Categories
мэдээ нийгэм

Архи, тамхи, мансууруулах бодисын нөлөө, үр дүнгийн талаарх сурталчилгааг үнэгүй явуулах хэрэгтэй

Сангийн Яам, БСШУСЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ нар хамтран “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг онцолж байв.

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр долоон сая хүн амь насаа алддаг байна. Эдгээр хүмүүсийн 80 хувь нь хөгжижбуй орны, бага дунд орлоготой иргэд ажээ. Манай орон тамхины хэрэглээгээрээ өндөр орны тоонд ордог. Манайд сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгджээ.

Манай улсад тамхины хэрэглээ өндөр байгаа шалтгаан нь тамхины хямд үнэ, хүртээмж их байна хэмээн үзэж байна. Тамхинаас үүдсэн тархины цус харвалттай нэг хүнийг эмчлэхэд 40-45 сая төгрөг шаардлагатай байдаг аж.

Тамхины хэрэглээг багасгах талаар “Фокус” ТББ-ийн захирал Б.Туяа хэлэхдээ “2012 онд гарсан тамхины эсрэг хуулийн дараа тамхины хэрэглээ багассан. Гэвч 2015 онд “Дотоод орчинд тамхийг хориглосон заалтаасаа ухран, олон нийтийн газар 300 метр квадратаас дээш газарт нэг тамхины өрөө оруулж болно гэсэн заалт оруулсан. Үүнийг ДЭМБ-аас ухралт хэмээн харж байлаа. Тиймээс олон улсын байгууллагууд манай улсыг дэмжих орчин байхгүй учраас олон нийтэд зориулсан сурталчилгаа хийхэд тохиромжгүй гэж үздэг. Үүнээс үүдэн 2016 оноос Монгол Улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулах нь нэртэй төсөл хэрэгжүүлэн УИХ-д өргөн бариад байна” гэлээ.

Манай улсад эрүүл мэндийн хичээл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тамхины хор хөнөөлийг сурталчлах, үүний талаар сургалт явуулах, дэлхийн нийтээр тамхи татахгүй өдрийг тэмдэглэх, хуулиа сурталчлах өдөрлөг зэрэг арга хэмжээнүүд өрнүүлж байна.

Тамхины хуулиас гадна тамхи татаж буй хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээг авах хэрэгтэйг онцоллоо. Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Байгалмаа “Архи тамхи, мансууруулах бодисын нөлөө үр дүнгийн талаар сурталчилгааг үнэгүй явуулах хэрэгтэй. Бидэнд үүний эсрэг сурталчилгааны хуудас, нэвтрүүлэг, клип зэрэг маш олон зүйлс бий. Гэвч үүнийг олон нийтэд хүргэхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгдөггүй” гэв.

Уулзалтын үеэр тамхины онцгой албан татварыг нэг жилийн хугацаанд 70 хувь хүртэл нэмэгдүүлэх нь үр дүнтэй арга хэмээн үзэж байна.

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *