Categories
гадаад мэдээ

Арина Сабаленка АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүллээ DNN.mn

Беларусийн теннисчин Арина Сабаленка бямба гарагт АНУ-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн финалд Америкийн тамирчин Жессика Пегулаг 7:5, 7:5-аар хожсоноор “Их дуулга”-ын гурав дахь цомоо өргөлөө.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй 26 настай А.Сабаленка 2023, 2024 оны Австралийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлж байсан бөгөөд АНУ-ын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлсэн нь энэ юм. Тэрбээр 3.6 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд энэ нь 2023 оны ялагчийн шагналаас /3 сая доллар/ 20 хувиар өссөн байна.

Харин ганцаарчилсан төрлийн хагас шигшээд шалгарсан дөрвөн тамирчин бүгд нэг сая долларын шагнал тус тус авна. Ташрамд дурдахад, энэ жил АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэй, эмэгтэй оролцогчдод эн тэнцүү шагнал хүртээж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа юм.

Эцэг эх нь Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ “Буффало Биллс”, Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Буффало Сабрес” багийг эзэмшдэг Нью-Йоркийн уугуул Ж.Пегулагийн хувьд анх удаагаа томоохон тэмцээний финалд шалгарлаа. Тэрбээр сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн 17 тоглолтынхоо 15-д нь хожсон боловч тэмцээний финалд А.Сабаленкад хожигджээ. Дэлхийн чансааны зургаадугаарт бичигдэж буй Ж.Пегула энэ жил дэд байрын шагналын эзэн болсноор 1.8 сая долларын шагнал авах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *