр урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч ажилладаг. Хүүхдүүд даган дуурайж хэрэглэдэг учир төдийлөн хор нөлөөг нь сайн мэддэггүй. Анх сонирхож хэрэглэнэ, цаашлаад давтан хэрэглэсээр насанд хүрсэн хойноо хамаарлын болсон байх жишээний. Иймээс бага насанд нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж чадвал донтолтоос сэргийлж чадна. Мөн эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах, мөн архи хэрэглэдэг хүүхдүүд уруу татагдах гэх хүчин зүйлүүд бий.

-“Очир” төвд өсвөр насны охин амиа алдсан хэрэг гарсан. Иймэрхүү архинаас болж хүүхэд хохирсон гэмт хэргээс дурдвал?

-Хонхны баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан архидан согтуурсны улмаас өнгөрсөн онд 18 хүүхэд амь насаа алдсан байдаг.

АРХИ ХУДАЛДАХ ЦЭГ ИХ БАЙГАА НЬ АРХИНД ДОНТОХ ЭРСДЭЛИЙГ НЭМЖ БАЙНА

Архинд донтох эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн эмч Л. Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Өсвөр насны хүүхэд архи хэрэглэх нь сүүлийн үед ихэсээд байгаа. Энэ нь хүүхдийн ирээдүйд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өсвөр нас гэдэг маш эмзэг үе. Энэ насныхны сэтгэл зүйн онцлог нь их сониуч, бусдыг даган дуурайх шинжтэй байдаг. Үүнтэй холбоотой хүүхдүүд архи, тамхийг эхлээд сонирхож хэрэглэдэг. Мөн насныхаа онцлогоор хэрэглэж үздэг. Гэр бүлийн хүмүүжлийн асуудал үүнд нөлөөлж байдаг. Хүүхэд багаасаа архи ууж хэрэглэвэл нас биед хүрсэнийхээ дараа архинд донтох эмгэгээр өвчлөх эрсдэл нь өндөр болдог. Тодруулбал, 14-өөс доош насанд хэрэглэвэл 80 хувь, 17-оос доош насанд хэрэглэвэл 50 хувь нь архинд донтох эмгэгээр өвчлөх магадлалтай. Хүүхдийн бие махбодь бүрэн гүйцэд төлөвшөөгүй, уураг тархины хөгжил гүйцээгүй үед архи, мансууруулах бодисын мэдрэмж авдаг. Энэ нь цаашид сэтгэл зүйн мэдрэмж авах, бусдад нээлттэй болох байдлаар тухайн бодисыг давтан хэрэглэж донтох эмгэг үүсэх эрсдэл бий болдог.

-Архинд донтох эмгэг ямар замаар үүсэх вэ?

-Архинд донтох эмгэг нь архагшин, даамжрах явцтай сэтгэцийн эмгэг буюу өвчин юм. Архийг давтамжтайгаар тодорхой хугацааны турш хэрэглэвэл биеийн болон сэтгэцийн хараат байдал үүсдэг. Энэ байдал нь эхний ээлжинд баяр ёслол, найз нөхдийн төрсөн өдөр, гэх мэт шалтгаануудад байнга архи хэрэглэх ялимгүй зовлонт дур бий болдог. Энэ нь даамжирч албадмал эмгэг дур үүснэ. Өөрөөр хэлбэл ямар нэг шалтгаангүйгээр архи уух дур хүсэл гэнэт төрдөг болно гэсэн үг. Үүний дараа биеийн хараат байдал нь үүсдэг. Биеийн хараат байдал гэдэг нь архийг хэтрүүлэн хэрэглэсний дараа бие махбодид зовиур илэрдэг. Харин архи хэрэглэсэн үед уг зовиур багасдаг.. Ингээд тухайн хүн олон хоногоор архи хэрэглэж гүн хэлбэрийн хордлогод орж, амь насны эрсдэл бий болдог.

-Архи нь хүний зан араншинд яаж нөлөөлдөг бол?

-Архины шалтгаант зан төрхийн өөрчлөлт гэж бий. Энэ нь архинд донтох өвчний ид үед болон төгсгөлийн шатанд илэрдэг өвчний шалтгаан юм. Архи нь хүний төв мэдрэлийн системийг маш ихээр гэмтээдэг. Иймээс тухайн хүнд тархины гэмтлийн шалтгаант төст зан төрхийн өөрчлөлт илэрдэг. Мөн ямар нэгэн зүйлд идэвх сонирхолгүй болдог. Түүнчлэн архи хэрэглэх сэдэл нь бусад бүх сэдлийг дарангуйлдаг. Бусад зүйлээс таашаал, мэдрэмж авах чадваргүй болж улмаар уур, бухимдалтай, бүхнийг үгүйсгэсэн байдалтай болдог.

-Архинд донтох эмгэг нь эмчлэгдэх боломжтой юу?

-Архинд донтох эмгэг нь архагшин даамжрах явцтай эмгэг хэдий ч эмчлэгддэггүй өвчин биш юм. Уг эмчилгээ нь тухайн хүнд тохирсон, урт хугацааны, цогц эмчилгээ байх ёстой. Өвчтөн өөрөө эмчлүүлэх чин хүсэлтэй байвал, эмчилгээ маш үр дүнтэй байдаг. Цогц эмчилгээ гэдэг нь эхлээд суурь эмчилгээ буюу тухайн өвчтөний биеийн зовиур шаналлыг арилгах буюу хордлого тайлах эмчилгээ хийнэ. Дараагийн гол эмчилгээ нь сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ байдаг. Үүнд олон төрлийн сэтгэл заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг. Хамгийн гол нь тухайн хүнд сэдэл нь өсөх буюу сэдэлжүүлэх эмчилгээ чухал. Мөн эмийн эмчилгээний арга гэж бий. Өвчин өөрөө урт удаан хугацааны турш үргэлжилж явагдсан байдаг. Иймээс эмчилгээнд тэр хэмжээний хугацаа шаарддаг. Өөрөөр хэлбэл өвчтөн эмчийн хяналтанд байх. Өөртөө туслах бүлгийн цуглаанд явах хэлбэрээр эмчилгээгээ батжуулж байх нь чухал юм.

-Өвчтөн эмчилгээгээ дундаас нь болих, архийг хэрэглэсэн үед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өвчтөн урт болон богино хугацааны эмчилгээнд ордог. Үүний дараа эмчийн хяналтанд ороогүй, өөртөө туслах бүлгийн цуглаан, батжуулах эмчилгээнд хамрагдаагүйн улмаас халтирах буюу богино хугацаанд архи ууж болдог. Энэ үед өвчтөн болон түүний ар гэр гомдож тунирхах, эмчээс болон хамт олноосоо ичиж нэрэлхэх, айж эмээх байдлаас эмчид хандахгүй уддаг. Энэ нь дахилт буюу анх эмчилгээнд орсон үеийн хэмжээндээ хүрдэг. Ингэснээр эмчилгээ үр дүнгүй болж дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохирч, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг.

-Уг эмгэгээр өвчилөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүд юу байна?

-Архинд донтох эмгэгээр өвчилөхөд нөлөөлдөг гурван хүчин зүйл бий. Нэгд, биологийн хүчин зүйл.Спирт болон түүнээс үүсэх хагас задралын бүтээгдэхүүнийг задалж хоргүйжүүлдэг фермент элгэнээс ялгардаг. Энэ фермент нь бусад улс орны хүмүүстэй харьцуулахад монгол хүнд маш бага байдаг. Жишээлбэл, Орос хүнээс гурав дахин, Франц хүнээс хоёр дахин бага. Иймээс монгол хүн архинд донтох эмгэгээр өвчлөх эрсдэл маш өндөр.

Хоёрт, нийгмийн хүчин зүйл. Манай улсад ажилгүйдэл, ядуурал их. Мөн нэг хүнд ногдох спиртийн хэмжээ, түүнчлэн архи худалдан борлуулдаг цэгүүдийн хэмжээ их байгаагаас архинд донтох эмгэг үүсэх эрсдэлийн хүчин зүйл болж байна.

Гуравт, сэтгэл зүйн хүчин зүйл. Архинд донтох өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэж байдаг. Үүнд дотогшоо чиглэсэн, үг дуу цөөнтэй, хүнд өөрийгөө нээж ярилцах чадваргүй хүмүүс орно. Эдгээр хүмүүс нь архийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг. Архи уусан үедээ мэдрэмжээ нээж, бусадтай ярилцдаг гэх мэт. Мөн хэт найзархаг, сэтгэлийн тэнхээгүй хүмүүс нь архинд донтох өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг.

-Уг эмгэгийг эмчилэхэд та нарын хувьд тулгамдаад буй асуудал юу байна?

– Архийг давтамжтайгаар хэрэглээд байвал архинаас хараат болно гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй. Гэтэл тав дахь өдөр болгон найз нартайгаа стрессээ тайлж байна гээд архийг хэрэглэдэг. Энэ нь хэзээ нэгэн өдөр архинаас хараат болох шалтгаан учраас хэрэглээндээ хяналт тавимаар байна. Мөн өөрчлөгдсөн зан араншинг засахын тулд маш удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байдаг. Манай төв дээр 10 хоног хордлого тайлах эмчилгээ хийдэг. Дараа нь өдрийн эмчилгээнд явуулдаг.

Харин ОХУ-д эхлээд хордлого тайлах эмчилгээг хийнэ. Энэ нь биеийн талын зовиурыг арилгана гэсэн үг. Ингээд сэдэлжүүлээд 28 хоногийн сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Үүний дараа өвчтөний хүсэлтээр урт хугацааны сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг. Тухайн өвчтөний юу нь болохгүй байна гэдэгтэй тулж ажилладаг. Гэтэл манай улсын хувьд арав хоногийн дотор жоохон сэдэлжүүлээд дараагийн эмчилгээ нь өдрийн эмчилгээнд явуулдаг байгаа. Мөн ОХУ-д бүх эмчилгээ нь улсаас дааж үнэгүй хийдэг юм билээ. Учир нь архинд донтох эмгэгийг их мөнгө зарцуулж эмчилж байгаа ч эмчлэхгүй байх нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй байдаг. Иймээс улсаас үнэгүй эмчилдэг байна. Манай улсын хувьд хордлого тайлах эмчилгээ нэг удаа хийхэд 30000 төгрөг байна шүү дээ.

-Архинаас гаргана гээд дураараа эм хэрэглэх хүмүүс их байдаг?

-Архины дуршил дардаг, архи уусан үед харшил гардаг эм гэж бий. Гэвч эмчийн зааваргүйгээр, өөрийн сонссон эмээ хэрэглэж болохгүй. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээг бий болгодог. Зөв тунгаар хэдий хэмжээний эм уухав гэдэг нь маш чухал. Эмний гаж нөлөөгөөр хордлогод орсон хүмүүс манайхаар их ирдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *